Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр болов

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр болов Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр болов. Хурлаар “Хүний хөгжил сан”-гийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх заалтын “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээл.. гэснийг “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээлийн тодорхой хэсгийг” гэж өөрчлөх шаардлагатай гэж Засгийн газар үзэж байна.

    “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулинд тус сангийн орлого нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын улсын төсөвт ногдох хэсэг,хөрөнгө оруулалтын цэвэр ашиг болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газар ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээл зэрэг эх үүсвэрээс бүрдэхээр заасан. 

    Уул уурхайн салбарын үйлдвэрлэл жил ирэх тусам өсөн нэмэгдэж, цаашид стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж, энэ хэрээр “Хүний хөгжил сан”-д төвлөрөх хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, төсвийн орлогод эзлэх хувь хэмжээ өсөхөөр байна. Иймээс “Хүний хөгжил сан”-гийн орлогын эх үүсвэрийг тодорхой хүрээнд хязгаарласан зохицуулалтыг уян хатан, өргөн хүрээтэй болгож, нэгдсэн төсвийн өөрийн уян хатан байдлыг хангах зорилгоор хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

    Хуульд өөрчлөлт орсноор “Хүний хөгжил сан”-гийн орлогын эх үүсвэр бүрдүүлэлтийн тодорхой хязгаарлалт уян хатан, өргөн хүрээтэй болох бөгөөд ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилгыг тогтвортой хангах нөхцөл бүрдэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • С.Батболд: Илүү олон асуудлыг шийдвэрлэх зорилт та бүхний өмнө байна

    нийслэл хот, нийслэл, улаанбаатар, шагнал

    “Хүрсэн үр дүнгээ бататгах, илүү олон асуудлыг шийдвэрлэх том зорилт та бүхний өмнө байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Нийслэлийн удирдлагуудад шагнал гардуулахдаа хэллээ. Нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрыг Засгийн газраас 10 сая төгрөгөөр шагнасныг Ерөнхий сайд С.Батболд нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөний үеэр гардуулсан юм. Тэрбээр шагнал гардуулахдаа “Та бүхэн өнгөрөгч 2009 онд иргэдийн нүдэнд харагдахуйц зарим асуудлууд тухайлбал, төв замын засвар, автобусны парк шинэчлэлт зэрэг олон асуудлыг шийдвэрлэсэн. Нийслэл хот өнөөдөр манай орны эдийн засаг, нийгмийн амьдралд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, дотоодын нийт бүтээгдэхүүний 50 гаруй хувийг үйлдвэрлэж байна.

    Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос гаргасан аймаг нийслэлийн хөгжлийг 9 бүлэг, 65 үзүүлэлтээр тооцсон хөгжлийн индексээр нийслэл маань Орхон, Өмнөговь аймгийн дараа гуравдугаарт орж байна. Энэ мэтчилэн олсон ололт, хүрсэн амжилт олон байгаа” гээд хүрсэн үр дүнгээ бататгаж ажиллахыг онцоллоо. Мөн хуулиар өгөгдсөн нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг төлөвлөж, боловсруулах, хэрэгжилтийг шуурхай, оновчтой зохион байгуулах, тэдгээрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх Засаг даргын Тамгын газрын үндсэн чиг үүргээ илүү сайн хийж хэвшүүлэх нь чухал.

    Нийслэлийн өмнө тулгарч буй шийдлээ хүлээсэн олон асуудлыг иргэд олон түмний оролцоотойгоор дэс дараатай шийдвэрлэх, нутгийн захиргааны байгууллага, ажилтан бүрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай чирэгдэлгүй хүргэхэд онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагуудад анхаарууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолоор баталсан журмыг үндэслэн 2009 оны үйл ажиллагааны үнэлгээгээр өндөр үнэлгээ авсан Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж, дээрх аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт тус бүрт нь нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн юм.

    Аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын газрын үйл ажиллагааг бодлогын зорилтын хэрэгжилт, тэдгээрийн зохицуулалт, байгууллагын үйл ажиллагааны үр дүн, ил тод байдал, үр дагавар гэсэн таван үндсэн үзүүлэлтээр дүгнэсэн байна гэж Засгийн газрын Hэвлэл мэдээлллийн албанаас мэдээллээ.

  • Монгол Улсын Иргэний шинэчилсэн бүртгэлийн нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

    Монгол Улсын Иргэний шинэчилсэн бүртгэлийн нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг Эрхэм хүндэт Монгол Улсын Иргэд ээ, эрхэм хүндэт Зочид оо,
    Та бүхний энэ өглөөний амгаланг айлтгая.

    Хамтарсан Засгийн газар “Хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн” гэж бодлогоо тодорхойлон “Монголын төр иргэндээ ойрхон байх ёстой”-г миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын албыг дөнгөж аваад хэлж байсан. Монголын төр иргэнийг холбох гүүр нь улсын бүртгэл. Энэхүү гүүрийг төр, иргэн хамтдаа шинэчлэх, дахин тулгуур багана босгох суурийг тавьж байна. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл өнөөдөр орон даяар эхлэж байна.
     
    Төр иргэнийг холбосон бүртгэлийн төгөлдөршил бол хөгжлийн нэг гол түлхүүр юм. Иймээс Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсад бүртгэл, мэдээллийн тогтолцоог бий болгох Үндэсний хөтөлбөр”-ийг баталж, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгож, бэхжүүлэх” зорилтыг дэвшүүлэн тавьсан. УИХ-аас 2009 онд “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийг баталсанаар улсын бүртгэлийг нэгдмэл, хараат бусаар үнэн зөв хөтлөх, бүртгэлийн ажлыг шинэ шатанд гаргах хууль зүйн орчинг бүрдүүлсэн.
    Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл “Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох” үндэс, суурь нь болох юм.

    Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, байгалийн баялгаас олох ашгаа ард иргэддээ тэгш хүртээх асуудлыг Иргэний шинэчилсэн бүртгэлтэй уялдуулан зохион байгуулахаар Засгийн газраас холбогдох шийдвэрийг гаргаад байна.Oдоо УИХ-аар хэлэцэж байгаа Таван Толгойн хувьцааны 10 хувийг ард түмэндээ тараахад ч  иргэний шинэчилсэн бүртгэл  гол тулгуур болох учиртай. Төрөөс иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай, бодитой, тэгш, шударга хүргэх нөхцлийг бүрдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэний эрхийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад Иргэний шинэчилсэн бүртгэлийн ач холбогдол оршино  Иргэний шинэчилсэн бүртгэлийг иргэний биеийн давхацахгүй өгөгдөлд суурилан явуулна.

    Иргэний шинэчилсэн бүртгэлийг бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн суурь өгөгдөл болгож, цаашид хэрэглэгээнд оруулж ашиглах нь чухлаар тавигдаж байгаа төдийгүй «ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРОН, БҮТЭЭГЧ АРД ТҮМЭН»  болох үзэл баримтлалын үндэс суурийг бэхжүүлэхэд
    улсын бүртгэл голлох үүрэгтэй. Монгол Улсын иргэд ээ. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлдээ бүртгүүлцгээе.

    Анхаарал тавьсанд баярлалаа

  • Тавантолгойн хувьцааг иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн авна

    тавантолгой, хишиг, эх орны хишигМонгол Улсын иргэн, Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нар өнөөдөр иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдлаа. 2010 оны 7 дугаар сарын 5-ны энэ өдөр орон даяар иргэний шинэчилсэн бүртгэл эхэлж байгаа бөгөөд  21 аймгийн 331 сум, 9 дүүргийн 132 хороо буюу нийт 463 нэгжээр дамжуулан бүртгэлд хамруулах юм. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн нээлт Төрийн ордонд болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг болон  иргэдийн төлөөлөл оролцлоо.

    “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг хэрэгжүүлж иргэддээ хишиг, хувь болон байгалийн баялгаас олох ашгаа тэгш хүртээх асуудлыг Иргэний шинэчилсэн бүртгэлтэй уялдуулан зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэр гаргасан. Одоо Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Тавантолгойн хувьцааны 10 хувийг ард түмэндээ тараахад иргэний шинэчилсэн бүртгэл гол тулгуур болох учиртай гэж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо. Төр, иргэнийг холбосон бүртгэлийн төгөлдөршил бол хөгжлийн нэг гол түлхүүр.

    Иргэний шинэчилсэн бүртгэл “Бүртгэлийн нэгдсэн тогтолцоо” бий болгох үндэс суурь нь болно. Төрөөс иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай, бодитой, тэгш, шударга хүргэх нөхцлийг бүрдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, иргэний эрхийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, “Хөгжилтэй улс орон, Бүтээгч ард түмэн” болох үзэл баримтлалын үндэс суурийг бэхжүүлэхэд “Иргэний шинэчилсэн бүртгэл” чухал ач холбогдолтой гэж тэрээр хэлэв.

    Төрийн бодлогын нэгдмэл чанарыг хангах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх, төрийн ой санамжийг бүрдүүлж, нийгмийн бүх салбарыг хамарсан үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэхэд “Иргэний шинэчилсэн бүртгэл”-ийн ажил томоохон түүхэн үүрэг гүйцэтгэх болно гэж Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэллээ. Монгол Улсын иргэний бүртгэлийн давхардал, зөрчлийг арилгах зорилгоор Улсын Их Хурлаас  иргэний шинэчилсэн бүртгэл явуулах, үүнтэй холбогдуулан иргэний ухаалаг үнэмлэх олгох суурь дэд бүтэц, иргэний биеийн өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан бий болгохыг Засгийн газарт даалгасан юм.

    Энэ хүрээнд иргэдийн төрсний, иргэний үнэмлэхний болон байнга оршин суугаа газрын бүртгэлийг баталгаажуулж, мэдээллийн нэгдсэн сантай болсноор төрийн байгууллагууд ч хоорондоо мэдээллээ шуурхай солилцох боломж бүрдэх юм. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах 16-аас дээш насны иргэн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээтэйгээ харъяа сум, хороондоо очин, зургаа даруулж хурууны хээгээ өгөх ёстой. Харин 16 нас хүрээгүй хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нь хариуцан бүртгэлд хамруулна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • С.Батболд: Иргэддээ сар бүр хишиг, хувь хүртээнэ

    С.Батболд: Иргэддээ сар бүр хишиг, хувь хүртээнэ2010 оны 8 дугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт сар бүр 10 мянган төгрөгийн хишиг, хувийг “Хүний хөгжил сан”-гаас олгохоор Засгийн газар төлөвлөсөн. Мөн 2011 оноос хишиг, хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэн сар бүр олгох нь зүйтэй гэсэн чиглэл баримталж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв. “Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын дагуу эхний ээлжинд 70 мянган төгрөг олгосон. Мөнгийг бөөнөөр олгосон нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсч, зарим бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болгох хандлага ажиглагдсан юм.

    Иймд үүнээс сэргийлэх, иргэддээ хишиг, хувийг байнга хүртээж байх нь зүйтэй гэж Засгийн газар үзэн “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Энэ асуудлаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудтай уулзан байр сууриа илэрхийллээ. Засгийн газар хөгжлийн асуудалд анхаарч иргэдээ өрсөлдөх чадвартай, боловсролтой болгохын зэрэгцээ иргэдийнхээ эрүүл мэнд, гэр бүл,  нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхийг зорьж байна. “Хүний хөгжил сан”-гаас олгох хишиг, хувь дээрх асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

    Засгийн газраас цаашид авахаар зорьж байгаа арга хэмжээний тухайд нэгдүгээрт хишиг, хувийг сар бүр олгож эхлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ зорилгоор “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүртээ олгох хишиг, хувийг сар бүр олгож байх шийдвэрийн төслөө УИХ-д өргөн барьсан. Хоёрдугаарт сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн иргэн бүрт 2011 оноос эхлэн сар бүр 21 000 төгрөгөөс доошгүй хэмжээний хишиг, хувь олгох саналыг Засгийн газраас дэвшүүлээд байгаагаа Ерөнхий сайд хэллээ. Иргэн бүрт өгч байгаа энэ хишиг, хувийг 0-18 насны бүх хүүхэд ч хүртэх юм. Цаашид хишиг, хувийг нэг дор бөөнөөр нь өгөх биш, харин сар бүр тогтмол өгч байх нь илүү оновчтой, зөв шийдэл. Олгох мөнгөний хэмжээг жил бүр улсын төсөвтөө тусгаж, батлуулж байх юм гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд амаржих газарт санаа тавилаа

    Ерөнхий сайд амаржих газарт санаа тавилааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 7 дугаар сарын 2-ны өдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Арвин, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарыг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд амаржих газруудын үйл ажиллагаа, тулгарч байгаа хүндрэлтэй танилцан цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон байна.

    2010 оны 1 дүгээр сард Нэгдүгээр амаржих газарт нярайн халдвар гарсны улмаас үйл ажиллагааг нь зогсоон эхчүүдийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Хоёрдугаар амаржих газар, “Хатагтай”, “Таны төлөө бид” эмнэлэгт шилжүүлсэн. Ерөнхий сайд С.Батболд тухайн үед газар дээр нь байдалтай танилцан их засварт шаардлагатай 2,1 тэрбум төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдсэн юм. Ингэснээр Нэгдүгээр амаржих газар 6 дугаар сарын 18-наас эхчүүдээ хүлээн авч ажиллаж байна.

    Цаашид нэг, хоёр, гуравдугаар амаржих газрын барилгыг өргөтгөж 4 дүгээр төрөх газрыг шинээр барихаар төлөвлөж байна. Үүнд нийт 19 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд төсөвт тусгагдсан хөрөнгөөс гадна бусад эх үүсвэр ашиглан ажлаа эрчимжүүлэхийг Ерөнхий сайд С.Батболд салбарын яам, хотын удирдлагад үүрэг болголоо. 4 дүгээр амаржих газрыг хаана барих зэрэг асуудлыг одоогоор эцэслэн шийдээгүй байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Бизнес эрхлэгчдийн дуу хоолой илүү тод байх ёстой

    бизнес, хувийн бизнесМонголын худалдаа аж үйлдвэрийн танхимын 50 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн ажиллагаанд оролцсон Монгол улсын Ерөнхий сайд ингэж онцоллоо. Ачааны хүндийг үүрч яваа эрхэм бизнесмэнүүдэд Засгийн газар ээлтэй орчин бүрдүүлэхээр чармайж, энэ жилийг “ Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаад зургаан сар өнгөрч байна. Бизнесийн орчны хүнд суртлыг арилгаж, цогцоор нь шинэчлэхээр Засгийн газар зорин ажиллаж байгаа.  Гэхдээ энэ ажлыг санасанчлан хурдтай явуулах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, төр засгийн зүгээс гадна эрхэм бизнесмэнүүдийн хүчин чармайлт маш чухал шүү гэдгийг сануулж байсан юм. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллага төрийн аппаратыг шахаж ажиллах ёстой гэдгийг зөвлөж байлаа.

    Засгийн газраас юуны өмнө бизнес эрхлэхэд тохиолддог бичиг цаасны хүнд суртлыг арилгахаар цөөнгүй  алхам хийж байгаагийн нэг нь өчигдөр зохион байгуулсан “ Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тогтлолцооны шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг байсан гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглэж байсан. Чөлөөт зах зээлд шилжээд даруй 20-иод жил өнгөрч байгаа ч түүнээс олон жилийн өмнө баталсан дүрэм журам өдий болтол мөрдөгдөж байсныг  Үйлдвэр худалдааны сайд байхдаа “ илрүүлж”,  200 орчим тушаал шийдвэрийг урж байсан аж. Гэтэл  үүнээс хойш  эдгээр тушаал хорогдох биш, эргээд хэд дахин нэмэгдсэнд Ерөнхий сайд сэтгэл дундуур байгаагаа нуусангүй.

    Тиймээс  үүнд илүү анхаарлаа хандуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж бичиг цаасыг багасгах  үүрэг бүхий ажлын хэсэг байгуулснаа  энэ үеэр мэдээлж байлаа. Дэлхийн улс  орнуудад Гилльотиний  буюу тас цавчих зарчим өргөн хэрэглэгддэг аж.  Араас хөөж тас цавчих ийм аргыг БНСУ  хэрэгжүүлснээр хэрэггүй тушаал шийдвэрийнхээ 48 хувийг халж чадсан байхад Австрали улсад бизнесийг шинээр эхлэхэд ердөө л нэг хонодог гэх жишээг Ерөнхий сайд дурьдаж байв. Ийм зарчмаар ажиллах Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсэг  хичнээн тушаал, шийдвэр “ цавчсанаа” ирэх 12 дугаар сард тайлагнана. Энэ бол бодит ажил болно гэдэгт Засгийн газрын тэргүүн итгэлтэй байгаагаа тэмдэглэж байсан.

    Бизнесийн орчны шинэтгэлийн жил маань зарласан он жил биш, бодит үр дүнтэй жил байх ёстой гэдгийг тэрбээр сануулаад, нэг хоёр компаний эрх ашигт биш нийт бизнес эрхлэгчдэд ээлтэй, төр болоод хувийн хэвшлийнхний харилцаа  нээлттэй ил тод  болоход эрхэм бизнес эрхлэгчдийн санаачилга тун чухал. “Тийм болохоор та бүхэн  идэвхтэй ажиллаарай “ хэмээн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон бизнесмэнүүдэд  уриаллаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газар бичиг цаасны хүнд суртлыг арилгана

    Засгийн газар бичиг цаасны хүнд суртлыг арилгана Монгол улсын Засгийн газраас энэ оныг бизнесийн орчны  шинэтгэлийн жил болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд Засгийн газраас тодорхой ажлууд хийж эхэлсний нэг нь өнөөдөр төрийн ордонд болсон “ Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тогтлолцооны шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг байв. Тус хэлэлцүүлэгийг Засгийн газар олон улсын санхүүгийн корпорацитай хамтран зохион байгуулж байгаа юм.

    Хэлэлцүүлгийг нээж  Монгол  улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэлсэн. Тэрбээр Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байхдаа төрийн хүнд суртлыг багасгах, аж ахуй эрхлэх үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, хуучирсан олон дүрэм, журмыг хүчингүй болгох цөөлөх, хувийн хэвшлийн бүтээлч үйл ажиллагааг төрөөс бодитойгоор эхлүүлэх үйл ажиллагааг эхлүүлж байсан юм. Ерөнхий сайд ийнхүү өмнөх туршлага дээрээ үндэслэн  2010 оныг бизнесийн орчны шинэтгэлийн жил болгон зарлаж энэ хүрээндээ бүхий салбаруудад аж ахуйн үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, түүнийг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянан үзэж боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол улсын шадар сайдаар ахлуулан байгуулж байгаагаа энэ үеэрээ тэмдэглэн хэллээ.

    Мөн тэрбээр Засгийн газар Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулж байгаа тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа тухай мэдээллээ. Барилгын салбарт тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нэг цэгийн горимд шилжүүлэх, зөвшөөрлийн тоог бууруулах тал дээр ажиллаж байгаа, эд хөрөнгийн бүртгэлийг онлайн болгох, үйлчилгээний хөлсний хэмжээг бууруулж 128 нэр төрлийн үйлчилгээнд хураамж авч байгааг багцалж 53 болгож байгаа аж. Тухайлбал 20 нэр төрлийн хураамж байсныг нэгтгэн найм болгон багасгах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний хөлсийг 50 хувь бууруулж 0.05 хувь болгох зарим үйлчилгээг хураамжгүй болгож байгаа гэх мэт сонирхолтой баримтуудыг дурдаж байсан.

    Ерөнхий сайд С.Батболд энэ оны наймдугаар сард багтан яам агентлаг болон төрөөс зөвшөөрөл олгох зайлшгүй шаардлагатай үйл ажиллагааны жагсаалт гаргаж ажлын хэсэгт ирүүлэх, эдгээр зөвшөөрлийн мэдэээллийг яамдын төрийн нарийн бичгийн дарга нар Засгийн газарт ирэх аравдугаар сард багтаан танилцуулахыг энэ үеэр үүрэг болгож байгаагаа хэлсэн. Хэрэв заасан хугацаанд мэдээлэл ирэхгүй бол зөвшөөрлийг хүчингүйд тооцох тухай ч сануулаад авсан юм. Мөн жагсаалтад орсон эдгээр зөвшөөрлүүд шаардлагатай эсэхийг дахин нягтлах үүргийг Хууль зүй дотоод хэргийн яаманд бас өгсөн.

    Хэлэлцүүлгийн үеэр БНСУ-ын Хон-Ик их сургуулийн профессор Жон Сок Ким, Олон улсын санхүүгийн корпорацийн менежэр Тарик Сахович нар Солонгос болон  Зүүн европын улс орнуудын  туршлагыг жишээн дээр тулгуурлан ярьж байлаа. Мөн Шинэтгэлийг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  Ч.Хүрэлбаатар  мэдээлэл хийв. Хэлэлцүүлгийн дараа тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

  • “Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

    “Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үгХатагтай ноёдоо,
    Зочид төлөөлөгчидөө,

    Энд хуран цугласан та бүхний энэ өглөөний амрыг эрэн мэндчилье. Энэхүү уулзалт, хэлэлцүүлгийг Монгол Улсын засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа Олон улсын санхүүгийн корпорацид талархлаа илэрхийлье.

    Төрийн зохицуулалтыг оновчтой болгох үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой процесс юм. Шинэ төрлийн аж ахуйн үйл ажиллагаа, салбарууд байнга үүсч хөгжин техник, технологи үсрэнгүй шинэчлэгдэж, бизнесийн цар хүрээ улам өргөжиж байхад хуучин хууль, дүрэм, стандарт, төрийн зохицуулалтын арга хэрэгсэлүүд амьдралаас хоцорч, хөгжлийн саад бэрхшээл болж хувирдаг тохиолдол олон байна. Хэдийгээр бид нийгэм, эдийн засгийг шинэчлэж, чөлөөт зах зээлд шилжих шилжилтийг эхлүүлээд 20 жил болж байгаа ч түүнээс олон жилийн өмнө баталсан, төлөвлөгөөт эдийн засгийн үед ч хэрэглэж байсан зарим дүрэм, журам, заавар одоо болтол хүчингүй болоогүй л байна.

    Гэтэл энэ хугацаанд амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг бид бүхэн сайн мэдэж байгаа учир бизнесийн орчныг зоригтой шинэчлэх, амьдралд нийцүүлэх, хөгжилтэй орнуудын түвшинд ойртуулж боловсронгүй болгох шаардлагатай байгаа юм. Өнөөгийн даяаршсан дэлхийд бизнес эрхлэх орчин боловсронгүй байх нь аливаа улс орны өрсөлдөх чадвар, цаашилбал түүний хөгжил, амьжиргааны түвшинг тодорхойлдог амин чухал үзүүлэлт, шалгуур болоод байна.  Иргэдийн амьжиргааг хангалуун байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин орлого, бүтээмжийг нь өндөр байлгахын тулд хувийн хэвшлийн үйл ажиллагааны зохицуулалт, шинэчлэлтийг уян хатан, алсыг харсан бодлоготой, зоригтой хийх шаардлагатай юм.

    Дэлхийн олон улс оронд бидэнтэй адил саад бэрхшээл тулгардаг бөгөөд түүнийг шийдвэрлэсэн сайн туршлага, ололт амжилт, үлгэр жишээ авах зүйл их байна. Тухайлбал, Австрали улсад бизнесийг шинээр эхлэхэд ердөө 1 хоногийн дотор 2 алхамаар л компанийг байгуулж байна. Зах зээлийн эдийн засагт эргэлт буцалтгүй орсон манай улс хууль, эрх зүйн орчин, бизнесийн дүрэм, журмаа боловсронгүй болгож, хувийн хэвшлийн бүтээлч үйл ажиллагааг дэмжиж хөгжих зайлшгүй шаардлагатй тулгараад байна.  Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах, бизнес эрхлэх зардлыг бууруулахын тулд бид төрийн зохицуулалтын дэлхийн тэргүүний стандартыг нэвтрүүлж байж бид Монгол Улсаа хөгжүүлнэ.

    Иймээс хөгжлийн хөдөлгүүр болсон хувийн хэвшлийн үйл ажиллагааг хурдасгаж идэвхижүүлэхийн тулд миний бие Үйлдвэр Худалдааны сайдаар ажиллаж байхдаа 2005 оноос төрийн хүнд суртлыг багасгах, аж ахуй эрхлэх үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах, хуучирсан олон дүрэм, журмыг хүчингүй болгох, цөөлөх, хувийн хэвшлийн бүтээлч үйл ажиллагааг төрөөс бодитойгоор дэмжих үйл ажиллагааг эхлүүлж байсан. Зах зээл байнга хөгжиж байдаг тул төрийн зохицуулалтыг боловсронгүй болгох үйл ажиллагаа мөн тасралтгүй явагдаж байх естой.

    Ийнхүү тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх, төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгах, хуучирч хоцрогдсон хууль, тогтоомж, дүрэм, журмуудыг хүчингүй болгох өмнөх туршлагтаа үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан бөгөөд энэ жилийн хугацаанд бүхий салбаруудад аж ахуйн үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, түүнийг зохицуулж байгаа хууль, тогтоомж, эрх зүйн бусад актыг хянан үзэж боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулж, удирдамжийг нь батлан ажиллаж байна.

    Манай Засгийн газраас санаачилан Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуулийн этгээдийг үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн маягтыг нотариатаар сайн дураараа батлуулдаг байхаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар, Компанийн тухай хуульд “Хуульд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийг бүртгэх өдөр түүний өөрийн хөрөнгө нь эрх бүхий байгууллагаас гаргасан компани байгуулах шийдвэр, компанийн дүрэмд заасан хэмжээнд байхаар” өөрчлөлт оруулахаар, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгүүдийг онлайн хэлбэрт шилжүүлж, нэг цэгийн үйлчилгээгээр болгохоор ажиллаж байна.

    Мөн барилгын салбарт тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нэг цэгийн горимд шилжүүлэн, зөвшөөрлийн тоог бууруулах талаар ажиллаж байна. Эд, хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгийг онлайн болгох, үйлчилгээний хөлсний хэмжээг бууруулж 128 нэр төрлийн үйлчилгээнд хураамж авч байгааг багцалж, нэгтгэн 53 үйлчилгээ болгон багасгасан. Тухайлбал, 20 нэр төрлийн хураамж байсныг нэгтгэн 8 болгон багасгах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний хөлсийг 50 хувь бууруулж 0,05 хувь болгох, зарим үйлчилгээг хураамжгүй болголоо. Хэдийгээр бизнесийн орчинг сайжруулах ажил явагдаж байгаа ч үүнийг эрчимжүүлэх талаар төрийн байгууллагууд, яам, агентлагуудын идэвхи, санаачилга хангалттай биш байна. Хууль, эрх зүйн орчинг боловсронгүй болгох, дүрэм журмыг цэгцлэх, хүнд суртлыг бууруулах тал дээр хэсэгчилсэн бус, бүх байгууллагуудад цогц ахиц, дэвшлийг гаргах хэрэгтэй байна.

    Иймээс нэгдүгээрт, 2010 оны 8-р сард багтаан яам, агентлаг болгон төрөөс зөвшөөрөл олгох зайлшгүй шаардлагатай үйл ажиллагааны жагсаалтыг гаргаж холбогдох ажлын хэсэгт ирүүлэхийг;

    Хоёрдугаарт, зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа зөвшөөрлийн мэдээллийг холбогдох яамдын төрийн нарийн бичгийн дарга нарт Засгийн газарт 2010 оны 10-р сард багтаан танилцуулах; мэдээллийг заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд зөвшөөрлийг хүчингүйд тооцохыг;
      
    Гуравдугаарт, жагсаалтанд орсон зөвшөөрлүүд шаардлагатай эсэхийг 2010 оны 12-р сард багтаан нягтлахыг ХЗДХЯ-нд даалгаж зөвхөн шаардлагатай зөвшөөрлийн жагсаалтыг батлаж, бусдыг нь хүчингүй болгох шийдвэрийн төслийг Засгийн газарт танилцуулах, тухайн үйл ажиллагаа нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасанчлан нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардахгүй тохиолдолд төрөөс зөвшөөрөл олгох шаардлагагүй гэсэн чиглэл баримтлах үүрэг өгч байна.
      
    Засгийн газрын тэргүүний хувьд бизнесийн орчны шинэтгэлийн жилийн төлөвлөгөөний зорилтуудыг, түүний дотор төрөөс олгох зөвшөөрлийн жагсаалтыг тоог цөөрүүлж батлуулах ажлыг, холбогдох яам, байгууллагуудын удирдлагууд даалгавар болгосон цаг хугацаанд биелүүлэхийг өөрийн албан тушаалаар шууд хариуцахыг мэдэгдье.

    Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.
    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    засгийн газрын хуралдаанХҮН АМЫН 87.3 ХУВЬ НЬ ХИШИГ, ХУВИА БЭЛЭН БУС ХЭЛБЭРЭЭР АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

    “Хүний хөгжил сангийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдээс хишиг, хувийг бэлэн бусаар авах хэлбэрийн талаар санал авсан дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 2 сая 358 мянга 432 хүн хишиг, хувиа бэлэн бус хэлбэрээр авах саналаа өгөөд байна. 

    Үүнд :

    1. Тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрт санал өгсөн нийт иргэдийн 22,1 хувь буюу 520 665 иргэн:
    а. тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх  303 445 иргэн буюу 12,9 хувь
    б. эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөх 217 220 иргэн буюу 9,2 хувь

    2. эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт санал өгсөн иргэдийн 14,6 хувь буюу 344 768 иргэн :
    а. иргэнийг халдварт өвчнөөс сэргийлэх вакцинд хамрагдах нөхөн төлбөрт 104 845 иргэн буюу 4,4 хувь
    б. нарийн мэргэжлийн болон явуулын амбулаторийн  үзлэгт хамрагдах төлбөрт 127 402 иргэн буюу 5,4 хувь
    в. оношлогоо эмчилгээнд хамрагдах төлбөрт 112 521 иргэн буюу 4,8 хувь

    3. боловсролын үйлчилгээний төлбөрт санал өгсөн иргэдийн 18,5 хувь буюу 437 992 иргэн :
    а. оюутны сургалтын төлбөрт 256 892 иргэн буюу 10,9 хувь
    б. сурагчдын сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны төлбөрт 137 515 иргэн буюу 5,8 хувь
    в. мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хурдавчилсан мэргэжлийн сургалтын төлбөрт 43 585 иргэн буюу 1,8 хувь

    4. орон сууц худалдан авах урьдчилгаа зээл болон зээлийн хүүг төлөхөд санал өгсөн иргэдийн 18,1 хувь буюу 427 716 иргэн 

    5. малчны зээл болон бусад зээлийн төлбөрт санал өгсөн иргэдийн 31,4 хувь буюу 739 812 иргэн :
    а. малчны зээлийн төлбөрт 173 698 иргэн буюу 7,4 хувь
    б. бусад зээлийн төлбөрт 566 114 иргэн буюу 24 хувь . Эндээс харахад хүн амын 87.3 хувь нь хишиг, хувиа бэлэн бус хэлбэрээр авах сонирхолтой байгаа нь тогтоогдоод байна.

    “Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор өгсөн үүргийг хэрэгжүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Сангийн сайд С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт даалгав. 
     
    АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд дэвшүүлсэн зорилтыг хангах зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүнийг олгохтой холбоотой харилцааг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал боловсруулах Ажлын хэсэг байгуулав. Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын ахлах энэ Ажлын хэсэгт төрийн захиргааны төв байгууллагад ажилладаг, хувийн салбарын үйл ажиллагаа эрхлэгчидтэй ажил хэргийн шугамаар хамтран ажиллаж туршлага хуримтлуулсан, аж ахуй үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох зохицуулалтыг боловсруулж, хянаж, батлах эрх мэдэл бүхий албан хаагчид, мэргэжлийн төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг оруулах юм. 

    Мөн Ажлын хэсэг болон холбогдох байгууллагуудын шуурхай ажиллагааг хангах зорилгоор “Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнтэй холбогдсон хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянан үзэж боловсронгуй болгох ажлын удирдамж”-ийг батлав. Энэ удирдамжаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнтэй холбоотой хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянан үзэж боловсронгуй болгох зарчим, шалгуур болон арга хэлбэр, зохион байгуулах үйл ажиллагаа, хамрах хүрээ, ажлын хэсгийн эрх үүрэг, зөвшөөрөл, эрх зүйн актыг хянан үзэх үе шат, журам зэргийг тогтоох юм.

    АРГА ХЭМЖЭЭ АВСНААР МАХНЫ ҮНЭ БУУРЧЭЭ

    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцлаа. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран 2010 оны 6 дугаар сарын 7-15 өдөр “Хүчит шонхор” зах, “Скай” хайпермаркетийн талбайд “Махны өргөтгөсөн яармаг-худалдаа” зохион байгуулжээ. 

    Энэ хугацаанд хонь, үхрийн ястай болон цул махыг тухайн үеийн ханшнаас дунджаар 15 хувиар хямд нийлүүлж  нийт 31.5 мянган тонн мах борлуулсан байна. “Хүчит шонхор” захад үхрийн кг мах 4650, хонины мах 3800, ямааных 2800, адууных 2650, дайвар бүтээгдэхүүнийг 1500 төгрөгөөр худалджээ. Энэ нь тухайн үеийн зах зээлийн ханшнаас 20-28 хувиар бага байжээ. 

    “Скай” хайпермаркетад 1 кг хонины махыг 3800, үхрийн махыг 4300, адууны махыг 2500 төгрөгөөр худалдсан байна. 
    2010 оны 6 дугаар сарын 28-ны байдлаар 1 кг махны үнэ өмнөх 5 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн мах 12, хонины мах 19, адууны мах 13, ямааны мах 6 хувиар буурсан судалгаа гарчээ. 

    Дорнод аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан зүүн аймгуудаас нийлүүлэх мал, маханд хязгаарлалт тогтоосон учир нийлүүлэлт буурч төвийн аймгуудаас нийлүүлэх мал, махны хэмжээ нэмэгдэж байна. Баяр наадам дөхөж байгаа энэ үед малчид малаа авчирч тодорхой газруудад зарж байгааг хориглохгүй ч халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор цэгцэлж, зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай болжээ.  

    “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын дагуу махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулсан, гол нэрийн бүтээгдэхүүний үнийг судалж байгаагаас бусад асуудлыг хэрэгжүүлж эхлээгүй байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн засаг даргын Тамгын газарт Засгийн газраас анхааруулав. 

    Тогтоолыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, биелэлтийг сар бүрийн эцэст Засгийн газарт танилцуулж байхыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.мөнхбаярт даалгав.

    ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

    Хуулийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Амбулаторийн үзлэг, шинжилгээ, оношлогоо, өдрийн эмчилгээ, үйлчилгээ, хөнгөвчлөх  тусламж, үйлчилгээ, уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээг даатгалаас санхүүжүүлж, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцад нэмж оруулахаар тусгасан байна. Мөн даатгуулагчийн гадаад улс оронд хийлгэсэн эмчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын дээд хязгаарт багтаан олгохоор төлөвлөжээ. 

    Эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураах, эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг батлахтай холбоотой харилцааг зохицуулах, даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах, чанар, хүртээмжид хяналт тавих, санхүүжилтийг тусламж, үйлчилгээний чанартай уялдуулах, эрүүл мэндийн даатгалын мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, даатгуулагчид өгөх мэдээллийг сайжруулах үүрэгтэй байхаар зохицуулж байна. 

    Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг бие даалгаж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн даатгалын байцаагчийн эрх, үүрэг болон эрүүл мэндийн даатгалын  тухай хууль зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг мөн тусгажээ. 

    УИХ-д өргөн барьсан нийгмийн халамжийн багц хуулийн төсөлд нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай /ядуу/ өрхийн гишүүний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцахаар заасан. Иймээс төрөөс шимтгэлийг нь хариуцдаг иргэдийн хүрээнд өөрчлөлт оруулж, энд дурдсанаас бусад өрхийн хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эцэг, эх нь хариуцахаар төсөлд тусгасан байна.

    НЭР БҮХИЙ ХҮМҮҮСИЙГ ШАГНАВ

    Ардын хувьсгалын 89 жилийн ойг тохиолдуулан дор дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнав. 
    Үүнд :
    1. Э.Цасчихэр – Увс аймгийн Засаг дарга
    2. С.Энхбаатар – Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч дарга 
    3. Г.Ганболд – Гадаад харилцааны яамны Европын газрын зөвлөх 
    4. Б.Батжаргал – Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга 
    5. Д.Баярмагнай – ОБЕГ-ын Аврах тусгай ангийн аврагч 
    6. С.Одончимэг – Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч
    7. Д.Батболд – БОАЖЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга 
    8. С.Болдбаатар –  Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хошууч 
    9. А.Цолмон – БСШУЯ-ны ахлах мэргэжилтэн 
    10. Ж.Бямбадорж  – Орхон аймгийн “Орхон-Азза” ХК-ийн автогрейдерчин
    11. Ю.Отгонбилэг –  НХХЯ-ны мэргэжилтэн 
    12. П.Ганхуяг – ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга 
    13. С.Мөнх-Очир – “ДЦС IY” ТӨХК-ийн уурын цехийн инженер 
    14. Ш.Энхтөр – ЭНЭШТ-ийн клиникийн захирал

    ТОВЧХОН

    • Төсвийн тухай хуулийн төслийг дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов. Их засвар, хөрөнгө оруулалтын эрх, тендерийг өөрсдөө мэдэж шийддэг байх зэргээр эрх мэдлийг орон нутагт өгөхөөр төсөлд тусгаад байна. Энэ хуулийн төсөл нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Төсөл батлагдсанаар төсвийн талаархи эрх зүйн орчин бусад улс орны төсвийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн нэгэн адил ойлгомжтой, системтэй болж төсөв боловсруулах, гүйцэтгэх, хяналт тавих үе шатанд холбогдох этгээдийн үүрэг хариуцлага сайжирч төсвийн сахилга бат дээшилнэ. Хуулийн төсөлд тусгасан дунд хугацааны хөтөлбөрийн төлөвлөлтийг хэрэгжүүлснээр Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй санхүүжүүлэх боломж бүрдэх юм.

    • “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. 

    • УИХ-ын гишүүн Л.Гүндалайн санаачлан боловсруулсан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэв.

    • “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцээд дэмжиж Засгийн газрын тогтоол гаргахаар болов.

    • 2010 оны 7-8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцуулав. 7-8 дугаар сард олон жилийн дунджаас дулаан байх бөгөөд хэд хоног өдөртөө огцом халж үр тариа, бэлчээрийн болон таримал ургамлын ургалтад тааламжгүй нөлөөлж болзошгүй байна. Мөн хур бороо олон жилийн дундаж хэмжээнд орох төлөвтэй учир зарим үед усархаг аадар бороо, мөндөр орж үер буух, дуу цахилгааны өмнө салхи түр зуур хүчтэй ширүүсэх мэдээ гарчээ. 7-8 дугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байх нь.