Ангилал: мэдээ-мэдээлэл

  • С.Батболд: Иргэний нийгмийг бэхжүүлэхэд Засгийн газар илүү санаачилгатай ажиллана

    С.Батболд: Иргэний нийгмийг бэхжүүлэхэд Засгийн газар илүү санаачилгатай ажилланаӨнөөдөр Иргэний нийгмийн өдөр. Энэ өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мэндчилгээ дэвшүүллээ

    Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг манай улс Үндсэн хуулиндаа тунхагласан. Энэхүү тунхаглалыг хэрэгжүүлэх зорилгоор 1997 онд “Төрийн бус байгууллагын тухай” хуулийг батлан хэрэгжүүлж ирлээ. Уг хуулийг баталсан 1 дүгээр сарын 31-ний өдрийг “Иргэний нийгмийн өдөр” болгон зарласан. Энэхүү түүхт өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан эх орондоо иргэний нийгмийг бэхжүүлэх их үйл хэрэгт сэтгэл зүтгэл гаргаж ирсэн иргэний нийгмийн төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагыг санаачлагчид, түүнд ажиллаж ирсэн бүх хүмүүст баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

    Иргэний нийгмийн өдөр бол иргэдийн эрх ашиг, нийгмийн сайн сайхан, сайн засаглалын төлөө ажилладаг иргэний нийгмийнхний төдийгүй иргэн бүрийн баярын өдөр билээ. Иргэний нийгмийн байгууллагууд иргэд төр засгийг хооронд нь холбож өгөхөөс гадна төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, сайн засаглалыг бий болгоход гол үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын удирдлага, лидерүүд нь нийгэм олон нийтэд танигдаж улс орныхоо өмнө тулгамдаж буй асуудлуудыг харж, хөндөж, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь манай нийгмийн том үнэт зүйлс юм. Энэ утгаараа иргэний нийгмийг бэхжүүлэх, баталгаажуулах нь бидний бодлого, зорилт байх учиртай.

    Өнгөрсөн 20 жилд бид ардчилсан нийгмийг байгуулж чадлаа. Харин ирэх 20 жилд ардчиллын институцуудыг төлөвшүүлэх, түүний дотор иргэний нийгмийг бэхжүүлэхэд Засгийн газар илүү санаачилгатай ажиллана. Манай улсад энэ оны эхний байдлаар 12000 орчим төрийн бус байгууллагууд бүртгэгдэж олон салбарт үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Иргэний нийгмийн байгууллага сайн хөгжиж бэхэжсэн, иргэдийн оролцоог бүх салбарт бий болгосон улс орны бодлого зөв байдаг. Ийм орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар Иргэний нийгмийн зөвлөлтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж ирлээ. Засгийн газрын тэргүүний хувьд иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэх, үйл ажиллаагааг нь өргөжүүлэх талаар олон ажлыг хийж, хэрэгжүүлж ирлээ.

    Сайдууд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өөрсдийн хариуцдаг салбарын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, санхүүжилт өгөх талаар үүрэг даалгавар өгөн хэрэгжүүлж байна. Иргэний нийгмийн хяналтын тогтолцоог төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжид бий болгох санаачилгыг анх удаа гарган хэрэгжүүлж ирлээ. Мөн төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагуудаар гүйцэтгүүлэхээр иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын санал, санаачилгыг Засгийн газар судлан үзэж холбогдох шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлэхээр бэлтгэж зарим эхлэлүүдийг тавилаа. Засгийн газраас төрийн бус байгууллагыг бэхжүүлэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор “Төрийн бус байгууллагын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар олон удаа хэлэлцүүлэг өрнүүлж бүх талуудын санал санаачилгыг тусган хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

    Цаашид иргэний нийгмийн байгууллагын өмнө тулгамдаж буй санхүүжилт, татвар, хууль эрх зүйн ээлтэй орчин бүрдүүлэх, иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлогын үзэл баримтлалыг боловсруулах хамтын ажиллагаанд шинэчлэлийн бодлого явуулахад анхаарна. Баярын энэ өдөр иргэний нийгмийн асуудлаар Засгийн газартай хамтран ажиллаж ирсэн Иргэний нийгмийн зөвлөлд ч мөн талархаж байгаагаа илэрхийлье. Улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, сайн засаглалыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагаанд иргэний хяналтыг бий болгоход иргэний нийгмийнхний идэвх санаачилга, хичээл зүтгэл чухал үүрэгтэйг ухамсарлаж, ололт амжилтаа бататгаж ажиллахыг хүсье.                          

    Монгол Улсын Ерөнхий сайд                     С.Батболд

    2011 оны 1 дүгээр сар 31

  • Багш нарын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд анхаарахаа Ерөнхий сайд амлалаа

    Багш нарын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд анхаарахаа Ерөнхий сайд амлалаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын 40 гаруй мянган багш нарыг төлөөлж Спортын шинэ ордонд цугласан 5000 орчим багш нарт баярын мэнд хүргэж үг хэлэхдээ, боловсролын шинэчлэлийн гол хөдөлгөгч хүч нь багш нар. Та бүхэн үйл ажиллагаа, арга барилаа цаг үргэлж шинэчлэхгүй бол хэчнээн ярьсан ч шинэчлэл хийгдэхгүй.  Энэ шинэчлэлийг хийх багш нарынхаа асуудлыг бид нэн тэргүүнд шийдэх ёстой гэдгийг онцоллоо. Тиймээс ч тэдний хувьд эмзэг сэдэв болоод байгаа орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд дорвитой арга хэмжээ авна гэдгээ Ерөнхий сайд С.Батболд амлалаа.

    Багш нарыг орон сууцаар хангах чиглэлд тодорхой санал боловсруулж ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлэхийг Боловсрол соёл шинжлэх ухааны болон Сангийн сайдад үүрэг болгосон гэсэн Ерөнхий сайдын мэдээлэл  Монголын багш нарын баярын 45 дахь өдрийн хамгийн том бэлэг боллоо. Мөн тэрбээр багш мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, ажлын урамшууллыг сайжруулахад төр засгийн зүгээс тууштай анхаарах болно гэдгээ ч мөн илэрхийллээ.

    Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх, Кембрижийн сургалтын  стандартыг нэвтрүүлэх эхлэлийг тавьсан, их, дээд сургуулийн тоог цөөлсөн,  Оюутолгой төслийн хүрээнд хөрөнгө оруулалт хийгдэж томоохон бүтээн байгуулалтад оролцох 3300 залуусыг сургаж эхэлсэн зэрэг өнгөрсөн онд хийсэн ажлаа бахархан нэрлэж Монголын багш нар өнөөдөр Нисэхийн цагаан хаалганы ойролцоо сүндэрлэсэн спортын шинэ ордон хуран чууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр улсын тэргүүний сургууль, цэцэрлэгийн хамт олонд болон оны тэргүүний багш нарт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр нар баяр хүргэж, шагналыг нь гардууллаа

  • Монголын багш нарын баярын 45 дахь өдрийн нэгдсэн арга хэмжээнд хэлсэн үг

    багш, багш нарын баяр, баяр, нээлтЭрдэм номын түүчээ болсон Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

    Монгол улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч буй болсны 90 жилийн ойг тэмдэглэх энэ онд бас нэгэн баярт өдөр өнөөдөр тохиож байна. Энэ бол  Монголын багш нарын баярын 45 дахь жилийн ойн өдөр юм. Энэхүү 45 жилийн ойн баярын мэндийг эрдэмтэн багш, профессорууд, сурган хүмүүжүүлэгчид боловсролын салбарын бүхий л ажиллагсад Та бүхэндээ хүргэж, эрдмийн гэгээн мөртэй их хөдөлмөр тань амжилтбүтээлээр дүүрэнбайхыг ерөөж байна.

    Монгол улсын Ерөнхий сайд болоод хамгийн түрүүнд улс орны хөгжлийн түүчээ болсон боловсролын салбарын хамт олонг та бүхэнтэй уулзаж “Монгол орныг Монгол толгой л хөгжүүлнэ” гэж хэлснээ тодхон санаж байна. Энэ үйл явдлаас хойш улс оронд маань олон чухал өөрчлөлтүүд гарч, Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрөө баталж, томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулан, Монгол улсын эдийн засгийн байдал сайжирч, ард иргэддээ “Хүний хөгжил” сангаас хишиг, хувь хүртээж эхэллээ. “Атрын III аян”-ы үр дүнд улс орон маань үр тариа, зарим нэр төрлийн хүнсний ногоогоор өөрийн хэрэгцээгээ хангаж чадахаар боллоо.

    Өнгөрсөн нэг жилийн хугацаанд боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлж чадсан нь энэ Засгийн газрын чухал ажлын нэг боллоо гэж дүгнэж байна. Цэцэрлэг, сургуулийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг нэмэгдүүлж, бидний сэтгэлийг зовоож байсан цэцэрлэгийн хүүхэд, дотуур байрны сурагчийн хоолны зардлыг шийдэж чадлаа. 

    Ерөнхий боловсролын салбарын сургалтын чанарыг сайжруулахад анхаарч Кембрижийн сургуулийн стандартыг үндэсний боловсролын системд нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Ингэснээр гадаадынхан Монголын боловсролыг чамлах биш харин үнэлдэг болох эхлэл тавигдлаа. Мэргэжлийн боловсролын салбарт суралцагчдын хувьсах зардлыг өсгөн нэмэгдүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна Мянганы сорилтын сан болон Оюу толгой төслийн хүрээнд хөрөнгө оруулалт хийгдэж томоохон бүтээн байгуулалтад оролцох 3300 залуусыг сургаж эхэллээ.

    Дээд боловсролын шинэчлэлийн бодлого тодорхойлогдож, их сургуулийн хотхоны ажил гараагаа эхэлж нэгэн үе 186 хүрч байсан их дээд сургуулийн тоо 116 болж буурлаа. Өндөр хөгжилтэй орнуудад суралцагчдын тоог нэмэгдүүлэхийн төлөө Засгийн газар анхааран ажилласнаар гадаадын их дээд сургуульд сурч байгаа хүүхдийн тоо 3 дахин нэмэгдлээ. Улиран одсон 2010 онд боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, 22 цэцэрлэг, 18 сургууль, 11 дотуур байрыг шинээр ашиглалтад орууллаа.

    Үр дүнд нь цэцэрлэгийн орны тоог 1825, сургуулийн суудлын тоог 5900, дотуур байрны орны тоог 1089 аар нэмэгдүүллээ. Багш нарын цалин хөлс гучин хувиар нэмэгдэж, үр дүнгийн урамшууллыг үргэлжлүүлэн олгож байна. Энэ бүхэн мааньманай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй олон талт арга хэмжээний үр дүнтөдийгүй сурган хүмүүжүүлэгч Табүхний хийж гүйцэтгэсэн нөр их хөдөлмөрийн үр шимтэй шууд холбоотой билээ.

    Багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

    Бид багш нарынхаа баярыг ийм олон сайхан амжилтаар угтаж буй нь энэ салбарт ажиллаж буй бүх хүмүүст урам зориг хайрлах болно гэдэгт итгэл төгс байна. Засгийн газрын зүгээс цаашид ч боловсролын салбарт онцгой анхаарал хандуулж, шинэчлэлийг үргэлжүүлэн хийх болно. Боловсролын шинэчлэлийн гол хөдөлгөгч хүч нь багш нар билээ. Багш нар үйл ажиллагаа, арга барилаа цаг үргэлж шинэчлэхгүй бол хичнээн ярьсан ч шинэчлэл хийгдэхгүй. Боловсролыншинэчлэлийг хийх багш нарынхаа асуудлыг ч бид нэн тэргүүдн шийдэх ёстой.

    “Баатар сайтай цэрэг бардам, Багш сайтай шавь бардам” гэж Монголчууд бид цэцэлдэг. Тиймээс багш мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэх, ажлын урамшууллыг сайжруулахад төр засгийн зүгээс тууштай анхаарах болно гэдгийг баярын энэ өдөр  Та бүхэндээ мэдэгдье. Хэдхэн хоногийн өмнө Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, Нийслэлийн Засаг дарга хоёр багш нартай уулзахад орон сууцны асуудлыг онцгойлон хөндөж тавьсныг надад мэдээлсэн.

    Багш нарын өмнө тулгамдаж буй гол асуудал бол орон сууц гэдгийг би ойлгож байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газрын тэргүүний хувьд дорвитой арга хэмжээ авахаа та бүхний өмнө илэрхийлье. Багш нарыг орон сууцаар хангах чиглэлд тодорхой санал боловсруулж ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлэхийг Боловсрол соёл шинжлэх ухааны болон Сангийн сайдад үүрэг болгосон байгаа.

    Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

    Монгол хүн эрдэм боловсролоороо дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрэхийн төлөө, Монголын боловсролыг чамладаг биш, үнэлдэг болгохын төлөө, Монголын багш нар буман шавьдаа эрдэмээ хайрлан, хүндэтгэгдсэн бурхан заяатай байхын төлөө Та бид хамтран ажиллаж чадна. Эцэг эхийн халамжаас эрдэм номын өргөөг зорьсон хүүхэд багачуудыг мэдлэг, боловсролоор тэтгэх хүндэт үйлсдээ амжилт олохыг, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан байхыг Монголын бүх багш нартаа хүсье.

    Монголын багш нарын яруу алдар бадрах болтугай.

  • Бар жилийн есөн алдартныг Ерөнхий сайд С.Батболд илт давуугаар магнайллаа

    Бар жилийн есөн алдартныг Ерөнхий сайд С.Батболд илт давуугаар магнайллаа Монголын өдөр тутмын “Өнөөдөр” сонин жил бүрийн цагаан сарын босгон дээр улиран одож буй оны алдартнуудыг тодруулдаг уламжлалтай. XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилийн есөн алдартныг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд магнайлж, тус сонины хамт олноос цалин цагаан бадамлянхуа, ногоолин хаш чулуун суурьтай бар жилийн дүрсийг цул мөнгөөр урласан цом гардлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд есөн алдартныг илт давуугаар , тасархай манлайлсан гэдгийг шалгаруулалтыг зохион байгуулсан “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар хэлээд түүний санаачлан эхлүүлсэн Европ стандарт, Кембрижийн боловсролын тогтолцоо Монголын ирээдүйтэй гарцаагүй хамаатай гэлээ. Мөн МАН-ын шинэчлэлийг гардан зохион байгуулсан гэдгийг ч дурдаад урьд өмнө хэн ч зүрхлээгүй, хэзээ нэгэн цагт хийх л байсан ажлыг барьж авсан зоригийг нь олон нийт үнэлж түүнд саналаа өгсөн гэдгийг бар жилийн тэргүүн алдартанд цомыг нь гардуулахдаа тодотгож байлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүн алдартны хувьд оны алдартнуудаа төлөөлж хэлэхдээ, арван жил дараалан зохион байгуулсан энэхүү уламжлалт шалгаруулалтыг нийгмийн салбар бүрийг төлөөлөх төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийн саналаар нээлттэй, ил тод явуулдгийг нь онцлоод хоёр дахь удаагаа шалгарсандаа талархаж байгаагаа илэрхийллээ. 

    Мөн тэрбээр Засгийн газрын тэргүүний хувьд улиран одож буй төмөр бар жилийг улс орны ирээдүйн хөгжилд нөлөө үзүүлэх томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн үндсийг тавьсан, үйл явдлаар баялаг болсон гэж дүгнээд 2010 онд эх орныхоо хөрсөнд ургасан буудай, төмсөөр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангасан, “Хөгжлийн банк” байгуулж,  “Хүний хөгжил сан”-гаас ард иргэддээ байгалийн баялгаас анх удаа адил тэгш хэлбэрээр хишиг, хувь хүртээж эхэлсэн, Тавантолгойн орд газрыг ашиглах, бүтээн байгуулалт өрнүүлэх түүхэн чухал шийдвэрүүдийг гаргасан гэдгийг онцоллоо.     

    Өмнөх оны амжилтаа үргэлжлүүлж, 2011 оныг Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарласныг Ерөнхий сайд тэмдэглээд, иргэд маань ажлын байртай болж, ядуурлыг бодитой бууруулж, өнгөрсөн жил суурийг нь тавьсан ажлынхаа үр шимийг гаргах бүтээлч ажлын жил байх болно гэж төлөвлөж, ажиллаж байгаа гэж хэллээ.

    Ийнхүү бар жилийн алдартнуудыг Ерөнхий сайд С.Батболд магнайлж, гавьяат тамирчин С.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Монгол Улсын УИХ-ын дарга Д.Дэмбэрэл,  Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар алдартнаар тодорчээ

  • Төслийн менежментийн тогтолцоог бүх шатандаа нэвтрүүлэх хэрэгтэй

    Төслийн менежментийн тогтолцоог бүх шатандаа нэвтрүүлэх хэрэгтэй Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр “Бизнесийн байгууллагын менежментийн чадамж” үндэсний зөвлөгөөнд оролцлоо. Тус үндэсний мэргэжлийн зөвлөгөөн нь анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог ажээ. Уг арга хэмжээг нээж, Монгол улсын Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ“Бид ирэх 20 жилээ их бүтээн байгуулалтын үе гэж тодотгон томъёолсон. Мөн манай улсын эрчимтэй хөгжлийн гарааны жилүүд эхэлж байгааг олон улсын төдийгүй хувийн санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагын судлаачид ярьж тэмдэглэх болсон. Тиймээс бидний агуулга, мөн чанарын хувьд ч хүрээ далайцын талаасаа ч өмнөхөөсөө илүү нарийн төвөгтэй, оюун ухаан, эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвар шаардсан зорилго зорилтууд тосон хүлээж байгаа.

    Манай улс байгалийн баялагтаа тулгуурлан эдийн засгийн хурдацтай өсөлт, их бүтээн байгуулалтын, үйлдвэржүүлэлт хөгжлийн том гараанд ирснийг нийтээрээ ойлгон ухамсарлаж байна. Дэлхийн банкнаас саяхан боловсруулсан Монгол улсын эдийн засгийн төлөв байдлын тоймд манай улсын хөрөнгө оруулалтын төслийг удирдах чадвар, менежментийн чадавхи сул байгааг анхааруулсан байна. Дэлхий дээр баялагтай мөртлөө хөгждөггүй улс орнууд байна. Бас баялаггүй мөртлөө хөгжсөн улс орнууд байна. Үүний нэг том ялгаа бол засаглалын ялгаа юм. Тиймээс төр засгийн төдийгүй дотоодын компани, бизнес эрхлэгчид хөгжлийн шаардлагыг хангаж чадахуйц удирдлага, менежментийн тогтолцоог төлөвшүүлж, хөрөнгө санхүү, хүний нөөцийн хувьд баттай сууриа бүрдүүлж чадах ёстой” гэдгийг тэмдэглэж байсан юм.

    Түүнчлэн боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө Төслийн менежментийн тогтолцооны талаар суралцах, улмаарбүхий л шатандаа энэхүү менежментийг нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ. Мөн бизнес эрхлэгч  хувь хүн ч бай, аж ахуйн  нэгж байгууллага  ч бай юуны өмнө ашиг орлогоо нэмэгдүүлэх асуудлыг эн тэргүүнд тавьдаг хэдий ч тогтвортой амжилтын төлөө гол анхаарлаа хандуулах цаг болсныг хэлээд, хүний төлөөх үзэл баримтлал, үйл ажиллагааг салбар бүрт нэвтрүүлэх хэрэгтэй байгааг зөвлөсөн юм. Шилдэг менежер, манлайлагчдыг бэлтгэх талаар бүх шатны боловсролын байгууллагууд  онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг энд дурьдаад, орчин үеийн менежментийн ухаанд хөрөнгийн зах зээлийн асуудал томоор тавигдаж байгаа учир бизнес эрхлэгч бүр үүнд анхаарлаа хандуулахыг ч уриаллаа.

    Тус зөвлөгөөнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бизнесийн бүх салбарынхны төлөөлөл хүрэлцэн ирж, менежментийн чадамж, бизнесийн амжилтад хүрэх зам, аж ахуйн нэгж байгуулагуудын үйл ажиллагаан дах эрсдлийн менежмент  гэх мэт олон сэдвээр мэргэжлийнхнээс номын дуу сонслоо. Дашрамд дурьдахад Ерөнхий сайд С.Батболд Монголын менежментийн холбооны 2004 оны улс төр нийгмийн салбарын “Шилдэг менежер “-ийн шагналыг хүртэж байжээ. Бизнесийн салбарынхны зовлонг ойлгож, энэ тал дээр таатай бодлогоявуулж байгаад талархаж байгаагаа ММХ-ны тэргүүн, профессор Д.Цэрэндорж энэ үеэр илэрхийлж, холбооныхоо хүндэтгэлийн цомыг Засгийн газрын тэргүүнд гардууллаа

  • “Бизнесийн байгууллагын менежментийн чадамж” Үндэсний зөвлөгөөнийг нээж хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболдын “Бизнесийн байгууллагын менежментийн чадамж” Үндэсний зөвлөгөөнийг нээж хэлсэн үг Эрхэм хүндэт бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаачид аа,

    Та бүхний энэ өглөөний амгаланг айлтгая.  

    Монголын Менежментийн Холбооноос санаачлан сургалтсудалгаа, хэвлэл мэдээлэл, бизнесийн зарим байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Бизнесийн байгууллагын менежментийн чадамж”сэдэвт үндэсний мэргэжлийн зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Энэ бол ардчилсан нийгэмд мэргэжлийн эвсэл холбоод, төрийн бус байгууллагууд, өөрсдийн хүлээсэн үүрэг, зорилгын хүрээнд зөвхөн улс төрийн төдийгүй эдийн засаг, нийгмийн хөгжлийн тодорхой асуудалд  олон нийтийн анхаарлыг хандуулж, шийдвэрлэх арга замын талаар ажил хэрэгч яриа өрнүүлж, сайн туршлага, оновчтой санааг хэрэгжүүлэхэд тус дэм үзүүлж болохын нэг сайхан жишээ гэж бодож байна.

    Манай улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд ардчилал, зах зээлд шилжих сонголтоо баталгаажуулж, зорилт сорилт, амжилт ололт, алдаа онооны амаргүй замыг бид тууллаа. Харин ирэх 20 жилээ бид их бүтээн байгуулалтын үе гэж тодотгон томъёолсон. Мөн манай Улсын эрчимтэй хөгжлийн гарааны жилүүдэхэлж байгааг олон улсын төдийгүй хувийн санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагын судлаачид олонтаа ярьж тэмдэглэх болсон. Тиймээс биднийг агуулга,  мөн чанарын хувьд ч, хүрээ далайцын талаасаа ч өмнөхөөсөө илүү нарийн төвөгтэй, оюун ухаан, эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвар шаардсан зорилго зорилтууд тосон хүлээж байна.

    Ийм хариуцлагатай цаг үед биднийг дэлхийн улс орнуудын хаана нь явна вэ? гэдгийг олон улсын судалгааны байгууллагуудын гаргаж буй зарим тоон үзүүлэлт, индексүүдээсавч үзвэлөнгөрсөн 2010 оны байдлаар Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр 94-рбайрт, хүний хөгжлийн индексээр 100-р байрт, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 99-рбайрт, бизнес эрхлэлтийн орчны үзүүлэлтээр 73-рбайрт, төсвийнил тод байдлын үзүүлэлтээр 60-рбайрт, улсын хөрөнгө оруулалтын менежментийн чадавхийн үзүүлэлтээр 70 гаруй улсаас 34-рбайранд жагсаж байна. Дэлхийн 160-180 улсыг хамруулсан дээрх судалгаануудын дүнгээр манай улс гол төлөв 70-100 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа нь бидэнд олон зүйлийг ойлгуулан ухааруулахын зэрэгцээ үйл ажиллагаа, бодлого, зорилгодоо шинэчлэл хийхийг шаардаж байна гэсэн үг юм.

    ДАВОС-ын уулзалтаар хэлэлцэж буй сэдэв, урьдчилан боловсруулж гаргасан “Дэлхий нийтийн зорилт: Эрсдлээс үүдэн боломжийг олж авах” гэсэн илтгэлээс үзвэл дэлхий нийтийн эдийн засаг, засаглалын тогтолцоохямралын өмнөх жилүүдээс эрс өөрчлөгдөж, шинэ бодит байдал үүсэн бүрэлдэж буйг анхааруулжээ. Ийм өөрчлөгдөж байгаа шинэ цаг үед бид зөвхөн өөрсдийн ойлгонмэдэж буйхэмжээгээр, эсвэл хүсэл зоргоор бүх асуудлыг, бүх зорилтыгшийдвэрлэж болох мэтээртөсөөлөх, зорих боломжгүй болжээ.Жилээс жилд өөрчлөгдөж буй дэлхийн байгаль цаг уур, эдийн засаг, санхүүгийн шинэ орчин нөхцөлд бид дасан зохицож улс орны,  тодорхой салбарын болон бизнес, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг менежментийн бодлогоор амжилттай авч явж,тавьсан зорилтоо хэрэгжүүлэх ёстой.

    Бид урт, дунд, богино хугацааны зорилтуудыг хангалттай олон тоогоор боловсруулан гаргасан гэж зарим судлаачид үздэг. Харин макро болон микро түвшинд  тавьсанзорилтоо хэрэгжүүлэх зөв тогтолцоо, зөв аргазам, шалгарсан сайн менежментийн тогтолцоог улс орнынхоо хэмжээнд болон бизнесийн нийтлэг хүрээндээ бүрэн нэвтрүүлж, төлөвшүүлжхараахан чадаагүй байна. Өнөөдөр манай улсад олон урсгал, онолын менежментийн арга хэлбэрүүд нэгэн зэрэг мөрдөгдөж байна. Хөрөнгө оруулагчаасаа хамаарч Америкийн, Европын, Азийн, Японы, Солонгосын гэх мэт олон чиглэлийн менежментийн арга хэлбэрийг компаниуд мөрдөж байна.

    Манай томоохон компаниуд олон улсын түвшний шилдэг менежментийн арга зүйг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа шилдэг, сайн жишээ цөөнгүй бий. Харин жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд ямар нэгэн сонгодогбуюу олон улсын менежментийнарга хэлбэрийг судалж нэвтрүүлэхээс илүүтэйгээр “гэр бүлийн бүтэц, хэлбэртэй”менежментийн арга хэлбэрзонхилж байгаа гэсэн дүгнэлтийг зарим судлаачид гаргажээ. Тодорхой онол, олон улсын шилдэг арга тогтолцоонд суурилаагүй гэр бүлийн бүтцэд тулгуурласан менежмент нь бизнесийг амжилттай удирдан авч явах зөв зүйтэй, хамгийн сайн арга биш, үндсэндээ амиа аргацаах төдий сулхан хэлбэр гэж үздэг.

    Манай улс байгалийн баялагтаа тулгуурлан эдийн засгийн хурдацтай өсөлт, их бүтээн байгуулалтын, үйлдвэржүүлэлт хөгжлийн том гараанд ирснийг нийтээрээ ойлгон ухамсарлаж байна. Дэлхийн банкнаас саяхан боловсруулсан Монгол улсын эдийн засгийн төлөв байдлын тоймд манай улсын хөрөнгө оруулалтын төслийг удирдах чадвар, менежментийн чадавхи сул байгааг анхааруулсан байна. дэлхий дээр баялагтай мөртлөө хөгждэггүй улс орнууд байна. бас баялаггүй мөртлөө хөгжсөн улс орнууд байна. Үүний нэг том ялгаа бол засаглалын ялгаа юм.

    Тиймээс төр засгийн төдийгүй дотоодын компани, бизнес эрхлэгчид хөгжлийн шаардлагыг хангаж чадахуйц удирдлага, менежментийн тогтолцоог төлөвшүүлж, хөрөнгө санхүү, хүний нөөцийн хувьд  баттай сууриа бүрдүүлж чадах ёстой.Бид боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө Төслийн менежментийн тогтолцооны талаар суралцах, улмаарбүхий л шатандаа энэхүү менежментийг нэвтрүүлэх хэрэгтэй.  

    Компанийн менежмент, удирдлагын тогтолцооны тухай ярихдаа зөвхөн тухайнганц нэгхэн компанийн ололт амжилт олох эсэх тухай бус бүх нийтээрээ амжилтад хүрч чадах тийм менежментийн тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэх ёстой.  

    Манай зарим эрдэмтэн судлаачид аливаа тогтолцооны талаар ярихад “Монголын хөрс шороондсуурилсан байх”гэсэн шаардлагыг нэн тэргүүнд тавьдаг. Үүнийг ч би зөв гэж бодож байна. Гэхдээ өнөөдөр бидэнд байхгүй буюу хараахан бүрэн төлөвшиж хөгжөөгүй шинэ зүйлийг нэвтрүүлэхдээ цаг хугацаа алдалгүй, дэлхийн түвшний хамгийн шилдэг сайн тогтолцоог эхний удаадаа хуулбарлан хэрэгжүүлж сурах нь зүйтэй болов уу. Аажмаар дараагийн жилүүдэд тухайн шилдэг сайн тогтолцоог өөрийн орныхоо онцлог нөхцөлдилүү сайн нийцүүлэн “нутагшуулах” замаар үндэсний шилдэг тогтолцоог бүрдүүлэх ёстой. Ирэх жилүүдийн эрчимтэй хөгжил нь бидэнд аливаа шинэ зүйлийг маш хурдан тусгаж авах, нэвтрүүлэх, бүтээлчээр ашиглаж үр дүн гаргаж сурахыг шаардаж байна.  

    Энэ асуудлыг олон нийтийн болоод мэргэжлийн хүрээнд хариуцдаг Монголын менежментийн холбоо “Зөв бодлого, сайн менежмент” гэсэн уриатай болохыг ажиглаж харлаа. Энэ бол манай орны хөгжлийн хоёр гол даль жигүүр гэдэгтэй санал нийлж байна. Монголчууд бид “Нуур амар бол нугас амар” гэж ярьдаг. Улс орон хөгжье гэвэл, ард олон амар тайван байя гэвэл төр засгийн бодлого зөв оновчтой, хэрэгжүүлэх арга хэлбэр нь зохистой, ил тод нээлттэй байх шаардлага зүй ёсоор тавигдана. Бодлогын зөв бурууг шүүмжлэх, ярилцах, хэлэлцэх, зөвшилцөх нь ардчилсан нийгэмд байх ердийн үзэгдэл билээ.

    Энэ талаар бид үргэлж нээлттэй байж улс төрчид, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, ард түмний дуу хоолойг үргэлж сонсч байх учиртай. Ингэж байж төрийн бодлого зөв, үндэслэл сайтай гарч, хэрэгжих явц нь амар түргэн үр дүнтэй байх болно. Хүн бүр гэр бүл, албан байгууллага, аж ахуйн нэгжээ хэрхэн өөд татах вэ? Ажил амьдралаа яаж улам илүү өнгөтэй, жавхаатай болгох вэ? Юуг хийж бүтээх вэ? Яавал одоо хийж байгаа зүйлээ маргааш илүү сайн хийх вэ? гэсэн үүдэл санааг угтал болгон хөгжиж дэвжих арга замыг газар сайгүй эрэлхийлж ажиллах асуудал бол гарцаагүй зүйл юм.

    Тиймээс Ерөнхий сайдын хувьд та бүхэнд болон энэ зөвлөгөөнөөр дамжуулан манай орны нийт бизнес эрхлэгч, менежер, захирал, жирийн ажилтнуудад хандаж хэдэн зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна.

    1. Бизнес эрхлэгч хувь хүн ч бай, аж ахуйн нэгж байгууллага ч бай юуны өмнө мөнгө, санхүү, ашиг орлогоо нэмэгдүүлэх асуудлыг эн тэргүүнд тавьдаг хэдий ч үйлдвэрлэл үйлчилгээний чанар, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, тогтвортой амжилтын төлөө, гол анхаарлаа хандуулах цаг болжээ. Тиймээс дэлхий даяар дагаж мөрдөх нийтлэг хэмжүүр, хэрэглэгч болоод хүний төлөөх үзэл баримтлал, үйл ажиллагааг салбар бүрт нэвтрүүлэх хэрэгтэй байна.

    2. Чанар стандарт гэсэн хос хэмжүүр, ойлголт орчин үеийн менежментийн ухааны нэг тэргүүлэх чиглэл болоод удаж байна. Тиймээс миний бие Европын стандарт, Канадын технологийг нутагшуулах талаарх олон санал санаачилга гаргаж байна. Засгийн газрын энэхүү санаачилгыг дэмжиж та бүхэн өөрсдийн эрхлэх аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээндээ ч олон улсын стандартыг шуурхайлан нэвтрүүлэх хэрэгтэй.  Олон улсын нийтлэг стандарт нь үйлдвэрлэлийн техник технологид төдийгүй эрүүл ахуй, хууль зүй, байгаль орчин, бичиг баримтын гээд өргөн хүрээг хамрах боллоо.

    3. Хүний нөөцийн менежмент бол аж ахуйн үйл ажиллагааны төдийгүй бүх төрлийн байгууллагын амжилтын үндэс юм. Хүнээ хөгжүүлэх, хүний ажиллах, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх асуудалд анхаарлаа хандуулж бүх түвшинд зогсолтгүй суралцах, тасралтгүй сайжруулах стратегийг хэрэгжүүлж чадсан тийм газар л өнөө цагт ирээдүй рүүгээ итгэл төгс харж ажиллах боломжтой болж байна. Тиймээс би Монгол улсыг Монгол толгой хөгжүүлэх тухай ярьж сануулж байгаа билээ.

    4. Дэлхийн түвшинд сэтгэж, дэлхийн хэлээр ярьж, олон соёлын орчинд үйл ажиллагаагаа явуулж чаддаг менежерүүд, манлайлагчид бидэнд хэрэгтэй байна. Тиймээс шилдэг манлайлагчдыг бэлтгэх талаар манай их дээд сургуулиуд, бүх шатны боловсролын байгууллага онцгой анхаарах хэрэгтэй. Мөн менежментийн холбооныдэмжлэг, туслалцаа хэрэгтэй бизнес эрхлэгчдэд олон улсын менежментийн шилдэг сайн арга туршлагаас зааж сургах ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.

    5. Санхүү, тайлан балансаа нээлттэй болгож олон нийтийн итгэл хүндэтгэлийг хүлээн ажиллаж буй олон арван аж ахуйн нэгж, манайд байна. Мөн бизнесийн байгууллага бүр нийгмийн хариуцлагын өндөр ёс суртахуунтай байж, байгаль орчныг хамгаалах, нийгмийн эмзэг бүлэг, ядуу зүдүү хэсгийг өөд татах, тэдэнд туслах, шинжлэх ухаан боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийг дэмжих, арга хэлбэрээ зөв олж зохистой хэрэгжүүлдэг байснаар илүү үр дүнд хүрч чадна.

    6. Жижиг, дундаж ахуйн нэгжүүдэд менежментийн ямар арга хэлбэрийг нэвтрүүлж мөрдөх нь манай улсын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын ирээдүйд илүү зохистой, нааштай үр дүнд хүрэх боломжтой болохыг бидсудлантогтоож,нийт бизнес эрхлэгчдэдзөвлөмж болгожөргөнөөр сурталчлах нь зүйтэй.

    7. Орчин үеийн менемжентийн ухаанд хөрөнгийн зах зээлийн асуудал томоор тавигдаж байна. Тиймээс манай бизнес эрхлэгч бүр энэ асуудалд анхаарлаа хандуулж, дэлхий нийтийн чиг хандлагыг мэдэрч ажиллах ёстойг анхааруулан сануулъя.

    Зөвлөгөөнд оролцогч та бүхэн тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж асуудал бүрээ шийдвэрлэх арга зам, үр дүнтэй туршлагаа хуваалцана гэдэгт найдаж байна. Улс орныхоо хөгжлийн зөв зорилтын төлөө нэгэн санаа зорилготой, хамтын хүчээр зорьж, ажиллахыг бизнес эрхлэгчид, шилдэг менежерүүд, эрдэмтэн судлаачид та бүхэндээ уриалж байна.

    Та бидний шинэ санаачилга, хичээл зүтгэл, хийж хэрэгжүүлэх ажлаас улс орны маань ирээдүй шалтгаална.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

    2011 оны 1 дүгээр сар 28               МҮХАҮТ

  • Ж.Батмөнх агсны тухай кино гарна

    Ж.Батмөнх агсны тухай кино гарна Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авдаг уламжлалын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд төр нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймаа гуайг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ буурай Ерөнхий сайдад хоёр хүсэлттэй ирснээ ч дуулгав. Ж.Батмөнх агсны цээж баримлыг байршуулах, түүнчлэн түүний нэрэмжит МУИС-ийн гудамжийг тохижуулах А.Даариймаа гуайн хүсэлтийг Ерөнхий сайд хүлээн авч, шийдвэрлэхээр боллоо. Ирэх гуравдугаар сарын 10-нд Ж.Батмөнх агсны 85 насны ой болох юм байна.

    Түүний амьдралын замналыг өгүүлсэн түүхэн баримтат киноны санхүүжилтыг ч мөн шийдвэрлэхээр болж, төрсөн өдрөөр нь нээлт хийхээр зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Ерөнхий сайд мөн энэ үеэр удахгүй болох цагаан сарыг тохиолдуулан А.Даариймаа гуайд гарын бэлгээ гардууллаа

  • Ерөнхий сайд С.Батболд: Засгийн газрын тэргүүний хувьд Шинжлэх Ухааны салбартаа ихээхэн анхаарал тавьж байна

    Ерөнхий сайд С.Батболд: Засгийн газрын тэргүүний хувьд Шинжлэх Ухааны салбартаа ихээхэн анхаарал тавьж байнаМонгол Улсын Шинжлэх ухааны академийнхан ололт амжилт,алдаа дутагдлаа хэлэлцэн чуулж байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 1-р сарын 27-ны өдөр Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээ,  үйл ажиллагааны 2010 оны тайлан хэлэлцэх Их чуулганд оролцож улс орныхоо шинжлэх ухаан технологийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаарх санал бодлоо хуваалцлаа. Шинжлэх ухааны салбараа улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил, аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн хөгжүүлэх замаар эдийн засаг дахь шинжлэх ухааны өгөөж, нийгэм дэх шинжлэх ухааны нэр хүндийг дээшлүүлэхэд байнга анхаарч ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд үгийнхээ эхэнд хэлээд Шинжлэх ухааны салбарын санхүүжилт бага байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

    Гэхдээ санхүүжилт бага байгаагаас чадавх сул, чадавх сулаас итгэлгүй, мухар эргүүлэгт орчихсон байна гэж шүүмжилдэг. Санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхийн өмнө салбарын бүтэц, зохион байгуулалт, салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа нь хүлээгдэж буй хэмжээнд байна уу гэдгийг эргэцүүлмээр байна гэлээ. Түүнчлэн Засгийн газрын тэргүүн Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн мониторингийн судалгаанаас үзэхэд 1000 хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоогоор дэлхийд дээгүүр байр эзэлдэг боловч шинжлэх ухааны тодорхой судалгааны чиглэлд ногдох судлаачийн тоо, чадавх сул байна хэмээн дүгнэснийг анхааруулаад энэ чиглэлд Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулиуд, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэйг хэллээ.

    Мөн манай улсын хувьд асар том боломж, шинэ зорилт, сорилтууд тулгарч байна. Энэ бүхнийг даван туулахад эрдэмтэн мэргэд та бүхнээс олон зүйл шалтгаална. Тиймээс шинжлэх ухааны салбартаа ихээхэн анхаарал тавьж ажиллахаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд Байгалийн баялгаа улс орныхоо, хүнийхээ хөгжилд зарцуулах, шавхагдашгүй баялаг бүтээх зайлшгүй шаардлага бий. Энэ бодлогын нэг зорилт болгож Монголын геологи, эрдэс баялгийн үндэсний төв байгуулах, Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барих кокс, химийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд Шинжлэх ухааны академи, үндэсний эрдэмтэн мэргэдийг оролцох ёстой гээд…

    –  Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их, дээд сургуулийн эрдэм судлалын ажилтай уялдуулах талаар тодорхой ажил хийх,

    –  “Бэлчээр сайжруулах экологийн туршилт судалгааны төв”-ийг цаг алдалгүй байгуулах,

    –   Экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд технологийн шинэчлэл хийх,

    –   Эдийн засгийн дэд бүтэц, хөдөө аж ахуй, уул уурхайн маш сайн хөгжсөн гадаадын технологийг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулахад онцгой анхаарах хэрэгтэйг хэлсэн юм.

    Засгийн газрын тэргүүн Шинжлэх ухааны академийн өмнө тулгамдсан, мөн дээрх асуудлуудыг энэ оны эхний хагаст Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нарт үүрэг болголоо. Мөн тэрээр 2011 онд Монголд анхны орчин үеийн шинжлэх ухааны байгууллага “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсаны 90 жил, Шинжлэх ухааны академийн 50 жилийн түүхэн ойг тэмдэглэх ажилд амжилт хүсч, эрдэмтэн мэргэд  эрдэм судлал, оюуны нөр их хөдөлмөр тань улам өргөн дэлгэр байхыг ерөөсөн юм.

    Энэ үеэр тус академийн тэргүүлэгчдийн хурлаас Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хувилбай хааны одон”-гоор  шагнаснаа гардуулсан юм. Сүүлийн жилүүдэд тус салбарынхан хорт хавдрыг эмчлэх, сэргийлэх чиглэлээр ажиллаж, дотоодын эмийн үйлдвэрлэлийн хувь хэмжээг  өсгөх, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний гүн боловсруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэжээ.

    Бид 50 дахь удаагаа тайлангаа хэлэлцэх Их чуулганаа хийж байна. Төр засаг шинжлэх ухааны салбарт анхаарч байдаг хэдий ч энэ хугацаанд Ерөнхий сайд бидний чуулганд биеэр оролцож, шинжлэх ухааны салбарт анхаарч ажиллахаа биечлэн хэлж байсан удаагүй. Тиймээс Засгийн газрын тэргүүндээ талархаж байгаагаа илэрхийлэе хэмээн Академич Т.Намжим энэ үеэр хэлж байлаа.

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Шинжлэх ухааны академийн Их чуулганд хэлсэн үг

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Шинжлэх ухааны академийн Их чуулганд хэлсэн үг

    С.Батболд: Шинжлэх ухааны академи одоогийн бүтэц, тогтолцоондоо дүгнэлт хийж, давхардлыг арилгах, их сургуулиуд, бизнестэй хамтрах хэрэгтэй

    Эрхэм хүндэт академичид, эрдэмтэд мэргэд ээ!

    Өнөөдөр туулай жилийн босгон дээр Монголын шинжлэх ухааны академийн Их чуулганд оролцож, улс орныхоо шинжлэх ухаан технологийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаархи бодлоо Та бүхэнтэйгээ хуваалцах боломж олдсонд баяртай байна. Шинжлэх ухааны академийн Их чуулган гэдэг бол зөвхөн эрдэмтдийн  төдийгүй, улс орны хэмжээний томоохон арга хэмжээнд тооцогддог.

    Өнөөдөр шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хувилбай хаан”-ы одонг авч байгаадаа баяртай байна. Энэ нь шинжлэх ухааны байгууллагуудтайгаа хамтран ажиллаж олон асуудлыг шийдвэрлэх ёстойн илрэл боллоо. Бас сая эрдэмтдийнхээ бүтээлийн үзэсгэлэнг үзэж, нааштай олон эхлэл байгаатай танилцлаа. Дэлхийн хөгжилтэй болон хөгжиж буй орнууд мэдлэгт суурилсан эдийн засаг бий болгох, хөгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Тиймээс бид шинжлэх ухааны салбараа улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил, аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн хөгжүүлэх замаар эдийн засаг дахь шинжлэх ухааны өгөөж, нийгэм дэх шинжлэх ухааны нэр хүндийг дээшлүүлэхэд байнга анхаарч ажиллах хэрэгтэй.

    Монгол улсад шинжлэх ухааны салбар үүсч хөгжиж, үндэсний чадавх бий болсноос хойш олон арван жил өнгөрчээ. Анх ОХУ-ын Шинжлэх ухааны академийн загвараар байгуулагдсан манай шинжлэх ухааны байгууллагууд олон жилийн турш хуучин социалист орнуудын академиудтай хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Харин сүүлийн 20 жилд дэлхийн бусад улс орны шинжлэх ухааны байгууллагуудтай харилцах олон боломж нээгдлээ. Гэсэн хэдий ч ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас эхлэн шинжлэх ухааны салбарт шийдлээ хүлээсэн тодорхой асуудлууд хуримтлагдсан гэдэгтэй манай эрдэмтэд санал нийлэх байх аа.

    Хамгийн түрүүнд санхүүжилт муудаж, салбарын боловсон хүчин сарнилд орсон зэрэг олон бэрхшээлийг шинжлэх ухааны салбар даван тууллаа.

    Шинжлэх ухаан, технологийн салбарын мастер төлөвлөгөө батлагдаж, бүтцийн томоохон өөрчлөлт хийгдэж, эрдэм шинжилгээний 72 байгууллага нэгжийг 22 хүрээлэн төв болгон Шинжлэх ухааны академи, их, дээд сургууль, зарим яамны харьяалалд шилжүүлж, эрдэм шинжилгээний 17 байгууллагыг “Судалгаа-туршилт-үйлдвэрлэл-бизнес”-ийн 8 корпораци болгон зохион байгууллаа. Салбарын эрх зүйн үндсэн баримт бичгийг боловсруулан гаргаж, эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд сургуулиудыг түшиглэн технологийн инкубатор байгуулж, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологиудыг шинэчлэн тогтоосон.

    Мөн шинжлэх ухаан, технологийн салбарыг үйлдвэрлэл, үйлчилгээний салбартай холбох, санхүүжилтийн олон эх үүсвэртэй болгож, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх чиглэлээр тавигдаж байгаа зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасган бүтцийг зохистой болгох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, өндөр технологийг нутагшуулж, хөгжүүлэхэд чиглэсэн “2010-2014 онд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-ыг Засгийн газар баталснаар шинжлэх ухаан, технологийн салбарт зарцуулж байгаа төсвийн хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлэх, салбарын нөөцийг төвлөрүүлэхэд чухал алхам болсон.

    Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас шинжлэх ухааны салбарын санхүүжилтэд чамгүй анхаарч ирлээ. Тухайлбал Одон орон геофизикийн судалгааны төвийн олон жилийн судалгааны үр дүнг Засгийн газар хэлэлцээд “Газар хөдлөлтийн гамшгийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан. Энэ тогтоолын дагуу Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийг судлах, газар хөдлөлийн аюул, эрсдэлийн үнэлгээг нарийвчлан тогтоох, геофизикийн ажиглалтын байнгын цэг байгуулахад зориулж нийт 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.

    Шинжлэх ухааны корпорациудын ихэнх нь өнөө маргаашаа аргацаах хэлбэрээр явж байна гэхэд хилсдэхгүй биз ээ. Шинжлэх ухааны салбарын санхүүжилт бага байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ санхүүжилт бага байгаагаас чадавх сул, чадавх сулаас итгэлгүй, мухар эргүүлэгт орчихсон байна гэж шүүмжилдэг. Санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхийн өмнө салбарын бүтэц, зохион байгуулалт, салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа нь хүлээгдэж буй хэмжээнд байна уу гэдгийг эргэцүүлмээр байна. Шинжлэх ухааны академийн Их, Бага чуулганаар санхүүжүүлэхээр гаргаж буй судалгааны сэдэвт ажлууд өнөөгийн бидний өмнө тавигдаж буй хөгжлийн зорилтууд, тэргүүлэх чиглэл, цөм технологи зэрэгтэй хэр уялдаж байна вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдах ёстой. Энэ чиглэлээр үнэлгээ хийж үзэхийг Шинжлэх ухааны академи, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд даалгаж байна.

    Угаасаа хангалттай байж чадахгүй санхүүжилтийг хуваарилахдаа ”эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэдэг зарчим баримталснаар аль алинд нь дорвитой судалгаа хийхэд хүрэлцэхгүй байдал шинжлэх ухааныг хагас өлсгөлөн байлгах нэг үндэс болж байна гэдгийг эрдэмтэн мэргэд та бүхэнтэйгээ ярилцах ёстой. Шинжлэх ухааны салбарт хувийн хэвшлийн санхүүжилттэй хамтарсан судалгааны тоо хэд байна вэ? Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний байгууллагууд, академи хүрээлэнгүүдийн хоорондын хамтарсан судалгааны тоо хэмжээ өнөөдөр яагаад өсөхгүй байна вэ?, Академийн одоогийн бүтэц маань тэргүүлэх чиглэл, цөм технологитой хэрхэн уялдаж байна вэ? гээд олон асуултыг бид ярилцан шийдэж, хариулт өгөх цаг болжээ.

    Монгол улс жижиг эдийн засагтай, хүн ам цөөтэй, шинжлэх ухаан технологийн салбарын хүний нөөцийн чадамж боломж хязгаарлагдмал зэргийг эргэцүүлэн бодож, шинжлэх ухаан технологийн салбарт байгаа нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийх шаардлагатай. Ялангуяа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн ойрын үеийн чиг хандлагыг харгалзан, шинжлэх ухаан, технологийн салбарын гүйцэтгэх үүрэгт онцгой анхаарал хандуулах шаардлага тулгарч байна.

    Өнөөдөр мэдээлэл, харилцаа холбооны салбарт 400 компани үйл ажиллагаа явуулж, 21 оронд манай компаниуд аутсорсинг хийж байна. Манай шинжлэх ухаан энэ процесст хэрхэн оролцож байгаа нь төдийлөн харагдахгүй байна. Монголын эрдэмтэд шинэ сортын үр гаргах, шинэ үүлдрийн хонь гаргах гээд чамгүй судалгаа хийжээ. Гэтэл Дарханы 144 шинэ сортын үрийн нөөц хэдэн арван тонноор хэмжигдэж, Орхон үүлдрийн хонины тоо хэдхэн зуугаар тоологдож байгаа өнөө үед үйлдвэрлэлд нэвтрүүлэх тухай ярихад амаргүй гэдэг нь ойлгомжтой.

    Хөгжлийн олон асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газар багагүй хүч хөрөнгө зарцуулж буй өнөө үед шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц бололцоог үүнд чиглүүлж, чадвар чадавхыг нь ашиглаж, хөрөнгө зардлаа хэмнэмээр байна. Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн мониторингийн судалгаанаас үзэхэд 1000 хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоогоор бид дэлхийд дээгүүр байр эзэлдэг боловч шинжлэх ухааны тодорхой судалгааны чиглэлд ногдох судлаачийн тоо, чадавх сул гэсэн дүгнэлт гарч байна.

    Монгол улсад үйлдвэрлэж буй үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 95 хувь технологийн багтаамж доогууртай гэсэн судалгаа гарсан байна. Сүүлийн жилүүдэд хорт хавдрыг эмчлэх, сэргийлэх чиглэлээр ажиллаж, дотоодын эмийн үйлдвэрлэлийн хувь хэмжээг  өсгөх, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний гүн боловсруулалтыг нэмэгдүүлэх зэрэг нааштай сайн эхлэл харагдаж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ ийм нааштай эхлэл харьцангуй цөөн, үр дүн нь гарт баригдахаар их биш байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

    Манай шинжлэх ухаанд тулгамдаж буй эдгээр асуудлыг бидэнтэй адил тогтолцооноос шилжихдээ хамгийн зөв шийдлийг олсон бусад орны олон жишээ, загварыг судалж, манайд илүү зохицох туршлагуудыг санаачилгатай, зоригтой хэрэглэмээр байна. Энэ чиглэлд Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулиуд, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай. Шинжлэх ухаан, технологийн салбарын идэвх санаачилгыг өрнүүлэхэд тус болох эрх зүй, эдийн засгийн зохистой орчныг бүрдүүлэхэд шаардагдаад байгаа бодлогын алхмуудыг санал болгож шийдвэрлэх ёстой.

    Шинжлэх ухааны академи одоогийн бүтэц, тогтолцоондоо дүгнэлт хийж, давхардлыг арилгах, их сургуулиудтай уялдуулах, бизнестэй хамтрах бололцоотой болгох, батлагдсан тэргүүлэх чиглэл, цөм технологитойгоо уялдуулмаар байна. Ингэхдээ өөрийн орны эдийн засаг, санхүү, хүний нөөцийн боломжоо харгалзан прагматик хандлагыг урьтал болгох хэрэгтэй. Шинжлэх ухааны санхүүжилтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, санхүүжилт, судалгааны үр дүн, өгөөжийг нотлох, захиалагч нь үйлдвэрлэгч байх зарчмыг нэвтрүүлэх шаардлагатай байна.

    Шинжлэх ухаан, бизнесийн байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл, дэвшилтэт технологийг хувийн хэвшлийнхэнд сурталчлан таниулах, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага та бидний өмнө тавигдаж байна. Судалгааны академик эрх чөлөөг хүндэтгэн үзэж, судалгааны ерөнхий чиглэлээ зөв тогтоож, улсын ерөнхий хөгжлийн бодлоготой уялдуулах шаардлагатайг анхаарах ёстой. Шинжлэх ухааны ололтыг олон түмэнд, нийгэмд ойлгуулан түгээн дэлгэрүүлэх ажлыг ч орхигдуулах ёсгүй. Иргэд, олон нийтийн шинжлэх ухааны ерөнхий мэдлэг дулимагаас үүдэн салбарын олон нийтийн дэмжлэг сул, зарим үед эрдэмтэн судлаачдын дуу хоолойг улс төржсөн дуу хоолой орлоод байгааг ч анхаарах ёстой.

    Тэргүүлэх чиглэлүүдэд эрдэмтэд судлаачдын идэвхийг өрнүүлэн Та бүхний нааштай санал, санаачилгыг дэмжиж, салбарын үр өгөөж, үнэлэмжийг дээшлүүлэх гэсэн чин эрмэлзлийг минь дэмжинэ гэж итгэж байна. Өнөөгийн бидний шүүмжлээд байгаа мухар эргүүлгээс шинжлэх ухааныг татаж гаргахад эрдэмтэн мэргэд, академич бүрийн идэвх, санаачилга юу юунаас чухал гэдгийг зориуд хэлэхийг хүсч байна. Хэрэв бодлого ойлгомжтой, үр дүн тодорхой, үйл ажиллагаа ил тод, оролцоо хангагдсан, олон түмэн дэмжсэн байвал шинжлэх ухааны салбар төр, засгийн дэмжлэгтэйгээр улс орны хөгжлийн чухал хүчин зүйлийн нэг болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

    Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд ээ,

    Манай улсын хувьд асар том боломж, шинэ зорилт, сорилтууд тулгарч байна. Энэ бүхнийг даван туулахад эрдэмтэн мэргэд та бүхнээс олон зүйл шалтгаалах учраас Засгийн газрын тэргүүний хувьд шинжлэх ухааны салбартаа ихээхэн анхаарал тавьж ажиллах болно гэдгээ хэлье. Манай экспортын бүтээгдэхүүний 70 гаруй хувийг эзэлж буй уул уурхайн бүтээгдэхүүнд өртөг шингээж чадахгүйгээр түүхий эд чигээр нь гаргаж байгаад Засгийн газар дорвитой өөрчлөлт хийхээр аж үйлдвэрийн цогцолборуудыг барьж байгуулахаар зорьж байна.

    Манай эрдэмтэд өөрийн орны нүүрсний нийт 50 гаруй ордын 43-ынх нь нүүрсийг судлан техникийн бүрэн шинжилгээ хийж, нэмүү өртөг шингэсэн кокс болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх ирээдүй бүхий санал боловсруулсан нь улс орны хөгжлийн бодлоготой нийцэж байна. Түүнчлэн үнэт, өнгөт, ховор металл, нефть, уран, барилгын материал зэрэг эрдсийн түүхий эдийн байршлын зүй тогтлыг илрүүлэх “Ашигт малтмалын зураг” зохиосон нь төр, засгийн бодлогод илүү үр өгөөжтэй ашиглагдах ёстой.

    Байгалийн баялгаа улс орныхоо, хүнийхээ хөгжилд зарцуулах, шавхагдашгүй баялаг бүтээх зайлшгүй шаардлага бий. Энэ бодлогын нэг зорилт болгож Монголын геологи, эрдэс баялгийн үндэсний төв байгуулах, Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барих кокс, химийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд Шинжлэх ухааны академи, үндэсний эрдэмтэн мэргэд бодитойгоор оролцох ёстой гэж бодож байна. Сайншандын цогцолбор, Ховор металл, Атомын станц, Эрчим хүч хэмнэх, Экспортын хөтөлбөр гэх мэт эдийн засгийн тулгамдаж буй зорилтууд, тэргүүлэх чиглэлүүдэд шинжлэх ухааныг чиглүүлэх ёстой.   

    Манай орны уул уурхай, металлургийн үйлдвэрлэлийн өнөөгийн хөгжилтэй уялдан бусад үйлдвэр, үйлчилгээ, судалгаа шинжилгээний ажил эрс нэмэгдэж анализын өндөр хүчин чадлын лаборатори байгуулах шаардлагатай боллоо. Тиймээс Шинжлэх ухааны академийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторийг орчин үеийн зарим шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр ханган нефть, нефтийн бүтээгдэхүүн, геологи, эрдэс төмрийн орчны бохирдол, усны чанарын болон хөдөө аж ахуйн, хүнс, биологийн дээжийн шинжилгээ хийх үндэсний чадамжтай болгох нь зүйтэй гэж үзэж байна. 

    Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их, дээд сургуулийн эрдэм судлалын ажилтай уялдуулах талаар тодорхой ажил хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн боломжийг их, дээд сургуулийн багш нарын судалгаатай уялдуулах ёстой гэсэн үг юм. Дэлхийн нийтийн хандлагаас харахад их, дээд сургуульд суурилсан шинжлэх ухааны хүрээлэнгийн салбар илүү өгөөжтэй нь нотлогдсон гэж ярьж байгааг нийт эрдэмтдээрээ, салбараараа хэлэлцэн шийдвэрлэхийг салбарын сайдад үүрэг болгож байна.

    Өнгөрсөн онд Засгийн газрын хурлыг монголын говьд хийлгэх үеэрээ Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн боловсруулсан бэлчээрийн доройтол, цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутагт бэлчээрийг нөхөн сэргээх технологийг нэвтрүүлэх саналтай танилцаж, дэмжин хэрэгжүүлэх шийдвэр гаргасан билээ. “Бэлчээр сайжруулах экологийн туршилт судалгааны төв”-ийг цаг алдалгүй байгуулах хэрэгтэйг дурдъя.

    Экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд технологийн шинэчлэл хийх, эдийн засгийн дэд бүтэц, хөдөө аж ахуй, уул уурхайн маш сайн хөгжсөн гадаадын технологийг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулахад онцгой анхаарах хэрэгтэй. Энэ талаар гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг Засгийн газар бүх талаар дэмжинэ. Шинжлэх ухааны академийн өмнө тулгамдсан, бас миний хөндсөн асуудлуудыг энэ оны эхний хагаст Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нарт үүрэг болгож байна.

    Эцэст нь хэлэхэд, 2011 онд Монголд анхны орчин үеийн шинжлэх ухааны байгууллага “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсаны 90 жил, Шинжлэх ухааны академийн 50 жилийн түүхэн ойг тэмдэглэх ажилд амжилт хүсч, эрдэмтэн мэргэд та бүхнийхээ эрдэм судлал, оюуны нөр их хөдөлмөр тань улам өргөн дэлгэр байхыг ерөөе.

    Анхаарал хандуулсанд баярлалаа!

    2011.01.27.       Хүүхдийн номын ордон

  • Ерөнхий сайд С.Батболд В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ

    Ерөнхий сайд С.Батболд В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинд цахилгаан утас илгээж, ОХУ-ын “Домодедово” нисэх онгоцны буудалд террорист халдлага болсны улмаас олон хүн амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ. Цахилгаан утсанд “Москва хотын олон улсын “Домодедово” нисэх онгоцны буудалд халдлага болж олон хүний амь нас эрсэдсэн тухай мэдээг бид цочирдон хүлээн авлаа.

    Танд болон амь үрэгдсэн хүмүүсийн ар гэр тэдний ойр дотнынхонд, Оросын ард түмэнд Монголын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье. Монгол Улс алан хядах ажиллагаа, терроризмын бүх хэлбэрийг буруушаадаг. Терроризмтой хийж буй ОХУ-ын төр засгийн удирдлага, ард түмний тэмцлийг бид бүх талаар дэмжиж байна” гэжээ.