Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Ерөнхий сайдад их аварга Д.Дагвадорж ёслолын урилгаа гардууллаа

    Ерөнхий сайдад их аварга Д.Дагвадорж ёслолын урилгаа гардууллаа Монгол улсын ерөнхий сайд С.Батболдод сумогийн их аварга, Асашёорюү Д.Дагвадорж өнөөдөр бараалхлаа. Тэрбээр ирэх аравдугаар сарын 3-нд Токио хотын “Кокүгикан” ордонд зодог тайлж,үс авах их ёслолын ажиллагаагаа хийх ажээ. Энэ их ёслолын ажиллагаандаа Ерөнхий сайд С.Батболд болон түүний гэргийг албан ёсоор урьж, урилгаа Засгийн газрын тэргүүнд ийн гардуулсан юм.

    Монгол улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, бас эх орноо сурталчлах ажилд асар их үүрэг гүйцэтгэж байгаад нь Монгол улсын Засгийн газар болон монголын ард түмэн туйлын баяртай байдаг. Их аваргын зодог тайлах энэ ёслол Монгол, Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд бас нэг хуудас нээх нь дамжиггүй.  Сумогийн их спортоо  хэдийгээр  орхиж байгаа ч  монгол улсынхаа нэр хүндийг цаашид  олон үйл ажиллагаагаар  өндөрт өргөж,  үргэлжлүүлж явна  гэдэгт бид найдаж байгаа.

    Их аваргынхаа цаашдын ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн Ерөнхий сайд урилга хүлээн авах үедээ хэллээ.  Их аваргад Ерөнхий сайд  С.Батболд  улам хийморьтой явахыг ерөөн, хийморийн морь  бэлэглэв. Сумогийн их аварга зодог тайлах энэ ёслолын ажиллагаандаа гадаад ,дотоодын 16 мянга гаруй  төлөөлөгч урьж байгаа юм байна. Түүний дотор Японы нэр хүнд бүхий  бизнесмэн,урлаг спортын  эрхмүүд  байгаагаас  гадна дэлхийд данстай төлөөлөгчид ч  багтаж байгаа ажээ. Сумогийн их ертөнцөд ид хаваа гайхуулж,  эх орныхоо нэрийг дуурсгаж  байсан шигээ их аварга маань ёслолын ажиллагааныхаа үеэр олны анхаарлыг  бас  ийн татах  бололтой.

    Харин монголын 100 гаруй төлөөлөөгч түүний зодог тайлах ёслолын ажиллагаанд оролцох ажээ

  • Ерөнхий сайд ХКН-ын гадаад харилцааны сайдыг хүлээн авч уулзав

    Ерөнхий сайд ХКН-ын гадаад харилцааны сайдыг хүлээн авч уулзав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Хятадын Коммунист намын (ХКН) Төв Хорооны Гадаад Харилцааны газрын сайд Ван Жаруй тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ууулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улс, БНХАУ-ын харилцааны түвшин, хөгжлийн чиг хандлагад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, сүүлийн жилүүдэд хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа, өндөр дээд түвшний айлчлалууд амжилттай хөгжиж байгааг тэмдэглэлээ.

    Тэрээр Монгол Улсын хөгжлийн чухал энэ үе дээр хөрөнгө оруулалт, технологи, дэд бүтэц, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, хөгжүүлэхэд БНХАУ-ын томоохон компаниудтай хамтарч ажиллах боломж байгааг дурдлаа. Ноён Ван Жаруй Ерөнхий сайдад өндөр түвшинд хүлээн авч байгаад талархал илэрхийлээд, Хятадын Засгийн газар болон ХКН Монгол Улстай харилцаагаа өргөжүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаа гэж хэлэв.

    Тэрээр 2010 оны зургадугаар сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд шийдсэн асуудлуудын хэрэгжилт, явцын талаар мэдээлэл авах, судлах, хоёр талын эдийн засгийн хөгжлийн томоохон төслүүд хэрхэн хөгжиж байгаа болон хөгжих боломж байгааг судлах зорилгоор Монгол Улсад айлчилж байгаа гэлээ.

    Ноён Ван Жаруй цаашид эдийн засгийн хөгжлийн томоохон төслүүдпийг хөдөлгөөнд оруулах, учирч байгаа саад бэрхшээлийг арилгахад хоёр тал анхааран ажиллах нь чухал байна гэдгийг онцоллоо. Тэрээр “Ерөнхий сайд Таны удирдлага доор Монгол Улсын нийгэм, эдийн засаг хөгжин дээшилж, өсөн дэвшинэ гэдэгт итгэлтэй байна” гэж энэ дашрамд хэлсэн юм.

  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг даалгавар өглөө

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг даалгавар өглөөБодит мэдээлэлтэй, үр дүнтэй  ажил хэрэгч томилолт байлаа
    Ингэж Монгол улсын ерөнхий сайд С.Батболд баруун болоод төвийн бүс нутгаар хийсэн томилолтоо дүгнэж хэллээ. Тэрбээр томилолтоо өндөрлөж, өнгөрсөн бямба гаригт Өвөрхангай аймгийн Хархорин суманд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Монгол улсын баруун болоод төвийн бүсийн есөн аймаг,  нийтдээ 60 гаруй сумын нутгаар 5600 орчим км урт замыг хорь гаруй хоногийн хугацаанд туулжээ. Ард иргэдийнхээ аж амьдралыг тэдний дунд орж сонссон, малчидтай газар дээр нь очиж яриа өрнүүлсэн, төр засгаас гаргаж байгаа бодлогын талаарх мэдээллийг хүргэж, бас тэдний тухай бодит мэдээллийг газар дээрээс нь авсан ажил хэрэгч айлчлал байсан байна.

    Таамгаар биш ажил болгох ёстой олон ажлыг энэ хугацаанд тэмдэглэн авч, Засгийн газрын хуралдаанаар эдгээр аймгаар явсан ажлаар томоохон төлөвлөгөө гаргаж ажиллах болно гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байв. Зуд турханы дараа хангай бүсийн эдгээр аймагт зуншлага сайхан байгаа аж. Энэ хэрээрээ ч малчдын сэтгэл санаа тэнийжээ. Гэхдээ наадмын дараа намар гэдэг болохоор өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, түүнчлэн малчид өөрсдөө ихэд анхаарч байгаа нь сайшаалтай хэрэг хэмээн Ерөнхий сайд хэлж байлаа.

    Гурилын үнэ нэмэгдэх бодит шалтгаан байхгүй
    Ерөнхий сайдыг хөдөө орон нутагт ажиллах үеэр иргэд энэ асуудалд нэлээн санаа зовж, шалтгааныг нь гүйцэтгэх засаглалын тэргүүнээс сонсохыг хүсч байсан байна. Үнэхээр 20-30 хувь хүртэл нэмэгдэнэ гэдэг хөдөөнийхөн байтугай хотынхонд ч хүндхэн тусч байгаа билээ. ОХУ-д хэт халалт болж,90 гаруй сая тонн үр тариа хурааж авдаг байсан тэд энэ жил  70 орчим сая тонн үр тариа хураан авах тооцоог гаргаад байгаа юм байна. Үүнээс үндэслэн ОХУ-ын Засгийн газраас үр тариаг экспортлохгүй гэсэн шийдвэрийг манай бизнесмэнүүд, худалдаачид тусган авч үнэ ханшаа өсгөсөн байж болзошгүй хэмээн ерөнхий сайд тэмдэглэж байсан.

    Уг нь бол манай улсад гурилын үнэ өсөх үндэслэл байхгүй аж. Атрын гуравдугаар аяны хүрээнд манай улс өнгөрсөн онд нийт гурилын хэрэгцээнийхээ 97 хувийг, төмс хүнсний ногооны хэрэгцээний 5О хувийг дотооддоо хангах ийм боломжийн ургацыг хураан авсан байна. Энэ жилийн хувьд мөн их хэмжээний ургац авах төлөв ч гараад байгаа аж. Өөрөөр хэлбэл үр тариагаар бүрэн хэрэгцээгээ 100 хувь хангах,төмс хүнсний ногоогоо 60 хувь хангах тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргаад байгаа юм байна.

    Дээрээс нь эхний долдугаар сарын байдлаар зах зээл дээр гаргаж байгаа гурилын нийлүүлэлт өнгөрсөн оныхоос 22 мянган тн-оор нэмэгдсэн ажээ. Энэ агуулгаар харвал гурилын үнэ нэмэгдэх үндэслэл бодитоор харагдахгүй байна гэж Ерөнхий сайд онцолж байлаа. Тийм ч учраас энэ гурилын үнэ нэмэгдсэн шалтгааныг судалж үзэх үүрэг даалгаврыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт  өгөөд байгаа юм байна. Үнийг үнэхээр ченжүүд хөөргөв үү, үйлдвэрүүд хөөргөв үү гэдэг бодит үндэслэлийг тодруулаад ард иргэддээ тайлагнах болно хэмээн Засгийн газрын тэргүүн хэллээ.

    Ажилтай байж ядуурлаас гарна
    Үнэхээр ийм л гарц байгааг Ерөнхий сайд орон нутагт ажиллах энэ үеэрээ тэмдэглэн хэлж явсан байна.  Засгийн газраас ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. Хамгийн бодитой тодорхой зүйл нь бүтээн байгуулалтын томоохон ажлууд  болох Оюутолгой, Таван толгой, Төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд,аж үйлдвэрийн цогцолбор, орон сууцны хөтөлбөрүүдийг барьж байгуулахад олон арван мянган ажлын байр шаардлагатай болно.

    Үүнд бэлтгэх ажлыг Засгийн газраас онцгойлон анхаарах болно гэдгийг тэрбээр онцолж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдэд зах зээлд хэрэгцээтэй байгаа мэргэжил, тухайлбал техникийн талын мэргэжлээр  иргэдийг суралцуулах, ялангуяа орон нутгаас тодорхой квотоор сургалтад хамруулах үүрэг даалгаврыг  холбогдох яамд буюу БСШУЯ, НХХЯ, ЭБЭХЯ, ЗТБХБЯ-уудад өгөөд байгаа ажээ. Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах зуур дээд мэргэжилтэй малчид, тодорхой ажил эрхлээгүй дээд боловсролтонгууд багагүй тааралджээ. Тэднийг хамгийн түрүүнд эдгээр сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах үүргийг орон нутгийн удирдлага хүлээсэн байна. Энэ даалгавраа ойрын үед шалгана гэдгээ ч бас хэлээд авсан.

    Жижиг дунд үйлдвэрлэлийг орон нутагт хамгийн ихээр дэмжинэ.
    Энэ асуудалд төрөөс улам илүү нарийвчлалтай, зохицуулалт хийх шаардлагатай байгаа нь  томилолтын явцад Ерөнхий сайдад анзаарагдсан байна. Төдийлөн оновчтой төлөвлөлт, хувиарлалт хийгдэж чадаагүйд анхаарлаа хандуулах ёстойг тэмдэглэж байна.  Жижиг дунд үйлдвэрийн агентлагаас нарийвчилсан судалгаа  сүлжээ гаргаж,төлөвлөлт хийн үүнийгээ орон нутагтайгаа уялдуулан үр дүнтэй болгох бодлого дутаж байгааг Засгийн газрын тэргүүн С.Батболд онцолж байлаа. Нөгөө талаас жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр олгож байгаа зээлийн асуудалд бас хүндрэл учирч байгааг иргэд ярьж байсан байна.

    Энэ чиглэлээр олгож байгаа хөрөнгө оруулалт жил ирэх тусам уг нь нэмэгдэж байгаа аж. Сүүлийн хоёр жил гэхэд 100 орчим тэрбум төгрөг жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтэнд зарцуулагдсан байна. Цаашид ч нэмэхээр төлөвлөж байгаа ажээ.  ХБНГУ-ын Засгийн газраас  50 сая ам.долларын зээлийн асуудал ярьж байгаа бөгөөд удахгүй шийдэгдэнэ гэдгийг дуулгалаа. Түүгээр ч зогсохгүй банк бус санхүүгийн байгууллага, мөн арилжааны банкуудтай хамтарч жижиг, дунд үйлдвэрийн зээлийг хүртээмжтэй , хугацааг нь урт болгох,хүүг нь боломжтой болгох чиглэлээр Засгийн газраас анхаарал тавих ёстой нь анзаарагдлаа хэмээн Ерөнхий сайд хэлж байв.

    Ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах нь орон нутгийн удирдлагуудын ажлын нэг үзүүлэлт байх болно гэдгийг ч тэмдэглэлээ. Ядуу өрхийн тоог тодорхой болгох, ажилгүй иргэдийн тоо ямар үндэслэлээр буурахгүй байна гэдэг нарийвчилсан бүртгэл мэдээллийн сан гаргах үүрэг даалгаврыг ч орон нутгийн удирдлагуудад өгчээ. Ийм бодит мэдээлэлд тулгуурлан, ажлаа төлөвлөх нь Засгийн газарт илүү хялбар байх болно гэдгийг дурдлаа.

    Мах сүүг эдийн засгийн эргэлтэд оруулна
    Ингэх нь хамгийн чухал болохыг Ерөнхий сайд тэмдэглэж байна. Өнгөрсөн зудын гамшиг ч үүнийг бэлээхэн нотлоод өгсөн билээ. Өнгөрсөн онд манай улс 44 сая мал тоолуулсан хэдий ч бараг 10 сая тоо толгой мал хорогдсон байна. 10 мянга орчим айл өрх огт малгүй болжээ. Гурван тэрбум төгрөгийн төсвөөр тэднийг малжуулах ажлыг зохион байгуулж эхэлснийг Ерөнхий сайд хэллээ. Малчдаас тавьж буй нэг томоохон асуудал нь тэд махаа борлуулж чадахгүй байгаа аж.

    Алс холын туувраас гадна ченжүүдэд махаа алдах аюул их байгаа гэнэ. Тиймээс Засгийн газраас худалдан авагч, нийлүүлэгч хоёрыг ойртуулах ийм боломжийг гаргах ёстой юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Туршилтын ажлыг ч энэ хавар хийж, үүнийг цаашид бирж болгох асуудал яригдах аж. Мах сүүний чиглэлийн үйлдвэрүүдийг байгуулахаар гаднаас 200 сая ам.долларын зээлийн асуудал ч яригдаж байгааг дурдлаа.

    Малчид маань ч өөрсдөө зөв зохион байгулалтад орох ёстой бөгөөд малчдаа бизнес арга ухаанд сургах ийм бодлогыг Засгийн газраас тавьж байгаа аж. Уул уурхайд төрийн зохицуулалттай компани байгуулсан шиг хөдөө аж ахуйд мах сүүний чиглэлийн ийм компани байгуулах цаг ойртсоныг ч дуулгалаа. Хэрэв тэгвэл эцсийн дүндээ малчид маань энэ аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн хараат байдлаас гарч чадах үндсэн арга зам ч болох болно гэдгийг дурьдаж байв. Мөн гол нэрийн бүтээгдэхүүнүүд мах,сүү, гурил ,будаа, элсэн чихэр, хүнсний ногоо зэрэг гол бүтээгдэхүүний үнэнд төрөөс зохицуулалт хийх боломж ч бий аж. Энэ талаар тодорхой бодлого боловсруулахаар ажиллаж байгааг тэмдэглэлээ.

    Малчдын хүүхдийн сургалтын төлбөрийг Хүний хөгжил сангаас олгоно
    Хүний хөгжил сангаас олгож байгаа бэлэн бус олголтын хүрээнд малчдын хүүхдийн сургалтын төлбөрийн асуудлыг шийдэж болох гарцын талаар Ерөнхий сайд тэмдэглэж байна. 2011 оны төсвийн хуулийн төсөлд Хүний хөгжил сангийн чиглэлээр олгогдох мөнгөнд сургалтын төлбөр, түүнтэй холбогдсон эх үүсвэрийг   хамтад нь шийдэхээр төлөвлөж байгаа аж. Энэ асуудлыг  Төсвийн хуулийг хэлэлцүүлэх  үеэр шийдвэрлүүлэх бодолтой байгаагаа дурдаж байсан.

    Баруун бүсийн нэмэгдлийн асуудал анхаарлын төвд байгаа.
    Ерөнхий сайдын томилолтын үеэр энэ асуудал их хөндөгдсөн аж. Монгол улсын засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тодотголыг хийхээр боловсруулж байгаа юм байна. Төрийн үйлчилгээ орон нутагт  ижил тэгш очих ёстой, тэр үйлчилгээ нь хөгжлийн индексд тулгуурласан, мөн тэр үйлчилгээ нь тодорхой стандартай байх гэсэн зарчмыг Засгийн газар баримталж байна. Хөдөөгийн хөгжлийн стандартыг засгийн газраас боловсруулан УИХ-аар оруулахаар бэлдэж байгаа тухай ч ерөнхий сайд ярилаа. Энэ хүрээндээ бүс нутгийн нэмэгдэл, бүртгэл гэрээний асуудлыг хамт шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

    Мөн түүнчлэн баруун бүс руу чиглэсэн зам удаан ч гэсэн ажил нь явагдаж байгааг дурдаад эрчимжүүлэхэд онцгой анхаарал тавина гэдгийг  тэмдэглэлээ. Говь-алтай, Завхан аймгийн эрчим хүчний асуудалд нааштай хандлагууд гарах цаг ойртсоныг ч дуулгалаа. Ачаалалтттай ажилласан Ерөнхий сайдын томилолт ийн өндөрлөлөө

  • Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэдтэй уулзахдаа хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэдтэй уулзахдаа хэлсэн үг/Хөгжлийн төлөө Хүн хамгийн үнэт баялаг/
    2010.08.14

    Сайн байцгаана уу, Эрхэм хүндэт иргэд ээ.
    Онгод найргийн унаган авъяастан, энэ нутгийн уугуул их найрагч Дэндэвийн Пүрэвдорж гуайн магтан бахдан шүлэглэсэн Хөвч ногоон хангай, хөшиг номин тал, уудам цэнхэр говь хосолсон улс монголын галавт нутгийг эзэгнэгхэн суугаа хөдөлмөрч хичээнгүй, оюунлаг авъяаслаг Өвөрхангайчууддаа Засгийн газрын тэргүүний хувиасаа болон хамт яваа албаны нөхдийн халуун дотно мэндийг дэвшүүлье. Орон нутагт ажилласан бидний олон хоногийн томилолт маань Өвөрхангайгаар эхэлж бас өндөрлөж байна. Эхлэл нь эртний түүхт нийслэл Хархорин, бариа нь домогт Арвайхээрээр овоглосон хот. Ердийн нэг тохиолдол биш ерөөл бэлэгдэлтэй гэж бодож байна. Эх орны хөгжил, их бүтээн байгуулалтын явц Арвайхээрийн хурдаар урагшлах болтугай хэмээн бэлэгшээж байна.

    Эрхэм нөхөд өө
    Бид олон аймгаар явж, олон хүнийг сонсож, орон нутгийн дүр төрх, ажил байдлыг өөрийн биеэр үзэж, мэдэрлээ. Засгийн газрын зүгээс ч, орон нутгийнхны талаас ч бодох сонсох зүйл, хийх ажил, шийдэх асуудал их байна. Юуны өмнө Та бүхэндээ Засгийн газрын зүгээс хийж байгаа болон ойрын ирээдүйд хийхээр төлөвлөж буй ажлаасаа тоймлон танилцуулъя. Миний бие Монгол Улсын хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллаад 9 сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд манай Засгийн газар олон жил яригдаад шийдэж чадаагүй томоохон асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж, улс орныхоо хөгжлийг түргэтгэх бодит алхам хийж, үйлдвэрлэл, бизнес хөгжих илүү тааламжтай нөхцөл бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллалаа.

    Энэ бүх хүчин чармайлтын үр дүнд эдийн засаг, нийгмийн салбарт эргэлт, сэргэлт болохуйц томоохон төсөл, хөтөлбөрүүд ам яриа, бичиг цаасны хэлбэрээсээ ажил хэрэг, бодит бүтээн байгуулалт болж эхэллээ. Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ 4 дүгээр сарын эцсээр байгуулагдсанаар ажил хэрэг ид өрнөж байна. Одоо тэнд 3000 гаруй хүн өдөр шөнөгүй ажиллаж байгаагаас 2300 шахам нь мэргэжилтэй монгол ажилтан, ажилчид юм.

    Цаашид нийтдээ 5700 гаруй хүн ажиллана, бүхэл бүтэн тосгон суурин болж, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий өндөр хүчин чадлын үйлдвэр уурхай ойрын жилд босно. Олон жилийн яриа, маргаан түүх болон үлдэж, одоо бодит ажил хэрэг, бүтээн байгуулалтаар бүх зүйл хэмжигдэх боллоо. Ингэснээр энэ орд газрын хувь, хишгээс иргэн бүр хүртээд эхэлчихсэн. Дараагийн ээлжинд Таван толгойн орд газрын ажлыг эхлүүлэх гэж байна. Бодлого, чиглэлээ Улсын Их Хурлаар батлуулчихсан. Энэ бодлогын гол зорилго нь монгол хүн бүртээ хувьцаа эзэмшүүлж, байгалийн баялгаар баталгаажсан өмчийн эрхтэй болгоход оршиж байгаа юм. Мөн үндэсний компани, аж ахуйн нэгж, үндэсний мэргэжилтэн боловсон хүчнээ нэн түрүүнд дэмжиж, ажлын байртай болгох давуу эрхийг эзэмшүүлэх бодлого барьж байгаа.

    Энэхүү шийдвэр нь малыг малчдад, орон сууцыг иргэдэд, газрыг хувьд өмчлүүлсэнтэй дүйцэхүйц ач холбогдолтой түүхэн алхам боллоо гэж үзэж байна. Одоогийн хурдаар ажил хэрэг цааш өрнөвөл 2012 оноос Таван толгойн орд газрын, 2013 оны дунд үеэс Оюу толгойн орд газрын үндсэн олборлолт эхэлж, түүхий эдээ экспортод гаргаж эхлэх болно. Оюу толгой, Таван толгой ордоос гадна манай хувийн хэвшлийнхэн гадаад дотоодын зах зээлээс хөрөнгө мөнгө босгож, Өмнөговийн Ухаа худаг, Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний орд, Сэлэнгийн Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрын олборлолтыг эхлүүлж, дэд бүтэц, дагалдах бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт анх удаа монголчууд өөрсдийн мэргэжилтэн, ажилчдын хүчээр дулааны цахилгаан станц барьж байгуулж байгаа. Ийнхүү уул уурхайг түшиглэсэн томоохон бүтээн байгуулалтууд эх орны өнцөг булан бүрт өрнөж эхэллээ.

    Стратегийн орд газруудад бүтээн байгуулалтын ажил эхлүүлснээр эдийн засаг, нийгмийн зарим нааштай хандлага гарч байна. Шинээр ажлын байр нэмэгдэж байна. Оны эхний 5 сарын байдлаар зөвхөн уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 1100 гаруй хүнээр нэмэгдлээ. Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаатай холбоотойгоор гадаад худалдааны эргэлт оны эхний хагас жилд 50 гаруй хувиар өслөө. Орд газарт манай олон арван аж ахуйн нэгж, байгууллага бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлж, харилцаа холбоо, тээвэр, нийтийн хоол зэрэг олон чиглэлээр ажил үйлчилгээ хамтран гүйцэтгэснээр тэдний ашиг орлого тогтмолжиж эхэллээ.

    Хамгийн гол нь тэдний ажлын шаардлага, нийгмийн хариуцлага нь өндөржиж, олон улсын нийтлэг стандарт руу ойртож байгаа явдал юм. Төрийн бодлого бол ашигт малтмалыг түүхийгээр нь экспортод гаргах бус, эхний ээлжинд угаах, цаашид боловсруулах, улмаар нэмүү өртөг шингэсэн, үнэ цэнэд хүрсэн эцсийн бүтээгдэхүүн болон экспортолоход чиглэж байгаа. Иймд Засгийн газар нүүрсийг боловсруулан кокс гаргах үйлдвэр, хийжүүлэх үйлдвэр, зэс хайлуулах, газрын тос боловсруулах үйлдвэр, төмрийн үйлдвэрүүдийг бий болгох, улмаар аж үйлдвэрийн цогцолбор байгуулах хөтөлбөр, төслийг боловсруулж байгаа төдийгүй зарим үйлдвэрийн ажлын эхлэл суурь тавигдаж, ажил өрнөж байна.

    2011-2014 онд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулснаар Монгол улс уул уурхайн баялгаа түүхийгээр нь гадагш гаргах бус, боловсруулах эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох боломжтой болно. Хэдэн мянган шинэ ажлын байр бий болно. Дотоодын нийт бүтээгдэхүүн одоогийнхоос 2-3 дахин өсч, нэг хүнд ногдох хувь хэмжээ эрс нэмэгдэж, хүмүүсийн аж амьдралд мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарна. Ийнхүү уул уурхайн үйлдвэрлэлийг дагаад аж үйлдвэржүүлэлт эрчимтэй хөгжих нөхцөл боломж, хэрэгцээ шаардлага аль аль нь бүрдэж байна.

    Дэд бүтцийн салбарт ч томоохон ажил өрнөж эхэлсэн. Засгийн газар саяхан Улсын Их Хурлаар “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлууллаа. Ингэснээр ирэх 4 жилд 1000 гаруй км төмөр зам тавихаар төлөвлөж байна. Энэ бол аварга том бүтээн байгуулалт, ажлын байрны шинэ их нөөц юм. Мөн 2011-2016 онд хэрэгжүүлэх “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарыг бүхэлд нь сэргээх, нийслэл хот болон хүн ам төвлөрсөн хот суурин, аймгийн болон бүсийн төвийн инженерийн шугам сүлжээ, дулааны цахилгаан, зам тээврийн дэд бүтэц, хот суурины тохижилт, ногоон байгууламж, орон сууц, барилгажилтыг цогцоор шийдэх их ажлыг эхлүүлж байна. Ингэснээр олон мянган хүн ажлын байраар, олон айл өрх орон сууцаар хангагдаж, иргэдийн тав тухтай амьдрал, эрүүл аюулгүй орчин нөхцөл бүрдэнэ.

    Нийгмийн захиалга, хэрэгцээ шаардлагын дагуу боловсролын шинэчлэлийг эрчимжүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай дэлхийн жишигт нийцсэн тогтолцоог бий болгох, өнөөгийн хүүхэд багачуудад олон улсын түвшний ерөнхий боловсрол эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг бид зорьж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан өрсөлдөх чадвартай цөөн их дээд сургуулийг буй болгох зорилтыг хэрэгжүүлэхдээ бүтцийн өөрчлөлтийг төр өөрөөсөө эхлэх ёстой гэсэн чиглэлийг удирдлага болгож байна. Энэ шийдвэр хэрэгжсэнээр төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын тоо 42 байсан бол 16 болж цөөрлөө.

    Засгийн газраас “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл”-ийг баримтлан төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авч байгаа. Эхний ээлжинд ШУТИС-ийг Налайхын ойролцоо Шивээтийн хөндийд байгуулахаар төсөл боловсруулж байна. Хотхон байгуулах хөрөнгөний асуудал шийдэгдэж байна. БНХАУ-аас олгох 270 сая юаны буцалтгүй тусламжийг ШУТИС-ийн хотхоны бүтээн байгуулалтад зарцуулахаар санхүүжүүлэгч талтай тохироод байна.

    Сургалтын материаллаг орчин бүрдүүлэх нэг хэрэг. Хамгийн гол нь сургалтын агуулга, чанар юм. Гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүмүүнлэг орчныг бүрдүүлэх замаар хүүхэд залуусыг ёс суртахуунлаг, хүнлэг энэрэнгүй хүн болгон төлөвшүүлэх нь боловсролын шинэчлэлийн нэг чиглэл юм. Бас үндэсний уламжлал, ёс заншлаа мэддэг, дээдэлдэг, эх оронч иргэн төлөвшүүлэх нь чухал. Чухамдаа мэдлэг боловсролдоо даяаршсан, уламжлал соёлоороо дангааршсан Монгол хүн л улс эх орноо хөгжүүлнэ.

    Иймд боловсролын шинэчлэлд бид онцгой анхаарал хандуулж байгаа юм. Танай аймгийн ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, дээд сургуульд нийт 25 мянга гаруй хүүхэд, залуус суралцаж байгаа юм байна. Өвөрхангайчууд ирээдүй болсон энэ хүүхэд залуусын боловсрол, хүмүүжилд орон нутаг, боловсролын байгууллагын бүх хүн онцгой анхаарвал зохино. Уул уурхайд түшиглэсэн үндэсний аж үйлдвэржүүлэлт, төмөр зам, шинэ бүтээн байгуулалтын зорилтыг хэрэгжүүлж эхэлснээрээ манай улс хөгжлийн шинэ үе шатанд шилжиж байгаа юм. Энэ бол улс төр, нийгмийн өөрчлөлтийн 20 жилийг залгаж байгаа эдийн засгийн өсөлтийн, бодит бүтээн байгуулалтын 20 жилийн эхлэл гэдэгт эргэлзэхгүй байна. Ирээдүйдээ итгэлтэй байж, аймаг сум, орон нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлж ажиллахыг Та бүхэндээ уриалъя.

    Эдийн засгийн өсөлтийн хурд, хүчийг нэмэгдүүлэх, их бүтээн байгуулалтын зорилтуудыг бодит ажил хэрэг болгохын тулд Засгийн газар олон чухал арга хэмжээ авч, тодорхой шийдэл, бодитой шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгох, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх, бүртгэл мэдээллийн шинэ тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн орчны болон боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, бүхэлдээ эдийн засгийг ардчилах, илүү нээлттэй, чөлөөтэй болгох шийдмэг алхмуудыг  ээлж дараатай хийж ирлээ. Цаашид эрчимжүүлнэ.

    Энэ он гарснаас хойш манай Засгийн газар эдийн засгийн форум, хөрөнгө оруулагчдын чуулга, Засгийн газар ба гадаад түншүүдийн хамтарсан уулзалт, уул уурхай, барилгын болон бусад олон салбарын зөвлөгөөн, гадаадад байгаа монголчуудын анхдугаар чуулга, гадаад улс, олон улсын байгууллагатай хоёр талын болон олон талын уулзалт хэлэлцээ зэрэг олон арга хэмжээ зохион байгууллаа. Энэ бүхний эцсийн зорилго нэг юм. Энэ бол эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх, төлөвлөсөн том зорилтуудыг хэрхэн ажил хэрэг болгох, түүний үр дүнг аль болох ард иргэддээ хүргэх, хүртээх тухай юм.

    Засгийн газрын бодлого зорилгын хэрэгжилт их бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүн эцсийн эцэст хүнээс, иргэдийн итгэл сэтгэл, хүчин чармайлтаас хамаарна. Аливаа ажил хэргийн ард тодорхой хувь хүн, хамт олон байдаг. Түүхийг ард түмэн бүтээдэг гэдэг. Эдийн засгийн өсөлтийг хангах энэ том зорилт, их бүтээн байгуулалтын ажлыг хөгжлийн төлөөх хүсэл эрмэлзэлтэй эрч хүчтэй, орчин үеийн өндөр боловсролтой хүн л хэрэгжүүлж чадна. Тэгэхээр хөгжлийн төлөө хүн бол эдүгээ манай хамгийн үнэтэй , үндэсний эрхэм дээд баялаг төдийгүй нэн чухал хэрэгцээ болоод байна. Хөгжлийн төлөө хүн гэдэг бол хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэсэн сэтгэлгээгээр хоног өдрийг өнгөрөөж буй хүн биш. Өсөж дэвшихийн төлөө үргэлж сурч, боловсорч байдаг хүн. Маргааш хүрэх зорилтдоо өнөөдөр хүрэхийн төлөө махран зүтгэдэг, ажилч хичээнгүй хүн.

    Эрхэм нөхөд өө
    Манай орны эдийн засгийн нэг голлох бүтэц бол хөдөө аж ахуйн салбар билээ. Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тариа, бусад ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх замаар дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүргэх нь бидний ойрын зорилт юм. Энэ нь зөвхөн тухай салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх төдий биш, бүхэлдээ манай эдийн засгийн тэр дундаа хүнсний аюулгүй байдлын учир холбогдолтой, том зорилт гэдгийг хэлье.

    “Атрын III аяны” үр дүнд өнгөрөгч онд хэрэгцээт үр тарианы 97.0 хувь, төмсний 100 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд 2010 онд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60.0 хувийг дотоодын ургацаас хангах зорилт тавин ажиллаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлээр орон нутгийн хэрэгцээг хангах улмаар улсад нийлүүлж, энэ салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах өргөн боломж Өвөрхангайчуудад бий. Энэ тухай Хархорин суманд хэлсэн үгэндээ тодорхой дурдсан.

    Өнгөрсөн онд Та бүхний хураан авсан үр тарианы хэмжээ өмнөх жилүүдийнхээс 4 дахин нэмэгдэж, газар тариалангийн “Техник үйлчилгээний дундын төв”-ийг шинээр байгуулж, Тарагт сумын “Хүрэмт”-ийн ашиглалтгүй байсан услалтын системийг ашиглалтад оруулан 48 га талбайг хашаажуулан, 50 шахам га талбайг төмс, хүнсний ногоо тариалах зорилгоор эзэмшүүлсэн зэрэг ажлын нааштай эхлэл байна. Энэ ололт амжилтаа улам бататгаж арвижуулахыг хүсье.

    Мал аж ахуй бол манай уламжлалт үндсэн салбар билээ. Иймд Засгийн газрын онцгой анхаарлын төвд байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 5 дугаар сард УИХ-аас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

    Өнгөрсөн өвөл, хавар байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл зуд болж, мал аж ахуйн салбар, малчдын аж амьдралд ихээхэн хүндрэл учруулсан. Зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 9,1 сая толгойгоор хорогдож, 8700 гаруй айл өрх огт малгүй болсон. Танай аймаг мал сүргийн тоогоороо улсдаа эхний 3-т ордог. Гэвч өнгөрсөн өвөл, хавар ихээхэн хохирол үзэж, сая гаруй малаа алдаж 1000 гаруй өрх айл огт малгүй болжээ. Зудын хор уршгийг арилгах, зутарч хохирсон малчдынхаа амьжиргааг тэтгэх зорилгоор Засгийн газар саяхан тогтоол гарган “Малчин өрхийг малжуулах журам” батлан хэрэгжүүлж эхэллээ.

    Энэ журмаар улсын хэмжээнд малгүй болсон нийт өрхийн 50 хувийг энэ онд малжуулах юм. Үүнд зориулан эхний ээлжинд Засгийн газар 3 тэрбум төгрөг гаргаж, аймаг бүрт хуваарилсанаас танай аймагт 536 сая төгрөг оногдож байгаа.Зудын хохирлыг давахад Засгийн газрын хүчин чармайлтаас гадна аймаг орон нутаг, иргэдийн санал санаачлага, малчдын бэлтгэл нэн чухал. Бид дандаа “ниргэсэн хойно нь хашгирах”-ын үлгэрээр ажиллаж болохгүй. Энэ нь эдийн засгийн их хохиролтой. Зах зээлийн зарчимд харш гэдгийг хаа хаанаа ойлгох цаг болсон. Иймээс бид угтуулан бэлдэх, цаг хожих, хохирол бага амсах зарчмаар ажиллах ёстой.

    Энэ зорилгоор мал аж ахуйн салбарын “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг саяхан Засгийн газар гаргасан. Уг тогтоолд маш тодорхой үүрэг даалгавар орон нутагт өгөгдсөн. Тухайлбал, танай аймаг өвс 1200 тн, тэжээл 400 тн, сум бүр өвс 100 тн, тэжээл 70 тоннийн нөөц бүрдүүлэх хуваарьтай. Ядаж энэ даалгаврыг биелүүлсэн байхыг бид шаардана. Зах зээл бол бүхэлдээ хариуцлагын тогтолцоо. Зуд бол байгалийн үзэгдэл мөн боловч нөгөө талаас хүний нийгмийн хариуцлагын нэг шалгуур юм.

    Эрдэнэт мал сүргээ өсгөж, үр шимийг хүртэж амьдрах нь монгол хүнд бурхнаас өгсөн буян хишиг билээ. Үүнийг өнөөдөр зах зээлийн зарчим, шинжлэх ухаан, шинэ технологитой хослуулж чадвал монголын эдийн засаг, монгол хүний амьжиргаанд маш тустай. Ядуурлаас гарах нэг гарц мөн. “Монгол мал” хөтөлбөрийн гол зорилго, утга агуулга үүнд байгааг сануулж хэлье. Манай Засгийн газрын хамгийн гол үндсэн зорилго бол хүний асуудал юм. Монгол хүн бүр ажилтай, орлоготой, эрүүл саруул, эрдэм боловсролтой, бүтээлч чадвартай байх нь бид бүхний нийтлэг хүсэл эрмэлзэл билээ.

    Засгийн газар юуны өмнө нийгмийн баялгаас иргэн бүрт хувь хишиг хүртээх, хувь хүний болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Эхний ээлжинд иргэн бүрт 70000 төгрөг олгоод байгаа. Мөнгийг бэлнээр, бөөнөөр олгох нь инфляци өсгөж, юмны үнэ хөөрөгдөх сөрөг үр дагавартайг тооцож, цаашид сар бүр, тогтмол олгож байхаар саяхан шийдсэн. Тухайлбал, энэ оны 8 дугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт 10000 төгрөг, 2011 оноос эхлээд сар бүр 20000-оос доошгүй төгрөг байлгахаар тогтсон. Үлдэх 1.0 сая төгрөгийг иргэдэд аль хэрэгтэй байдлаар нь буюу боловсрол сургалт, эрүүл мэндийн үйлчилгээ болон орон сууцны, малчны ба бусад зээлийн төлбөрт нь зарцуулах хэлбэрээр олгохоор судалж байна. Ямар ч байсан иргэддээ 1,5 сая төгрөгийг бэлэн ба бэлэн бус хэлбэрээр заавал хүртээх болно.

    Мөн энэ оны 10 сараас төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэхээр шийдсэн. Олон хүүхэдтэй эхэд олгох мөнгийг нэмэгдүүлсэн бөгөөд түүнийг энэ оны IV улирлаас өгч эхлэхээр төлөвлөөд байна. Ийнхүү иргэдээ мөнгөн орлогын тогтвортой эх үүсвэртэй байлгах талаар бид аль болохоор хичээж байна. Засгийн газар эдийн засаг, нийгмийн бодлогын дээрх зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагын ажил, үйлчилгээг бүх шатанд сайжруулах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхийн зэргэцээ аж ахуйг удирдах арга барилдаа ч шинэчлэл хийхийг эрмэлзэж байна.

    Энэ чиглэлээр төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлэсэн. Засгийн газраас орон нутагт олгож байгаа төсвийн шилжүүлгийг тухайн орон нутгийн хөгжлийн индекст тулгуурлан тодорхойлж байх зарчимд шилжинэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, орон нутгийн чанартай ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааран тухайн орон нутгийн удирдлага худалдан авдаг байх журам тогтооно. Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн болон мэргэжлийн хяналтын агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох, чөлөөлөх эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлнэ.

    Хүндэт Арвайхээрчүүд ээ!
    Танай аймаг хүн ам, малын тоо толгойгоороо улсдаа эхний 3 байрт тогтмол ордог манай улсын томоохон аймгийн нэг. Өвөрхангай аймаг нь дэд бүтцийн салбар түлхүү хөгжсөн, байршлаараа улсынхаа газар нутгийн төв цэгт оршиж, нийслэлтэйгээ засмал замаар болон төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, байнгын найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангагдсан бүс нутаг юм. Мөн Бат-Өлзий сумын нутагт орших Орхоны хүрхрээ, Төвхөн хийдийн туурь, Хархорин сумын нутагт орших Эрдэнэзуу сүм, музей, Их хаадын хөшөө, дурсгал, Уянга сумын нутагт орших үзэсгэлэнт Хүйсийн найман нуур зэрэг Монгол Улсын аялал жуулчлалын үндсэн маршрутад хамаардаг байгалийн үзэсгэлэнт газартай, аялал жуулчлалын салбар хөгжих хамгийн ирээдүйтэй аймаг билээ.

    Монгол Улсын Их Хурлаас баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндсэний хөгжлийн цогц бодлого” зэрэг бодлогын баримт бичигт Өвөрхангай аймгийн Хархорин хотыг Хангайн бүсийн тулгуур төв болгон хөгжүүлэхээр тусгаж, аялал жуулчлал, газар тариалан, үйлдвэрлэл-үйлчилгээг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөсөн нь бусад аймгаас давуу боломж олгож байна.

    Сүүлийн жилүүдэд боловсрол, эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж, Арвайхээр хотод 1000 хүүхдийн хичээлийн байр, Арвайхээр, Хужирт сумдад 225 хүүхдийн цэцэрлэгийн байр ашиглалтад орж үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц гарч байна. Үүний үр дүнд тус аймагт хүүхдийн сургууль завсардалт, эх нялхсын эндэгдэл буурсан нааштай үр дүн гарсан байна.

    Тус аймагт өнгөрсөн онд 27.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 1503 иргэнийг байнгын, 1204 хүнийг түр ажлын байраар хангаж, ажилгүйчүүдийн түвшин 0.2 хувиар буурчээ. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх бодлого баримталж ажилласнаар жижиг, дунд үйлдвэрийн тоо 121, олгосон зээлийн хэмжээ 936,0 сая төгрөгт хүрч, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 33,3 хувь болсон нь ажлын байр нэмэгдүүлэх нэг үндсэн эх үүсвэр болсон байна. Гэхдээ ажилгүйчүүдийн түвшин 4.9, ядуурлын түвшин 24.3 хувь байгаад дүгнэлт хийж ажиллах шаардлага байна.

    Төрийн ажилтнуудаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, нээлттэй, ил тод, шударга болгох шаардлага өнөө үед нэн чухал байна. Танай аймгийн нутгийн захиргааны байгууллагууд 2009 онд аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт, “Төрийн албанд шударга, шуурхай, ил тод байдлыг бий болгох нь” аймгийн удирдах ажилтны зөвлөлгөөн, “Багийн ажил, үйлчилгээг шинэ шатанд гаргая” багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга, Засаг дарга нарын аймгийн зөвлөлгөөн зохион байгуулж, төрийн албан хаагчдын ажлын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, авлига, хүнд суртлаас ангид байлгах, сум, байгууллагуудын нээлттэй өдөрлөг зохион байгуулж, иргэдэд ажлаа мэдээлж тайлагнах, иргэдээс санал, хүсэлт, үнэлгээ, дүгнэлт авах, саналын хайрцаг ажиллуулах зэрэг олон хэлбэрийн ажил зохион байгуулсан нь төрийн ажил, үйлчилгээний хүртээмж, чанарт эерэгээр нөлөөлөх ажлын эхлэл болжээ. Цаашид улам чанаржуулан шинэ хэлбэрээр баяжуулж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

    Өвөрхангайчууд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч, төр, нийгэм, шашин, соёлын нэрт зүтгэлтэн, хөдөлмөр бүтээлийн алдартан, урлаг спортын мастер олныг төрүүлж улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан ард түмэн билээ. Халхын анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар Монгол түмний бахархал болсон оюун соёлын гарамгай зүтгэлтэн төдийгүй дэлхий дахины хүлээн зөвшөөрөгдсөн их соён гэгээрүүлэгч билээ.

    Өвөрхангайчууд энэ эрхэм хүний үйл хэрэг, үзэл сургаал, гэгээн дурсгалыг мөнхжүүлэх санаачлага гарган, Өндөр гэгээний сэрэг дүр бүхий шүтээн урлалын цогцолбор байгуулах хөдөлгөөн өрнүүлснийг сайшааж, энэ ажлын бүтээн байгуулалтад Засгийн газраас бодитой дэмжлэг үзүүлэх болно. Тус аймагт ажиллах үеэрээ Богд Хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн гэр өргөө, Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн хөшөөнд тус тус хүндэтгэл үзүүллээ.

    Ирэх 2011 онд Та бид хамтдаа Эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ ойн хүрээнд Сайн ноён хан Намнансүрэнгийн “Музей, номын өргөө”-г барьж байгуулахад Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэхэд таатай байна. Мөн аймгийн удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу Арвайхээр хотод дулааны цахилгаан станц барих асуудлыг судлах, эхний ээлжинд техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төсөв боловсруулах, Тарагт, Нарийнтээл сумын хүн эмнэлгийн барилгыг шинээр барих, Богд сумыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох, Арвайхээр, Хархорин хотын инженерийн ба төвийн дулааны шугам сүлжээний урсгал болон их засвар, тэдгээрийн шинэчлэлд Засгийн газар онцгой анхаарч санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт үе шаттайгаар тусган шийдвэрлэх бодлого боловсруулан ажиллах болно.

    Эрхэм хүндэт Өвөрхангайчууд аа
    Төр ёсны уламжлалтай, соёл түүхийн баялаг өвтэй, авъяас төгөлдөр, хөдөлмөрч хичээнгүй Та бүхэндээ хандаж төвшин төрийн түшиг хангай, түүх соёлын баян хангай, оюун билгийн өндөр хангай, онгод авъяасын оргил хангай, хөдөлмөр бүтээлийн алдрын хангай, хөгжил дэвшлийн манлай хангай байхын өлзий ерөөлийг дэвшүүлж, ирэх онд тохиох түүхт их ойн болон аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоо их бүтээн байгуулалтаар угтахыг хүсье.

    Та бүхэндээ сайн сайхныг ерөөе.

  • Өвөрхангайд аялал жуулчлал хөгжих боломжтой

    Өвөрхангайд аялал жуулчлал хөгжих боломжтойӨвөрхангай аймаг дэд бүтэц сайтай, нийслэлтэй засмал замаар холбогдсон, байнгын, найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй.
    Орхоны хүрхрээ, Төвхөн хийдийн туурь, Эрдэнэзуу сүм, музей, Их хаадын хөшөө, дурсгал, Хүйсийн найман нуур зэрэг Монгол Улсын аялал жуулчлалын үндсэн маршрутад хамаардаг байгалийн үзэсгэлэнт газартай.

    Энэ нь тус аймагт аялал жуулчлалын салбар хөгжих хамгийн их боломжтой гэсэн үг. Энэ боломжоо алдалгүй нөөц бололцоогоо илүү дайчлан ажиллах хэрэгтэй гэж Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзаж хэлсэн үгэндээ тэмдэглэв. “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндсэний хөгжлийн цогц бодлого” зэрэгт Өвөрхангай аймгийн Хархорин хотыг Хангайн бүсийн тулгуур төв болгон хөгжүүлэхээр тусган аялал жуулчлал, газар тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөсөн нь бусад аймгаас илүү боломж олгосон юм.

    ӨВӨРХАНГАЙД 27 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЖЭЭ

    Өвөрхангай аймагт өнгөрсөн онд 27.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.  Боловсрол, эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэж, Арвайхээр хотод 1000 хүүхдийн хичээлийн байр, Арвайхээр, Хужирт суманд 225 хүүхдийн цэцэрлэгийн байр ашиглалтад оржээ.
    Үүний дүнд  үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц гарч, хүүхдийн сургууль завсардалт, эх нялхсын эндэгдэл буурсан байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 930 гаруй сая төгрөгийн зээл олгосноор жижиг, дунд үйлдвэрийн тоо 120 гаруйд хүрч ажлын байр ч нэмэгджээ. Өвөрхангай аймагт 1503 хүн байнгын, 1204 хүн түр ажлын байртай болсон ч ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулах чиглэлээр илүү санал, санаачлагатай ажиллахыг Ерөнхий сайд С.Батболд аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.

  • Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймагт ажиллалаа

    Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймагт ажиллалаа“2011 онд болох Эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойн хүрээнд Сайн ноён хан Намнансүрэнгийн “Музей, номын өргөө”-г барихад Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлнэ” гэж Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзахдаа хэлэв. Тэрээр наймдугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ажилласан юм.

    Арвайхээр, Хархорин хотын инженерийн, төвийн дулааны шугам сүлжээний урсгал болон их засвар, шинэчлэл, Арвайхээр хотод дулааны цахилгаан станц барих асуудлыг судлан, эхний ээлжинд техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төсөл боловсруулах, Тарагт, Нарийнтээл сумын хүн эмнэлгийн барилгыг шинээр барих, Богд сумыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох зэрэгт Засгийн газар онцгой анхаарч, санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт үе шаттайгаар тусган шийдвэрлэнэ гэж Ерөнхий сайд хэллээ.  Өвөрхангайчууд Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүр бүхий шүтээн урлалын цогцолбор байгуулах хөдөлгөөн өрнүүлснийг Ерөнхий сайд сайшаагаад энэ ажлын бүтээн байгуулалтад Засгийн газар бодитой дэмжлэг үзүүлнэ гэв.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Богд Хаант Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэнгийн гэр өргөө, Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын баруун 9 аймагт ажилласан 23 өдрийн албан томилолт өндөрлөж байна. Тэрээр аймаг, сумын удирдлага, иргэдтэй уулзан төр, засгаас явуулж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар танилцуулж, санал бодлыг нь сонслоо. Мөн орон нутгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтай танилцсан байна. Ерөнхий сайдын очсон аймгуудад тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлийг нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийд гаргах юм.   

    ӨВӨРХАНГАЙД 1000 ГАРУЙ ӨРХ МАЛГҮЙ БОЛЖЭЭ

    Өвөрхангай аймаг мал, сүргийн тоогоор улсдаа эхний 3-т ордог ч өнгөрсөн өвөл, хавар болсон байгалийн гамшиг, зудын улмаас сая гаруй малаа алдаж 1000 гаруй өрх айл огт малгүй болжээ. Малгүй болсон өрхийн 50 хувийг энэ онд  малжуулахын тулд Засгийн газар эхний ээлжинд 3 тэрбум төгрөг зарцуулах болсноос Өвөрхангай аймагт 536 сая төгрөг ноогдож байгаа юм. Өвөрхангай аймаг энэ жил 1200 тн өвс, 400 тн тэжээл, сум бүр 100 тн өвс, 70 тонн тэжээлийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн байна.

    Энэ үүргийг биелүүлсэн байхыг Засгийн газар шаардана. Зах зээл бол бүхэлдээ хариуцлагын тогтолцоо. Хэдийгээр зуд байгалийн үзэгдэл боловч нөгөө талаас хүний нийгмийн хариуцлагын нэг шалгуур. Зудын хохирлыг давахад Засгийн газраас гадна орон нутаг, иргэдийн санал санаачлага, малчдын бэлтгэл чухал гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзахдаа хэлэв. Ниргэсэн хойно нь хашгирч ажиллах нь эдийн засгийн хохиролтой. Зах зээлийн зарчимд ч харш гэдгийг хаа хаанаа ойлгох цаг болсон. Иймээс угтуулан бэлдэх, цаг хожих, хохирол бага амсах зарчмаар ажиллах ёстой гэж тэрээр үзэж байна.

  • Засгийн газар хариуцлагын тогтолцоог төлөвшүүлнэ

    Засгийн газар хариуцлагын тогтолцоог төлөвшүүлнэХэдийгээр 20 жилийн өмнө ардчилалд шилжсэн ч бид өнөөг хүртэл хангалттай хариуцлагын тогтолцоонд шилжиж чадсангүй. Хүссэн үр дүндээ хүрээгүй, хөгжлийн хоцрогдлоо давж чадаагүй нь ажилгүйдэл, ядуурлын тоо хэмжээнээс харагдаж байна. Үүнийг өөрчлөхийн тулд хариуцлагатай ардчилалд хүн бүр суралцах ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд Баянхонгор аймгийн иргэдтэй уулзахдаа хэлэв. Хариуцлагатай ардчилал гэдэг нь хариуцлагатай улс төр, хариуцлагатай сонголт, хариуцлагатай банк санхүүгийн тогтолцоо, хариуцлагатай боловсрол, сургалт, иргэн бүр эрүүл мэнддээ хандах хариуцлага, бусдын өмнө болон өөрийнхөө төлөө хүлээх хариуцлага гээд өргөн хүрээтэй олон талтай. Хөгжлийн төлөө хүн гэдэг нь хариуцлагатай иргэнийг хэлнэ гэж тэрээр үзэж байна.

    Монгол Улсын Засгийн газар хамтдаа хичээж, зүтгэж Их бүтээн байгуулалт өрнүүлэн, эдийн засгийн өсөлтийн 20 жилийг эхлүүлэхийг зорьж байгаа юм. Олон жил яригдсан хөгжлийн томоохон асуудлыг эхнээс нь шийдвэрлэж, улсын хөгжлийг түргэтгэх анхны алхмаа хийн, үйлдвэрлэл, бизнес хөгжих илүү тааламжтай нөхцөл бүрдүүлсэн тухай Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэв. Засгийн газар ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, улс орноо хөгжүүлэх зорилтоо аж үйлдвэржүүлэлтийн бодлоготой уялдуулж, хамтад нь шийдвэрлэхийг зорьж байна. Бүх шатанд хариуцлагыг дээшлүүлснээр бүтээн байгуулалтын зорилтуудаа амжилттай хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд хэлээд үүнд бие сэтгэлээрээ бэлэн байж, гар бие  оролцохыг Хонгор нутгийнханд уриаллаа.

    ЗАСГИЙН ГАЗАР ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛНА

    Төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх талаар Засгийн газар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлээд байгаа тухай Ерөнхий сайд С.Батболд баруун аймгуудын иргэд, хөдөлмөрчид, малчидтай уулзахдаа ярьж байна. Үүний тулд Засгийн газраас хөдөөгийн хөгжлийн индексийн судалгааг хийж эхлээд байна. Хөгжлийн индекст тулгуурлан эрчим хүч, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын зэрэг салбарт төрөөс үзүүлэх төсвийн дэмжлэгээ тухайн орон нутгийн хөгжлийнх нь түвшингээр тооцон үзүүлж байх юм. 

    Мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, орон нутгийн чанартай  ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааран тухайн орон нутгийн удирдлага худалдан авдаг байх журамтай болгохоор төлөвлөж байна. Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчилснөөр аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн болон мэргэжлийн хяналтын агентлагаас бусад агентлагийн дарга нарыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар томилж, чөлөөлөх эрхтэй болох юм.

  • Ерөнхий сайд Хонгор нутагт ажиллалаа

    Ерөнхий сайд Хонгор нутагт ажиллалааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд наймдугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн төвд  хүрэлцэн ирэв. Тэрээр ирсэн даруйдаа аймгийн эмнэлгээр орж ажилтай нь танилцлаа. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд өрхийн болон амбулатори, сумдын эмнэлгээр 30 орчим мянган иргэн үйлчлүүлсэн байна. Аймагт төрөлт нэмэгдсэнээс төрөх эмнэлэг, тасгийн орны хүрэлцээ муутай болоод байсан бол одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг тэрбум гаруй төгрөгөөр 50 ортой төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн барилгыг барьж, энэ онд ашиглалтад оруулна. Мөн өнгөрсөн онд сүрьеэгийн эмнэлгийн барилгаа засварлан, өвчтөнүүд тохилог орчинд эмчлүүлэх боломж бүрдүүлжээ.

    Ерөнхий сайд дараа нь аймгийн төвд баригдах “Хонгор-1000” орон сууцны хорооллын шав тавих ёслолд оролцлоо. Энэ хороолол нь Засгийн газрын “100 мянган айлын орон сууц”  хөтөлбөртэй салшгүй холбоотой юм. Хорооллыг бүрэн байгуулж дуусахад нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тухай аймгийн удирдлага ярилаа. Ерөнхий сайд С.Батболд мөн Баруун бүсийн залуучуудын чуулга уулзалтын хүрээнд болсон  хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг нээж залууст амжилт хүсч,  аймгийн төвд байх хийдэд хүрэлцэн очиж ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө мандал өргөсөлөө.

    Дараа нь Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж төр, засгаас явуулж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааны цаашдын зорилт, хэрэгжилтийн талаар танилцуулан, сонирхсон асуултад нь хариулав. Арвайхээр-Баянхонгорын хоорондох хатуу хучилттай 107 км замыг 2011 онд багтаан ашиглалтад оруулах, аймаг дахь Улсын Архивын барилгыг ашиглалтад оруулахад шаардлагатай 750 сая төгрөгийн асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас шийдвэрлэх, аймгийн төвд мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан сумыг эрчим хүчтэй болгоход дэмжлэг үзүүлэхийг аймгийн удирдлага, иргэд Ерөнхий сайдаас хүсч байлаа.

    Арвайхээр-Баянхонгорын замыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хатуу хучилттай болгоход Засгийн газар анхаарна. Мөн аймгийн удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу Баянхонгор аймагт Халдвартын эмнэлэг шинээр барих хөрөнгийг 2011 оны төсөвт тусгана гэж Ерөнхий сайд хэлснийг Хонгор нутгийнхан талархан хүлээж авлаа. Баянхонгор аймгийн малчид малын индексжүүлсэн даатгалд сайн хамрагдсан байна. 2009-2010 оны өвөл, хавар малаа алдсан ч даатгалтай байсан учир нэр бүхий малчид долоо хүртэл сая төгрөгийг даатгалаас авах болжээ. Үүний батламжийг Ерөнхий сайд С.Батболд малчдад гардуулж, аймгийн Засаг даргын Тамгын газарт УАЗ-469 автомашин, Өлзийт сумын хүн эмнэлэгт иж бүрэн компьютер бэлэглэлээ.

    ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ САЙТАР ХАНГАХЫГ АНХААРУУЛЛАА

    2009-2010 оны гамшиг, зудын улмаас улсын хэмжээнд 9.1 сая толгой мал хорогдон 550 тэрбум гаруй төгрөгийн шууд хохирол учирч 8700 гаруй айл огт малгүй болсон юм. Хэдийгээр байгалийн гамшиг, цас зуд гээд давагдашгүй хүчин зүйл үүнд нөлөөлсөн ч  хариуцлагагүйн  гамшигт өртсөн гэдгийг хаа хаанаа бодох ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд Баянхонгор аймгийн иргэдтэй уулзахдаа хэлэв. Засгийн газар наадмын дараа өдөр хуралдан мал аж ахуй, түлш эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцэн салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгсөн. Энэ дагуу Баянхонгор аймаг энэ жил 400 тонн өвс, 300 тонн тэжээл, сум бүр 50 тонн өвс, 50 тонн тэжээл бэлтгэх үүрэг хүлээж, хадлангийн болон тэжээл үйлдвэрлэх техникийн үйлчилгээгээ тогтоосон хугацаанд нь дуусгаж хадландаа гарчээ.

    Баянхонгор аймгийн хувьд өнгөрсөн өвлийн гамшиг, зуданд 430-аад мянган толгой малаа хорогдуулж 360 орчим өрх огт малгүй болсон юм.
    Гамшиг, зуднаас сургамж авч бүх салбарт өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаах шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэлээд энэ чиглэлээр хийсэн ажлаа тайлагнах хугацаа ойртож байгааг сануулав.  Гэхдээ өвлийн бэлтгэлээ хэрхэн хангаснаа Засгийн газарт цаасаар тайлагнахаасаа илүү байгалийн шалгалтад бодитоор тайлагнахад бэлэн байх хэрэгтэй. Хариуцлагагүй байснаас хэд дахин ихийг алддаг. Нэгэнт зах зээлийн нийгэмд хэн нэгний хариуцлагагүйн улмаас учирсан хохирлыг өөр нэгэн хүлээх ёсгүй гэсэн хатуу хууль бий. Иймээс  хувь хүн, айл өрх, аж ахуйн нэгж, аймаг, сум бүр өөрөө өөрийгөө хариуцах ёстой гэдгийг Ерөнхий сайд онцгойлон анхаарууллаа.

  • Ерөнхий сайд С.Батболд Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзахдаа хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболд Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзахдаа хэлсэн үг/Бүх шатанд хариуцлагыг дээшлүүлснээр бүтээн байгуулалтын зорилтыг амжилттай хэрэгжүүлнэ/

    2010.08.11

    Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт иргэдээ!
    Та бүхнээр уламжлан Баянхонгорчууддаа Засгийн газрын өмнөөс болон хувиасаа, мөн аян замын уртад хамт яваа ажлын хэсгийнхнийхээ чин сэтгэлийн мэндийг дэвшүүлж, сайн сайхныг хүсье.Орон нутагт ажиллах олон хоногийн томилолт өндөрлөх дөхөж, аяны жолоо нийслэлийн зүг эргэж, ар дахь ажилдаа яарч байгаа энэ мөчид Хонгор нутгийн Та бүхэнтэйгээ уулзаж байна. Уулзалт яриа маань намрын тэргүүн сарын эхэн өдөр тохиож буй учир ажил хэргийн яриагаа эндээс эхэлье гэж бодож байна.

    Намрын сар найм биш гэсэн үг бий. Найр хурим, наадам цэнгээн бүхий намрын налгар өдрүүдэд арын ажлаа, өвлийн бэлтгэлээ мартаж болохгүй гэсэн өвгөдийн сануулга, ардын ухаан биз ээ. Захиргаадалтын үед ч, зах зээлийн үед ч энэ үгийн учир холбогдол, үнэ цэнэ хэвээр байгааг сануулъя. Өнгөрсөн үед аж төрөхүйн сургаал шинжтэй байсан бол өнөө үед өвлөөс өрсөж бүхнийг амжуул, эс тэгвэл хохирол хүлээнэ гэсэн эдийн засгийн шууд агуулгатай болжээ. Үүнийг саяхны гашуун сургамж нотолно.

    Өнгөрсөн өвөл, хаврын байгаль цаг уурын хүндрэлээс 9.1 сая малаа алдаж, 550.0 тэрбум гаруй төгрөгийн шууд хохирол амссан. Үүний цаана малчдын амьдрал нэлэнхүйдээ хүндэрснээс, нийтдээ 8700 гаруй, танай аймагт 360 шахам айл өрх огт малгүй болсон. Энэ бүхний гол буруутанг цаг агаарын хэт хүйтрэл, зуд зурхан, байгалийн гамшиг гэж ярьж байна. Үнэхээр байгалийн давтагдашгүй хүчин зүйл гэж бий. Гэтэл бас хийх ёстой ажлаа хийдэггүй хариуцсан ажил, хувийн амьдралдаа хайнга ханддаг хариуцлаггүйн гамшигт нэрвэгдсэн гэдгээ хаа хаанаа бодох учиртай.

    Энэ гамшигт дахин нэрвэгдэхгүйн тулд мал аж ахуйн салбар, түлш эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай тогтоолуудыг Засгийн газар сарын өмнө гаргасан. Энэ тогтоолоор олон үүрэг даалгавар орон нутаг, ажил хариуцсан мэргэжилтэн, иргэд, аж ахуйн нэгжид өгсөн. Зөвхөн ганцыг дурдахад цаг агаарын хүндрэл, гамшгийн үед хэрэглэх өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд танай аймаг 400 тн өвс, 300 тн тэжээл, сум бүр 50 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэх үүрэгтэй. Үүний тулд хадлангийн болон тэжээл үйлдвэрлэх техникийн засвар үйлчилгээ долдугаар сарын 20 гэхэд дуусаад өдийд ажилдаа орсон байх учиртай.

    Түүнчлэн малын тарилга, угаалга, туулга, отор нүүдэл, хээлтүүлэг, мах бэлтгэх, нөөцлөх ажлын явц, малчдын хувийн бэлтгэл, шаардлагатай үед тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, сум, аймгийн төвийн эрчим хүчний бэлтгэл, нүүрс нөөцлөх, түлш шатахуун татан авах, байр орон сууцны дулааны шугам сүлжээний засвар үйлчилгээ гэх мэт олон ажлын гүйцэтгэлийг тайлагнах хугацаа түрүүчээсээ болж байна. Засгийн газарт цаасаар тайлагнах нэг хэрэг. Байгалийн шалгалтад бодитойгоор тайлагнах нь чухал. Харамч хүн илүүг төлдөг гэсэн үг бий. Тэгвэл хариуцлагагүй үйлдэл хэд дахин илүү төлөөсийг шаарддаг гэдгийг хатуу ойлгох цаг болсон.

    Зах зээлийн нийгэм өөрөө хариуцлагын тогтолцооны нийгэм. Таны хариуцлагагүй үйлдлийн төлөөсийг өөр хэн ч хүлээх ёсгүй гэсэн хатуу хуультай. Иймээс иргэн бүр, айл өрх бүр, аж ахуйн нэгж бүр, аймаг, сум бүр өөрөө өөрийгөө хариуцах ёстой гэсэн ганцхан гаргалгаа л байна. Тэгэхлээр Та бид дор бүрнээ, үйл ажиллагааныхаа бүхий л хүрээнд үүрэг хариуцлагаа эрс дээшлүүлэх нь цаг үеийн шаардлага төдийгүй, нийгмийн захиалга болоод байна.

    Ардчиллын нөгөө тал нь хариуцлага гэдэг. Монголчууд Та бид ардчилалыг сонгосон. Тиймээс хариуцлагын тогтолцоог сонгосон гэсэн хэрэг. Харамсалтай нь өнгөрсөн 20 жилд хангалттай хариуцлагатай байж чадсангүй, хариуцлагын тогтолцоог жинхэнээр төлөвшүүлж чадсангүй. Иймээс бид 20 жилд хүссэн үр дүндээ хүрээгүй, хөгжлийн хоцрогдлоо даван туулж чадаагүй, зарим талаар урьд өмнөхөөсөө ухарсан үзүүлэлттэй байна. Ажилгүйдэл, ядуурал, амьжиргааны түвшний доройтол үүнийг бэлхнээ харуулж буй. Одоо энэ байдлыг өөрчлөх цаг болсон. Үүний тулд хариуцлагатай ардчилалд хүн бүр суралцах хэрэгтэй. Хариуцлагатай ардчилал гэдэг бол хариуцлагатай улс төр, хариуцлагатай сонголт, хариуцлагатай уул уурхай, хариуцлагатай банк, санхүүгийн тогтолцоо, хариуцлагатай боловсрол, сургалт, иргэн бүр эрүүл мэнддээ хандах хариуцлага, бусдын өмнө болон өөрийнхөө төлөө хүлээх хариуцлага гээд тун өргөн хүрээтэй. Олон талтай. Хөгжлийн төлөө хүн гэдэг хариуцлагатай иргэнийг хэлнэ.

    Уулзалт ярианы эхэнд хариуцлагын тухай хөндөж ярьсан нь шалтгаантай. Учир нь манай улсын хөгжил тун хариуцлагатай, эгзэгтэй үедээ байна. Бахь байдгаараа байгаад байх уу. Бүх нийтээрээ хичээж чармайгаад хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх үү. Хамтарсан Засгийн газар хоёр дахь хувилбарыг сонгоод байна. Их бүтээн байгуулалтыг өрнүүлж, эдийн засгийн өсөлтийн 20 жилийг эхлүүлэхээр зорьж байна. Иймд Та бүхэндээ Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, зорилтоо тоймлон товч илтгэе. Миний бие хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдоод 9 сарын нүүр үзэж байна. Улс орныхоо эдийн засаг, нийгмийн байдалд дүн шинжилгээ хийж, ард олныхоо аж амьдралыг судлан, Засгийн газрын үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилттой ажиллалаа.

    Энэ хугацаанд хамтарсан Засгийн газар олон жил яригдаад шийдэж чадаагүй байсан томоохон асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж улс  орныхоо хөгжлийг түргэтгэх талаар анхны алхамаа хийж, үйлдвэрлэл, бизнес хөгжих илүү тааламжтай нөхцөл бүрдүүлж эхэллээ гэж хэлэх байна. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Таван толгойн орд газрыг ашиглах эрх зүйн орчны үндсийг тавилаа. Ингэснээр Монголын ард иргэд, үндэсний компаниуд давуу эрхийн хувьцаа эзэмших боломж нээгдэж, Монгол Улсын иргэн бүр өөрийн гэсэн өмчтэй болох, байгалийн баялагтаа эзэн нь байх  түүхэн шийдвэрийг хамтдаа гаргаж чадлаа.

    Уул уурхайн салбарын үр шимийг хүртэхийн тулд зөвхөн орд газруудыг ашиглалтанд оруулснаар хязгаарлагдахгүй, олборлосон ашигт малтмалыг тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэх, ашигт малтмалыг эцэслэн боловсруулах, олон улсын зах зээлд үнэ хүргэн арилжаалах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх гээд олон олон ажил ар араасаа ундарч байна. Энэ бүхнийг Засгийн газар ээлж дараатай, тодорхой үндэслэл судалгаатайгаар, нэгдсэн бодлого, нэгдмэл удирдлагаар хангахын төлөө шаргуу ажиллаж байна.

    Энэ арга хэмжээний нэг болох Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын төслийг Засгийн газраас боловсруулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа. Энэ бодлого хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд 2011-2014 онд мянга гаруй км төмөр замыг Тавантолгой-Сайншанд-Баруун Урт-Чойбалсангийн чиглэлд барих болно. Энэ бол аварга том бүтээн байгуулалт, ажлын шинэ байрны төсөл. Энэ төслийн хоёр дахь үе нь баруун чиглэлийн төмөр зам байх бөгөөд тэр нь Баянхонгор нутгийг дайран өнгөрөх юм. Тэр үед зам дагаж хөгжил ирнэ.

    Төмөр замын төсөлтэй уялдаад “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” байгуулах төслийг боловсруулж дуусч байна. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газар хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд, төслийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ цогцолборт нүүрс боловсруулан кокс гаргах үйлдвэр, үрлэн төмөр, нүүрс хийжүүлэх, газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр болон бусад үйлдвэрийн газрыг барьж байгуулахаар төлөвлөж байна. Цогцолборын эхний ээлжийг 2011-2014 онд барьж байгуулах юм.

    Ингэснээр 2015 оноос Монгол Улс уул уурхайн түүхий эдийг экспортлогч бус, түүхий эдийн тодорхой хэсгийг боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн экспортолдог улс орон болох боломжтой. Хамгийн гол нь “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ыг бүрэн байгуулснаар 2010-2021 онд нийтдээ 70-80 орчим мянган ажлын байр шинээр бий болно гэж үзэж байгаа юм. Бараг танай аймгийн бүх хүн амтай тэнцэхүйц тооны хүн ажлын байртай болно гэсэн үг. Ийнхүү уул уурхайд түшиглэсэн үндэсний их бүтээн байгуулалтын үе эргэлт буцалтгүй эхэлсэн.

    Дээрх бүх том төслийн зорилго нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийн бат бааз суурь бий болгох, Монгол хүний аж амьдралын баталгаа, хөгжлийн үндсийг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Засгийн газар ийнхүү алсыг харж, ард түмнийхээ амьдралын чанар, ахуй нөхцлийг сайжруулах зорилтыг аж үйлдвэржүүлэлтийн бодлоготой уялдуулж, хамтад нь шийдвэрлэхийг зорьж байна. Үүний тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, 2010 оныг “Бизнесийн орчны, шинэтгэлийн жил” болгох зэргээр асуудлыг аль болох цогцоор шийдвэрлэхийн төлөө ажиллаж буй. Ер нь бүх шатанд хариуцлагыг дээшлүүлснээр бүтээн байгуулалтын зорилтуудаа амжилттай хэрэгжүүлнэ гэдгийг дахин хэлье.

    Та бүхнийг Их бүтээн байгуулалтад бие сэтгэлээрээ бэлэн байж, гар бие  оролцон, гавъяат үйлсийг бүтээж, алдар нэрээ амжилт бүтээлээр мөнхжүүлэхийг уриалж байна. Уул уурхай, аж үйлдвэржүүлэлтийн том зорилтын зэрэгцээ Хөдөө аж ахуйн салбарт газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэх замаар дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээгээ бүрэн хангах, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхийг зорьж байгаа. Хүн амынхаа хүнсний хэрэгцээ, аюулгүй байдлыг хангах үүднээс “Атрын III аян”-ыг цаашид эрчимжүүлж, 2010 онд Улсын хэрэгцээт буудай, төмсийг 100%, хүнсний ногооны 60%-ийг дотоодын ургацаас хангах зорилт  тавин ажиллаж байна. Энд Хонгор нутгийнхны хувь оролцоо нэн чухал гэдгийг онцлон хэлье.

    Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий  “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг саяхан Улсын Их Хурлаас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Өнгөрсөн өвөл, хавар манай орны мал аж ахуйд учирсан гарз хохирол, гамшгийн хор уршгийг арилгах, амин зуулга болох мал сүргээ алдсан малчдын санаа сэтгэл, ахуй амьдралыг харж үзэж, бололцоотой бүх арга хэмжээг авах нь Засгийн газрын нэн ойрын зорилтын нэг байсаар байх болно.

    Зудын хохирлыг гэтлэн давахад өнгөрсөн хавар иргэд, байгууллагын хандив, гадаадын тусламж, төсөл хөтөлбөр болон улсаас нийтдээ 45,7 тэрбум төгрөг зарцуулснаас Засгийн газар дангаараа 6.8 тэрбум төгрөг гаргасан. Тэгвэл малгүй айл өрхийг малжуулахад зориулж сая 7 дугаар сард 3.0 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор батлуулсны 107.1 сая төгрөг нь Баянхонгорт хуваарилагдсан. Энэ бол малаар дамжуулж хүнд зориулж буй хөрөнгө оруулалт юм.

    “Монгол хүний хөгжлийг хангах нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болно” гэдгийг би энэ ажлыг хүлээж авах үедээ онцлон хэлсэн. Энэ байр суурь одоо ч, цаашид ч хэвээр байх болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1,5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлнэ” гэсэн зорилт хэрэгжих хууль эрх зүйн орчинг өнгөрсөн хугацаанд бүрдүүллээ. “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг УИХ-аар батлуулан байгалийн баялгаас олсон орлогыг иргэддээ тэгш, шударгаар хүргэх ажлыг эхлүүлсэн. “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын дагуу эхний ээлжинд 70,000 төгрөгийг иргэддээ олгоод байна.

    “Хүний хөгжлийн сан”-гийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  саяхан УИХ-д өргөн барьсан. Энэ хуулиар “Хүний хөгжлийн сан”-гаас иргэдэд бэлэн мөнгө олгож буй хугацаанд өөрчлөлт оруулж 2010 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн сар бүр иргэн бүрт 10,000 төгрөг олгож байх, цаашид 2011 оны 01 дүгээр сараас сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн 21,000-аас доошгүй төгрөгт хүргэхээр зорьсон болно. Үүнийг Засгийн газар хэрэгжүүлнээ.

    Иргэн бүрт олгох 1,0 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох зэрэг хэлбэрээс нь сонголт хийх саналыг иргэдээс авсан. Нийт саналын 50 шахам хувь нь орон сууц худалдан авах урьдчилгаа зээл болон малчны зээл, бусад зээлийн төлбөрт зориулахаа илэрхийлсэн байна. Үүнийг ч Засгийн газар бодолцох болно. Төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар өсгөхийн зэрэгцээгээр төрийн албан хаагчдийг орон сууцжуулах үүднээс дөрвөн мянган хүнийг хөнгөлттэй зээлд хамруулах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж эхлээд байна. Мөн олон хүүхэдтэй эхэд олгох мөнгийг нэмэгдүүлсэн бөгөөд энэ оны IV улирлаас өгч эхлэх болно.

    Хүний хөгжил нь зөвхөн халамж, тэтгэмж, цалин орлогоор хангагдахгүй, түүгээр хэмжигдэхгүй ээ. Улс орны хөгжил хүний хөгжлөөр, харин хүний хөгжлийн түвшин нь Монгол хүний эрүүл мэнд, боловсролын түвшин, амьдралын чанар, өрсөлдөх чадвараар л тодорхойлогдоно. Тиймээс эрүүл мэнд, боловсролын салбарт ахиц шинэчлэл гаргах иж бүрэн бодлогыг бид хэрэгжүүлэхийг зорьж байна. Их бүтээн байгуулалтыг эрүүл бие бялдартай, өндөр боловсрол мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай, хөгжлийн төлөө хүсэл эрмэлзэлтэй, хөдөлмөрч хичээнгүй, хатуужилтай хүн л хийх болно. “Монгол хүний хөгжил” гэдгийг манай Засгийн газар ийм өргөн утгаар харж, Их бүтээн байгуулалт хийх, иргэн хүний хөгжлийг хангах хос том зорилтыг нэг зоосны хоёр тал хэмээн үзэж, нэгдмэлээр шийдэхийг зорьж байна.

    Эдийн засаг, нийгмийн энэ том зорилтуудыг иж бүрэн цогцоор нь, үр нөлөөтэй хэрэгжүүлэхийн нэг нөхцөл нь төр, түүний байгууллага, албан тушаалтан, албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх юм. Чухам хариуцлагатай төр л тавьсан зорилтоо хэрэгжүүлж, иргэдийн төлөө үйлчилж чадна. Юуны өмнө төрөөс иргэддээ үзүүлэх үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, нээлттэй, ил тод, шударга болгох шаардлага өнөө үед тун чухлаар тавигдаж байна. Иймд төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг дээд зэргээр сахиулж, ёс зүйн зөрчил гаргах, хууль тогтоомж зөрчиж ажлын хариуцлага алдах, ажлаа цалгардуулж хийдэл дутагдал гаргавал зохих зэм, хариуцлагыг тухай бүрд нь хүлээлгэдэг байх хэрэгтэй. 

    Төрийн байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төрөөс аж ахуйг удирдах арга ухаанд ч өөрчлөлт хийхээр зорьж байна. Төрийн удирдлага нь зорилтоо хэрэгжүүлэх зөв хөшүүрэг болохоос түүнд саад болох учиргүй. Үүний тулд төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ  авч хэрэгжүүлж эхлээд байна. Засгийн газраас орон нутагт олгож байгаа төсвийн шилжүүлгийг тухайн орон нутгийн хөгжлийн индекст тулгуурлан тодорхойлж байх зарчимд шилжинэ.

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, орон нутгийн чанартай  ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааран тухайн орон нутгийн удирдлага худалдан авдаг байх журам тогтооно. Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн болон мэргэжлийн хяналтын агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох, чөлөөлөх эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлнэ.

    Баянхонгорчууд аа!
    Тус аймгаас төр, нийгэм, шашин, соёлын нэрд гарсан зүтгэлтнүүд, хөдөлмөрийн сайчууд, авъяастнууд олноор төрж, манай орны материаллаг ба оюун санааны сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнөө үед ч боломж, бололцоондоо тулгуурлан орон нутагтаа бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлж байгаа нь сайшаалтай. Боловсрол, эрүүл мэндийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, үйлчилгээний хүртээмж, чанарт ахиц гарч, хүүхдийн сургууль завсардалт , эхийн болон нялхсын эндэгдэл тус тус буурсан байна.

    Тус аймаг 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” болгон зарлаж 52 төсөлд 784.3 сая төгрөгний зээл олгож, ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх тодорхой ажил хийжээ. Гэсэн хэдий ч хүн амын 40 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, ажилгүйдлийн түвшин өсөх хандлагатай байна. Иймд ажилгүйдлийг бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал байна.

    Нутаг орноо хөгжүүлэхэд дараахь хэдэн чиглэлээр орон нутгийн удирдлага, иргэд хамтын хүчээ төвлөрүүлэн ажиллах нь зүйтэй байна.

    1.Хонгор нутгийн хөгжил, хүн ардын амьжиргааны үндсэн тулгуур бол уламжлалт мал аж ахуй билээ. Гэтэл мал аж ахуй эрхлэх аргыг үндсээр нь өөрчлөх цаг болсныг өнгөрсөн өвлийн байгаль, цаг уурын хүнд сорилт бидэнд харууллаа. Иймд Та бүхэн малчдын бүлгэм, хоршоо зэрэг хамтын аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулан эрчимжүүлэх, үндэсний фермерүүдийг бий болгон дэмжих, сүргийн бүтцийг зохистой байлгах, малчдын шинэ үеийг бэлтгэн сургах, орон нутгийн тэжээлийн аж ахуйг өргөтгөн бэхжүүлэх, баг, сум бүрт усалгаатай талбайг олшруулан хашиж хамгаалах, малын даатгалын системийг нэвтрүүлэх зэргээр мал сүргийг байгалийн эрхшээлээс сэргийлэн хамгаалах цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага нэн чухал байна. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жинхэнэ үр ашигтай үйлдвэрлэл болгох ёстой.

    2.Танай аймагт мал аж ахуйн түүхий эдэд түшиглэсэн малын гаралтай мах, сүү, ноос, арьс шир боловсруулах жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх боломжийг ашиглан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Орон нутгийн хөгжлийн 2 дахь тулгуур үндэс бол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх явдал мөн. Засгийн газар энэ талаар онцгойлон анхаарч сүүлийн 2 жилд 60 тэрбум төгрөг баталж өгсөн. Өнөө жил энэ чиглэлээр аймаг бүрд 530 сая төгрөг хуваарилаад байгаа. Энэ боломж, нөөцийг орон нутгийн хэрэгцээтэйгээ уялдуулан үр дүнтэй ашиглах нь чухал. Мал аж ахуйн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлийг зөв хослуулж чадвал бие биеэ тэтгэн хөгжих бүрэн боломжтой.

    3.Баянхонгор аймаг нь байгалийн баялаг, түүний дотор алт, зэс, нүүрс, болор, жоншны орд газартай. Эдгээр орд газрыг аймгийн хөгжлийн бас нэг тулгуур болгон байгальд сөрөг нөлөөлөл багатайгаар эргэлтэд оруулан ашиглахад лиценз эзэмшигч компани болон орон нутгийн удирдлага санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Орд газар, бичил уурхайг ашиглахдаа орчны тэнцлийг алдагдуулахгүй, байгалиа хөнөөж, бохирдуулахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. Алтыг нь аваад авдрыг нь хаяв гэгчийн үлгэрээр байгаль орчинд хэт хөнөөлтэй хандлага газар авч байгаа нь сэтгэл түгшээж байна. Орон нутгийн засаг захиргаа, ажил хариуцсан мэргэжилтэн, иргэд энэ талаар нэгдэн нийлэн, нэн яаралтай арга хэмжээ авбал зохино. Эс тэгвэл тос даасан Хонгор нутаг маань тоос боссон хоосон зэлүүд газар болох аюул ойрхон байна. Байгаль дэлхийгээс баялгийг нь хүртэсний хариуд нөхөн сэргээлт хийх нь хариуцлагатай уул уурхайн үндсэн зарчим төдийгүй, иргэн хүний журамт үүрэг байх ёстой. Хүн байгальд хэдий чинээ хатуу хандана, байгаль хариугаа төдий чинээ чанга авдаг гэсэн эртний мэргэдийн үгийг эргэцүүлж сайн бодоорой.

    4.Аялал жуулчлал танай аймгийн хөгжлийн бас нэгэн тулгуур болох бүрэн боломж бий. Баянхонгор аймгийн байгалийн өвөрмөц тогтоц, дэлхийд ховордсон ан амьтан, ургамал, эртний түүхэн дурсгалууд зэрэг давтагдашгүй нөөц боломж байгаа нь гадаад, дотоодын аялагч, жуулчдын анхаарлыг татдаг билээ. Гагцхүү жуулчдыг хүлээн авах соёлч боловсон үйлчилгээ, тохилог цэвэр орчин бий болгоход анхаарч ажиллах нь зүйтэй. Орон нутгийн болон нутгийн харъяат бизнес эрхлэгчдийн хүчин чармайлтыг нэгтгэн аймаг орон нутагтаа үйлдвэр, үйлчилгээ, соёлын бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа зөв эхлэлийг цаашид ч дэмжин үргэлжлүүлэн дэмжих учиртай. Хонгор нутгийн ард иргэд ухаалаг, ажилч хичээнгүй, юуг ч хийж, ямар ч бэрхшээлийг даван туулах чадвартай ард түмэн. Гагцхүү тэдний санаа бодлыг сонсож, санал санаачлагад тулгуурлаж, тусалж дэмжиж ажиллах нь чухал юм. Орон нутгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрийг Та бүхэн санаачлан хэрэгжүүлбэл Засгийн газар бүх талаар дэмжинэ. Танай аймгийн удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу Баянхонгор хотод Халдвартын эмнэлэг шинээр барихад Засгийн газар онцгой анхаарч 2011 оны төсөвт тусган хэрэгжүүлэх бодлого баримтлан ажиллах болно.

    Эрхэм хүндэт Баянхонгорчуудаа.
    Хонгор нутгаас эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан эх оронч, хөдөлмөрч, оюунлаг сэхээтэн,  улсын болон хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат зүтгэлтэн, төр нийгэм, шашин соёлын зүтгэлтнүүд, урлаг спортын алдар цолтод олноор төрөн гарсан бахархам сайхан уламжлалтай. Өвөг дээдэс, ахмад үеийнхнийхээ энэ сайхан уламжлалаа өвлөн бататгаж, Монгол эх орон, Хонгор сайхан нутгаа хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Та бүхэндээ хандан уриалж байна.

    Хангай, говь, тал хээр хосолсон, ханагар уудам, өгөөж баян нутагтаа эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, эрин цагийн шинэ бүтээн байгуулалт өрнүүлж, эрдэм соёл, урлаг спортоо улам баяжуулан хөгжүүлж, эв найртай элбэг хангалуун, чинээлэг сайхан аж төрөхийн өлзий ерөөлийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

  • Ерөнхий сайд С.Батболдын Завхан аймгийн Улиастай сумын иргэдтэй хийсэн уулзалтад хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболдын Завхан аймгийн улиастай сумын иргэдтэй хийсэн уулзалтад хэлсэн үг(Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх нь ажилгүйдэл, ядуурлыг туулах бодит гарц мөн)

    2010 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Улиастай хот

    Энд хүрэлцэн ирсэн Эрхэм хүндэт иргэд ээ,
    Монгол орны оройн дээд ариун шүтээн Отгонтэнгэр хайрхан уулаа олон үеэрээ тахин шүтэж, энэ сайхан нутагтаа эзэн нь болж, энх тунх, эрх чөлөөтэй аж төрөн суугаа Завхан нутгийн зон олон Та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье. Мөн намайг нааш гарахад биечлэн уулзан, нутаг ус, хүн зоныхоо тухай, орон нутгийн хэтийн хөгжлийн тухай санаа бодлоо илэрхийлж, санал, зөвлөмжөө хэлсэн Монгол Улсын 2 дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди гуайн нутгийн олон Та бүхэндээ хандсан чин сэтгэлийн мэндийг уламжилъя.

    Миний бие хамтарсан Засгийн газрын тэргүүний хариуцлагатай албанд томилогдоод 9 сарын нүүр үзэж байна. Ажил хүлээн авснаас хойш улсын төсвөө батлуулах, улс орны өмнө тулгамдсан болон цаг үеийн яаралтай ажлууд, төр засгийн бодлого чиглэл, хөтөлбөр төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулах гээд цаг хугацаатай уралдан ажиллалаа. Хоёр талын болон олон талын хэлэлцээ тохирооны дагуу хэд хэдэн гадаад томилолтыг үр дүнтэй хийгээд байна. УИХ-ын чуулган завсарлаж, улс амьтан хавар, намрын их ажлын заагт түр амсхийж буй энэ цаг үед орон нутагт ажиллах олон хоногийн томилолттой гарсан. Олдож буй энэ цаг мөчийг ашиглаж баруун бүс нутгийн бүх аймгаар орж, орон нутаг дахь төр засгийн ажил, олон түмний ахуй амьдралыг нүдээр үзэж, хөдөөгийн иргэдийнхээ санаа бодлыг сонсож явна.

    Завхан нутаг, Улиастай хотын иргэд Та бүхэнтэй уулзаж буй энэ завшааныг ашиглаж Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй гол ажил, ойрын ирээдүйн бодлого зорилт, орон нутгийн хөгжлийн асуудлаар зарим санал бодлоо би та бүхэнтэй хуваалцъя. Хамтарсан Засгийн газрын бодлого зорилтыг хамгийн товчоор “Хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн” хэмээн тодорхойлж байгаагаа Ерөнхий сайдаар томилогдох үедээ УИХ-ын индэр дээрээс илэрхийлснийг Та бүхэн санаж байгаа байхаа.

    Хүний хөгжлийг хангах манай Засгийн газрын бодлогын гол агуулга нь монгол хүн бүрээ эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой болгоход чиглэгдэж байна. Ингэхдээ хүнийг бөөцийлөх, бэлэнчлэх сэтгэлгээнд сургах замаар бус хүн бүрийг хөдөлмөр эрхлүүлэх замаар энэ зорилтыг шийдвэрлэнэ гэж үзэж байна. Мэдээж бид үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрдээ 1,5 сая төгрөг хүртээх” үүрэг, амлалтаа биелүүлнэ. Энэ чиглэлээр өнгөрсөн богино хугацаанд иргэддээ эх орны хишиг, хувь хүртээх эрх зүйн үндэс болох “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг УИХ-аар батлуулж, тус санд хөрөнгө мөнгө хуримтлуулж, эхний ээлжинд иргэн бүртээ 70000 төгрөгийг хүртээгээд байгаа.

    Гэвч мөнгийг бөөнөөр олгох нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсч, зарим бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болгох хандлага ажиглагдаж байна. Иймд үүнээс сэргийлэх, иргэддээ хишиг, хувийг байнга хүртээх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж, “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт энэ оны 8 дугаар сарын 1-нээс он дуустал 10 мянган төгрөг, 2011 оноос 21 мянган төгрөг сар бүрт тогтмол хүртээх шийдвэрийг саяхан гаргалаа. Энэ нь амьдрал ядуу, огт орлогогүй айл өрхөд сар бүр тогтмол хүн бүрийн тоогоор орлого болж очно. Бага ч гэсэн амин зуулгад нь нэмэр болно. Бололцоотой айл өрхөд бол нэмэгдэл орлого болж очно.

    Энэ тооцоог бид улс орны санхүүгийн өнөөгийн боломжид тулгуурлан гаргасан. 500.000 төгрөгийг ийнхүү үе шаттайгаар бэлэн мөнгөөр сар тутам олгоно. Үлдсэн 1 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох, зээлийн төлбөрт шилжүүлэх зэргийн аль хэлбэрээр авахыг иргэдээсээ санал асуулга авсан. Засгийн газар иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах хэлбэрээр дээрх мөнгийг хүний хөгжлийг хангах том зорилттой уялдуулж байна. Гэхдээ иргэдийнхээ, аймаг бүрээс ирсэн саналыг харж үзэх болно.

    Төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр,  тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар өсгөхийн зэрэгцээгээр төрийн албан хаагчдийг орон сууцжуулах үүднээс 4 мянган хүнийг хөнгөлттэй зээлд хамруулах шийдвэр гаргаж, зээл өгч эхлээд байна. Энэ мэтээр хүнд хандсан шууд хөрөнгө оруулалтад Засгийн газар олон тэрбум төгрөг зарцуулж байна. Цаашид бид бүтээн байгуулалтаар дамжуулж хүндээ хөрөнгө оруулах бодлогыг тууштай барьж ажиллана. Энэ нь олон талын ач холбогдолтой. Улс оронд хэрэгтэй бүтээн байгуулалт бий болно. Олон хүн ажил хөдөлмөр эрхэлж, ажлын байраар хангагдах нөхцөл бүрдэнэ.

    Иргэд байнгын орлоготой болно. Хамгийн гол нь хөдөлмөрч, бүтээлч, ажил хөдөлмөрийнхөө үр шимээр бахархдаг, эрүүл саруул, мэргэжил мэдлэгтэй хөгжлийн төлөө гэсэн эрмэлзэл тэмүүлэлтэй Монгол хүн төлөвшин хөгжүүлэх нь туйлын зорилго болно. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх нь ажилгүйдэл, ядуурлыг даван туулах бодит гарц мөн. Эдийн засгийн салбар дахь бүтээн байгуулалтад оруулж буй хөрөнгө бол эцсийн дүндээ хүнд зориулж буй хөрөнгө оруулалт гэдэг нь ойлгомжтой. Бид халамжийн биш эдийн засгийн аргаар хүний нийгмийн асуудлыг шийдэхийг зорьж байна. Зах зээлийн үеийн Засгийн газарт үүнээс өөр үр дүнтэй гарц байхгүй. Иймээс бид эдийн засгийн салбарт ихээхэн анхаарч, томоохон хөрөнгө оруулалт хийнэ. Ингэж байж бид ажилгүй, ядуу, амьдрал хүрэлцэхгүй байна гэсэн 20 жилийн шилжилтийн, амаргүй бэрхшээлээс гарч хөгжлийн 20 жилээ эхэлнэ.

    Энэ онд Засгийн газраас улс орны цаашдын хөгжил, бүтээн байгуулалттай холбоотой олон томоохон асуудлыг боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн. Завхан нутгийн  хөгжил дэвшлийн төлөө Засгийн газар 2009  онд 23.8 тэрбум, 2010 онд 21.8 тэрбум,  баруун бүс нутгийн хөгжлийг  дэмжих хөрөнгө оруулалтын хүрээнд 4.5  тэрбум төгрөг, нийтдээ 50,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудлыг шийдвэрлэсэн.

    Төрийн байгууллагын ажиллах орчин нөхцлийг дэмжиж Аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтсийн конторын барилга, хүн амын төвлөрөл ихтэй Тосонцэнгэл, Их-Уул,  Отгон, Түдэвтэй сумын  сургуулийг шинээр барих, боловсрол, соёл, эрүүл  мэндийн салбарын байгууллагуудын стандарт орчин нөхцлийг бүрдүүлэх,  үйлчилгээ үйл ажиллагааг  дэмжсэн нэлээд хөрөнгө оруулалт хийсэн.

    Аймаг орон нутгийн хөгжлийн нэг тулгуур бол жижиг, дунд үйлдвэрлэл билээ. Энэ чиглэлээр улсын болон аймгийн хэмжээнд олон ажил хийж байна. Худалдаа наймаа эрхэлдэг гол төв болох захын үйл ажиллагааг сайжруулах, орчин үеийн тохилог худалдааны төв байгуулах ажлыг эхлүүлснийг үзлээ. Энэ ажилд дэмжлэг болгох зорилгоор Засгийн газраас энэ оны 5 дугаар сард тогтоол гарган, 500.0 сая төгрөгийн төсвийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Аймаг, орон нутагт бүтээн байгуулалтын олон ажил хийж байгааг харлаа. Хүнсний захаар орж, махны үйлдвэр, нэгдсэн эмнэлэг, замын ажлын эхлэлтэй танилцлаа.

    Орон нутгийн онцлогт тохирсон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах замаар ажлын байр бий болгох асуудал маш чухал байна. Засгийн газраас орон нутагт жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх зорилгоор 2009, 2010 онд тус бүр 30 нийт 60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж, зээлийг зохих журмын дагуу олгож байгаа. Завхан аймгийн хувьд 2009 онд аймгийн дэд санд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 570,0 сая, орон нутгаас 30,0 сая,  оролцогч банкнаас 180,0 сая, нийт 780,0 сая төгрөгийн эх үүсвэр бүрдэж  Монгол шуудан банкаар дамжуулан олгосон. Үр дүнд нь хүнсний үйлдвэрийн чиглэлд 18, хөдөө аж ахуйн салбарт 15, хөнгөн үйлдвэрийн салбарт 18, барилгын материалын үйлдвэрлэлд 7, ахуйн үйлчилгээний 14, худалдаа үйлчилгээний зориулалтаар 9,  нийт 81  төсөлд санхүүжилт хийгдэж, 25  шинэ үйлдвэр, 334 ажлын байр шинээр бий болсон гэсэн тайлан мэдээг Засгийн газарт гаргаж өгсөн.

    Оны эхний хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд хөдөлмөрийн биржэд бүртгэлтэй ажилгүй байгаа 2700 орчим иргэн ажил идэвхтэй хайж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс даруй 900 орчим хүнээр нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Ийнхүү ажилгүйдлийн хэмжээ нэмэгдэж байгаа нь өнгөрсөн жилүүдэд тохиолдсон эдийн засгийн хямрал болон зудын хохирлоос шалтгаалсан гэж үзэж болох юм.

    Сүүлийн жилүүдэд Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, мэргэжлийн боловсролыг дэмжин хөгжүүлж байгаа, Завхан, Говь-Алтай аймагт эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох чиглэлээр зарцуулсан ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт зэрэг олон талын арга хэмжээнийхээ эцсийн үр дүнг бид гаргаж, хүртэх ёстой. Иймээс аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс ирэх 2 жилийн хугацаанд ажилгүйдлийг бууруулах талаар тавьсан зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ихээхэн хүч чармайлт гаргаж, санаачлагатай, зохион байгуулалттай ажиллах шаардлага улам нэмэгдэж байна.

    Ажлын байрыг зөвхөн энд, аймаг сумандаа гаргана гэж ойлговол учир дутагдалтай хэрэг болно. Уул уурхайн салбарыг дагасан бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа говийн бүс нутагт шинээр олон мянган ажлын байрны эрэлт хэрэгцээ бий болж ажилгүй залуучуудыг зуучлах нэн таатай боломж бүрдэж байна. Оюутолгой, Тавантолгой орд газар болон удахгүй хэрэгжиж эхлэх автозам, төмөр зам, цахилгаан станцыг барьж байгуулах зэрэг дэд бүтцийн олон төсөл, үйлдвэрт дотоодын ажиллах хүчин ихээр шаардагдахаар байгаа юм.

    Шинээр бий болж байгаа энэ таатай боломжийг бүрэн дүүрэн ашиглах, ажил эрхлээгүй, ажлын байрны эрэлт хэрэгцээнд мэргэжил, ур чадвар нь дутагдаж байгаа залуучуудыг хөдөлмөр эрхлэлт, зуучлал, боловсролын байгууллагуудтай хамтран давтан сургалтад хамруулах зэрэг өргөн хүрээтэй ажлыг аймагтаа зохион байгуулах шаардлагатай. Сүүлийн үед өдөр тутмын сонин, хэвлэлийн нийтлэлд ажлын байрны зарлалын эзлэх хувь ихээхэн хурдацтай нэмэгдэж байгааг ч та бүхэн харж байгаа байх.

    Өнөөдөр бидэнд буюу Монгол улсад ажлын байрны эрэлт, хэрэгцээ нь байна, иргэдийг давтан сургах тодорхой хүчин чадал, багтаамж бүхий Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв сургалтын байгууллага, цаашдын ажиллах хүчин болох боломжтой хөдөлмөрийн насны залуучууд байна. Одоо энэ бүхнийг хооронд нь нэгтгэн зохион байгуулах санал санаачлага, үйл ажиллагаа хаа хаанаа чухал шаардлагатай байна. Залуучууд маань ч гэсэн зөвхөн өөрийн аймаг, сумандаа бүгж, ажилгүй хэмээн гансарч, гар хумхин суух хэрэггүй. Одоо үе алгаа тосч суудаг биш ажил хийж амьдрах цаг. Бүтээн байгуулалт өрнөж байгаа бүс нутаг, аймагт, ажлын байрыг зарлаж байгаа компаниудад хандаж ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтээ гаргах, давтан сургалтад хамрагдах чиглэлээр идэвхтэй байх хэрэгтэй.

    Бидний туулж ирсэн хуучин төвлөрсөн тогтолцооны үед ч залуучууд шинэ бүтээн байгуулалт өрнөж байгаа газарт өөрсдийн идэвх санаачлагаар “эвлэлийн илгээлтээр” очин ажиллаж байсан сайн туршлага байсныг ч бид мартах ёсгүй. Сайн туршлагаа шинэ цагийн нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэхэд болохгүй гэх зүйлгүй юм.  Шинэ үеийн “илгээлтийн эзэд” та бүхэн байх бүрэн бололцоотой. Манай улсын хүн ам 2008 оны байдлаар 2.6 саяд хүрч, өмнөх оноос 1.7 хувиар өссөн нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт юм.  Өнөөдөр хөдөлмөрийн насны хүн амын нийт хүн амд эзлэх хувь хамгийн их болж, судлаачдын хэллэгээр бол “хүн ам зүйн цонх”-ны гэж нэрлэдэг цаг үе эхлээд байна.  Тиймээс энэ үеийг туйлын ухаалгаар ашиглах, бүтээн байгуулалтын цаг үетэй оновчтой хослох асуудал чухал байна.

    Хүн амаа өсгөх, хөдөлмөрт бэлтгэх бодлогод төр засгаас туйлын анхаарал хандуулж байгаа. Үүнд бодлого тодорхойлогчдын хүчин чармайлт ихээхэн чухал юм.   Энэ ч үүднээс Та бүхний итгэлийг хүлээн сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-ийг санаачлан УИХ-аар батлуулсныг хэлэхэд таатай байна.  Ингэснээр 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд Эхийн алдарт 2-р зэргийн одонг,  6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд 1-р зэргийн одонг олгох болж байгаа юм. Бидний ирээдүй болсон хүүхэд залуучууд маань эрүүл саруул, боловсрол мэдлэгтэй, ёс суртахуунлаг, ажилч хичээнгүй хүн болж өсөж төлөвших нь нэн чухал байна. Үүнд эцэг эх болон төр засгийн байгууллагын хамтын ажиллагаа хэрэгтэй.

    Засгийн газраас боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэхийг эн түрүүнд анхаарч, ерөнхий боловсролын хүрээнд олон улсын стандартыг нэвтрүүлэх, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг эрс шинэчлэн улс оронд хэрэгцээтэй, мэргэжилтэй ажилчин олноор бэлтгэх, их дээд сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх талаар дэс дараатай арга хэмжээ авч байна. Мөн эрүүл мэндийн салбарт бүтэц, үйл ажиллагааны өргөн хүрээтэй өөрчлөлт хийх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох замаар нийгмийн эрүүл мэндийн төлөв байдалд эргэлт гаргахаар эрмэлзэж байна. Энэ бүхэн “Хүний төлөө хөгжил” гэсэн зорилгод чиглэгдэж байгаа юм.

    Хүндэт иргэдээ,
    Хөдөө аж ахуй бол манай эдийн засгийн нэг голлох салбар бөгөөд хүн амын амьжиргааны үндсэн эх үүсвэр билээ. Орон нутгийн хөгжил дэвшил ч хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлээс ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн салбар бол орон нутгийн хөгжлийн нэг тулгуур үндэс хэвээр байх болно.Хөдөө аж ахуйн салбарт газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тарианы чанар, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүргэхээр ажиллаж байна. Энэ нь зөвхөн тухай салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх төдий биш, бүхэлдээ манай эдийн засгийн, тэр дундаа хүнсний аюулгүй байдалтай холбоо бүхий том агуулга, том зорилт тавьж байгаа юм.

    “Атрын III аяны” үр дүнд өнгөрөгч онд хэрэгцээт үр тарианы 97.0 хувь, төмсний 100 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд 2010 онд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60.0 хувийг дотоодын ургацаас хангах зорилт тавин ажиллахын зэргэцээ 274,3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулаад байна.

    Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 5 дугаар сард УИХ-аас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Өнгөрсөн өвөл, хавар байгаль, цаг агаарын гамшигт үзэгдэл зуд турхан болж, мал аж ахуйн салбар, малчдын амьдралд ихээхэн хүндрэл учруулсан. Энэхүү зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 9 сая  толгойгоор хорогдож, 8700 гаруй айл өрх огт малгүй болж 550 гаруй тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан.

    Энэ оны эхний хагас жилийн статистикийн тоо мэдээллээс үзвэл Завхан аймагт байгаль цаг уурын хүндрэл, зудын улмаас оны эхэнд тоологдсон нийт мал сүргийн 34,9 хувьтай тэнцэх 986,9 мянган толгой мал хорогджээ. Эх мал олноор хорогдсоны улмаас энэ онд гарсан төлийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,7 дахин бага байгаа нь ихээхэн харамсалтай юм. Зудын хохирол зөвхөн энэ жил учраад зогсохгүй ойрын жилүүдэд төллөх малын тоо буурах, улмаар хүнсний хангамжид ч таагүй нөлөө үзүүлэх хандлагатай байна.

    Засгийн газраас зуншлагын байдал хүндрэхээс эхлээд, өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, өвөлжилт хүндэрсэн үед цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээ авах, малчдад хямдралтай өвс тэжээл нийлүүлэх, хандив тусламжийн ажил зохион байгуулах, малгүй болсон иргэдийг малжуулах зэрэг олон талын арга хэмжээ авч ажилласныг Та бүхэн мэдэж байгаа. Засгийн газар саяхан малгүй болсон айл өрхийг малжуулахад зориулж 3.0 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргасан. Үүнээс Завхан аймагт 500 сая төгрөг хуваарилагдсан.

    Цаашдаа мал аж ахуйн салбарт сүргийн бүтцийг сайжруулж, өвөлжилтийн бэлтгэлээ бие даан хангадаг, мал сүргээ эрсдлээс хамгаалж чаддаг мал аж ахуйн үйлдвэрлэлийн шинэ бүтцийг бий болгох зүй ёсны шаардлага тавигдаж байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн зохион байгуулалтын асуудлыг малчдын өөрсдийн оролцоотойгоор багийн Иргэдийн нийтийн хурлаас эхлээд сум, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа хэлэлцэн орон нутгийн онцлогтоо тохирсон бодлогоо боловсруулж, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох нь нутгийн удирдлагын байгууллагуудын нэн тэргүүний ажил гэдгийг энд Та бүхэнд сануулж хэлье.

    Тус аймгийн хувьд олон жилийн туршид тулгамдсан бүрэн шийдвэрлэгдээгүй хүндхэн асуудлын нэг бол цахилгаан эрчим хүчний хангамж, эх үүсвэрийн дутагдал байсан. Эрчим хүчний байнгын эх үүсвэрт холбогдоогүй Говь-Алтай, Завхан аймгийн эрчим хүчний хангамжийг шийдвэрлэхийн тулд Улсын Их Хурал, Засгийн газраас ихээхэн анхаарал тавьж өнгөрсөн 3 жилийн хугацаанд усан цахилгаан станц барьж байгуулахад 50 гаруй тэрбум төгрөг, 1800 гаруй км урттай сумдын цахилгаан дамжуулах шугам, дэд станцуудыг барьж байгуулахад 40,0 орчим тэрбум төгрөг нийтдээ 90,0-95,0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. 

    Тухайлбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Завхан аймгийн 20 сум, Говь-Алтайн 11 сумыг Тайширын цахилгаан станцтай холбох цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ажил хийсэн. 35-110 кв-н нийт 1816 км шугам, 57 дэд станцаас бүрдсэн дамжуулах, түгээх шугам сүлжээнд 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Усан цахилгаан станц нь байгаль орчинд хор нөлөө багатай, экологийн цэвэр үйлдвэрлэл гэж дэлхий нийтээр үзэж байгаа учир Засгийн газраас ийм төрлийн үйлдвэрлэлийг тууштай дэмжиж байгаа. Харин Тайширын усан цахилгаан станцын хувьд барьж байгуулах үе нь цаг агаарын өөрчлөлт, хуурайшилттай цаг таарсан, тухайн нутаг оронд жилд ордог хур тунадасны дундаж хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор усан сангийн дүүргэлтэд төлөвлөснөөс нилээд их цаг хугацаа шаардагджээ.

    Сая бид Говь-Алтай аймгаас Улиастай ирэх замдаа Тайширын усан цахилгаан станцын ажил, өнөөгийн байдалтай газар дээр нь үзэж танилцлаа, мэргэжлийн хүмүүсийн тайлбар дүгнэлтийг сонслоо. Тайширын усан цахилгаан станцыг байгуулахад бүтээн байгуулалтын томоохон ажил хийгдэж, ажиллаж эхлэх бэлтгэлээ сайтар хангаж байгаа нь харагдаж байна. Усан сан дахь усны түвшин 6 дугаар сард 1690 гаруй метрт хүрсэн учир одоогоор жижиг тоноглолуудыг ажиллуулж Тайшир, Жаргалан сумыг эрчим хүчээр хангаж эхэлсэн  байна. Энэ жил төвийн нутгаар бороо хур сайтай байсны үр дүнд усан сангийн дүүргэлт зохих түвшинд буюу 1696 метрт ойртож байгаа учир станцыг ирэх 9 дүгээр сараас эхлэн бүрэн хүчин чадлыг туршилтаар ажиллуулж, үйл ажиллагаа нь цаашид хэвийн явагдах боломжтой эсэхийг судлахаар төлөвлөж байна. Хэрэв туршилт амжилттай болж, нааштай сайн үр дүн үзүүлбэл ирэх өвлийн улирлаас эхлэн станц бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

    Үүний зэрэгцээ Завхан, Говь-Алтай аймгийн нийт хэрэглэгчдийг тасралтгүй байнгын эрчим хүчээр хангах, улмаар баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээг бүрдүүлэхийн тулд Хөвсгөлийн Могойн голд дулааны цахилгаан станц байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэж, сар гаруйн өмнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт шавыг нь тавьсан. Мэргэжлийн байгууллагын хийсэн техник эдийн засгийн үндэслэлийн дагуу станцыг барьж байгуулах ажил ямарваа саадгүй байвал ирэх 2011 онд багтаан барьж дуусгахаар төлөвлөсөн байна.

    Станцыг шалгаж зүгшрүүлэх, мэргэжлийн байгууллагууд, улсын комисс шалгаж, нягтлан хүлээн авах зэрэгт тодорхой цаг хугацаа орно. Ямар боловч Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд багтаан бид эрчим хүчний найдвартай сүлжээнд бүх аймаг, сумдыг холбох зорилтыг бүрэн хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ зорилт маань үндсэндээ ирэх 2011 оны эцэст хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Ийнхүү Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаа зүгширч, улмаар Могойн голын дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар Говь-Алтай, Завхан аймгийн ард иргэдийн олон арван жилийн туршид хүлээж байгаа байнгын найдвартай эрчим хүчний эх үүсвэрт холбогдох зорилт хэрэгжих юм.

    Ерөнхий сайд болон манай Засгийн газрын гишүүд орон нутагт томилолтоор явж ажиллахдаа зөвхөн иргэдтэй уулзаж, ярилцах гэж байгаа бус тухайн аймаг, сумдын түвшинд Засгийн газрийн мөрийн хөтөлбөрийн зорилт хэрхэн хэрэгжиж байгаа явцтай танилцах, тулгамдсан шийдвэрлэвэл зохих асуудлыг хэрхэн шийдвэрлэх оновчтой арга замыг олох, зөвлөлдөхөд оршиж байгаа юм. Өмнөх Засгийн газрын үед аймгийн удирдлагаас Засгийн газарт хандаж шийдвэрлэвэл зохих, УИХ, Засгийн газрын дэмжлэг туслалцаа шаардлагатай гэж үзсэн тодорхой 5 асуудлаар хүсэлт тавьж байжээ.
    Ийнхүү тавьсан дараахь асуудлуудыг шийдвэрлэсэн буюу хэрэгжүүлэн ажиллаж байна.

    Үүнд: 
    1. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн нийт 77 км хатуу хучилттай автозамын барилгын ажил үргэлжилж байгаа. Улсын 2010 оны төсвийн төсөлд уг ажилд зориулан 8,8 тэрбум төгрөгийн хөрөнгө тусгаж, замын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна.  Баянхонгор-Алтай чиглэлийн 269 км, Баянхонгор-Улиастай чиглэлийн 470 км хатуу хучилттай автозамыг тус тус барьж байгуулах төслийг “Концессийн тухай хууль”-ийн дагуу концессын гэрээгээр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр бариулахаар Засгийн газраас саяхан шийдвэрлээд байна. Удахгүй гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажил үе шаттай хийгдэх болно.

    2. Тайширын усан цахилгаан станцыг гадаадын төслийн зээлийн болон улсын төсвийн нийт 40,0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж байгуулсан. Завхан аймгийн сумдыг Тайширын усан цахилгаан станцтай цахилгаан дамжуулах шугамаар холбох, сумдын дэд станц барихад 2008-2009 онуудад улсын төсвөөс 21,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. 

    3. Сумдын усалгаатай газар тариаланг дэмжих, мал эмнэлгийн үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2010 оны улсын төсвөөс 455,0 сая төгрөг зарцуулж байна. 

    4. Тайширын УЦС ашиглалтад бүрэн орж, эрчим хүчний хангамжийн асуудал тогтворжсон нөхцөлд дараагийн жилүүдэд Завхан аймагт хөдөө аж ахуйн түүхий эд болон зарим төрлийн ашигт малтмалыг боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэлийг барьж байгуулах төслийг улсын төсвийн болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэж эхлэх боломжтой болно.

    Ийнхүү манай үе үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж, орон нутгийнхаа удирдлагуудын ажилтай танилцсаны мөрөөр тодорхой үр дүнтэй ажлыг, хөрөнгө санхүүгийн боломждоо тулгуурлан хэрэгжүүлж байгаа, цаашид ч ийм байдлаар ажиллах болно. Энэ хүрээнд Завхан аймгийн удирдлагууд, Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ч багагүй ажил хийж байгаа. Аймгийн төвд тавих хатуу хучилттай 4 км зам, Донойн хөндийн замд шаардлагатай хөрөнгийг 2011 оны төсөвт тусгах, гэр хорооллын авто замын асуудлыг шийдэх зэргийг холбогдох яамдын сайд нарт үүрэг болгож байна.

    Гагцхүү бүх асуудлыг УИХ, Засгийн газар, гадаадын зээлийн хөрөнгөөр шийдвэрлэх бус орон нутагт, өөрсдийн санал санаачлагаар шийдвэрлэж болох олон асуудлыг санаачлан зохион байгуулж хийдэг байх учиртай. Орон нутагт асуудлаа аль болох өөрсдөө шийдвэрлэдэг болохын тулд Засгийн газраас орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг өргөжүүлэх чиглэлээр хийж  байгаа зүйл бий. Тухайлбал Монгол Улсын Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах журмын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Эдгээр хуулийн шинэ найруулга, нэмэлт өөрчлөлтийн хүрээнд орон нутгийн төсвийн эрх мэдлийг тодорхой хэмжээгээр өргөжүүлэх алхмыг хийхээр тусгасан.

    Цаашид ч аливаа асуудлыг шийдвэрлэхэд нэг талаас Улсын Их Хурал, Засгийн газар, нөгөө талаас орон нутгийн засаг захиргааны санаачлага, зохион байгуулалт, гуравт түүнийг хэрэгжүүлэх гол хүч болох ард иргэдийн идэвхтэй оролцоо хамтарч байж гэмээнэ бидний тавьсан зорилт, арга хэмжээ бүхэн хурдан шуурхай хэрэгжих боломжтой гэдгийг та бүхэн сайтар ойлгож ажиллах нь зүйтэй байна.

    Эрхэм хүндэт Завханчуудаа, Завхан нутаг сайхан нутаг, замын хүн саатам нутаг гэдэг. Үнэхээр тийм байна. Энэ сайхан нутаг, байгалиа хайрлаж хамгаалах нь та бүхний журамт үүрэг гэдгийг хэлье. Өнөөдөр байгаль орчны асуудал амин чухал болоод байна. Завханчууд хөдөлмөрч, авъяаслаг, оюунлаг, хийморлиг ард түмэн.

    Завхан нутгаас улс орны түүх, хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан хутагт хувилгаад, төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын алдартнууд, хөдөлмөрийн баатар, гавъяатнууд олноор төрөн гарсан билээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт С.Дамдинбазар, Улиастайн сайд Дилав хутагт Б.Жамсранжав, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын анхны дарга Н.Багабанди болон төр нийгмийн зүтгэлтэн Б.Элдэв-Очир, Улсын баатар, Армийн генерал Б.Дорж, Хөдөлмөрийн баатар, хоньчин Ц.Намхайнямбуу, Дорнын их яруу найрагч Б.Явуухулан, Урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Ванган, уран нугараач Б.Норовсамбуу, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нарын алдартнаар Завханчууд төдийгүй Монголын ард түмэн бахархдаг юм. Энэ сайхан бахархалт түүхээ үргэлжлүүлж, эх нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлж, элбэг хангалуун амьдарч, эх орныхоо хөгжилд их хувь нэмэр оруулахыг Та бүхнээсээ хүсье.

    Монгол Улс маань цэцэглэн хөгжих болтугай.