Ангилал: мэдээ-мэдээлэл

  • “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэй

     

    ~ Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг ~

    Монгол Улсын барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг тохиолдуулан улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцон хөдөлмөрлөж байгаа нийт барилгачид, барилгын салбарын алдар гавъяатан, ахмадууд, эрхэм хүндэт төлөөлөгчид, ноёд хатагтай та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье.

    Сүүлийн жилүүдэд манай орны барилгын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжиж, гүйцэтгэсэн барилга угсралт, зураг төслийн ажил, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж  байна. Өнгөрсөн 2011 онд 450.6 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн 2010 оны гүйцэтгэлээс даруй 99.8 тэрбум төгрөгөөр буюу 28.5 хувиар өсчээ. 2011 оны жилийн эцсийн байдлаар барилгын салбарт нийт 2130 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж, тэдгээрт ажиллагсадын тоо дөчин мянгагаруйд хүрлээ.

    Энэ нь барилгын үйлдвэрлэл эрчимжиж, улсын хөгжилд салбарын гүйцэтгэх үүрэг, оруулж байгаа хувь нэмэр үлэмж өсч байгааг  харуулж байна. Монгол Улсын Засгийн газраас “Нийслэл болон орон нутагт 100 мянган айлын орон сууц барих төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогод ахиц дэвшил гаргах” зорилтыг дэвшүүлж Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “100 мянган айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй өрнүүлж байна. 2011 онд хөдөө, орон нутагт 392, Улаанбаатар хотод 9443, улсын хэмжээнд нийтдээ 301.2 тэрбум төгрөгийн өртөгтэй, 562309.3 м2 талбай бүхий 9835 айлын орон сууцны, нийтдээ 128 барилга ашиглалтад оржээ.

    Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оныүйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц” төслийг гардан хэрэгжүүлэгчид нь манай барилгын салбарын нийт ажиллагсад, хамт олон билээ. Монгол хүн эрүүл, боловсролтой байж орлого олж, бүтээлч амьдрахад зайлшгүй шаардлагатай нэг “материаллаг” хөрөнгө бол орон сууц юм. Орон сууцтай болох нь хувь хүн болон гэр бүлд “хувийн бусад хөрөнгө”-ийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлдэг. Ингэж хувь хүн, өрхийн амьдрал сайжирвал улс үндэстний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд эерэгээр нөлөөлнө.

    Иймээс Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах үйлсэд ихээхэн анхаарч, ажиллаж байгаа бөгөөд үүнд “100 мянган айлын орон сууц” төслийн үйл ажиллагаа нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү төслийг 2016 он хүртэл хэрэгжүүлснээр зөвхөн хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилтыг биелүүлээд зогсохгүй бага, дунд орлоготой иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, барилга, орон сууцны үйлдвэрлэл, угсралтыг нэмэгдүүлэх, барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, барилгын салбарын мэргэжилтэй ажилчдыг сургаж бэлтгэх, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тогтолцоог хөгжүүлэх, урт хугацааны хөнгөлөлттэй орон сууцны зээлийг бий болгох, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэнэ.

    Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дэс дараатай бодлогын арга хэмжээнүүдийг авахад онцгой анхаарч, холбогдох шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган ажиллаж байна. Засгийн газрын 2011 оны 341 дүгээр тогтоолоор “100 мянган айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд барих 79486 айлын, 2012 оны 82 дугаар тогтоолоор 47537 айлын орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг тус тус баталж, 2016 он хүртэлх хугацаанд нийт 127023 айлын орон сууцны барилга, хотхон, хорооллыг баригдахаар боллоо. Энэ тоо цаашид ч нэмэгдэх бөгөөд иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ихээхэн дотоод нөөц, боломж байгааг бидэнд илтгэн харуулж байна.  

    Монгол улсын хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2011 оны 85 дугаар тогтоолоор иргэдэд олгох орон сууцны зээлийн хүүг 6 хувиас хэтрүүлэхгүйбайхаар шийдвэрлэж,  2012 оны 55 дугаар тогтоолоор иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 200.0 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрч, үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргалаа. Ингэснээр иргэдэд 20 хүртэл жилийн хугацаатай, 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг авч орон байрны нөхцөлөө сайжруулах боломжийг олгосон төдийгүй орон сууцны зах зээлд дэх эрэлтийг дэмжиж, урт хугацааны хөнгөлөлттэй орон сууцны зээлийн тогтолцоог бүрдүүлэх эхний алхмыг хийлээ. Өчигдөр Төрийн банкинд дээр анхны зээлдэгч нарт зээл олгох үйл ажиллагааг албан ёсоор нээж, бодитоор хэрэгжих эхлэлийг тавилаа.

    Түүнчлэн 2012 оны 54 дүгээр тогтоолоор орон сууц авахаар анх удаа хүсэлт гаргасан иргэдийнжилийн 6 хувь хүртэл хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлээр худалдан авах орон сууцны талбайн хэмжээг 55м–аар тогтоосон нь иргэдийн орон сууц худалдан авах сонголтыг 3 хүртэлх өрөө сууц болгон нэмэгдүүлж, тохилог ая тухтай орчинд амьдрах боломжийг бүрдүүллээ. “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд орон сууцны цогцолбор хорооллуудыг барих, гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2011 оны 149 дүгээр тогтоолоор эхний ээлжинд Баянголын ам, Буянт-Ухаа, Яармаг, МҮОНРТ-ийн орчмын орон сууцны хороолол, 7, 14-р хорооллын цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан хангамжийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхэд зориулан нийт 408.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэсэн. Ийнхүү гэр хороолол болон шинээр барилгажих талбайд орчин үеийн орон сууцны хорооллыг барьж байгуулснаар Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг багасахад чухал нөлөөг үзүүлэх болно.

    Бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, барилга угсралтын ажлын хэмжээ нэмэгдэн барилгын материалын хэрэгцээ өсөж байгаатай уялдуулан материал хийц, эдлэлийн чанар, аюулгүй байдал, бат бэхийг шинжлэн тогтоох лабораторийг байгуулах хөрөнгийн асуудлыг Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Ерөнхий сайдын 2011 оны 12 дугаарзахирамжаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын болон төрийн захиргаа, нутгийн захиргааны байгууллага хоорондын уялдааг хангаж шуурхай зохицуулах, зохих хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх үүрэг бүхий Үндэсний хороог байгуулж, Шадар сайд М.Энхболдоор ахлуулан ажиллуулж байна.

    Гэвч иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэнтэй холбогдон  энэ оны гуравдугаар сарын байдлаар “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд баригдаж ашиглалтад орж байгаа болон захиалга авч байгааорон сууцны барилгын 1мталбайн худалдан борлуулах дундаж үнэ 1.570.8 мянган төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 292.5 мянган төгрөгөөр буюу 22.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнийг судлан шалгаж үзэхэд барилгын компаниуд нь зах зээлд дэх эрэлтийн өсөлтийг далимдуулан бодит бусаар үнээ хөөсрөлттэй тогтоож байгаа дүгнэлт гарлаа. Өнөөгийн байдалд эрх бүхий байгууллагуудаас барилгын нэгж талбайн төсөвт өртөг, барилга угсралтын ажлын үнийн индексийн дагуу орон сууцны барилгын 1мталбайн өртгийг тооцоход дээд тал нь 1193,0 мянган төгрөгт багтаж байгаа бөгөөд барилгын захилагч, гүйцэтгэгч компаниудын ашиг 20 орчим хувиар орж тооцогдсон. Үүнд барилгын захиалагч, гүйцэтгэгч нар дүгнэлт хийж, нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж хариуцлагатай хандах шаардлагатай байгааг энд онцлон хэлэхийг хүсч байна.     

    Цаашид “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны барилга, хотхон, хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барих, гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч болон төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл, санхүүжилтийг олгосон банк, санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, мөн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэсэн бараа, импортолсон материал, техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, орон сууцны хотхон, хорооллын инженер/цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбоо/-ийн хангамжийн түгээх гол шугам сүлжээг төлөвлөх, барих ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч нарт улсын төсвөөс тухайн ажлын санхүүжилтийг буцаан олгохасуудлыг боловсруулж байна.

    Мөн Засгийн газраас хувийн хэвшлийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Хөгжлийн банкаар дамжуулан зээлийн баталгаа гарах, тусгайлсан орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох банк, санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. “100 мянган айлын орон сууц” төсөлд тусгасан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэйг энд зориуд цохон тэмдэглэж, идэвхи санаачилга гарган дэмжиж оролцохыг та бүхэнд уриалж байна. 

    Барилгачин та бүхний ажил үйлс дэлгэрч, барилгын салбар амжилт бүтээлээр арвин байх болтугай.

    АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

  • Орхон аймгийн Засаг даргыг батламжиллаа

    Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар сүүлийн 12 жил тасралтгүй ажилласан Дэмбэрэлийн Дэлгэрбаярыг Орхон аймгийн Засаг даргаар томилж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 4 дүгээр сарын 13-ны энэ өдөр батламжийг нь гардууллаа. Орхон бол эдийн засгийн чадавхиараа улсдаа тэргүүлдэг аймгуудын нэг. Нутаг орноо улам хөгжүүлэхийн төлөө хариуцлагатай, зарчимтай, эрч хүчтэй, нээлттэй, хамгийн гол нь шийдэмгий ажиллахыг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болгоод иргэддээ хүрч тулж ажиллахыг даалгалаа.

    Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй Д.Дэлгэрбаярыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад санал болгосон бөгөөд хамт олных нь шийдвэрийг хүндэтгэж байгаагаа Засгийн газрын тэргүүн С.Батболд тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Кентын эрхэм дээд хунтайж манай улсад айлчилна

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Кентын эрхэм дээд хунтайж Майкл манай улсад айлчлахаар 2012 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотноо ирнэ. Тэрбээр Их Британийн хатан хааны үеэл бөгөөд гадаадын улс орнуудад Хатан хааны элч төлөөлөгчөөр ажилладаг аж. Эрхэм дээд хунтайж Майкл айлчлалынхаа хугацаанд Монгол улсын Ерөнхий сайдад бараалхаж, мөн зарим салбарын сайдуудтай уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм байна. Түүнчлэн монголын хөрөнгийн биржид зочлохын зэрэгцээ бизнесийн төлөөлөлүүдтэй уулзалт хийнэ. Үүний зэрэгцээ “NTV” телевизийн “De Facto” нэвтрүүлэгт оролцож, “Care for children” тусламжийн байгууллагаас зохион байгуулах арга хэмжээнд ч уригджээ. Кентын эрхэм дээд хунтайж Майкл Монгол улсад дөрөв хоног айлчлах бөгөөд түүнийг дагалдан Их Британи, Монголын худалдааны танхимын дарга Жон Гроган болон банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, боловсрол зэрэг салбарын томоохон компанийн төлөөлөгчид ирэх юм байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Орон сууцны тухай мэдээллийг иргэд бодитоор хүлээн авна

     

    Монгол улсын Засгийн газраас иргэдийнхээ орон сууцны хангамжийг дээшлүүлэхэд чиглэсэн “100 мянган айлын орон сууц“ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Аль ч Засгийн газар урь д өмнө нь ийм боломж олгож байгаагүй бөгөөд тэр хэмжээгээр хүндрэл бэрхшээл гарч байгаа ч  Засгийн газрын идэвхтэй үйл ажиллагаа, УИХ-ын бодит дэмжлэгтэйгээр бидний ажил эрчимтэй явагдаж байна. Олон нийтийн зүгээс барилгын үнэ хэт өндөр байна, зээлэнд тохирох барилга олдохгүй байна, нийлүүлэлтийг дэмжих талаар Засгийн газар шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй  байна гэсэн шүүмжлэлүүд гарч байгааг бид анзаарч байна. Орон сууцны үнийг тогтвортой байлгах, нийлүүлэлтийг дэмжих чиглэлээр Засгийн газраас явуулах бодлогыг бид урьдчилан тодорхойлж, энэ дагуу хэд хэдэн шийдвэрийг гаргаж байгаа.

    Маргааш болох барилгын удирдах ажилтны зөвлөгөөнөөр энэ тухай ярилцаж, тодорхой гарцыг олох болно  хэмээн Ерөнхий сайд С.Батболд онцоллоо. Тус зөвлөгөөнд зориулсан “100 мянган айлын орон сууц“ хөтөлбөрт хамрагдсан орон сууцны мэдээллийн нэгдсэн үзэсгэлэнгийн үеэр Засгийн газрын тэргүүн ийн тэмдэглэсэн бөгөөд аливаа ажил  бодитоор эхэлнэ гэдэг хамгийн чухал болохыг дурьдсан юм. Хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны хорооллуудын болон барилга объектуудын газрын асуудлыг Улаанбаатар болон орон нутагт үндсэнд  нь шийдэж, орон сууцны барилгыг барих гүйцэтгэгч байгууллагуудыг хөтөлбөрт хамруулах, тэдэнд Засгийн газраас хэд хэдэн чиглэлээр тодорхой дэмжлэг үзүүлэх, барилгын материалын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч буйг ч тэмдэглэлээ.

    Хамгийн хүндрэлтэй асуудлын нэг болох иргэдэд үл хөдлөх хөрөнгөөр барьцаалан бага хүүтэй зээл олгох, хүүний хөнгөлөлтийн зөрүүг Засгийн газраас хариуцаж төлөх хөрөнгийн эх үүсвэрийн эхний ээлжийг шийдвэрлэснээр иргэдийн түрүүч нь зээлээ авч эхэлж байгааг Ерөнхий сайд энэ үеэр дуулгасан нь  хамгийн сайхан мэдээ байлаа. Маргааш болох барилгын удирдах ажилтны зөвлөгөөнд Засгийн газар онцгой ач холбогдол өгч  байгааг ч онцоллоо. “100 мянган айлын орон сууц” мэдээллийн үзэсгэлэнд тус хөтөлбөрт хамрагдсан орон сууцны төслүүд, банк санхүү даатгалын  зэрэг 70 гаруй компани, байгууллагууд  мэдээллээ дэлгэн тавьжээ.

    Тус үзэсгэлэн нь орон сууц худалдан авагчдад орон сууцны байршил, архитектур төлөвлөлт, дэд бүтэц, тохижилт, үнийн талаар тодорхой мэдээллийг өгч , иргэд сонголтоо хийхэд нь туслах зорилготой юм байна.  Барилгын гүйцэтгэгч , архитектур, зураг төслийн, барилгын материал үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд ч гэсэн энэ үзэсгэлэнгээс тодорхой мэдээлэл авч хөтөлбөрт оролцох оролцоогоо нэмэгдүүлэх арга замыг  ч хайж болох нь. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100 мянган айлын орон сууц“ хөтөлбөр амьдралд бодит зүйл болж байгаагийн нэг хэлбэр нь энэ арга хэмжээ болж байна.

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь цөөн хэдэн компаний асуудал биш, бид бүгд өөрсдийн чиглэлээр хувь нэмрээ оруулж, хамтран шийдвэрлэх нь  илүү үр дүнтэй гэдгийг Засгийн газрын тэргүүн эцэст нь  тэмдэглэлээ.  Энэ хөтөлбөр нь иргэдийн хүсэн хүлээлтийг хангасан хөтөлбөр байгаасай гэдгийг  Ерөнхий сайд онцлоод, монгол айл бүр тохилог сайхан орон сууцтай болохын ерөөлийг дэвшүүллээ. Мэдээллийн нэгдсэн үзэсгэлэн гурван хоног үргэлжлэх юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Орон сууцны 6 хувийн зээл эзэддээ хүрч эхэллээ

     

    Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн төлөө олон хөтөлбөр хэрэгжүүлж, арга хэмжээ авч байгаагийн дотор томоохон байр суурь эзэлж, өндөр ач холбогдол өгч байгаа нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр бодит ажил болж байгаагийн илэрхийлэл болсон нэгэн арга хэмжээ өнөөдөр Төрийн банкинд боллоо. Иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох нээлтийн арга хэмжээнд  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцохдоо цаасан дээр буусан хөтөлбөр маань бодит ажил болж ийн эхэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд иргэд маань тохилог сайхан байртай болно гэдэгт итгэлтэй байна. Жилийн 6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэдийн түрүүч болсон 20 өрх зээлийн батламжаа гардах энэхүү арга хэмжээнд зориуд ирж оролцож байна гэдгээ тодотголоо.  

    Иргэдийн маань ялангуяа, дундаж ба түүнээс доош орлоготой иргэдийн хувьд цалингаараа орон сууц худалдаж авах боломж өнөөдрийн хувьд харагдахгүй байна. Тиймээс орон сууцны хөтөлбөрөө бодитой болгох, иргэдийн худалдан авах чадварыг дэмжиж зээлийн ийм нөхцөл бий болгосон гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд дурдьлаа. Тиймээс бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах энэхүү хөтөлбөрийг бодит ажил болгохын тулд санхүү, эрх зүй орчин, газар олголт, нийлүүлэлт гээх бүхий л арга хэмжээг цогцоор нь авч эхэлснээр цаасан дээрх хөтөлбөр бодит ажил болж байгаа гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд цаашид байрны үнийн хөөсрөлтийг хазаарлахын төлөө онцгойлон анхаарна гэдгээ ч хэллээ.

    Зээлийн хүү өндөр байвал иргэд хамрагдаж чадахгүй, тиймээс 55 ам метр талбайгаас ихгүй, анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэддээ жилийн 6 хувийн хүүтэй зээлийг өгөхөөр шийдвэрлэсэн нь иргэдийн маань хүсэн хүлээсэн шийдвэр болсон гэдгийг ч хэллээ. Энэ хүрээнд өөрөөр хэлбэл, хөтөлбөрийг ажил болгож амьдралд хэрэгжүүлэхийн тулд хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны  200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар шийдвэрлэсэн гэдгийг ч мөн Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ. Ингээд 2012 оны 03 дугаар сарын 12-ноос зээлд хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээн авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 500 гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа бөгөөд анхны зээлийн шийдвэр гарч эдгээр хүмүүс зээлийн батламжаа гардаж байна гэсэн мэдээллийг ч Ерөнхий сайд С.Батболд өгсөн юм.

    Өнөөдрийн байдлаар нийт 546 иргэн тус хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ ОССК-д ирүүлсэн бөгөөд үүний 327 иргэн Төрийн банкаар, 219 иргэн Капитал банкаар зээлийн судалгаа хийлгэхээр сонгосон байна. 

    Эдгээр 20 өрхөд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зээлийн батламжийг нь гардуулахдаа “Та бүхний адил мянга мянга иргэд маань тохилог сайхан орон сууцанд тав тухтай амьдрах боломж нээгдэж байгаад талархаж байна гэлээ. Мөн зээлийн хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдийг хариуцлагатай, орлоготой, ажилтай байхыг хүслээ. Барилгын үнэ ханшийг хөөсрүүлэхгүй, бодитой, шударга байлгахын төлөө Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамныхан анхаарч ажиллахыг үүрэг болгоод ийн эхлүүлсэн ажлаа улам сайжруулахын төлөө Засгийн газар ажиллах болно гэж Засгийн газрын тэргүүн хэлж байлаа.

  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН” ХУВЬЦААГ ИРГЭДЭД ЭЗЭМШҮҮЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

    ~ Засгийн газрын ээлжит хуралдаан  2012 оны 04 дугаар сарын 11-ний өдөр болж цаг үеийн хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ ~

    Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа “Эрдэнэс  Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, 2011 оны 57 дугаар тогтоолыг үндэслэн  Засгийн газраас  иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Монгол  улсын нийт иргэнд “Эрдэнэс Тавантолгой “ хувьцаат компанийн нийт хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшүүлэх ажлыг дараах байдлаар зохион байгуулахаар болов. 

    Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлэх, 2011 оны 3 дугаар сарын 31-ны өдрөөс энэхүү тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх, энэ тогтоолд заасан тодорхой заалтын хүрээнд иргэдэд эзэмшүүлэх хувьцаанаас Хүний хөгжил сангаас УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолын дагуу 1.0 сая хүртэлх төгрөг бэлэн мөнгөөр хүртэх хүсэлтээ гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011,2011-2012 оны хичээлийн жилд сургалтын  төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний  хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцохоор болов. 

    Мөн тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 10 хүртэлх хувийг УИХ-ын 2012 оны 39 дүгээр тогтоолд заасан аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь адил тэнцүү хэмжээгээр худалдах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус  тус даалгалаа. УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоолын дагуу хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах иргэний хувьцааг энэ тогтоолын 2-т заасан хувьцааг аж ахуйн нэгжид худалдсан орлогоор санхүүжүүлэх ажлыг зохион байгуулахыг НХХ-ийн сайд Т.Ганди, Төрийн өмчийн хороо, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт тус тус даалгалаа. Тогтоолын 1,2,3-д заасан арга хэмжээг “Эрдэнэс Тавантолгой “ хувьцаат компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд дээр арилжихаас өмнө зохион байгуулж дуусгахыг  Төрийн өмчийн хороонд даалгалаа.

    Хувьцаатай гэдгээ яаж мэдэх вэ гэж олон иргэн асууж байгаа юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар энэ асуултад “Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсаны дараагаар иргэн бүрт Хүний хөгжил сангийн дэвтэр нээж өгсөн. 536 ширхэг хувьцааг Хүний хөгжил сангийн дэвтэрт тэмдэглээд иргэн болгонд 536 ширхэг хувьцааг бүртгэхийг Хөрөнгийн бирж түүний харьяа бүртгэл тооцооны төвд үүрэг чиглэл өгөгдсөн байгаа. Хүн бүрт 536 ширхэг хувьцааны данс нээгдсэн байгаа. Харин арилжаанд орох хараахан болоогүй байгаа. Арилжаанд орохтой холбоотой холбогдох шийдвэрийг тухайн үед нь өгнө. Харин хөдөө орон нутагт, зарим газраар брокер, диллерүүд явж 5000 төгрөг хураан данс нээх үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд ард иргэд хууртаж болохгүй гэдгийг анхааруулмаар байна. Тухайн үед Засгийн газраас шийд гаргаж чиглэлийг ард иргэддээ өгнө” гэж хэллээ.

    Ийнхүү Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н  хувьцааг иргэддээ зэмшүүлэх ажлыг бодитоор эхлүүллээ.   

    АЛСЛАГДСАН БОЛОН ГОВИЙН СУМДАД НЭМЭГДЭЛ ОЛГОНО

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Алслалтын болон говийн нэмэгдлийн талаар авах арга хэмжээний  тухай”Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Алслалтын болон говийн нэмэгдэлд хамрагдах сумдад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон орон нутгийг дэмжих, урамшуулах зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээг тогтоолын төсөлд тусгасан байна.

    Тухайлбал, тусгай сангуудаас тухайн сумдад түлхүү хөрөнгө хуваарилах, улсын төсвийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг төлөвлөхдөө нэмэгдэлд хамрагдах сумыг тусгайлан авч үзэхээр, түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татвар, зээлийн бодлогоор дэмжих, эрчим хүч, түлшний хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг судалж шийдвэрлэхээр тусгажээ.

    Нэмэгдэл олгох сумдыг тодорхойлохдоо нийгэм, эдийн засгийн байдал, хилийн боомт, шилжих хөдөлгөөн, өдөр тутмын өргөн хэрэглээний барааны хэрэглээ, үнийн өсөлт зэрэг тухайн сумын хөгжлийг тодорхойлох үзүүлэлтүүдийг харгалзан үзэж, говийн бүсийн 7 аймгийн 45 сумыг, алслагдсан сумдаас 8 аймгийн 71 сумыг сонгожээ. Төсөлд тусгаснаас үзвэл алслагдсан аймгуудад сард өрхийн гишүүн бүрт7000, говийн бүсийн аймгийн сумын өрхийн гишүүн бүрт 10 мянган төгрөг олгох юм байна. 

    ГУРВАН ДАХЬ ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ МӨНГӨН ШАГНАЛААР УРАМШУУЛНА

    Олон хүүхэд төрүүлж өсгөсөн  эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Мөнгөн шагналын  хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт шинээр гуравдахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд нэг удаа 300 мянган төгрөг, Эхийн алдар II зэргийн одонтой эхэд 500 мянган төгрөг, нэгдүгээр зэргийн одонтой эхэд сая төгрөгийн тэтгэмж олгоно гэж тусгасан.

    Энэхүү мөрийн хөтөлбөрийг ажил хэрэг болгох “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  Энэ төсөл нь таван зүйлтэй байх бөгөөд хуулийн хамрах хүрээг өргөжүүлж, “Эхийн алдар” одонтой эхчүүдээс гадна гурав дахь хүүхдээ төрүүлж өсгөсөн эхийг хамруулахаар тусгасан байна. Түүнчлэн Эхийн алдар I, II зэргийн одонтой эхчүүд, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд нэг удаагийн мөнгөн шагнал олгох асуудлыг нэмж тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг урамшуулахад чухал алхам болно гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын хуралдааны үеэр хэллээ.

    ГАЗРЫН ТОСНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ҮНДЭСНИЙ КОМПАНИУДАД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ

    УИХ-аас Засгийн газарт олгосон эрх хэмжээний хүрээнд газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Манай улсын хувьд одоогоор 2001 онд Эрдэнэт хотын нефть баазыг түшиглэн байгуулсан ганц үйлдвэртэй. Цаашид энэ чиглэлийн хэд хэдэн үндэсний үйлдвэртэй байх бодлогыг төрөөс барьж байна.

    Тиймээс ОХУ-ын түүхийн эдийн экспортын татварын хувь, хэмжээ бэлэн бүтээгдэхүүнийхээ татвараас өндөр байгаа нөхцөлд өндөр эрсдэл дагуулсан энэ салбарт нөөц бололцоогоо дайчлан, иргэдийг ажлын байраар ханган, цаашид хүчин чадал, технологийн шинэчлэлийг эрэлхийлэн ажиллаж байгаа үндэсний компаниудыг  Засгийн газар дэмжиж, УИХ-аас олгосон эрхийн хүрээнд татварын хөнгөлөлтүүдийг үзүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

    КЕМБРИЖИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ТӨВТЭЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА

    Кембрижийн Их сургуулийн Олон улсын шалгалтын төвтэй 2011 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар олон улсад жишиг болсон Кембрижийн стандарт манай улсад нутагших галт тэргийг хөдөлгөж байсан бол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү санамж бичгийг үндэслэн бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх талаар хоёр талын харилцан хамтын ажиллагааны зарчим, хэм хэмжээ, талуудын эдлэх эрх, хүлээх хариуцлага болон үйл ажиллагааны чиглэл, ажлын хүрээ, хуваарь, гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг тодорхойлсон Боловсролын үйлчилгээ үзүүлэх тухай хэлэлцээрийг Кембрижийн олон улсын шалгалтын төвтэй байгуулах нь зүйтэй гэж тогтлоо. Хэлэлцээрт энэ оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гарын үсэг зурна.

    Кембрижийн стандартыг баримжаалан бага, дунд боловсролын сургалтын үйлчилгээ, чанарыг олон улсын жишигт хүргэх, чанартай, өрсөлдөх чадвартай боловсролын тогтолцоог бий болгох Засгийн газрын бодлогын хүрээнд хос хэлээр хичээллэх төрийн өмчийн 3 сургуулийг Улаанбаатар хотноо байгуулсан бөгөөд 2018 он гэхэд ийм төрлийн сургуулийг аймаг бүрт 1, Улаанбаатарт 10-ыг байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Одоогийн байдлаар математик, байгалийн шинэчлэл, физик, хими, биологи, англи хэл гэсэн хичээлүүдийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, энэ 4 дүгээр сараас улсын хэмжээнд 31 үндэсний лаборатори сургуулийн сургалтад нэвтрүүлэх туршилтыг эхлүүлээд байна.

    Эдгээрээс гадна багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх, сурах бичгийг шинэчлэх, боловсролын үнэлгээний системийг өөрчлөх, чанарын хяналтын үндэсний тогтолцоо бий болгох, боловсролын институциудын мэргэжлийн чадавхийг сайжруулах, багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын агуулга, зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг ажлыг Кембрижийн стандартыг баримжаалан хэрэгжүүлж буй боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд хийх юм. 

    ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН ЗАРИМ АЙМАГТ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ӨВС ТЭЖЭЭЛ ОЛГОНО

    Зарим аймагт хаваржилт хүндэрч байгаа болон мал төллөж байгаатай холбогдуулан Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Увс аймгуудын малчид, иргэдэд улсын нөөцөөс үнийг хямдруулан олгох өвсний болон тэжээлийн тоо хэмжээг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталлаа. Улсын нөөцөөс 50 хувь хямдруулж олгосон  3903,56 тонн өвсний үнэ,1695,56 тонн тэжээлийн үнийн зөрүүг  Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрлөө.

    Мөн Улсын нөөцөөс олгох өвс, тэжээлийг хуваарилан гаргах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын нөөц сангийн хөрөнгө болон тэжээлийн борлуулалтын орлогоор 2012 оны 4 дүгээр улиралд багтаан өвс, тэжээлийг улсын нөөцөд нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгалаа. Түүнчлэн үнэ хямдруулан олгож байгаа өвс, тэжээлийг зориулалтыг бусаар зарцуулахгүй байх бүх талын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг холбогдох аймгийн Засаг дарга нар үүрэг болголоо.

    ХӨРӨНГӨ ГАРГАХААР БОЛЛОО

    Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 7.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргалаа. Тус тогтоолд сонгуулийн автоматжуулсан системд ашиглах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хадгалах зорилгоор  2012 онд агуулахын байр түрээслэхэд зориулж 129.6 сая төгрөг, Засгийн газрын 11 дүгээр байранд агуулахын зориулалтаар ашиглах 68 хавтгай дөрвөлжин метр талбайтай өрөө тасалгааг завсарлахад зориулж 25.7 сая төгрөг, нийт 155.3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрлөө.

    Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хадгалах агуулахын байрны  2013 оны түрээсийн төлбөр Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв  болон  агуулахын барилга бариулахад шаардагдах  хөрөнгийг  2013 оны улсын төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Д.Хаянхярваад, барилга барихад шаардлагатай газар олгох асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга  Г.Мөнхбаяр нарт тус тус даалгалаа.

    Сонгуулийн ерөнхий хорооны төв байр болон сонгуулийн автоматжуулсан системд ашиглах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хадгалах агуулахын байрыг төрийн тусгай хамгаалалтад авах талаар холбогдох  арга хэмжээ авахыг  Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болдод даалгалаа. УИХ-ын сонгуулийн санал авах байр бэлтгэх, цахилгааны эх үүсвэргүй газарт нөөц эх үүсвэрээр хангах зэргээр сонгуулийн санал авах ажиллагаанд хуулийн хүрээнд дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.

    850 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ЦЭРГИЙН БАГ ӨМНӨД СУДАНД ЭНХИЙГ САХИУЛНА

    НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газраас манай улсад хандаж Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд мотобуудлагын батальон оролцуулах хүсэлтийг ирүүлжээ. Үүний  дагуу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарч, Засгийн газрын тогтоолоор тус ажиллагаанд манай улс цэргийн багаа оролцуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан санамж бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэгт олголоо.

     ТОВЧХОН

    • УИХ 1992 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийг баталж, зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны үндсэн зарчим, чиг үүрэг, бүтэц бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоон хуульчилсан. ҮАБЗ үүсэн байгуулагдсан өдрийн Зөвлөлийн хууль батлагдсан өдрөөр тогтоож  10 болон 5 жилийн ойг албан ажлын хүрээнд тэмдэглэжээ. 20 жилийн ой нь энэ оны 5 дугаар сарын 23-нд болох бөгөөд энэ үеэр хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ. Ойг тэмдэглэхэд шаардагдах 32 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө. 
    • Монгол-Энэтхэгийн хамтарсан Мэдээлэл, технологийн аутсорсингийн  төв байгуулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор энэ оны 3 дугаар сарын 16-нд байгуулсан Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
    • УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг хууль санаачлагчдад нь уламжлахаар тогтлоо.
    • УИХ-ын гишүүн З.Алтай, Л.Гантөмөр, Ш.Сайхансамбуу, С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Тэтгэврийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзлээ.
  • ӨӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, САЙН САЙХАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЦАГ ЗАВ ГАРГАХЫГ УРИАЛЛАА

    Монгол Улсын Засгийн газар Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үзлэгийг орон даяар эхлүүлээ. Энэ ажлын хүрээнд “Цусны даралт ихсэлт”, “Чихрийн шижин хэв шинж-2”-ийг 40-өөс дээш насныханд, харин хөх болон умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэлтийн үзлэгийг 30-60 насны эмэгтэйчүүдийн дунд үнэ төлбөргүй хийх юм. Ерөнхий сайд С.Батболд 40-өөс дээш настай Монгол Улсын иргэний хувьд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны өрхийн эмнэлэгтээ ирж зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үзлэгт хамрагдаж,  40-өөс дээш  насны нийт иргэд,  хөдөлмөрчид, 30-60 насны эмэгтэйчүүддээ хандан өөрийн эрүүл мэнд, сайн сайхан амьдралынхаа төлөө цаг гарган харъяа өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандан энэхүү үзлэг шинжилгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.

    Мөн тэрээр өрхийн эмнэлгийн эмч нар энэ ажлыг зохион байгуулалттай, техник хэрэгслийн хувьд өндөр түвшинд, чанартай эхлүүлж байгаа нь харагдаж байна. Тиймээс иргэд энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй гээд бид өөрсдийн эрүүл  мэнддээ анхаарч, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Монголчууд бид эрүүл биед саруул ухаан оршино гэдэг, тиймээс бүгдээрээ эрүүл байхын ерөөлийг дэвшүүлье гэлээ.

    Сүхбаатар дүүргийн 8-р хорооны өрхийн эмнэлэгт энэ үеэр Засгийн газраас эхлүүлсэн “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аянд хамрагдаж, хүүхдээ үзүүлэхээр ирсэн эхчүүд олон байлаа . Өдөртөө 20 гаруй хүүхэд үзлэгт хамрагдаж байгаа бөгөөд амны хөндий, харшлын шинжтэй  эмгэгүүд нийтлэг байгааг өрхийн эмч Ерөнхий сайдад танилцуулж байв.  Тус өрхийн эмнэлэг нь  41 мянган хүүхдэд үзлэг хийх юм байна.  Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 80 гаруй хувийг үзлэгт хамруулжээ.

    Энэхүү аяныг амжилттай хэрэгжүүлснээр эхний шатанд 18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн байдлын түвшинг тогтоож, хоёрдахь шатанд үзлэгээр ямар нэг эмгэг илэрсэн тохиолдолд эрүүлжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.  Засгийн газрын тэргүүн үүний дараа Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үзлэгийг орон даяар зохион байгуулах өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.

    Энэхүү  үзлэгт зорилтод насныхан бүрэн хамрагдсанаар манай хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон “Цусны даралт ихсэлт”,“Чихрийн шижин хэв шинж-2”, “Хөх болон умайн хүзүүний хавдар“-аас эрт сэргийлж,  эрт үе шатанд нь эмчлүүлснээр өвчлөл, нас баралтыг бууруулах, өвчний хүндрэлд зарцуулах эрүүл мэндийн өртөг, зардлыг багасгахад ихээхэн ач холбогдолтойг Ерөнхий сайд энэ үеэр онцоллоо. Мөн цаашид Засгийн газраас эрүүл мэндийн салбар тэр дундаа нийгмийн эрүүл мэндэд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр нэмэгдүүлэн, эрүүл мэндийн салбарт техник, технологийн шинэ шинэ дэвшил гарган дэлхийн жишигт хүрэхийн төлөө ажиллах болно гэдгээ хэллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ийнхүү амралтын өдрөөрөө эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны зэрэгцээ  жил бүр уламжлал болгон зохиогддог “Засгийн газрын цом-2012” сагсан бөмбөгийн тэмцээнд ч оролцоод амжлаа. Уг тэмцээнд 11 яам, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их хурлын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар гээд нийт 14 байгууллагын 300 гаран тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Дашрамд дуулгахад Засгийн газрын тэргүүн спортод элэгтэй, бас ч эвсэлтэй гэдгээ харуулж сайд нарын дунд зохиогдсон 3-н онооны шидэлтийн тэмцээний аварга боллоо.  

  • Засгийн бодлого малчны хотонд бодитоор буужээ

    Ихэр хурга төрсөн, мал хээл хаяагүй бөгөөд төлийн хорогдолгүй, 300 гаруй бог мал төллөхөөс 80 гаруй  хувьтай явж байна, хаваржаа сайхан байна  гэх яриагаар  малчин О.Бямба-Очир Ерөнхий сайдыг угтлаа. Засгийн газрын тэргүүн  2012 оны 4 дүгээр сарын 6-ны үдээс хойш Төв аймгийн Аргалант сумын малчин О.Бямба-Очирын хот айлд хүрэлцэн очиж, төл бойжилт, малын хаваржилтай танилцахын зэрэгцээ малчидтай уулзлаа. Ерөнхий сайдыг ирэх сургаар  тэр хавийн хот айлын малчид, бүлгийн иргэд ч цуглажээ.


    Өвлийг өнтэй давж, малчид ч бэлтгэлээ базаасны сайн үр дүн энэ хот айлд тод  харагдаж байлаа. Энэ хот айл ч гэлтгүй энэ жил манай улсын нийт нутгаар цаг агаар тогтуун байж, урьдчилсан байдлаар 15 сая төл мал хүлээн авах тооцоо байгаа бөгөөд монгол улсын малын тоо 50 саяд хүрэх боломж ч харагдаж байгаа аж. Ингэснээр хотод нийлүүлэх махны хэмжээ нэмэгдэж, үнэ буурах боломжтой гэсэн яриа тэдний дунд өрнөлөө. Мөн малын хорогдол улсын хэмжээгээр урьд жилүүдээс хоёр дахин багасч, энэ жилийн хувьд онцлог гэхээр нэг зүйл нь ихэр хурга ишиг, тугал олноор гарч байгаа нь бэлэг дэмбэрэлтэй хэрэг хэмээн Ерөнхий сайд онцоллоо.

    Малчдын өөрсдийн хичээл зүтгэлээс гадна төрөөс малчдын талаар  багагүй ажил хийсний үр дүн гарч байгааг Засгийн газрын тэргүүн С.Батболд энэ үеэр онцолж, малын буянаа хамгийн түрүүн малчид маань эдлэх ёстой юм. Энэ утгаараа махны үнэ үнэлгээтэй байх ёстой, нөгөө талаар  ийм их малтай  орон   байж хэрэглэгчдэд очих махны үнэ боломжийн тогтвортой байх ёстой. Энэ зохицуулалтыг төр хариуцан хийнэ гэдгийг Ерөнхий сайд дурьдаад, малчныг үйлдвэрлэгч, мэргэжилтэй болгох , мөн энэ хөдөлмөрийг өвлүүлэх тал дээр тодорхой бодлогууд гарч байгааг, тухайлбал энэ сараас “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлж байгааг тэдэнд дуулгасан юм.

    Хөдөөгийн хөгжлийг  эрчимжүүлэх, хүн амын ажиллах таатай орчинг бүрдүүлэх, бүсийн ялгааг багасгахад энэ аян ихээхэн ач холбогдолтой аж. Их Британичууд хоршооллоор дамжуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж байсан бол, Германчууд зээлийн системийг өөрчлөх хоршоо байгуулж амжилтанд хүрсэн, харин Францчууд ажлынбайр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэлийн хоршоодыг байгуулж асуудал бэрхшээлээ шийдсэн зэрэг түүх дэлхийн  олон оронд байдаг  байна.

    Энэ аяны анхны хэлбэр болох бүлгийн зохион байгуулалт ч малчин О.Бямба-Очирынд  аль хэдийнээ нэвтрээд эхэлжээ. Бүр  анхны  айлуудын ч нэг юм байна.  Малчин айлуудын бүл олуул биш учир ийнхүү бүлэг болох нь олон давуу талтайг тэд ярилаа. Төв аймгийн хувьд  27 суманд  хоршооны сургагч багш нарыг бэлтгэж эхэлсэн, хоёр суманд загвар хоршоо байгуулж, бүх суманд хөдөө аж ахуйн биржийн хоршоо байгуулахаар зорьж байгаа гэнэ. Олон малтай, бусдыгаа манлайлж байгаа малчдыг үүнд идэвхтэй оролцохыг уриалж байгаа хэмээн албаны хүмүүс  ярьж байлаа. Хөдөө аж ахуйн чанартай бүтээгдэхүүнийг төрдөө тушааж, төрөөс хүртэх урамшуулалд  хамрагдах хүсэл олон малчинд төрж байгааг ч тэд дуулгасан. Энэ бүгдийгээ бөөний худалдаан сүлжээ болон “Нэг сум- нэг бүтээгдэхүүн” хэмээх арга хэмжээтэйгээ холбоод өгчихвөл урагш ахих нэг алхам гэдгийг ч тодотгож, Ерөнхий сайдаас магтаалын үг сонсоод авсан.

    Түүнчлэн малчид бас Ерөнхий сайдад магтаалын үг дуулгаад авна лээ. Сайн малчин эмэгтэй шалгаруулсан нь нүдээ олсон хэрэг байсан гэдгийг тэмдэглээд, их олон эмэгтэйчүүдэд урам өгсөн ажил байсан шүү гэдгийг хэлсэн юм.Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “ Таван -Эрдэнэ” хөтөлбөр энэ хот айлд хэрэгжиж эхэлж байгаагийн  нэг үр дүн нь төлийн хорогдолгүй,малын өвчлөлгүй байгаа нь том амжилт хэмээн гэрийн эзэн хуучилсан. Мал аж ахуй арилжааны эргэлтэд ороод эхэлбэл эзгүйрсэн хөдөө ажил хэрэгч эзэнтэй болж, боловсролтой малын эмч нар ч бодлого бариад эхлэхийг үгүйсгэх аргагүйн нэгэн жишээ бол энэ юм.

    Бас ноосны урамшуулал ч малчны амьдрал ахуйд тодорхой тусаа өгснийг цугларсан малчид Ерөнхий сайддаа ярилаа. 51 малчинд 31 сая төгрөгийн урамшуулал олгогдож, малчны хотонд хангах шалгуур үзүүлэлттэй болж өнгөрсөн жил Улаанбаатар хотод мах, сүүгээ зарснаар 4.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдэж нэг айлд 240-д мянган төгрөгийн орлого орж иржээ. Мөн энэ  сумын хувьд  мал аж ахуйн салбараас дутуугүй орлоготой нэг зүйл нь газар тариалангийн салбар гэнэ. Энэ хоёр салбарыг зэрэг хөгжүүлэх талаар, малчдын амьдралыг бодитойгоор дэмжихэд  төрийн зүгээс онцгой анхаарах болно гэдгийг ч Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэллээ.

    Хоёр жилийн өмнөх зудны  дараа  мал өссөн хэдий ч таваарын хэмжээ, жин татах хэмжээнд хүрэхгүй байгаа учир малчид малаа зарахгүй байгаа, мөн нөгөө талаар “Хүний хөгжлийн сан”-гаас  олгож байгаа бэлэн мөнгө тэднийг бас малаа зарахгүй байх бас нэг  шалтаг болж байгаа гэх яриа хэр үндэстэй вэ гэх асуулт ч гарч байлаа. “Хүний хөгжил санг”-аас олгож буй бэлэн мөнгө, оюутнуудад олгож буй тэтгэлэг малчдын амьдралд ихээхэн тус дэмжлэг болж байгааг харин тэд сайшааж байлаа.

    Төв аймгийн Аргалант сумын Сэртэн хэмээх газар өвөлжиж буй малчин О.Бямба-Очир гуайнхаар  Ерөнхий сайд ийнхүү үдэллээ.  О.Бямба-очир гуай  сумын сайн малчнаар 4 удаа шалгарсан, Аргалантын сангийн аж ахуйг  байгуулалцаж явсан анхдагчуудын нэг юм байна. 3 хүүхэдтэй бөгөөд том хүүгээ малчин болгож, өөрийн дэргэдээ айлсуулжээ. Малын тоо толгойноос илүү малын чанарт анхаарлаа хандуулж байна  гэж ярих  тэдний гадаа  шинэ төлийн дуу  ийнхүү цангинаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • “Лондон 2012” олимпд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчид АSICS брэндийг сонголоо

     

    “Лондон 2012” олимпын наадам эхлэхэд 120 гаруй хоног үлдлээ. Тиймээс энэ богинохон хугацааг амжилттай төлөвлөж олимпын бэлтгэл ажлыг улам эрчимжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд өнөөдөр болсон Олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурлын үеэр үүрэг болголоо. Үндэсний шигшээ багийн цалин, бэлтгэл цугларалт, тэмцээн, хувцас хэрэглэл, материаллаг баазыг бэхжүүлэх зардалд  Монгол Улсын Засгийн газар  2011 онд 1,8 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2012 онд 4,1 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаад байгаа юм.

    Үндэсний шигшээ багийн тамирчид 2011 онд нийт 63 удаагийн тив дэлхий, олимпын эрхийн болон олон улсын тэмцээнээс 224 медаль авсан нь өмнөх жилүүдэд байгаагүй амжилтыг үзүүлж, алт мөнгөн медалийн хувийн жин нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Өнөөдрийн байдлаар “Лондон 2012” 30-р олимпын наадамд оролцох 12, паралимпын 14-р наадамд оролцох 9 эрх аваад байна. Цаашид 30-аас доошгүй эрхтэйгээр олимпд оролцохоор төлөвлөж байгаагаа Биеийн тамир спортын газрын дарга Б.Наранбаатар энэ үеэр Ерөнхий сайдад танилцууллаа.

    Мөн хуралдаанаар “Лондон 2012” олимпд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчдын ёслолын хувцсыг “Шилмэл загвар” компаниар хийлгэхээр тогтож, харин тамирчдын хүсэлтээр бэлтгэлийн хувцсыг Япон Улсын АSICS компаниас авахаар боллоо. Олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр мөн Үндэсний болон залуучуудын шигшээ багийн тамирчдын цалингийн зэрэглэлийг нэмэгдүүлэх, олон улсын төсөл хөтөлбөр тусламжаар орж ирдэг спортын тоног төхөөрөмжид гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг хөндлөө.

    Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд гишүүдийн гаргасан саналыг дэмжиж, нааштайгаар шийдвэрлэхийн төлөө ажиллах болно гээд баг тамирчид, дасгалжуулагчид бэлтгэл сургуулилтаа улам эрчимжүүлж, Лондонгийн тэнгэрт Монгол Улсынхаа төрийн далбааг олонтой мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа хэллээ.

  • ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЗАМ, ГҮҮРИЙН АЖЛЫН ЖАГСААЛТЫГ БАТЛАВ

    ~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ~

    “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх автозам, гүүрийн ажлын жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ нь хатуу хучилттай зам болон гүүрийн ажлын явцыг удаашруулахгүй байх, шинээр хийх ажлыг цаг алдалгүй яаралтай эхлүүлэх зорилготой юм. Зам, гүүрийн ажилд шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж, банкны үйл ажиллагааны зардалд зориулан гэрээт ажил бүрийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг төсөвт өртгөөс тусад нь тооцож, тухай бүрт нь өгч байхаар болов.

    Жагсаалтаас үзвэл Цахир-Тосонцэнгэл чиглэлийн хатуу хучилттай 127 км, Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 45 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 104 км замыг 2013 онд тавьж дуусгах юм байна. Түүнчлэн Улаанбаатар хотод 25 км хатуу хучилттай замыг энэ онд шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх болжээ. Автозамын салбар дахь бүтээн байгуулалтыг зөвхөн хуулинд нийцүүлж өрнүүлнэ. Хэрэгжүүлэх арга, механизм дээрээ Хөгжлийн банк болон холбогдох газрууд уялдаа холбоо сайтай ажиллах, аливаа асуудлыг өнөөдрийнх шиг хууль, дүрэм, журмынх нь дагуу Засгийн газрын хуралдаанд оруулан нээлттэй хэлэлцүүлж, гарсан шийдвэрийг олон нийтэд үнэн зөв мэдээлж байхыг Ерөнхий сайд С.Батболд албан тушаалтнуудад анхаарууллаа.

    “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвүүдийг нийслэл хоттой болон ойролцоох хилийн боомттой холбосон нийт 5572 км, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 990 км хурдны зам, Улаанбаатар хотод 212 км хатуу хучилттай зам, 7 цэгт гүүрэн гарц шинээр барьж 350 км замыг шинэчлэхээр тусгасан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ГАШУУНСУХАЙТ, ШИВЭЭХҮРЭН БООМТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

    Хилийн боомтуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг богино хугацаанд боловсруулан баталж, хэрэгжүүлэхийг холбогдох сайд, харъяа агентлаг, аймгийн удирдлагад даалгалаа. Энэ нь хилийн боомтуудын хяналт, шалгалт, боомтоор дамжин өнгөрч байгаа зорчигчдын ачаа тээврийг сааталгүй түргэн, шуурхай нэвтрүүлэх, хяналт, шалгалтыг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр ханган олон улсын жишигт нийцсэн боомт болгон хөгжүүлэх Засгийн газрын зорилтыг цогцоор нь хэрэгжүүлэх зорилготой юм.

    Ерөнхий төлөвлөгөөнд дээрх зорилтоос гадна нүүрс, ашигт малтмал тээвэрлэх авто замын сүлжээг өргөтгөх, мэргэжлийн хяналтын лаборатори, гаалийн хяналтын барилга байгууламж барих газар, ачаа ачиж буулгах терминаль, тээвэр ложистикийн үйлчилгээний байгууламж, цогцолбор зэргийг байгуулахаар тусгажээ. Түүнчлэн хилийн шалган нэвтрүүлэх бүсэд цацраг шалгах төхөөрөмж, тээврийн хэрэгслийг ариутгах, электрон пүү, ачаа тээврийг шалгах рентген камер зэрэг хяналт шалгалтын тоног төхөөрөмж байрлуулах юм байна. Үүний зэрэгцээ нүүрс тээвэрлэх экспортын 6 салаа, импортын 4 салаа, ашигт малтмал тээвэрлэх экспорт, импортын тус бүр 1 салаа зам байгуулахаар төлөвлөжээ.

    Төлөвлөгөөнд тусгаснаар нүүрс, ашигт малтмал тээвэрлэх замыг зорчигч тээврийн болон иргэний ачаа тээвэрлэх замаас тусгаарлаж, хилийн шалган нэвтрүүлэх цогцолборын хоёр талаар гарах, орох ачаа тээврийн 3, зорчигч тээврийн 2 салаа замтай байх юм. Үүнээс гадна Гашуунсухайт боомтоос 6,5 километрт байх Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтаар барьж байгаа орон сууц, үйлдвэр, үйлчилгээний барилга, байгууламжийг орон нутгийн бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээний төв болгон хөгжүүлэх зэрэг олон ажил хийнэ гэж Засгийн газар гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

     “ЦАХИМ ЗАСАГ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

    Засгийн газрын хуралдаанаар “Цахим засаг” хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн төсвийн төсөлд тусгаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжаар санхүүжүүлэхээр тогтжээ. “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа АНУ, ХБНГУ, БНСУ, Малайз, Шинэ Зеланд, Япон, БНЭУ зэрэг 15 орны цахим засгийг хөгжүүлсэн туршлагыг судалсан байна.

    Өнгөрсөн онд Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсан нь цахим засгийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх анхны алхам болсон гэж үздэг. Үүнээс гадна мэдээллийн аюулгүй байдлыг технологийн орчинд хангах зорилгоор холбогдох хуулийн төслүүдийг боловсруулаад байна. “Цахим засаг” хөтөлбөр батлагдсанаар төрийн бүх шатны байгууллагын ажлыг ил тод болгож, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг хангах, оролцоог нэмэгдүүлэхэд мэдээллийн технологи, харилцаа холбооны дэвшилтэт технологийг ашиглах, улмаар улс орны дотоод, гадаад харилцаа, засаглалыг оновчтой зохион байгуулах суурь тавигдлаа” гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

    “Цахим засаг” хөтөлбөрийг 2016 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шинжилгээ үнэлгээ хийх баг гаргаж ажиллах үүрэг хүлээсэн байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй Засгийн газар жил бүрийн нэгдүгээр улиралд танилцаж байх юм.

    2011 оны 10 дугаар сарын байдлаар төрийн байгууллагуудад 56 мянга гаруй компьютер ашиглагдаж байна. “Цахим засаг” хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудыг шилэн кабелийн сүлжээгээр холбосон нэгдсэн сүлжээ бий болгож, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, нийт ашиглаж байгаа компьютерийн 50-иас доошгүй хувийг шинэчлэх, программ хангамжийг лицензжүүлэх, мэдээллийн систем, контентийг хөгжүүлэх, менежментэд шинэчлэл хийх зэрэг арга хэмжээ авч цахим засгийн үйлчилгээг иргэдэд хүргэх нөхцөл бүрдүүлэхийг Засгийн газар зорьж байна. Манай улсын хувьд 161 сум, суурин газрыг 21 мянга орчим км өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбоод байгаа бөгөөд үлдсэнийг холбох ажил ид хийгдэж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” КОМПАНИ БАЙГУУЛАВ

    Засгийн газрын хуралдаанаар “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” компанийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” хэмээн өөрчлөхөөр шийдвэрлэлээ. Замын-Үүд, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар зэрэг аймаг төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон. Цаашид говийн бүс нутаг болон Завхан аймгийг холбох учир цахилгаан дамжуулах сүлжээ улам өргөжин тэлж, үйл ажиллагаа, үйлчлэх цар хүрээ нь өсч байгаа учир ийм арга хэмжээ авч байна. Түүнчлэн “Төвийн бүсийн цахилгаан түгээх сүлжээ” компани нь цахилгаан эрчим хүчний хангамжийн 90 гаруй хувийг хэрэглэгчдэд дамжуулан хүргэдэг зэргийг нь ч харгалзан үзжээ.

    Мөн хуралдаанаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн ОХУ болон БНХАУ-аас 2008-2011 онд импортоор авсан цахилгаан эрчим хүчний Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татварын хуримтлагдсан өрийг барагдуулахад шаардагдах 2 тэрбум 83 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Баруун 3 аймгийн хэрэгцээнд зориулж цахилгаан эрчим хүчийг дунджаар 99,7 төгрөгөөр худалдан авч, дунджаар 83,6 төгрөгөөр борлуулж нэг кВт цаг тутамд 15-16,1 төгрөгийн алдагдал хүлээдэг байна.

    ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 2100.7 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЭЭД БАЙНА

    Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үнэт цаасны зах зээлийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, үнэт цаасны ззах зээлд оролцогчдын үйл ажиллагааг тодорхой зохицуулах, үйл ажиллагааг ил тод болгох, олон нийт, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, төрийн зохицуулалт, хяналт, шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх үүднээс хуулийн төслийг боловсруулсан байна.

    Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Эдийн засгийн шинэ сэтгэлгээ, хандлага, соёл бий болгох, ажил аль болох анхнаасаа алдаа мадаг багатай байх суурь нөхцлийг бүрдүүлэх нь чухал” гэж онцлон сануулж байлаа. Хөрөнгийн зах зээлийн хэмжээ жилээс жилд өсч байгаа бөгөөд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2011 оны 2 дугаар сард 3219.2 тэрбум, мөн оны 11 дүгээр сард 2100.7 тэрбум төгрөг болжээ. Одоогоор  үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн 88 компани ажиллаж байна.

    ИРГЭНИЙ НИЙГМИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ ТӨРИЙН БОДЛОГЫГ ЗАСГИЙН ГАЗАР САНААЧИЛЛАА

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын ахалсан, иргэний нийгмийн бүх талын төлөөлөл оролцсон  Ажлын хэсгээс боловсруулсан “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлогын үзэл баримтлал”-ын төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн төр-иргэний нийгмийн түншлэл, хамтын ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулж, хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.

    Төслийг боловсруулахын тулд төрийн бус байгууллага, олон нийтийн дунд 40 гаруй удаа хэлэлцүүлэг зохион, гаргасан саналыг нь тусгасан байна. Мөн иргэний нийгэм хөгжсөн 20 гаруй орны туршлага, хууль тогтоомжийг судалжээ. “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлогын үзэл баримтлал” нь малыг малчдад, иргэдэд газар, орон сууцыг нь өгсөнтэй дүйхүйц чухал арга хэмжээ гэж Засгийн газар үзэж байна. Иргэний нийгмийн байгууллагууд төлөвшин чадваржих, үзэл баримтлал, үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргах зорилт манай улсад тулгарч, иргэний нийгмийн байгууллагууд иргэдэд үйлчилгээ хүргэх, төрийн чиг үүргийг гүйцэтгэх хандлага ч гарч ирлээ.

    Ардчиллын төлөвшил нь улс төрийн намуудад хамаатай гэх ойлголт манайд цөөнгүй. Тэгвэл өндөр хөгжсөн орнуудад иргэний нийгмийн байгууллагын эзлэх байр суурь, оролцох оролцоог давхар авч үздэг байна. Манай улсын хувьд өнгөрсөн 20 жилийн хугацаанд анх удаа боловсруулсан энэ үзэл баримтлалд иргэний нийгмийн тухай үндсэн ойлголт, ардчилсан төр, иргэний нийгмийн харилцаанд эрхэмлэх нийтлэг үнэт зүйлс, зарчмыг тодорхойлж, төрөөс иргэний нийгмийн талаар хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хүрээ, хандлагыг тодорхойлжээ. Иргэний нийгмийн байгууллага, иргэдийн идэвх санаачилга, эв санаа, хамтын ажиллагаа, шинэлэг арга туршлагыг төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх тухай заалт үзэл баримтлалд багтсан байна.

    “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлогын үзэл баримтлал”-ын төсөл батлагдвал төрийн бодлогын албан ёсны баримт бичиг болох төдийгүй иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах Засгийн газрын үйл ажиллагааны хууль ёсны баримтлал болох учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд онцоллоо.  

    ТОВЧ МЭДЭЭ

    • УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан байна. Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль удахгүй мөрдөгдөж эхэлсний дараа хэрэгжилт, үр нөлөөг нь сайтар судлан өөрчлөлт оруулах эсэх талаар шийдвэр гаргах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Харин хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийг мөрдөх байгууллагын харьяаллыг тогтооход чиглэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах  тухай хуулийн төслийг дэмжив. 
    • Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам, уралдаант шалгаруулалтын Урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын жишиг баримт бичиг, санал үнэлэх журам зэргийг хэлэлцэн баталлаа. Дээрх журмуудыг дагаж мөрдөхийг Төрийн өмчийн хороо, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
    • Засгийн газар өнгөрсөн онд УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэрэг 139 шийдвэрийн 293 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан байна. Үүнээс 89 заалт буюу 30,4 хувь нь биелж, 203 нь хэрэгжих шатанд, 1 заалтын биелэлтийн хугацааг тооцох болоогүй, хэрэгжилтийн явц удаашралтай 8 арга хэмжээ байгаа тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт 82,8 хувьтай байна. Үүнтэй холбогдуулан заалт, арга хэмжээ бүрийг хяналтад авч бүрэн хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, 2011 оны эцсийн байдлаар тасарсан болон хэрэгжилт нь удааширч байгаа заалтуудыг хэрэгжүүлэхийг сайд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
    • Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Эксим банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуйн бага оврын трактор худалдан авах төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Д.Хаянхярваад олголоо.
    • Хөгжлийн банкны 2011 оны үйл ажиллагаа, 2012-2015 оны Бизнес төлөвлөгөөг Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
    • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дархан-Уул аймагт ажиллахдаа Дархан хотыг “Загвар хот” болгохоор шийдвэрлэж, хөгжлийн хөтөлбөр боловсруулах Ажлын хэсгийг байгуулах болсон. Үүнийг аймгийн удирдлага, нутгийн иргэд талархан хүлээж авсны зэрэгцээ хөтөлбөр батлахад шаардагдах төсвийн төслийг ирүүлсэн байна. Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн 100 сая төгрөгийг нөөц сангаасаа гаргахаар боллоо. Дээрх хөрөнгийг үйлдвэрлэлийг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн судалгаа, үйлдвэрлэл, сургалт-эрдэм шинжилгээний бүсийн төлөвлөлт, үйлдвэрүүдийн ерөнхий төлөвлөгөө, замын сүлжээ, дэд бүтцийн хангамжийн судалгаа, Дархан хотын хөгжлийн хөтөлбөр боловсруулах зэрэгт зарцуулах юм.
    • Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын Сүжигтийн ам, Батсүмбэр сумын нутаг Ноён уулын Зурамт, Хужиртын ам, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талд орших Хүннүгийн язгууртны дурсгалт цогцолбор газрын хамгаалалтын бүсийг 133,6 га байхаар тогтоов. Хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, хохирол учруулах үйл ажиллагаа явуулахыг зогсоон, бүрэн бүтэн байдлыг хамгаалах болжээ.
    • Үндэсний номын санд хадгалагдаж байгаа Монголын түүхийн үнэт баримтат өв болох 10 гар бичмэл, ном судар, МУИС-ийн Улаанбаатар сургуульд байгаа Хүннүгийн язгууртны эд өлгийн 10 зүйл, Эрдэнэзуу музейд байх ховор нандин 31 цутгамал бурхан, танка, Чойжин ламын музейд байх Занабазарын хийцийн 25 цутгамал бурхан, сийлбэр, хатгамал, нийт 77 ширхэг эд өлгийн зүйлийг “Түүх, соёлын үнэт дурсгалт зүйл”-ийн жагсаалтад орууллаа. Ингэснээр жагсаалтад багтсан эд өлгийн зүйл 748 болж байна.
    • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Пани Ятодү-гийн 2012 оны 02 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар тогтов.