Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Эдийн засгийн өсөлтийг ард түмэндээ хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ

    Та бүхэндээ хаврын тэргүүн сарын өлзий билэгтэй энэ өдрийн мэндийг хүргэж, улс орныхоо хөгжлийн төлөө үзэл бодол байр сууриа илэрхийлэхээр хуран цугларсанд Засгийн газрын тэргүүний хувьд талархал илэрхийлье. Өнөөдөр хаврын урь орж, ирж яваа цагийн шинж дохио тодорч, эдийн засгийн хөгжилд ханш нээгдэж буй цагт Та бид хуран цугларч, хөгжил дэвшлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ өнгөрсөн жилийн чуулганаас гарсан зөвлөмж, санал санаачилгын хэрэгжилтийг дүгнэн ярилцах гэж байгаа нь билэгшээлтэй юм.  

    Монгол Улсын эдийн засгийн чуулга уулзалт сэдэвт энэхүү хэлэлцүүлэг, санаачилгын арга хэмжээг Та бид хамтдаа 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Бид өнгөрсөн жилд Эдийн засгийн чуулга уулзалтаа “ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, Дэд бүтэц, Засаглал зэрэг тулгамдсан асуудлын хүрээнд эрдэмтэн мэргэд, улс төрчид,  бизнес эрхлэгчид, иргэний нийгмийнхэн, гадаадын түншүүдтэйгээ хамтран нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж олон чухал санаачилгыг дэвшүүлж, шийдвэрүүдийг гаргасан. Харин бид өнөөдөрЭдийн засгийн хөгжил: Хүртээмжтэй өсөлт, Нийгмийн бодлого: Тэнцвэртэй өсөлт, Өрсөлдөх чадвар: Инноваци ба Ногоон өсөлтсэдвийн хүрээнд 11 салбар хуралдаан, хоёр тусгай хэлэлцүүлгийг өрнүүлэх гэж байна.
    Өнгөрсөн жилийн чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудлуудаар зарим нааштай хандлага гарлаа. Төсвийн шинэ хуультай болж, төсвийн төвлөрлийг сааруулж, 20 жилээр хөгжлөө төсөөлж, тооцдог тогтолцоог хэвшүүлэх алхмууд хийгдэж эхэлж байна. Мөн засгийн газар дунд хугацааны тэргүүлэх чиглэлийн хөгжлийн бодлогын төслийг бэлтгэж, хөгжлийн бодлогыг хуулиар баталдаг системтэй болох гэж байна. Засаглалыг сайжруулах хүрээнд иргэний цахим үнэмлэхийг бэлтгэх, хүн амын тооллого, бүртгэлийг сайжруулах, сонгуульд иргэд саналаа цахим технологиор өгдөг тогтолцоонд шилжих бодлогыг баримталж байна.

    Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Vцахилгаан станцын төслийг бэлтгэж, Могойн голын станцын ажлыг эхлүүллээ. Өмнийн говийн бүс нутагт 300 км засмал замыг тавьсан нь дээрх түншлэлийн үр дүн болсон томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг юм. Инновацийн хуулийн төслийг Их Хурал хэлэлцээд батлахад бэлэн боллоо. Уул уурхай, ноос, ноолуур, мах, арьс ширний кластерийн үйлвэржилтийн хөгжлийн бодлогыг хэлэлцэж гадаад дотоодын санхүүжилтээр хөдөө орон нутагт мах, сүү, хүнсний олон үйлдвэр байгуулах суурийг тавьсан.  

    Ногоон эдийн засгийн хүрээнд 100 мянган айлыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажил дуусах шатандаа орж, шинээр 50 мвт-ын чадалтай орчин үеийн технологи бүхий салхин паркийг энэ жил ашиглалтад оруулна. Хүний хөгжлийн бодлогын хүрээнд мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд ихээхэн анхаарч ирлээ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн системийг үндсэндээ цоо шинээр сэргээн хөгжүүлж, ур чадвартай олон мянган залуучуудыг бэлтгэж аж амьдралыг нь дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах чиглэл рүү явж байна. Үүнээс гадна чуулганаар хэлэлцэгдээд бэлтгэл ажил нь ундарч байгаа бусад олон ажлууд бий. 

    Энэ жилийн чуулга уулзалтыг ач холбогдолтой, хариуцлагатай, үр дүнтэй болно гэж зохион байгуулагчдын зүгээс хүсэн хүлээж байгаа билээ. Учир нь Та бид хамтдаа өнгөрсөн хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн ахиц дэвшлийг бий болгож чадсан, ирэх жилүүдэд үүнээс илүүг бүтээж, эдийн засгийнхаа өсөлтийг ард түмэндээ хүргэх зорилтоо хэрэгжүүлнэ. Эдийн засгийн чуулга уулзалт нь тодорхой тулгамдсан асуудлаар зөвшилцөж, иргэдийнхээ санал бодолд тулгуурлаж, улс орны хөгжлийг бодлого, төлөвлөгөөтэйгээр хөгжүүлэх, учирч болзошгүй эрсдлийг урьдчилан тооцоолж, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн томоохон арга хэмжээ юм. 

    Өнгөрсөн 2 удаагийн чуулга уулзалтын үр дүнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудаа түшиглэн эдийн засгийн эрчимтэй өсөлт, хөгжлийг бий болгохоор Та бид хамтдаа хичээж, ажиллаж ирснийг энд зориуд тэмдэглэе. Үр дүнд нь 2011 онд манай улсын эдийн засаг 17.3 хувиар өслөө.  Энэ бол дэлхийд нэлээд өндөр өсөлттэйд тооцогдож байна. Цаашид ч үүнээс дутуугүй өндөр өсөх тооцоо, төсөөлөл гарч байна. Тэгвэл Та бид нэг талаас энэхүү эдийн засгийн өсөлтийг бодит хөгжил болгож, түүний үр шимийг Монгол Улсын иргэн бүрт хүргэх, иргэдийн оролцоог тэгш хангах асуудлыг энэ удаагийн чуулга уулзалтаар төвлөрч ярилцах болно.

    Эдийн засгийн өсөлтөөс дутахааргүй нэг чухал асуудал бол хөгжлийн хөдөлгүүрийн хүчийг алдагдуулалгүй, найдвартай ажиллах санхүүгийн салбар юм. Тиймээс санхүүгийн салбарыг хэрхэн хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэн хангах аргачлал, манай улсын санхүүгийн салбарын ойрын жилүүдийн хэрэгцээ, шаардлагын талаар дэлгэрэнгүй ярилцах нь зүйтэй. Өнөөдрийн энэхүү хуралдаанаар эрдэмтэн, судлаач, бодлого тодорхойлогчид, салбарын мэргэжилтнүүд, гадаад түншүүд Та бүхэн эдийн засгийн өсөлтийг хангах санхүүгийн салбарын чадавхийг бүрдүүлэх, бэхжүүлэх асуудлаар үнэтэй санал зөвлөмж өгнө гэдэгт итгэж байна.

    Санхүүгийн салбарын хүрээнд бидний анхаарлаа хандуулах хэд хэдэн асуудал бий. Их хэмжээний экспортын орлого манай эдийн засагт орж ирэхэд эрсдлээс урьдчилан сэргийлэх даатгалын салбар ихээхэн үүрэг гүйцэтгэх учиртай. Иргэдэд найдвартай, түргэн шуурхай үйлчилгээг хүргэж байх арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод бизнесээ өргөжүүлэхэд туслах зорилготой. Энэ бүх санхүү даатгалын салбарт бодлогын ямар дэмжлэг хэрэгтэй байгааг тогтож ярилцацгаая.

    Бид дээрх салбар бүрийн хувьд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл бий болгох замаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх, тогтолцоог олон улсын жишиг стандартад нийцэх эрх зүйн орчинг бий болгох, төр засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх арга замыг тодорхойлох шаардлага байна.

    Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхэн үе буюу 1990-ээд онд манай улсын хүн амын бүтцэд хөдөлмөрийн насны хүн ам цөөн буюу дийлэнх нь өсвөр насныхан байсан. Харин өнөөдөр залуу насны бүтэцээс идэрших бүтэц рүү шилжлээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насны хүн ам 2005-2008 онд жилд дунджаар 22.8 мянгаар нэмэгдэж байсан бол 2010 онд даруй 159 мянгаар нэмэгдсэн. Энэ нь хүн амын өсөлтөөс түрүүлж, хөдөлмөрийн насны хүн амын эрчимтэй өсөлт сүүлийн 50 гаруй жилд хамгийн өндөр түвшинд хүрээд байна гэсэн үг юм.

    Эдийн засаг эрчимтэй өсөхийн хэрээр ажлын байр нэмэгдсээр байгаа боловч ажилгүйдэл, ядуурал өндөр хувьтай байсаар байна. Энэ нь манай улсын нийт хүн амд эзлэх хөдөлмөрийн насны хүн ам хамгийн өндөр түвшиндээ хүрээд байгаатай бас холбоотой юм. Гэвч  бид эдийн засгийн өсөлтдөө тулгуурлан ядуурлыг арилгах, ажлын байраар хангах бодлого зорилтоо хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ хүнийг хөгжүүлэх, эрүүл байлгах, амьдрах аюулгүй орчинг бий болгоход ч онцгойлон анхаарна.

    Улс орны хувьд төдийгүй иргэн болгон хуримтлалтай болох нь нэн чухал болж байгаа юм. Түүнийг бий болгодог даатгал, хуримтлалын тогтолцоог боловсронгуй болгож, хүний хөгжилтэй холбоход, гадаадын тэргүүн туршлага хэрэгтэй. Тухайлбал, Сингапур улсад иргэн болгон өөрийн нийгмийн даатгалын дансанд зайлшгүй хуримтлал үүсгэдэг. Энэхүү хуримтлалд зах зээлийн үнээс доогуургүй хүү авч, хэрэгцээтэй үедээ боловсрол, эрүүл мэнд, орон сууц худалдаж авах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг. Энэ тогтолцооны зарим зарчим, ололттой талуудыг манайд нэвтрүүлэх нь иргэдийн өөрсдийн санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хуримтлалыг үүсгэж, цаашид уул уурхайн орлоготой холбоход чухал гэж үзэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сангууд, ер нь энэ салбар бүхэлдээ хөгжихөд засаглалыг сайжруулах, ил тод байдал, итгэлийг эрхэмлэн ажиллах хэрэгтэй.

    Засаглалын хувьд улс орны хөгжлийн үндсэн нөхцөл нь сайн засаглал мөн. Иймээс чуулганы үеэр засаглалыг үндэсний хэмжээнд сайжруулах, боловсронгүй болгох талаар хэлэлцүүлгийг зохион байгуулах болно. Үүнд засаглалыг сайжруулах, шийдвэр гаргах механизмыг шинжлэх ухаанч, стратегид тулгуурласан, ил тод тунгалаг, авилгаас ангид байлгах нь манай цаашдын хөгжлийн суурь гэж үзэж байна.

    Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж экспортын хэмжээ нэмэгдсээр байгаа хэдий ч экспортын бүтээгдэхүүний дийлэнх нь өндөр технологийг шингээсэн бүтээгдэхүүн биш байна. Стратегийн гол бүтээгдэхүүн болох хүнсний зарим бүтээгдэхүүний тодорхой хувийг, газрын тосны дийлэнхийг гадаад улс орноос импортлон улсынхаа хэрэгцээг хангаж буй эрсдэлт байдлаас бид гарахын төлөө ажиллах ёстой. Тиймээс эдийн засгийнхаа аюулгүй байдлыг хангахын тулд нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн гарган авах үйлдвэрийг барьж байгуулахыг нийтээрээ дэмжиж ажил болгоцгооё. Мөн  эрдэс баялгийг байгаль орчинд халгүй, хариуцлагатай уул уурхайн зарчмаар ашиглах, орлогын хувиарлалт удирдлагыг зохистой болгох асуудалд анхаарч, эдийн засгийг олон тулгуурт болгох нь бидний гол зорилт байх болно.

    Энэ талаар ч манай Засгийн газар анхааран ажиллаж байна. Байгалийн баялаг, түүхий эдийн нөөцөд суурилан орчин үеийн дэвшилтэт техник, технологийн ололтыг нэвтрүүлсэн дотоодын эрэлт хэрэгцээг хангаж чадах, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлдвэрлэл бий болгох, өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь манай тулгамдсан асуудал мөн. Энэ зорилгоор “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг  Засгийн газар өнгөрсөн онд баталсан.

    Эрдэс баялгийн орлогыг хүний хөгжилд зориулах асуудлыг эдийн засаг, нийгмийн салбарын бүхий л хүрээний харилцан уялдаа холбоог нь ойлгож, судалгаа, төлөвлөлт дүн шинжилгээнд тулгуурлан шийдвэрлэх ёстой.  Учир нь одоогоор манай улсын хүн амын бүтцэд залуучууд дийлэнхийг эзэлж байгаа. Харин нэлээд хугацааны дараа ахмадууд дийлэнх хувийг эзлэх магадлал өндөр байгаа учир одооноос тэтгэврийн зөв тогтолцоог бүрдүүлэх шаардлагыг бидэнд бий болгож байна. Энэ мэт урт хугацааны төлөвлөлтийн асуудлыг ч өнөөдрөөс ярьж, суурийг нь зөв тавих учиртай.

    Чуулганы эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

    Та бүхнийг эдийн засгийнхаа чуулга уулзалтад идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулж, үзэл бодлоо илэрхийлж, хөгжлийн хөшүүрэг болсон олон чухал санал, санаачилга гаргана гэдэгт итгэж байна. Эдийн засгийн энэ чуулганаар хэлэлцсэн асуудлууд гарсан санал зөвлөмжийг манай Засгийн газар хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Мөн цаашдын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөртөө ч тусган хэрэгжүүлэх талаар чармайлт гарган ажиллах болно. Сайхан монгол орныхоо хөгжлийг эзний ёсоор харж, тодорхойлцгооё. Иргэн бүрийг ирээдүйдээ итгэлтэй амьдардаг болгохын төлөө хичээл зүтгэл гаргаж буй Та бүхнийхээ ажил үйлсэд амжилт хүсье.

    2012.03.05. Төрийн ордон 
  • МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ САЛБАРУУДЫН БҮРЭН МЭДЭЭЛЭЛ ГАРЧЭЭ

     

    Манай улсын эдийн засгийн гол гол салбаруудын бүрэн мэдээллийг багтаасан “Монгол Улс 2012” тайлан гарсан байна. Оксфорд бизнес групп, Гадаадын хөрөнгө оруулалтын газар болон бусад яам, агентлаг, бизнесийн болон төрийн бус байгууллагууд хамтран 8 сарын хугацаанд гаргасан энэ тайлангийн нээлтийн арга хэмжээ  2012 оны 03 дугаар сарын 01-ний өдөр болов. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ арга хэмжээнд  оролцон үг хэлэхдээ Төв Азийн орнуудаас анх удаа манай улсыг сонгон авч тайлан гаргасан дээрх байгууллагуудад Засгийн газар, бизнесийн салбарын өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ.

    Манай улсыг гадаадын улс орнуудад сурталчлан таниулах, эдийн засгийн хөгжил дэвшилд өгөөжөө өгөх хөрөнгө оруулалт татах, бий болсон хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх ямар боломж байна гэдгийг ойлгуулахад энэ тайлан чухал ач холбогдолтойг тэрээр тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газар бизнесийн орчныг сайжруулахын тулд 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгосон. Энэ хүрээнд төвлөрлийг сааруулж, хүнд суртлыг багасгах зорилгоор 100 гаруй зөвшөөрөл, лицензийг цуцалж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлсэн гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн дурдлаа.

    Түүнчлэн Европын стандарт, хэм хэмжээг бүх салбар, шатанд нэвтрүүлэхийг зорьж байгааг тэмдэглэв. Энэ нь засаглалыг сайжруулж, төр, нийгмийн харилцаа болон аливаа мэдээллийг ил тод, нээлттэй, шударга болгох, аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, Хөрөнгийн биржийг олон улсын жишигт хүргэх гээд бодлого нь тодорхой, бизнес эрхлэх орчин нь таатай байлгах зорилготой холбоотой. Энэ бүхнийг бодит үр дүнд хүргэхэд “Монгол Улс 2012”  тайлан чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

    Манай улс хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжсэн бодлого тууштай хэрэгжүүлж ирсний дүнд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал 2011 оны эцсийн байдлаар энэ хэмжээ 6 тэрбум ам.долларт хүрчээ. Түүнчлэн Засгийн газар үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын 30 орчим хувь буюу 9 гаруй их наяд төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх зорилт тавьсан юм.

    Манай улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 17,3 хувьтай гарч энэ өсөлт цаашид ч хэвээр хадгалагдах, нэмэгдэх төлөвтэй байна. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2021 онд 9 мянга гаруй ам.долларт хүрнэ гэсэн тооцоог ч Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо гаргаад байгаа юм. Энэ мэтээр эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх ямар боломж байгаа зэргийг “Монгол Улс 2012” тайланд дэлгэрэнгүй тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • ЕРӨНХИЙ САЙД ХОНГОР СУМЫН МАЛЧНЫД ЗОЧИЛЛОО

     

     

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймгийн Хонгор сумын малчин Х.Басангийн хот айлд зочилж хаваржилт, мал төллөлтийн байдалтай танилцлаа. Увс нутгийн уугуул энэ айл Хонгор суманд ирж мал маллаад 20 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд Мянгат малчин, Аймгийн аварга малчин зэрэг алдрыг хүртжээ. Хонь голдуу 1200 гаруй малтай. Х.Басангийн хүүхдүүд ч аавыгаа залгамжлан мал маллаж байна.

    Ерөнхий сайд С.Батболд сар шинийн мэнд хүргээд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Монгол мал” хөтөлбөр, “Таван Эрдэнэ” арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрээр эдгээр хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй малаа эрүүлжүүлэх, вакцинжуулах, ээмэгжүүлэх ажлыг улс орон даяар эхлүүлээд байгааг онцоллоо. Мөн малчин өрх бүр үйлдвэрлэгч, ажил олгогч юм. Энэ ч утгаараа малчдад мэргэжлийн үнэмлэх олгох асуудлыг шийдвэрлэхээр зэхэж байгааг дуулгалаа.

    Ийн мянгат малчин Х.Басантай халуун яриа өрнүүлсний дараа Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга С.Батболд Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо. Мөн тус аймаг дахь “Алтан тос” ургамлын үйлдвэрийн ажилтай танилцсан байна. Байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр нутгийн иргэдийн хэрэгцээг хангаж байгаа үйлдвэрийн хамт олонд Засгийн газрын тэргүүн талархал илэрхийлжээ. Одоо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дархан-Уул аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Дархан хот үйлдвэрлэлийн хөгжлийн загвар хот болно гэдгийг Ерөнхий сайд С.Батболд зарлалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Цагаан сарын шинийн зургааны Дашнямтай өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны мягмар гаригийг Засгийн газрын зарим гишүүдийнхээ хамт Дархан-Уул аймагт ажиллаж өнгөрүүллээ. Монгол орныхоо 21 аймгаар очиж иргэдтэйгээ уулзсан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сүүлийн хоёр жилийн хугацаанд Дархан-Уул аймагт гуравдахиа очиж ард иргэдийн ажил амьдрал, бүтээн байгуулалт, өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилттэй танилцаж буй нь энэ юм. Ийн очихдоо тус аймагт спорт цогцолбор барьж байгуулах амлалт өгсөн нь өнөөдөр ажил хэрэг болоод явж байгаа юм. Уг барилгын ажлын шавыг өнгөрсөн онд тавьсан бөгөөд энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтад хөрөнгийн эх үүсвэрийг нь бүрэн суулгаад байгаа юм.

    Мөн Орхон сумын иргэдээс тавьж байсан хатуу хучилттай замын асуудлыг ч энэ онд бүрэн шийдвэрлэхээр төсөвт тусгасан. Энэчлэн Засгийн газрын тэргүүний хөдөө орон нутагт ажилласан томилолтын мөрөөр тус аймагт хийгдэж буй томоохон ажлууд байна. Засгийн газрын тэргүүн энэ удаагийн томилолтын үеэрээ Дархан хот бол үйлдвэрлэлийн хөгжлийн загвар хот болох ёстой гэдгийг зарлалаа. Дархан хот бол үйлдвэрийн хот. Бас залуусын хот.  Тиймээс ч тус аймгийн түүхэн туршлага, бүтээлч үйл ажиллагаа, өнөөдөр, маргаашийн боломж зэргийг нь харгалзан үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг шуурхайлж, ажил хэрэг болгох ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Аймгийн удирдлагууд болоод холбогдох албан тушаалтнуудыг энэ асуудлыг боловсруулж ойрын үед Засгийн газрын хуралд оруулж хэлэлцүүлэхийг үүрэг болгоод ажлын хэсэн байгуулан энэ асуудлыг Засгийн газар анхаарлын төвдөө байлгах болно гэж онцоллоо.  

    Мөн энэ 2012 онд багтааж спорт цогцолбор болон замын асуудлыг чанартай барьж, хугацаанд нь бүрэн ашиглалтад оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Иргэдийн уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд улс орны хөгжлийн ололт амжилтаас дурдаад эдгээрээс гадна амьдрал дээр шийдэх ёстой, шийдлээ хүлээж байгаа асуудлууд чамгүй олон байгааг тэмдэглэв. Шүүмжлэл их ярьдаг, харин яаж шийдэхээ тодорхой ярьдаггүй. Тиймээс манай Засгийн газар тооцоо судалгаан дээр шийдлийг зөв хийхийг зорьж ажиллаж байна. Эдийн засгийн  өсөлтийг иргэддээ тэгш хүртээх, төрийн зөв зохицуулалт хийх нь бидний зорилго. Эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр тэтгэмж, орон сууц зэрэг чиглэлээр нийгмийн баялгийг тэгш хүртээхийг зорьж байгаа гэлээ. 

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг системтэй явуулах, нийгмийн халамжийг тодорхой зорилтод хэсэг рүү хандуулахад анхаарч ажиллаж байна гэж Засгийн газрын тэргүүн онцлоод хүн өөрөө хичээж ажиллавал, хэн хичээл зүтгэл гаргаж ажиллаж байна түүнийг дэмждэг урамшуулдаг тогтолцоог хэвшүүлэх учиртай. Энэ бодлогыг Засгийн газар анхаарч ажиллаж байгаа гэлээ. Өнгөрсөн 2011 оныг Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлаж 72 000 ажлын байр шинээр бий болгосон. Ажилгүй гэсэн сүүдэрт байсан хүмүүс ажилд орохоор шинээр бүртгүүлж эхэлсэн нь энэ жилийн нэг том ололт. Энэ нь ажилгүйдлээс гарах шийдлээ зөв олж харж тооцсоны нэг үр дүн. Жижиг дунд үйлдвэрийн зээлд хамрагдаж хөл дээрээ баттай зогссон “Алтан тос” үйлдвэрийн үйл ажиллагааг харахад ийм боломж их байна. Төрийн дэмжлэг эзэндээ очиж, хариуцлагатай ажилласны үр дүн харагдаж байна гэж Ерөнхий сайд ярьж байлаа.

    Засгийн газрын үйл ажиллагаанд дарханчууд ам сайтай байгаагаа илэрхийлээд цаашид илүү сайн ажиллахыг хүслээ. Зарим нь ч санал бодлоо хэлж байлаа. Дархан хотын иргэдийн нэлээд сонирхож байсан асуудал бол 100 000 айлын орон сууц хөтөлбөр байлаа.  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ талаар мэдээлэл өгөхдөө:

    Цагаан сарын өмнөх Засгийн газрын хуралдаанаар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууцны зээлийн хүүг 6 хүртэл хувиар бууруулахаар шийдвэрлэсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт 3200 орчим айлын орон сууц барихаар төлөвлөөд ажиллаж байгаа. Ганц Улаанбаатар гэлтгүй Дархан хот маань ч утааны хүндрэлтэй нүүр тулаад байгаа. Утааг бууруулах зорилгоор бүрэн шаталттай 4500 зуухыг энэ жил иргэдэд олгоно. Гэхдээ энэ бол утаатай тэмцэх шийдэл биш. Харин орон сууцжуулах ажил хамгийн чухал байгааг Ерөнхий сайд хэллээ. Үр дүн нь эзнээ олсон, бодитой ажил хэрэг болгоход орон нутгийн удирдлагуудыг анхаарч ажиллахыг хүслээ. 

    Хонгор сумын өнөр бүлийн эзэн мянгат малчин Х.Басангийнд зочиллоо

    Увс аймгийн уугуул, Дархан-Уул аймгийн суугуул мянгат малчин, Дархан- Уул аймгийн аварга малчин Хиривийн Басангийнх суугуул нутагтаа ирээд 20 орчим жил болж байгаа ажээ. Тэдний гурван хүүхэд мөн аав ээжийгээ залгамжлан мал маллаж буй бөгөөд бүгд туслах малчинтай тов хийсэн айл болцгоожээ. Анх буюу 1996 онд нутгаасаа ах дүү зургуулаа гарсан бөгөөд тус аймгийн Хонгор суманд ирээд мал маллажээ. 20 орчим жилийн хугацаанд тэднийх 28 өрх айл буюу 128 ам бүлтэй нэгэн өнөр бүл болжээ. Энэхүү өнөр айлын толгойлогч Х.Басан гуайнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зочилж Баясгалан хэмээх усан луу жилийн сар шинийн халуун яриа өрнүүллээ. 

    Эх малын жилбэ сайн, энэ хавар өмнөх жилийнхээс илүү олон төл хүлээж авах боломж байгаа нь Ерөнхий сайд Басан гуай хоёрын ярианд дурьдагдаж байлаа. 2011 онд манай улс 13,1 сая мал хүлээж авсан бол энэ жил 15 саяыг хүлээж авах боломж байгаа юм байна. Үүнд хувь нэмрээ оруулах болно гэдгээ Басан гуай амлаад тэнгэр хангай сүүлийн хоёр, гурван жил ивээж цаг агаар ээлтэй сайхан байна хэмээн бэлгэшээж байлаа. Мөн гуравдугаар сарын 12-ноос шинэ төлөө хүлээж авна гэдгээ хэлж байв. Өвс тэжээлийн үйлдвэрт тракторчин байгаад мэргэжлээ сольж мал дагасан Басан гуай мал маллаад хангалуун сайхан амьдарч болох юм байна гэсэн үлгэр дууриалыг үзүүлж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэрийн эзэн болоод эзэгтэйд хэлж байлаа.    

    Засгийн газрын тэргүүн энэ үеэр Засгийн газраас малчдаа дэмжин хэрэгжүүлж байгаа “Монгол мал” хөтөлбөр, “Таван-Эрдэнэ” арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрээр эдгээр хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй малаа эрүүлжүүлэх, вакцинжуулах, ээмэгжүүлэх ажлыг улс орон даяар эхлүүлээд байгааг онцоллоо. Мөн малчин өрх бүр үйлдвэрлэгч, ажил олгогч юм. Энэ ч утгаараа малчдад мэргэжлийн үнэмлэх олгох асуудлыг шийдвэрлэхээр зэхэж байгааг дуулгалаа. Ийн мянгат малчин Х.Басантай халуун яриа өрнүүлсний дараа Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга С.Батболд Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо. Мөн тус аймаг дахь “Алтан тос” ургамлын үйлдвэрийн ажилтай танилцсан юм.

    “Алтан тос” шиг үйлдвэрүүдийг Засгийн газар дэмжинэ гэлээ

     

    Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн улсын анхдугаар  нэгдсэн зөвлөлгөөн саяхан Төрийн ордонд болсон. Энэ үеэр Монголд үйлдвэрлэв-2012” үзэсгэлэн худалдааг “Мишээл экспо” төвд зохион байгуулж нээлтийн арга хэмжээнд нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцсон билээ. Тус үзэсгэлэнгээс Гран-При шагнал хүртсэн “Алтан тос” ургамлын үйлдвэрийн ажилтай Ерөнхий сайд танилцахаа шагнал гардуулах үеэрээ амласан билээ.  “Алтан тос” ургамлын үйлдвэрийн хамт олон өөрсдийгөө Монгол Улсад анхдагч хэмээн тодорхойлж байна. Үйлдвэр нь европ стандартын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, өдөрт 100 тн буюу жилд 33 мянган тн тос үйлдвэрлэх хүчин чадалтай хэмээн “Монгол Алтан тос” ХХК-ийн захирал ярилаа. Монгол Улсын Ерөнхий сайд

    С.Батболд Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ амласан ёсоороо тус үйлдвэрт очлоо.

    Засгийн газрын тэргүүн тус үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрхэн бий болж байгаатай бүрэн танилцсаны дараагаар дагалдан яваа хүмүүийнхээ хамтаар дээжээс нь амталж үзлээ. Ингээд хэлэхдээ “Бидний хэлж заншсанаар 9-ийн тос. Монголчууд бидний гол хэрэглээний нэг. Монголдоо үйлдвэрлэж байгааг харахад таатай байна. Гаднаас тээвэрлэж оруулж ирэхгүй тиймээс цаг хугацаа алдахгүй, чанар сайн, үнэ ханшийн хувьд зах зээлийн үнээс 200 орчим төгрөгөөр хямд гэж байна. Энэ нь эдийн засгийн болоод хүнсний аюулгүй байдал талаасаа ач холбогдолтой юм. Мөн 100 гаруй ажлын байр бий болгосон байна” гэж тус үйлдвэрийн хамт олныг сайшаалаа.

    Байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр олон түмний хэрэгцээтэй хүнс үйлдвэрлэж байгаа ийм үйлдвэрүүдийгЗасгийн газар дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлээд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад цаашид ургамлын тос экспортлох том зорилт тавьж ажиллаарай гэв. Мөн түүхий эдээ Монголдоо бэлтгэх боломж эрэлхийлэх, энэ чиглэлд ахиц гаргаж ажиллахыг Ерөнхий сайд хүслээ. Мөн жижиг, дунд ийм үйлдвэрүүдийг татварын бодлогын хүрээнд хэрхэн дэмжиж болох, татвараас чөлөөлөх, хөнгөлөх зэрэг асуудалд нь анхаарч ажиллахыг тус аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байгаа Ж.Сүхбаатар, Д.Хаянхярваа нарт зөвлөлөө. Тус үйлдвэр нь ямар ч хаягдалгүй ажилладаг, өөрөөр хэлбэл, хаягдлаар нь “Тана” үйлдвэрийнхэн барааны саван үйлдвэрлэдэг байна.

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн 2011 онд улсын хэмжээнд 90 орчим  үйлдвэр ашиглалтад орсон бөгөөд эдгээрийн нэг нь “Алтан тос” үйлдвэр юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • БНАЛАУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн урилгаар манай улсад айлчилж байгаа БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Пани Ятодүг 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын үеэр айлчлан ирсэнд нь Ерөнхий сайд С.Батболд талархаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цаашид луугийн хүчээр урагшлан хөгжин дэвжинэ хэмээн бэлэгшээж байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ.

    Эртнээс улбаатай манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цаашид өргөжин хөгжих бүрэн боломжтой. Үүнд өндөр дээд хэмжээний айлчлал, тэр дундаа БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Пани Ятодү-гийн айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа гүйцэтгэх засаглалын тэргүүн онцлон тэмдэглэв. Түүнчлэн хоёр орны ард иргэдийн хоорондох ах дүүсийн харьцаа, УИХ дахь Монгол-БНАЛАУ-ын парламентын бүлэг, улс төрчдийн харилцаа, хамтын ажиллагаанд ч өндөр ач холбогдол өгч байгааг Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

    Өнгөрсөн жил болсон хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар худалдаа, эдийн засаг гээд бүх салбарт хамтран ажиллах талаар нухацтай хэлэлцсэн. Хөдөө аж ахуй зэрэг уламжлалт салбараас гадна бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал байгааг тэрээр тэмдэглэлээ. Талууд боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт бие биенээ дэмжиж, амжилттай ажиллаж байгаагийн зэрэгцээ Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төв байгуулахад БНАЛАУ тууштай дэмжлэг үзүүлсэнд Ерөнхий сайд талархаж байдгаа илэрхийлэв.

    Монгол түмний уламжлалт сар шинийн баярын үеэр айлчлан ёс заншил, уламжлалтай танилцсандаа сэтгэл хангалуун байгаагаа БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Пани Ятодү хэллээ. Хэдийгээр түүний айлчлал богино хугацаатай ч Монгол Улсад бүтээн байгуулалт өрнөж, ард иргэдийн амьдрал ч өсөн дэвжиж байгаа нь мэдрэгдэж байгааг тэрээр тэмдэглэв. Манай хоёр орон байгалийн баялаг ихтэй, ард иргэдийн зан заншил, уламжлалд ижил төстэй олон зүйл байна. Иймээс цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал. Хоёр орны хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээр, Санамж бичигт тусгасан зүйлсийг бодит ажил хэрэг болгоход БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей бүх талаар дэмжин ажиллана гэв.

    Монгол Улс БНАЛАУ-д хүний нөөцийг бэхжүүлэх, эрүүл мэнд, оюутан сургах зэрэг чиглэлээр туслаж ирсэн. Энэ бүхний төлөө Засгийн газар, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа Үндэсний Ассамблейн дарга Пани Ятодү онцлон тэмдэглэв. Талууд уулзалтын үеэр мөн улс төрийн намуудын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей нь таван жил тутамд сонгогддог 115 гишүүнтэй. Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд 1962 онд дипломат харилцаа тогтоожээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • САНАСАН БОДСОН БҮХЭН ЁСЧЛОН БИЕЛЭХИЙН ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ

     

     

    XVII жарны Баясгалан хэмээгч Усан Луу жилийн шинийн нэгний билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн 9 хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн очиж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нартай золгов. Золголтын дараа Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг цэнгүүлэн гэрийн жавар үргээж, төр түвшин, түмэн олон амгалан байхыг бэлгэдэн ерөөл айлдлаа.Үүний дараа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд хамгийн өндөр настай буурлууддаа хүндэтгэл үзүүлж,золгодог уламжлалтай.

    Сар шинийн нэгний энэ өглөө ахмадуудаа төлөөлж Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн танхимд хүрэлцэн ирсэн Сийлбэрч Ц.Цагаан-Өвгөн, Төв аймгийн өндөр настан Х.Пагам, өдгөө 100 настай золгож байгаа Ч.Рэнцэндорж, Төр нийгмийн ахмад зүтгэлтэн Г.Очирбат,ахмад дипломатч Ч.Цэмбэлдорж, ахмад багш Б.Чулуун,ахмад дайчин С.Дагва, болон Булган аймгийн өндөр настан Ч.Долгор,Д.Дариймаанартай төрийн 3 өндөрлөг золгож, гарын бэлгээ гардуулан дурсгалын зураг авахууллаа.

    Сар шинийн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэвлэл, мэдээллийн ажилтнуудад өгсөн ярилцлагадаа “Улиран одож байгаа туулай жил Монгол Улсын маань хувьд амжилт, бүтээл арвин сайхан жил болж өнгөрлөө. Тэнгэр хангай ивээж, сайхан өдөр болж байна. Үүнийг гарч байгаа Луу жилд ард түмэн, улс орны маань ажил, амьдрал ч өөдрөг сайхан байхын шинж гэж билэгшээж байна. Өнгөрсөн жил Монгол Улс эдийн засаг, хөдөө аж ахуйн, газар тариалангийн салбарт өндөр амжилт гаргасан жил боллоо.

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил олон ажил хийж, ажилгүйдэл ядуурлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч эхлүүлсэн он жил байлаа. Гарч байгаа усан луу жилдээ олсон ололтоо улам бататгаж өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ жил өрх гэр бүл бүрд өөрчлөлт дэвшил авч ирсэн жил байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж нийт Монголын ард түмэндээ мөн гадаад улс орнуудад амьдарч, ажиллаж байгаа ахан дүүс нартаа сар шинийн мэндийг хүргэж санасан бодсон бүхэн ёсчлон биелэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • МАЛЧИН ТҮМЭН СЭТГЭЛ ТЭНЭГЭР САР ШИНЭЭ УГТАЖ БАЙНА

     

    Монгол Улсын Засгийн газраас XVII жарны төмөр туулай жилийн Улсын сайн малчнаар 56 хүнийг шалгаруулан өргөмжилсөн. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хөдөлмөрч чанар, бүтээлч ажлаараа онд өнтэй орсон олон зуун малчдын дундаас шалгарч Улсын сайн малчны болзлыг хангасан Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн малчин Лэгцэгийн Очирбатын шагналыг 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гардуулан өглөө. Мал сүргийнхээ тоо толгойг өсгөж, тогтвортой амжилт гарган, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, мал сүргийнхээ үйлдэр угсааг чанаржуулан, өөрийн арга туршлагыг залуу халаа үедээ уламжлуулан өвлүүлж байдаг түүнийг Улсын сайн малчнаар шалгаруулсан нь нүдээ олсон шагнал байна хэмээн Засгийн газрын тэргүүн хэлээд Улсын сайн малчны өргөмжлөл, тэмдгийг гардуулан өгсөн юм.

    Мөн тэрээр малчин гэдэг үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, ажил олгогч нарийн мэргэжил юм. Бид малчдад мэргэжлийн үнэмлэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхийг нь олгож малчны мэргэжил туршлагыг тодорхой хэмжээгээр үнэлэх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэлээ. Сайн малчны цол тэмдгээс гадна БСШУЯ-ны “Зөвлөх малчин” үнэмлэх, ГХЯ-наас гадаадад аялах эрх, ЭМЯ эмнэлгийн нэгдсэн үзлэг шинжилгээнд гэр бүлийн хамт үнэ төлбөргүй хамрагдах батламжаар шагнасан нь Монгол Улсын Засгийн газраас улсынхаа сайчуудыг бодлогоор дэмжиж байгаагийн нэг илрэл юм. 20 жилийн дараа Төв аймгийн Лүн сумаас улсын сайн малчин төрөн гарсанд нутгийн зон олон баяртай байна. Энэ туулай жил төр түмэнд минь өлзийгөө өгч, байгаль дэлхий ивээлээ хайрлалаа. Зуны гурван сардаа ногоо цагаатай дэлгэр, өвлийг өнтэй давж энх улирлыг угтаж байна. Төрийн нуруу ч төвшин сайхан, сар шинэдээ золгохын өмнө Ерөнхий сайд маань малчны хотонд саатсанд бид ихэд билэгшээн байна хэмээн Лүн сумын засаг дарга П.Нямдаваа хэлж байлаа.

    Мөн энэ жил Төв аймаг түүхэндээ байгаагүйгээр мал сүргээ өсгөсөн бахдам амжилтаар туулай жилээ үдэж байна. Сайн малчин Л.Очирбат гуайн өвөлжиж байгаа Өгөөмөр багийн нутагт 20 жилийн өмнө Улсын сайн малчин тодорч байсан байна. Тэрээр сүүлийн 10 гаруй жил амжилт бүтээлээрээ сум орондоо төдийгүй аймагтаа тэргүүлж, олон хүнийг ажлын байраар ханган, 8 айлыг малжуулжээ. Мөн малын үйлдэр угсааг сайжруулах чиглэлээр чамгүй ажил амжуулсан байна. Мөн энэ үеэр аймгийн удирдлагууд сумынхаа сайчуулыг тодруулж шагнал гардуулсан юм. Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр баг Монгол Улсын нийт 1686 багаас Улсын тэргүүний манлай багаар шалгарчээ.

    Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Төв аймгийн Угтаалцайдам сумаас төрсөн Улсын Тэргүүний тариаланчдын шагналыг гардуулан өгсөн юм. Төв аймгийнхан газар тариалангийн салбарт чамгүй амжилт гаргаж, сүүлийн 25 жил авч чадаагүй 107,6 мянган тонн үр тариа хураан авсан амжилтаар Туулай жилээ үдэж байна. Мөн Угтаалчууд  га-гаас авсан ургацаараа аймаг орон нутагтаа тэргүүлжээ. Тэдгээрийн дотроос Улсын тэргүүний тариаланчаар “Элсэн цагаан” ХХК-ны тракторч, комбайнч Доржбадамын Үржин, “Чандмань дөл”  ХХК-ны тракторч, комбайнч  Дамдинсүрэнгийн Баатаржав, “Уушиг хайрхан” ХХК-ны тракторч комбайнч С.Сэрээдорж нар шалгарсан байна.

    Хэдхэн жилийн өмнө газар тариалангийн салбар зогсонги байдалд орсон гэж хэлж болохоор байсан бол Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого мөн тариаланчдын бүтээлч хичээнгүй ажил хөдөлмөрийн үр дүнд газар тариалангийнхаа салбарыг бүрэн сэргээж чадсаныг Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр онцлоод сүүлийн жилүүдэд гайхам сайн амжилт гаргаж байгаа Угтаалчуудын хүчин чармайлтыг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байгааг  хэллээ. Мөн тэрээр сар шинийн өмнө Монгол Улсын Засгийн газраас улсынхаа сайчуудын тодруулж тариаланчид малчдадаа хүндэтгэл үзүүлж шагналыг нь гардуулдаг уламжлалтай. Энэ онцгой шагналыг Засгийн газрын тэргүүний хувьд Төв аймгийн сайчууддаа гардуулахаар ирсэндээ баяртай байгаагаа илэрхийллээ.

    Монгол Улс улирч буй туулай жилд сүүлийн 20 жил аваагүй арвин их ургац хураан авч, дотоодынхоо хэрэгцээг хандаад зогсохгүй гадаадад экспорлох боломжийг бүрдүүлсэн. Засгийн газар үе шаттайгаар тариаланчдаа дэмжиж, урьдчилгаа төлбөр, урамшуулал олгож, техникийн шинэчлэлийг хийж чадлаа. Мөн томоохон агуулахуудыг орон нутагт барьж байгуулах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Өнгөрсөн хугацаанд 300-500 тоннын багтаамжтай агуулахуудыг орон нутагт барьж ашиглалтад оруулжээ. Мөн Төв аймгийн Угтаалцайдам сумын төвд дутуу баригдаж орхигдсон 36 мянган тоннын багтаамжтай эловаторыг засварлаж ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхэд зориулж Засгийн газар  улсын төсөвт 3,5 тэрбум төгрөгийг суулгасан байна.

  • Монголчууд өөдлөн дэвжихийн их бэлгэдэл бүхий шүтээнийг илрүүлжээ

     

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын  бурхан шашны төв хийгээд томоохон хийдүүдийн хамба лам нарыг  өнөөдөр  хүлээн авч уулзлаа. Хамба лам нар  нэгэн баяртай мэдээ дуулгаж бас хүсэлт тээсээр иржээ.  Бурхан багшийн биеийн хэсэг болох эрдэнийн их  шарил  олон жил нууцлагдан хадгалагдаж байсныг илрүүлсэн байна . Абтай сайн хан 1587 онд  III Далай ламтай уулзаж,  Буддын шашин дэлгэрүүлэх үедээ нэгэн томоохон шүтээнийг залж байсан бөгөөд энэ нь одоо Богд хааны ордон музейд хадгалагдаж байгаа бурхан багшийн шүд хэмээх үзмэр мөн болох нь олон ном сударт дурдагдаж, судалгаагаар гарч иржээ.

    Хэд хоногийн өмнө уутан дотор хадгалагдан үлдсэн уг  шүтээнийг илрүүлсэн бөгөөд хажуудаа Ерөнхий сайд агсан Гэндэнгийн сайтар хадгалан, хамгаалахыг даалгасан даалгавар бичигтэйгээ олдсон байна. Бурхан багшийн шүд соёо буюу пэлдэн нь эрдэнийн үрэл болон хувирсан байсан аж. Монголын томоохон лам нар цуглаж, ном уншихад уг үрлээс гэрэл цацарч, олноороо өсч үржсэн байна. Цаг үеийн шалтгаанаас болж нууцлан хадгалагдан үлдсэн уг шүтээн энэ цаг үед ийнхүү гарч ирсэн нь маш бэлэг дэмбэрэлтэй хэрэг боллоо гэдгийг Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц уулзалтын үеэр тэмдэглээд, Монголчуудын үйлийн үр тэгширч буян заяа дэлгэрч буйн хэлбэр гэлээ. 

    Засаг төр нь ч тогтвортой, ирээдүйн хөгжил дэвшлийн их бэлгэдэл юм хэмээн олзуурхаж, монголын ард түмэнд их хувь заяа тохиолоо гэдгийг ч онцолж байв. Тиймээс энэ шүтээнийг олон нийтэд үзүүлж, хүртээл болгох асуудлыг Засгийн газрын зүгээс анхаарч өгөхийг хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа. Ерөнхий сайд С.Батболд ихээхэн бэлэг дэмбэрэлтэй мэдээ дуулгаж ирсэн хамба лам нарт талархаад, энэ сайхан шүтээнийг ард түмний хүртээл  болгох тэдний саналыг дэмжлээ. Чиг үүргийн дагуу холбогдох асуудлыг БСШУ-ы сайдад хариуцуулж, түүх соёлын үнэт өвийн хувьд хосгүй үнэт ангилалд оруулж, хадгалж хамгаалахад шаардлагатай холбогдох хууль тогтоомж гаргаж болохыг ч тэмдэглэлээ.

    Олон нийтийн хүртээл болгохын тулд тулгарах асуудлыг шийдэх ажлын хэсэг буюу комисс  байгуулах бэлтгэлийг хангаж, ойрын үед Засгийн газрын хуралдаанд оруулж ирэх үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Ийм сайхан шүтээнийг өдий болтол хадгалж, бидэнд  үлдээсэн өвгөд дээдэстээ талархаж, бас хувь тавилантай ард түмэндээ баяр хүргэж буйгаа ч  Засгийн газрын тэргүүн уулзалтын төгсгөлд онцлон тэмдэглэсэн юм. Мөн бурхан багшийн шүтээнийг Монголд залагдаж байх үеийн түүхэн баримтыг хадгалан үлдсэн Хөвсгөл аймгийн Жаргал сумын харьяат  О.Бадмаадорж гуай ч энэ үеэр хүрэлцэн ирсэн байсан бөгөөд  Ерөнхий сайд түүнд бас  баяр хүргэлээ.

    Буддын шашинтай дэлхийн улс орнуудад бурхан багшийн  шүтээний талаар ихээхэн судлагдаж,  Хятадад бурхан багшийн гавлын ясны хэсэг, хурууны үе, шүд нь байдаг гэж ярьдаг бол, Шриланкад мөн бурхан багшийн шүд байдгийг ч тэмдэглэдэг. Энэхүү шүтээн нь нэг талаар Монгол улсаа дэлхийд сурталчлах хэлбэр ч болж болохыг энд цугларсан хамба лам нар  онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.


  • БНСУ-ын Элчин сайд нутаг буцаж байна

     

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд Жөн Ирийг эх орондоо бүр мөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Ноён Элчин сайд манай улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, иргэдийн харилцааг өргөжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, хамтран ажилласанд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ.

    Мөн энэ хугацаанд Монгол Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд нар БНСУ-д, Ерөнхийлөгч Ли Мен Баг Монгол Улсад айлчилж, хоёр орны харилцаа Иж бүрэн түншлэлийн түвшинд шат ахиж, хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг байгуулсан нь  харилцааны чиг хандлагыг тодорхойлсон чухал ач холбогдолтой болсон гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ. Иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, иргэний агаарын тээврийн харилцааг өргөжүүлэх, уул уурхайн томоохон ордуудыг ашиглах зэрэг асуудлаар хоёр тал харилцан ашигтай тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд дурдаад ноён Жөн Ирийг Монгол Улсын найз, цаашид найз нөхрийн хувиар Монгол Солонгосын харилцаанд  ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаа гэлээ.    

    Элчин сайд Жөн Ир Монгол Улсын Засгийн газар анхаарал тавьж, хамтарч  ажилласанд талархлаа илэрхийлээд шинэ Элчин сайдаар эрч хүчтэй залуу хүн томилогдон ирж байгаа бөгөөд хоёр орны харилцааг хэрхэн улам хөгжүүлэх талаар түүнд зөвлөж байгаа гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.


  • НӨӨЦИЙН МАХЫГ 10 МЯНГАН ТОННООР НЭМНЭ

    ~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр болов. Хуралдаанаар шатахуун, нөөцийн махны хангамж, үнэ ханшийн өнөөгийн байдал, “Хүний хөгжил сан”-гийн энэ оны төсвийг хэлэлцэж, “100 мянган орон сууц” хөтөлбөр, “Дулааны 5 дугаар цахилгаан станц”, “Их сургуулиудын хотхон” зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцан холбогдох шийдвэр гаргалаа ~

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ долоо хоногийн эхний өдөр хотын захын хорооллын  хэд хэдэн дэлгүүрээр орж гэнэтийн шалгалт хийн, нөөцийн махны борлуулалттай танилцсан юм. Энэ шалгалтын үр дүн эхнээсээ гарч Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн зарим шийдвэр гаргалаа. Цагаан сарын баярын ширээнд тавих ууц, жигнэх бууз, баншаа хямд үнэтэй махаар хийх гэсэн хүмүүсийн эрэлт их байгаа нь үнэн. Нөөцийн махыг гулуузаар нь худалдаалж буй өргөтгөсөн худалдаатай танилцсан Ерөнхий сайд махны хангамж хангалттай байгаа ч ийм шуугиан, бухимдал үүсгэж байгаа нь зохион байгуулалт тааруутай холбоотой. 

    Бяр чадалтай нь мах авдаг тэгш бус зарчим нөөцийн  махны борлуулалт дээр үйлчилж байна гэж тэрбээр шүүмжлээд ахмад настай хүмүүст нөөцийн махыг гэрээр нь хүргэж өгөх үүрэг, даалгавар өгсөн билээ. Энэ дагуу хотын удирдлагууд 80-аас дээш настай буурлуудад нөөцийн махыг гэрт нь хүргэж өгч эхэлжээ. Өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд энэ талаар дахин анхааруулж иргэд бяраа үзэж мах худалдаж авдаг байж болохгүй. Иймд мах худалдах зохион байгуулалтыг маш оновчтой хийж, иргэдийн дунд бухимдал үүсгэхгүй байхыг хатуу анхаарууллаа. Энэ ч үүднээс нийслэлийн хүн амын  хэрэгцээнд зориулан хөдөө орон нутгаас дахин нөөцийн мах татах үүрэг өгсөн байна.

    Аймгуудын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн мэдээг нэгтгэн үзвэл энэ оны 6 дугаар сарыг дуустал махны нөөцийг одоо байгаа 9 тн нөөц дээр 10 мянган тн-оор  нэмж бүрдүүлэн, худалдахаар болж байна. Иймд аймаг, нийслэлийн Засаг дарга нар, аж ахуйн нэгжтэй мах нэмж нийлүүлэх гэрээ байгуулах, борлуулалтын оновчтой хэлбэрийг бий болгох, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Нөөцийн махыг өнгөрсөн сарын 15-наас нийслэлийн хороо бүрт 2-3 дэлгүүрээр буюу нийт 293 цэгээр худалдаж эхэлсэн. Үхрийн махыг нэг кг-ыг нь 3700, хониныхыг 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр худалдаж байгаа нь зах зээлийн үнээс дунджаар 2000 гаруй төгрөгөөр хямд байгаа юм.

    ШАТАХУУНЫ ҮНИЙГ 100 ХҮРТЭЛ ТӨГРӨГӨӨР ДАХИН БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

    “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогторжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөл”-ийг Сангийн сайд Д.Хаянхярваа ахалдаг. Тус зөвлөл баасан гариг бүр хуралддаг бөгөөд ажлын үр дүнгээ лхагва гараг бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг юм. Энэ дагуу асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Шатахууны үнийг нэмсэн шалтгаанаа нефть импортлогчид валютын ханш өссөнтэй холбон тайлбарласан. Гэхдээ энэ нь ханшийн өсөлтийг хэт нэмэгдүүлэн тооцсон, үндэслэлгүй шийдвэр байсан нь Монгол банкны шалгалтаар тогтоогдсон бөгөөд банкныхан ч энэ тухай хэлж байсан.

    Үүнээс гадна шатахууны үнэ нэмэгдсэнээс хойш ам.долларын ханш суларч төгрөг чангарч байгаа ч импортлогчид үнээ буулгахгүй байгаад Засгийн газрын гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Шатахууны үнийг ханшийн бууралт болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн ашгийн түвшинтэй уялдуулан 100 хүртэл төгрөгөөр бууруулах боломжтой юм байна. Ханшийн өөрчлөлт, одоогийн хэрэглэж буй шатахууныг татан авсан бодит ханш зэрэгтэй холбоотойгоор Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран үнийг бууруулах шаардлагатай гэж Сангийн яам үзэж байна. Иймд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар авто бензин, дизелийн түлшний үнийг тогтвортой байлгах, бууруулах талаар арга хэмжээ авахыг сайд Д.Зоригт, Д.Хаянхярваа нарт үүрэг болголоо.

    ОРОН СУУЦНЫ 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

    Засгийн газар “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м/2-аас дээшгүй талбайтай орон сууц авахаар анх удаа хүсэлт гаргасан иргэдэд жилийн 6 хүртэл хувийн хүүтэй зээл олгохыг зорьж байгаа юм. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн Орон сууцны зорилтын хэрэгжилтийн талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Энэ дагуу зээлийн санхүүжилтийг банкуудын дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх, Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад эх үүсвэр олгох, Хөгжлийн банкны эх үүсвэрт авсан хүү, арилжааны банкаар дамжуулан зээлдүүлэх хүүгийн зөрүү зэргийг жил бүрийн улсын төсөвт тусгах оновчтой хувилбар сонгох санал боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.

    Түүнчлэн Улаанбаатар хотод баригдах эхний ээлжийн орон сууцны хотхон, хорооллын инженерийн шугам сүлжээ, эх үүсвэрийг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлаа шуурхайлахыг үүрэг болголоо. Дээрхээс гадна Буянт-Ухаа орон сууцны хороололд 1764 айлын орон сууц, МҮОНРТ-ийн орчим, YII, XIY хороололд гадна инженерийн шугам сүлжээ барих, орон сууц барих газрыг чөлөөлөхөд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр болжээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод 75 мянга, хөдөө орон нутагт 25 мянган айлын орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлыг эрчимжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 9835 айлын орон сууц ашиглалтад оржээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    “ХҮНИЙ ХӨГЖИЛ САН”-Д ХӨРӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛНЭ

    “Хүний хөгжил сан”-гийн 2012 оны төсөвт дутагдаж байгаа эх үүсвэрийн талаар Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан “Хүний хөгжил сан”-гийн энэ оны зарлага, санхүүжилтийн хүндрэлийг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгав. Тухайлбал сангийн энэ оны эхний саруудын орлого, зарлагын зөрүүг зээл авч санхүүжүүлэх, хүүгийн зардлыг төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлэх санал бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болгосон байна. Сайд нар мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөгийг улирал бүрийн сүүлийн саруудад тэнцүү хувааж хүртээхээр тооцон “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулах үүрэг хүлээлээ.

    Түүнчлэн “Хүний хөгжил сан”-гийн энэ оны Төсвийн тухай хуулиар батлагдсан урьдчилгаа төлбөрийг 2, 5 дугаар сард тэнцүү хэмжээгээр хуваан төвлөрүүлэх, ногдол ашгийн төлбөрийг мөн дээрх саруудад тус бүр 350 тэрбум, 8, 11 сард тус бүр 20 тэрбум төгрөг төвлөрүүлэхийг Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэт” ХХК-ийн удирдлагад даалгав. Сангийн сайдын танилцуулснаар “Хүний хөгжил сан”-гийн зарлагын дийлэнх хувь нь эхний хагас жилд гарах шаардлагатай байгаа бол орлогын дийлэнх нь сүүлийн хагас жилд төвлөрөхөөр байна. Энэ нь зарлагыг хэвийн санхүүжүүлэх боломжгүй байдалд хүргэжээ. Тухайлбал эхний улиралд нийт 227 тэрбум төгрөг, эхний хагас жилд нийт 440 тэрбум төгрөгийн эх үүсвэр дутагдаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    5 ДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
        
    Засгийн газрын хуралдаанаар “Дулааны цахилгаан станц 5” төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Төслийг хэрэгжүүлэхдээ уралдаант шалгаруулалт явуулсны дараа Засгийн газраас концессын гэрээ байгуулах эрх олгох болон гэрээний төслийг нүүрс нийлүүлэлт, цахилгаан, дулааны эрчим хүч худалдан авах гэрээний төслийн хамт хуралдаанд танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарт даалгав. Мөн станцыг ашиглалтад орох үед нүүрсний хангамж, үйлдвэрлэх дулаан, цахилгааны эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэхэд шаардлагатай инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг бэлэн байлгах үүднээс хэд хэдэн арга хэмжээ авахаар боллоо.

    Тухайлбал Багануур, Шивээ-Овоогийн уурхайн нүүрс олборлолтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн өргөтгөл хийх техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, үүнтэй холбогдон гарах барилга угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламж болон ирэх оноос улсын төсвийн хөрөнгөөр бүрдүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн станцын үйлдвэрлэсэн дулаан, цахилгааны эрчим хүч дамжуулах, түгээх систем байгуулах, хотын дулаан хангамжийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох тооцоо хийх, үүнтэй холбогдсон бусад ажлын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, станцын усан хангамжийг баталгаажуулах, нүүрс тээвэрлэлтийн найдвартай байдлыг хангах, станцаас гарах үнсний байгаль орчин, хүн амд үзүүлэх нөлөөллийг гаргах зэрэг үүргийг холбогдох сайд нарт өглөө. “Дулааны цахилгаан станц 5” төслийн уралдаант шалгаруулалтад 34 компани оролцох хүсэлтээ илэрхийлснээс 11 санал ирээд байна. Үүнээс 4 оролцогч дараагийн шатанд оролцохоор шалгараад байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    6 АЙМГИЙН ТӨВИЙГ НИЙСЛЭЛ ХОТТОЙ ХОЛБОХ ЗАМЫН АЖИЛ 4 ДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

    Засгийн газрын 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар авто замын салбарт авч хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцсан. Үүнтэй холбогдуулан нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй аймгийн төвөөс зам тавьж эхлэх, зам, гүүрийн ажлыг санхүүжүүлэх, гадаадаас ажиллах хүч оруулах зэрэг асуудлаар санал боловсруулж танилцуулахыг салбарын сайдад даалгасан юм. Энэ дагуу сайд Ц.Дашдорж саналаа өнөөдрийн хуралдаанд танилцуулав. Одоогоор Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн төвийг нийслэл хоттой  холбох замын ажил эхлээгүй байна. Замын ажлыг эхлүүлэх шийдвэр гарсны дараа тендер зарлавал хугацаа алдах учир шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.    

    Энэ дагуу авто замын барилгын ажил, барилгын ажлын технологийн хяналт хийж гүйцэтгэх зөвлөхийн ажлын жагсаалтыг хуралдаанаас баталсан байна. Замын ажилд шаардагдах 293 орчим тэрбум төгрөг, үүнээс эхний ээлжинд буюу энэ онд хэрэгтэй 88 орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх, банкны үйл ажиллагааны зардалд зориулан гэрээт ажил бүрийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг төсөвт өртгөөс тусад нь тооцож байхаар болжээ. Түүнчлэн гадаадын зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгө болон “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих замын ажлуудыг гүйцэтгэхэд ажиллах гадаадын ажилчны тоо, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх асуудлыг тухай бүр хянаж, зөвшөөрөл олгож байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад зөвшөөрөв.

    Одоогоор Архангай, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоод байна. Тэгвэл Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь аймгийн төвийг нийслэлтэй холбох замын ажлын явц 14-90 хувьд хүрчээ. Энэ онд нийт 2919.4 км хатуу хучилттай зам, 3465,3 у/м төмөр бетон гүүрийн ажил хийх бөгөөд гэрээний дагуу 880,8 км зам, 569,4 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулах юм. Салбарын сайдын танилцуулгаас үзвэл өнгөрсөн онд улсын төсөв, гадаадын зээл, тусламж болон бусад хөрөнгө оруулалтаар 1100 км зам, 414.3 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулсан байна. Харин улсын төсвийн хөрөнгөөр аймаг, нийслэлд эрх шилжүүлснээс бусад 346,4 км зам, 1269,3 у/м төмөр бетон гүүр, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барьж байгаа зургаан чиглэлийн 741 км замын ажил он дамжин хийгдэнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ИХ СУРГУУЛИУДЫН ХОТХОН 100 МЯНГА ОРЧИМ ОЮУТАНТАЙ, НИЙТ 150 МЯНГАН ХҮН АМТАЙ БАЙНА

    Засгийн газрын хуралдаанаар Их сургуулиудын хотхон байгуулах ажлын явцтай танилцаж, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөөг дэмжлээ. Хотхоныг Налайх дүүргийн нутаг дэвсгэр, “Шивээтийн хөндий”-д байгуулах шийдвэр анх гарсан ч тухайн газар мөнх цэвдэгтэй, барилга барих нөхцөл хүнд, барилга барьж болох хэдий ч эрсдэл ихтэй, өртөг нь 2 дахин нэмэгдэх учир байршлыг Багануур дүүрэгт шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлээд байгаа юм. Иймээс шинээр товлосон газарт инженер-геологийн болон бусад судалгааг яаралтай хийх, хотхоны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан засвар өөрчлөлт оруулах, хэсэгчилсэн төлөвлөгөөнүүдийг боловсруулж дуусгахаар ажиллаж байна.

    Нэгдсэн хотхонд МУИС, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, СУИС гэсэн төрийн өмчийн 5 сургууль, шинжлэх ухааны хүрээлэнгүүд, бизнесийн инкубаторт байрлах мэдээллийн болон шинэ технологийн аж ахуйн нэгжүүдийн ажлыг уялдуулан зохицуулахаар төлөвлөжээ. Хотхон нь Техник, технологийн шинжлэх ухааны, Нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны, Байгалийн ухааны, Эрүүл мэндийн шинжлэх ухааны, Соёл, урлаг, спортын, Худалдаа, үйлчилгээний, “Силикон вээлий” буюу Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн, Суурьшлын гэсэн бүстэй, 100 мянга орчим оюутан, нийт 150 мянган хүн амтай, бие даасан дэд бүтэцтэй байх юм.   

    Хотхон сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэл хосолсон оюуны төв, шинжлэх ухаан, технологийн паркууд, бизнесийн инкубаторууд бүхий тусгай бүс болж байгаа учир Их сургуулиудын хотхоны эрх зүйн актыг боловсруулж, хуульчлах шаардлага ч гараад байна. Хотхон байгуулахад шаардагдах мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх Мэргэжлийн сургаль, үйлдвэрлэлийн төвийг Концессын хуулийн дагуу БНСУ-ын “КТ” компани барих юм. Ховд аймагт баригдах Баруун бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв, Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймагт байгуулахын тулд инженер-геологийн болон бусад судалгааны ажлыг хийж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусгахаар төлөвлөжээ.

    Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэлийн хүрээнд Баруун болон Зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төвийг Ховд, Дорнод аймагт, Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймагт, Техник, технологийн хотхоныг Дархан-Уул аймагт байгуулахаар төлөвлөсөн.
    Энэ дагуу Ховд аймагт 200 га, Орхон аймагт 100 га, Дорнод аймагт 50 га газар олгоод байна. Харин Дархан-Уул аймагт газрын асуудлыг хараахан шийдээгүй байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙГ ТАТВАРЫН БОДЛОГООР ДЭМЖИНЭ

    Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зөвлөгөөнийг 2012 оны 1 дүгээр сарын 10-наас 2 дугаар сарын 3-ны хооронд зохион байгуулсан юм. Зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөнд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс гаргах юм байна.

    “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолд бүсийн ялгавартай татварын бодлого баримтлах, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг тодорхой хугацаанд чөлөөлөх, малын гаралтай түүхий эдийг аль болох гүн боловсруулан ажлын байр нэмэгдүүлэх зэргийг тусгажээ. Тогтоолын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

    ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДСАН ИРГЭДЭД НЭГ УДАА НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОНО

    Төрийн өмчийн байгууллагад ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 352 хүнд нэг удаа нөхөн төлбөр олгох болов. Үүнд шаардагдах 98 сая 840 гаруй мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо. 1990-ээд оны дунд үеэс уул уурхайн үйлдвэрүүд хувьчлагдан, зарим нь дампуурснаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд харъяалагдах байгууллагагүй болсон юм. Засгийн газар үүнд дүгнэлт хийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн өнгөрсөн онд 1731 уурхайчинд 486 сая төгрөгийн нөхөн төлбөр өгсөн байна.

    Тухайлбал Налайх, Хэнтий аймгийн Бэрх-Уул, Ховд аймгийн Хөшөөт, Дорнод аймгийн Адуунчулуун улсын үйлдвэрийн газар, Дархан-Уул аймгийн Шарын гол, Хөвсгөл аймгийн Могойн гол, Дундговь аймгийн Тэвшийн говь, Өвөрхангай аймгийн Баянтээг, Булган аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайг тус тус төрийн өмчид байсан хугацааг нь тооцож, уурхайчдад нөхөн төлбөр олгожээ. Мөн Говь-Алтай аймгийн Зээгт, Хэнтий аймгийн Чандгана, Төв аймгийн Иххайрхан, Сүхбаатар аймгийн Бүрэнцогт, Дундговь аймгийн Цагаан-Овоо зэрэг татан буугдсан уурхайд ажиллаж байсан хүмүүсийг ч  хамруулсан байна. Гэвч аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулан нөхөн төлбөр авах эрхтэй болсон ч судалгаанд бүрэн хамрагдаагүй 352 хүн нэмэгдсэн тул Засгийн газар нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
     
    “МИАТ” КОМПАНИЙН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ  

        
    Сүүлийн үед “МИАТ” компанийн нислэгтэй холбоотой зөрчил, дутагдал, санхүүгийн алдагдал, худалдан авах ажиллагаатай холбоотой гарсан асуудал Засгийн газрын хуралдааны анхаарлын төвд байлаа. Хуралдаанаар энэ тухай хэлэлцэн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, зөрчил дутагдлыг арилгах, аюулгүй ажиллагаа, санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулах арга хэмжээг шуурхай авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч О.Эрдэнэбулган нарт даалгав. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орохын өмнө байгуулагдсан “Монголиан Эйрлайнз групп”-ийг бусад агаарын тээвэрлэгчдийн олон улсын нислэгийн шугамтай давхардуулан томилохоор салбарын сайдаас тухайн улсуудын яам, удирдах газарт мэдэгдэл хүргүүлээд байгааг судлах боллоо.

    Энэ дагуу олон улсын шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийн томилгоотой холбоотой эрх зүйн зохицуулалтыг ойрын хугацаанд бүрдүүлэхээр шийдвэрлэв. Түүнчлэн “МИАТ” компанийн гүйцэтгэх удирдлагыг гэрээний дагуу гадаадын багаар хийлгэж байсныг цааш үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. “МИАТ” компанийн агаарын хөлөг энэ сарын 05-ны өдөр Москва хотоос хөөрөхөөр гүйлт хийж байхдаа зүүн хөдөлгүүрийн панель мултарснаас нислэгийг цуцлан шаардлагатай сэлбэгийг тавьж 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн юм. Энэ мэт техникийн зөрчил, дутагдал үргэлжлэн гарч, энэ хэрээр нислэг саатах нь ихэссэн тухай Засгийн газрын хуралдааны үеэр яригдлаа.

    Мөн тус компанийн санхүү, нислэг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд шалгалт хийсэн Ажлын хэсгийн тайланг сонссон байна. Шалгалтын дүнгээс үзэхэд компанийн бүтэц, зохион байгуулалт нь аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал болон агаарын тээврийн компанийн нийтлэг зарчимд бүрэн нийцэхгүй, катерингийн үйл ажиллагааг шилжүүлж өгөхдөө хууль, тогтоомж зөрчиж ашиггүй гэрээ хийсэн, гадаад улсад байгаа ачаа тээврийн агенттай хийсэн алдагдалтай бүх гэрээг өөрчлөх, гэрээний нөхцөл, талуудыг үүрэг, хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай болжээ. Компанийн нислэгтэй холбоотой гарсан зөрчил, дутагдал, санхүүгийн алдагдал, худалдан авах ажиллагааны гажуудал нь гүйцэтгэх захирлын ажлын хариуцлагатай холбоотой болохыг ч Ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    САНХҮҮГИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИВ

    “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хэлэлцээр батлагдсан тохиолдолд Бүгд Найрамдах Франц Улсаас 5.05 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авч Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийг бэхжүүлэхэд зарцуулах юм. Тус төв нь улсын хэмжээнд гэмтэл, согогийн чиглэлээр ажилладаг цорын ганц эмнэлэг бөгөөд жилд 12 мянга гаруй өвчтөнийг хэвтүүлэн эмчилж, 6500 орчим төрөл бүрийн мэс засал хийдэг.

    Түүнчлэн жилд 160 мянга орчим буюу өдөрт 300 хүртэл хүнд хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг байна. 1999 онд Бүгд Найрамдах Франц Улсын 10 сая франц франкийн тусламжаар сэхээн амьдруулах тасаг, мэс заслын 4 өрөөг иж бүрэн тоноглон, Европын Холбооны “Тасис” хөтөлбөрийн 400 мянган еврогийн буцалтгүй тусламжийг тоног төхөөрөмжтэй ажиллах эмч, мэргэжилтнүүдийг сургахад зарцуулж  байжээ.

    КАНАД УЛСТАЙ ХАРИЛЦААГАА УЛАМ ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ

    Өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-2-ны өдөр Канад Улсын Оттава хотноо болсон Монгол, Канадын Дугуй ширээний тавдугаар уулзалтын дүнг Засгийн газрын хуралдаанаас сайшаалаа. Уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасан байна. Энэ уулзалт Канад Улстай тогтоосон улс төр, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хоёр орны харилцааны байдал, цаашдын төлөвийг дүгнэж, харилцааг бодит боломжиндоо түшиглэн тодорхой чиглэлд хөгжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх ач холбогдолтой болсон гэж Засгийн газар үзжээ.  

    Уулзалтын мөрөөр улс төр, батлан хамгаалах, хууль зүй, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, төрийн албаны шинэчлэл зэрэг салбарт хийх ажлын төлөвлөгөө боловсруулсан байна. Тухайлбал Канад Улсын Ерөнхий сайд, Сенатын спикер, Гадаад хэргийн сайд нарыг Монгол Улсад айлчлуулах, цэрэг, цагдаагийн сургалтын хөтөлбөрт хүмүүсээ хамруулах чиглэлээр ажиллах болжээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах, хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлтийн хэмжүүрийг боловсронгуй болгох, Канадын дэвшилтэт технологи, нөхөн сэргээлтийн стандартыг уул уурхайн салбарт нэвтрүүлэх, ашигт малтмалын орд газруудтай холбоотой дэд бүтэц бүрдүүлэх үндэсний хэмжээний төслүүдэд Канадын хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсын Ерөнхий сайдыг 2010 онд тус улсад айлчлах үед гарын үсэг зурсан “Сум дундын төв” төслийг үргэлжлүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд байна. Ер нь Монгол улсын эрх ашигт нийцсэн, ач холбогдол бүхий асуудлуудаар Канадын талтай хамтарч ажиллах нь чухал гэдгийг Засгийн газрын гишүүд хэлж байлаа.

    НҮБ-ЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ТОМИЛОВ

    Одын Очийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Түүнчлэн томилолтын хугацаа нь дууссантай холбогдуулан Очирын Энхцэцэгийг Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Одын Очийг мэргэжлийн ур чадвар, удирдах ажлын дадлага туршлага, гадаад хэлний мэдлэгийг харгалзан ийнхүү томиллоо. О.Оч төрийн албанд 21 жил, үүнээс дипломат албанд 18 жил ажиллаж байна.

    О.Оч 1967 онд төрсөн. Эхнэр, 2 охинтой. 1986-1991 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2001-2002 онд Японы Засгийн газрын “Залуу удирдагч” хөтөлбөрийн шугамаар Олон улсын эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. “Тэргүүн шадар” дипломат цолтой. Орос, франц, англи хэлтэй. О.Оч нь 1991-1995 онд Гадаад харилцааны яамны Гэрээ эрх, түүх архивын хэлтэст атташе, 1995 онд Гадаад харилцааны дэд сайдын туслах, 1995-1998 онд Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 1998-2004 онд Гадаад харилцааны яамны Эрх зүй, консулын газарт мэргэжилтэн, нэгдүгээр нарийн бичгийн дарга, дэд захирал, 2004-2008 онд НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын газрын бүсийн төлөөлөгчийн газрын ажилтан, 2008 онд Төрийн захиргааны удирдлагын газрын захирал, 2008 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх импортоор оруулж ирж байгаа болон дотооддоо худалдан борлуулах хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэр, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг баталлаа.  Тогтоолыг 2011 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр заасан байна.
    • Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын “Зорилт-16”-д ус хангамж, ариун цэврийн байгууламжийн чиглэлээр тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжаас гаргахаар төлөвлөсөн байна. Манай улс 2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх хувийг бууруулах зорилт тавьсан. Энэ дагуу 2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй хүн амын эзлэх 60 хувийг 40, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх 73 хувийг 60 хувь болгох юм.
    • Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл байгуулж, дүрмийг нь баталлаа. Энэ зөвлөл хүн амыг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, цэвэр, бохир усны үйлчилгээний тариф зэрэгтэй холбоотой асуудлыг хариуцахын зэрэгцээ аж ахуйн харилцааны дүрэм, техникийн нөхцөл олгох журам баталж, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах юм. Одоогоор манайд тусгай зөвшөөрөлтэй 93 байгууллага, аж ахуйн нэгж хүн ам, үйлдвэр, аж ахуйн газруудыг унд, ахуйн цэвэр усаар хангах, бохир усыг татан цэвэрлэх болон орон сууцны ашиглалт, засвар, үйлчилгээ үзүүлж байна.
    • Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газрыг Эрчим хүчний зохицуулах хороо болгон шинэчилж, дүрмийг нь баталлаа. Энэ хороо эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, импортлох, экспортлох, диспетчерийн зохицуулалт хийх ажлыг зохицуулах үүрэг хүлээдэг. Мөн эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, зөвшөөрөл эзэмшигчдийн болон хэрэглэгчдийн тарифыг хянаж батлах, талуудын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, зөвшөөрөл эзэмшигчдийн дунд шударга өрсөлдөөн бий болгох чиглэлээр ажиллах  юм байна.
    • УИХ-ын гишүүн Р.Будын санаачлан боловсруулсан Авто замын тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг уламжлахаар болов.
    • Эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг баталлаа. Энэ дагуу эрдэм шинжилгээний дэд зэрэгтэй бол үндсэн цалингийн 10, ахлах зэрэгтэй бол 15, тэргүүлэх зэрэгтэй бол 20 хувийн нэмэгдэл өгч байх болсон байна.