Ангилал: мэдээ-мэдээлэл

  • 16 настнууд андгай өргөж, Монгол улсын иргэн болсноо баталгаажууллаа

    “Залуус та бүхний минь өв тэгш хүмүүжил, эх оронч сэтгэлгээ, мэдлэг боловсрол, өрсөлдөх чадвар Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа, хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч шүү” хэмээн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд “ Иргэний андгай өргөх ёслол”-д оролцсон хүүхэд залуусд хандан хэлсэн үгэндээ онцоллоо. Туурга тусгаар Монгол улсын иргэн болохоо баталгаажуулж, андгай өргөх ёслол уламжлал болсоор эдүгээ есөн жил өнгөрчээ. Энэ жилийн хувьд “Иргэний  андгай өргөх ёслол” Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж, мөн орон даяар зэрэг явж байгаагаараа онцлог болж байна.

    Олон тэгш ойнууд давхцсанаараа энэ жилийн хувьд бас өнгө нэмж байгаа “ Иргэний андгай өргөх ёслол”-д нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 800 гаруй сурагчид иргэний үнэмлэхээ гардан авахаар хүрэлцэн иржээ. Ёслолын ажиллагааны хүндэт зочноор Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг  нар оролцлоо. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх эхний алхам болдог “ Иргэний андгай өргөх ёслол”-д Засгийн газрын тэргүүн ирээдүйн залуусд хандан үг хэлсэн юм. Ерөнхий сайдын гэхээсээ илүү ах хүний хувьд хандан хэлсэн түүний үгийг 16 настангууд маань чих тавин сонслоо. “Эх орныхоо бүрэн эрхт иргэн болж байгаа дүү нартай баярын мэнд хүргэе.

    Энэ жилийн хувьд тэгш ойнууд давхцаж, дэлхий дахинд нэрээ дансалсан НҮБ-ын 50 жилийн ойн жил та бүхэн иргэний үнэмлэхээ гардан авч, иргэний андгайгаа өргөж байна. Энэ ч утгаараа та бүхэн эх орноороо, Монгол улсаараа бахархах учиртай. Эх орныхоо ирээдүй болсон залуучууд та бүхэн өнөөдөр өөрийн амьдралд нэгэн шинэ хуудсыг нээж, нэгэн шинэ үеийг эхлүүлж байна.

    Энэ мөч та бүхний амьдралд мартагдашгүйгээр хадгалагдан үлдэж, залуучууд та бүхэн эрдэм боловсрол эзэмшиж эх орныхоо нэр хүндтэй иргэн хөгжлийн бүтээгч нь болно гэдэгт Засгийн газрын тэргүүний хувьд би бүрэн итгэж байна. Залуус та бүхний өмнө хөгжлийн шинэ боломж нээгдэж байна. Эх орон маань хөгжил дэвшлийн шинэ гараан дээр ирлээ. Тиймээс та бүхэн энэ улсын эзэн нь болж, манлайлан ажиллах эрхэм үүрэгтэйгээ ухамсарлах ёстой.

    Монголын хүн амын олонхи болсон хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал төрийн бодлогын анхаарлын төвд ямагт байсаар ирсэн. Цаашид ч энэ бодлого үргэлжилсээр байх болно. ” хэмээгээд ёслолын ажиллагаанд оролцсон хүүхэд багачуудад хичээл сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. “ Иргэний андгай өргөх ёслол”-д оролцсон оролцогчид дараа нь төрийн дууллаа хамтран дуулснаар ёслолын ажиллагаа өндөрлөлөөгэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүсийг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. УИХ-аас батлан гаргасан хуулийн дагуу 1996 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 5 яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилсноос хойш 15 жил болж байна. Ойн баярын өдрийн мэндчилгээг Ерөнхий сайд хүргээд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

    Төрийн нарийн бичгийн дарга нар төрийн жолоог атгалцан, салбар бүрээ зангидаж, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгааг тэрээр онцлон тэмдэглэв. Төрийн алба мэргэшсэн, чадварлаг болж, хөгжлийн том алхаанд хөл нийлүүлэн улам боловсронгуй болохын зэрэгцээ улс төрөөс хамааралгүй байх суурь тавигдсан. Цаашид үр дүнд тулгуурласан, тогтвортой, мэргэшсэн байх зарчим мөрдөгдөх, боловсон хүчний сонголт, томилгоо холбогдох хууль, дүрмийн хүрээнд байх ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна.

    Жишээлбэл яамны Газрын дарга гэхэд л тухайн яамандаа 5-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэдгийг хуульчлах зэргээр ярьж байгаа бөгөөд төрийн албыг чадваржуулахад үе үеийн Төрийн нарийн бичгийн дарга нарын санаа оноо, оролцоо, хувь нэмрийг хүлээн авч дэмжинэ гэлээ. Түүнчлэн Канад Улсад айлчлах үеэр төрийн албаны шинэтгэлээр амжилт олж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн туршлагыг нь авч өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулах талаар ярилцсан нь ажил хэрэг болж байгааг дуулгалаа.

    1996 оны 8 дугаар сарын 8-нд 7 яамны Төрийн нарийн бичгийн дарга томилогдсоноос хойш өдгөөг хүртэл 50 хүн энэ албыг хашжээ. Эдгээрээс УИХ-ын гишүүнээр 7, Засгийн газрын сайд, адилтгах албан тушаал болон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус бүр 5 хүн ажиллаж байна. Төрийн нарийн бичгийн дарга нараас шинжлэх ухаан болон боловсролын 15 доктор, 3 генерал төрөн гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Хөгжлийн бодлогоо 20 жилээр боловсруулдаг болох саналыг Ерөнхий сайд С.Батболд эрдэмтэдтэй уулзахдаа гаргалаа

    Монгол Улсад Шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90, Шинжлэх ухааны Академи байгуулагдсаны 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр улс орны хөгжил дэвшлийн хурдасгуур болсон эрдэмтэн судлаачдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс маань үсрэнгүй хөгжлийн гараанд дээр ирээд байгаа. Хөгжлийн олон тулгуур хүчний хамгийн чухал нь монгол хүн байх учиртай гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тодотголоо.

    Ингэхдээ оюун ухааны салбарын хөдөлгөгч хүч болсон энэ салбарын уураг тархи, гол цөм нь эрдэмтэн мэргэд юм гэдгийг тэмдэглэлээ. Тиймээс ч ийм хариуцлагатай үед хамгийн түрүүнд шинжлэх ухааны байгууллагууд, түүний гол цөм болсон тэргүүлэгч гишүүд, эрдэмтэд манлайллаа улам өндөржүүлэх, тэдний оролцоо улам нэмэгдэж байгааг дуулгаад идэвхтэй хамтарч ажиллахыг хүслээ.

    Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засаг руу явж байна. Засгийн газар ч энэ чиглэлд гол бодлогоо барьж ажиллаж байгаа гэж  Засгийн газрын тэргүүн С.Батболд гээд улс орныхоо хөгжлийн стратегийг шинжлэх ухааны үндэслэлтэй, илүү бодитой болгох нь өнөөдөр хамгийн чухал гэдгийг тодотгож байсан юм. Улс орныхоо хөгжлийн стратегийг шинжлэх ухааны үндэслэлтэй, илүү бодитой болгоё. Суурь дэвсгэр болсон зорилт хангалттай бий. Гэхдээ ажил хэрэг болох бодлогыг эдгээр зорилтууд дээр үндэслэн боловсруулах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгалаа. Утоп шинжтэй уриа лоозон, хий хоосон хөтөлбөр байх ёсгүй.

    Хүний хөгжлийн болон өрсөлдөх чадварын индексээрээ монголчууд дэлхийд хаана явна гэхчлэн бодит судалгаанд үндэслэн төлөвлөе. Аль нэг улс төрийн нам, эсвэл яам тамгын газар, Хөгжил шинэтгэлийн хорооны түвшинд хөгжлийн төлөвлөгөө гаргадаг биш эрдэмтэд мэргэдээ оролцуулсан бодитой, урт настай төлөвлөгөө боловсруулахад хамтран ажиллахын чухлыг энэ үеэр мэдэгдлээ. Сонгуулиас сонгуулийн хооронд бодлого боловсруулж, өмнөх бодлого төлөвлөгөөг үгүйсгэдэг байдлыг халах цаг ирсэн гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлээд үүнд Шинжлэх ухааны академийн гишүүд та бүхний оролцоо их гэдгийг онцоллоо.

    Хөгжлийн стратегийг боловсруулахад идэвхтэй оролцоно гэдгээ тус академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин энэ үеэр эрдэмтэн мэргэдээ төлөөлөн илэрхийллээ. Энэхүү уулзалтын үеэр яам, тамгын газар, агентлагууд бодлого боловсруулахдаа тухайн салбарын эрдэмтдээ урьж оролцуулдаг байх асуудал мөн хөндөгдсөн бөгөөд ажил хэргийн уулзалт ойрын хугацаанд зохион байгуулж энэ саналыг бодит ажил  болгох талаар ярилцахаар тохиролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлллийн албанаас мэдээллээ.

  • ШУУД ХИЙХ БАЙСНЫГ БОЛИУЛЖ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ЗАМЫН АЖИЛ ХИЙЛГЭНЭ

    Засгийн газрын хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болов.  “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд автозамын болон эрчим хүчний талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай болон мал өвөлжилтийн бэлтгэлээ хэр хангасан талаар хэлэлцсэн нь онцлох сэдэв байв.

    Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулах замаар гэрээ байгуулан гүйцэтгүүлэх автозамын барилгын ажлын жагсаалтыг хуралдаанаар баталлаа. Ингэснээр тухайн замын ажлыг гүйцэтгэх тендерт олон аж ахуйн нэгж өрсөлдөж, улмаар ажлыг чанартай хийх боломжийг нээж өгч байна.   

    Дээрх жагсаалтын дагуу олон улс, улсын чанартай 1376,9 км, Улаанбаатар хотын 48,7 км, замын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх юм. Тухайлбал Улаанбаатар-Мандалговь, Өндөрхаан-Чойбалсан, Тосонцэнгэл-Улиастай, Өндөрхаан-Мөнххаан – Баруун-Урт, Алтай-Дарви, Тариалан-Мөрөн, Шаамар-Цагааннуур-Түшиг сум зэрэг чиглэлд хатуу хучилттай зам тавьж, Улаанбаатар хотноо Зүүн 4 замын уулзварт олон түвшний огтлолцол хийж, Хасбаатарын гудамжны автозамыг өргөтгөн, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрээс Энхтайвны гүүр хүртэлх автозам зэргийг шинэчлэхээр төлөвлөөд байгаа юм.

    Мөн хуралдаанаар автозамын барилгын ажлын технологийн хяналт хийж гүйцэтгэх зөвлөхийн ажлын жагсаалтыг баталжээ. Хийгдэх ажлуудыг санхүүжүүлэхэд Хөгжлийн банкны үйл ажиллагааны зардалд зориулан гэрээт ажил бүрийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг төсөвт өртгөөс тусад нь тооцож, тухай бүр нь санхүүжүүлж байх болсон байна.

    Засгийн газрын хуралдаанаар мөн тогтоолд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Энэ дагуу Засгийн газрын энэ оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 149 дүгээр тогтоолын 1 дэх заалтын  “Шууд гэрээ байгуулан гүйцэтгэх дулаан хангамжийн түгээх шугам сүлжээний угсралтын ажлыг 1 дүгээр” гэсний дараа “нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” хэмээн нэмж, 2 дугаар хавсралтын нэрийг “Нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахилгаан, дулааны эх үүсвэр, дамжуулах сүлжээний барилга байгууламжийн ажил” гэж өөрчиллөө. 

    МАЛ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ 89.6 ХУВЬТАЙ БАЙНА

    Улсын хэмжээнд мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 89.6 хувьтай байна. Дорноговь /74.9 хувь/ аймгаас бусад бүх аймаг бэлтгэлээ 80-аас дээш хувиар хангасан тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Энэ жил улсын хэмжээнд 180 мянган өрхөд нийт 37.1 сая мал, хонин толгойд  шилжүүлснээр 59.9 сая мөл өвөлжинө. Үүнээс 19.1 мянган өрхийн 5.3 сая мал отроор өвөлжих мэдээ гарчээ.

    Энэ жил улсын хэмжээнд 1181.2 мянган тонн өвс, 18.2 мянган тонн сүрэл, 34.3 мянган тонн ногоон тэжээл, 47.1 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 46.3 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Энэ нь өнгөрсөн жилээс 8.3 хувиар илүү гэсэн үг юм. Нийт малд шаардагдах өвс, тэжээлийн бэлтгэл улсын хэмжээнд дунджаар 81.3 хувь байгаа бөгөөд Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймаг 24-47.7 хувь буюу буюу хангалтгүй биелүүлсэн байна.

    Засгийн газрын тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлтгэсэн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээний дүн ч гарчээ. Аймаг, нийслэлийн нөөц 62.8, сум, дүүргийнх 78.6 хувьтай байгаа нь өмнөх жилээс 10 хувиар илүү гэсэн үг юм. Хөдөө орон нутгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах 42 419 худгийн 36 672 буюу 87 гаруй хувь ашиглахад бэлэн байгаа тухай салбарын сайд танилцуулгадаа дурдлаа. Аймгуудын мэдээнээс үзвэл одоо ашиглаж байгаа бэлчээрийн хангамж 78 хувьтай байгаа бөгөөд Орхон /12 хувь/, Дорноговь /17.2/ аймаг хамгийн хүндрэлтэй байна. 

    Энэ жилийн хувьд бэлчээрийн даац харьцангуй сайн байгаа учир отроор өвөлжилж, хаваржих малын тоо өнгөрсөн жилээс 3.6 саяар буурчээ. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд хөнөөлт шавьж, мэрэгчтэй тэмцэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээг төлөвлөсний дагуу хийж байна.

    ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ 81,3 ХУВЬТАЙ БАЙНА

    Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн энэ оны III улирлын хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тайлант хугацаанд Засгийн газрын 3917 шийдвэрийн 5921 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авснаас 1840 заалт буюу 31.1 хувь нь биелж, 3982 нь хэрэгжих шатанд, 100 нь биелэлтийг тооцох хугацаа болоогүй байна. Харин 18 арга хэмжээ тасарсан болон хэрэгжилтийн явц удаашралтай байгаа дүн гарчээ.

    УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэрэг 4050 шийдвэрийн 6190 заалтыг хяналтад авч ажилласан нь 80.4 хувийн биелэлттэй байна. Засгийн газар УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэрэг 133 шийдвэрийн 266 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авчээ. Эдгээрээс 60 заалт буюу 22.6 хувь нь биелж, 201 нь хэрэгжих шатанд байгаа бол 5-ынх нь биелэлтийг тооцох хугацаа болоогүй, 3 арга хэмжээний хэрэгжилтийн явц удаашралтай байна.

    Танилцуулгатай холбогдуулан тогтоол, зарлиг, шийдвэрийн зааот, арга хэмжээ бүрийг хяналтад бүрэн авч хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, тасарсан, хэрэгжилт нь удааширч байгаа заалтуудыг хэрэгжүүлэхийг сайд, агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Мөн хуралдаанаар Засгийн газрын 10 дугаар сарын үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцав. Өнгөрсөн сард Засгийн газар 4 удаа хуралдаж, 53 асуудал хэлэлцэн 22-той танилцсан байна.

    7 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 4-ийг хууль санаачлагчид уламжлахаар, 2 асуудлыг Байнгын хороотой зөвшилцөхөөр, 1 асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 3 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болж, 7 асуудлыг хойшлуулжээ. Танилцуулгаас үзвэл Засгийн газар ирэх оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулсан байна. Нэгдсэн төсвийн орлого эхний 9 сарын гүйцэтгэлээр нийт орлого 3100.3 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөө 767.7 тэрбумаар буюу 32.9 хувиар давжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1041.7 тэрбум төгрөг буюу 50.6 хувиар өссөн гэсэн үг юм. “Хүний хөгжил сан”-д эхний 9 сарын гүйцэтгэлээр /өссөн дүнгээр/ нийт орлого 286.4 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 24.4 хувиар буюу 56.1 тэрбум төгрөгөөр давж биелжээ.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар төрөөс баримтлах бодлого, зарчмыг тодорхойлох, сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийг хамгаалах, нийгэм, эдийн засгийн харилцаанд оролцох, бие даасан байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн тусламж авах нөхцөлийг хангахад иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох нь хуулийн зорилт юм. Манай улсад 2010 оны байдлаар 112.9 мянган хүн сэтгэц, зан үйлийн эмгэгтэй бөгөөд 22 мянга гаруй хүн идэвхтэй хяналтад эмчлэгдэж байгаа бол хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүний 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүн эзэлж байна.
    • Усны нөөцийн менежментийг хийх, төрийн эзэмшлийн болон төсвийн хөрөнгөөр баригдсан усны барилга байгууламж, түүний дотор толгойн байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцах үүрэг бүхий “Ус-МГЛ” төрийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулахаар болов. Дүрмийг нь баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Төрийн өмчийн хорооны даргад даалгалаа.
    • Монгол Улсаас Бүгд Найрамдах Малави Улс, Өмнөд Судан Улс, Самоагийн Тусгаар Улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.
    • Улс орны эдийн засгийн онц чухал мэдээлэл хадгалагддаг Татварын ерөнхий газрын төв байрыг Дотоодын цэргийн хамгаалалтад авлаа. Мөн Ховд, Орхон, Өмнөговь аймгийн усан хангамжийн эх үүсвэр, Дөргөний усан цахилгаан станц, Дулааны III, IVцахилгаан станцыг Дотоодын цэргийн хамгаалалтад авахаар болов. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний төвлөрсөн төв болох “Нарантуул”, “Хархорин”, “Да хүрээ”, “Хүчит шонхор” захаас гадна Тавантолгойн нүүрсний уурхай, Оюутолгойн зэс, алтны орд газар, “Эрдэнэт” үйлдвэрт цагдаагийн гэрээт хамгаалалт ажиллуулахаар шийдвэрлэлээ.
  • Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулахаар Европын холбоо хүчин чармайлт гаргаж байна

    Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо энэ өдрүүдэд болж байгаа юм. Европын 27 орон, 500 сая хүн амыг эгнээндээ нэгтгэсэн тус холбооны гишүүн орнуудын Элчин сайд нарын уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Гадаад харилцааны сайд байх үедээ санаачлан зохион байгуулсан бөгөөд Элчин сайд нар энэхүү уулзалтад оролцохоор манай оронд гурав дахь удаагаа ирээд байгаа нь энэ юм. Энэ удаагийн уулзалтад Европын холбооны 22 улсын Элчин сайд, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин зөвлөхүүд цуглаад байна. Элчин сайд нар ийм олноороо нэг дор цуглаж байсан тохиолдол байхгүй гэж уулзалтад оролцсон дипломатчид хэлж байв.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Европын орнуудын элч болсон Элчин сайд нарыг өнөөдөр Төрийн ордонд хүлээж авч уулзлаа. Өвлийн эхэн сар эхэлж хүйтний ам наашилсан энэ үеэр цаг гарган Бээжингээс манай улсыг зорин ирсэн ноёд болоод Улаанбаатарт суугаа Элчин сайд нарт энэхүү уулзалтад ач холбогдол өгч хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд энэхүү уламжлалт арга хэмжээ нь Монгол Улсын Европын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үндэс болж байгаа гэдгийг тэмдэглэлээ.

    Европын холбоотой байгуулж байгаа Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг  өнгөрсөн онд үзэглэсэн. Энэ онд баталгаажуулж гарын үсэг зурна гэж төлөвлөсөн. Энэхүү процедурыг түргэвчлээд Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулбал  баяртай байх болно. Энэ хэлэлцээрийн үндсэн дээр Европын холбоо, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа цааш өргөжин хөгжих учиртай гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд үүнд чухалчлан анхаарлаа хандуулахыг Элчин сайд нараас хүслээ.

    Европын холбоо нь Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулахдаа 27 гишүүн орон болгон нь дотооддоо эхлээд хэлэлцээд Монгол Улстай байгуулж болох юм байна гэсэн зөвшөөрөМонгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулахаар Европын холбоо хүчин чармайлт гаргаж байнал өгсөн тохиолдолд энэхүү хэлэлцээрийг байгуулдаг журамтай бөгөөд одоогийн байдлаар 27 орны 24 нь Европын холбоо манай улстай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байгаа талаар уулзалтын үеэр Элчин сайдуудын зүгээс мэдээллээ. Энэ асуудал удахгүй нааштайгаар шийдэгдэнэ гэсэн итгэл найдварыг тэд өгсөн юм.   

    Европ стандарт, нормыг Монголд нутагшуулах зорилт тавьсан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр энэ асуудлыг хөндлөө. Ингэхдээ тэрбээр “Монгол Улсын Засгийн газар Европын холбоонд мөрдөгдөж байгаа стандартыг Монголд нэвтрүүлэх бодлого баримталж байгаа. Энэ бодлогоо УИХ-д өргөн барьсан бөгөөд Европын зарчим, стандарт, норм хэм хэмжээг нутагшуулах бодлогыг Улсын Их хурлаар хэлэлцэж батлана гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн энэ чиглэлээр буюу Европын холбооны гишүүн улсуудын туршлагыг судлах ихээхэн сонирхолтой байгаа, энэ ч үүднээсээ өнгөрсөн жил  Шведэд Элчин сайдын яамаа нээсэн гэдгийг тэмдэглэлээ.  

    Энэхүү уулзалтын үеэр хөндөгдсөн бас нэгэн чухал асуудал нь Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулах  тухай байлаа.  Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд энэ тухайд хэлэхдээ манай улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулах асуудлыг бид олон жил ярьж байна гээд энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ яаралтай авахыг хүслээ. Энэ асуудлыг гуравдахь удаагаа тавьж байгаа гэдгээ Ерөнхий сайд С.Батболд онцлоод дараагийн уулзалтад энэ асуудал шийдэгдсэн байна гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм.

    Мөн Монгол Улсад үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Европт гаалийн болон бусад ямар нэгэн татваргүйгээр борлогдох боломжтой бий. Энэ боломжийг бий болгох баримт бичиг, эрх зүйн үндэс нь бэлэн байхад харамсалтай нь дорвитой үр дүнгээ өгч ажиглагдахгүй байна. Тиймээс хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр мөн анхаарахыг Элчин сайд нараас Засгийн газрын тэргүүн С.Батболд хүслээ. Мөн нийтлэг эрх ашиг, нийтлэг үнэт зүйлсийн талаар бодол санаа нэг байдаг учраас Европын холбоог манай улс анд нөхдөө гэж боддог. Хамтын ажиллагаагаа бүхий л чиглэлд өргөжүүлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ.

    Зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас  Монгол Улсыг хасуулах чиглэлээр Европын холбоо хүчин чармайлт гарган ажиллаж байгаа гэдгийг Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхий сайдад хандан хэлж байлаа. Мөн Европын холбоо нь Монгол Улсыг бүс нутагтаа нөлөө бүхий хүчирхэг улс гэж үнэлдэг. Энэ ч үүднээс Монгол Улстай харилцах харилцаандаа чухал ач холбогдол өгч байдаг гэдгийг Элчин сайд нар тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • ГУРИЛЫН ҮНЭ БУУРЧЭЭ

    Махны үнэ өсөж байгаа ч гурилын үнэ буурчээ. “Улс төрийн тойм” сонин Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаж байгаа гурилын үнийг өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулж ийм дүгнэлт хийсэн байна. “Алтан тариа” компанийн задгай дээд гурилын үнэ 1.3 хувь, задгай нэгдүгээр гурил 1.6, савласан дээдийн дээд 0.9 хувь, дээд гурил 3.7 хувь, нэгдүгээр гурилынх 1.8 хувь, хоёрдугаар гурилынх 2.8 хувиар буурчээ.

    Энэ нь энэ жил манай улс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээний улаан буудай хурааж авсан нь гурилын үнэд нөлөөлсөн гэсэн судалгаа гарчээ. Энэ онд манай улс 448,1 мянган тонн үр тариа, үүнээс 437,9 мянган тонн буудай,199,2 мянган тонн төмс, 105,2 мянган тонн ногоо, 4,5 мянган тонн арвай, 4,3 мянган тонн овъёос, 624 тонн хөх тариа, 568 тонн гурвалжин будаа, 4,5 мянган тонн тосны ургамал,34,3 мянган тонн тэжээлийн ургамал хураан авсан юм. Ингэснээр жилийн хэрэгцээт буудай,төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62,6 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой болж байна. Ургац хураалтын дүнг өнгөрсөн оныхтой харьцуулахад үр тариа 81,8 мянган тонн, төмс 30,2 мянган тонн, хүнсний ногоо 14,9 мянган тонноор тус тус ахиу хураан авчээ.

  • ОН ГАРСААР 64 МЯНГА 635 ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ

    Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 64 635  хүн шинээр ажилтай болжээ. Эдгээрийн 28 мянга гаруй нь эмэгтэйчүүд юм байна. Баруун бүсийн аймгуудад 7 877, Хангайн бүсэд 10 517, Төвийн бүсэд 10 715, Зүүн бүсэд 4 338 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод 31 мянга 118 хүн ажилд оржээ. Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэгт тус бүр 5 мянгаас дээш хүн шинээр ажлын байртай болсон байна.

    Ховд аймаг 1845 хүнийг шинээр ажлын байртай болгосноор баруун бүсдээ тэргүүлсэн бол Хангайн бүсэд Архангай аймаг 2191, Төвийн бүсэд Төв аймаг 2282, Зүүн бүсэд Дорнод аймаг 1986 хүнийг шинээр ажлын байртай болгож бусдыгаа хошуучилжээ. Улсын хэмжээнд нийт ажилд орсон хүний 12 370 нь барилгын салбарт ажиллаж байгаа нь хамгийн ихэд тооцогдож байна. Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 10 919, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 8 184, уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 6000-7400 хүн шинээр ажилтай болсон дүн гарчээ.

  • Түгжрэл багасгах цогц ажил хэрэгжүүлнэ

    УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд 2008-2011 онд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

    УИХ-ын дарга, 

    Эрхэм гишүүд ээ,     

    Та бүхэнд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд 2008-2011 онд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авах зарим арга хэмжээний талаар товч мэдээлэл хийе.   

    Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэл хотын эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд авто замын сүлжээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс үе үеийн Засгийн газар нийслэл Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын асуудалд ихээхэн анхаарч ирлээ. Үр дүнд нь өнөөдрийн байдлаар хатуу хучилттай авто замын урт нь 650.4 км болоод байна. Үүний 70 орчим хувийг  ашиглалтад ороод 20-иос дээш жилийн насжилттай болсон, их засвар, шинэчлэлт хийгдээгүй авто зам  эзэлж байгааг дурдах нь зүйтэй юм. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын барилгажилтын хэмжээ 1980 оноос 3.5 дахин нэмэгдсэн. Гэвч авто замын үндсэн сүлжээ бараг хэвээрээ байгаа нь бидний гарцаагүй анхаарлаа хандуулах асуудал болж байгаа юм. 

    Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийслэл хотын авто замын салбарт Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Нарны зам” төсөл, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Энхтайвны гүүрийн их засвараас өөр дорвитой ажлууд хийгдээгүй. Сүүлийн 16 жилийн хугацаанд жилд 162 саяас 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь тухайн үед шинээр зам барих, шинэчлэх боломжгүй, зөвхөн засвар, арчлалтад зарцуулагдаж байжээ. Энэ нь Монгол улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжин, эдийн засгийн чадавхи  сул байсантай холбоотойгоор Улаанбаатар хотын дэд бүтэц, ялангуяа авто замын салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүйгээс үүдэлтэй юм. 

    Манай хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд улс, нийслэлийн төсвөөс Нийслэлийн авто замын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр нэмэгдүүлж ирлээ. Мөн 2010 онд хөрөнгө оруулалтын шинэ хэлбэр болох өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцлөөр анх удаа 50 км авто зам барих ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар дуусах шатандаа явж байна. 

    2008 оноос хойш нийслэлд 42.5 км авто замыг шинээр барьж, 67.9 км авто замыг өргөтгөн шинэчилж, нийтдээ 110.4 км авто замын барилгын ажлыг холбогдох байгууллагууд хийж гүйцэтгэлээ.  Үүнийг задалж үзвэл 2008 онд шинээр 7.69 км зам барьж, 1.74 км замыг өргөтгөж сайжруулсан. 2009 онд шинээр 3.1 км зам барьж, 10.5 км замыг өргөтгөж шинэчилсэн. 2010 онд шинээр 11.8 км зам барьж, 14.0 км замыг өргөтгөж шинэчиллээ.  Харин 2011 онд шинээр 19.9 км зам барьж, 41.7 км замыг өргөтгөн сайжруулсан. Эдгээр тоон үзүүлэлт нь жил ирэх бүр Улаанбаатар хотын авто замыг сайжруулахад хөрөнгө оруулалтыг боломжоороо нэмэгдүүлж байгааг харуулж байна. Энэ хугацаанд нийт 169.1 урт метр төмөрбетон гүүрийг шинээр барьж, 1406.6 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилж, явган хүнд зориулсан болон автомашин явах нүхэн гарцуудыг тус бүр нэгийг барьж ашиглалтад оруулсан. 

    Дээрх зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд улсын төсвийн хөрөнгөөс 61.0 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгөөс 16.8 тэрбум төгрөг, “Монгол улсыг хөгжүүлэх сан”-гаас 3.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 0.8 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжийн хүрээнд 37.3 сая доллар, 4.7 тэрбум  төгрөг зарцуулсан. 

    Эдгээрээс гадна хотын авто зам, замын байгууламжийн арчлалт, урсгал засвар, орон сууцны хороолол доторх замын шинэчлэлтийг Нийслэлийн Авто замын санд төвлөрсөн хөрөнгөөр хийж байна. Нийслэлийн замын санд 2008 онд  4.4 тэрбум төгрөг, 2009 онд  5.6 тэрбум төгрөг, 2010 онд 7.2 тэрбум төгрөг, 2011 онд 9.5 тэрбум төгрөг, нийт 26.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, орон нутгийн чанартай зам ашигласны төлбөр зэрэг эх үүсвэрүүдээс төвлөрүүлж, хотын гол гудамж замуудын арчлалт, урсгал засвар, хорооллын доторх авто замуудыг шинэчлэх зэрэг ажлуудад зарцуулсан байна. 

    Цаашид төлбөртэй зогсоолын үйлчилгээ болон төлбөртэй зам барьж хураамжийн шинэ эх үүсвэрийг бий болгох арга хэмжээг авна . Энэ зорилгоор “Төлбөртэй зогсоолын журам”­­-ыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2009 онд батлан мөрдүүлж эхэлсэн. Хамтарсан Засгийн газар нийслэл Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулахын тулд дотоод эх үүсвэрээс гадна гадаадын зээл тусламжийг ч гэсэн боломжоороо төвлөрүүлэн ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар Нийслэл Улаанбаатар хотод гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр дараах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд:

    Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Чингэлтэй дүүргийн Хайлаастын 1.1 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны 4.1 км авто зам, Орбит-Тахилтын 7.1 км авто зам, Баянзүрх дүүргийн Ботаник Шархадны 6.5 км авто зам барих ажлыг эхлүүлсэн. Хайлаастын 1.1 км авто замыг 2011 онд, бусад замуудыг 2012 онд ашиглалтанд оруулна. Японы улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Нарны гүүр” гүүрэн гарц барих ажил өнөөдрийн байдлаар 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд 2012 оны 6 сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.  Мянганы Сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Улиастайн салаа замын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто зам, Баянзүрхийн товчооноос Налайх-Тэрэлжийн уулзвар хүртэлх 15.9 км авто замыг өргөтгөж шинэчлэх төслүүдийг 2011-2013 онд хэрэгжүүлж дуусгана. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжин хотын нэрэмжит гудамжны шинэчлэлт хийхээр зураг төслийн ажлыг эхлүүлсэн. Бээжингийн гудамжны шинэчлэлтийг 2012-2013 онд хэрэгжүүлнэ. Дээрх төслүүдийн хүрээнд ойрын хугацаанд буюу 2012-2013 онд 18.7 км авто зам, 386 урт метр гүүрийг шинээр, 19.3 км авто зам, 75 урт метр  гүүрийг өргөтгөн шинэчилж, төмөр зам дээгүүр шинээр 1 гүүрэн, 1 нүхэн гарцыг барьж ашиглалтад оруулна. 

    Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 

    • Баруун 4 замын уулзвар дээрх олон түвшний огтлолцол барих,
    • Яармагийн гүүрийг хос болгон өргөтгөж шинэчлэх,
    • Толгойт Сонсголонгийн замын уулзварт гүүрэн гарц барих,
    • Олимпийн гудамжнаас Нарны зам ба төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух гүүрэн гарц барих,  
    • Саппорогийн аюулгүйн тойрог дээрх олон түвшний огтлолцол барих,
    • Баянбүрдийн аюулгүйн тойрог дээрх олон түвшний огтлолцол барих

    зэрэг 6 томоохон төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. 

    Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлын тогтоолоор батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрт нийслэлийн авто замыг сайжруулах ажил нэг томоохон хэсэг нь болон тусгагдсан. Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод нийт 350 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр, 212 км авто зам, 7 гүүрэн гарц, огтлолцлыг шинээр барихаар төлөвлөсөн.   

    2011 онд Засгийн газрын 105 тоот тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх 17 төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталж, ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна. Эдгээр 17 төсөл, арга хэмжээний хүрээнд олон түвшний огтлолцол 1-ийг, 48.7 км авто замыг шинээр барих буюу өргөтгөнө. 
     
    Тус хөтөлбөрийн хүрээнд 2012-2013 онд хэрэгжүүлэх 120.4 км авто зам, замын байгууламжуудын зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлд Буянт Ухаа, Шинэ Яармаг, 7, 14, Радио Телевиз, Баянголын ам зэрэг 6 шинэ хорооллыг нэн түрүүнд барихаар төлөвлөсөн. Эдгээр хорооллын доторх гол болон туслах нийт 83 км авто замыг цогцоор нь барина.  

    “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр хэрэгжсэнээр 2017 он гэхэд Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын сүлжээний нийт урт 925 км болж, хотын хөдөлгөөний түгжрэл ихтэй гол гудамж замуудын уулзварт олон түвшний огтлолцол, гүүрэн гарцууд баригдсан байх болно.

    Авто тээврийн хэрэгслийн үзлэг тооллогын дүнгээр  2008 онд 106.8 мянга, 2009 онд 131.4 мянга, 2010 онд 152.1 мянга, 2011 оны 9 сарын байдлаар 177.9 мянган тээврийн хэрэгсэл тоологдсон. Өөрөөр хэлбэл 2008-2011 онд Улаанбаатар хотод зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 71 хувиар  нэмэгдлээ. Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирж зорчиж буй тээврийн хэрэгслүүдийг тооцвол энэ тоо илүү их нэмэгдэнэ. Эдгээр тоон үзүүлэлт нь авто замыг шинээр барих, засварлах хэрэгцээг эрс ихэсгэлээ. Гэвч тээврийн хэрэгслийн энэхүү өсөлттэй хамааралтай хөрөнгө оруулалтыг нийслэлийн авто замын салбарт оруулж чадахгүй байна. Улаанбаатар хотын авто машин, хүн амын өсөлттэй шууд хамааралтайгаар хотын авто замуудын нэвтрүүлэх чадавх хүрэлцэхгүй болж, хөдөлгөөний түгжрэл үүсч, агаарын бохирдлыг нэмэгдүүлж, нийгэм болон эдийн засагт сөргөөр нөлөөлөх болсон. 

    Иймд хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг шинэчлэн өргөтгөж, хоёр түвшний уулзвар, гүүрэн болон нүхэн гарц, авто зогсоол барихаар тусган үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ мэтээр хамтарсан Засгийн газар Улаанбаатар хотын авто замын асуудалд анхаарч олон бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлж ирлээ. Гэвч хийж гүйцэтгэхийн зэрэгцээ хотын авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд олон хүндрэл бэрхшээлүүд тулгарч байна. Үүнд:

    • Хотын төвийн авто замыг шинэчлэхэд инженерийн шугам сүлжээг хүчитгэх, шилжүүлэхэд ихээхэн хөрөнгө шаардлагатай боллоо,
    • Зам барилгын ажлын талбайг чөлөөлөхөд одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар “тухайн газрын өмчлөгчтэй нөхөн олговрын хэмжээг тохиролцоно” гэсэн заалт    байдаг нь зам барилгын ажлыг явуулахад нэг гол бэрхшээл үүсгэлээ,
    • Олон түвшний огтлолцол, гүүрэн гарц, нүхэн гарцууд баригдаж буйтай холбоотойгоор мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ нэмэгдлээ,
    • Барилгажилт эрс нэмэгдэж, тусгай зориулалтын машин, механизм, хүнд даацын ачааны тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох болсонтой холбоотойгоор зам, замын байгууламжийг эвдэх явдал ихэслээ. Эдгээр тулгамдсан асуудлыг бид цогцоор нь шийдвэрлэх ёстой.

    Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, менежментийг сайжруулах, зам барилгын ажлын чанарыг дээшлүүлэх, авто замаар саадгүй зорчих нөхцлийг хангахын тулд дараах арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

    • Тээврийн хэрэгслийн ил, далд, олон давхар болон төлбөртэй зогсоолыг олноор байгуулах,
    • Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудын уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд олон түвшний огтлолцол барих, явган хүнд зориулсан гүүрэн болон нүхэн гарц барих,
    • Их багтаамжийн нийтийн тээврийн төрлийг нэвтрүүлэх,
    • Хотын чанартай хурдны замыг барих,
    • “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудал хүртэлх авто замыг шинээр барьж байгуулах,
    • Нэгт төвтэй одоогийн Улаанбаатар хотыг олон төвтэй болон дагавар хот, тосгон бүхий жигд тархсан суурьшилтай болгож өөрчлөх,
    • Нийслэлийн Авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх,
    • Нийслэлийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын тогтолцоог боловсронгуй болгож, бүх замыг төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн аж ахуйн нэгжүүдэд хариуцуулан гүйцэтгүүлэх,
    • Ашиглагдаж байгаа гүүр, замын байгууламжуудад газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөтэй авч хэрэгжүүлэх,
    • Зам барилга, засварын шинэ техник, технологийг өргөнөөр нэвтрүүлэх,
    • Зам барилга, засварын ажлын хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, хөндлөнгийн зөвлөх компаниар технологийн хяналтыг гүйцэтгүүлэх,
    • Мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх талаар тодорхой бодлого гаргаж хэрэгжүүлэх зэрэг болно.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Манай улсын хүн амын тал хувь амьдарч, тээврийн хэрэгслийн 60-70 хувь зорчдог, нийт газар нутгийн 0.3 хувийг эзлэн орших Улаанбаатар хотын авто замын сүлжээнд Засгийн газраас 2008-2011 онд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авах зарим арга хэмжээний талаар танилцуулахад ийм байна. 

    УИХ-ын эрхэм гишүүд Та бүхнийг Улаанбаатар хотын авто замтай холбоотой асуудлаар санал бодлоо илэрхийлэхийг хүсье. Та бүгдийн саналыг Засгийн газар, нийслэл цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах болно. 

    Анхаарлаа хандуулсанд баярлалаа


    2011 оны 11 дүгээр сарын 18

    УИХ-ын чуулганы танхим

  • Хөдөлгөөний түгжрэл ингэж арилна

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр УИХ-ын чуулганы танхимдУлаанбаатар хотын авто замын сүлжээнд 2008-2011 онд хийж гүйцэтгэсэн ажил , цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Өөрөөр хэлбэл эдүгээ хэн хүний уур ундуу, цаг хугацааг барах болсон замын түгжрэлийг хэрхэн арилгах талаар тодорхой ажлуудыг төлөвлөж  эхлүүлээд байгаагаа энэ мэдээлэлдээ дурьдсан юм. Юуны өмнө тээврийн хэрэгслийн ил, далд, олон давхар болон төлбөртэй зогсоолыг олноор байгуулахыг гол зорилгоо болгож байгаагаа Ерөнхий сайд мэдээлэлдээ дурьдаж байна. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудын уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд олон түвшний огтолцол барих, явган хүнд зориулсан гүүрэн болон нүхэн гарц барих, их багтаамжийн нийтийн тээврийн төрлийг нэвтрүүлэх зорилго тавьж байна.

    Мөн хотын чанартай хурдны замыг барих, “ Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудал хүртэлх авто замыг шинээр барьж байгуулах, нэг төвтэй одоогийн Улаанбаатар хотыг олон төвтэй болон дагавар хот, тосгон бүхий жигд тархсан суурьшилтай болгож өөрчлөх, нийслэлийн Авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг барьж байна. Мөн нийслэлийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын тогтолцоог боловсронгуй болгож, бүх замыг төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн аж ахуйн нэгжүүдэд хариуцуулан гүйцэтгүүлэх бодлогыг барьж байгаа ажээ. Ашиглагдаж байгаа гүүр, замын байгууламжуудад газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөтэй авч хэрэгжүүлэх, зам барилга, засварын шинэ техник технологийг өргөнөөр нэвтрүүлэхээр болж байна.

    Өнөөдрийн байдлаар манай Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын урт нь 650.4 км болоод байгаа аж. Үүний 70 орчим хувийг ашиглалтад ороод 20-иос дээш жилийн насжилттай болсон, их засвар, шинэчлэлт хийгдээгүй авто зам эзэлж байгаа юм байна. Нийслэл Улаанбаатар хотын барилгажилтын хэмжээ 1980 оныхоос 3.5 дахин нэмэгдсэн байдаг ч авто  замын сүлжээ бараг хэвээрээ байгаа нь гарцаа байхгүй бидний анхаарлаа хандуулах асуудал болж байна гэдгийг Ерөнхий сайд онцолж байна. Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд улс, нийслэлийн төсвөөс Нийслэлийн авто замын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр нэмэгдүүлж ирсэн бөгөөд 2010 онд хөрөнгө оруулалтын шинэ хэлбэр болох өөрийн хөрөнгөөр гйүцэтгэн дараа төлөгдөх нөхцөлөөр анх удаа 50 км авто зам барих ажлыг эхлүүлж эдүгээ дуусах шатандаа явж байна.

    Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээл, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж, Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалт, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тодорхой төслүүдийг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд дээрх төслүүдийн хүрээнд ойрын хугацаанд буюу 2012-2013 онд 18.7 км авто зам, 386 урт метр гүүрийг шинээр, 19.3 авто зам, 75 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилж төмөр зам дээгүүр шинээр нэг гүүрэн, нэг нүхэн гарцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.  

    Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр

    • Баруун 4 замын уулзвар дээрх олон түвшний огтлолцол барих,
    • Яармагийн гүүрийг хос болгон өргөтгөж шинэчлэх,
    • Толгойт Сонсголонгийн замын уулзварт гүүрэн гарц барих,
    • Олимпийн гудамжнаас Нарны зам ба төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух гүүрэн гарц барих, 
    • Саппорогийн аюулгүйн тойрог дээрх олон түвшний огтлолцол барих,
    • Баянбүрдийн аюулгүйн тойрог дээрх олон түвшний огтлолцол барих

    зэрэг 6 томоохон төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

    Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлын тогтоолоор батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрт нийслэлийн авто замыг сайжруулах ажил нэг томоохон хэсэг нь болон тусгагдсан. Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод нийт 350 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр, 212км авто зам, 7 гүүрэн гарц, огтлолцлыг шинээр барихаар төлөвлөсөн.  

    2011 онд Засгийн газрын 105 тоот тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх 17 төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталж, ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна. Эдгээр 17 төсөл, арга хэмжээний хүрээнд олон түвшний огтлолцол 1-ийг, 48.7 км авто замыг шинээр барих буюу өргөтгөнө. 

    Тус хөтөлбөрийн хүрээнд 2012-2013 онд хэрэгжүүлэх 120.4 км авто зам, замын байгууламжуудын зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлд Буянт Ухаа, Шинэ Яармаг, 7, 14, Радио Телевиз, Баянголын ам зэрэг 6 шинэ хорооллыг нэн түрүүнд барихаар төлөвлөсөн. Эдгээр хорооллын доторх гол болон туслах нийт83 км авто замыг цогцоор нь барина. 

    “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр хэрэгжсэнээр 2017 он гэхэд Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын сүлжээний нийт урт 925 км болж, хотын хөдөлгөөний түгжрэл ихтэй гол гудамж замуудын уулзварт олон түвшний огтлолцол, гүүрэн гарцууд баригдсан байх болно гэсэн мэдээллийг Ерөнхий сайд хийлээ.  Ийнхүү хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө нийслэл Улаанбаатар хотын авто замыг сүлжээг шинэчлэн өргөтгөж, хоёр түвшний уулзвар, гүүрэн болон нүхэн гарц, авто зогсоол барихаар тусган үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

  • Кувейтын Сангийн сайдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011оны 11-р сарын 18-ны өдөр Кувейт Улсын сангийн сайд Мустафа Жассем Аль-Ш амали тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Манай улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаад талархаж байгаагаа  Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд хэлээд өнгөрсөн жил танай сайхан оронд албан ёсны айлчлал хийсэндээ сэтгэл хангалуун байна гэлээ. Энэ айлчлал нь хоёр орны түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэдэгт итгэлтэй байгаагаа дурьдаад, эрхэм сайдын энэ айлчлал нь манай улсын эдийн засгийн өндөр өсөлттэй үед ирж байгаагаараа онцлог болж буйг тэмдэглэн хэлэв.

    Монгол улс нь зөвхөн  уул уурхайг түшиглэхийн сацуу дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч гээд олон салбаруудад бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байгаа гэдгийг хэлээд, өнгөрсөн жил Кувейт   улсад айлчлах үеэр  Монгол улсад  бүрэн тоноглогдсон хүүхдийн эмнэлэг барих асуудлыг шийдвэрлэсэн. Одоо энэ ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад талархаж буйгаа  Монгол улсын Засгийн газрын тэргүүн уулзалтын үеэр илэрхийллээ. Кувейт улсын сангийн сайд  Мустафа Жассем Аль-Шамали хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, таны тэргүүлж байгаа Засгийн газар амжилттай ажилласны үр дүнд эдийн засгийн өндөрлөгт хүрч чадсанд баяр хүргэе гэлээ.

    Мөн хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайдын өнгөрсөн жил Кувейт улсад хийсэн айлчлал чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэлээ. Кувейтын сангийн шугамаар хүүхдийн эмнэлэг барих болон бусад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа гэдгийг ноён Сангийн  сайд дурьдаад, эдгээр төсөл хөтөлбөрүүдийн үр дүн хоёр улсын ард түмэнд л ашиг тусаа өгөх учиртайг  тэмдэглэж байв.

    Мөн Кувейтийн сангийн санхүүжилтээр авто замын салбарт амжилттай хөрөнгө оруулалт хийгдсэн, цаашдаа ч дэд бүтэц, уул уурхай, эрүүл мэнд, боловсрол гэх мэтчилэн чухал салбаруудад идэвхтэй хамтран ажиллах боломж байгааг ч илэрхийллээ. Энэ бүх үйл ажиллагаанд  Монгол улсын Ерөнхий сайдын дэмжлэг их байгаад талархаж буйгаа мөн  тэмдэглэн хэллээ. Кувейтийн сангийн дэмжлэгтэйгээр эдүгээ Дархан-Эрдэнэт, Эрдэнэт- Булган- Уньт, Уньт- Тариалангийн чиглэлийн авто замууд шинэчлэгдэж байгаа ажээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.