Ангилал: мэдээ-мэдээлэл

  • С.Батболд: Хамтарсан Засгийн газрын хөтөлбөрийг 100 хувь биелүүлэхийн төлөө ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Засгийн газрын тэргүүн мэдээллийн эхэнд, Монгол Улсын Засгийн газрыг бүрдүүлэх ажил ид явж байгааг хэллээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт АН-ын дарга, Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай уулзаж, ҮЗХ-ны хурлын шийдвэрээр хамтарсан Засийн газрын бүрэлдэхүүнд АН-аас орж ажиллаж байгаа зургаан сайд чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг албан ёсоор мэдэгдэж, гарын үсэгтэй өргөдлөө гардуулсныг эхлээд дурдав.

    Төр, засгийн ажил завсаргүй, цалгардахгүй явах ёстой. Энэ зарчмын үүднээс Ерөнхий сайдын хувьд, УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа  МАН-ын даргын хувьд асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлд шуурхай танилцуулсан байна. Засгийн газрыг шуурхай, бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулах нөхцөл боломжоор хангах ёстой. Тодорхой зарчмаар хангах ёстой гэдгийг Удирдах зөвлөлд танилцуулснаа Ерөнхий сайд хэллээ. Засгийн газрыг цаг хугацаа алдахгүйгээр, төр, засгийн ажил цалгардахгүйгээр, завсар гаргахгүйгээр бүрдүүлэх ёстой гэсэн зарчмыг Удирдах зөвлөл дэмжсэн байна.

    Засгийн газар одоогийн бүтэц бүрэлдэхүүнээрээ ажиллах ёстой гэж үзжээ. Хамтарсан Засгийн газрыг 2008 онд байгуулахдаа мөрийн хөтөлбөр боловсруулж тавьсан. Хөтөлбөрийн агуулга, цар хүрээ Монгол Улсын хөгжил дэвшлийг нэлээд томоор урагш ахиулах чиглэлтэй. Энэ ажил дунджаар 82 хувьтай явж байгаа. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг Монгол ардын зүйр үгээр Засгийн газар тавьсан зорилтуудаа бүрэн дүүрэн 100 хувь хэрэгжүүлэхийн төлөө цаашид ажиллах ёстой гэдэг зарчмыг гол болгосноо Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдсан юм. АН Засгийн газраас гарсан ч МАН үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж ард түмнийхээ итгэл дэмжлэгээр өмнөө тавьсан зорилтуудаа өөрчлөхгүйгээр бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ мөн илэрхийллээ.

    Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тохирсон бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ анхнаасаа баталсан. Нэгэнт зорилтууд хэвээрээ байгаа учир МАН дангаараа тэдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө эрч хүчтэй итгэлтэй ажиллаж чадна гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр илэрхийлсэн юм. МАН түүхэн хариуцлагыг үүрсээр ирсэн, өнөөдөр ч хүлээж аваад хэрэгжүүлэх чадвартай, бололцоотой улс төрийн хүчин. Цаашдаа ч хийж чадна гэдэгт ард түмэн итгэдэг  гэдгийг Гүйцэтгэх засаглалыг тэргүүн сэтгүүлчдэд хэлээд зургаан сайдаа шуурхай томилж, Засгийн газрын өнөөгийн бүтцийг хэвээр үлдээн ажиллуулна гэдгээ мэдэгдсэн юм. Тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэх хамгийн хариуцлагатай сүүлийн жилдээ орсон тул бүтцийг өөрчлөх шаардлагагүй гэж үзжээ.

    Зарим орон тоог цөөлөх санал гарч байгаа ч өнөөгийн хэрэгжүүлж буй зорилтод үл хамаарах тул цаашид шинэ сонгуулийн дараа шинэ зорилтууд хэрэгжүүлэхдээ түүнд тохирсон бүтэц, бүрэлдэхүүн бүрдүүлэх үедээ гарцаагүй бодолцох ёстой гэдгийг ч хэлж байв. Шинээр сайдад нэр дэвшүүлээд буй хүмүүсийн гурвыг УИХ-аас, гурвыг гадна талаас төрийн мэргэшсэн, өндөр чадвартай, туршлагатай гишүүдээсээ сонгожээ. МАН боловсон хүчин сайтай тул Ерөнхий сайдын саналаар зарим салбарт өрсөлдөөний зарчим дээр нэр дэвшигчдийг тодруулсан гэлээ. Ингээд гаргасан шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвшилцөхөөр өнөөдөр хүргүүлжээ. Өмнө нь өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж санал бодлоо солилцсон гэдгээ дурдлаа.

    Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийн хувьд МАН-ын туршлагатай, шилдэг  боловсон хүчнүүд гэдгийг онцлов. Төр, засгийн үйл ажиллагаа бол гол зорилт, бүх эрч хүчээ түүнд зориулах ёстой тул МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг Тэргүүн шадар сайдад санал болгосон байна. МАН-ын гол боловсон хүчнүүдийг намын үйл ажиллагаанд чиглүүлэх бус төр, засгийн үйл ажиллагаанд чиглүүлэх ёстой хэмээн үзэж ийм сонголтод хүрсэн аж. “Намынхаа шилдэг боловсон хүчнүүд, тэр дотроо МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж байгаа нь өндөр ач холбогдол өгч буйн илэрхийлэл юм.

    Сайдад нэр дэвшигчид 12-25 жил төр, захиргааны ажил алба хашсан, төр, захиргаа, улс төр, мэргэжил, салбарын  шалгуурыг бүрэн дүүрэн хангах хүмүүс байгаа. Тэргүүн шадар сайдад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Сангийн сайдад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхирваа, ЗТБХБ-ын сайдад энэ салбарт дэд сайд байсан УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Батлан хамгаалахын сайдад энэ салбарын мэдлэгтэй, энэ салбарын төлөө сэтгэлтэй залуу боловсон хүчин Ж.Энхбаярыг дэвшүүллээ. Эрүүл мэндийн сайдад салбартаа танигдсан, мэргэжлийн, салбартаа төрийн захиргааны хамгийн өндөр албан тушаалыг хашиж байгаа ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Байгаль орчны сайдад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатарыг дэвшүүллээ. Байгаль орчны асуудал бол дотоодын ч, олон улсын харилцааны ч, бүс нутгийн ч, дэлхий нийтийн ч, аялал, жуулчлалын ч асуудал юм” гэлээ. Чадвартай, шилдэг улстөрчдийг сайдын суудалд нэр дэвшүүлснээ Ерөнхий сайд дахин илэрхийлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Хэчнээн өрхийн амьжиргааг дээшлүүлэв гэдгээр нь Засаг дарга нарын жилийн ажлыг дүгнэнэ

    Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байр бий болгон иргэдээ байнгын ажилтай, орлоготой байлгахад түлхүү анхаарсан. Зорилтод жилийн ажлын дүнд 72 мянган иргэн байнгын ажлын байртай болсон. Аливаа өрх гэр ажилтай, орлоготой гэмээ нь амьдарсан шиг амьдарна. Тиймээс ч Ерөнхий сайд С.Батболд шинэ гарч буй 2012 оныг өрх, гэр бүлийг дэмжих жил болгож энэ зорилтын хүрээнд бага орлоготой өрх, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихэд онцгой анхаарна гэж хэлсэн. Тэрбээр шинэ оны ажлын анхны өдрөө хөдөө орон нутагт очиж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид, иргэдийн санаа бодлыг дунд нь орж сонссоноор эхэлсэн. 

    Засгийн газрын тэргүүн С.Батболд өнгөрсөн мягмар гаригт буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр Ерөнхий сайд болон МАН-ын даргын хувиар “Хархорин”, “Нарантуул” зэрэг худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийхдээ ч мөн зорилтод жилийн талаар танилцуулж, тэдний байр суурийг сонссон. Энэ бүхний баталгаа болж нэгдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жилээр зарлаж ”Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталсан юм.

    Мөн Засгийн газрын шинэ оны анхны тогтоолоор “Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог төрийн болон төрийн бус байгууллагуудын  төлөөлөлтэйгээр байгуулан ажиллаж эхлээд байгаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд даргалж байгаа бөгөөд тэрбээр өнөөдөр анхны хуралдаанаа Төрийн ордонд хийлгэлээ.

    Өрхийг өөрсдийнх нь оролцоо, санаачилгад тулгуурлан боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний зэрэг багц үйлчилгээгээр дэмжиж өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллахад үйл ажиллагаагаа чиглүүлэх учиртай. Энэ хүрээнд өрхийг дэмжих, ялангуяа бага орлоготой иргэдийнхээ амьжиргааг дундаж хэмжээнд хүргэх, амьжиргаагаа дээшлүүлэх талаар санаачилгатай ажиллаж байгаа өрхийг урамшуулах бодлого хэрэгжүүлнэ гэдгээ Үндэсний хорооны дарга С.Батболд хуралдааны үеэр хэллээ.

    Ингэхдээ дан ганц санхүүгийн дэмжлэг үзүүлэх бус хөдөлмөрийн  чадвартай гишүүдийг нь байнгын ажлын байраар хангаж, амьжиргааны эх үүсвэртэй болгох нь чухал. Зорилтод жилийн үйл ажиллагааны гол цөм нь иргэдийн идэвх санаачилгатай ажиллах, амьжиргаагаа өөд нь татах амьдралын арга хэлбэрийг илүүтэй урамшуулахад түлхүү анхаарах зарчим байх болно гээд эзэн хичээвэл заяа хичээнэ хэмээн Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Эндээс залхуурлыг арилгах, амьдрах арга ухаанаа олоход ашиг тустай олон арга хэлбэрийг олж харна гэдгийг ч тэрбээр тодотгоод өрх, иргэдийн аж амьдралд бодитой, нааштай үр дүн, ахиц гаргахыг шат шатандаа зорьж, хүн хүч, төсөв хөрөнгийг дайчлан ажиллахыг чухалчиллаа.

    Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг зохион байгуулахтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн  газрын гишүүд болон аймаг нийслэлийн Засагт дарга нарт албан даалгавар хүргүүлж, тодорхой үүрэг даалгавар өглөө. Өнгөрсөн жил орон нутгийн удирдлагуудын ажлыг дүгнэх гол үзүүлэлт нь хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжив, хэчнээн хүн ажлын байртай болов гэдгээр хэмжигдэж байсан бол энэ жил өрх, иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэгдсэн арга хэмжээ, үр дүнгээр үнэлэх болно. Манай улсын 742 мянган өрх, түүний дотор нийгмийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгаа өрхүүдийн амьдрал ахуйд бодитой өөрчлөлт, ахиц гаргахад Үндэсний хорооны нийт гишүүдийн хүчин чармайлт, хамтын ажиллагаа чиглэгдэх учиртай гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд үндэсний хорооныхоо гишүүдэд онцлон хэллээгэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • ИМПОРТЛОГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХЭЛЭЛЦЭН ТОХИРОЛЦОЖ ҮНЭ НЭМСЭН НЬ ТОГТООГДЛОО

    ~ Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр болов.  Бензин, шатахууны үнийн өсөлт юунаас болж үүдсэнийг шалгасан дүн, гаргасан дүгнэлтийг хэлэлцэн, буруутай албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө ~

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд үүссэн үнийн хөөрөгдлийн учир шалтгааныг бодитоор тогтоож, үнэ үндэслэлгүй нэмсэн газрууд, ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудад зохих шийтгэлийг нь оногдуулж, Засгийн газраас шуурхай арга хэмжээ авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн даваа гарагаас эхлэн өөрийн шууд удирдлага дор Ажлын хэсгүүд гарган газар дээр нь шалгалт хийлгэн, бодит байдлыг тогтоосны үр дүнд үнийн хөөрөгдлийг зогсоож чадлаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас газрын тосны бүтээгдэхүүн импортлон борлуулдаг нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсний дараа тэднийг хэлэлцэн тохиролцсоны дагуу үнэ нэмсэн гэж дүгнэсэн байна.     

    Хяналт, шалгалтын дүнг Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэв. Газрын тосны бүтээгдэхүүний импорт, борлуулалт эрхэлдэг “НИК”, “Петростар”, ”Магнай трейд”, ”Содмонгол групп”, “Шунхлай групп”, ”Жаст ойл”, “Ойн бирж”, “М-Ойл”, “Петрожамп” компани энэ оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хуралдан нэг литр АИ-92 автобензинийг 1850, дизелийн түлшийг 1885, А-80 бензинийг 1550 төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Улмаар аж ахуйн нэгжүүд тэр даруй үнээ нэмсэн бол “НИК”, “Петростар”, “Петрожамп”, “Содмонгол групп” хэд хоногийн дараа үнээ нэмж, бусдаасаа 30-35 төгрөгийн хямд үнээр бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн байна. 

    Үүссэн нөхцөл байдлын хүрээнд Шалгалтын хэсэг валютын ханшны нөлөөллийг Монголбанкны 11 дүгээр сарын дундаж албан ханштай зэрэгцүүлэн авч үзсэн байна. 2012 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн ам.долларын албан ханш 1429 төгрөг болсон бөгөөд ханшийн зөрүүгээр нэг литр А-80 бензин 93, АИ-92 бензин 113, дизелийн түлш 118 төгрөгөөр нэмэгдэхээр байжээ. Мөн өдөр “Найман шарга” валютын захад ам.доллар 1475 төгрөг байсан бөгөөд ханшийн зөрүүгээр нэг литр А-80 бензин 133, АИ-92 бензин 163, дизелийн түлш 170 төгрөгөөр өсөхөөр байсан гэсэн тооцоо гарсан байна.

    Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд автобензин, дизелийн түлшний үнийг литр тутамд 235-260 төгрөгөөр нэмсэн нь ханшийн зөрүүгийн нөлөөллөөс нэлээд өндөр байгаа нь шалгалтаар тодорхой болжээ. Дээрх аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх үед болон түүнээс хойш гаднаас авсан, өмнө нь валютын ханшны үнийн өсөлт ороогүй үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байгаа нь бэлтгэн нийлүүлэгч компаниас ирүүлсэн баримт, газрын тосны бүтээгдэхүүний нөөц хэвийн хэмжээнд байгаагаар нотлогдож байна гэж Шалгалтын хэсэг дүгнэжээ. Импортлогч аж ахуйн нэгжүүд нь бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний нөхцлийн дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл нийт 7,5 сая ам.доллар буюу нийт төлбөрийнхөө 11,7 хувийг нь л төлжээ.

    “Импортлогч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг харилцан тохиролцож нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11.11-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”-ыг хориглоно гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэх үндэслэлтэй” гэж Шалгалтын хэсэг үзсэн байна. Түүнчлэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 144 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь газрын тосны бүтээгдэхүүний үнийг өсгөх талаар хэлэлцэн тохиролцож, шийдвэр гаргах эрх, үүрэггүй гэдгийг ч тогтоожээ. Холбогдох хууль тогтоомжид ч энэ талаархи зохицуулалт байхгүй учир Ажлын хэсгээс гаргаж байгаа газрын тосны бүтээгдэхүүний үнийг өсгөх шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжтойг шалгалтын дүн нотолжээ. 

    Иймд Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, бүтээгдэхүүнийхээ үнийг харилцан тохиролцож нэмсэн дээрх нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хуульд зааны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын тодорхой хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох тухай асуудал яригдаж байна.

    АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн шалгалтын дүнтэй танилцсаны дараа гишүүдийн дийлэнх нь холбогдох газрууд үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч чадаагүй гэсэн дүгнэлтэд хүрлээ. Тухайлбал Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсанаар ахлуулсан Ажлын хэсгийн хуралдааны үеэр илт хууль зөрчсөн, үнэ нэмэх асуудал яригдаж байхад таслан зогсоох, буруу шийдвэр гаргаж болохгүй гэдгийг ойлгуулахын оронд хурал хаяж гарсан нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орлогч дарга болон мэргэжилтнүүдийн буруу гэж үзлээ.

    Иймээс үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг  хуралдаанаас гаргалаа. Мөн Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амараа, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орлогч дарга Ц.Доржпалам нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, дээрх хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан ажил цалгардуулахгүй байх үүднээс зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авахыг Тэргүүн шадар сайд болон салбарын сайдад үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Шинэ Үндсэн хуулиа хүндэтгэн цэцэг өргөлөө

    Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, мөрдөгдөж эхэлсний 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэхүү түүхэн үйл явдлыг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны `хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Төр засгийн удирдлагуудаас гадна 20 жилийн өмнө шинэ Үндсэн хуулиа батлалцан түүхэн бөгөөд хариуцлагатай үүргийг ард түмнээ төлөөлөн гүйцэтгэсэн АИХ-ын депутатууд ч энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.   

  • Хамтарсан Засгийн газраас гарах хүсэлтээ өглөө

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан АН-ын гишүүн сайд нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өглөө. Тус бичгийг Монгол улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр гардуулан өгсөн байна. Тэд Засгийн газрын тэргүүнд өгсөн  бичигтээ “ 2012 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 35 дугаар хуралдааны тогтоолоор Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах нь зүйтэй гэж санал нэгтэйгээр шийдвэрлэснийг үндэслэн Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу хамтарсан Засгийн газрын гишүүд бид албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлж байна “ гээд гарын үсгээ зурцгаажээ.
     

  • ЗОХИХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХООР БОЛЛОО

    ~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаас “Бензин шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийн өөрчлөлтийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөл”-ийг Сангийн сайдаар ахлуулан байгуулав. Мөн “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа ~

    Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан валютын ханш огцом өссөний улмаас автобензин, дизелийн түлш, өргөн хэрэглээний болон хүнсний зарим бараа, үйлчилгээний үнэ зохиомлоор өсч байгааг хязгаарлах зорилгоор ам.долларын ханшийг тогтвортой хэмжээнд буулган валютын зах дээрх ам.долларын хомсдлыг арилгах арга хэмжээ авч, гадаад орнуудаас газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах ам.долларыг Монголбанкны албан ханшаар тооцож импортлогч компаниудад эхний ээлжинд худалдах талаар зохицуулалт хийж байхыг Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөлөө.

    Газрын тосны улсын нөөцийн бүтээгдэхүүн хадгалах агуулах, савны хангамжийг сайжруулах зорилгоор Улаанбаатар, Дархан, Чойрт баригдах, зураг төсөл нь хийгдсэн агуулах, сав барихад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын энэ оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүрэн хэмжээгээр тусгаж, барих ажил эхлүүлэхийг Сангийн сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт даалгав. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтвортой байлган импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад орнуудтай яриа хэлцэл хийж, гэрээ байгуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.

    Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд хариуцлагын асуудлыг хөндлөө. Үнийн хөөрөгдөл нийгэмд бухимдал төрүүлсэн энэ асуудал хариуцлага дагуулах үндэслэл хангалттай байна, мэргэжлийн байгууллагын хийсэн тооцоогоор шатахууны үнэ нэмэгдлээ гэхэд 170 төгрөгөөр л өсгөх тооцоо байтал аж ахуйн нэгжүүдийн аманд орж, удирдах дээд байгууллагадаа танилцуулалгүй, амралтын өдрүүдэд 260 төгрөгөөр өсгөсөн Ажлын хэсгийн ахлагч, дэд сайд Б.Ариунсан болон Газрын тосны газрын удирдлагуудад хариуцлага тооцохыг салбарын сайд Д.Зоригтод даалгалаа.

    Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчдийн эрх ашгийн хамгаалах нийгэмлэг  ажлаа маш хангалтгүй хийж байгаа тул хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа ч Ерөнхий сайд хэллээ. Инйхүү хуралдаанаас хаана, хэн хариуцлага алдсаныг шат шатанд нь тогтоон ирэх баасан гаригт  танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт үүрэг болголоо. Мөн иргэдийг хохироож, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш хөөрөгдөхөд хүргэсэн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хуралдаанаас үүрэг болголоо.

    НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮНСНИЙ ЗАРИМ БАРАА, НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЛАА

    Бензин шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Дотоодын зах зээлд давамгай байдлаа хууль бусаар ашиглан үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоох, түүнд Засгийн газрын болон хэрэглэгчийн зүгээс тавих хяналт, зохицуулалт дутагдаж байгаа. Энэ нь төгрөг, валютын ханш, бензин шатахууны үнэ өсөх, улмаар өргөн хэрэглээний болон хүнсний зарим бараа, үйлчилгээний үнэ өсөх шалтгаан болж байгаа учир хөтөлбөрийг боловсруулжээ.

    Төслийг гишүүд зарчмын хувьд дэмжсэн бөгөөд гаргасан саналыг нь тусган Сангийн сайдаар ахлуулсан Зөвлөл байгуулж, хөтөлбөрийг батлав. Энэ зөвлөл бензин шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийн өөрчлөлтийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг хүлээж байна. Зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, үр дүнг сар бүр Засгийн газарт танилцуулж байх юм. Эрхэлсэн асуудлын хүрээнд бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх, ажил, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, үнийг тогтворжуулах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зориулалтын дагуу зарцуулах, тэвчиж болох зардлыг хэмнэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж, явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.  

    Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд үнийн өсөлтөөс иргэдийн амьжиргааг хамгаалах зорилгоор төгрөг, валютын ханшийг тогтворжуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, боловсронгуй болгох юм. Энэ хүрээнд Засгийн газраас үнийн өсөлтөд илүүтэй өртөж байгаа бага орлоготой өрх, нийгмийн эмзэг хэсэгт дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ бүрдэлт, түүнийг зохицуулах чиглэлээр хууль тогтоомж, шийдвэрийг судалж, нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах юм байна.

    Мөн инфляцыг онилсон бодлого болон валютын ханшны тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах, валют болон төгрөгийн ханшны гэнэтийн өөрчлөлт үүсгэхгүй байх зорилгоор гадаад валютын томоохон гүйлгээнд зохицуулалт хийх, төлбөр тооцоонд гадаад валют ашиглахыг хориглох зэрэг арга хэмжээ авахаар боллоо. Сангийн яам ойрын хугацаанд төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулах, хөрөнгө оруулалтыг өрхийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулахад чиглүүлэх үүрэг хүлээсэн байна.

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь үнийн өсөлтийн шалтгааныг судлан, үнийг хэт өсгөсөн буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч нийтэд мэдээлэх, бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг тогтмол хийж байх боллоо. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний дотоодын жижиглэнгийн үнэ тогтоож байгаа аргачлалыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоод хамтран хянаж, бодит байдалд нийцүүлэхийн төлөө ажиллана. Үүний зэрэгцээ газрын тосны салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих асуудлыг судлаж, санал боловсруулах юм.

    Түүнчлэн нефтийн бүтээгдэхүүний дотоодын жижиглэнгийн үнийн өсөлтийг бууруулахын тулд НӨАТ-ыг тэглэх саналыг судлан, хангамжид доголдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын нөөцийн шатахуун бүрдүүлэхээр болжээ. Хүнсний өргөн хэрэглээний бараа, тухайлбал хэрэглэгчийн гарт очиж байгаа нэг кг мах, нэг ширхэг талх, зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, өөрийн өртгийн тооцоог  Үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчдийн оролцоотойгоор аж ахуйн нэгжүүдэд хийх, бараа, бүтээгдэхүүний борлуулалтын шат дамжлага бүрт гарч байгаа үнийн өсөлтийг сар бүр судлан нийтэд мэдээлж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    НӨӨЦИЙН МАХЫГ ЭНЭ САРЫН 15-НААС ХУДАЛДАЖ ЭХЭЛНЭ
     
    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, зах  зээл дэх үнийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ. Махны үнийн өсөлтийг сар бүр иргэдэд 21 000 төгрөг, оюутнуудад 70 000 төгрөгийн тэтгэлэг олгож байгаатай холбоотойгоор малчид малын махныхаа   борлуулалтыг багасгасан.

    Мөн 2011 оны хавраас эхэлсэн шатахууны үнийн өсөлттэй холбогдон орон нутгийн ачаа тээврийн зардал өссөн, гадаад валютын ханшийн өсөлт, үйлдвэрийн аргаар боловсруулаагүй махыг хууль бусаар зарим хилийн боомтоор экспортлох болсон зэргээс шалтгаалан махны үнэ өссөн байна.
    Үүнтэй холбогдуулан дотоод зах зээл дэх махны хангамжийг нэмэх зорилгоор дотоодын зах зээлд борлуулсан махыг НӨАТ-аас чөлөөлсөн хуулийг УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Мөн махны 22 үйлдвэр нөөцийн махыг 1 дүгээр сарын 15-наас худалдаанд гаргаж, зах зээлийн жижиглэнгийн үнээс 1000 төгрөгийн хямдаар борлуулах гэж байна. Үүний зэрэгцээ Засгийн газрын тогтоолын дагуу сар бүр махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж эхэлжээ.

    2011-2012 онд нөөцийн махны урамшуулалд 8 тэрбум төгрөгийг тухайн орон нутгийн төсөвт суулгаж, улсын хэмжээнд 16 мянган тонн мах нөөцөлсөн байна. Үүнээс Улаанбаатар хот 12 мянга, Дархан, Эрдэнэт тус бүр 1000, бусад аймаг тус бүр 100 тонн мах нөөцөлжээ. Хүнсний өргөн хэрэглээний барааны нэг болох гурилын үнэ сүүлийн жилүүдэд тогтмол буурч ирсэн тухай сайд Т.Бадамжунай танилцууллаа. Нэг кг цагаан будаа 2008 оны 4-5 дугаар сард 800-1350 төгрөг болж огцом өсч байсан бол өнөөдрийн байдлаар 1600-1645 төгрөг байгаа, гэхдээ энэ нь сүүлийн хоёр жилд харьцангуй тогтвортой байна гэсэн үг юм байна.   

    Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар авсан 9,7 мянган тонн цагаан будааг аж ахуйн нэгжүүдэд гэрээ байгуулан олгосны дүнд нэг кг цагаан будааны бөөний үнийг 1100 төгрөг, жижиглэнгийн үнийг 1300-1500 төгрөгт барьж чаджээ. Мөн ирэх 7 дугаар сард Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар будаа авахаар тохиролцсон бол БНХАУ-аас цагаан будааны квот авах, Бүгд Найрамдах Лаос Ард Улсад газар түрээслэж цагаан будаа тариалах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Ургамлын тос, элсэн чихрийн хангамж, нийлүүлэлт хэвийн, үнэ тогтвортой байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
         
    ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

    2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагаа, арга хэмжээг төсвийн багцаасаа санхүүжүүлэн хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Мөн өрхийн хөгжлийг дэмжих чиглэлээр зарцуулах нэмэлт хөрөнгийг төсөвтөө тусгаж байхыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд чиглэл болгожээ. 

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах үүргийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хүлээсэн байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах, одоо хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээтэй уялдуулан зохион байгуулахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдад, хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалттай холбоотой зардлыг Хүн амын хөгжлийн асуудлаархи Үндэсний хорооны төсөвт жил бүр тусган санхүүжүүлж байх болжээ.

    “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг 2012-2015 онд хэрэгжүүлнэ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 18 сарын дараа дунд хугацааны хяналт-шинжилгээ, хэрэгжиж дууссаны дараа үнэлгээ хийх юм байна. Хөтөлбөрт манай улсын нийт өрхийн 15-аас доошгүй хувь буюу хамгийн бага хэрэглээтэй 130 мянган өрхийг эхний ээлжинд хамруулах юм. дээрх өрхийн  20-иос доошгүй хувь нь ядуурлаас гарсан байна гэж төлөвлөжээ. Хөтөлбөрт хамруулах өрхийг сонгохдоо өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаж, мэдээллийн баазын бага хэрэглээтэй бүлэгт орсон, ийм судалгаа хийгдээгүй бол сум, хорооны түвшинд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатайг нь тогтоож, Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар баталгаажуулсан байх ёстой.

    Түүнчлэн өрхийн нөхцөл байдлын үнэлгээгээр заавал хөгжих өрхийн бүлэгт хамрагдсан байх, өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ албан ёсоор гаргасан байх шаардлага тавих юм байна. Хөтөлбөрийн хүрээнд өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.     

    ТОВЧ МЭДЭЭ

    • Гаргасан хүсэлтийг нь харгалзан Д.Сугарыг Төрийн өмчийн хорооны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
    • Монгол Улсын Ерөнхийлөгчийн боловсруулсан “Үндсэн хуулийн хичээл заах тухай” зарлигийн төслийг дэмжив. Гэхдээ төслийг “Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн тухай нэг цагийн хичээл заах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай” гэж өөрчлөн найруулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болов. Хэрэв энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр байвал түүний өмнөх ажлын өдөр Үндсэн хуулийн хичээлийн заахаар төсөлд тусгажээ.
    • УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн 2011 оны 12 дугаар сарын 9-14-ний өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах болов.
    • Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа-2 төслийн нэмэлт санхүүжилт-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг зарчмын хувьд зөвшөөрч, хэлэлцээрийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын  байнгын хороотой зөвшилцөн, хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. Нэмэлт санхүүжилт болох 11 сая ам.долларын ихэнх хэсгийг төслийн Олон нийтийн санаачилга, Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгүүдэд хуваарих бөгөөд орон нутагт дэд төслүүд хэрэгжүүлэхэд зарцуулах юм байна.  
    • Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.047 хувь байхаар тогтоож, энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр боллоо.
    • Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн Үндэсний дөрөвдэх илтгэлийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд танилцуулахаар боллоо.
    • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ирэх БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн үндэсний бага сургуулийн 60 хүүхдийг хүлээн авч амраах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт даалгав.
    • “Монгол Улсын иргэнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшүүлэх тухай “Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар тогтоолын хоёрдугаар зүйлийн “гэрээний үндсэн дээр” гэсний дараа “Монголын хөрөнгийн бирж” ХК гэж, мөн тогтоолын наймдугаар зүйлийн “Үнэт” гэсний өмнө “Монголын хөрөнгийн бирж” ХК гэж нэмэхээр болов. Тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн тусгай хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1995 оны 127 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтын “Нэг”-ийн 15 дахь заалтын дараа “16. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК гэж, “17. Монголын хөрөнгийн бирж” ХК гэж нэмэхээр шийдвэрлэлээ.
  • Хүний хөгжил санд ихээхэн орлого төвлөрүүлсэн аж ахуйн нэгжүүдэд өргөмжлөл гардууллаа

    Монгол Улсын Засгийн газар байгалийн баялгаас орох орлогыг иргэн бүрт ижил, тэгш нөхцөлөөр хишиг, хувь хүртээх зорилгоор 2010 оноос эхлэн “Хүний хөгжил сан” байгуулан ажиллаж байгаа билээ. Засгийн газрын энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхи гарган ажиллаж, тус санд ихээхэн орлого, эх үүсвэр төвлөрүүлсэн зарим аж ахуйн нэгжид  өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт нар хүндэт өргөмжлөл гардууллаа.

    Байгалийн баялгаа иргэддээ тэгш хувиарлах энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд чухал хувь нэмэр оруулж байгааг  Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр тэмдэглээд Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийллээ. “Хүний хөгжил сан”, Тогтворжуулах санд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон нийт 365,3 тэрбум төгрөг төвлөрүүлж манлайлсан бол  “Эрдэнэс МГЛ”,“Эрдэнэс Тавантолгой” компанийн хамт олон тус бүр 338,2 тэрмбум төгрөг төвлөрүүлж удаалжээ.

    Түүнчлэн “Оюутолгой” 338,0, тэрбум, “Тавантолгой”  56,8, “Монголын алт” компанийн хамт олон 47,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар нийгмийн хариуцлага, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, “Хүний хөгжил сан”-д ихээхэн хэмжээний мөнгө хуримтлуулахад томоохон хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдэд хүндэтгэл үзүүллээ.

  • С.Батболд: АИХ-ын депутатууд “ажилчин зөгий” шиг ажиллаж байжээ

    МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МАН-ЫН ДАРГА С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

    Эрхэм хүндэт депутатууд аа,

    Хатагтай, ноёд оо  

    Монгол Улсын шинэ Үндсэн Үндсэн хууль батлагдан мөрдөгдөж эхэлсний 20 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, урт удаан наслахыг Та бүхэндээ хүсэн ерөөе. Түүхэн бөгөөд нэн хариуцлагатай үүргийг ард түмнээ төлөөлөн гүйцэтгэж, өнөөгийн улс орны хөгжлийн үндсийг бүрдүүлж, улс төр, эдийн засгийнтусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь тавьж, хүний эрх, эрх чөлөөг дархлаажуулан баталгаажуулахад өөрсдийн дуу хоолой, ухааны хүчийг шавхан ажилласан АИХ-ын депутатууддаа Засгийн газрынхаа болон МАН-ын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, мэхийн хүндэтгэж байгааг минь хүлээн авна уу.

    Та бүхэнтэй нэг дор ийнхүү уулзах завшаан тохиосонд хувьдаа ихэд олзуурхаж байлаа. Уулзана хэмээн төлөвлөсний дараа одоогоос 20 жилийн өмнөх зарим түүхэн дурсамж, номыг зориуд эргүүлэн харлаа. Зарим мэдээ, түүхийг бас зориуд энд хэлмээр санагдлаа миний бие. Тухайлбал,
    Тухайн үеийн АИХ-ын дарга Ж.Уртнасан гуай: “Их цааз, Үндсэн хууль, Их засаг, Их хууль, Эх хууль гэх мэтээр Үндсэн хуулиа хэрхэн нэрлэх, улсаа Бүгд Найрамдах Монгол ард Улс, Бүгд Найрамдах Монгол Улс, Монгол Улс гэж нэрлэх асуудлаар 9 хоног элээж, зарим нь бид ерөөсөө хууль баталж чадахгүй нь ээ, хурлаа тараая гэж уриалж байхад ихэнх нь уужуу хүлээцтэй хандаж, харилцан зөвшилцөж, бид заавал Үндсэн хуулиа батлах ёстой гэсэн нэгэн үзүүрт сэтгэлд нэгдэн зүгширч байсан” тухай дурссан байдаг. Тэр үед буюу 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн эхийг нотлох ажиллагаан дээр ийм нэгэн үг хэлэгдэж байжээ.

    “… Эцэг өвгөдийн уужуу тайван сэтгэл, ухаалаг тэвчээр, амьдралын их туршлага Та биднийг нэгэн үзүүрт зорилгод нэгтгэж байсны ач буянаар биеийн алжаал, оюуны ядралыг умартан байж их үйлсийг бүтээлээ. Та бид оносон аваас үр ач нар маань баярлан бахархаж, алдсан аваас залруулах эрх тэдэнд маань үлдэх билээ.”

    Тийм ээ!

    Үндсэн хууль батлагдсанаас хойш даруй 20 он өнгөрчээ. Та бүхэн ард түмнийхээ итгэлийг даан хүлээсэн үүргээ нэн хариуцлагатайгаар биелүүлсэн шүү! гэдгийг энэхүү индэрээс итгэл төгс хэлмээр байна. Та бүхнээр хойч үе баярлан бахархаж байна. Шинэ Үндсэн хууль маань нийгмийн амьдралд утгажаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ энэ хугацаанд нийгмийн ухамсрын түвшинд, улс орны улс төр, эдийн засгийн амьдралд, өрх гэрийн түвшинд, хувь хүн нэг бүрийн дотор урьд нь байгаагүй, байсан бол биежээгүй байсан олон өөрчлөлтийг бодит хэрэг болгож чаджээ. Тэр бүх өөрчлөлт дэвшилийг би өнөөдөр энд яривал хэдэн цаг биш, хэдэн өдөр ч ярьж чадахаар байна.

    Захаас нь дурьдахад л хувьдаа газар, орон сууцтай болсон байна. Хүссэн үедээ гадаад руу чөлөөтэй явах боломжтой болсон байна. Наймаа хийхийг гэмт хэрэгт тооцдог байсан бол энэ нь ариун цагаан хөдөлмөр болж. Ажилсаг хөдөлмөрч бол хэнээс ч дутахгүйгээр сайхан амьдрах үндэс нэгэнт бүрджээ. Төр засгаа хэлтэй амтай ч гэсэн өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ардчилсан зарчмаар сонгодог, бас хариуцлага тооцдог болсон байна. Зөвхөн дарга нар л машин унадаг байсан бол өнөөдөр 5-6 өрх тутмын нэг нь хувьдаа машинтай болжээ. Товчхондоо шинэ Үндсэн хууль бидэнд олон эрхийг бас боломжуудыг нээж өгч чаджээ. Энэ боломжийг Та бүхэн нээж өгөхийн тулд их ч хөдөлмөр зарцуулжээ. АИХ-ын хуралдааны тоймыг харж байхад:

    • Та бүхэн 76 өдөр хуралдаж 8 өдөр амрахдаа дунджаар 80 хувийн ирцтэй хуралдаж байж
    • Үндсэн хуулийг батлахад 383 депутат давхардсан тоогоор 5147 удаа үг хэлж санал гаргасан бөгөөд ердөө 41 депутат үг хэлээгүй байна
    • Нийтдээ 2250 удаа санал хураалт хийсэн бөгөөд 32000/гучин хоёр мянга/ хуудас материалыг архивт өгсөн
    • АИХ-ын чуулганы зардал 9,2 сая төгрөг болсон байна.

    Та бүхэн үнэхээр “ажилчин зөгий” шиг ажиллаж байжээ. Үүнийг Монголын ард түмэн, хойч үе үргэлж дурсан, бахархах болно гэдгийг баярын энэ өдрүүдэд зориуд хэлэхийг хүсэж байна. Энэ өдрүүдэд Үндсэн хуулийн үзэл санааг жинхэнэ бодит хэрэг болгох, түүний амин сүнсийг хадгалж хэвшүүлэх асуудлыг ч бид анхаарлынхаа гадна бас орхиж таарахгүй ээ. Үндсэн хууль, түүний үзэл баримтлал Монгол хүн бүрийн, өрх бүрийн амьдралд хэвшил болж мөрдөгдөх, хэн нэгний дур зоргын хүслээс хамаарахгүйгээр нийгмийнхээ суурь болж, нийгмийн амьдралын хариуцлагын механизмын идэвхтэй үндэс байхын тухайд төр засаг ч, жирийн иргэн хэн бугайн ч, тэр дундаа Үндсэн хуулийг батлалцсан Та бүхний дуу хоолой, хичээл зүтгэл одоо ч үнэ цэнээ алдаагүй байна.

    Шинэ Үндсэн хууль нь хувь хүн өөрөө өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө хувийн асуудлыг өөрийн удр хүслээр чөлөөтэй сонгож, амьдралаа өөрөө зохион бие даан авч явах боломжийг олгосон. 20 жилийн дараа ч энэ үнэт зүйл хэвээр байна. Гэсэн хэдий ч үүнийг нийгмийн шударга ёсны үнэлэмжээр хэмжиж, хувь хүний эдийн засгийн бие даасан байдлын хэмжүүрээр үнэлж дүгнэх цаг болжээ. Миний бие сүүлийн үед “чинээлэг дундаж давхарга” гэдэг зүйлийг нэлээд ярьж, төр засгийн бодлогын үзүүр чухамхүү үүнд чиглэх ёстойг Засгийн газрын тэргүүний хувьд гол бодлогоо болгож байна.

    Нийгэмд шударга ёс алдагдаж байгаа тухай, нийгмийн баян хоосны давхаргад тус тусад нь үйлчлэх ч юм шиг шударга ёс, тэгш эрхийн үзэл санаа хэвшил болж байгааг олон түмэн ярьж, бас шүүмжилж байна. Баялгийн хувиарлалт шударга биш болж, цөөхөн хэд нь илүү их хүртсэн, нийгмийн олонх нь жингийн туухайнаас бага хүртсэн нийгэм рүү явж байгаа юм биш үү гэсэн айдас, болгоомжлол ч их байна. Чухамхүү үүнийг анхаарч засахгүйгээр Үндсэн хууль маань манай нийгмийн үнэт зүйл болж чадахгүй ээ.

    Үндсэн хуулийн шударга ёсны зарчим бүх хүнд адил хүрч үйлчлээсэй гэж би хүсэж байна. Үүний тулд иргэдийнхээ эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх, гэр бүлийн суурь хүмүүжил, боловсролд анхаарах, Монголынхоо уламжлалт соёл, заншлыг үнэт өвийг хадгалан хөгжүүлэх, хүн бүр ажил орлоготой, байгалийн баялгаас жигд хувь хишиг хүртэх боломжийг бүрдүүлсэн нээлттэй олон хэвшил бүхий эдийн засгийн бат суурьтай, хэнээс ч хамааралгүйгээр өөрийгөө аваад явчих үйлдвэр, аж ахуйтай эх орныг бий болгохыг өнөөгийн нийгэм, хойч үе маань биднээс хүсэмжилж байна.

    Саяхан манай нам улс орноо 2031 он хүртэл хөгжүүлэх“Хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж дууссанаа ард иргэддээ зарлаж, тэднийхээ санал бодлыг авч боловсронгуй болгох ажлыг энэ өдрүүдэд өрнүүлж байна. Үндсэн хуулийн үзэл санаа тогтвортой мөрдөгдөх учиртай ч гэсэн түүнийг хөгжлийн шинэ шинэ бодлого, зөв төлөвлөлттэй үйл ажиллагаагаар дэмжихгүйгээр хий хоосон зүйл болж хувирна. Тийм ч учраас манай нам улс төрийн хамгийн тулхтай, боловсон хүчний нөөцтэй улс төрийн хүчний хувьд хөгжлийн гарцуудыг эрэлхийлэн манлайлж, улс орноо хөгжлийн шинэ шатанд түүчээлэн гаргах итгэл төгс байгааг Та бүхэнд дуулгая. Манай намаас дэвшүүлсэн Хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр манай улсын ДНБ 2030 онд тухайн оны нэрлэсэн үнээр 237.8 тэрбум ам.доллар болох бөгөөд эдийн засгийн өсөлтийн хурдаар дэлхийд тэргүүлэх юм. Мөн Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2031 онд 60 000 ам.доллар болж, хөгжингүй орон болно.

    Ингэхийн тулд бид улс орноо үзэл суртлын маргааны талбар болгох бус, Та бүхний Үндсэн хуулийг батлалцаж байх яг тэр үед баримталж байсан зарчмуудыг иш үндсээ болгож ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл, эвлэбэл бүтнэ гэдэг сургаалыг баримталсан цагт улс орны маань, үр хүүхдүүдийн маань ирээдүй гэрэтлтэй гэгээтэй байх цаг ойрхон байна аа гэсэн билэгтэй ерөөлөөр үгээ өндөрлөе гэж бодож байна аа.
    Сайн үйлс дэлгэрэх болтугай. Сайхан санаа бүхэн биежих болтугай.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн эхний зочдоо хүлээн авч уулзлаа

    Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ хүрээнд хоёр орны Засгийн газрын тэргүүн нарын харилцан айлчлалыг зохион байгуулахаар талууд бэлтгэж байгаа төдийгүй яам, салбар хооронд албаны олон айлчлал төлөвлөгджээ. Эдгээрийн анхны айлчлалууд энэ өдрүүдэд манай улсад болж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өчигдөр Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бараалхсан бол Ерөнхий сайд өнөөдөр тус улсын Батлан хамгаалахын сайд Яасүо Ичикаваг хүлээн авч уулзлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд эрхэм сайдыг 40 жилийн ойн хүрээнд Засгийн газрын түвшний анхны зочин болж айлчилж байгаад баяр хүргээд хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйг тэмдэглэлээ. Мөн Батлан хамгаалах яам хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь тус салбарын цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болно гэж үзэж байгаагаа Монгол Улсын Засгийн газрын тэргүүн онцоллоо.

    Японы Батлан хамгаалах академид Монголын мэргэжилтнүүд, оюутнуудыг суралцуулах зэргээр Монгол Улсын цэргийн боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх болон өөрийн оронд зохион байгуулдаг Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын семинарт Монголын төлөөлөгчдийг оролцуулах зэргээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад Ерөнхий сайд С.Батболд талархлаа. Манай улсад жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд” цэргийн хээрийн сургуульд Япон улс өөрийн цэргийн ажиглагчдаа идэвхтэй оролцуулж байгаад сэтгэл ханамжтай явдгаа ч илэрхийллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад Японы Батлан хамагаалахын сайд Яасүо Ичикава баяртай байгаагаа илэрхийлээд яамд хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар салбарын харилцаа стратегийн түншлэлийн хүрээнд шинэ шатанд гарч байгаа гэдгийг тэмдэглээд Монгол Улс олон улсын энхийг сахиулах үйл хэрэгт идэвхтэй оролцож байгаад талархаж байдгаа хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад Япон улстай идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Шаардлагатай бол шатахуун импортлох эрх, зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна

    МАН-ы бүлэг өнөөдрийн хуралдаанаараа үнэ ханшийн өсөлт, түүнээс үүдэн гарсан асуудлууд цаашид эдгээрийг хэрхэн зохицуулах арга хэмжээ авах гэж байгаа талаар Засгийн газрын байр суурийг сонссон байна. Энэ талаар бүлгийн хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хуралд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож тодорхой мэдээллийг хийлээ.

    УИХ дахь МАН-ы бүлгийн хурал дээр Засгийн газраас ойрын өдрүүдэд авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мөн цаашид арга хэмжээний талаар мэдээлэл хийж санал солилцлоо. Ард иргэддээ хандаж хэлэхэд төр засгийн ажил ажиллах зарчмаараа  явагдаж байна. Үнийн гэнэтийн өсөлттэй холбоотой  асуудал гарч ирж байгааг бид цаг алдалгүйгээр шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэхдээ хариуцлагатайгаар, үндэслэл тооцоотойгоор авч хэлэлцэн, үүнээс үндэслэн ямар арга хэмжээ авах вэ гэдгийг нягт нямбай тооцоолж байна.   

    Махны хувьд нөөц нийлүүлэлт, үнэ ханшид өөрчлөлт гарахгүй байх боломж байна. Төрөөс зохицуулах бодлого, зах зээлийн механизмтайгаа уялдуулаад ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан зөв зохицуулалтыг  хийх болно. Энэ нь ч бас МАН-ы байр суурь гэдгийг зориуд тэмдэглэн хэлье. Иргэдийн амьдрал, хөгжлийг хамгийн түрүүнд тавьж, үүний төлөө үндсэн асуудлуудыг зохицуулах үүргийг төр хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу ч , бодлогынхоо хүрээнд ч бид тодорхой арга хэмжээ авч байна.

    Мөн дотоодын гол нэрийн бүтээгдэхүүнээс гадна гаднаас хамааралтай шатахууны үнэ  ханшийн асуудал, валюутын ханштай уялдсан үнийн  өөрчлөлтийн асуудал гарч ирлээ. Харин эдгээр өөрчлөлт бодитой байсан эсэх, энэ дунд ард иргэд хохиров  гэдгийг бид авч үзэхийг зорилоо. Ерөнхий сайдын захирамжийн дагуу  энэ асуудлаар өчигдөр хоёр ажлын хэсэг байгуулагдаж, ажилдаа орсон. Махны нөөц бүрдүүлэлт  болон шатахууны үнийн  өсөлтийг судалж, нэмэгдэх болсон үндэслэлийг гаргаж ирж, цаашид авах арга хэмжээг тодорхой болгох үүднээс эдгээр ажлын хэсгүүд байгуулагдаж ажилдаа шуурхай орсон. Дүгнэлтээ ч гаргаад байна.

    Маргааш ( 2012-1-11) Засгийн газрын хуралдаанаар  энэ асуудлыг хэлэлцэж, энэ удаа авч  хэрэгжүүлэх арга хэмжээгээ маш тодорхой болгож гаргаж тавина. Бид эдийн засаг болон улс төрийн гээд хоёр асуудлыг ярьж байна. Эдийн засагт ханш, үнийн өсөлт, нийлүүлэлт , гадаад нөхцөл байдал гээд бодит асуудлууд бий. Гэхдээ энэ удаагийн шатахууны огцом өсөлтөд эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн нөлөө давамгайлсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ажлын хэсэг бүх талаас нь шалгаж, дүгнэлт гаргаж байна. Энэ асуудал бодит байна уу үгүй юу,  гажуудал хаана гарсан байна гэдгийг олж , хариуцлага  тооцох болно.

    Төрийн албан хаагчдын түвшинд ч , магадгүй аж ахуйн нэгжүүдийн хувьд ч  энэ асуудал сөхөгдөж мэднэ. Өөрсдөдөө ашигтайгаар алхам хийсэн  байхыг үгүйсгэхгүй. Засгийн газрын ажил явдгаараа явна гэдгийг би оны өмнө ч хэлж байсан. Одоо ч үүнийг давтан хэлье. Улс орны ажил улс төрөөс хамаарах ёсгүй. Жингийн цуваа явдгаараа явж, улс орны Засаг төрийн ажил явдгаараа явж л таарна. Харин үүн дээр улс төр хийж болохгүй шүү.
    Тиймээс би өмнө ч улс төрийн хүчнүүдэд хандан энэ тухай уриалж байсан. Аливаа нэгэн улс төрийн хүчин ард түмний нуруун дээр дарамт болох  асуудлаар хожоо хийхгүй байх, эдийн засаг бизнесээр, улс төрийн тоглолт хийхгүй байхыг уриалсан.

    Одоо ч энэ байр сууриа хатуу илэрхийлж байна. Мөн үүнээс гадна хариуцлагын асуудал бас хөндөгдөж байна. Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор тухайн албан тушаалтан хийх ёстой ажлаа хангалтгүй хийсэн нь тогтоогдвол бид зохих хариуцлага тооцно. Мөн албан тушаалтнаас гадна буруутай нь тогтоогдвол аж ахуйн нэгжүүдэд ч арга хэмжээ авна. Шаардлагатай бол аж ахуй эрхлэх үйл ажиллагаа, түүн дотор шатахуун импортлох эрх, зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг хатуу хэлье. Энэ асуудлыг бодитой бөгөөд  нухацтай авч үзэн  шуурхай  шийдвэрлэнэ. Ингэхдээ эдийн засгийн, татварын, татаасын, хариуцлагын үүднээс хандах  болно гэдгийг  Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ дурьдлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.