Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Австралийн ерөнхий сайд хатагтай Жулиа Гиллардтай ганцаарчилсан уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд халуун дотноор хүлээн авч байгаад Засгийн газрын тэргүүн С.Батболд талархал илэрхийлээд, энэ айлчлал Монгол Улсын Ерөнхий сайдын Австралийн холбооны улсад хийж байгаа анхны айлчлал болж байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн Ерөнхий сайд С.Батболд “ Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг “ өргөтгөсөн түншлэл”-ийн түвшинд хүргэх хүсэл эрмэлзэлтэй байна “ хэмээн илэрхийлээд, улс төрийн сайн харилцааны хөрс суурин дээр хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал уул уурхай, эрдэс баялаг боловсрол, хөдөө аж ахуй байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт ийм боломж их байгааг онцолсон юм.
“Монгол Улсын Засгийн газар улс орныхоо эрдсийн нөөц баялаг дээр тулгуурлан үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын далайцыг нэмэгдүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг илүүтэй хөгжүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд улмаар бүс нутгийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, харилцан хамааралд идэвхтэй, үр ашигтай оролцогч байх сонирхолтой байна” хэмээгээд, дээрх зорилтыг хэрэгжүүлэхдээ Австрали зэрэг бүс нутгийн голлох улс орнуудтай илүү ойр дотно, үр бүтээлтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэллээ. Мөн Ерөнхий сайд энд хэлсэн үгэндээ Австралийн хөгжлийн замналыг жишиг болгож хардаг болохыг онцлоод, энэ агуулгаар Австралид монгол залуучуудыг олноор сургах, Австралийн хөрөнгө оруулалтыг урамшуулах бодлого баримталж буйгаа тэмдэглэв.
“ Монгол Улс Зүүн хойд Ази, Зүүн азийн чиглэлд идэвхтэй гадаад бодлого явуулж байгаа. АПЕК, Зүүн азийн дээд хэмжээний уулзалт зэрэг бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны үйл явцад нэгдэх эрмэлзэлтэй байна. Австралийн тал бидний эрмэлзлийг дэмжинэ гэдэгт итгэж байна” гэж эцэст нь тэмдэглэн хэлээд, Ерөнхий сайд Жулиа Гиллардыг тааламжтай цагтаа Монгол улсад айлчлахыг урилаа. Харин хатагтай Жулиа Гиллардын хувьд ногоон тивийн анхны эмэгтэй Ерөнхий сайд гэдгээрээ түүхэнд бичигддэг аж.
Тэрбээр Монгол улсын ерөнхий сайдыг тус улсад анх удаа айлчлан ирж байгаад баяр хүргээд, ярилцах олон асуудал байгааг тэмдэглэн хэлэв. Ардчилал чөлөөт зах зээл гэх нийтлэг зүйлсийг эрхэмлэдэг, эдийн засгийн хувьд хоёр орон байгалийн баялагтай. Энэ баялаг дээрээ тулгуурлаад аль аль нь эрчимтэй хөгжих хандлагтай байна, бас хоёулаа хөдөө аж ахуйн орон юм. Энэ тал дээр санамж бичиг байгуулах гэж байгаа нь чухал гээд, боловсролын салбар нь харилцааны чухал салбар болон өргөжиж байгааг тэмдэглэлээ.
Австрали улс өөрийн худалдааны байнгын төлөөлөгчийн газрыг монгол улсад нээхээр болсныг энэ үеэр мэдэгдлээ. Түүнчлэн энхийг сахиулах хүчинд хоёр улс хамтран оролцож, үйл ажиллагаа явуулах нь чухал юм. Ер нь хоёр улсын хооронд найрамдалт харилцаа дээр үеэс байж ирсэн, харин одоо эдийн засгийн харилцаагаа улам хөгжүүлэх нь чухал гэдгийг Австралийн ерөнхий сайд Жулиа Гиллард онцоллоо. Мөн Монгол улсын ерөнхий сайдын хүсэлт болгон тавьсан виз олгох нөхцлийг эргэн харж судлахаа амаллаа.
Австрали улс Монгол улсыг ардчилал зах зээлийн замаар явахад анхнаасаа дэмжиж ирсэнд , бас энэ хугацаанд санхүүгийн болон хөгжлийн тусламж үзүүлж ирсэнд Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийллээ. Ялангуяа Монгол оронд болсон зудын хүнд үед тусламжийн гараа сунгасныг найз нөхдийн тусламж гэж үздэгээ илэрхийлж, Саяхан Австралийн Куинсланд, Виктори зэрэг мужуудад байгалийн гамшиг болж олон хүний амь эрсдсэнд хохирол учирсанд эмгэнэл илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Австрали улсын Ерөнхий сайд Жулиа Гиллард нарын ганцаарчилсан уулзалтын дараа өргөтгөсөн хэлэлцээ хийлээ. Энэхүү уулзалтад Австралийн Гадаад хэргийн сайд , хөдөө аж ахуй газар тариалангийн сайд, боловсрол нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, хууль зүй дотоод яамны сайд , зам тээвэр худалдааны сайд болон тус улсын сөрөг хүчний лидер зэрэг бүх л голлох салбарын сайдууд нь оролцож, салбар салбарынхаа хүрээнд хоёр улсын харилцааг хэрхэн хөгжүүлэх боломжийн талаар санал бодлоо илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын Австрали улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Боловсрол, хөдөө аж ахуй , шинжлэх ухааны салбар болон харилцан хамтын ажиллагааны баримт бичгүүдийг холбогдох яамдын сайд нар баталгаажууллаа. Барим бичигт гарын үсэг зурсны дараа хоёр улсын Ерөнхий сайд нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлэх, ялангуяа мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд Австралийн Засгийн газрын дэмжлэг туслалцаа чухал үүрэг гүйцэтгэснийг Монголын Засгийн газар өндөр үнэлж, талархаж явдгаа илэрхийллээ.
Австралийн бизнес, санхүүгийн төв Сидней хотоос айлчлалаа эхэлсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр тус улсын нийслэл Канберрад хүрэлцэн ирлээ. Тус хотод Австрали улсын парламент, Засгийн газар, яамд, төр захиргааны байгууллагууд болон гадаадын ЭСЯ-д байрладаг улс төрийн төв нь юм. Монгол Улсын Ерөнхий сайдыг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа, Ерөнхий сайдуудын уулзалт хэлэлцээ, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг үзэглэх ёслол маргааш болно. Энэ өдөр Ерөнхий сайд Австрали Улсад айлчилж буй гадаадын төр засгийн тэргүүнүүдийн тогтсон заншлын дагуу тус улсын нэр нь үл мэдэгдэх дайчдын бунханд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв
Өргөн уудам газар нутагтай, хөрсөн дороо эрднэсээр дүүрэн,уул уурхай,эрчимжсэн мал аж ахуй,газар тариалан өндөр хөгжсөн Австрали Улс Монгол орныг “байгалийн түншээ” хэмээн сонирхож байна. Өөрөөр хэлбэл, бурхнаас заяасан баялгаа зөв зохистой ашиглах, хүнээ чадавхтай, улсаа хөгжилтэй болгох Монгол УлсынЗасгийн газрын бодлогыг дэмжсэн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна гэдгээ Австралийн тал бүхий л түвшиндээ илэрхийлж байна. Энэ ч утгаараа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 39 жилийн түүхэнд анх удаагийнх болж байгаа Монгол Улсын Засгийн газрын тэргүүний албан ёсны айлчлалдтэд ихээхэн бэлтгэсэн, өндөр ач холбогдол өгч байгаа нь үйл явдлын өрнөлөөс илт харагдаж байна.
Монголын Засгийн газар хариуцлагатай уул уурхай, түүний дотор ногоон уурхайг хөгжүүлэх зорилт тавьж байна. Эдийн засгийн үр ашгийг монгол хүндээ хүртээх, түүнчлэн улсынхаа эрх ашгийг хамгаалах нь тэргүүн зэргийн зорилт болж байна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр болсон Монгол-Австралийн бизнес форумын нээлтэд оролцохдоо тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дараа нь Сингапурын нийтийн орон сууцны үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Сингапурын “Орон сууц ба хөгжлийн зөвлөл” нь хүн амд зориулан орон гэр барих асуудлыг хариуцдаг юм байна. Байгуулагдсанаас хойшхи 50 жилийн хугацаанд хүн амын 80 гаруй хувь нь амьдарч буй 990 мянган орон сууцыг барьж чаджээ. Оршин суугчдын 95 гаруй хувь нь орон сууцаа өөрийн болгосон байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Австрали улсад анх удаа албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь хоёр улсын харилцааны түүхэн дэх анхны айлчлал юм.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сингапур улсад айлчилж байх үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.