Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Энхийг сахиулагчид нөхөн сэргээх төвтэй болно

    Энхийг сахиулагчид нөхөн сэргээх төвтэй болноЭнхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод ирсэн цэрэг, дайчдад зориулсан нөхөн сэргээх цогцолбор төв 2011 онд ашиглалтад орно. Олон улсын цэргийн болон энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагчдын хувьд тухайн улсын газар нутаг, цаг уурын нөхцөл, ажиллагааны эрсдэлтэй байдал зэрэг нь эрүүл мэнд,сэтгэл зүйд нь сөрөг нөлөө үзүүлдэг учир ийм төв байгуулах болсон байна.

    Төвийн шав тавих ёслол 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Багабаян” цэргийн амралтын газарт болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, гадаадын улс орнуудын Элчин сайдын яамны цэргийн атташе нар оролцов.

    Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Монгол цэрэг эрс эх орныхоо нэрийг өндөрт өргөн дэлхийн халуун цэгт энхийг сахиулах ажиллагаанд оролцон үүргээ нэртэй төртэй биелүүлж байдаг. Монголын төр, засаг ч батлан хамгаалах салбар, энхийг сахиулагчдынхаа эрх зүй, аюулгүй байдал, эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл санааг бүрэн дэмжиж ирсэн. Өнгөрсөн 7 хоногт УИХ-аас “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” хууль батлаж, батлан хамгаалах зориулалтаар олгосон тусгай хэрэгцээний газрыг өнөөдөр тогтоолоор баталгаажуулсан.

    Өнөөдөр шавыг нь тавьж байгаа цогцолбор төвийг барихад буцалтгүй тусламж үзүүлсэн БНХАУ-ын Засгийн газар, тус улсын Батлан хамгаалах яаманд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэв. Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх цогцолбор төв нь гурван одтой зочид буудлын шаардлагад нийцсэн хүчин чадалтай байх бөгөөд зочид буудал, биеийн тамир, спортын талбай, нөхөн сэргээх эмчилгээ, сувилгаа зэрэг иж бүрэн байгууламжаас бүрдэнэ. Цогцолбор төвийг БНХАУ-ын “БСЕ ЖМН” компани барьж ашиглалтад өгөхөөр болсон байна.

    Манай улсын Зэвсэгт хүчний 2 офицер 2002 оны 8 дугаар сард Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад энхийг сахиулах ажиллагаанд анх оролцсон түүхтэй. Үүнээс хойш 3651 албан хаагч олон улсын болон энхийг сахиулах ажиллагаанд оролцсон бөгөөд одоо 615 албан хаагч Афганистан, Чад, Сьерра-Леон зэрэг улсад үүрэг гүйцэтгэж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • С.Батболд: Улаанбаатар хот ямар стандартаар хөгжих вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй байна

    улаанбаатар, стандартМонголын нийт хүн амын 40 гаруй  хувь нь амьдарч буй Улаанбаатар хот ямар стандарттай, ямар жишиг хот байх вэ гэдгээ шийдэж энэ дагуу хөгжих учиртай. Ингэхдээ хотын менежтент, төлөвлөлт, барилга байгууламж, замын  хөдөлгөөн зэрэг бүх талын зохистой харьцааг цаасан дээр зөвөөр буулгаад хариуцах эзэнтэй байж, үр дүн нь бодит амьдралд хэрэгжих тийм л төслүүд хэрэгжүүлэхэд анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Их тэнгэр цогцолборт болж буй “Улаанбаатар хот-түншүүдийн зөвлөлдөх уулзалт”-д оролцож үг хэлэхдээ онцлолоо.

    “Сайнаар харвал манай хотод хөгжих бүх боломж байна, сул тал нь гэвэл тулгамдсан асуудал маш их байна. Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчин бүрдсэн,  төлөвлөгөөтэй зөв хөгжих хөгжлийн бодлого шаардлагатай. Үүнд хариулт олох арга хэмжээ болж байгаа гэж ойлгож байна” гэлээ. Улаанбаатарт ажилгүйдэл, замбараагүй газар олголт зэрэг асуудал олон бий. Нийслэлийн санхүүгийн бие даасан байдлыг хангах “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар хэлэлцээд дэмжиж УИХ-д оруулсан байгаа.

    Төвлөрлийг сааруулах, орон нутгийн төсөв санхүүгийн болоод эрх мэдлийг зохистой хэмжээнд олгох зэрэг асуудал энэ хуулиар шийдэгдэх учиртай.
    Засгийн газраас “Утаагүй Улаанбаатар” том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Зөвхөн утаа, замын түгжээ, хог хаягдал гэлгүй нийслэл хотоо цогцоор нь хөгжүүлье гэсэн бодлого барьж байна. Энэ уулзалтаар нийслэл ямар бодлогоор хөгжих вэ гэдгээ төр засгийн удирдлагууд, гадаад, дотоодын түншүүдтэйгээ ярилцаж байгаа нь шинэлэг арга хэмжээ, сайн ажлын эхлэл болж байна  гэж Ерөнхий сайд хэллээ. Тэрбээр хотын удирдлагууд, уулзалтад оролцож байгаа төлөөлөгчдөд хандаж “Бид дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын сайн жишгийг хуулъя. Гэхдээ хойноос нь хөөж явах биш, угтуулаад, орчин үеийн дизайн, архитектур, хот төлөвлөлтийн шинэ загварыг нь авъя. Энэ арга хэмжээ ажил хэрэгч болж, олон сайхан санаачилга гарна гэдэгт итгэж байна” гэлээ.

    Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 50,6, улсын төсвийн орлогын 1/3 хувийг бүрдүүлж, аж үйлдвэрлэлийн 60 хувь, эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 хувийг үйлдвэрлэдэг Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, нийслэлчүүдийн нийтлэг эрх ашигт тулгуурласан, хэрэгжүүлбэл зохих тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөрүүд рүү чиглүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, иргэдийн ажиллаж  амьдрах тохь тухтай орчныг бүрдүүлэх зорилго бүхий “Улаанбаатар хот-Түншүүдийн зөвлөлдөх уулзалт” Их тэнгэрт цогцолборт болж байна. Уулзалтад Улаанбаатар хотын гадаад, дотоодын түнш 150 гаруй байгууллагын төлөөлөл, манай оронд суугаа гадаадын Элчин сайдууд оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газар түүх, соёлын өвийг хамгаалахад хөрөнгө оруулалт хийлээ

    түүх, соёлМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 5 дугаар сар 27-ны Бурхан багшийн их дүүчин билигт сайн өдөр зарим бурханы шашны хийд, музейн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Засгийн газрын түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах бодлогын хүрээнд зарим бурханы шашны хийд, музейн удирдлагуудад түүх, соёлын дурсгалуудыг сэргээн засварлах, тэдгээрийн хадгалалт хамгаалалтын аюулгүй нөхцлийг хагахад нь зориулж улсын төсвөөс хийх хөрөнгө оруулалтын батламжийг нь гардуулан өглөө.

    Үүнд Богд хааны ордон музейн барилгын цахилгааны шугам сүлжээг шинэчлэхэд 80 сая төгрөг, Амарбаясгалант хийдийн барилгын дээврийн их засвар хийхэд 80 сая төгрөг, Чойжин ламын сүм музейн барилгын цахилгаан монтажны их засварт 30 сая төгрөг, Гандантэгчилэн хийдийн барилгын цахилгаан монтажны засварт 40 сая төгрөг, Ванган хүрээний хийдийн Их Цагаан суваргыг сэргээн засварлахад 40 сая төгрөг, нийт 270 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хуваарилан олголоо.

    Гадаад дотоодын жуулчид, зочид гийчдийн саатан сонирхдог дээрхи музей, түүх соёлын барилга байгууламжуудад сүүлийн арав гаруй жил дорвитой засвар хийсэнгүй иржээ. Ерөнхий сайд батламжийг гардуулан өгөхдөө “Түүх, соёл зашил, соёлын өвөө хадгалж хамгаалах ажилд төрийн дэмжлэг, ялангуяа эдийн засаг, санхүүгийн дэмжлэг зайлшгүй байх шаардлагатай. Үндэсний зан заншил, түүх, соёлын өвийг хадгалан хамгаалж, олон нийтэд хүртээмжтэй болгох нь ирээдүй хойч үеийн төлөвшил, ёс зүйд чухал үүрэг гүйцэтгэх болно. Мөн Монгол Улсыг гадаадын жуулчин, зочин гийчдэд таниулах нэрийн хуудас болсон дээрхи байгууламжуудын хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдалд зайлшгүй анхаарах хэрэгтэй болжээ” гэж хэллээ.

    Бурханы шашны хийд, музейн төлөөлөгчдийн өмнөөс Гандантэгчилэн хийдийн тэргүүн, их хамба Д.Чойжамц Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, уламжлалт соёл, зан заншил, түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах үйл хэрэг олон нийт, түүний дотор шинэ залуу үеийн боловсрол, ёс зүйг тодорхойлоход эерэгээр нөлөөлөх болно гэдэгт итгэлтэй байна гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • С.Батболд: Шилжилтийн 20 жилийг буухиаг хөгжлийн 20 жилийн буухиа болгон өөрчлөх боломж бидэнд байна

    С.Батболд: Шилжилтийн 20 жилийг буухиаг хөгжлийн 20 жилийн буухиа болгон өөрчлөх боломж бидэнд байнаМонгол Улс шилжилтийн үеийн буухиаг хөгжлийн буухиа болгох ёстой. Энэ боломж бидэнд байна. Ингэхийн тулд засаглалын болон үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлж, үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй гэж  Монгол Улсын Ерөнхий сайд үзэж байна. Тэрээр 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Чингис” зочид буудалд болсон Засаглалын 3 дугаар форумын нээлтэд үг хэлэхдээ ингэж онцолжээ. Эрдэс баялаг, боловсрол, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг бүх салбарыг хөгжүүлэх дотоод боломж, гадаад дэмжлэг байна.

    Ашигт малтмалын нөөц ихтэй улс орнуудын засаглал сайтай нь хөгжиж, муутай нь ядуурсан жишээ олон. Иймээс эдийн засгийн шинэчлэлийг хөгжлийн эдийн засгийн шинэчлэл болгохын тулд засаглалаа сайжруулж тогтвортой, ил тод, ойлгомжтой, тоглоомын дүрмээ тодорхой болгох хэрэгтэй. Төрийн өмчит “МИАТ” компанид үүссэн нөхцөл байдал нь тухайн байгууллагад засаглал муу байгаагийн тод жишээ. Бид чаддагаараа менежментийг нь сольж байгаа ч энэ нь шийдэл биш. Компаний засаглал, соёл, ёс зүйг өөрчилсөн цагт ажил жинхэнэ стандартын дагуу явах учиртай гэж Ерөнхий сайд хэллээ. 

    Ганц “МИАТ” ч биш төрийн өмчит бусад компанид засаглалын шинэ стандарт тогтоох, Төлөөлөн удирдах зөвлөлд нь иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг оруулахыг Төрийн өмчийн хорооны даргад үүрэг болгосон. Төр өөрийн ачаанаасаа зарим боломжтойг нь шилжүүлэх ёстой. Ингэхдээ нэг компанид биш, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, салбараа бүрэн төлөөлж чадах мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад шилжүүлэх ёстой. Өнөөдөр манайд мэргэ:жлийн холбоо маш их байна. Тэд хүчтэй, нэгдмэл  болох учиртайг гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ. 

    Үндэсний томоохон компаниуд хувьцаа гарган хөрөнгийн зах зээлд гарахын тулд ашиг, орлогоос гадна засаглалаа сайжруулах чиглэлээр бодит ажил хийх хэрэгтэй. Засгийн газар үндэсний компаниудаа дэмжих бодлого баримталж байна.  Энэ удаагийн форумаас гаргах тодорхой ажил хэрэгч санал, зөвлөмжийн боломжтойг нь Засгийн газар төрийн бодлогод тусгах болно гэж Ерөнхий сайд хэллээ. Засаглалын 3 дугаар форум нь монголын бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчдад Дэлхийн банкнаас гаргасан Компаний засаглалын стандарт хэрэгжилтийн үнэлгээний тайланг танилцуулах, компаний засаглалд тулгарч байгаа эрх зүйн болон бусад асуудлаар санал солилцож, шинэчлэл хийх нэгдмэл байр суурьт хүрэх зорилготой юм. 

    Форумаар :
    •    Дэлхийн банкны компаний засаглалын стандарт хэрэгжилтийн үнэлгээний тайлан
    •    Компаний засаглалыг сайжруулах талаар төрийн байгууллагаас хийж байгаа ажил
    •    Банкин дахь компаний засаглал
    •    Хөрөнгө оруулагчдын зүгээс компаний засаглалд тавигдах шаардлага
    •    Компаний засаглалын ирээдүйн зохицуулалтын шинэчлэл сэдвээр хэлэлцэж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд Хүүхдийн хөгжлийн үндэсний стратегитай болох шийдвэр гаргалаа

    Ерөнхий сайд Хүүхдийн хөгжлийн үндэсний стратегитай болох шийдвэр гаргалааМонгол Улс хүүхдээ хөгжүүлэх бодлогын шинэчлэл хийх цаг болсныг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд анхааруулж, Хүүхдийн хөгжлийн үндэсний стратегитай болох шийдвэрийг гаргалаа. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж, Ерөнхий сайд, тус зөвлөлийн тэргүүн С.Батболд нээж үг хэлэхдээ “Сүүлийн үед “Хүүхэд хамгаалал, хүүхэд төлөвшил, хүүхдийн хөгжил, хүүхдийн иргэншил” гэж их ярьж байгаа ч бодит амьдрал дээр үр дүн мэдрэгдэхгүй, хүүхдүүд хохирсоор байна” гэж анхааруулсан юм. Тиймээс Засгийн газраас шийдвэртэй алхам хийх болно гэж онцоллоо.

    Сүүлийн үед хүүхдийн хүчирхийлэл, тэдний эсрэг гэмт хэрэг ихсэх боллоо. Энэ талаар тодорхой, шуурхай арга хэмжээ авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ХЗДХЯ болон холбогдох байгууллагуудад, хүүхдийн тоглоом, сургууль, цэцэрлэгийн орчимд газар олгохгүй байх үүрэг даалгаврыг хотын удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг болгов. Мөн хөдөө орон нутагт хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хөгжлийг хангахад ихээхэн анхаарч, хот хөдөөгийн тэгш бус байдлаас үүдэлтэй ялгааг арилгах, гэр бүл төвтэй хүүхдийн хамгааллын цогц бодлого хэрэгжүүлж эхлүүлэх даалгаврыг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдэд өгсөн юм.

    Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Бид хүүхдэд 1 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр хүүхдийн хөгжил, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд 2 дахин өсөлт бий болгох тийм үр дүнг хүлээж байна” гэлээ. Түүнчлэн бичиг баримтгүй хүүхдүүдийг энэ онд багтааж бичиг баримттай болгох, эх орны хувь хишгийг тэргүүн ээлжинд олгоход Засгийн газраас анхаарч ажиллаж байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын удирдсан Хүүхдийн төлөө Үндэсний Зөвлөлийн хуралд тус зөвлөлийн гишүүд, ажлын албаны ажилтнууд, “Хүүхэд хамгаалал” хөтөлбөрийн ажлын хэсгийнхнээс гадна хүүхэд багачуудын төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлсэн.

    Саяхан хуралдсан “Монголын хүүхдүүд” үндэсний чуулганы шийдвэрийг чуулганы төлөөлөгч хоёр сурагч танилцууллаа. Тэд бүх телевизийг дохионы хэлний орчуулгатай болгох, ялангуяа хүүхдийн нэвтрүүлгүүдийг. Сургуулиудийг хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан шат, бие засах газартай болгох, төр засгаас хүнд өвчтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлдэг болгох, нөхөн үржихүйн хичээлийг охид, хөвгүүдээр тусад нь явуулах, хүүхдэд зориулсан тусгай суваг бий болгох зэрэг шийдвэрийг уламжилсан юм.

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хурлаар Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх дунд хугацааны стратеги болон 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хурлыг хааж хэлсэн үгэндээ хэлэлцсэн асуудлууд цаасан дээр буух нэг хэрэг, үр дүн гарах нь чухал гэдгийг онцлоод Хүүхдийн хөгжлийн үндэсний стратеги болон “Монголын хүүхдүүд” чуулганы шийдвэрийг үндэслэн асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайдад Канадын ТАЗ-ийн дарга бараалхав

    Канад, уулзалтМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Канад Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Мария Баррадос, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Анна Биолик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн урилгаар Монгол-Канадын төрийн албаны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцохоор Монгол Улсад хүрэлцэн иржээ.

    Ерөнхий сайд С.Батболд Канадын Төрийн албаны туршлагаас суралцах нь бидний хувьд төрийн албаны шинэчлэлийн нэгэн боломжийг нээж өгөх юм гэж уулзалтын эхээр тэмдэглэлээ. Тэрбээр төрийн албаны тогтолцоо, бүтэц, бүрэлдэхүүний шинэчлэлийн хувьд Монгол Улс Канадын туршлагаас суралцаж, төрийн албаны боловсон хүчнийг чадваржуулах, ур чадвараар нь төрийн албанд сонгон шалгаруулах механизмыг төгөлдөршүүлэх, шийдвэр гаргахдаа баримт, тооцоо, судалгаа, бодит чадвар, чадамж дээр үндэслэсэн төрийн албатай болох нь чухал байна гэдгийг онцлов.

    Мөн Хатагтай М.Баррадос хоёр орны хувьд байгаль цаг уур, хүн амын нягтаршил зэрэг ижил төстэй зүйл олон байгааг дурдаад Канад Улсын Төрийн албаны тогтолцооны талаар Ерөнхий сайдад танилцууллаа. Канад Улсын Төрийн албаны зөвлөл (ТАЗ) нь Засгийн газрын бие даасан агентлаг бөгөөд улс төрөөс ангид, нээлттэй, бодит, төлөөллийн харьцааг харгалзсан сонгон шалгаруулалтын үндсэн дээр хүний нөөцөө бүрдүүлж, зохих томилгоонуудыг хийдэг гэж тэрээр хэллээ.

    ТАЗ-ын даргыг Канадын Парламент томилдог бөгөөд ТАЗ нь төрийн албаны залгамж чанар, тогтвортой байдалд байнга анхаарч ажилладаг. Мөн Засгийн газрын бусад яам, агентлагуудыг хянах эрх ТАЗ-д төвлөрсөн байдаг гэж М.Баррадос онцлон тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл Канадын ТАЗ-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь Монголын төрийн албаны хөгжил, шинэчлэлд үр ашигтай байх болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Дэлхийн оюуны өмчийн алтан медалтныг хүлээж авч уулзлаа

    оюуны өмч, алтан медальМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Монхимо” ХХК-ийн ерөнхий захирал М.Ариунааг хүлээн авч уулзав. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шилдэг зохион бүтээгчийн алтан медаль хүртсэн түүнд Ерөнхий сайд баяр хүргээд эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажилд нь амжилт хүслээ. Дэлхийн нэр хүнд бүхий шагнал хүртсэн “Монхимо” ХХК-ийн ерөнхий захирал М.Ариунаа уулзалтын үеэр хэлэхдээ “1992 оноос өнөөг хүртэл судалгаа шинжилгээ хийж, эрдмийн ажлаа үйлдвэрлэлд нэвтрүүлж, дотоод болоод гадаадын зах зээлд гаргасан манай хамт олны амжилтыг үнэлж ийм шагнал олголоо гэж бодож баяртай байгаа” гэсэн юм.

    Мөн тэрбээр Ерөнхий сайдын Европ стандартыг Монголдоо нутагшуулах бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн төдийгүй Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцээгээ олоход энэ ажил гүүр болно гэдгийг онцолж байлаа.  МУИС-ийн Хөгжлийн сангийн дэмжлэгээр 1998 онд байгуулагдсан “Монхимо” ХХК нь ариутгал, халдваргүйтлийн зориулалт бүхий олон бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлжээ. Тухайлбал, мэс засал, шархны антисептик болон халдваргүйжүүлэх “Тамедин” цуврал, “Химодин”, “Ариун” уусмал, гар халдваргүйжүүлэгч “Санитол”, “Ариун” гель, нэг удаагийн маск зэргийг нэрлэж байна. 

    Нано технологийн аргаар малын ясыг боловсруулж гаргасан “Нано кальц”, “Нано коллаген”, хатаасан мах боловсруулах цех, Францын эрдэмтэдтэй хамтарч судалгаа хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон бүтээгдэхүүнүүдийнхээ талаар Ерөнхий сайдад танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр эдийн засаг, шинжлэх ухаан, аж үйлдвэрлэлийн салбарт амжилт гаргаж, дэлхийд эх орноо сурталчилж буй эрдэмтдээ Засгийн газар дэмжинэ гэдгээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Оюутны хотхоны бүтээн байгуулалтыг энэ зун эхлүүлэх үүрэг өглөө

    Оюутны хотхоны бүтээн байгуулалтыг энэ зун эхлүүлэх үүрэг өглөө Монгол Улсын хөгжлийн цөм, оюуны уурхай болсон оюутан залуучууд тав тухтай орчинд суралцаж, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болох учиртай. Тэдний суралцах орчин, шаардлагыг хангасан оюутны хотхон байгуулах бүтээн байгуулалтын ажлыг энэ зун эхлүүлэх үүрэг даалгаврыг Монгол Улсын Ерөнхий сайд, ажлын хэсгийн дарга С.Батболд холбогдох албан тушаалтнуудад өглөө. Их сургуулийг хотхоноор хөгжүүлэх ажлыг удирдах ажлын хэсгийн хурал 2010-05-20-нд Төрийн ордонд боллоо.

    МУИС, ШУТИС, СУИС, Боловсролын их сургууль, Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуулийг Их сургуулиудын нэгдсэн хотхонд төвлөрүүлж, хотхоныг Улаанбаатар хотоос 40 гаруй км хол орших Налайх дүүргийн зүүн хэсэг, “Шивэрт”-ийн хөндийд байршуулах хувилбар дээр ажлын хэсэг тогтлоо. Хотхон байгуулах газар нь 1000 гаруй га бөгөөд  ойр орчинд нь газар олгохгүй байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярт үүрэг болгов.

    Хотхоныг оюуны дагавар хот байдлаар байгуулах хувилбарыг  ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж бүтээн байгуулалтын ажлыг даруй эхлүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн юм. Ингэхдээ “ШУТИС, мэдээлэл технологийн сургууль, аж ахуйн нэгжүүдийг “Цахиурын хөндий”-д багтаах асуудлыг хамтад нь шийдэхийн чухлыг онцоллоо. Оюутны хотхон байгуулах нь нэг талаасаа залуучуудын сурах орчныг бүрдүүлж байгаагийн зэрэгцээ Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг давхар шийдэх давуу талтайг Ерөнхий сайд хэллээ. Тухайлбал, Улаанбаатар хотын замын түгжрэл, төвлөрөл саарна, нийслэлийн иргэдийн тав тухтай амьдрах орчин сайжирна гэж үзэж байна.

    Өнөөдөр, оюутнуудын нийтийн тээврийн зардалд нийслэлийн төсвөөс жилд 18-20 тэрбум төгрөг зарцуулж буй бөгөөд хотхоны асуудал шийдэгдсэнээр хот энэ хөрөнгөө хөгжлийн бусад зүйлд зарцуулах боломж бүрдэх юм. Улсын их, дээд сургуулиудыг нэгтгэн оюутны хотхонд төвлөрүүлэхээс гадна хувийн их, дээд сургуулийн Оюутны хотхоны байршил, газрын асуудал энэ хурлаар мөн хөндөгдлөө. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Улсын их, дээд сургуулийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ хувийн томоохон сургуулиуд санаачилгаараа нэгдэх, үйл ажиллагаагаа чанаржуулах бодлого явуулбал төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой.

    Хувийн сургуулиуд 5-10 мянган оюутан нэгтгэж чадсан тохиолдолд хотхоны газрын асуудлаа шийдэхэд нь дэмжлэг үзүүлэх боломжтой. Энэ асуудлыг хамтад нь судалж, холбогдох байгууллагууд, хувийн их, дээд сургуулиудын нэгдсэн холбоод, удирдлагуудтай уулзаж ярилцан, саналыг нь сонсох хэрэгтэй” гэлээ. Оюутны хотхон байгуулах ажлыг улсын төсөв болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг энэ хурлаар мөн ярилаа. Ерөнхий сайд хэлэхдээ “Оюутны хотхоныхоо санхүүжилтийг Засгийн газрын түвшинд гадаадын зээл тусламж, төслийн хүрээнд суурийг нь сайн тавих  хэрэгтэй.

    БНХАУ-аас тусламжийн хүрээнд 270 сая юаньтай тэнцэх эх үүсвэрийг оюутны хотхоны суурь барилгад ашиглаж болно” гэсэн юм. Оюутны хотхоныг төсөвт дарамт үзүүлэхгүйгээр байгуулах бүрэн боломжтойг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр хурлын үеэр хэллээ. Оюутны хотхонд их сургуулиудын дунд нэгдсэн том мэдээллийн төв буюу номын сан, биеийн тамирын заал танхимууд, худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны газрууд байх зарчмыг баримталж байна. Их сургуулиудын лаборатори, тэнхимүүдийн мэдэлд байгаа өндөр үнэтэй, нарийн багаж тоног төхөөрөмжүүдийг төвлөрүүлэн, нийт оюутан, багш, мөн төрийн болон төрийн бус, бизнесийн бүх байгууллагын захиалга хүсэлтээр үйлчилдэг “Нэгдсэн судалгааны болон туршилтын төв” байгуулна.

    Ингэснээр МУИС-ийн профессор багш нар, магистрант, докторантууд, ШУА-ийн хүрээлэн, төвүүдийн эрдэм шинжилгээний ажилтнуудын тархай бутархай байдлыг арилгаж, оюуны хүчээ нэгтгэн шинжилгээ судалгааны ажлуудыг хамтран хийдэг, гарсан үр дүнг нь бизнес, санхүүгийн байгууллагуудтай хамтран үйлдвэрлэлд шуурхай нэвтрүүлдэг улс орны хөгжилд бодитой нөлөө үзүүлдэг механизмыг бүрдүүлэх нь Оюутны хотхоны хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж ажлын хэсэг үзэж байна. Хөдөө аж ахуйн их сургуулийн одоогийн байршил, үйл ажиллагаа нь хотхон хэлбэрт дөхөж очсон, цаашид элсэлт дорвитой нэмэгдэхгүй тул Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд хэвээр байршуулж, хөгжүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Хамтарсан мэдэгдэл

    Хамтарсан мэдэгдэлМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга Ян Фишер нар 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар хэлэлцээ хийв. Талууд 20 жилийн өмнө хуучин социалист орнуудад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт нь Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын түүхэн хувь заяанд чухал үүрэг гүйцэтгэн хөгжил рүү хөтөлсөн өргөн, таатай боломжийг бий болгосныг тэмдэглэв.

    Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс нь нийтлэг үнэт зүйлс, ардчилал, чөлөөт эдийн засагт тулгуурласан иж бүрэн хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлж байна. Талууд иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалах, байгаль орчин, хөдөлмөр болон шилжин суурьшилтын чиглэлээр эрчимжүүлэх, өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Түүнчлэн, талууд Хамтарсан хороо нь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал механизм болохыг тэмдэглэв. Талууд худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд хамтран ажиллахаар тохиров.

    Монголын тал хоёр талын батлан хамгаалах салбарын холбогдох газрууд хоорондын харилцааг сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Талууд боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагаа, түүний дотор Монгол оюутнуудыг Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуулиудад мэргэжил эзэмшүүлэх асуудлын ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд явуулж буй идэвхтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлэв.

    Талууд Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийг эцэслэн байгуулахын ач холбогдлыг тэмдэглэв. Монголын тал Бүгд Найрамдах Чех Улс Европын Зөвлөлийг 2009 онд тэргүүлж байх хугацаанд Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын зүгээс үзүүлсэн дэмжлэг, түүний дотор Бүгд Найрамдах Чех Улс Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээг албан ёсоор эхлүүлэх явцыг урагшлуулахад чухал түлхэц үзүүлснийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

    Монголын тал Монгол Улсын Засгийн газраас тавиад буй дэлхийд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Европын Холбооны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт даган мөрдөгдөж буй зарчим, стандарт, хэм хэмжээг өөрийн оронд нутагшуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдэв. Мөн талууд дээрх чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов. Чехийн тал Европын Холбооны зарчим, стандарт, хэм хэмжээг нутагшуулахад Монгол Улсад бүхий л талын дэмжлэг үзүүлэх, туслах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Монголын тал Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газарт хөгжлийн хамтын ажиллагаа үзүүлж, тэргүүлэх орныхоо нэгд Монгол Улсыг багтааж, тусламж үзүүлж ирсэнд гүн талархал илэрхийлэв. Чехийн тал Монгол Улсын ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засаг руу хийсэн шилжилтийн явцдаа олсон амжилтыг нь үнэлж байгаагаа илэрхийлэв. Талууд Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга Я.Фишерийн 2010 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр орны ард түмний харилцааг бэхжүүлэх, өндөр дээд хэмжээнд харилцан айлчлал, яриа хэлэлцээг тогтмолжуулахад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

    Улаанбаатар хот, 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр

  • Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга Ян Фишер Монгол улсад айлчилж байна

    Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга Ян Фишер Монгол улсад айлчилж байнаМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга, ноён Ян Фишер 2010 оны 5 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Энэ айлчлал нь тус улс 1993 онд байгуулагдсанаас хойш Чехийн талаас Засгийн газрын даргын түвшинд хийгдэж байгаа анхны айлчлал, манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа энэ жил болж байгаагаараа онцлог юм.

    БНЧУ-ын Засгийн газрын дарга Ян Фишер, хатагтай Дана Фишерова нарыг Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирэхэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэргий Х.Отгонтуяагийн хамт угтан авав. БНЧУ-ын Засгийн газрын даргад Төрийн хүндэт харуулын дарга айлтгал өргөсний дараа хөгжимт хоёр орны Төрийн дуулал эгшиглэлээ. БНЧУ-ын Засгийн газрын дарга Ян Фишер, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар гэргийн хамт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

    Европын Холбоотой хамтрахад Чех Улс гүүр болно
    Төрийн ордны “Баганат” танхимд байрлуулсан хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын ганцаарчилсан уулзалтаар БНЧУ-ын Засгийн газрын дарга Ян Фишерийн албан ёсны айлчлал эхэллээ. Өндөр ач холбогдолтой энэ айлчлал хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад том түлхэц болж, мөн БНЧУ нь Монгол Улсын Европын Холбоотой хамтран ажиллах гүүр болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ.

    Уулзалтаар улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтран ажиллах талаар ярилцлаа. Европын Холбооны нийгэм, эдийн засгийн бүх салбарт даган мөрдөгдөж байгаа стандарт, хэм хэмжээ, шалгуур нөхцлүүдийг Монголд нутагшуулах талаар санал солилцов.

    Европын стандартыг нутагшуулах Ерөнхий сайд С.Батболдын саналыг Чехийн тал дэмжлээ
    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга Ян Фишер нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд хүндэт зочноо эх орондоо тавтай айлчлахыг хүсээд улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэн найрсаг дотноор хүлээн авсанд талархаж байгаагаа БНЧУ-ын Засгийн газрын дарга Ян Фишер хэлэлцээний эхэнд илэрхийлээд миний энэ айлчлал түүхийн уламжлалт харилцааг шинэ шатанд гаргаж, бүх түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

    Улс орны хурдацтай хөгжлийн тулгуур болсон салбаруудаа хөгжүүлэхэд Засгийн газар анхаарч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд эдийн засаг сүүлийн 3 улирал дараалан өсөлттэй гарсан тухай мэдээлэл өгөв. Хоёр улсын харилцааны түвшинг чехийн тал “стандартаас дээгүүр” гэж томъёолсонтой Ерөнхий сайд санал нэгтэй байгаагаа илэрхийлж сайн харилцаагаа “иж бүрэн түншлэл”-ийн харилцааны түвшинд хүргэх цаг болсныг тэмдэглэв. Европын стандартыг нутагшуулснаар Монгол Улс дотоод төдийгүй олон улсын тавцанд хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах замаар эдийн засгаа хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

    Европын стандартыг нэвтрүүлснээр Евро бүсийн гишүүн орнууд болон ижил стандарттай бусад оронтой хийж байгаа худалдаа, бизнесийн үйл ажиллагааг дэмжих түнш орны тоо нэмэгдэнэ. Европын Холбооны шалгуурыг богино хугацаанд хангасан БНЧУ-ын туршлагаас суралцах сонирхолтой байна. Европын Холбоонд элсэхэд бодлого, аргачлал, хүний нөөц болон зохион байгуулалтыг хэрхэн тохируулж, хэвшүүлсэн БНЧУ-аас мэдээлэл, техникийн туслалцаа авахдаа баяртай байх болно.

    Стандартыг нэвтрүүлж чадсанаар Европын Холбооны зах зээлд Монгол Улсаас 7200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүй гаргах эрхээ эдлэх боломж нээгдэнэ гэдэгт итгэж байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Мөн Европын Комиссын “зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалт”-аас Монгол Улсыг хасуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Хэлэлцээний үеэр хөндөгдсөн нэг гол асуудал нь хоёр улсын хооронд жижиг, дунд үйлдвэр, хувийн хэвшлийн шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай байлаа.

    Худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар талууд ярилцав. Монгол, Чех Улс нь өнөөдөр дэлхийн халуун цэгт ардчиллыг хамгаалан бэхжүүлэхэд хамтдаа байгаадаа бахархаж байгааг талууд тэмдэглэв. Батлан хамгаалахын салбарт харилцаа тогтоон, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох, энхийг сахиулах үйл ажиллагаа, техник, технологи болон бусад чиглэлээр хамтрах, Чех Улсын их, дээд сургуулиудад суралцах монгол оюутны тоог нэмэх болон боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг Ерөнхий сайд санал болгов.

    Мөн хоёр улсын хооронд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг шуурхай, үр дүнтэй болгох талаар хоёр улсын Засгийн газрын тэргүүн байр сууриа илэрхийлэв. “Эрдэнэт” хотыг бие даасан усны эх үүсвэртэй болгох, хотын орчинд тойронд байгаа мал сүрэг, хүн амыг усаар хангах” төслийг 2010-2011 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх, “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд хамтран ажиллах, барилгын дэвшилтэт технологи нэвтрүүлэх, барилгын материалын үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

    Нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон газрын бохирдлын хэмжээг тогтоон, бохирдлыг арилгах, уул уурхайн нөхөн сэргээлтийг сайжруулах, эрсдлийн менежментийн үнэлгээ хийх, ус цэвэршүүлэх дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлээр Чехийн талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлэв. Хэлэлцээний үеэр иргэд хоорондын харилцааны асуудлыг хөндөн ярив.  БНЧУ-д олон монгол иргэн хөдөлмөр эрхэлж байгаа учир нийгмийн хамгааллын асуудлыг илүү боловсронгуй зохицуулсан хэлэлцээрийг байгуулахаар холбогдох яамд ажлаа эхэлсэн. Үүнийг ойрын хугацаанд ажил хэрэг болгож гарын үсэг зурах хэрэгтэй байгааг цохон тэмдэглэв.

    БНЧУ-ын Засгийн газрын дарга Ян Фишер Ерөнхий сайд С.Батболдтой санал нэгтэй байгаагаа илэрхийлж харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломж хоёр улсад байна. Үүнийг ойрын хугацаанд бодит ажил хэрэг болгох талаар анхаарч ажиллахыг холбогдох сайдууддаа хэлэлцээний үеэр үүрэг болгов.

    Боловсрол, шинжлэх ухааны салбар болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улс, БНЧУ хэлэлцээр байгуулав
    Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хооронд 2010-2013 онд боловсрол, шинжлэх ухааны салбар болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яам хооронд 2010-2012 онд Соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт монголын талаас БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Чехийн талаас Элчин сайд Вацлав Йилек нар гарын үсэг зурав.

    2010-2013 онд боловсрол, шинжлэх ухааны салбар болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт :
    •    Харилцагч талууд боловсролын талаар баримт бичиг, удирдлага, зохион байгуулалтын тухай болон бага, дунд, мэргэжлийн, дээд боловсролын талаар мэдээлэл харилцан солилцох
    •    Талууд хүсэлтийн дагуу боловсролын систем болон боловсролын талаарх хууль, тогтоомжийн шинэчлэлийн тухай мэдээлэл харилцан солилцох
    •    Хүсэлтийн дагуу залуучуудын хүрээний эрх зүйн өөрчлөлт, эдгээртэй холбоотой мэдээлэл, баримт материал харилцан солилцох
    •    Талууд өөрийн орны түүх, газар зүй, соёлын талаар мэдээлэл, баримт материал харилцан солилцох
    •    Боловсролын болон шинжлэх ухааны зохиол, бүтээл солилцох, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, сургалт семинар, симпозиумд харилцан оролцох
    •    Дээд боловсролын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон хөгжлийн төв хоорондын хамтын ажиллагааг дэмжих
    •    Жил бүр хоёр улсын их, дээд сургуульд бакалавр, магистрын сургалтын 20 сарын тэтгэлэг олгох бөгөөд сургалтын хугацаа 2-9 сар байх
    •    Монгол хэл, уран зохиол, слав судлалын зуны сургалтад 3 оюутан суралцуулах зэрэг асуудлыг тусгасан байна.  

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яам хооронд 2010-2012 онд соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт :
    •    Харилцагч талууд хэлэлцээрийг хэрэгжүүлэх хугацаанд боловсролын тогтолцоо, боловсролын салбарт хийгдэж байгаа өөрчлөлт, шинэчлэл болон өөрийн орны түүх, газар зүй, соёлын талаарх мэдээллийг харилцан солилцох
    •    Боловсрол, шинжлэх ухааны салбарын шинжээчдийг жил бүр 15 хоногоос хэтрэхгүй хугацаагаар 2 орны сургууль, боловсрол, шинжлэх ухааны асуудлыг судлахаар харилцан солилцох
    •    Багш нарыг жил бүр 2 сарын хугацаагаар солилцох
    •    Монголын тухай судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, монгол хэл, соёлын мэдлэгийг түгээх үүднээс жил бүр Монгол Улсад зохиогдох монгол хэл, уран зохиолын зуны сургалтад Бүгд Найрамдах Чех Улсын 3 оюутныг сургах зэрэг асуудлыг тусгасан байна. Монгол Улс, БНЧУ харилцаа, хамтын ажиллагаагаа бүх салбарт идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэх болов

    Холбогдох баримт бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэргүүн Ян Фишер нар  хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийж сонирхсон асуултад нь хариулав. Ерөнхий сайд хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгэндээ БНЧУ-ын стандартыг монголд нутагшуулах, Европын Холбооны өндөр шалгуурыг богино хугацаанд амжилттай давсан туршлага нь бидэнд чухал болох, далайд гарцгүй орны хувьд транзит тээвэр болон худалдааг хөнгөвчлөх талаар хуримтлуулсан туршлага хэрэгтэй байгааг тэмдэглэв.

    Монгол Улсын Европын Холбоотой хамтран ажиллахад нь БНЧУ бүх талаар дэмжиж, туслах болно. Энэ хүрээнд манай улс туулж гарсан туршлагадаа тулгуурлан нэмүү өртөг шингэсэн Европын стандартыг монголд бий болгоход дэмжихэд бэлэн. Цаашид дэлхийг хамарсан эдийн засгийн хямралаас гарах, гэтлэн давах чиглэлээр хамтарч ажиллах болно гэж БНЧУ-ын Засгийн газрын дарга Ян Фишер хэлэв. БНЧУ-ын Засгийн газрын дарга Ян Фишерийн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол-Чехийн бизнес форум энэ өдрүүдэд Гадаад харилцааны яаманд болж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.