Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Ерөнхий сайд “Увс хүнс” компаний ажилтай танилцав

    Ерөнхий сайд “Увс хүнс” компаний ажилтай танилцавМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Увс аймагт ажиллахдаа “Увс хүнс” компаний ажилтай танилцлаа. Энэ компани нь 1942 онд ”Идэш тэжээлийн комбинат” нэртэй байгуулагдан Увс аймгийн иргэдийг сүү, архи, ундаа, гурил зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр хангаж иржээ.  Төрийн өмчид байсан 51 хувийг 1997 онд нийтийн дуудлага худалдаагаар худалдан хувьчилснаар “Увс хүнс” ХК болсон байна. 2005 онд хувьцааны хяналтын багцыг шинэ хувьцаа эзэмшигчид худалдаж авснаар компаний гүйцэтгэх удирдлага бүрэн шинэчлэгдсэн байна.

    2006 оноос бүтээгдэхүүний техник, технологи, сав баглаа боодлоо шинэчлэн, маркетингийн цогц бодлого хэрэгжүүлж өдгөө UFC групп болон өргөжиж, зах зээлд өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ баттай эзэлжээ. Тус компани архи, ундаа, талх, нарийн боов, иоджуулсан давс, жимс, чацаргана боловсруулах үйлдвэрлэл эрхлэхийн зэрэгцээ Чацарганы газар тариалангийн аж ахуй хөгжүүлэхийг зорьж байна. Энэ дагуу Улаангом хотын нутагт 100 га газрыг боловсруулан, услалтын систем барьж ОХУ-аас шилдэг, элит сортын 50 мянган чацарганы суулгац тариалжээ. Мөн хүнсний ногоо, нарийн ногооны тариалалт үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 20 тонн багтаамжтай зоорь, хүлэмжийг өөрийн хөрөнгөөр барьж босгосон байна. “Увс хүнс” компани чацарганы тос, жүүс, “Морьтой Чингис”, “Хан Хөхий”, “Хархираа” зэрэг архи, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нийт 150 орчим ажилтантай. Жилдээ улсын төсөвт 1 тэрбум төгрөгийн татвар төлж байна.

  • Ерөнхий сайд С.Батболд Увс аймагт хүрэлцэн ирлээ

    Ерөнхий сайд С.Батболд Увс аймагт хүрэлцэн ирлээМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд наймдугаар сарын 2-ны өдөр Увс аймгийн төв Улаангом хотод хүрэлцэн ирэв. Ерөнхий сайдыг БНМАУ-ын баатар Б.Гивааны нэрэмжит талбайд ирэхэд хүндэт харуул жагсч, хүндэт харуулын дарга айлтгал өргөсний дараа хөгжимд төрийн дуулал эгшиглэлээ. Ерөнхий сайд хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилсний дараа аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд очин удирдлага, ажилтнуудтай уулзав. Орон нутаг нөөц бололцоогоо дайчлан, хийж бүтээж байгаа ажил олон ч шүүмжлэлтэй хандах зүйл багагүй байгааг Ерөнхий сайд хэлсэн үгийнхээ эхэнд тэмдэглэлээ.

    Төр, засгийн бодлого, гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилт дунд шатанд, зарим аймагт муу, хэрэгжилтэндээ хяналт тавьдаггүй, хийж байгаа ажлаа сурталчилж мэдээлдэггүй гэсэн иргэдийн шүүмжлэлд онцгой анхаарахыг сануулав. Иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг судлан болох, болохгүйг нь шийдэн, цаг алдалгүй тодорхой хариу өгдөг байх, хүнд суртал, хөшүүн хойрго үйлчилгээг халж иргэдэд түргэн шуурхай үйлчилж, аливаа мэдээллийг иргэдэд нээлттэй, ойлгомжтой хүргэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хязгаарыг ойлгомжтой болгох шаардлагатай байгааг Ерөнхий сайд тэмдэглэж байлаа.

    “Хүнд суртлыг халахын тулд 1990 оноос өмнө гарсан ч одоо хүртэл үйлчилж байгаа тушаал, дүрэм, журмаа ангилж УИХ, Засгийн газарт танилцуулахыг яам, агентлагуудад үүрэг болгоод байгаа. Энэ дагуу дээрх газрууд хүчинтэй хэвээр байлгах тушаал, журам, дүрмээ 10 дугаар сард танилцуулан шийдвэрлүүлбэл үлдсэн нь автоматаар хүчингүй болох ёстой юм. Төр, засгаас төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт төсвийн тодорхой эрх мэдэл өгч хариуцлагыг нь ч давхар үүрүүлэх бодлого баримталж байна. Энэ дагуу Төсвийн тухай зэрэг хуулинд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.  Эрх, үүргийг нь шилжүүлэхдээ нэгдсэн стандартыг энэ намар гэхэд нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Үүнд ч төр, захиргааны ажилтан, албан хаагчид бэлтгэлтэй байх хэрэгтэй байгаа юм.

    Өмнө нь нэр бүхий аймаг өвөлжилтийн бэлтгэл ажлаа 100 хувь хангасан гэсэн тайлан мэдээг Засгийн газарт өгч байсан ч 10, 11 дүгээр сард төр, засгаас өвс тэжээл нэхэж байсан тохиолдол бий. Иймээс зуншлага сайхан байгаа энэ үед өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангах нь чухал. Төр, засаг ч наадмын дараа өдөр хуралдан авах арга хэмжээний талаар хэлэлцэн, орон нутагт тодорхой үүрэг, даалгавар өгсөн. Гэхдээ шаардлагатай тусламж, дэмжлэгийг зохион байгуулалттайгаар үзүүлнэ”  гэж Ерөнхий сайд хэлэв.

    Орон нутгийн удирдлага, төр, захиргааны байгууллагын ажлыг дүгнэх шалгуурыг ч өөрөөр харах цаг болсон. Цаашид аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт цаасан дээр буулгаснаар бус, бодитой байхыг шаардана. Хэдэн ажлын байрыг байгаа боломждоо тулгуурлан бий болгосон нь ажлыг дүгнэх гол шалгуурын нэг байх болно гэж Засгийн газар үзэж байгаа юм. Ажилтан, албан хаагчид Засгийн газрын бодлого, шийдвэрийг судлаж, ажлынхаа  төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, цаг үеийн тухайлбал иргэний шинэчилсэн бүртгэлд иргэдээ бүрэн хамруулах зэрэг зарим чиглэлийг Ерөнхий сайд өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Хийж бүтээе гэсэн хүсэл, эрмэлзэл орон нутагт их байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд долдугаар сарын 30-ны өдөр Увс аймаг орох замдаа малын бэлчээрт Завхан аймгийн удирдлага болон нэр бүхий есөн сумын Засаг дарга болон малчдын төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого болон цаашид хийхээр төлөвлөсөн ажил, үүнд орон нутгийн оролцоо, үүрэг ямар байх талаар харилцан ярилцсан юм.

    “Төрийн үйлчилгээ орон нутагт жигд бус, баруун бүсийн аймгуудад эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн суурь үйлчилгээний түвшин бусад аймгаас доогуур байгаа. Иймээс Засгийн газар орон нутгийн хөгжлийн индексийн судалгаа хийн цаашид хөгжлийн түвшний ялгааг үе шаттайгаар арилгахаар ажиллаж байна” гэж Ерөнхий сайд хэлэв. Төр, засгийн удирдлагууд өмнө нь хөдөө орон нутагт ажиллах үеэр ард иргэд болохгүй, бүтэхгүй бүхнээ тоочин тусламж, дэмжлэг хүсдэг байсан бол одоо өөрчлөгджээ.

    Иргэд, малчид дээрээс юм гуйхаас илүүтэй хийж бүтээе, харин төр, засаг, орон нутаг нь  удирдлага, зохион байгуулалт, нөхцөл, боломжоор хангаж өгөхийг хүсдэг болсон нь ажиглагдлаа. Зуны дэлгэр цагт баяр наадмаа тэмдэглэх сайхан ч хийж бүтээсэн ажлаасаа илүү их эрч хүч авч байгаа гэж ярих хүн  олон тааралдаж байна. Ерөнхий сайд ч үүнд олзуурхан харилцан хамтарч ажиллаж үр дүнд хүрэх боломж, нөхцөл бүрдсэн энэ цаг үеийг алдаж болохгүйг сануулж байлаа.

    “Төр, засаг уул уурхай, дэд бүтэц гээд Их бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн. Одоо мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрээ хөгжүүлэхэд анхаарна. Энэ хүрээнд  бүх аймагт мах, сүүний үйлдвэр байгуулж, нийлүүлэгч-хэрэглэгчийг шууд холбон олон шат дамжлага, ялангуяа ченжийг байхгүй болгоно. Махны, хөдөө аж ахуйн биржийг бүсчилсэн хэлбэрээр байгуулж, малчдыг нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад оруулахын төлөө байгаа. Малжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг ч шуурхайлна” хэмээн Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байлаа.

    Өнгөрсөн өвөл Завхан аймаг байгалийн гамшигт нэрвэгдэн нийт малынхаа 34 хувийг хорогдуулж 1193 өрх огт малгүй болсон аж. Гэхдээ төр, засгийн дэмжлэг, малчид, иргэдийнхээ хүчээр өвлийн хахир хатууг давж урин цагтай золгожээ.Зуншлага сайн байгаа учир энэ жил өвс, тэжээлээ  базааж, нөөц бүрдүүлэх боломж бүрэн байгаа тухай аймгийн Засаг дарга Я.Санжмятав ярилаа. Үүнээс гадна иргэд, малчдадаа есдүгээр сар гэхэд эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж зэрэг төрийн цогц үйлчилгээ үзүүлж дуусган төр, засаг, орон нутгаас явуулж байгаа бодлогыг танилцуулж, саналыг нь сонсож байгаа гэнэ. Мөн бүх суманд бүтээн байгуулалт,үйлдвэржилт, тохижилтын ажил хийж, сум бүрт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хоёр төслийг бодлогоор дэмжин хэрэгжүүлж эхэлжээ. Аймгийн боловсрол, эрүүл мэнд, нийгэм зэрэг салбарын хүртээмж  харьцангуй боломжийн. Гэхдээ сумдын төр, захиргааны барилга шаардлага хангахгүй болсон, Засаг дарга нарын машин муудсан зэрэг хүндрэл байгааг Я.Санжмятав дарга дурьдаад авсан.

    “Төрийн цогц үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдаа зэрэг бүх салбарт нэгдсэн нэг стандарт нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал бүх сумын төр, захиргааны байрыг “Канад хаус” стандартаар барьдаг байхаар төлөвлөж байна. Төр, засаг бодлогын асуудлаа ярихаас бус орон нутгийн бүх ажил руу орох боломжгүй. Цаашид орон нутагт төсвийн тодорхой эрх мэдэл өгч, үүрэг, хариуцлагыг нь ч хамт үүрүүлнэ” гэж Ерөнхий сайд энэ үеэр хэллээ. Могой голын усан цахилгаан станцыг ирэх оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Станц ашиглалтад орсноор эрчим хүчээр бүрэн хангагдан, ажлын байр бий болж, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих бүрэн боломжтой болно гэж Завханчууд их итгэл найдвар тавин хүлээж байгаа аж. Монгол Улсын  Ерөнхий сайд С.Батболдын баруун есөн аймагт хийж байгаа албан томилолт Увс аймагт үргэлжилж байна

  • Ерөнхий сайд С.Батболд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд

    Ерөнхий сайд С.Батболд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хотгойдын их жанжин Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцсоныхоо дараа Увс аймгийг зорилоо. Тэрээр 2010 оны долдугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг, Тэсийн голын гүүр орчим түр буудаллахдаа тус сумын малчидтай уулзаж ярилцав.

    Цэцэрлэг сумынхан өвлийн цас зуданд нэлээд зутарч 360 гаруй өрх огт малгүй болж хотоо харлуулжээ. Азийн хөгжлийн банк, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл,  Улсын төсвийн санхүүжилтээр малгүй болсон иргэдэд төрөөс 300 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж байгаа.Малчид энэ мөнгөөр саалийн үнээ, хурга, ишигтэй хонь, ямаа худалдан авч зуны дэлгэр  цагт хар цай уулгүй зусч байна. Хэдий зутруу өвөлжсөн ч орон нутагт зуншлага сайхан байгаа учир малчдын сэтгэл тэнийж, амин зуулгын хэдэн малаа тарга тэвээрэг авахуулан өсгөхийг хичээж, хадлан тэжээлээ ч базааж эхэлжээ.

    Цэцэрлэг сум алслагдсан, өвөл цас их унаж хүйтэрдэг, жижиг дунд үйлдвэрлэл хөгжөөгүй учир ажлын байр хомс, үүнийгээ дагаад иргэдийн амьжиргаа ч тааруухан харагдана. Могойн голын усан цахилгаан станц ашиглалтад орвол байдал өөрчлөгдөж, олон хүн ажилтай болох учир барилгын ажлыг шуурхайлахад анхаарахыг малчид Ерөнхий сайдаас аминчлан хүсч байлаа. Малчид мал, махаа өндөр үнээр зарж борлуулдаг гэж яригддаг ч үнэндээ ченжүүд үнийг хөөрөгддөг. Тэд нэг кг махыг 800 хүрэхгүй төгрөгөөр малчдаас авч  нийслэл, төв суурин газарт 7000 төгрөг хүргэн хэд дахин их ашиг олж байна. Иймээс олон шат дамжлаггүйгээр бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд хүргэдэг тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй гэж олон малчид ярьж байв.

    Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Малчдынхаа талаар Засгийн газар онцгой анхаарч ирсэн. Цаашид ч анхаарах болно. Энэ өвөл гэхэд Засгийн газрын нөөц хөрөнгийн тал хувийг малчдадаа туслах,  тусламж  хүргэхэд зарцууллаа.  “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд аймаг болгонд зээл олгож  махны үйлдвэр байгуулна. Энэ үйлдвэрийн эзэд нь малчид та бүхэн. Төр бүх зүйлд ороод байх ёсгүй, харин ажиллах эрх зүйн орчныг нь л бүрдүүлж өгөх үүрэгтэй. Малчид үйлдвэртээ малаа тушааж, үйлдвэрийн аргаар махаа бэлтгэн төв суурин газруудын хэрэгцээг ханга. Мөн махны бирж байгуулна. Ингэснээр мал, малын гаралтай бүтээгдэхүүн ченжийн гар дамжихгүй болж, үнийн хөөрөгдөл ч арилна”  хэмээн тэмдэглэн хэлж байсан.

    Малчид хоршоо, нөхөрлөл хэлбэрээр хамтарч, хүчээ нэгтгэн ажиллах сонирхолтой ч хамгийн гол нь зохион байгуулалт дутагдаж байна. Үүнийг төр засаг, орон нутаг, сум зохицуулж өгөхийг хүслээ. Энэ жил Цэцэрлэг суманд газрын гарц сайн байгаа учир хадлан, тэжээлээ сайн бэлтгэж ирэх өвлийг ажралгүй давна гэдгээ Ерөнхий сайдад тэд амлалаа. Малчидтай уулзсаны дараа Ерөнхий сайд С.Батболд Увс аймгийг зорилоо. Тэрээр тус аймгийн “Увс хүнс” компаниар орж чацарганы талбай, үрийн аж ахуйтай танилцана. Мөн Улаангом хотод шинээр тавьсан замын нээлтэд оролцон аймгийн иргэдтэй уулзах юм.

  • Төрөөс шийдвэр хүлээлгүй санаачилгатай, бүтээлч байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүллээ

    Төрөөс шийдвэр хүлээлгүй санаачилгатай, бүтээлч байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүллээ Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд хөдөө орон нутагт ажиллаж байгаа билээ. Одоогийн байдлаар тэрбээр Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймагт ажиллаад байна. Хөвсгөл аймагт ажиллаж байхдаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
    – Ерөнхий сайдаа та нийслэлээс гараад гурван аймагт ажиллалаа. Эдгээр аймгууд таны бодож байснаас  ямархуу байна вэ? Тухайлбал Архангай аймагт онцлох юу байсныг хэлнэ үү?
    – Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, хийж байгаа ажлаа ард түмэндээ очиж танилцуулъя хэмээн Улаанбаатар хотоос гарахдаа бодож байлаа. Мөн гаргасан түүхэн томоохон шийдвэрүүдээ, хэрхэн хийх арга хэлбэрүүдээ бүгдийг нь ярья гэжбодсон. Хоёрдугаарт ард түмэн эдгээр шийдвэр, алхмуудыг хэрхэн хүлээж авч байна. Ямар санал байна, бодит амьдрал дээр орон нутаг ямархуу байна. Төр, засгийн удирдлагууд ирж байгаа дээр нь хэлэх юмсан гэсэн бодол иргэдэд маань байгаа. Ийм ажлын зорилготой нийслэлээс гарсан.

    Түүнчлэн Монгол орныхоо байгаль, нутгийг үзэх далимдаа зуншлага ямархуу байгааг нүдээрээ харъя гэж бодсон.  Өнгөрсөн өвөл хахир хатуу болж малчид маань багагүй зовлон амссаныг бид бүгдээрээ мэдэж байгаа. Тэдний  сэтгэгдэл, өвөлжилтийн бэлтгэл орон нутагт ямар байгаа, зуднаас ямар сургамж авсан, орон нутгийн удирдлагууд Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврыг яаж биелүүлж байгааг газар дээр нь шалгах зорилгыг ч бас агуулсан. Мөн орон нутагт гарч байгаа санал санаачлагууд юу байна, бүтээлч ажлын хүрээнд орон нутгаа хөгжүүлье гэсэн саналыг бүхэлд нь сонсоё гэсэн юм. Бас нэг зорилго нь ард иргэдийнхээ ахуй амьдралтай танилцахын зэрэгцээ эх нутгаараа явж, монголчууд өөрсдөө эх оронтойгоо илүү танилцах ёстой. Ийм сайхан байгаль, нутгийг илүү мэдэрч бахархах бахархлыг бий болгох ёстой юм.  Хэвлэл мэдээллийн олон байгууллага  надтай хамт явж байна. Та бүхний оролцоо их шүү гэдгийг хэлмээр байна.   

    Аялал жуулчлалын маршрутыг давхар бодож, хангай, баруун бүс нутагт аялж байгаа том аяллыг өргөн бүрэлдэхүүнтэй явахын зэрэгцээ өөрийн гэргий, хүүхдүүдтэйгээ цуг  нутаг орноо үзүүлж, эх орноороо бахархах бахархлыг  үлдээе гэсэн юм.
    -Засгийн газрын зүгээс орон нутагт гарсан бүтээлч санаачлагыг дэмжинэ гэж та хэллээ. Таны орсон эхний аймгуудын хувьд  дэд бүтцийн хөгжилд   санал, санаачлагыг гаргаж байх юм уу ?
    – Би нэг зүйлд сэтгэл хангалуун байна.  Архангай, Хөвсгөлийн  иргэд маань   төр засгийн зүгээс бодлого шийдвэр гарахыг нь хүлээхээс илүүтэй өөрсдийнхөө боломж, бололцоог дайчлан аймаг, орон нутгаа хөгжүүлье гэсэн сэтгэлгээгээр амьдарч байгаа нь их сайхан санагдлаа.  Тэдэнд бодитой ажил байна.  Архангай аймгийн нутгийн зөвлөл нутаг орноо гэсэн иргэдийн сайхан сэтгэл, төр, захиргааны байгууллагатайгаа  хамтран орон нутгийн хөгжлийн форум байгуулжээ. 

    Монголчууд бидний хэлдэгчлэн  ажил үйлс нь өөдрөг байхын бэлгэдэл болсон усан оргилуурыг энэ  үеэр нээж,  олон сайхан ажил хийснийг бид сая харлаа.   Дэд бүтцийн хөгжил, үйлдвэрлэл  үйлчилгээ, жижиг дунд үйлддэрлэлийг хөгжүүлэх бодитой тодорхой төсөл, хөтөлбөр, санал санаачлагууд гаргасныг сонслоо.   Төр ба хувийн хэвшил, орон нутгийн түвшинд  Засгийн газар тэднийг хэрхэн дэмжих талаар бодитой санал боловсруулж бидэнд танилцуулахаар бэлтгэсэн  байна. Энэ бол  их зөв зүйтэй. Бидний санаачлага хоёр талаасаа явах ёстой юм.  Ер нь орон нутгаас  санал гарах ёстой гэсэн шаардлага, боломж байна гэдгийг харууллаа.

    Харин Хөвсгөлчүүдийн  маань сайхан ажиллаж байна.  Сайхан баяр, арга хэмжээг зохион байгууллаа. Үүнийхээ зэрэгцээ цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Бас  жижиг, дунд үйлдвэрлэлийг   хэрхэн урагшлуулах вэ гэдэгт их анхаарч байгаа нь ажиглагдлаа. Энэ бүгдээс харахад  тэдэнд хийх ажлын санал, санаачлага байна. Төр, засгаас бодлогын хүрээнд , тухайлбал Архангай аймгийн Тэрхийн цагаан нуурын  болон аймгийн төвийн зам , Архангайгаас Хөвсгөл явах чиглэлд аялал жуулчлалын маршрут гаргах боломжтой  нь надад харагдлаа. Зам дагаж хөгжил гэдэг шүү дээ. Зам, дэд бүтцийн хөгжлийг төр, засаг бодлогоор түлхүү  дэмжиж өгөөч гэсэн тодорхой саналыг их зөв гэж харсан.   

    Төр, засгаас орон нутагт тодорхой үүрэг  хариуцлага өгөхийн зэрэгцээ тэдэнд  төсвийг захиран зарцуулах эрх мэдлийг давхар өгөх нь зөв юм.  Өөрөөр  хэлбэл төвлөрлийг саармагжуулах, тэнцвэрт байдал, эрх үүргийг бий болговол хариуцлага ярих боломжтой болно. Тодорхой биеэ даасан санаачилгатай ажиллах боломжийг зохих ёсонд бүрдүүлж өгөөч гэсэн саналыг тавьж байгаа нь бүтээлч, нөгөө талаас ажил хэрэгч  ажил хийе гэсэн сэтгэлийг  харуулж байгаа нь надад сайхан санагдлаа.  Мөн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх гэж байгаа хуулиудтай нийцэж байгаа нь нэн таатай байна.

    Өөрөөр хэлбэл Монгол улс маань бүхэлдээ хөгжих боломж байна. Эх орны үзэсгэлэнт сайхан байгалиа зөв хэлбэрээр хадгалах эдийн засгийн боломж байна. Түүнийг хөдөлгөх хүч болсон монголчууд маань өөрсдөө, ялангуяа орон нутагт ийм өөдрөг бүтээлч хандлагатай хандаж байгаа нь их сайн.  Нутгийн иргэдийн хэлж байгаагаар  үзэсгэлэнт байгаль эрсдэлд орж байна. Туул гол бохирдсон, Хөвсгөлийн тайга 10 жилийн дараа үгүй болох нь. 

    Үүнд төр, засгийн бодлого үгүйлэгдэж байна гэдэг тэдний саналтай би нийлж байгаа.
    – Хөвсгөлийн хувьд ямар сонинтой байна вэ?
    -Хөвсгөлчүүдтэй уулзахдаа би хоёр  зүйлийг ярьсан. Сайхан эх орон, үзэсгэлэнт сайхан байгалиа хайрлаж, хамгаалах ёстой. Хайрлаж хамгаалах бодлогыг төр, засгийн зүгээс тавих ёстой. Үүнийг зохицуулдаг эрх зүйн зохицуулалт, уул уурхайг хөгжүүлэх том бодлого гарч байна. Байгалийнхаа сайхан харьцааг зөв зохистой хадгалах, нөхөн сэргээх бодлогыг ойлгомжтойгоор хэлж чаддаг эрх зүйн зохицуулалтаа тодорхой болгох ёстой.

    Шадар ван Чингүнжавын ойн арга хэмжээнд оролцлоо.

    Монголчууд бидний хувьд үнэлж баршгүй зүйл гэвэл үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол. Бид эрх чөлөө, тусгаар тогтнол, үзэсгэлэнт сайхан байгалиа   зөв зохистой, урт удаан хугацаанд мөнхөд хадгалах бодлогыг төр, засаг байнга хийх ёстой юм.  Бидний өмнөх үе ч хийж ирсэн. Бид ч хийх болно. Хойч үе ч хийнэ. Залгамж чанар, эдийн засаг, ирээдүйн хөгжилтэй уялдуулсан бодлогыг хэрэгжүүлэх асуудал тавигдаж байна. Үүнийг бид илүү хариуцлагатай бодох ёстой юм. 

    Байгаль орчноо хэрхэн хамгаалах талаар  олон асуудлыг ард иргэд хөндлөө. Хөвсгөл далайг яаж  хамгаалах, Орхон голыг бохирдуулахгүй байх, Туул голоо хэрхэн цэвэрхэн, тунгалаг байлгах гээд бүхнийг анхаараасай гэж ард иргэд санаа зовж  байна. Суурь асуудал нь ч энэ байна. Миний амьдрал, манай ах  болохгүй байна гэхээсээ өмнө  байгаль, эх орноо гэсэн сэтгэл  тэдэнд илүү байна. Төр, засгийн хувьд бодлогоо зөв явуулах зүг чиг өгч, хуваалцаж байна гэсэн сайхан сэтгэгдэл төрлөө.
    – Таныг орон нутагт ажиллаж байх энэ үеэр иргэд  эдийн засгийн хөгжил гэдгийг онцгойлон хөндөж байсан.  Энэ жил Засгийн газар 2010 оныг Бизнесийн орчны шинэтгэлийн жил болгоод байгаа.  Бичиг цаасны хүнд суртлыг арилгана, багасгана гэж ярьж байна. Энэ  ажил орон нутагт хэрхэн хэрэгжиж байна ? Та тодорхой үүрэг, даалгавар өгсөн үү?
    -Засгийн газрын зүгээс  төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа  ойлгомжтой, тодорхой, ил тод байх ёстой гэсэн шаардлагыг бүх шатанд тавьж байна. Харамсалтай нь зарим үед бидний хүссэнээр явахгүй байна.  Үйл ажиллагаа нь  ард иргэддээ хүрэхгүй, хэрэгжилт  нь удаан байгаа. Үүнд үнэлэлт, дүгнэлт хийхийн зэрэгцээ цаашид авах арга хэмжээгээ илүү тодорхой болгох ёстой юм байна. Ийм сэтгэгдэл  төрсөн.  Засгийн газраас зарласан эдийн засгийн шинэтгэлийн арга хэмжээ төдийлөн санаанд хүрэхгүй байна. Нөгөө талаас энэ арга хэмжээ төвдөө буюу  УИХ, Засгийн газарт ч эцэслэж шийдвэрлэгдээгүй  зүйл бий.  

    Стандартчиллын асуудал нь үйлдвэрлэл үйлчилгээ, эрчим хүч, хувийн хэвшил бүх үйл ажиллагаанд тавигдах ёстой. Энэ бүхнийг тодорхой болгож өгөөч ээ гэсэн хүсэлтийг төр, засгаас нэхэж байна. Иймд бид илүү хурдтай, шуурхай, амьдралд бодитоор хэрэгждэг, мэргэжлийн хяналттай, иргэний нийгмээс, иргэдээс хяналт тавих боломжийг гаргасан тогтолцоог бид бүрдүүлэх шаардлага байна. Иргэд хамгийн гол нь сэтгэл зовж, энэ бүхэн ажил хэрэг болоосой, үүнд оролцох юм сан гэсэн сэтгэл байгаа нь хамгийн  чухал санагдлаа. Энэ эрч хүч, зөв сэтгэл, хандлагыг зөв хариулах ёстой гэж бодож байна.
    – Цаг үеийн асуудлаар санал байна. Та ажилласан аймаг бүртээ өвлийн бэлтгэлээ сайтар хангаарай гэсэн үүрэг өгч байгаа. Өнгөрсөн жилийн зуднаас сургамж авч энэ жил бэлтгэлээ сайтар хангах талаар Засгийн газар ямар бодлоготой байна?
    –  Ар, Өвөрхангайгаар явлаа. Зуншлага сайхан байна. Иргэдийн сэтгэл тэнэгэр байна. Гэхдээ наадмын маргааш намар шүү дээ. Намар гэдэг өвлийн дохио, өвлийн бэлтгэл. Бид өнгөрсөн өвөл сургамж авсан. Зөвхөн төр, засгаас өгсөн улсын нөөцийг харж суух биш, аймаг, сум, баг, малчин ямар үүрэг, хариуцлага үүрэх, үүнийг идэвхжүүлэхийн тулд төр, засгаас ямар дэмжлэг үзүүлэхээ тодорхой болгоно гэж бодож байгаа. Явах замд манай зарим аймгийн баг, сумын удирдлагууд уулзсан.

    Тэд  хагас механикжсан хадлангийн салаатай болъё, хадуур зэргээ бэлдэж, зээл авч хадлан, тэжээлээ бэлдэе гэж ярьж байна . Бид үүнийг нь үе шаттайгаар шийдэж өгөх болно.  Засгийн газар наадмын дараах хурлаараа өвлийн бэлтгэлийн талаар хэлэлцсэн. Аймаг, орон нутагт өгөх үүрэг, дэмжлэгээ шийдсэн. Ирэх өвлийн бэлтгэлээ дорвитой хангаж болно гэсэн сэтгэл зүйн болон үйл ажиллагааны бэлтгэл хангагдаж байна гэж дүгнэж байгаа.  Орон нутгийн удирдлагатай хийсэн уулзалт, бэлтгэл ажилтай танилцахад  дэмжмээр зүйл ч байна. Зуны сайхан улирал гарч байгаад тайвшрах ёсгүй.

    Тйим учраас би орон нутгийн удирдлагуудад тодорхой үүрэг, чиглэл өгсөн. Үүнийхээ хэрэгжилтийг намар шалгана.
    -Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглахад байгаль орчинд сөрөг нөлөөтэй, нөлөөгүй гэсэн зүйл яригддаг. Засгийн газар ордыг ашиглах эдийн засгийн тооцоог хийсэн гэнэ. Ашиглаад эхэлбэл үр ашиг нь ямар байх бол? Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ? Хөвсгөл далайд сөрөг нөлөө үзүүлэхгүй техник, технологи орж ирэх боломж байна уу?
    -Энэ асуудлаар Засгийн газар эцэслэн байр суурь гаргаагүй, техник эдийн засгийн үндэслэлийг ч гаргаагүй байна. Бүрэнхааны орд стратегийн ач холбогдолтой. Гэвч бидэнд үнэлж болохгүй үнэт зүйл гэж бий. Түүний нэг нь энэ сайхан байгаль дэлхий. Энэ бүхэнд ямар нэг  хэмжээгээр хохирол учруулна гэсэн  техник, шинжлэх ухааны үндэслэл  гараад ирвэл бид энэ ордыг ашиглалтад оруулахгүй. Өндөр техник, технологи өндөр хөгжсөн энэ  үед техник эдийн засгийн үндэслэл нь зөв гараад байгаль орчиндоо сөргөөр нөлөөлөхгүй, эдийн засагт хэрэгтэй болохыг үгүй гэх газаргүй. Хиймэл сэтгэлгээний хандлагаар биш, эдийн засгийн, шинжлэх ухааны, технологийн талаас нь харж байж Засгийн газар шийдвэрээ  гаргана. Шийдвэр  гарсан тохиолдолд стратегийн орд төрийн мэдэлд үйл ажиллагаа нь бүрэн хяналтад байна гэдэг нь тодорхой.
    -Засгийн газрын ойрын төлөвлөгөөнд Бүрэнхааны ордыг ашиглах асуудал байгаа юу?
    -Засгийн газрын ойрын төлөвлөгөөнд байхгүй. Гэхдээ судалгаа хийнэ. Салбарын яамны хэмжээнд судалгаа хийсэн ч Засгийн газарт танилцуулагдаагүй байна.
    -Таныг дагалдан яам, агентлагийн дарга нар явж байгаа. Та орон нутагт  бодитой ямар шийдвэр  гаргав?
    – Асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ гэдэг нь өнөөдрийн эрх зүйт төрд бага. Монгол Улсын төсвийн хуулиар 2010 онд хийгдэх ажил хуулиндаа тодорхой тусгагдсан. 2011 онд ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг Засгийн газар гарцаагүй анхаарах ёстой. Шийдэх хэрэгтэй гэсэн асуудлын жагсаалтад оруулах бодол байна. Иймээс газар дээр нь шийдсэн асуудал алга. 2011 он болоод  цаашид шийдэх асуудлаа тодорхой ярьсан. Архангай аймгийн төвийн зам, Тамирын голын гүүрийн асуудал, эрчим хүчний үйлдвэрлэл, Орхон голын бохирдол зэргийн асуудлыг Засгийн газарт тавьж байна.  Бид үүнийг төсвийн хөрөнгөөр шийдэх, мөн төр,хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийднэ.

    Түүнчлэн эргэн төлөгдөх нөхцлөөр шийдэх бодол байна.  Иймэрхүү авч үзэх шаардлагатай асуудлууд олон гарч байгааг нухацтай анхаарна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг илүү хүртээмжтэй болгоход анхаарна. Байгаль орчноо хамгаалахад ч анхаарна. Бидний шийдэх ёстой асуудлын жагсаалт  уртаас урт болж байна. Энэ бүхнээс алийг нь ирэх онд шийдэх, цаашид бодлогын хувьд юуг нь шийдэх зэргийг  эргэж  очоод  шийднэ. Гэхдээ дарга явлаа, асуудал ярилаа гээд алга болох биш буцаад ард түмэндээ тухайн орон нутагт нь төрийн шийдвэрийг яаж гаргасан, болоогүй бол яагаад гэдгийг нь холбогдох бүх бүрэлдэхүүнд тодорхой хугацаанд хариулт өгөөрэй  гэсэн үүргийг өгсөн байгаа

  • Ерөнхий сайд С.Батболд Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн баяр наадам дээр хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболд Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн баяр наадам дээр хэлсэн үгЭрхэм хүндэт иргэд ээ

    2010-07-28

    Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч шадар ван Чингүнжавын мэндэлсний  300 жилийн ойн баяр наадамдаа хол ойроос хүрэлцэн ирсэн  Хотгойд түмэн Та бүхэндээ болон нийт Хөвсгөлчүүддээ Монгол Улсын Засгийн газар , ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хорооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн мэндчилье. Дэлгэр монгол орныхоо ариун дагшин хойморт дээдсээс өвөлсөн нутагтаа  эрх тааваараа аж төрөн суугаа Хөвсгөлчүүд ой угтсан олон бүтээлч ажил санаачлан , орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлж, аж ахуй,  соёлын бүтээн байгуулалт өрнүүлж, амжилт бүтээл арвин, баяр хөөр дүүрэн байгаа нь бахархалтай.

    Хөвсгөл аймаг өнгөрсөн онд улсдаа хамгийн  олон мал тоолуулж, үр тарианы арвин ургац хураан авч үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээгээ өргөтгөн улс орны хөгжилд зохих хувь нэмрээ оруулсан. Ой угтсан их ажилд орон нутгийн ард иргэд, нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллагуудаас гадна эх орныхоо өнцөг булан бүрт мөн гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа Хөвсгөл нутгийн уугуул иргэд, Хотгойд зоны үр садын оролцоо зүтгэл, үүсгэл санаачлага их байнаа. “Хотгойдын Чингүнжав сан”-гийн оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэж байна. Эвлэн нэгдвэл бүтээж босгодог, зориглон хөдөлвөл санасандаа хүрдэгийн сайхан жишээг Хөвсгөлчүүд Та бүхэн харууллаа.

    Засгийн газар, ой тэмдэглэх Үндэсний хороо, орон нутгийн санаачлагыг дэмжин, хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ, олон талын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Ийнхүү чин зоригт Чингүнжавын мэндэлсэний түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулснаар ирээдүй хойч үед эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, түүний төлөө чин шударгаар тэмцэж ирсэн түүхэн хүмүүсийн баатралаг үйл хэргийг таниулахад чухал ач холбогдолтой боллоо. Түүхэн хүний их ойг угтаж бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлсэн нь орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болжээ.

    Иймээс өнөөдрийн энэ баяр наадмын утга агуулга өргөн дэлгэр юм. Юуны өмнө газар нутаг, үндэс угсаа, түүх соёлынхоо төлөө үеийн үед тэмцэж, хамгаалж ирсэн өвөг дээдсийнхээ гавъяа дурсгалыг алдаршуулан, тэдэндээ хүндэтгэл үзүүлж буй их баяр юмаа. Энэ бол эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улсынхаа бүрэн эрхт иргэн нь болж, эрх дураараа аж төрж байгаа бахархам завшаан, тэнгэрлэг хувь заяагаа баясан тэмдэглэж буй иргэний их баяр юм. Энэ бол эцэг болсон дээд тэнгэр, эх болсон газар дэлхийгээ баясган, ястан угсаатныхаа ёс жудаг, уламжлал, заншлаа эрхэмлэх угсаа, язгуур  соёлын их баяраа. Энэ бол эв найртай, шударга ариунаар  ажиллаж, хийж бүтээснээрээ бахархах бас ирээдүйд хийх бүтээх их  эрч хүч, урам зоригийг ундраах нийгэм, хөдөлмөрийн их баяр юм.

    Эрхэм хүндэт наадамчид аа?
    Хотгойд түмний бахархал шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн баяр наадамдаа хүн бүр хүндэтгэл ёслол дүүрэн оролцож, ёс жудгаа эрхэмлэн , хүүхэд  багачууд, өвгөд өтгөсөө баясган сайхан наадаарай. Хотгойд түмний хүлэг нь хурдан, бөхчүүд нь хүчтэй, харваа нь мэргэн байх болтугай. Хөвсгөлчүүдийн хийморь өөдрөг,хийж бүтээх урам зориг нь эрчлэн, бүтээл туурвилын их амжилт гаргаж улс орныхоо хөгжилд  илүү их хувь нэмэр оруулахыг Та бүхэндээ уриалан, сайн сайхны ерөөл дэвшүүлье.

    Хотлоороо сайхан наадаарай.

  • Хөвсгөлчүүд их жанжныхаа ойг тэмдэглэж байна

    Хөвсгөлчүүд их жанжныхаа ойг тэмдэглэж байнаҮндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, Хотгойдын их жанжин Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ой, Хангайн бүсийн даншиг “Хотгойдын хурд-2, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярыг Хөвсгөлчүүд тэмдэглэж байна. Монгол Улсын Засгийн газар энэ ойд ихээхэн ач холбогдол өгч, ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үндэсний хороог Ерөнхий сайд С.Батболд ахлан ажилласан юм. Баяр наадмын нээлт 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд болж Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

    Түүхт хүний мэндэлсний ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулснаар ирээдүй хойч үед эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдүүлэх, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө чин шударгаар тэмцэж ирсэн түүхэн хүмүүсийн баатарлаг үйл хэргийг таниулахад чухал ач холбогдолтой боллоо. Хөвсгөл нутгаараа овоглосон иргэд маань төрөлх нутагтаа ихийг хийж бүтээж, улс, эх орныхоо хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байна. Эвлэн нэгдвэл бүтээж босгодог, зориглон хөдөлбөл санасандаа хүрдэгийн сайхан жишээг Хөвсгөлчүүд харууллаа. Засгийн газар ч бүх талаар туслаж дэмжиж байна гэж Ерөнхий сайд хэлэв.

    Аймгийн хөдөө аж ахуй, үйлдвэр, барилга, зам тээвэр, холбоо, эмнэлэг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар хөгжиж, иргэдийн амьдрал, соёл өдрөөс өдөрт дэвжин дээшилж өөрийн гэсэн өнгө төрхтэй болж чадсан. Олсон амжилт бүтээлд бие сэтгэл, оюун ухаан, хүч чадал, хөдөлмөрөө зориулсан ахмадууд, залуу үе, нутгийн захиргааны байгууллагын удирдлага, ажилтнуудад Ерөнхий сайд талархал илэрхийллээ. Хөвсгөл аймгийн түүхэнд тодоор тэмдэглэх ойгоо угтан хоймор нутгийн ард түмэн хөдөлмөр, бүтээлийн өндөр амжилт гаргажээ. Мал сүрэг таван төрөлдөө өсч, малын тоо толгойгоор улсдаа тэргүүлэн, сүүлийн 30 жил аваагүй ургац хурааж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн байна.

    Боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт бодит бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийснээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт ахиц гарч, хувийн хэвшлийн хэмжээ нэмэгджээ. Бөхийн өргөө-соёл спортын цогцолбор, Их жанжин Чингүнжавын хөшөө, талбай, “Хөвсгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Мөрөн сумандаа хатуу хучилттай зам тавьсан зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийж, сумаа тохижуулах, ногоон хот болгох хөдөлгөөн өрнүүлж байна.

    Хотгойдын Чингүнжавын түүхт ойг угтан Хөвсгөлчүүд олон ястны болон яруу найргийн наадам, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хийн Чингүнжавын түүхэн үзмэрийн үзэсгэлэн гаргаж, нийслэлчүүдэд соёл, урлагийн арга хэмжээгээ толилуулжээ. Өнөөдрийн энэ баяр наадам газар нутаг, үндэс угсаа, түүх соёлынхоо төлөө үеийн үед тэмцэж, хамгаалж ирсэн өвөг дээдсийнхээ гавъяа дурсгалыг алдаршуулж хүндэтгэл үзүүлж байгаа баяр. Эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол Улсынхаа бүрэн эрхт иргэн нь болж, эрх дураараа аж төрж байгаа бахархам завшаан, тэнгэрлэг хувь заяагаа баясан тэмдэглэж байгаа иргэний их баяр.

    Эцэг болсон дээд тэнгэр, эх болсон газар дэлхийгээ баясган , ястан угсаатныхаа ёс жудаг, уламжлал, заншлаа эрхэмлэх угсаа, язгуур соёлын их баяр. Эв найртай, шударга ариунаар ажиллаж, хийж бүтээснээрээ бахархах, ирээдүйд хийх бүтээх их эрч хүч, урам зоригийг ундраах нийгэм, хөдөлмөрийн их баяр гэж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэв. Хөвсгөл аймаг өнгөрсөн онд нийт 24,8 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж, 1,5 тэрбум төгрөгийг үйлдвэрлэл, үйлчилгээний 130 орчим төслийн тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, түүхий эд, ажлын байрны өргөтгөлд санхүүжилт хийж, ажлын байр бий болгон, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлсэн байна

  • Хөвсгөл аймгийн Мөрөн хотын иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж хэлсэн үг/Их бүтээн байгуулалт иргэдийн хүчин зүйлээр хэрэгжинэ/

    2010.07.25

    Эрхэм хүндэт Хөвсгөлчүүдээ,

    Та бүхнийхээ амар амгаланг эрэн мэндчилье !

    Улс эх орныхоо хойморт, уул улсныхаа цэнгэгт аж төрөн суугаа олон ястны өлгий болсон Хөвсгөл нутгийн ажилч хөдөлмөрч иргэдтэйгээ уулзаж байгаадаа миний бие баяртай байна. Та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа “Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн” мэндийг дэвшүүлье. Ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороог ахалж буйн хувьд орон нутаг дахь томилолтынхоо жолоог Хөвсгөл нутаг руу залж, та бүхнийг зорьж ирлээ. Томилолтын маань зорилго ойн арга хэмжээнд оролцох, орон нутгийн хөгжил, иргэдийнхээ амьдрал ахуйтай танилцаж, Засгийн газраас явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар та бүхэндээ мэдээлж, санал бодлоо солилцох гээд нэлээд өргөн хүрээтэй.

    Хөвсгөл нутгийн уугуул, орчин цагийн монгол төрийн нэр хүндтэй түшээ, Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баяраас хамтарсан засгийн газрын тэргүүний буухиаг миний бие хүлээн аваад 9 сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд Засгийн газар төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, С.Баярын дэвшүүлсэн 5 төгөлдөршлийн бодлого, зарчмыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ эдийн засаг, нийгмийн салбарт эргэлт, сэргэлт болохуйц томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан эхлүүлээд байна. Тухайлбал, Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг 4 сард батлуулсанаар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Одоо тэнд 2200 гаруй монголчууд ажиллаж байна. Монгол хүн баталгаат ажлын байртай болж эхэллээ. Зөвхөн Оюу толгойд 5700 гаруй ажлын байр бий болно.

    Засгийн газар саяхан Таван толгойн ордыг ашиглах бодлого, үзэл баримтлалаа УИХ-аар батлууллаа. Ингэснээр монгол хүн бүр байгалийн баялагтаа эзэн байх, хувь хишиг хүртэх, хувьцаа эзэмших, өмчтэй болох, үндэсний аж ахуйн нэгж, компаниудын оролцоо эзэмшил давамгайлах эрх зүйн үндэс бүрдсэн. Энэ бол малыг малчдад, орон сууцыг иргэдэд, газрыг хувьд өмчлүүлсэнтэй дүйцэхүйц чухал алхам.

    Олон жил ярьсан стратегийн болон эдийн засгийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд эдийн засгийн эргэлтэд орж эхэллээ. Өмнөговийн Ухаа худаг, Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний уурхай, Сэлэнгийн Төмөртэйн хүдрийн ордод манай хувийн хэвшлийнхэн олборлолтыг эхэлж түүхий эдийг экспортолж байна. 2012 оноос Тавантолгойн, 2013 оноос Оюу толгойн ордын үндсэн олборлолт эхэлнэ. Ингэснээр манай улсын экспорт, гадаад худалдаа, улмаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт эрс нэмэгдэнэ.
     
    Уул уурхайн үйлдвэрлэлийг дагаад аж үйлдвэржүүлэлт эрчимтэй хөгжих нөхцөл бүрдлээ. Нүүрсийг угаах, хийжүүлэх, боловсруулах, кокс гаргах, зэс хайлуулах, боловсруулах, газрын тос боловсруулах үйлдвэр, үрлэн төмөрлгийн үйлдвэр бусад үйлдвэрүүдийг барьж байгуулах тооцоо судалгаа, төсөл зураглал хийгдэж, зарим ажил эхэлж байна. 2011-2014 онуудад “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулснаар Монгол улс уул уурхайн баялгаа түүхийгээр нь гадагш гаргах бус, боловсруулах, улмаар эцийн бүтээгдэхүүн болгон экспортлох боломтой болно. Хэдэн мянган шинэ ажлын байр бий болно. Дотоодын нийт бүтээгдэхүүн одоогийнхоос 2-3 дахин өсч, нэг хүнд ногдох хувь хэмжээ эрс нэмэгдэж, хүмүүсийн аж амьдралд мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарна.

    Дэд бүтцийн салбарт мянганы зам, эрчим хүчний нэгдсэн сүлжээ зэрэг өмнөх үеийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхийн зэргэцээ “Төмөр зам”, “шинэ бүтээн байгуулалт”, говийн бүсийн дэд бүтцийн хөгжил гэсэн алсдаа ач холбогдолтой том төсөл хөтөлбөрүүдийг шинээр хэрэгжүүлэх шийдвэр гаргаад байна.

    Эдгээр хөтөлбөрийн хүрээнд хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэж, барилгын үйлдвэрлэлийг сэргээн, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэг, эмнэлэг сувилал, соёл амралт, спорт цогцолбор зэрэг нийгэм соёлын байгуулалтыг өргөжүүлэх замаар хүн амын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх асуудлыг цогцоор нь шийдэх зорилт тавьж байна. Төмөр зам төслийн хүрээнд ойрын 4 жилд мянга гаруй км төмөр зам барина. Энэ бүхэн маш их хөрөнгө, хүч шаардах, мянга мянган ажлын байр бий болгох өргөн цар хүрээтэй, аварга бүтээн байгуулалт. Хамтарсан засгийн газар үүнийг хийхээр зориг шулуудан, хийнэ чадна гэсэн итгэлтэйгээр ажиллаж байна.
     
    “Бидний улс эв санаагаа нэгтэн зориглон хөдөлвөөс мэдэхгүй, чадахгүй гэх явдал огт үгүй болж, цэнгэлийн манлайд хүрч болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэсэн Их жанжин Сүхбаатарын үг өнөөдөр ч Та бидний үйл хэргийн зоригжуулагч уриа болсоор байна. Их бүтээн байгуулалтыг Та бид хамтын хүчээр  хийж чадна. Сөргөлцөл талцлын улс төрд цэг тавьж, “стандарт бус” шийдэл гаргаж, эргэлзээ, шүүмжлэлийг туулж байж С.Баярын санаачлагаар байгуулагдсан хамтарсан засгийн газар л энэ бүтээн байгуулалтыг эхлүүлэх, удирдах, эрчимжүүлэх түүхэн үүрэгтэй гэдгийг бид ойлгож байгаа. Чадлын хэрээр хичээж байгаа. Засгийн газрын бодлого, зорилтыг ойлгож, үгээр, сэтгэлээр, үйлдлээрээ  дэмжиж ажиллана гэдэгт Та бүхэндээ итгэж байна.

     Уул уурхайд түшиглэсэн үндэсний аж үйлдвэржүүлэлт, төмөр зам, шинэ бүтээн байгуулалтын зорилтыг хэрэгжүүлж эхэлснээрээ манай улс хөгжлийн шинэ үе шатанд шилжиж байгаа юм. Энэ бол улс төр, нийгмийн өөрчлөлтийн 20 жилийг залгаж байгаа эдийн засгийн өсөлтийн, бодит бүтээн байгуулалтын 20 жилийн эхлэл гэдэгт эргэлзэхгүй байна. Ирээдүйдээ итгэлтэй байж, аймаг сум, орон нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлж ажиллахыг Та бүхэндээ уриалъя.

    Их бүтээн байгуулалт иргэдийн хүчин зүтгэлээр хэрэгжинэ.
    Манай орны эдийн засгийн бас нэг голлох бүтэц болох хөдөө аж ахуйн салбарт газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тарианы чанар, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүргэхээр ажиллаж байна. Энэ нь зөвхөн тухай салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх төдий биш, бүхэлдээ манай эдийн засгийн тэр дундаа хүнсний аюулгүй байдлын учир холбогдолтой том агуулгатай, том зорилт тавьж байгааг хэлье.

    “Атрын III аяны” үр дүнд өнгөрөгч онд хэрэгцээт үр тарианы 97.0 хувь, төмсний 100 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд 2010 онд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60.0 хувийг дотоодын ургацаас хангах зорилт тавин ажиллахын зэргэцээ 274,3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулаад байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлээр орон нутгийн хэрэгцээг хангах улмаар улсад нийлүүлж, энэ салбарын хөгжилд хувь нэмэрээ оруулах өргөн боломж Хөвсгөлчүүдэд бий.

    Өнгөрсөн онд Та бүхэн нийт 24.9 мянган тн улаан буудай хураан авч, га-гаас дунджаар 19 центр ургац авсан нь сүүлийн 30-аад жилд байгаагүй амжилт бөгөөд аймгийн гурилын хэрэгцээт буудайг 100 хувь хангах боломж бүрдсэн нь тэмдэглүүштэй. Энэ ололт амжилтаа улам бататгаж арвижуулахыг хүсье.
     
    Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 5 дугаар сард УИХ-аас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Өнгөрсөн өвөл, хавар байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл зуд зурхан болж, мал аж ахуйн салбар, малчдын аж амьдралд ихээхэн хүндрэл учруулсан. Энэхүү зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 8,1 сая толгойгоор хорогдож, 8700 гаруй айл өрх огт малгүй болсон. Хөвсгөл аймаг өнгөрсөн онд хамгийн олон мал тоолуулж, хатуу өвөл хаврыг харьцангуй хохирол багатай даван туулсан боловч 800 гаруй өрх айл огт малгүй болжээ.

    Зудын хор уршгийг арилгах, зутарч хохирсон малчдынхаа амьжиргааг тэтгэх зорилгоор Засгийн газар саяхан тогтоол гарган “Малчин өрхийг малжуулах журам” батлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ журмаар улсын хэмжээнд малгүй болсон нийт өрхийн 50 хувийг энэ онд малжуулах юм. Үүнд зориулан эхний ээлжинд Засгийн газар 3 тэрбум төгрөг гаргаж, аймаг бүрт хуваариласнаас Хөвсгөл аймагт 296 сая төгрөг оногдож байгаа.

    Зудын хохирлыг давахад Засгийн газрын хүчин чармайлтаас гадна аймаг орон нутаг, иргэдийн санал санаачлага малчдын бэлтгэл нэн чухал. Бид дандаа “ниргэсэн хойно нь хашгирах”-ын үлгэрээр ажиллаж болохгүй. Энэ нь эдийн засгийн их хохиролтой. Зах зээлийн зарчимд харш гэдгийг хаана хаанаа ойлгох цаг болсон. Иймээс бид угтуулан бэлдэх, цаг хожих, хохирол бага амсах зарчмаар ажиллахыг сануулж байна.

    Энэ зорилгоор МАА-н салбарын “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг саяхан Засгийн газар гаргасан. Уг тогтоолд маш тодорхой үүрэг даалгаврууд орон нутагт өгөгдсөн. Тухайлбал, аймаг сум бүрт байх өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг тогтоож өгсөн. Хөвсгөл аймаг өвс 1500тн, тэжээл 750тн, сум бүр өвс 200тн, тэжээл 120 тоннийн нөөц бүрдүүлэх хуваарьтай. Ядаж энэ даалгаврыг ёс биелүүлсэн байхыг бид шаардана. Эс биелүүлбэл аймаг сумдад эдийн засгийн, албан тушаалтанд захиргааны хариуцлага тооцох болно.

    Зах зээл бол бүхэлдээ хариуцлагын тогтолцоо. Хүнс бараа худалдан авах, ажил үйлчилгээ эрхлэх гээд алхам бүртээ хариуцлагатай хандахыг иргэн хүнээс шаарддаг. Хариуцлаггүй хандвал хордоно, хохирно, ашиг алдагдалд орно гээд хор гор нь их гэдгийг хэн хүнгүй мэдэх цаг болсон. Зуд бол байгаль цаг уурын үзэгдэл боловч хүний нийгмийн хариуцлагын нэг  л шалгуур. Байгалийн шалгалтад дахиад бүдрэхгүйн тулд бэлтгэлээ сайн хангахаас өөр замгүй. Тогтоолд зааснаар хадлангийн болон тэжээл үйлдвэрлэх техникийн заавар үйлчилгээний ажил 7 дугаар сарын 20 гэхэд дууссан байх учиртай. Газар дээрээ ямар байгааг үзэж танилцана.

    Эрдэнэт мал сүргээ өсгөж, үр шимийг хүртэж амьдрах нь монгол заяа, бурхнаас өгсөн буян хишиг билээ. Үүнийг өнөөдөр зах зээлийн ухаан, шинжлэх ухаан, шинэ технологитой хослуулж чадвал монголын эдийн засаг, монгол хүний амьжиргаанд маш тустай. Ядуурлаас гарах нэг гарц мөн. “Монгол мал” хөтөлбөрийн гол зорилго утга агуулга үүнд байгааг сануулж хэлье. Монгол хүний хөгжлийг хангах, өөрөөр хэлбэл, монгол хүнийг ажилтай, орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой болгох нь манай Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болно.

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1,5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлнэ” гэсэн зорилт биелэх хууль эрх зүйн орчинг бүрдүүллээ. Хүний хөгжил сангийн тухай хуулийг УИХ-аар батлуулан байгалийн баялгаас олсон орлогыг иргэддээ тэгш, шударгаар хүргэх ажлыг эхлүүлж эхний ээлжинд 70,000 төгрөгийг иргэддээ олгоод байна. Ирэх 8 дугаар сарын 01-нээс эхлэн сар бүр Хүний хөгжлийн сангаас иргэн бүрд 10,000 төгрөг олгож байхаар шийдвэрлэлээ. Энэ нь инфляци, үнийн хөөрөгдөл үүсгэхгүйгээр, иргэдээ тогтмол орлоготой байлгах гэсэн бодлого юм. Цаашид 2011 оны 1 дүгээр сараас сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн 21,000-аас доошгүй төгрөгт хүргэхээр зорьж байна.

    Иргэн бүрт олгох үлдсэн 1,0 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох зэрэг хэлбэрээс нь сонголт хийх саналыг иргэдээс авах ажлыг зохион байгуулсан. Ингэхэд Хөвсгөлчүүдийн 40 хувь малчны, орон сууцны болон бусад зээл, 28 орчим хувь нь тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалд, 27 хувь эрүүл мэндийн үйлчилгээнд, үлдсэн хувь нь боловсролын үйлчилгээнд зарцуулах санал гаргасан байна. Үүнийг ч Засгийн газар харгалзан үзнэ.

    Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 01-нээс 30 хувиар өсгөхийн зэрэгцээгээр төрийн албан хаагчдийг орон сууцжуулах үүднээс 4 мянган хүнийг хөнгөлөлттэй зээлд хамруулах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж эхлээд байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмж бэлэн мөнгө, хувь хишиг түгээснээр хүний хөгжил хангагдахгүй. Бид ядуурал хоцрогдлоос гарахгүй. Тиймээс бид цаашдаа хавтгайрсан халамжаас татгалзаж, хүний хөдөлмөрлөх, боловсрох, эрүүл байх нөхцлийг хангахад хөрөнгө оруулалтыг чиглүүлнэ.

    Энэ нөхцөл бүрдсэн цагт өөрөө өөрийгөө авч явах чадвартай, хөгжлийн төлөө Монгол хүн төлөвшинө. Манай залуусаас тийм түвшинд хүрч, дэлхийн түвшинд өрсөлдөж, уралдаж, уригдаж, шилэгдэж ажиллаж эхэлж байна. Энэ бол бидний бахархал, манай ирээдүй. Бид чадна гэж хэлж буйн цаана тэд байгаа юм. Цаг үе өнөөдөр тэтгүүлэгч биш бүтээгч иргэн болохыг хөгжлийн төлөө хүн байхыг Та биднээс шаардаж байна. Үүнд хүн бүр суралцах ёстой. Үүний тулд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэхэд Засгийн газар нэн анхаарч, дэс дараалсан олон арга хэмжээ авч байна. Боловсролтой иргэн Бүтээн байгуулна, монголоо хөгжүүлнэ, мандуулна.

    Хөвсгөл аймагт боловсрол соёлын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж Соёл спортын цогцолбор болон 320-640 хүүхдийн суудалтай хичээлийн байр 6, 100 хүүхдийн сурагчдын дотуур байр 2 шинээр ашиглалтад орж, боловсролын салбарын үйлчилгээний хүртээмж, нөхцөлд нааштай ахиц гарч байгаа нь сайшаалтай. Гэсэн хэдий ч хүүхдийн сургууль завсардалт, сурлагын чанар, агуулгад онцгойлон анхаарах хэрэгтэй байна.

    Эрүүл мэндийн салбарыг эрс сайжруулах нь хүний хөгжлийн нэг гол нөхцөл билээ. Танай аймагт нялхасын эндэгдэл, хүн амын өвчлөл төдийлөн буурахгүй, дундаж наслалт улсын дундаас доогуур, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо цөөнгүй байгаа нь анхаарах асуудлын нэг мөн. Энэ байдлыг харгалзан үзэж, эрүүл мэндийн үйлчилгээний нөхцлийг сайжруулах зорилгоор танай аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгад засвар хийхэд шаардагдах 300 сая төгрөгийг 2011 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасан.
     Хүний хөгжлийн нэг чухал нөхцөл, шалгуур үзүүлэлт бол хөдөлмөр эрхлэлтийг хангах явдал.

    Энэ чиглэлээр Засгийн газар багагүй арга хэмжээ авч байгаа. Хөдөлмөр эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрийг санхүүгийн хувьд дэмжих чиглэлээр 2010 онд 30.0 тэрбум төгрөг баталсан. Үүнээс аймаг бүрт 530 сая төгрөг хуваарилан, арилжааны банкуудаар дамжуулан олгосон. Оны эхний 6 сард иргэд, аж ахуйн нэгжээс нийтдээ 124,5 тэрбум төгрөгийн дүн бүхий 4,5 мянган төсөл ирснийг сонгон шалгаруулж, 67,9 тэрбум төгрөгийн 2,3 мянган төслийг харилцагч банкинд шилжүүлж, зээл олголт хийсэн тухай мэдээг холбогдох байгууллага надад гаргаж өгсөн. Орон нутагт, анхан шатанд үр дүн ямар байгаатай томилолтын явцад тодорхой танилцах болно.
     
    Хөвсгөл аймаг өнгөрсөн онд нийт 24,8 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийж, 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэл, үйлчилгээний 130 орчим төслийн тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, түүхий эд, ажлын байрны өргөтгөлд санхүүжилт хийгдэж, ажлын байр бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн гэсэн мэдээ өгсөн. Гэсэн хэдий ч ажилгүйдлийн түвшин буурахгүй байгаа төдийгүй хүн амын 39.4 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой амьдарч байгаа нь ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаар цаашид дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.

    2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан нь наана эдийн засгийн утга агуулгатай ч цаана хүний хөгжлийг хангах, иргэдийн бүтээлч санаачлага, бизнес ухаан, авхаалж самбаанд эрх чөлөө олгож байгаагаараа ач холбогдолтой юм. Өнөөдөр улс төрийн эрх чөлөөнөөс эдийн засгийн эрх чөлөөг илүү чухалчлагдсан. Их бүтээн байгуулалтын хувь заяа хүний хөгжлөөс хамаарна. Тиймээс хүний төлөө анхаарал тавих нь засгийн газрын, орон нутгийн засаг захиргааны төрийн үйлчилгээний бүх байгууллагын нэн эрхэм зорилт байх болно.

    Эрхэм хүндэт Хөвсгөлчүүдээ
     
    Далай ээж, Дэлгэр мөрөн, Дархад Шишгэдийн хотгор, Хорьдал Сарьдагийн уулс гээд дэлхийд гайхагдсан онгон байгль, ховор ан, амьтнаар баян энэ сайхан нутгаас эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, Чингүнжав, Даваадорж нарын  эрэлхэг баатрууд, автономитын болон ардын засгийн газрын Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазар тэргүүтэй төр, нийгэм, шашин, соёлын нэрд гарсан зүтгэлтнүүд, энх цагийн хөдөлмөрийн баатар, үйлдвэрлэлийн аваргууд, урлаг спортын авъяастнууд олноор төрж, улс эх орныхоо хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, түүхэнд нэрээ үлдээж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

    Гурван зууны тэртээ манай өвөг дээдэс зэвсэг агсаж, цэрэг жагсааж газар нутаг, үндэс угсааныхаа тусгаар тогтнолоо хамгаалж явсан бол өдгөө Та бүхэн их бүтээн байгуулалтыг өрнүүлж хөдөлмөр бүтээл, мэдлэг оюунаараа эдийн засгийнхаа тусгаар тогтнолыг баталгаажуулах түүхэн цаг үед ирээд байна. Энд Хөвсгөлчүүдийн хүчин зүтгэл, идэвх оролцоо урьд урьдаас илүү чухал байна. Ийм боломж Та бүхэнд байгаа.

    Хөвсгөл аймаг монгол улсын эдийн засгийн хамгийн их нөөц, бололцоотой аймгийн нэг. Хамгийн олон хүн ам, ажиллах хүчинтэй. Хамгийн олон мал сүрэгтэй. Хол ойрын зочид жуулчдыг даллан дуудсан хамгийн онгон тансаг үзэсгэлэн төгөлдөр байгальтай. Газар эхийн хэвлийдээ үнэт эрдэнэс, уурхай баялгийн асар их нөөцтэй. Хүн ард нь эрх чөлөө, ардчилалын өндөр мэдрэмжтэй,  эрх оронч үзлийн уламжлал,  эртний эрчимлэг  ундрагатай.

    Иймд манай Засгийн газар Хөвсгөлчүүдээс ихийг хүлээж байна. Бас найдаж байна. Гагцхүү  та бүхэн гар сэтгэл нийлж, ав эеэ нэгтгэж, хөдөлмөрлөж бүтээхийг эрхэм болговол аз жаргал, хангалуун амьдрал ирнэ. Хотгойдын шадар ван Чингүнжавын амь насаараа хамгаалан Та бидэнд үлдээсэн эх орныхоо тусгаар тогтнолын эдийн засгийн баталгааг улам батжуулж, Монгол эх орон, Хөвсгөл сайхан нутгаа хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

     Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтуудаа бататгаж, улам ихийг хийж бүтээхийн төлөө хамтдаа чармайн ажиллахыг хүсье.

     Та бүхэнд хамгийн сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөе.

  • Хүнсний гол нэрийн барааны үнэд төр зохицуулалт хийнэ

    Хүнсний гол нэрийн барааны үнэд төр зохицуулалт хийнэМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнсний захаар орж худалдагч, худалдан авагч нартай уулзав. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийг бодвол хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой, зарим талаар буурсан, нийлүүлэлт ч сайн байгаа тухай худалдагч нар ярилаа. Эх орондоо үйлдвэрлэсэн гурил, эх орныхоо хөрс шороонд ургуулсан хүнсний ногоогоор иргэдээ хангах нь эрүүл мэнд, эдийн засгийн талаасаа ч  аль алиных нь эрх ашигт нийцнэ гэдгийг Ерөнхий сайд сануулж байлаа.

    Мах, гурил, элсэн чихэр, хүнсний ногоо гэсэн хүнсний гол нэрийн барааны үнийн хөөрөгдөл гаргахгүй байхын тулд олон шат дамжлага, ченжийн гараар дамжуулалгүй зах, бирж ажиллуулахаар төлөвлөж байна. Мянга сонсохоор нэг үз гэдэг. Махны үнийн хөөрөгдөл их байсан хаврын цагт нийслэл хотын захуудаар явж байдалтай танилцсан. Цаашид төр татварын бодлогоор хувийн хэвшлээ дэмжиж хүнсний гол нэрийн барааны үнийг зохицуулна. Ирэх жилээс үнийг тогтвортой байлгах бодлого баримталж байгаа гэж Ерөнхий сайд хэлэв.

    Үнийн хөөрөгдлөөс сэргийлэхийн тулд хэрэглэгч-нийлүүлэгчийг шууд холбох механизм бий болгох, хангалттай хэмжээний махны нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа. Иргэдээ хүнсний гол нэрийн барааны үнийн дарамтад өртүүлэхгүйн тулд Засгийн газар бүх талын арга хэмжээ авч байгаа юм

  • Хотгойдын Шадар Ван Чингүнжавын марк гүйлгээнд гарлаа

    Хотгойдын Шадар Ван Чингүнжавын марк гүйлгээнд гарлааХотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Хотгойдын Чингүнжав” марк гүйлгээнд гарлаа. Маркийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярын тэргүүлдэг “Хотгойдын Чингүнжав” сан санаачлан бүтээлгэсэн байна. Маркны нээлтийн ёслол аймгийн музейд болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ, Засгийн газрын гишүүд, орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

    Хотгойдын Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд өндөр ач холбогдол өгч, өөрөө үндэсний хороог нь ахлан удирдлага, зохион байгуулалтаар хангасан Ерөнхий сайдад “Хотгойдын Чингүнжав” сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн С.Баяр талархлаа илэрхийлсэн байна. Маркны анхны хувийг музейд үүрд хадгалуулахаар Ерөнхий сайд С.Батболд, сангийн тэргүүн С.Баяр нар музейн хананд байрлууллаа. Энэ өдрүүдэд “Хотгойдын Чингүнжав-300 жил” сэдэвт үзэсгэлэн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гарч байна.