Ангилал: мэдээ-мэдээлэл

  • 6 АЙМГИЙН ТӨВИЙГ НИЙСЛЭЛТЭЙ ХАТУУ ХУЧИЛТАЙ ЗАМААР ХОЛБОХ АЖИЛ ЭХЭЛНЭ

     

    ~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр болов. Хуралдаанаар аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлын явц зэрэгтэй танилцан, “Эрүүл хүүхэд” аян өрнүүлэх, малчид, тариалан эрхлэгчдэд бага оврын трактор нийлүүлэх, бүсийн хавар, зуны хурдан морины уралдаан зохион байгуулах шийдвэр гаргасан байна ~

    Засгийн газрын хуралдаанаар авто замын салбарт авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй аймгийн төвөөс зам тавьж эхлэх, зам, гүүрийн ажлыг санхүүжүүлэх, гадаадаас ажиллах хүч оруулах зэрэг асуудлаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг салбарын сайдад даалгав. 

    Одоогоор Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн төвөөс нийслэл хот руу чиглэсэн замын ажил эхлээгүй байна. Дээрх аймгуудийн төвийг нийслэлтэй холбохын тулд 598.6 км зам тавих шаардлагатай бөгөөд үүнд 311 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Энэ оны эхний байдлаар Архангай, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбоод байна. Үүний зэрэгцээ Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь аймгийн төвийг нийслэлтэй холбох замын ажлын явц 14-90 хувьд хүрчээ.

    Салбарын сайдын танилцуулгаас үзвэл өнгөрсөн онд улсын төсөв, гадаадын зээл, тусламж болон бусад хөрөнгө оруулалтаар 1100 км зам, 414.3 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулсан байна. Харин улсын төсвийн хөрөнгөөр аймаг, нийслэлд эрх шилжүүлснээс бусад 346,4 км зам, 1269,3 у/м төмөр бетон гүүр, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барьж байгаа зургаан чиглэлийн 741 км замын ажил он дамжин хийгдэхээр байна.

    Энэ онд нийт 2919.4 км хатуу хучилттай зам, 3465,3 у/м төмөр бетон гүүрийн ажил хийх бөгөөд гэрээний дагуу 880,8 км зам, 569,4 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулах юм. Энэ оны Төсвийн тухай хуулийн дагуу салбарын сайдын багцад авто замын салбарт авч хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд нийт 346,9 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Авто замын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцсаны дараа сайд нараас гаргасан саналыг тусган, дараагийн хуралдаанд дахин оруулж ирэхийг салбарын сайдад үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ЭНЭ ОНД “ЭРҮҮЛ ХҮҮХЭД” АЯН ӨРНҮҮЛНЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Эрүүл хүүхэд” аяныг энэ онд улсын хэмжээнд зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ хөтөлбөр нь 18 нас хүртэлх насны бүх хүүхдийг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг нь үнэлэн эрүүл болгох зорилготой юм. Аяныг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг бүхий Удирдах хорооны бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд ахалж ажиллахаар болсон байна.

    Үүний зэрэгцээ яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагуудын хийх ажлыг удирдамжид тодорхой зааж өгчээ. Аяны хүрээнд 18 хүртэлх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн ерөнхий болон амны хөндий, чих, хамар хоолойн үзлэг,  оношлогоонд хамруулан, бие бялдрын өсөлт, хөгжилтийн байдлыг нь тогтоож, өвчтэй хүүхдийг хяналтад авч эмчлэх юм. Аяныг  2 дугаар сарын 1-нээс 5 дугаар сарын 30, 6 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 30 гэсэн хоёр үе шаттай явуулж, шаардагдах 18 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар болжээ.  

    “Эрүүл хүүхэд” аяны дүнд манай улсын хүүхдийн эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдэхийн зэрэгцээ хүүхдийн дунд зонхилон тохиолдож байгаа өвчнийг илрүүлж эмчлэн, шүд цоорох өвчний тархалтыг 10-15 хувиар бууруулна гэж Засгийн газар тооцоолж байна. Манай улсын хүн ам 2010 оны байдлаар 2 сая 780 мянга 700 хүрсэн бөгөөд тэдний 36 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 12 хувь нь 19-24 насны залуус байна. Хүн амын цэвэр өсөлт 1,7 хувь гэсэн тоо гарчээ. Хүн ам нэмэгдэхийн хэрээр нийслэл, төв суурин газруудад сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн бусад үйлчилгээний хүртээмж, чанарт сөргөөр нөлөөлдөг байна.

    Хүүхдийн эндэгдэл буурч байгаа үзүүлэлт гарсан ч ураг, нярайн эндэгдэл Баян-Өлгий, Завхан, Дархан-Уул аймагт ихсэх хандлагатай, нялхсын эндэгдэл Дорнод, Баян-Өлгий, Өмнөговь, Өвөрхангай, Завхан, Ховд аймагт, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл Дорнод, Баянхонгор, Ховд аймагт улсын дунджаас дээгүүр байгаа юм. 10 мянган хүүхдэд ногдох өвчлөл нялхсын хувьд 48.5, дөрөв хүртэлх насанд 72.3, 5-15 насанд 126.7, 16-19 насанд 66.8 тохиолддог гэсэн мэдээ гарчээ. Цэрэг татлагын өнгөрсөн жилийн байдлаас үзэхэд цэрэгт тэнцээгүй нийт залуусын 15 хувь нь дотор, 14 хувь нь нүдний эмгэг болон чих, хамар хоолой, 7 хувь нь мэдрэлийн өвчтэй, 10 хувь нь жин, өндрийн алдагдалтай байжээ. Энэ бүхнээс үүдэн “Эрүүл хүүхэд” аяныг улсын хэмжээнд явуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ.

    ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

    Засгийн газрын хуралдаанд “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих Зөвлөл”-ийн хийж байгаа ажлын талаар Зөвлөлийн дарга, Сангийн сайд Д.Хаянхярваа танилцуулав. Үүнтэй холбогдуулан төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх, ажлын явцыг Засгийн газарт тухай бүр нь танилцуулж байхыг Зөвлөлийн дарга болон холбогдох сайд нарт даалгалаа. Сангийн сайдын танилцуулгаас үзвэл “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих Зөвлөл” анхны хурлаа хийж хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө баталжээ.  

    Зөвлөл шатахууны үнийн өсөлтөөс үүссэн нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудын алдагдлыг тооцож олгох, нийслэлчүүдийн нөөцийн махны хэрэгцээнд 10 тонн мах нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тухайн үед шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанд оруулж байх барааны үнийн мэдээг танилцуулах хүснэгтийн загварыг Үндэсний статистикийн хороо, Газрын тосны газар хамтран бэлтгэж, 7 хоног бүр мэдээгээ Зөвлөлд танилцуулж байхаар тогтжээ. Үнэ ханштай холбоотой асуудлыг Засгийн газар 7 хоног тутам лхагва гарагийн хуралдаанаараа сонсож байх болсон байна.

    БНХАУ-ААС БАГА ОВРЫН ТРАКТОР АВНА

    Малчид, тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр хөдөө аж ахуйн зориулалттай трактор олгох ажлын хэрэгжилт, явцын талаар салбарын сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Өмнө нь газар тариалан, хадлан тэжээл бэлтгэх зориулалтаар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр бага оврын 8000 ширхэг трактор худалдан авахаар 40 сая ам.доллар төсөвлөсөн байна. Энэ хөрөнгөөс хэмнэгдсэн 12.07 сая ам.доллараар бага оврын техник нийлүүлэгчээр шалгарсан аж ахуйн нэгжтэй шууд гэрээ байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд, гэрээний гүйцэтгэлийг санхүүжүүлэхийг Сангийн сайд Д.Хаянхярваад хуралдаанаас зөвшөөрлөө.  

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлэд малчдад бага оврын 8000, тариалан эрхлэгчдэд 12 мянган трактор, дагалдах тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр олгох, том, дунд оврын техникийн лизингийн үйлчилгээ нэвтрүүлэх, бага оврын трактор, тээврийн хэрэгсэл, дагалдах тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж угсрахаар заасан. Энэ зорилтын хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр малчдад бага оврын 3000 трактор, тариалан эрхлэгчдэд 5000 тракторыг иж бүрдлийн хамт нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Шууд худалдан авах техник, тоног төхөөрөмжийг шинээр байгуулах дундын нэгжид олгох юм байна.

    2009-2011 онд төсвийн болон ОХУ-ын банк хоорондын зээлийн хөрөнгөөр авсан техник, тоног төхөөрөмжөөс 16 аймгийн 36 суманд техникээр үйлчилгээ үзүүлэх дундын нэгж байгуулжээ. Мөн 7.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 21 нэрийн 266 ширхэг техник, тоног төхөөрөмжийг гурван жилийн хугацаанд техникийн үнийг эргэн төлөх нөхцөлтэйгээр өгсөн нь тариаланчдад ихээхэн дэмжлэг болсон гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзэж байна. Техник дундын үйлчилгээний нэгж байгуулснаар жилд дунджаар 10 мянга гаруй га талбайд чанартай уринш бэлтгэж, 14 мянган га талбайн үр тариа, 1.2 мянган га талбайн төмс тарих, хураах ажил хийжээ.

    Төмс, хүнсний ногооны 80 орчим хувийг өрхийн болон жижиг аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэдэг бөгөөд нийт 83 мянга гаруй га талбайд 795 иргэн, аж ахуйн нэгж 300 хүртэл га талбайд үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг. Эдгээрийн 40 орчим хувь нь бусдын техникийг түрээслэж, эсвэл төлбөр төлж ашигладаг юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ ХУВААРИЙГ БАТАЛЛАА

    “Дүнжингарав 2012” бүсийн хаврын уралдааныг 3 дугаар сарын 3-ны өдөр Төв аймагт, Төвийн бүсийнхийг Өмнөговь аймагт 3 дугаар сарын 11-нд зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Харин Зүүн бүсийн зуны уралдаан Сүхбаатар аймагт, Баруун бүсийнх Баян-Өлгий аймагт, Төвийн бүсийнх Дундговь аймагт, Хангайн бүсийнх Төв аймагт 7 дугаар сарын 28-29-нд болно. Бүсийн уралдааны хуваарийг батлахдаа хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, тухайн аймгийн Хурдан морины салбар хорооны чадамж, газар зүйн байршил, өмнө жилүүдэд бүсийн уралдаан зохион байгуулаагүй, өвөлжилтийн бэлтгэл ажлыг цалгардуулахгүй байх зэргийг харгалзан үзсэн байна.
     
    АЖИЛД ТҮР ТОМИЛЛОО

    Засгийн газрын тохируулагч агентлаг- Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын Цөмийн технологийн газрын дарга Гун-Аажавын Манлайжавыг томилж, Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгов. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын орлогч дарга Лувсандагвын Амарсанааг томилж, Бүртгэлийн хяналтын ерөнхий байцаагчийн эрх олгосон байна. 

    ТОВЧ МЭДЭЭ

    • УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжив. Гэхдээ “Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэсэн нь Засгийн газрын бүрэлдэхүүний 10, 11, 13, 14, 16 гэх зэргээр гуравт хуваагдахгүй байх тохиолдолд “гуравны нэг” нь хэдэн сайд байх талаар маргаан дагуулж болзошгүйг анхаарах нь зүйтэй гэсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар болжээ.  
    • УИХ-ын гишүүн Д.Загджав нарын санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэлээ. Шинэ, өндөр үнэтэй, иргэн бүр худалдан авах боломжгүй суудлын автомашины онцгой албан татварыг тэглэх асуудлаар хуулийн төсөл боловсруулахдаа юуны өмнө нийгэм, эдийн засгийн болон хууль зүйн үр дагаварыг тооцох, нийгмийн хэрэгцээ, шаардлагад хэр нийцэж байгааг тогтоох шаардлагатай гэж Засгийн газар үзжээ.
    • УИХ-ын гишүүн Б.Буд, Л.Гантөмөр нарын санаачилсан Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжлээ. Хуулийн төсөлд сонгогчдын бүртгэл хөтлөх, санал хураах, тоолох, дүнг гаргаж нэгтгэх зориулалттай сонгуулийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхөөр тусгасан байна.
    • УИХ-ын гишүүн З.Энхболд нар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцэн хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар болов. УИХ-ын болон орон нутгийн хурлын сонгуулийг нэг өдөр, нэг зэрэг явуулахад зохион байгуулалтын болон ажлын ачаалалтай холбогдсон хүндрэл бэрхшээл үүсч болзошгүй байгааг тооцох зэрэг санал үүнд багтжээ.
    • Өнгөрсөн онд төрийн захиргааны төв байгууллагад иргэдээс 17921 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд шийдвэрлэлт 97.3 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.3 хувиар өссөн гэсэн үг юм. Харин нутгийн захиргааны байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 98.8 хувьтай байна. Иргэд ихэвчлэн гэр, орон сууц, ажлын байртай болох, газар эзэмших, хөдөлмөр эрхлэх, зээл, мөнгөн тусламж, эмчилгээний зардал, малчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагад ханджээ.
    • Барилгын материалын сорил, шинжилгээний төв лабораторийн тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх болов. Мөн барилгын материалын үйлдвэрүүдийг байгуулахад мэргэжлийн болон санхүүгийн зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгасан байна. Үүний зэрэгцээ Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркыг зам тээвэр, дэд бүтэц хөгжсөн, ажиллах хүчтэй Налайх, Багахангай дүүрэгт байгуулах талаар судалж, шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгажээ.
    • Радио, долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Өнөөдрийн байдлаар манай улсад 2,5 сая хэрэглэгч телевиз, радио, үүрэн телефон, утасгүй холбоо ашиглахын зэрэгцээ төрөл бүрийн хэрэглээний радио систем, техник, тоног төхөөрөмж ашиглаж байна. 1998-2008 онд радио давтамж эзэмшигчдийн тоо 5,6 дахин нэмэгдсэн бөгөөд 2010 оны байдлаар 386 тусгай зөвшөөрөл, 502 эрхийн бичиг олгосон нь давтамжийн хэрэгцээ ямар хурдацтай өсч байгааг харуулсан хэрэг юм. Иймээс Радио долгионы тухай хуулийн зарим зүйл, заалтын агуулга, найруулгыг нягталж, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах шаардлага бий болжээ.
    • Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг, дүгнэлт, акт, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудасны загварыг шинэчлэн баталлаа.  
    • “Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай Гуравдугаар протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Гэрээний гишүүн улсууд нь бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, түүнчлэн гэрээний аль нэг гишүүн улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдалд ямар нэгэн хэлбэрээр заналхийлсэн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх зэрэг үүрэг хүлээдэг байна. Гэрээнд бүс нутгийн 11 улсаас гадна АНУ, ОХУ, БНХАУ, Канад зэрэг нийт 28 улс нэгдэн оржээ.
  • БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор “Биеийн тамир, спортын хөгжлийн шинэ чиг хандлага” үндэсний зөвлөлгөөн өнөөдөр Төрийн ордонд эхлэлээ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Засгийн газраас  биеийн тамир, спортын хөгжилтэй холбоотой асуудлаар нийт 30 гаруй тогтоол шийдвэр гарган, материаллаг бааз, орчин нөхцөлийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ирсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн  “Мөрөөдлийн баг”, “Хүүхэд-хөл бөмбөг-ирээдүй ” хөтөлбөрүүдийг орон даяар амжилттай зохион байгуулж эхлээд байгаа. 

    Хүүхэд багачууд энэхүү хөтөлбөрийг  дэмжиж өргөнөөр хамрагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд энэ үеэр илэрхийлээ. Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газраас нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр шат дараалсан олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг хэлсэн юм. Тухайлбал 2013 онд багтаан ерөнхий боловсролын бүх сургуулийг биеийн тамир, спортын стандартын заал танхимаар хангах ажлыг зохион байгуулах үүргийг холбогдох яамдуудад Засгийн газрын тэргүүний хувьд өгсөн. Мөн Ахмад үе, тэтгэврийн насны хүмүүсийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх нөхцөл, боломжийг хангах зорилгоор оршин суугаа газрын харьяа биеийн тамир, спортын заал, танхим, зориулалтын байр, талбайд үнэ төлбөргүй үйлчлүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх болно гэдгээ хэллээ.

    Үе үеийн тамирчид, дасгалжуулагчдын хөлс хөдөлмөр шингэсэн Спортын төв ордны барилга нь бэлтгэл сургалтуудын шаардлага болон засвар үйлчилгээ авах тал дээр стандартын шаардлага хангахгүй болсон нь үнэн. Тиймээс уг объектын суурин дээр нь орчин үеийн спортын бэлтгэл сургалтын бааз болох шинэ цогцолбор барихаар болсноо Ерөнхий сайд зөвлөлгөөнд оролцогсдод дуулгалаа. Мөн тэрээр Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах шаардлагатай байгааг онцлоод энэ асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох хүмүүс үүрэг болголоо. Хүн төрлөхтний эв нэгдэл, харилцан ойлголцол, нөхөрлөл түншлэлийн их баяр зуны спортын ХХХ олимпын наадам, паралимпын 14-р наадам Лондон хотноо эхлэхэд 169 хоног үлдээд байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Олимпд бэлтгэх үндэсний хорооны даргын хувьд баг тамирчид, дасгалжуулагчид бэлтгэл сургуулилтаа улам эрчимжүүлж Лондонгийн тэнгэрт МУ-н төрийн далбааг олонтой мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа хэлээд  Биеийн тамир, спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхий, Олимпын наадамд амжилттай оролцоход  мэргэжлийн холбоодын үүрэг, хариуцлага оролцоо өндөр байдгийг тэмдэглэлээ. Ийнхүү Ерөнхий сайд Батболд биеийн тамир, спортын материаллаг бааз, төсөв санхүүжилт, удирдлага, зохион байгуулалт зэрэг олон асуудлыг төлөөлөгчид нухацтай хэлэлцэж тодорхой үр дүнтэй санал, дүгнэлтүүдийг гаргана гэдэгт найдаж байгаагаа хэлээд Монголын иргэд эрүүл чийрэг, бие бялдар, оюуны өндөр чадамжтай байж, манай улсын тамирчид Олимп, дэлхий, тивийн хэмжээний тэмцээн, уралдаанд ямагт хошуучилж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүллээ.

    Засгийн газрын тогтоолоор 2011 онд Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд медальт байрт шалгарч амжилт гаргасан 106 тамирчин, 43 дасгалжуулагчдад 586 сая төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулан шагнасан байна. Монгол Улсын Засгийн газраас Олимпид бэлтгэх үндэсний шигшээ багийн төсвийг жил бүр нэмэгдүүлж ирсэн бөгөөд 2012 оны олимпын бэлтгэлд зориулж 4.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Түүнчлэн 2011 онд  спортын ордон 8, цэнгэлдэх хүрээлэн 5-ыг улсын төсвөөр барьж ашиглалтад оруулж, улсын хэмжээнд спортын заал 655, биеийн гадаа талбай 1180, спортын төрөлжсөн анги сургууль 24, бялдаржуулах, чийрэгжүүлэх төв \танхим\ 587, Биеийн тамирын хамтлаг 1361 үйл ажиллагаагаа явуулж байна

  • Жижиг, дунд үйдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжинэ

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн улсын анхдугаар зөвлөлгөөн Төрийн ордонд хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн сар гаруй хугацаанд Монгол орон даяар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хуран чуулсан бөгөөд одоо тэд  нэгдсэн зөвлөлгөөнөө ийнхүү хийж байгаа аж. Орон нутгийн үйлдвэр эрхлэгчдийн 1000 гаруй төлөөлөгчид зөвлөлгөөнд хүрэлцэн иржээ. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  зөвлөлгөөний хоёр дахь өдрийн хуралдаанд оролцож, тэдэнд хандан үг хэллээ.

    Монгол улсын Засгийн газраас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих талаар томоохон бодлогуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд тодорхой үр дүнг ч өгч байгааг  Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байна.   Ажлын байрыг нэмэгдүүлэх, баялагийг тэгш хуваарилах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, зээлийн онцгой нөхцөл бий болгох, хууль эрх зүйн хувьд жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд ихээхэн анхаарч ирлээ. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг татвараас гадна санхүүгийн хувьд дэмжих механизмыг бүрдүүлэх эхлэлийг тавьж, энэ бодлогын хүрээнд:

    • Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа зээлийн дээд хэмжээ 50 сая  байсныг 500 сая төгрөгт хүргэлээ.
    • Зээлийн хугацааг 3 жил байсныг 5 жил,  хүүг жилийн 12 хувьтай байсныг 7 хувь болгох зэрэг санхүүгийн хөнгөлөлтүүдийг бий болголоо.
    • 2006-2008 онуудад 3 тэрбум төгрөгийн төсвийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлттэй зээл олгож байсан бол 2009-2010 онуудад энэ үзүүлэлт 60 тэрбум болон нэмэгдэж эргэн төлөлтөөс зээл олгох боллоо.Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл авах, зээлийн хэмжээ нэмэгдэх, зээлийн хүү буурах, санхүүгийн дэмжлэгт тулгуурлан хөгжих боломжоор хангагдаж байгааг Ерөнхий сайд С.Батболд  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөлгөөнд оролцогчдод хандан хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

    Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу “Орон нутагт үйлдвэр хөгжүүлэх чиглэл”, “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийг батлан үйлдвэржүүлэлтийн бодлогын зөвлөлийг томилон ажиллуулж байна. Ингэснээр бодлого, шийдвэр гаргах үйл явцад хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагууд идэвхтэй оролцдог болж жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч эхэллээ гэдгийг Ерөнхий сайд дурьдлаа.  

    Түүнчлэн ,Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд татварын бодлогын дэмжлэг үзүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас 2012 оныг дуустал чөлөөлж байгааг жишээ болгон тэмдэглэлээ. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хүрээнд газар, тариалан, ойн аж ахуйн зориулалттай болон гурилын үйлдвэр, усалгааны техник тоног төхөөрөмж, үр бордоо, хор гербицидийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас, тэдгээрийг дотоодод борлуулсан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас 2016 оныг дуустал чөлөөлөх шийдвэрийг гаргасныг энд  цохлоо. 

    Мөн Үйлдвэрлэлийг дэмжихийн тулд Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэсэн, үйлдвэрлэн борлуулсан үйл ажиллагаанаас олсон орлогыг аж ахуйн нэгжийн болон хувь хүний, нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус  чөлөөлжээ. Жижиг, дунд үйлдвэрийн тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлсөн эдгээр хөнгөлөлт, чөлөөлөлтүүд нь хөдөө аж ахуйн салбарт болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн нь тодорхой юм гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд, татварын чөлөөлөлтүүд нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн хувьд томоохон дэмжлэг болж, техник, технологи, тоног төхөөрөмжөө шинэчлэх боломжийг олгосон төдийгүй үндэсний боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангахад түлхэц болсныг дурьдлаа.

    Мөн Засгийн газар эдийн засгийн шинэтгэлийг хийх, бизнесийн орчинг тасралтгүй сайжруулахаар анхааран ажиллаж байгааг дурьдаад, 2009 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил”, 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”, 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”, 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” -ээр зарлан, тодорхой бодлого гарган хэрэгжүүлж багагүй ажлыг эхлүүлж байна гээд, энэ жилийн хүрээнд өрхийн бичил бизнесийг хөгжүүлэх, өрх гэрийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж буй ард иргэдийг урамшуулах бодлогыг манай Засгийн газар хэрэгжүүлэхээр зорьж байна гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглэж байна.

    Мөн өнгөрсөн жилээс аж үйлдвэрийн бодлого боловсруулан зах зээлд шилжсэнээс хойш анх удаа түүхийн эдээс эцсийн үйлдвэрлэл хүртэлх гинжин холбоог бий болгохыг дэмжиж ажиллаж, энэ хүрээнд ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулан 100 тэрбум төгрөгийн, хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээд, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд 50 тэрбум төгрөгийн, жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан 150 тэрбум төгрөгийн буюу нийт 300 тэрбум төгрөгийг 5 жилийн хугацаатай зээлийн эх үүсвэрийг Засгийн газар бонд гарган бүрдүүлснийг дурьдлаа.

    Мөн хөдөө аж ахуйн биржийг байгуулах шийдвэр гаргаж, эрх зүйн орчинг бүрдүүлсэн бөгөөд эдгээр шийдвэрүүд нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, малчин үйлдвэрлэгчдийн хоорондын харилцаа холбоог бий болгон бэхжүүлэх,  хоршоодыг хөгжүүлэх, малчдын хамтын ажиллагааг урамшуулах бодлого чиглэлийн илэрхийлэл болж байна гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байна. Мөн Засгийн газар өөрийн эдийн засгийн боломж, нөөцөөс гадна гадаад орнуудын зээл тусламжийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулж байгааг дурьдаад тухайлбал,  БНХАУ-ын Засгийн газраас авах 200 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хоногт 30 тн шингэн сүү хүлээн авч хуурай сүү боловсруулах үйлдвэр-2, хоногт 1000 бог, 80 бод нядлах хүчин чадалтай махны үйлдвэр-12, цагт 50-100 тн буудай тээрэмдэх хүчин чадалтай гурилын үйлдвэр-8,жилд 5000 тн чацаргана боловсруулах хүчин чадалтай үйлдвэр-1-ийг барьж байгуулахаар тендер зарлан дүгнэж эхлээд байгааг мэдээллээ. Түүнчлэн  Япон улсын 2 үе шаттай зээлээс жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулж 45 сая ам.долларын зээл олгож байгааг ч дурьдав.

    “Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төвлөрлийг багасгах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, баялагийг тэгш хувиарлахад чиглэгдсэн бодлогуудыг хэрэгжүүлэх олон сангийн тогтолцоог бий болгон хөгжүүллээ. Энэ хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”, “Сум хөгжүүлэх сан”-г байгуулсан.  Монгол Улсынхаа 329 суманд байгуулсан “Сум хөгжүүлэх сан”-гаар дамжуулан  2011, 2012 онд тус бүр 24 тэрбум төгрөгийг хуваарилж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд жилийн 3 хүртэл хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлийн таатай нөхцлийг бүрдүүллээ.  Үүний үр дүнд монгол улсын сумуудад үлгэр жишээ болохуйц олон төсөл амжилттай хэрэгжиж, хоршин ажиллах, орон нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох иргэдийн санаачилга нэмэгдэх боллоо” гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд, Засгийн газар ийнхүү аж үйлдвэрийг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих олон арга хэлбэрийн шинэ тогтолцоонуудыг үүсгэн байгууллаа.

    Үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд урьд өмнө байгаагүй хэмжээний санхүүжилтийг жижиг, дунд үйлдвэрлэлд олгож ажилласан. Тиймээс цаашид жижиг, дунд үйлдвэрлэлүүдийг дэмжих сангуудын үйл ажиллагаа, санхүүгийн зарцуулалтад олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн сайн дурын нэгдлийн  хяналтын тогтолцоог бий болгоход анхаарч ажиллана. Мөн эдгээр сангуудын зарцуулалтыг олон түмэнд ил тод болгож, интертэд тавьж нээлттэй байлгахыг Ерөнхий сайдын хувьд холбогдох яам, байгууллагуудад үүрэг чиглэл болгож байгааг дурьдлаа. Ингэснээр зээл авсан иргэд, хоршоо, аж ахуйн нэгжүүд хариуцлагатай болж, зээлийг буруу хүнд өгсөн тухай хардлага, гомдол үгүй болно гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байна.

    “ Асуудал бэрхшээл байгаа учраас  санал шүүмжлэл гарч байгаа. Тиймээс одоогийн татварын тогтолцоонд өөрчлөлт оруулж, орлого ихтэй нь их төлж, бага орлоготой нь бага төлдөг болох нь шударга ёсонд нийцнэ. Үүний зэрэгцээ улс оронд хэрэгжиж буй төсөл тендэрээс эхлээд бүтээн босголт, баялагийг бүтээхэд томоохон компани, аж ахуйн нэгжүүд бүхнийг хийж жижиг, дунд үйлдвэрлэлийнхэнд боломж олдохгүй байна. Тиймээс үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд жижиг, дунд үйлдвэрлэлүүдтэй хоршин ажиллах нь нийгмийн хариуцлагын нэг илэрхийлэл гэж үзэж Засгийн газар бодлогоор дэмжинэ. Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнес эрхлэгчидэд зориулсан зээлийн олон эх үүсвэрийг төр засгийн зүгээс бүрдүүлж өгсөн. Гэвч зээл хүсэгчид барьцаа хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар зээл жинхэнэ эзэндээ очиж чадахгүй байна.

    Засгийн газар энэ асуудалд ихээхэн анхаарч зээлийн барьцааны асуудлыг хууль эрх зүйн хувьд зохицуулахаар ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд “Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль”-ийг УИХ эцсийн хэлэлцүүлгийг нь хийж байна. Энэхүү хууль батлагдсанаар амжилттай хэрэгжих төсөлд дутагдаж байгаа барьцаа хөрөнгийг батлан дааж, бизнесээ эхлүүлэх боломж бүрдэнэ. Өнгөрсөн долоо хоногт манай Монгол Ардын Нам ард түмнээрээ хэлэлцүүлж, ард түмнийхээ санаа бодолд нь тулгуурлан боловсруулсан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-өө баталлаа. Энэхүү хөгжлийн хөтөлбөрт жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг дэмжих талаар өргөн хүрээний бодлого багтан орсон.

    Тиймээс “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-т тулгуурлан цаашид жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг хөгжүүлэхийн тулд  “Шинэ бүтээн байгуулалт”, “Шинэ төмөр зам”, “Аж үйлдвэрийн парк” зэрэг улс орны хэмжээний томоохон төслүүдийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой нягт уялдуулан хэрэгжүүлэх, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжиж, тодорхой хугацаанд НӨАТ, орлогын татвараас чөлөөлөх, Жижиг, дунд үйлдвэрлэлд тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээ нэвтрүүлэх, Жижиг, дунд бизнесийг том үйлдвэрүүдтэй хоршин ажиллах стратегийг боловсруулан хөгжүүлэх, уул уурхайн болон бусад үйлдвэрлэлийн хүнс, үйлчилгээний зэрэг хэрэгцээг тухайн орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах замаар үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг дэмжих, Жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад төрөөс туслах агентлаг байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг шат дараалан авах болно  гэдгийг тэдэнд хандан хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл ,мэдээллийн албанаас мэдээллээ.

  • С.Батболд: Хүний эрүүл мэнд, амь насны төлөө хариуцлага хүлээдэг амаргүй хөдөлмөрийн үнэлэмж өндөр байх ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцож, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд зайлшгүй амжуулах, ажил хэрэг болгох хэд хэдэн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Юуны түрүүнд хүний эрүүл мэнд, амь насны төлөө хариуцлага хүлээдэг энэхүү амаргүй хөдөлмөрийн үнэлэмж өндөр байх ёстойг Засгийн газрын тэргүүн онцлоод Ард иргэдэд  ямар тусламж, үйлчилгээ үзүүлнэ түүнийг бодит өртгөөр санхүүжүүлдэг байх ёстой. Тиймээс үзүүлж байгаа тусламж, үйлчилгээ бүрийнхээ бодит өртгийг тооцон, түүний дагуу санхүүждэг тогтолцоонд шилжих цаг болсныг хэллээ.

    Энэ үүднээсээ ч Монгол Улсын Засгийн газар болон Төрийн байгууллагын албан хаагчид, тэр дундаа эмч, эмнэлгийн ажилтнуудын  цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг нэмэх хугацааг наашлуулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж эхлээд байгаа юм. Монголчууд өнөөдөр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахын тулд гадаад оронд зорчдог хэвээр байна. Энэ бол эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанартай шууд холбоотой. Эрүүл мэндийн үзүүлэлтийг өндөр хөгжилтэй орны түвшинд хүргэх зорилгоор Үндэсний оношлогоо эмчилгээний төвийг байгуулах асуудлыг Засгийн газраас онцгой анхааран ажиллаж байна. Уг ажлыг даруй эхлүүлэх бодлого барьж ажиллаж байгаагаа ч Ерөнхий сайд хэллээ.

    Эрүүл мэндийн  салбарынхан 2012 оныг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил” болгожээ. Харин Засгийн газар “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Тиймээс эмнэлэгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахын зэрэгцээ өрхийн эрүүл мэндийг хамгаалах талаар ч тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын тэргүүн анхаарууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар 0-18 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулах “Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил эхлээд байгаа. Хөтөлбөрийг үр дүнтэй  хэрэгжүүлэх нь Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын хичээл зүтгэлээс бүрэн хамаарах учраас дэмжиж ажиллахыг мөн энэ үеэр хүсээд Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож буй эмч эмнэлгийн ажилтнуудын буянтай,  нэр төртэй их үйлсэд өндөр амжилт хүсч сайн сайхныг ерөөлөө.

  • ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

     

    ~ Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр болов ~

    Хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, тэдгээртэй холбогдуулан Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн болон УИХ-ын 2011 оны 54, 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэхээр боллоо. Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Д.Хаянхярваа хуулиудын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан байна.
    Төсвийн тодотгол хийхдээ энэ оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэн төсвийн орлогын эх үүсвэрийг бүрэн дайчлах, төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим тэтгэмжийг үе шаттай нэмэх хугацааг наашлуулах, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарчим  баримталжээ. Засгийн газар цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг нэмэх талаар гурван удаа хэлэлцсэн. Төсөвт тодотгол хийх замаар асуудлыг шийдье гэдэгт УИХ дахь намын бүлгүүд тохиролцсоны дагуу дээрх шийдвэрийг гаргав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.   

  • ОДООГИЙН АРГА БАРИЛАА ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧИЛЖ БАЙЖ УТААГ ДОРВИТОЙ БУУРУУЛНА ГЭЖ ЗАСГИЙН ГАЗАР ҮЗЭЖ БАЙНА

    ~ Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр болж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажил, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Агаарын бохирдлыг бууруулахын тулд хийж байгаа ажил үр дүнд хүрч байгаа эсэх, үгүй бол яамар арга хэмжээ авах ёстой  гэдгийг иргэд мэдэж байх ёстой гэдэг үүднээс энэ удаагийн хурлыг өргөтгөсөн хэлбэрээр хийн бүх сайд, холбогдох агентлагууд, нэр бүхий сангуудын удирдах албан тушаалтнуудыг оролцуулж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хуралдааны эхэнд хэлэв. Хуралдаанаар Цэвэр агаар төслийн хэрэгжилт, хагас коксжсон утаагүй түлш барих үйлдвэрийн явц, Олон улсын хөгжлийн ассоциацитай байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр зэргийг хэлэлцсэн байна ~

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Цэвэр агаар” төслийн өнгөрсөн оны ажлын тайланг хэлэлцлээ.
    Энэ төсөл нь хотын гэр хорооллын 180 мянган өрхөд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болох сайжруулсан зуух, гэрийн иж бүрэн дулаалга, гонх, сууц ашиглуулж, түлшний хэрэглээ, утааны бохирдлыг багасган, сэргээгдэх эрчим хүч боловсруулахад дэмжлэг үзүүлэн агаарын бохирдлыг бууруулах зорилготой юм. Өнгөрсөн онд төслөөс 12 сая гаруй ам.доллар зарцуулж, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн худалдан авсан иргэдэд 9 сая орчим ам.долларын санхүүгийн дэмжлэг буюу татаас үзүүлсэн байна.

    Зуух, иж бүрэн дулаалга зэргийг Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн агаарын бохирдлын нягтаршил ихтэй 50 хорооны 100 мянга гаруй өрхөд татаастай худалджээ. 2011 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 57 мянга гаруй бүтээгдэхүүн борлуулсан байна. Энэ нь манай улсад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн, хийгдэж байгаа бусад төсөл, хөтөлбөртэй харьцуулахад хамгийн олон өрхийг хамарч чадсан гэж “Цэвэр агаар” төслийнхөн мэдээллээ.

    Сайжруулсан зуухыг зөв хэрэглэж байгаа өрхийн түлшний зарцуулалт 30 хүртэл хувь, яндангаас гарах утаа 80 хүртэл, гэрийн дулаалга болон эрчим хүчний хэмнэлттэй сууц хэрэглэж байгаа өрхийн түлшний зарцуулалт 40 хүртэл хувиар буурсан байна. “Цэвэр агаар” төслийн хүрээнд одоогийн байдлаар 6,6 тэрбум төгрөг зарцуулаад байгааг ч тэд тайлагналаа. Харин тус сангийн санхүүгийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг, тооцоо судалгаагаа ямар зарчмаар гаргаж, юунд үндэслэн хөрөнгө мөнгө зарцуулж, бодит үр дүн нь яаж мэдрэгдэж байгаа нь тодорхойгүй байгаад Засгийн газрын гишүүд шүүмжлэлтэй хандаж байв. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа энэ бүх ажлын үр дүнд утаа яг хэдэн хувиар буурсан гэсэн бодит тоо хэлж чадах эсэхийг Ерөнхий сайд С.Батболд асуулаа.

    Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдын хэлснээс үзвэл гэр хорооллын айл өрхүүд 750 мянган тонн нүүрс түлдэг. Харин 50 мянган зуух суурилуулснаар 117 мянган тонн нүүрс хэрэглээгүй, энэ хэрээр агаарын бохирдол 16 хувиар буурсан. Гэхдээ энэ бууралт одоогоор иргэдэд төдийлөн мэдрэгдэхгүй. Дөрөвдүгээр сар дуустал айл өрхүүд гал түлнэ. Ингэхээр цаашид түүхий нүүрсний хэрэглээ мөн 100 мянган гаруй тонноор хэмжигдэнэ. Энэ эрчээрээ явбал 3-4 жилийн дараа агаарын бохирдол бүрэн арилах боломжтой юм байна. Цаашид гэр хорооллын хязгаарлалтын бүсийг тэлж, айл өрхөд өгөх эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний хэмжээг нэмэхээр төлөвлөсөн тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хэлж байлаа. Айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох тухай Засгийн газрын журам өнгөрсөн оны сүүлээр гарсан. Энэ журмын хэрэгжилтийн талаар хуралдаанаар мэдээлэл сонслоо.

    Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2011.11.02-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох журам”-д заасны дагуу “Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ” байгуулан цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох ажлыг 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар түлш хөнгөлөлтөөр 13560, халаагуур хөнгөлөлтөөр 321, нийт 14137 хэрэглэгчтэй “Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ” байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 15326 хэрэглэгчдэд 99 сая төгрөгийн цахилгааны үнийн урамшуулал олгожээ.

    Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Гэр хорооллын ядуу өрхүүдийн агаарын бохирдлыг бууруулах төсөл”-ийн хүрээнд 2 сая ам.долларын хөрөнгөөр 2009 оны 11 сараас 2011 оны 8 дугаар сар хүртэл хугацаан Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн 15 хорооны 4235 өрх гэрийн нэмэлт дулаалгын иж бүрдлийг 75 %-ийн үнийн хөнгөлөлттэйгээр олгосон байна. Төслийн үр дүнд хийсэн тооцоогоор гэрээ дулаалсан өрхүүдийн түлшний хэмнэлт 35-50 %тай байгаа бөгөөд нэг өрхийн нэг өвлийн түлшний хэрэглээ дунджаар 4 тонн гэж тооцоход төслийн хэмжээнд жилдээ 9000 орчим тонн түүхий нүүрс, нүүрсхүчлийн давхар ислийг  11000 орчим тонноор хэмнэж байна.  

    Гэр хорооллоос гадна 2100 гаруй нам даралтын зуухны тухай Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар ярилцлаа. Энэ онд 180 орчим нам даралтын зуухыг буулгахаар төлөвлөсөн байна. Жилд 100 гаруйг буулгана гэхэд хугацаа их шаардах учир нэг мөсөн хөрөнгийг нь гарган, нэг далайлтаар шийдэж болох эсэхийг сайд Ц.Нямдорж тодруулж байлаа. Агаарын бохирдлыг бууруулахын тулд орон сууцжуулах нь чухал байгаа тухай багагүй яригддаг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын хэлснээр бол өнгөрсөн жил 20 тэрбум төгрөг гарган айлуудыг нүүлгэн шилжүүлж, түр орон сууц барихаар бэлтгэж байна. Өнгөрсөн хугацаанд 218 айлыг нүүлгэсэн бөгөөд тухайн газарт 300 айлын орон сууцыг ирэх дөрөвдүгээр сард барьж ашиглалтад оруулахаар болжээ.  

    Үүний зэрэгцээ Засгийн газрын 40000, 100000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд сүүлийн 4 жилд  улсын төсөв болон Монгол Улсыг хөгжүүлэх  сангийн 29365.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 32,8 км урт дулааны магистраль шугамыг өргөтгөн шинэчилсэн. Энэ нь тухайн нутаг дэвсгэрт орон сууц барьж дулаанаар хангахад асуудалгүй болсон гэсэн үг юм. Агаарын бохирдлын 20 хувийг автомашины утаа эзэлдэг бөгөөд Улаанбаатар хотод жилдээ 100 гаруй мянган автомашин нэмэгдэж улмаар 300 мянга гаруй автомашин нийслэлийн замд түгжрэл үүсгэн давхилдаж байна гэсэн судалгаа гарсан байна.

    Иймээс эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын 800 автобусны 400-г нь дизель, хийн түлш гэсэн хосолмол хөдөлгүүртэй болгосон тухай Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэллээ. Цаашид хуучирсан автомашиныг тээврийн хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хот руу оруулахгүй байх зэрэг зохицуулалт хийх тухай ч хуралдааны үеэр яригдаж байв. Нийслэл хотод жилдээ 40 мянган иргэн шилжин ирдэг бөгөөд  тэдний амьдрах нөхцлийг хангахаас эхлээд олон хүндрэл дагуулдаг. Айл өрхүүд гэр хорооллыг тэлэхийн зэрэгцээ түүхий нүүрс түлж агаарын бохирдлыг улам нэмж байгаа. Иймээс хүн амын нягтарлыг багасгах үүднээс шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай хөндөгдлөө.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хэлэхдээ “Одоогоор энэ талын хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, УИХ шийдвэл нийслэл хот эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой” гэлээ. Үүнээс гадна хагас коксжсон утаагүй түлшний үйлдвэр барих тухай хуралдаанаар хэлэлцсэн байна. Энэ оны 12 дугаар сар гэхэд “Дулааны цахилгаан станц-2”-ыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон утаагүй түлшний үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулах юм. Ингэснээр нийслэлчүүдийн нийт хэрэглээний дөрөвний нэгийг хангах боломж бүрдэнэ гэж холбогдох байгууллагын хүмүүс тайлбарлалаа.

    Одоогоор үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үндсэнд нь суурилуулж дууссан, шингэн шилний цехийн барилга дулаанаа аваад байна. Мөн түлш дамжуулах цехэд байрлуулах бутлагчийн суурийн металл хийцийн ажил дуусчээ. Хагас коксжсон нүүрсний үйлдвэрийн зэрэгцээ Дулааны тавдугаар цахилгаан станцын талаар салбарын яамныхан мэдээлэл хийв. Одоогийн байдлаар хоёрдугаар шатны бичиг баримт бэлдэх, Концессийн гэрээ, цахилгаан болон эрчим хүч худалдан авах гэрээ, нүүрс хангамжийн гэрээний төслүүдийг эцэслэн боловсруулж байна.

    Цаашид цахилгаан, дулааны шугам, дэд станцын байршил, трасс, дизайн, зураг төслийг шийдвэрлэх, газар чөлөөлөх, нүүрс тээвэр, төмөр замын хүчин чадлын өргөтгөл, шинэчлэл, уурхайнуудыг өргөтгөх шаардлагатай болжээ. Иймээс энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх, Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээ, дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахыг Засгийн газрын хуралдаанаас Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад үүрэг болголоо. Холбогдох газруудын мэдээлэлтэй холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүд саналаа илэрхийллээ.

    Тухайлбал экологийн цагдаатай болох, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон санг нэгтгэх, нүүрснээс татгалзаж хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх, агаарын бохирдлын хэмжээнд мониторинг хийдэг хөндлөнгийн, хараат бус нэгж ажиллуулах, салхины дээд талд байгаа буюу утааны голомт бүхий гэр хорооллыг эхний ээлжинд  орон сууцжуулах зэрэг санал гаргаж байлаа. Энэ чиглэлээр шуурхай ажиллаж, утаатай тэмцэх арга барилаа цоо шинээр харъя гэж Засгийн газар үзэж байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Утаа их гаргаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөд хариуцлага тооцдог, утаа бага ялгаруулдаг, энэ чиглэлээр санаачлагатай ажилладаг бол урамшуулдаг механизм бий болгох нь зүйтэй” гэлээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа олон ажил байгаа ч цаашид бодлого, үйл ажиллагаа, санхүү, зохион байгуулалтын талаас нь эрчимжүүлэх шаардлагатай. Иймээс дээрх хариуцлага, урамшууллын механизм, нийслэлийн төр, захиргааны байгууллага хот гэр хорооллыг хэрхэн орон сууцжуулахаар төлөвлөсөн, хийн түлшийг хэрхэн нэвтрүүлэх нь зохистой зэрэг асуудлыг Засгийн газрын ойрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.

    Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциацийн хороонд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Төсөл батлагдвал агаарын чанарт нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг дотор нь богино болон дунд хугацаанд арилгах хэмээн ангилж хөрөнгийг зарцуулна. Богино хугацаанд гэдэг нь хамгийн богино хугацаанд хамгийн бага хөрөнгө оруулалтаар гэр хорооллын айл, албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн энгийн зуух, ханын пийшин, халаалттай зуухнуудыг солих  зорилготой юм байна.

    Аливаа санхүүжилт үр дүнтэй, ойлгомжтой, иргэдийн оролцоотой, хяналттай байх ёстой. Иймээс Олон улсын хөгжлийн ассоциаци гэлтгүй гаднаас авах зээлийг яг юунд зарцуулж, ямар үр дүнд хүрэх, хэн хариуцах зэргийг хавсралтаар тодорхой зааж өгөх ёстой гэж Ерөнхий сайд хэлж байлаа.
    Цаашид өвөл дундаа орлоо гэлгүй ажлаа эрчимжүүлж, шуурхай, хариуцлагатай ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

  • ӨНГӨРСӨН ОНД 1680 БАГШ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЖЭЭ

    ~ Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболдын багш нарын баярын 46 дахь өдрийг тэмдэглэх арга хэмжээнд хэлсэн үг ~

    Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид ээ,

    Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн мэргэд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ажил үйлс амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Манай ард түмэн эрт дээр үеэсээ эрдэм ухааныг эрхэм баянд тооцож, багшийг шүтэж ирсэн их уламжлалтай билээ. Энэ уламжлалыг нандигнан хадгалж, багш нарынхаа баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Багшгүй хүн гэж бараг үгүй. Тиймээс энэ баяр бол эрдмийг эрхэмлэдэг, багшийнхаа ач тусыг санаж, дурсаж явдаг хүн бүрийн баяр юм.

    Улсын болоод хүний хөгжил сайн багшаас эхтэй гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Тиймээс багшийн суу алдрыг дуурсгаж, эрхэмлэн хүндэлж явахаас гадна тэднийхээ ажиллах, амьдрах орчин нөхцөлд онцгой анхаарал хандуулах ёстой. Манай Засгийн газраас энэ хичээлийн жилд багтааж Багшийн хөгжлийн ордонг ашиглалтад оруулж, Багш нарын мэргэжил дээшлүүлэх байнгын үйл ажиллагаатай, институцыг 18 жилийн дараа дахин сэргээн байгуулж байна. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу ерөнхий боловсролын сургуулийн багш бүрийг зөөврийн компьютертэй болгох зорилтыг  бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх болно.

    Өнгөрсөн онд Засгийн газрын тэргүүний хувьд багш нартайгаа уулзахдаа нийгмийн асуудалд нь анхаарч, орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлж эхлэхийг үүрэг чиглэл болгосон. Энэ бодлогын хүрээнд өнгөрсөн онд 1680 багш, боловсролын албан хаагчийг орон сууцны зээлийн хөтөлбөрт хамруулж орон сууцтай болгосон. Харин энэ жил Улаанбаатар хотод 5000 багшийн орон сууцны шинэ хорооллыг барих ажлыг эхлүүлнэ. Мөн 100,000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд багш нарын бодит орлогыг харгалзан зээлийн орон сууцтай болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байна.

    Засгийн газар энэ жилд багш нарын цалинг хоёр удаа нэмэхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд гурван талт хэлэлцээрийн хүрээнд хоёрдугаар сарын нэгнээс эхлэн багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх төсвийн тодотгол хийхээр УИХ-д хандсан. Уг асуудлыг удахгүй шийдвэрлэнэ гэж бодож байна. Ингэснээр багш нарын цалин 2008 оны түвшингээс хоёр дахин нэмэгдэнэ. Багш нарынхаа нийгмийн асуудлаас гадна ажиллаж амьдрах орчин нөхцөлийг хангах асуудлыг хуулийн хүрээнд бүрдүүлэхэд анхаарч байна. Ийм бодлогын хүрээнд манай Засгийн газар боловсролын тухай багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг санаачлан УИХ-д өргөн бариад байна. Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд багш нарын хүсэн хүлээж байсан олон асуудлыг тусгасан. Тухайлбал,  

    • Боловсролын байгууллагад ажиллагсдыг 5 жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах,
    • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах албан тушаалтны мэргэшлийг улсын төсвийн хөрөнгөөр 5 жил тутам дээшлүүлэх,
    • Сум, тосгон, багийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, цэцэрлэгийн туслах багш, номын санч, сургуулийн эмч нарыг 5 жил тутам 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид хамруулах,
    • Бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш болон одоо мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хуульд заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан бол тэтгэвэрт гарахад 24 сар, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох,
    • Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгодог болох асуудлуудыг тусгаад байна.

    Эдгээр заалтууд нь багш нарын амьдралд тодорхой хэмжээгээр тус дэм болно гэж Засгийн газар үзэж байна. Өчигдөр хуралдсан МАН-ын III бага хурлаас “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлахдаа боловсролын салбарт томоохон зорилтуудыг дэвшүүлсэн. Бага хурлын хэлэлцүүлгийн явцад багш мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, багшийн цалинг төрийн албан хаагчдын цалингийн зэрэглэлийн дээд шатанд авчрах саналыг би зөв зүйтэй гэж үзээд хөтөлбөрт тусгахыг үүрэг болгосон.

    Өрсөлдөх чадвартай, чанартай, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол, мэргэжил олгох замаар боловсролын системийг өөрчлөн шинэчлэх нь ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангах, улс эх орны эрчимтэй хөгжил, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааг хангах үндэс юм. Тиймээс манай Засгийн газар боловсролын салбарын шинэчлэлийн асуудалд ихээхэн анхаарч төрийн өмчийн их дээд сургуулийн тоог цөөлж, анх удаа дэлхийн жишгийн дагуу хотхон хэлбэрээр хөгжүүлэх бодлогоо тодорхой болголоо. Мөн Ерөнхий боловсролын сургуульд Кембрижийн стандартыг нэвтрүүлэх ажил бодитойгоор хэрэгжиж эхлээд байна.

    Уг зорилтыг хэрэгжүүлэхэд, монгол хүнийг дэлхийн хэмжээний боловсролтой болгоход багшийн үүрэг, санаачилга чухал нөлөө үзүүлнэ. Энэ бодлогын хүрээнд багшийн мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч байна. Цаашид боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, хүн амаа өрсөлдөх чадвартай, хөгжсөн иргэн болгохын тулд манай Засгийн газар шаардлагатай бүхий л арга хэмжээг авах болно гэдгээ илэрхийлье. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх, улс орноо хөгжүүлэх, хүүхэд залуусаа сурган хүмүүжүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын тогтолцоог бий болгох эрдмийн гэгээн үйлст тань амжилт хүсье.

    Багшийн суу алдар, заяа буян, эрдэм мэдлэг дэлгэрч байх болтугай.

  • ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

    ~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ~

    Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны хооронд байгуулах “Нийгмийн салбарыг дэмжих” хөтөлбөрийн хоёр дахь шатны Зээлийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжив. Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтсон байна. “Нийгмийн салбарыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн халамж, боловсролын салбарыг шинэчлэхэд чиглэсэн бодлогын 12 арга хэмжээг хэрэгжүүлэн, холбогдох 17 нөхцлийг бүрэн хангасны үндсэн дээр төсвийн алдагдлыг нөхөж, шаардлагатай зардлыг санхүүжүүлэхэд зориулж 1 тэрбум 550 сая иен буюу ойролцоогоор 20 сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг хоёр дахь шатанд зарцуулахаар төлөвлөжээ. Бодлогын арга хэмжээнд ядуу иргэдийг хамгаалах шинэчлэл хийх, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс санхүүжүүлэх ажлыг зорилтот бүлэгт чиглүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх зэрэг зорилт багтсан байна.

    ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨГӨ БАТЛАВ

    “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хавсралт ёсоор баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах болсон байна. Хөтөлбөрийн биелэлт, үр дүнг жилийн бүрийн I улиралд Засгийн газарт танилцуулж байх үүргийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд хүлээжээ. Төлөвлөгөөг 2020 он хүртэл хэрэгжүүлэх юм байна.   

    Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр хууль эрх зүйн орчин боловсронгуй болохын зэрэгцээ гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоо төгөлдөржиж, гамшигтай тэмцэх чиглэлээр бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, сайн дурынхны гүйцэтгэх үүрэг, хамтын ажиллагаа тодорхой болох юм. Мөн гамшгийн эрсдлийн үнэлгээний аргачлалыг НҮБ болон олон улсын жишиг үнэлгээний аргачлалд тулгуурлан боловсруулж, болзошгүй гамшгийн төрлөөр үндэсний хэмжээни эрсдлийн үнэлгээ хийнэ. Ингэснээр болзошгүй хохирлыг урьдчилан тооцоолох, хохирлоос зайлсхийх, сэргийлэх, аюулыг бууруулах ажиллагаа тодорхой болж, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд дэмжлэг болох зэрэг үр дүнд хүрнэ гэж тооцоолж байна.
       
    Б.ЦЭРЭНБАЛТАВЫГ ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГААР ТОМИЛОВ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Бат-Очирын Цэрэнбалтавыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томиллоо. Б.Цэрэнбалтав 1953 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. 1971 онд Нийслэлийн 3 дугаар дунд сургууль, 1975 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын хуулийн анги төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1975-1979 онд Улаанбаатар хотын Прокурорын газарт мөрдөн байцаах хэлтсийн дарга, 1979-1988 онд Дорнод аймагт туслах прокурор, прокурорын орлогч, 1988 онд Улсын ерөнхий прокурорын газрын тусгай хяналтын хэлтсийн прокурор, 1988-1997 онд Сүхбаатар аймагт прокурор, 1997-1999 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурор, 1999-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан. Төрийн албанд 35 жил ажилласан юм байна.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны 12 дугаар сарын 5-13-ны өдрүүдэд Кувейт Улсад албан ёсны, Катар Улсад ажлын айлчлал хийн, Доха хотноо НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны IV чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах болов.
    • УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын санаачлан боловсруулсан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжив. Хуулийн төслийг УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийцүүлсний зэрэгцээ сонгогчдын саналыг худалдан авах зэрэг хууль бус үйлдлийг хориглох, сонгогчид шилжихтэй холбоотой нарийн зохицуулалтыг тусгасан байна.
    • УИХ-ын гишүүн П.Алтангэрэлийн саначлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжлээ. Гэхдээ УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар өгсөн чиглэлийн дагуу хуулийг цогцоор нь судалж байгаа тул уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нэгтгэн авч үзэх нь зүйтэй гэж үзэв.
    • УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир Төрийн нийтийн зориулалттай өмчийн эрхийн тухай хуулийн төсөл саначилсан байна. Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцэн хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар боллоо. Төслийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд, бодит нөхцөл байдал болон бусад орны туршлагыг сайтар судлан, тусгайлан хууль гаргахгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсвэл уг хуулийг шинэчлэн найруулах замаар төрийн нийтийн зориулалттай өмчийн эрхтэй холбоотой харилцааг зохицуулах боломжтой гэж үзсэн байна.
    • УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчигийн санаачлан боловсруулсан Компанийн тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэд хэдэн үндэслэлээр дэмжих боломжгүй гэж үзлээ.
    • Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Монголын талын ажлын хэсгийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоор ахлуулан байгууллаа.
    • “Эрдэнэс Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн тухай асуудлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Оюутолгой төслийн хувь нийлүүлэгч “Рио Тинто” компани нь “Айвенхоу Майнз” компани дахь өөрийн хувь эзэмшлээ 51 хувьд хүргэн нэмэгдүүлсэн талаар УИХ-ын холбогдох Байнгын хороодод мэдээлэл хийж, танилцуулахыг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
    • Монгол Улсаас Андоррагийн Хант Улс, Бүгд Найрамдах Гамби Улс, Бүгд Найрамдах Гондурас Улс, Бүгд Найрамдах Малави Улс, Бүгд Найрамдах Науру Улс, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Доминикийн Хамтын Нөхөрлөл Улс, Коморосын Холбооны Улс, Самаогийн Тусгаар Улс, Сент-Винсент ба Гренадин Улс, Соломоны Арлууд Улс, Тувалу Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.


  • Бага орлоготой өрхийн амьжиргааг дундаж хэмжээнд хүргэхийн төлөө Засгийн газар ажиллана

    Чинээлэг нь өндөр татвар төлдөг, бага дунд орлоготой нь татуу татвар төлдөг тогтолцоог бүрдүүлэх, амьжиргаагаа сайжруулж, бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлж байгаа өрхүүдийг татварын бодлогоор дэмжинэ. Татварын ийм тогтолцоо нь шударга ёсыг үгээр бус үйлдлээр тогтооно гэдэгт итгэж байна. Иргэдийг, жижиг дунд үйлдвэрлэгчдийг барьцаа хөрөнгөгүйн зовлонгоос гаргах, хүүгийн татвараас нимгэлэх зээлийн шинэ бодлого гаргана. Ингэж иргэдэд санхүүгийн эрх чөлөөг бодитой олгох эрх зүйн орчин, хөтөлбөр төслүүдийг  хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Төрийн ордонд болсон Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг нээж хэлсэн үгэндээ тодотголоо.

    Мөн тэрбээр “Монгол төрийн бодлогын цөм нь монгол хүн, монгол айл өрх юм. Тиймээс ч бага орлоготой иргэдийнхээ амьжиргааг дундаж хэмжээнд хүргэх, идэвх санаачилгатай ажиллаж байгаа өрхийг урамшуулах бодлого баримтлана. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх бодлогыг  хэрэгжүүлнэ. Үүнийг бид сонгууль хүлээлгүй хэрэгжүүлж ажил хэрэг болгох ёстой гэдгийг тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байр бий болгон иргэдээ байнгын ажилтай, орлоготой байлгахад түлхүү анхаарсан. Зорилтод жилийн ажлын дүнд 72 мянган иргэн байнгын ажлын байртай болсон.

    Ер нь иргэдээ ажилтай орлоготой болгох, улмаар өрхийн хөгжлийг дэмжих ажил С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын хамгийн чухал зорилт билээ. Тиймээс ч  2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгохоо Засгийн газрын тэргүүн шинэ оны ажлын анхны өдөр Хэнтий аймагт ажиллах үеэрээ амласан. Засгийн газрын нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар энэхүү амлалт бодит ажил болж энэ оныг Өрхийн хөгжлийг дэмжих жилээр зарласан юм.  Мөн Засгийн газрын шинэ оны анхны тогтоолоор “Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэйгээр байгуулан ажиллаж эхлээд байгаа юм.

    Энэхүү Үндэсний хороог Засгийн газрын тэргүүн С.Батболд ахалж байгаа бөгөөд өнөөдөр болсон энэхүү арга хэмжээнд Засгийн газрын гишүүд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо болон аймаг, нийслэлийн удирдлагууд оролцлоо. Засгийн газар энэ онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2 удаа, нийт 50 гаруй хувиар  нэмнэ. Нийт иргэддээ 1.0 сая төгрөгийг хувьцаа эсвэл бэлэн мөнгө гэсэн сонголт бүхий хэлбэрээр олгохоор ажиллаж байна. “Шинэ бүтээн байгуулалт” төслийн хүрээнд “100 мянган орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, орлого багатай өрхийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, бага орлоготой өрхийн эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнийн хөнгөлөлт үзүүлэх, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг  зохицуулахад эдийн засгийн хөшүүргийг зохистой хэрэглэх зэрэг олон асуудлыг энэ жилийн хүрээнд шийдвэрлэнэ гэдгээ ч Засгийн газрын тэргүүн онцолж байлаа.

    Өрхийн хөгжлийг дэмжих жилийн нээлтийн ажиллагаанд оролцсон аймаг, нийслэлийн удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг даалгавар өгсөн юм. Монгол Улсын Засгийн газар 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил  болгон зарлаж 70 гаруй мянган байнгын ажлын байр шинээр бий болгосон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн энэхүү бодлого, үйл ажиллагааг энэ онд ч мөн үргэлжлэн хэрэгжүүлнэ. Өнгөрсөн жил орон нутгийн удирдлагуудын ажлыг дүгнэх гол үзүүлэлт нь хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжив, хэчнээн хүн ажлын байртай болов гэдгээр хэмжигдэж байсан бол энэ жил мөн адил хэчнээн  өрх, иргэдийн амьжиргааг дэмжив, үүний үр дүнгээр үнэлнэ гэдгийг анхаарууллаа. Мөн халамжийн шинэчлэлтэй уялдуулан шинээр хийх ажил олон байгааг хэлээд энэ ажилд орон нутгийн удирдлагууд онцгой анхаарч ажиллах нь чухал гэдгийг Ерөнхий сайд анхаарууллаа.

    Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг бодитой, үр дүнтэй ажил болгоход иргэдийн идэвх оролцоо чухал гэдгийг ч Ерөнхий сайд тэмдэглэж байлаа. Өөрөөр хэлбэл, ажилгүй байгаа хүн бүр ажил хийх, залхуурлаас ангижрах, орлоготой болох хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал байна. Өрх бүр өрхийн төсөв болон хөгжлийн төлөвлөгөө боловсруулж хэвших нь зүйтэй байна. Энэ нь тухайн өрхийн хэрэгцээ, чадавхид тулгуурлан өрхийн хөгжлийг дэмжих бодлогын үндэс байх болно гэдгийг Засгийн газрын тэргүүн зөвлөж байлаа.

    Монгол Улсын 742,3 мянган өрх, түүний дотор нийгмийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгаа өрхүүдийн амьдрал ахуйд бодитой өөрчлөлт, ахиц гаргахад та бидний хүчин чармайлт, хамтын үйл ажиллагаа чиглэгдэх учиртай. Ингэж чадвал зорилтод жилийн ажил үр дүнд хүрнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд, Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хорооны дарга С.Батболд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • ДЭД САЙД НАРЫГ ТОМИЛЛОО

    Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг томиллоо. Гадаад харилцааны дэд сайдаар Г.Тэнгэр, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар П.Баянмөнх, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар Н.Номтойбаяр, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Б.Цэнгэл, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар Ц.Гарамжав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар Б.Ундармаа нарыг томиллоо. Дэд сайдуудыг томилохдоо Засгийн газрын өмнө тавигдаж байгаа зорилтыг хэрэгжүүлэх, тухайн ажлыг хариуцах чадвар, ажлын туршлага зэргийг нь харгалзан үзсэн байна.

    Дэд сайд нарыг томилсоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Төрийн ажлыг цаг алдалгүй шуурхай явуулах үүднээс дэд сайд нарыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ийнхүү томиллоо. Дэд сайдууд хамгийн дайчин, хамгийн шуурхай ажиллах ёстой хүмүүс. Өдөр тутмын ажлаа сайн хийхээс гадна бодитой, үр дүнтэй хоёроос доошгүй ажил санаачлан хийхийг үүрэг болгож байна” гэв.  
        
    Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр

    1974 онд төрсөн. 1987-1991 онд Улаанбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991-1993 онд Техникийн их сургуулийн Компьютер, техник менежментийн сургууль, 1993-1994 онд Токио хотын Гадаад хэлний сургууль, 1994-1998 онд Япон Улсын Ёкохамагийн Үндэсний дээд сургууль төгссөн. Удирдлагын ухааны бакалавр. 1998-2000 онд Японы “БСП” компанид мэргэжилтэн, 2000-2001 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2001-2005 онд Японы “Коника Минолта” компанид мэргэжилтэн, 2005-2009 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны Гадаад харилцааны албаны дарга, 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 2 жил ажиллажээ.

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд П.Баянмөнх

    1970 онд төрсөн. 1993 онд ХААИС-ийг Мал зүйч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хөдөө аж ахуйн ухааны доктор. 1993-1995 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2010 онд ХХААХҮЯ-нд сайдын туслах, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 14 жил ажиллажээ.
       
    Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр

    1978 онд төрсөн. 1997-2000 онд АНУ-ын Ваппарайсо их сургуулийг Улс төр судлал, практик бизнес гэсэн хос мэргэжлээр, 2009-2011 онд ХБНГУ-ын Техник, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага, инженерингийн магистр цолтой төгссөн. 2001-2009 онд Тагнуулын ерөнхий газар, 2010 оноос “МАК” компанийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.  Төрийн албанд 7 жил ажиллажээ.

    Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Цэнгэл

    1968 онд төрсөн. 1985-1990 онд ЗХУ-ын Иваново хотын Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2000-2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистр цолтой төгссөн. 1990-1992 онд Дархан хотын шүүхэд нарийн бичгийн дарга, 1992-1999 онд НИТХ, НЗДТГ-ын зохион байгуулагч, хуулийн зөвлөх, 2000-2000 оны 6 дугаар сар хүртэл Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер, 2000-2008 онд Гаалийн байгууллагад албаны дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, 2008-2012 онд ЗТАЖЯ, ЗТБХБЯ-нд Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 21 жил ажиллажээ.

    Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав
        
    1959 онд төрсөн. 1975 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1976-1981 онд МУИС, 1984 онд ЗХУ-ын Москва хотын их сургууль, 1993 онд Итали Улсын Ром хотын их сургуулийг инженер-геологич, ашигт малтмалын гэрээ эрх зүйч мэргэжлээр төгссөн.  Геологийн ухааны магистр. 1981-1992 онд Улсын барилгын зургийн институт, Геологийн товчоонд лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, 1992-2012 онд “Монполимет” группын ерөнхий захирлаар ажиллаж байсан. Төрийн албанд 10 жил ажиллажээ.  

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ундармаа

    1964 онд төрсөн. 1972-1982 онд Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль, 1982-1983 онд ЗХУ-ын Эрхүү хотноо хэлний бэлтгэл, 1983-1988 онд Москва хотын Удирдлагын дээд сургууль төгссөн. Инженер-эдийн засагч, удирдлага зохион байгуулалтын мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор. 1989-1990 онд Удирдлагын хөгжлийн институт, 1990-1994 онд БСШУЯ-ны дэргэдэх Олон улсын лабораторид эрдэм шинжилгээний ажилтан, 1994-2009 онд “Бишрэлт” группийн захирал, 2010-2011 онд “Гэр бүл хөгжил төв”-ийн тэргүүнээр ажиллаж байсан. Төрийн албанд 6 жил ажиллажээ.