Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Хүүхдийн эмнэлэг барих талаар Кувейттэй хийсэн яриа хэлэлцээрийг ажил хэрэг болгох үүрэг өглө

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2009 оны 12 дугаар сард эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзахдаа эрүүл мэндийн салбарт цогц шинэчлэл хийх шаардлагатайг онцлон тэмдэглэж, ажил хэрэг болгох үүрэг даалгавар өгч байсан юм. Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газраас тус салбарт хийх цогц шинэчлэлийн төлөвлөгөөг баталж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр нааштай ахиц гарч эхэлжээ.

    Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр буюу 2011 оны хоёрдугаар сарын 25-ны энэ өдөр Эрүүл мэндийн яаманд эхэлсэн “Нийтийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил” сэдэвт эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцож үг хэллээ. Ингэхдээ тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Кувейт улсад айлчлах явцдаа 16 хүртлэх насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх 35 сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийг Монгол Улсад барих талаар Кувейтийн талтай яриа хэлэлцээр хийж нааштай шийдвэрлүүлэхээр болсон гэдгийг онцлон хэллээ. Иймд эрүүл мэндийн салбарын удирдлагуудад уг асуудлыг ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллах үүрэг өглөө.

    Засгийн газрын тэргүүн  монгол хүн эрүүл, боловсролтой, ажилтай, орон сууцтай байх учиртай. Энэ зорилтын төлөө анхаарч ажиллаж байна. Монгол хүн бүр эрүүл байх нь хамгийн чухал. Иймд манай Засгийн газар эрүүл мэндийн салбараа дэмжиж ажиллаж байгаа, цаашид ч дэмжих болно гэдгээ тус салбарын удирдлагуудад илэрхийллээ.

    Өнгөрсөн 2010 онд тус салбарт эрх зүйн шинэчлэлийн эхлэл тавигдаж, мянганы хөгжлийн зорилтын гол үзүүлэлт эхийн болон нэг хүртлэх насны хүүхдийн эндэгдэл буурч, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Олон улсын стандартад нийцсэн оношлогоо, эмчилгээний төвүүдийг байгуулж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хийж эхлээд байгаа гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд томоохон барилга байгууламжуудийг барьж байгуулах шийдвэрүүдийг Засгийн газраас дэмжсэн, тодорхой үр дүнгүүд гарч байгаа талаарх мэдээллийг өглөө. Энэ талаар олон арга хэмжээ авч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч эмчилгээ, оношлогоо хийлгэхээр гадаад орныг зорих иргэдийн тоо буурахгүй байгаад Ерөнхий сайд шүүмжлэлтэй хандаж байлаа.

    Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу 5054 хүний суудалтай спортын ордныг байгуулан ашиглалтад оруулсан. Түүнчлэн Өвөрхангай, Төв, Баян-Өлгий аймгийн 600 суудалтай спорт цогцолборын суурийг тавьж, нийслэлийн зургаан дүүрэг, хэд хэдэн аймагт усан бассейн бүхий спортын ордны зураг төсөл хийх, барьж эхлэх хөрөнгийн эх үүсвэрийг 2011 оны төсөвт тусгасан. Энэ дагуу аймаг, дүүрэг бүрт спорт цогцолбор барьж байгуулах ажлыг цаашид үргэлжлүүлэн хийхийг Ерөнхий сайд С.Батболд орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо.   

    Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хийгдэж амжаагүй, хэрэгжилт удааширсан зорилтыг хурдасгах талдаа чармайлттай ажиллах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний соёл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай. Эрүүл мэндийн даатгалын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага ч байгаа гэдгийг онцлоод эрүүл мэндийн салбарынхныг Засгийн газрын зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийллээ

  • Дэлхийн жишигт нийцсэн боловсрол Монголд нэвтэрч байнаa

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Кембрижийн Их сургуулийн Олон Улсын шалгалтын төвийн мэргэжлийн багийн ахлагч Эндрю Сортвелл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Монгол Улс 1990 оноос ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн цагаас эхлэн хамтран ажиллаж байгаад Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархал илэрхийллээ.

    Монгол Улс гадаад орнуудын амжилтад хүрсэн, үр дүнтэй туршлагыг нэвтрүүлж, нутагшуулахыг зорьж байна. Үүний нэг жишээ болох Кэмбрижийн стандартыг боловсролын салбартаа нэвтрүүлэх эхлэлээ хэдийнэ тавьсан. Цаашид энэ үйл явцыг түргэсгэхийн тулд Засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээг авах болно гэж тэрээр хэлэв. Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их сургуулийн Олон Улсын шалгалтын төв хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар талууд ажлаа эхэлсэн тухай мэргэжлийн багийн ахлагч Эндрю Сортвелл Ерөнхий сайд С.Батболдод танилцууллаа.

    Хоёр талын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу мэргэжлийн багийнхан энэ сард манай улсад ажиллан бага, дунд боловсролын бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх урт болон дунд, богино хугацааны төлөвлөлт, ажлын зураглал, төлөвлөгөөг эцэслэн боловсруулах судалгааг салбарын яам, боловсролын бусад мэргэжлийн байгууллага, эрдэмтэд, судлаачид, багш нарын хамт хэрэгжүүлж дуусчээ. Кэмбрижийн стандартыг монголд нэвтрүүлэх Засгийн газрын зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуульд очин Кэмбрижийн сургалтын хөтөлбөрөөр хос хэлээр хичээллэх төрийн өмчит анхны сургуулийн нээлтэд оролцсон.

    “Шинэ эрин” сургуулийг Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кэмбрижийн ерөнхий боловсролын хөтөлбөр, стандартыг турших туршилт, судалгааны төв, түшиц лабораторитойгоор байгуулж сургалтыг нь эхлүүлсэн юм. Кэмбрижийн Их сургуулийн Олон улсын шалгалтын төвийн мэргэжлийн багийнхан манай улсад байх хугацаандаа энэ сургуультай танилцаж, тус  сургуульд олон улсын стандарт, хөтөлбөрийн дагуу сургалт явуулах эрх олгох үнэлгээний ажлыг хэрэгжүүлсэн байна.   

    2011 оны хичээлийн жилээс аймаг, дүүргийн ерөнхий боловсролын 30 сургуульд туршилтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Сурагчдад бодох, сэтгэх боломж олгож, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь сургалтын онцлогюм. Үүний тулд салбарын яам 26 мянган багшийг давтан сургалтад хамруулж сурах бичгүүдийг ч өөрчлөхөөр ажиллаж байна. Мөн энэ ондоо багтан бага, дунд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ.

    Кэмбрижийн стандартыг нэвтрүүлэх хөтөлбөр нь 20 жилийн хугацаатай, хоёр үе шаттай. Эхнийх нь 6-8 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын стандартыг олон улсын түвшинд хүргэхюм. Хоёр дахь үе буюу найман жилийн дараа хос хэлний сургалт явуулж эхэлнэ.  Үүнийг амжилттай явуулсан тохиолдолд манай хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулийг дотооддоо Кэмбрижийн сургуулийн гэрчилгээтэй төгсөж дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад шууд элсэн орох боломжтой болно

  • Хамтарсан Мэдэгдэл

    Хамтарсан Мэдэгдэл Монгол, Австралийн хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш, Монгол Улс 1990 онд ардчилсан шинэчлэл өөрчлөлт хийснээс хойш Монгол Улсын Засгийн газрын тэргүүний Австралид хийж буй анхны айлчлалаар зочилж буй Ерөнхий сайд С.Батболдыг тус улсын Ерөнхий сайд Жулиа Гиллард халуун дотноор хүлээн авав.

    Монгол, Австралийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа эрдэс баялаг, эрчим хүчний салбарт өргөжин тэлж байгааг хоёр улсын Ерөнхий сайд нар сайшаан талархав. Монголын уул уурхайн гол төслүүд, түүний дотор Оюу толгойн зэс, алтны уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлэх нь Монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахын сацуу Монгол, Австралийн худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоог өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой болохыг хоёр улсын Ерөнхий сайд нар тэмдэглэв.

    Австралийн уул уурхайн салбарынхан мэргэжлийн туршлага мэдлэгээсээ монголын талтай хуваалцах сонирхол өсөн нэмэгдэж байгааг болон Монголын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хөгжилд хувь нэмэр оруулахуйц геологи, өрөмдлөг, уул уурхайн програм хангамж, байгаль орчны менежмент, санхүү, эрх зүй, хүний нөөцийн хөгжлийн салбар дахь Австралийн бизнесийн чадавхийг талархан хүлээн авав.  

    Талууд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг цаашид өсгөн нэмэгдүүлэхэд нээлттэй, ил тод зах зээл, эрх зүйт төр чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ хүрээнд Монголын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг хангах тэргүүн туршлага бүхий эрх зүй, зохицуулалтын тогтолцоог бий болгоход чиглэсэн Австралийн дэмжлэг туслалцааг талархан хүлээн авав.

    Ерөнхий сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон олон чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв. Ерөнхий сайд нарын уулзалтын хүрээнд дараахь дөрвөн баримт бичигт гарын үсэг зурав:

    • Монголын уул уурхайн салбарын ажилчдын чадавхийг нэмэгдүүлэхэд  туслах, мэргэжлийн боловсролын салбарт оюутан, багш нарын солилцоог дэмжих, боловсролын тогтолцооны талаар мэдээлэл солилцох, хоёр орны мэргэжлийн боловсролын болон их дээд сургуулийн хооронд мэргэшил, хүлээн зөвшөөрөх үйл явцыг дэмжихэд чиглэсэн Мэргэжлийн боловсролын салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг.
    • Монголын мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн хөгжил, хөдөө аж ахуйн технологи, мэдээлэл солилцоог дэмжих тухай Харилцан ойлголцлын санамж бичиг.
    • Хоёр улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны тухай мэдээлэл солилцоог өргөжүүлэх, мэдээллийн ил тод байдал, түүнийг нийтэд болгох явдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг.
    • Геологи, усны нөөц, хөдөө аж ахуй зэрэг харилцан сонирхсон шинжлэх ухааны салбаруудын хамтын ажиллагааны боломжийг судалж, санаа бодлоо солилцохыг дэмжих зорилгоор Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Австрали Улсын Шинжлэх Ухааны Академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг.

    Австралийн Ерөнхий сайд Ж.Гиллард Монгол Улстай худалдаа, боловсрол, хөгжлийн салбарт харилцаагаа бэхжүүлэх үүднээс дараахь алхмуудыг авч хэрэгжүүлэхээ мэдэгдэв:

    • Монгол Улсад бизнес эрхлэх сонирхол бүхий Австралийн компанийн тоо өсч байгааг харгалзан Австралийн Худалдааны газар 2011 онд Улаанбаатар хотноо өөрийн төлөөлөгчийн газраа нээнэ.
    • Монгол, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг өргөжүүлж, 2012 оноос эхлэн жил тутам хүлээн авч суралцуулах монгол оюутны тоог 28-аас 38 болгож  нэмэгдүүлнэ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 140 гаруй монгол хүн энэ хөтөлбөрт хамрагдаж, Австралид суралцсан.  
    • Ус, эрүүл ахуй, уул уурхайн зарим ордын үр ашиг, өртөгийн тооцоо, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг төслийг хэрэгжүүлэхэд зориулж Австрали 2010-2011 онд 1.5 сая доллар зарцуулна. Эдгээр төслийг НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шугамаар хэрэгжүүлнэ. Энэ жилийн хувьд 7.4 сая доллар, 1995 оноос хойш нийтдээ 50 гаруй сая долларт хүрээд буй хоёр талын хөгжлийн түншлэл нь өнөөг хүртэл Монголын эдийн засгийн хөгжлийг дэмжих үүднээс төрийн болон хувийн хэвшлийн чадавхийг бэхжүүлэхэд голлон чиглэгдсэн.

    Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Австралийн хооронд иргэд хоорондын хэлхээ холбоо өргөжиж байгааг, түүнд Монгол, Австралийн тэтгэлэгт хөтөлбөр чухал хувь нэмэр оруулж байгааг сайшаав. Тэд хоёр орны хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхэдд Монгол, Австралийн нийгэмлэгийн зүгээс явуулж ирсэн идэвхтэй ажиллагааг тэмдэглэв. Нийт 300 гаруй монгол оюутан Австралид суралцсанаас өнөөгийн Засгийн газрын нэг сайд, Улсын Их Хурлын гурван гишүүн байгааг мөн тэмдэглэв. Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсад Австралийн Хөгжлийн сайн дурын залуу элчин сайд нар үйл ажиллагаа явуулж байгааг талархаж байгаагаа илэрхийлэв. Өнөөг хүртэл 120 гаруй Австрали залуус Монгол орны хөгжилд хувь нэмрээ оруулжээ. Ерөнхий сайд нар хоёр орны парламентын төлөөлөгчдийн харилцан айлчлалын чухлыг онцлов.

    Хоёр орны хувьд байгалийн гамшиг, цаг уурын онцгой үзэгдлүүд ноцтой сорилт болж байна. Саяхан Күинслэнд, Викториа, Баруун Австралид болсон үер, хуй салхи, түймрийн улмаас хүний амь нас үрэгдэж, хохирол учирсантай холбогдуулан Монголын талаас эмгэнэл илэрхийлсэнд Ерөнхий сайд Ж.Гиллард Австралийн ард түмний талархлыг уламжлав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд гамшгийн хохирлыг бууруулахад чиглэсэн Австралийн хүч чармайлтыг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд Ерөнхий сайд Ж.Гиллард  талархав. 2010 оны зудаар Монголд мал ихээр хорогдож, малчдын амьжиргаа эрсдэлд оруулсан гамшгийг даван туулахад Австралийн талаас тусламж үзүүлсэнд Ерөнхий сайд С.Батболд мөн талархал илэрхийлэв.

    Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үндэсний болон олон улсын хүч чармайлт чухал болохыг Ерөнхий сайд нар онцлов. Тэд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын Суурь конвенцийн талуудын 2010 оны Канкуны бага хурлын дүнг сайшаан Канкуны тохиролцоог шургуу хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв.  

    Монгол, Австрали хоёр улс Ази, Номхон далайн бүс нутагт стратегийн нийтлэг ашиг сонирхол, зорилт, түүний дотор тус бүс нутгийн энх тунх хөгжлийг эрхэмлэдгээ илэрхийлэв. АСЕАН-ы Бүсийн чуулга зэрэг бүс нутгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол, Австралийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг Ерөнхий сайд нар тэмдэглэв. Ази, Номхон далайн бүс нутагт оролцоогоо бэхжүүлэхэд чиглэсэн Ерөнхий сайд С.Батболдын хүсэл эрмэлзлэлийг Ерөнхий сайд Ж.Гиллард сайшаав. Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнц, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын дэгийг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэд нотлов. Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс ураны салбараа хөгжүүлэх сонирхолтой байгааг дурдаад ураны нөөцөөр баялаг Монгол, Австрали хоёр улс аюулгүй баталгаа, аюулгүй байдал, экспортын хяналтын чиглэлээрх тэргүүн туршлагыг түгээх талаар ижил  сонирхолтой байгааг илэрхийлэв.

    Афганистан дахь Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний ажиллагаанд үргэлжлүүлэн оролцохын төлөө байгаагаа Ерөнхий сайд нар дахин нотлов. Австралийн удирдлага дор ажиллаж буй Кабулын Артиллерийн сургуульд Афганистаны Үндэсний Армийг сургахад Монгол, Австрали хоёр улс хамтран ажиллаж байгааг тэд сайшаан тэмдэглэв. Бүрэн эрхт, тогтвортой, аюулгүй, терроризмыг үл орогнуулагч Афганистаныг бий болгох нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгааг Ерөнхий сайд нар цохон тэмдэглэв. 

  • Хоёр улсын түншлэлийн зэргийг ахиулна

    Хоёр улсын түншлэлийн зэргийг ахиулна Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын гадаад хэргийн сайд, ноён Ян Жечиг хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсад хоёр дахь удаагаа айлчилж байгаа нь энэ юм байна. Одоогоор манай хоёр улс сайн хөршийн, харилцан итгэсэн түншлэлийн харилцаатай бөгөөд эрхэм сайд энэ удаагийн айлчлалаараа Монгол, БНХАУ-ын түншлэлийн зэргийг ахиулах зорилготой ажээ.

    Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд эрхэм сайдыг Монгол улсад тавтай айлчлахыг уриад, Гадаад хэргийн сайд Г.Занданшатартай богино хугацаанд үр дүнтэй уулзалт хийсэн тухай сонссоноо дуулгалаа. “Хоёр улсын харилцаа эрчимжиж байгаа энэ үед сайд та манай улсад ирсэнд тааламжтай байна. 2009 онд Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн  үеэр миний бие Гадаад харилцааны сайд байхдаа БНХАУ-д айлчилж байсан. Өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын төрийн зөвлөлийн  Ерөнхий сайд Вэнь Зябао манай улсад айлчилж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрчимжүүлэх суурь үндсийг тавьсан сайхан айлчлал болсон гэж үздэг. Улс төрийн итгэлцлийг бататгах,  худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын түвшинд гаргах, хүмүүнлэгийн солилцоог хөгжүүлэх замаар харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэн олон талт харилцааг  хөгжүүлэх нь Монгол Хятадын стратегийн түншлэлийн харилцааны гол агуулга юм.

    Монгол улс хоёр том хөрштэйгөө харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг. Үүний нэг адил бусад оронтойгоо ч  харилцан хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэх гуравдах хөршийн бодлого барьж байна. Энэ нь БНХАУ-тай хийж буй худалдаа эдийн засгийн харилцааны хүрээг  бууруулна гэсэн үг биш,харин ч улам баяжуулан өргөжүүлэхэд түлхэц болох учиртай юм. Хоёр улсын хооронд нийгэм, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт харилцаагаа улам хөгжүүлэх шаардлага бий. Зарим үед, тухайлбал дээд түвшинд яригдсан зарим асуудлууд удааширалтай байгаа. Монгол улсын Засгийн газрын хувьд  дээр  эдгээр харилцааг хөгжүүлэхийн тулд урагшаа харж байна. 

    БНХАУ-ыг том зах зээл,  гол түнш орон гэж үздэг.  Энэ агуулгаар хоёр улсын хооронд эдийн засаг, худалдаа гээд бүх салбар   яамдын хэмжээнд ч хамтын ажиллагаа эрчимтэй явагдах ёстой.  Хүмүүнлэгийн  солилцоо, тухайлбал хоёр улсын залуучуудын байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаа ч ирээдүйн төлөө, маргаашийн төлөө байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Эдгээр асуудлуудыг эргэн үзэж, эрчимжүүлэхэд   хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын  уулзалтууд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.

    Монгол улсын ерөнхий сайдын  хувьд энэ онд БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байгаа. Энэхүү айлчлал нь эдийн засаг хамтын ажиллагааны тодорхой бодлогын асуудлаар ахиц гарсан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна. Айлчлалын өмнө холбогдох яамд болон Засгийн газар хоорондын  комиссын  хурал, Засгийн газрын байгууллагуудын  түвшинд айлчлал болно гэж бодож байна. Айлчлалын бэлтгэлийг хангах  ажлын хэсэг  ажиллуулах  саналтай байна” хэмээн ярилаа.  Манай улсад ажлын айлчлал хийж байгаа  эрхэм сайд, ноён Ян Жечи  цаг зав гарган уулзсанд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцааг  хэрхэн идэвхтэй  хөгжүүлэх, дээд хэмжээний уулзалтуудаар тохирсон хэлэлцээрийг үр дүнтэй болгоход Засгийн газрын түвшинд анхаарах болно гээд, хоёр улсын хамтын ажиллагааны түншлэлийн зэргийг ахиулах  зорилтыг дэмжиж буйгаа илэрхийллээ.  

    БНХАУ нь Монгол улсын хамгийн том хөрөнгө оруулагч, түнш гэдгийг  эрхэм зочин дурьдлаа. Түүнчлэн  ирэх 10 жилд Монгол, БНХАУ-ын худалдаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд нөлөө болохуйц хоёр томоохон төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа энэ үеэр ноён элчин сайд Ян Жеки илэрхийллээ. Мөн Ерөнхий сайдын дурьдсанчлан хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх саналыг ч дэмжиж буйгаа хэллээ.  Мөн  БНХАУ-д айлчлахаар төлөвлөж буй  Монгол улсын Ерөнхий сайдын айлчлал  хоёр улсын хооронд улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны салбарт ахиц гарсан, шинэ амжилт авчирсан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна гээд, хоёр талын дээд хэмжээний айлчлалын давтамж ч хадгалагдах ёстойг ч  БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ян Жэчи  дурьдлаа

  • Монгол хэлийг сонирхон суралцагчдын тоо эрс нэмэгджээ

    Монгол хэлийг сонирхон суралцагчдын тоо эрс нэмэгджээ Австралийн Үндэсний их сургуульд сурч байгаа гадаадын оюутнууд монгол хэл судлалыг ихээхэн сонирхон суралцах болсныг тус сургуулийн удирдлага Монгол Улсын Ерөнхий сайдад дуулгалаа. Австрали улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Үндэсний их сургуульд зочилж, тэндхийн багш оюутнууд, эрдэмтэн судлаачидтай уулзаж эх орноо сурталчиллаа. Тус сургуульд сурч байгаа гадаад оюутнууд монгол хэл хэрхэн сурч байгаагаа Монголын төлөөлөгчдөд “шалгуулан”, багагүй авьяас шаардах “Багын зан” дуу дуулж сонирхуулсан нь Засгийн газрын тэргүүний хувьд гэнэтийн бэлэг болов.

    Ногоон тивийн цэнхэр нүдтэй залуус монгол хэлээр ярьж, дуу аялах нь үнэхээр содон харагдаж байлаа. Энд Австралийн 15 оюутан монгол хэл сурч байгаа юм байна. Тэд АНУ-ын Индианагийн их сургуулийн монгол судлалын танхимтай хамтран ажилладаг юм байна. Ерөнхий сайдыг зочлох энэ үеэр хоёр сургуулийн монгол хэлний танхимынхан зайны сургалтаар шууд холбогдож, монгол хэл хэрхэн сурч байгаагаа оюутнууд сонирхууллаа. Монгол хэлийг чамгүй сайн эзэмшиж буй тэдэнд Монгол Улсын Ерөнхий сайд талархал илэрхийлээд, улам сайн сурахыг ерөөв.

    Энэ сургуульд монгол хэл сурах оюутны тоо нэмэгдэж байгаа ажээ. Мөн монгол судлалаар докторын зэрэг хамгаалахаар ажиллаж байгаа хэсэг эрдэмтэд ч Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж, санал бодлоо хуваалцлаа. Дэлхийн улс орнууд бие биенээсээ улам хамааралтай болж даяарчлагдаж байгаа энэ үед гадаадын оюутнууд, тэр дундаа Австралийн иргэд монгол хэлийг сонирхон сурч байгаа нь манай улсын хувьд томоохон сурталчилгаа төдийгүй хоёр улсын харилцаанд эерэг уур амьсгалыг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд Австралийн үндэсний телевизийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Авсрали улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол улсын Ерөнхий сайдыг албан ёсоор угтах ёслол өнөөдөр болно.

  • Дурсгалын мод суулгалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Канберра хотын цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын мод суулгалаа. 250 гектор талбай бүхий энэ талбайд ойн түймэр гарснаас нүцгэн болжээ. Уг талбайг цэцэрлэгт хүрээлэн болгохоор Австралийн Засгийн газраас санаачлан орон болгоны Ерөнхий сайдаар өөрсдийнх нь улсын мод суулгуулдаг уламжлалтай болсон байна. 2009 онд Шинэ Зеландын Ерөнхий сайд мод суулгасан бол, энэ удаа тус улсад анхны айлчлал хийж байгаа Монгол улсын Ерөнхий сайд ийнхүү Монголын гэсэн тодотголтой Сибирийн хайлаас гэх нэртэй модыг Канберра хотод суулгалаа.

  • Австралийн Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

    Австралийн Гадаад хэргийн сайд Монголд айлчилна Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Австралийн Гадаад хэргийн сайд К.Радд бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд халуун дотноор хүлээн авч айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаа Австралийн ард түмэнд талархал илэрхийлээд тус улсын спикертэй уулзах үеэрээ хөндөж байсан хамтын ажиллагааны чухал асуудлуудад тухайлбал, виз олгох журам нөхцөлийг хөнгөвчлөх, Австралийн ЭСЯ-г Улаанбаатарт нээх, харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжих, Австралид суралцагчдын тоог нэмэгдүүлэх, түүний дотор инженер технологийн нарийн мэргэжлээр иргэдээ сургах зэрэг асуудалд Гадаад хэргийн сайдын анхаарлыг хандууллаа.

    Мөн түүнчлэн Монгол Улс нь Ардчиллыг сонгож авсан орон, хөрш зэргэлдээх Киргиз, Казахстан улсад ардчиллыг амжилттай хөгжүүлсэн загвар улс болдог хэмээн Ерөнхий сайд С.Батболд онцлоод, энэ жил манай улс олон улсын тавцанд ардчиллын онолын нийгэмлэгийн салбар хуралдааныг даргалах болсноо ч дуулгасан юм. Ноён сайд К.Радд Монгол Улсын Ерөнхий сайдыг анх удаа тус улсад айлчлан ирсэнд баяр хүргээд, энэ айлчлалын үеэр Австраличууд Монголын тухай мэдлэгээ нэмснийг сонирхуулав.

    Ардчиллыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан төдийгүй баялаг түүхтэй орон бол Монгол юм, бас хоёр орны хооронд төстэй зүйл их байгаа гэдгийг дурдаад, хоёр орны хооронд худалдаа бизнесийн орчинг улам хөгжүүлэхийн ач холбогдлыг дүгнэлээ. Мөн Улаанбаатарт энэ ондоо багтаагаад Австралийн ЭСЯ-г нээх, худалдааны төлөөлөгчийн газар ажлуулах асуудлыг шийдэх болно гэдгээ хэллээ. Мөн түүнчлэн Австралид сургууль төгссөн монгол оюутнууд эх орныхоо хөгжилд их хувь нэмэр оруулж байгаа гэж сонсоод их таатай байна гэдгийг онцлоод, боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх Монголоос суралцагчдын тоог нэмэх тал дээр дэмжинэ гэдгээ амаллаа.


    Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу виз хөнгөвчлөх асуудлыг ч мөн судалж үзэхээ илэрхийлэв. Хоёр талын төдийгүй, олон талт хамтын ажиллагааны түвшинд Монгол Улсыг дэмжих бололцоотойг ч ноён Радд дурдлаа. Тэрээр энэ ондоо багтаад, ирэх есдүгээр сарын үед Монгол Улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөж байгаагаа мөн дуулгав.

  • Визний асуудлыг судалж үзэхээ амлалаа

    Визний асуудлыг судалж үзэхээ амлалаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Австрали улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын эхний өдрөөс олон салбарыг хамарсан хамтын ажиллагааны гүнзгий агуулгатай яриа хэлэлцээрүүд явагдаж байна. Өнөөдөр Ерөнхий сайд С.Батболд Австралийн Төлөөлөгчдийн танхимын дарга Харри Женкинстэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх чиглэлээр хэд хэдэн чухал асуудал яригдсаны доторвизийг хөнгөвчлөх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хөндлөө.

    Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд тус улсад хийж байгаа айлчлал амжилттай болж байгааг тэмдэглээд, Сиднейд болсон Монгол Австралийн бизнес форум ажил хэрэгч уур амьсгалд болсныг, Австралийн хөрөнгө оруулагчид уулзалтад өргөнөөр оролцож, Монгол Улсыг ихээхэн сонирхож байгаа нь харагдлаа гэдгийг дурдаад, энэ нь харилцан сонирхол өндөр байгааг илтгэж буй хэрэг юм гэлээ. Түүнчлэн хоёр орны хоорондох боловсролын салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэлээ.

    Ерөнхий сайд Австралийн үндэсний их сургуулиар зочилж, тэнд монгол хэл сурч байгаа Австрали оюутнуудыг хараад сайхан сэтгэгдэл төрснөө эрхэм спикерт сонирхуулав. Хоёр улсын харилцааг улам идэвхжүүлэхэд бизнесийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй, тиймээс Австралийн томоохон хөрөнгө оруулагчдыг хуулийн хүрээнд дэмжинэ гэдгээ Монгол Улсын Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ. Уулзалтын үер Ерөнхий сайд С.Батболд тус улсад сурч байгаа оюутнуудын тоог нэмэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан зорчих болон бизнес, хөрөнгө оруулалт өргөжиж буй энэ үед виз олгох журмаа хөнгөвчлөхийг санал болгосон юм.

    Өнөөдөр Австрали улсаас монголчуудад олгож байгаа виз нь хүнд нөхцөлийн ангилалд ордог ажээ. Тиймээс визийн энэ ангиллыг өөрчлөх нь Монгол иргэдийн хувьд нэн чухал асуудал гэж Ерөнхий сайд ноён спикерт хандан онцлон хэлж байлаа. Мөн Австрали улсад Монгол Улсын ЭСЯ-ыг нээхийн чухлыг ч тэрбээр мөн онцлоод, тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. Кьюстэн, Виктория мужид байгалийн гамшиг буюу үерээс болж олон хүний амь нас эрсдсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс харамсал илэрхийллээ.

    Харин Австралийн эрхэм спикер Харри Женкинсийн хувьд Ази номхон далайн орнуудын их хурал Улаанбаатар хотноо зохиогдох үед өөрийн орны төлөөлөгчдөө ахалж явснаа сонирхуулаад, тус хурлыг маш сайн зохион байгуулсныг, бас Монголын талаар их сайхан сэтгэгдэл төрснөө тэмдэглэж байсан. Хэцүү цаг үед бие биенээ дэмжиж байгаа нь нийтлэг үнэт зүйлстэй байгааг харуулж байгаа хэрэг хэмээлээ. Монгол Улсаас ч бас суралцах зүйл их байна, тухайлбал улс орны чухал асуудлыг шийдэхэд нөлөөлөх Хамтарсан Засгийн газар байгуулсан туршлагыг бид ч бас судалж байгаа.

    Эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ үндэсний уламжлалт соёл, зан заншил, амьдралын хэв маягаа XXI зуунд ч хадгалж ирсэн нь Монголын ард түмний гайхамшиг хэмээн тодорхойллоо. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын хөндөж тавьсан визний асуудлыг шийдэх боломжтой, анхаарч ажиллах болно гэдгээ амаллаа. Тэрээр Монгол Улсын Засгийн газрын тэргүүний Австралид хийж буй анхны айлчлалд гүнзгий ач холбогдол өгч байгаагаа, энэхүү айлчлал хоёр улсын түншлэлийн харилцааг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    МОНГОЛ ТУУРГАТНЫ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН НААДАМ БОЛНО

    Монгол туургатны хүүхдийн урлагийн III наадмыг 2011 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов. Наадмыг Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар хүүхэд, өсвөр үеийнхэн санал гаргасан байна. Энэ удаагийн наадамд ОХУ-ын Буриад, Тува, Саха, Халимаг, БНХАУ-ын Өвөр Монголын болон Шинжан Уйгарын Өөртөө засах орон, Эрхүү муж, Агийн тойрог зэрэг газар амьдарч байгаа 10-18 насныхан оролцоно. Мөн манай улсын аймаг, нийслэлээс шалгарсан 200 хүүхэд оролцох төлөвтэй байна.

    Наадмын хөтөлбөрт хүүхдийн урлагийн нэгдсэн тоглолт, “Гайхам монгол урлаг”, “Ногоон дэлхийд амьдрах эрх” өдөрлөгүүд, “Монгол түмэн” тойрон бүжгийн баяр зэрэг арга хэмжээ тусгажээ. Монгол туургатны хүүхдийн урлагийн наадмыг 1994, 2006 онд манай улсын Засгийн газрын санаачилгаар зохион байгуулж байсан юм.

    АЙЛЧЛАЛЫН ДҮНГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД ОРУУЛНА

    Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Кувейт, Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн албан ёсны болон ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. Ерөнхий сайд 2011 оны 1 дүгээр сарын 4-6-нд Кувейт Улсад албан ёсны, 8-10-нд АНЭУ-д ажлын айлчлал хийсэн юм.

    Монгол Улсын Ерөнхий сайдын Булангийн орнуудад хийсэн айлчлал нь тус бүс нутгийн орнуудтай дээд, өндөр хэмжээний айлчлалуудын давтамжийг хадгалах, улс төрийн найрсаг харилцааг бататгах, санхүүгийн их чадавхитай Кувейт болон АНЭУ-аас манай улсад олгож байгаа зээл, тусламжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах яриа хэлэлцээг урагшлуулах, тус бүс нутагт улс орноо таниулах, бүс нутгийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж манай тал үзэж байна. 

    Кувейтэд хийсэн айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд тус улсын Эмир, Үе залгамжлах хунтайж нарт бараалхаж, Үндэсний ассамблейн даргатай уулзан Ерөнхий сайдтай нь албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан, Хөрөнгө оруулалтын агентлаг, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн удирдлагуудтай уулзжээ. Айлчлалын үеэр Кувейттэй соёл, , боловсрол, шинжлэх ухаан,мэдээллийн   салбарт 2011-2013 онд хамтран ажиллах хөтөлбөр, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан байна.

    Ерөнхий сайд Монгол-Кувейтийн бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцон үг хэлэн айлчлалын дүнгийн талаар талууд хэвлэлийн хамтарсан мэдэгдэл гаргажээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНЭУ-д айлчлах үеэр тус улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, Дубайн захирагч, Ерөнхий сайдын орлогч бөгөөд Дотоод хэргийн сайд, Абу Дабигийн Хөрөнгө  оруулалтын газрын Удирдах захирал, Эмиратын Цөмийн эрчим хүчний корпорацийн гүйцэтгэх захирал нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, яриа хэлэлцээ хийв.

    Эдгээр айлчлалын үеэр манай улсад хэрэгжүүлэх томоохон төслүүдэд дээрх орнуудаас зээл, тусламж авах, хөрөнгө оруулалт татах талаар тодорхой санал тавьсан байна. Мөн дээд, өндөр хэмжээний уулзалтуудын үеэр бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа танилцуулжээ.

    ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ  ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

    “Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” болон “Эрдэс баялгийн салбарыг 2012 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтцыг үе шаттайгаар судлан, эрдэс баялгийн сан хөмрөгийг баяжуулснаар, хариуцлагатай ил тод уурхайг хөгжүүлж, улмаар нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолборыг үе шаттайгаар байгуулах замаар Монгол Улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, үндэсний язгуур эрх ашгийг хангаж, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын зорилго чиглэж байгаа юм.

    Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч салбар бөгөөд эрхэм зорилтын хүрээнд тус салбарыг бүс нутгийн болон олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай байлгах, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ялангуяа зэс, цайр, хөнгөн цагааны баяжмалыг боловсруулж, цэвэр металл үйлдвэрлэх, алт цэвэршүүлэх, нүүрс, жонш боловсруулах, хар болон өнгөт төмөрлөгийн цогцолборыг үе шаттай хөгжүүлэх татвар, санхүү болон хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх юм.

    ОРОН СУУЦЖУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 343 дугаар тогтоолоор энэхүү зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг дэмжин зохион байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Гэвч “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын харилцаа, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага хоорондын уялдааг шуурхай зохицуулах, зохих хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх шаардлагатай байгаа нь ажлын явцаас ажиглагдаж байна.

    Иймд Ерөнхий сайдаас чиглэл өгсний дагуу улсын хэмжээнд орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын харилцаа, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага хоорондын уялдааг шуурхай зохицуулах, явцыг тухай бүр Засгийн газарт танилцуулж байх үүрэг бүхий Үндэсний хороог Шадар сайдаар ахлуулан байгуулахаар тогтов.         

    ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЖУРМЫГ  БАТЛАНА

    “Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, нөхөн бүрдүүлэлт, хяналтыг зохион байгуулах журам”-ын танилцуулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд хийлээ. Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн асуудлыг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”, Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”, аймаг нийслэлийн хөгжлийн хөтөлбөр, сумдын  хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг бодлогын хэрэгжилтэд чиглүүлэн, 2009-2010 онд ЖДҮ-ийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох явцад бий болсон туршлагад тулгуурлан, зохион байгуулах журмыг Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар батлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

    Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад “Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан” байгуулах, орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр батлагдсан. Иймд “Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан” бий болгож сум, дүүрэгт үйлдвэрлэл хөгжүүлэх төсөл арга хэмжээг сонгон шалгаруулж зээл олгох, сангийн хөрөнгийн зарцуулалт, нөхөн бүрдүүлэлт, хяналтыг зохион байгуулах журмын төслийг боловсруулжээ.

    Сумдын болон сум хоорондын хэрэглэгчийн хэрэгцээ, үйлдвэрлэл явуулах боломж, нөөцийн судалгааг үндэслэн хүн амын тооноос хамааруулан 3000 хүртэл хүн амтай сумдад 50 сая төгрөг хүртэл, 3001-5000-хүн амтай сумдад 60 сая төгрөг хүртэл, 5001-10000 хүн амтай сумдад 75 сая төгрөг хүртэл, 10000 дээш хүн амтай сумдад 200 сая төгрөг хүртэл, нийслэлийн дүүрэг бүрт 200 сая төгрөгийн эх үүсвэрийг тус тус хуваарилаад байна.

    ИРГЭД 17 МЯНГА ГАРУЙ ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ИРҮҮЛЖЭЭ

    2010 онд төрийн захиргааны төв байгууллагуудад иргэдээс 17 814 өргөдөл, гомдол ирүүлсний 97.3 хувийг нь шийдвэрлэсэн байна. Иргэд гэр, орон сууцаар хангах, ажлын байртай болох, газар эзэмших, хөдөлмөр эрхлэх, зээл, мөнгөн тусламж, эмчилгээний зардал хүсч төрийн захиргааны төв байгууллагуудад ханджээ. Тэгвэл нутгийн захиргааны байгууллагууд иргэдээс 765840 өргөдөл, гомдол хүлээж авсан бөгөөд шийдвэрлэлт 98.3 хувьтай байна.

    ТОВЧХОН

    ·   Газрын тосны салбарын үйл ажиллагааны талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан “Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийн баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулж, 1 дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд Д.Зоригтод даалгалаа. 

    ·   “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслүүдийг дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Улс хоорондын шуудангийн илгээмжээр хувь хүний нэр дээр ирсэн, арилжааны шинж чанаргүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй барааг олон улсын нийтлэг жишгийн дагуу гаалийн татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгасан байна.

    ·   Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа

  • Ёслолын буудлагатайгаар хүндэтгэл үзүүллээ

    Ёслолын буудлагатайгаар хүндэтгэл үзүүллээАвстрали улсад айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа өнөөдөр өглөө боллоо. Засгийн газрын  ордны өмнө  усан зам, агаар, хуурай замын төлөөллийн цэргүүд эгнэн жагссан байв. Тэд өндөр намаараа холилдон жагссан нь далайн давалгаан бэлэгдлийг илэрхийлж байгаа хэрэг юм байна. Харин нөгөө талд нь их бууны ангийн тусгай цэргүүд техник хэрэгслийнхээ хамт жагсчээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг талбайд орж ирэхэд  тус улсын Ерөнхий сайд Жулиа Гиллард угтан авч, мэндчиллээ. Үүний дараа их буугаар есөн удаа буудаж, хүндэтгэл үзүүлэв. Манай улс Австрали улстай дипломат харилцаа тогтоосноос хойших 39 жилийн дараа Ерөнхий сайдын айлчлал анх удаа болж байгаа бөгөөд энэ ч утгаараа Монгол Улсын Засгийн газрын тэргүүний айлчлалд тус улс өндөр ач холбогдол өгч байгаа нь алхам бүрт анзаарагдаж байлаа.