Ангилал: мэдээ-мэдээлэл

  • АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

    Тэргүүн шадар сайд, Шадар сайд болон бусад яамны сайд нар төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэлийн Засаг дарга нартай Бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээнд 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурлаа.Ирэх онд Засаг дарга нараас худалдан авах бүтээгдэхүүн, тоо хэмжээ, чанар, эцсийн үр дүнг үнэлэх арга замыг тодорхойлж, түүний улсын төсвийн санхүүжилтийн хэмжээг тогтоон, бүтээгдэхүүн нийлүүлэх, санхүүжүүлэх талаар талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх нь энэ гэрээний зорилго юм. Гэрээнд сайд нараас улсын төсвийн санхүүжилтээр захиалж,  худалдан авах бүтээгдэхүүн болон Засаг дарга нараас нийлүүлэх бүтээгдэхүүн, ажлын үр дүнд тавих шаардлага, гэрээний биелэлтийг дүгнэх болзол, бусад нөхцлийг нарийвчлан заасан байна.

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийнхаалтын нэгдсэн арга хэмжээнд хэлсэн үг

    Энэ арга хэмжээнд уригдан ирсэн иргэд ээ,   

    Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн  хаалтын нэгдсэн арга хэмжээг өнөөдөр зохион байгуулахаар Та бид энэ танхимд хуран цуглараад байна. Засгийн газар энэ оныг “Хөдөлмөр  эрхлэлтийг дэмжихжил”болгон зарлаж төр, хувийн хэвшил, иргэдийн идэвхтэй оролцоотойгоор олон ажлыг орон даяар зохион байгуулж ирсэнийг иргэд хөдөлмөрчид Та бүхэн сайн мэдэж байгаа.

    Жилийн ажлын хүрээнд 72 080 хүнийг байнгын ажлын байртай болгон, хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах эрх зүйн орчноо шинэчилж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн санхүүжилтынэх үүсвэр,шинэ дэмжлэгбий болгож, ажил хийж амьдралаа дээшлүүье гэсэн иргэд, өрх бүрийг дэмжих, ажлын байраа хадгалсан ажил олгогчдыг урамшуулах зэрэг урт удаан хугацаанд тогтвортой үр өгөөжөө өгөх бодлогын суурь өөрчлөлтийн арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүллээ.

    Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих идэвхтэй бодлого явуулахад чиглэгдэж ирлээ. Энэ хүрээнд хөдөлмөр эрхлэе гэсэн иргэн бүрээ дэмжих, орлогогүй байгаа өрх бүрт хүрэх, зорилтот бүлгийн иргэд хөдөлмөр эрхлэхэд нь туслалцаа үзүүлэх, залуучуудад хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай эрэлттэй мэргэшил, ур чадвар эзэмшүүлэх замаар ажлын байраар хангах, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил болоод иргэдийн хүлээх, гүйцэтгэх үүрэг хариуцлагыг илүү  тодорхой болгосон шинэ эрх зүй, санхүүгийн орчинг бүрдүүлсэн нь  жилийн ажлын гол үр дүнгүүдийн нэг гэж үзэж байна.

    Хөдөлмөр эрхлэлтийн жилийн ажлыг үр дүнтэй болгохын тулд уг асуудлыг хариуцсан зохион байгуулах Үндэсний хороог Засгийн газрын дэргэд байгуулан төр, хувийн хэвшлийн оролцоотой 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулж, жилийн үйл ажиллагаанд удирдамж чиглэл өгч, шуурхай зохицуулалтаар хангаж ажилласны гадна 5 дэд хороог ажиллууллаа.

    Үүний зэрэгцээ салбарын бүх яам, аймаг,орон нутагт мөн жилийн ажил зохион байгуулах салбар хороодыг 173 хүний бүрэлдэхүүнтэй томилон ажиллуулж,орон нутаг, салбарын түвшинд жилийн ажлын өдөр тутмын үйл ажиллагааг удирдуулан ажиллалаа. Үндэсний болон аймаг орон нутгийн салбар хороод нь яамд,орон нутгийн ажлыг орлон ажиллах зорилт тавиагүй бөгөөд эдгээр хороод гагцхүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хэрэгжилтэд илүү дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажилласан гэдгийгтэмдэглэн хэлье.

    Үндэсний хороо 5 бүлэг, 54 заалт бүхий ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь байнгын хяналт тавьж ажилласнаар хэрэгжилт 92 хувьтай хувьтай гарч байна. Өнгөрсөн хугацаанд Үндэсний хорооны хурлаар ХХААХҮЯ, ЭБЭХЯ, ЗТБХБЯ, БСШУЯ,ГХЯ,  Дархан-Уул, Дорнод, Өмнөговь, Архангай аймаг болон заримагентлаг, барилга, хүнс, арьс шир,ноос ноолуурын мэргэжлийн холбоодын санал хүсэлт, тайланг сонсон хэлэлцэж зохих шийдвэр гаргасны зэрэгцээ Үндэсний хорооны дэргэдэх салбар хороодоор зарим төрийн байгуулагын ажлын явцыг хэлэлцсэнбайна 

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг доорхи байдлаар ард иргэддээ Үндэсний хороо тайлагнаж байна.

                Нэг . Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн  төлөвлөгөөнд хөдөлмөр эрхлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 23 хуулийн төсөл, 6 эрх зүйн актыг баталж мөрдүүлэхээр тусгагдсанаас 17 хууль, УИХ-ын 3 тогтоол,  Засгийн газрын 2 тогтоол тус тус батлагдсан байна.

    Үүнд:

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг хуулийг батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж байна.

    100000 айлын орон сууцны бонд гаргахыг зөвшөөрөх тухай, Хүнсний ногоо, гурилын татварыг нэмэгдүүлэх тухай, “ноос ноолуурын салбар, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих   бонд гаргах тухай асуудлаар Улсын Их Хурлын тогтоол гаргуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ирлээ. Эдгээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчин үндсэндээ шинэчилэгдэж байгааг тэмдэглэж байна.

    Хоёр. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгий  дэмжлэгийг сайжруулах талаар

    Жилийн ажлын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн орчныг сайжруулах, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ. Нийтдээ энэ онд 1.5 их наяд төгрөгийн эх үүсвэрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд зориулан гаргахаар УИХ, Засгийн газраас шийдвэрлэсэн.  

     Засгийн газрын бондын хөрөнгөөс олгож буй зээлийг анх удаа жилийн 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай олгож эхлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан нь хөдөлмөр эрхлэлтийг нэмгдүүлэхэд чиглэсэн бодит арга хэмжээ боллоо. Энэ 7 хувийн хүүтэй зээлийн хүүгийн  зөрүүд гэхэд л Засгийн газар, Монгол банк тохиролцон тус бүр 3 хувийн хүүг арилжааны банкнуудад нэмж төлж байгаа нь мөн л хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, түүн дотроо тогтвортой ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор хийгдэж байгааг тэмдэглэж байна.

    Мөн ажлын байр бий болгоход хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор концессын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг шинэчлэн батлаж, олон улсын төсөл, хөтөлбөрийн шугмаар хэрэгжүүлэх арга хэмжээнд оролцох оролцоог нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ авч ирсэн нь үр дүнгээ өгч байна.

    Иргэд хөдөлмөрчид хувиараа хөдөлмөр эрхлэх идэвх санаачилгыг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан хоршоо, нөхөрлөл ажиллуулах, өрхийн болон хувиараа бизнес эрхлэх хүмүүсийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлж байхаар хуульчлан өгсөн болно. Үүний дүнд иргэд өөрсдөө хөдөлмөр эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх бололцоо нөхцөл эрс сайжирна гэж Засгийн газар үзэж байна.

    Мөн ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуучуудад хөдөлмөрийн зах зээлд шаардагдаж буй мэргэжлийн ур чадварыг олгох, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд энэ жил Засгийн газар анхаарч ирлээ. Энэ хүрээнд ажлын байрны сургалт буюу дагалдан сургалтын хөтөлбөрийг барилга, хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарт зохион байгуулж нийт 9000 гаруй хүнийг хамруулнаас 90 хувь нь ажлын байртай боллоо. Ийм үр дүнтэй арга хэмжээг ирэх оноос түлхүү авч хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаарах болно.

    Мөн зорилтот бүлгүүдэд зориулсан тусгай хөтөлбөрүүдийг энэ онд хэрэгжүүлэхэд зориулж 10 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдлээ. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, залуучууд, оюутнууд, эмэгтэйчүүд, ахмад настан, малчид, 40-өөс дээш насны хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ногоон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг олон зорилтот хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнтэй болсон гэдгийг тэмдэглэж байна.

    Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидэд олгох Засгийн газрын бондоор барьцаалсан хөнгөлөлттэй зээл олголт тавьсан зорилтынхаа 80 хувьтай байгаа гэж Үндэсний хороо дүгнэж байгаа. Энэ хүрээнд энэ онд одоогоор 120 орчим тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлээд байна. Зээл олгох хугацаа бондын борлуулалтын улмаас удааширч байгаа учир жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн үр дүн ирэх онуудад бодитой гарах болно.

     Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтыг сайжруулах хүрээнд Засгийн газар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Мэргэжлийн боловсролыг дэмжих сан, Хөгжлийн банкны үйл ажиллагааны чиглэлүүдийг нарийн ялган зааглаж, давхардалгүй болгох, үйл ажиллагааг уялдуулах зохицуулах асуудлыг ойрын үед судлан шийдвэрлэх болно  

      Гурав. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлийн талаар

    Хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээний нэг нь хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл,  мэдээлэл тогтолцоог шинэчилсэн, энэхүү мэдээлийг иргэд хөдөлмөрчид, бизнес эрхлэгчидэд жигд хүргэх талаархи шийдвэрлэсэн асуудлууд зүй ёсоор орох юм. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг сайжруулах, илүү бодитой болгох, мэдээллийг иргэд хөдөлмөрчдөд хүргэх хүртээмжийг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох талаар нэлээд ажил хийж амжилтад хүрлээ.

    Дээрх асуудлыг шийдэхийн тулд ажилгүй иргэдийн бүртгэлийг энэ оны эхний хагас жилд багтаан аймаг,сум, баг,хороо бүрээр хийж нарийн судалгаа гаргаж авсан, энэ судалгаанд тулгуурлан ажилгүй иргэдэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах үүргийг аймаг, нийслэл, сум, баг, хороо,хэсгийн дарга нарт өгсөн байгаа. Мөн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тайлан мэдээ авах маягтыг шинэчлэн аж ахуйн нэгж, иргэн, хөдөлмөрийн байгууллага, статистикийн албад нэг л загварын маягтаар мэдээллээ өгдөг болсон энэ нь мэдээллийг үнэн зөв бодитой болгох үндэс болж байгаа

    Шинээр баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулиар хөдөлмөрийн албад, хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг нарийн заагласан. Дээрх хоер албанаас иргэд, бизнес эрхлэгчид, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоодтой хэрхэн ажиллах талаарх үүрэг хариуцлагыг тодорхой болгож өгсөн. Төрөөс авч хэрэгжүүлэх гол үүрэг, хариуцлага нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг ард иргэдэд хүргэх асуудал болж байна. Үүний тулд бид ирэх онд техникийн хувьд боломжтой бүх сум, хороонд цахим хэлбрээр биржийн мэдээллийг хүргэх зорилт тавьж байна.  

    Хөдөлмөрийн биржид хувийн хэвшил өөрийн порталийг нээж түүгээрээ дамжуулан шаардлагатай ажилтныхаа захиалгыг өгдөг, сургаж бэлддэг, мэргэжилтэй ажилтнаа сонгож авдаг, ажиллах хүчний хөдөлгөөнийг шуурхай мэдээлдэг болох үүрэг аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод, Мэргэжлийн боловсролын салбар зөвлөлүүдэд ногдож байгаа. Мөн ажил хайж байгаа иргэдийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг хэрхэн өөртөө хэрэгтэйгээр ашиглах ойлголт хандлага, чадвартай болгох асуудалд орон нутгийн удирдлагууд анхаарах шаардлагатай байгааг зориуд анхааруулж байна. Дээрх чиглэлээр цаашид бүх оролцогч талууд илүү идэвхтэй ажиллаж, эхэлсэн шинэчлэлээ тогтмол үйл ажиллагаа болгох асуудал анхаарлын төвд байх ёстой гэдгийг дахин тэмдэглэе.

    Дөрөв. Сурталчилгааны ажлын дүнгийн талаар

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг сурталчлах ажил улс, орон даяар идэвхтэй хийгдэж ирсэн байна. Аймаг, нийслэл, салбарын яамдын ирүүлсэн тайлангаас үзвэл өдөр бүр хөдөлмөр эрхлэлттэй холбоотой  дунджаар 8-10 арга хэмжээ зохиогдож байсан гэж дүгнэж болохоор байна. Энэ бол сайн хэрэг. Харин Засгийн газар энэ ажлын үр дүнг зохион байгуулсан арга хэмжээний тоогоор биш хүрсэн үр дүнгээр, ажилд орсон хүнээр, ажил хөдөлмөр хийе гэсэн иргэдийн идэвх, оролцооны өсөлтөөр дүгнэх ёстой гэж үзэж байгаа.

    Дээрх өнцгөөс харвал сард 6000 гаруй хүн шинэ ажлын байраар хангагдаж, ажил идэхтэй хайж байгаа иргэдийн тоо өссөн байгаас үзвэл энэ арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байна гэж дүгнэж болохоор байна. Оны эхний 6 сарын дүнгээр ажил эрхлээгүй хүмүүсийг бүртгэсэн бүртгэлээр 103 мянган хүн байна гэсэн дүн гарсан. Эдгээр хүмүүсээс одоо чухам хэд нь ажил идэвхтэй хайж хөдөлмөрийн албанд бүртгүүлэв гэдгийг гаргаж дүгнэж үзвэл иргэдийн хөдөлмөрлөх идэвхийн дээшлэлтийн түвшинг тодорхойлж болно.   

    Ер нь ажил идэвхтэй хайж байгаа хүмүүсийн тоо өсч байгааг Засгийн газар сайн үзүүлэлт гэж үзэж байна. Харин нөгөө тал огт хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн тоо буурч байвал хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн идэвхтэй бодлогын үр өгөөж нь болох юм.

    Тав. Иргэдэд мэргэжил, ур чадвар олгох сургалтын сургалтын талаар

    Манай улсад иргэдэд мэргэжил эзэмшүүлэх сургалт үндсэн гурван хэлбэрээр хэрэгжиж байна. Мэргэжлийн боловсрол сургалтын төв, түр сургалтын төв, ажлын байрандахь сургалт аж ахуйн нэгж байгуулагуудаар зохион байгуулагдаж байна. Эдгээр байгууллагын сургалтын чанар, стандартыг сайжруулах, ур чадаврын түвшинг ижил болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

    Ажил олгогч, үйлдвэр, аж ахуйн газрыг сургалтын үйл ажиллагааны бүхий л шатанд татан оролцуулснаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллежид суралцагчдын дотор насанд хүрэгчдийн эзлэх хувь 25.7%-иар нэмэгдэж 16692 буюу 34.6% болж өслөө. Үүнтэй холбогдуулан суудлын тоог 3500-аар нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах, бэхжүүлэхэд улсын төсөв, төсөл хөтөлбөрөөс 12.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийв.

    Засгийн газрын “Үндэсний мэргэжилтэйажилтан бэлтгэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 212 дугаар тогтоол, “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажилгүй иргэдэд мэргэжил эзэмшүүлэх, ажилд зуучлах ажлын хүрээнд 2010-2011 хичээлийн жилд 18 мэргэжлээр уул уурхай, барилга, аж үйлдвэрийн салбарт 3300 мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтыг дэс дараатайгаар нийт 45 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд зохион байгуулж байна.  

    Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 2010-2011 оны хичээлийн жилд 2 ээлжээр нийт 3000 гаруй насанд хүрэгчид уул уурхай, барилга, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын нийт 23мэргэжлээр суралцан  төгсөж байна.

    Зургаа. Яам, аймаг орон нутагт зохион байгуулсан ажлын үр дүнгийн талаар

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хороо нийслэл, аймгуудын жилийн ажлын тайланг хүлээн авч хийсэн ажлуудад нь үнэлэлт дүгнэлт өгч байна. Энэ  ажлын дүн энэ онд аймаг, нийслэлийн ажил дүгнэх гол үзүүлэлт байх юм. Жилийн ажлыг аймаг бүр, түүн дотроо бүсийнхээ хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар зохион байгуулсан ажлаа дүгнэ гэдэг үүргийг Засгийн газар өгсөн. Ингэж дүгнэх ажлаа зохион байгуулсан гэж бодож байна. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг улсын хэмжээнд Үндэсний хороо дүгнээд нийслэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймаг сайн зохион байгуулж бусдаасаа илүү ажилласан гэж дүгнэж байна. Яамдаас ХХААХҮЯ, НХХЯ илүү үр дүнтэй ажиллалаа.

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, Баян-Өлгий аймгийн Сагсай, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум, Багахангай дүүргийн 16 дугаар хороо, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Дорнод аймгийн Матад сумын Түмэнхан баг бусдаасаа илүү санаачлагатай ажиллаж, иргэддээ хүрсэн олон ажил зохион байгуулж, улсын хэмжээнд шалгарч байгааг мэдэгдэхэд таатай байна. Мөн энэ жил хамгийн олон ажлын байр бий болгосон байгууллагаар “Эм Си Эс” групп, “Энержи ресурс” ХК, “Алтайн хүдэр” ХХК, “Макс” групп, “Монгол алт” корпораци, “Блю скай” ХХК, “Говь” ХК, “Тедмент” ХХК, “Эсмо” ХХК, Хадгаламж банк зэрэг аж ахуйн нэгжийг Үндэсний хороо шалгаруулж байна.

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг сайн зохион байгуулсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Сэлэнгэ аймгийн Засаг дарга  Ж.Эрдэнэбат, Дархан-УУл аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат, Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат нарыг бид зориуд дурдаж байна. Иймд сайн ажиллаж бусдыгаа хошшучилсан яам, аймаг,агентлаг, сум, дүүрэг, хороо, баг, засаг дарга нарт Засгийн газрын болоод Хөдөлмөр эрхлэлтийн ажлыг зохион байгуулах үндэсний хорооны нэрийн өмнөөс баяр хүргэж ажил, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

                          Долоо.Цаашид анхаарах асуудлын талаар

     

     “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг ирэх үргэлжлүүлэх, нэн ялангуяа энэ онд зохион байгуулсан ажлыг аймаг, орон нутагт эрчимжүүлэх шаардлагатай байна.

                Үүнд:

    1.    Аймаг орон нутагт жилийн ажлыг үргэлжлүүлэн идэвхжүүлэх, эрчимжүүлэх  арга хэмжээ  авах, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө шинэчлэн баталж хэрэгжүүлэх

    2.    Аймгийнхаа Хөдөлмөр эрхлэлтийн жилийн ажлыг зохион байгуулах хороо, зөвлөлийн ажлын тайланг авч хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх

    3.    Аймаг, нийслэлд байгаа ажил эрхлээгүй иргэдийн нэгдсэн мэдээллийн санд тулгуурлан ажил эрхлээгүй хүн бүрт хүрч ажиллахад чиглэсэн ажлыг ирэх онд зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт даалгаж байна.

    4.    Аймаг орон нутагт Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангууд болон хувийн хэвшил, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн  хүрээнд бий болж байгаа ажлын байранд ажилд оруулсан иргэдийн мэдээг долоо хоног, сараар гарган НХХЯ-нд ирүүлж байх

    5.    Энэ оноос эхлэн орон нутагт шинээр бий  болсон ажлын байруудад ажилгүй хэн гэж иргэнийг ажиллуулахаа аймаг, хүн нэг бүрээр тооцон уялдуулсан ажил, хүчний  баланс хийж биелэлтийг нь зохион байгуулж  ажиллах

    6.    Орон нутгийнхаа мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд түлхүү оролцуулах арга хэмжээг авах талаар анхаарч ажиллах  

    7.    Хөдөлмөр эрхлэлтийн жилийн хүрээний үйл ажиллагааг хэвшүүлэх, байнгын үйл ажиллагаа болгоход дэмжлэг үзүүлэх, зөвлөлгөө өгөх ажлын хэсгүүдийг байгуулан сум, багт ажиллуулах чиглэл өгч байна

    Хөдөлмөр эрхлэлтийн жилийн ажлыг амжилттай зохион байгуулахад идэвхтэй хамтарч ажилласан Та бүхэнд дахин талархлаа илэрхийлж амжилтын дээдийг хүсэн ерөөе.

  • ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГАА САЙЖРУУЛАХЫГ ОНЦГОЙ АНХААРУУЛАВ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинарт оролцон үг хэлэхдээ үүрэг, хариуцлага, байгууллагын удирдлагын менежментээ сайжруулахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн 2012 он хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн сүүлийн жил учир үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө биелээгүй заалтуудыг бүрэн хэрэгжүүлэх, ажлын гүйцэтгэлээ бодитоор гаргах, үр дүнд хийх хяналт, шинжилгээ, хяналтын тогтолцоогоо сайжруулахад анхаарах хэрэгтэй гэв. 

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн хугацаанд олсон ололт, амжилтынхаа талаар уулзалтын эхэнд товч дуулгалаа. Өнгөрсөн гурван жилээ эргэн дүгнэхэд дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал, хахир хатуу өвөл, зуд гээд хүндрэл бэрхшээл их байсан ч хамтын хүчээр амжилттай даван гарч чадсаныг тэрээр тэмдэглэв. Хамтарсан Засгийн газар ашигт малтмалын орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбараа эрчимжүүлэн хөгжлийн хамгийн хариуцлагатай, эрчимтэй хөгжих суурийг тавьлаа гэж Ерөнхий сайд үзэж байна. 

    2009 онд хасах үзүүлэлттэй байсан эдийн засаг энэ онд 18-20 хувиар өсч, ирэх 5-10 жилд 25 хувиас буурахгүй гэсэн өөдрөг төсөөллийг Дэлхийн банк, Олон улсын валютын сан, дэлхийн нэр хүндтэй бусад байгууллага хийсэн. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн ойрын 2 жилд 5 мянга, 5 жилийн дотор 10 мянган ам.долларт хүрэх бодит үндэслэл бий. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд ажилгүйдлийн түвшин буурсан үзүүлэлт ажиглагдаж байна.  

    Мал сүргийн тоо сүүлийн 10 жилд 40 саяд хүрч, улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангадаг болсон зэрэг бодит үр дүнд та бид хамтын хүчээр хүрлээ. Монгол Улс хүний хөгжлийн индекс, өрсөлдөх чадвараараа ч  ахиж байна гэдгийг тэрээр хэллээ. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэдийнхээ амьдралд наалдуулах, иргэдээ боловсролтой, ажилтай, орлоготой, эрүүл байлгахын төлөө улам ихийг хийх ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Бидэнд олсон ололт, амжилт ийнхүү цөөнгүй байгаа ч  анхаарах зүйл бас бий гэдгийг Засгийн газрын тэргүүн санууллаа.

    Зарим орон нутгийн удирдлагууд хэсэг бүлэг хүн, эсвэл хувийн хэвшлийн байгууллагын эрх ашигт үйлчилдэг, иргэдийнхээ санал бодлыг сонсохдоо хөшүүн хойрго, төрийн халамж үйлчилгээг зохих эздэд нь хүргэдэггүй зэрэг гомдол Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт багагүй ирж байгааг тэрээр анхааруулав. Иймээс цаашид ажлаа хийхдээ иргэдийн оролцоонд тулгуурлах, иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх, нэг цэгийн үйлчилгээг иж бүрэн нэвтрүүлэх нь чухал гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглэлээ. Түүнчлэн орон нутагт төсвийн эрх мэдэл, бараа, үйлчилгээ худалдан авах эрх зэргийг нь өгч, хөрөнгө оруулалт ч өмнө байгаагүйгээр нэмэгдэж байгаа учир дэд бүтэц, барилга, байгууламжийн ажлын чанарт онцгой анхаарахыг Ерөнхий сайд С.Батболд сануулсан байна.

    Бүтээн байгуулалтын аливаа ажилд стандарт мөрдөх, чанарын шаардлага хангахгүй бол хүлээж авахгүй байх, хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн аж ахуйн нэгжийг дахин тендерт оролцуулахгүй байх, тендерийг нэгдүгээр сард багтаан зарлаж, 4 дүгээр сард сонгон шалгаруулж, ажлыг нь эхлүүлсэн байхыг үүрэг болголоо. Засаг дарга нартай байгуулсан гэрээний хэрэгжилтийн дүнг тооцохдоо ч дээрх зарчмыг харгалзан үзнэ гэв.   

    Ажил цалгардуулахгүйн тулд аймаг, нийслэлийн удирдлагууд гадаад, дотоод томилолтоо багасгах, УИХ, орон нутгийн сонгуультай ажлаа зохицуулах, Сонгуулийн тойргийн хороо, хэсэг байгуулж, эдгээрт ажиллах хүмүүсийн эрх, үүргийг сайтар ойлгуулах, өвлийн бэлтгэл гээд цаг үеийн ажлаа дээд газрын шийдвэр хүлээлгүй хийж хэвшихийг Ерөнхий сайд С.Батболд анхаарууллаа.        

    Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинар маргааш Төрийн ордонд үргэлжлэх бөгөөд сайд нар тэдэнтэй уулзаж,  салбарынхаа зорилт, орон нутагт анхаарах асуудлын талаар ярилцах юм. Мөн өдөр Монгол Улсын сайд-салбарын ерөнхийлөн захирагч нартай байгуулах гэрээнд гарын үсэг зурна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Сурагч шавь нарынхаа сурч мэдэх эрх ашгийг хүндэтгэхийг хүслээ

    Цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, хугацаагүйгээр ажлаа хаяад хоёр хоносон  багш нарын төлөөллийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр үдээс хойш хүлээн авч уулзлаа. Өөрөөр хэлбэл Боловсролын шинжлэх ухааны  үйлдвэрчний холбоон дарга Ж.Батзориг тэргүүтэй төлөөллийг Засгийн газрын тэргүүн  БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, НХХ-ийн сайд Т.Ганди нарын хамт уулзаж, илэн далангүй ярилцаж саналыг нь сонсохоор ширээний ард урилаа. Боловсролын салбарт шийдэх асуудал олон байгаа гэдгийг маш сайн мэдэж байгаа,үе шаттай шийдэх арга хэмжээг цаг алдалгүй ч хийж байгаа гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлээд, тэдний саналыг сонслоо.

    Таван төрлийн шаардлага тавьж байгаа тэд цалин хөлсөө хоёр дахин нэмэгдүүлэх, орон сууцны хөтөлбөрт хамруулах, багш нарын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлүүлэх зэрэг асуудал байгааг дурьдав. Түүнчлэн өнгөрсөн 10 дугаар сард  3 талт хэлэлцээрээр  цалин хөлсийг хоёр үе шаттайгаар нэмэхээр шийдсэн байтал ирэх оны төсвийн тухай хуулиар энэ асуудлыг яагаад хойшлуулав, үүнд  зовнидог төр засаг гэж байна уу гэх асуултыг тавилаа.

    Харин Ерөнхий сайд тэдэнд тун эмх цэгтэй мэдээллийг өглөө. Засгийн газраас боловсролын салбарт онцгой ач холбогдол өгч байгаа, ялангуяа хүний хөгжлийн асуудал нь Засгийн газрын бодлогын цөм, эдийн засгийн өсөлтийг хүний хөгжлөөрөө дамжуулан хуваарилалт хийж байгааг дурьдсан юм. Ялангуяа улсын төсвийн 20-иос доошгүй хувийг боловсролын салбарт зарцуулах ёстой байдаг ч яг үнэндээ 30 гаруй хувь нь энэ салбарт чиглүүлээд  явж байна гэдгийг хэлээд, гэхдээ тэдний шаардлага ч зүй ёсных гэдэгтэй санал нэгдлээ. Харин өргөс авсан юм шиг маргааш шийдэгдчихгүй , ардчилсан нийгэмд ямарваа асуудал бодитой судалгаатай үндэслэлтэй  байх ёстой, инфляци хөөрөгдөх ч юмуу хүндрэл үүсэх аюулыг бодолцох ёстой юм.

    Ерөнхий сайдын хувьд  монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх ёстой гэсэн зарчмыг  хатуу барьж ирсэн, 3 талт хэлэлцээрийг ч талууд байгуулсан байгаа. Энэ хэлэлцээрээр багш нар төдийгүй төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэдэг заалт оруулсан, гэхдээ он сар заагаагүй байсан гэдгийг хэллээ. Мөн та бүгдийн шаардаж буй  асуудлыг бид анхаарч авч хэлэлцэнэ, гэхдээ энэ ажил хаялтын улмаас хүүхдүүд, сурагчдынхаа сурч мэдэх эрх ашгийг хохироох ёсгүй, бас нийгэмд сөрөг үр дагавар дагуулах ёсгүй гэдгийг анхааруулаад хариуцлагын асуудал ч ард нь бийг санууллаа. Нэгэнт л энэ асуудлаар зөвшилцөж эхэлж буй учраас ажил хаялтаа зогсоохыг Ерөнхий сайд тэднээс  хүслээ.

    Түүнчлэн  энэ асуудлаар зөвшилцөх ажлын хэсгийг Сангийн болон БСШУ ба НХХ-ийн сайдаар ахлуулан  байгуулж байгааг дуулгаад, 3 талт хэлэлцээрийн хүрээнд сууж ярилцаж, энэ хэлэлцээрийг эхлүүлэхийг санал болголоо. Өөрөөр хэлбэл бидний зорилго нэг байна, үүнийг харин үе шаттай шийдвэрлэе. Гэхдээ  өргөс авсан мэт асуудал хурдан өөрчлөгдөхгүй,хуулийн хүрээнд 3 талт хэлэлцээрийн журмын хүрээнд үндэстэй судалгаатайгаар ярилцаж шийдье. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Тавьж буй олон асуудлыг юунаас эхэлж, шийдэх үү, шаардлагатай эх үүсвэрийг яаж гаргах уу гээд нухацтай цаг алдалгүй хэлэлцэн шийдье гэсэн байр суурийг илэрхийллээ. Ийнхүү Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу хэлэлцээр өнөөдрөөс эхэлж, багш нарын ажил хаялт зогсохоор болсон гэж хэлж болох юм. Хэлэлцээр эхэлмэгц ажил хаялт зогсдог хуулийн журамтай ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Багш нарын нийгмийн асуудлыг сайжруулах хуулийн төслийг Ерөнхий сайд дэмжиж байна

    Боловсролын шинэчлэл, шинэ стандарттай уялдуулан боловсролын салбарт ажиллагсдын мэргэжлийг дээшлүүлэх, багшийн мэргэжлийн нэр хүндийг өргөж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургалт давтан сургалтын тогтолцоог боловсронгуй болгох зохицуулалтыг хийх Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хувьд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин, Д.Очирбат, Д.Одбаяр, С.Эрдэнэ, П.Алтангэрэл нарын боловсруулсан хуулийн төслийг дэмжиж байгаа юм.

    УИХ-ын эдгээр гишүүд  Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өнөөдөр өргөн барилаа. Боловсролын байгууллагад ажиллагсдыг 5 жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах албан тушаалтны мэргэшлийг улсын төсвийн хөрөнгөөр таван жил тутам дээшлүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.

    Уг хуулийн төсөл батлагдвал сум, тосгон, багийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, номын санч, сургуулийн эмчид хөдөө суманд тогтвор суурьшилтай ажилласны 5 жил тутамд нэг удаа зургаан сартай тэнцэх тэтгэмжийг өөрийн ажиллаж байгаа байгууллаас олгоно.      

    Мөн бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш болон одоо мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хуульд заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэнд тэтгэвэрт гарахад нь 24 сар, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан ба түүнээс дээш ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхийг тусгаснаар төрийн албан хаагчдын тэтгэмжийн ялгавартай байдлыг арилгана гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хүлээж аваад Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцэх болно гэдгээ хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  

  • 7 ХОНОГТ 2 МЯНГА ОРЧИМ ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ

    Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 69 876 хүн шинээр ажилтай болжээ. Өмнөх 7 хоногтой харьцуулахад шинээр ажилтай болсон хүний тоо 2 мянга орчим хүнээр нэмэгдсэн гэсэн үг юм.  Нийт ажилд орсон хүний 30 мянга гаруй нь эмэгтэйчүүд байна.

    Баруун бүсийн аймгуудад 9 081, Хангайн бүсэд 11 599, Төвийн бүсэд 11 477, Зүүн бүсэд 5 089 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод 32 мянга 630 хүн ажилд оржээ. Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүрэгт тус бүр 5 мянгаас дээш хүн шинээр ажлын байртай болсон байна. Ховд аймаг 2121 хүнийг шинээр ажлын байртай болгосноор баруун бүсдээ тэргүүлсэн бол Хангайн бүсэд Архангай аймаг 2293, Төвийн бүсэд Төв аймаг 2349, Зүүн бүсэд Дорнод аймаг 2265 хүнийг шинээр ажлын байртай болгож бусдыгаа хошуучилжээ. Улсын хэмжээнд нийт ажилд орсон хүний 12 673 нь барилгын салбарт ажиллаж байгаа нь хамгийн ихэд тооцогдож байна.

    Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 12 457, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 8 614, уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 7175- 8400 хүн шинээр ажилтай болсон дүн гарчээ. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил“-ийн хаалт энэ сарын 16-нд болно. Энэ хүрээнд Соёлын төв өргөөнд “Хөдөлмөрийн яармаг-2012” арга хэмжээ болохоос гадна Төрийн ордонд жилийн ажлын хүрээнд хийсэн ажлаа дүгнэх юм байна.

  • Индонез Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хийнэ

    Ардчиллын төлөөх Балийн IY чуулганд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёонотой албан ёсны уулзалт хийлээ. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд энэ удаагийн чуулга уулзалтыг амжилтай зохион байгуулж буй явдалд нь баяр хүргэлээ. Түүнчлэн тэрбээр  өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцаа хамтын ажиллагаа өргөжиж байна гээд, зөвхөн хоёр талын хүрээнд төдийгүй олон талт хамтын ажиллагааны чиглэлээр ч амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Үүний тод илрэл нь Индонезийн тал манай талыг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэгч орны хувьд Ерөнхий сайдын түвшинд урьж оролцуулж буй явдал болохыг талууд харилцан тэмдэглэлээ.

    Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс бүс нутагт ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, бэхжүүлэх талаар Балийн чуулга уулзалтын зарчим, үзэл санааг бүрэн дүүрэн дэмжиж  байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн тэргүүний хувьд Ардчиллын боловсролыг гол сэдэв болгон, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бусад улс оронтой туршлага солилцон ажиллахыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгааг тэмдэглэж энэ хүрээнд Балийн чуулга уулзалт, АОХН-ийн зорилго, үйл ажиллагаа нийлж байгааг онцоллоо.

    Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно урилгыг хүлээн авч тус чуулганд оролцож буйд нь талархал илэрхийлээд Ази, Номхон далайн бүс нутгийн улс орны засгийн газрууд ардчиллыг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд хамтран ажиллах бүрэн бололцоо, хүсэл эрмэлзэлтэй болохыг Балийн чуулга уулзалт харуулж байна.Уг чуулга уулзалт болон АОХН-ийн хүрээнд Монгол улстай  идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
    Энэхүү уулзалт болон чуулга уулзалтын нээлт зэрэг бусад арга хэмжээнд оролцох үеэрээ Ерөнхий сайд С.Батболд Индонезийн Ерөнхийлөгч Сусило  Бамбанг Юдоёонотой хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн үр ашигтай, бодит үр дүнтэй болгон хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

    Хоёр талын хамтын ажиллагааг эн тэргүүнд аль салбарт хөгжүүлэх талаар тодорхойлж, Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хийх, Засгийн газрын гишүүд, яамдын хоорондын харилцааг идэвхжүүлэх чиглэлээр одооноос эхлэн идэвхтэй ажиллахаар тохиролцов. Ирэх 2012 оны хавар Улаанбаатар хотноо болох Энхийг сахиулагчдын цугларалтад оролцох зэргээр энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал нэгтэй байгаагаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар харилцан тэмдэглэв.

    Брунейн улс Монголын оюутнуудад зориулж тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ  

    Ерөнхий сайд С.Батболд тус чуулга уулзалтад оролцож буй Бруней Даруссаламын вант улсын султан Хассанал Болкиах Муиззадин Уаддаулахтай уулзалт хийлээ. Хоёр талын харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарт хөгжүүлэх талаар уулзалтын үеэр хөндлөө . Ерөнхий сайд С.Батболд Брунейн талаас монголын оюутнуудад зориулан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлээд уул уурхай, газрын тосны чиглэлээр монгол оюутнуудыг тус улсын их дээд сургуулиудад илгээх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
          
    Мөн чуулга улзалтын үеэр Катарын Ерөнхий сайд Шейх Хамад Бин Хасемтай  уулзалт хийлээ. Уулзалтын  үеэр эрчим хүч, ялангуяа газрын тос, байгалийн хийн салбарт хамтран ажиллах, мэргэжилтэн бэлтгэх, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, энхийг сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Катарын Ерөнхий сайд дээр дурдсан чиглэлээр Катарын тал хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд Монголын уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах, зээл олгох зэргээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Мөн Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг талархан хүлээн авч ойрын хугацаанд айлчлан хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар бодитой алхам хийхээ илэрхийлэв. Мөн Япон улсын Ерөнхий сайдын тусгай элч, Гадаад хэргийн сайд асан К.Окада өөрийн хүсэлтээр уулзав.

     Уг уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдыг Японд айлчлахыг урьсан Японы талын урилгыг дахин нотолж энэ удаагийн айлчлал нь хоёр орны хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгатай болгон баяжуулан хөгжүүлэх болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд С.Батболд энэ талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлээд хоёр орны хооронд Монголын уул уурхайн салбарын томоохон төсөлд хамтран ажиллах, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаар ойрын хугацаанд ахиц гарна гэдэгт итгэлтэй  байгаагаа тэмдэглэв. Мөн Япончууд  байгалийн гамшгаас үүдэн учирсан гарз хохирлыг эр зоригтой, амжилттай даван туулж буйд нь  баяр хүргэлээ.
     
    Ардчиллын төлөөх Балийн 4 дүгээр чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой мөн тус чуулга уулзалтад оролцож буй ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Төрийн сайд Жэреми Браун, Шинэ Зеландын Засгийн газрын гишүүн, цагаачлал, мэдээлэл сурталчилгааны сайд Жонатан Колеман нар өөрийн хүсэлтээр уулзаж хоёр талын болон олон  талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Индонезийн Ерөнхийлөгч Монголд айлчилна

    Бүгд найрамдах Индонез улсын Бали арал дээр ардчиллын төлөөх Балийн IV форум үргэлжилж байна. Тус чуулга уулзалтад Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно манай Ерөнхий сайдыг онцлон урьж, 21 жилийн өмнө тайван замаар ардчилсан хувьсгал хийж эдүгээ Азидаа тэргүүлэгч ардчилсан орон болсны хувьд туршлага хуваалцахыг хүссэн юм. Мөн манай улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдаж буй учраас Индонезийн Ерөнхийлөгчийн энэ урилгыг хүлээн авсан Ерөнхий сайд С.Батболд  чуулга уулзалтын чухал хүн байлаа.

    Уулзалтын хоёр дахь өдөр Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдыг хүлээн авч уулзлаа.  Хоёр орон эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжтойг Индонезийн төрийн тэргүүн илэрхийлсэн байна. Түүнчлэн Монгол улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Индонезийн харилцаа эрчимтэй хөгжих үүдийг нээж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой болж байгааг тэмдэглэн хэллээ.

    Ерөнхий сайд С.Батболд Монгол улс нь ардчиллыг бэхжүүлэх, энхийг сахиулах, батлан хамгаалах салбаруудад түүнчлэн бие биенээ нөхсөн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг уулзалтын үеэр хөндөн ярилаа. Мөн эрхэм Ерөнхийлөгчийг ирэх оны есдүгээр сард Монгол улсад айлчлахыг урилаа. Урилгыг Индонезийн төрийн тэргүүн талархан хүлээн авсан байна.

    Ардчиллын Монгол загварын туршлагыг Азийн орнуудтай хуваалцсан Ерөнхий сайд С.Батболд чуулга уулзалтын үеэр Япон, Катар, Турк, Зүүн Тимор, Их Британи, Шинэ Зеланд, Бруней, Бангладеш зэрэг орнуудын төр, засгийн тэргүүнүүдтэй хоёр талын уулзалтуудыг хийлээ. Монгол улсын эдийн засгийн өсөлт олон орны удирдагчдын анхаарлыг татаж байсан бөгөөд ирэх жил эдийн засгийн өсөлт  25 хувийн өсөлттэй гарах хандлагатай байгааг Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр тэмдэглээд, ардчиллын үнэт зүйлсийг хэрхэн бэхжүүлж хөгжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

    Манай орон уул уурхайн баялгаа эргэлтэд оруулсан нь дэлхийн улс орнуудын анхааралд аль хэдийнээ орсон нь Балийн чуулга уулзалтаас тод харагдаж байлаа. Олон орны төлөөлөгчдийн уулзах хүсэлтэд манай Ерөнхий сайд “ дарагдсан нь” үүнийг гэрчилж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд Балийн индэр дээрээс үг хэллээ

    Ардчиллын төлөөх Балийн IV чуулга уулзалтын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр өглөө эхэллээ. Тус чуулга уулзалтад 82 орны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд тэдгээрийн 22 нь Ерөнхий сайдын түвшинд оролцож байна. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдыг хуралдааны танхимд орж ирэхэд тус улсын Еорөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно угтан авч форумын хүндэтгэлийн суудалд урилаа. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд ”Өөрчлөгдөж буй дэлхий ертөнц дэх ардчилсан оролцоог нэмэгдүүлэх нь: Ардчиллын төлөө дуу хоолойг хүлээн авах нь“ сэдэвт дээд түвшний хуралдаанд ийнхүү оролцож форумын индэр дээрээс Ардчиллын төлөө Ази дахь хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, ардчиллын институцыг бэхжүүлэх чиглэлээр үг хэллээ.

    Индонези улсын Бали арал дээр болж байгаа Ардчиллын төлөөх Балийн чуулга уулзалтад Монгол улсын Ерөнхий сайдыг анх удаа урьж, ийнхүү оролцож байна. Монгол улсын Засгийн газрын тэргүүн тус чуулга уулзалтад хэлсэн үгэндээ Монгол улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын хувьд Ардчиллын боловсролыг гол сэдэв болгон, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бусад улс оронтой туршлага солилцож ажиллахыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгааг тэмдэглэж энэ хүрээнд Балийн чуулга уулзалт, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн зорилго үйл ажиллагаа нийлж байгааг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн манай улс “ Ардчиллын төлөөх Азийн түншлэл” санаачилга дэвшүүлэн ажиллаж байгааг тэмдэглэж, энэ нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд бус нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтын хүрээнд гаргаж тавьсныг хэлсэн үгэндээ онцоллоо.

    Ардчиллын төлөөх Балийн чуулга уулзалтыг анх 2008 онд Индонезийн Засгийн газар санаачлан эхлүүлж, түүнээс хойш жил бүр зохион байгуулах болжээ. Балийн өмнөх чуулга уулзалтууд бүс нутагт ардчиллын төлөөх бат бэх сүлжээ, холбоо тогтоох, ардчилсан үйл явц нь энх тайван, тогтвортой байдлын чухал үндэс, эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болох тухайд хэлэлцүүлэг явуулж байсан байна. Харин энэ удаагийн чуулга уулзалт ардчилсан үйл явцад олон нийтийг хэрхэн оролцуулах, ардчилал, шинэчлэлийн төлөөх тэдний дуу хоолойг хэрхэн тусгаж авах зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Индонез нь ардчилсан орнууд дундаас дэлхийд гуравт ордог улс ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • С.БАТБОЛД: Хөгжлийг ард нийтийн сайн сайханд зориулах цаг болжээ

    ~ Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын ардчиллын төлөөх балийн дөрөвдүгээр форум дээр хэлсэн үг ~

    Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёно,

    Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, 

    Хатагтай, ноёд оо,

    Юуны өмнө Индонезийн найрсаг ард түмэн, Засгийн газарт Монголын ард түмэн, Засгийн газрын халуун мэндийг уламжилж байгааг минь хүлээн авна уу. Ардчиллын төлөөх Балийн Форумд Монгол Улс анх удаагаа Засгийн газрын тэргүүний түвшинд оролцож байгаа бөгөөд би энд өндөр нэр хүндтэй эрхмүүд та бүхэнтэй хамт байгаадаа баяртай байна. 

    Хатагтай, ноёд оо,

    2011 он – дэлхий дахинд тэр тусмаа Монголд олон чухал үйл явдлууд өрнөсөн жил болж байна. Тухайлбал, энэ жил манай улс орчин цагийн дипломат албаны 100 жил, НҮБ-ын гишүүн болсны 50 жилийн ойнуудыг тэмдэглэж байна. Эдгээр он жилүүд бол Монгол Улс тусгаар тогтнолоо олж авах,  түүнийг бэхжүүлэхийн төлөөх түүх байсан юм. 1990 оны ардчилсан хувьсгал, 1992 оны ардчилсан Монгол Улсын үндсэн хууль зэрэг нь Монголчуудын аж байдлыг боломж, эрх чөлөөгөөр хангасан эрс өөрчлөлтүүд байлаа.

    Манай улсын сүүлийн 20 жил хэрэгжүүлж ирсэн улс төр, эдийн засгийн хосолсон өөрчлөлтүүд нь эдүгээ үр ашгаа өгч байна. Манай улсын ДНБ энэ жил 20 хувь, 2012 онд 25 хувь өсөх төлөвтэй байна. Эдийн засгийн хурдан өсөлттэй орнуудын нэг болохын хувьд манай улсын  олон улсын харилцаан дахь байр суурь өргөжиж байна.  

    Өнгөрсөн 7 дугаар сараас Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн тэргүүлэх үүргийг хүлээж авлаа. Тэргүүн орны хувьд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хүсэл эрмэлзлийн байгууллагаас бодит үйл ажиллагаа явуулдаг болгоход чиглэсэн хэд хэдэн чухал арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд байна. Манай улс ардчиллын боловсрол, бүс нутгийн хамтын ажиллагаа, иргэний нийгмийг дэмжих, бусадтай туршлагаасаа  хуваалцах зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байна.  

    Миний дурдсан эдгээр асуудлыг бид одоо Балийн ардчиллын форум дээр ярилцаж байна. Манай улс Азийн бүс нутагт ардчиллын асуудлаар анхны Засгийн газар хоорондын форум бий болгосон Индонезийн энэ санаачлагыг өндөр үнэлж байна. Тийм ч учраас эл форум нь ардчиллын үнэт зүйлс, хүний эрхийг хүндлэн дээдэлсэн Азийн орнууд цуглан чуулах чухал талбар болжээ. АОХН-ийн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэл нь Балийн Ардчиллын төлөөх Форум шиг бүс нутгийн ийм механизмтай хамтран ажиллаж,  Азид ардчиллыг бэхжүүлэх, баяжуулах нэгдсэн хүч чармайлтад хүч нэмэх зорилготой юм. 

    Монгол Улс БНСУ-тай хамтран өнгөрсөн 8 дугаар сард Ардчиллын төлөөх Азийн түншлэл гэсэн шинэ санаачлага дэвшүүлсэн билээ. Энэ нь манай бүс нутаг дахь Ази,Номхон далайн Ардчиллын төлөөх түншлэл зэрэг бусад санал санаачлагыг баяжуулна гэж үзэж байна. Эдгээр механизмын хүрээнд Монгол Улс Азийн түншүүдтэйгээ хамтран бүс нутагтаа ардчиллын үзэл санаа, үнэт зүйлсийг дээдлэн сахих нийтлэг зорилгоо нэгтгэн, нэгэн урсгалд оруулахын төлөө ажиллахад бэлэн байна.

    Хатагтай, ноёд оо,

    Манай бүс нутаг дэлхийн дахины үйл явдлын төв болж байгааг бид харж байна. АРФ-ын гишүүн орны хувьд Монгол Улс бүс нутгийн хөгжилд АСЕАН-ы гүйцэтгэж байгаа үүрэг өсөн нэмэгдэж байгааг талархан хүлээн авч байна. Мьянмарын Засгийн газрын авч хэрэгжүүлж эхэлсэн өөрчлөлт шинэчлэл бидэнд найдвар төрүүлж байна. Хоёр орны хоорондын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг хөхиүлэн дэмжихийн төлөө Мьянмартай ажиллахад Монгол Улс бэлэн байна.  

    Энэ удаагийн чуулга уулзалтаар ардчиллын дуу хоолой, ард түмний хэрэгцээ, тэдний сэтгэлийг зовоосон асуудлуудад хандах төрийн чадварыг сайжруулах тухай хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон хэрэг гэж үзнэ. 1990-ээд оны үеэс өөрийн улсын туулсан замыг эргэн харвал ард түмний шударга шаардлагыг хүчээр няцаах бус харин ойлголцол, яриа хэлцээний замаар хүлээж авахын чухал нь нотлогдож байгаа юм. Улс орондоо гарсан тайван хувьсгалаас хойш бид нийгмийн бүхий л оролцогчидтой яриа хэлэлцээний замаар ойлголцож байна.

    Өнөөдөр Монголын нийгэмд яриа хэлэлцээ явуулах, өөр үзэл бодлыг хүндэтгэх, нийтлэг арга зам, үнэт зүйлийг эрэлхийлэх, зөвшилцлийг бий болгох зэрэг нь нийгмийн хэв хэмжээ, стандарт болжээ. Монгол Улсад иргэний нийгэм нь бодлого боловсруулах, шийдвэр гаргахад хүчтэй оролцогч болсон. Манай Засгийн газар төр, төрийн бус байгууллагын түншлэлийг санаачлан өрнүүлж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг сонгон авч, хэлэлцүүлэг явуулан, хүлээж авахуйц шийдлийг олж байна.   

    Хуулийн төсөл, шийдвэрүүдийг интернетэд байршуулж, иргэдийн санал, хүсэлтийг авч байна. Засгийн газрын бүх шийдвэрүүд, төсвийг интернэтэд байршуулах болсон. Ийнхүү иргэд мэдээлэл болон бодлогын баримт бичгүүдийг олж үзэх боломж нэмэгдэж байгаа нь Засгийн газрыг ил тод, хариуцлагатай байж, олон нийтэд тайлагнаж ажиллахад тус дөхөм үзүүлж байна. Нөгөөтэйгүүр, манай улс ардчиллын боловсролыг АОХН-ийн тэргүүн орны тэргүүлэх чиглэл болгон авсан. Учир нь иргэдэд ардчилсан нийгэмд зөвхөн эрхээ ойлгож, эдлээд зогсохгүй хариуцлагаа ухамсарлах явдлыг сургах хэрэгтэй юм.  

    Энэ хүрээнд Монгол Улс 2012 онд ЮНЕСКО-той хамтран дурдсан сэдвээр олон улсын семинар зохион байгуулна. Бид мөн ирэх оны сүүлээр Энэтхэгт ардчиллын боловсролын асуудлаар бүс нутгийн бага хурал зохион байгуулахаар тус улсын Засгийн газартай ярилцаж байна. Энэ бүх арга хэмжээ нь сургалтын хөтөлбөр боловсруулах, ардчиллын боловсролын асуудалд Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний анхаарлыг хандуулахад оршино.

    Монгол Улсын эдийн засаг хурдан өсч, баялаг хуримтлагдахын хирээр ард иргэдийн аж байдлыг дээшлүүлэхэд түлхүү анхаарах явдал чухал болж байна. Тиймээс манай Засгийн газар нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогыг тэгш хуваарилахад тэргүүлэх ач холбогдол өгч байна. Бид өнгөрсөн хугацаанд ардчилсан өөрчлөлтүүдийг хөгжлийн төлөөх боломж, орчинг  бүрдүүлэхэд чиглүүлж хийж байсан бол эдүгээ хөгжлийг ард нийтийн сайн сайханд зориулах цаг болжээ.

    Хатагтай, ноёд оо,

    Дэлхий дахин эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед манай Засгийн газрууд нэгдмэл зорилго, хүч чармайлтаа нэгтгэн ажиллах шаардлагатай байна. Балийн ардчиллын форумын жишээнээс харахад Азийн орнуудын Засгийн газрууд бүс нутагт ардчиллыг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллаж чадах юм байна үзэж байна.  Бид бодитой ажил хийх цаг болжээ. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн тэргүүн орны хувьд Монгол Улс манай туршлагаас суралцахад нь шинээр ардчилалд хөл тавьж буй орнуудад дэмжлэг үзүүлэх аливаа санаачлагыг дэмжиж, олон улсын тусламж дэмжлэгийг дайчлан ажиллахад бэлэн байна.  

    Бид нээлттэй байдал, ардчилсан өөрчлөлтүүдэд чиглэсэн бодлогыг сайшаан дэмжинэ. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд Азийн ардчилсан орнуудын жин, үүргийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Үүний зэрэгцээ, ардчилал, түүний үнэт зүйлийг урагшлуулахад бүс нутгийнхаа түвшинд хамтран ажиллах, зохицуулах явдлыг бэхжүүлэхэд бидний үүрэг чиглэсэн хэвээр байх болно. Монгол Улс Балийн ардчиллын форумыг цаашид ч дэмжиж ажиллана гэдгээ дахин нотолж, үгээ өндөрлөж байна.

    Энэ ялдамд таатай сайхан орчин бүрдүүлж, найрсгаар зочилсон Балийн ард иргэдэд, бүс нутагт ардчиллыг хөгжүүлэхийн төлөө эрхэмлэн зорьсон Ерөнхийлөгч Юдоёно Танд гүнээ талархаж байна.

    Анхаарал тавьсанд баярлалаа.