Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Нэгдсэн Орос намын Дээд Зөвлөлийн дарга, ОХУ-ын Төрийн Думын дарга Б.Н.Грызловтой уулзлаа. Ноён Грызлов Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг ордныхоо гадна хүндэтгэн угтаж ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал нь амжилттай болж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын эхэнд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ Монгол Ардын Намын гадаад харилцааны үндсэн тэргүүлэх чиглэлд хөрш орны эрх баригч улс төрийн намуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх эн тэргүүний зорилт байдгийг дурьдав.
Түүнчлэн хоёр намын хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах болсонд баяртай байгаагаа тэмдэглээд энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр намын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөн агуулгаар баяжиж, шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
ОХУ-ын Нэгдсэн Орос намын Дээд Зөвлөлийн дарга, ОХУ-ын Төрийн Думын дарга Б.Н.Грызлов МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой санал нэг байгаагаа хэлээд улс орныхоо хөгжлийн бодлого тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж байгаа улс төрийн хүчин уугуул нэрээ сэргээсэнд нь баяр хүргэв. Уулзалтаар Ерөнхий сайд Төрийн Думын дарга нар хоёр улсын улс төр, нийгэм эдийн засгийн асуудлаар харилцан мэдээлэл сонсож, парламентийн гишүүдийг харилцан туршлага судлуулах, мэргэжилтэн солилцох зэрэг асуудлаар тохиролцов.
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзав. Ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар өөрсдийн төгссөн сургууль болох Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн тухай, оюутан насныхаа дурсамжаа ярилцаж нөхөрсөг уур амьсгалаар уулзалт яриаг эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Москва хотын Олон Улсын харилцааны дээд сургуульд зочилж эрдэмтэн, багш оюутнуудад “Монгол Улс ба Зүүн Хойд Ази” сэдэвт лекц уншив. Ерөнхий сайд С.Батболд 1986 онд тус сургуулийг төгссөн бөгөөд 24 жилийн дараа дахин сургуульдаа зочлон ирсэндээ сэтгэл их хөдөлж байгаагаа хэлээд сургуулийнхаа хамт олонд ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод тус улсын Тээврийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга И.Е.Левитин бараалхлаа. Уулзалтын үеэр хоёр улсын харилцааны тулгамдсан асуудлууд, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов
Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын тус улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. Ерөнхий сайд С.Батболдыг Москва хотын “Внукова” олон улсын нисэх онгоцны буудалд буухад хүндэт харуул жагсаж, хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэлээ.
Манай улсад ажиллах хугацаа нь дуусч бүрмөсөн нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын захирал Адриан Рутенбергийг хүлээн авч уулзав. Азийн хөгжлийн банк манай улсыг зах зээлийн харилцаанд шилжсэн цагаас эхлэн тууштай дэмжиж, олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүнд Суурин төлөөлөгчийн газрын захирлын оруулсан хувь нэмэр их гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар 2010 оны 12 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсоор айлчилна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинтэй яриа хэлэлцээ хийж, бусад удирдах хүмүүстэй уулзан, Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан Тунхаглалын үзэл санааны дагуу хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.