Улсын Их Хурлын дарга,
Эрхэм гишүүд ээ,
УИХ-аас 2004 онд баталсан “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл танилцуулж байна. Та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулгыг тараасан тул товч илтгэе. “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”нь Үндэсний хөгжлийн цогц бодлого болон нийгмийн хамгаалал, хөдөлмөр, эрүүл мэнд, боловсрол, хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг бүхий л салбарын бодлого, хөтөлбөрийн гол агуулга, үндсэн зарчим нь болж ирснээрээ ихээхэн ач холбогдолтой юм. Тиймээс энэ бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газраас тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ.
Засгийн газраас монгол хүн бүрийг эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцлийг бүрдүүлэх замаар хүний хөгжлийг хангахыг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна. Мөн хүн амын өсөлтийг хангах, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах нь манай Засгийн газрын нэн тэргүүний зорилго билээ. Манай улс өргөн уудам газар нутагтай, цөөн бөгөөд харьцангуй залуу хүн амтай, хүн амын нягтаршил нь хот,хөдөө, бүс нутгаараа харилцан адилгүй. Бас хот,суурин газарт хүн ам илүү төвлөрсөн, нүүдлийн болон суурин соёл иргэншил хосолсон онцлог шинжүүдтэйбилээ.
Манай улсын хүн ам 2010 оны эцсээр 2780.8 мянгад хүрч, өмнөх оноос 1.8 хувиар өслөө. Нийт хүн амын 63.3хувь нь хотод, 37,7хувь нь хөдөө орон нутагт амьдардаг. Хүн амын 27.3хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 63.9хувийг 15-64 насныхан, 8.8хувийг 65 ба түүнээс дээш насныхан эзэлж байна. Хүн ам насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуужих хандлагатай болж, хүн ам зүйн цонхны нэн таатай үе үргэлжилж байна. Эрдэмтэн, судлаачдын тооцоогоор хүн ам зүйн цонхны энэ үе 2025 он хүртэл үргэлжилнэ. Тиймээс энэ таатай үеийг ашиглаж эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг хөдөлмөрийн нөөцөө бүрэн ашиглахуйц ажиллах хүчний шингээлт сайтай ажлын байр бий болгоход чиглэсэн оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн төрөх насны эмэгтэйчүүдийн тоо өндөр байгаа энэ үед хүн амын зохистой төрөлтийг дэмжин, тогтвортой өсөлтийг хангах замаар хүн ам зүйн цонхны үеийг удаан хугацаанд үргэлжлүүлэх боломж ч бас бий гэж үзэж болно.
Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжсэн нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлсэнээр зарцуулсан хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, 2005-2010 онд нийт 626,4 тэрбум төгрөгт хүрлээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд 1000 хүнд ноогдох төрөлт 2004 онд 18,1 байсан бол 2009 онд 25,5 болж өслөө.
Улс орны хөгжлийн түвшинг харуулдаг гол үзүүлэлт бол хүний хөгжлийн индекс билээ. Монгол Улсын хүний хөгжлийн индекс 2010 оны байдлаар 0,765 болж, 2007 оныхоос 3,6 хувиар нэмэгдлээ. Үүнд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, ялангуяа уул уурхайн салбарын орлого нөлөөлсөн. Гэвч эдийн засгийн энэ өсөлт хүн амын амьжиргаанд төдийлөн эерэг нөлөө үзүүлэхгүй байгаа учир ядуурал буурсангүй. Уул уурхайн салбар ажлын байр бий болгохоос илүү төсвийн орлого бүрдүүлэлтэд сайн нөлөө үзүүлж байна. Тиймээс байгалийн баялгийн орлогыг ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад оновчтой хуваарилан зарцуулах шаардлага байсаар байна.
Байгалийн баялгаас олох орлогыг иргэддээ тэгш, шударгаар олгох эрх зүйн үндсийг бүрдүүлж, бэлнээр болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, оюутны сургалтын төлбөр хэлбэрээр өгөх ажлыг зохион байгуулж ирлээ. Төрийн үйлчилгээг иргэддээ оновчтой хүргэхэд хүн амын бүртгэл, мэдээллийг төгөлдөршүүлэх нь нэн чухал билээ. Тиймээс иргэний шинэчилсэн бүртгэлийн улсын үзлэгийг зохион байгуулж, 16-аас дээш насны хүн амын 96 хувь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байна. Мөн гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдээ шинэчилсэн бүртгэлд хамруулж эхэллээ. Ингэснээр гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн эдлэх нөхцөл боломжийг цоо шинээр бүрдүүлнэ.
Стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, улс орны хөгжилд түлхэц болохуйц төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүүлж их бүтээн байгуулалтыг эхлүүлэх нь монгол хүнийг хөгжүүлэх, ажилтай, орлоготой болгох үндсэн арга зам гэж үзэж байна. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэхэд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого ихээхэн үүрэг гүйцэтгэж ирлээ. Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээнд 2009-2010 онд улсын төсвөөс 60 тэрбум төгрөгийг зарцуулж, нийт 11.7 мянган ажлын байр шинээр бий болгосон. Энэ нь хүний хөгжлийг хангах бодлогын нэгэн зорилт юм.
Шилжих хөдөлгөөний улмаас хүн амын нягтаршил нутаг дэвсгэрийн хэмжээнд жигд биш болж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод нэг хавтгай дөрвөлжин км-т 246,8хүн ногдож байхад баруун бүсэд 0,9, зүүн бүсэд 0,7, төвийн бүсэд 1,0, хангайн бүсэд 1,4байна. Улаанбаатар хотын хүн амын өсөлт нийт хүн амын өсөлтөөс бараг 2 дахин өндөр байгаа нь хөдөөнөөс шилжих хөдөлгөөн эрчимжиж, хотжих үйл явц түргэн хурдацтай явагдаж буйг харуулах боллоо.
Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа шилжих хөдөлгөөний гол шалтгаан болж байна. Иймээс засаг захиргааны нэгжийн хуваарийг оновчтой болгох, хөдөөгийн сургууль, эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, бүсийн нэмэгдлийг бий болгох, жижиг,дунд үйлдвэр, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг хөдөөд түлхүү дэмжих, бүс нутгийн хөгжлийн төв болон дагуул хотуудыг хөгжүүлэх замаар нийслэл дэх хүн амын төвлөрлийг сааруулахшаардлага гарч байна.
Хүн амын дотоод шилжих хөдөлгөөнөөс гадна гадаад шилжих хөдөлгөөний асуудалд Засгийн газраас онцгой анхаарч байна. Гадаадаас ажиллах хүчин авах, гадаадад ажиллах хүчин гаргах бодлогоо өнөөгийн нөхцөл байдал, улс орны хөгжил, хэтийн төлөв ирээдүйд гарах үр дагавартай уялдуулан шинэчлэх шаардлага амьдралаас урган гарч ирлээ. Тухайлбал, гадаадаас зөвхөн өндөр ур чадвар, боловсролтой мэргэжилтэнг авах, гадаад руу өндөр боловсрол, ур чадвар, мэргэжил эзэмшүүлэхээр илгээх чиглэлээр хууль тогтоомжийг болвсронгуй болгох нь чухал юм. Энэ бодлогын эхлэл болгон гадаадад өндөр боловсрол эзэмшсэн залуучуудын мэдлэг, чадварыг эх орныхоо хөгжилд ашиглах зорилгоор “Зөгийн үүр” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.
Үе үеийн Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр үр дүнтэй бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж ирлээ. Үүний үр дүнд манай улсын эхийн эндэгдлийн түвшин 2004 онд анх удаа 100,000 төрөлтөнд 98.8 болж хоёр оронтой тоонд шилжсэн. Мөн эхийн эндэгдэл өндөртэй орноос эндэгдлийн түвшин багатай орны тоонд орсон. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улс эхийн эндэгдлийн түвшин 100,000 төрөлтөнд 45,5 болсон нь 1990 оны түвшингээс 4 дахин, 2009 оны түвшингээс 2 дахин буурсан гэсэн үг юм.
Боловсролын салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 2,9 хувь, суурь боловсролд хамрагдалт 1,7 хувиар өслөө. Боловсролын чанар, үр өгөөжийг тогтмол дээшлүүлж, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх, бүх шатны сургуулиудыг олон улсын нийтлэг жишигт нийцсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр хичээллэх боломжийг хангах бодлого хэрэгжүүлж байна. Энэ зорилгоор Кембрижийн олон улсын стандарт, хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Их, дээд сургуулийн сургалтын чанарт онцгой анхаарч, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд төрийн өмчийн их, дээд сургуулиудыг 16 болгон цөөлж хотхон хэлбэрээр хөгжүүлэх бодлогыг тодорхой болголоо.
Хүний хөгжлийг хангах, амьдралын чанарыг сайжруулахын тулд юуны өмнө орон байрны асуудлыг шийдвэрлэх нь чухал юм. Хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, нөхцлийг нь сайжруулахад чиглэсэн эдийн засаг, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирлээ. Төрийн албан хаагчдад зориулсан 4000 айлын орон сууцыг урт хугацаанд хөнгөлөлттэй зээлээр олгох асуудлыг үндсэнд нь шийдвэрлээд байна. Засгийн газраас гаргасан 800 тэрбум төгрөгийн бондоор бага орлоготой иргэдэд олгох орон сууцны зээлийн хүүг жилийн 6 хувиас хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Энэ бодлогын хүрээнд манай хамтарсан Засгийн газар 100.000 орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэ мэтээр “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирлээ. Гэхдээ “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд дараах асуудалд анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна.
- Хүн амын талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаанд тулгуурлан ойрын ирээдүйд хүн амын хөгжилд гарах өөрчлөлт, хандлага, түүнээс гарч болзошгүй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлогод өөрчлөлт оруулж, боловсронгуй болгох,
- Хүн амын хөгжлийн асуудал хариуцсан үндэсний бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох шаардлага ч бий боллоо. Өнөөгийн хүн амын хөгжлийн чиглэлээр ажиллаж буй байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох замаар төрийн захиргааны бие даасан байгууллагыг төв, орон нутгийн хэмжээнд байгуулах,
- Гэр бүлийн дагнасан шүүх байгуулах, гэр бүл, хүүхдийн эрхийн асуудлыг хариуцсан байгууллага, гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр “Гэр бүлийн тухай хууль”-ийг боловсронгуй болгох,
- Өсвөр үе, залуучуудын өөрийнхөө болон нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, хөгжих, эрх ашгаа хамгаалах, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд оролцох оролцоог дэмжих замаар чадварлаг, бүтээлч, ёс суртахуунтай, боловсролтой, соёлтой иргэн болгон төлөвшүүлэх чиглэлээр төрийн захиргаа, орон нутаг, иргэний нийгэм, иргэдийн хүч, оролцоог дайчлан ажиллах,
- Түүнчлэн нийгмийн халамжийн хамрах хүрээг оновчтой тогтоох замаар гэр бүл, өрхийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх,
- Орон нутгийн удирдлага нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн үйлчилгээнд хэнийг хамруулахаа иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоотой шийдвэрлэдэг байх тогтолцоо бий болгох,
- Хүн амын өсөлт, бүс нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр бодлогын хэрэгжилтийг хангахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг болно.
“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг цаашид хэрэгжүүлэхдээ УИХ-ын эрхэм гишүүд Та бүхний санал, зөвлөмжийг тусган ажиллах болно. Тиймээс та бүхнийг энэ бодлогын талаар байр сууриа илэрхийлэхийг хүсч байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
2011 оны 5 дугаар сар 20
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооноос хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан. Энэхүү хуулийг өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд УИХ баталж Монгол Улс Жендэрийн тухай хуультай болсон. Манай улсын эрх зүйн орчны хувьд шинэ үзэгдэл авчирсан энэ хууль хэрэгжиж эхэлснийг тэмдэглэсэн нэгэн үйл явдал өнөөдөр боллоо.
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр аймгийн Засаг дарга нартай уулзалт хийлээ. Тэд АНУ-д богино хугацааны сургалтад хамрагдаж, номын дуу сонсоод ирсэн юм байна. Сонгууль хүртэлх үлдэж байгаа бага хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, өөрийн аймаг бүрийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг зуун хувь хангаж ажиллахыг гүйцэтгэх засаглалын тэргүүн уулзалтын эхэнд үүрэг болгоод, та бид нэг багийн гишүүд, ард түмэндээ дүнгээ тавиулахад богино хугацаа үлдээд байна шүү гэдгийг санууллаа.
“Эх орныхоо өнцөг булан, талбар бүрт очиход хийж бүтээх сэн, өнөөдрийн байгаагаасаа урагшаа алхах юм сан, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болох юм сан гэсэн хүсэл тэмүүлэл, бодитой ажил үйл ажиллагаа өрнөж байгаад сэтгэл хангалуун явдгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Сантис” сургалтын төвд болсон арга хэмжээний үеэр илэрхийлээд “Энэ бүгд амаргүй, гэхдээ хичээл зүтгэл байхад ажил урагшилж, бүтдэг гэдгийн жишээг “Сантис” сургалтын төв харууллаа” гэлээ Тэрбээр өнөөдөр буюу 2011 оны тавдугаар сарын 20-ны үдээс хойш Монгол Америкийн хамтарсан “Сантис” боловсролын төвд болсон “TOEIC” /Test of English as a Foreign Language/тестийг Монголд нэвтрүүлэх үйл ажиллагааны нээлтэд оролцсон юм.
“Анги маань саруулхан, сайхан хэвээрээ байна. Би энэ ангид сурч байсан юм” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нийслэлийн 14 дүгээр сургуулийн 10-ын “Д” ангийнхантай уулзахдаа хэллээ. Мөн “Манай ангийн багшийг Ичинхорлоо гэдэг байсан, багш маань сургуулиараа ирж байгаа биз дээ” гэж дурсамж уудаллаа. Вьетнамын ерөнхийлөгч асан Хо Ши Минийн нэрэмжит, энэ түүхэн хүний төрсөн өдрөөр эрдмийн баяраа тэмдэглэдэг уламжлалтай нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн хамт олны урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус сургууль дээр өнөөдөр очлоо.
Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд манай улсад айлчилж байгаа Румын улсын Парламентын гишүүн, Румын- Монголын парламентын бүлгийн дарга, Румыний социал демократ намын дарга Виктор- Виорел Понта тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Эрхэм төлөөлөгчдийг олон жилийн дараа Монгол улсад айлчилж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлээд, манай хоёр орон олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн. Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэсэн гэдгийг дурьдаад , Румын улс нь Европын холбооны идэвхтэй гишүүн орны хувьд Европын стандартыг нутагшуулахаар зорьж буй Монгол улсыг дэмжиж ажиллана гэдэгт итгэж буйгаа уулзалтын үеэр онцоллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сар 17-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам, Борнуур, Батсүмбэр суманд ажиллаж хаврын тариалалтын үйл явцтай газар дээр нь очиж танилцлаа. Тэрээр ажлаа тус аймгийн Угтаалцайдам сумын “Агро комплекс” компанийн тариалалтын явц, техник шинэчлэлийн байдалтай танилцсанаар эхэлсэн юм. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг “Агро комплекс” компани Угтаалцайдам суманд 1000, Борнуур суманд 350 га-д тариалалт хийжээ. Герман улсын Класс фирмийн өндөр хүчин чадлын трактор, комбайн, хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машинаар техникийн парк шинэчлэл хийснээр ажил нь эрс эрчимжиж чанаржсан тухайгаа тэд ярилаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011оны 5-р сарын 15-ны өдөр “Цэвэр агаар бэлэглэе” өдөрлөгт оролцож эрчим хүчний хэмнэлттэй зуухны анхны галыг өрдлөө. Засгийн газрын тэргүүн энэ үеэр хэлэхдээ хэдийгээр урин дулаан цаг ч гэлээ удахгүй бид өвөлтэй золгоно. Нийслэлчүүдийн санааг хамгийн их зовоож байгаа асуудал яах аргагүй утаа. Үүнийг бид хамтдаа шийдвэрлэх ёстой гээд Хамтарсан Засгийн газар 2009 оноос эхлэн утааны асуудлыг шийдвэрлэхээр зорилт тавин ажиллаж, АНУ-аас үзүүлж байгаа дэмжлэг туслалцааг Улаанбаатар хотын утааг бууруулах асуудалд чиглүүлэхийг Мянганы сорилтын сантай ярилцаж тохироод байна.
Банк санхүүгийн салбарт шинэ хуудас нээгдсэн, хөгжлийн түүхэнд шинээр бичигдэх нэгэн үйл явдал өнөөдөр боллоо. Монгол улсын Хөгжлийн банкны нээлтийн ёслолын ажиллагаа болж, тус арга хэмжээнд Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Хөгжлийн банкны эдийн засагт оруулах хувь нэмэр, хүлээлт, үүрэг хариуцлага маш өндөр гэдгийг ёслолын ажиллагаанд оролцсон Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, хөгжлийн түлхэгч хүч болсон банк байх ёстой гэдгийг онцолж байв. Нэг сар гаруйхны өмнө Лондонгийн хөрөнгийн биржтэй менежмэнтийн гэрээ байгуулж байсан бол, өнөөдөр Хөгжлийн банкны нээлтийг хийж байгаа нь цаг үеийн захиалга болж байна хэмээн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд дурьдаад, өнгөрсөн 20 жил бид хөгжлийн шатуудаа туулж ирсэн ч түүнийгээ сайжруулах, эргэж харах нөхцөл байдал тулгарч байна.
Монгол Улсын төр, Засгийн газар нийслэл Улаанбаатар хотыг эрх зүй, санхүү, бие даасан байдал гээд бүх талаар дэмжинэ. Ийм боломж ч бүрдсэн. Одоо хийж байгаа ажлаа орчин үеийн стандартад нийцсэн, нээлттэй, чанартай, бодитой байхад хот өөрөө анхаарах ёстой. Утаа, замын түгжрэл гээд олон жил ярьсан зүйлийг шийдвэрлэх боломжийг ч төр, засаг бүрдүүлж байна. Засгийн газар нийслэл хотыг дэмжихийн зэрэгцээ шахаж шаардаж, хариуцлага ярина. Хийж байгаа ажлын эцсийн дүнд иргэдийн ая тухтай амьдрах орчин сайжирсан байх учиртай гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ.