Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Ерөнхий сайд С.Батболд “Автобус-1” компанийнхантай энэ өдрийн өглөөг угтлаа

    Сая гаруй хүнтэй нийслэлчүүдээ ажил албанд нь явгалалгүй залгуулж, хамгийн эрт ажилдаа гарч, хамгийн орой ажлаасаа буудаг ажилчид бол автобусны жолооч болон кондукторууд байдаг. Тэдний төлөөлөл буюу “Автобус-1” орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газрын хамт олонтой нэгэн өглөөг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  хамт өнгөрүүлж, тэдний санал бодлыг сонсч, өнгөрсөн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон ажлуудын талаар яриа өрнүүллээ.  

    Өглөө ажилдаа гарахаас өмнө буюу 5 цаг 50 минутад  энэ уулзалт болсон бөгөөд ажилдаа  цугларсан олон ажилчид компанийхаа үүдэнд Засгийн газрын тэргүүнээ угтан авсан юм. Материаллаг баазын хангалт муутай, парк шинэчлэл хийгдээгүй, хуримтлагдсан өр төлбөртэй гэх мэтээр зовлон тоочдог байсан автобус компаниуд нэг үеэ бодоход хөл дээрээ зогсч, ажил нь жигдэрчээ. Ялангуяа сүүлийн 4 жилд Нийслэлийн нийтийн тээврийн салбарт 46.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, үүний 31.0 тэрбум төгрөгөөр 2009 онд 400 шинэ автобус худалдан авснаар  парк  100 хувь шинэчлэгдсэн нь  хамгийн том амжилт юм хэмээн Ерөнхий сайд тэдэнтэй уулзах үеэрээ онцлон тэмдэглэлээ.

    Үүнийг хийж чадсандаа нийслэлийн иргэний хувьд ч, Ерөнхий сайдын хувьд ч баяртай байгаа сэтгэгдлээ тэдэнтэй хуваалцсан юм. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулахад 1.0 тэрбум гаруй төгрөг, үйл ажиллагааны алдагдал, үнэ тарифын зөрүүд 9.1 тэрбум төгрөг, шатахууны үнийн зөрүүд 395 сая төгрөгийг тус тус энэ Засгийн газрын үед шийдсэнийг ч дуулгалаа. Үүний үр дүнд нийтийн тээврийн үйлчилгээний цар хүрээ, хүртээмж улам нэмэгдэж, чиглэлийн тоо 18 хувь, автобусны тоо 30 хувь, чиглэлийн урт 15 хувиар нэмэгдсэн үзүүлэлтүүд гарсан байна.

    Нийтийн тээврийн үйлчилгээ авто замын хөгжлөөс шууд хамаардаг. Энэ асуудалд Засгийн газраас онцгой анхаарсны үр дүнд авто замын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгджээ. Тухайлбал 2008 оноос хойш 42.5 км авто замыг шинээр барьж, 67.9 км авто замыг өргөтгөн шинэчилж, нийт 110.4 км авто замын барилгын ажил хийгдэж, энэ ажлууд нийслэлчүүдийн нүдэн дээр тэдний хяналтад дор явагдсан гэдгийг Ерөнхий сайд тэдэнтэй уулзах үеэрээ тэмдэглээд, гэхдээ бүх асуудал бүрэн цэгцэрчихээгүй гэдгийг ч дурьдлаа. Тийм учраас Монгол улсын Засгийн газар, Монгол Ардын Нам нийслэлчүүдийнхээ нийтийн тээврийн үйлчилгээг шийдэх асуудлыг цаашид цогцоор нь, асуудлыг том юм уу хүнд гэж бэрхшээлгүй барьж шийдэхийн төлөө байна гэдгээ онцоллоо.

    Үүнд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт метро, тусгай замын автобусны үйлчилгээ, мэдээлэл технологийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр зорьж байгааг хэлээд, ажлын гараагаа өглөө бүр эрч хүчтэйгээр эхэлдэг тэдний нэг өглөөг хараад тун баяртай байгаагаа  илэрхийллээ. Мөн тэдний алтан шар зам өлзийтэй  байхын ерөөлийг дэвшүүллээ. Улаанбаатар хотын хүн ам 1.2 саяд хүрч, нийт иргэдийн 60 гаруй хувь нь өдөр тутам нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж, өдөрт давхардсан тоогоор 600 мянган зорчигч тээвэрлэж байгаагаас харахад тээврийн байгууллагуудын үүрэг хариуцлага улам нэмэгдэж байгааг ч тэдэнд сануулж байсан юм.

    58 жилийн түүхтэй тус “Автобус-1”  үйлдвэрийн газар нь 600 гаруй ажилчидтай, өдөрт нийслэлийн 11 чиглэлд 88-100 автобус үйлчилгээнд гарч, 60 гаруй мянган хүнд үйлчилдэг томоохон газар аж. Засгийн газраас тус паркийн хөдлөх бүрэлдэхүүнийг 100 хувь шинэчилж өгсөнд талархаж үүнд ихэд урамшиж байгаагаа “ Шар хад-1” бригадын жолооч Б.Дамдинсүрэн нөхдөө төлөөлж илэрхийлсэн бол, нийтийн тээврийн стандартыг хангаж ажиллаж 2011 онд Нийслэлийн нийтийн тээврийн тэргүүний байгууллагаар шалгарсан амжилтаа  тус байгууллагын орлогч дарга Б.Даваасүрэн илтгэж байв.

    Гүйцэтгэх засаглалын тэргүүн тус үйлдвэрийн газрын засвар үйлчилгээний станцаар орж ажил байдлыг нь шалгахын зэрэгцээ энэ өдрийн өглөөний шугамын гаралттай ч танилцаж амжлаа. Парк шинэчлэлтийг үргэлжлүүлэн хийх, автобусны үнийн эргэн төлөлтийн асуудлыг чөлөөлж өгөх, 100 мянган айлын орон сууцны хөнгөлөлттэй зээл, хөтөлбөрт хамруулж өгөхийг “Автобус-1” компанийнхан Ерөнхий сайдаас хүсч байсан. Нийслэлчүүдийнхээ төлөө цаг нартай уралдан ажилладаг тэдний нийгмийн асуудал цаг ямагт Засгийн газрын анхаарлын төвд байдаг төдийгүй ялангуяа тэдний орон сууцны асуудлыг онцгойлон анхаарах болно гэдгийг дуулгасан нь сайхан мэдээ байв.

    Энэ өдрийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, “Автобус-1 ОНӨҮГ-ын ТУЗ-ын дарга Б.Баатарзориг нар оролцлоо. Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг энд хэлсэн үгэндээ өнгөрсөн хугацаанд нийслэлийн нийтийн тээврийн салбар хөгжил дэвшилд хүрсэн гэдгийг онцлоод  ирэх жилүүдэд бүтээн байгуулалтын ажил чухал хэмээлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

  • 1 САЯ ТӨГРӨГӨӨ БУЦААН ТӨЛЖ ХУВЬЦААГАА АВЧ БОЛНО

    ~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр болов. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаатай холбоотой асуудлыг хэлэлцэн журам баталсан, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах аж ахуйн нэгжийн тоог нэмсэн, гэр хорооллын иргэдийн хэрэглээний усны үнийг хөнгөлсөн зэрэг нь онцлох сэдэв байлаа ~

    Үндэсний аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдах, иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ дагуу 1 сая төгрөгөө бэлнээр авсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаа эзэмших хүсэлтэй бол 1 сая төгрөгөө буцаан төлж, хувьцаатай болох боломжийг дээрх журмаар бүрдүүлсэн байна. Ийм хүсэлтэй иргэд байвал тухайн сум, хорооны нийгмийн ажилтандаа хандах шаардлагатай юм.

    Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Д.Хаянхярваа хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Засгийн газар иргэдэд хувьцаанаас гадна 1,5 сая төгрөг өгөх ёстой гэж сонгууль дөхсөн үед зарим нам улс төржиж байгааг сайд Д.Хаянхярваа буруутгалаа. Тэрээр хэлэхдээ “Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдэд 1,5 сая төгрөгийг бэлэн, бэлэн бус, хувьцаа гэсэн хэлбэрээр өгнө гэж тусгасан. Энэ хүрээнд Засгийн газар өмнө нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутнуудад хишиг, хувийн эхний хэсгийг хүртээсэн.  Энэ сарын сүүл гэхэд үлдсэн 670 мянган төгрөгийг өгч дуусгана. Мөн хишиг, хувиа эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, орон сууцны төлбөрт төлөхтэй холбоотой журмыг ирэх 7 хоногт гаргана. Ингэснээр энэ Засгийн газар амлалтаа бүрэн биелүүлж байгаа юм” гэж онцоллоо.

    Засгийн газрын хуралдаанд сайд Т.Ганди мөн танилцуулга хийсэн байна.

    Үүнтэй холбогдуулан 1 сая төгрөгийн хишиг, хувиа бэлэн мөнгөөр хүртэх хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаа больж, хувьцаа авах хүсэлт гаргасан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг энэ сарын 25-ны өдрөөр тасалбар болгон нэгтгэж “Үнэт цаасны төвлөрсөн төлбөр, тооцоо, хадгаламжийн төв” компанид хүргүүлэхийг даалгалаа. 5 дугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд 1 532 853 иргэн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргаад байсан. Гэсэн ч хувьцааны талаархи ойлголт бага, мэдээлэл хангалтгүй, хугацаа богино байсан учир хүсэлт гаргаж амжилгүй хоцорсон иргэн цөөнгүй үлджээ. Мөн ашиг тусыг нь мэдэрсэн иргэд хувьцаагаа худалдах хүсэлтээ буцааж, хувьцаа авах өргөдөл ирүүлж эхэлжээ. Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын хувьд энэ оны төсөвт хөрөнгө нь тусгагдсан тул журмын дагуу хүсэлтийг нь үргэлжлүүлэн хүлээж авахаар болсон байна.

     “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООГ 36-ГААР НЭМЛЭЭ

    Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд орон сууцны барилга, хотхон, хороолол барих 36 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг  Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр нийт 4299 айлын орон сууц хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд талаас илүү хувь нь 55 ам.метр хүртэл талбайтай орон сууц байна. Нийт орон сууц, хотхон, хорооллын 3245 нь нийслэлийн зургаан дүүрэгт, 1054 нь бүсийн тулгуур төв хот, аймгийн төвд баригдах юм. Засгийн газрын хуралдаанаар мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зээлийн эх үүсвэрийн талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

    “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байсан юм. Үндсэн зээлийн хүү, Хөгжлийн банкнаас олгох зээлийн хүү, үйл ажиллагааны зардал болон валютын ханшны зөрүүнээс болж зээлийн хүү жилийн 12-13,5 хувьд хүрэхээр байна. Энэ нь төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих чиглэлээр олгож байгаа зээлийн жилийн 7 хувийн хүүтэй байх бодлоготой нийцэхгүй байгаа юм. Иймээс Засгийн газар 7 хувийн хүүгээс давсан зөрүүг жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлэж байхаар тогтлоо. Ингэснээр энэ онд 5580 ажлын байр шинээр нэмэгдэн, 2600 орчим ажлын байр хадгалагдаж, үйлдвэрийн салбарт өсөлт гарч, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ жил бүр 2 хувиар өсөх боломж бүрдэнэ гэж Засгийн газар тооцоолж байна.

    ИРГЭД ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭР УС ХУДАЛДАН АВЧ БАЙГААГ ӨӨРЧИЛНӨ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гэр хорооллын иргэдийн усны үйлчилгээний төлбөрийг хөнгөлөх тухай асуудлыг авч хэлэлцлээ. Усны тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, “Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай” УИХ-ын тогтоолыг үндэслэн, гэр хорооллын иргэдийн ус хэрэглээ, эрүүл ахуйн шаардлагатай хэмжээнээс доогуур байгаатай холбогдуулан Засгийн газраас тогтоол гаргалаа. Уг тогтоолоор Улаанбаатар хот болон төв суурин газрын гэр хороололд амьдарч буй иргэдийн усны үйлчилгээний үнийг тухайн орон нутагт, орон сууцанд амьдарч буй иргэдийн төлж буй хэмжээнд хүртэл бууруулах саналыг Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд оруулж, шат дараатайгаар шийдвэрлүүлэхийг сайд Ц.Дашдорж, Д.Цогтбаатар нарт даалгалаа.

    Одоо мөрдөгдөж байгаа усны үйлчилгээний төлбөрийг бууруулснаар ус ханган нийлүүлэгч байгууллагуудад үүсэх алдагдлын энэ жилд ногдох хэмжээг тогтоож шийдвэрлэхийг сайд Д.Хаянхярваа, цаашид жил бүрийн төсөвтөө тусгаж байхыг аймаг, нийслэлийн Засаг нар нарт үүрэг болгов. Ингэснээр гэр хорооллын иргэдийн усны төлбөр нь  2.5 дахин багасч байна. Орон сууцны иргэд нэг литр усыг 40 мөнгөөр хэрэглэдэг бол гэр хорооллынх нэг төгрөгөөр худалдан авдаг юм. Олон улсын байгууллагын судалгаагаар хүн өдөрт 20-25 литр ус хэрэглэх ёстой байтал, манай гэр хорооллын иргэд 10 хүрэхгүй литр ус хэрэглэдэг болох нь тогтоогдсон байна.

    Өөрөөр хэлбэл хүний наад захын хэрэглээгээ хангахад шаардагдах хэмжээнээс маш бага хэмжээний ус хэрэглэдэг байжээ. Гэр хороолол  болон орон сууцанд амьдарч байгаа иргэд нь дэд бүтцийн үйлчилгээгээр хангагдаж байгаа эсэхээр шалтгаалан зөрүүтэй төлбөр төлж байсныг Засгийн газрын хуралдаанаар ийн эцэс болголоо. Дэлхийн зах зээлийн үнээр ундны усаа авч байсан хотын гэр хорооллын иргэд үнэ ханший  шударга тогтолцоо руу шилжих суурь тавигдлаа. 

                ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙГ БЭХЖҮҮЛНЭ

    “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх  хүрээнд Сангийн яам  болон Бүгд Найрамдах Франц Улсын Натиксис банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Зээлийн хөрөнгөөр 50 орчим нэр төрлийн оношлогоо, эмчилгээний, сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, 6 сарын хэрэглээний эмнэлгийн хэрэгсэл, 2 жил хэрэглэх сэлбэгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд нийлүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн эмч, мэргэжилтэн, инженер техникийн ажилтан нарыг сургалтад  хамруулж, төвийн өргөтгөлийн барилгыг барьж дуусгах зэрэг олон ажил хийх юм. Гэмтэл согог судлалын үндэсний төв нь жилд 13 мянга орчим хүнийг хэвтүүлэн эмчилж, 6500 гаруй мэс засал хийн, хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар жилд 160 орчим мянган иргэнд буюу өдөрт 300 хүртэл хүнд үйлчилдэг байна. 

    “ХАТАН ТУУЛ” ХӨТӨЛБӨР БАТАЛЛАА

    Туул голын сав газарт “Хатан Туул” хөтөлбөрийг 2012-2016, 2017-2020 он гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болж, хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаас баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Туул голын эх, голд цутгаж байгаа гол, горхийг хамгаалах ажил хийнэ. Тухайлбал Туул голд далан барьж  урсацын тохируулга хийх юм. Мөн Туул голын сав газрын энгийн хамгаалалтын болон Нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдсэн мужийн заагийг тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл орон нутаг, улсын тусгай хамгаалалтад авахаар хөтөлбөрт тусгажээ.

    Түүнчлэн хотын болон Туул гол сав газарт ажиллаж байгаа бүх цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийн, бохир усны цэвэрлэгээг стандартын шаардлагад бүрэн нийцүүлнэ. Туул голын савд элс, хайрга зэрэг ашигт малтмал хайх, олборлохыг бүрэн зогсоож, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг бүрэн хийж дуусгахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ. Мөн зарим ажлыг олон улсын байгууллагын зээл, тусламж, хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэх юм байна.

    ЦӨМИЙН ХАЯГДЛЫГ МОНГОЛ УЛСАД БУЛШЛАХ ТУХАЙ АСУУДАЛ ОГТ БАЙХГҮЙ ГЭЖ ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗАР МЭДЭГДЛЭЭ

    Цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахаар зэхэж байгаа тухай буруу ташаа мэдээ хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр гарах болсонтой холбогдуулан Цөмийн энергийн газраас авч хэрэгжүүлсэн ажилтай Засгийн газрын хуралдаанаар танилцлаа. Үүнтэй холбогдуулан няцаалт гаргаж, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглахад Засгийн газраас баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг үнэн зөв, бодитой мэдээллээр хангах арга хэмжээг үр дүнтэй, шуурхай зохион байгуулахыг Цөмийн энергийн газарт даалгалаа.

    Цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах нь гэсэн яриа ямар ч үндэслэлгүй учир үүгээр улс төр хийхгүй байх ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлж байлаа. Цөмийн энергийн газар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн Монгол Улс Үндсэн хуулиндаа цөмийн хаягдлыг нутаг дэвсгэртээ булшлахыг хориглосон учир худал мэдээлэл тарааж иргэдийн сэтгэл зүйгээр тоглохгүй байхыг уриаллаа.  

    ТОВЧ МЭДЭЭ

    • 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2011 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцэн дэмжив. Үүнтэй холбогдуулан тайланг аудитын дүгнэлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. 2011 оны төсвийн гүйцэтгэлийн орлогыг 3,351,389 /гурван их наяд гурван зуун тавин нэгэн тэрбум гурван зуун наян есөн сая/ сая төгрөг, зарлагыг 3,621,676.2 /гурван их наяд зургаан зуун хорин нэгэн тэрбум зургаан зуун далан зургаан сая хоёр зуун мянган/ сая төгрөг хэмээн тайланд тусгасан байна.
    • Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэн Засгийн газрын тогтоол гаргалаа. Манай улсад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил урьд өмнө байгаагүй далайцтай өрнөж байна. Энэ онд хэрэгжүүлэх төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг 2000 онтой харьцуулахад 50 дахин нэмэгдсэн нь үүний нотолгоо юм. Иймээс цаашид хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн  сайд нар, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн удирдлагуудад тодорхой чиглэлүүдээр үүрэг өгсөн байна. Түүнчлэн төсвийн зардлыг хэмнэлттэй зарцуулах, үр ашгийг нь дээшлүүлэх чиглэлээр ажиллахыг төсвийн эрх баригч нарт даалгажээ.
    • Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах зардал нь 870 сая төгрөг байх юм байна.  Үүний 120 сая төгрөгийг төсвөөс гаргахаар боллоо.
    • Урт нэртэй гэгдэх хуулийн хүрээнд тогтоосон хилийн заагтай давхацсан алтны шороон ордын 124 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэхэмжилсэн нөхөх олговорт болон тусгай зөвшөөрлийн талбайд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн аудит хийлгэхийг сайд Д.Хаянхярваа, Д.Зоригт нарт даалгалаа. Засгийн газар тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс байгаль орчинд учруулсан хохиролд 102 тэрбум 255 сая төгрөг авахаар байгаа бол 57 зөвшөөрөл эзэмшигчдэд 94 тэрбум 440 сая төгрөг олгох тооцоо гарчээ.  
    • Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, соёрхон батлуулахаар УИХ-д хэлэлцүүлэхээр тогтлоо.
    • Энэ оны 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын IV хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, комиссын Монголын хэсгийн дарга Ц.Дашдоржид даалгалаа.
    • Академич Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагнал олгох журам, шагналын энгэрийн тэмдэг, үнэмлэхийн тодорхойлолтыг баталлаа. Эрдэмтэн, судлаач, шинжлэх ухаан, технологийн салбарын зүтгэлтэнд их эрдэмтдийн нэрэмт шагнал олгож байх юм. Академич Б.Ренчингийн нэрэмжит шагналыг 5 хүртэл хүнд 5 жилд нэг удаа, Ц.Дамдинсүрэнгийнхийг 3 хүртэл хүнд 3 жилд нэг удаа, Б.Ширэндэвийн нэрэмжит шагналыг 2 хүртэл хүнд 3 жилд нэг удаа олгож байхаар тогтлоо.
  • ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООДЫН ХОХИРОГЧДЫН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ ТАЛААР ЯРИЛЦЛАА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Хоршоодод мөнгөө өгөөд алдсан иргэдийн хохирлыг барагдуулах боломжийн талаар энэ үеэр ярилцсан байна. Ерөнхий сайд хэлэхдээ “Өмнө нь нийт хохирлын 50 хувийг төрөөс эргэн төлөх нөхцөлтэйгээр барагдуулсан. Үлдэх 50 хувийг мөн ийм хэлбэрээр шийдэх гарц харагдаж байна. УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төслийг Засгийн газар зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг уламжилсан. Хэдийгээр амаргүй ч гэсэн асуудлыг шийдэхийн төлөө байна” гэв.

    Битүүмжилсэн хөрөнгө үнэгүйдсэн, тухайн үед ажилдаа хайхрамжгүй хандсан зарим албан тушаалтанд хариуцлага тооцох тухай яригдана гэдгийг  тэрээр тэмдэглэлээ. Хоршоодын хөрөнгийг битүүмжилсэн, иргэд хохирлоо барагдуулах боломж муу, бага хэмжээний хохиролтой иргэдийн амьдрал доройтсон, олон хүний эрүүл мэнд тааруу байгаа тухай уулзалтын үеэр хөндөгдлөө. Нийт 8300 хохирогчтой, хэдэн тэрбум төгрөгөөр яригдах энэ асуудлыг Засгийн газрын тэргүүн анхааралдаа авч, шийдвэрлэхийн төлөө байгаад  Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбооны Удирдах зөвлөлийн гишүүд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв.

    Өмнө нь төрөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 36 тэрбум төгрөгийг хохирогчдод олгосон бөгөөд өнөөгийн байдлаар 21 тэрбум төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлээгүй байна. Хадгаламж зээлийн хоршоодын нийт хохирогчдын ихэнх нь буюу 58 орчим хувь нь 5 сая хүртэл төгрөгийн хохирол хүлээсэн гэсэн судалгаа гарчээ.

  • Гэр бүлийн хөгжилд саад болж буй асуудлыг цогцоор нь авч хэлэлцэж байна

    Монгол улсын Засгийн газраас санаачлан “Гэр бүл-Нийгмийн хөгжил” Үндэсний чуулганыг төрийн ордонд зохион байгууллаа. Гэр бүлийн хөгжилд саад болж байгаа олон тулгамдсан асуудлыг цогцоор нь авч хэлэлцэн тэдгээрийг шийдвэрлэх арга зам, гарцын талаар нухацтай ярилцах, гэр бүлийн талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлогын чиглэлийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой тодорхойлох зорилгоор энэхүү Үндсэний чуулганыг зохион байгуулж байгаа юм байна.

    Тус чуулганд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож хэлсэн үгэндээ “ Манай ард түмэн “Бие хүн –өрх, гэр бүл- улс, нийгэм” гэсэн гурвалсан холбооны зарчмыг дээдлэн ”Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн сургаалаар үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн сайхан уламжлалтай билээ. Ухаант ардын маань энэхүү сургаал өнөө үед улам бүр ач холбогдолтой болж байна. Үүнийг хамгийн энгийнээр илэрхийлбэл хүмүүжилтэй, боловсролтой хувь хүн, төлөв түвшин гэр бүл хөгжингүй, боловсронгуй нийгмийг бүрдүүлнэ гэсэн үг юм.

    Тийм ч учраас Засгийн газраас энэ удаагийн чуулганыг “ГЭР БҮЛ – НИЙГМИЙН ХӨГЖИЛ” гэсэн сэдвийн дор зохион байгуулахаар шийдвэрлэлээ” хэмээн тэмдэглэсэн юм. Статистикийн тоо баримтаас үзвэл Монгол Улсад ядуурлын түвшин 2010 оны байдлаар 39,2 хувь байсан бол 2011 онд 29,8 хувь болж буурсан дүнтэй байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг бий болгох, бизнесийн орчныг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, ялангуяа байгалийн баялагаас олж буй орлогыг иргэддээ тэгш хүртээмжтэй хүргэх талаар явуулсан бодлогын үр дүн тодорхой хэмжээнд гарч байгаагийн илрэл хэмээн Засгийн газрын тэргүүн тэмдэглээд,  гэсэн хэдий ч эдийн засгийн жилийн дундаж өсөлт харьцангуй өндөр, 10 орчим хувь байхад гурван хүн тутмын нэг нь ядуу байгаа нь өсөлтийн үр дүнг хүн ам, гэр бүлд илүү оновчтой, үр ашигтай хэлбэрээр хүргэх шаардлагатай гэсэн үг юм. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг хувь хүн, гэр бүл хүртэх хамгийн дөт арга зам нь өсөлтийг бий болгоход оролцох явдал гэж үзэж байна.

    Тиймээс уул уурхай зэрэг өсөлт өндөртэй салбаруудаас орж байгаа орлогоор хөрөнгө оруулалт хийж бүтээмжтэй, өндөр цалин хөлстэй, тогтвортой ажлын байр бий болгохыг нэн тэргүүнд зорьж байна. Энэ чиглэлээр хөрөнгө нөөцийг төвлөрүүлж, удирдан зохион байгуулах замаар 3-4 жилд 300 орчим мянган ажлын байр шинээр бий болгох боломжтой гэсэн тооцоо байгааг онцоллоо. Түүнчлэн “ Гэр бүлийн оршин тогтнох анхдагч нөхцөл болсон орон байрын хангамж хүрэлцээ хангалтгүй байна. Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнгээс үзвэл нийт өрхийн 24,9 хувь нь нийлмэл буюу нэг орон байранд амьдарч байна. Өөрийн гэсэн орон байргүй гэр бүл ялангуяа, залуу гэр бүл тав тухгүй орчинд амьдарч, энэ орчноос зугтсан хүүхэд залуус тэнэмэл амьдрал, буруу зуршилд татагдаж байна. Тиймээс Засгийн газар хүн амын орон сууцны хангамжийг сайжруулах талаар тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.

    Тухайлбал, “40000 айлын орон сууц” хөтөлбөр, төрийн албан хаагчдийн орон сууцны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага дээрээ үндслэн “100 мянган орон сууц” хөтөлбөрийг эхлүүлж, жилд 6 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхлээд байна. Орон сууцны эдгээр хөтөлбөр нь тодорхой хэмжээний тогтмол орлоготой хэсэгт үр дүнгээ өгч байна. Харин бага орлоготой болон залуу гэр бүлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах асуудлыг онцгойлон авч үзэх шаардлагатай байна. Энэ талаар НҮБ-ын Хабитат зэрэг байгууллагуудаас суралцаж, өрх, гэр бүл өөрсдийн гараар орон нутгийн материал ашиглан байр сууцаа барих хөдөлгөөнийг өрнүүлэн дэмжих болно.  

    Орчин үед өмч хөрөнгө эзэмших, захиран зарцуулах, өвлөхөөс эхлээд гэр бүлийн гишүүдийн харилцан хүлээх эрх, үүрэг, хариуцлагатай холбоотой олон асуудлыг уламжлалт хандлагаас өөрөөр авч үзэх цаг нь болсон байна. Үүнтэй холбоотойгоор гэр бүлийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг ч боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Гэр бүл нь амьдралаа холбосон хосуудын аз жаргал, харилцан хүндлэл, үүрэг, хариуцлагын тэнцвэртэй хослол, үр хүүхдийн өсч торних таатай орчин байх ёстой. Хүн ам, гэр бүлийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдэд энэ зарчим маш тодорхой тусгагдсан байдаг билээ. Тиймээс гэр бүлийн харилцаанд энэ зарчмыг тууштай баримталж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор манай Хууль зүй, дотоод хэргийн яам ажиллаж байна.

    Өнөөгийн гэр бүлийн харилцааны асуудлыг шинэ хандлагаар авч үзэж тусгасан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна” гэлээ. Мөн өнөөдрийн энэхүү “ГЭР БҮЛ- НИЙГМИЙН ХӨГЖИЛ” үндэсний чуулган нь төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн болж байгаа нь цаг хугацааны хувьд чухал ач холбогдолтой юм. Учир нь УИХ-ын сонгуулийн дараа бүрэлдсэн шинэ Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө энэхүү үндэсний чуулганаас гаргасан зөвлөмж шийдвэрийг харгалзан үзэж, монгол гэр бүлийн өмнө тулгамдаж байгаа тодорхой асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ.

    “Гэр бүл- Нийгмийн хөгжил” үндэсний чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон нийслэл, орон нутгийн 350 гаруй иргэдийн төлөөлөл оролцож өнөөгийн гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо илэрхийлж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • СЭЛЭНГЭЧҮҮД ЗАСГИЙН ГАЗАРТ АМ САЙТАЙ БАЙНА

    Иргэдээ эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой болгохын төлөө зүтгэж, эдийн засгаа өсгөн, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, уул уурхайн орд газруудыг эргэлтэд оруулан, байгалийн баялгаас орж ирэх мөнгийг шударгаар хуваарилж байгаа гүйцэтгэх засаглалын ажилд Сэлэнгийн иргэд ам сайтай байна. Цаашид олсон амжилтаа бататгаж, улам эрч хүчтэй ажиллахыг Сэлэнгэчүүд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод захилаа. Засгийн газрын тэргүүн 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын хоймор нутаг-Сэлэнгэ аймагт ажиллалаа. Тэрээр энэ өдөр Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумын иргэдтэй уулзан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүнгийн талаар танилцуулж, тэдний санал хүсэлтийг нь сонссон байна.

    Энэ Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэсэн нь дэлхийд эхний гурван байранд орох үзүүлэлт. Мөн ажилгүйдлийг 7 хувь, ядуурлыг 10 орчим хувиар бууруулж чадсан нь иргэдтэйгээ хамтран ажилласны үр дүн гэж Ерөнхий сайд С.Батболд тодотголоо. Эдийн засаг өсөх нэг хэрэг. Хамгийн гол нь энэ өсөлтийн үр шимийг иргэн бүр, айл өрх бүрт хүргэхийн төлөө цаашид ч хийж хэрэгжүүлэх ажил их бий. Ямар ч байсан энэ Засгийн газар өнгөрсөн 4 жилд  мөрийн хөтөлбөртөө тусгасан зорилтоо бүрэн биелүүлж, хийсэн ажилтай, хэлэх үгтэй, иргэдтэйгээ уулзахад ч нүүр бардам байна гэж тэрээр онцолж байлаа. Өмнөө тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэхэд нийт ард иргэд, тэр дундаа Сэлэнгэчүүдийн оруулсан хувь нэмэр асар их гэдгийг Ерөнхий сайд хэлээд хамтран ажилласанд нь талархал илэрхийлэв.

    Тухайлбал манай улс гурил, төмснийхөө хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 гаруй хувийг өөрсдөө хангаж, гаднаас гуйхгүй болсон нь  Сэлэнгийн хөдөлмөрч иргэдийн гавьяа. Сэлэнгэчүүд нийт ургацын 50 гаруй хувийг бүрдүүлж байгаагийн зэрэгцээ сүүлийн гурван жил дараалан ургац алдаагүй амжилтаа цаашид бататгахын төлөө хамтдаа зүтгэх ёстой. Энэ бол улс орны хүнсний аюулгүй байдалд Сэлэнгэчүүдийн оруулах хувь нэмэр гэж онцлон тэмдэглэлээ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, гаргасан шийдвэрийн хэрэгжилт, үр дүнд иргэд ам сайтай байна.

    “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэддээ сар бүр 21 мянган төгрөгийн хишиг, хувь хүртээж, цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2 дахин, түүнээс дээш хувиар нэмсэн. Дээр нь 1 сая төгрөг эсвэл хувьцаа гэсэн сонголтыг иргэддээ олгосонд ихээхэн талархалтай байгаагаа олон хүн  илэрхийлж, Засгийн газрын ажилд амжилт хүсч байлаа. Иргэдтэй уулзсаны дараа Ерөнхий сайд С.Батболд аймгийн төвийн хүнсний захаар орж жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Энэ захад 500 гаруй хүн худалдаа эрхэлдэг бөгөөд Засгийн газрын тэргүүн хүнс, сүү, цагаан идээний тасгаар орсон байна. Хөдөө мал үнэтэй учир махны үнэ өндөр талдаа, гэхдээ борлуулалт гайгүй гэж худалдагч нар хэлж байв. Ерөнхий сайд шинэ оны ажлын эхний өдөр Хэнтий аймагт ажиллахдаа жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй зориуд уулзаж санал, бодлыг нь сонсож энэ салбарынхныг дэмжихийн тулд юу хийхээр төлөвлөж байгаагаа ч хэлж байсан юм.

    Энэ удаа ч мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төр, засгаас яаж дэмжээсэй гэж бодож байна гэж Засгийн газрын тэргүүн асуулаа. Жижиг, дунд бизнес эрхлэгчид зээл авья гэхэд барьцаа шаарддаг нь хүндрэл учруулдаг, татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй байдаг тухайгаа хэлээд, харин зээлийн баталгааг төр хариуцах чиглэлээр зоригтой алхам хийж байгаад Ерөнхий сайдад баярласнаа илэрхийлж байлаа. Засгийн газрын тэргүүн С.Батболд хэлэхдээ “Засгийн газар амьдралаа авч явахын тулд ажил хийе, зүтгэе гэж байгаа иргэдээ аль болох дэмжихийг зорьж байгаа. Ажлын байр бий болгож, барьцаагүй зээлийн хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэрлэл болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас өгч, батлан даалтыг нь хариуцах, татварын хөнгөлөлт, урамшуулал эдлүүлэх гээд олон ажил хийж байна” гэлээ.

    Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төв дэх энэ захын байр хуучирч муудсан учир орон нутгийн удирдлагууд шинэ зах барих хөрөнгийг шийдэж өгөхийг хүсч байсан байна. Энэ хөрөнгийг энэ оны төсөвт суулгасанд  жижиг, дунд бизнес эрхлэгчид талархалтай байгаагаа Ерөнхий сайдад илэрхийллээ. Мөн өдөр гүйцэтгэх засаглалын тэргүүн Шаамар сумын нутагт байрладаг “Буман нарс” ахмадын сувилалд амарч байгаа 60 орчим өндөр настантай уулзаж, ахмадуудын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулан эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөв. Энэ сувилал уламжлалт болон европ эмчилгээтэй, нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг учир Сэлэнгээс гадна хил залгаа аймаг,  ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Хиагт хотын иргэд ч ирж амарч сувилуулдаг байна.

  • ХАМГААЛАЛТЫН БҮСИЙН ХИЛИЙН ЗААГИЙГ БАТАЛЛАА

    Засгийн газрын хуралдаан 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

    Урт нэртэй гэгдэх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Гол мөрний урсац бүрдэх эх, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг, Ойн сан бүхий газрын хилийн заагийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Байгаль орчноо хамгаалах чиглэлээр Засгийн газар дорвитой шийдвэр гаргалаа. Цаашид хуулийг хэрэгжүүлэхийн тулд харилцан уялдаатай байж, түргэн шуурхай ажиллах ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд холбогдох яамд, агентлагын удирдлагуудад анхааруулсан байна.

    Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд М.Энхболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болголоо. Урт нэртэй гэгдэх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд алтны орд газруудын 242 лицензийг бүрэн түдгэлзүүлсэн бөгөөд үүний 69-ийг бүрэн, 36-г хэсэгчлэн цуцалсан. Мөн алтны шороон ордоос бусад 1400 лиценз бүхий талбайн хил хязгаарыг салбарын яамд тогтоогоод байсан юм.          

    ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ӨДРИЙГ “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” ГЭЖ НЭРЛЭЛЭЭ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсний 850 жилийн ойг энэ оны 12 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрлэхээр тогтсон байна. Ойн арга хэмжээг зохион байгуулах комиссыг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулж, шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

    Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсон юм.

    ХОРИХ АНГИЙН ТӨРӨЛ ДЭГЛЭМИЙГ ӨӨР ТОГТОЛЦООНД ШИЛЖҮҮЛНЭ

    Хорих ангийн төрөл дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлж, ажлын явц, үр дүнг жил бүрийн эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг сайд Ц.Нямдоржид даалгав. Мөн шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, санхүүгийн бусад эх үүсвэрийг ашиглан санхүүжүүлж байхаар болжээ.

    Нээлттэй хорих ангид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг анх удаа үйлдэж ял шийтгүүлсэн насанд хүрсэн эрэгтэй, хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээд болон эмэгтэй ялтны ялыг эдлүүлэх юм. Гэхдээ өмнө нь хорих ял эдэлж байсан, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй ялтан, хүнд, онц хүнд хэрэг үйлдсэн, онц аюултай хэрэгтнээр тооцогдсон эмэгтэй ялтны ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангийн хаалттай хэсэгт эдлүүлэх юм байна. Түүнчлэн санамсар болгоомжгүйгэаэр болон бусад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүн нээлттэй дэглэмтэй хорих ангид ялаа эдлэх нь.

    Харин хаалттай хорих ангид онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсвэл урьд нь хорих ял эдэлж байсан буюу онц аюултай хэрэгтнээр тооцогдсон эрэгтэй ялтны ялыг эдлүүлэх юм байна. Нээлттэй дэглэм нь ялтны хувийн зан төлөв, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, шинж чанар, хувь хүний нөөц, боломжийг харгалзан нийгмээс бүрэн тусгаарлалгүй, тухайн хүнийг гэр бүл, хамт олон зэрэг орчны нөлөөлөл дор ял эдлүүлдэг. Тэгвэл хаалттай дэглэмийн онцлог нь тухайн ялтныг хорих ангийн хамгаалалтын бүсэд, нарийн хяналтан дор, ялтны зорчих хөдөлгөөн, бусадтай харилцах боломжийг нь хязгаарласан нөхцөлд байлгадаг. Мөн нийгэм, сэтгэл зүйн сургалт, нөлөөллийн арга хэмжээнд хамруулдаг байна.

    Улсын хэмжээнд жирийн дэглэмтэй 10, насанд хүрээгүйчүүд болон эмэгтэйчүүд, баривчлах ял эдлүүлэх, дамжин өнгөрүүлэх, эмчилгээний тус бүр 1, чанга дэглэмтэй 7, онцгой дэглэмтэй 1, гяндан 1 байдаг юм.

    ТОВЧ МЭДЭЭ

    • УИХ-ын гишүүн Су.Батболд Хохирол барагдуулах тухай хуулийн төсөл санаачилсан байна. Тэрээр төсөлдөө Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдод учирсан хохирлын үндсэн хэсгийг төсвийн хөрөнгөөр дахин барагдуулах тухай тусгажээ. Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцээд улсын төсвөөс олгосон хөрөнгийг буцаан улсын төсөвт бүрэн барагдуулж дуусаагүй, 2012 оны Төсвийн тухай хуульд санхүүжилтийн эх үүсвэр тусгагдаагүй, хуулийн төсөл батлагдсанаар үүсэх санхүү, эдийн засгийн нарийвчилсан тооцоо, судалгаа хийгдээгүй байгааг анхаарах нь зүйтэй хэмээн уламжлахаар боллоо. Холбогдох хуулийн дагуу 8301 хадгаламж эзэмшигчдэд 35.5 тэрбум төгрөг олгож, төсөвт 13.9 тэрбумыг буцаан төвлөрүүлсэн байна.
    • УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нарын санаачилсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газраас боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай төсөлтэй нэгтгэн УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Гишүүн хуулийн төсөлдөө жижиглэнгээр борлуулж байгаа шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс дэлхийн зах зээлийн үнээс хамааруулан татварын хувь хэмжээг хэлбэлзүүлэх, автобензин, дизелийн түлшийг бөөнөөр борлуулж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжийг Онцгой албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамааруулахгүй байхаар тусгасан байна.  
    •  “Генерал цолны цалин олгож байх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцээд хэд хэдэн үндэслэлээр дэмжих боломжгүй гэдгийг уламжлахаар боллоо. Тухайлбал цалин олгох эсэх асуудлыг зөвхөн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулах бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй зэрэг шалтгааныг уламжилжээ. Цэргийн дээд цол болох генерал цолыг 158 хүн хүртсэний 84 нь амьд сэрүүн, үүнээс 52 нь тэтгэвэрт байдаг юм байна.
    • Төрийн албаны саналыг үндэслэн нэр бүхий 23 албан хаагчид тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгуулах саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтон, төрийн 72 жинхэнэ албан хаагчдад эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв олгохоор боллоо.
    • Энэ онд гадаадад 150 идлэг шонхор шувуу гаргахаар боллоо. Манай улс 2000-2010 онд 2700 гаруй идлэг  шонхор гаргасан байна. Сүүлийн 5 жилийн байдлаар гадаадад идлэг шонхор шувуу гаргасны төлбөр, хураамжийн орлогоос төсөвт 11 сая гаруй ам.доллар оржээ. Идлэг шонхор манай улсад хэвийн тархалттай бөгөөд 2010 онд хийсэн судалгаагаар 6800 толгой байгаа гэсэн тоо гарсан байна.  
    • Сайншанд-Ухаахудаг, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд төмөр зам барих, Тариалан-Мөрөн, Улаангом-Наранбулаг чиглэлд хатуу хучилттай зам тавих, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд барилгын ажил гүйцэтгэх гадаадын инженер, техникийн болон мэргэжлийн ажилтнуудад Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олголоо.
  • ЕРӨНХИЙ САЙД ХҮҮХЭД БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХЫГ ХҮСДЭГ

    Хүүхдүүдийн аав, энэ улсын иргэн, Ерөнхий сайдын хувьд хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл биелээсэй. Хүүхэд бүр эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аз жаргалтай, нүдэнд нь үргэлж инээд гэрэлтэж байгаасай хэмээн Засгийн газрын тэргүүн С.Батболд хүслээ. Тэрээр өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болсон “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” өдөрлөгийн үеэр бяцхан хүүхдүүдийн хамт “Хүслийн бөмбөлөг” хөөргөхдөө ийн шивнэжээ. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд С.Батболд, мөн зөвлөлийн дэд тэргүүн, Шадар сайд М.Энхболд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Б.Баатарзориг, Засаг даргын орлогч, Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Цогзолмаа нарын эрхэм хүндтэй зочид төв талбайд хүрэлцэн ирж хүүхэд багачуудынхаа  баярыг нь хуваалцсан байна. 


    Тэд хүүхдүүдтэй нэг хүсэл, нэг сэтгэлтэй байгаагаа илэрхийлэн дуулж бүжиглэн баяр дээр нь баяр нэмсэн бол рок, попын залуу дуучид, Хөгжим бүжгийн сургууль, Хүүхдийн ордны сурагчид шинэ уран бүтээлээ толилууллаа. Мөн 8-9 хүүхэд төрүүлж өсгөсөн Д.Долгор, Ж.Өөлд, М.Энхтуяа нарт Нийслэлийн 2012 оны “Ачлалт ээж” өргөмжлөлийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Шадар сайд М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Б.Баатарзориг нар гардуулж баяр хүргэв.

    Их жанжны талбайд болж байгаа энэ өдөрлөгийн үеэр 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хамтран урлаг, спортын төрөл бүрийн уралдаан, тэмцээн, үйлчилгээ, худалдаагаар хүүхдүүддээ бэлэг барьж байна. Мөн 21 аймаг, 9 дүүрэг ч хүүхэд, багачууддаа зориулсан арга хэмжээг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байгаа юм. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх, үрсийн баярыг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэж, улс орны өнцөг булан бүрт хайр, аз жаргал, баяр хөөр дүүрэн хүүхдийн дуу цуурайтаж байна. Эх, үрсийн баярын энэ өдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн төлөөллийг гэртээ хүлээн авч баярыг нь хуваалцлаа.  

  • “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд нийт хүүхдийн 60 гаруй хувь нь эмгэгтэй болох нь оношлогдлоо

    Монголын хүүхдүүдийн 60 гаруй хувь нь ямар нэгэн өвчний эмгэгтэй болох нь  “Эрүүл хүүхэд” аян зохион байгуулсны буянд оношлогджээ. Одоо эдгээр хүүхдүүдийг эмчилгээнд хамруулж анагаах дараагийн шатны ажил эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачлан эхлүүлсэн “Эрүүл хүүхэд” аян өнгөрсөн гуравдугаар сарын 19-ний өдөр орон даяар эхэлсэн юм. 18 хүртлэх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдал, бие бялдрын өсөлт хөгжилтийг нь үнэлэх, илэрсэн  эмгэгийг эмчлэх, өвчнөөс урьдчилсан сэргийлэх чиглэлээр сургалт явуулах, зөвлөгөө өгөх зорилго бүхий энэхүү аяны эхний шат өндөрлөж өнөөдөр дүнгийн хурлаа Эрүүл мэндийн яаманд хийлээ.


    Үзлэгт хамрагдаж чихний хэнгэрэг нь цоорхой болохыг мэдэж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэс засал хийлгэсэн охин энэ  үеэр эмч нартаа талархсанаа илэрхийлсэн бол аймаг, сум, өрхийн эмнэлгийн түвшинд үзлэг оношилгоог явуулсан эмч нар, эцэг эхчүүдийн төлөөлөл хуралд оролцож сэтгэгдлээ хэлж байлаа. “Эрүүл хүүхэд” аяныг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг бүхий удирдах хороог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд даргалдаг бөгөөд өнөөдрийн өргөтгөсөн хуралдааныг тэрбээр удирдаж явууллаа.  

    Тус аянд нийт хүүхдийн 82 хувь буюу 787 мянга 370 гаруй хүүхэд хамрагджээ. Эдгээр хүүхдийн 68 хувь нь ямар нэгэн байдлаар эмгэгтэй байна, энэ бол анхаарал тавихаас аргагүй өндөр үзүүлэлт. Үүнд дүгнэлттэй хандах учиртай гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлээд аяныг үргэлжлүүлж, хүүхдүүдийг үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, хүүхдийн шүдийг эмчлэх ажлыг шуурхай, чанартай зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Мөн одоо эмчилгээ хийж үр дүн гаргах учиртай. Энэ бол нэг удаа зохион байгуулаад зогсоох арга хэмжээ биш. Хүүхдийн 3, 5, 12, 17 насанд үзлэг оношилгоонд бүрэн хамруулж байх, санхүүжилтийг улсын төсөвт тусгах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгалаа.

    Сургууль болгоныг биеийн тамираар хичээллэх спорт заалтай болгох үүрэг өгөөд байгаа гэдгээ Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэлээд стандарт хангасан шүдний эмчилгээний анхан шатны кабинетийг ч мөн бий болгох ёстой гэдгийг тэмдэглэж байлаа. “Эрүүл хүүхэд” аянын нэгдүгээр шат өндөрлөж байгаа нь дөнгөж анхны алхам, гэхдээ хүүхдүүд минь эрүүл байх үндэс суурь нь энэ шатны үзлэг болох учиртай. Эрүүл байна гэдэг хэрхэн урьдчилан сэргийлэхээс эхэлнэ. Аяны эхний шат амжилттай дууслаа. Эмчилгээ хийх дараагийн шат үүнээс ч эрчимтэй өрнөх учиртай, хүүхдүүдээ эрүүл байлгахын төлөө үе шаттайгаар аянаа үргэлжлүүлэх болно гэж Ерөнхий сайд С.Батболд  онцолж байлаа.

    Энэ хугацаанд удирдах хорооны болоод аяны ажлын хэсгийн гишүүд, ажлын албаныхан тогтмол хяналт тавьж мэдээлэл солилцож ажилласан. Аяныг зөвхөн ажлын албаны мэдээллээр биш, аянд хамрагдсан хүүхэд багачууд, эцэг эхчүүд, үзлэгийг гардан хийсэн эмч эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын талаас мэдээлэл сонсож, цаашид бид юунд анхаарах нь чухал байгааг дүгнэж шийдвэрлэхээр хурлыг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж байгаа гэдгээ хурлын эхэнд хэллээ.

    Хүүхдүүдээ улс орон даяар нэгэн зэрэг үзлэгт хамруулж, энэ аянд зарим аймгууд тухайлбал, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгууд хамгийн олон хүүхэд үзлэгт хамруулжээ гэж Ерөнхий сайд хэлээд нийслэл, орон нутаг, төрийн бүх шатны байгууллага, тэр дотроо багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд, томчуудад хандаж энэ аянд хүүхдүүдээ бүрэн хамруулахыг дахин хүслээ. Насанд хүрэгчдийн архаг өвчний 60 хувь нь хүүхэд насандаа эхэлж, ямар нэгэн шинж тэмдэггүй явсаар хожуу үедээ илэрсэн байдаг. Тэгвэл энэ аяны үд дүнд ирээдүйн иргэд маань бие эрүүл, оюун ухаан, ёс суртахууны өв тэгш хүмүүжилтэй болж улс орны үсрэнгүй хөгжих боломж бүрдэнэ гэж удирдах хорооны дарга, Ерөнхий сайд С.Батболд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Энэ наадам нь олимпод оролцох тамирчдын хувьд томоохон сорилго боллоо

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд ийнхүү онцолж байна. Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын хаалтын ёслолын ажиллагаа 2012 оны 5 дугаар сарын 30-нд Буянт-Ухаа спорт цогцолбор дээр болж, Засгийн газрын  тэргүүн оролцлоо. Энэхүү их наадам нь шинэ залуу тамирчдыг төрүүлэн гаргахын зэрэгцээ иргэдийг биеийн тамир спортоор хичээллэхэд уриалан дуудсан томоохон арга хэмжээ юм гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцлоод, “Лондон-2012 “ зуны 30 дугаар олимпийн наадамд оролцох Монгол улсын үндэсний шигшээ баг тамирчдын хувьд томоохон сорилго боллоо гэдгийг тэмдэглэсэн юм.

    Түүнчлэн “Монгол улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу биеийн тамир, спортын материаллаг баазыг сайжрулахад онцгой анхаарч биеийн тамирын заалгүй ерөнхий боловсролын сургуулиудыг стандартын заалтай болгож, төв орон нутагт спортын ордон, цогцолборыг шинээр барьж, тоног төхөөрөмж хэрэглэл материалаар хангаж байгаа нь иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байна” гээд биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэн дээдэлдэг ард түмэнтэй улс болохыг гүйцэтгэх засаглалын тэргүүн уриаллаа.  

    Энэхүү их наадамд спортын 27 төрлөөр нийт 5000 гаруй тамирчин оролцож, өрсөлдсөн байна. Монголын бүх ард түмний спартакиад нэртэйгээр анх  1961 онд зохион байгуулагдаж байсан  уг их наадам нь Монгол улсын биеийн тамир, спортын хөгжилд бодитой нөлөө үзүүлсэн хэмээн албаны мэргэжилтнүүд онцоллоо. Хаалтын ажиллагааны төгсгөлд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд олимпийн наадамд оролцох баг, тамирчдаас бие сэтгэлээ бүрэн дайчлан ард түмнийхээ итгэлийг биелүүлж, Монгол улсын алтан соёмбот далбаагаа олимпийн тэнгэрт өргөн мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийн ерөөлийг дэвшүүллээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газар нийслэлийн бүтээн байгуулалтад онцгой анхаарч байгаа

    Монгол Улсын Засгийн газар хийж бүтээсэн ажлаа ард иргэддээ тайлагнахаар “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяныг энэ 5 дугаар сарын 11-нээс өрнүүлсэн. Аяны хүрээнд Засгийн газар, бүх яам, харьяа агентлаг хийж бүтээсэн ажлаа иргэддээ нээлттэй тайлагнаж, тэдний санал, бодлыг сонсон зөвлөгөө өгч, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэж байгаа юм. Энэ ажлын үргэлжлэл 2012 оны 5 дугаар сарын 26-ны бямба гаригийн энэ өдөр Сүхбаатарын талбайд болж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын нэг цэгийн үйлчилгээний асрууд төв талбайд үйл ажиллагаа явууллаа. 


    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нийслэлийн нээлттэй өдөрлөгт оролцох үеэрээ төсвийн төвлөрийг сааруулж, орон нутаг, нийслэлийн удирдлагын санхүү, төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын ажлын эрхийг орон нутагт шилжүүлэх, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд нь, эрхэлж байгаа бизнест нь, орон нутаг дахь бүтээн байгуулалтад нь, ажлын байр бий болгоход Засгийн газар анхаарч ажиллаж байна. Мөн төсвийн хуваарилалт, зарцуулалт, хяналтад иргэдийн оролцоо эрхийг нэмэгдүүлэхийн төлөө Засгийн газар үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа гэлээ. Энэ дөрвөн жилд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүч, хамтын ажиллагааны үр дүнд нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж, нийгмийн болон нийтийн үйлчилгээний барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг олноор баригдаж, хотын гудамж, зам талбайн өнгө үзэмж сайжирч байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж байлаа.

    Тэрбээр мөн Улаанбаатар хотын удирдлагууд хийсэн ажил, хэлэх үгтэйгээр 4 жилийнхээ ажлыг тайлагнаж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд сайхан амлаж, хоосон яриад суусан биш тодорхой ажлуудыг бодитой хийж, зарим ажлын цаашид хийх чиг төлөвийг гаргаж чадлаа гэж хэллээ.  Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг хэлсэн үгэндээ сүүлийн жилүүдэд Улаанбаатарт бүтээн байгуулалтын ажил өрнөж үүнд зарцуулах төсвийн хөрөнгийн хэмжээ нэмэгдсээр ирлээ. Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатарын хөгжилд бодлого болоод хөрөнгө оруулалтын дэмжлэгийг өдөр тутамд үзүүлж байгаа. Улаанбаатарт хийгдсэн ажлын үр дүн бүхэн Засгийн газрын нэгдмэл үйл ажиллагаатай холбоотой гэдгийг онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.