Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Засгийн газрын хүндэт өргөмжлөлийг гардуулав

    Монгол улсын Засгийн газар жил бүрийн улсын баяр наадмын өмнө ажил үйлсээрээ шалгарсан төрийн албан хаагчдыг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнаж, урамшуулдаг уламжлалтай билээ. Энэ жил тус шагналаар 14 хүн шагнуулсан бөгөөд, өргөмжлөлийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд танхимын гишүүдийнхээ хамт Төрийн ёслолын их танхимд гардуулан өглөө.

    НХХ-ийн яамны төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, ГХЯ-ны газрын дарга Л.Эрдэнэдаваа, ХХААХҮ-ийн яамны газрын дарга Б.Бурмаа, Сангийн яамны хэлтсийн дарга Ч.Тавинжил, БОАЖЯ-ны хэлтсийн дарга А.Энхбат, ЗТБХБЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэчимэг, ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар, Дотоод хэргийн их сургуулийн дэд захирал Г.Гантөмөр, Үндсэн хуулийн цэцийн ахлах зөвлөх  Ж.Бямбажав, “Дорнод  бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүцэтгэх захирал Б.Насантогтох, зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч Б.Галбадрах, Онцгой байдлын  ерөнхий газрын аврах тусгай ангийн аврагч С.Энхболд, Төрийн ордны зоогийн газрын угаагч Б.Сэмжид нар ажил үйлсээрээ шалгарч Засгийн газрны хүндэт өргөмжлөлийн эзэд боллоо.

    Шагнал гардуулсны дараа Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ төр улсынхаа ажлыг сайн хийж, ажил үйлсээрээ манлайлсан та бүхэнд шагнал гардуулж байгаадаа баяртай байна хэмээгээд, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бидний хийсэн ажлын үр дүнд эдийн засаг өндөр өсөлттэй гарлаа. Ажилгүйдэл буурч, ядуурлыг бууруулсан гээд ард түмний өмнө тулгамдсан томоохон асуудлыг шийдэж чадсан нь томоохон амжилт гэдгийг дурьдаад, үүнд төрийн албан хаагч та бүхний  үүрэг оролцоо их байсан гэдгийг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Х.Клинтон : Ерөнхий сайд С.Батболдын удирдлаган дор Монгол улсын эдийн засаг эрчимтэй хөгжжээ

    Монгол Улсад ажлын айлчлал хийж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Х.Клинтоныг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 7 дугаар сарын 9-нд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд хатагтай Х.Клинтоныг Монгол Улсад тавтай морилохыг урьж, энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй эмэгтэйчүүдийн манлайлалын асуудлаарх олон улсын форум, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн тусгай хуралдаанд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга оролцож байгаад Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн асуудлаарх Үндэсний зөвлөлийн даргын хувьд баяртай байгаагаа илэрхийлэв.

     

    Монгол Улсад ардчиллын үнэт зүйлс, институцийг бэхжүүлэхэд АНУ анхнаас нь тууштай дэмжиж ирсэнд  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийлж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг  Монгол Улс даргалах хугацаандаа ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, иргэний нийгмийг бэхжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэлээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд уулзалтын үеэр  илэрхийлж, гуравдагч хөршийн харилцааг улам гүнзгийрүүлж, ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт өргөжүүлэх бүхий л бололцоо байгааг тэмдэглэж байв.  

    Монгол Улсад дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалт оруулах хүсэл сонирхлоо АНУ-ын шилдэг компаниуд, тэр дундаа Пийбоди Энэржи компани илэрхийлж байгааг сайшаан дэмжиж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ. Хоёр орны иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, боловсон хүчин бэлтгэх зорилгоор АНУ-д суралцагсдын тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд С.Батболд  тэмдэглэв. Мянганы сорилтын сангийн шугамаар Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүд амжилттай болж, дуусах шатандаа орж байгааг  дурдаж, цаашид ч тус хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь үр өгөөжтэй болохыг уулзалтын үеэр хөндлөө.

    Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд АНУ-аас Монгол Улсад сууж байсан элчин сайд нарыг уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахыг ноён С.Батболд санал болгов. Ерөнхий сайд С.Батболдын удирдлага дор Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжихийн зэрэгцээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж ирснийг Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон бахдан тэмдэглэж, 1995  онд тэргүүн хатагтай хувьд хийсэн айлчлалаас хойшхи хугацаанд ардчиллын үнэт зүйлсийг дэлгэрүүлэх талаар Монгол Улс бүс нутагтаа үлгэр дууриал болж буйг дурдав.

    АНУ нь Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд цаашид ч хоёр талын харилцааг өргөжүүлэх эрмэлзлээ илэрхийлж, ялангуяа боловсролын салбар болоод иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг илүүтэй хөгжих бололцоотойг эрхэм зочин тэмдэглэлээ. Мөн  тэрээр Фүүлбрайтын тэтгэлгийг өргөжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, Мянганы Сорилтын Сангийн төслүүдийг үргэлжлүүлэх асуудлыг судалж үзэхээ хатагтай Х.Клинтон мэдэгдэв. “Орчинд хоргүй зуух” олон улсын санаачилгад дэлхийн олон улс орон, тэр дундаа Монгол Улсын урд хөрш нэгдэж орсныг онцолж, тус хөдөлгөөнд Монгол нэгдэж орно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байв.

    Ерөнхий сайд С.Батболд Ерөнхийлөгч асан Билл Клинтонд хувийн мэндчилгээг уламжлахыг хүсч, Монгол Улсад таатай үедээ айлчилна гэдэгт найдаж байгаагаа хатагтай Х.Клинтонд илэрхийлээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон түлхэц өгсөн эрхэм зочны айлчлалд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Эрүүл Монгол хүн Монгол улсын жинхэнэ баялаг

    Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн шав тавих ёслолын үеэр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд ийнхүү онцлон тэмдэглэлээ.  Тус шав тавих ёслолын ажиллагаа 2012 оны 7 дугаар сарын 7-нд болж, барилгын  ажлыг албан ёсоор эхлүүллээ. Аливаа сайн үйл эхлэхдээ сайхан өдөр таардагчлан өнөөдөр  бас ийм сайхан өдөр болж байна. Өнөөдөр эхлүүлж буй энэ төсөл Монголын ард түмэнд их дэм өгөх төсөл болно гэдэгт итгэлтэй байна.

    2010 онд би эмнэлэгийн салбарын ажилтан та бүхэнтэй уулзаж байхдаа Монголчуудынхаа гадаад руу оношилгоо, эмчилгээ хийлгэхээр явах урсгалыг зогсоохын чухлыг тэмдэглэж байсан билээ. Тэгвэл энэ ажил хоёр жил хүрэхгүй хугацаанд бодит ажил болох эхлэл тавигдаж, өнөөдөр  бид шаваа тавиад зогсч байна.

    Монгол улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газартай хамтран ажилласны үр дүнд 300 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хэлэлцээр байгууллаа.Уг хөнгөлттэй зээлийн хүрээнд эхний ээлжинд Үндэсний оношилгоо, эмчилгээний төв барих болсон бөгөөд нийтдээ 55. 4 сая ам.долларын удаан хугацааны хөнгөлттэй зээл олгогдож, Монгол улсын Засгийн газраас нэмж 10.5 сая ам.долларын санхүүжилтийг гаргахаар хоёр орны Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрийг байгуулаад байна. Монгол улсын Засгийн газар уг оношилгоо, эмчилгээний төвийг богино хугацаанд өндөр түвшинд барьж босгоход бүхий л талаар анхаарч ажиллах болно” хэмээн тэмдэглэлээ.

    Энэхүү оношилгоо, эмчилгээний төв нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдох бөгөөд үүн дотроо дүрс оношилгоо, лаборатори, дотор, мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгуудыг багтааж, зайн оношилгоог улсын хэмжээнд явуулах хүчин чадалтай томоохон төв байх  ажээ.  Монгол улсад анх удаа эдийн шингээлт дээр суурилагдсан дүрс оношилгооны хамгийн сүүлийн үеийн аппарат Үндэсний оношилгоо эмчилгээний төвд суурилагдах юм байна.

    Үүнийг дагаад эмч, эмнэлгийн ажилчдын мэргэжлийн ур чадвар дээшилж, хүн амд үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирснаар Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтыг хангахад чухал алхам болно гэдгийг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар мөн онцолж байлаа. Төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгах бөгөөд тус оношилгоо, эмчилгээний төв нь  клиникийн хоёрдугаар эмнэлэгийн хойно  байрлах ажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Үр бүтээл дүүрэн арга хэмжээ болно гэдэгт итгэж байна

    Монгол Улсын даргалж буй Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ивээл дор зохион байгуулж буй Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын чуулга уулзалтыг нээж байгаадаа баяртай байна хэмээн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд онцоллоо. Тус чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо нээгдсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс эмэгтэй удирдагч лидерүүд хүрэлцэн иржээ. Монгол улсын Засгийн газрын тэргүүн тус чуулганы нээж хэлсэн үгэндээ ийн онцлохын зэрэгцээ “ Монголчууд эмэгтэйчүүдийн нийгэмд манлайлах, хүндлэгдэж ирсэн уламжлалыг үргэлж баяжуулж ирсэн түүхтэй.


    Манай ард түмэн саяхан болсон сонгуулиар парламентдаа 9 эмэгтэй удирдагчийг сонголоо. Тэд ийнхүү зөвхөн эмэгтэйчүүдийн бус нийт Монголын ард түмний төлөөлөл болж байна. Энэ бол манай эмэгтэйчүүдийн гаргасан том  амжилт бөгөөд тэд илүү нэгдмэл, илүү ажил хэрэгч болж байна. Манай Засгийн газар эмэгтэйчүүдийн төлөөллийг төр засгийн байгууллагын бүх шатанд дэмжиж ирсэн бөгөөд миний толгойлж буй Засгийн газарт нэг сайд, гурван дэд сайд ажиллаж байна.    

    Манай Засгийн газрын анхаарлын төвд байдаг өөр нэг чухал асуудал бол гэр бүл, эмэгтэйчүүдийн оролцооны чадавхийг бэхжүүлэх явдал бөгөөд бид энэ чиглэлээр хууль эрх зүйн зохицуулалт хийлээ. Тухайлбал, манай Засгийн газар Жендерийн тэгш байдлын тухай хуулийн төсөл санаачлан батлуулав. Одоо Парламентаар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд  энэ нь өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхэд, нийгмийн бусад эмзэг хэсгийн нийгмийн хамгааллыг сайжруулах асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байгаа юм.

    Монгол Улсын Засгийн газар дөрөв буюу түүнээс олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалахад чиглэсэн нийгмийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.Эмэгтэйчүүд, эхчүүдийг хамгаалах, дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж байгаа энэ бүх хүч чармайлт нь Монголын хүүхэд бүхэн, өрх болгонд нийгмийн хөрөнгө оруулалт болж эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэж байна. Улс орныхоо хөгжилд улс төр, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаагаараа хувь нэмрээ оруулахын төлөө байдаг эмэгтэйчүүдийг бид үргэлж дэмжиж ирсэн бөгөөд энэ байдлыг цаашид бүр нэмнэ” хэмээн тэмдэглэлээ.

    Мөн энэхүү чуулга уулзалт нь манай Монгол эмэгтэйчүүд зөвхөн аж байдлаа дээшлүүлээд зогсохгүй улс орныхоо хөгжил хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад тэднийг уриалан дуудсан, түлхэц өгсөн арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд онцлоод, та бүхэн ийнхүү хуран чуулж, хамтран ажиллаж байгаа нь биеэ биеэсээ суралцах, харилцан ойлгохын үлгэр жишээг харуулаад зогсохгүй олон орны эмэгтэйчүүд, нийгмийн байдал, үндэс угсаа, шашин шүтлэгээс үл хамааран эв нэгдэл, хамтын ажиллагааны сэжмээр холбогдох боломжийг бүрдүүлж байна гэлээ.

    “ Бид бүхэнд маргаангүй нийтлэг нэг л зорилго байна. Энэ бол энэ дэлхийг илүү амгалан, цэцэглэн хөгжсөн, найрсаг байлгах явдал юм. Эмэгтэйчүүд та бүхэн биднийг эцэг эх, эхнэр нөхөр, хүүхэд багачууд, найзууд, дайснууд хэн ч бай үргэлж адилхан асран хамгаалдаг билээ. Тийм ч учраас энэ чуулга уулзалт эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх үйл ажиллагааг нэгтгэн төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй юм” гэдгийг Монгол улсын Засгийн газрын тэргүүн онцлоод чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч, үр бүтээл дүүрэн арга хэмжээ болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

    Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол улс даргалах санаачилгыг   Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтонтой гурван жилийн өмнө  ярилцаж байхдаа гаргаж  байсан бөгөөд эдүгээ энэ үйл явц бодит хэрэг болж, тус нийгэмлэгийн ивээл дор уг чуулга уулзалт болж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.

    Чуулганы хүндэт зочдоор  Бүгд найрамдах Киргиз улсын  Ерөнхийлөгч асан, хатагтай Роза Отунбаева, Ардчиллын төлөөх Үндэсний нийгэмлэгийн дарга Ричард А.Генхард, Канад улсын Ерөнхий сайд асан хатагтай Ким Кэмпбелл, Бүгд найрамдах Косово улсын шадар сайд Эдита Тахири, Бангладешийн элчин асан Насим Фирдаус, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга элчин сайд Мариа Лейснер нар хүрэлцэн иржээ.

    “Эмэгтэйчүүд, эрчим хүч, эдийн засгийн тогтвортой хөгжил”, “ Ядуурлыг бууруулах зорилгоор эмэгтэйчүүдийн бүтээлч бизнес эрхлэлтийг дэмжих стратеги”,” “Эмэгтэйчүүдэд газар, байгалийн баялаг болон сэргээгдэх эрчим хүч ашиглах илүү өргөн боломж олгох нь”, “ Хувийн хэвшилд эмэтгэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх нь” ,” Эмэгтэйчүүдийн улс төрийн ба иргэний оролцоог нэмэгдүүлэх нь” зэрэг сэдвээр салбар хуралдаан, зөвлөлдөх уулзалт, туршлага солилцох хэлэлцүүлгүүд  болох юм байна. Тус чуулга уулзалт долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ

  • 2013-2017 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

    ~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ~

    Монгол хүнийг хөгжүүлэх, ажиллаж, амьдрах аюулгүй, таатай орчин бүрдүүлэх нь Хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Мөн хүнд ээлтэй засаглалыг төлөвшүүлж, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, хүнд аж үйлдвэрийн суурийг тавих, боловсруулах аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжсэн дэд бүтцийг хөгжүүлэхийг тэргүүлэх чиглэлээ болгож байна.

    Үүнтэй холбогдуулан жил бүрийн улсын төсвийн төлөвлөлт, төсвийн тодотголд улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт заасан төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгийн болон урсгал зардлын санхүүгийн эх үүсвэрийг тусгахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгалаа. Түүнчлэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг тооцоолох шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах замаар хөгжлийн төлөвлөлтөд нийцүүлэх, хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй уялдуулж байх юм.

    Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх төслүүдэд төсвөөс гаргах нийт хөрөнгийн хязгаарыг олон улсын жишгийг баримтлан оновчтой тогтоож байхаар боллоо. Хуралдаанаас сайд Ц.Дашдоржид хэд хэдэн үүрэг өгсөн байна. Тухайлбал төрийн захиргааны төв байгууллагуудын ажлын уялдааг сайжруулж, ажлыг нь шуурхай болгох, төвлөрлийг сааруулах зорилгоор төрийн захиргааны төв байгууллагуудын байршлын ерөнхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

     Мөн төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын орон сууцыг төсвийн хөрөнгөөр барьж байгааг эцэслэж, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд гадаадын хөнгөлөлттэй зээл, нээлттэй тендер шалгаруулалтын зарчмаар зохион байгуулалттай бариулж, моргейжийн зээлд хамруулан шийдвэрлэж байхыг үүрэг болгожээ.

    Түүнчлэн төрийн өмчит хуулийн этгээдийн шаардлагатай үндсэн хөрөнгө бэлтгэх, тэдгээр байгууллагын ажилтнуудын ажлын байр, албан тушаалын орон сууц, бусад техник хэрэгслийн хангамжийн судалгаа хийх, аймаг, нийслэл дэх төрийн байгууллагуудад конторын нэгдсэн байр барих зарчим баримтлан стандарт, журмыг шинэчилж, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, улсын төсөвт тусгахаар төлөвлөн, хөтөлбөр, төсөв боловсруулах удирдамжид заасан хугацаанд хүргүүлж байхыг холбогдох агентлагийн удирдлагуудад даалгалаа.

    ЭРДЭНЭТ-МӨРӨН-ОВООТЫН ЧИГЛЭЛД 628 КМ ТӨМӨР ЗАМ ТАВИНА

    Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажилтай танилцлаа.

    Үүнтэй холбогдуулан суурь бүтэц барих ажлыг “барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр концессын зүйлийн жагсаалтад оруулах шийдвэр гаргалаа. Бүтээн байгуулалтын ажлыг концессын гэрээгээр хэрэгжүүлэх санал боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав. Шинэ төмөр зам барихад ойролцоогоор 2.2 тэрбум ам.доллар шаардлагатай. Төмөр зам нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Мөрөн, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Хатгал, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Рашаант, Их-Уул, Тариалан, Булган аймгийн Хутаг-Өндөр, Бугат, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар дайрч өнгөрөх юм.

    Шинэ төмөр замаар жилдээ Овоот-Мөрөнгийн чиглэлд 13.5 сая тонн, Мөрөн-Эрдэнэтийн чиглэлд 22.2 сая тонн ачаа тээвэрлэх бөгөөд хоногт 11-18 хос галт тэрэг нэвтрэх юм байна. Мөн хуралдаанаар “Дулааны цахилгаан станц-5” төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын үнэлгээтэй танилцав.

    Үүнтэй холбогдуулан хамгийн сайн нөхцөл санал болгож, өндөр оноо авч шалгарсан нэр бүхий компаниудын түншлэлтэй тариф бууруулах, төслийн өртгийг багасгах, тоног төхөөрөмжид тавих шаардлагыг өндөрсгөх, концессын болон холбогдох бусад гэрээний нөхцлийн талаарх хэлэлцээг яаралтай эхлүүлэхийг Төрийн өмчийн хороонд үүрэг болголоо.

    Хуралдаанаас нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа. Аж ахуйн нэгжүүд үйлдвэр байгуулахад шаардлагатай нөхцөл хангасан газар, усны хайгуул хийх зөвшөөрөл олгох, үйлдвэрийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс татварын чөлөөлөлт, хөнгөлөлт эдлэх  зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

    ГУРВАН ЯАМ АЖЛААРАА БУСДЫГАА МАНЛАЙЛЖЭЭ

    2011 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам өндөр үнэлгээ авсан байна. Мөн өнгөрсөн оны ажлын үзүүлэлтээр өндөр үнэлгээ авсан Сэлэнгэ, Төв, Хэнтий, Увс, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт тус бүрт нь сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгохоор болов.

    Үүнээс гадна үйл ажиллагааны үр дүн, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс санал асуулга авч үнэлж, дүгнэж байх, хяналт-шинжилгээ үнэлгээний чадавхи, үр нөлөөг дээшлүүлэх талаар санаачлагатай ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Төрийн нарийн бичгийн дарга нарт даалгалаа.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 15 мянга, 18 ба түүнээс дээш насны гишүүнд сар бүр 10 мянган төгрөгийн тэтгэмж олгож байхаар тогтлоо.
    • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төсвөөс гадуур зардал гаргахгүй байх, төсвийн орлого, зарлагаа нэмэгдүүлснээр төлөвлөгдсөн орлого тасарсан нь улсын төсвийн орлогын төлөвлөгөөг таслах үндэслэл болохгүй учир орлогыг бүрэн төвлөрүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. 
    • Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах зарим арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Манай улс 2010 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын олон улсын баталгаажуулалтад орж, санаачлагыг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан “нэр дэвшигч” орноос “шаардлага хангасан” 4 дэх орон болсон байна. Мөн өнгөрсөн онд энэ санаачлагын Олон улсын удирдах хорооны даргын нэрэмжит шагнал хүртжээ.
    • Газрын тосны хайгуулын Матад-ХХ талбайд Газрын тосны газар, “Петро Матад” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг 5 жилээр сунгалаа. Анх гэрээ байгуулахдаа 5 сая ам.долларыг хайгуулд зарцуулахаар тохирсон байсан бол өнөөдрийн байдлаар 40 орчим сая ам.доллар зарцуулаад байна.
    • Энэ оны зургаадугаар сар хүртэл хугацаанд гарсан аюулт үзэгдэл, ой, хээрийн болон обьектийн түймэр, мал, амьтны халдварт өвчний улмаас Хэнтий, Төв аймаг, Хил хамгаалах ерөнхий газарт учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлах, энэ оны эхний хагас жилд гамшгийн голомтод ажилласан аврагч, албан хаагчид, иргэдийн томилолт, урамшуулал зэрэгт шаардагдах 1 тэрбум гаруй төгрөгийг нөөц сангаас гаргахаар тогтлоо.
    • Улирлын чанартай төсвийн орлого, зарлагын зөрүүг нөхөх зорилгоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт эргэн төлөгдөх нөхцөлтэй 2 тэрбум 500 сая төгрөгийн төсвийн зээл олгохоор тогтов. 
    • Булган аймгийн Татварын хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 11 айл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, БЗД-ийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд байрлалтай 401 дүгээр байрны 9, 41, 52 тоот, 403 дугаар байрны 33, 43, 63, 78 тоот, 404 дүгээр байрны 52 тоот, Байшин үйлдвэрлэх комбинатын ажилчдын орон сууцны 5, 16Б, 36 тоот,  СХД-т байрлалтай Бөөний худалдааны болон Батлан хамгаалахын нийтийн байрны 9-1, 28-30 тоот, Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 8 айл, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1 айл, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн охин компани болох “Есөнбулаг” компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1 айлын орон сууцыг тус тус орон суугчдад нь хувьчлахыг зөвшөөрлөө.
    • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сард БНХАУ-ын Бээжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
    • УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаярын санаачлан боловсруулсан Ашигт малтмалын хайгуулын зарим тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай төсөл, гишүүн Л.Гүндалайн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй хэмээн уламжлахаар болов.
    • Лондонгийн олимпоос медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчийг урамшуулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Баттулга санаачлан боловсруулсан байна. Энэ онд спортын төвлөрсөн арга хэмжээний зардлыг 10.2 тэрбум, үүний дотор шагналын зардлыг 2 тэрбум төгрөг байхаар УИХ-аар батлуулсан. Батлагдсан төсөвт тусгагдаагүй аливаа арга хэмжээ, төслийг батлан хэрэгжүүлэх нь Төсвийн тухай хуульд нийцэхгүй тул төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ.
    • Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
    • “УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий хорооны 5 дугаар хуралдаанаас нийгэмлэгийн дансанд байгаа төмөр замын Чойр, Сайншанд, Замын-Үүд, Зүүнхараа өртөөний эмнэлгийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан дээрх эмнэлгүүдийг хүлээн авах боллоо. 
    • Боловсролын салбарт БНСВУ-тай 2015 он хүртэл хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжлээ. Хэлэлцээрийн дагуу 2012-2015 онд жил бүр 15 монгол оюутан суралцах юм. Мөн дээд боловсролын болон судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагаа эрчимжиж, багш, судлаач солилцох зэрэгт ахиц гарах юм байна.
    • “Багануур”, “Шивээ-Овоо” компанийг агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлж, нэр бүхий 21 аж ахуйн нэгжийг төлбөрөөс хөнгөлөхөөр шийдвэрлэлээ.
    • “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн дүрэм, Конвенци”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
    • Монгол циркийг үндэслэн байгуулагч, гавьяат жүжигчин Ж.Раднаабазар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Цэндийн /Өвгөөдэй/ Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр тогтов.
  • 1 САЯ 500 ГАРУЙ МЯНГАН ХҮН ХУВЬЦААГАА ХУДАЛДАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

    ~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ ~

    Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны талаар танилцлаа. Үүнтэй холбогдуулан хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэдэд хувьцааны төлбөрийг “Хүний хөгжил сан”-гийн хишиг, хувийг олгож байгаа банкуудтай нэмэлт гэрээ байгуулан өгүүлэхээр шийдвэрлэлээ. 5 дугаар сарын 29-ний байдлаар 1 сая 532 мянга 853 хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтээ гаргасны дийлэнх олонхи нь бэлэн мөнгөөр, үлдсэн нь орон сууц, банкны зээл, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, сургалтын төлбөр зэрэг хэлбэрээр худалдах хүсэлтэй байна.

    6 дугаар сарын 20-ны байдлаар 1096 аж ахуйн нэгж 93 сая ширхэг хувьцаа худалдаж авах захиалгаа Үндэсний татварын ерөнхий газарт ирүүлжээ. Одоогийн байдлаар 82 аж ахуйн нэгж 2 тэрбум гаруй төгрөгийг тусгай дансанд оруулаад байна. Ер нь 6 дугаар сарын 28 гэхэд хувьцаа худалдаж авах захиалга өгсөн аж ахуйн нэгжүүд мөнгөө төвлөрүүлсэн байх ёстой. Энэ мөнгөөр дараа дараагийн санхүүжилтийг хийх боломжтой гэж Засгийн газар тооцоолж байна.

    ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

    Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг улам эрчимжүүлэхийг холбогдох сайд нар, нийслэлийн удирдлагуудад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Энэ хүрээнд дэд бүтэц барих хөрөнгө оруулалтыг нэмж, хөгжлийн төлөө гаргасан иргэдийн санал, санаачлага зэрэгт дэмжлэг үзүүлэх болсон байна. Хуралдаанаар гэр хорооллыг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлын явцтай танилцсаны дараа ийм шийдвэр гаргалаа.

    Сайд Т.Бадамжунай хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах, газар зохион байгуулалт, хот байгуулалт, төлөвлөлт, инженерийн төвлөрсөн хангамжтай нийтийн орон сууцны бүс, төвлөрсөн болон бие даасан инженерийн хангамжтай тохилог хувийн орон сууцны бүс, захын гэр хороолол буюу бие даасан инженерийн хангамжтай бүс, цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуурга, авто зам, нийтийн тээвэр, инженерийн бэлтгэл ажил, хог хаягдлын менежмент, тохижилт, иргэдийн оролцоо зэргийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

    Энэ оны эхний хагас жилийн байдлаар хотын 306 мянган өрхийн 184 мянга орчим хүн гэр хороололд амьдарч байна гэсэн тоо гарчээ. Гэр хорооллыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Газрын тухай багц хууль, Газрын кадастрын тухай зэрэг хуулийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа бол Хот байгуулалтын тухай, Барилгын тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж эхэлжээ. Гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд 7, 14 дүгээр орон сууцны хороолол, МҮОНРТ орчмын хорооллын инженерийн шугам сүлжээ_ барилгыг БНХАУ-ын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байна.

    Хорооллуудын  инженерийн салбар шугам сүлжээний төсөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр Хөгжлийн банкнаас 23 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож эхэлжээ. Мөн иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй зээлийг ч олгож байгаа юм. Нийслэлийн агаарын бохирдлын талаар ч Засгийн газрын хуралдааны үеэр яригдлаа. Бохирдлыг бууруулахын тулд Засгийн газар гэр хороололд эрчим хүчний шөнийн хэрэглээний цагийг тогтоож, цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айл өрхийн хэрэглэсэн цахилгааны үнэд хөнгөлөлт үзүүлж байна.  Энэ хөнгөлөлтийг 46 мянган хэрэглэгч эдэлж 342 сая төгрөгийн урамшуулал авчээ.

    Тайлангаас үзвэл энэ оны 1 дүгээр улирлын байдлаар нийслэлийн 90 мянга гаруй иргэн гэр бүлийн хэрэгцээний газраа өмчилж авсан байна. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох боломжтой төвийн хэсэгт 40 орчим мянган айл байна. Тэгвэл  Өлзийт, Туул, Тахилт, Баруун болон Зүүн салаа, Чингэлтэй, Хайлааст, Дамбадаржаа, Шархад, Улиастайн 48 орчим мянган өрхийн газрыг тохилог орон сууцаар барилгажуулж, төвлөрсөн болон бие даасан инженерийн шугам сүлжээнд холбох юм. Салбарын яам, хотын захиргаанаас захын гэр хороолол буюу бие даасан инженерийн хангамжтай бүсэд байгаа 52 мянган айлыг шугам сүлжээнд холбох ажлыг эхлүүлжээ.

    Гэр хороололд шинээр суурьшсан 12 мянга гаруй айлаас гадна хүчдэл нь унадаг 20 гаруй мянган айлыг цахилгаанаар найдвартай хангаж чадсан байна. Үүнтэй зэрэгцэн Буянт-Ухаа, Яармаг, Баянголын ам, Зайсан, МҮОНРТ, 7, 14 дүгээр орон сууцны хорооллын эрчим хүчний дэд өртөө, агаарын шугамыг барьж эхэлжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хотын төсвөөс хөрөнгө гарган гэр хорооллын талаас илүү хувийг гэрэлтүүлэгтэй болгосон мэдээ байна. Гэр хороололд 62 км зам шинээр тавьж, 15 км замыг өргөтгөн шинэчилсэн бөгөөд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 64 км зам барьж байна. 2016 он хүртэл нийт 171 км зам тавихаар төлөвлөжээ.

    Өнгөрсөн онд нийслэл хот төсвөө тодотгон хог тээврийн автомашины паркийг 163-аар нэмэх шийдвэр гаргасан бөгөөд үүний дүнд энэ онд машины тоо одоогийнхоос 2 дахин нэмэгдэх боломж бүрдсэн байна. Ингэснээр айлуудын хогийг зөөж тээвэрлэх зэрэгт ахиц гарч байгаа юм. Гэр хорооллын иргэд амьдарч байгаа орчноо сайжруулахын тулд бүлэг болж хамтдаа багагүй зүйл хийж байна. Энэ хүрээнд 60 гаруй бүлэг нийслэлийн тусламж, дэмжлэгтэйгээр 2 тэрбум орчим төгрөгийн тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийжээ.

    Засгийн газрын хуралдааны дараа Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын газрын нөхцөлийг сайжруулах ажлыг 1996 оноос эхэлсэн. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг төслийн байгууллагуудын хамтарсан шийдвэрийн дагуу гэр хоролооллыг сайжруулах, гэр хороололд шугам сүлжээ тавих ажил хийгдэж байна.

    Тухайлбал, Дэлхийн банкны төслийн шугамаар Улаанбаатар хотын гэр хороололд цэвэр усны 185 км шугам татсан. Энэ шугам өнөөдрийг хүртэл нэмэгдээд хийгдэж байна. Үүнтэй холбогдон гэр хорооллыг сайжруулахын тулд дахин төлөвлөлт хийж эхэлжээ.  Үүний нэг жишээ нь Дамбадаржаагийн гэр хорооллыг цэвэр бохир усны шугамд холбосон явдал юм. Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас иргэдэд зориулсан сурталчилгааны материал болон зөвлөмж өгч байна. Энэ талаар Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар хэлэхдээ “Иргэд 0,07 га газартаа 9х9 хэмжээтэй хоёр давхар орон сууц барих, үүний хамт зам талбай, ногоон байгууламж, хүлэмж, тоглоомын талбай зэрэг төлөвлөлтийг хийнэ.

    Төвийн шугамыг тавиад өгөхөд салбар шугамыг нь айлууд өөрсдөө татах боломжтой. 10 айл хамтраад хийхэд зардал 10 дахин багасч байгаа. Тухайлбал, 10 айл хоршиж 200 метр газар цахилгаан, дулаан цэвэр усныхаа салбар шугамыг татахад 25 сая төгрөгийн зардал гарна. Үүнийг  нийт барилгынхаа өөрийнх нь төсөвт өртөгт нэмэхэд 65 сая төгрөгөөр тохилог амины орон сууцанд амьдрах боломж бүрдэнэ. Ийм төслийг хэд хэдэн газарт хэрэгжүүлж байна” гэв.

    ШАТАХУУНЫ ҮНЭ 6, 7 ДУГААР САРД ТОГТВОРТОЙ БАЙНА

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн биелэлттэй танилцлаа. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд болон Газрын тосны газрын удирдлагуудын мэдээлснээр ОХУ-аас ачигдсан АИ-80, АИ-92 бензин ойрын өдрүүдэд ирэх юм байна. Ингэснээр ойрын хоёр сард шатахууны нийлүүлэлт хангалттай болж, үнэ ханш нь ч тогтвортой байх нь. 

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийн шалтгааныг тогтоон, цаашид үнийг шатлалтайгаар буюу 100 хүртэл төгрөгөөр бууруулахаар зорьсон. Үүний дүнд дунджаар 1761,6 төгрөг болж нэмэгдсэн үнийг 1593,3 төгрөг буюу 168 төгрөгөөр бууруулжээ. Цаг үеийн шаардлагаар автобензин, дизель түлшний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах үүднээс энэ оны  төсвийн хөрөнгө оруулалтад тусгасан 60.0 мянган тоннын багтаамжтай автобензин, дизель түлшний агуулах барих хөрөнгө оруулалтыг концессын жагсаалтад оруулж, сонгон шалгаруулалтаар эрх авсан компаниудаар гүйцэтгүүлж эхэлжээ.

    Нийтийн тээврийн үнийн хувьд алдагдлыг нөхөх, татаас өгөх хэлбэрээр үнийн өсөлтийг барих үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний  аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээ үзүүлж буй их, дунд, бага оврын автобусны  эрхлэгчдийн шатахууны зөрүүнээс үүсч буй алдагдлыг нэг сарын гүйцэтгэлээр тооцон нийт 395.953.5 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас олгохоор тогтсон байна. Махны нийлүүлэлт, түгээх арга хэлбэр нь оновчгүй, ченжээр дамжин иргэдэд хүрдэг, махны экспорт хяналтгүй байгаагаас шалтгаалан эрэлт ихэсч, үнэ хөөрөгдөж байна гэж үзсэн байна.

    Тиймээс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан 15 мянган тонн хүртэл махны нөөц нэмж бүрдүүлэн, мах бэлтгэх, түүнийг жижиглэн худалдаалах ажлыг зохион байгуулж, аймгуудтай мах бэлтгэн нийлүүлэх гэрээг хийжээ. Түүнчлэн нөөцийн мах бэлтгэхэд шаардагдах 40 тэрбум төгрөгийн төсвийн зээл авах эрхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгон, дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс мах, махан бүтээгдэхүүний экспортыг 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хязгаарласан байна.

    МАНАЙ УЛС 50 САЯ ТОЛГОЙ МАЛТАЙ БОЛЖЭЭ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай мал төллөлт, хаврын тариалалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 6 дугаар сарын 15-ны байдлаар 14 сая мал төллөж 14,3 сая төл бойжиж байна. Одоо 1 сая орчим бод мал төллөх бөгөөд нийт 15 сая төл хүлээн авснаар манай улс энэ жил түүхэндээ хамгийн их төл авах юм. Тэгвэл үр тарианы тариалалт 94,6, төмснийх 103,3, хүнсний ногооных 84,6 хувьтай байна. Энэ жил 330 мянга га-д чанар сайтай уринш боловсруулах бөгөөд 6 дугаар сарын 13-ны байдлаар 80 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгээд байна.

    Салбарын яам тариаланчдад зориулж техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа зохион, шатахуун, буудайн үр, ургамал хамгааллын бодис, эрдэс бордоог 40-50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгожээ. Мөн төсвийн хөрөнгө оруулалт, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр өндөр хүчин чадлын трактор, бусад техник хэрэгсэл нийлүүлж байна.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
    • УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Түүхий эдийн нийлүүлэлтийг тогтворжуулах, үндэсний үлйдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан байна. Энэ асуудлыг тусгасан “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд үүнтэй нэгтгэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг уламжлахаар боллоо. 
    • УИХ-ын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Баянмонгол компанийн тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн үндэслэлээр дэмжих боломжгүй гэж үзлээ. УИХ, нийслэлийн сонгууль болох гэж байгаа энэ үед УИХ-ын зарим гишүүн иймэрхүү хууль санаачилдаг нь  зүйд нийцэхгүй гэж сайд нар хэлж байлаа.
    • Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
    • Энэ оны эхний хагас жилийн байдлаар 12 388 ажлын байр бий болсон байна. Иргэдийг ажлын байраар хангаж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийт 67 төсөлд 9,5 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
    • Лондоны олимпод улсаа төлөөлөн оролцох баг, тамирчдын спортын иж бүрдэл хувцас авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
  • Замын ачааллыг 30 хувь бууруулах шинэ зам ашиглалтад орлоо

    Сая гаруй хүн амтай Улаанбаатар нийслэлийн иргэдийг багагүй бухимдуулдаг асуудлын нэг нь замын түгжрэл. Анх 500-600 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн Улаанбаатар хотод өнөөдөр улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа нь энэхүү бухимдлын гол зангилаа. Гэсэн ч Монгол Улсын Засгийн газар иргэдээ тав тухтай, бухимдал чирэгдэлгүй байлгахын төлөө анхаарч олон ажил хийж байгаагийн нэг нь яах аргагүй замын өргөтгөл, шинэчлэлийн ажил юм.

    Улаанбаатар хотын автозамд 2008 оноос хойш онцгойлон анхаарч, Улсын болон нийслэлийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар 42,5 км автозам шинээр барьж, 67,9 км автозамыг өргөтгөн шинэчилж, нийтдээ 110 гаруй км замын барилгын ажил хийж гүйцэтгэсэн. Энэ онд шинээр 144 км замын ажил хийхээр эхлүүлээд байгаа нь өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын нийлбэртэй тэнцэхүйц  ажлыг 2012 онд хийхээр төлөвлөж, эхлүүлсэн манай улсын эдийн засаг өсөлттэй байгаагийн тод илрэл гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлж байна.

    Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, “Их тойруу” тойрог замыг бүтэн тойрог болгоход чухал ач холбогдолтой замын нээлт өнөөдөр боллоо. Бидний нэрлэж заншсанаар 120 мянгатын аюулгүйн тойргоос зүүн тийш 2 км шинэ зам барьж, төмөр замын гармыг хийж гүйцэтгэснээр аюулгүйн тойрог зүүн талаараа Нарны замтай шууд холбогдлоо. Нарны замыг Баянмонгол хороололтой шууд холболоо ч гэж тайлбарлаж бас болох юм.  Ингэснээр Энхтайвны гүүр, Замын цагдаагийн газрын өмнөх төмөр замын гармын ачаалал 30 хувь хүртэл буурна гэж мэргэжилтнүүд хэлж байна.

    Энэ замыг нээсэнтэй холбогдуулан М:55 буюу “Баянмонгол хороолол-Бага тойруу” гэсэн нийтийн тээврийн  шинэ чиглэлийг өнөөдрөөс иргэдийн үйлчилгээнд явуулж эхэллээ. Ингэснээр Баянзүрх дүүрэгт сүүлийн жилүүдэд шинээр ашиглалтад орсон “Баянмонгол”, “Кристал таун”, “Дүнжингарав” зэрэг орон сууцны хорооллын оршин суугч, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хотын төвөөс шууд хүргэх боломж бий болж байна. Энэ үйлчилгээг “Эрдэм транс” компани үзүүлэх бөгөөд 10 минут тутамд нэг  автобус явуулах юм байна.   

    Өглөө ажилдаа, орой гэртээ хүрэх, өдөр ажлаа амжуулахад замд зарцуулах хугацаа ийн богиносож байгаа нь хамгийн чухал юм гэдгийг Ерөнхий сайд С.Батболд нээлтийн арга хэмжээнд оролцохдоо хэлээд хэдийгээр 2 км гэдэг том тоо биш ч энэ зам дунд тойргийг бий болгох гол зангилаа юм. “Их тойруу”-г бүтэн тойрог болгох бүтээн байгуулалт ид үргэлжилж байна. Энэ ажил төмөр зам дээгүүрх “Нарны гүүр”-н гарц энэ оны 11 нэгдүгээр сард ашиглалтад орсоор дуусгавар болно. Гэхдээ удахгүй болох баяр наадмын өмнө эл гүүрэн гарцын зорчих хэсгийг нээж ажиллуулах юм гэсэн мэдээллийг Засгийн газрын тэргүүн С.Батболд өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • ЭНЭ ОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 484 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХИЙНЭ

    2012 онд эрүүл мэндийн салбарт 484 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх бөгөөд энэ нь 2008 онтой харьцуулахад 2,3 дахин өссөн гэсэн үг юм. Тэгвэл хөрөнгө оруулалт мөн онтой харьцуулахад 7,8 дахин нэмэгджээ. Энэ хөрөнгөөр улсын хэмжээнд 80 гаруй эмнэлгийн барилгыг шинээр барьж, 30 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног, төхөөрөмжөөр хангасан байна. Түүнчлэн Эрүүл мэндийг дэмжих сангаас зарцуулах хөрөнгө 10 дахин нэмэгдсэн бөгөөд энэ сангаас гарах мөнгийг иргэн бүрийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулахад зарцуулах юм.  Мөн өнгөрсөн 4 жилд өрхийн эмнэлгүүдийн чадавхийг сайжруулж, клиникийн томоохон эмнэлгүүдийг бүгдийг нь өргөтгөсөн нь энэ салбарынханд ихээхэн урам өгчээ.

    Эдгээр цогц арга хэмжээний дүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирч, дундаж наслалт өссөн, Мянганы хөгжлийн зорилтын гол үзүүлэлт болох эх, 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурсан гээд олон эерэг үзүүлэлт гарсан талаар эмч, ажилтнууд ярьж байна. Энэ бүхэн эрүүл мэндийн салбарынхантайгаа хамтарч ажилласны үр дүн. Цаашид олсон ололт, амжилтаа улам баталгаажуулах ёстой гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эмч, ажиллагсадтай уулзахдаа онцоллоо.

    Тэрээр ажлаа хүлээн авсныхаа дараа хамгийн түрүүнд боловсрол, эрүүл мэндийн салбарынхантай уулзан санал бодлыг нь сонсож, төр, засгаас бодлогын ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдгийг тодотгож байсан юм.

    Харин энэ удаа өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, үр дүн нь бодит амьдралд хэрхэн мэдрэгдэж байгаа талаар өөрсдөөс нь сонслоо.

    Өнгөрсөн 4 жилд Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай зэрэг 10 орчим хууль батлуулсан нь энэ салбарт маш том дэвшил авчирсан. Засгийн газар ч “Үндэсний түргэн тусламжийн үйлчилгээ” зэрэг 30 орчим үндэсний хөтөлбөр, төсөл батлан хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

    Засгийн газар цалин нэмсний зэрэгцээ эрүүл мэндийн салбарын ажилтанд нэмэгдэл хөлс, урамшуулал олгох журам баталсан, 36, 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмжтэй болсон, тухайлбал өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар 3 жил тутам 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг, зөвхөн энэ онд гэхэд л 679 орон сууцыг Эрүүл мэндийн яаманд хуваарилан хөнгөлөлттэй зээлд хамруулсан, төрийн зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байгаа зэрэгтээ эмч, ажилтнууд баяртай байна. 

    Ерөнхий сайдын санаачилсан “Эрүүл хүүхэд” аян энэ салбарынхны хүсэн хүлээж байсан, нүдээ олсон арга хэмжээ байсныг эмч, ажилтнууд хэлж, өвчтэй хүүхдүүдийг эмчлэх дараагийн шатны ажилд урам зориг дүүрэн орно гэдгээ хэлж байлаа. Мөн БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв” байгуулах хүсэлтийг Ерөнхий сайд болсных нь дараа уламжлахад биечлэн санаа тавьж, 2014 он гэхэд ажил хэрэг болгохоор болсонд талархал илэрхийллээ. Цаашид батлагдсан хууль, үндэсний хөтөлбөр, төслүүдийн  хэрэгжилтийг эрчимжүүлэх, зарим эмнэлгийг зориулалтын байртай болгох, нийгмийн асуудлыг нь шийдэх, резидэнт эмчид тэтгэлэг олгох, гадаадад сургалтад хамрагдан мэргэжлээ дээшлүүлэхэд түлхүү анхаарахыг Засгийн газрын тэргүүнээс хүсч байлаа.

    Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллан, өргөсөн тангарагтаа үнэнч явдаг эрүүл мэндийн салбарынхны хүсэлтийг цаашдын ажилдаа тусган, шийдвэрлэх болно гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Засгийн газар эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүнээ хөгжүүлэхэд зарцуулна. Хүний хөгжилд төрийн зохицуулалт илүү байх ёстой. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад онцгой анхаарч төсвийн мөнгийг ахиу зарцуулна. Эрүүл байх нь сайн сайхан амьдралын үндэс. Иймээс иргэдээ эрүүл улмаар боловсролтой, ажилтай, орлоготой, орон сууцтай болгож, тэтгэвэр, халамж, даатгалын оновчтой тогтолцоонд хамруулахын төлөө байна гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд хэлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • “Нарантуул”-д худалдаа эрхлэгчдийн ажлын байр 25 жилийн баталгаатай боллоо

    15 мянган хүн лангуу түрээслэн худалдаа эрхэлж, өдөрт л хот, хөдөөний 20 гаруй мянган хүн зорьж очдог “Нарантуул” худалдааны төвийн лангууны түрээсийн төлбөр 1999 онд байсан тэр хэмжээндээ өнөөдрийг хүртэл хэвээр байгаад талархаж байдгаа худалдаа эрхлэгчид Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдоор дамжуулан журмын нөхөр, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууд  нь уламжиллаа. Тэд тус худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзсан юм.

    Худалдаа эрхэлдэг нэг хүн цөөхнөөр бодоход 10 гаруй хүний амьдралыг авч явдаг байна. Тэдний нэг, гутлын наймаа хийдэг иргэн Баттай Ерөнхий сайд С.Батболд эхлээд хөөрөлдлөө. Тэрбээр лангууны түрээсэнд сар бүр 40 гаруй мянган төгрөг төлдөг, ашиг орлого сайн байгаа. Хүүхдийн зуны гутал, углаашийг дунджаар 10 мянга орчим мянган төгрөгөөр борлуулж байгаа” гэлээ. Тэднийг ийн ярих зуур хажуу орчмын лангууны түрээслэгчид цуглаж ярианд оролцлоо.

    Ерөнхий сайд аа, бидэнд битүү зах хэрэггүй ээ, Дүнжингарав шиг өндөр барилга бүр шаардлагагүй. Тэндхийн нэг лангууны түрээсийн сарын төлбөр нь сая 200 мянган төгрөг. Ийм өндөр түрээс төлөөд ажиллаж, амьдарна гэвэл бид дийлэхгүй. Ийм захтай болчихвол лангууны түрээс нэмэгдэнэ, үүнийг дагаад бид барааныхаа үнийг нэмэхээс аргагүйд хүрнэ. Тэрнээс гадна завсар хийж хугацаа алдана, энэ хугацаанд бид үйлчлүүлэгчдээ ч алдана шүү дээ гэхчлэн ярьж байв. Мөн бидний эрүүл мэндэд анхаарал тавьж байдагт Батболд дарга танд талархдаг шүү гэцгээж байлаа. 

    Харин өвлийн гурван сард хүндхэн байдаг нь үнэн. Эрээний зах шиг болгоод л, дулаан тавиад өгчихвөл асуудал байхгүй. Хөдөө, орон нутгийн иргэд маань ийм байдалд маань дуртай, тэд гял цял болсон байшинд орчвол ирж худалдаа хийгүй. Манай лангууны түрээс нэмэгдэггүй тул бид барааныхаа үнийг нэмэхгүй өдий хүрсэн. Хямгийн хямд бараа Нарантуулд байдаг нь үнэн” гэж байлаа. Харин тэдний  хамгийн их сэтгэл зовдог асуудал нь ажлын байраа алдах. Энэ тухайгаа Ерөнхий сайдад дуулгахдаа ”Манай Нарантуул” зах газарт орох гэж байгаа нь үнэн юм уу” асуулаа. Энэ асуултад бодит хариулт өгөхийг Ерөнхий сайд С.Батболд Нийслэлийн Засаг даргын албыг энэ 4 жилд хашсан, НИТХ-д МАН-аас нэр дэвшигч Г.Мөнхбаяраас хүссэн юм. Тэрбээр “Нарантуул”-ын газрын гэрчилгээг 25 жилээр сунгасан гэж хэлсэн нь худалдаа эрхлэгчдийн хувьд гэнэтийн мэдээ байж, алга ташин хүлээн авлаа.

    Илэн далангүй халуун яриа өрнөж, дулаан сайхан уур амьсгалтай болсон “Нарантуул”-ын худалдаа эрхлэгчидтэй хийсэн уулзалтын нэгэн сэдэв нь тэдний хувьд чухал асуудал болоод байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн тухай  байлаа. Бараг 1990-ээд оноос хойш тасарсан даатгалын шимтгэлээ тэд төлдэг болжээ. Жижиг бизнес, худалдаа болон өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсныг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Үйлдвэр худалдааны сайд байхаасаа орлогоос үл хамаараад тогтмол шимтгэл төлдөг болгох эрх зүйн орчныг бий болгохын төлөө ажилласан бөгөөд энэ нь үр дүнд хүрчээ. Тэд одоо нийгмийн даатгалын шимтгэлдээ сард хамгийн бага нь л гэхэд 13 мянган төгрөг тушаадаг байна.

    Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд “Нарантуул“-д худалдаа эрхлэгчдийг Тусгаар тогтнолын ордонд урьж, уулзсан юм. Энэ үеэр цаг хугацаатай  уралдаж ажил амьдралаа залгуулдаг эдгээр хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн асуудал нь шийдэгдсэнд түүнд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ “Нарантуул” захад даатгалын байцаагч ажиллуулж өгөхийг хүсч байсан юм. Энэ дагуу тус төвд нийгмийн даатгалын байцаагч ажиллаж, тэдний даатгалыг газар дээр нь, өөрөөр хэлбэл ажлын байранд нь хураадаг болсон байна. Ерөнхий сайд ч энэ тухай хэлээд энэ бол эхний л алхам. Бид одоо нийгмийн даатгалын нөхөн төлбөрийг төр хариуцан хийх асуудлыг ирэх дөрвөн жилийн эхний ажлуудын нэг болгохоор хөтөлбөртөө тусгасан гэдгийг онцолж хэллээ. Энэ ажил хэрэг болбол 1990 оноос хойш тасарсан шимтгэл нөхөгдөх боломжтой болно гэж онцолж байлаа. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын босго нь 200 сая хүртэл төгрөг байна. Өөрөөр хэлбэл, жилийн ийм орлоготой иргэд НӨАТ төлөхгүй гэсэн үг юм. Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн бизнесийг дэмжих бодлогыг Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг ч тус намын дарга С.Батболд хэлсэн.

    УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу маань Дэнжийн мянгын зах дээр худалдаа наймаа эрхэлж бизнесийн амьдралаа эхэлсэн. Дараа нь та бүхэнтэй хамтран нүүлгэж энд авчирсан. Тиймээс ч энд ажилладаг хүмүүсээ хөл дээр нь босгохын тулд түрээсийнхээ төлбөрийг нэмдэггүй, 1999 оны хэмжээнд барьж өнөөг хүрсэн байна. Манай нам жижиг бизнес эрхэлж амьдрал ахуйгаа авч яваа ийм хүмүүсээ дэмжинэ, чинээлэг дундаж давхрагын хэмжээнд хүргэх зорилт тавьж ажиллаж байгаа гэж Ерөнхий сайд С.Батболд ярилаа.

    Ерөнхий сайд зах дээр лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг хүмүүстэй уулзаж,  ийн ярьж явахад нь олон хүн түүнтэй гар барьж, мэндчилэн  ажлын амжилт хүсэж байлаа. Тэдний нэг нь морин хуур худалдаалдаг нэгэн өвгөн байв. Тэрбээр лангуу байхгүй, хүмүүсийн дундуур явж морин хуур зардаг тухайгаа Ерөнхий сайдад хэлээд тантай тааралдсандаа ихэд баяртай байна, миний хуур бол бэлгэдлийн хуур гэхдээ сайхан хөгтэй шүү гэж бараагаа “рекламдаад”, “Үлэмжийн чанар”-ыг аялгуулан хөгжимдлөө. Хөгжим нь ямар үнэтэй болохыг нь Ерөнхий сайд сонирхоод худалдаж авсан юм.   

  • С.Батболдын Засгийн газар боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн

    Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд төрийн энэ өндөр албыг аваад хамгийн анхлан боловсролын салбарынхныг хүлээн авч уулзсан. Ингэхдээ Монголыг Тавантолгой, Оюутолгой биш Монгол толгой хөгжүүлнэ гэж хэлээд энэ салбарыг тэргүүлэх салбар хэмээн анхаарч ажилласан юм. Тэргүүлэх чиглэлээ болгосон салбарынхантайгаа Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Соёлын төв өргөөнд уулзлаа. С.Батболдын Засгийн газар боловсролын салбарт сүүлийн 20 жилд хийж амжаагүй тийм хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн 4 жилд боловсролын салбарын хөрөнгө оруулалт 5 дахин нэмэгдсэн байна.

    2009-2012 онд 139 цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 74 хичээлийн байр, 37 дотуур байр, спорт заалны 35 барилгыг шинээр барьж ашиглалтад орууллаа. Үүнд 120 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүний үр дүнд цэцэрлэгийн хүчин чадлыг 11,8 мянган ороор, хичээлийн байрны суудлын тоог 31,2 мянгаар, дотуур байрны орны тоог 4,7 мянгаар тус тус нэмэгдүүлж, 405 гэр цэцэрэг байгуулжээ. 

    Гэсэн ч харамсалтай нь нийслэлд шилжин суурьших хөдөлгөөн их байгаатай холбоотойгоор Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг дүүргийн зарим сургууль гурван ээлжээр хичээллэж, зарим цэцэрлэгийн ачаалал хэтэрч байгаа зэрэг бэрхшээл байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд багш, ажилчидтай уулзахдаа энэ тухай ярилцаад асуудал байгаа, Засгийн газар аль болох шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаагаа тэмдэглэлээ. Мөн Монгол Ардын нам дөрвөн жилийн өмнө багш нарын цалинг хоёр ба түүнээс дээш удаа нэмнэ гэсэн амлалтдаа хүрсэн. Цаашид цалингийн нэмэгдлийг үнийн өсөлтийг давж өсгөж байхаар шийдвэрлэнэ гэдгээ ч тэрбээр онцолж байлаа.

    Сурагчаасаа бэлэг, мөнгө авдаг гэхчлэн элдэь хэл ам гарч багш хэмээх алдрын нэр хүнд муу байгаа талаар багш нар сэтгэл зовж байгаагаа хэлж байсан юм. Энэ асуултад Ерөнхий сайд С.Батболд хариулахдаа Ардын нам ардын багшийн нэр хүндийг өндөрт өргөж, хамгаалсаар ирсэн. Ш.Сүрэнжав гуайн алдарт “Багш” найраглалд хөшөө босгосон. Нийслэл хотдоо Багшийн хөгжлийн ордон байгуулсан, багш нар маань сурч, мэргэжил мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх ордонтой болсон. Одоо 21 аймагтаа ийм ордон байгуулахаар төлөвлөсөн талаараа хэлж байлаа.

    2009 оноос хойш шинээр 15 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулж,  45 мянган мэргэжилтэй ажилчин бэлтгэлээ.

    Засгийн газрын Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийг Оюутолгой компанийн санхүүжилтээр хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлүүдээр 43 сургалтын байгууллагад 23 мэргэжлээр 3300 иргэдийг сургаж байгаа бөгөөд эхний ээлжинд 800 гаруй хүн төгссөний 70 хувь нь ажлын байртай болоод байна.   

    Их сургуулиудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэхээр Их сургуулийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

    Дээд боловсрол олгох сургуулиудыг цөөлж, чанартай боловсрол олгох нөхцөлийг бүрдүүлэх талаар тууштай арга хэмжээ авч төрийн өмчийн 42 сургуулийг 15 болгож цөөллөө.

    Ерөнхий боловсролын сургалтын стандартад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн стандартыг нэвтрүүлж, энэ стандартаар хичээллэх, дэлхийн монгол иргэнийг бэлтгэх  төрийн өмчийн ерөнхий боловсролын гурван сургуулийг шинээр байгуулж, үндэсний 31 лаборатори сургууль байгууллаа.

    20 гаруй жилийн өмнө татан буугдсан Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийг Засгийн газрын шийдвэрээр байгуулж, энэ институт байрлах Багшийн ордныг ашиглалтад орууллаа гэхчлэн С.Батболдын тэргүүлсэн  Засгийн газар олон асуудал шийдвэрлэсэн юм.

    Боловсролын багц хуулийг УИХ-аар батлуулснаар суралцагч, багш, нийгмийн  ажилтныг урамшуулах, тэдний нийгмийн баталгааг хангах талаар олон чухал асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдээд байгаа. 

    Энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар боловсролын байгууллагын ажиллагсдыг таван жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, сургууль цэцэрлэгийн багш, удирдах ажилтны мэргэшлийг улсын төсвийн хөрөнгөөр таван жил тутам дээшлүүлэх, 25 ба түүнээс жил ажилласан бол тэтгэвэрт гарахад нь 24 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох зэргээр тусгасан байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.