Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийлээ

    уих, мэдээлэлМонгол улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны аравдугаар сарын 8-ны УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан дээр 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

    Засгийн газраас ирэх оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах зорилгоор холбогдох яамдад чиглэл өгөн ажиллаж байгааг Засгийн газрын тэргүүн мэдээлэлдээ дурдав. Түүнчлэн түлш эрчим хүч, мал аж ахуй , хадлан тэжээл зэрэг чиглэлээр тодорхой ажлууд хийж байгааг дэлгэрэнгүй мэдээлсэн юм. Ерөнхий сайдын мэдээллийн дараа гишүүд засгийн газрын тэргүүн болон танхимын гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа.  Эрхэм гишүүдийг саяхан тойрогтоо ажиллах үеэр иргэд Засгийн газрыг сайн ажиллаж байгааг, ард түмэндээ ойрхон чухал шийдвэрүүдийг гаргаж байгааг сайшаажээ. Энэ тухай ч гишүүд асуултандаа дурдаж байлаа.

    Тухайлбал Х.Жекей гишүүн “ Засгийн газар сайн ажиллаж байгааг очсон газар бүрт иргэд ярьж байна. Баруун бүсийн нэмэгдлийн асуудлыг түргэн шийдэж өгөх боломж бий эсэх,  махны экспортод ямар саад бэрхшээл учирч байгааг, мөн баруун аймгуудад гурилын үнийг бууруулах талаар Засгийн газар ямар бодлого барин ажиллаж байгааг ” лавлаж байсан бол О.Чулуунбат, А.Тлейхан, Ш.Сайхансамбуу нарын гишүүд ч мөн энэ санааг илэрхийлж байлаа.

    Гишүүдийн  асуултын хариултаас үзэхэд манай улсад малын шүлхий өвчин гарсан учир салаа туурайтай малын махын экспортыг хориглоод байгаа бөгөөд  одоогийн байдлаар зөвхөн адууны махыг л гаргаж байгаа юм байна. Эрүүл малын мах экспортлох хүсэлтээ манай улс хэд хэдэн оронд  илэрхийлснээс  Иран, Саудын араб, Индонезоос нааштай хариу ирсэн ажээ. Харин баруун бүсийн нэмэгдлийн тухайд Ерөнхий сайдыг баруун аймгуудад ажиллах үеэр ч энэ асуудал маш ихээр хөндөгдөж байсан юм. Орон нутагт ажилласан томилолтын дагуу гүйцэтгэх засаглалын тэргүүн Засгийн газрын тогтоол гарган  ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд уг асуудал шийдэгдэх болно гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар дурдлаа

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл2010 оны 10 дугаар сарын 8

    Төрийн ордон

    2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын тухай

    Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ.
    Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

    Улсын Их Хурлын чуулганы  хуралдааны дэгийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээллийн цагаар миний бие 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар мэдээлэл хийж байна. Засгийн газраас  2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах зорилгоор холбогдох яамдад чиглэл өгөн ажиллаж ирлээ.

    2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар түлш, эрчим хүч; мал аж ахуй; зам, тээвэр, барилга, нийтийн аж ахуй  болон бусад салбарын 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хөрөнгийн болон зохион байгуулалтын хэд хэдэн асуудлыг шийдвэрлэн холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тодорхой асуудлуудаар үүрэг даалгаврыг өгч, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан.

    Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс базаах талаар Засгийн газар нилээд анхаарал тавьж ажиллаж байна. Тухайлбал, Засгийн газрын шийдвэрээр нүүрсний аюулгүй нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж дулааны цахилгаан станцуудыг нүүрс нөөцлөх эргэлтийн  хөрөнгөтэй  болгож,  улмаар  “Багануур”ХК,  “Шивээ-Овоо”,  “Шарын гол” ХК-иудын өр авлагыг барагдуулах, эдгээр компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах, их засварын ажлаа хийх  нөхцөлийг бүрдүүлэх, түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор 4.9 (дөрвөн тэрбум есөн зуун сая) тэрбум төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээний үндсэн дээр ашиглуулж 2010 онд багтаан төрийн өмчит дулааны цахилгаан станцуудаас буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Үүний үр дүнд цахилгаан станцууд нүүрсний төлбөрөө уурхайнуудад төлж чадахгүй байсан гол хүндрэл арилж, цахилгаан станцууд 2010 оны хувьд уурхайнуудад өргүй, харин илүү төлөлттэй байна гэсэн дүн мэдээтэй байна.

     2010 оны 10  дугаар сарын 1-ний байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц нүүрсний салбарт 91.9, эрчим хүчний салбарт 86.0,  аймаг, нийслэлийн ус суваг, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагын дүнгээр 91.2 хувийн биелэлттэй, уурхайнуудын  авахад   бэлэн   нүүрсний  нөөц  965,0 мян. тонн байна. Дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг өвлийн их ачааллын үед 20 хоногийн нөөцтэй буюу 278,7 мянган тонн байлгахаар төлөвлөж байгаа бөгөөд  өнөөдрийн байдлаар 237,0 мянган тонн нүүрсний нөөцтэй байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 57,0 мянган тонноор илүү байна. Улаанбаатар хотын өвлийн бэлтгэл ажлын явц 10 дугаар сарын 1-ны байдлаар 95,1 хувьтай, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа компанийн орон сууцнууд халаалтаа 100.0 хувь авсан байна.

    Засгийн газрын нөөц сангаас  Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн Дулааны станцийн хэвийн үйл ажиллагааг хангахад зориулж 783.0 сая төгрөгийг гаргасан.  Харин Сэлэнгэ, Дорноговь аймгийн дулааны станцуудын засварын ажил хөрөнгө, санхүүгийн дутагдлаас шалтгаалан хугацаа алдан оройтож эхэлсэн бөгөөд  Сэлэнгэ аймгийн дулааны станцын өвлийн бэлтгэл ажил дунджаар 50.0 хувьтай, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын дулааны станц 65.0 хувьтай, Дорноговь аймгийн дулааны станц хөрөнгийн дутагдлаас шалтгаалан төлөвлөсөн засвараа бүрэн хийж чадаагүй байгаа тул Сэлэнгэ, Дорноговь аймгийн төв болон Дархан-Уул аймгийн Шарын гол сумын дулаан хангамжийн асуудлыг найдвартай болгох асуудлыг үлдсэн хугацаанд зохицуулж шийдвэрлэхээр ажиллаж  байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилтөд Засгийн газар анхаарлаа хандуулж, онцын хүндрэл бэрхшээлгүй даван туулах талаар нилээд ажил зохион байгуулан хэрэгжүүлэхээр  ажиллаж байна.

    Энэ жил улсын хэмжээнд 164,0 мянган малчин өрхөд 35,7 сая толгой малыг өвөлжүүлэх урьдчилсан тооцоо гарсан байна. Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд нийт 995,3 мянган тонн хадлан, 58,4 мянган тонн ногоон болон гар тэжээл бэлтгэх, түүний дотор аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрт нийт малыг 30-аас доошгүй хоног нэмэгдэл тэжээлээр тэжээх хэмжээний өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх даалгавар өгсөн. Нийт нутгаар зуншлага, бэлчээрийн ургац сайн байгаа тул хадлан, тэжээл бэлтгэх ажилд 90,2 мянган хүн, 8242 том, жижиг оврын техник ажиллаж байгаа нь өнгөрсөн оныхоос ажиллах хүчний тоо 35,2 хувиар, техник хэрэгсэлийн тоо 40,0 гаруй хувиар илүү байна.

    Мөн орон нутагт хадлангийн техник хэрэгсэлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 940,0 сая төгрөгийн хөрөнгөөр хадлангийн 151 иж бүрдэл трактор, техник хэрэгсэлийг худалдан авч малчид, иргэдэд 50 хувийн хөнгөлтэй үнээр нийлүүлсэн байна. Үүнээс гадна  гадаад орон, олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хадлан, тэжээлийн техник хэрэгсэлийг худалдан авч Төв, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Хөвсгөл, Архангай, Дархан-Уул, Орхон аймгуудад хөнгөлттэй нөхцлөөр олгосон нь хадлан бэлтгэлийг эрчимжүүлэхэд томоохон түлхэц боллоо.“Малын тэжээл” хөтөлбөрийн хүрээнд Архангай, Төв, Хөвсгөл, Өвөрхангай зэрэг аймагт ногоон тэжээл тариалах жил болгон зарлаж нийт 230,0 сая төгрөгийн үнэ бүхий 200,0 тн ногоон тэжээлийн үр олгон тариалалтыг зохион байгуулснаар дээрх аймгуудад таримал тэжээлийн хэмжээ өмнөх оныхоос 1,5 дахин нэмэгдлээ.  

    Орон нутагтаа хадлан бэлтгэх боломжгүй говийн аймагт Төв, Сэлэнгэ, Булган, Хэнтий аймгаас нөөц хадлангийн 170,0 мянган га газрыг ашиглуулах зөвшөөрөл олгосон бөгөөд Дундговь, Өмнөговь аймагт төвийн бүсээс худалдан авсан өвсийг сумдад татаж тээвэрлэхэд зориулан 300,0 сая төгрөгийн хөрөнгийг олгосон  болно.  Дээрх арга хэмжээний үр дүнд улсын хэмжээнд 995,3 мян.тн байгалийн хадлан бэлтгэхээр төлөвлөснөөс 1 сая 53 мянган тн байгалийн хадланг  бэлтгээд байгаа нь өнгөрсөн оныхоос 96,0 мянган тн-оор илүү буюу 105,8 хувьтай байна.

    Өнгөрсөн жилийн зудын хүндрэлийг даван туулахад зориулан  Оросын Холбооны Улсын Засгийн газраас буцалтгүй тусламжаар олгосон 56,8 мянган тн тэжээлийн арвай буудайг орон нутгаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Засгийн газрын шийдвэрээр хувиарлан олгохоор шийдвэрлэж, аймаг, нийслэлд нийт 31,2 мянган тн-ыг, 25,6 мянган тн-ыг хорголжин тэжээл бэлтгүүлэх зориулалтаар улсын нөөцөд авсан нь тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.  

    Өнгөрсөн жил улсын нөөцөд хадгалагдаж байсан өвс, тэжээлийн ихэнх хувийг Засгийн газрын шийдвэрээр орон нутагт хувиарлан олгосон тул нөөцийг тогтоосон тоо, хэмжээнд нь нөхөн бүрдүүлэх  ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу улсын төсвийн хөрөнгө болон өвс, тэжээлийг худалдан борлуулсны орлогоор зохион байгуулж байна. 2010 оны 10 дугаар сарын 5-ны байдлаар 2010 оны батлагдсан төсвийн хүрээнд улсын нөөцөд бэлтгэх шаардлагатай малын тэжээлийн 69,0 хувь, өвсний 42,0 хувийг бүрдүүлээд байгаа бөгөөд 11 дүгээр сард багтаан 100 хувь бүрдүүлж аймаг, орон нутгийн цэгүүдэд байршуулахаар бэлтгэж байна.

    Хөдөөгийн хүн ам, мал сүргийг усаар хангах үндсэн зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2010 онд шинэ худаг барьж байгуулахад 3.5 тэрбум, газрын доорхи усны хайгуулын ажилд 500.0 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулахаар төлөвлөж,  19 аймагт инженерийн хийцтэй 258 худаг шинээр барьж байгуулахаас 193 худгийг  ашиглалтад хүлээлгэн өгсөн. 

    Түүнчлэн бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад АНУ-ын Мянганы сорилтын сангийн төслөөс нийт 3,1 сая ам.долларын хөрөнгө гарган Уланбаатар, Дархан-уул, Орхон, Өвөрхангай, Дорнод аймагт инженерийн хийцтэй 300 орчим худгийг шинээр  гаргах  ажлыг энэ оны 10 дугаар сараас зохион байгуулж хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өвөрхангай аймагт инженерийн  хийцтэй  27 худгийг шинээр барьж,  16 худгийг  сэргээн засварлах  ажлыг хийж дуусгаад байна. Дээрх арга хэмжээний үр дүнд 2010 онд нийт 301 инженерийн хийцтэй худгийг  ашиглалтад хүлээлгэн   өгснөөр  1500 гаруй малчин өрх болон 1,3 сая гаруй малыг усаар хангах боломжийг бүрдүүллээ.  

    Ургац хураалтын ажлын явцын талаар Та бүхэнд сонордуулъя.

    Энэ жил улсын хэмжээнд 329.8  мянган тонн буудай, 156.1  мянган тонн төмс, 90.1 мянган тонн хүнсний ногоо, 20.5 мянган тонн  тосны ургамал, 19.6 мянган тонн  малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар ургацын урьдчилсан  балансаар тогтоогдсон. Өнөөдөр хийж байгаа мэдээллийн танилцуулгыг Та бүхэнд урьдчилан тараасан тул дэлгэрэнгүй тоо баримтыг дурдалгүйгээр дүгнэж хэлэхэд үр тариа хураалт 89,5 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 95.9 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 7,5 мянган тонноор, төмс хүнсний ногоо 3,8 мянган тонноор илүү байна. 

    Бусад салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч дурдая. Өвлийн цаг агаарын хүндрэлтэй үед авто, замын байгууламжийг авто тээврийн хөдөлгөөн саадгүй нэвтрэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор авто замын цэгүүдэд ажиллах шуурхай ажлын хэсгийг байгуулж ажиллуулах бэлтгэлийг хангалаа. Тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэнд нь хангагдсан байна. Нийслэлийн нийтийн тээврийн өвлийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу автопаркуудын дулаан, цэвэр усны шугам сүлжээний засварын ажил хийж дууссан ба өвлийг хүндрэлгүй давах бүрэн боломжтой байна. Тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэнд нь хангагдлаа. 

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийт 187 барилгад их засвар хийгдсэнээс боловсролын салбарын 150 барилгыг засварласан байна.  Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хэмжээнд их засварын ажлын гүйцэтгэл 98,0 хувьтай байна. 2010-2011 оны хичээлийн шинэ жил эхлэхэд Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Сэлэнгэ аймгууд сургууль, цэцэрлэг их засварын ажлаа цаг хугацаанд нь бүрэн дуусгасан байна.

    Энэ хавар Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Увс аймгуудын нутагт болсон байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас боловсролын салбарын барилга байгууламжид 219.1 сая төгрөгийн хохирол учирсныг боловсролын салбарын их засварын хөрөнгөөс хуваарилан яаралтай засварлах ажлыг хийж дуусгаад байна. Тухайлбал, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын  сургуулийн уурын зуухны барилгын их засвар, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын цэцэрлэгийн барилгын дээврийн их засвар, Булган аймгийн Сэлэнгэ сумын  сургуулийн дотуур байрны барилгын сантехникийн их засвар, Булган аймгийн Бугат сумын дотуур байр, соёлын төв, цэцэрлэгийн барилгуудын нэгдсэн уурын зууханд их засвар хийлээ.

    2010 оны улсын төсөв, төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 30 гаруй хувиар нэмэгдсэний дүнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажилд өмнөх оноос бодитой ахиц гарлаа. Эрүүл мэндийн салбарт он дамжсан 10 барилга байгууламжид  7.1 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээс Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын эмнэлгүүд ашиглалтад орж, Баян-Өлгий, Төв, Өвөрхангай аймгийн спорт цогцолборын барилга, Ховд, Баянхонгор аймгийн төрөх эмнэлгийн барилгыг  ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Энэ онд шинээр эхлэх 26 барилгад 12,3 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн бөгөөд 54 барилга байгууламжид хийх засварын ажлын гүйцэтгэл 81.0 хувьтай, биеийн тамир, спортын салбарын  засварын ажил бүрэн хийгдсэн байна.

    Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарын парк шинэчлэл амжилттай хийгдэж 131 автомашиныг аймаг, сумын эмнэлгүүдэд олгоод байна. Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг бүхэлд нь авч үзэхэд засвар, үйлчилгээ хийх ажлын төлөвлөгөө үндсэндээ биелэгдэж, шинээр эхлэх томоохон барилгуудын суурь тавигдаж, машин, тоног төхөөрөмж, эм, бараа худалдан авах ажил бүрэн хийгдсан байна. 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан бөгөөд, дутуу, хүндрэлтэй асуудлуудыг үлдсэн хугацаанд шийдвэрлэхээр Засгийн газар ажиллаж байна.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • “Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” зөвлөлгөөнд хэлсэн үг

    “Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” зөвлөлгөөнд хэлсэн үг Юуны өмнө энд хуран цугласан эрдэмтэд, судлаачид та бүхний энэ өдрийн амрыг эрье! Чухал  сэдвээр та бүхэн зөвлөлгөөн хийж байгаад баяртай байна. Аливаа хөгжил шинжлэх ухааны үндэслэл, судалгаанд суурилан хөгжиж урагшилж явдаг. Иймд өнөөдрийн зөвлөлгөөнөөс шинжлэх ухаан, үйлдвэрлэл хосолсон хөгжлийн бодлого боловсруулах шинэ санаануудыг тусгасан зөвлөмж гарах байх гэдэгт найдаж байна.

    Би өнгөрсөн зургадугаар сард ШУА-ийн удирдлагуудыг урьж уулзаж, цаашид улс орны хөгжлийг шинжлэх ухаантай яаж уялдуулах, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг яаж уялдуулан хөгжүүлэх талаар саналаа солилцсон. Энэ ярилцлагын хүрээнд өнөөдөр энэ зөвлөгөөнийг хийж байна гэж ойлгож байна. Манай орны хөгжлийг авч үзэхэд нэлээд нааштай зүйлүүд их байгаа боловч анхаарах зүйл бас их байна. Дэлхийн банкнаас гаргадаг өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс чамгүй урагшилж 18 пунктээр урагш ахисан үзүүлэлт гарсан. Гэвч энэ бол тууштай биш үзүүлэлт юм. Би хойш татаж байгаа зүйлүүдийн талаар яримаар байна. Манай улсын дэд бүтэц, санхүүгийн тогтолцооны хангалтгүй байдал, технологийн инновацийн  хөгжил сул дорой  байна гэсэн шалгуурт орсон байна.  Иймд бид энэ тал дээр дүгнэлт хийх ёстой.

    Дараагийн нэг анхаарах асуудал бол нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэр хөгжүүлэх явдал юм. Манай үндсэн үйлдвэрлэл бол хөдөө аж ахуй, уул уурхай. Манай улс дотоодын нийт бүтээгдэхүүнд  аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь 28.7 хувь, түүн дотроо боловсруулах үйлдвэрийн салбарын эзлэх хувь дөнгөж 6 хувь байна. Манай орны экспортын бүтээгдэхүүний 70 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг ба өртөг шингээж чадахгүй, бүтээгдэхүүнээ түүхий эд чигээр нь гаргаж байна гэсэн үг юм.

     Манай орны бас нэг бэрхшээл бол далайд гарцгүй орны зардал юм. Бид дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг далайд гарцгүйгээсээ болж гаргаж байна. Тухайлбал, зэсээр жишээ авахад 25 хувийн баяжмал, 75 хувийг шороог зөөж байна гэсэн үг юм. Бид түүхий эдээ түүхийгээр нь гадаадад гаргаж, дээрээс нь далайд гарцгүйн улмаас транзит тээврийн  зардал нэмэгдэж байгаа юм. Үүнд бид анхаарах ёстой. Яаж бид үндэсний эдийн засгаа үр өгөөжтэй, нэмүү өртөг шингэсэн байх их гарааг яаж тодорхойлох, төр засгаас бодлогоор яаж дэмжих талаар цогц бодлого боловсруулах хэрэгтэй байна.

    Манай орныг эмзэг эдийн засагтай гэж гадаадад үздэг. 1-2 зүйлийн бүтээгдэхүүний зах зээлээс шууд хамаардаг эдийн засгийг эмзэг гэж нэрлэх бөгөөд манай эдийн засаг бол ганцхан зэсийн зах зээлээс шууд хамаарч байгаа юм.  Сүүлийн үед түүхийгээр гаргаж буй бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж байна. Иймд экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийх, төрлийг нь нэмэгдүүлэх, ганц бүтээгдэхүүнээс хамаарах хамаарлыг нь багасгахад бид бодлогоо хандуулах ёстой.

     Манайд мэдлэгт суурилсан эдийн засгийн суурийг тавих талаар хийсэн зүйл бий. Бид Мянганы хөгжилд суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулсан. Шүүмжлэл их байдаг. Энэ нь хэр үндэслэлтэй юм бол, үнэхээр хэт өргөн дэлгэрэнгүй, бүхий л салбарыг хамарснаас алдаа гарсан уу гэдгийг бодох л хэрэгтэй. Гадаадын орнуудын туршлагаас харахад тодорхой салбарыг сонгон авч, түүнийг хөгжүүлэх зорилт, түүндээ хүрэх арга замыг тодорхойлсон байдаг. Бид Үндэсний хөгжил шинэтгэлийн хороог байгуулсан,  манай орны хөгжлийн тэргүүлэх чиглэлийг гаргаж, хөгжлийн зорилт, түүнд хүрэх арга замыг тодорхойлох үүрэгтэй  байгууллага.  УИХ-аас Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх шаардлагатай томоохон төслүүдийн жагсаалтыг  гаргаад  байна.

    Өндөр технологийг хөгжүүлэх баримт бичгийг гаргалаа. Удирдлагын институтийг боловсронгуй болгох арга хэмжээ авч байна.  Мөн өндөр технологийг хөгжүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
    Улсын хөгжлийн бодлогын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх үүднээс “Хөгжлийн банк”-ийг байгуулахаар болоод байна. Энд мөн улс орны томоохон асуудлууд тэр дотроо шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог  дэмжсэн томоохон төслүүдийг дэмжих, санхүүжүүлэх зорилготой. 
    Мөн эрхзүйн орчныг боловсронгуй болгоход тодорхой алхмуудыг хийж байна. Бид концепцийн хууль, үйлдвэрийн технологийн паркийн эдийн засгийн орчны тухай хууль, төрөөс аж үйлдвэрийн парк байгуулах тухай хууль зэрэг олон хуулиудыг батлан гаргаад байна.

    Бодлогын хөгжлийн талаар үйлдвэржилтийн хөтөлбөрийг 2009 онд баталсан бол энэ онд “Зөгийн үүр” хөтөлбөрийг батлан гаргалаа. Энэ хөтөлбөрөөрөө гадаад оронд ажиллаж амьдарч байгаа үндэсний мэргэжилтнүүдээ татаж авчрах бодлого баримталж байна. Энэ мэт олон арга хэмжээнүүдийг бид авч хэрэгжүүлж эхлээд байна. Цаашид ч олон арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Та бүхний зохион байгуулж байгаа энэ зөвлөлгөөнөөс ч гэсэн олон арга хэмжээний шинэлэг санаанууд гарна гэж найдаж байна. Эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны ажил, их дээд сургуулийн эрдэмтэн багш нарын оюуны чадамжийг хэрхэн уялдуулах, санхүүжилтийн шинэ эх үүсвэр олох, гаднын орны дэвшилтэт технологиудыг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулах зэрэгт анхаарах шаардлагатай байна. Эрдэм шинжилгээний байгууллагууд суурь судалгааны ажлаас гадна шинжлэх ухаан технологийн төслийн хавсарга судалгааг хийхэд илүү анхаарч орчин үеийн шинэлэг стандарт, аргазүй, аргачлалыг сурч эзэмших зорилтыг хэрэгжүүлэх нь чухал юм. Үүнийг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

    ШУА-ийн удирдлагуудтай уулзсан уулзалтын үеэр бид ярьсан. Бидний адил хөгжиж байгаа ижил төстэй орны шинжлэх ухааны ололт амжилтаас судалъя. Тухайлбал Зүүн Европын орнуудын стандартыг  судлах, зөв зүйтэйг нь авч хэрэгжүүлье. Яагаад вэ гэвэл, социализмын үед бид СЭВ-ийн орнуудын түвшинд нэг ижил стандартыг мөрдөн ажилладаг байсан. Одоо тэр орнууд маань Европын холбооны бүрэлдэхүүнд орж нэг айл болж, Холбооны Герман, Англи зэрэг өндөр  хөгжилтэй орнуудын стандартыг аваад хөгжиж байна. Иймд бид Европын холбооны гишүүн орнуудтай түншлэл, хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулахаар тохиролцоод байна.

    Дараагийн нэг чиглэл бол технологийн асуудал юм. Технологийн хувьд бид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаж ирсэн. Тэгвэл одоо өөрийн орны нөхцөлд тохирсон гаднын технологийг шилжүүлэх, нутагшуулахад илүү их анхаарах шаардлагатай байна.  Би саяхан Канад улсад айлчлаад ирлээ. Канад улсын хөгжил, зан заншил өөр ч гэсэн байгаль цаг агаар нь манайхтай адил, өвлийн хүйтэнд 50 хэм хүртэл хүйтэрдэг нь жирийн үзэгдэл, цэвдэг хөрстэй, хүйтэн орон юм. Энд эдийн засгийн дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй маш сайн технологиор хөгжсөн байна. Иймд энэ технологиудыг өөрийн оронд шилжүүлэх, нутагшуулах чиглэлээр судлах  хэрэгтэй байна.  Канад улсын эдийн засгийн гол салбар нь  манайхтай адил  хөдөө аж ахуй, уул уурхай байсан. Энэ салбаруудын хөгжлөөрөө загвар орон болсон төдийгүй Чили улсад Канадын уул уурхайн технологи нэвтэрсэн байна. Иймд бид байгаль цаг уурын  ижил төстэй орны хувьд уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, мал аж ахуй, зам барилгад өөрийн өртөг багатай технологийг нэвтрүүлэх, хуулбарлах, шилжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Энэ чиглэлээр гаднын холбогдох эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллахад Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлэх болно.

    АНУ-ын Натогийн цэргийн командлагчаар ажиллаж байсан, одоо эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаа  нэр хүнд бүхий генералтай уулзахад надад нэг зүйл хэлсэн юм. Та нар Хятадын хөгжлийг анхааралтай хар. Хөгжлийн гол түлхүүр нууц нь өндөр хөгжилтэй гадаадын орны  технологийг нутагшуулах, шилжүүлэхийг төрийн бодлого болгосон явдал юм гэж ярьсан. Иймд бид гаднын дэвшилтэт технологиудыг шилжүүлэх, нутагшуулахад их анхаарах хэрэгтэй.

    Бидэнд санхүү мөнгө, эрхзүйн орчин гэх мэт олон зовлон бэрхшээл бий. Судалгааны ажлын бодит үр дүн гарч чадахгүй байна. Энэ талаар бодлогын асуудлыг хөндсөн  үр дүнтэй зөвлөлгөөн болох байх. Энэ зөвлөлгөөнд их ач холбогдолтой нэр өгсөн байна. Энэ нэрийг агуулгаар баяжуулсан  зөвлөлгөөн болно гэж найдаж энэхүү зөвлөгөөнийг нээж байна.

  • Төв аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболдын Төв аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хэлсэн үгЗуунмод хот 2010 оны 10 дугаар сарын 7

    Эрхэм хүндэт Төв аймгийн нийт ард иргэд ээ
    Та бүхэн минь Тавтай сайхан намаржиж байна уу?

    Намрын нар ээсэн өдрүүд үргэлжилж, ургац хураах, өвөлжилтийн бэлтгэл хангах их ажил өрнөсөн энэ цаг үед домог түүхт Богдхаан уулаа түшин орших Төв сайхан нутгийн ард иргэд Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна.

    Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би энэ онд бүх аймгаар явж, орон нутгийн ажил амьдралтай танилцах, Засгийн газраас хэрэгжүүлж  байгаа болон хийхээр төлөвлөж буй ажлаа олон түмэндээ тайлагнан, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилго тавин ажиллаж байгаа юм. Ийм зорилгоор наадмын дараахнаас төв, баруун болон говийн бүсийн 17 аймгаар явж, иргэдтэйгээ уулзаж, ахуй амьдрал, ажил байдалтай нь танилцлаа.

    Аймгууд өөр өөрийн онцлогтой олон сайхан бүтээлч ажил хийж хэрэгжүүлэн, зарим үр дүнд хүрч байгаа нь сайшаалтай. Үүний зэрэгцээ төр, засгийн хэмжээнд анхааралдаа авч нэгдсэн бодлоготойгоор шийдвэрлэх асуудал ч цөөнгүй байгаа нь уулзсан орон нутгийн удирдлагууд, ард иргэдийн маань санал хүсэлтээс илт харагдаж байна. 

    Өнгөрсөн хугацаанд ажилласан аймгуудынхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаар хоёр ч удаа тусгайлан хэлэлцэж, тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Тодруулан хэлэхэд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх, хөдөө аж ахуйн бирж болон мах боловсруулах үйлдвэрийн сүлжээ байгуулах, малгүй болсон малчдын банкны зээлийн өрийн зарим хэсгийг “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт хүртээх хишиг, хувиас нөхөн төлүүлэх, зарим аймаг, суманд нэн шаардлагатай бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг  шийдвэрлэх зэргээр ажиллаж байна.

    Энэ удаа би аймгийн ард иргэд та бүхэнтэйгээ уулзаж улс орон, төр засгийн үйл ажиллагаа, орон нутгийн олон тулгамдсан асуудлаар санал солилцож, заримыг газар дээр нь шийдвэрлэх боломжтой өргөн бүрэлдэхүүнтэй ирж уулзаж байна. Эрс тэс уур амьсгал, эмзэг онгон хөрс, ургамалтай манай орны хувьд  байгаль, экологийн сөрөг өөрчлөлтийн үр дагавар хурцаар мэдрэгдэх боллоо.  Дулааны улирлын хугацаа богиносож, хэт халалт, хүйтрэлт, хуурайшилт явагдаж бэлчээрийн даац хомсдсон нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл түшиглэн амьдарч буй  иргэдийн амьдралд хүндээр тусах боллоо. 

    Үүнд олон нийтийн анхаарлыг онцгойлон хандуулахын тулд Засгийн газрын хуралдааныг анх удаа цөлжилт ихээр явагдаж  байгаа Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг Гашууны хоолойд хийлээ. Хуралдаанаар  манай оронд төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгарч буй цаг уурын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж, хурдацтай явагдах цөлжилт түүний дэлхий дахинд үзүүлж буй нөлөөллийн асуудалд бусад орны анхаарлыг хандуулах зорилтыг тавьсан юм. Монгол оронд хэрэгжүүлэх Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийг Засгийн газрын дээрх хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.
     
    Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын зэрэгцээ, эцэг өвгөдөөс үлдээсэн баялагийг зөв зохистой ашиглан эдийн засгаа тэлэх, хүн ардынхаа хөгжил дэвшил, сайн сайхан амьдрах  нөхцлийг  бүрдүүлэх нь  Засгийн газар бүрийн  эрхэм зорилт төдийгүй түүний сорилт, шалгуур болдог. Энэ жишгийн дагуу манай хамтарсан Засгийн газар асуудлын хүнд бэрхээс халгаж халшралгүй, өнөө маргаашаар аргацаалгүйгээр ирээдүйд үр дүнгээ өгөх их бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

    Их бүтээн байгуулалтын ажлын гол зорилго нь улс орноо аж үйлдвэржүүлэхэд оршино. Учир нь орчин үеийн эдийн засгийн өсөлтийн үндэс тулгуур нь аж үйлдвэржүүлэлт, өндөр технологи, мэдлэг мэдээлэл боллоо.  Тиймээс ч аж үйлдвэржүүлэх бодлого улс орны маань хөгжлийг шинэ шатанд гаргана хэмээн манай Засгийн газар үзэж байгаа юм.

    Манай орны их бүтээн байгуулалт, эрчимтэй хөгжил, Засгийн газраас явуулж буй эдийн засгийн шинэчлэлийн асуудлыг дэлхийн олон улс орон, хөрөнгө оруулагчид багагүй сонирхож тодорхой санал, санаачилга гаргаж байна. Өөрөөр хэлбэл Монгол улс маань дэлхийн анхаарлын төвд байна. Хэдхэн хоногийн өмнө миний бие АНУ-д болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний хуралдаанд оролцож, Канад, Японд айлчлахад энэ хандлага улам бүр нэмэгдэж байгааг мэдэрлээ.
     
     Эрхэм хүндэт ард, иргэд ээ!

    Улс оронд олон жилийн туршид яригдаж байсан боловч бүрэн шийдэж чадаагүй асуудлуудын зангилааг хамтарсан Засгийн газар тайлж, бүтээн байгуулалтын зарим томоохон ажлыг эхлүүллээ. Тухайлбал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар одоо үйлдвэрлэлийн бэлтгэл ажил ид өрнөж байна.

    Мөн Таван толгойн орд газрыг ашиглах талаарх төрийн бодлого, үзэл баримтлалыг Улсын Их Хурлаар батлууллаа. Ингэснээр  Монгол улсын иргэн бүр эх орныхоо байгалийн баялгаас хишиг хүртэх, орд газрыг эзэмших болон түүнийг дагасан бүтээн байгуулалтын ажилд манай иргэд, дотоодын аж ахуйн нэгж  давуу эрхтэйгээр оролцох, цаашид үндэсний компаниудын өсөн бэхжих бодлого эрх зүйн үндэс баталгаажиж байгаа юм. Орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын эхлэлүүд ч ач холбогдлоо өгч эхэллээ. Тухайлбал, оны эхний саруудын байдлаар уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 1100 гаруй хүнээр нэмэгдэж, өнөөгийн байдлаар зөвхөн Оюу толгой төсөлд 3600 гаруй монгол ажилчид ажиллаж байна. 

    Үүнээс гадна манай хувийн хэвшлийнхэн Өмнөговь аймгийн Ухаа худаг, Нарийн сухайт, Сэлэнгэ аймгийн Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрын олборлолтыг эхлүүлж, түүнийг дагалдсан дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эрчтэй өрнөж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт анх удаа Монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр дулааны цахилгаан станцыг барьж байгуулж байна. Ийнхүү ашигт малтмал, уул уурхайг түшиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажил эх орны маань өнцөг булан бүрт өрнөж эхэллээ.

    Үйлдвэрлэлийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилбэл 2012 оноос Таван толгойн, 2013 оноос Оюутолгойн орд газрын үндсэн олборлолт эхэлж, түүхий эд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргана. Ашигт малтмалыг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ард иргэдээ ажлын байраар хангах, элбэг хангалуун амьдруулахад төр засаг бодлогоо чиглүүлж байна.

    Оюутолгойн үндсэн олборлолт эхлэхэд Эрдэнэт үйлдвэрээс 3 дахин их бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн тооцоо судалгаа бий. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байсан зарим он жилд Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн орлогын 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан. Ойрын жилүүдэд Оюутолгой, Тавантолгойд бий болж байгаа томоохон бүтээн байгуулалтын үр дүнд Монгол улсын төсөв болон хүн амыг ирэх 30-40 жилд мөнгөн орлогоор тасралтгүй хангах болно. Аж үйлдвэржилтийн бодлогыг цогцоор хэрэгжүүлснээр улс орны хөгжил шинэ шатанд гарна гэсэн төсөөлөл, тооцоо байна. 

    Засгийн газраас баталсан “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”, “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр” зэрэг баримт бичиг нь энэхүү бодлого, зорилгод чиглэж байгаа юм. Эдгээр хөтөлбөр, чиглэлийн дагуу улс орны эрчимтэй хөгжлийг хангах зорилгоор Оюутолгой, Тавантолгойн орд газрыг түшиглэсэн аж үйлдвэрийн цогцолборыг Сайншандад байгуулахаар зорьж ажиллаж байна. Аж үйлдвэрийн цогцолбор  байгуулах төслийн хүрээнд зэс хайлуулах, газрын тос боловсруулах, хар металлургийн, кокс химийн, нүүрс химийн, барилгын материалын үйлдвэр зэрэг улс орны цаашдын хөгжлийг тодорхойлсон томоохон үйлдвэр баригдана.

    Ингэснээр Монгол Улс уул уурхайн баялгаа түүхийгээр нь гадагш гаргах бус дотооддоо боловсруулах, нэмүү өртөг шингэсэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орныхоо эрэлт хэрэгцээг хангахаас гадна гадаадад экспортлох боломжтой болно. Томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж, хэдэн мянган шинэ ажлын байр бий болж, орчин үеийн аж үйлдвэрийн хот, төвүүд үүснэ.

    Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг ашиглалтад оруулснаар урьдчилсан тооцоогоор манай улсын эдийн засгийн бодит өсөлт эрс хурдацтай нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын эзлэх хэмжээ 60 орчим хувьд хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин нэмэгдэх, өрх гэр бүлийн орлого хурдацтай өсөх зэргээр ард иргэдийн аж амьдралд мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарна гэсэн тооцоо байна.
     
    Аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад эхний ээлжинд нийт 5000 гаруй инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчин шаардагдана гэсэн урьдчилсан тооцоо гарлаа. Тиймээс ерөнхий боловсролын сургууль болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн, одоогоор ажилгүй байгаа залуучуудыг инженер техник, гагнуурчин, бетон цутгагч, засварчин зэрэг ажил мэргэжлээр сургах шийдвэрийг манай Засгийн газар гаргасан. Энэ онд эхний удаа 3000 гаруй залуучуудыг ямар нэгэн төлбөргүйгээр холбогдох чиглэлийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд  сургаж эхэллээ.

    Ингэхдээ орон нутгаас, иргэдээс гаргасан санал хүсэлтийн дагуу аймаг тус бүрээс суралцах залуучуудын квот гаргаж, бүтээн байгуулалтын ажилд бүх аймгийн залуучуудыг адил тэгш хамруулна. Тиймээс залуучуудын маань өөрсдийн сахилга хариуцлага, санаачлагатай байдлаас л олон зүйл шалтгаалах болно гэдгийг сайтар ухаарч, анхааран суралцах  ёстой.
     
    Саяхан батлагдсан “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд эхний ээлжинд Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн хэвтээ тэнхлэгийн нийт 1000 гаруй км төмөр зам  барина. Үүнийг гүйцэтгэснээр эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц өгч, олон шинэ ажлын байр бий болох боломж бүрдэнэ.

    Аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам төслийн зэрэгцээ 2011-2016 онд хэрэгжүүлэх “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарыг сэргээх, нийслэл болон хүн ам төвлөрсөн хот суурин, бүс нутгийн дэд бүтцийг сайжруулах, орон  сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх олон томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

    Аж үйлдвэржүүлэлт, шинэ бүтээн байгуулалтын зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгох, олон шаттай зөвшөөрлийн тогтолцоог өөрчлөх, бүртгэл мэдээллийн шинэ тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн болон боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, эдийн засгийг ардчилахад чиглэсэн удирдлага зохион байгуулалтыг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Уул уурхай, аж үйлдвэрийн салбараас гадна манай орны эдийн засгийн нэг үндсэн тулгуур болох хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд Засгийн газар онцгойлон анхаарч байна.

    Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангах түвшинд хүрэх нь бидний ойрын зорилт юм. Энэ нь зөвхөн тухайн салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх төдий бус манай эдийн засгийн, улс үндэстний маань хүнсний аюулгүй байдлын чухал холбогдолтой  том зорилт гэдгийг хэлье.

    Атрын III дугаар аян үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амын гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавьж, тариаланчдыг дэмжих олон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрлээ. Энэ онд ургацын урьдчилсан балансаар 330 гаруй мянган тонн улаан буудай хураан авч, 250 орчим мянган тонн гурил үйлдвэрлэх боломжтой боллоо. Ингэснээр гурилын хомсдол гарахгүй байх нөхцөл бүрдэнэ гэсэн тооцоо, судалгааг холбогдох яамнаас  гаргаж байна.

    Өнөөдрийн байдлаар 298.0 мянган тонн үр тариа, 147.5 мянган тонн төмс, 77.7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч, үр тарианы 85.3 хувь, төмс, хүнсний ногооны 90.9-91.9 хувийг хураан аваад байна. Ажиллаж байгаа хүн, техникийн хүчин чадлаар тооцоход энэ сарын 15-ны дотор ургац хураалтын талбайн ажлыг дуусгах бүрэн боломжтой.

    Төв аймгийн тариаланчид энэ онд улсын хэмжээний үр тарианы дөрөвний нэг, төмсний гуравны нэгийг дангаараа үйлдвэрлэсэн амжилт үзүүлснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Энэ нь Төв аймгийн иргэд, тариаланчид та бүхнээс эх орныхоо хүн амын хүнсний хэрэгцээг эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад оруулж буй томоохон хувь нэмэр юм.

    Мал аж ахуй бол манай орон нутгийн үндсэн салбар, хөдөөгийн иргэдийн маань амьжиргааны гол эх үүсвэр билээ. Энэ утгаараа Засгийн газрын онцгой анхаарлын төвд байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг УИХ-аас батлан гаргасныг Засгийн газар хэрэгжүүлэхээр холбогдох арга хэмжээг авч эхэлсэн. Өнгөрсөн өвөл, хавар байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл зуд болж,  мал аж ахуйн салбар, малчдын аж амьдралд ихээхэн хүндрэл учруулсан.

    Зудын улмаас 44 сая толгойд хүрч байсан мал сүрэг 9,7 сая толгойгоор хорогдож, олон арван тэрбум төгрөгийн шууд  хохирол учирч, 8700 гаруй өрх огт малгүй болсон. Зудын хор хохирлыг арилгах, зутарч хохирсон малчдынхаа амьжиргааг тэтгэх зорилгоор Засгийн газраас саяхан тогтоол гарган  “Малчин өрхийг малжуулах журам”-ыг батлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ журмаар улсын хэмжээнд малгүй болсон нийт өрхийн 50 хувийг 2010 онд малжуулна. Үүнд зориулан эхний ээлжинд Засгийн газар 3 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж, аймаг бүрт олгож эхэлсэн.

    Манай Засгийн газрын тэргүүлэх үндсэн гол зорилго бол Монгол хүнээ хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа. 

    Монгол хүн бүр ажилтай, орлоготой, эрүүл саруул, эрдэм боловсролтой, бүтээлч чадвартай байх нь улс орны, ард иргэдийн маань нийтлэг хүсэл эрмэлзэл билээ. Засгийн газар юуны өмнө нийгмийн баялгаас иргэн бүрт хувь хишиг хүртээх, хувь хүний болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Эхний ээлжинд иргэн бүрт 70 мянган төгрөг олгосон.
     
    Мөнгийг бэлнээр, бөөнөөр олгох нь инфляци өсгөж, юмны үнэ хөөрөгдөх сөрөг үр дагавартай учир, цаашид сар бүр тогтмол олгож байхаар шийдлээ. Тухайлбал, энэ оны 8 дугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт 10 мянган төгрөг олгож байгаа бол 2011 оноос эхлээд сар бүр 21 мянган төгрөг олгохоор тогтож байна. Үүнийг удахгүй 2011 оны улсын төсвийн төсөл, Хүний хөгжил сангийн төсвийг хэлэлцэн батлах үед эцэслэн шийдвэрлэж, баталгаажуулах болно. Үлдэх 1.0 сая төгрөгийг иргэдэд боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр болон орон сууцны, малчны ба бусад зээлийн төлбөрт нь зарцуулах хэлбэрээр олгохоор судалгаа тооцоог холбогдох яам, байгууллагууд хийж байна.

    “Сургалтын төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай”  Засгийн газрын тогтоол гаргаж, их, дээд сургууль, коллежийн суралцагчийн төлбөрөөс 500,0 мянган төгрөгийг 2011 оны 1 дүгээр сараас “Хүний хөгжил сан”-гаас бэлэн бусаар олгохоор шийдвэрлэсэн.
      
    Энэ арга хэмжээ нь манай ард иргэдэд учирч байсан оюутны сургалтын төлбөрийн болон банкны зээлийн дарамтыг багасгаж, тэдний ахуй амьдралд томоохон дэмжлэг болохуйц зөв зүйтэй шийдвэр болсон гэж олон түмэн дэмжиж байгаад баяртай байна. Мөн энэ оны 10 дугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэхээр шийдлээ. Олон хүүхэдтэй эхэд олгох мөнгийг нэмэгдүүлсэн бөгөөд түүнийг энэ оны IV улирлаас өгч эхлэхээр төлөвлөөд байна. Засгийн эрхийг барьж байгаа улс төрийн хүчнийг тэргүүлж байгаагийн хувьд сонгогчдынхоо өмнө өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө бүх талаар чармайн ажиллах болно.

    Төв аймгийн ард, иргэдээ,
     
    Засгийн газар эдийн засаг, нийгмийн бодлогын дээрх зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагын ажил, үйлчилгээг бүх шатанд сайжруулах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ төрийн өмчит аж ахуйг удирдах арга барилдаа ч шинэчлэл хийхийг эрмэлзэж байна. Энэ чиглэлээр төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн.

    Засгийн газраас орон нутагт олгож байгаа төсвийн шилжүүлгийг тухайн орон нутгийн хөгжлийн индекст тулгуурлан тодорхойлж байх зарчимд шилжинэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улс, бүс нутгийн шинж чанартайгаас бусад бүх бараа, ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааруулан тухайн орон нутгийн удирдлага худалдан авдаг байх журам тогтооно.

    Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох, чөлөөлөх  эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлэх зэрэг арга хэмжээг авна. Мөн бүх шатанд хариуцлагын тогтолцоог бий болгож, хууль дүрмийг чанд мөрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн ёс суртахууны эсрэг үзэгдэлтэй тууштай тэмцэж, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахад ч онцгойлон анхаарч ажиллаж байгаа, ажиллах ч болно.

    Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ойрын ирээдүйн  бодлого, зорилтын талаар  Та бүхэнд товч танилцууллаа.

    Төр засгийн шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бүх салбар, орон нутгийн түвшинд  бодит ажил болон өрнөж, түүний үр дүн ард иргэдэд шууд хүрч   байх учиртай. Тийм ч учраас энэ удаагийн томилолтын нэг зорилго бол гаргасан шийдвэрийг аймаг, сум, багийн түвшинд иргэдэд хүргэх талаар хэрхэн ажиллаж байгаа, иргэдийн санал бодол ямар байгаатай танилцах, мөн орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх ямар арга хэмжээ авч болох талаар санал бодлоо солилцоход чиглэж байна.

     Эрхэм хүндэт ард, иргэд ээ!

    Миний бие аймаг орон нутагт томилолтоор ажиллахдаа тэдгээрийн хөгжлийн түвшин, давуу тал, хөгжих боломжийг харьцуулан бодож явдаг. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод манай улс мах, сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээрээ хангах зорилт дэвшүүлсэн. Төв аймаг гурилаас бусад хэрэгцээгээ хангаж байгааг сайшаан тэмдэглэж байна. Манай улсын Төв аймгийн хувьд бусад аймагтай харьцуулахад олон давуу талтай. Газар зүйн байрлын хувьд нийслэл болон Дархан зэрэг томоохон зах зээлд ойр, таатай байршилд оршдог. Дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, төмөр болон авто замаар бусад аймгуудтай төдийгүй манай улсын хөрш ОХУ, БНХАУ-тай харилцах боломжтой.

    Төв аймгаас манай улсад нэртэй олон шилдэг сэхээтэн, эрдэмтэн төрөн гарсан боловсон хүчний чадавхи сайтай. Тухайлбал их зохиолч Д.Нацагдорж, Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Х.Уртнасан, Т.Цэнд-Аюуш, Л.Цогзолмаа, Ардын жүжигчин Д.Дамдинсүрэн, Д.Цэрэндулам, Г.Гомбосүрэн, А.Очирбат, О.Ганбаатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, Д.Цоодол, Төрийн шагналт, академич Т.Шагдарсүрэн, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбат, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Б.Бадар-Ууган зэрэг шинжлэх ухаан, урлаг соёл, спортын олон зуун алдартны өлгий нутаг билээ.

    Мөн Д.Бодоо, Д.Чагдаржав, Ц.Дамбадорж, Ж.Самбуу, М.Энхболд зэрэг Монгол төрийн төрийн нэрт зүтгэлтнүүд төрөн гарсаныг ч дурсахгүй байж болохгүй. Өнөөдөр ч гэсэн Монгол улсын төр засгийн томоохон албан тушаалд Төв аймгийн уугуул олон арван хүн итгэл зүтгэл гарган амжилттай, үр бүтээлтэй ажиллаж буйг дурдахад таатай байна. Төв аймаг эдгээр давуу тал, аятай нөхцөлүүдээ ашиглан зах зээлийн харилцаанд шилжсэн он жилүүдэд эдийн засаг, нийгмийн салбарт багагүй амжилт олсон. Төв аймаг улсын нийт дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээгээрээ аймаг, нийслэл дотроо 4-т орох амжилтыг үзүүлж байна.

    Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор 2007 оноос “Аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийн сан”-г төр-нутгийн захиргаа-банкны байгууллагын оролцоотой анх удаа байгуулан бүх сумдыг хамруулан төсөл сонгон шалгаруулж, хөнгөлөлттэй нөхцөлөөр 213 төсөлд 1.7 тэрбум гаруй төгрөгийн зээл олгосон байна. Эдгээр болон бусад арга хэмжээний дүнд өнөөгийн байдлаар танай аймагт 177 жижиг, дунд үйлдвэр үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1000 гаруй хүн ажиллаж байна.

    Энэ уулзалтад орохын өмнөхөн бид “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн 2010” үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаатай танилцлаа. Жил бүр уламжлал болгон явуулдаг уг арга хэмжээ үр дүнгээ өгч, бүтээгдэхүүний нэр төрөл нь нэмэгдэн өргөжиж,  аймгийн шилдэг 56 нэр төрлийн брэндтэй болсон нь бахархууштай үйлс юм.

    Мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн, түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэл хөгжиж эхэлж байгаа ч аймгийнхаа түүхий эдийн нөөцийн багахан хэсгийг л боловсруулж байна. Тухайлбал, сүүний үйлдвэрүүд хүчин чадлынхаа 19.4 хувийг ашиглаж, жилд үйлдвэрлэж байгаа сүүний 1.3 хувь, махны 0.3 хувь, хонины ноосны 30.0 орчим хувийг л үйлдвэрлэлийн аргаар боловсруулж, үлдэх хэсгийг нь 100 хувь түүхийгээр нь зах зээлд нийлүүлж байна. Үүнээс үзэхэд орон нутгийн дээрх нөөцөд тулгуурлан мах, сүү, төмс, хүнсний ногоо, ноос, ноолуур, арьс шир, буудай зэрэг түүхий эдийг боловсруулах нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэх ихээхэн нөөц боломж харагдаж байгааг хэлэх нь зүйтэй.

     Нийслэл хотыг даган хурдацтай хөгжиж буй эрчимжсэн аж ахуйн хэрэгцээнд нэн шаардлагатай тэжээлийн хэрэгцээг хангах таатай боломж, бэлэн зах зээл байгааг ч ашиглах хэрэгтэй. Засгийн газрын шийдвэрийн дагуу Төв аймаг нийслэл Улаанбаатар хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг ойрын жилүүдэд хангах томоохон зорилтыг шийдвэрлэх ёстойг сануулах нь зүйтэй. Энэ ажилд ахиц гаргах зайлшгүй шаардлага байгааг аймгийн удирдлагууд анхаарах ёстой.

    Аймгийн эдийн засгийн бүтцэд боловсруулах салбарын эзлэх хувийн жин бага байгаад дүгнэлт хийж, аймгийн ИТХ-ын хуралдаанаар зориуд хэлэлцэн “Төв аймгийг 2010-2016 онд үйлдвэржүүлэх төлөвлөгөө баталсныгаа хэрэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлагатай. Төр, засгийн бодлого, шийдвэрийг амьдралд бодитой хэрэгжүүлэх нь иргэн бүрийн хүчин чармайлтаас бүрэн хамаарна. Иймд өрх, иргэн бүр хичээнгүйлэн ажиллаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх нь туйлын чухал юм.
     
    Монгол Улс минь, Төв сайхан аймаг маань цэцэглэн хөгжих болтугай.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Төв аймагт “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    Төв аймагт “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байнаТөв аймгийн Зуунмод хотод “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааны нээлт 2010 оны 10 дугаар сарын 7-ны өдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд болон албаны бусад хүмүүс оролцов.

    “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг Засгийн газар анхнаас нь дэмжиж байсны дүнд аймаг, сумд өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнээрээ алдаршиж байгаагийн дотор Төв аймаг багтаж, багагүй амжилт олж байна. Үүнийгээ цаашид бататгаж, орон нутгийнхаа давуу тал, боломжийг ашиглан монгол түмний бахархал болохуйц чанар сайтай, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж улс орныхоо төдийгүй олон улсын зах зээлд гаргахыг Ерөнхий сайд С.Батболд Төв аймагчуудад хандаж хүсэн ерөөв.

    Төв аймаг 27 сумтай. Сум бүр аж үйлдвэр, хүнс, газар тариалан, мал аж ахуйн брэнд бүтээгдэхүүнээ “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанд толилуулж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд аймгийн төр, захиргааны байгууллага сумдаа эдийн засгийн 4 бүс болгон ажлын байр, татварын орлогоо нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, газар тариаланг сэргээх зорилт тавин ажиллаж байгаа юм. Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгосны дагуу Төв аймаг 2010 оныг “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан байна. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээний төсөлд тэрбум гаруй төгрөгийн зээл олгож, холбогдох арга хэмжээ авсаны дүнд Төв аймагт  177 жижиг, дунд үйлдвэр ажиллаж, тэдгээрт 1000 гаруй хүн ажиллаж байна.

    Ерөнхий сайд С.Батболд Төв аймагт хэрэгжиж байгаа “Нэг сум-Нэг суурин” хөтөлбөрийн үр дүнг үнэлж цаашид бусад аймаг сумдтай хамтарч томоохон үзэсгэлэн худалдаанд оролцох, улмаар түүхий эдээ 100 хувь ашиглаж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотооддоо төдийгүй гадаад зах зээлд борлуулах боломж их байгаа, энэ чиглэлээр идэвхтэй ажиллахын чухлыг бизнес эрхлэгчдэд болон  аймгийн төр, захиргааны удирдлагад хандаж онцлон хэллээ.

    Ингэхдээ орон нутгийн нөөцөд тулгуурлан мах, сүү, төмс, хүнсний ногоо, ноос ноолуур, арьс шир, буудай зэрэг түүхий эдийг боловсруулах нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөөц боломж байна. Нийслэл хотыг даган хурдацтай хөгжиж байгаа эрчимжсэн аж ахуйн хэрэгцээнд нэн шаардлагатай тэжээлийн хэрэгцээг хангах таатай боломж, бэлэн зах зээл байгааг ашиглах хэрэгтэй. Засгийн газрын шийдвэрийн дагуу Төв аймаг нийслэл Улаанбаатар хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг ойрын жилүүдэд хангах томоохон зорилтыг шийдвэрлэх ажилд ахиц гаргах зайлшгүй шаардлага байгаад аймгийн удирдлагууд анхаарахыг сануулав. 

    “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөн 1970-аад оны сүүлээр Япон Улсын Ойта мужид үүсч одоо дэлхийн 30 орчим оронд амжилттай хэрэгжиж байна. Манай улсын хувьд 2002 онд энэ хөдөлгөөнийг Баянхонгор аймагт туршиж 2005 онд “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа юм

  • Төв аймгийнхан хамтарсан Засгийн газарт өндөр үнэлгээ өгч байна

    засгийн газар, төв аймагМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төв аймгийн Зуунмод хотноо болсон “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцож, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй танилцсаны дараа аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзав.

    Тэрээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар танилцууллаа. Ашигт малтмалын орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, ажлын байр бий болгож, эдийн засаг, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх,  Их бүтээн байгуулалт, “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийн хэрэгжилт, цалин, тэтгэврийн нэмэлт, Атрын III аян, боловсролын салбарын шинэчлэл, төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг бүх шатанд сайжруулах, хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх, цөлжилтийг сааруулах зэрэг чиглэлээр олон ажил хийж, цаашид ч хийхээр зорьж байгаагаа Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэв.

    Төв аймаг энэ онд улсын хэмжээний үр тарианы дөрөвний нэг, төмсний гуравны нэгийг дангаараа үйлдвэрлэж гурилаас бусад хэрэгцээгээ өөрсдөө хангаж байгааг тэрээр сайшаалаа. Гэхдээ мах, сүү, хонины ноос гэхэд л 0.3-30 хувийг нь л үйлдвэрийн аргаар боловсруулж үлдсэнийг нь түүхийгээр зах зээлд нийлүүлсэн хэвээр байгааг анхааруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж, нөөц бололцоогоо сайтар ашиглахыг сануулав.

    Мөн нийслэл Улаанбаатар хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг ойрын жилүүдэд хангах үүргээ биелүүлэх, аймгийг 2010-2016 онд үйлдвэржүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Төр, засгийн бодлого, шийдвэрийг амьдралд бодитой хэрэгжүүлэх нь иргэн бүрийн хүчин чармайлтаас бүрэн хамаарна. Иймд өрх, иргэн бүр хичээнгүйлэн ажиллаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх нь туйлын чухал гэж Ерөнхий сайд үгийнхээ төгсгөлд тэмдэглэв. 

    Хамтарсан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ялангуяа эдийн засаг, нийгмийн чиглэлээр авч байгаа бодит ажил үр дүнгээ өгч байгааг уулзалтад ирсэн иргэд илэрхийлж байлаа. Мөн Ерөнхий сайд С.Батболдыг Монгол хүнийхээ төлөө, сульдсан эдийн засгаа сэргээн хөгжүүлэхийн төлөө санаа тавьж сайн ажиллаж байгааг иргэд онцолж улам сайн ажиллана гэсэн хүлээлт өндөр байгааг ч хэлж байлаа. Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Засгийн газартай хамтарч нутгийнхаа дэд бүтцийг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг чиглэлээр олон ажил хийж байгааг иргэд үнэлж байдгаа уулзалтын үеэр илэрхийлж байв.

    Тэд аймгийн төвийн ашиглалтгүй байгаа дулааны станцыг ажилуулж эхлэх, гар аргаар алт олборлогчдыг цэгцлэх, газар тариалангийн салбарын техник, технологийг шинэчлэхэд туслалцаа үзүүлэх,  хугацаат цэргийн албан хаагчдыг мэргэжилтэй болгож байх, хариуцлага, сахилга батыг сайжруулах, Улаанбаатар-Төв аймгийг холбосон замын чанарыг сайжруулах, Төв аймаг-Налайхын замыг хатуу хучилттай болгох талаар асууж хариулт авлаа

  • С.Батболд: Мэдлэг, технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэх шаардлага байна

    С.Батболд: Мэдлэг, технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэх шаардлага байнаМонгол Улсын Ерөнхий сайд, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дарга С.Батболд “Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” сэдэвт зөвлөгөөнийг нээж хэлсэн үгийнхээ эхэнд Дэлхийн банкнаас гаргадаг өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс сүүлийн таван жилд 130-аад орноос 119-99 дүгээр байруудыг эзэлж байна гэдгийг тэмдэглэлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Доош татаж буй үзүүлэлтүүд нь институц, дэд бүтэц, санхүүгийн тогтолцоо, технологи, инновацийн сул хөгжил юм. Өнөөгийн байдлаар манай дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь 28,7, боловсруулах салбарын эзлэх хувь дөнгөж 6,2 байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм” гэлээ.

    Экспортын бүтээгдэхүүний 70 орчим хувийг уул уурхайн салбар эзэлж байгаа, ойрын жилүүдэд баялгийн салбараас хамаарах хамааралт улам бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг тэрбээр дурдлаа. Засгийн газрын тэргүүн манай улсад шинжлэх ухааныг үйлдвэрлэлтэй холбох, мэдлэг, технологид суурилсан эдийн засгийн үндсийг тавих, инновацийн эдийн засгийг хөгжүүлэх бодит шаардлага байгааг дараах үндэслэлүүдээр тайлбарласан юм.

    Хөдөө, аж ахуй, аж үйлдвэрийн эрчимжилт багатай эдийн засгийн хөгжлөөс мэдлэгийн эдийн засагт шилжих  шилжилтийг эхлүүлэх, улс орны өрсөлдөх чадварыг улам дээшлүүлэх, шинжлэх ухаан технологийн салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болгох, үндэсний баялгийг богино хугацаанд нэмэгдүүлэх зэрэгт эрдэмтэн судлаачдын үүрэг чухал болохыг Ерөнхий сайд онцолж байлаа. Мөн тэрбээр шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд зүүн Европийн орнууд болон Канад Улсын хөгжлийн загвар, үйлдвэрлэл, технологийн стандарт, хөгжлийн туршлагаас судлахыг зөвлөгөөнд оролцогчдоос хүсээд хөгжиж буй улс орны хөгжлийн нэг гол тулгуур нь өндөр хөгжсөн орнуудын технологи, хөгжлийн туршлагаас судлах, хуулбарлах бодлого барьдаг талаар зарим орны хөгжлөөр жишээ аван тайлбарлалаа.

    Шинжлэх ухаан, технологийн суурь судалгаанаас гадна эдийн засаг, нийгмийн салбар бүрт хэрэгжүүлж байгаа судалгаа, төсөл, аж ахуйн үйл ажиллагаанд шинжлэх ухааны дэвшилтэд ололт, шинэ стандарт, арга зүйг аль болох шуурхай нэвтрүүлэх тогтолцоо, үүнийг дэмжих арга замуудыг хэрэгжүүлэх зорилт бидний өмнө байна. Богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй байж магадгүй ч ажил хэрэг болгох зөв хандлагаа тогтоох нь зүйтэй. Үүнд энэ зөвлөгөөн үр дүн үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд тодотголоо.   

    Улс орны эдийн засагт ойрын жилүүдэд бий болохоор байгаа нааштай өөрчлөлт, хандлага, дотоодын боловсон хүчний нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, улс орныхоо хөгжлийг түүхий эдийн экспорт, борлуулалтад түшиглэсэн үе шатнаас дараагийн илүү хурдацтай, дэвшилттэй хөгжлийн үе шатад хүргэх нь бидний эрхэм зорилго. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлнэ гэдгийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн чухалчлан хэллээ.

    Монгол Улсын Төрийн ордонд өнөөдөр болсон “Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” сэдэвт энэхүү зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгууллаа

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав. ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООВ

    Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах бодлого барьж байна. Энэ дагуу УИХ-аас олгосон бүрэн эрхийн хүрээнд Онцгой албан татварын хэмжээг тухай бүр нь шинэчлэн тогтоож байгаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай” хэлэлцэн шийд гаргалаа.

    Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензинд 150 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг тонн тутамд 210 000 төгрөг, АИ-92 автобензинд 170 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг тонн тутамд 200 000 төгрөг болгон нэмлээ. Харин дизелийн түлшинд 215 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг тонн тутамд 135 000 төгрөг болгон бууруулсан байна. Бусад алслагдсан боомтоор орж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр болов. Энэ шийдвэр энэ 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд үүний үр дүнд газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлд худалдаж байгаа жижиглэнгийн үнийг өсгөхгүй, тогтвортой байх боломжтой гэж Засгийн газар үзэж байна. Хилийн үнэ буурахад Засгийн газар татвар нэмэх арга хэмжээг үе шаттайгаар авч УИХ-аас олгогдсон хэмжээнд буюу А-80 автобензинд 252 000, АИ-92 автобензинд 259 000, дизелийн түлшинд 265 000 төгрөгт дөхүүлэх арга хэмжээ авч ирсэн юм.

    Ингэснээр Засгийн газраас дараа саруудад газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ огцом өссөн тохиолдолд татварын хувь, хэмжээг бууруулж дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнийн огцом өсөлтийг сааруулах татварын нөөц бий болгож байна. ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 10 дугаар сард А-80 автобензин тонн тутамд 34 ам доллар, АИ-92 автобензин тонн тутамд 23 ам доллараар буурч, дизелийн түлш тонн тутамдаа 74 ам доллараар өссөн байна.

     Товчхон

    •  2010 онд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин болон цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас Булган, Дорнод, Орхон, Увс, Хэнтий аймагт учирсан хохирлыг арилгах, 2010 оны эхний хагас жилд гарсан гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын албаны аврагч, алба хаагчдын томилолт, урамшууллын зардал болон Улсын нөөцөөс гаргах барааны хуваарийг хавсралтаар батлав. Нийт 569,020,280.0 /таван зуун жаран есөн сая хорин мянга хоёр зуун наян/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. 
     
    •  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр IV” төслийн буцалтгүй тусламжийн гэрээний төслийг зарчмын хувьд дэмжив. Хэлэлцээ хийсний дараа буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайдад олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргана. Азийн хөгжлийн банкнаас олгох 14 сая ам долларыг Улаанбаатар хотын эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, Хүний нөөцийн хөгжил, Эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.

    •  “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Төрийн өмчөөс орон нутгийн өмчлөлд нийт 1262510,7 мянган төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэхээр Төрийн өмчийн хороо төсөл боловсруулсан байна.

    •  “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар үе шатны зорилтыг хэрэгжүүлэх  арга хэмжээний төлөвлөгөө”-г хавсралтаар батлав. Төрийн архивын мэдээлэл, эрэлт хайлтын автоматжуулсан нэгдсэн сан байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор төрийн архивуудад 175 гэрээт операторчийг 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн ажиллуулна. Шаардагдах цалингийн болон тоног төхөөрөмжийн зардлыг улсын төсөвт тусгаж байхыг холбогдох яамдын сайд нарт даалгав.

    •  Манай улсад өргөнөөр ашиглаж байгаа цахим гарын үсгийг энгийн гарын үсгийн нэгэн адил хүчинтэйд тооцож баталгаажуулдаг болох, түүнийг ашиглах журмыг тодорхой болгон, тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтэц бий болгох шаардлагатай болсон байна. Иймээс Цахим гарын үсгийн тухай, Иргэний, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн, Татварын ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Иргэний бүртгэлийн тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг нэмж тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов

  • Оттавагийн конвенцид Монгол улс элсэн ороход бүх талаар дэмжинэ

    Оттавагийн конвенцид Монгол улс элсэн ороход бүх талаар дэмжинэ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Йорданы хунтайж, “Явган цэрэг эсэргүүцэх мин  хэрэглэх, нөөцлөх, үйлдвэрлэх, шилжүүлэхийг хориглох, устгах тухай” Оттавагийн конвенцийн Ерөнхийлөгчийн тусгай элч, эрхэмсэг ноён Миред Раад Аль-Хуссейныг 2010 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Монгол Улс Оттавагийн конвенцид нэгдэн орох хүсэлтээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65-р чуулганы үеэр болон Канад Улсад хийсэн айлчлалынхаа явцад дахин нотолсон хэмээн онцолж байлаа. Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс, Йорданы вант Улсын хооронд 1981 онд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд хоёр улсын хоорондын найрсаг сайн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд ч бие биенээ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэв. Мөн түүнчлэн Монгол Улс НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 2010-2010 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхэд Йорданы вант Улс дэмжсэнд Йорданы Засгийн газарт талархал илэрхийллээ.

    Йорданы хунтайж Монгол Улсын Ерөнхий сайдын Канад Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсонд баяр хүргээд, Йорданы вант Улс болон түүний тэргүүлж байгаа сангийн хувьд Монгол Улстай харилцаагаа бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийллээ.
    Мөн мингүй дэлхий ертөнцийг байгуулах Монгол Улсын эрмэлзлэлийг өндрөөр үнэлж байна гэж эрхэмсэг ноён Миред Раад Аль-Хуссейн хэллээ. Тэрбээр “Явган цэрэг эсэргүүцэх мин хэрэглэх, нөөцлөх, үйлдвэрлэх, шилжүүлэхийг хориглох, устгах тухай” Оттавагийн конвенцид Монгол Улсыг элсүүлэхийг бүрэн дэмжиж байгаагаа энэ дашрамд хэллээ.

    Уулзалтад Оттавагийн конвенцийн хэрэгжилтийг дэмжих нэгжийн захирал К.Бринкерт, Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Г.Гоулдхоук, Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Японы Ерөнхий сайдтай уулзлаа

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Японы Ерөнхий сайдтай уулзлааКанад улсад хамтарсан Засгийн газрын тэргүүний хувиар анхны айлчлалаа хийсэн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд энэ удаагийн айлчлалаа  амжилттай өндөрлөж дэлхий дахинд өөрийн хүч авъяас билгээрээ хүндлэгдсэн  мэргэжлийн сумо бөхийн 68 дахь удаагийн их аварга Ёкузона Асашёорюу Дагвадоржийн Японд болж байгаа  үс авах,  зодог тайлах ёслолд оролцож  байна. Энэ арга хэмжээнд оролцохоор Япон улсад ирэх үеэр тус улсын Ерөнхий сайд Наота Кан Ерөнхий сайдыг өргөөндөө өөрийн хүсэлтээр хүлээн авч уулзалт хийлээ.

    Энэ уулзалтанд улс төрийн нэр нөлөө бүхий төлөөлөгчид  байснаас  гадна  дэлхийд томоохон нэр нөлөө бүхий бизнесийн төлөөллийнхөн оролцсон нь анхаарал татаж байлаа.  Япон улсын ерөнхий сайд Наота Кан НҮБ ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар  чуулганы үеэр Нью- Йорк хотноо уулзалт хийсний дараагаар ийнхүү эх орондоо уулзалт хийж байгаадаа баяртай  байгаагаа илэрхийлж  байв. Хэдийгээр өчигдөр амралтын өдөр байсан ч Японы ерөнхий сайдын ордонд болсон уулзалтанд Японы төдийгүй дэлхийд нэр хүндтэй  компаниудын төлөөлөл оролцсон. 

    Уулзалтын эхэнд Японы улсын Ерөнхий сайд зочноо хүндэтгэн хэлсэн үгэндээ Нью- Йорк дахь уулзалт Токио хотноо үргэлжилж байгаад баяртай байна гээд их аварга Асашёорюугийн гайхалтай барилдаан болон Монголын их аваргуудад өөрийн биеэр шагнал гардуулж байснаа бахархан дурслаа. Мөн Нью -Йоркт уулзахдаа ашигт малтмал, дэд бүтэц болон бусад салбарт  хөрөнгө оруулалт хийх, газрын ховор элементийг ашиглахад хамтран ажиллах тухай хөндөн ярилцсан. Энэ дагуу энэ оны аравдугаар сард  Японы судалгааны баг Монголд очиж хайгуул хийхээр бэлтгэж байгааг мэдээллээ. Мөн энэ өдрийн арга хэмжээнд Японы нэр хүндтэй томоохон компаниудын ерөнхийлөгчдийг урьснаа ч дуулгалаа.

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ НҮБ- ын Ерөнхий Ассамблейд уулзаж ярилцсанаа тэмдэглээд ажил хэргийн уулзалт Токиод хийх боломж гаргаж байгаад, мөн Японы томоохон компаниудын төлөөлөлтэй энд уулзаж санал солилцох боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Ерөнхий сайд Монголын сумочдын гаргаж буй амжилт  нь тэдний хувьд хоёр улсын харилцаанд оруулж буй хувь нэмэр юм гэдгийг  онцолж  байлаа. Япон  улс Монгол улсын гуравдагч хөрш, иж бүрэн түншлэлээс  стратегийн түншлэлийн   харилцаанд хөгжиж байгаа хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагаа, мөн ирээдүйд уул уурхайн хөдөө аж ахуйн хувийн хэвшил гээд олон салбарын харилцааг шинэ түвшинд гаргах боломжтой байгаагаа Монгол улсын Ерөнхий сайд уулзалтын үеэр  тэмдэглэж байв.

    Энэ нь хоёр улсын харилцааг улам эрчимжүүлэхэд нэмэр болох учиртайг ч хэлж байсан. Ингэхдээ Монголын эрдэс баялагтаа тулгуурлан Японы байгальд ээлтэй техник технологийг хослуулан эх орондоо нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэр байгуулан ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд уулзалтанд оролцогчдод хандан илэрхийллээ. Цөмийн эрчим хүчийг хамтран ашиглах санамж бичиг байгуулаад байгаа. Газрын баялагийг хамтран хайх талаар энэхүү санамж бичигт дурдсан бөгөөд цаашид төсөл хэлбэрээр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үздгээ хэллээ. Монгол улсын Засгийн газрын хувьд Таван толгой болон бусад үндэсний компаниудын хувьцааг дэлхийн зах зээлд борлуулах ажлыг өөдрөгөөр харж байгаагаа Ерөнхий сайд дурьдаад төмөр замыг уул уурхайтай холбох, мөн дулааны цахилгаан станц барих зэрэг  их бүтээн байгуулалтанд Монгол Японы хөрөнгө оруулагчид хамтран оролцох боломж байгааг дурьдлаа.

    Монгол улсын Ерөнхийлөгчийн Японд хийх айлчлалын бэлтгэл ажлын талаар хоёр талын Ерөнхий сайд нар санал солилцлоо. Уулзалтанд оролцсон Японы томоохон компаниуд тухайлбал Сумтитомо, Тошиба, Марубени, Сожитцу, Мутцуй Бусан  зэрэг компанийн төлөөлөгчид Монгол улстай хамтран ажиллаж байгаа тухайгаа мөн хөрөнгө оруулалтын орчны талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Монголд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж байгааг Японы хөрөнгө оруулагчид дурьдаад харин улс төрийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтыг хамгаалах тал дээр анхаарахын чухлыг тэд дурьдаж байсан.  Үндэстэн дамнасан томоохон аж ахуйн нэгжүүд манай улсын уул уурхай, ашигт малтмал дэд бүтцийн салбарт тэр дундаа Таван толгой,  уран, газрын ховор элементийг ашиглах талаар хамтран ажиллах сонирхолтой байгаа ажээ.

    Ерөнхий сайд  С.Батболд эдгээр хөрөнгө оруулагчидад хандан байр сууриа илэрхийлэхдээ гурван зүйлийг онцолж байлаа. Үүнд түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэл технологийг нэвтрүүлэх чиглэлээр орж ирж буй хөрөнгө оруулалтыг нэн тэргүүнд дэмжинэ, учир нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх бодлогыг баримталж байгаатай холбоотой гэдгийг тайлбарлалаа. Мөн таван толгой ховор элемент транзит тээвэр  зэрэг төслүүд дээр УИХ-аас шийдвэр гаргасан,  энэ нь нэг талд гадны консорциум нөгөө талд Засгийн газар гэсэн бүтэцтэй байгаа. Энэ бодлогыг барьж ажиллана гэдгээ Ерөнхий сайд С.Батболд хэлээд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ