Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Залхуурахгүй, худлаа ярихгүй байх нь хамгийн чухал

    Залхуурахгүй, худлаа ярихгүй байх нь хамгийн чухал “Ерөнхий сайд танаас хүн болгон ямар нэг зүйл хүсдэг байх.  Харин танд биднээс хүсэх зүйл байна уу” гэж “Монгол омогшил” реалити нэвтрүүлгийн  нэгэн оролцогч өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос асуулаа. Засгийн газрын тэргүүн залуугийн асуултад хариулахдаа залуучууд та нараасаа хоёрхон зүйл хүсье. Битгий залхуураарай. Хүн болгон залхуу байдалтай тэмцэх учиртай. Мөн залхуурлын ногдол ашиг нь ядуурал байдаг гэдгийг манай ахмад үеийнхэн хэлдэг гэлээ. Нөгөө нэг хүсэх зүйл нь худлаа хэлэхгүй, бодит байдлаа бодит мэдээлэлтэй ярьдаг байгаасай гэж хувь хүний хувьд бодож явдаг тухайгаа Монгол омогшлоор овоглосон залуустай уулзахдаа зөвлөлөө. Хариултын төгсгөлд тэрбээр залхуурахгүй, худлаа хэлэхгүй байвал манай улс хөгжинө өө. Энэ хоёр зүйлийг нийгэмд хэвшил болгоход залуус та бүхэн туслаарай гэлээ.

    Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, “Шинэ хөгжил” хүрээлэн, “G intertainment” студи, UBS телевиз хамтран зохион байгуулж байгаа Илтгэх урлагийн үндэсний уралдааны ялагчийг тодруулах “Монгол омогшил” реалити шоу үзэгчдэд хүрээд сар гаруйн хугацаа болж байна. Анхлан 500 гаруй залуус оролцсон энэхүү шоу нэвтрүүлэгт 30 оролцогч шалгарч үлдээд байгаа юм байна.

    Ерөнхий сайдтай уулзсан эдгээр залуус Засгийн газрын тэргүүнээс боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого болон цаг үеийн олон асуулад хариулт авсан. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд чухам юугаар омогшиж явдаг талаар ч асууж сонирхлоо. Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл  бүхий нэвтрүүлэг энэ сарын 19-ний ням гаригт UBS телевизээр гарах юм байна

  • Оюутолгойн төсөл монголын ард түмэнд ашигтай байгаа гэдгийг Засгийн газар нотоллоо

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Оюутолгой төслийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Учир нь өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайд С.Баярцогт болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар  Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрийн үр дүнг  танилцуулсан юм.

    Ерөнхий сайд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлэхдээ гэрээнд заасан  монголын талын 34 хувь буурсан зүйл огт байхгүй , хэвээр байгаа гэдгийг хатуу хэллээ.  Мөн түүнчлэн Засгийн газрын тэргүүн хэлэхдээ “ Оюутолгойг хөдөлгөх ёстой гэдэг дээр хүн бүр санал нэг байгаа. Харин ингэхдээ Монгол улсад, Монголын ард түмэнд ашигтай байх зарчмыг бид хатуу барих ёстой.

    Энэ үүднээс Оюутолгойн зарим заалтыг эргэж харья, алдаа байвал цаг алдалгүй засч залруулъя гэсэн байр суурь дээр  Ерөнхий сайдын хувьд  би хатуу зогсч байгаа. Тиймээс гэрээг монгол улсдаа илүү ашигтай байдлаар өөрчлөх талаар хөрөнгө  оруулагчидтай ажиллаж, тохиролцох үүрэг даалгаврыг энэ оны гуравдугаар сараас өгсөн.

    Бүр тодруулбал 2010 оны 8 дугаар сард болсон Хувь нийлүүлэгчдийн хурлаар санхүүжилтийн хүүг бууруулах арга хэлбэр, хувилбарыг судалж Төлөөлөн удирдах зөвлөлийн 12 дугаар сарын хурлаар Монголын талд танилцуулахыг хөрөнгө оруулагч талд хурлын тогтоолоор үүрэг болгосон” гэдгийг тэмдэглэсэн юм.

    Мөн хуралдааны төгсгөлд Монгол улсын ерөнхий сайд С.Батболд “Хөрөнгө оруулагч талтай хийсэн яриа хэлэлцээний үр дүнд Оюу толгойн төслийн санхүүжилтийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулах, давуу эрхийн хувьцааны гэрээнд тусгагдсан асуудлыг өөрчлөх, хөрөнгө оруулагч талууд өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа захиран зарцуулахдаа МУ-ын Засгийн газраас зөвшөөрөл авахаар болсон “ гэдгийг онцоллоо.

    Түүнчлэн үүнтэй уялдуулан холбогдох санамж бичиг, гэрээний нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурах эрхийг холбогдох сайд нарт өгсөн гэдгийг тэмдэглэсэн юм. Эдгээр нөхцөлөөр хувь нийлүүлэгчдийн гэрээг шинэчлэх ажил энэ оны эцэс хүртэл хийгдэх болно. Ямарч байсан Монгол улсын Ерөнхий сайдын хувьд би Оюутолгой төсөл Монголын ард түмэнд , Монгол улсад ашигтай байх тал дээр цаашид ч хатуу анхаарч ажиллах болно гэдгийг дахин  тэмдэглэлээ.

    Энэхүү яриа хэлэлцээний үр дүнд төслийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээг АНУ-ын инфляци нэмэх нь 9.90 хувиас Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBORнэмэх нь 6,50 хувь хүртэл бууруулахаар харилцан тохиролцоод байна. Өнөөдрийн байдлаар энэ нь 12 орчим хувиас 6.8 хувь болтол буурга гэсэн үг юм. Энэ нь олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн газрын болон төрийн өмчит оролцоот аж ахуйн нэгжүүдэд олгодог санхүүжилтын урт хугацааны зээлийн хувь хэмжээтэй дүйцэхүйц Монголын талд илүү үр өгөөжтэй хэлцэл болсон гэдгийг Сангийн сайд дурдлаа

  • Засгийн газрын хуралдаан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болж дараах асуудлуудыг шийдлээ

    ШАТАХУУНЫ ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАНА 

    Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензины тонн тутамд 150 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 190 00 төгрөг болгож, АИ-92 автобензины тонн тутамд 170 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 230 000 төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

    Харин дизелийн түлшинд 20 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээж 2010 оны 12-р сарын 10-ны өдрөөс эхлэн ногдуулахаар, бусад алслагдсан боомтоор орж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр болов.

     Ингэснээр дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнэ харьцангуй тогтвортой байх боломж бүрдэж байна. ОХУ-аас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний үнэ 2010 оны 12 дүгээр сард А-80 автобензин тонн тутамдаа 25 ам. доллар, АИ-92 автобензин 43 ам. доллараар буурч, дизелийн түлшнийх 10 ам. доллараар өсчээ.

    “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН СҮЛЖЭЭ” ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны удирдлагад даалгалаа. Шаардагдах хөрөнгийг 2011 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн төсвийн төсөлд тусгах, хувийн хөрөнгө оруулалтыг татах, хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нар болон байгууллагад үүрэг болгов.

    Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 2 дугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгожээ. Түргэн тусламжийн үйлчилгээг үр дүнтэй бүтэц, зохион байгуулалтад оруулах, менежментийг нь сайжруулах, техник, багаж тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, энэ салбарт ажиллагсдын мэдлэг, чадварыг дээшлүүлэн олон улсын жишигт ойртсон нэгдсэн тогтолцоо бий болгохын тулд энэ хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрийг 2010-2016 онд хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо.

    Манай улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгааны дотор яаралтай тусламж шаардлагатай цусны эргэлтийн тогтолцооны өвчин, осол гэмтэл ордог. Гэтэл түргэн тусламжийн автомашин хуучирсан, багаж тоног төхөөрөмж муу, дэд бүтэц, үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж дутмаг, салбарын эмч, мэргэжилтэн нь яаралтай тусламжийн технологи, арга барилыг бүрэн эзэмшээгүй, яаралтай түргэн тусламжийн мэргэшсэн эмч, сувилагч, ажилтанг тусгайн бэлтгэх тогтолцоо бүрдээгүй байгаа юм.

    Түргэн тусламжийн дуудлагын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд жилд дунджаар 600 гаруй мянган дуудлага гардаг байна. Өнгөрсөн оны байдлаар 480 гаруй мянган өвчтөнд газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлсэн бол 2220 тохиолдолд эмч очихоос өмнө өвчтөн нас баржээ. Улсын хэмжээнд үйлчилж байгаа түргэн тусламжийн автомашины 90 гаруй хувь нь зориулалтын дагуу тоноглогдоогүй. Олон улсад 10 мянган хүн тутамд түргэн тусламжийн нэг баг үйлчилдэг бол нийслэл хотод гэхэд л өдөрт 40 хүрэхгүй автомашин үйлчилж байгаа нь 3 дахин бага гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хүлээн авсан нийт дуудлагын 76 хувь нь 20 минутаас дээш хугацаагаар хүлээгдэж байна. Эмнэлгийн түргэн тусламжийн салбарт 719 хүн ажиллаж байгаагийн 185 нь их эмч, 56 нь бага эмч, 126 нь сувилагч, 277 нь жолооч юм.

    ЗАСГИЙН ГАЗАР 600 ГАРУЙ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА

    Монгол Улсын Засгийн газар 2010 онд 581 асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж 12-р сарын 1-ний байдлаар 61 удаа хуралджээ. Энэ хугацаанд 834 асуудлыг хуралдаанаар оруулж, үүнээс 604 асуудлыг хэлэлцэж, 230 асуудалтай танилцсан бөгөөд Засгийн газрын тогтоол 314, Ерөнхий сайдын 90 захирамж гаргасан байна. 79 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 43 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 14 асуудлыг УИХ-ын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 8 асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 23 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болж, 47 асуудлыг хэлэлцэхээ хойшлуулжээ.

    БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ БАТЛАВ

    Дорнод аймгийн нутаг, “Баянтүмэн-XVII” талбайд Газрын тосны газар, “Магнай трейд” ХХК-тай 2009 оны 12 дугаар сарын 23-нд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталлаа.  Ингэснээр газрын тосны үндэсний компаний хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр хайгуул хийж, энэ талбайг хамарсан геологи, геофизикийн анхдагч мэдээлэл, судалгаатай болно. Цаашид газрын тосны хайгуул эрчимтэй өрнөж, цар хүрээ нь тэлэхийн зэрэгцээ улсын төсөвт оруулах орлого нэмэгдэх, ажлын байр шинээр бий болох зэрэг ач холбогдолтой юм.
     “Магнай трейд” компани нь хайгуулын 5 жилд 28,9 сая ам доллар  зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд туслан гүйцэтгэгчээр манай улсын “Хэт”, “Рэдхил Монголия”, Австрали-Английн хамтарсан “Би Эйч Пи Биллитон” компани ажиллахаар урьдчилсан байдлаар тохиролцсон байна.

     Бүтээгдэхүүн  хуваах гэрээний үндсэн үзүүлэлт болох нөхөн сэргээгдэшгүй байгалийн баялаг ашигласны төлбөрийг 10 хувиар, өртөг нөхөлтийг 40 хувиар, сургалтын зардлыг хайгуулын 5 жилд нийт 60 мянга, Засгийн газрыг дэмжих санд жил бүр 5 мянга, олборлолт эхэлсний урамшуулалд 20 мянга, гарын үсгийн урамшуулалд 5 мянган ам доллар, Бүтээгдэхүүн хуваалтыг Засгийн газар 40 хувь, гэрээлэгч 60 хувиар эхэлж, цаашид олборлолтын хэмжээтэй уялдуулан Засгийн газарт ногдох хувийг нэмэгдүүлэхээр болжээ.

    Мөн “Дарьганга-XXIV” талбайд Газрын тосны газар, “Апекспро Инвестмент Лтд” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах эрхийг Газрын тосны газрын дарга Д.Амарсайханд олголоо. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцлүүдийг сайжруулах, гэрээний төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцээ хийж, роялти /байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлбөр/ 10 хувь байсныг 10,75 хувь, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүн хуваалтын доод хэмжээ 40 хувиас эхэлж байсныг 43 хувиар эхлүүлж, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүний дээд хэмжээ 60 хувь байхаар харилцан тохиролцсон байна.  

    ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ

    Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал болон иргэдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах эрх зүйн орчин бий болох юм.

    Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөсний дагуу хуулийн төслийг боловсруулсан байна.

    ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭН ДЭМЖЛЭЭ

    Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогын шинэчилсэн төслийн тухай УИХ-ын тогтоолийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов. Соёлын үйл ажиллагаанд үндэсний агуулгатай тухайн цаг үеийг тодорхойлсон, ирээдүй рүү чиглэсэн хэв загварыг бий болгож төлөвшүүлэх, үндэсний хөгжил, нийгэм, эдийн засагт соёл урлагын салбарын оруулах хувь нэмэр, эзлэх байр суурь, үр ашгийг дээшлүүлэх шаардлага тулгарч байна.

    Энэ дагуу үндэсний эрх ашгаа хамгаалах, улс үндэстний аюулгүй байдлыг бататгахад чиглэсэн соёлын стратегийн зорилтуудаа шинээр томъёолж, тулгарч буй бэрхшээл, тэдгээрээс хамгаалахад чиглэсэн, соёлын тогтвортой хөгжлийг хангах зорилго, зорилт, зарчим, бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлон тусгасан соёлын бодлогыг шинэчилсэн төслийг боловсруулжээ.

    ЧУЛУУНЫ ГАНХУЯГИЙГ САНГИЙН ДЭД САЙДААР ТОМИЛЛОО

    Засгийн газрын хуралдаанаас Чулууны Ганхуягийг Сангийн дэд сайдаар томиллоо.
    Ч.Ганхуяг 1973 онд төрсөн. Ам бүл 5. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
    1991 онд Нийслэлийн 23 дугаар тусгай дунд сургууль, 1997 онд Унгар Улсын Будапешт хотын Эдийн засгийн их сургууль төгссөн. АНУ, Египет, Бангладеш, ХБНГУ-д санхүүгийн менежмент, удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Эдийн засагч мэргэжилтэй. Орос, англи, унгар хэлтэй.
    Ч.Ганхуяг нь :
    • 1991-1992 онд Монголын Хөрөнгийн биржид арилжааны хянан шалгагч
    • 1997-1998 онд Монгол банк (Төв банк)-нд хянан шалгагч, улсын байцаагч
    • 1998-1999 онд НYБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “МикроСтарт” төслийн санхүүгийн менежер
    • 1999-2001 онд “Хөгжлийн Алтан Сан” ХХК-ийн менежер, гүйцэтгэх захирал
    • 2002-2009 онд “Хас” банкны гүйцэтгэх захирал,
    • 2009 оны 1 дүгээр сараас “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр  ажиллаж байсан юм

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын МҮХАҮТ-ын XVIII Их хуралд хэлсэн үг

    С.Батболд: МҮХАҮТ эх орныхоо бизнесийн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан нэр хүндтэй байгууллага боллоо

    Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын нийт гишүүд,дэмжигчид ээ,

    XVIII их хурлын зочид, төлөөлөгчид өө,

    Бизнес эрхлэгчдийнхээ итгэлийг тээж Монгол Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхаа XVIII Их хуралд оролцож буй төлөөлөгчид та бүхэндээ чин сэтгэлийн баярын мэндийг хүргэе. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь эх орныхоо худалдаа, үйлдвэрлэл, бизнесийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй манай улсын нэр хүнд бүхий, томоохон байгууллага болсон нь бизнес эрхлэгчид та бүхний хичээл зүтгэл, идэвхи санаачлагын үр дүн билээ.  Та бүхэн үйл ажиллагаагаараа ч, үйлс бүтээлээрээ ч, нэгдэн нийлэх арга хэлбэрээрээ ч нийгмийн хөгжлийн манлайд нь явж ирсэн.

    Бизнес эрхлэгч та бүхний санаачлагаар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын саналаар Монгол улсын Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.

  • Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн мотор аслаа

    Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн мотор аслаа “Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн мотор асч, хүчээ авч эхэллээ. Тас цавчих арга хэмжээний эхний  сайн үйлдлүүд гарлаа ” гэх энэ дүгнэлтийг төрийн албан тушаалтнууд биш Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болоод Ажил олгогч эздийн нэгдсэн холбооныхон  гаргалаа. Өнөөдөр төрийн ордонд болсон “ Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий зөвлөлийн гуравдугаар хуралдааны үеэр ийм дүгнэлт хийлээ.

    Тус хуралдааныг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд даргалсан бөгөөд  энэ ажлыг эхлүүлснээр бизнесийн орчин  шууд сайн болчихгүй зөвхөн суурь тавигдаж байгааг , бас он дууссанаар энэ ажил дуусахгүй цааш үргэлжилнэ   гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр хэлсэн үгэндээ бизнесийн шинэтгэлийн жилийн хүрээнд бизнесийн орчинг  сайжруулах, төрийн үйлчилгээг ил тод ойлгомжтой болгон хөнгөвчлөх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарсныг зарим тоо баримтаар дурьдлаа.

    Тухайлбал, хот байгуулалтын мэргэжлийн зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулснаар 10 гарын үсэг хоёр болсон бол, барилгын бизнес эрхлэхэд шаардагддаг зөвшөөрлийн гарын үсэг 16 байснаа зургаа болж цөөрснийг , мэргэжлийн хяналтын байцаагч нарын гарын үсэг наймаас дөрөвт хүрснийг энд онцлов. Түүнчлэн  бизнес эрхлэгчдийн өдөр тутам харьцдаг гааль, мэргэжлийн хяналт, татвар, бүртгэлийн үйлчилгээ нэг цэгийн үйлчилгээнд шилжиж, цаашид энэ ондоо багтаан тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөлөх чиглэлээр тодорхой алхам хийгдэх болно гэдгийг тэмдэглэлээ. 

    Хуралдаан дээр Үндэсний хөгжил шинэтгэлийн хороон дарга Ч. Хашчулуун  энэ чиглэлээр тодорхой  ажлууд хийгдэж байгааг мөн хэллээ.  Харин энэ ажлын хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч , шадар сайд М.Энхболд хийсэн мэдээлэлдээ  нийт 11 яам , 25 агентлагаас ирүүлсэн 337 зөвшөөрлийн жагсаалт гаргасныг дуулгаад, үүнээс 107 зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар санал боловсруулаад байгааг тэмдэглэж байлаа. 

    Өөрөөр хэлбэл эдгээр зөвшөөрлийн 35.6 хувь нь  Засгийн газар,яам,засгийн газрын агентлагаас олгож байгаа зөвшөөрөл бөгөөд эдгээрийн гуравны нэгээс илүү хувийг хүчингүй болгож байгаа гэсэн үг юм.  Төрөөс олгож байгаа зөвшөөрлийн тоог бууруулах, хүнд суртлыг багасгах бас нэг арга нь зөвшөөрөл олгох эрхийг төрийн бус байгууллагад шилжүүлэх явдал гэж ажлын хэсэг үзэж буйгаа ч энд тэмдэглэж байсан. Барилга барихын тулд 114-120 албан тушаалтны гарын үсэг, зөвшөөрлийг авч, энэ ажилд дунжаар 480 гаруй хоног зарцуулдаг гэх судалгаа байдаг бөгөөд, гарын үсгийг  56 болгож, хоногийн тоог 182 хоног болгож бууруулах бололцоо бийг ч шадар сайд дурьдаж байсан. Мөн эдгээр ажлыг хийхэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль гэх мэт 20 гаруй хуульд өөрчлөлт оруулах болж байгааг ч тэмдэглэж байсан юм.

    Харин Ажил олгогч эздийн холбооны Ерөнхийлөгч Жанцан гуайн дурьдсанаар энэ ажил цаашид үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, төрийн албаныхны хатуу чих, хүнд суртал зөөлөрч, бизнесийнхний үгийг сонсдог болсон нь  2010 оны хувьд хамгийн том амжилт гэдгийг тэмдэглэсэн юм. Эцэст нь Ерөнхий сайд эдгээр мэдээллийг сонссоны дараа  “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хариуцаж байгаа салбарын хэмжээнд эрчимжүүлж,  холбогдох хууль тогтоомж,  хуулийн нэмэлт өөрчлөлт, бодлого хөтөлбөрийг 12 дугаар  сарын 20-ны дотор  багтаан засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

    Мөн “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд бизнесийн шинэтгэлтэй холбоотой шинээр боловсруулж байгаа болон нэмэлт  өөрчлөлт  оруулах хуулийн тогтоолын төслийг 2010 оны УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг хуралдааны төгсгөлд тэмдэглэж, үүрэг болголоо

  • Ерөнхий сайд TWITTER-ээр ард иргэдтэйгээ харилцана

    Ерөнхий сайд TWITTER-ээр ард иргэдтэйгээ харилцана Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өөрийн TWITTER акаунтаа нээж, иргэдтэйгээ харилцах нэгэн боломж  нээгдлээ. Шилдэг блогчдыг шалгаруулах  ёслолын ажиллагааны үеэр уг үйл явдал болсон юм. Залуучуудаас  олон сайхан  санал  TWITTER-ээр ирнэ  гэдэгт итгэлтэй байгаагаа  Ерөнхий сайд энэ үеэр  тэмдэглэж, ажил хэрэгч бүтээлч  санаачилгыг боловсруулан төр засгийн бодлогодоо тусгах  боломжтой гэдгийг  тэмдэглэж байв. Түүний TWITTER нээгдэнгүүт  асуулт олноороо ирсэн бөгөөд цаг зав гаргаж байгаад эдгээрт өөрийн биеэр хариулахаа  амаллаа.

    Нийгмийн идэвхтэй хэсэг болсон мэдлэг боловсролтой, ажил хэрэгч хүмүүс интернэтийг өргөнөөр ашиглаж, блогоор дамжуулан өөрсдийн үзэл бодол, мэдээ мэдээлэл,санал бодлоо солилцож байна. Хөгжлийн үе шат, орон зай, газар нутаг,цаг хугацаанаас үл хамаарсан энэ идэвхтэй  нийгмийн харилцааг иргэн хүнийхээ хувьд ч, Засгийн газрын тэргүүний хувьд дэмжиж явдгаа ёслолын ажиллагааны үеэр  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд, иргэдтэйгээ ойрхон байх бас нэг бололцоог нээж өглөө гэдгийг дурдаж байлаа.

    Мэдлэгээр баялгийг бүтээх нийгмийн харилцааны хэлбэр гэж  зохион байгуулагчид  блогийг тодорхойлсон бөгөөд  энэ утгаараа хувь хүний вэб мэдээлэл интернэтийн орчин дахь хамгийн идэвхтэй харилцааны нэг болж чаджээ. Өнөөдрийн байдлаар монголд  400  мянга орчим  блогчид байдаг юм байна. Ёслолын  ажиллагаанд соушл нетворкийн гол төлөөлөл болсон нийгэм, улс төр болоод мэдээлэл технологийн мэргэжилтнүүд,монголын шилдэг зуу гаруй блогч урилгаар оролцож, санал бодлоо хуваалцлаа

  • ТОП-10 улс төрчийн жагсаалтыг С.Батболд тэргүүлж, С.Баяр удааллаа

    Сант Марал сангийн дэргэдэх судалгааны төвөөс монголын улс төрд орон зайгаа эзэлсэн ТОП- 10 улс төрчийн рейтингийг тодорхойлох судалгааг хийсэн байна. Судалгааг Улаанбаатар хотод явуулж, шилдэг улс төрчдийг тодруулжээ. Ингэхдээ энэ оны дөрөвдүгээр сарын байдлаарх үзүүлэлттэй харьцуулан дүнг гаргасан байна. Улаанбаатар хотод хийсэн судалгаанд оролцогчдын 18 хувь нь Ерөнхий сайд С.Батболдыг нэрлэж, тэрбээр рейтингээрээ нэгдүгээрт бичигдсэн бол, Ерөнхий сайд асан С.Баяр удаалж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравдугаарт оржээ.

    Түүнчлэн Н.Энхбаяр, С.Оюун, Н.Багабанди, З.Алтай, Б.Жаргалсайхан, Х.Тэмүүжин, Л.Гүндалай нарын улс төрчид Улаанбаатар хотод явуулсан судалгааны үр дүнгээр ТОП-10 улс төрчдөөр тодроод байна.

  • Тамирчдынхаа бахдам амжилт, ялалтын торгон агшныг нүдээр үзэх боломж бүрдлээ

    Тамирчдынхаа бахдам амжилт, ялалтын торгон агшныг нүдээр үзэх боломж бүрдлээ Амжилт алдрын хөлс, ард түмний сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх  5 мянга гаруй хүний суудалтай их спортын ордон яармагийн дэнжид  сүндэрлэлээ.
    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд цогцолборыг нээж хэлсэн үгэндээ Олимпийн их наадам, тив дэлхийгээс алт, мөнгөн медальтан олноор төрөн гарч, Монгол хүний эрч хүч, эр зориг, авахаалж самбааг дэлхийн дэвжээнд дуурсгасан энэ он жилүүдэд спортын шинэ ордон баригдаж эдүгээ ашиглалтанд орж байгаа нь ирээдүйн их амжилт, ялалтын нэгэн бэлгэдэл болж байна гээд энэхүү их спортын өргөөнд Монгол хүний эр зориг, тэсвэр хатуужил, ур ухаан, мөрөөдөл тэмүүлэл цэцэглэж, Монгол хүний бахдал, хийморь, уухайн түрлэгээр дүүрэн байхыг хүсэн ерөөлөө.

    Түүнчлэн энэ оны 9 дүгээр сараас хойш тив, дэлхийн аварга болсон тамирчид, тэднийг бэлтгэсэн дасгалжуулагч нарт 297 сая төгрөгийг олгохоор өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэснийг Засгийн газрын тэрүүн энэ үеэр дуулгалаа.Нээлтийн ажиллагааны үеэр спортын шинэ ордныг Монголын талд хүлээлгэн өгөх гэрээнд БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Юй Хун Яао, Монголын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд С.Баярцогт нар гарын үсэг зурлаа.  

    Мөн ёслолын ажиллагааны үеэр тив дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд амьжилт гаргаж эх орныхоо нэрийг цуурайтуулсан тамирчдад мөнгөн шагнал гардуулсан юм.БНХАУ-ын 115 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан тус ордон 5 мянга гаруй хүний суудал, бэлтгэлийн хоёр жижиг заал болон  100 гаруй өрөө тасалгаатай. Шинэ Спортын ордныг зөвхөн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулаад зогсохгүй соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахад зориулж, гэрэлтүүлэг болон акустикийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн тохижуулсан байна.

    Засгийн газар цаашид эх орондоо Зүүн Азийн спортын наадмыг зохион байгуулахад шаардлагатай 30,0 мянган хүний суудал бүхий спортын цогцолбор байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

  • Засгийн газар тамирчдаа дэмжин ажиллаж байна

    Засгийн газар тамирчдаа дэмжин ажиллаж байна Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Биеийн тамир спортын ордон”-ыг хүлээж авах ёслолд баяр хүргэж элсэн үг –

    Эрхэм хүндэт зочид оо,

    Монгол хүний алдар сууг олимп, тив дэлхийн дэвжээнд мөнхөлсөних спортын салбарынхан, багш, дасгалжуулагч, тамирчид аа!  

    Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж баяр бахархал, амжилт омогшлоор дүүрэн байх их спортын ордны нээлтэнд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье.

    Олимпийн их наадам, тив дэлхийгээс алт, мөнгөн медальтан олноор төрөн гарч, монгол хүний эрч хүч, эр зориг, авахаалж самбааг дэлхийн дэвжээнд дуурсгасан энэ он жилүүдэд спортын шинэ ордон баригдаж эдүгээ ашиглалтанд орж байгаа нь ирээдүйн их амжилт, ялалтын нэгэн бэлгэдэл болж байна.

    Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар манай Засгийн газраас баримтлах бодлогын нэгэн чухал зорилт бол нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг эрүүл аж төрөх ёсны хэв маяг болгох явдал юм. Энэхүү зорилтыг хангах орчин нөхцлийг бүрдүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлуудын нэгэн хэсэг нь өнөөдөр нээлтээ хийж байгаа спортын шинэ ордны бүтээн байгуулалтын ажил  мөн юм.

    Энэхүү шинэ ордонг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу манай талд хүлээлгэн өгч байна.  

    Манай хоёр орны найрамдалт харилцаа биеийн тамир, спортын салбарт үр бүтээлтэй өрнөж ирсний тод жишээ нь үе үеийн спортынхны бэлтгэл сургуулилалтаа хийн, амжилт ялалтаа дуурсгаж ирсэн тамирчдын маань хоёр дахь гэр болсон Спортын төв ордон болон Төв цэнгэлдэх хүрээлэн 1958 онд БНХАУ-ын тусламжаар баригдан ашиглалтанд орж байсан явдал билээ.

    Энэ бүхний үргэлжлэл болж Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 2006 онд хийгдсэн Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн гэрээний дагуу 115 сая юаны буцалтгүй тусламжаар орчин үеийн спортын ордон барихаар шийдвэрлэсэн. Манай Засгийн газар уг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу улсын төсвөөс 4,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэхүү спортын ордонд зарцуулсан.  

    Ирээдүйн аваргуудын хичээл зүтгэл, амжилт алдрын хөлс, ард түмний минь баяр хөөрөөр дүүрэн байхэнэхүү шинэ спортын ордныг барихад хамтран ажилласан БНХАУ-ын Засгийн газар, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, дэмжиж ажилласан бүх хүмүүст, барилгын ажлыг өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтад өгч байгаа  “Шанхай констракшн” группын хамт олонд Засгийн газрын нэрийн өмнөөс  гүн талархал илэрхийлье.

    Энэ оны 9 дүгээр сараас хойш тив, дэлхийн аварга болсон тамирчид, тэднийг бэлтгэсэн дасгалжуулагч нарт 297 сая төгрөгийг олгохоор өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэснийг дуулгахад таатай байна.

    Цаашид спортын ордон, биеийн тамирын танхим, цэнгэлдэх хүрээлэнг төрөлжүүлэн барихынзэрэгцээ эх орондоо Зүүн Азийн спортын наадмыг зохион байгуулахад шаардлагатай 30,0 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн бүхий спортын цогцолбор байгуулах ажлыгүе шаттайгаар хэрэгжүүлэхийн төлөө байна

    Ийнхүү биеийн тамир, спортын салбарт томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлж, нийтийн биеийн тамир спортыг түгээн дэлгэрүүлэх аливаа санал санаачилгыг дэмжиж, эрүүл чийрэг өсвөр залуу үеийг төлөвшүүлэх, иргэдийн эрүүл мэндэд ээлтэй зөв тогтолцоо, биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчныг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллана.

    Дасгалжуулагч, тамирчид та бүхэн идэвх чармайлт гарган бэлтгэл сургуулилалтаа сайн хийж, “Лондон 2012” Олимпийн наадамд Монгол түмний омогшил, бахархлыг төрүүлсэн бахдам амжилтуудыг гаргах учиртайг энэ баярт мөчид сануулъя.

    Энэхүү их спортын өргөөнд Монгол хүний эр зориг, тэсвэр хатуужил, ур ухаан, мөрөөдөл тэмүүлэл цэцэглэж, Монгол хүний бахдал, хийморь, уухайн түрлэгээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • С.Батболд: Эрдэм мэдлэг, эрхэмсэг ёс зүй хоёр бол хүний нэр төрийн хүчирхэг хоёр жигүүр шүү

    С.Батболд: Эрдэм мэдлэг, эрхэмсэг ёс зүй хоёр бол хүний нэр төрийн хүчирхэг хоёр жигүүр шүү 86 жилийн тэртээ Улсын анхдугаар их хурал Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Тусгаар тогтносон, Бүрэн эрхт, Бүгд Найрамдах Улс гэдгээ дэлхий дахинаа зарлан тунхагласан билээ. Түүхэн энэ өдөр 16 нас хүрсэн хүүхдүүд Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж, иргэний андгай өргөлөө.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн ордны Их танхимд болсон Иргэний андгай өргөх энэхүү ёслолын үеэр, Та бүхний амьдралд мартагдашгүй дурсамж болон үлдэх энэ баярт мөчөөс эхлэн залуус та нарын амьдралын шинэ хуудас, нэгэн шинэ үе эхэлнэ. Иргэний үнэмлэхээ гардан авснаар Та нарын эрхэм нэр, эцэг эхийн нэр, эх орны тань ариун нэртэй хамт дурсагдах болно. Иймд “Хүн нэрээ” гэдэг эцэг дээдсийн сургаалийг захиас болгон сануулъя. Эрдэм мэдлэг, эрхэмсэг ёс зүй хоёр бол хүний нэр төрийн хүчирхэг хоёр жигүүр шүү гэлээ.

    Мөн дэлхийд өрсөлдөх өндөр мэдлэг боловсрол, дээдсээс өвлөсөн ариун ёс суртахуунтай байх нь залуус Та бүхний нэн эрхэм зорилго мөн. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрхэм ёс суртахуун, эх оронч сэтгэлгээтэй, өв тэгш хүмүүжил бүхий Залуу хүн Та Монгол үндэстэн өнө мөнхөд оршихуйн үндэс, Монгол төр улсын тусгаар тогтнолын баталгаа, эх орны хөгжил дэвшлийн эх ундарга, бүтээлч их хүч нь байх болно гэж Ерөнхий сайд С.Батболд хүүхэд залуучуудад хандаж хэллээ.

    “Хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн” гэсэн бодлого зорилготой манай хамтарсан Засгийн газар ийм өв тэгш залуу хүний төлөө байна. Залуус Та бүхэн зүрх сэтгэлээ эх орондоо зориулж, цуцаж шантрахгүйгээр сурч хөдөлмөрлөхийн төлөө шамд. Зүтгэл сэтгэлийн үр дүнд бодит биелэл болох сайхан ирээдүй, тэр бүр олдохгүй боломж хүлээж байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ.

    Мөн тэрбээр эцэг дээдсийнхээ аугаа их үйлсийг дурсан санаж, эрхт төрийнхөө туг сүлдэнд мэхийн ёсолж, ахмад үеийнхээ өвлүүлсэн ариун нандин бүхнийг эрхэмлэж, үйл хэргийг нь үргэлжлүүлж, эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэхээ андгайлан тангарагласан энэ залуучуудын дундаас Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинаа дуурсгах олон олон алдар гавъяатан төрөн гарна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ.

    Эх орон, ард түмэн, эцэг эх, элгэн садныхаа өмнө Монгол Улсын иргэний андгай өргөдөг, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг уламжлалт энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон урлаг соёлын алдартнууд оролцлоо