Ангилал: мэдээ-мэдээлэл

  • ЗАСГИЙН ГАЗАР АМЛАСАНДАА ХҮРЧ ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ЗАРИМ ТЭТГЭМЖИЙГ НЭМЛЭЭ

     

    УИХ-ын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр төсөвт байгууллагад ажиллагсдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, зарим тэтгэмжийг энэ оны 2 дугаар сарын 1-нээс тооцон нэмэх боллоо. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн цалинг энэ сард багтаан нөхөн олгох бөгөөд төрийн албан хаагчид эхний ээлжинд 80 мянган төгрөгийн нэмэгдэл цалин авах юм.

    УИХ-ын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр төсөвт байгууллагад ажиллагсдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, зарим тэтгэмжийг энэ оны 2 дугаар сарын 1-нээс тооцон нэмэх боллоо. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн цалинг энэ сард багтаан нөхөн олгох бөгөөд төрийн албан хаагчид эхний ээлжинд 80 мянган төгрөгийн нэмэгдэл цалин авах юм.


  • МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД ТОДОРЛОО

     

    Монгол Улсын өнцөг булан бүрээс анх удаагаа Улсын шилдэг малчнааршалгарсан эмэгтэйчүүд өнөөдөр төрийн ордондМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос шагналаа гардаж авлаа. Цэнхэр, ягаан дээлээр гоёсон тэд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын энэ өдөрэнэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж ажил хөдөлмөрөө үнэлүүлж байгаадаа баяртай байна гэцгээж байна. Засгийн газрын тэргүүн энэ үеэр монголын нийт эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргээд Монгол Улсын хөгжил дэвшилд малчин түмний  оруулж байгаа хувь нэмэр буян хишиг нь барагдашгүй ээ. Тэр болгон гавъяа шагнал  хүртээд байдаггүй мөртлөө хамаг ажлын голыг нугалж байдаг эмэгтэйчүүд эхчүүддээ бид онцгойлонталархал илэрхийлэх ёстой гэлээ.

    Мөн тэрээр өнөөдөр нийт малчдын 45 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 1990 оноос өмнө төр засгийн дээд шагналаар олон эмэгтэйчүүд шалгарч байсан түүхэн жишээ бий. Гэтэл өнөөдөр 50 гаруй улсын сайн малчин шалгаруулахад нэг л эмэгтэй авсан байх юм. Үүнээс жендер, тэгш байдал, шударга үнэлгээний асуудал ямар байгаа нь харагдаж байна. Миний бие Ерөнхий сайд, Монгол Ардын намын даргын хувьд  эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх ёстойгэж үздэг.Тиймээс  “Монгол Улсын шилдэг малчин эмэгтэй”-үүдийг шалгаруулах санаачилга гаргасангэдгээ хэлж байлаа.Засгийн газрын тэргүүн үгийнхээ төгсгөлд Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж мал сүргээ өсгөн үр шимийг нь ард түмэндээ хүртээж байгаа буянт үйлсэд нь Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ.

    “Монгол Улсын шилдэг малчин эмэгтэй”-үүдийг шалгаруулахдаа мал маллагааны арга туршлага, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нутаг орныхондоо танигдаж хүндлэгдсэн байдал төдийгүй, үр хүүхэд, ач зээ нараа малч ухаанаар хүмүүжүүлж өсгөсөн цаглашгүй хөдөлмөр зүтгэлийг голлох шалгуур үзүүлэлт болгосон байна.Энд 29-75 насны 4-13 хүүхэд төрүүлж өсгөн, 3000 хүртэл мал маллаж, нутаг усандаа ажил, хөдөлмөр, үйлэнд урнаараа гайхагдсан бүсгүйчүүд багтжээ.

     

    “Монгол Улсын шилдэг малчин эмэгтэй”-гээр:

    • Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн малчин С.Отгонбат
    • Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн малчин Б.Ахбас. Баянхонгор аймгийн Галуут сумын Үнэгтийн багийн малчин Г.Бурмаа
    • Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Ч.Норсмаа
    • Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын  II багийн малчин Д.Буяндэлгэр
    • Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын II багийн малчин Б.Дуламжав
    • Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн малчин С.Оюунцэцэг
    • Дорноговь аймгийн Сайхандулаан сумын I багийн малчин Б.Цэенхорол
    • Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэвсүүл Жараахай багийн малчин Д.Долгор
    • Дундговь аймгийн Адаацаг сумын IV багийн малчин Ц.Алтантүлхүүр
    • Завхан аймгийн Яруу сумын Хэц-Улаан багийн малчин А.Сэлэгмаа
    • Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Я.Цэрмаа
    • Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн малчин Ж.Бархас
    • Өвөрхангай аймгийн  Баян-Өндөр сумын V багийн малчин Д.Өмдсүрэн
    • Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн малчин Х.Оюунбат
    • Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Х.Сумъяа
    • Төв аймгийн Баян сумын II багийн малчин Г.Энхтайван
    • Увс аймгийн Хяргас сумын Хангай багийн малчин М.Жавзан
    • Ховд аймгийн Дарви сумын Булаг багийн малчин С.Нямжав
    • Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана багийн малчин Б.Наран-Эрдэнэ
    • Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн малчин Л. Дулам нарын зэрэг 21 хүнийг “Монгол Улсын шилдэг малчин эмэгтэй”-гээр шалгаруулсан байна. 
  • ХОВД АЙМГИЙН БАГА УЛААН ДАВАА-МАНХАН ЧИГЛЭЛД 103 КМ ЗАМ ТАВИНА

    ~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ~

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Д.Хаянхярваад олголоо. Хөтөлбөрийн нэгдүгээр төслийн 45 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Ховд аймгийн Бага улаан даваа-Манхан чиглэлд 103.3 км, орон нутагт 20 км хатуу хучилттай зам тавьж, бүрэн тоноглогдсон засвар арчлалтын 1 нэгж байгуулах юм. 

    Энэ зээл нь 32 жилийн хугацаатай, үүнээс эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Зээлийн хүү үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаанд жилийн 1 хувь, үлдсэн хугацаанд жилийн 1,5 хувь байх юм. “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 170 сая, Монгол Улсын Засгийн газраас 92 сая ам.долларыг 7-10 жилийн хугацаанд гурван үе шатттай гаргахаар төлөвлөөд байна.

    Хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт нь дутагдаж байгаа 293 км хатуу хучилттай замын барилгын ажил, бүрэн тоноглосон засвар арчлалтын 3 төв, орон нутгийн 34,9 км зам, 3 гүүрний барилгын ажил болон салбарын чадавхийг бэхжүүлэх, институцийг сайжруулах юм. Хэрэгжүүлэх төсөл тус бүрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    АВРАГЧДАД ТОМИЛОЛТЫН БОЛОН УРАМШУУЛЛЫН МӨНГӨ ОЛГОНО

    Өнгөрсөн оны сүүлийн хагаст гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын аврагч, албан хаагчдын томилолтын болон урамшуулал, бусад зардалд зориулж 140 орчим сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. 2011 оны сүүлийн хагас жилд манай улсад хүчтэй салхи шуурга, аадар бороо, аянга, хүн малын гоц халдварт өвчин, үер, үйлдвэрлэлийн осол, аюулт үзэгдэл, цас зудын голомтод Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 2244 албан хаагч ажилласан байна. Тэд 475 хүний амь насыг аварч, 7 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинг хамгаалах ажил хийж гүйцэтгэжээ.

    ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ДҮРМИЙГ БАТАЛЛАА

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Өрсөлдөөний тухай хуульд энэ газрын дүрмийг Засгийн газар батлахаар заасан байдаг байна. Дүрэмд тус газрын үндсэн зорилтыг тодорхойлж, газрын дарга, гишүүдийн эрх, үүргийг тодорхой заажээ. Мөн энэ газрын хурлаар ямар асуудлыг авч хэлэлцэхийг ч заасан бөгөөд шаардлагатай бол нийт гишүүдийн олонхийн саналаар дүрэмд зааснаас өөр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хуралд тухайн асуудлыг хариуцсан, санал боловсруулсан албан хаагч, улсын байцаагч, түүний харъяалах нэгжийн даргаас гадна асуудалтай холбоотой байгууллага, аж ахуй эрхлэгчийн хууль ёсны төлөөлөгчийг зөвхөн саналаа хэлэх эрхтэйгээр оролцуулж болохыг зөвшөөрчээ.

    Дарга, гишүүд нь нэгжийн дарга, улсын байцаагчийн ажилд хөндлөнгөөс нөлөөлж, дарамт шахалт үзүүлэхгүй байх, хуралдаанаар эцэслэн шийдвэрлээгүй асуудлаар олон нийт болон сонирхогч этгээдэд мэдээлэл өгөхгүй, шийдвэр гаргахдаа өөр байгууллагын болон хувийн ашиг сонирхлын үүднээс хандахгүй байх зэргийг ч тодорхой тусгасан байна.

    Ц.ТОГООГ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР  ТОМИЛЛОО

    Дэслэгч генерал Ц.Тогоог Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Б.Лхагвыг Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилсон байна. Ц.Тогоо Зэвсэгт хүчний жанжин штабын даргын алба хашиж байсан. Б.Лхагва нь Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан юм. Мөн Засгийн газрын хуралдаанаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилжээ.

    ТОВЧ МЭДЭЭ

    • “Нийгмийн салбарыг дэмжих”, “Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгслийн чадавхийг сайжруулах”, “Түүх, соёлын дурсгал, соёлын өвийн оношлогооны төхөөрөмж” төслийг хэрэгжүүлэх боллоо. Түүнчлэн хэд хэдэн төслийг хамтран хэрэгжүүлэх тухай Япон Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олголоо.
    • Хүн амын аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан сонгон шалгаруулалтгүй, шууд худалдан авах эм, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад орсон эм, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн үйлдвэр, ханган нийлүүлэгчтэй шууд гэрээ байгуулан нийлүүлэх эрх олгохыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт даалгажээ. Энэ дагуу нийт 15 нэрийн эм, товлолын вакцин, 13 нэрийн цус, цусан бүтээгдэхүүн, 1 нэрийн эмнэлгийн хэрэгслийг шууд худалдан авахаар болж байна.   
    • Хоршоологчдын үндэсний III чуулганыг энэ сард зохион байгуулахаар болж шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтов.
    • Энэ онд манай улсын Зэвсэгт хүчин Судан Улсын Дарфур муж, Өмнөд Судан, Афганистан Улс дахь НҮБ-ын энхийн болон олон улсын цэргийн ажиллагаанд цэргийн 14 баг оролцуулна. Үүнээс гадна манай улс өөрийн орондоо болон гадаадын оронд зохион байгуулах 10 хамтарсан сургалт, дадлагад төлөөллөө оролцуулахаар боллоо. Эдгээрт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ.
    • Сангийн яамны Төрийн сангийн үйлчилгээний танхимыг Цагдаагийн гэрээт хамгаалалтаас гаргаж Дотоодын цэргийн хамгаалалтад авахаар шийдвэрлэлээ.
    • Цэргийн албыг энэ онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 3 сая 4 мянга 750 төгрөг байхаар тогтоолоо. Түүнчлэн цэргийн дүйцүүлэх албанд авах залуусын тооны дээд хязгаарыг тогтоон экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх, байгалийн гамшиг, ослын хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт зэрэг ажилд оролцуулахаар боллоо.  
    • Ази тивийн аварга шалгаруулах эмэгтэй боксчдын VII тэмцээнийг  ирэх сарын 16-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн тэмцээн Лондоны олимп болон 5 дугаар сарын 09-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотод болох эмэгтэй боксчдын Дэлхийн аваргын өмнөх томоохон сорилго юм.
  • Эдийн засгийн эргэлтийг сонгодог тогтолцоогоор дэмжинэ

     

    “Монгол IPO- 2012” форум  өнөөдөр Улаанбаатар хотноо нээгдэж байна. Тус чуулганы нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Монгол улсын Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр томоохон алхам хийсний нэг нь Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллаж байгаа явдал юм. Энэ ажлын үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлийн тогтолцоонд зарчмын томоохон өөрчлөлт орж, шинэ үе эхэлж байгаа тул  IPO хийж хөрөнгө босгох хүсэлтэй Монголын үндэсний компаниуд болон Монголын компаниудад хөрөнгө оруулах сонирхолтой олон улсын хөрөнгө оруулагчдыг хооронд нь зуучлах зорилгоор уг форумыг зохион байгуулж байгаа ажээ.

    Тус форумд Лондонгийн хөрөнгийн биржийнхэн болон тус хотод төвтэй  олон улсын санхүүгийн байгууллага, Хонконг, Сингапурын хөрөнгийн биржийн төлөөллүүд хүрэлцэн иржээ. Хөрөнгийн зах зээлийн зарчим нь адилхан нэг дүрмээр тоглох учраас энд тунгалаг орчин үүсэх давуу талтай хэмээн  Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга  Болд  форумын нээлтийн үеэр дурьдаж, хөрөнгийн биржийг дэлгүүртэй зүйрлэвэл ямартаа ч  бид 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэй “дэлгүүр”-ээ нээлээ. Цаашдаа  бүтээгдэхүүнүүд нь олон төрөл болж, складны бараа ч гарч ирэх байх аа хэмээн найдаж буйгаа тэмдэглэж байлаа.

    Уг ёслолын ажиллагааны үеэр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Бид эдийн засгийн эргэлтийг сонгодог тогтолцоогоор дэмжих бодлого барьж байна. Манай эдийн засаг санхүүгийн эх үүсвэрийнхээ 5-10 хувийг л хөрөнгийн зах зээл дээрээс босгож байна. Үндсэндээ 90-ээс дээш  хувийг  арилжааны банкны өндөр хүүтэй, богино хугацаатай зээлээр босгодог. Зах зээлийн бусад орнуудад энэ харьцаа 50:50 хувьтай  байдаг. Манай улсад ийм харьцаатай болгох боломж маш их бий. Энэ боломжийг бодитой болгохын тулд мехнанизм нь тодорхой байх ёстой юм. Засгийн газраас энэ асуудлыг зүгээр яриад суух биш, ажил хэрэг болгох, ямар аргаар хийх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. 

    Миний бие Засгийн газрын тэргүүний хувьд хөрөнгийн зах зээлийг бодитойгоор хөгжүүлж, олон улсын жишигт нийцүүлэх тухайлбал гадны ч, дотны ч компаниуд хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож байх тэр боломжийг бүрдүүлж өгье гэж ихээхэн чармайж, багагүй ажлын ард гараад байна. Зах зээлийн эцэг болсон Лондонгийн хөрөнгийн биржийг урьж, ажиллуулж байгаа. Хөрөнгийн биржийн дэд бүтцийг, боловсон хүчнийг, эрх зүйн зохицуулалтыг зах зээлийн харилцааны сонгодог зарчимд нийцүүлэх өрсөлдөх чадвартай бирж болгон ажиллуулах нөхцөл бүрдлээ. Одоо эрх зүйн орчны зарим шийдвэрийг  Монгол улсын төр засаг, УИХ-аас гаргаж өгөх ёстой юм.

    Энэ жил хөрөнгийн бирж маань олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаатай болох үед бид үүнийгээ бүрэн дүүрэн ашиглана. Энэ форум болж байгаа нь ч үүнтэй бас холбоотой. Боломж нь байгаа ч яаж ашиглах тэр түлхүүр механизм бүрэн болоогүй учир бид ашиглаж чадахгүй байсан. Одоо тэгвэл энэ үйл ажиллагаа цэгцэрч, эхлэх болжээ гэдгийг энэ форум ч бас харуулж байгаа хэрэг. Засгийн газрын зүгээс ач холбогдол өгч байгаа хэд хэдэн зүйл бий. Нээлттэй, ил тод, өрсөлдөх чадвартай ийм улс оронд баялаг их байсан ч, бага байсан ч эдийн засаг нь амжилттай хөгжиж, хөгжингүй орон болж чаддаг юм байна.

    Тиймээс бид компанийн засаглалыг ил тод, цөөнхийн өмчлөлөөс олон нийтийн өмчлөл рүү хувьцаа хэлбэрээр явуулах шийдвэрийг гаргаж байгаа. Жишээ болсон анхны алхам нь Тавантолгойн  536 хувьцааг ард иргэддээ тараасан. Монгол улсын иргэн бүр хөрөнгийн биржийн харилцаанд орох эрх нь ийнхүү нээгдсэн. Хөрөнгийн биржээр дамжин тэдэнд үр өгөөж нь очино. Таван Толгой компанид ч иргэд  хяналтаа тавина. Бусад томоохон компаниудыг, ялангуяа төрийн өмчит компаниуд болох “ Эрдэнэт”, МЦХ компани, МИАТ, эрчим хүч, төмөр замын хувьчлалыг бид яг энэ зарчмаар нээлттэй явуулна. Өөр томоохон компаниудыг ч бид хөрөнгийн зах зээл дээр гарахыг уриалж байна хэмээн ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

  • Донор байсан зарим орнууд харилцан ашигтай ажиллах түнш болж эхэллээ

    Монгол Улс эрчимтэй хөгжлийн гараан дээр ирээд байгааг олон хүн хэлж байгаа. Ийм сэтгэгдэл төрүүлэхүйц олон арга хэмжээ сүүлийн хэд хоногт улс оронд маань зохион байгуулагдаж байна. Тухайлбал өнгөрсөн хоёр өдөр Төрийн ордонд Монголын эдийн засгийн форум гурав дахь жилдээ болж дотоод гадаадын бизнесмэн, улстөрчид, эрдэмтэн мэргэд, иргэний нийгмийн төлөөлөл оролцон Монгол улсын хөгжлийг хурдасгах асуудлаар гарц эрэлхийлэн хэлэлцүүлэг өрнүүлсэн.  Мөн хөрөнгө оруулагчдын чуулган болж хөгжлийн бодлогын асуудлууд хэлэлцэж санал бодлоо хуваалцсан юм.

    Хөрөнгө оруулагч, хөгжлийн түншүүд, бизнес эрхлэгчтэй уулзан ярилцаж буй ийм мөчид “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн хамтарсан техникийн уулзалт” болж байгаад талархаж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтад оролцохдоо хэллээ. Эдийн засгийн энэхүү өсөлтийг дэмжих тодорхой арга хэмжээг Засгийн газар авч байгаа. Энэ нь Монгол Улсад боломж боловч  нөгөө талаас багагүй бэрхшээлүүдийг дагуулж байгаа. Санхүүгийн шинэ механизмуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсад тулгарч буй чадавхийн болон бусад бэрхшээлүүд юу байна, эдгээр механизмыг боловсруулах, хөгжлийн түншүүдийн зүгээс хэрхэн туслалцаа үзүүлэх вэ, түншүүдийн туслалцааг төлөвлөлтөд хэрхэн тусгаж үр дүнд хүргэх вэ, хөгжлийн түнш болон хувийн хэвшлийн уялдааг хэрхэн хангах вэ зэрэг асуудлаар донорууд ярилцаж байгаа юм.     

    Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний үед хөгжлийн албан ёсны тусламж шилжилтийн үеийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглээд өнгөрсөн 20 гаруй жилд хамтран ажилласан, хүнд хэцүү цагт тусалж дэмжиж ирсэн түншлэгч хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудад талархаж байгаагаа Засгийн газрын нэрийн өмнөөс илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар 1991 оноос 2010 он хүртлэх хугацаанд нийт 4 тэрбум гаруй ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлтэй зээл авч ашиглажээ. Эдгээр зээл тусламжийг хүний хөгжил, яаралтай тусламж,  хөдөө аж ахуй, эрчим хүч,  эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, зам тээвэр, аж үйлдвэр, санхүү эдийн засаг, уул уурхайн салбарт голлон ашигласан байна.

    Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 2011 онд гадаад зээлийн нийт 103,1 тэрбум төгрөгийн үндсэн ба хүүгийн төлбөрийг барагдуулсан зэрэг баримтыг Ерөнхий сайд С.Батболд дурдлаа. Түүнчлэн зөвхөн өндөр хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд хамтран ажилладаг байсан харилцаа шинэ шатанд гарч уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн хэрээр санхүүжилтийн шинэ хэрэгслүүдийг өргөнөөр ашиглах шаардлагатай байгааг Засгийн газрын тэргүүн онцлоод зарим улс орноор жишээ татлаа. Тухайлбал, Япон, Солонгос, Кувейт улс нь манай улсад зөвхөн зээл тусламж үзүүлдэг донор орон байсан бол одоо харилцан ашигтай ажиллах түнш болох шинэ өнгө аясаар хамтын ажиллагаагаа тодорхойлж байгаа юм байна.

    Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөгжлийн төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг зохицуулах, хөгжлийн албан ёсны зээл тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, Монгол Улсын Засгийн газраас баримтлах бодлого, стратеги, үйл ажиллагаатай нягт уялдуулах, төлөвлөх зорилгоор гадаадын зээл, тусламжийг дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган ажиллаж байгаа гэж Ерөнхий сайд С.Батболд хэлээд энэхүү хөтөлбөрийн төсөлд дунд хугацаанд нийт 40 тэрбум орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төсөөлөл гарсан гэдгийг тодотголоо.

    Томоохон төслүүдийг санхүүжлүүлэхэд шаардлагатай байгаа санхүүгийн шинэ арга хэрэгслүүдийг бий болгох, тэдгээртэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор бусад орнуудын туршлагад үндэслэн хөгжлийн банк байгуулж нэн тэргүүний төслүүдийг эхний ээлжинд энэ банкаар дамжуулан санхүүжүүлэх зарчим баримтлан ажиллаж байгаагаа ч тэрбээр тэмдэглэлээ.

    Эдийн засгийн голлох салбар болох уул уурхайг хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийг төрөлжүүлснээр ажлын байр бий болгох, боловсролд хөрөнгө оруулалт хийж өгөөжтэй эдийн засгийн хөгжлийг дэмжих нь Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Өндөр технологид суурилсан аж үйлдвэр, эрчимжүүлсэн газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх нь өсөлтийн хүчин зүйл болно гэж Засгийн газар тодорхойлж байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд энэхүү уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэж Монгол Улсын ирээдүй, цаашдын хөгжлийн төлөө хамтран ажиллахыг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Аргачлалаа зөв гаргаж байж гэмээнэ улс орон хөгждөг учраас бид энэ чиглэлийг зорилгоо болгоно

    ~ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын эдийн засгийн 2012 оны чуулганы хаалтын ёслолд хэлсэн үг ~

    Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Жилээс жилд эдийн засгийн чуулганы өнгө аяс өөрчлөгдөж, нэлээн ажил хэрэгч болж байгаа нь сайшаалтай. Монгол улсын Ерөнхийлөгч маань хүртэл  хүрэлцэн ирж, иргэн хүнийхээ хувьд томоохон саналуудыг хэлж байна. Эдийн засгийн чуулга уулзалтын энэ диалогийн хэлбэрийг нэлээн хөгжүүлж, нийгмийн санаа зовж байгаа асуудлыг ярилцдаг индэр болгох энэ санаачилга маань амжилттай болж чадлаа.  Одоо харин хоёр хоног ярьдаг биш, салбар бүрээр сэдэвчилсэн уулзалтуудыг тогтмол хийдэг болж эндээс гарсан  шийдвэрийн  тайланг  Засгийн газар анхны сайн хэрэглэгч байж  үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх болно гэдгээ  дуулгаж байна.

    Аливаа юм зөв аргачлалаар явж байж хөгждөгийн олон жишээг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд харуулж байгаа. Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд ийм аргачлалгүй явж иржээ.Тухайлбал, ядуурлын тухай авлигын тухай нэгдсэн тоо гардаггүй нь үүнтэй л холбоотой. Тиймээс энэ удаагийн уулзалтаар нийгмийн олон салбарынтөлөөлөгчдийн  санал сэтгэгдэл, зөвлөмжүүдийг тусган бид хөгжлийн бодлогоо тодорхойлохыг зорьж байна. Ингэж байж  бид хамтдаа хөгжинө. Үүнд энэ чуулганы ач холбогдол оршиж байгааг тэмдэглэхийг хүсч байна. Хамтдаа ажил болгохын төлөө ажиллацгаая.

    2010 оноос хойш уламжлал болгон зохион байгуулдаг болоод байгаа Монголын эдийн засгийн чуулганыг бид  ийнхүү гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн чуулганаар Хөгжилд хамтдаа уриан дор Хөгжлийн цогц ухагдахуунууд болох эдийн засгийн хөгжлийг хүртээмжтэй, оролцоотой байх талаас нь, нийгмийн бодлогын тэнцвэртэй байх талаас нь, байгаль орчны бодлогыг тогтвортой байх талаас нь тус тус хөндөж, урт хугацааны бодлого тодорхойлоход чухал санал санаачилга олныг гаргалаа. Ингээд чуулганаар хэлэлэцсэн сэдвүүдийг товч дүгнэвэл юуны өмнө эдийн засаг өсч байгаа ч хүртээмжтэй байх тулд яах ёстой вэ гэдэг дээр нэлээн төвлөрч, эхний хуралдааныг энэ чиглэл рүү хандууллаа.

    Эдийн засгийн хөгжил хүртээмжтэй байх тухай ярилцах үеэр:

    • Баялгийн орлогын зохистой удирдлагыг оновчтой удирдан залах. Эрдэс баялгийн орлогыг удирдахад баримталж буй бодлогыг олон улсын хэмжээнд тавигддаг шаардлагын дагуу дүгнэж, цаашид улс орны хөгжлийн эрх ашигт нийцүүлэн боловсронгуй болгох,
    • Эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлэх. Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, шаардлагатай хүний нөөцийн чадавхийг бүрэлдүүлэх,
    • Эдийн засаг, нийгэм, байгаль орчны өмнө тулгараад байгаа эрсдэлүүдийг тодорхойлох, үнэлэх, удирдах арга замуудыг эрэлхийлэх,
    • Хүлээгдэж буй эдийн засгийн хурдацтай өсөлтийн орчинд санхүүгийн салбарын тогтвортой хөгжлийг хангах үндсэн суурь нөхцлийг  бүрдүүлэх,
    • Төсвийн ил тод байдлыг сайжруулах, төсөв төлөвлөх, хэрэгжүүлэх үе шатуудад татвар төлөгчдын оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг онцолсон байна.

    Нийгмийн бодлого тэнцвэртэй байх тухай ярилцах үеэр:

    • Эдийн засгийн хүлээгдэж буй өндөр өсөлтийг ядуурлыг бууруулахад хэрхэн ашиглах, ядуурлыг тооцох нэгдсэн аргачлалтай болох,
    • Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага байгаа тухай,
    • Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн санд төвлөрүүлэх, сайжруулах болон чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулах зэрэг асуудлуудыг онцолсон байна.

    Өрсөлдөх чадварыг сайжруулах, инновацийн орчин бүрдүүлэх, ногоон өсөлтийг дэмжих тухай ярилцах үеэр:

    • Инновацийг бид шинжлэх ухаан талаас нь харахаасаа илүүтэй бизнесийн боломж, технологийн гарц талаас харах,
    • Инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөгжүүлэх,
    • Усны зохистой үнийг бий тогтоох, усан цахилгаан станц барьж байгуулах, өмнийн бүсийн усны асуудлыг шийдвэрлэх,
    • Сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж, нүүрсний дэвшилт технологийг нэвтрүүлэхэд учирч байгаа саад бэрхшээлийг шийдвэрлэх,
    • Нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн боломжуудыг тодорхойлох, хэмнэлтийн нөөц боломжуудыг эрэлхийлэх зэрэг асуудлуудыг онцолсон байна.

    Мөн энэ жилийн эдийн засгийн чуулганаар “Хамтын үнэт зүйл” –ийн талаар хэлэлцсэн нь сайшаалтай. Одоо нийтийн төлөөх ажил хувийн ашиг орлогыг бууруулна гэсэн ойлголт үгүй болж байна. Бизнест үр ашигтай, нийгмийн дэвшилд хэрэгтэй ажлуудыг нэгтгэснээр хамтын үнэт зүйл бий болно.  Хамтын үнэт зүйлийг хэн нэгэн дангаараа бүтээж чадахгүй. Төр, засгаас инноваци, бизнесийн тогтвортой орчин, шударга өрсөлдөөнийг дэмжих хэрэгтэй. Харин бизнесийн байгууллагууд ойрын ашиг хөөхөөс илүүтэйгээр урт хугацааны тодорхой зорилготой байх, нийгмийн хөрөнгө оруулалт хийдэг байх хэрэгтэй. Үүнд нийгэм, иргэний төлөөллийн байгууллагууд нь зуучлалын үүрэгтэй оролцоно. Ингэж байж бид бүгд хамтын үнэт зүйлийн үр шимийг хүртэх нөхцөл бүрдэнэ.

    Монгол улсын эдийн засгийн хөгжил, өсөлтөд сөргөөр нөлөөлж буй нэг гол хүчин зүйл нь авлига болж байгааг гадаад, дотоодын байгууллагуудаас гаргасан судалгаа тодорхой харуулж байна. Тийм ч учраас эдийн засгийн чуулганаар Авлигын асуудлыг хөндөж байна. Хувийн хэвшлийн зүгээс авлигаас ангид байх талаар санал санаачлагууд гарч байна. Авлигыг бууруулах, багасгах чиглэлд төр ба хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулах хэрэгтэй байгааг оролцогчид онцолж байна. Чуулганаас гарсан эдгээр  санал санаачилга зөвлөмжүүдийг Монгол улсын Засгийн газраас үйл ажиллагаандаа байнга авч хэрэгжүүлдэг. Цааашид ч энэ хамтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Нийт оролцогчиддоо талархал дэвшүүлье. Нийгмийн түүчээ болж явдаг сэтгүүлчид маань энэ удаа мөн хөтөлж, эцэст нь дүгнэн ярилцаж байгаа нь бас том дэвшил юм.

  • ЕРӨНХИЙ САЙД СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЛАА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Баясгалан хэмээн усан луу жилийн орон нутаг дахь албан томилолтоо наран ургах зүг, Сүхбаатар аймгаар үргэлжлүүллээ. Өнгөрсөн өвөл өнтэй сайхан болж, ард иргэдийн сэтгэл тэнүүн, аж амьдрал нь өнгөлөг байгаа нь очсон газар орны иргэдийн ахуй амьдрал хэлж ярьж байгаа үгнээс харагдаж байна. Энэ жил тус аймгийн 70 жилийн ой тохиож байгаа. Энэ хугацаанд түүхэндээ анх удаа хамгийн их буюу нэг сая наян мянган мал тоолуулжээ. Сүхбаатар аймаг мал аж ахуйд суурилсан эдийн засагтай. Зөвхөн энэ салбараас 2011 онд 200 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн үзүүлэлтээр луу жилээ угтжээ. Түүнчлэн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа тухай аймгийн удирдлагууд хэлж байна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн хүн ам өсч ард иргэдийн амьжиргаа харьцангуй дээшилсэн үзүүлэлт гарчээ.


    Засгийн газрын тэргүүнийг бүрэн эрхийнхээ хугацаанд тус аймагт хоёр ч удаа ажиллаж, Сүхбаатарчуудын өмнө тулгамдсан томоохон асуудлыг бодитой шийдвэрлэж байгаад иргэд ам сайтай байна. Баруун-Урт болон Дарьганга суманд хийсэн уулзалтын үеэр иргэд унаган нутгийн хүү, Монгол Улсын Ерөнхий сайд таныг нутгийн иргэд чинь дэмжиж, уул ус тань үргэж ивээж байгаа шүү хэмээж байлаа. Ерөнхий сайд энэ удаад Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэлийн талаар танилцуулахын зэрэгцээ иргэд хөдөлмөрчдийн санаа бодлыг сонсч, тодорхой хариулт өглөө.

    Хямралын үед хасах 1.6 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 17.3 орчим хувьд хүрч, Хөгжлийн банкны ажлыг эхлүүлж, шинэ төмөр зам, аж үйлдвэрийн цогцолборууд, бүх аймгийг нийслэлийг холбосон  авто замын ажлыг эхлүүлэхээр болоод байна. Тухайлбал Сүхбаатар аймгийг Улаанбаатартай холбох авто замын ажлыг ирэх тавдугаар сард эхлүүлэхээр шийдвэрлэснээ Засгийн газрын тэргүүн энэ үеэр дуулгалаа. Түүнчлэн Засгийн газар “100000 орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ бодлогын хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох боломжийг  бүрдүүлснээ Ерөнхий сайд С.Батболд хэлсэн нь иргэдийн хүсэн хүлээсэн хариулт байлаа. Энэ хөтөлбөрийн тодорхой хувь Сүхбаатар аймагт хэрэгжинэ.

    С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын үед “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг баталж, “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн төдийгүй бүх суманд “Мал эмнэлэг, үржлийн тасаг” байгуулах, мал сүргийг 3 жил дараалан үнэ төлбөргүй тарилга, туулга, угаалгад хамруулах “Таван-Эрдэнэ” арга хэмжээг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Малчин хүнийг мэргэжилтэн гэж хүлээн зөвшөөрч мэргэжлийн үнэмлэх олгох, Хөдөө аж ахуйн бирж байгуулах бэлтгэлээ хангасан гээд хөдөө аж ахуйн салбарт хийгдсэн томоохон ажлуудыг малчид ихээхэн сайшааж байна.

    Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Засгийн газраас дэмжих бодлого барьж  байгааг ч ерөнхий сайд хэлсэн. Тухайлбал жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас энэ оныг дуустал чөлөөлнө. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа зээлийн дээд хэмжээ 50 сая  байсныг 500 сая төгрөгт хүргэж, зээлийн хугацаа 3 жил байсныг 5 жил,  хүүг жилийн 12 хувьтай байсныг 7 хувь болгох зэрэг санхүүгийн хөнгөлөлтүүдийг бий болгоод байгаа тухай Ерөнхий сайд С.Батболд мэдээллээ.

    Сүхбаатарчуудтай хийсэн уулзалтын үеэр амжилт, сайн сайхан зүйл их байгаагаас гадна бас хийж шийдвэрлэх асуудал ч байна гэдгийг дурьдаж байлаа. Иргэд цалин тэтгэвэр тэтгэмж, ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөг, хязгаар нутгийн иргэдэд нефт бүтээгдэхүүний хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг ихээхэн сонирхож байгаагийн зэрэгцээ төрийн албаны дунд шатны хүнд суртал хэрээс хэтэрч байгааг тэд шүүмжиллээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эдүгээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд амьдарч байгаа жанжин Д.Сүхбаатарын ойрын хамаатан 106 настай Б.Лхамсүрэн гуайд байрны түлхүүр гардуулж байгаагаа дуулгасан нь гэнэтийн бэлэг байлаа хэмээн түүний охин 75 настай Дуламсүрэн түлхүүр гардах үеэр хэлж байлаа.

    С.БАТБОЛД: МОНГОЛ УЛСЫН ХИЛ МӨНХӨД АМГАЛАН БАЙГ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хаврын тэргүүн сарын шинийн 15-нд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд ууланд гарч төр улс, ард иргэдийнхээ ажил амьдрал, улс орныхоо хөгжил дэвшил, хийморь сүлдийг даатган залбирлаа. Үүний дараа тэрээр  Монгол Улсын дархан хилийн 999 дүгээр тоот багантай танилцсан юм. Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын хил мөнхөд амгалан тайван байхын ерөөл дэвшүүлээд хилийн 999 дүгээр багана дээр ирж байгаадаа монгол хүний хувьд, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын иргэний хувьд, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд баяртай байна. Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсын иргэн байна гэдэг хязгааргүй их аз завшаан хувь тавилан юм хэмээн бахархаж байлаа. 

    Өмнө нь Ерөнхий сайд С.Батболд Гадаад харилцааны дэд сайдын албыг хашиж байх үедээ хилийн дагуух бүх баганыг шинэчлэх ажлыг БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын хэлэлцээрийн дагуу хийж байжээ. Тэрээр энэ ажлыг өөрийн биеэр ахалж, амжилттай хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр Монгол Улсын бүх хилийн баганыг боржин чулуугаар хийж шинэчилсэн нь хилийн  аюулгүй байдлыг баталгаажуулсан явдал юм хэмээн хилчид ярьж байна. Биднийг хил дээр очиход Дорноговь аймгаас хилийн цэргийн 0184-р ангийн татагдан ирж алба хааж байгаа ахлах дэслэгч Н.Мөнхсайхан, байлдагч Н.Дэлгэрбаяр нартай үүргээ гүйцэтгэж байхтай бид таарсан юм.

    Ерөнхий сайд С.Батболд Хамгийн эрхэм нандин, хариуцлагатай албыг хашиж эх орныхоо тусгаар тогтнол энхийн манаанд зогсож байгаа байлдагчидтай гар барин мэндлэж та нар бол жинхэнэ эх орончид юм, Засгийн газрын тэргүүний хувьд би зориуд орон нутагт ажиллахдаа хилчидтэйгээ уулзая, эх орныхоо хилийн нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ та бүхнийхээ санал бодлыг сонсоё гэсэн зорилго өвөртлөн ирсэн гэдгээ тэдэнтэй ярилцах үеэрээ хэлж байлаа.  

    СҮХБААТАР СУМ ӨНДӨР ХУРДНЫ ИНТЕРНЭТЭД ХОЛБОГДЛОО

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн жилСүхбаатар аймагт ажиллахдаа Засгийн газраас Монгол Улсын бүх сум, суурин газрыг өндөр хурдны интернетийн шилэн кабельд холбох ажлыг эхлүүлэхээ мэдэгдсэн. Тэгвэл жилийн дараа энэ ажил биеллээ олж Улаанбаатар хотоос 700 шахам км-т орших тус аймгийн Сүхбаатар сум өндөр хурдны  интернэтийн сүлжээнд холбогдлоо. Зөвхөн сүлжээнд холбоод зогсохгүй сургууль, Засаг даргын Тамгын газарт интернэт танхим байгуулахыг ажлыг хийжээ.

    Ерөнхий сайд тус суманд ажиллах үеэрээ сургуулийн интернэт танхимын нээлтийн ажиллагаанд оролцож  интернэтийн сүлжээ нь улс бүсийг холбоод зогсохгүй иргэн бүрийг холбодог онцлогтой. Тиймээс иргэн бүрийн оролцоог олон талт үйлчилгээнд хамруулахад ихээхэн үр дүнгээ өгөх юм хэмээн хэллээ. Ийнхүү тус сум интернэтэд холбогдсоноор цахим арилжаа, хөдөлмөр, хөдөө аж ахуйн бирж гээд бүхий л салбарт олон төрлийн цахим үйлчилгээг өндөр хурдны сүлжээгээр авах боломж бүрдлээ. Тус сургууль 433 хүүхэд, 25 багш, ажилтантай. Багш, сурагчдын хувьд өндөр хурдны интернэтийн танхимтай болсондоо баяртай байна.

    Ерөнхий сайдын эмэг эх 1925 онд байгуулагдсан тус сургуулийн анхны 15 суралцагчийн нэг байсан бөгөөд 87 жилийн дараа түүний ач хүү, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ирж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлж өгсөнд талархаж байгаагаа сургуулийн захирал С.Сарантуяа илэрхийллээ. 

  • Эдийн засгийн өсөлтийг ард түмэндээ хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ

    – Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2012 оны Эдийн засгийн чуулга уулзалтад хэлсэн үг –

    Монголын эдийн засгийн чуулга уулзалтын хүндэт оролцогчид оо,

    Эрхэм зочид төлөөлөгчид өө,

    Хатагтай, ноёд оо,

    Та бүхэндээ хаврын тэргүүн сарын өлзий билэгтэй энэ өдрийн мэндийг хүргэж, улс орныхоо хөгжлийн төлөө үзэл бодол байр сууриа илэрхийлэхээр хуран цугларсанд Засгийн газрын тэргүүний хувьд талархал илэрхийлье. Өнөөдөр хаврын урь орж, ирж яваа цагийн шинж дохио тодорч, эдийн засгийн хөгжилд ханш нээгдэж буй цагт Та бид хуран цугларч, хөгжил дэвшлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ өнгөрсөн жилийн чуулганаас гарсан зөвлөмж, санал санаачилгын хэрэгжилтийг дүгнэн ярилцах гэж байгаа нь билэгшээлтэй юм.  

    Монгол Улсын эдийн засгийн чуулга уулзалт сэдэвт энэхүү хэлэлцүүлэг, санаачилгын арга хэмжээг Та бид хамтдаа 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Бид өнгөрсөн жилд Эдийн засгийн чуулга уулзалтаа “ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, Дэд бүтэц, Засаглал зэрэг тулгамдсан асуудлын хүрээнд эрдэмтэн мэргэд, улс төрчид,  бизнес эрхлэгчид, иргэний нийгмийнхэн, гадаадын түншүүдтэйгээ хамтран нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж олон чухал санаачилгыг дэвшүүлж, шийдвэрүүдийг гаргасан. Харин бид өнөөдөрЭдийн засгийн хөгжил: Хүртээмжтэй өсөлт, Нийгмийн бодлого: Тэнцвэртэй өсөлт, Өрсөлдөх чадвар: Инноваци ба Ногоон өсөлтсэдвийн хүрээнд 11 салбар хуралдаан, хоёр тусгай хэлэлцүүлгийг өрнүүлэх гэж байна.

    Өнгөрсөн жилийн чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудлуудаар зарим нааштай хандлага гарлаа. Төсвийн шинэ хуультай болж, төсвийн төвлөрлийг сааруулж, 20 жилээр хөгжлөө төсөөлж, тооцдог тогтолцоог хэвшүүлэх алхмууд хийгдэж эхэлж байна. Мөн засгийн газар дунд хугацааны тэргүүлэх чиглэлийн хөгжлийн бодлогын төслийг бэлтгэж, хөгжлийн бодлогыг хуулиар баталдаг системтэй болох гэж байна. Засаглалыг сайжруулах хүрээнд иргэний цахим үнэмлэхийг бэлтгэх, хүн амын тооллого, бүртгэлийг сайжруулах, сонгуульд иргэд саналаа цахим технологиор өгдөг тогтолцоонд шилжих бодлогыг баримталж байна.

    Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Vцахилгаан станцын төслийг бэлтгэж, Могойн голын станцын ажлыг эхлүүллээ. Өмнийн говийн бүс нутагт 300 км засмал замыг тавьсан нь дээрх түншлэлийн үр дүн болсон томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг юм. Инновацийн хуулийн төслийг Их Хурал хэлэлцээд батлахад бэлэн боллоо. Уул уурхай, ноос, ноолуур, мах, арьс ширний кластерийн үйлвэржилтийн хөгжлийн бодлогыг хэлэлцэж гадаад дотоодын санхүүжилтээр хөдөө орон нутагт мах, сүү, хүнсний олон үйлдвэр байгуулах суурийг тавьсан.  

    Ногоон эдийн засгийн хүрээнд 100 мянган айлыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажил дуусах шатандаа орж, шинээр 50 мвт-ын чадалтай орчин үеийн технологи бүхий салхин паркийг энэ жил ашиглалтад оруулна. Хүний хөгжлийн бодлогын хүрээнд мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд ихээхэн анхаарч ирлээ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн системийг үндсэндээ цоо шинээр сэргээн хөгжүүлж, ур чадвартай олон мянган залуучуудыг бэлтгэж аж амьдралыг нь дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах чиглэл рүү явж байна. Үүнээс гадна чуулганаар хэлэлцэгдээд бэлтгэл ажил нь ундарч байгаа бусад олон ажлууд бий. 

    Энэ жилийн чуулга уулзалтыг ач холбогдолтой, хариуцлагатай, үр дүнтэй болно гэж зохион байгуулагчдын зүгээс хүсэн хүлээж байгаа билээ. Учир нь Та бид хамтдаа өнгөрсөн хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн ахиц дэвшлийг бий болгож чадсан, ирэх жилүүдэд үүнээс илүүг бүтээж, эдийн засгийнхаа өсөлтийг ард түмэндээ хүргэх зорилтоо хэрэгжүүлнэ. Эдийн засгийн чуулга уулзалт нь тодорхой тулгамдсан асуудлаар зөвшилцөж, иргэдийнхээ санал бодолд тулгуурлаж, улс орны хөгжлийг бодлого, төлөвлөгөөтэйгээр хөгжүүлэх, учирч болзошгүй эрсдлийг урьдчилан тооцоолж, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн томоохон арга хэмжээ юм. 

    Өнгөрсөн 2 удаагийн чуулга уулзалтын үр дүнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудаа түшиглэн эдийн засгийн эрчимтэй өсөлт, хөгжлийг бий болгохоор Та бид хамтдаа хичээж, ажиллаж ирснийг энд зориуд тэмдэглэе. Үр дүнд нь 2011 онд манай улсын эдийн засаг 17.3 хувиар өслөө.  Энэ бол дэлхийд нэлээд өндөр өсөлттэйд тооцогдож байна. Цаашид ч үүнээс дутуугүй өндөр өсөх тооцоо, төсөөлөл гарч байна. Тэгвэл Та бид нэг талаас энэхүү эдийн засгийн өсөлтийг бодит хөгжил болгож, түүний үр шимийг Монгол Улсын иргэн бүрт хүргэх, иргэдийн оролцоог тэгш хангах асуудлыг энэ удаагийн чуулга уулзалтаар төвлөрч ярилцах болно.

    Эдийн засгийн өсөлтөөс дутахааргүй нэг чухал асуудал бол хөгжлийн хөдөлгүүрийн хүчийг алдагдуулалгүй, найдвартай ажиллах санхүүгийн салбар юм. Тиймээс санхүүгийн салбарыг хэрхэн хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэн хангах аргачлал, манай улсын санхүүгийн салбарын ойрын жилүүдийн хэрэгцээ, шаардлагын талаар дэлгэрэнгүй ярилцах нь зүйтэй. Өнөөдрийн энэхүү хуралдаанаар эрдэмтэн, судлаач, бодлого тодорхойлогчид, салбарын мэргэжилтнүүд, гадаад түншүүд Та бүхэн эдийн засгийн өсөлтийг хангах санхүүгийн салбарын чадавхийг бүрдүүлэх, бэхжүүлэх асуудлаар үнэтэй санал зөвлөмж өгнө гэдэгт итгэж байна.

    Санхүүгийн салбарын хүрээнд бидний анхаарлаа хандуулах хэд хэдэн асуудал бий. Их хэмжээний экспортын орлого манай эдийн засагт орж ирэхэд эрсдлээс урьдчилан сэргийлэх даатгалын салбар ихээхэн үүрэг гүйцэтгэх учиртай. Иргэдэд найдвартай, түргэн шуурхай үйлчилгээг хүргэж байх арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод бизнесээ өргөжүүлэхэд туслах зорилготой. Энэ бүх санхүү даатгалын салбарт бодлогын ямар дэмжлэг хэрэгтэй байгааг тогтож ярилцацгаая.

    Бид дээрх салбар бүрийн хувьд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл бий болгох замаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх, тогтолцоог олон улсын жишиг стандартад нийцэх эрх зүйн орчинг бий болгох, төр засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх арга замыг тодорхойлох шаардлага байна.

    Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхэн үе буюу 1990-ээд онд манай улсын хүн амын бүтцэд хөдөлмөрийн насны хүн ам цөөн буюу дийлэнх нь өсвөр насныхан байсан. Харин өнөөдөр залуу насны бүтэцээс идэрших бүтэц рүү шилжлээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насны хүн ам 2005-2008 онд жилд дунджаар 22.8 мянгаар нэмэгдэж байсан бол 2010 онд даруй 159 мянгаар нэмэгдсэн. Энэ нь хүн амын өсөлтөөс түрүүлж, хөдөлмөрийн насны хүн амын эрчимтэй өсөлт сүүлийн 50 гаруй жилд хамгийн өндөр түвшинд хүрээд байна гэсэн үг юм.

    Эдийн засаг эрчимтэй өсөхийн хэрээр ажлын байр нэмэгдсээр байгаа боловч ажилгүйдэл, ядуурал өндөр хувьтай байсаар байна. Энэ нь манай улсын нийт хүн амд эзлэх хөдөлмөрийн насны хүн ам хамгийн өндөр түвшиндээ хүрээд байгаатай бас холбоотой юм. Гэвч  бид эдийн засгийн өсөлтдөө тулгуурлан ядуурлыг арилгах, ажлын байраар хангах бодлого зорилтоо хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ хүнийг хөгжүүлэх, эрүүл байлгах, амьдрах аюулгүй орчинг бий болгоход ч онцгойлон анхаарна.

    Улс орны хувьд төдийгүй иргэн болгон хуримтлалтай болох нь нэн чухал болж байгаа юм. Түүнийг бий болгодог даатгал, хуримтлалын тогтолцоог боловсронгуй болгож, хүний хөгжилтэй холбоход, гадаадын тэргүүн туршлага хэрэгтэй. Тухайлбал, Сингапур улсад иргэн болгон өөрийн нийгмийн даатгалын дансанд зайлшгүй хуримтлал үүсгэдэг. Энэхүү хуримтлалд зах зээлийн үнээс доогуургүй хүү авч, хэрэгцээтэй үедээ боловсрол, эрүүл мэнд, орон сууц худалдаж авах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг. Энэ тогтолцооны зарим зарчим, ололттой талуудыг манайд нэвтрүүлэх нь иргэдийн өөрсдийн санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хуримтлалыг үүсгэж, цаашид уул уурхайн орлоготой холбоход чухал гэж үзэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сангууд, ер нь энэ салбар бүхэлдээ хөгжихөд засаглалыг сайжруулах, ил тод байдал, итгэлийг эрхэмлэн ажиллах хэрэгтэй.

    Засаглалын хувьд улс орны хөгжлийн үндсэн нөхцөл нь сайн засаглал мөн. Иймээс чуулганы үеэр засаглалыг үндэсний хэмжээнд сайжруулах, боловсронгүй болгох талаар хэлэлцүүлгийг зохион байгуулах болно. Үүнд засаглалыг сайжруулах, шийдвэр гаргах механизмыг шинжлэх ухаанч, стратегид тулгуурласан, ил тод тунгалаг, авилгаас ангид байлгах нь манай цаашдын хөгжлийн суурь гэж үзэж байна.

    Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж экспортын хэмжээ нэмэгдсээр байгаа хэдий ч экспортын бүтээгдэхүүний дийлэнх нь өндөр технологийг шингээсэн бүтээгдэхүүн биш байна. Стратегийн гол бүтээгдэхүүн болох хүнсний зарим бүтээгдэхүүний тодорхой хувийг, газрын тосны дийлэнхийг гадаад улс орноос импортлон улсынхаа хэрэгцээг хангаж буй эрсдэлт байдлаас бид гарахын төлөө ажиллах ёстой. Тиймээс эдийн засгийнхаа аюулгүй байдлыг хангахын тулд нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн гарган авах үйлдвэрийг барьж байгуулахыг нийтээрээ дэмжиж ажил болгоцгооё. Мөн  эрдэс баялгийг байгаль орчинд халгүй, хариуцлагатай уул уурхайн зарчмаар ашиглах, орлогын хувиарлалт удирдлагыг зохистой болгох асуудалд анхаарч, эдийн засгийг олон тулгуурт болгох нь бидний гол зорилт байх болно.

    Энэ талаар ч манай Засгийн газар анхааран ажиллаж байна. Байгалийн баялаг, түүхий эдийн нөөцөд суурилан орчин үеийн дэвшилтэт техник, технологийн ололтыг нэвтрүүлсэн дотоодын эрэлт хэрэгцээг хангаж чадах, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлдвэрлэл бий болгох, өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь манай тулгамдсан асуудал мөн. Энэ зорилгоор “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг  Засгийн газар өнгөрсөн онд баталсан.

    Эрдэс баялгийн орлогыг хүний хөгжилд зориулах асуудлыг эдийн засаг, нийгмийн салбарын бүхий л хүрээний харилцан уялдаа холбоог нь ойлгож, судалгаа, төлөвлөлт дүн шинжилгээнд тулгуурлан шийдвэрлэх ёстой.  Учир нь одоогоор манай улсын хүн амын бүтцэд залуучууд дийлэнхийг эзэлж байгаа. Харин нэлээд хугацааны дараа ахмадууд дийлэнх хувийг эзлэх магадлал өндөр байгаа учир одооноос тэтгэврийн зөв тогтолцоог бүрдүүлэх шаардлагыг бидэнд бий болгож байна. Энэ мэт урт хугацааны төлөвлөлтийн асуудлыг ч өнөөдрөөс ярьж, суурийг нь зөв тавих учиртай.

    Чуулганы эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

    Та бүхнийг эдийн засгийнхаа чуулга уулзалтад идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулж, үзэл бодлоо илэрхийлж, хөгжлийн хөшүүрэг болсон олон чухал санал, санаачилга гаргана гэдэгт итгэж байна. Эдийн засгийн энэ чуулганаар хэлэлцсэн асуудлууд гарсан санал зөвлөмжийг манай Засгийн газар хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Мөн цаашдын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөртөө ч тусган хэрэгжүүлэх талаар чармайлт гарган ажиллах болно. Сайхан монгол орныхоо хөгжлийг эзний ёсоор харж, тодорхойлцгооё. Иргэн бүрийг ирээдүйдээ итгэлтэй амьдардаг болгохын төлөө хичээл зүтгэл гаргаж буй Та бүхнийхээ ажил үйлсэд амжилт хүсье.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

    2012.03.05. Төрийн ордон

  • Эдийн засгийн өсөлтийг хэрхэн ногоон эдийн засагжуулж, мэдлэгт суурилсан болгох вэ гэдгийг ярилцаж байна

     

    Засгийн газар бодлого гарган хэрэгжүүлж эхлэхээс илүүтэйгээр  нийгмийн оролцоо буюу эрдэмтэн мэргэд, улс төрчид, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийнхэн, гадаадын түншүүдтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан шийдвэрийг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлдэг уламжлал тогтоод гуравдах жилтэйгээ золгож байна. Үүний хамгийн тод жишээ нь монголын эдийн засгийн чуулга уулзалт бөгөөд Засгийн газар дэмжигч болон хэрэглэгчийн байр сууринаас  оролцон, тодорхой үр дүн гарч байгааг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганы нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэлээ.

    Ардчилал  зах зээл, хөгжил дэвшлийг тодорхойлоход чухал арга хэмжээ болж байгаа  тус чуулга уулзалтын  өнгөрсөн жилийн үр дүнд  Төсвийн шинэ хуультай болж, төсвийн төвлөрлийг сааруулж, 20 жилээр хөгжлөө төсөөлж, тооцдог тогтолцоог хэвшүүлэх алхмууд хийгдэж эхэлж байна. Мөн Засгийн газар дунд хугацааны тэргүүлэх чиглэлийн хөгжлийн бодлогын төслийг бэлтгэж, хөгжлийн бодлогыг хуулиар баталдаг системтэй болох гэж байгаа, засаглалыг сайжруулах хүрээнд  иргэний цахим үнэмлэхийг бэлтгэх, хүн амын тооллого, бүртгэлийг сайжруулах, сонгуульд иргэд саналаа цахим технологиор өгдөг тогтолцоонд шилжих бодлогыг баримталж байна. 

    Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд  5 дугаар цахилгаан станцын төслийг бэлтгэж,  Могой голын станцын ажлыг эхлүүллээ. Өмнийн говийн бүс  нутагт 300 км засмал зам тавьсан нь дээрх түншлэлийн үр дүн болсон томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг юм. Инновацийн хуулийн төслийг УИХ хэлэлцээд батлахад бэлэн болсон, уул уурхай, ноос ноолуур, мах,  арьс ширний кластерийн үйлвэржилтийн хөгжлийн бодлогыг хэлэлцэж гадаад  дотоодын  санхүүжилтээр хөдөө орон нутагт мах, сүү, хүнсний олон үйлдвэр байгуулах суурийг тавьжээ. Ногоон эдийн засгийн хүрээнд 100 мянган айлыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажил дуусах шатандаа орж, шинээр 50 мвт-ын чадалтай орчин үеийн технологи бүхий салхин паркийг ашиглалтад оруулна.

    Хүний хөгжлийн бодлогын хүрээнд мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарч ирлээ. МСҮТ-ийн системийг үндсэндээ цоо шинээр сэргээн хөгжүүлж, ур чадвартай олон мянган залуучуудыг бэлтгэж аж амьдралыг нь дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах чиглэл рүү явж байгаа. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн зүгээс  олон жил төр засагт тавьж ирсэн хүсэлт манай Засгийн газрын үед биеллээ олж, хамгийн сүүлийн жишээ л гэхэд  Зээлийн батлан даалтын хууль батлагдлаа. Энэ мэтчилэн өнгөрсөн жилийн чуулга уулзалтын үр дүнг тоочиход чамгүй амжилт байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд дурьдаад, энэ чуулганаар хэлэлцэгдээд бэлтгэл ажил нь ундарч байгаа олон ажил ч цаана нь бийг онцоллоо.  

    Өнгөрсөн хоёр удаагийн чуулга уулзалтын үр дүнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудаа түшиглэн эдийн засгийн эрчимтэй өсөлт, хөгжлийг бий болгохоор хамтдаа хичээж, үүний үр дүнд 2011 онд манай улсын эдийн засаг 17.3 хувиар өссөн гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, цаашид ч үүнэээс дутуугүй өндөр өсөх тооцоо, төсөөлөл гарч байгааг дурьдаж байна. Энэ эдийн засгийн өсөлтийг бодит хөгжил болгож, түүний үр шимийг Монгол улсын иргэн бүрт хүргэх, иргэдийн оролцоог тэгш хангах асуудлыг энэ удаагийн чуулга уулзалтаар төвлөрч ярилцацгаая хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр уриаллаа.

    Мөн түүнчлэн дарга нар байр сууриа илэрхийлэхээс илүүтэй олны шийдсэн аргыг Засгийн газар чиглэл болгодогоороо энэ чуулга уулзалт ач холбогдолтой гэдгийг ч тэмдэглэв. Энэ удаагийн чуулга уулзалтаар Хүртээмжтэй өсөлт, Тэнцвэртэй өсөлт, Инноваци ба Ногоон өсөлт сэдвийн хүрээнд 11 салбар хуралдаан, хоёр тусгай хэлэлцүүлэг өрнөх ажээ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн энэ их өсөлтийг яаж ногоон эдийн засаг болгох вэ, мэдлэгт суурилсан эдийн засаг болгох вэ гэдгийг  ярилцах ажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • С.Батболд: Инээж буй энэ хүүхдүүд Монголын хөгжлийн ирээдүй

    Монголын төр нийгмийн түншлэлийн харилцааны илэрхийлэл болсон Монголын эдийн засгийн форум Төрийн ордонд амжилттай үргэлжилж байна. Тус форумын үеэр компани, аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж буй бөгөөд тэдний заримтай нь  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр танилцахдаа Монголын Урлагийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцлоо. Урлагийн зөвлөлийнхөн “Монголын хөгжилд хамтдаа” гэсэн нэгэн өвөрмөц зураг тавьжээ. Монголын газрын зураг бүхий тэрхүү бүтээлд тэдний бэлтгэсэн жижиг хайчилбаруудаас сонгож наах учиртай ажээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд инээж буй хоёр хүүхдийн зураг сонгож наалаа. Засгийн газрын тэргүүн энэ зургийг сонгосон тухайгаа “Манай Засгийн газар байгуулагдахдаа Хөгжилд хамтдаа гэсэн уриа гаргасан юм. “Хамтдаа байж хөгжилд хүрнэ” гэсэн залуу зураач Б.Нандин-Эрдэнийг дэмжиж байна. Инээж байгаа хоёр хөөрхөн хүүхдийн зургийг би сонголоо. Энэ хүүхдүүд бол манай хөгжлийн ирээдэй. Монгол Улсын Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүний хөгжил. Тиймээс ч  2012 оныг өрхийн хөгжлийг дэмжих жилээр зарласан. Олонх иргэдээ дундаж амьдралтай болгохыг бид зорьж ажиллаж байна. Тиймээс ч хөгжилд хамтдаа гэсэн энэ уриаг талархан дэмжиж байгаа юм” гэж тайлбарлалаа.     

    Ерөнхий сайдын дараагаар Сангийн дэд сайд Ч.Ганхуяг болон төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын олон хүн хайлчилбар зургаас сонгож хамтдаа байж хөгжилд хүрнэ гэсэн бүтээлийг дэмжиж оролцлоо. Монголын Урлагийн зөвлөлийнхөн төрөл бүрийн 300 гаруй хайчилбар зураг бэлтгэсэн бөгөөд хүмүүсийн сонгож наасан Монголын газрын зургаас Монголын өнөөдөр ба ирээдүйн өнгө харагдана хэмээн үзэж байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.