Ангилал: мэдээ-мэдээлэл

  • “Эх орны хөгжилд-бидний оролцоо” гадаадад амьдарч буй монголчуудын анхдугаар чуулга уулзалт

    "Эх орны хөгжилд-бидний оролцоо" гадаадад амьдарч буй монголчуудын анхдугаар чуулга уулзалтЕрөнхий сайдын дэргэдэх “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл”-өөс санаачилсан “Эх орныхоо хөгжилд-бидний оролцоо” сэдэвт гадаадад байгаа боловсрол, мэргэжлээрээ манлайлагч монголчуудын анхдугаар чуулга уулзалт 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд  Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор амжилттай зохион байгуулагдлаа. Уг чуулга уулзалтыг зөвлөлөөс “Цахим өртөө холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд АНУ-ын Азийн сан дэмжигч байгууллагаар оролцов. Чуулга уулзалтад нийт 385 иргэд онлайн бүртгүүлж оролцсноос 202 нь дэлхийн 26 улс оронд ажиллаж, сурч амьдарч байгаа Монгол Улсын иргэд, монголчуудын холбоодын гишүүд, 183 орчим нь гадаадад боловсрол эзэмшсэн бөгөөд гадаадад төгсөгчдийн холбоонд бүртгэлтэй залуучууд байв.

    1. Үдээс өмнөх хуралдаан:
    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар нээж  үг хэлэв. Чуулга уулзалтын төлөөлөгчдөд хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл нар илгээлт ирүүлж, мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн зөвлөх н.Сосормаа, УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу нар уншиж сонордуулав. Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдийн талаар авч хэрэгжүүлж буй төр засгийн бодлого, чиглэл, арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд дарга Н. Батаа, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Х. Хашчулуун нар дэлгэрэнгүй илтгэл тавилаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганы оролцогчдод алс хол, хилийн чанадаас эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахаар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж цаг харамгүй, халуун дотно яриа өрнүүллээ. Мөн гадаадад улс орныхоо нэрийг өндөрт өргөж, монгол хүний чадавхи, үнэмлэмжийг өсгөж яваа залуу эрдэмтэн Финляндын “Аабу” академын багш доктор н.Цэрэн-Онолтыг “Онцлох хүн-2010”, төр иргэний гүүр болон амжилттай ажиллаж буй “Шилдэг монголчуудын холбоо-2010”-аар Британы монголчуудын холбоог, хүний нутагт эх орон нэгтдээ байнга тусалдаг “Түшигтэй хүн-2010″–аар Англид амьдарч буй багш н.Цэрэнбат нарт хүндэт өргөмжлөл гардуулж, чуулганы төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав.

    “Цахим өртөө холбоо” ТББ-ын гүйцэтгэх зөвлөлийн дарга Д.Сайнбаяр “Хилийн чанадад байгаа монголчуудын өнөөгийн дүр зураг”, Монгол-Германы гүүр ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн А.Баярцэцэг “Өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн иргэдээ эх оронд нь эргэн ирж ажиллахад  дэмжлэг үзүүлэх гадаад орны туршлагаас”, “Цахим өртөө холбоо”  ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн н.Энхжаргал нар “Гадаадад суралцагчид, төгсөгчдийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бий болгох ХАШ төслийн талаар” сэдвүүдээр илтгэлүүд тавив. Түүнчлэн үдээс өмнөх хуралдаанд “Хэл соёлоо хадгалая” салбар хуралдаан зохион байгуулагдаж “АНУ дахь Монгол соёлын төв”-ийн захирал М.Саруул-Эрдэнэ “Хилийн чанад дахь монголчуудын Монгол соёлоо хадгалах, үүсэж буй бэрхшээл, даван туулах арга зам” сэдвээр илтгэл тавилаа.

    2. Салбар хуралдаан:
    Үдээс хойш 4 чиглэлээр салбар хуралдаан зохион байгуулагдав.
    № Салбар хуралдааны чиглэл Илтгэгчид Оролцогчдын тоо
    Эдийн засаг, санхүү 1.Доктор н. Лхагвасүрэн- Манчестирийн Их сургуулийн багш
    Э. Жагдагдорж- АНУ дахь Монголчуудын ХААҮ-н тэргүүн,
    Болд -“Нью-ком”ХХК гүйцэгтгэх захирал
    Ц.Отгочулуу- өрсөлдөх чадвар төвийн тэргүүн 67
    Улс орны өрсөлдөх чадвар, Мэдээлэл технологийн боловсрол 1. Доктор н. Бат-Өлзий АНУ Microsoft-н хэлтсийн дарга
    Доктор н.Цэрэн-Онолт Финлянд,”Аабу”академын багш
    Нандинбаатар- Шведийн их сургуулийн эрдэмтэн, судлаач
    Ц.Буянцогтоо- USI компанийн ерөнхий захирал
    Хүн  байгаль, экологийн асуудал.  Олон улсын  “сайн”  туршлага нэвтрүүлэх нь 1.Доктор Б.Энхтуяа- Чехийн академийн эрдэмтэн судлаач
    Батхишиг- АНУ  Төмөрхүү-АНУ

    Эрүүл мэнд ба анагаах ухааны ололт амжилт 1.Доктор Ц.Базаррагчаа- Лондон,  Мэри-Стопс и
    Доктор н. Энхжин- Женев, Глобал Фонд
     Хэл соёл 1. Доктор М.Саруул-Эрдэнэ АНУ, Монгол- Соёлын төвийн тэргүүн 

    Тус чуулга уулзалтаас болон салбар хуралдаануудаас гарсан зөвлөмж:

    Ерөнхий сайдын ивээл дор, гадаадад амьдарч буй боловсрол эзэмшсэн, туршлага хуримтлуулсан Монгол Улсын иргэдийн “Эх орныхоо хөгжилд-бидний оролцоо” сэдэвт анхдугаар чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, дэлхийн 20 гаруй орноос оролцсон зочид, төлөөлөгчид, монголчуудын холбоодын төлөөллийн саналыг тусган, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө, Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог 2008-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр, Монгол улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг батлан гаргасантай уялдуулан гадаадад сурч, ажиллаж. амьдарч байгаа иргэдийн хүч бололцоо, эзэмшсэн мэдлэг, боловсрол, олон улсын туршлагын үр шимийг хүртэх бололцоо өргөнөөр нээгдэж буйг онцлон тэмдэглэж цаг алдалгүй нэвтрүүлэхийн ач холбогдлыг чухалчилж чуулганы оролцогчид дараахи зөвлөмжийг төр засаг, эрдэм шинжилгээ, олон нийт төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчдэд сонордуулж байна. Үүнд.

    1. Эдийн засгийн салбарт:
    – Хөрөнгө оруулалт, санхүүгийн орчинд гадаадын банк санхүүгийн байгууллагад ажиллаж туршлага хуримтлуулж буй залуусаа дэмжих, тоог өсгөх,
    – Гадаадад боловсрол эзэмшсэн болон гадаадад судалгаа хийж буй мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцох, дотоодын хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа сайжруулахад татан оролцуулах,
    – Хөдөлмөрийн зах зээл ба залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилгоор хөдөлмөрийн зах зээлийг илүү уян хатан болгох, эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгавартай цалин тогтоох, тэгш бус байдлыг өөгшүүлж байгааг арилгах зэрэг зах зээлийн зарчимд шилжүүлэх,
    – Хүн хэмээх капиталыг хөгжүүлэхэд бага насны хүүхдийн боловсролыг хөтөлбөрийг олон улсын жишигт хүргэж шинэчлэх. ирээдүйд өрсөлдөх чадвартай Монгол хүнийг бэлдэх, оюунжуулах, чадваржуулах нөхцлийг түлхүү бүрдүүлэх,
    – Гадаадад буй Монголчууд, Монголчуудын холбоодын бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт оруулах санал санаачлагыг дэмжих, тэднээр дамжуулан Монгол дахь жижиг, дунд үйлдвэрүүд, бүтээгдэхүүн экспортлох чадавхи бүхий дэвшилтэт технологид суурилсан жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, дотоодын бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, борлуулах суваг болгон хамтран ажиллах, тогтмол холбоо тогтоох,
    – Гадаадад буй монголчууд, холбоод, аж ахуй эрхлэгчдийг төрийн бодлого боловсруулагчтай холбох, төрийн байгууллага болон дотоодын аж ахуйн нэгжийн гадаадад хийх айлчлал, танилцах аялал зэргээр зохион байгуулалттайгаар холбож өгөх,
    – Гадаадад их дээд сургууль төгсгөгч нарт тухайн суралцсан газар нь 1-2 жил ажиллах боломжийг дэмжиж бүрдүүлэх, санхүүгийн туслалцаа үзүүлэх,
    – Гадаадад их дээд сургууль төгсгөгч нарыг дадлагажуулах болон эдийн засгийн хувьд чадавхижуулах, зах зээлийг судлуулах зорилгоор гадаадад үйл ажиллагаагаа явуулж буй Монголын жижиг бизнес эрхлэгчидтэй холбох, түүнчлэн дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудад төгссөн мэргэжлээрээ ажиллахад нь холбох гүүр бий болгох
    – Төрийн ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, үйлдвэрлэлийн инновацын орчинг бий болгоход төрийн байгууллагууд гадаадад байгаа иргэдтэй хамтран ажиллах,

    2. Мэдээлэл технологийн салбарт:
     Мэдээлэлжсэн нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх тухай зорилтыг улс орны дээд удирлагаас авахуулаад энгийн ард нийтийн дунд адил төвшинд ойлгож, бүгд нийтээрээ өндөр хүсэл тэмүүлэлтэйгээр үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулан хэрэгжүулэх явдал’ чухал. Үүний тулд:
              –  Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд түүнд тохирсон   
                  бүтцийн шинэ өөрчлөлтийг хийх
    – Мэдээлэлжсэн нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийг байгуулахад гол үндсэн суурь бүтэц нь мэдээллийн технологи болох тул энэ салбарын хөгжилд нэн тэргүүнд ач холбогдол өгч, нийгмийн үйлчилгээний бүхий л салбарыг мэдээллийн технологижуулах зорилтыг дэвшүүлж, түүний санхүүжилт хөрөнгө оруулалтын тогтолцоог байгуулах
       – Мэдээллийн технологи дээр суурилсан үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд дотоод гадаад зах зээлийн аль алинд ач холбогдол өгч, тухайлсан стратегийг боловсруулан боловсруулан хэрэгжүүлэх нь чухал ч юуны түрүүнд дотоод зах зээлдээ анхаарлаа төвлөрүүлэх нь чухал. Дотоод зах зээлийн хөгжил нь нийт салбарын чадавхийг дээшлүүлэх бөгөөд энэ нь улмаар гадаад зах зээл дээр тоглолт хийх чадавхийг тухайн салбарт бий болгоно.
          – Нийгэм дахь програм хангамж болон бусад мэдээллийн технологийн үйлчилгээний хэрэгцээгээ өөрсдийн хүчээр бүрэн хангадаг байхаар хуульчлах
         – Өндөр технологийн үйлдвэрлэлийн хөгжлийн хурдасгуур болсон шинжлэх ухааны парк, технологийн парк хэмээх хөгжлийн загварыг өөрийн орны онцпогт тохируулан бий болгох
    – Үндэсний Инновацийн тогтолцоог үүсгэн бий болгох талаар идэвхтэй ажиллах
    – Монголын нийгмийг мэдээлэлжүүлэхдээ технологийн дэвшилтэт хандлагыг сонгон зоригтойгоор нэвтрүүлэх нь чухал. Жишээ нь, мобайль платформ дээр суурилсан төрөл бүрийн үйлчилгээг өргөнөөр нэвтрүүлэх, интернэт дээр суурилсан Клауд үйлчилгээг хүчтэй нэвтрүүлэх
    – Их дээд сургуулийг энгийн сургах сургуулийн хэлбэрээс судалгааны их дээд сургууль болгон өөрчлөх, үүнийг дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх
    – Их дээд сургууль нь шинжлэх ухааны цөм байгууллага байдаг хэлбэр лүү оруулах, АНУ-ын БэйДоле-ийн хуультай төстэй хуулийг бүтээх
    – Мэргэжлийн болон болон дээд боловсролын тогтолцоог илүү прагматик болгон өөрчлөх

    3. Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт:
    – Эмнэлэг, судалгаа, сургалт, дадлагыг цогцоор нь хийх орчин бүрдүүлэх туршлагыг нэвтрүүлэх,
    – Эрүүл мэндийн судалгааны төв, лавлагааны лабораторийг нөөц боломжоо ашиглан байгуулж нэгдсэн мэдээллийн сантай болох,
    – Эрүүл мэндийн судалгаа, шинжилгээний ажилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж; ойрын 2 жилд улсын төсвийн 1 хувийг зарцуулах,
    – Эмчилгээ болон оношлогооны тоног төхөөрөмжийг сайжруулан орчин үеийн, шинэ технологийн багаж төхөөрөмжийг хөдөө орон нутагт хангахад гадаадад ажиллаж, сурч байгаа иргэдийн хүч бололцоогоо ашиглан олон улсын   байгууллагууд, хандивлагчдыг татан оролцуулах ба хандивын тоног төхөөрөмжийг Монгол Улсад оруулахад төрийн байгууллагын хүнд суртал, шат дамжлагыг багасгах,
    – Эд, эс, омог өсгөврийн сан байгуулж үйл ажиллагааг тогтворжуулах,

    4 . Байгаль орчны салбарт:
    – Өндөр технологи, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлэхэд гадаадад боловсрол, туршлага эзэмшсэн иргэдийг татах оролцуулах,
    – Биологийн төрөл зүйл, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой технологи бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг хориглож гадаадын хөрөнгө оруулалтанд технологийн түвшний үнэлгээ хийдэг зарчмыг бий болгон хэрэгжүүлэх,
    – Байгалийн баялгаас олсон ашиг, хөрөнгийг шинжлэх ухаан, технологид зарцуулах замаар нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих
    – Ургамлын суулгацыг ашиглан, нөхөн сэргээлт хийхэд орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөгчдийг татан оролцуулж уул уурхайн нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгийн хэмжээг дахин нэмэх,
    – Хөрс, усны шинжилгээг хийх тоног төхөөрөмжийн гаалийн татварыг тэглэх,
    – Лабораторийн нөхцөлд,,,
    – Байгаль орчин, биологи, хими болон технологичдын мэргэжлийн клубыг байгуулах, бодлого боловсруулагчид болон хяналтын байгууллагынхантай шаардлагатай үед хамтран ажиллах,

    5. Бусад
          – Шинжлэх ухааны парк, технологийн инкубатор, технологи дамжуулах төвүүдийг байгуулж үндэсний үйлдвэрлэлийн технологийн түвшинг дээшлуүлэх ажиллагааг тууштай дэмжиж ажиллахад олон улсын туршлагыг нэвтрүүлэх боломж бололцоонд түшиглэх буюу гадаадад байгаа иргэдийн мэдлэг, боловсрол, мэдээллийг цаг алдалгүй нэвтрүүлэх,
         – Судалгаа шинжилгээний зориулалттай тоног төхөөрөмж, хандивийн багаж хэрэгслийг татвараас бүрэн чөлөөлөх,
         – Гадаадад байгаа монголчуудын талаарх бүртгэл мэдээллийг сайжруулах, нарийвчилсан судалгааг хийхдээ гадаадад байгаа монголчуудын холбоо болон бусад байгууллагуудыг татан оролцуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх
         – Хилийн чанадад монголчуудын өөрсдийн санаачлагаар зохион байгуулж буй уулзалт, чуулга, соёлын арга хэмжээнд төр засгаас дэмжлэг үзүүлж төлөөлөгч ирүүлж тэдний санал бодлыг байнга сонсож байх.
         – Чуулга уулзалтаас гарч буй зөвлөмж, бүтээлч санал санаачлагыг ажил хэрэг болгоход онцгой анхаарч ажиллах
    Түүнчлэн хилийн чанадад амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол Улсын иргэдийг эх орондоо эргэн ирж ажиллах болон хилийн чанадаас мэдлэг, туршлага, боломжоо улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд хувь нэмэр болгох, цаашид улам нэмэгдэх төлөвтэй байгаа хөдөлмөрийн зах зээл дээрх өндөр ур чадвар бүхий ажиллах хүчний эрэлт хэрэгцээг хангах, төрийн алба, хувийн хэвшил, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг чадавхижуулах, шинэ мэдлэг, дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг эх орондоо татах зорилготой “Зөгийн үүр” хөтөлбөрийг боловсруулсанд гадаадад амьдарч байгаа боловсрол, туршлага эзэмшсэн иргэд сайшаан дэмжиж хөтөлбөрийг хэрэгжүүлэн үр дүнгээ тайлагнахаар боллоо.

    ХИЛИЙН ЧАНАДАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

  • С.Батболд: Өнгөрсөн 20 жилийн ардчиллын сургамж бид бүхний хамтын ололт, хамтын ухаарал юм

    Зуны аагим халуун энэ өдөр монголчууд тэртээ 20 жилийн өмнөх бас нэгэн халуун өдрийг дурслаа. Энэ сонгууль нь улс төрийн олон нам оролцсон анхны сонгууль гэсэн тодотголоороо түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Түүх бичлэг болсон сонины хуудсыг сөхөн харвал тухайн сонгуульд МАХН, МоАН, МСДН, МҮДН, МНН, МЧХН (Чөлөөт хөдөлмөрийн нам) гэсэн зургаан нам “уралджээ”. Олон нам оролцсон анхны чөлөөт сонгуулийн 20 жилийн ойд зориулсан баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболд, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нар илтгэл тавьж, дараа нь баярын концерт боллоо.

    Улстөрийн тэр халуун өдрүүдийг дурсахаар Соёлын төв өргөөнд анхны ардчилсан үндсэн хуулиа баталж, өнгөрсөн хугацаанд туулж ирсэн ардчилсан нийгмийн түүхэн замналыг эхлүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээсэн Ардын их хурал, Улсын бага хурлын гишүүд, иргэдийн төлөөлөл ирсэн байв. Ардчиллын 20 жилийн ойн хүрээнд энэхүү үйл явдлыг эргэн дурсаж, хүндэтгэл ёслолын арга хэмжээ зохион байгуулах нь зүй ёсны хэрэг юм гэж Ерөнхий сайд С.Батболд илтгэлийнхээ өмнөтгөлд дурдлаа.

    Улс төрийн олон намууд оролцсон анхны сонгууль гэсэн тодотголтойгоор түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн түүх бичлэгийг сөхвөл тухайн сонгуулийн үр дүнд байгуулагдсан төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага болох Ардын Их Хурлын анхдугаар чуулганаар байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг 50 гишүүнтэйгээр байгуулсан байна. Ингэхдээ суудлын хуваарилалтыг сонгуульд намуудын авсан саналтай хувь тэнцүүлэх байдлаар шийдвэрлэжээ. Үр дүнд нь МАХН ба бусад шинэ намууд 60:40 гэсэн харьцаагаар Улсын Бага Хурлыг бүрдүүлсэн байна. Энэ нь сонгуулийн дүнгээр улс төрийн намууд парламентад зохистой байдлаар байрших, сонгогчдын саналыг бодитой тусгасан, зөв тэнцвэр бий болох улс төрийн аятай нөхцөлийг бүрдүүлсэн ухаалаг шийдэл байсан гэж түүхчид үнэлж байна.

    “Тэртээх чөлөөт ардчилсан сонгуулиар үндсэн суурь нь баталгаажсан, ардчилалын замнал Та бидэнд олон зүйлийн ухаарал сургамж үлдээсэн, бахархам ололт амжилт, өмгөөлөн хамгаалах, эрхэмлэн дээдэлбэл зохих олон олон үнэт зүйлсийг бий болгосон.  Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шүтлэг бишрэлтэй байх эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт сонголт, бизнесийн болон бүтээн туурвих эрх чөлөө, олон намын тогтолцоо, иргэний нийгмийн байгууллагад суурилсан ардчиллын институциуд бодит байдал, бидний амьдралын ердийн хэм хэмжээ үнэлэмж болжээ. Улс төрийн намуудын харилцаанд улс төрийн шинэ соёл, шинэ хэм хэмжээ тогтож, улс төрийн намууд сөргөлдөгчид биш түншлэгчид болж төлөвшлөө. Сонгуулийн үед өрсөлдөгчид байх боловч  улс орны нийтлэг асуудал, үндэсний эрх ашгийн төлөө хамтран ажиллагчид боллоо.

    Үүний жишээ нь өнгөрсөн жилүүдийн эвслийн ба өнөөгийн манай хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа юм гэж Ерөнхий сайд илтгэлдээ онцоллоо. Мөн “Бид эвсэж нэгдвэл их зүйлийг хийж бүтээж чадахаа ойлгодог боллоо, туршлагатай боллоо. Энэ бол өнгөрсөн 20 жилийн ардчиллын сургамж бид бүхний хамтын ололт, хамтын ухаарал мөн. Хамтарсан засгийн газар өнгөрөгч хугацаанд УИХ-тай  хамтран олон жил яригдаад шийдэж чадаагүй томоохон асуудлуудыг эхнээс шийдвэрлэж, улс орныхоо хөгжлийг түргэтгэх, хүн ардынхаа аж амьдрал, хүний хөгжлийг хангах, үйлдвэрлэл бизнесийг хөгжүүлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зоримог алхмуудыг хийж эхлээд байна.

    Үндэсний аж Үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, шинэ бүтээн байгуулалт, говийн бүсийн дэд бүтцийн хөгжил, атрын III аян, монгол мал хөтөлбөр гээд асар их хөрөнгө оруулалт шаардсан аварга том бүтээн байгуулалт, ажлын байрны багтаамжтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүүлэх эхний алхмуудыг хийлээ. Эдийн засгийн хөгжлийн галт тэрэг нэгэнт хөдөлсөн гэдгийг хамтарсан Засгийн газрын тэргүүн хэллээ. Нэг үгээр хэлбэл улстөр, нийгмийн өөрчлөлтийн 20 жил дуусч, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн 20 жилийн буухиа эхэлж байгааг тэрбээр тодотгоод “Энэ буухиа галт тэрэгний эрч хурдыг сааруулахгүйн тулд хамтарсан Засгийн газар олон арга хэмжээ авч байна. Энэ бүхэн Засгийн газрын хийх ёстой л ажлууд” гэсэн юм.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илтгэлийнхээ төгсгөлд “Сонгууль бол түүнд оролцогч улс төрийн намууд нэр дэвшигчид, сонгогчид, сонгуулийг зохион байгуулагч олон субъектуудын оролцоо, харилцааны соёлыг илтгэх толь билээ. Сүүлийн үед энэ толинд бид тийм ч сайхан харагдахаа больсон. Энэ дутагдлаа засаж залруулах нь ардчилалд суралцаж, түүнийг хөгжүүлж буйн нэгэн шалгуур болно. 20 жилийн өмнөх анхны чөлөөт ардчилсан сонгуулийн цэвэр шудрага өрсөлдөөний уламжлалыг сэргээж, сонгуулийн ардчиллын шинэ соёлыг төлөвшүүлж, Монголын ардчиллын хөгжилд шинэ түрлэг нэмэхийг нийт иргэд сонгогчид, улс төрийн бүх намд уриалж байна” гэлээ.

  • Монгол улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболд: Сонгуулийн ардчиллын шинэ соёлд суралцахуй

    Монгол улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболд: Сонгуулийн ардчиллын шинэ соёлд суралцахуйБаярын хурлын хүндэт зочид оо,
    Хатагтай, ноёд оо.

    Он цаг улирах тусам утга агуулга, учир холбогдол нь улам тодрох улс төрийн амьдралын нэгэн үйл явдлын ойг дурсан санах ёслол хүндэтгэлийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүгдийнхээ амрыг эрэн мэндчилье. Одоогоос хорин жилийн өмнөх энэ өдрүүдэд зуны аагим халуунтай зэрэгцэн улс төрийн халуухан үйл явц өрнөж байжээ. Түүний оргил нь 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн бүх нийтийн чөлөөт сонгууль байсан юм. Ардчиллын 20 жилийн ойн хүрээнд энэ үйл явдлыг эргэн дурсаж, хүндэтгэл ёслолын арга хэмжээ зохион байгуулж байгаа нь зүй ёсны хэрэг билээ.

    Учир нь 1989 оны өвлийн жихүүн өдөр аядуу намдуу цуглаанаар эхэлсэн ардчилсан хөдөлгөөн цагаан морин жилийн хаврын саруудад эрч хүчээ авч, өргөн олныг хамарч улмаар тухайн үеийн улс төрийн тогтолцоог өөрчлөх шаргуу шаардлага тэмцлийн үр дүн нь энэхүү олон нам оролцсон анхны чөлөөт сонгууль юм. 20 жилийн өндөрлөгөөс эргэн харахад энэ сонгууль нь манай орны улс төрийн амьдралд гарсан нэн онцгой бөгөөд түүхэн ач холбогдолтой үйл явдлын нэгэн болох нь улам тодорч байна. Энэ сонгууль нь улс төрийн олон нам оролцсон анхны сонгууль гэсэн тодотголоороо түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Түүх бичлэг болсон сонины хуудсыг сөхөн харвал тухайн сонгуульд МАХН, МоАН, МСДН, МҮДН, МНН, МЧХН (Чөлөөт хөдөлмөрийн нам) гэсэн зургаан нам оролцсон байна.

    Нэг мандат бүхий 430 тойрогт нам ба нам бусчуудын эвслээс 2413 хүн нэр дэвшин өрсөлдөж байснаараа хамгийн олон нэр дэвшигчтэй сонгууль болжээ. Зарим тойрогт 72 нэр дэвшигч өрсөлдсөн нь содон баримт юм. Бас сонгогчдын идэвх оролцоо хамгийн өндөр, хамгийн их өрсөлдөөнтэй байжээ. Анхны санал хураалтаар 402 тойрогт нэр дэвшигчдээс хэн нэг нь олонхийн санал авч сонгогдсон бол, 28 тойрогт дахин санал хураалт явагдаж, эцсийн дүнгээр 429 депутат сонгогдож, 1 тойрогт 2 удаагийн санал хураалтаар хэн ч олонхийн санал авч чадаагүй байна. Анхны энэ сонгуулиар сонгогч нь нэр дэвшигчдээс нэгийг сонгох, намын төлөө санал өгөх гэсэн 2 давхар санал хураалт явагдсан нь бас нэг онцлог билээ.

    Сонгуулийн үр дүн нь ч өнөөдөр эргэн дурсахад сонирхолтой юм. Нийт сонгогчдын 60.7 хувь нь МАХН-ын, 24.3 хувь нь МоАН-ын, 5.6 хувь нь МСДН-ын, 5.9 хувь нь Монголын Үндэсний Дэвшил намын, 1.2 хувь нь МНН-ын, 1.3 хувь нь МЧХН-ын төлөө тус тус саналаа өгч байжээ. Нэр дэвшигчдийн авсан саналын тоогоор бол АИХ-ын 430 суудлын 84.4 хувийг МАХН-аас, 3.8 хувийг МоАН-аас, 0.9 хувийг Монголын Социал-Демократ намаас, 1.4 хувийг МҮДН-аас, 9.5 хувийг нам бусчуудаас нэр дэвшигчид авч байлаа.

    Энэхүү чөлөөт ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага болох Ардын Их Хурлын анхдугаар чуулганаар байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг 50 гишүүнтэйгээр байгуулсан байна. Ингэхдээ суудлын хуваарилалтыг сонгуульд намуудын авсан саналтай хувь тэнцүүлэх байдлаар шийдвэрлэжээ. Үр дүнд нь МАХН ба бусад намууд 60:40 гэсэн харьцаагаар Улсын Бага Хурлыг бүрдүүлсэн. Энэ нь сонгуулийн дүнгээр улс төрийн намууд парламентад зохистой байдлаар байрших, сонгогчдын саналыг бодитой тусгасан, зөв тэнцвэр бий болох улс төрийн аятай нөхцөлийг бүрдүүлсэн ухаалаг шийдэл байсан нь өнөөдөр улам тодорч байна.

    Анхны ардчилсан сонгуулийн ач холбогдлыг олон талаар тодотгож болно. Үүнд:
    Монгол Улс төрийн шинэ тогтолцоонд шилжин, дэлхийн улс орнуудын нийтлэг жишиг бүхий парламентын засаглалтай орон болох үндэс суурийг тавьсан. Улмаар манай нийгмийн улс төрийн тогтолцоо, төрийн байгууллын бүтцийг үндсээр нь өөрчлөх, олон намын тогтолцоо бүрэлдэн төлөвших нөхцөлийг бүрдүүлжээ. Улс төрийн олон нам болон нам бусчуудын эвслээс нэр дэвшүүлэх, нэг тойрогт нэг мандатын төлөө олон нэр дэвшигч өрсөлдөх нөхцлийг бүрдүүлснээрээ иргэдийн сонгох сонгогдох эрхийг аливаа хязгаарлалтгүйгээр чөлөөтэй эдлүүлэх болсон. Иргэд ч энэ сонгуулиар үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх, сонголт хийх эрх, эрх чөлөөгөө илүү бодитойгоор мэдэрснээр цаашид нийгмийг ардчилах замд том түлхэц үзүүлсэн.

    Олон нам бүлгийн төлөөлөлтэй төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага-Ардын Их Хурал, хууль тогтоох дээд байгууллага-Улсын Бага Хурлыг байгуулснаараа улс төрийн олон ургальч үзлийг парламент дотор өрнүүлэх, улс төрийн зөвшилцлийг хангах нөхцөлийг ч бас бүрдүүлжээ. Сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал нь засаг захиргааны бүх нэгж, хүн ам, нийгмийн бүх бүлэг давхаргын төлөөллийг өөртөө багтааж, нийт ард олны санал бодлын бодит тусгал, бүрэн төлөөлөл болж байснаараа нийгмийн зөвшилцөл, үндэсний нэгдлийг хангаж чадсан байна.

    Тийм ч учраас үйл ажиллагаа нь нийгэмд нээлттэй, иргэд сонгогчидтойгоо эргэх холбоо, амьд харилцаатай байж, аливаа асуудлыг нийтийн эрх ашгийн үүднээс, нийгмийн санаа бодлын огтлолцол дээр авч үзэж, голч төвч байдлаар шийдвэр гаргаж байв. Үүний хамгийн тод нотолгоо, чухал ололт нь Монгол Улсын шинэ үндсэн хуулийг боловсруулж хэлэлцсэн явц ба түүнийг эцэслэн баталсан явдал мөн. Ийнхүү энэ сонгууль нь Монгол Улсад сонгуулийн ардчиллыг жинхэнэ утгаар хөгжүүлэх анхны томоохон алхам болж, манай орны улс төрийн сонгуулийн практикт олон зүйл дээр цоо шинэ жишиг тогтоож өгсний зэрэгцээ цаашид сургамж авч залруулууштай зарим зүйлийг тодруулж өгсөнд түүний ач холбогдол оршино.

    Эрхэм нөхөд өө,
    Анхны чөлөөт, ардчилсан сонгуулийн ач холбогдлыг онцлон тэмдэглэхдээ, түүнийг угтвар нөхцөл, дараагийн үйл явдлаас нь салангид авч үзэх учиргүй. Энэ сонгуульд хүрсэн зам мөр шулуун дардан, амар хялбар байгаагүй. Үүнийг өнөө ба хойч үеийнхэнд үнэн мөнөөр нь бид бас хэлэх учиртай. Анхны чөлөөт сонгууль ч, ардчиллын өнөөгийн ололт, үнэт зүйлс ч аль нэг улс төрийн хүчин, нийгмийн аль нэг бүлэгт дангаараа харяалагдах өмчлөгдөх учиргүй, Монголын ард түмний хамтын бүтээл, нийт иргэд, улс төрийн бүх хүчний хамтын оролцооны үр дүн, нийтлэг ололт мөн билээ.

    Харин оролцооны хэлбэр агуулга, хувь хэмжээ  гүйцэтгэсэн үүрэг, үүрсэн ачааны  жин өөр өөр байсан нь ойлгомжтой. Энд би МАХН-ын даргын хувьд тухайн үйл явдалд МАХН-ын гүйцэтгэсэн үүрэг, оролцооны тухай хэдэн үг хэлэх нь зүйтэй. Тэр үед улс төрийн үйл явц маш хурдтай, далайцтай тархаж, нөхцөл байдал өдөр хоногоор, бүр цаг минутаар өөрчлөгдөж байсан. Мэдээж аливаа тэмцэл шинэ ба хуучин, эрх баригч ба эсрэг хүчин гэсэн хоёр талын хооронд явагддаг тэр жам ёсны дагуу л үйл явц өрнөсөн байна. Энд нэг талаас эрх баригч, хуучинсаг хүчин гэгдэх МАХН, нөгөө талаас эрх баригчдыг эсэргүүцэгч шинэ хүчин гэгдэх ардчилсан хөдөлгөөнд багтагч холбоо, эвсэл,  нам, хүчнүүд үйл явдлын хоёр гол оролцогч, тоглогч байлаа.

    1990 оны 2 дугаар сарын 18-нд болсон Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурлаас МоАН-ыг байгуулсан үеэс үйл явц эрс идэвхжиж, хурцдаж өрнөсөөр ердөө 5 сарын дараа дээрх сонгуулийг хийсэн юм. Энэ хугацаанд МоАХ-г гол цөмөө болгосон ардчилсан хүчний эвслийнхэн мэдэгдэл, сонордуулга хийх, шүүмжлэл, эсэргүүцэл өрнүүлэх, ил захидал, шаардлага хүргүүлэх, өргөх бичиг өргөх, тулган шаардлага тавих, жагсаал цуглаан, бүслэлт, суулт, өлсгөлөн зарлах зэргээр тэмцлийн энгийнээс хамгийн хурц хэлбэрүүдийг сонгон шаргуу тэмцэл өрнүүлж байжээ.

    Нөгөө талд нь эрх баригч хүчин хориглолт, хамгаалалтын байдалд орсон боловч бүхэлдээ аядуу намдуу, ухаалаг хүлээцтэй хандаж, удирдлагын зүгээс “хэрхэвч хүч хэрэглэж болохгүй” гэсэн зарчмыг баримталж,  асуудлыг шийдэх гарцуудыг хайж, үйл явдлыг зөв чигт залж чиглүүлж байлаа. Ингэхдээ ардчилсан хүчнийхэнтэй хэлэлцээрийн ширээний ард суух, хамтарсан тунхаглал гаргах, буулт хийх, зөвшилцөлд хүрэх зэрэг “зөөлөн” аргаар хурцадмал байдлыг намжааж байсан нь ази дахь ардчиллын үлгэр жишээ буюу “аядуу ардчиллын загвар”-ыг бүтээхэд оруулсан хувь нэмэр гарцаагүй мөн.

    Дээрх 5 сарын хугацаанд МАХН өөрийн дотоодод болон улс төрийн хүрээнд зоримог өөрчлөлтүүдийг хийсэн. Тухайлбал, бүгд хурлаа хуралдуулж, улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, намын онц их хурлыг хуралдуулах, “МАХН бол төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч мөн” гэсэн үндсэн хуулийн онцгой эрх бүхий заалтаас татгалзах шийдвэр гаргаснаараа МАХН хариуцлагатай хүчин гэдгээ харуулсан гэж түүхчид дүгнэсэн байдаг. Намын онц их хурлаараа хөтөлбөр, дүрмээ шинэчлэн, удирдлагын сэлгээ хийж, нийгэмд улс төр, эдийн засгийн эрчимтэй өөрчлөлт хийхийн төлөө шийдвэр гаргасан.

    Улмаар МАХН-ын гишүүдийн 100 хувийн төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй БНМАУ-ын АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн 9 дүгээр чуулганыг зарлан хуралдуулж, Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг хэлэлцэж баталсан юм. Хожим шилжилтийн үеийн “Бага Үндсэн хууль” гэж судлаачдын онцлон тэмдэглэх болсон эл хуулинд нам, төрийн эрх үүргийг зааглах, улс төрийн тогтолцооны гол цөм нь төр байх, ингэхдээ төрийн байгуулал нь АИХ-аас гадна байнгын ажиллагаатай парламент-УБХ, төрийн тэргүүн-ерөнхийлөгчийн институт, Засгийн газар гэсэн бүтэцтэй байх, тэдгээрийн хоорондын эрх мэдлийн харилцан хамаарал, зөв тэнцэлтэй, хуваарилалттай байх заалтуудыг оруулж баталсан. Ийнхүү чөлөөт сонгуулийн дараа байгуулагдах төрийн шинэ тогтолцоо, төрийн байгууллын бүтцийг хуульчлан баталгаажуулсан байна.

    Улмаар тус чуулганаар Улс төрийн намуудын тухай хуулийг шинээр, Ардын депутатуудын хурлын сонгуулийн хуулийг шинэчлэн баталж, бүх нийтийн чөлөөт ардчилсан сонгууль явуулах шийдвэр гаргасан юм.  Ингэснээр олон намын тогтолцооны үндсийг бүрдүүлж, дөнгөж үүсээд байсан балчир шинэ намууд улсын бүртгэл авч, улс төрийн үйл ажиллагаа явуулах хууль ёсны эрхтэй болж, улмаар ердөө 3 сарын дараа сонгуульд бие даасан субьект болж өрсөлдөх зам мэдлийг засаж, боломж бололцоог олгосон юм.

    Хэдийгээр ийнхүү цаг үеийн шаардлага, АХ-ний тулгалт байсан ч олон намын болон чөлөөт ардчилсан сонгуулийн тогтолцоо бүрдэх, төрийн шинэ байгуулал бий болох улс төр, эрх зүйн угтвар нөхцөлийг бүрдүүлэхэд МАХН онцгой үүрэг гүйцэтгэснийг энэ өдөр эргэн дурсахгүй байж боломгүй. Түүх түүхээрээ байх ёстой. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан АИХ-ын суудлын 84.4 хувь, УБХ-ын суудлын 60.4 хувийг МАХН авч, төрийн тэргүүн-БНМАУ-ын анхны ерөнхийлөгчөөр тэр үеийн МАХН-ын гишүүн Пунсалмаагийн Очирбат гуай сонгогдож томилогдсон нь ардчилсан төрийн шинэхэн түүхийн эхэн үеийн содон үйл явдлын нэг болж тэмдэглэгдсэн байдаг.

    Ингэлээ гээд МАХН монголын ардчиллын хөдөлгөөнд саад болоогүйгээр барахгүй, ачааны хүндийг мөрлөж, улс төр, нийгмийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд зүтгүүр хүчин болж ирсэн. Шинэ үндсэн хуульт байгуулал бүрдэх хүртэлх шилжилтийн үеийн улс төр, эдийн засаг, нийгмийн амаргүй алхмуудыг МАХН, түүний тэргүүлсэн Засгийн газар нуруундаа үүрч гарсан. Олон түмэн энэ бүхнийг үнэлж, ойлгож, удаа дараа итгэл хүлээлгэсээр ирсэн. Ардчиллын 20 жилийн 16 жилд нь засгийн эрхийг дангаар болон хамтран барилцаж байгаа нь үүний тод нотолгоо болно. Итгэл хүлээлгэсээр ирсэн иргэд олондоо МАХН-ын мянга мянган гишүүдийн өмнөөс болон хувиасаа гүн хүндэтгэл илэрхийлж, талархал дэвшүүлж байна. Мөн манай намыг шинэчлэн өөрчлөгдөхөд түлхэц өгч, шударга шүүмжлэл, шахалт шаардлагаар өдөөж, хурцалж ирсэн ардчилсан хүчнийхэндээ түүхт ойн баяр хүргэж, талархлаа илэрхийлж байна.

    Эрхэм хүндэт иргэдээ,
    20 жилийн тэртээх чөлөөт ардчилсан сонгуулиар үндсэн суурь нь баталгаажсан, ардчиллын замнал Та бидэнд олон зүйлийн ухаарал сургамж үлдээсэн, бахархам ололт амжилт, өмгөөлөн хамгаалах, эрхэмлэн дээдэлбэл зохих олон олон үнэт зүйлсийг бий болгожээ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шүтлэг бишрэлтэй байх эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт сонголт, бизнесийн болон бүтээн туурвих эрх чөлөө, олон намын тогтолцоо, иргэний нийгмийн байгууллагад суурилсан ардчиллын институциуд бодит байдал, бидний амьдралын ердийн хэм хэмжээ үнэлэмж болжээ. Улс төрийн намуудын харилцаанд улс төрийн шинэ соёл, шинэ хэм хэмжээ тогтож, улс төрийн намууд сөргөлдөгчид биш түншлэгчид болж төлөвшиж байна. 

    Сонгуулийн үед өрсөлдөгчид байх боловч  улс орны нийтлэг асуудал, үндэсний эрх ашгийн төлөө хамтран ажиллагчид боллоо. Үүний жишээ нь өнгөрсөн жилүүдийн эвслийн болон өнөөгийн манай хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа юм. Бид эвсэж нэгдвэл их зүйлийг хийж бүтээж чадахаа ойлгодог боллоо, туршлагатай боллоо. Энэ бол өнгөрсөн 20 жилийн ардчиллын сургамж бид бүхний хамтын ололт, хамтын ухаарал мөн. Хамтарсан засгийн газар өнгөрөгч хугацаанд УИХ-тай  хамтран олон жил яригдаад шийдэж чадаагүй томоохон асуудлуудыг эхнээс шийдвэрлэж, улс орныхоо хөгжлийг түргэтгэх, хүн ардынхаа аж амьдрал, хүний хөгжлийг хангах, үйлдвэрлэл бизнесийг хөгжүүлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зоримог алхмуудыг хийж эхлээд байна.

    Стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах энхий алхам болох Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө орууллалтын гэрээг байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Таван толгойн орд газрыг ашиглах үзэл баримтлалыг батлуулснаар байгалийн баялагтаа эзэн нь байх, иргэн бүр өмчтэй болох хувь хишиг хүртэх, үндэсний компаниуд давуу эрхийн хувьцаа эзэмших, өсөж хөгжих түүхэн шийдвэр гаргалаа. Үндэсний аж Үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, шинэ бүтээн байгуулалт, говийн бүсийн дэд бүтцийн хөгжил, атрын III аян, монгол мал хөтөлбөр гээд асар их хөрөнгө оруулалт шаардсан аварга том бүтээн байгуулалт, ажлын байрны багтаамжтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүүлэх эхний алхамуудыг хийлээ. Эдийн засгийн хөгжлийн галт тэрэг нэгэнт хөдөлсөн гэдгийг хамтарсан Засгийн газрын тэргүүний хувьд хэлж байна.

    Нэг үгээр хэлбэл улстөр, нийгмийн өөрчлөлтийн 20 жил дуусч, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн 20 жилийн буухиа эхэлж байна. Энэ буухиа галт тэрэгний эрч хурдыг сааруулахгүйн тулд хамтарсан Засгийн газар олон арга хэмжээ авч байна. Үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, бүртгэлийн тогтолцоог бүрдүүлэх, банк санхүүгийн тогтолцоог тогтворжуулах, төрийн өмчийн компаниудын удирдлагыг нээлттэй болгох менежментийг шинэчлэх, бизнесийн орчны шинэтгэлийг эрчимжүүлэх, боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, нийгмийн эрүүл мэнд, даатгал, халамжийн  үйлчилгээг чанарын шинэ түвшинд гаргах, ажлын шинэ байрыг нэмэгдүүлэх талаар чармайн ажиллаж байна.

    Хүний хөгжлийн сан, Хөгжлийн банк байгуулж, иргэддээ хувь хишиг хүртээх, их бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх  ажлыг эхлүүлж байна. Хүний хөгжлийг хангах , иргэдийн амьжиргааг хамгаалах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байна. Иргэдийн хөдөлмөр эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр 30,0 тэрбум төгрөгийг баталж, 10 дугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин, иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар өсгөх, хүний хөгжил сангаас иргэддээ сар бүр хувь хишиг хүртээх шийдвэрүүдийг гаргаад байна. Энэ бүхэн Засгийн газрын хийх л ёстой ажлууд. Бид бодитой ажил хийх болно.

    Эдийн засаг, нийгмийн эдгээр зорилтуудын зэрэгцээ ардчиллын хөгжлийг хангах, ардчиллын шинэ соёлыг нийгмийн бүх салбарт нэвтрүүлэх зорилтууд тулгараад байна. Энд юуны өмнө сонгуулийн тогтолцоо, сонгуулийн ардчиллыг улам боловсронгуй болгох нь тулгамдсан зорилт юм. Анхны чөлөөт сонгуулиас хойш УИХ-ыг сонгох 5 удаагийн, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 5 удаагийн сонгуулийг явуулжээ. Ахиц дэвшил мэдээж байгаа боловч зарим талаараа анхны чөлөөт сонгуулийн ардчилсан, шударга өрсөлдөөний зарчмаас гажсан зүйл бий. Үүнийг сүүлийн сонгуулиуд тойрсон маргаан будлиан, иргэдийн санал шүүмжлэл нотолж байгаа. Энэ байдлыг засч залруулахын тулд сонгуулийн тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох гарцаагүй шаардлагатай. Одоо сонгуулийн хуулийн төсөл ид ярьж байна. Төсөлд хувь тэнцүүлэх / пропорциональ / хувилбар тодорхой хэмжээгээр тусгагдсан. 1990 онд УБХ-ыг бүрдүүлэхдээ энэ зарчмыг баримталсан нь тухайн үедээ улс төрийн шударга хуваарилалт, оновчтой шийдэл болсон туршлагыг ч харгалзан үзүүштэй.

    Хамгийн гол нь бид бүгдээрээ сонгуулийн ардчиллын шинэ соёлд суралцах шаардлагатай байна. Сонгууль бол түүнд оролцогч улс төрийн намууд нэр дэвшигчид, сонгогчид, сонгуулийг зохион байгуулагч олон субъектуудын оролцоо, харилцааны соёлыг илтгэх чухал толь билээ. Сүүлийн үед энэ толинд бид тийм ч сайхан харагдахгүй байгаа билээ. Энэ дутагдлаа засч залруулах нь ардчилалд суралцаж, түүнийг хөгжүүлж буйн нэгэн шалгуур болно. 20 жилийн өмнөх анхны чөлөөт ардчилсан сонгуулийн цэвэр шудрага өрсөлдөөний уламжлалыг сэргээж, сонгуулийн ардчиллын шинэ соёлыг төлөвшүүлж, монголын ардчиллын хөгжилд шинэ түрлэг нэмэхийг нийт иргэд сонгогчид, улс төрийн бүх намд уриалж байна.

    Та бүхэндээ анхны ардчилсан сонгуулийн 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргье.

  • Ерөнхий сайд Монголд элгэмсэг Сүзүки Мүнэог хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд Монголд элгэмсэг Сүзүки Мүнэог хүлээн авч уулзлаа “Монголд япон машин олон байгааг харахад таатай байлаа” гэж Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Сүзүки Мүнэо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзахдаа хэлэхэд Ерөнхий сайд “Энэ бол манай улс Японыг хэрхэн дэмждэгийн илэрхийлэл” хэмээгээд түүнийг уулзалтын ширээнд урилаа. Сүзүки Мүнэо нь 1991 онд Японы Гадаад харилцааны сайд байхдаа манай улсад албан ёсоор анх удаа ирснээс хойш хэд хэдэн удаа айлчилсан. Японы парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүний хувьд Монголоос очсон төлөөлөгчдийг хүлээж авч уулздаг.

    Монголын ардчилал, шинэчлэлийг Японд болон олон улсын хүрээнд дэмжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн түүнд Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийллээ. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах угтвар нөхцөл болно гэдгийг онцоллоо. Мөн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Япон улсын Засгийн газрын хоёр үе шаттай зээлийг үргэлжлүүлэх асуудлыг шийдвэрлээд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргаж Японы иргэд Монголд визгүй зорчих эрхтэй болсон. Манай улсын иргэдийг Японд зорчиход визийн ийм хөнгөлөлт үзүүлэхэд мөн дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

    Ноён Сүзүки Мүнэо нь өөрийн сонгуулийн тойрог болох Хоккайдогоос хувийн зардлаар 1992-1994 онуудад тус бүр таван тн элсэн чихэр, цагаан будаа, масло, гурил зэрэг хүнсний зүйл цуглуулж манай улсад бэлэг болгон илгээж байжээ. Мөн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар дөрөвдүгээр цахилгаан станцын тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөдөө орон нутгийг дизель цахилгаан станцаар хангах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, монгол найз нөхөд олонтой эрхэм юм. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокоро нар байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээКОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТЫГ БАТЛАВ

    Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор “Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”,  2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Концессын тухай хууль батлагдсан юм. Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд шууд нөлөөлөх бүтээн байгуулалтын ажлыг цаг алдахгүй эхлүүлэхийн тулд Засгийн газар Концессын зүйлийн жагсаалтыг хэлэлцэн баталлаа. 

    91 төсөл, арга хэмжээг тусгасан энэ жагсаалтыг баталснаар дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээний томоохон бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй 7, 8 сард эхлүүлэх нөхцөл бүрдэж байна. Жагсаалтад тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсөвт тусгах, олон улсын банк, санхүүгийн байгууллагын төсөлд хамруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулж, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нарт даалгав.

    Жагсаалтад тусгагдсан төсөл, арга хэмжээний концессын гэрээг Төрийн өмчийн хороо тухай бүрд нь Засгийн газрын хуралдаанаар батлуулж, жагсаалтын биелэлтийн явц, хүрсэн үр дүн, хэрэгжилтийг жил бүрийн 1 дүгээр сард Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээж байна.

  • Алтаргана наадмын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Алтаргана наадмын төлөөлөгчдийг хүлээн авч уулзавМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Алтаргана-2010 наадамд оролцохоор ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Эрхүү, Чита муж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгаас ирсэн буриад зоны төлөөлөгчдийг 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав. Хил залгаа бүс нутгийн ард түмнүүдын харилцаа, хамтын ажиллагаа, нөхөрлөл, түншлэлийг өргөжүүлэхэд Алтаргана наадам чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв.

    Улаанбаатар хотноо анх удаа болж байгаа энэ наадмын хүрээнд буриад түмний түүх, зан заншил, соёлыг монголын ард түмэнд, нийслэлчүүдэд таниулж, урлаг, спортоор өрсөлдөж байна. Хил орчмын бүс нутгийн худалдаа, эдийн засгийг хөгжүүлэхэд ч хувь нэмрээ оруулах энэ наадмыг зохион байгуулахад Улсын Их хурал, Засгийн газар, орон нутаг бүх түвшинд анхаарсан гэж Ерөнхий сайд хэлээд наадамд оролцож байгаа буриад зонд Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэв.

  • Эв нэгдлийн их баяр наадам

    Эв нэгдлийн их баяр наадам Өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд нээгдсэн буриад зоны  баяр  бахдлын цэнгүүн “Алтаргана- 2010” их наадмын нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцохдоо ийнхүү хэллээ. “Буриад түмний урлаг, соёл, спортын бүхий л ай  төрөл зүйлүүдийг  багтаасан Алтаргана наадам нь эв нэгдлийн, элгэн сэтгэлийн их баяр юм. Энэ наадамдаа хүн бүхэн их аз жаргал баяр баясгалан тээж хуран цуглардаг уламжлал хэдийнэ тогтож, хүлээн хүсдэг наадам болж өргөжин тэлсээр байна.

    Олон мянган жилийн уламжлалт, өв соёлыг түүчээлэн тээсэн буриад ардын ““Алтаргана-2010” хэмээх ес дэх удаагийн наадмын ажиллагаанд амжилт хүсье. Монгол тулгатны их голомт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо тохиож буй “ Алтаргана-2010” наадамд морилон ирсэн ОХУ, БНХАУ болон Монгол улсын төр, нийгэм,соёл урлагийн зүтгэлтнүүд, эртний их түүхт авьяас билэгт Буриад түмэн, эрдэмтэн судлаачид энэ наадамд оролцогч хүн бүхэнд Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа мэнд дэвшүүлж, эрхмийн дээдийг хүсэн ерөөе. Сайхан наадаарай ” хэмээн ерөөл дэвшүүллээ.

    Энэ удаагийн наадмыг ес дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд ОХУ, БНХАУ-ын Өвөр монголын буриадын төлөөлөл оролцож байгаагаараа онцлог гэж хэлж болох аж. Тийм ч учраас энэ жилийн “Алтаргана-2010” наадамд 1700 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Анх 1994 онд Хэнтий аймгийн Дадал сумын буриадууд дууны  Алтаргана наадам зохиож эхэлснээс хойш уг наадам   олон төрлөөр өргөжиж, хоёр жил тутамд уламжлал болгон зохиогдох болжээ. “Алтаргана-2010” буюу энэ жилийн наадамд хүрэлцэн ирсэн буриадууд маань урлаг, соёл, спортын 15 төрлөөр өрсөлдөх юм байна. гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газрын хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 20-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 20-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

    “Монгол Улсын иргэнд  хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 3 дугаар тогтоолын 3 дахь заалтад дор дурдсан өөрчлөлт оруулав. Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийн эхний ээлжийн 70,0 мянган /далан мянга/ төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс, үлдэх хөрөнгийг 2010 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн ногдох хэмжээгээр нь хуваан олгох ажлыг зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид, уг арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод Засгийн газрын хуралдаанаас даалгав.

    ХӨГЖЛИЙН БАНК БАЙГУУЛНА

    Монгол Улсын Хөгжлийн банк байгуулж, дүрмийг нь хавсралт ёсоор батлав. Хөгжлийн банкны ажлыг 2010 оны 3 дугаар улиралд багтаан эхлүүлж, банкны гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулсны үндсэн дээр туршлагатай, чадварлаг, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэхийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгав.

    Хөгжлийн банк нь стратегийн ач холбогдол бүхий салбаруудад санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Тухайн салбарыг дунд болон урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрээр хангах, олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дотоод, гадаадын хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд татан оролцуулах үндсэн зорилготой юм. 

    Засгийн газрын хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлснээр 100.0 тэрбум төгрөг тутам эдийн засгийн өсөлтийг 1 хувиар нэмэгдүүлэх боломжтой болно. Банкны санхүүжилтээр байгуулах дэд бүтэц, хүнд аж үйлдвэрийн обьектууд улсын хөгжлийг түргэтгэж, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, импортыг орлуулах, Дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг боловсронгуй болгоход  чухал ач холбогдолтой юм. 

    Хөгжлийн банкны менежментийг анхнаас нь зөв хийж, ойлгомжтой, нээлттэй байлган, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн, өндөр чадвартай багаар удирдуулах ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон Төрийн өмчийн хорооны удирдлагад анхаарууллаа.

    АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

    “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бэлтгэл ажлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Аж үйлдвэрийн цогцолборын төслийн ерөнхий зөвлөх, хуулийн зөвлөхийг сонгон шалгаруулах ажлыг зарлахыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо /Ч.Хашчулуун/-нд даалгав. 

    Мөн “Сайншанд” болон бусад бүс нутагт байгуулах аж үйлдвэрийн паркуудыг хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих нөхцлийг бүрдүүлэхийн тулд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах, төсөлд үндэсний аж ахуйн нэгжүүдийг оролцох боломжоор хангах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллахыг “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг /Ч.Хүрэлбаатар/-т даалгав. 

    “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборт дэвшилтэт техник, өндөр технологи бүхий кокс, хар төмөрлөг, нүүрс хийжүүлэх, зэс хайлуулах, барилгын материалын, газрын тос боловсруулах үйлдвэрийг хувийн хөрөнгө оруулалтыг татах замаар барина. Ингэснээр боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, цемент, төмөр эдлэхүүний хэрэгцээг дотооддоо ханган, импортын хэмжээ буурч, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн шатахууны үнийг тогтвортой барих боломж бүрдэнэ.

    Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн цогцолбор, дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжтай, байгаль орчинд ээлтэй, хот төлөвлөлтийн шаардлагыг бүх талаар хангасан орчин үеийн хот байгуулах юм.  “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд 5-аас дээш жилийн хугацаанд 10 гаруй тэрбум ам долларын хөрөнгө шаардлагатай. Иймээс төслийг санхүүжүүлэх хөрөнгийг санхүүгийн олон эх үүсвэрээс, үе шаттайгаар бүрдүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэж байна. 

    Байгуулагдах үйлдвэрүүдийг түүхий эдийн нөөц, дотоод, гадаадын зах зээл, ажиллах боловсон хүчний нөөц бэлтгэх, төмөр зам болон бусад дэд бүтэц барих ажилтай нягт уялдуулах нь чухал байгаа юм. Энэ дагуу техник, эдийн засгийн судалгааг үндэслэл сайтай хийж барьж байгуулах, хөрөнгө оруулагчдыг татах нөхцлийг бүрдүүлэхийн тулд олон улсын хэмжээнд нэр хүндтэй, туршлагатай зөвлөхийг нээлттэй шалгаруулалтаар сонгон авах нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. 

    “ЗӨГИЙН ҮҮР” ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “Эх орынхоо хөгжилд бидний оролцоо” сэдэвт чуулга уулзалт болж хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөл болох 350 гаруй хүн оролцсон юм. Энэ чуулга уулзалтаар яригдсан “Зөгийн үүр” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ хөтөлбөр нь хилийн чанадад байгаа иргэдээ эх орондоо ирж ажиллаж, амьдрахад шаардлагатай бодит мэдээллээр хангах, тэдний боловсрол, мэргэжлийн туршлага, ур чадварын талаар мэдээллийн сан үүсгэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын талаархи мэдээллийг гадаадад байгаа монгол иргэддээ хүргэх зорилготой.

    Мөн : 
    – Монгол Улсын иргэд хилийн чанадаас эргэн ирж хөдөлмөр эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэх болон хилийн чанадад байгаа иргэд, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах таатай эрх зүйн орчин бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэх, хамтран ажиллахад зуучлах, бизнесийн зөвлөх үйлчилгээ хэлбэрээр дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх

    – Хилийн чанад дахь Монгол Улсын иргэд эдийн засаг, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, бүтээн байгуулалтын тэргүүлэх салбар, чиглэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн зах зээлд онц шаардлагатай ажлын байранд ирж ажиллавал үзүүлэх цалин хөлс, урамшууллын тогтолцоо бий болгоно.  

    Өнөөдрийн байдлаар манай улсын 200 хүртэл мянган иргэн хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа гэсэн албан бус тоо байдаг бөгөөд энэ нь манай улсын нийт ажиллах хүчний 9.3-18.6 хувь юм. Эдгээр иргэнийхээ мэдлэг, ур чадвар, нөөц бололцоог улсынхаа хөгжлийн төлөө ашиглахад татан оролцуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. 

    Манай улс ойрын жилүүдэд эдийн засаг, нийгмийн олон салбарт бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөр, төслийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдон 2010-2015 онд 40 гаруй мянган ажлын байр шинээр бий болно. Үүний 6 мянга гаруй нь инженер, техникийн ажилтан байх шаардлагатай. Мөн өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэхээр байгаа юм. 

    ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    Монгол  Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао 2010 оны 6 дугаар сарын 1-2-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр 9 баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ юм. Энэ дагуу Монгол, Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 1988 оны гэрээг шинэчилэн байгуулсан. 

    Гэрээ байгуулагдсанаар Монгол Улсын хилийг хамгаалах, улсын хилийн халдашгүй байдлыг хангах, хил орчмын нутаг дэвсгэрт мөрдөх хилийн дэглэм, түүнийг сахин хамгаалах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг таслан зогсоох эрх зүйн орчин 1988 оны гэрээнээс илүү боловсронгуй болно.  

    Түүнчлэн хоёр улсын, тэр дундаа хил орчмын орон нутгийн худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг төрийн нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хөгжүүлэх, хил орчмын нутаг дэвсгэр дээрх төрөл бүрийн үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах, байгаль орчныг хамгаалах, хилийн усыг зүй зохистой, илүү үр ашигтай байдлаар ашиглаж хамгаалах, зах зээлийн эдийн засгийн шаардлагаас үүдэн гарч буй хил дамнасан байгууламжийг шинээр барьж байгуулах, ашиглах, хилийн боомтыг бүрэн хүчин чадлаар ашиглах үүднээс үйл ажиллагааг нь сайжруулах зэрэг олон талт асуудлаар хоёр улсын Засгийн газар хамтран ажиллах эрх зүйн үндэс бүрдэж байна. 

    Хилийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын гэрээ нь 11 бүлэг, 50 зүйл, 14 хавсралттай юм. Гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцэн Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

    ТОВЧХОН

    – Улсын Их хурлын гишүүн Э.Бат-Үүл, П.Алтангэрэл нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагчдад уламжлахаар тогтов.

    – Концессийн зүйлийн жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжив. Гэхдээ төр, засгийн бодлого маш тодорхой, олон нийтэд ил тод байх ёстой гэж Засгийн газар үзэн гишүүдийн саналыг тусгаж 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болов. 

    – Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2011 оны төсвийн хязгаар болон 2012-2013 оны төсвийн хязгаарын төсөөллийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн саналыг тусган хавсралт ёсоор баталлаа. Батлагдсан төсвийн хязгаарт багтаан 2011 оны төсвөө боловсруулахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарын зарлагыг урсгал, хөрөнгийн зардал, эргэж төлөгдөх цэвэр зээл гэсэн 3 үзүүлэлтээр гаргажээ.

    – Иргэдээс 2010 оны эхний хагаст Засгийн газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээллийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Эхний хагас жилд иргэдээс 1180 санал, өргөдөл, гомдол ирүүлснээс 1070-ыг нь нь шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, энэ тухай иргэдэд мэдэгджээ. 110 өргөдөл, гомдол, саналыг судлаж шийдвэрлэх гэж байна.

    – Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын 2010 оны 6 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг сайшааж,  айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгав.

  • Ерөнхий сайдад ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчид бараалхав

    Ерөнхий сайдад ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчид бараалхав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 14 дүгээр хуралдаан Улаанбаатарт эхлэх гэж байгаатай холбогдуулан тус хуралдаанд оролцохоор ирсэн ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод ОХУ-ны Ерөнхий сайд В.В.Путины мэндчилгээг ОХУ-ын Тээврийн сайд уламжиллаа.

    Ерөнхий сайд мэндчилгээг хүлээн аваад, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд амжилт хүсэв. Тэрээр Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд, Засгийн газар хоорондын комиссын (ЗГХК) ээлжит 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлууд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хоёр орны ЗГХК-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар  ОХУ-ын төлөөлөгчидтэй санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ж.Стэйнберг: Монгол Улс нь ардчиллын загвар улс юм

    Ж.Стэйнберг: Монгол Улс нь ардчиллын загвар улс юм Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Төрийн Департаментын нэгдүгээр орлогч дарга Жеймс Б.Стэйнбергийг 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Монгол Улс, АНУ-ын сайн хөршийн, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, хоёр улсын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарын харилцаанд амжилт гарч байгааг тэмдэглэв. Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн ардчилал, зах зээлийн эдийн засгийг АНУ эхнээс нь тууштай дэмжиж, тусалж ирснийг Ерөнхий сайд дурдаад, өнөөгийн хоёр улсын харилцаа чанарын шинэ түвшинд гарч ирж байгааг онцлов.

    Тухайлбал Монгол Улс олон улс болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, сахин хамгаалах талаар тууштай бодлого явуулдаг бөгөөд дэлхийн халуун цэгүүдэд НҮБ, АНУ болон дэлхийн бусад оронтой хамтран энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгааг Ерөнхий сайд дурдлаа. Монгол Улс нь ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн нийгэм, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхээр туулж ирсэн сүүлийн хорин жилийн замналын баялаг туршлагаасаа дэлхийн аливаа улс оронтой хуваалцах, хэлэлцэх, ойлгуулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг Ерөнхий сайд цохон  тэмдэглэлээ.

    Монгол Улсад АНУ-ын Мянганы Сорилтын сангийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг мөн тэрээр дурдаад, цаашид АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, бизнесийн солилцоог хөгжүүлэх талаар ихээхэн боломж байгааг тэмдэглээд, Монгол Улс АНУ-тай боловсролын салбар, мэдээллийн технологийг хөгжүүлэх, технологи шилжүүлэх талаар хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. АНУ-ын Төрийн Департаментын нэгдүгээр орлогч дарга Ж.Стэйнберг Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаа, хамтын ажиллагаагаа АНУ ихэд өндрөөр үнэлдэг бөгөөд тус харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно гэв.

    Тэрээр Монгол Улсын дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах энхийн бодлогыг АНУ дэмжсээр ирсэн бөгөөд цаашид ч дэмжих болно гэж хэллээ. Түүнчлэн Монгол Улсын олон улс болон бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэхэд гаргаж байгаа хүчин чармайлтыг Ж.Стэйнберг өндрөөр үнэлж, Монгол Улсын ардчилсан замналаар туулж өнгөрүүлсэн туршлагаас хуваалцах, суралцах нь аливаа бэрхшээлтэй асуудалтай тулгарсан улс орны хувьд том ач холбогдолтой бөгөөд загвар байх болно гэдгийг онцлов.

    Мөн тэрээр Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн санал, санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, АНУ-д монголын оюутан залуусыг сургах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх талаар хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, идэвхжүүлэх болно гэж мэдэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.