Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Хөвсгөлчүүд баатруудын цогцолбортой боллоо

    Хөвсгөлчүүд баатруудын цогцолбортой боллооХөвсгөл аймгаас Монгол Улсын 4 баатар төрсөн байна. Баатруудад зориулсан цогцолборын нээлт 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. 1932 онд эсэргүү нарын эсрэг баатарлагаар тэмцэн гавъяа байгуулсан Рашаант сумын иргэн эмэгтэй Цэнд, Байтаг богдод Османы дээрэмчдээс эх орныхоо хилийг хамгаалж дайсны давуу хүчтэй тулалдан, амь насаа алдсан Л.Даваадорж, Халхын голд болсон тулалдаанд дайсны давуу хүчний дайралтыг няцааж 10 гаруй хүнийг устган 2 удаа хүнд шархдаж алтан амиа алдсан Л.Гэлэгбаатар, Монголын нисэх хүчинд олон жил хүчин зүтгэсэн Д.Гунгаа нар энэ цогцолборт мөнхөрлөө.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөн өдөр соёл, спортын цогцолбор болон “Хөвсгөл” цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд оролцлоо.
    Монгол хүнээ эрүүл байлгахыг Засгийн газар анхаарч олон ажил хийж байна. Эрүүл, боловсролтой хүн л улс орноо хөгжүүлнэ. Иймээс иргэдээ спортоор хичээллүүлж, эрүүл байлгахын тулд соёл, спортын цогцолбор барих хөрөнгийн асуудлыг ч Засгийн газар анхаарч байсныг Ерөнхий сайд энэ үеэр хэлэв. Соёл, спортын цогцолбор нь 48 метр голчтой, дугуй хэлбэрийн барилга юм. Төрөл бүрийн арга хэмжээ явуулах боломжтой энэ цогцолбор нь 1000 хүний суудалтай юм байна.

    Нээлтээ хийсэн “Хөвсгөл” цэцэрлэгт хүрээлэн нь Мөрөн сумын Дэлгэрмөрөн голын  эрэгт байрладаг. 1 га орчим талбайд 23 сум, 1 тосгон өөр өөрийн онцлогийг харуулсан байгууламжийг дүрслэн бүтээх юм. Энэ цэцэлэгт хүрээлэн жилээс жилд шинэлэг бүтээл, үзмэрээр баяжих бөгөөд төрөл бүрийн мод, бут, сөөг, цэцгийн мандал тарьц суулгац, тоглоом наадгайтай болж Хөвсгөл нутгийн зон олон, хол ойрын зочин гийчид, аялагчдын үдэлж морддог, хүүхэд залуус, настнууд цагаа өнгөрөөх дуртай газрын нэг болно гэж аймгийн удирдлага ярилаа. Хөвсгөл аймгийн Мөрөн хот 9 мянга гаруй мод бут, сөөгтэй. Цаашид ногоон байгууламжаа ихэсгэхээр төлөвлөсөн байна.

  • Хотгойдын Чингүнжавын хөшөөг нээв

    Хотгойдын Чингүнжавын хөшөөг нээвМонгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, баатарлаг эх оронч Хотгойдын Засаг ноён Чингүнжавын хөшөө Хөвсгөл аймгийн Мөрөн хотод сүндэрлэн бослоо. Хөшөөг уран барималч А.Очирболдын эх загвараар хүрлээр цутгасан бөгөөд Шадар ван Чингүнжав хуяг дуулгаа өмсч, сум саадаг, сэлмээ агсан, дүүлэн харайж байгаа морио унаж, нэг гартаа Манжийн хаанд өгөх тулган шаардах бичгээ барьсан байгаагаар бүтээжээ. Хөшөөний сууринд “Чингис хааны үрийг язгуураас яллах хууль үгүй” гэсэн алдартай үгийг нь сийлсэн байна.

    Монгол Улсын Засгийн газар Хотгойдын Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэхээр шийдвэрлэн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах үндэсний хороог Ерөнхий сайд С.Батболд ахлан ажиллаж байгаа юм. Чингүнжавын хөшөөг нээх ёслол 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болж Ерөнхий сайд оролцов. Ирргэд, бизнесийн төлөөллийн санаачлагыг дэмжиж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Мөрөн хотын төв гудамж болон талбайг Чингүнжавын нэрэмжит болгон, хөшөө цогцолбор бүтээн байгуулсанд Ерөнхий сайд С.Батболд үндэсний хорооны нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

    Хотгойдын Чингүнжавын энэ хөшөө Монгол түмний харийн түрэмгийлэгчдийн эсрэг, тусгаар тогтнолынхоо төлөө хийж байсан эрэлхэг, баатарлаг тэмцлийн бэлгэдэл болон эх орон, газар шороо, тусгаар тогтнолын төлөө мөнхийн харуулд зогсох болно гэж тэрээр хэллээ. 1691 онд Ар, өвөр монголчууд Манжийн эрхшээлд орж Ойрад хэмээгдэх Зүүнгарын хаант улс  тусгаар хэвээр үлдсэн юм. 1750-иад оны эхээр Манж Чин Улс Зүүнгарын хаант улсыг эрхшээлдээ оруулахаар төлөвлөж байгааг мэдсэн Хотгойдын Чингүнжав тусгаар улс байгуулахаар Өвөрмонголын ван Сэвдэнбалжир, Ойрадын Амарсанаа нартай хамт тэцмцлээ эхлүүлсэн байна.

    Тэрээр ойрадын газар нутаг, ард иргэдээ харийн ноёрхлоос хамгаалах, улмаар монгол үндэстнийг нэгтгэх, Монголын угсаа залгамжилсан бүх ноёдын чуулган хуруулж, мөхсөн төрөө сэргээх алсын бодлоготой байжээ. Гэвч түүний сэдсэн их үйл хэрэг, тэмцэл нь хувиа бодсон зарим ноёны урвалтаас болж бүтэлгүйтэн манжийн цэрэгт баригдан хатуу хэрцгий эрүү шүүлтэд орж, амь насаа алдсан юм. Хотгойдын Чингүнжавын тэмцлийг хойно үе нь үргэлжлүүлж, 1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж 1921 оны Ардын хувьсгалаар Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхаглан зарласан түүхтэй. 

  • Өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг санууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хөвсгөл аймагт ажиллахдаа Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Төмөрбулаг сумын удирдлагуудтай уулзав.
    Засгийн газраас “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргасан. Тогтоолд заасны дагуу аймаг, орон нутгийнхан хадлангийн болон тэжээл үйлдвэрлэх техникийн засвар үйлчилгээнийхээ ажлыг 7 дугаар сарын 20 гэхэд дуусгасан байх ёстой. Хөвсгөл аймагт, ялангуяа Галт суманд өвс тэжээл хангалттай ургасан ч хураах техник хэрэгсэл хангалттай бус учир хагас механикжсан салаатай болохыг хүссэн юм. Үүнийг Ерөнхий сайд хүлээн авч  ажлын төлөө гэсэн аливаа санал, санаачлагыг дэмжинэ гэлээ. Мөн Төмөрбулаг сумын соёлын төвийг засварлах хөрөнгийн асуудлыг ирэх оны төсөвт тусгахад анхаарна гэв.

    Хөвсгөл аймаг 1500 тонн өвс, 750 тонн тэжээл, сум бүр 200 тонн өвс, 120 тонн тэжээлийн нөөц бүрдүүлэх үүрэгтэй. Үүнийг биелүүлээгүй тохиолдолд аймаг, сумын удирдлагад хариуцлага тооцно гэдгээ ч Ерөнхий сайд анхааруулав. Хөвсгөл аймаг  өнгөрсөн жил хамгийн олон мал тоолуулж өвлийг хохирол багатай даван туулсан ч 800 гаруй өрх огт малгүй болсон байна. Зудын хор хохирлыг арилгахаар Засгийн газар огт малгүй болсон өрхийн 50 хувийг энэ онд малжуулна. Үүнд эхний ээлжинд 3 тэрбум төгрөг гаргах бөгөөд Хөвсгөл аймагт 296 сая төгрөг ноогдож байна. Өнгөрсөн өвлийн байгалийн гамшиг, зуднаас сургамж авсан малчид, сумын удирдлагууд энэ жил дундын фонд байгуулж эхэлжээ. Ингэснээр цаг хүндэрсэн үед хэрэгцээт өвс, тэжээлээ худалдаж авах мөнгөтэй болох юм.

  • Монгол хүн эрүүл, боловсролтой, өрсөлдөх чадвартай байх ёстой

    өрсөлдөх чадвар, эрүүл, боловсрол, хөдөө орон нутаг, томилолт(Төр ба иргэн-хамтын зүтгэл)
    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын баруун аймагт хийж байгаа албан томилолт үргэлжилж байна. Тэрээр 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж ард иргэдтэй уулзлаа. Тэрээр Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн мэндийг Хөвсгөлчүүдэд хүргээд ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороог ахалж байгаагийн хувьд орон нутаг дахь томилолтынхоо жолоог Хөвсгөл нутагруу залж өргөн бүрэлдэхүүнтэй ирлээ гэлээ.

    Гэхдээ томилолтын зорилго нь ганц баяр наадамд оролцох бус орон нутгийн хөгжил, иргэдийнхээ амьдрал ахуйтай танилцаж, Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлж, санал бодлоо Та бүхэнтэй солилцох гэсэн юм гэв. Төрийн суурь бодлого нь хүнээ хөгжүүлж, эрүүл, боловсролтой, өрсөлдөх чадвартай, орон сууцтай, тэтгэврийн даатгалд бүрэн хамрагдсан байх ёстой. Үүнийг Хүний хөгжил сангийн тухай хуулийн хүрээнд шийднэ  гэж Ерөнхий сайд Батболд хэлсэн үгэндээ тэмдэглэв. Хөвсгөл нутгийн уугуул,орчин цагийн Монгол төрийн нэр хүндтэй түшээ Монгол Улсын 25 дахь ерөнхий сайд Санжийн Баяраас хамтарсан засгийн газрын тэргүүний буухиаг хүлээн авснаас хойшхи 9 сарын хугацаанд төрийн бодлого үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж ажиллахын зэрэгцээ эдийн засаг нийгмийн салбарт эргэлт сэргэлт болохуйц томоохон төсөл ,хөтөлбөрүүдийг санаачлан эхлүүлээд байгаагаа Ерөнхий сайд хэллээ.

    Тухайлбал Оюу толгойн  бүтээн байгуулалтын ажил эхэлснээр одоо тэнд 2200 гаруй Монголчууд ажиллаж  баталгаатай ажлын байртай болж эхэлсэн. Засгийн газар Таван толгойн ордыг ашиглах бодлого үзэл баримтлалаа УИХ-аар батлуулснаар монгол хүн бүр байгалийн байлагтаа эзэн байх,хувь хишиг хүртэх,хувьцаа эзэмших ,өмчтэй болох эрх зүйн үндэс бүрдсэн. Энэ бол малыг малчдад,орон сууцыг иргэдэд,газрыг хувьд өмчлүүлсэнтэй дүйцэхүйц чухал алхам гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцоллоо. Цаг үе тэтгүүлэгч биш бүтээгч иргэн болохыг, хөгжлийн төлөө хүн байхыг шаардаж байна. Үүнд хүн бүр суралцах ёстой. Үүний тулд боловсролын  шинэчлэлийн талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Боловсролтой иргэн бүтээн байгуулж, монголоо хөгжүүлнэ, мандуулна гэж тэрээр мөн хэллээ.

    “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулснаар баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж, хэдэн мянган ажлын байр бий болно. Дотоодын нийт бүтээгдэхүүн одоогийнхоос 2-3 дахин өсч, нэг хүнд ногдох хувь хэмжээ эрс нэмэгдэн, иргэдийн амьдралд мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарах юм.  Мянганы зам, эрчим хүчний нэгдсэн сүлжээ зэрэг өмнөх үеийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжүүлэхийн зэрэгцээ “Төмөр зам”, Шинэ бүтээн байгуулалт”, Говийн бүсийн дэд бүтцийн хөгжил” гэсэн хэтдээ ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг шинээр хэрэгжүүлэх гэж байна. Их бүтээн байгуулалтыг хамтын хүчээр хийнэ.

    Сөргөлцөл, талцлын улс  төрд цэг тавьж, ” стандарт бус” шийдэл гарган эргэлзээ, шүүмжлэл туулж байж С.Баярын санаачлагаар  байгуулагдсан хамтарсан Засгийн газар л энэ бүтээн байгуулалтыг эхлүүлэх, удирдах, эрчимжүүлэх түүхэн үүрэгтэй гэдгийг бид ойлгож байгаа.Чадлын хэрээр хичээж байгаа гэдгээ ч Ерөнхий сайд С. Батболд Хөвсгөлчүүдэд хандаж хэлсэн үгэндээ тэмдэглээд  Засгийн газрын бодлого, зорилтыг ойлгож, үгээр, сэтгэлээр, үйлдлээрээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Засгийн газар уул уурхай болон бусад салбараас орж ирэх орлогыг ард түмэндээ шударгаар хуваарилж хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага орлоготой иргэдээ дэмжих халамжийн бодлогоо үргэлжлүүлнэ.

    Иргэдээ ажлын байраар хангаж ядуурлыг бууруулахын тулд төр хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллахыг зорьж байна. Монголчууд стратегийн орд газруудад давуу эрхийн хувьцаа эзэмших бөгөөд эхний ээлжинд Тавантолгойн орд газраас иргэн бүрт 10 хувийн хувьцаа эзэмшүүлэхээр төлөвлөсөн. Энэ оны 10 сар гэхэд хувьцаа ямар үнэтэй байх, хэзээ арилжаалах зэргийг Засгийн газар ард түмэндээ мэдээлэх юм. Ерөнхий сайд хэлэхдээ “хувьцааг цэнхэр, ягаан тасалбар болголгүй үнэ цэнэтэй, өгөөжтэй байлгахын тулд 9 дүгээр сараас Хөрөнгийн биржээ олон улсын жишгээр ажиллуулж эхэлнэ.

    Эх орны хишиг, хувь олгохдоо иргэдээс санал авсан. Малчдын зээл, сургалтын төлбөр зэргийг Засгийн газар 9 дүгээр сард шийдвэрлэхээр төлөвлөж байна. Засаглалаа сайжруулж, ил тод, нээлттэй, иргэний нийгмийн оролцоотой, хяналттай байж амжилтад хүрнэ. Үйлдвэрлэл,  үйлчилгээ зэрэг бүх салбарт нэгдсэн стандарттай болгож авилга, хээл хахууль хүнд суртлыг арилгана гэв. Хүнсний гол нэрийн барааны үнэд Засгийн газар зохицуулалт хийж олон шат дамжлагагүй, ченжээр дамжуулалгүй нийслэл болон бүсэд хөдөө аж ахуйн бирж ажиллуулж үнийн хөөрөгдлийг арилгана. Гэхдээ бүхнийг төр, засгийн гар харалгүй баг, сум, аймаг, нийслэл дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллаж,  цаг үеийн тухайлбал өвөлжилтийн бэлтгэлээ хангаж, өвс тэжээлээ бэлтгэх шаардлагатай байгааг мөн анхаарууллаа.

    Хөвсгөл аймгийн хувьд зам харилцааг  сайжруулж, цахилгаан станц байгуулах ажлыг эрчимжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна гэж Ерөнхий сайд хэллээ. Аймагт боловсрол, соёлын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, Соёл, спортын цогцолбор болон 320-640 хүний суудалтай хичээлийн байр 6, 100 хүүхдийн сурагчдын хоёр дотуур байр ашиглалтад орж болосвролын салбарын үйлчилгээний хүртээмж, нөхцөлд ахиц гарч байгаа. Гэхдээ сургууль завсардалт, сурлагын чанар, агуулгад онцгойлон анхаарах хэрэгтэй байгааг сануулав. Хөвсгөлчүүд өнгөрсөн онд 24.8 мянган тонн улаан буудай хураан авч, га-гаас дунджаар 19 центнер ургац авсан нь сүүлийн 30 орчим жил гараагүй амжилт юм. Энэ амжилтаа улам бататгахыг Ерөнхий сайд хүслээ.

  • Архангай аймгийн иргэдтэй хийх уулзалт дээр хэлсэн үг

    уулзалт, хурал, архангай, томилолт2010 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Эрдэнэбулган сум  

    Эрдэнэбулган сумын эрхэм хүндэт иргэд ээ,
    Арын сайхан хангай нутгийн зон олон Та бүхний амар амгаланг айлтган мэндчилье.
    Наадам цэнгэлийн хөөр баяр намжаагүй, нар хур тэгширсэн, налгар зуны дэлгэр цагт Та бид уулзаж байна. Арын сайхан хангай нутагт зуншлага сайхан байна. Хатуу өвөл, хахир хаврыг давсан малын зоо тэнийж, хүний сэтгэл түр амсхийжээ. Гэхдээ зуны цаг зургаа биш гэдэг үг бий. Та бидний уулзаж буй идэрийн барилдлагат энэ өдөр маань зуны адаг сарын 14. Зуны улирлын сүүл сар дундаа орж байгаа нь сэрүүн намар, жиндүү өвлийн тухай санаж сэрэхийн дохио өгч буй хэрэг.  Иймд ажил хэргийн яриандаа шууд орьё.

    Орон нутагт ажиллах олон өдрийн томилолтын хөтөлбөр шахуу, зорилго олон талтай. Юуны өмнө Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, явцыг Та бүхэндээ мэдээлнэ. Иргэдийнхээ ахуй амьдралтай танилцаж, санал бодлыг сонсоно. Орон нутаг дахь Төрийн байгууллагын ажил, үйлчилгээ, цаг улирлын ажил, өвөлжилтийн бэлтгэлийн явцыг шалгаж танилцана.

    Эрхэм хүндэт Иргэд ээ!
    Миний бие  Монгол Улсын хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллаад 9 сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд манай Засгийн газар олон жил яригдаад шийдэж чадаагүй томоохон асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж улс  орныхоо хөгжлийг түргэтгэх бодит  алхам хийж, үйлдвэрлэл, бизнес хөгжих илүү тааламжтай нөхцөл бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллалаа. Энэ бүх хүчин чармайлтын үр дүнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ 4  дүгээр сарын эцсээр байгуулж, одоо ажил ид өрнөж байна.

    Таван толгойн орд газрыг ашиглах бодлого, үзэл баримтлалыг УИХ-аар батлууллаа. Ингэснээр эрх зүйн орчинг бий болгож, Монголын ард иргэд, үндэсний компаниуд давуу эрхийн хувьцаа эзэмших, Монгол Улсын иргэн бүр өөрийн гэсэн өмчтэй болох, байгалийн баялагтаа эзэн нь байх  түүхэн алхам хийлээ. Энэ нь малыг малчдад, газрыг иргэдэд өмчлүүлсэнтэй дүйцэхүйц ач холбогдолтой шийдвэр гэж үзэж байна. Стратегийн орд газруудад олборлолтыг эхлүүлснээр эдийн засаг, нийгмийн зарим нааштай хандлага гарч байна. Шинээр ажлын байр буй болов. Оны эхний 5 сарын байдлаар зөвхөн уул уурхайн салбарт ажиллагчдын тоо 1100 гаруй хүнээр нэмэгдлээ.

    Оюу толгой төсөлд одоогоор 2200 гаруй Монгол ажилчид ажиллаж байгаа бөгөөд цаашид 5700 гаруй ажлын шинэ байр бий болно. Энд гадаадын болон Монгол ажилчдын харьцаа 30:70 байна. Цаашид энэ том ажилд үндэсний компани, аж ахуйн нэгж, үндэсний мэргэжилтэй ажиллах хүчийг түлхүү оролцуулах, давуу боломж болгох бодлогыг барьж ажиллана. Орд газрын олборлолтын үйл ажиллагаатай холбоотойгоор гадаад худалдааны эргэлт оны эхний хагас жилд 50 гаруй хувиар өслөө. Орд газарт манай олон арван аж ахуйн нэгж, байгууллагууд бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлж, харилцаа холбоо, тээвэр, нийтийн хоол зэрэг олон чиглэлээр ажил үйлчилгээ хамтран гүйцэтгэснээр тэдний ашиг орлого тогтмолжиж эхэллээ.

    Одоогийн хурдаар ажил хэрэг цааш өрнөвөл 2012 оноос Таван толгойн орд газрын, 2013 оны дунд үеэс Оюу толгойн орд газрын үндсэн олборлолт эхэлж, түүхий эдээ экспортод гаргаж эхлэх болно. Оюу толгой, Таван толгой ордоос гадна манай хувийн хэвшлийнхэн гадаад дотоодын зах зээлээс хөрөнгө мөнгө босгож, Өмнөговийн Ухаа худаг, Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний орд, Сэлэнгийн Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрын олборлолтыг эхлүүлж, дэд бүтэц, дагалдах бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт анх удаа Монголчууд өөрсдийн мэргэжилтэн, ажилчдын хүчээр дулааны цахилгаан станц барьж байгуулж байна. Ийнхүү уул уурхайг түшиглэсэн томоохон бүтээн байгуулалтууд эх орны өнцөг булан бүрт өрнөж эхэллээ.

    Төрийн бодлого бол ашигт малтмалыг түүхийгээр нь экспортод гаргах бус, эхний ээлжинд угаах, цаашид боловсруулах, улмаар нэмүү өртөг шингэсэн, үнэ цэнэд хүрэх эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлоход чиглэж байгаа. Иймд Засгийн газар нүүрсийг боловсруулан кокс гаргах үйлдвэр, хийжүүлэх үйлдвэр, зэс хайлуулах, газрын тос боловсруулах үйлдвэр, төмрийн үйлдвэрүүдийг бий болгох, улмаар аж үйлдвэрийн цогцолбор байгуулах хөтөлбөр төслийг боловсруулж байгаа төдийгүй зарим үйлдвэрийн ажлын эхлэл суурь тавигдаж, ажил өрнөж байна.

    Засгийн газар саяхан УИХ-аар “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлууллаа. Ингэснээр ирэх 4 жилд 1000 гаруй км төмөр зам тавихаар төлөвлөж байна. Энэ бол аварга том бүтээн байгуулалт, ажлын байрны шинэ их нөөц юм. Мөн 2011-2016 онд хэрэгжүүлэх “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарыг бүхэлд нь сэргээх, нийслэл хот болон хүн ам төвлөрсөн хот суурин, аймгийн болон бүсийн төвийн инженерийн шугам сүлжээ, дулааны цахилгаан, зам тээврийн дэд бүтэц, хот суурины тохижилт, ногоон байгууламж, орон сууц, барилгажилтыг цогцоор шийдэх их ажлыг эхлүүлж байна. Ингэснээр олон мянган хүн ажлын байраар, олон айл өрх орон сууцаар хангагдаж, ирээдүйн тав тухтай амьдрал, эрүүл аюулгүй орчин нөхцөл бүрдэнэ.

    Ийнхүү уул уурхайд суурилсан үндэсний аж үйлдвэржүүлэлт, шинэ бүтээн байгуулалтын их аяны галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Энэ бол эдийн засгийн хөгжлийн галт тэрэг. Эдүгээ улс орон маань улс төр, нийгмийн шилжилтийн 20 жилээс эдийн засгийн хөгжлийн дараагийн 20 жилийн буухиаг эхлүүлж байна. Хөгжлийн галт тэрэгний хурд хүчийг сааруулахгүй, их бүтээн байгуулалтын зорилтуудыг бодит ажил хэрэг болгохын тулд Засгийн газар олон чухал арга хэмжээг авч, тодорхой шийдэл, бодитой шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгох, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх, бүртгэл мэдээллийн шинэ тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн орчны болон боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, бүхэлдээ эдийн засгийг ардчилах, илүү нээлттэй, чөлөөтэй болгох шийдмэг алхмуудыг ээлж дараатай хийж ирлээ. Цаашид эрчимжүүлнэ.

    Эдийн засгийн форум, хөрөнгө оруулагчдын чуулга, Засгийн газар ба гадаад түншүүдийн хамтарсан уулзалт, уул уурхай, барилгын болон бусад олон салбаруудын зөвлөгөөн, гадаадад байгаа Монголчуудын анхдугаар чуулга, гадаад улс, олон улсын байгууллагатай хоёр талын болон олон талын уулзалт хэлэлцээ зэрэг олон арга хэмжээг Засгийн газар өнгөрсөн хугацаанд зохион байгууллаа. Энэ бүхний эцсийн зорилго нэг юм. Энэ бол эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх, төлөвлөсөн том зорилтуудыг хэрхэн ажил хэрэг болгох, түүний үр дүнг аль болох ард иргэддээ түргэн хүргэх, хүртээх тухай асуудал юм.

    Манай хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эцсийн зорилго Монгол хүний хөгжил. Монгол хүн бүр ажилтай, орлоготой, эрүүл саруул, эрдэм боловсролтой, бүтээлч чадвартай байх нь бид бүхний нийтлэг хүсэл эрмэлзэл билээ. Засгийн газар юуны өмнө нийгмийн баялгаас иргэн бүрт хувь хишиг хүртээх, хувь хүний болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Эхний ээлжинд иргэн бүрт 70,000 төгрөг олгоод байгаа. “Хүний хөгжил” сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, 2010 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн сар бүр иргэн бүрт 10,000 төгрөг олгож байх, цаашид 2011 оны 01 дүгээр сараас сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн 21,000 төгрөгөөс доошгүй болгохоор зорьж байна.

    Иргэн бүрт олгох 1,0 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох зэрэг хэлбэрээс нь сонголт хийх саналыг иргэдээс авах ажлыг зохион байгуулсан. Тухайлбал, Архангайчуудын 23,5 хувь нь тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 32,5 хувь нь орон сууцны болон малчны зээл, бусад зээлийн төлбөрт, үлдсэн хэсэг нь эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөрт зарцуулах саналаа ирүүлсэн байна. Засгийн газар энэ асуудлын талаар иргэд Та бүхний саналыг харгалзан үзэх болно.

    Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар өсгөхийн зэрэгцээгээр төрийн албан хаагчдийг орон сууцжуулах үүднээс 4 мянган хүнийг хөнгөлттэй зээлд хамруулах шийдвэрийг гаргаад, өгч эхлээд байна. Ийнхүү улс орны хэмжээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ойрын ирээдүйн бодлого зорилтыг багцлан тоймлон хэлэхэд ийм байна. Хамгийн гол нь энэ бүхэн орон нутаг бүрт, салбар бүрт, анхан шатны нэгж бүрт бодит ажил хэрэг болж өрнөх учиртай. Тэгж эс чадвал бидний яриа хоосон үг болж хувирна. Энэ удаагийн томилолтын нэг зорилго бол орон нутагт бүтээн байгуулалтын ямар ажил өрнөж байгаа, төр засгийн бодлого, ажил үйлчилгээ иргэдэд хүрч байгаа эсэх, иргэдийн маань эрмэлзэл зүтгэл ямар байгаатай танилцаж, чиглэл, зөвлөгөө өгөхөд оршиж байгаа юм.

    Эрхэм хүндэт иргэд ээ,
    Арын сайхан хангай нутаг байгалийн үзэсгэлэн цогцолсон газрууд, түүх соёлын арвин баялаг дурсгал, улс орондоо төдийгүй тив дэлхийд нэр алдраа дуурсгасан гавъяатнуудаараа алдартай. Ийнхүү байгаль эхээс заяасан өргөн боломж, оюуны өндөр чадамждаа түшиглэн  Архангайчууд аймаг орноо хөгжүүлэх цогц бодлогыг боловсруулан, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. “Архангайн хөгжил өнөө ирээдүй” сэдэвт орон нутгийн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын форумыг санаачлан зохион байгуулсан нь сайшаалтай.

    Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 2009 оны байдлаар  94.7 тэрбум төгрөг байгаагийн  74.5 хувийг хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэсэн бол 1.0 хувийг аж үйлдвэрийн салбарт үйлдвэрлэжээ. Эдийн засгийн энэ бүтцээс харахад хөгжлийн форум хэлэлцүүлгээс дэвшүүлэн тавьсан аймгийнхаа эдийн засгийн салбарын бүтцийг боловсронгуй болгох, шинээр ажлын байр бий болгох зорилт нь нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын  эн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ зайлшгүй мөн юм.

    Аймгийн хэмжээнд 5000 гаруй ажилгүй иргэд байгаагийн 2000-аад нь ажил идэвхтэй хайж байгаа юм байна. Оны эхний хагас жилийн байдлаар 577 байнгын ажлын байр бий болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.2 дахин өссөн ч ажилгүйдлийн түвшин дорвитой буурахгүй байгаа төдийгүй хүн амын 32.2 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой амьдарч байгаа гэсэн мэдээ байна. Ажилгүйдлийг бууруулах гол арга зам бол орон нутгийн онцлогт тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх  явдал мөн.

    Танай аймагт бизнес, ажил үйлчилгээ эрхлэх өргөн боломж бий. Тухайлбал,  байгаль цаг агаар, газар тариалангийн харьцангуй боломжтой аймгийн хувьд хэрэгцээт хүнсний ногооныхоо тал хувийг гаднын зах зээлээс авч байгааг зогсоож,  тариалалтаа нэмэгдүүлж хүнсний ногооныхоо хэрэгцээг өөрсдөө бүрэн хангадаг болоход л олон хүн ажлын байртай, орлоготой байна. Мөн малын гаралтай түүхий эд болон ашигт малтмал, байгалийн баялгаа боловсруулах үйлдвэрлэлийг бий болгох, аялал жуулчлал хөгжүүлэх   замаар  иргэдийг орлоготой болгох боломж бий. Иргэд өөрсдөө бизнесийн ухаанд суралцах шаардлага байна. Бизнес ухаан гэдэг бол ердөө л амьдрах ухаан, гүйлгээ ухаан юм. Тамирын гол, Тайхар чулуу гээд гардаг “Тунгалаг тамир” романы Итгэлтийн дүр бол үүний тод жишээ.

    Гэхдээ өнөө үед дан ганц гүйлгээ хар ухаан хол явахгүй. Түүнийг мэдлэг, мэргэжил, зах зээлийн тооцоо, судалгаатай хослох хэрэгтэй. Бизнес бол амьдралаас, хүний хэрэгцээнээс гарч ирдэг үйл. Амьдрал баян, хүний хэрэгцээ их учраас бизнесийн хязгааргүй олон боломж байдаг. Эндээс л хүн өөрийн чадал чинээндээ тохирсон нэгийг л сонгож олж авч чадвал амьдралын баталгаагаа оллоо гэсэн үг. Гэхдээ бизнесийн зорилго бусдаас авах, хожоо хайхад биш, бусдад үйлчлэх, хүний хэрэгцээг хангахад оршдог гэдгийг мартаж болохгүй. Хэн бусдын хэргэцээг хангасан чанартай, өгөөжтэй ажил, үйлчилгээ эрхэлж байна, тэр хүн ашигтай, орлоготой байх нь гарцаагүй. Энэ бол зах зээлийн, бас бизнесийн алтан дүрэм. Үүнийг хүн бүр, ялангуяа хүүхэд залуучууд ухаарвал зохино. Бас нэг зүйл бол бизнес, хууль дүрмийн хүрээнд байх ёстой.  Харин орон нутгийн засаг захиргаа, иргэдийн зөв, шударга бизнес эрхлэх орчныг бүх талаар бүрдүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй.

    Засгийн газраас орон нутагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор сүүлийн 2 жилд 60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг олгосон. Энэ онд аймаг бүрт 530 сая төгрөгийн эх үүсвэрийг хуваарилсан. Энэ бол иргэдийнхээ бизнес эрхлэхэд үзүүлж буй нэгэн дэмжлэг юм. 
    Үйлдвэрлэл, бизнес эрхлэх, эдийн засгаа сайжруулах аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхдээ байгаль орчныг хамгаалах асуудлыг байнга анхаарч, энэ чиглэлээр гарч байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх талаар бүх шатанд анхаарч байх учиртай. Мал аж ахуй дээр суурилсан эдийн засгийн бүтэцтэй аймгийн хувьд мал сүргийг эрсдлээс хамгаалах, өвөлжилтийн бэлтгэлээ бие даан хангадаг, малаа даатгуулдаг, үржил селекцийн бодлого хэрэгжүүлдэг болгох талаар аймаг, сумдын удирдлагууд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна.

    Иймд мал сүргээ өсгөх, ашиг шим, бүтээгдэхүүнийг бүрэн гүйцэт ашиглах, мал сүргийн үржил, селекцийн ажлыг сайжруулах, сүргийн бүтэц, таваарлаг байдалд анхаарч, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх малын тарилга, туулгыг цаг хугацаанд нь хийх, цаг агаарын тааламжгүй ямарч бэрхшээлийг даван туулж чадах малтай болох,  шаардагдах хадлан, тэжээл, худаг ус, хашаа хороо зэрэг материаллаг нөхцлийг бүрдүүлж, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Малгүй буюу цөөн малтай малчдыг малжуулах, нөхөрлөл, хоршоо, түрээс зэрэг хамтын хүчийг  өрнүүлэн малчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж саяхан УИХ-аас батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллавал зохино.

    Арын сайхан хангай нутгийн ард иргэд ухаалаг,  ажилч хичээнгүй, юуг ч хийж, ямар ч бэрхшээлийг даван туулах чадвартай, туршлагатай. Гагцхүү тэдний санаа бодлыг сонсож, санал санаачлагад тулгуурлаж, тусалж дэмжиж ажиллах нь чухал юм. Танай аймгийн удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу Эрдэнэбулган хотын төвд улсын чанартай 2 км хатуу хучилттай зам тавих, Булган сумын нутаг дахь Сангийн толгойд төмөр бетон гүүр барих асуудлуудад Засгийн газар онцгой анхаарч санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт үе шаттайгаар тусган шийдвэрлэх бодлого боловсруулан ажиллах болно.

    Эрхэм хүндэт Архангайчууд аа,
    Арын сайхан хангай нутгийнхан Ардын зураач Н.Чүлтэм, Л.Чуваамэд, Ардын эмч Э.Лувсандагва, Ч.Цэрэннадмид, Ардын багш Д.Чойжилсүрэн, Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Д.Ичинхорлоо, Ц.Намсрайжав, Д.Самбуу, Д.Чимэд-Осор болон Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга зэрэг төр, нийгмийн томоохон нэрт зүтгэлтнүүдийг төрүүлсэн оюуны өндөр чадавхитай, бүтээлч, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд жинтэй хувь нэмрээ оруулсан ард түмэн билээ.

    Ахмад үеийнхээ бүтээлч үйл хэргийг өртөөлөн нэр төртэй үргэлжлүүлж яваа Та бүхнийг Засгийн газрын бодлого зорилтыг дэмжиж, их бүтээн байгуулалтын буухиаг орон нутагтаа өртөөлүүлэн, Монгол эх орон,сайхан хангай нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн жилүүдийнхээ ололт амжилтуудаа бататгаж, ихийг хийж бүтээхийн төлөө хамтдаа чармайн ажиллахыг хүсье.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • С.Батболд: Бизнесийн эрхлэх орчныг бүх талаар бүрдүүлье

    архангай, эрдэнэбулган, томилолт, хөдөө, орон нутагМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдтэй уулзлаа. Үндэсний аюулгүй байдал, үзэл баримтлалын зорилгын салшгүй хэсэг нь монгол хүн, гэр бүл, үндэсний аж ахуйн нэгжээ бүх талаар дэмжиж туслахад оршино гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв. Төр иргэнээ эрүүл байлгахын тулд эрүүл мэндийг нь хамгаалж, эрүүл иргэнээ боловсролтой  болгох ёстой. Эрүүл, боловсролтой иргэнээ ажлын байраар хангаж, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин зэрэг бүх хүнийг тэтгэвэртэй болгоно.

    Үүний тулд уул уурхайн, хөдөө аж ахуй зэрэг салбараас олох орлогыг “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлж иргэддээ ил тод, шударгаар хуваарилна. Ажлын байр бий болгох, Их бүтээн байгуулалт, бизнес эрхлэх орчныг “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийн хүрээнд бүх талаар бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд хэлэв. Гэхдээ иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургах бус, хөгжилтэй орон болгохын тулд төр, засаг нь ойлгомжтой, шударга, иргэний нийгмийн оролцоотой, хяналттай байх ёстой гэж тэрээр үзэж байна.

    Бүтээлч ард түмэн-хөгжилтэй улс болохын тулд хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ, төр нийгмийн харилцаа зэрэг бүх салбарт Европын стандартыг нэвтрүүлнэ гэж Ерөнхий сайд С.Батболд ажлаа хүлээж авсныхаа дараа мэдэгдсэн. Энэ байр сууриндаа хэвээр байгаа, ажил хийгдээд эхэлсэн, үр дүнд хүргэнэ гэдгээ Засгийг газрын тэргүүн  Архангайчуудад хэллээ. Засгийн газар орон нутгийн хөгжлийн индексийг гаргаж, байгалиас хараат бус, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалахын тулд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг хувийн хэвшилтэйгээ хамтран зохицуулах, орон нутагт эрх мэдэл, хариуцлагыг нь давхар хүлээлгэх зэрэг бодлого баримталж байна.

    Хамтарсан Засгийн газар улс орны хөгжил, ард иргэдийн эрх ашгийн төлөө олон ажил амжуулж байгаа ч хийж, бүтээснээ сурталчилж иргэддээ хүргэхэд анхаарахгүй байгааг олон хүн сануулсныг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрлөө. Хүнээ хөгжүүлж байж улс орноо хөгжүүлнэ. Хөгжил, дэвшлийн төлөө гэсэн аливаа бүтээлч санал, санаачлагыг Засгийн газар бүх талаар дэмжинэ гэж Ерөнхий сайд С.Батболд уулзалтын төгсгөлд онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын баруун 9 аймагт хийх албан томилолт үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд архангай аймагт ажиллав

    Ерөнхий сайд архангай аймагт ажиллавМонгол Улсын Ерөнхий С.Батболд 2010 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ажиллав. Тэрээр аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг болон шинээр байгуулагдсан эмнэлгүүдээр орж ажил байдалтай нь танилцлаа. С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлэг энэ жил 700 сая төгрөгийн их засвар хийсэн. 230 ортой, 18 сум Цэцэрлэг хотын иргэдэд үйлчилдэг. Амьсгалын болон зүрхний цахилгаан аппарат, ажиллах боловсон хүчин сайтай.

    Гэхдээ аймгийн хэмжээнд эрхтэн системийн өвчлөл нэмэгдэж, энэ хэмжээгээр төрж байгаа эх болон нярайн эндэгдэл нэмэгдэх хандлагатай байна. Мөн нярайн болон эх барих эмч дутагдалтай байгаа тухай эмнэлгийн дарга Ерөнхий сайдад танилцууллаа. Энэ асуудалд анхаарлаа хандуулж ойрын үед тодорхой арга хэмжээ авч эргэж танилцуулахыг  Ерөнхий сайд  С.Батболд Эрүүл мэндийн сайд Ламбаад үүрэг болголоо. Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболд аймгийн Онцгой байдлын хэлтсийн ажил байдалтай танилцлаа.

    2009-2010 оны өвлийн улиралд болсон байгалийн гамшиг, зудын улмаас Архангай аймагт 1085,8 мянган толгой мал хорогдож, 1460 өрх огт малгүй болж, 3993 өрх малынхаа 50-иас дээш хувийг хорогдуулсан юм. Гамшгийн үед аймгийн Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд ачааны хүндийг үүрч, үүргээ сайн биелүүлсэн гэж аймгийн Засаг дарга хэллээ. Автомашин хуучирч муудсанаас гамшиг, зудын үед малчдад өвс, тэжээл хүргэх,  эрүүл мэндийн тусламж, төрийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирч байсан учир Онцгой байдлынхан туулах чадвар сайтай автомашинаар паркаа шинэчлээд байна.

    Засгийн газар өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарч холбогдох яам, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг, даалгавар өгсөн. Ирэх өвөл цас ихтэй, цаг хүндрэх төлөвтэй байгаа учир өрх айл, сум, аймаг, улс гэсэн 4 түвшинд өвс, тэжээлээ бэлтгэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд анхаарууллаа. Архангай аймаг 8 дугаар сарын 15-наас хадлангаа авч эхлэхээр төлөвлөсөн байна

  • Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн төлөөлөгчидтэй уулзав

    Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж хэлсэн үг

    2010 оны 07 дугаар сарын 23-ны өдөр

    Хархорин хот

    Эрхэм хүндэт Хархоринчууд аа! иргэд ээ!

    Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний гал голомт нутагт аж төрөн суугаа  иргэд Та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье. Энэ удаагийн хөдөө орон нутгийн томилолтоо  би Монгол эх орныхоо “хүйс” нь болсон төвийн бүсийн тулгуур төв Хархорин хотоос эхэлж байна. “Халхын буян хишиг”-ийн өдөр Хархоринчуудтайгаа уулзаж байгаа нь бүр  ч бэлгэшээлтэй юм. Өнөөдөр бол “Монголчуудын буяныг тогтоон арвижуулах сайн үртэй, идэрийн барилдлагатай өдөр” хэмээн цаг улирлын бичигт тэмдэглэжээ. Бэлгэ ерөөлт энэ өдөр Автай сайн Хааны үүсгэн байгуулсан Монголын бурхан шашны түүхт хийд Бат-Эрдэнэ зуудаа нийт ард иргэдийнхээ сүлд хийморийг даатган мандал өргөлөө.

    Ард иргэдийн амьдрал ахуйтай танилцаж, нутаг орондоо хийж бүтээж байгаа ажил үйлсийг нь нүдээр үзэж, хөгжил дэвшлийн хэтийн зорилт, чиглэлийн талаар санал, бодлоо хуваалцах их аяны эхний уулзалтын эзэд Та бүхэн боллоо. Нөхцөл байдлаа бодитоор дүгнэж, илэн далангүй ярилцацгаая. Миний бие  хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдоод 9 сарын нүүр үзэж байна. Улс орныхоо эдийн засаг, нийгмийн байдалд дүн шинжилгээ хийж, ард олныхоо аж амьдралыг судлан, Засгийн газрын үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилттой ажиллалаа.

    Энэ хугацаанд хамтарсан Засгийн газар олон жил яригдаад шийдэж чадаагүй байсан томоохон асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж улс  орныхоо хөгжлийг түргэтгэх талаар анхны алхамаа хийж, үйлдвэрлэл, бизнес хөгжих илүү тааламжтай нөхцөл бүрдүүлж эхэллээ гэж хэлэх байна. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан Таван толгойн орд газрыг ашиглах эрх зүйн орчны үндсийг тавилаа. Ингэснээр Монголын ард иргэд, үндэсний компаниуд давуу эрхийн хувьцаа эзэмших боломж нээгдэж, Монгол Улсын иргэн бүр өөрийн гэсэн өмчтэй болох,байгалийн баялагтаа эзэн нь байх  түүхэн шийдвэрийг хамтдаа гаргаж чадлаа.

    Уул уурхайн салбарын үр шимийг хүртэхийн тулд зөвхөн орд газруудыг ашиглалтанд оруулснаар хязгаарлагдахгүй, олборлосон ашигт малтмалыг тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэх, ашигт малтмалыг эцэслэн боловсруулах, олон улсын зах зээлд үнэ хүргэн арилжаалах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх гээд олон олон ажлууд ар араасаа ундарч байна. Энэ бүхнийг Засгийн газар ээлж дараатай, тодорхой үндэслэл судалгаатайгаар, нэгдсэн бодлого, нэгдмэл удирдлагаар хангахын төлөө шаргуу ажиллаж байна. Энэ арга хэмжээний нэг болох Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын төслийг Засгийн газраас боловсруулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа. Энэ бодлого хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд 2011-2014 онуудад нийтдээ мянга гаруй км Төмөр замыг Таван толгой-Сайншанд-Баруун Урт-Чойбалсангийн чиглэлд барих болно. Энэ бол аварга том бүтээн байгуулалт, ажлын шинэ байрны төсөл.

    Зам дагаж хөгжил гэдэг. Төмөр замын төсөлтэй уялдаад “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” байгуулах төсөл боловсруулагдаад дуусч байна. Өнгөрсөн 5 сард Засгийн газар хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд, уг төслийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ цогцолборт нүүрсийг боловсруулан кокс гаргах үйлдвэр, үрлэн төмрийн үйлдвэр, нүүрс хийжүүлэх үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр болон бусад үйлдвэрийн газруудыг барьж байгуулахаар төлөвлөж байна. Цогцолборын эхний ээлжийг 2011-2014 онд барьж байгуулах юм.

    Ингэснээр 2015 оноос Монгол Улс уул уурхайн түүхий эдийг экспортлогч бус, түүхий эдийн тодорхой хэсгийг боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн экспортолдог улс орон болох боломжтой. Хамгийн гол нь “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ыг бүрэн байгуулснаар 2010-2021 онд нийтдээ 70,0-80,0 орчим ажлын байр шинээр бий болгоно гэж гэж үзэж байгаа юм. Ийнхүү Уул уурхайд түшиглэсэн Үндэсний Их Бүтээн байгуулалтын үе эхэлснийг Засгийн газрын тэргүүн би зоригтойгоор хэлж чадах байна. Энэ бүх том төслүүдийн зорилго нь Монгол Улсын эрх ашиг, эдийн засгийн бат суурь, Монгол хүний аж амьдралын баталгаа, хөгжлийн үндсийг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

    Засгийн газар ийнхүү алсыг харж, ард түмнийхээ амьдралын чанар, ахуй нөхцлийг сайжруулах зорилтыг аж үйлдвэржүүлэлтийн бодлоготой уялдуулж, хамтад нь шийдвэрлэхийг зорьж байна. Үүний тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, 2010 оныг “Бизнесийн орчны, шинэтгэлийн жил” болгох зэргээр асуудлыг аль болох цогцоор шийдвэрлэхийн төлөө ажиллаж буй. Энэ удаагийн томилолтын нэг зорилго нь Засгийн газар ойрын болон хэтийн бодлого зорилт, хөтөлбөр төслөө орон нутгийн ард иргэддээ танилцуулж, Та бүхнийг Их бүтээн байгуулалтад бие сэтгэлээрээ бэлэн байж, гар бие оролцохыг уриалахад оршиж байгааг хэлье.

    Уул уурхай, аж үйлдвэржүүлэлтийн том зорилтын зэрэгцээ Хөдөө аж ахйн салбарт газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэх замаар дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээгээ бүрэн хангах, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхийг зорьж байгаа. Хүн амынхаа хүнсний хэрэгцээ, аюулгүй байдлыг хангах үүднээс “Атрын 3 аян”-ыг цаашид эрчимжүүлж, 2010 онд Улсын хэрэгцээт буудай, төмсийг 100%, хүнсний ногооны 60%-ийг дотоодын ургацаас хангах зорилт  тавин ажиллаж байна. Энд Хархоринчуудын хувь оролцоо нэн чухал гэдгийг онцлон хэлье.

    Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий  “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг саяхан Улсын Их Хурлаас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Өнгөрсөн өвөл, хавар манай орны мал аж ахуйд учирсан гарз хохирол, гамшгийн хор уршгийг арилгах, амин зуулга болох мал сүргээ алдсан малчдын санаа сэтгэл, ахуй амьдралыг харж үзэж, бололцоотой бүх арга хэмжээг авах нь Засгийн газрын нэн ойрын зорилтын нэг байсаар байх болно. Хорогдсон мал сүрэг жил жилээр өсөж үржинэ. Хамгийн гол нь хүний амь, амьдралын баталгааг хангах нь нэн тулгамдсан асуудал гэдгийг бид ойлгож байгаа.

    “Монгол хүний хөгжлийг хангах нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болно” гэдгийг би энэ ажлыг хүлээж авах үедээ онцлон хэлсэн. Энэ байр суурь одоо ч, цаашид ч хэвээр байх болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1,5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлнэ” гэсэн зорилт хэрэгжих хууль эрх зүйн орчинг өнгөрсөн хугацаанд бүрдүүллээ. Хүний хөгжил сангийн тухай хуулийг УИХ-аар батлуулан байгалийн баялгаас олсон орлогыг иргэддээ тэгш, шударгаар хүргэх ажлыг эхлүүлсэн. “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын дагуу эхний ээлжинд 70,000 төгрөгийг иргэддээ олгоод байна.

    Хүний хөгжлийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  саяхан УИХ-д өргөн барьсан. Энэ хуулиар Хүний хөгжлийн сангаас иргэдэд бэлэн мөнгө олгож буй хугацаанд өөрчлөлт оруулж 2010 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн сар бүр иргэн бүрт 10,000 төгрөг олгож байх, цаашид 2011 оны 01 дүгээр сараас сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн 21,000-аас доошгүй төгрөгт хүргэхээр зорьсон болно. Үүнийг Засгийн газар хэрэгжүүлнээ.

    Иргэн бүрт олгох 1,0 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох зэрэг хэлбэрээс нь сонголт хийх саналыг иргэдээс авах ажлыг зохион байгуулсан. Нийт саналын 50 шахам хувь нь орон сууц худалдан авах урьдчилгаа зээл болон малчны зээл ба бусад зээлийн төлбөрт зориулахаа илэрхийлсэн байна. Үүнийг ч Засгийн газар бодолцох болно. Төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар өсгөхийн зэрэгцээгээр төрийн албан хаагчдийг орон сууцжуулах үүднээс 4 мянган хүнийг хөнгөлттэй зээлд хамруулах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж  эхлээд байна.

    Хүний хөгжил нь зөвхөн халамж, тэтгэмж, цалин орлогоор хангагдахгүй. Түүгээр хэмжигдэхгүй ээ. Харин хөгжлийн түвшин нь Монгол хүний эрүүл мэнд, боловсролын түвшин, амьдралын чанар, өрсөлдөх чадвараар л тодорхойлогдоно. Тиймээс эрүүл мэнд, боловсролын салбарт ахиц шинэчлэл гаргах иж бүрэн бодлогыг бид хэрэгжүүлэхийг зорьж байна. Их бүтээн байгуулалтыг эрүүл бие бялдартай, өндөр боловсрол мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай, хөгжлийн төлөө хүсэл эрмэлзэлтэй, хөдөлмөрч хичээнгүй хатуужилтай хүн л хийх болно. “Монгол хүний хөгжил” гэдгийг манай Засгийн газар ийм өргөн утгаар харж, Их бүтээн байгуулалт хийх, иргэн хүний хөгжлийг хангах хос том зорилтыг нэг зоосны хоёр тал хэмээн үзэж, нэгдмэлээр шийдэхийг зорьж байна.

    Хархоринчууд аа!
    Танай суманд дэд бүтэц бусад сумдаас түлхүү хөгжсөн, ялангуяа байршлаараа улсынхаа газар нутгийн төв цэгт оршиж, хатуу хучилттай  замаар улсынхаа нийслэлтэй холбогдсон,  байнгын найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангагдсан, олон хүн амтай, орон нутгийн чанартай хотын статустай гээд олон давуу тал байна. Монгол Улсын Их Хурлаас баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, ”Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” зэрэг бодлогын баримт бичигт  Хархорин хотыг Хангайн бүсийн тулгуур төв байхаар тусгаж, аялал жуулчлал, газар тариалан, үйлдвэрлэл-үйлчилгээг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөсөн нь ирээдүйн хөгжлийн сайхан боломжийг нээж өгчээ.

    Хархорин сумын хөгжлийн тулгуур нь уламжлалт газар тариалангийн салбар билээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа атаржсан газраа сэргээн ашиглаж, газар тариаланг хөгжүүлэх зорилго бүхий “Атрын 3 аян”-ы хүрээнд  Хархорин сумынхан өнгөрсөн онд 1100 тн төмс, хүнсний ногоо, 700 тн үр тариа хураан авч аймгийнхаа хэрэгцээнд нийлүүлжээ. Хураан авсан үр тарианы хэмжээ урьд оныхоос 4 дахин өссөн хэдий ч ахмад буурлуудын маань сангийн аж ахуйд ажиллаж байх үеийн ургацын хэмжээтэй харьцуулвал хэд дахин бага байгаа нь хойшид нэгийг бодож, ихийг хийгүүштэй.

    Орхоны хөндийд  газар тариалан эрхлэх бүрэн боломжтойг   ахмад үеийнхэн маань бидэнд амжилт бүтээл, амьдралын туршлагаараа нотлон харуулсан билээ. Энэ ялдамд Хархорин сангийн аж ахуйд ажиллаж газар тариалан эрхлэх их үйлсэд гар бие оролцож явсан ахмад буурлууддаа гүн талархлаа илэрхийлье. Хархорин суманд орчин үеийн технологитой, усалгаатай тариалан эрхлэх болон малын тэжээл тариалалтыг ч нэмэгдүүлэх замаар төвийн бүсийн улмаар үндэсний хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулж, сум орны эдийн засгийн бие даасан байдлыг хангах бүрэн бололцоо бий. Газар тариалангийн салбарын шинэ бүтээн байгуулалтыг эндээс эхлүүлж болно. Тийм ч шаардлага байна. Энэ талаар бүтээлч  санал санаачлага гаргаж, бодит ажлыг эхлүүлбэл санхүүгийн болон орчин үеийн машин механизм,технологийн хангалтыг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас ч анхаарч ажиллах болно.

    Үйлдвэрлэл тэр дундаа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь Хархорин хотын хөгжлийн бас нэг тулгуур гэж үзэж байна. Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлого боловсруулан аймгуудад хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгож  эхэлсэн билээ. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас тус сумын 28 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 357.0 сая төгрөгний хөнгөлөлттэй зээл олгож 434 ажлын байр шинээр бий болсон мэдээ байна. Гэсэн хэдий ч ажилгүйдлийн түвшин 6.0 хувьтай байгаа нь ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаар хийж буй ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.

    Монгол Улсын Засгийн газраас Хархорин хотын цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээг шинээр байгуулахад эхний ээлжинд 1.0 тэрбум төгрөгний санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Инженерийн шугам сүлжээ ашиглалтанд орсноор бизнес эрхлэгчдэд бас нэг таатай нөхцөл бий болно гэж үзэж байна. Хархорин хотын хөгжлийн бас нэг тулгуур нь яах аргагүй аялал жуулчлалын салбар мөн. Монгол Улсын аялал жуулчлалын үндсэн маршрутад Хархорин хот хамаардаг нь энэ салбарын бизнес, үйлчилгээ  хөгжих бүрэн боломжтой билээ.

    Орхоны хөндийн цогцолборт газрууд, Монголын эзэнт гүрний нийслэл Харахорум хотын туурь, Эрдэнэзуу хийдийг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Та бүхэн туршлага хуримтлуулж,  амжилт олж байгаа. Цаашид мэргэшсэн хөтөч бэлтгэх, аялал жуулчлалын шинэ төрлийн шинэ менежмент бүхий соёлтой  үйлчилгээнүүдийг бий болгох, байгаль орчныг хамгаалахад ихээхэн анхаарч ажиллах шаардлагатай байна. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдаж буй 5.0 сая долларын төсөвт өртөг бүхий” Хархорин-Музей”энэ онд багтаж ашиглалтанд орох ёстой. ”Хархорин-Музей” ашиглалтанд орсноор тус хотод аялал жуулчлал хөгжих өргөн боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

    Энэ бүхэн бол ойрын үеийн дүр зураг юм.  Би Хархорины ирээдүйг дор хаяж арван жилээр, тэгэхдээ их өөдрөгөөр төсөөлж явдаг. Түүх сөхвөл өнөө жил Чингис хааны зарлигаар Их Монгол Улсын нийслэл Хархорум хот үүсгэн байгуулагдсаны 790 жилийн ой тохиож буй. 2005 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч Хархорин хотыг сэргээн байгуулах ажлыг судалж, Улсын Их Хуралд санал оруулахыг Засгийн газарт чиглэл болгосон байдаг. Миний бодоход уул уурхайн болон аж үйлдвэрийн цогцолборын их бүтээн байгуулалт алсуураа Хархорины ирээдүйтэй холбогдоно гэж үзэж байна. Саяхан Засгийн газар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан.

    Энэ хөтөлбөрийн агуулга зөвхөн одоогийн нийслэл Улаанбаатарын хөгжлөөр хязгаарлагдаагүй, бүсийн хөгжлийн бодлого, орчин үеийн хот байгуулалттай нягт уялдаатай. 2020 онд Хархорум хотын 800 жилийн ойг бид шинэ хотын бүтээн байгуулалтаар угтах боломж байхыг үгүйсгэхгүй. Энэ бол биелэхгүй мөрөөдөл биш. Бид зоригловол, хамтдаа зүтгэвэл бүтээж чадах зүйл. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Та бидний өмнө хэтийн сайхан ирээдүй байна.

    Эрхэм хүндэт Хархоринчууд аа, 
    Өнгөрсөн жилийн ололт амжилтаа улам бататгаж, 2011 онд тохиох төрөлх аймгийнхаа түүхт 80 жилийн ойгоо ажил хөдөлмөр, амжилт бүтээлийн дээдээр угтахыг хүсэн ерөөе. Ирээдүйн Хархорины их бүтээн байгуулалт өнөөдрөөс Та бүхний сэтгэл оюунд ургаж, хожим биелэлээ олох болтугай.

  • Ерөнхий сайд мандал өргөв

    мандал, ёслолМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хархорин сумын иргэдтэй уулзсаныхаа дараа Монголын бурхан шашны түүхт Эрдэнэзуу хийдэд хүрэлцэн очиж ард иргэдийнхээ сүлд хийморийг даатган мандал өргөв. Эрдэнзуу хийдийг анх 1585 онд эртний Хархорум хотын туурь Тахай балгасын ойролцоо Автай сайн хан байгуулсан түүхтэй. Энэ музейд жилд дотоод, гадаадын 25 орчим мянган жуулчин ирдэг байна
  • С.Батболд: Үндэсний их бүтээн байгуулалтын үе эхэлж байна

    С.Батболд: Үндэсний их бүтээн байгуулалтын үе эхэлж байнаС.Батболд: Үндэсний их бүтээн байгуулалтын үе эхэлж байна“Уул уурхайд түшиглэсэн Үндэсний их бүтээн байгуулалтын үе эхэллээ. Энэ бол бодит ажил. Их бүтээн байгуулалтад бие сэтгэлээрээ бэлэн байж, гар бие оролцохыг уриалъя. Бүтээн байгуулалтыг эрүүл бие бялдартай, өндөр боловсрол, мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай, хөгжлийн төлөө хүсэл эрмэлзэлтэй, хөдөлмөрч, хичээнгүй, хатуужилтай хүн л хийх болно. “Монгол хүний хөгжил” гэдгийг манай Засгийн газар ийм өргөн утгаар харж, Их бүтээн байгуулалт хийх, иргэн хүний хөгжлийг хангах хос том зорилтыг нэг зоосны хоёр тал хэмээн үзэж, нэгдмэлээр шийдэхийг зорьж байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзахдаа хэлэв.

    Тэрээр 2010 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 15 хүртэл баруун 9 аймагт ажиллах томилолтоо эх орныхоо “хүйс” нь болсон их хаадын нутаг, төвийн бүсийн тулгуур төв Хархорин хотоос эхэллээ. Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн Хархорин хотын иргэдтэй уулзаж төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хөгжлийн хэтийн зорилт, чиглэлийн талаар танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонслоо. Улс төр, нийгэм, эдийн засгийн түүхэн боломжийг хамтарсан Засгийн газар ашиглаж, үр дүнг нь ард түмэн хүртэх ёстой. Том эрх ашгийн төлөө хамтран ажилласны хүчинд багагүй хугацаанд яригдаж байсан хөгжлийн олон чухал асуудлыг шийдэж, улс орныхоо хөгжлийг түргэтгэх анхны алхмаа хийж үйлдвэрлэл, бизнес хөгжих тааламжтай нөхцөл бүрдүүлж эхэллээ. Төр, засаг төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт төсвийн болон тендерийн эрх мэдэл өгч хариуцлагыг нь ч үүрүүлэх бодлого баримталж байна  гэж Ерөнхий сайд хэлэв.

    Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эхний ээлжинд Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж Тавантолгойн ордыг ашиглах эрх зүйн үндсийг тавьсан. Ингэснээр ард иргэд, үндэсний компаниуд давуу эрхийн хувьцаа эзэмших боломж нээгдэж, иргэн бүр өөрийн гэсэн өмчтэй болох, байгалийн баялагтаа эзэн нь байх түүхэн шийдвэрийг хамтдаа гаргасан юм. Орд газрыг ашиглалтад оруулж, олборлосон ашигт малтмалаа тээвэрлэх дэд бүтцээ хөгжүүлэх, ашигт малтмалыг эцэслэн боловсруулах, олон улсын зах зээлд үнэ хүргэн арилжаалах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэг олон ажлыг Засгийн газар ээлж дараатай, тодорхой үндэслэл судалгаатай, нэгдсэн бодлого, нэгдмэл удирдлагаар хангахын төлөө шургуу ажиллаж байгааг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ тэмдэглэв.

    Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг Улсын Их Хурлаас батласан. Энэ хүрээнд эхний ээлжинд 2011-2014 онд 1000 гаруй км төмөр замыг Тавнтолгой-Сайншанд-Баруун-Урт-Чойбалсангийн чиглэлд барихаар болсон. Энэ төсөлтэй уялдуулан “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулж нүүрс боловсруулан кокс гаргах, төмөр, нүүрс хийжүүлэх, газрын тос боловсруулах, зэс хайлуулах зэрэг олон үйлдвэр байгуулах юм. Цогцолборын эхний ээлжийг 2011-2014 онд барьж байгуулах бөгөөд цогцолборыг бүрэн байгуулснаар 2021 онд нийт 80 орчим мянган ажлын байр шинээр бий болно гэж Засгийн газар тооцоолж байна.

    Иргэдийнхээ амьдралын чанар, ахуй нөхцлийг сайжруулах зорилтыг аж үйлдвэржүүлэлтийн бодлоготой уялдуулж, хамтад нь шийдвэрлэхийн тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгосон. Үүний зэрэгцээ газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлж, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээгээ бүрэн хангах, хөнгөн үйлдвэрээ хөгжүүлэхийг Засгийн газар зорьж байгаа юм.

    Ерөнхий сайд хэлэхдээ амин зуулга болсон малаа байгалийн гамшиг, зуданд алдсан малчдыг дэмжиж бололцоотой бүх арга хэмжээг авах нь Засгийн газрын нэн ойрын зорилтын нэг байсаар байх болно. Монгол хүний хөгжлийг хангах нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл байх болно гэсэн байр суурь одоо ч, цаашид ч хэвээр байх болно. Засгийн газар 2010 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн сар бүр иргэн бүрт 10 мянган төгрөг, цаашид 2011 оны 1 дүгээр сараас сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлж, 21 мянган төгрөгөөс доошгүй болгохоор зорьж байна. Хөгжлийн түвшин монгол хүний эрүүл мэнд, боловсролын түвшин, амьдралын чанар, өрсөлдөх чадвараар тодорхойлогдоно гэлээ.

    Дараа нь Ерөнхий сайд С.Батболд иргэдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө. “Хүний хөгжил сан”-гаас өгч байгаа мөнгө, тэтгэвэр тэтгэмж, Орхон голын бохирдол зэргийн талаар иргэд ихэвчлэн асууж, тодруулж байлаа. Хархорин суманд спорт цогцолбор шинээр барьж, байгаль орчны лаборатори байгуулах асуудлыг Засгийн газар анхааралдаа авна гэж Ерөнхий сайд хэлснийг Хархоринчууд баяртайгаар хүлээн авлаа. Өвөрхангай аймгийн Хархорин сум дэд бүтэц, зам харилцаа сайтай, түүх соёлын өлгий, аялал жуулчлал хөгжсөн. 12 мянга гаруй хүн амтай, 23 мянга гаруй толгой малтай, мал аж ахуй, газар тариалан эрхэлж, гахай, тахиа өсгөж, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал тариалдаг.

    Сумын хөгжлийн тулгуур нь газар тариалангийн салбар. “Атрын III аян”-ы хүрээнд Хархоринчууд өнгөрсөн онд 1100 тн төмс, хүнсний ногоо, 700 тн үр тариа хураан авч аймгийнхаа хэрэгцээнд нийлүүлжээ. Газар тариалангийн салбар, жижиг, дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх боломж ч байна. Хархорин хотын цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг шинээр байгуулахад зориулж Засгийн газар эхний ээлжинд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсний дагуу гүйцэтгэгч компани ажлаа эхлүүлээд байна