~ Ерөнхий сайд С.Батболдын Монгол Улсад орчин үеийн худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан худалдаа эрхлэгчдийн улсын IV дүгээр зөвлөлгөөнийг нээж хэлсэн үг ~
Эрхэм хүндэт төлөөлөгчид, зочид оо,
Хатагтай, ноёд оо,
Монгол Улсад орчин цагийн худалдааны харилцаа үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан тус салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, өнөөгийн ажиллагсад, бизнес эрхлэгчид Та бүхэндээ Засгийн газрын тэргүүний хувьд болон Үйлдвэр, худалдаа, гадаад харилцааны салбарыг удирдаж байсан хүний хувьд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Худалдаа үйлчилгээ нь манай улсын эдийн засгийн чухал салбаруудын нэг болж бэхжлээ. Монголчууд бид эрт үеэс гадаад ертөнцтэй худалдаа, арилжаа хийж, түүнийгээ өрх гэрийнхээ амьдрал ахуй, төр улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах чухал хэрэгсэл болгон ашиглаж ирсэн түүхэн уламжлалтай. Энэ үүднээс авч үзвэл манай улсын худалдаа арилжаа нь бидний өвөг дээдсийн байгуулсан эзэнт гүрний үе, их “торгоны зам”-ыг даган хөгжин цэцэглэж ирсэн билээ. Харин орчин үеийн худалдааны хөгжлийн түүх 90 жилээр хэмжигдэж Та бид өнөөдөр баярыг нь тэмдэглэж, амжилт ололт, алдаа оноо, хэтийн төлөвийг нь хэлэлцэж байна.
Монгол Улсын эдийн засаг үсрэнгүй хөгжлийн шатандаа ирсэн энэ цаг үед худалдааны салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж буйг тэмдэглэн хэлье. Манай улс худалдаагаар дамжин дэлхийн эдийн засгийн харилцаанд идэвхитэй оролцох болсон. 1997 онд манай улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болж олон улсын хэмжээнд худалдааны хууль эрх зүйн орчноо баталгаажуулсан нь түүхэн үйл явдал болсон билээ. 1990-ээд оны эхэн үед дэлхийн 20-иодхон улстай 200 хүрэхгүй сая ам. долларын худалдаа хийдэг байсан Монгол улс өнөөдөр дэлхийн 140 гаруй улстай 10-аад тэрбум ам.долларын худалдаа хийдэг боллоо.
2003 онд 3878 аж ахуйн нэгж, 9352 хүн гадаад худалдаанд оролцож байсан бол энэ оны 11 дүгээр сарын байдлаар 6729 аж ахуйн нэгж, 9770 хүн болж өсчээ. Ингэж манай улсын худалдааны салбарын хүрээ өргөжин тэлж, дэлхий ертөнцийн өнцөг булан хүрч үйл ажиллагаагаа бэхжүүлж өсөн дэвжихэд хувь нэмрээ оруулсан төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчиддээ талархал илэрхийлье. Өнөөдөр манай улс зах зээлийн харилцаа хөгжсөн орнуудын нэгэн адил дотоодын худалдаандаа брэнд бүтээгдэхүүнүүдийн албан ёсны дисрибьютерүүд, их дэлгүүр, супермаркет зэрэг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн орчин үеийн худалдааны төрөлжсөн, дэвшилтэт технологи, үйлчилгээний соёлыг хурдацтайгаар нэвтэрүүлж буйг онцлон дурдахад таатай байна.
Гадаад худалдааг хөнгөвчлөх, чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах, олон улсын худалдаанд мөрддөг бусад боломжуудыг ашиглах замаар худалдааны салбараа хөгжүүлэх асуудалд миний бие Үйлдвэр, худалдааны болон Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа ихээхэн анхаарсан. Өнөөдөр ч миний анхаарлын төвд байна. Гадаад зах зээлд монголын бараа бүтээгдэхүүнийг таатай нөхцлөөр гаргах, тааламжтай орчин бүрдүүлэх зорилгоор Европын холбооны зах зээлд монголын гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй гаргах гэрээ хэлэлцээрийг миний бие 2005 онд хийж хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан. Энэ боломжийг манай улс 2013 он хүртэл ашиглах ёстой.
Саяхан манай Засгийн газар Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах чиглэлээр яриа хэлэлцээг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа. Үүнийг үр дүнтэйгээр ажил хэрэг болгох учиртай. Цаашид бүс нутгийн болон хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг байгуулах боломжийг судалж, үр өгөөжтэй хэлбэрээр ашиглах нь чухал юм. Худалдааны салбар өргөжин тэлхийн хэрээр шинэ хүндрэл бэрхшээл, яаралтай шийдвэрлэвэл зохих асуудлууд урган гарах боллоо.
Тиймээс Засгийн газар худалдааны эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, зөв оновчтой бодлого хэрэгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх, экспортод нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний хувь хэмжээг нэмэгдүүлэх, худалдаан дахь тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах, хурдтай, оновчтой шийдвэр гаргахыг үүрэг болгон ажиллаж ирлээ. Мөн худалдааны салбарын хууль, эрх зүйн орчинг улам сайжруулах ажлын хүрээнд “Худалдааны тухай хууль”, “Гадаад худалдаанд төрөөс баримтлах бодлого”, “Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр” зэрэг баримт бичгүүдийг боловсруулан гаргахаар ажиллаж байна.
Худалдааны салбарыг хөгжүүлэхэд хил, гааль, авто замын дэд бүтцийг сайжруулах асуудал нэн тэргүүнд тавигдах боллоо. Тиймээс Засгийн газраас гаалийн үйл ажиллагааг сайжруулах, бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр шат дараатай олон ажил хийж байна. Гэвч эдгээр ажлууд нь өнөөгийн худалдааны хөгжлийн хурдыг гүйцэхгүй байгаад шүүмжлэлтэй хандах ёстой. Гааль, мэргэжлийн хяналт гээд төрийн холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, шуурхай үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд гадаад худалдаанд “Цахим нэг цонх”-ны үйлчилгээ нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газраас баталж хэрэгжүүлэхээр болсоныг Та бүхэндээ дуулгъя.
Байгалийн цэвэр органик бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн зах зээлээ хангах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлж боловсронгуй болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах асуудал чухлаар тавигдаж байгаа өнөө үед УИХ-аас “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийг энэ онд баталсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Олон улсын туршлагаас үзэхэд түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох оновчтой, үр дүнтэй арга нь бирж байгуулах явдал юм. Тиймээс бирж байгуулахыг хууль эрх зүйн болоод эдийн засгийн хувьд дэмжиж ирсэн.
Мөн манай Засгийн газар томоохон худалдааны үйл ажиллагааг дэмжихээс гадна жижиг, дунд худалдаа үйлчилгээний салбарт ч ихээхэн анхаарч ирлээ. Сүүлийн хоёр жилд 60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 280 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгосон. Үүний 8 хувь буюу 4,8 тэрбум төгрөгийг худалдаа, үйлчилгээний салбарт өгсөн. Цаашид ч гэсэн жижиг, дунд худалдааны салбарыг бодитойгоор дэмжих болно. Ер нь худалдааны таатай орчинг төр засаг нь бүрдүүлж, бизнес эрхлэгчид нь бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Тиймээс худалдааны салбарын хөгжилд бизнес эрхлэгчдийг илүү үүрэг оролцоотой, санаачилгатай оролцоосой гэж хүсч байна.
Худалдааны салбар нь хэрэглэгч, үйлдвэрлэгч болон борлуулагчийг шууд холбож өгдөг. Тиймээс хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэх, эрхийг хамгаалах замаар худалдааны салбарын хөгжлийг хангах олон улсын туршлагыг манай худалдаа эрхлэгчид анхаарч харгалзан үзвэл зохистой. Худалдаанд ёс зүйн соёл, ил тод байдлыг нэвтрүүлэхэд хүн бүр хүчин чармайлт тавих ёстой. Энэ нь эргээд Та бидний өөрсдийн болоод үр хүүхдийн эрүүл хүнс, аюул осолгүй амьдрал, цэвэр байгаль орчинтой шууд хамааралтай. Хүнсний аюулгүй байдлыг хангах нийгмийн үйл хэрэгт худалдааны салбар чухал үүрэгтэйг Та бүхэн санаж ажиллах ёстой.
Худалдааны системийг хөгжүүлэхгүйгээр, олон улсын худалдааны соёл, мэдлэгээс суралцахгүйгээр, худалдаа эрхлэгч мэргэжлийн хүн хүчгүйгээр бид үсрэнгүй хөгжлийн зорилтоо биелүүлэх боломжгүй. Тиймээс тулгамдаад байгаа бүхий л асуудлыг системтэйгээр шийдвэрлэж хөгжилд хүрэх нь бидний зорилт болно.
Зөвлөлгөөний төлөөлөгчид өө,
Эдийн засгийн тулгуур болсон худалдааны харилцааг бэхжүүлж, цаашдын зорилтыг тодорхойлоход худалдаа эрхлэгчдийн энэхүү зөвлөлгөөн чухал ач холбогдолтой. Худалдааны салбарын 90 жилийн ойг тохиолдуулан хийж буй энэ удаагийн зөвлөлгөөнөөр тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх арга замыг олж, худалдаа эрхлэгчдийн хүсэл зориг, ажил хэрэгч санал зөвлөмжийг нэгтгэн төр засагтаа болон хувийн хэвшлийнхэнд хүргэнэ гэж хүлээж байна. Шинэ үеийн түүхээ 90 жилээр баяжуулж буй худалдааны салбарын нийт хамт олон, зочид төлөөлөгчид Та бүхнэнд сайн сайхан бүхнийг хүсч, зөвлөлгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.
Анхааран соёрхсонд баярлалаа.
2011 оны 11 дүгээр сар 17 Төрийн ордон
Ингэж манай улсын худалдааны салбарын хүрээ өргөжин тэлж, дэлхийн ертөнцийг өнцөг булан хүрч үйл ажиллагаагаа бэхжүүлж өсөн дэвжихэд хувь нэмрээ оруулсан төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчиддээ талархал илэрхийлье. Гадаад худалдааг хөнгөвчлөх, чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах, олон улсын худалдаанд мөрддөг бусад боломжуудыг ашиглах замаар худалдааны салбараа хөгжүүлэх асуудалд миний бие Үйлдвэр худалдааны болон Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа ихээхэн анхаарсан.
Улс орны өмнө тулгамдсан асуудлыг хөндөж “Ядуурлыг бууруулах бодлого ба нийгмийн халамж, хамгаалал” сэдэвт дээд хэмжээний уулзалт Төрийн ордонд болж байна. Энэхүү уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэллээ. Ерөнхий сайд Засгийн газраас ядуурлыг бууруулах, нийгмийн халамж хамгааллыг сайжруулахын төлөө хийж хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар танилцууллаа. Засгийн газар ард иргэдээ эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хөгжлийн шинэ суурийг зөв тавихын төлөө ажиллаж ирсэн.
Мэргэжлийн боловсрол, сургалтад ажил олгогчийн оролцоо, хариуцлагыг өндөржүүлэх, эрэлтэд нийцсэн ажиллах хүч бэлтгэхэд салбарын хөрөнгө, хүний нөөцийг харилцан үр ашигтай зохицуулах, суралцагч, төгсөгчийг дадлагын болон ажлын байртай холбох зорилгоор салбарын яам хоорондын гэрээ байгуулж нягт хамтран ажиллах, өргөн хүрээнд бодлого барьж ажиллах нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Сургалтын чанарыг дээшлүүлэх, суралцагсдын тоог нэмэх, дадлагын сургалтын техник, технологийг шинэчлэх зорилгоор холбогдох сайд нарт мөн үүрэг өгсөн байна.
Мөн энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагчдад олгох томилолтын зардлыг нэмэгдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Боловсон хүчний асуудалд жил бүр 200 орчим хүнийг гадаадын цэргийн сургуулиудад урт богино хугацаагаар сургаж байгаа. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 700 гаруй албан хаагчдыг орон сууцтай болгосон зэрэг цэрэг, дайчдын нийгмийн асуудалд Засгийн газраас анхаарч хэрэгжүүлж байгаа зарим ажлын талаар танилцуулаад батлан хамгаалах салбарын шинэчлэлийг цаашид ч дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн дэд сайд М.А.Травниковыг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. “Байгалийн олон улсын эдийн засгийн 7 дугаар чуулга уулзалт”-ын үеэр болсон “Монгол-Оросын хил орчмын хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний уулзалтыг амжилттай зохион байгуулсныг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
Түүнчлэн Монголын баг тамирчдыг Азийн хэмжээнд зохиогдож байгаа тэмцээн уралдаанд оролцоход төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаа ч Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ. Ноён Занг Жилонг Ерөнхий сайд С.Батболдод өөрийг нь цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд спортод элэгтэй, спортыг дэмждэг Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа, мөн Монгол Улсын эдийн засгийн огцом өсөлтийг нүдээр үзэж мэдрэх боломж гарсанд хувьдаа баяртай байна гэлээ. Мөн тэрээр Монголын эдийн засаг хүнд байхад чөлөөт бөхийг холбоог 10 гаруй жил удирдаж, Монголын чөлөөт бөхийн түүхэнд үнэнтэй хувь нэмэр оруулсан шигээ Монголын хөлбөмбөгийн холбоог дэмжиж байдагт талархаж байгааг ч Засгийн газрын тэргүүнд илэрхийлж байлаа.
Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд цааш хэлсэн үгэндээ “2011 оны 11 дүгээр сарын 11-ний энэ өдөр одоо яг 11 цаг 11 минут болж байна. Зуун жилд ганцхан тохиох энэ мөчид зууны манлай намын эмэгтэйчүүд зөвлөлдөж байгаа нь түүхэн үйл явдал боллоо. Тоон бэлэгдлийн тохиол бүрдэл бүхий энэ өдрийг товлож хөгжлийн төлөө чуулж байгаа нь их үйл хэргийг эхлүүлэх бэлгэ ерөөл биз ээ” хэмээн тэмдэглээд, өнөөдрийн эрчимтэй өрнөж байгаа их бүтээн байгуулалтанд эмэгтэйчүүдийн дундаас ундран гардаг санал санаачилга, бүтээлч шийдлүүдийн үр өгөөж ач холбогдол улам бүр өсч байна гэдгийг дурьдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын НАМЭХ-ноос зохион байгуулж буй “Эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө 2011” форумд хэлсэн үг
Монгол орны бүх сургуулиудаас шалгарсан өсвөрийн сагсчид маань насны гурван ангиллаар хоорондоо өрсөлдөнө. Ирэх оны дөрөвдүгээр сард “Монгол мөрөөдлийн баг” тодрох ажээ. Хөдөлгөөний дутагдал, буруу хэвшлээс сэргийлэхээс авахуулаад багаар сэтгэх, эрүүл зорилготой болох олон сайн шинж чанаруудыг сагсан бөмбөгийн спорт хүүхдэд өгнө гэдэгт зохион байгуулагчид нь итгэлтэй байгаа юм. “Монгол мөрөөдлийн баг”-ийг олон улсын нэр хүнтэй тэмцээнүүдэд оролцуулах, NBA-ийн тоглолт үзүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа тэд санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр мэдээлж байлаа.