Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Монгол түмэн шинэ жил, шинэ сар, шинэ өглөөний нартай золгон мэндчиллээ

    Монгол түмэн шинэ жил, шинэ сар, шинэ өглөөний нартай золгон мэндчиллээШинэ оны анхны Нар их уулсын оройг дамжин Монгол орныг алгуурханаар гийгүүлж, Монгол түмэн шинэ жил, шинэ сар, шинэ өдөртэй золгон мэндчиллээ. Төрийн далбаагаа мандуулан угтсан “Анхны нар харах” ёслолд  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ, Засгийн газрын гишүүд болон гадаад дотоодын 300 гаруй иргэд оролцлоо.

    2011 оны 1-р сарын 1-ний өдрийн алтан нарны цацраг Монгол хүн бүрт ивээлээ өгч, эрч хүч, саруул оюуныг нь тэтгэн гийгүүлж, амжилт бүтээлийг нь бэлэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүсэн ерөөгөөд айлчлан ирж буй энэ онд өмнөх жилүүдэд олсон амжилтаа бататгаж, шинэ ондоо төлөвлөсөн томоохон зорилтуудаа биелүүлэн, улс орноо хөгжил дэвшилд хүргэх их бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

    Монгол хүн бүрийг ажилтай, орлоготой байлгахын төлөө Засгийн газар хичээн ажиллана. Тиймээс 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж бодлого, зорилтоо тодорхойлоод байгаагаа дуулгаж шинэ оны анхны наранд сэтгэлийн өргөл өргөлөө.

    Шинэ оны онхны нарыг харах еслол Нийслэлээс 95км-т орших “Хангай” зөрлөгт 11 дэх жилдээ болж байгаа бөгөөд энэ хугацаанд гадаад, дотоодын  3 мянга гаруй жуулчин оролцож, жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлж байгааг төмөр замчид хэлж байна.

  • Ерөнхий сайд хүүхдүүдийн хамт харшийн наадмыг үзэж сонирхлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд, Шадар сайд М.Энхболд нар Монголын хүүхдийн ордонд болсон Харшийн сүлд модны наадмыг хүүхэд багачуудын хамт үзэж сонирхлоо.  Гүйцэтгэх засаглалын тэргүүн сүлд модны наадамд хүүтэйгээ хамт ирсэн байлаа. Хүүхдийн ордны авъяаслаг багачууд шинэ жилийн баярын концертоо толилуулж өвлийн өвгөн, цасан цагаан охид, бяцхан амьтад сүлд модны наадамд ирсэн хүүхдүүдтэй мэндчиллээ.

    Монгол хүүхдүүд авъяастай гэдгийг тоглолтоороо харуулсан сурагчдад Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийлээд монголынхоо бүх хүүхдэд сурах ёстой зүйлээ сайн сурч, бүтээх ажлынхаа ард гаран зорьсондоо хүрч, эх орондоо хэрэгтэй хүн болохыг Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа хүсэн ерөөв.

    Хүүхдэд эцэг, эхийн хайр халамж байдгийн адил төр засаг ч хүүхдүүддээ анхаарал тавих ёстой. 2011 он хүүхдийн төлөө олон ажил хийсэн жил байх болно гэж тэрээр хэлэв. Харшийн сүлд модны наадмын төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд нар хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ард иргэддээ дэвшүүлсэн шинэ жилийн мэндчилгээ

    Монгол Улсын нийт ард иргэддээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Манай Засгийн газар ард иргэд Та бүхэнтэйгээ хамт амжилт ололт, дурсамж, сургамж дүүрэн нэгэн оноо үдэж, шинэ оноо угтах гэж байна. Шинэ зууны эхний аравныг отголон өндөрлөж буй 2010 он ирээдүйн их хөгжлийн эх суурийг тавьсан олон чухал үйл явдлаар баялаг байлаа.

    Эдийн засагт ахиц гарч дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2010 онд тавьсан зорилтоо хангахаар байна. Хөрөнгө оруулалт нэмэгдэж үйлдвэрлэл үйлчилгээ өргөжлөө. Цаг агаарын таатай биш байдлаас үүдэн мал аж ахуйдаа ихээхэн хохирол амссан ч газар тариалангийн салбарт амжилт ихтэй байлаа.

    Энэ онд хураан авсан буудай, төмсөөр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 53,7 хувийг хангаж чадсан. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг даах, олон улсын стандартад нийцсэн хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь бий болгох эхлэлийг тавив. Шинэ төмөр зам, шинэ аж үйлдвэрийн цогцолборууд, орон сууцны хорооллууд, Тавантолгойн орд газрыг ашиглах зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлэх түүхэн чухал шийдвэрүүдийг гаргав. Энэ төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх Хөгжлийн банк байгуулахаар боллоо.

    Эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ хүний хөгжилд онцгой анхаарсан жил байлаа. Боловсролын салбарт шинэчлэлийг иж бүрнээр эхлүүлж, төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэж, кампус хэлбэрээр хөгжүүлэх эх суурийг тавьсан. Ерөнхий боловсролын сургуулиудад Кембрижийн стандартыг анх удаа нэвтрүүллээ. Хүн амынхаа эрүүл мэндэд анхаарч хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, суурь өөрчлөлтүүдийг хийлээ.

    “Хүний хөгжил сан”-г байгуулж, өвөг дээдсээс өвлүүлсэн байгалийн баялгаас ард иргэддээ анх удаа адил тэгш хэлбэрээр хишиг хувь хүртээж эхэллээ. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 46.800 ажлын байрыг шинээр бий болголоо.

    Засгийн газар иргэд олондоо ойр байж орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх эхлэлийг тавьсан он болов. Би энэ онд Өмнийн шаргал говь, Өргөн Сэлэнгийн хөндий, Алтай, Хангайн ай сав газар гээд Монгол орныхоо 18 аймаг, орон нутагт ажиллаж ард иргэдтэйгээ уулзсан. Асуудал бэрхшээлийг газар дээр нь шийдвэрлэсний зэрэгцээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, олон ажлыг амжуулсан. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдлээ.

    Манай улсын гадаад харилцааны түүх ч хоёр талын ба олон талт харилцааг шинэ шатанд гаргасан айлчлалууд, онцлох үйл явдлаар  баяжигдлаа. Өнгөрсөн 20 жилд Монгол улс ардчилсан орон гэдэг тодотголоороо гадаадад ойлгогддог байлаа. Тэгвэл өнөө жилээс дэлхийн эдийн засаг бизнесийн харааны төвд орж ирлээ. Ийнхүү манай гадаад харилцаа эдийн засагжих замдаа эргэлт буцалтгүй орсон нь энэ жилийн онцлог байлаа. Дэлхийн хөгжилтэй улс орнуудтай хөл нийлүүлэхийн тулд Европын стандарт, Канадын технологийг нутагшуулах ажлыг бодитойгоор эхлүүлэв. Энэ мөчид бидэнтэй хамтран ажилладаг бүх улс орны Засгийн газар, ард иргэдэд шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

    Ирэх 2011 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн тэгш дүүрэн ойнууд давхцан тохионо. Түүхт энэ ойнуудыг монгол хүний омогшил баяр, эх оронч сэтгэлгээ, их түүхийн бахархал болгон тэмдэглэхэд Засгийн газар анхаарч ажиллах болно.

    Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”  болгон зарлаж байна. Шинэ мянганы хоёр дахь аравны анхдугаар ондоо хүн бүр хөдөлмөр эрхлэхийг хичээж, энэ зуунд дуурсагдах их бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Засгийн газар ард иргэддээ уриалж байна.

    Та бүхэн минь шинэ ондоо, шинэ шинэ амжилт ололтоор дүүрэн, аз хиймориор өөдрөг байх болтугай.
    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд
    2010 оны 12 дугаар сар 29

  • Засгийн газрын хуралдаан 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр болж дараах асуудлуудыг шийдлээ

    2011 ОНЫГ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ жилийн хүрээнд хийх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог ахлана. Үндэсний хороонд Засгийн газрын нэр бүхий гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Нийгмийн халамжийн үйлчилгээний газрын дарга нар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч нар багтжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах 70 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах болсон байна.

    Хөдөө орон нутагт шинээр байгуулагдсан боловсруулах үйлдвэр болон мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжид бий болгосон ажлын байрны тооноос хамаарч татвар, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, жижиг, дунд үйлдвэрийн татвар, санхүүгийн ачааллыг багасгах, аж ахуйн нэгжийн бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах  асуудлыг судлан шийдвэрлүүлэхийг нэр бүхий сайд нарт даалгалаа.

    Уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, зам, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөр болон холбогдох тендерийн баримт бичигт үндэсний ажиллах хүчнийг бэлтгэж, ажлын байраар хангахыг тусгайлан заах, хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаар мэдээллийн сан байгуулж ажиллахаар боллоо.

    Үндэсний ажиллах хүчнийг бэлтгэх урт хугацааны төлөв хийж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуульд элсэгчдийг ажил олгогчийн захиалга, санхүүжилтээр сургах тогтолцоонд шилжих, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн дэргэд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын дадлагын бааз байгуулах, тэдгээрт татварын хөнгөлөлт үзүүлэхийг судлан шийдвэрлүүлэх юм.

    “Монгол мал”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр” болон энэ салбарт хэрэгжиж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд малчдыг эрсдэлээс хамгаалах, аж ахуй эрхлэх ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Байгаль орчныг нөхөн сэргээх, ногоон ажлын байр бий болгох хөтөлбөр, төслийг нийтийг хамарсан хэлбэрээр зохион байгуулж, ажилгүй, орлого багатай иргэдийг хамруулах юм.

    Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцааны шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн түншлэлийн арга, механизмыг боловсронгуй болгож хөгжүүлэх чиглэлээр ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлж ажиллана. Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хийж байгаа ажлаа Үндэсний хороонд улирал тутам тайлагнаж байх юм.

    ХИШИГ ХУВИА АВААГҮЙ Ч ИРЭХ ОНД СААДГҮЙ НӨХӨН ОЛГОНО

    Засгийн газрын хуралдаанаар “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”-ын зарим заалтыг өөрчиллөө. Бэлэн мөнгөөр хүртээх хишиг, хувийн санхүүжилтийг аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээх санхүүжилтийн дансанд, сургалтын төлбөрөөр хүртэх хишиг, хувийн санхүүжилтийг тухайн сургалтын төрийн сангийн дансанд, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөр хэлбэрээр хүртэх хишиг, хувийн санхүүжилтийг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.

    Тухайн иргэн бэлэн бусаар хишиг, хувь хүртэхээр сонголт хийсэн /сургалтын төрийн сангийн болон банкны зээлийн өр төлөх, эрүүл мэндийн үйлчилгээний хөлс төлөх, худалдан авсан тоног төхөөрөмжийн үнэ гэх мэт/ бол иргэн бүрийн “Хүний хөгжил сан” дэвтэрт бичилт хийж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын дансанд мөнгийг нь шилжүүлнэ.

    Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбоотойгоор нийгмийн хамгааллын салбарт үүсч байгаа ажлын ачааллыг харгалзан нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 5, төрийн захиргааны байгууллага, нийслэл, аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний газар, хэлтсийн ажилтны орон тоог 77-гоор нэмэхээр тогтлоо.

    “ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

    “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 2011 он бодитой ажил хийсэн жил байх ёстой. Иймээс ирэх оны 3 дугаар сар гэхэд бэлтгэл ажлаа хангаж дуусгах, Ажлын хэсэг сар бүр хуралдаж ажлын явцыг хянаж байхыг Ерөнхий сайд онцгойлон анхаарууллаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад газрын харилцаатай холбоотой асуудал сөхөгдөх учир үүнийг тодорхой болгохыг ч үүрэг болгосон байна.

    “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хот байгуулалт, төлөвлөлт, дэд бүтэц, орон сууцны хангамж, ажлын байр нэмэгдүүлэх, боловсрол,  хөдөөгийн хөгжил, үйлдвэржилтийг дэмжих, шилжилт хөдөлгөөнийг сааруулах зорилт тавьж байна. Шинэ бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх үндэсний мэргэжилтнүүд, инженер, техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж, гадаадад ажиллаж байгаа мэргэжилтэй ажилчдыг татан оролцуулах юм.

     Орон сууцны нийлүүлэлт талыг дэмжиж, инженерийн  хангамж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт татах, захиалагчийн хяналт, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хувийн хэвшлийн оролцоог тэгш хангах бололцоо бүрдүүлэхээр болсон байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт технологийн шинэчлэл хийн жилд 500 мянган тонн ган төмөр, бүтээц үйлдвэрлэх хүчин чадалтай болгож, Төмөр толгойн төмрийн хүдрийн олборлолт, боловсруулалтын түвшинг гүнзгийрүүлэх, хүдэр хайлах, төмөр ялган авах технологи нэвтрүүлнэ.

    Хөтөлбөрт тусгагдсан орон сууцны хороолол, зам, гүүр, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн газрын байршлыг тогтоох, газар олгох, чөлөөлөх, барилга барих зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Шинэ дэвшилтэт техник, технологи нутагшуулах, мэргэжлийн боловсон хүчинтэй үндэсний чадамж бүхий аж ахуйн нэгж бий болгох зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудад дотоодын аж ахуйн нэгжүүдээ оролцуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх болсон байна.

    ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

    Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдээс гарсан саналыг тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Үйлдвэрлэлийн салбарын хөгжилд Хөгжлийн банкаар дамжуулан оруулах Засгийн газрын хөрөнгө оруулалт 2010 оны эцсийн байдлаар 16.7 тэрбум төгрөг байх нь. Банкаар дамжуулан уул уурхай, түүнийг дагасан дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 100 тэрбум төгрөг тутам эдийн засгийн өсөлтийг 1 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн судалгаа гарчээ. Засгийн газраас Хөгжлийн банкинд зээлийн баталгаа гаргах бөгөөд үр өгөөжтэй төслийг Хөгжлийн банк шууд санхүүжүүлэх юм байна.

    Хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулах дэд бүтэц, хүнд аж үйлдвэрүүд нь манай улсын хөгжлийг түргэтгэх, боловсруулах аж үйлдвэр хөгжүүлэх, импортыг орлуулах, дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг боловсронгуй болгож, төрөлжилтийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.100 хувь төрийн өмчит Хөгжлийн банк хөрөнгөө улсын төсөв болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны зохих хэсгээр бүрдүүлнэ.

    ОЛОН УЛСЫН БООМТЫН ТООГ НЭМНЭ

    Дорнод аймгийн Чойбалсан, Ховд аймгийн Ховд, Өмнөговь аймгийн Даланзадгад, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудлыг зорчигч, ачаа тээврийн харилцааны хилийн олон улсын боомт байхаар тогтлоо. Даланзадгад, Мөрөн хотын нисэх буудлын хилийн олон улсын боомт 2012 оны 5 дугаар сараас ажиллаж эхэлнэ.

    Нисэх буудлуудыг олон улсын боомт болгосноор Улаанбаатараас эдгээр аймгаар дамжин олон улсын нислэг хийж, хоёр хөршийн хил орчмын хотууд руу агаарын харилцаа өргөжин, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжинө гэж Засгийн газар үзэж байна. 

    • Монгол Улсыг хөгжүүлэх сангаас газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлээр олгосон 4 мянган тонн дизелийн түлшийг нөөцөлсөн буудайн борлуулалтаас 2011 оны 6 дугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэх болов.
    • Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж үзэв. 9 зүйл бүхий энэ хэлэлцээрт Ерөнхий сайдыг ирэх оны 1 дүгээр сард Кувейт Улсад албан ёсоор айлчлах үеэр гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
    • БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьсан Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын байрыг Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх боллоо.

    ДОТУУР БАЙРНЫ ХҮҮХЭД ХОНОГТ 1545 ТӨГРӨГИЙН ХООЛ ИДНЭ

     Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг 1545 төгрөг байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
    Мөн сургуулийн өмнөх, бага, дунд, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг хавсралтаар батлав.

     Нэг хүүхдэд ногдох дундаж нормативаар санхүүжүүлэх зардлын гүйцэтгэлийг хүүхэд өдрөөр хянаж зөрүүг хагас, бүтэн жилээр тооцож санхүүжүүлж байхыг сайд Ё.Отгонбаяр, С.Баярцогт нарт даалгалаа. Хүүхдийн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, өдрийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээ, эрүүл ахуйн шаардлага, орчны ариун цэвэрт тогтмол хяналт тавьж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосон байна.

     ЗАСГИЙН ГАЗАР 11 ДҮГЭЭР САРД 4 УДАА ХУРАЛДЖЭЭ

    Засгийн газрын хуралдаанаар 53 асуудлыг хэлэлцэн, 17 асуудалтай танилцаж, Засгийн газрын тогтоол 23, Ерөнхий сайдын захирамж 3-ыг гаргасан байна. 2 асуудлыг Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр, 1 асуудлыг холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр, 1 асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 1 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болж, 7 асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлуулжээ.

    Засгийн газар 11 дүгээр сард 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулсан байна. “Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний жагсаалт”, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг Засгийн газрын тогтоолоор баталжээ.

    “Урьдчилсан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт техник, технологийн болон иж бүрэн шинэчлэлийн 1 дүгээр шатны ажилд шаардагдах 1740.0 сая төгрөгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай гэрээ байгуулан төсвийн зээл хэлбэрээр олгох болсон зэрэг томоохон олон ажил амжуулсан байна.
    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийн явц 2010 оны эхний 3 улирлын байдлаар 64.1 хувьтай байна.

    • “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хийсэн ажил, үр дүнтэй Засгийн газрын гишүүд танилцлаа. Энэ жилийн ажлын хүрээнд бизнес эхлэх үйл ажиллагаа, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээ, татвар төлөх явц болон гадаад худалдааг хөнгөвчлөх, барилга барихад шаардагдах зөвшөөрөл, гарын үсгийн тоог цөөлөх, зээл авах боломж, нөхцөлийг сайжруулах, хөрөнгө оруулагчдыг хамгаалах, бизнесийн гэрээний хэрэгжилтийг сайжруулах зэрэг чиглэлээр бодитой олон ажил хийсэн байна. Жилийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлыг бүрэн хэрэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, агентлагийн дарга нар үүрэг болгожээ.
    • Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн барилгыг шинээр барьж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймагт цусны төв байгуулах, эмнэлзүйн трансфузиологич, иммуногематологийн мэргэжлээр 4 хүн бэлтгэх, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дундговь, Төв, Дархан-Уул аймгийн цусны банкийг үндсэн тоног төхөөрөмжөөр хангахаар шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг 2011-2012 оны төсөвт тусгахыг сайд С.Ламбаа, С.Баярцогт нарт даалгажээ.

  • Ерөнхий сайд болон түүний “цэргүүдийг” шилдгээр тодруулжээ

    Ерөнхий сайд болон түүний “цэргүүдийг” шилдгээр тодруулжээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг 2010 оны шилдэг улстөрч хэмээн тодруулжээ. Төмөр замын 60 жилийн настай гэрээнд салхи оруулсан, их өрийг тэглэсэн, европ стандартыг Монголд нутагшуулах ажлыг эхлүүлсэн Монгол Улсыг олон улсын хөрөнгийн зах зээлд гарах гарцыг нээсэн, Оюутолгой, Тавантолгойн төслийн ажлыг эхлүүсэн зэрэг ажлын үнэлгээгээр Ерөнхий сайд С.Батболдыг судалгаанд оролцсон хүмүүс оны шилдэг улстөрчөөр нэрлэсэн байна.

    Монголын Сайтын холбоо, “Өөрсдийнхөө төлөө өөрсдөө” төрийн бус байгууллага, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тандалт судалгааны төвөөс шалгаруулсан энэхүү шилдэг 10 улстөрчийн жагсаалтад Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт нар багтжээ.

    Хамтарсан Засгийн газрын дөрвөн сайд оны шилдэг улстөрчөөр шалгарсан нь энэ Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа олон нийтэд хүрч, иргэдийн амьдралд ойрхон тусч байгаагийн илрэл гэж зохион байгуулагчид үзэж байгаагаа “Шилдэг, шударга 10 улстөрч”-дөд өргөмжлөл гардуулахдаа хэллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эвлэлдэн нэгдэж, хамтарч ажиллаж чадвал улс орныхоо төлөө ихийг бүтээж, амжилтад хүрч чадахыг энэ судалгааны дүн харуулж байна гэж үзэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ. Тиймээс ирэх жил шилдэг улстөрч гэж биш шилдэг бүтээн байгуулалт, шилдэг төсөл шалгаруулаарай гэж зохион байгуулагчдад хэлсэн нь тэдэнд нэг талаар урам, нөгөө талаар даалгавар өгсөн үг байлаа

  • Ерөнхий сайд аялал жуулчлалд ээлтэй төрийн түшээ боллоо

    Ерөнхий сайд аялал жуулчлалд ээлтэй төрийн түшээ боллооМонголын аялал жуулчлалын холбоо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг “Аялал жуулчлалд ээлтэй төрийн түшээ”–гээр шалгаруулж батламжийг нь гардууллаа. Засгийн газраас 2010 оны 4-р сарын 1-нээс эхлэн Японы иргэдэд 30 хоногийн хугацаатай визгүй зорчих эрх олгосны дүнд энэ онд тус улсаас ирсэн жуулчдын тоо 30 хувиар өссөн. Мөн ирэх оны 3-р сард ХБНГУ-ын Берлин хотноо болох “ITB 2011” үзэсгэлэнд оролцох зардлыг Засгийн газраас гаргахаар болж томоохон дэмжлэг үзүүлсэн.

    Түүнчлэн Монгол Улс, Европын Холбооны хооронд “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” үзэглэсэн нь Европын стандартыг эх орондоо нутагшуулах, Европын зах зээлд гарах боломжийг нээсэн зэргийг нь үнэлж аялал жуулчлалд ээлтэй төрийн түшээгээр тодруулсан байна. Энэ шагнал төр, засгийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг дэмжин, нөгөө талаас аялал жуулчлалын салбарт тавих анхаарал, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх урам итгэл өглөө гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Өнгөрөгч 2008-2009 онд эдийн засгийн хямралын улмаас манай улсад ирэх жуулчдын тоо буурч байсан бол энэ оноос огцом өсч эхэлжээ

  • Төрийн тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

    Төрийн тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүлэвҮндэсний эрх чөлөөний өдрийн 99 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төрийн тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

  • Чөлөөтийнхөн ирэх олимпоос 2 алт авах зорилготой байна

    Чөлөөтийнхөн ирэх олимпоос 2 алт авах зорилготой байнаЧөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Лондоны олимпоос 2 алтан медаль авахаар зорьж байна. Амжилтад хүрэхийн тулд бэлтгэл сургуулилтаа шаардлага хангасан танхимд хийх шаардлагатай байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод уламжиллаа. Монголын чөлөөт бөхийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайдад бараалхаж энэ талаар санал солилцов.

    Спортын ордны А танхимыг Чөлөөт бөхийн холбооны мэдэлд 2012 он хүртэл өгөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг тэд Ерөнхий сайдаас хүслээ. Холбооныхон өөрийн хөрөнгөөр энэ танхимыг засварлаж, бэлтгэл сургуулилт хийх шаардлага хангасан байртай болохоор төлөвлөсөн байна.

    Олимпоос медаль авах том эрх ашгийн төлөө хамтран ажиллана. Спортыг эртнээс дэмжиж ирсний хувьд Чөлөөт бөхийн холбооныхны хүсэлтийг бодит ажил хэрэг болгоход туслана гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Мөн ахмад, дунд, залуу гурван үе хамтарч зүтгэн олон сайхан ялалтаар ард түмнээ баясгаж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлсэн байна.

    2011 он чөлөөтийнхний хувьд гялалзсан амжилтын жил болж тив, дэлхийн аваргаас алтан медаль, оролцсон бусад тэмцээн бүрээс 4-5 медаль хүртэж, Чөлөөт бөхийн холбоо шилдэг холбоогоор шалгарсанд Засгийн газрын тэргүүний хувиар болон тамирчдын багийн нөхрийн хувьд баяр хүргэж, ирэх жилийн дэлхийн аварга, 2012 оны Лондоны олимпод улам их амжилт гаргахыг тэрээр хүсэн ерөөв.

    Гараа сайн бол бариа сайн гэдэг. Улс мөнгөгүй, бизнес эрхлэгчид ч хөрөнгө муутай байсан үед чөлөөт бөхийг дэмжиж, удирдлагаар нь ажиллаж байсанд Чөлөөт бөхийн холбооныхон Ерөнхий сайдад талархаад тэр цагаас өнөөг хүртэл  медалийн буухиа тасраагүй гэлээ. Уулзалтын үеэр 2012 онд Лондон хотноо болох олимпийн наадам, олимпийн эрх авах томоохон тэмцээн, бэлтгэл сургуулилтын талаар ярилцав

  • Ололт амжилтаа бататгахыг Ерөнхий сайд нийт гаальчдаас хүслээ

    Монгол Улсын гаалийн байгууллага 2010 онд хийсэн ажлаа дүгнэж онцлох 10 ажлаа тодруулснаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өнөөдөр танилцууллаа. Мэдээллийн технологийг нэвтрүүлэх ажилд эргэлт гаргалаа. Энэ нь гадаад худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхэлж байгаа хүмүүсийн цаг зардлыг хэмнэсэн чухал арга хэмжээ болсон. Монгол Улсын нийт ард иргэдэд ач холбогдолтой зүйл боллоо. Ингэснээр манай байгууллага мэдээлэл технологийн чиглэлээр олон улсын түвшинд хүрлээ гэж Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав хэллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ уулзалтын үеэр гаалийн байгууллага гүйцэтгэж буй үүргийн хувьд ч, улсын төсөвт оруулж буй орлогын хувьд ч Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг сайшаалаа.  Өнөөдөр гаалчид 847 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 150 тэрбум төгрөгөөр давуулан  биелүүлжээ.

    Үйл ажиллагаагаа нээлттэй илүү чадварлаг болгосон гэж танилцуулж байна. Мэдээллийн технологийг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа үр өгөөжтэй болгож байгаа зэрэг нь танай байгуууллага,  хамт олны үйл ажиллагаа сайжирч байгаагийн нэг илрэл гээд цаашид зөв зүйтэй ажлуудаа улам баталгаажуулах, бизнес эрхлэгчид, иргэдэд үйлчлэх үйлчилгээнд гарч байгаа нааштай алхмуудаа улам сайжруулж шуурхай болгохыг Засгийн газрын тэргүүн үүрэг болголоо.

    Гаалийн байгууллагаар үйлчлүүлж байгаа байгууллага, бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийн зүгээс гаальчидтай холбоотой гомдол санал  цөөрсөн нааштай үзүүлэлт байна. Төрийн байгууллагын үйлчилгээг  иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлж, тэдэнтэй нүүр тулж ажилладаг хүмүүс бол гаалийнхан. Тиймээс иргэдтэйгээ харилцааны зөв соёлтой, хуулийн дагуу ажиллах, энэ жилийн үнэлгээнүүдээ тогтворжуулж, хэвшмэл болгох, улам бэхжүүлэх ажилд ирэх жилд анхаарахыг хүслээ.

    Түүнчлэн бага орлоготой, нэг удаагийн эргэлтийн мөнгөөр бизнес хийж байгаа иргэддээ зохих хөнгөлөлтүүд үзүүлэх ийм боломжийг судалж, ажил хэрэг болгохыг Засгийн газрын тэргүүн онцоллоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудалд сэтгэл зовниж байгаагаа энэ үеэр мөн илэрхийлээд манай улсын хүн амын 70 хувь нь залуучууд. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарахыг үүрэг болгоод хар тамхи, мансууруулах бодис хилээр оруулахаас сэргийлэх, илүү анхаарал тавих хэрэгтэй гэлээ.

    Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд чамгүй олон ажлыг зохион байгуулсан  гаалийн байгууллагынханд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд гаалийн байгууллагын нийт ажилтан, ажилчдад ажлын амжилт хүслээ. Мөн үйл ажиллагаа сайжирч орлого нэмэгдэхийн хэрээр мэргэжилтнүүдээ чадавхижуулах, нарийн мэргэжлийн чиглэлээр сургалтад хамруулах, гадаад оронд туршлага судлах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган дэмжиж ажиллахыг Сангийн сайд болон Гаалийн ерөнхий газрын даргад зөвлөлөө.

  • С.Батболд: Хайр халамжийн гадна нэг ч хүүхэд үлдэх учиргүй

    С.Батболд: Хайр халамжийн гадна нэг ч хүүхэд үлдэх учиргүй Монгол Улсын хүүхэд бүрт төр засгийн, аав ээжийн хайр халамж хүрч байх учиртай. Энэ хайр халамж, халуун дулаан элчийн гадна нэг ч хүүхэд үлдэх ёсгүй. Үүний төлөө төр засаг, багш нар, эцэг эх бид нар ажиллах ёстой гэж Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны шилдэг хүүхдүүд болон “Хүүхдийн нөхөр буяны эзэн”-ээр шалгарсан хүмүүст шагнал гардуулах үеэр хэллээ.

    Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй энэ үед Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний комиссоос тухайн жилд авьяас зүтгэл, ажил үйлс, сурлага, урлаг, спортын амжилтаараа шалгарсан тэргүүний хүүхдүүдээ Төрийн ордонд хүлээн авч, шагнал гардуулдаг уламжлал бий.

    Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд болсон энэхүү ажиллагаанд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, тус зөвлөлийн дэд тэргүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд нар оролцож, Монгол орныхоо өнцөг булан бүрээс бүтээл авьяасаараа онцгойрон шалгарч ирсэн хүүхдүүдэд шагнал гардууллаа. Мөн хүүхдийн төлөө сэтгэл зүрхээрээ ажилладаг “Хүүхдийн нөхөр буяны үйлстэн” өргөмжлөл хүртсэн томчуудад баяр хүргэлээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  2010 онд ажил үйлс, сурлага, урлаг спортын өндөр амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлан, бахархал болж  шалгарсан хүүхдүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, ололт амжилтаа ирэх жилд улам бататгаж илүү өндөр амжилтад хүрэх ерөөл өргөлөө.

    Мөн хүүхдийн нөхөр буяны үйлстэн та бүгдийн сайхан сэтгэл зүтгэл, ариун үйлс тань улам үр өгөөжөө өгч, хүүхдүүдийн маань амьдрал улам өөдрөг байх болтугай гэсэн ерөөл дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд энэ үеэр Монголынхоо нийт хүүхэд багачууд болон хүүхдийн төлөө буяны үйлс хийж байгаа сайхан сэтгэлт хүмүүст талархал дэвшүүлж мэндчиллээ.

    2010 оны шилдэг хүүхдээр,
    Урлаг, уран бүтээлийн номинац
    • Дорноговь аймгийн Сайншанд сумын Хоёрдугаар сургуулийн долдугаар ангийн сурагч Батхүүгийн Билгүүн
    • Булган аймгийн Булган сумын харьяат, Эрээн хотын Монгол үндэсний дунд сургуулийн сурагч Батбаярын Долгор
    • Нийслэлийн “Олонлог төв” сургуулийн сурагч Алдарцогтын Орхонтуул

    Сурлагын амжилт, танин мэдэхүйн номинац
    • Ховд аймгийн Жаргалант сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Алтангэрэлийн Баясгалан
    • Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн сурагч Батсайханы Батхуяг

    Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс номинац
    • Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Нямдоржийн Нямбаяр

    Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хөдөлгөөн номинац
    • Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн сурагч Баярсүрэнгийн Билгүүн
    • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р сургуулийн сурагч Адъяагийн Цолмончимэг

    Бүтээлч, мэргэжлийн чиг баримжаа номинац
    • Нийслэлийн Ирээдүй цогцолборын 1-р ахлах сургуулийн сурагч Отгонбаярын Оюунтөгс

    Биеийн тамир, спортын номинац
    • Өмнөговь аймгийн Даланзадгад сумын сурагч Отгончулууны Сүхболд
    • “Галакси” дунд сургуулийн сурагч Өлзийбаярын Дүүрэнбаяр
    • Нийслэлийн 45 дугаар сургуулийн сурагч Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ
    • Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Бат-Эрдэнийн Оюунсувд
    • Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн сурагч Пүрэвийн Болортуяа
    • Биеийн тамирын дээд сургуулийн оюутан Баатарзоригийн Батцэцэг
    • Биеийн тамирын дээд сургуулийн оюутан Ганбатын Эрдэнэболд
    • Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн сурагч Мөнхбаатарын Нямжаргал
    • Төв аймгийн Зуунмод хотын “Хүмүүн” цогцолбор сургуулийн сурагч Батхүүгийн Сумъяабазар
    • Баян-Өлгий аймгийн Бастама ахлах сургуулийн сурагч Хуатын Ерган

    Эр зориг, авхаалж самбаа номинац
    • Дорнод аймгийн Баян-Уул сумын сурагч Алтангэрэлийн Уранбаяр нар тус тус шалгарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.