Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Канад Монголын хөрөнгө оруулагчид чууллаа

    Канад Монголын хөрөнгө оруулагчид чууллаа Манай улс Канад Улстай 1973 оны арваннэгдүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосноос хойш  37 жилийн дараа анх удаагаа Монгол Улсын Ерөнхий сайд Канадад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Тиймээс ч Канадын тал Ерөнхий сайд С.Батболдын айлчлалд өндөр ач холбогдол өгч байна. Оттава хот дахь  Монголын Элчин сайдын яаманд болсон хүлээн авалтад Канадын Парламентын хоёр танхимийн дарга нар, гол гол яамдын сайд нар, нэр хүндтэй улс төрчид хүрэлцэн ирсэн бол есдүгээр сарын 30-ны өдөр Торонто хотод болсон Канад Монголын хөрөнгө оруулагчдын форумд олон улсын зах зээлд нэр хүндтэй Хойд Америкийн томоохон пүүс компанийн төлөөлөгчид нийлсэн 70 гаруй хөрөнгө оруулагчид оролцлоо. Тэдний дунд Монголд болон Америк Канадад бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг  үндэсний  компаниудын төлөөлөл ч байв.

    Монгол Улсын Ерөнхий  сайд С.Батболд хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлэхдээ улс орныхоо өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, хууль тогтоомжийн талаар товч мэдээлэл өгөв. Түүнчлэн Канад нь Монгол улсын хөгжлийн загвар орон болох ач холбогдолтой, энэ нь зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй хөдөө аж ахуй, барилга, үйлчилгээ, төрийн алба, боловсрол зэрэг олон салбарт  хэрэгжих боломжтойг Ерөнхий сайд тэмдэглээд харин энэ үйл явц нь харилцан ашигтай байх ёстой гэлээ.

    Мөн Монголд хөрөнгө оруулж байгаа Канадын хөрөнгө оруулагчдад давуу боломж олгохгүй харин тэдэнд бизнесээ найдвартай явуулах тогтвортой, хууль эрх зүйн нээлттэй, тунгалаг орчныг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллана гэдгээ  гүйцэтгэх засаглалын тэргүүн хэллээ. Торонто хотноо болсон энэхүү форумд “Rео Tinto”, “Centerro Gold”, “South Gobi”, “Ivanhoe Mines” зэрэг олон улсын зах зээлд бүртгэлтэй уул уурхайн томоохон компаниудаас гадна банк санхүү, худалдаа, даатгал, зөвлөгөө, үйлчилгээ, хөдөө аж ахуй, барилгын чиглэлийн компаниудын төлөөлөгчид оролцсон бөгөөд тэдний зүгээс Монгол Улсын  Ерөнхий сайд С.Батболдын Канадад хийж буй айлчлалд чухал ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж байлаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээрийг  байгуулах ажлыг эрчимжүүлэхийг хүссэн юм. 

    Ерөнхий сайд энэ үеэр хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих хууль эрх зүйн актуудыг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газар УИХ- тайгаа ажиллаж байгаа,  Монгол Улсын хувьд түүхий эдээ гадагш нь зөөгөөд байх биш харин түүнд түшиглэсэн Канад стандарт загварын боловсруулах үйлдвэрүүд байгуулах сонирхолтой байгаагаа хөрөнгө оруулагчдад хэллээ

  • Торонтогийн Хөрөнгийн биржид зочиллоо

    Торонтогийн Хөрөнгийн биржид зочиллоо Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд есдүгээр сарын 30-нд Торонтогийн Хөрөнгийн биржид зочиллоо. 1852 онд байгуулагдсан 157 жилийн түүхтэй тус бирж нь бүртгэлтэй уул уурхайн компаниудын тоогоороо  дэлхийд нэгдүгээрт, бүртгэлтэй нийт компанийн тоогоор хоёрдугаарт, Хойд Америктаа хамгийн томд тооцогддог юм байна. Тухайлбал, 2010 оны байдлаар тус Хөрөнгийн биржид уул уурхайн 1419 компани бүртгэлтэй байгаагийн 134 нь олон улсынх байна.

    Торонтогийн Хөрөнгийн биржид ашигт малтмал олборлох, үйлдвэрлэх, нефть, хий, аж үйлдвэр, судалгаа, хөгжлийн болон технологийн компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Тус бирж дэлхийн эдийн засгийн гүн хямралын үе 2009 онд  65 их наяд долларын ашигтай ажилласан  тухай  Торонтогийн Хөрөнгийн биржийн зах зээл болон ТМХ группийн хувьцааны асуудал эрхэлсэн Ерөнхийлөгч Кеван Кован Ерөнхий сайд С.Батболдод ярилаа. 

     Тус биржид бүртгэлтэй уул уурхайн 19 компани Монголд үйл ажиллагаа явуулдаг байна. Манай улсын Засгийн газрын тэргүүн тус биржийн удирдлагауудтай уулзахдаа Монголын Хөрөнгийн биржийг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэхээр ажиллаж байгаа, дэлхийн нэр хүнд бүхий хэд хэдэн бирж хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн, 157 жилийн арвин их түүхтэй Торонтогийн биржийн туршлагаас мөн суралцах сонирхолтой байна гэлээ. Мөн Монголын  Үндэсний компани анх удаагаа олон улсын зах зээлд хувцаа гаргах гэж байгаа тухай дурдав.

    Торонтогийн Хөрөнгийн биржийн удирдлага  Монголын Хөрөнгийн биржтэй бүх талаар хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайдад хэллээ

  • Канад дахь монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзав

    канад, уулзалтМөн өдөр Ерөнхий сайд Ванкувер хотноо хүрэлцэн ирлээ. Тус хотноо ажиллаж, амьдарч сурч байгаа 300-гаад Монгол иргэдийнхээ төлөөлөлтэй Засгийн газрын тэргүүн уулзаж улс орныхоо байдал,төр засгийн бодлого хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийнхээ талаар танилцуулав. Мөн Канадын хөгжлийн загварыг Монголдоо бий болгох боломжийн тухай үүнд хилийн чанадад тэр тусмаа Канадад мэргэжил эзэмшиж байгаа, энэ улсын хөгжлийн технологиос суралцаж байгаа монголчуудын үүрэг оролцоо чухал гэдгийг онцлолоо. Өнөөдөр улс оронд нэн хэрэгцээтэй байгаа нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд Засгийн газраас ихээхэн анхаарч байгаа, БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзахдаа техникийн нарийн мэргэжлээр Монголчуудыг сургах, төгсөхөд нь мэргэжлийн гэрчилгээ олгож өгөх хүсэлт тавиад байгаа тухай Ерөнхий сайд мэдээлээд одоо бид бусдын хөгжлийг гайхаж амьдрах  биш харин өөрсдөө эх орондоо тийм орчныг бүрдүүлэхийн төлөө санаачилгатай эрчтэй ажиллах юм бол Монгол Улс маань хурдтай хөгжих гараандаа ирчихээд байна гэж ярьсан юм

  • Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам Канадтай хамтарна

    Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам Канадтай хамтарна Канад улсад айлчилж байгаа Ерөнхий сайд С.Батболд аравдугаар сарын сарын 1-нд Ванкувер хотноо зохион байгуулсан Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцож үг хэллээ. Энэхүү арга хэмжээний үер Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам Канад улсын Бритиш Колумби мужийн Ойжуулалт, хөрөнгө оруулалтын байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

  • Ахмад настан, азай буурлууд аа!

    ахмад, мэндчилгээМонгол Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй  зүтгэж ирсэн үе үеийн  ахмад  буурлууд Та бүхэндээ олон улсын ахмадуудын баярын өдрийн халуун мэндийг хүргэе!

    Ахмад настны өдрийг олон улсын хэмжээнд 19 дэх жилдээ, Монгол Улсад 17 дахь жилдээ өргөн дэлгэр тэмдэглэж байна. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг билээ. Монгол Улсын Засгийн газрын бодлогын төвд ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлдэг бөгөөд  ахмадуудад зориулсан шуурхай үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

    Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын хүн амын насжилтын стратеги”-ийг 2009 онд баталсан нь ахмад настны аж байдлыг сайжруулах, тэдний нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, эрүүл насжих нөхцөл боломжийг нэмэгдүүлэх талаар  бодлогын чиглэлийг тусгасан анхны урт хугацааны бодлогын баримт бичиг юм.

    Хамтарсан Засгийн газраас байгалийн баялгийн орлогоо иргэддээ тэгш, шударгаар хуваарилах бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулж, эхний ээлжинд иргэн бүртээ 120.000 төгрөг олгож эхлээд байна. Ирэх оноос иргэн бүрт сар тутам 21000 төгрөгийг бэлнээр, үлдэх мөнгийг тухайн иргэний хэрэгцээнд тулгуурлан бэлэн бусаар олгох болно. Ялангуяа,  ахмадууд   бэлэн бус  хэлбэрээр эрүүл мэндийн үйлчилгээ хүлээн авах боломжийг бүрдүүлэх нь чухал байна. 

    Засгийн газар  тэтгэврийг нэмэгдүүлэх талаар үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын хүрээнд  2010 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэврийг  30,0 хувиар, мөн алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тэтгэмжийн хэмжээг 50.0-100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Дайнд оролцсон ахмад настнуудад орон сууцны дэмжлэг олгох ажлыг 2009 оноос эхлүүлж өнөөдрийн байдлаар 992 ахмад дайчин энэ арга хэмжээнд хамрагдаад байна. Энэ онд багтаан 600  ахмад дайчдад  орон сууц олгох ажлыг хийж дуусгана гэдгийг дуулгахад таатай байна.
     
    Цаашид ч ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж хэрэгжүүлэх болно. Төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан  буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД  С.БАТБОЛД

  • Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах хэлэлцээр байгуулахыг эрчимжүүлнэ

    Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах хэлэлцээр байгуулахыг эрчимжүүлнэ Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболдод Канадын олон улсын худалдааны сайд Питер ван Лоун бараалхаж хоёр талын худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээрийг эрчимжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Ерөнхий сайд уулзалтын үеэр хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар зөвхөн амлах биш харин хэлсэн ярьснаа бодит ажил хэрэг болгоход илүүтэй анхаарч ажиллаж байна гээд, 2010 оныг Монголд бизнесийн орчны шинэтгэлийн жил болгон зарласан.

    Энэ ажлын хүрээнд бизнесийн орчинг таатай болгох, үйлчилж буй хууль эрх зүйг нь тогтвортой боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байгаа бөгөөд үр  дүн нь эхнээсээ гарч эхэлсэн нь Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан сүүлийн судалгааны дүнгээс харагдаж байгааг дурьдав. Мөн Монгол улс эдийн засгийн хөгжлийн замдаа ороод байгаа энэ үед олон орны хөгжлийн туршлага стандарт нормыг судалсан. Ингээд өөрийн орны онцлог байдлаа ч харгалзсан Канадын загвар илүү ойр санагдсан.

    Мөн зэсийн үйлдвэрлэлийн хувьд Чилийн загварыг судалж байна гэдгээ Ерөнхий сайд хэллээ Ингэхдээ уул уурхайн салбарт ч ХАА-н салбарт ч түүхий эдээ гадагш нь гаргах биш харин нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрүүд бий болгоход ач холбогдол өгч байгаагаа онцлов. Ноён Питер ван Лоун Ерөнхий сайдын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлээд  зэсийн үйлдвэрлэлийн хөгжлөөр Чилийн туршлага судалж байгаа нь чухал юм гэдгийг онцлоод,  Канад нь барилгын материалын технологиор болон уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмжийн чанар стандартаар дэлхийд дээгүүрт ордог.

    Энэ чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломж байна гэв. Түүнчлэн хоёр тал “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих,харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг ойрын үед байгуулах нь чухал гэж үзэж байгаагаа Канадын олон улсын худалдааны сайд илэрхийлэв

  • Монгол Улсыг дэмжиж ажиллахаа Канадын Засгийн газар илэрхийллээ

    Монгол Улсыг дэмжиж ажиллахаа Канадын Засгийн газар илэрхийллээ Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Канадын сан хөмрөгийн зөвлөлийн дарга, Ази Номхон далайн хөтөлбөрийн сайд, парламентын гишүүн  Стоквэлл Дэй бараалхав. Канадын нөлөө бүхий улс төрчдийн нэг энэ эрхэм Монголд элэгтэйгээрээ манайханд хэдийнэ танил болсон хүн юм. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд өөрийн орны дотоодын нөхцөл байдал, Засгийн газраас явуулж буй хөгжлийн бодлого зэргээс танилцуулаад Канадын эдийн засгийн хөгжлийн загвар туршлагаас судлах сонирхолоо илэрхийлэв. Ялангуяа дэд бүтэц, барилга, хөдөө аж ахуй, үйлчилгээ,төрийн алба болон бусад олон салбарт Канадын загварыг нэвтрүүлэх боломжтойг дурдлаа.

    “Манай хоёр орон цаг агаарын нөхцөл байдлаас гадна  өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг, хүчирхэг хөршүүдтэй, байгалийн баялаг арвинтай, нээлттэй засаг төртэй зэргээрээ адил төстэй. Энэ чанараараа  өндөр хөгжилтэй Канад улсын загвар бидэнд ач холбогдолтой. Харин энэ загварыг нэвтрүүлэх явц нь харилцан ашигтай байх учиртай” хэмээн  Ерөнхий сайд С.Батболд ноён Стоквелл Дэйтэй уулзахдаа онцлов. 

    Түүнчлэн Монгол Улс гадаад түншүүдтэйгээ харьцахдаа буцалтгүй тусламжийг шүтэх бус хөгжлийн хамтын ажиллагааг илүүд үзэхийг чухалчилж байгаагаа Ерөнхий сайд хэлээд Канадын олон улсын хөгжлийн агентлаг / СИДА /-аас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд Монгол Улс багтан орох сонирхолтой байгаа гэлээ. Ноён Стоквэлл Дэй хэлэхдээ “Ерөнхий сайд Батболд таны айлчлал Канадад хүн бүрийн анхаарал татсан үйл явдал болж байна. Канадын Ерөнхий сайд таньтай уулзсаныхаа орой өөрийн намын болон танхимынхаа гишүүдэд хандаж Монгол Улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж ажиллахыг зөвлөсөн. Ардчиллын замаар замнаж буй хүчтэй хөгжих их боломжтой Монгол орон Канадыг хөгжлийн загвар орноо гэж үзэж байгаад ерөнхий сайд Стивэн Харперийн сэтгэл их хөдөлсөн бололтой” гэлээ. Канадын эдийн засгийн хөгжлийн гол салбар болохын хувьд уул уурхайн салбарт маш өндөр хатуу стандарт хэм хэмжээг тогтоодог тухайгаа ноён Стоквелл дурьдаад энэ стандарт загвар Монгол улсын хөгжлийн нэг тулгуур болсон уул уурхайн салбарт чухал туршлага болох юм гэсэн юм. Мөн түүнчлэн  Ерөнхий сайд С.Батболдын тавьсан Канадын олон улсын хөгжлийн хөтөлбөрүүдэд  хамрагдах ,харилцан туршлага судлах зэрэг саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.  Ноён Стоквелл Дэй Ерөнхий сайдтай уулзахдаа Монгол Улс ингэж хурдтай хөгжиж дэлхийн тавцан дээр гарч ирж байгаа нь гайхамшиг хэмээн онцолж байв

  • Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 9 дүгээр сарын 29-ний болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 9 дүгээр сарын 29-ний болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав. ЕРӨНХИЙ САЙДЫН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАСНЫ ДАГУУ ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 8 дугаар сарын 24-29, 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд говийн болон газар тариалангийн бүс нутгийн 8 аймагт ажиллан, Оюутолгой, Тавантолгой, Дулаан уулын ураны хайгуул, Зүүнбаянгийн нефтийн туршилт, олборлолтын талбай, Булган, Орхон, Дархан, Сэлэнгийн ургац хураалтын байдалтай танилцсан юм. 

    Тэрээр орон нутагт ажиллах үеэрээ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөр, ялангуяа ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, “Атрын гуравдахь аян”-ыг бүх талаар дэмжин үргэлжлүүлэх, өвөлжилтийн бэлтгэлээ хангах талаар ард иргэдэд ярьж, орон нутгийн болон байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтай танилцан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.  

    Ерөнхий сайд С.Батболдын хөдөө орон нутагт ажилласны дагуу авах арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж тогтоол гаргалаа. 
    Энэ дагуу : 
    – Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэх

    – Уул уурхайн ашигт малтмалын олборлолтыг нэмэгдүүлэх, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан ашигт малтмал боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүх бололцоог судлан, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх

    – Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн боомтын шалган нэвтрүүлэх цогцолбор, суурьшлын бүс, тэдгээрийн дэд бүтцийг ерөнхий төлөвлөгөөний дагуу барьж байгуулах, концессийн гэрээний ажлыг шуурхай зохион байгуулах

    – Уул уурхайн болон боловсруулах үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдыг ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, орон нутагт ажилгүй байгаа залуучуудаас элсэлт авч их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд нэгдсэн бодлоготойгоор бэлтгэх 

    – Зүүн болон өмнийн говийн уул уурхай, аж үйлдвэрлэлийг дагасан хүн амын төвлөрөл, хотжилтыг хот байгуулалтын нэгдсэн бодлогоор төлөвлөж, зохион байгуулахыг салбарын сайд нар, холбогдох албан тушаалтнуудад даалгав.

    МОНГОЛ-ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАМТАРСАН ХОРОО ХУРАЛДАНА

    2010 оны 10 дугаар сарын 11-12-ны өдөр Улаанбаатар хотноо болох Монгол, Европын Холбооны Хамтарсан хорооны 13 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрч, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Монгол Улсын Шадар сайд, Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга М.Энхболдод даалгав. 

    Хурлаар талуудын улс төр, эдийн засгийн өнөөгийн болон гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл сонсоно. Мөн хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, үр дүн, 2007-2010 оны хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх хөтөлбөр, төслийн талаар ярилцах юм. Хэрэгжүүлэх бололцоо бүхий төслүүдийн талаар санал солилцож, эрчим хүч, дэд бүтэц, нийгмийн хамгаалал, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар яриа, хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. 

    Европын Холбооны стандартыг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажиллах, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон, төсөл хэрэгжүүлэх боломж, Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн талаар хөндөж, үүний үр дүн, агуулга,  харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийн талаар санал солилцоно.  

    2011 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ МАРГААШ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

    Монгол Улсын 2011 оны төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн төсөл, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн барихаар болов. 2011 оны нэгдсэн төсвийн нийт орлого 3,114.1 /гурван их наяд нэг зуун арван дөрвөн тэрбум нэг зуун сая/ тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 39.7 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 3,250.8 /гурван их наяд хоёр зуун тавин тэрбум найман зуун сая/ тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 41.5 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 136.7 тэрбум төгрөг байх нь.

    Улсын төсвийг авч үзвэл 2011 оны Улсын төсвийн нийт орлого 2,302.3 тэрбум, нийт зарлага 2,250.2 тэрбум, улсын төсвийн нийт тэнцэл 252.0 тэрбум төгрөгийн ашигтай гарах төлөвтэй байна. Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн нийт орлого 328.9 тэрбум төгрөг, нийт зарлага 795.9 тэрбум төгрөг буюу 2010 оны зарлагаас 461.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэх нь. Ингэснээр Хүний хөгжил сангийн нийт алдагдал 467.0 тэрбум төгрөгт хүрэхээр байна. 
    Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт нэгдсэн төсвийн зарлагад хүлээсэн үүргийг 2011 оны төсвийн төслийн үзүүлэлт хангаж байгаа гэж Засгийн газар үзлээ.

    НОТАРИАТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

    Хуулийн төсөл болон холбогдох 26 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 70 гаруй хуульд тодорхой төрлийн бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэхээр заасан байдаг. Эдгээрээс 30 орчим нь шаардлагагүй шат дамжлага бий болгож, иргэн, хуулийн этгээдийг чирэгдүүлэн, эдийн засгийн дарамт үүсгэдэг нь судалгаагаар тодорхой болжээ.

    Хуулиас гадна захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргаж байгаа нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актад заавал нотариатаар баталгаажуулах тухай хэм хэмжээ тогтоож иргэд, байгууллагыг чирэгдүүлж байна. Иймээс нотариатын үйл ажиллагааг зах зээлийн жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, төр, захиргааны болон шүүх, хууль хяналтын байгууллагад иргэд гуравдагч этгээдийн оролцоогүйгээр шууд хандах эрх зүйн таатай нөхцлөөр хангах, нотариатыг зайлшгүй тохиолдлоос бусад үед иргэдийн хүсэлтийн дагуу хийж байх, энэ харилцаанд төрийн оролцоог багасгах нь зүйтэй гэж үзэн хуулийг шинэчлэн сайжруулахаар төлөвлөжээ.  
    Шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар :
    – Иргэн, хуулийн этгээдийн хуулийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага дээшлэнэ
    – Төрийн байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллагад иргэд нотариатчийн оролцоогүйгээр шууд хандах боломжтой болно 
    – Нотариаттай холбоотой баримт бичиг гэрчлүүлэх шат дамжлага, төлбөр хураамжийн дарамт багасна
    – Нотариатчид шударга өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

    ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ

    Хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. 
    Хуулийн төсөл батлагдсанаар : 
    – Олон нийтийн үзвэр үйлчилгээний газар, ажлын байр 100 хувь тамхигүй болж олон нийт дам тамхидалтан өртөн халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэл буурна
    – Тамхины зар сурталчилгаа багасч тамхины хэрэглээ буурна
    – Нийгмийн эрүүл мэндийн бодлого, арга хэмжээ, тамхины хяналтын талаар төр, тамхи үйлдвэрлэгчийн хоорондын харилцааны хэм хэмжээ төлөвшин, тамхины хяналтын бодлого, арга хэмжээ, тамхи үйлдвэрлэгчийн бизнесийн үйл ажиллагааны зааг ялгааны талаар төрийн байгууллага, ажилтан, олон нийтийн мэдлэг, хандлага, хариуцлага нэмэгдэнэ
    – Тамхины хайрцаг, сав боодолд тавих шаардлага, зохицуулалт сайжирч тамхины хор хөнөөлийн талаарх бодитой мэдээллийн хүртээмж нэмэгдэнэ
    – Хүн ам, ялангуяа хүүхэд, өсвөр үеийхний дунд тамхины хэрэглээ болон тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралтыг бууруулах боломжтой юм.

    2009 онд явуулсан халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн шаталсан судалгаагаар нийт хүн амын 27,6 хувь нь тамхи хэрэглэдэг. Үүний 48 хувь нь эрэгтэйчүүд, 6.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ тоог 2005 оныхтой харьцуулахад эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ 0.1 хувиар буурч эмэгтэйчүүдийнх 1.1 хувиар өсчээ. Хоёр хүн тутмын нэг нь гэртээ, гурван хүний нэг нь ажлын байрандаа дам тамхидалтад өртдөг нь судалгаанаас тодорхой болсон байна. 

    ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 61 ХУВЬТАЙ БАЙНА

    Иргэний шинэчилсэн бүртгэлд насанд хүрсэн 1.151.236 /нэг сая нэг зуун тавин нэгэн мянга хоёр зуун гучин зургаа/ хүнийг хамруулсан нь нийт хүн амын 61 хувь гэсэн үг юм. Харин насанд хүрээгүй 448.707 хүүхэд буюу нийт хүүхдийн 56 хувийг бүртгэлд хамруулжээ. Дундговь, Дорноговь, Булган, Говьсүмбэр, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт шинэчилсэн бүртгэлийн явц 74.6-87.0 хувьд хүрсэн бол Баян-Өлгий, Ховд аймагт 31.3-45.7 хувьтай буюу удаашралтай байна.

    Иргэд төрсний гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн, овог нэр нь зөрсөн, иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан зэрэг нь шинэчилсэн бүртгэлийн явцад нөлөөлж байна. Иймээс 1951 оноос хойш төрсөн иргэний төрсний гэрчилгээний лавлагааг шуурхай олгохын тулд иргэний баримтын архив 24 цагаар, нийслэлийн хороод бямба гарагт ч ажиллаж байгаа юм.

    Хөдөө орон нутгийн оюутнууд байнга оршин суугаа газартаа шинэчилсэн бүртгэлд хамрагдах ёстой гэж байсныг өөрчилж, удахгүй тухайн сургуульд нь бүртгэж эхлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, БСШУЯ ярилцаж байна.   

    ТОВЧХОН

    • “Ой, хээрийн түймрийн хохирлыг тооцох журам”-ыг хавсралт ёсоор батлав. 1996 онд батлагдсан Ой, хээрийн түймрээс хамгаалах тухай хууль, түүний дагуу гарсан зарим журам, зааврыг 2007 оны Ойн тухай хууль, даган гарсан журам, зааварт нийцүүлэн шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон байна. 2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлан мөрдүүлж эхэлсэн. Энэ бүхнээс үүдэн “Ой, хээрийн түймрийн хохирлыг тооцох журам”-ыг өөрчлөх шаардлагатай болсон байна. Сүүлийн 5 жилд манай улсад 798 удаа түймэр гарч 48 хүн амь насаа алдан 2.1 сая газрын ой шатаж, 22.5 тэрбум төгрөгийн экологийн болон эдийн засгийн хохирол учирчээ. Ой, хээрийн түймрийн ихэнх нь хувь хүний болгоомжгүй үйлдлээс болсон бөгөөд эзэн холбогдогчийн 60 хүртэлх хувийг илрүүлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

    • АНУ-ын Вашингтон хотноо 2010 оны 10 дугаар сарын 6-11-ний өдөр болох Олон улсын валютын сан, Дэлхийн банкны Захирагч нарын 2010 оны жилийн ээлжит чуулга уулзалт, Бүгд Найрамдах Филиппин Улсын Сэбү аралд мөн оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 3-ны өдөр болох Азийн хөгжлийн банкны хандивлагчдын ээлжит бага хуралд Сангийн сайд С.Баярцогтыг оролцуулах нь зүйтэй гэж үзэв.

    • Монгол Улсын буцалтгүй тусламжаар БНАЛАУ-д барьсан “Найрамдал” эмнэлгийн барилгын их засварт зориулан 300 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шилжүүлэх болов. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн 2008 онд БНАЛАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус улсын Үндэсний Ассамблейн даргатай байгуулсан албан ёсны хэлэлцээрт тусгагдсаны дагуу их засварт шаардлагатай  300 сая төгрөгийг 2010 оны төсөвт суулгаж батласан юм

  • Санамж бичигт гарын үсэг зурлаа

    Санамж бичигт гарын үсэг зурлааЕрөнхий сайд С.Батболдын Канад Улсад хийж буй айлчлалынхаа үеэр Монгол Улс, Канад Улсын хооронд худалдаа хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс Харилцан ойлголцлын гурван санамж бичиг байгуулахаар тохирлоо. Үүнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад Улсын Төрийн албаны комисс хооронд Төрийн албаны өөрчлөлт шинэчлэлтийн туршлага, мэдээлэл харилцан ойлголцлын санамж бичиг, Монголын Стандартчилал, хэмжил зүйн газар, Канадын Стандартын байгууллага хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Канад Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хооронд мэдээлэл технологи, худалдааны солилцоог дэмжих,  хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.

    Эдгээр санамж бичиг нь хоёр орны нийтлэг ашиг сонирхол, сайн сайхан хөгжил цэцэглэлтийн төлөө, ардчиллын үнэт зүйлсэд тулгуурласан хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлийн тод илэрхийлэл гэж хоёр тал үзэж байна. Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболд Канадын Парламентын  Сенатын танхимын спикер ноён Кинселлад болон Нийтийн танхимын дарга ноён Питер Миликенд нарт тус тус бараалхаж харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов

  • Канад нь Монгол Улсын хөгжлийн загвар орон болно

    Канад нь Монгол Улсын хөгжлийн загвар орон болно Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Ерөнхий сайд Стивен Харпертай  ганцаарчилсан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар Монгол Канадын өнөөгийн байдлыг өндрөөр үнэлж, хоёр орны хоорондын улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

    Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр цаг агаарын нөхцөл байдал, байгалийн нөөц баялаг, хүн амын нягтаршил, геополитикийн байршлаараа Монгол Улстай маш төстэй Канад Улсын хөгжлийн загвар, стандарт, техник технологиос эх орондоо нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Энэ чанараараа Канад нь Монгол Улсын хөгжлийн загвар орон болох ач холбогдолтой юм гэж Ерөнхий сайд онцоллоо. 

    Канад улсын Ерөнхий сайд Стивен Харпер Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүний айлчлал хоёр улсын харилцаанд түүхэн шинэ хуудас нээж байгааг тэмдэглээд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа мэдэгдлээ. Монгол Канад хоёр улсын Ерөнхий сайд нар энэ байр сууриа өргөтгөсөн албан ёсны хэлэлцээний үеэр мөн илэрхийлэв.

    Энэ ажлын хүрээнд хоёр улсын хоорондын” Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг байгуулах явцыг түргэвчлэхээр Ерөнхий сайд нар тохиров. Мөн Монгол Улс нь “Явган цэрэг эсэргүүцэх газрын мини”-ийн тухай Оттавагийн Конвенцид нэгдэн орох эрмэлзлэлээ  нотоллоо. Түүнчлэн Ази номхон далайн бүс нутагт болон дэлхий дахинд тогтвортой байдлыг хангахад оруулж буй хоёр талын цэргийн сургалтын хамтын ажиллагааг өндрөөр үнэлэв