Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дагалдан яваа төлөөлөгчдийнхөө хамт Кувейтийн шинжлэх ухаан судалгааны хүрээлэнд зочиллоо. Тус хүрээлэн нь 1967 онд Японы “Арабиан Ойл” компани Кувейтийн Засгийн газартай хийсэн газрын тосны гэрээний үүргийн биелэлт болон анх байгуулагдсан түүхтэй бөгөөд газрын тос, цөл дэх хөдөө аж ахуй болон далайн биологи гэсэн 3 үндсэн чиглэлээр сэдэвчилсэн судалгаа хийх зорилготой байжээ. Харин 1973 онд тус шинжлэх ухаан судалгааны хүрээлэн нь Эмирийн зарлигаар удирдах зөвлөлөөр дамжуулан сайд нарын зөвлөлийн шууд харьяанд орсон байна. Гэвч удалгүй бие даасан олон нийтийн хүрээлэн болгон өөрчилжээ.
Кувейтийн шинжлэх ухаан судлалын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Монголын төлөөлөгчдөд үйл ажиллагаа зорилтоо танилцуулахдаа жилийн 194 сая ам.долларын төсөвтэй тус хүрээлэн нь тодорхой салбараар асуудлын гүнд орж ажиллаж чаддаг, үр дүн нь ч амьдралд гардаг болохоор булангийн орнууддаа төдийгүй олон улсад танил болсон гэдгээ бардам хэлж байлаа. КШУСХ нь эдүгээ байгаль орчин, хот төлөвлөлт, хүнсний ба далайн нөөц, газрын тосны судалгаа шинжилгээ, технологи, эдийн засаг, усны нөөц гэсэн чиглэлүүдээр идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Ерөнхий сайд тус хүрээлэнтэй танилцаад, өөрийн орны онцлог болон зах зээлтэйгээ уялдсан тодорхой хэдэн гол чиглэлээр үйл ажиллагаагаа стандартын дагуу цомхон бүтэцтэй явуулж байгаа нь амжилттай үр дүнтэй ажиллах үндэс болж байгааг энэ хүрээлэнгийн жишээн дээр дагалдан яваа хүмүүст тайлбарлав. Үнэндээ дэндүү нүсэр бүтэц, хэдэн арван салбар хэлтэстэй манай шинжлэх ухааны хүрээлэн социализмын үеийн загвараасаа салж Кувейтийн энэ хүрээлэнгийн туршлагаар ажиллабал амжилтад хүрэх боломж байна. Кувейтийн шинжлэх ухаан судалгааны хүрээлэн манай БОАЖЯ-тай зарим тодорхой чиглэлээр хамтран ажиллаад эхэлсэн төдийгүй хамтарсан бааз байгуулсан, түүнийгээ Монголыг Кувейттэй холбох гүүр хэмээн нэрлэх болсноо Ерөнхий сайдад дуулгалаа.
Мөн тус хүрээлэнгийн төрөлжсөн төв болох Үндэсний газар хөдлөлийн сүлжээ нь манай улсын газар хөдлөлтийн байдалд судалгаа хийгээд нааштай үзүүлэлт гарсныг сонирхуулав. Шинжлэх ухаан технологийн ололтыг бодит амьдралд нэвтрүүлэх, судалгаа шинжилгээг мэргэжлийн түвшинд хийж байгаа энэ туршлагаасаа монголчуудтай хуваалцаж өргөн хүрээнд хамтран ажиллахыг Ерөнхий сайд С.Батболд тус хүрээлэнгийнхэнтэй уулзахдаа хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Кувейт Улсад хийж байгаа албан ёсны айлчлал шинжлэх ухаан технологи, худалдаа бизнесийн салбарыг хамарсан үйл явдлаар үргэлжилж байна. 2011 оны 01 дүгээр сарын 5-нд Монгол Кувейтийн харилцаанд нэгэн шинэ хуудас нээгдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Кувейт Улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. 1-р сарын 4-ний өдөр тэрээр Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Нассер Мохаммед Аль Ахмед Аль Сабахтай хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцлоо.
Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Үндэсний Ассамблейн дарга Жассем Аль-Харрафи-тай уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын салхийг хагалж хэлсэн үгэндээ Монгол Улсын хөгжлийн гол салбар болох дэд бүтцийн салбарт Кувейт Улс туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэнд талархав.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль Ахмад Аль Жабер Аль-Сабах-т бараалхсанаар албан ёсны уулзалт эхэллээ. Кувейт Улс ардчилсан, хаант засаглалтай орон бөгөөд тус улсыг Эрхэм дээд Эмир удирддаг. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид шинээр олон салбарт хамтрах өргөн боломж байгааг дурьдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын тэргүүний хувиар анх удаа Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тус улстай дипломат харилцаа тогтоосноос хойшхи 35 жилийн хугацаанд өндөр, дээд түвшний харилцан айлчлал цөөнгүй байсан ч Монгол Улсын Засгийн газрын тэргүүн айлчилж байсан түүх үгүй юм.
Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн, мөн 2011 оны эхний хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн сахилга хариуцлагын тухай болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандсан Ерөнхий сайдын албан даалгаврын талаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар Монгол Улс, Кувейт Улсын Засгийн газар хоорондын Хөтөлбөр, УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан хуулийн төсөлд өгөх санал, мал тооллогын урьдчилсан дүн зэргийн талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.
“News” агентлаг, “Ардын эрх” сонин 2010 оны онцлох хүнээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, МАН-ын дарга Сүхбаатарын Батболдыг нэрлэсэн байна. Түүний удирдсан Засгийн газар Монголд уул уурхайн хоёр дахь том төслийг хэрэгжүүлэхээр Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах шийдвэрийг УИХ-аар батлуулсан. Уг ордын нийт нөөцөөс Монгол Улсын бүх иргэдийн нэр дээр хувьцаа болгон эзэмшүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдэд арилжаалах болон олон улсын бирж дээр нээлттэй хувьцаа гаргах замаар хөрөнгө босгох шийдвэрийг батлуулсан. Энэ хэрээрээ ч хамгийн их шүүмжлэл дагуулж, сайн муу үг дуулж яваа хүн бол Ерөнхий сайд С.Батболд гэж тус сонины тоймч бичжээ.
2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 11 цаг 11 минутад төмөр замчид Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод өнгөрсөн оныхоо ажлын амжилтыг илтгэж Төмөр замын зүтгүүрийн дохиог цангинууллаа. Засгийн газрын тэргүүн Төмөр замчдын Монгол Улс 2010 онд эдийн засаг нийгмийн зорилтоо ханган биелүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгааг дуулгаад Монгол улсын Засгийн газар 2011 онд нийгэм, эдийн засгийг бодитой өсгөх зорилт дэвшүүлэн тавьж, томоохон бүтээн байгуулалтын эхлэл суурийг тавина.