Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Д.Дамба-Очир нар Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг  хамтран боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.12.02) өргөн барилаа.

    Улсын Их Хурлаас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн юм.

    Түүнчлэн 2018 онд УИХ-аас баталсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанкны үйл ажиллагааны чиглэлд шинээр “банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэсэн зохицуулалт нэмж тусгагдсан.

    Мөн Монголбанкнаас Азийн хөгжлийн банктай хамтран 2017 онд “Санхүүгийн салбарын хөгжил, тогтвортой байдлыг дэмжих” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох “Санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь” дэд төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд тус төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас “Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн болон зохицуулалтын өнөөгийн тогтолцоо ба түүнийг шинэчлэх талаарх зөвлөмж” гаргасан байна.

    Хууль, хөтөлбөрийн эдгээр шаардлага,  зөвлөмжтэй уялдуулан хуулийн төслийг боловсруулсан байна.

    Хэрэглэгч-санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын мэдээллийн болон эрх мэдлийн тэгш бус, тэнцвэргүй байдлыг бууруулж, тэнцвэртэй байдал хангагдсанаар санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийг төдийгүй хэрэглэгчийг хамгаалах боломж бүрдэх юм. Түүнчлэн санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа нь санхүүгийн зах зээлийн үр ашигтай, ил тод, өрсөлдөөнт орчныг бэхжүүлж, хэрэглэгчийг санхүүгийн үйлчилгээнээс ашиг тус хүртэх, сайн мэдлэг, мэдээлэл олж авснаар бүтээгдэхүүн үйлчилгээг зөв сонгох боломж бүрдүүлэх, салбарын итгэлцлийг дээшлүүлэх, эрүүл, өрсөлдөөнт зах зээлийг бий болгоход энэхүү хуулийн ач холбогдол оршино гэж төсөл санаачлагчид үзэж байна. 

  • ТАНИЛЦ: Дараах 12 баримт бичигт гарын үсэг зурлаа


    Манай сэтгүүлч ОХУ-ын Москва хотоос мэдээлж байна. 

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурж байна. Тодруулбал, Засгийн газар, яам хоорондын дараах 12 баримт бичигт гарын үсэг зурсан байна. 

    1. “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т – Монголын талаас Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн – Оросын талаас Эрчим хүчний сайд А.В.Новак нар гарын үсэг зурлаа. 

    +“Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т – Монголын талаас Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин – Оросын талаас “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэгийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурлаа.

    +“Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын “НК “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т – Монголын талаас Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин – Оросын талаас “НК “Роснефть” нийтийн хувьцаат нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Д.Касимиро нар гарын үсэг зурлаа.

    2. “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2020-2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд – Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар – Оросын талаас ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар гарын үсэг зурлаа.

    3. “Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын Тээврийн яам хоорондын хэлэлцээр”-т – Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан – Оросын талаас Тээврийн нэгдүгээр орлогч сайд И.С.Алафинов нар гарын үсэг зурлаа.

    4. “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Оросын Холбооны Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын санамж бичиг”-т – Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар – Оросын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд М.А.Топилин нар гарын үсэг зурлаа.

    5. “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хооронд 2020-2021 онд хамтран ажиллах хөтөлбөр”-т – Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар – Оросын талаас Хууль зүйн сайд А.В.Коновалов нар гарын үсэг зурлаа.

    6. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын санамж бичиг”-т – Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан – Оросын талаас Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд А.Н.Морозов нар гарын үсэг зурлаа.

    II. ХЭЛЭЛЦЭЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСНЫГ ЗАРЛАВ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд монголын талын ноот бичгийг оросын талд гардуулав. – 1957 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох худалдааны гэрээ”-нд нэмэлт оруулах тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын хэлэлцээр – Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

    III. БУСАД БАРИМТ БИЧИГ

    7. “Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Оросын Холбооны Улсын “Зарубежгеология” ХН хоорондын гэрээ”-нд – “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн – “Росгео” ХН-ийн Удирдлагын дарга, ерөнхий захирал С.Н.Горьков нар гарын үсэг зурлаа.

    8. “Зүүнбаян – Таван толгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “РЖД Интэрнешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд – Монголын талаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Д.Жигжиднямаа – Оросын талаас “РЖД Интэрнешнл” ХХН-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А. Столяров нар гарын үсэг зурлаа. 

    9. “Монгол Улсын “Эрдэнэс Монгол” ХХК ба Оросын Холбооны Улсын “УЗТМ-Картэкс” ХХК УК-ийн Стратегийн түншлэлийн тухай санамж бичиг”-т – Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү – Оросын талаас “УЗТМ-Картэкс” ХХК УК-ийн Ерөнхий захирал Я.В.Центер нар гарын үсэг зурнлаа.

    10. “Арьс ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Оросын Холбооны Улсын “Русская кожа” хувьцаат нийгэмлэг хоорондын санамж бичиг”-т – Монголын талаас “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар – Оросын талаас “Русская кожа” ХК-ийн ерөнхий захирал А.А.Низов нар гарын үсэг зурлаа.

    11. “Хамтын ажиллагааг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Худалдаа, хөгжлийн банк ба ОХУ-ын Оросын экспортын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т – Монголын талаас Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ – Оросын талаас Оросын экспортын төвийн гүйцэтгэх захирал А.Слепнев нар гарын үсэг зурлаа.

    12. “Очир Гэгээн Сүндэр” ХХК болон “Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сан” ХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т – Монголын талаас “Очир Гэгээн Сүндэр” ХХК-ийн ерөнхий захирал Ганбаатар ОЧИР – Оросын талаас “Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сан” ХН-ийн Ерөнхий захирал А.О.Чекунков нар гарын үсэг зурлаа. 

  • Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзав

    УИХ-ын гишүүн С.Батболд Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзав. 

    Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Батболд “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хурал төр засаг, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөлөл өргөн хүрээнд оролцож, амжилттай явагдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Улаанбаатарт төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Монгол Улс болон олон улсын байгууллагуудын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. 
    Дашрамд дурдахад, Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форум Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. 

     Хурлын үйл ажиллагаанд Монгол, БНХАУ, БНСУ, Пакистан зэрэг 10 гаруй орны 300 орчим Засгийн газрын болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байгаа аж.

  • 4 төрөлт спортын тэмцээн зохион байгууллаа

    Багануур дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн дунд УИХ-ын гишүүн, ДИТХ-ын төлөөлөгчдийн дэмжлэгээр ХЭСГИЙН АВАРГА шалгаруулах сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, дартс 4 төрөлт спортын тэмцээнийг 4 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

    Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:

    • 1-р байр Залуус хэсгийн баг тамирчид,
    • 2-р байр Нарийн 3 хэсгийн баг тамирчид,

    Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд:

    • 1-р байр Наран, хөдөө, нарийн нуур хэсгийн баг тамирчид,
    • 2-р байр Их гүн хэсгийн баг тамирчид,

    Олс таталтын төрөлд:

    • 1-р байр Их гүн хэсгийн баг тамирчид,
    • 2-р байр Наран, хөдөө, нарийн нуур хэсгийн баг тамирчид,

    Гар бөмбөгийн төрөлд:

    • 1-р байр НАРАН, ХӨДӨӨ, НАРИЙН НУУР хэсгийн баг тамирчид,
    • 2-р байр Нарийн-2 хэсгийн баг тамирчид,

    Дартсын төрөлд:

    • 1-р байр Нарийн-3 хэсгийн баг тамирчид,
    • 2-р байр Их гүн хэсгийн баг тамирчид тэргүүллээ. Шилжин явах цомын эзнээр Ө.Болортуяа ахлагчтай НАРАН, ХӨДӨӨ, НАРИЙН НУУР хэсэг шалгарлаа.
  • Монгол улс Жюү жицүгийн дэлхийн аваргатай боллоо

    Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод үргэлжлэн явагдаж, 100 гаруй орны тамирчид өрсөлдөж байна.

    Тус тэмцээний залуучуудын ангилалын -70кг жинд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн, “Хилчин” спорт хорооны тамирчин Батмөнхийн Хулан маань Дэлхийн аварга болон Төрийн дууллаа эгшиглүүлж, Алтан соёмбот далбаагаа мандуулжээ. Дүүдээ сурлага, спортын өндөр амжилт хүсье!

  • Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзалт ярилцлага зохион байгуулав

    Тойргийнхоо Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад “Сүхбаатарын Батболд” сангаас зарласан хилийн чанадад суралцах тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийн талаар болон мэргэжил сонголт, хувь хүний хөгжил сэдвээр уулзалт ярилцлага зохион байгуулав.

  • XVII жарны “Тийн урвуулагч” хэмээн Шороон гахай жилийн мэндчилгээ

    Монгол түмний үндэс угсаагаараа бахархаж, төрт ёс, уламжлалт зан заншлаа хүндэтгэн эв эеийг эрхэмлэх сар шинийн мэндийг айлтган мэндчилье.

    XVII жарны “Тийн урвуулагч” хэмээн Шороон гахай жилдээ айл саахалтаараа амар амгалан, хотол олноороо эрүүл энх, төвшин жаргалтай байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

  • Сар шинийн баярыг угтан ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

    Сар шинийн баярыг угтан ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

    Уулзалтын үеэр иргэд сонгогчиддоо УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлууд, тойрогтоо хэрэгжүүлсэн болон 2019 онд шинээр эхлэх төсөл арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

  • Шинэ он солигдох энэ үдэш тойргийнхоо хүүхэд багачуудыг баярлууллаа

    Шинэ он солигдох энэ үдэш тойргийнхоо хүүхэд багачуудыг баярлууллаа. Эх орныхоо өнцөг булан бүрт болон дэлхийн улс орнуудад ажиллаж, амьдарч буй нийт монголчууддаа шинэ оны мэнд дэвшүүлж, ирж буй 2019 ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

  • Шилдэг сурагчдыг шалгаруулан урамшуулав

    Сүхбаатарын Батболд сангаас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35-р дунд сургуулийн шилдэг сурагчдыг шалгаруулан урамшуулав.

    Мөн 2019-2020 оны хичээлийн жилд АНУ, БНХАУ-д 50-100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлах болсоноо дуулгаж, нийт сурагчиддаа сурлагын амжилт хүслээ.