Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Жоу Юнканы айлчлал эхэлж, томоохон баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

    Жоу Юнканы айлчлал эхэлж, томоохон баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа Засгийн газрын урилгаар манай оронд айлчилж байгаа БНХАУ-ын Комммунист намын Төв хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Намын улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнканы албан ёсны айлчлал эхэллээ. Тэрбээр өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдтой ганцаарчилсан болон өргөтгөсөн  уулзалтыг тус тус хийлээ. Үүний дараа Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Намын улс төр, хуулийн хорооны  нарийн бичгийн дарга Жоу Юнкан нар  баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.

    Хоёр тал нийтдээ найман томоохон баримт бичигт гарын үсэг зурав. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд 10 сая юанийн буцалтгүй тусламж олгох тухай хоёр улсын Засгийн газар хоорондын солилцох захидалд монголын талаас Сангийн сайд С.Баярцогт, хятадын талаас худалдааны яамны дэд сайд Чэнь Зянь нар тус тус гарын үсэг зурлаа.

    Мөн Монгол улсын БСШУЯ, БНХАУ-ын шинжлэх ухаан технологийн яам хоорондын шинжлэх ухаан, технологийн салбарт 2011-2015 онд хамтран ажиллах тухай хэлэлцээр болон Монгол улсад хятад хэлний сайн дурын багш нарыг ажиллуулах тухай Монгол улсын БСШУЯ, БНХАУ-ын  Күнзийн институтын төв хоорондын хэлэлцээрт  БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Сяолун нар гарын үсэг зурав.

    Түүнчлэн Газрын тосны салбарын хамтын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай Монгол улсын ЭБЭХЯ, БНХАУ-ын газрын тосны үндэсний корпораци хоорондын хэлэлцээрт санамж бичигт ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан, БНХАУ-ын газрын тосны үндэсний корпорацийн Ерөнхийлөгч Жан Жэминь нар тус тус гарын үсэг зурсан бол, “Монгол улсын хөгжлийн банк болон БНХАУ-ын Экспорт,импорт банк хооронд хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т монголын талаас Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн дарга Ч.Хашчулуун, хятадын талаас Экспорт, импорт банкны Ерөнхийлөгч Ли Ругү нар гарын үсэг зурлаа.

    “Шинэ яармаг орон сууцны цогцолбор хороолол барих төслийн нэгдүгээр үе шатыг санхүүжүүлэх тухай Монгол улсын “ ЮП групп” ХХК болон БНХАУ-ын Экспорт, импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээр”-т монголын талаас “ЮП групп” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ууганбаяр, хятадын талаас Экспорт, импорт банкны Ерөнхийлөгч Ли Ругү нар гарын үсэг зурлаа. Мөн “  Хилтон зочид буудлын барилгын ажлыг санхүүжүүлэх тухай Монгол улсын “ Стар Стэйтс” ХХК болон  БНХАУ-ын Экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр”-т монголын талаас “ Стар Стэйнс” ХХК-ийн ерөнхий захирал С.Цацрал, хятадын талаас Экспорт, импорт банкны ерөнхийлөгч Ли Ругү нар тус тус гарын үсэг зурлаа

  • Монгол тамирчид эх орныхоо үнэт эрдэнэсээр хийсэн медаль хүртэнэ гэдэгт итгэлтэй байна гэв

    Монгол тамирчид эх орныхоо үнэт эрдэнэсээр хийсэн медаль хүртэнэ гэдэгт итгэлтэй байна гэв Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпод бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр манай оронд айлчилж байгаа Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Жак Рогге-г төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Анх 1986 онд Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Ж.А.Самаранч манай улсад айлчилж байсан. Үүнээс 25 жилийн дараа буюу Монгол Улсын хувьд олон түүхт ой тохиосон энэ онд болоод 2012 оны олимпын их наадмын өмнө олимпын холбооны ерөнхийлөгч дахин зочилж байгаа нь билэг дэмбэрэлтэй явдал гэж Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд Олон улсын олимпын хорооноос манай улсад үзүүлж байгаа тусламж, дэмжлэгт талархаж байдгаа илэрхийллээ.

    Манай баг тамирчид 1964 онд анх удаа олимпын наадамд оролцож, өнөөг хүртэл хугацаанд 19 медаль хүртээд байгаа. Мөн 2008 оны Бээжингийн олимпоос анх удаа алтан медаль авч, улс орныхоо нэр хүндийг дэлхийд дуурсгасан. Ирэх онд Лондонд болох олимпод манай тамирчид 9 төрлөөр өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа бөгөөд одоогоор 4 тамирчин эрхээ аваад байгааг Ерөнхий сайд дуулгаад Монголын баг тамирчдыг дэмжиж ажиллахыг хүслээ. 

    Манай тамирчид Лондонгийн олимпод амжилттай оролцож Бээжингийн олимпод үзүүлсэн амжилтаа давтан улмаар бататгана гэдэгт итгэлтэй байгаа, Засгийн газрын зүгээс ч шаардлагатай бүх арга хэмжээг авч, онцгой анхаарч байгаа гэлээ. Өөрийг нь цаг зав гарган хүлээн авсанд Жак Рогге Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод талархал  илэрхийлээд  “Лондон-2012” олимп болон паралимпын 4700 ширхэг медалийн алт, мөнгө, хүрэл медалийг Монгол медалиар хийх болсныг уламжиллаа.

    Мөн тэрээр олимпод оролцох Монгол тамирчид өөрийн ур чадвар авьяас билэг, хүч чадлаа дэлхийн дэвжээнд гайхуулж,  эх орныхоо vнэт эрдэнэсээр хийсэн алт, мөнгө, хүрэл медаль авна  гэдэгт итгэлтэй байна гээд Ерөнхий сайд С.Батболдтой Гадаад хэргийн дэд сайд байх үед нь уулзаж байснаа дурсаж, спортод элэгтэй, спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж явдагт нь талархаж байдгаа хэллээ.

  • Ил тод байдлын тухай хэлэлцээрийг ойрын үед байгуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ

    Ил тод байдлын тухай хэлэлцээрийг ойрын үед байгуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байдентай уулзалт хийхдээ Ил тод байдлын тухай хэлэлцээрийг ойрын үед байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Эрхэмсэг ноён Жон Байден манай Засгийн газрын тэргүүний энэхүү хүсэлтийг тун чухал санал тавилаа гээд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байден нар уулзалтын дараагаар хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ энэ тухай онцлон мэдэгдсэн юм. Энэхүү хэвлэлийн хурал Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ бидний урилгыг хүлээн авч Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байденд талархлаа илэрхийлээд энэхүү айлчлал нь манай улсын хувьд олон түүхт ойнууд тохиосон жил болж байгаагаараа онцгой ач холбогдолтой. Мөн ирэх онд манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Монгол Улс ардчиллыг эргэлт буцалтгүйгээр сонгон хөгжүүлж, манай ард түмэн, улс төрийн бүх хүчнүүд ардчиллыг эрхэмлэн дээдэлж байгааг АНУ хүлээн зөвшөөрч үнэлж байгаагийн тод илэрхийлэл гэж АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн айлчлалыг бид үзэж байна. 

    АНУ-аас Монгол Улсад үзүүлж ирсэн дэмжлэг, тусламжид манай ард түмэн гүнээ талархажбайдгаа тэмдэглэлээ. Ингэхдээ “Дэд ерөнхийлөгч бид хоёрын албан ёсны яриа хэлэлцээ амжилттай боллоо.Манай хоёр улс нийтлэг үнэт зүйлс, харилцан ашиг сонирхолдоо суурилсан иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид энэхүү харилцааг урагшлуулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа нотолсон гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тодотголоо.   

    Манай Монгол Улс энэ 7 сараас эхлэн  Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа. Ерөнхий сайд С.Батболд Гадаад харилцааны сайд байх үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтонтой энэ талаар санал солилцож ажлын суурийг тавьсан түүхтэй. Харин энэ удаа Ерөнхий сайдын хувьд АНУ-ын Дэд Ерөнхийлөгчтэй санал солилцох таатай боломж гарсныг тэмдэгэлээд ардчиллын үнэт зүйлс, соёл, чанарыг улам сайжруулах үйлсэд Монгол Улс туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагааилэрхийллээ.

    Мянганы Сорилтын Сангийн шугамаар хэрэгжүүлж буй төслүүд ньМонголын ард түмний амьдралд эерэг нөлөө үзүүлэх чухал салбаруудыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой. Эхнээсээ үр дүнгээ өгч байгааг ч Ерөнхий сайд тэмдэглээдМонголын тал МСК-аас үзүүлэх тусламжийн хүрээний хоёр дахь сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаагаач мөн энэ үеэрилэрхийллээ. АНУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, өргөжүүлэх, АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монголд татах боломжийн талаар санал солилцсон. Монгол Улсад ардчилсан өөрчлөлт шинэчлэлт, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх үйл явцад АНУ цаашид ч дэмжлэг үзүүлэхээ Дэд ерөнхийлөгч Ж.Байдэн нотолсонд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ.

    Айлчлал болж буй энэ өдөр МИАТ төрийн өмчит хувьцаат компани болон АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн хооронд иргэний нисэхийн болон худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх, МИАТ-ын сургалтын баазыг бэхжүүлэх, боловсон хүчний чадавхыг сайжруулах асуудлаар Санамж бичиг байгуулсан нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайд итгэлтэй байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байден нархарилцаа, хамтын ажиллагааны бусад чиглэлээр, тухайлбал боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд АНУ-ын тэтгэлгээр тус улсад суралцах Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх боломжийг судлахыгЗасгийн газрын тэргүүн хүсчээ. Ингэхдээ энэ жил гэхэд Фулбрайтын тэтгэлэгийн шугамаар манай 16 залуучууд хамрагдах болсонгэдгийг мэдэгдлээ.

    2010-2011 онд АНУ-ын Түүх, соёлын дурсгалыг хамгаалах сангаас 695 мянга гаруй долларын санхүүжилт хийх шийдвэр гаргасанд АНУ-ын талд ард түмнийхээ нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлсэн юм. “Хуучин найз-хамгийн сайн найз байдаг” гэж ярьдаг. Олон жилийн дараа, 67 жилийн дараа АНУ-ын Дэд ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж байгааг “Монголын хамгийн сайн найз” ирж байна гэж хүлээж авч байгаагаа Засгийн газрын тэргүүн хэллээ.

    Мөн тэрбээр ноён Дэд ерөнхийлөгчтэй олон улсын асуудлуудаар санал солилцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах талаарх яриа, хэлэлцээ, зөвлөлдөх механизмыг идэвхитэй ашиглаж байх талаар ярилцсан байна. Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг Америкийн тал өндрөөр үнэлж байгаад талархаж байгаагаа илэрхийлжээ.

    Монгол Улс ардчилал зах зээлийн нийгмийг үнэт зүйлсээ болгож чадсаныг энэ айлчлал нотолж байна гэж Ж.Байден онцоллоо

    Монгол Улсад айлчлах боломж олгосон Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдод, халуун дотноор хүлээн авч байгаа Монголын ард түмэнд талархаж байгаагаа Эрхэмсэг ноён Жозеф Байден хэвлэлийн хурлын эхэнд тэмдэглэлээ. Ингэхдээ тэрбээр энэхүү айлчлал бол аль нэг нам хүчин, төр засгийн эрхэнд байгаагаас үл хамааран Монгол Улс ардчилал зах зээлийг үнэт зүйлсээ болгож чадсан гэдэг нь чухал юм гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. Эрхэмсэг ноён Ж.Байден хэлэхдээ Ерөнхий сайд С.Батболд таны урилгаар Монгол Улсад хийж байгаа энэхүү айлчлалнь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Б.Обама нарын АНУ дахь уулзалтын дараахан хэрэгжиж байгаад баяртай байна гэлээ.

    1923 онд АНУ-ын анхны экспедици Монгол Улсад ажиллаж байсныг одоо дурсан санахад таатай байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгон замнаж, 5 удаагийн Ерөнхийлөгч сонгууль болоод  хэд хэдэн удаагийн УИХ-ын сонгуулийг амжилтай явуулж, ардчиллын үнэт зүйлийг хамгаалан ирсэнд таатай байна. Өнөөдөр Монгол Улс дэлхий бусад улсуудын адил ардчиллын замаар замнаж байна.

    Энэ оны 7 дугаар сараас Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах болсон нь дэлхий дахинд ардчиллыг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал юм. Монгол Улс 2013 онд АОХН-ийн дээд хэмжээний уулзалтыг  өөрийн орондоо зохион байгуулна. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд оруулж байгаа Монгол Улсын хувь нэмрийг АНУ өндрөөр үнэлдэг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсын зэвсэгт хүчний дайчид Чаад, Дарфур, Косово зэрэг дэлхийн олон халуун цэгт энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, Чингис хааны үлгэр дууриаллыг харуулсан. Монголын дайчид Иракийг чөлөөлөх үйл ажиллагаанд оролцсон төдийгүй одоо Афганистанд алба хааж байна. Афганистан дахь Монголын энхийг сахиулагчдын тоо 400-д хүрч байна. Вашингтонд болсон айлчлалын үеэр ч Ерөнхийлөгч нар бас энэ талаар ярилцаж байсан гэдгийг ноён Ж.Байден тэмдэглэлээ.  

    Монгол Улс, АНУ эдийн засгийн салбарт хамтран ажиллах нь нэмэгдэж байна. Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх  талаар ярихдаа ил тод байдлын хэлэлцээрийг байгуулахын ач холбогдлыг ярьсан нь АНУ болоод гадаадын бусад хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг хүлээх гол зүйл юм. Монгол улсын ирээдүйн сайн сайхны төлөө АНУ-ын ард түмэн тусалж, дэмжихдээ үргэлж бэлэн байна гэдгийг би бас дахин хэлье. Иймээс ч АНУ-ын Засгийн газар сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсад  200 сая ам.долларын тусламж дэмжлэг үзүүлсэн. Мянганы сорилтын сангийн хамтын ажиллагааны хүрээнд нэмж 285 сая ам.долларын тусламж үзүүлсэн. Энэ тусламж нь авилгын эсрэг тэмцэх, засаглалын бүх түвшинд удирдлагыг чадавхжуулах зэрэгт зориулагдаж байгаа. Түүнчлэн төрийн байгууллагын бүх шатанд хяналт шалгалтыг сайжруулахад тус нэмэр үзүүлж байна. Монголчуудыг илүү сайн ажил хөдөлмөр эрхлэхэд нь зориулж техникийн болон мэргэжлийн сургалтыг явуулахад тусалсан.

    Монголчуудын ардчиллыг олж авсан ололт амжилтад бид бүхэн ихээхэн сэтгэл ханамжтай байдгийг Ерөнхийлөгч Б.Обама Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа хэлж байсан бол би одоо Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтаа дүгнэж энд үг хэлэхдээ ч онцлон хэлэхийг хүсч байна. Энэхүү харилцаа нь АНУ-д ч гэсэн мөн чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэмээр байна. Танай улсын гуравдагч хөрш гэж тооцогдож байгаадаа баяртай байна. Монгол Улсын улс төрийн шинэчлэлт өөрчлөлтийг бусад гуравдагч хөршүүдийн адил дэмжин ажиллах болно. Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Тантай улам ойр дотно хамтран ажиллахыг хүсч байна. Найрсгаар хүлээн авсанд тань баярлалаа гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ж.Байден хэллээ.

  • БНСУ-ЫН Ерөнхийлөгч Ли Мен Багт бараалхав

    БНСУ-ЫН Ерөнхийлөгч Ли Мен Багт бараалхавМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад төрийн айлчлал хийж байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багт 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бараалхав. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалд Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд амжилт хүсээд дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Ерөнхийлөгч Ли Мен Багийн энэ удаагийн айлчлалаар хоёр орны харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулахаар тохиролцож, харилцааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон “Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр” байгуулсныг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэв.

    Энэ хүрээнд талууд дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээгээ улам өргөжүүлэн эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа далайцтай урагшлуулах, соёл, хүмүүнлэг, иргэдийн харилцааг гүнзгийрүүлэхээр тохирсон нь харилцааг шинэ шатанд гаргах чухал алхам болж байгааг тэрээр мөн тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хавар Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үеэр яригдсан хамтын ажиллагааны асуудлууд энэ зун ноён Ерөнхийлөгч таны айлчлалаар үргэлжлэн баталгаажиж, бодит ажил болж байгаа нь хоёр улсын түншлэл эрчимтэй хөгжиж байгаагийн илрэл гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

    Мөн манай улсын гуравдагч хөрш, бүс нутаг дахь ойрын түнш БНСУ-ын бодит ашиг сонирхлыг Монгол Улсад бий болгох нь талуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улмаар гадаад эдийн засгийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх чухал нөхцөл гэж үздэгээ Ерөнхий сайд С.Батболд онцоллоо. Түүнчлэн хоёр орны харилцааны агуулга, цар хүрээ эрчимтэй өргөжиж байгаатай холбогдуулан хамтын ажиллагааны үр ашиг, нэгдсэн зохицуулалтыг хангах Засгийн газар хоорондын зөвлөлдөх байнгын механизм байгуулах шаардлагатай гэж хоёр улсын төрийн тэргүүн санал нэгдсэнийг сайшаан тэмдэглэв.

    БНСУ-ын Засгийн газар, ард түмэн манай улсыг ардчилал, зах зээлийн тогтолцоог хөгжүүлэх, шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг давах туулахад туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн. БНСУ-д байгаа хэдэн арван мянган монгол иргэний амьдарч, ажиллаж, сурах боломжоор хангаж, чин сэтгэлээсээ дэмжиж байдагт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд талархаж байдгаа илэрхийлээд энэ асуудалд цаашид ч анхаарлаа хандуулж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.     

    БНСУ-ын Засгийн газар эрүүл мэнд, агаарын бохирдлыг бууруулах зэрэг тэргүүлэх чиглэлийн төслүүдэд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсон. Энэ хүрээнд хэрэгжүүлэх “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв” байгуулах төслийг хоёр орны хөгжлийн хамтын ажиллагааны үлгэр жишээ, ард иргэд өгөөжийг нь хүртсэн төсөл болгоход нягт хамтран ажиллахыг гүйцэтгэх засаглалын тэргүүн санал болголоо. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багийг дагалдан ирсэн тус улсын нөлөө бүхий ажил хэрэгч хүмүүс, бизнесийн салбарынхныг Монгол Улсад бизнесийн өргөн хүрээтэй, харилцан бие биенээ нөхсөн, идэвхтэй  үйл ажиллагаа явуулахыг Ерөнхий сайд С.Батболд уриалсан байна.

    Түүнчлэн дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар эрчимтэй ажиллаж байгаа, төслийн эцсийн шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурал гаргах учиртай гэлээ. Ганц Тавантолгой бус, стратегийн бусад орд, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр, эрдэс баялаг, дэд бүтэц, эрчим хүч, хүнд болон боловсруулах үйлдвэр, хот байгуулалт, барилга, далайн тээвэр, усан боомт болон эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт БНСУ-тай хөрөнгө оруулалт, технологи, хүний нөөцийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв.  

    Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Багануурын уурхайг түшиглэн нүүрс гүн боловсруулах үйлдвэр байгуулах хамтарсан төслийн ажлыг түргэтгэх, төслийг  хэрэгжүүлэхэд БНСУ-ын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монгол Улс уурхайн ордуудыг ашиглахдаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавьж байгааг Ерөнхий сайд С.Батболд дурдаад нүүрснээс шингэн түлш гарган авах, зэс боловсруулах үйлдвэр барихад БНСУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгааг ч тэмдэглэлээ.

    Хямд үнээр баригддаг барилгын “модулар-систем” технологийг ашиглан шинээр байгуулагдах аж үйлдвэрийн бүсэд барилга барих, Дорноговь аймагт аж үйлдвэрийн бүс байгуулахад солонгосын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах боломж байгаа гэж тэрээр хэлэв. БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Халх голын бүс нутагт эрчимсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуй байгуулж байгаатай танилцсанаа Ерөнхий сайд С.Батболд хэлээд энэ нь экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин үеийн шилдэг техник, технологи бүхий экспортын баримжаатай хүнсний үйлдвэрлэлийн бүс нутгийн томоохон баазын үндэс суурь болно гэж үзэж байна гэлээ.

    Хоёр орны хооронд иргэд, бараа бүтээгдэхүүний урсгал эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд иргэний агаарын тээврийн харилцааг өргөжүүлэх тухай хөндөж, энэ талаар холбогдох байгууллагууд яриа хэлэлцээ хийн, харилцан ашигтай, тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн 3 дугаар сард БНСУ-д хийсэн айлчлалын үеэр иргэдийн визийн нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг үе шаттай шийдвэрлэх хамтарсан хөтөлбөр гарган ажиллахаар болсныг тэрээр өндрөөр үнэллээ.

    БНСУ-ын орон нутгийн хөгжлийн бодлого, засаг захиргааны тогтолцооны туршлагаас суралцах зорилгоор сумын Засаг дарга нарыг энэ онд тус улсын Орон нутгийн удирдлагын хүрээлэнд сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлж, үүнд дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг Ерөнхийлөгч Ли Мен Багаас хүсэв. Хоёр орон байгаль орчинд ээлтэй технологи, эрчим хүч, ус, ой, байгаль орчны нөхөн сэргээлт, мал, амьтны хил дамнасан гоц халдварт өвчинтэй тэмцэх, хорио цээрийн салбарт талуудын шугамаар болон бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

    Түүнчлэн БНСУ-аас эм, эмийн бүтээгдэхүүн шууд худалдан авах, технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо дахин илэрхийлж, өмнө нь байгуулсан эрүүл мэндийн хамтын ажиллагааны баримт  бичиг үүнд чухал ач холбогдолтой гэж хэлэв. Монгол Улс Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн байдлыг хурцатгахгүй байх, аливаа маргаантай асуудлыг яриа хэлэлцээний замаар зохицуулах, энэ талаарх талуудын хүч чармайлтыг дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулж ирсэнийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Хоёр Солонгосын хооронд яриа хэлэлцээ сэргэж байгаад тэрээр баяртай байгаагаа илэрхийлж, цаашид бүс нутгийн тогтвортой байдлыг хангах талаар холбогдох улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн гэлээ. 

    Аз, Номхон далайн худалдааны хэлэлцээр, Зүүн Азийн дээд түвшний уулзалт, АПЕК-т Монгол Улс нэгдэхэд БНСУ дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд С.Батболд Ерөнхийлөгч Ли Мен Багаас хүсэв. БНСУ, БНХАУ, Японы гурван талын дээд түвшний уулзалт тогтмолжиж байгаад Монгол Улс баяртай байгаа бөгөөд цаашид бүс нутгийн орнуудыг хамарсан яриа хэлэлцээний механизм болон төлөвшинө гэдэгт итгэж байгаагаа  илэрхийлж, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин зэрэг чиглэлээр дээрх гурван орны хамтын ажиллагааны ажлын хэсгийн уулзалтад оролцох сонирхолтой байна гэв.

    БНСУ 2018 оны өвлийн олимпийг өөрийн оронд зохион байгуулах эрх авсанд Ерөнхий сайд С.Батболд баяр хүргэж, Зүүн Азийн орны хувьд бахархан баярлаж байгаагаа илэрхийллээ. Өнгөрсөн 3 дугаар сард Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргасан айлчлал байсныг БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг хэлсэн үгийнхээ эхэнд онцлоллоо.

    Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын энэ үед Монгол Улсын эдийн засгийн өсөлт 10 хувиас дээш гарч байгаа нь Ерөнхий сайд С.Батболд таны улс орноо зөв, чадварлаг удирдаж байгаагийн бодит илрэл. Үүнийг харахад сайхан байна гээд баяр хүргэлээ. Монгол Улсын хөгжил, цэцэглэлтийг БНСУ бүрэн дэмжиж байна. Улсаа богино хугацаанд хурдацтай хөгжүүлэх их боломжийг таны тэргүүлсэн Засгийн газар сайн ашиглаж, Монгол Улс богино хугацаанд өндөр хөгжилтэй улс болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна гэж Ерөнхийлөгч Ли Мен Баг онцлон тэмдэглэв.   

    БНСУ-аас үзүүлсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Монгол Улсад “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв” байгуулахаар өөрийнх нь орны холбогдох хүмүүстэй хамтран ажиллаж байгааг төрийн тэргүүний хувьд бүрэн дэмжиж байна гэв. Ерөнхийлөгч Ли Мен Баг хэлсэн үгэндээ ашигт малтмалын орд газруудыг ашиглахад БНСУ, Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

    Уулзалтын үеэр мөн АНУ-ын санхүү, төсвийн хүндрэлтэй байдал дэлхийн эдийн засагт, тухайлбал БНСУ, БНХАУ, Японы хөрөнгийн зах зээл, худалдааны салбарт хэрхэн нөлөөлж байгаа болон БНСУ-д авч байгаа арга хэмжээний талаар санал солилцлоо

     

  • Ж.Байден: Хорин жилийн хугацаанд болсон бүх сонгууль нь шударга бөгөөд чөлөөтэй болсон ардчилсан Монгол Улсыг зорьж ирлээ

    Ж.Байден: Хорин жилийн хугацаанд болсон бүх сонгууль нь шударга бөгөөд чөлөөтэй болсон ардчилсан Монгол Улсыг зорьж ирлээ Монгол улсын Ерөнхий сайдын урилгаар  АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж. Байдэн манай улсад  албан ёсоор айлчилж байна.   АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн хувьд 1944 оноос хойш анх удаагаа манай улсад  айлчилж байгаа түүхэн  гэдгээрээ онцлог болж байна. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр АНУ-ын дэд Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ж.Байдэнтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд Монгол улсад албан ёсоор айлчилж байгаад талархал илэрхийлээд, түүхт ойнууд давхцсан жил айлчилж байгаагаараа онцлог болж байна хэмээн тодотголоо.

    Түүнчлэн АНУ-ын дэд Ерөнхийлөгч  67 жилийн дараа анх удаагаа Монгол улсад айлчилж байгаа төдийгүй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн босго тохиож байгаагаараа  түүхэн айлчлал юм хэмээн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд, таны айлчлал нь манай улс ардчиллыг эргэлт буцалтгүйгээр сонгож, манай ард түмэн улс төрийн эрхэнд байгаа аль ч  хүчин  ардчиллыг эрхэмлэн дээдэлж байгааг АНУ хүлээн зөвшөөрч үнэлж байгаагийн тод илэрхийлэл хэмээн онцоллоо.

    Иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцох таатай боломж энэ удаагийн айлчлалаар тохиож байна  хэмээн дурьдаад, Монгол улсад тавтай морилохыг хүслээ. АНУ нь Монгол улсын гуравдагч хөршийн иж бүрэн харилцааг хөгжүүлж байгаа орон юм гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглээд, АНУ нь энэ бүсэд энх тайван тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг дурьдаад, Монгол, АНУ, Японы хооронд гурван талт зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн жил Нью-Йоркод зохион байгуулсан бол,  Монгол, Солонгос, АНУ-ын хооронд тогтмол уулзалт  хийх АНУ-ын санаачилгыг манай улс дэмжиж байгаа гэдгээ Засгийн газрын тэргүүн уулзалтын үеэр онлон тэмдэглэлээ. Түүнчлэн АНУ-ын сенатын танхимаас Монгол Америкийн түншлэлийг дэмжих тогтоол гаргасанд талархал илэрхийлэв. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн санаачилгаар нээлттэй Засгийн газрын түншлэлийн харилцааг Монголын Засгийн газар дэмжиж байгаагаа уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд, Монгол улсад төрийн бус байгууллагуудын түншлэлийг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг эрхэм зочинд дуулгалаа.

    Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд эдийн засгийн харилцааны хүчирхэг түншлэл  бий болгох  боломж хоёр орны хувьд их байна, тухайлбал АНУ  өндөр технологитой бол, Монгол улс нь байгалийн арвин их баялагтай төдийгүй улс төрийн болоод хөрөнгө оруулалтын тааламжтай орчинтой гэдгийг Ерөнхий сайд онцлоод, худалдаа хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн тав дахь шатны хэлэлцээр эхлүүлэхийн  ач холбогдлыг үнэллээ. Үүнд Монгол АНУ-ын худалдаа хөрөнгө оруулалтын зөвлөл чухал механизм болох учиртайг тэмдэглэлээ. Мөн Монгол улс далайд гарцгүй орны хувьд транзит тээврийн тарифыг бууруулахад олон улсын дэмжлэг хэрэгтэй байгааг энэ үеэр онцолж байв.

    Ил тод байдлын хэлэлцээрийг үргэлжлүүлэх сонирхолтой байгааг Монгол улсын ерөнхий сайд дурьдаад, чөлөөт худалдааны хэлэлцэр байгуулах нь бидний туйлын зорилго гэдгийг тэмдэглэлээ. Тийм болохоор АНУ-ын техникийн туслалцаа нь чухал бөгөөд энэ хэлэлцээрийг   ойрын үед тохиролцохыг санал болголоо. АНУ-аас хэрэгжүүлдэг Мянганы сорилын сангийн төслүүд нь манай улсыг дэмжсэн, үр дүн нь шууд харагддаг болохоор хоёр орны ард түмний харилцааг бэхжүүлэхэд чухал үлгэр жишээ төслүүд болсон гэдгийг ч тэрбээр энэ үеэр онцоллоо.

    Иргэний агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлж, МИАТ болон АНУ-ын худалдаа хөгжлийн агентлагийн хооронд иргэний нисэхийн болон  худалдааны  хамтын ажиллагааг хөгжүүлэх, МИАТ-ын сургалтын баазыг бэхжүүлэх, боловсон хүчний чадавхийг сайжруулах асуудлаар  санамж бичиг байгуулсан нь эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа ч  уулзалтын үеэр тэмдэглэлээ.

    Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах талаар хоёр тал үргэлжлүүлэн ажиллахаар тохирч, АНУ-д  энэ чиглэлээр  боловсон хүчнээ бэлтгэх сонирхолт ой байгаагаа  Монгол улсын Ерөнхий сайд  энэ үеэр илэрхийллээ.  Мөн Батлан хамгаалах салбарт  идэвхтэй  хамтран ажиллаж, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаа болон  тероризмтэй тэмцэх ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцож  байгаа төдийгүй үүний тод илрэл нь Ирак Афганистан дахь манай оролцоо юм гээд,   АНУ  нь манай Зэвсэгт хүчний  шинэчлэлд  ихээхэн хувь нэмэр оруулж байгаад эрхэм зочинд талархлаа илэрхийллээ. 2001 оноос эхлэн АНУ-тай хамтран олон улсын энхийг сахиулах “Хааны эрэлд” сургуулийг хамтран зохион байгуулж байгааг бөгөөд цаашид зүүн хойд азийн бүс нутгийн орнуудыг хамарсан томоохон арга хэмжээ болох юм, энэ салбарт АНУ-ын конгрессоос тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэнд талархаж буйгаа ч мөн илэрхийлллээ.

    Боловсрол соёлын салбар  хоёр орны хамтын ажиллагааны том салбар болж байгааг  уулзалтын үеэр Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглээд,  2010-2011 онд АНУ-ын түүх, соёлын дурсгалыг хамгаалах сангаас   695 мянган ам. долларын санхүүжилт хийхээр шийдвэрлэсэнд   мөн талархаж буйгаа онцоллоо. Мөн Уул уурхайн чиглэлээр  АНУ-д боловсон хүчнээ  бэлтгэх  сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд уулзалтын үеэр тэмдэглээд,   АНУ-д  тэтгэлгээр суралцах Монгол Оюутны тоог нэмэгдүүлэх боломжийг судалж үзэхийг хүсээд,  бүртгэлийн хураамжийг хөнгөлөх хүсэлт ч давхар хөндөгдлөө.

    Олон Улсын асуудлаар хоёр тал нягт хамтран ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд ,  удахгүй НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн таван байнгын гишүүнд Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх  асуудлаар зөвлөлдөж эхлэх гэж байна. Энэ хурлаас нааштай шийдвэр гарна гэдэгт   Монгол Улс нь  итгэж найдаж байна хэмээн Ерөнхий сайд тэмдэглэлээ.  Монгол Улс нь  Солонгосын хойгийг  цөмийн зэвсэгээс ангид байх, 6 талт хэлэлцээг  сэргээх сонирхолтой байгаа  бөгөөд  үүнд дэмжлэг хувь нэмрээ оруулахад  бэлэн байгаагаа  ч уулзалтын үеэр хөндлөө. Мөн  Монгол Улсыг АНУ-ын визнээс чөлөөлөх хөтөлбөрт хамаарагдах улсын жагсаалтад оруулахыг мөн уулзалтын үеэр хүслээ. Эрхзүйн туслалцаа болон ялтан шилжүүлэх асуудлаар хэлэлцээр байгуулах сонирхолтой байгаагаа Монголын тал илэрхийлж, .ХЗДХЯ-ны  шугамаар энэ чиглэлийн боловсон хүчнүүдийг  АНУ-д дадлагажуулах,  сургах хүсэлтээ ч мөн илэрхийллээ.

    Харин эрхэм зочны хувьд Монгол улсын Ерөнхий сайдын урилгыг маш талархалтайгаар хүлээн авч, ийнхүү Монголыг зорин ирсэндээ туйлын баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Америкийн харилцаа нь бодит эрх ашигт тулгуурладагаас гадна бие биенээ дэмжсэн сэтгэл санааны харилцаа байдаг нь сайхан хэрэг юм гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

    Монгол улс ардчиллыг жинхэнэ утгаар хөгжүүлж байгаа амжилтыг АНУ  төдийгүй, бусад улс орон харж үнэлж байдаг. Ардчиллаас ухраагүй явж ирснийг бид сүүлийн 20 жил харж байна, ялангуяа сүүлийн 20 жилд болсон бүх сонгууль шударга бөгөөд чөлөөтэй явагдсан нь үүний илэорхийлэл юм гэдгийг тэмдэглэлээ.  Ардчилал хөгжсөнд баяр хүргэхээр ирсэн нь ч айлчлалын бас нэг зорилго байлаа гэдгийг АНУ-ын дэ Ерөнхийлөгч Ж.Байдэн тэмдэглээд,

    Монгол Улс АНУ-тай  олон салбарт үр бүтээлтэй  ойр нягт ажиллаж байгааг онцоллоо. Ялангуяа НҮБ-ын хүрээнд энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс Афганистан болон бусад халуун цэгт цэргийн багаа илгээж Энхийг сахиуланх тероризмтэй тэмцэх ажиллагаанд идэрвхитэй оролцож байгаад талархал илэрхийлж өндөрөөр үнэлэж байгаагаа хэллээ.

    АНУ Монгол Улсын гуравдагч хөрш хэмээн хүндтэй нэр хүндийг зүүж явах таатай байгаа. Тиймээс бид гуравдагч хөрш сайн хөрш байхыг эрмэлзэж байна. Монгол Улсыг агуу түүхтэй, сайхан ирээдүйтэй орон гэж хардаг. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хүндэт үүрэгт нь амжилт хүсээд Монгол Улс Арчдилсан улс  болж цэцэглэн хөгжихийг ерөөлөө. Мөн Монголын АНУ руу чиглэсэн аливаа санал санаачилгыг АНУ нь анзаарамгүй өнгөрөхийн аргагүй түншээ хэмээн үзэж байна гэдгийг уулзалтын үеэр олон дахин илэрхийллээ.

    Ил тод байдлын хэлэлцээр байгуулах нь чөлөөт худалдааны хэлэлээр байгуулахын сайн эхлэл гэж үзэж байгаагаа АНУ-ын дэд Ерөнхийлөгч тэмдэглээд, Монголын иргэдийг Визнээс чөлөөлөх асуудлыг судлаж үзэхээ илэрхийлллээ. Мөн Оюутнуудын хувьд энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэх талаар ярилцах нь зүйтэй гэж гэдгийг  ч онцоллоо.

     

  • Ерөнхий сайд С.Батболдын урилгаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч 67 жилийн дараа ирлээ

    Ерөнхий сайд С.Батболдын урилгаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч 67 жилийн дараа ирлээ Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын урилгаар Америкийн Нэгдсэн Улсын дэд Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Жозеф Байден  манай улсад айлчлахааар ирлээ. Эрхэм зочны хөлөглөсөн онцгой үүргийн онгоц Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2011 оны 8 дугаар сарын 22-ны энэ өдөр 12 цагаас газардлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын дэд Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Жозеф Байденыг угтан авсны дараагаар Хүндэт харуулын дарга илтгэл өгч, хөгжимд хоёр орны “Төрийн дуулал” эгшиглэлээ. Угтах ёслолд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Бэхбат, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар байлцлаа.

    Анх 1944 онд АНУ-ын 33 дахь дэд Ерөнхийлөгч манай улсад айлчилж байсан бөгөөд 67 жилийн дараа тус улсын 47 дахь дэд Ерөнхийлөгч  Жозеф Байден ийнхүү айлчилж байна. Ардчилал, зах зээлийн нийгэм рүү тайван замаар шилжиж болдгийг Монгол Улс өөрийн жишгээр дэлхий дахинд харуулж байгаа гэдгийг өндрөөр үнэлэх түүхэн айлчлал болж байна гэж хоёр тал үзэж байна.   

     

    Эрхэмсэг Жозеф Байден 2009 оны 01 дүгээр сараас АНУ-ын дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд тэрбээр 1973 онд 30 насандаа АНУ-ын Сенатад сонгогдсоноор Сенатын түүхэн дэх хамгийн залуу гишүүдийн нэг болсон байна. Дэд Ерөнхийлөгч Жозеф Байден манай улсад ач охиныхоо хамт иржээ

     

  • Оюутны сургалтын төлбөрийн 491960 төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас олгохоор Засгийн газар шийдвэрлэлээ

    Оюутны сургалтын төлбөрийн 491960 төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас олгохоор Засгийн газар шийдвэрлэлээ{ Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа }

    2011-2012 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрт зориулан 491960 төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас үргэлжлүүлэн олгохоор Засгийн газрын 2011-08-17-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Мөн  хуралдаанаас 2012 оны 1 дүгээр сараас эхлэн сургалтын төлбөрийн зохих хэсгийг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын 2012 оны төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

    Энэ хичээлийн жилд их, дээд сургууль, колежид суралцах 170 мянга шахам оюутан, суралцагчдын сургалтын төлбөрт зориулж 2012 оны эхний хагас жилд 500 мянган төгрөг олгоход 85 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Хүний хөгжил сан”-гаас олгох шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Мөн Сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгохдоо 2011 оны 9-12 дугаар сараар тооцохыг салбарын сайдад даалгалаа. Үүнд зарцуулагдах 9,9 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр нь энэ оны төсөвт тусгагдсан тул нэмэлт эх үүсвэр шаардагдахгүй юм байна.

    Иргэдээ орон сууцжуулах ажлыг Засгийн газар  эрчимжүүлж байна

    Засгийн газар  өнөөдрийн хуралдаанаараа “  Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хорооллын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн банкинд  БНХАУ-ын Эксим  банкнаас 300 тэрбум төгрөгийн зээл авах асуудлыг хэлэлцээд , зарчмын хувьд дэмжин  Засгийн газрын тогтоол гаргахаар болов.  Тус тогтоолоор “ Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хорооллын санхүүгийн эх үүсвэрийн  300 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг 12 жилийн хугацаатай гаргахыг Монгол улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Хашчулуунд зөвшөөрлөө. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа.

    Одоогийн байдлаар Хан-Уул дүүрэгт орших Яармаг гэр хорооллын замын урд хэсэгт байрлах 970 га газарт “ Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороолол барих хот байгуулалтын цогц үйл ажиллагааны бэлтгэл үе шат болох   хайгуул судалгааны ажлыг хийгээд байгаа юм байна.  Үүний үр дүнд 23900 айл, өрх оршин суух орчинг барьж байгуулахаар болж байна.  Өөрөөр хэлбэл хямд эх үүсвэрээр иргэдээ орон сууцжуулах арга хэмжээг  Засгийн газар эрчимтэй авч эхэллээ . Уг шинэ хорооллыг 3 хэсэгт хуваан тус бүр хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

    Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо

    Мөн өдрийн хуралдаанаар  Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаар   Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. УИХ-ын 2011 оны 14 дүгээр тогтоол, Засгийн газрын 2011 оны 85 дугаар тогтоолоор Монгол улсын Хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 800 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах болсон билээ.

    Засгийн газрын тогтоолын дагуу МУХБ үнэт цаасыг гаргах талаар ажиллаж байгаа юм байна. Танилцуулгыг сонссоны дараа  томоохон төслүүдийг санхүүжүүлэх ажлаа эрчимжүүлж, хурдтай ажиллахыг Хөгжлийн банкны удирдлагуудад Засгийн газрын гишүүд сануулаад,  Ерөнхий сайдын зүгээс тодорхой хугацаатай үүрэг өглөө. Ирэх лхагва гаригийн хуралдаанд санхүүжилтын асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо.

    Дизелийн түлшний татварыг нэмнэ

    Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 17-ны  өдрийн хуралдаанаар  Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж буй дизелийн түлшинд 0 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 100.000 төгрөг болгож, 2011 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр,  бусад алслагдсан боомтоор орж ирж буй автобензин, дизель түлшинд ногдуулж буй онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр боллоо.  Энэ оны наймдугаар сараас эхлэн “ Роснефть” компаниас Монгол улсад нийлүүлж байгаа дизелийн түлшний хангамж хэвийн байдалдаа эргэн орсон тул урьд өмнө тэглэсэн татвараа ийнхүү сэргээх шийдвэрийг  Засгийн газраас гаргалаа.

    Хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх, худалдаалах, тээвэрлэхийг хориглолоо

    Хуралдаанаар хуш модны самрыг  үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх, зах зээлд борлуулах, бэлтгэн тээвэрлэхийг 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаатайгаар хориглох тухай Засгийн газрын тогтоол гаргалаа. Тогтоолоор цаашид хуш модны самрын ургацын байдалд урьдчилсан үнэлгээ хийж ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн бодлого тодорхойлох, ойн санд самар бэлтгэлийн хамгаалалттай бүсүүдийг байгуулах,зүй зохистой ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгоход чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг 2011 оны дөрөвдүгээр улиралд багтаан баталж, хэрэгжүүлэх арга хэмжээ шаардагдах санхүүжилтыг Монгол улсын эдийн засаг,нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт үүрэг болголоо. Энэ тогтоолын нэгдүгээр заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү,Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир,Ойн газрын дарга  М.Тунгалагболон холбогдох аймаг,нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.

    Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд буюу 2000 онтой харьцуулахад өнөөдөр хуш модоор бүрхэгдсэн талбай 184.7 га-гаар, нөөц 23.7 сая шоо метрээр багасаад байгаа аж. Дэлхийн цаг уурын дулааралтай холбоотойгоор хуш модны үр буюу самрын гарцын хэмжээ багасах, улмаар самрын их ургацын жилийн давтагдах хугацаа удаашрах хандлагатай, боргоцойн хөгжилд 2 дахь жилийн хаврын гэнэтийн хүйтрэлт нөлөөлж байгаа гэсэн дүгнэлтийг судлаачид гаргасан байна. Байгальд сибирийн болон солонгос гэсэн хоёр зүйл хуш мод байдаг бөгөөд эдгээр нь зөвхөн ОХУ, Монгол улсын нутагт байршин ургадаг юм байна.  Экологийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой шилмүүст мод ажээ.

    Шүлхий өвчнөөр бүсүүдийг тогтоолоо

    Шүлхий өвчнөөр эрүүл, хяналтын болон тайван бүс тогтоох, уг бүсүүдэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах журам”-ыг  батлах тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тогтоолоор Баян-Өлгий, Баянхонгор, Говь-алтай, Завхан, Хөвсгөл, Увс, Ховд аймгийг шүлхий өвчнөөр эрүүл, вакцин хэрэглэдэггүй, Архангай, Булган, өвөрхангай, Орхон аймгууд, Өмнөговь аймгийн Булган, Гурвантэс, Баяндалай, сумдыг хяналтын, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ, Дархан- Уул, Төв, Дундговь, Говьсүмбэр, Төв аймаг, Улаанбаатар хотыг шүлхий өвчнөөр тайван, вакцин хэрэглэдэг бүсэд тус тус хамруулахаар болов. Бусад бүсээс мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хяналт, хамгаалалтын дор нэвтрүүлэх зорилгоор Завхан, Архангай аймгийн зааг “ Солонготын даваа” Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын төв, Булган аймгийн Хутаг- Өндөр сумын “ Гуртын гүүр”, Төв аймгийн Лүн сумын “ Гүүрний ам”-нд тус тус хяналтын цэгүүд байгуулахыг Булган, Өвөрхангай, Завхан, Төв аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

    Хяналтын цэг байгуулахтай холбогдон гарах зардлыг 2011 оны төсвийн хязгаарт багтаан зохицуулалт хийж санхүүжүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд даалгалаа. Цаашид хяналтын цэг болон бүсүүдэд мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналь тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нарт үүрэг болголоо.

    Гадаадад гаргах идлэг шонхорын тоо хэмжээг тогтоолоо

    Гадаадад гаргах идлэг шонхорын тоо хэмжээг тогтоох тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж , тогтоол гаргахаар боллоо. Тус тогтоолоор 2011 онд гадаад оронд амьдаар нь гаргах идлэг шонхор шувуу 240 толгой байхаар тогтоож, гадаад оронд амьдаар нь идлэг шонхор гаргах ажлыг хуулийн дагуу зохион байгуулахыг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд даалгалаа.

    ҮАБЗ-өөр хэлэлцсэний дараа шаардагдах зардлыг гаргана

    Өмнөд Судан улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа (UNMISS)-нд  850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг оролцуулах тухай асуудлыг хэлэлцээд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Батлан хамгаалахын сайд Л.Болд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт даалгалаа. Өмнөд Судан улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа (UNMISS)-нд дээр дурьдсан хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг оролцуулах асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцсэний дараа цэргийн багийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэхэд шаардагдах зардлын асуудлаар Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

    Дотоод хэргийн их сургуулийн дэргэд Дотоодын цэргийн анги байгуулна

    Хууль зүй, дотоод хэргийн салбарын боловсон хүчин бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уялдааг сайжруулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяанд Цагдаагийн академи, Үндэсний тагнуулын академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгэн Дотоод хэргийн их сургууль байгуулахаар Засгийн газрын энэ оны долдугаар сарын 06-ны хуралдаанаас шийдвэрлэсэн. Өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийг татан буулгаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг орон тоо, төсвийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа Дотоод хэргийн их сургуульд шилжүүлэхээр тогтлоо. Мөн Цагдаагийн академи болон Хилийн цэргийн дэргэдэх цэргийн ангийг татан буулгаж, Дотоод хэргийн их сургуулийн дэргэд Дотоодын цэргийн анги байгуулахаар тогтов.

    Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийн төгсөгчид Зэвсэгт хүчний болон Цагдаагийн байгууллагын тухай хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаасанд тооцогддог бөгөөд энэ төрлийн мэргэжлийн тэнхмүүд бүрэлдэхүүнд нь үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн багшлах бүрэлдэхүүн, бусад албан хаагчдын 90 орчим хувь нь цэрэг, цагдаагийн албан хаагчид байдаг. Цэргийн сургуулийн бас нэг онцлог бол аливаа үйл ажиллагаа, нэгдсэн бусад арга хэмжээнүүд цэргийн дүрмийн дагуу зохион байгуулагдаж байгаа үед бие бүрэлдэхүүн “Байлдааны туг”-нд хүндэтгэл илэрхийлдэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын даргын бэлтгэл хүчийг энэхүү сургуулийн бие бүрэлдэхүүн бүрдүүлдэг зэрэг нь тус их сургуулийн дэргэд Дотоодын цэргийн анги байгуулах хэрэгцээ, шаардлага үндэслэл болж байна.  

    Монголын бүх ард түмний спортын их наадам болно

    Монголын бүх ард түмний спортын XIII их наадам 2012 оны эхний зургаан сарын хугацаанд спортын 27 төрлөөр орон даяар дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээ нь Засгийн газрын 2011 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулах, Олимп, дэлхийн түвшинд өрсөлдөх тамирчдыг тодруулан спортын амжилтыг нь ахиулах зорилготой. Түүнчлэн Лондонгийн Олимпийн жил зохион байгуулагдаж байгаа тул манай тамирчдын сорил тэмцээн болно гэж үзэж байна.

    Их наадамд аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газар, “Алдар”, “Хүч”, “Хилчин”, “Сүлд”, “Эрч”, “Замчин” зэрэг биеийн тамир спортын хороод бие дааж оролцоно. Клуб, их, дээд сургууль болон бусад сургуулийн тамирчид засаг захиргааны нэгжийн дагуу аймаг, дүүргийн спортын газарт харьяалагдан оролцох юм байна.

    БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Далайжаргалыг томиллоо

    БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Доржбалын Далайжаргалыг томиллоо. Д.Далайжаргал 1976 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, МУИС-ийн ОУХДС-ийг төгссөн. Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газарт атташе, Сайдын зөвлөлийн нарийн бичгийн дарга, БНФУ дахь Монголын Элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга, БСШУ-ны сайдын зөвлөх, Швейцарийн хөгжлийн агентлагт төслийн менежер, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссийн ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.

    Товч мэдээлэл

    • Энэ оны долдугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын Улаан-Үд хотноо хуралдсан худалдаа эдийн засаг, хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XV хуралдааны дүнгийн тухай танилцуулгыг сонсч, сайшаалаа. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан,хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол улсын Тэргүүн шадар сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Н.Алтанхуягт даалгав.
    • УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба нарын санаачлан боловсруулсан “Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцээд төслийг дэмжих боломжгүй гэв.
    • УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар нарын санаачлан боловсруулсан “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд хууль санаачлагчдад уламжлахаар боллоо. Тус хуралдаанаас хэрэв санал асуулга явуулах бол зардлын тооцоог гаргаж, ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх саналаа хамтад нь шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
    • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Украин улсад хийсэн төрийн айлчлал, АНУ-д хийсэн албан ёсны айчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав.
    • Монгол Улсын Засгийн газрын урилгаар Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Улс төр, хуулийн хорооны дарга Жоу Юнкан энэ сарын 23-26-нд манай улсад айлчилна. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд айлчлалтай холбогдсон хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо. 
    • БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак Ы Чун-ы 2011 оны 7 дугаар сарын 17-20-нд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг сайшааж, уг айлчлалын мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа

     

  • Эрэлхэг эх оронч Чин Ван Гадинбалын Чагдаржавын хөшөө сүндэрлэлээ

    Эрэлхэг эх оронч Чин Ван Гадинбалын Чагдаржавын хөшөө сүндэрлэлээМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 20011 оны 07-р сарын 28 ны өдөр Дундговь аймгийн Мандалговь хотноо  Тэргүүн сайд, Түшээт засаг хошой Чин ван Гадинбалын Чагдаржавын дурсгалын хөшөөний нээлтэд оролцлоо. Аймгийнхаа 70 жилийн ойг тэмдэглэж буй Дундговьчууд энэ өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтанд хүргэн, туурга тусгаар улсыг сэргээн мандуулах түүхэн үйлсэд манлайлан оролцож, удирдсан Дундговь нутгийн унаган хүү, Монгол төрийн нэрт зүтгэлтэн, гавъяат сайд Түшээт засаг хошой Чин ван Гадинбалын Чагдаржавын дурсгалыг ийнхүү мөнхжүүллээ.

    Тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө хоёргүй сэтгэлээр тэмцсэн энэ эрхэм хүнээрээ төрөлх нутаг усныхан бид бүхэн бахархаж, хүндэтгэх ёстойг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэлээд Таны тусгаар тогтнуулах гэж зүтгэсэн төр улс өнөөдөр бүх дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, хөгжин цэцэглэж байгааг сүрлэг хөшөөний тань өмнө тэмдэглэн хэлэхэд бахархалтай байна гэлээ.

    Чин ван Г.Чагдаржав бол тэр үеийн гадаадын түрэмгий бодлогыг гүнээ ухаарч эсэргүүцэж, тусгаар тогтносон Монгол Улсын төлөө улс төр, цэрэг, нийгэм, эдийн засаг, дипломат ёсны бүх арга хэрэгслээр биечлэн тэмцсэн тэргүүн язгууртнуудын нэг юм. Энэ хүний удирдсан Түр Засгийн газрын үйл хэрэг, Үндэсний эрх чөлөөний хувьсгал үр дүнд хүрч, Богд хаант Монгол Улсаа тусгаар тогтнуулж 1911 оны 12-р сарын 29-ний өдөр дэлхий дахинаа тунхаглан зарласан түүхтэй ажээ

     

  • Мандалговийг Улаанбаатартай холбох замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барина

    Мандалговийг Улаанбаатартай холбох замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр баринаМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн зун 21 аймагт ажиллаад ирснийхээ дараа говийн аймагт хийсэн томилолтоо дүгнэхдээ “Говь сэрж байна” хэмээн хэлж байсан билээ. Үнэхээр өнөөдөр Монголын говь нутаг Оюутолгой, Тавантолгой гэсэн том төслийг дагаад бүтээн байгуулалтын ид халуун цэг болоод байгаа билээ. Төмөр зам, авто зам эрчим хүч  гээд дэд бүтэц бий болгох ид ажил тэнд өрнөж байна. Хөгжлийн энэ гараанаас түүх соёл аялал жуулчлалын бүс нутаг болох Дундговь аймаг хоцрох ёсгүй гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.

    Тэрээр 2011 оны 07 дугаар сарын 27-28 ны өдрүүдэд  Дундговь аймагт ажиллахдаа Мандалговийг Улаанбаатартай холбох замын санхүүжилтийн асуудлыг шийдэж 70 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байгаа Дундговьчуудад бэлэг барилаа. Зам дагаж хөгжил гэдэг. Засгийн газар эхний ээлжид говийн бүс нутгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажилд гол анхаарал хандуулж байна.  Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163 км замыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хувийн аж ахуйн нэгжээр хийлгэж байгаа ажлын явц  ямар байгаатай Ерөнхий сайд Дундговь аймгийг зорих замдаа танилцлаа. Харин одоо 104 км замыг нэмж барьж байгуулбал Мандалговийг Улаанбаатар хоттой холбох боломж бүрдэнэ. Гэхдээ санхүүжилтээс болоод ажил удааширчээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үлдсэн 104 км замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр шууд гэрээгээр хийж  барихаар шийдвэрлэж байгаагаа тус аймгийн баярын арга хэмжээнд оролцохдоо дуулгасан нь нутгийн ардын баяр дээр баяр нэмлээ. Түүнчлэн Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ эдийн засгийн салбараас гадна боловсрол, эрүүл мэнд, нийгмийн, шинжлэх ухааны гээд бүхий л салбарт хийж хэрэгжүүлж байгаа зүйл олон бий. Боловсролын салбарт л гэхэд  дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн стандартыг нэвтрүүлэн ирэх хичээлийн жил улсын хэмжээд Кембрижийн стандартаар 30 сургууль хичээллэж эхэлнэ. Үүнд Дундговь аймаг ч багтаж, дэлхийн стандартаар хичээллэх сургууль энэ хичээлийн жилээс тус аймагт үүд хаалгаа нээх болсныг хэллээ.

    Дундговь аймгийн хөдөлмөрч, бүтээлч ард иргэд, малчид сүүлийн жилүүдэд байгалийн хатуу ширүүнийг даван туулж, мал аж ахуйн салбарт учирсан хохирлыг арилгах талаар ихээхэн анхаарч иржээ. ОХУ болон монгол эрдэмтдийн багийн заавар зөвлөгөөний дагуу Дэрэн, Дэлгэрцогт сумын нутагт “Бэлчээр сайжруулах, тэжээлийн ургамал тарих туршилт, эрдэм шинжилгээний талбай” байгуулж, гүний худаг гаргаад байна. Энэ нь говь хээрийн нөхцөлд жилээс жилд доройтож байгаа бэлчээрийг сэргээх, цөлжилттэй тэмцэх том ажлын эхлэл юм хэмээн Засгийн газрын тэргүүн хэлээд цаашид ч дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

     

    Ерөнхий сайд С.Батболдын хувьд Дундговь аймаг сэтгэлд нь тун ойр байдаг гэдгээ ч нуусангүй. “Ээжийн минь төрсөн нутаг, хүүхэд насны минь гэгээн дурсамж энэ нутагтай салшгүй холбоотой. Тиймээс ч энэ нутаг надад сэтгэл дотно сайхан байдаг” гээд Дундговь аймгийнхаа 70 жилийн тэгш дүүрэн ойд оролцож, баяр баяслыг нь хуваалцаж байгаагийн хувьд төрийн ёслол хүндэтгэлийн их цагаан өргөө гэрийг дурсгал болгон өгч, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор “Түмний өргөө”-г ирэх жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж байгаагаа хэллээ.

    Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд цаашид   Дундговьчуудад хийх ажил их байна гээд хүүхэд залуучуудынхаа хөгжилд анхаарч, чөлөөт цагийг нь зөв зүйтэй өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, өрхийн бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ард иргэд, айл өрхийн амьжиргааг тэтгэх, ажлын байр нэмэгдүүлэх талаар хийж хэрэгжүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллахыг  захилаа. Мөн төрийн тэргүүн зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын гавъяат цол болон төрийн бусад дээд одон, медалиар шагнасныг Засгийн газрын тэргүүн гардуулан өгч баяр хүргэсэн юм. Түүнчлэн Засгийн газрын тэргүүн Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр наадмын нээлтийн ажиллагаанд оролцож, “Амгалан төрийн ажнай” шарга азарганы хөшөө цогцолбортой танилцсан.

     

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг Дундговь аймгийн ахан дүүс, ард иргэд ээ

    70 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

    Монгол нутгийн дуу хуурын хөг аялгуу, айраг найрын хоймор болсон Дундговьчууд Та бүхэндээ аймаг байгуулагдсаных нь түүхт 70 жилийн ойн халуун дотно мэндчилгээг Засгийн газрын нэрийн өмнөөс болон хүүгийн хувиар хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Дундговь аймаг миний сэтгэлд ойр байдаг.Ээжийн минь төрсөн нутаг, миний хүүхэд насны минь гэгээн дурсамж энэ сайхан нутагтай холбоотой билээ.

    Манай Дундговь аймгийн 70 жил Монголын түүхийн дүүрэн билэгтэй, өлзий ерөөлтэй олон чухал ойнуудтай давхцан тохиож буйд билэгшээж байна. Тиймээс Дундговьчууд Та бүхэндээ Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Төв халхын нутагт амьдран суугаа бид энэхүү тэгш ойнуудыг бусдаас илүү хүндэтгэл, ёслолтой тэмдэглэн өнгөрүүлэх эрхтэй. Монголын тулгар төрийн эх сурвалж болсон Хүннүчүүдийн амьдарч ирсэн ул мөр, дурсгал Дундговь аймгийн Ярх, Замбага хайрхан ууланд их бий.

    Мөн бидний 100 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гол төлөөлөгч, Монгол төрийн нэрт зүтгэлтэн Г.Чагдаржав энэ нутгаас төрөн гарсан билээ. Бид энэхүү эрхэм хүнийхээ гэрэлт хөшөөг өөрийн үүсгэн санаачилж, амжилтанд хүргэсэн Үндэсний эрх чөлөөний хувьсгалынх нь 100 жилийн ойгоор төрөлх нутгийнх нь төв талбайд босгож, мөнхжүүлж байгаа нь санаандгүй хэрэг биш юм. 90 жилийнх нь ойг тэмдэглэж буй Ардын хувьсгалын партизан, ахмад дайчид, эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эрэлхэг эх орончид энэ нутгаас олон төрсөн билээ.     

    Энэ мэт утга учиртай тэмдэглэн өнгөрүүлэх их ойн жил улс орон маань амжилт бүтээл, хөгжил дэвшил, итгэл найдвар, бахархал омогшил, гэгээн ирээдүйг дагуулж ирлээ. Бид эцэг өвгөдөөс өвлүүлж, уламжлуулсан эрдэс баялагийнхаа ачаар дэлхий дахины анхаарлын төвд орлоо. Уул уурхайн олон үйлдвэрүүд эх сууриа тавьж, улс оронд маань хөгжих боломж нээгдлээ.

    “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” зэрэг бодлогын бичиг баримтын хүрээнд мал аж ахуйн салбарт зарцуулах төсвийн хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүллээ. Байгаль цаг уурын таатай орчин, малчдынхаа хичээл зүтгэлээр энэ онд улсын хэмжээнд 13 сая орчим төл бойжуулж, ойрын жилүүдэд байгаагүй амжилтыг үзүүллээ. Газар тариалангийнхаа салбарт ч ихээхэн амжилтанд хүрлээ. Айлаас гуйдаг биш авдраа уудалдаг болж, улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хангаж эхэллээ. “Атрын III”аяны үр дүнд гурилын үйлдвэрлэл сүүлийн 2 жилийн дотор 2.2 дахин нэмэгдлээ.

    Энэ жилийн дэлгэр зун, налгар намар, ажилсаг тариаланчдынхаа ачаар илүү их ургац авна гэсэн өөдрөг бодол, төсөөлөл бидэнд байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар уул уурхайгаас гадна хүнсний, бүтээн байгуулалтын олон шинэ үйлдвэр эх орны минь өнцөг булан бүрт ашиглалтанд орж байна. Эдгээр амжилт, ололтыг дагаж эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагасын байдлаар 9.7 хувьд хүрлээ. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ гурван сая орчим төгрөг боллоо. Эдийн засгаа эрчимжүүлэх, ард иргэдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх үүднээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого ажил болж байна.

    Байгалийн баялагаа иргэн бүртээ тэгш шударга хүртээх зорилгоор Таван толгойн орд газрын хувьцаанаас 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй хүртээх шийдвэрийг Хамтарсан Засгийн газар гаргаад удаагүй одоо ажил болгох шатандаа орж байна. Оюу толгой, Тавантолгойн орд газрыг дагасан их бүтээн байгуулалт эхэлж байна. Стратегийн орд газруудаа түшиглэж барилгын материалын, хими, гангийн, металлург, эрчим хүчний зэрэг үйлдвэрүүдийг Сайншанд цогцолбор болгон говийн бүс нутагт барихаар болсон.

    Үүнийг дагаад говийн бүс нутагт хөгжлийн, бүтээн байгуулалтын томоохон ундарга нэмэгдэнэ. Уул уурхайн орд газраа, аж үйлдвэрийн цогцолборын бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлтэй холбох шинэ төмөр замын суурийг тавьж ажлыг нь эхлүүллээ. Манай Засгийн газар бүх аймгийг холбосон хатуу хучилттай авто зам, дундаж орлоготой иргэдэд зориулсан орон сууцны томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн өсөлтөд тулгуурлан ирэх он жилүүдийг их бүтээн байгуулалтынх болгохоор зорьж байна. Хийснээсээ илүү ихийг хийж, бүтээснээсээ илүү ихийг бүтээж босгох үүрэг бидэнд ноогдож байна.

    Эдийн засгийн салбараас гадна боловсрол, эрүүл мэнд, нийгмийн, шинжлэх ухааны гээд бүхий л салбарт хийж хэрэгжүүлж байгаа зүйл олон бий. Боловсролын салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн стандартыг нэвтрүүлж эхлүүллээ. Ирэх хичээлийн жил улсын хэмжээд Кембрижийн стандартаар 30 сургууль хичээллэж эхэлнэ. Үүнд Дундговь аймаг ч багтаж, дэлхийн стандартаар хичээллэх сургууль энэ хичээлийн жилээс танай аймагт үүд хаалгаа нээх сайхан мэдээг дуулгая. Их дээд сургуулиудыг цэгцэлж, хотхон хэлбэрээр хөгжүүлэхээр ажлыг нь эхлүүллээ. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүллээ. Цаашид ч гэсэн нэмэх бодлого баримтлан ажиллана.

    Эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдэж байна. Бүхэлдээ Засгийн газар томоохон зорилт тавьж түүнийгээ хэрэгжүүлэх их бүтээн байгуулалт өрнөж байна.

    Эрхэм хүндэт Дундговьчууд аа,

    Их ойн зочид төлөөлөгчид өө, 

    Одоогоос 70 жилийн тэртээ говийн бүс нутгийг хөгжүүлэх зорилгоор Дундговь аймгийн бүтээн байгуулалтын эх суурь тавигдаж, их үйлсийн ундарга өрнөж эхэлсэн юм. 

    “Ембүү дэрсэнэ ус” хэмээх эрдэнэ мэт нэртэй билэг ерөөлтэй газар эх сууриа тавьсан Дундговь аймаг өнөөдөр бүх сумньэрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, үйлдвэрлэл, уул уурхай эрхэлсэн, нэг өрхөд ногдох малын тоогоорулсдаатэргүүлсэн томоохон аймгуудын нэг болж хөгжсөн нь Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнбилээ. Тиймээс Дундговь аймгийг барьж байгуулахад оролцсон бүх ард иргэдэд 70 жилийн ойн баярын мэнд хүргэж талархал дэвшүүлж байна.

    Өнөөгийн Дундговь бол бидний өвөг дээдсийн нөр их хөдөлмөр, уйгагүй ажиллагааны үр дүнд байгуулагдсан аймаг юм. Харин өнөө ба маргаашийнхны санал санаачилга, идэвхитэй байр суурь, мэдлэг боловсрол, нутгаа гэсэн чин сэтгэл, өрсөлдөх чадвараар Дундговь нутгийн хөгжлийн түүх үргэлжлэн бичигдэнэ. Тиймээс Дундговь нутгийн хөгжлийн түүхийг баяжуулж, бэхжүүлэх, шинэ шатанд гаргах шинэ үеийхнийхээ их үйлст нь амжилт хүсье. 

    Дундговь нутгаас манай улсын нэрийн хуудас, монголын ард түмний хийморь бахархал болсон Зууны манлай  уртын дуучин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Намжилын Норовбанзад, Монгол Улсын ууган гавьяат жүжигчин, Зууны манлай уртын дуучин Жигзавын Дорждагва, Монгол Улсын алдарт гавьяат дуучин Цэнджавын Төмөр тэргүүтэй олон алдартнууд төрөн гарсан. Тиймээс Монголын ард түмэн Дундговь аймгийг “Дуу хуурын их өлгий” хэмээн эртнээс эдүгээг хүртэл хүндэтгэн хүлээн зөвшөөрч, бахархан биширч ирсэн билээ.

    Энэхүү бахархал бишрэлийг өнөө үеийнхэн ч гэсэн нэр төртэй өргөж явна. Дундговь аймгийнхан маань дуу хуурын их өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийн тулд Улаанбаатар хотод “Дуу хуурын өлгий-Дундговь” урлаг соёлын өдрүүдийг хоёр удаа, “Зууны манлай уртын дуучны хөшөө цогцолбор”, монголд анх удаа байгалийн “Задгай театр”-ыг  байгуулсанд таатай байна. Цаашид бид оюуны өв соёлоо залуу үедээ өвлүүлж, уламжлуулах, өргөжүүлэн сурталчилах талаар олон бүтээлч ажил хийж хэрэгжүүлэх үүрэгтэй. 

    Түүхт 70 жилийн хугацаанд энэ нутгаас монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, шашин соёлын гарамгай төлөөлөгч, тив дэлхийд монголыг сурталчилсан утга зохиол, урлаг, спортын алдартан, улсын болоод хөдөлмөрийн баатар, гавъяатнууд олноор төрөн гарсныг баярын энэ өдөр бахархан дурсах ёстой. Энэхүү алдар гавъяатнуудынхаа суу алдарыг мөнхжүүлж, үйлс бүтээлийг дээдэлж байх нь бидний хийж хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг байх болно.

    Дундговь аймаг адуутай, айрагтай нутаг билээ. Тиймээс айраг, найрын нутгийнхаа хийморийг бадрааж, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалийн баялаг, өгөөж шимийг нутаг орны хөгжлийн бодлого, ард иргэдийн амьжиргаа, санаа сэтгэгдэлтэй нийцүүлэн ашиглах хэрэгтэй. Дундговь аймгийн хөдөлмөрч, бүтээлч ард иргэд, малчид сүүлийн жилүүдэд байгалийн хатуу ширүүнийг даван туулж, мал аж ахуйн салбарт учруулсан хохирлыг арилгах талаар ихээхэн анхаарч ирсэн.

    Тиймээс цаашид мал сүргээ чанаржуулах, эрчимжүүлэх, үйлдэр угсааг нь сайжруулах талаар ахиц дэвшилтэй бодлого явуулах ёстой. ОХУ болон монгол эрдэмтэдийн багийн заавар зөвлөгөөний дагуу Дэрэн, Дэлгэрцогт сумын нутагт “Бэлчээр сайжруулах, тэжээлийн ургамал тарих туршилт, эрдэм шинжилгээний талбай” байгуулж, гүний худаг гаргаад байгаа нь сайн хэрэг юм. Энэ нь говь хээрийн нөхцөлд жилээс жилд доройтож байгаа бэлчээрийг сэргээх, цөлжилттэй тэмцэх том ажлын эхлэл билээ.

    Өнгөрсөн жил миний бие Дундговь аймагтаа ажиллаж ард иргэд, ахан дүүсийнхээ амьдрал ахуйтай танилцаж, санал солилцож, хөгжлийн хэтийн асуудлаар байр сууриа дэлгэрэнгүй илэрхийлсэн. Энэ үеэр Дэлгэрцогтыг Монгол Улсын жишиг сум болгох, тус сумын хүн эмнэлгийн барилгыг барих, Эрдэнэдалай сумын төвийн цэвэр, бохир усны нэгдсэн системийн барилга, байгууламжийн зураг төслийг боловсруулах, Дэлгэрцогт, Дэрэн сумын нутагт “Бэлчээр сайжруулах экологийн туршилт, судалгааны төв”-ийг байгуулах, Дундговь аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барих асуудлуудыг шийдвэрлэсэн. Эдгээрийг ажил бодит ажил болж байна гэдэгт итгэж байна.

    Төрөлх нутгийнхаа 70 жилийн тэгш дүүрэн ойд оролцож, баяр баяслыг нь хуваалцаж байгаагийн хувьд зарим асуудлыг шийдвэрлэх ёстой. Тиймээс Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан төрийн ёслол хүндэтгэлийн их цагаан өргөө гэрийг дурсгал болгон өгч байна. Мөн ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор “Түмний өргөө”-г ирэх жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.     

    Сүүлийн жилүүдэд Дундговь аймаг улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн болоод хувийн хэвшлүүдийн хөрөнгөөр хүүхдийн парк, аймгийн төвийн цэвэр усны ус дамжуулах хоолой солих, “Ногоон хөгжил Дундговь”зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийж хэрэгжүүлж байгаа нь сайн хэрэг юм. Монгол Улсын Засгийн газраас авто замын талаар баримтлах гол бодлого нь бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоход чиглэгдэж байгаа.

    Эхний ээлжинд уул уурхайн орд газруудтай холбогдуулан говийн бүс нутгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил явж байна. Тухайлбал Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163 км замыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хувийн аж ахуйн нэгжээр хийлгэж байгаа ажил нь эд өрнөөд явж байна. Одоо 104 км замыг нэмж барьж байгуулбал Мандалговийг Улаанбаатар хоттой холбох боломж бүрдэнэ. Энэхүү замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр шууд гэрээгээр хийж барихаар төлөвлөж байна.   

    Цаашид Дундговьчууд маань хүүхэд залуучуудынхаа хөгжилд анхаарч, чөлөөт цагийг нь зөв зүйтэй өнгөрүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх,  өрхийн бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ард иргэд, айл өрхийн амжиргааг тэтгэх, ажлын байр нэмэгдүүлэх талаар хийж хэрэгжүүлэх зүйл их байна. Уртын дуу, морин хуурын аялгуутай түүхээ их бүтээн байгуулалтаар баяжуулж, айраг, найрын жавхаагаа ажил үйлстэй хослуулж, Дундговь нутагт минь хөгжил бүхэн цэцэглэх, хүн бүрийн ажил амьдрал дэвжиж сайхан цаг ирж байна.

    Дөрвөн цагийн уртад дүүрэн билэг тэгширсэн нутагтаа өндөр дээд, өлзий дэмбэрэлт өвөг дээдсийнхээ заяа буянд ивээгдэж, өнөө үеийнхэний мэдлэг боловсролд тэтгэгдэж, үе удмаараа аз жаргалтай амьдарч, үйлс бүтээл нь дэлгэрч байхыг ерөөе.

    Дундговь аймаг. 2011 оны 7 дугаар сар 27