Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийв

    Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийвМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 4-р сарын 9-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Хайнань мужид зохиогдсон Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож, БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Гонкогт ажлын айлчлал хийсэн юм. Энэхүү айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 4-р сарын 10-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужид зохиогдсон Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож “Ногоон сэргээн босголт: Тогтвортой өсөлтөд чиглэсэн Азийн бодит сонголт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд ногоон эдийн засаг бий болгох асуудлаар Азийн орнууд бодлого үйл ажиллагаагаа нэгтгэх, дэлхийн улс орнууд эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөх шаардлагатайг, Дэлхийн эдийн засгийн хямрал, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд Боаогийн хурал чухал хувь нэмэр болох төдийгүй хүчтэй, эрүүл, өрсөлдөх чадвартай Азийг бий болгоход ч нөлөөлнө гэж дүгнэжээ..

    Мөн хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих, байгальд ээлтэй технологийг ашиглах замаар уул уурхай, төмөр зам, барилгын үйлдвэрлэл зэрэг дэд бүтцийн салбараа хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаагаа онцлон дурдсан байна. Ерөнхий Сайд С.Батболдын тавьсан илтгэлийн талаар Боаогийн хурлын зохион байгуулагчид болон оролцогчид байр сууриа илэрхийлэн Монгол Улс байгалийн нөөцөө ашиглан хөгжилд хүрэх зорилтуудаа амжилттай биелүүлэхийг хүссэн байна. 

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын үеэр БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасон, Данийн Вант Улсын Ерөнхий сайд Ларс Лакке Расмуссэн, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Хоёрдугаар Дэд Ерөнхийлөгч Мохаммад Карим Халилитэй ажлын уулзалтууд хийж чухал асуудлуудар санал солилцжээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Боаогийн чуулга уулзалтад оролцоод БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Гонконгийн удирдлагуудтай уулзаж гадаадын хөрөнгө оруулалтыг татсан банк, санхүү, боловсрол, хөрөнгийн зах зээлийнх нь туршлага монголын тал сонирхож, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. 

    Гонконгийн амбан захирагч Доналд Цан Ерөнхий сайд С.Батболдын тавьсан хүсэлтийг дагуу шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, боловсролын салбарт хамтран ажиллаж, Гонконгийн биржүүдээр дамжуулж монголын компаниудыг хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд туслах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилт тавьж буй бизнесменүүдийг ирж туршлага судлахыг урижээ. Ажлын айлчлалын үр дүнд Гонконгийн шууд хөрөнгө оруулалтыг Монголд татан оруулах, аялал жуулчлал, хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх үүднээс Улаанбаатар Гонконгийн хооронд шууд нислэг хийх асуудлыг яаралтай шийдвэрлэхээр тогтож, Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулахыг талууд дэмжсэн байна.

    Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтанд оролцож, Гонконгод ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бээжин хотноо түр саатаж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзаж хоёр орны харилцааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн асуудлаар санал бодлоо илэрхийлж, хамтын ажиллагаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах, хилийн зарим боомтыг 24 цагаар ажиллуулах, ОХУ-аас БНХАУ-руу тавьж байгаа хийн хоолойг Монгол улсаар дамжуулах, мах сүүний боловсруулах үйлдвэр байгуулах, их, дээд сургуулийн хотхон барихад хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол улсад томоохон мах сүүний боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, зарим томоохон төсөлд хамтран ажиллахад  бэлэн байгаагаа дурдаж, Ерөнхий сайд С.Батболдын саналуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ, БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Гонконгт хийсэн айлчлал хугацаа богино боловч агуулгаар дүүрэн, ажил хэрэгч боллоо гэж Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх онцлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Ерөнхий сайд С.Батболд: Чармайлт хоёр талаасаа байх учиртай

    Ерөнхий сайд С.Батболд: Чармайлт хоёр талаасаа байх учиртай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн хуралд оролцлоо. Хурлын эхэнд уг хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, 2010 оны тариалалтын бэлтгэл ажлын явцын талаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Гантулга танилцуулав. Тэрбээр илтгэлдээ тус хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутагт 3000 гаруй механикжуулагч, ногоочин ажлын байраар хангагдан, техник технологийн дэвшил, шинэчлэл нэвтэрч, нэгжээс авах ургацын хэмжээ 16,0 центрт хүрсэн нь том амжилт гэж онцоллоо.

    Монгол Улсын Ерөнхий сайд, “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн дарга С.Батболд зөвлөлийн гишүүддээ хандаж ”Төрийн зохицуулалт байх ёстой газраа дээд зэргээр байх учиртай. Төлөвшөөд биеэ даатал нь төр бойжуулж, сэргээх ёстой.  Газар тариалангийн салбарт төрийн ийм зохицуулалт байгаа. Энэ салбарт бидэнд олсон ололт бий. Ололтоо ярих ёстой. “Атрын гурав дахь аян” гэсэн эрчимтэй бодлого тавигдлаа. Төр, засаг  сэтгэл зүйн бөгөөд үйл ажиллагаа талаас нь дэмжсэн өнгөрсөн хоёр жилд газар тариаланд илт сэргэлт гарсантай хэн ч маргахгүй. Одоо амжилтаа баталгаажуулах, энэ идэвхжил хандлагаа шинэ шатанд гаргах, илүү эрчимжүүлэх тогтолцооны механизмыг нь зөв болгоход засгаас анхаарна” гэсэн юм.

    Мөн энэ хүрсэн түвшнөө хөгжүүлэхэд төр, нөгөө талаас үйлдвэрлэгч, тариаланчид ямар үүрэг хариуцлага хүлээх чиглэлээр нэгдсэн, цогц бодлого боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд үүрэг болгохдоо “Чармайлт хоёр талаасаа байх учиртай. Төрөөс үр өгөөжтэй дэмжлэг шаардах хэрэгтэй. Ийм бодитой чармайлтыг Засгийн газар дэмжинэ. Бидэнд хамтран ажиллах бүрэн боломж, туршлага, сэтгэл байна” гэсэн юм.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд цааш нь ”Харьцангуй идэвхтэй, санаачилгатай, магадгүй хөрвүү аргаар яваад ирсэн газар тариалангийнхаа хөгжлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, бусдын зөв жишгийг авсан бодлогод оруулах цаг ирлээ” гэв. Манай улс 2010 онд 282,2 мянган га-д үр тариа, үүнээс 270,0 мянган га-д буудай, 13,2 мянган га-д төмс, 7,1 мянган га-д хүнсний ногоо тариалж, 410,0 мянган тонн үр тариа, 158,5 мянган тн төмс, 93,3 мянган тн хүнсний ногоо тус тус хураан авч улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах зорилттой байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд “шилэн хана”-тай болохыг хүслээ

    Ерөнхий сайд “шилэн хана”-тай болохыг хүслээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх аргачлал ба орон нутгийн оролцоог хангах нь” сэдэвт семинарт оролцогчдод хандаж үг хэллээ. Тэрбээр “Авлигатай тэмцэх гэдэг үг улиг домог мэт сонсогдох болчих гээд байна. Энэ ажлыг хоосон үг, улиг домог болгох биш, ажил хэрэг болгох шаардлага тулгарч байна. Авлигатай тэмцэх талаар зарим ажил хийгдэж байгаа ч эрч далайц муутай удаан байгааг анхаарч хурдаа нэмэн үр дүнг нь дээшлүүлэх хэрэгтэй. Авлигатай тэмцэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр зэхэж  байгаа нь сайн хэрэг. Харин үүнээ хэрэгжүүлж, үр дүнгийнх нь талаар хэлэцэж ярилцаж арга хэмжээ авдаг болж хэвших нь нэн чухал юм.

    Төр, захиргааны байгууллагын удирдлагууд Та бүхэн авлигаас сэргийлэхэд манлайлал үзүүлэх ёстой. Манлайлал үзүүлнэ хэмээн ярихдаа гол нь биш, бодитойгоор үлгэрлэн манлайлах  хэрэгтэй. Төрийн албан хаагчдын хөшүүн хойрго хүнд суртал ил тод бус байдал нь авлига болон хувирдаг, өөрөөр хэлбэл авлига өсөж үржих хөрсийг төлжүүлдэг  гэсэн ярианд дүгнэлт хийж, хүний төлөө гэсэн зарчмыг баримтлан үйл ажиллагаандаа “шилэн хана” босгох хэргтэй байна.

    Энэ бол Та бүхний үйл ажиллагааны орчин нь тунгалаг, ойлгомжтой болох нөхцлийг бүрдүүлэх юм. Түүнчлэн авлигаас урьдчилан сэргийлэх бодлогоо тодорхой болгохын төлөө ажил эрхэлсэн байгууллага болон яамд  тооцоо судалгаанд тулгуурлан шинжлэх ухааны үндэстэй хандахыг хүсч байна. Авлигатай тэмцэх нь зөвхөн төрийн байгууллагын үүрэг биш, энэ ажилд төрийн бус байгууллага, иргэний нийгмийн оролцоо, иргэдийн идэвхи санаачлага чухлаас гадна хөндлөнгийн хяналт хэрэгтэй юм гэлээ.

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, Азийн сангаас хамтран зохион байгуулсан энэхүү хоёр өдрийн семинарт төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын зэрэг олон албан тушаалтан хамрагдлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Ерөнхий сайд С.Батболд засаг дарга нарт хүний төлөө анхаарахыг сануулав

    Ерөнхий сайд С.Батболд засаг дарга нарт хүний төлөө анхаарахыг сануулавМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай уулзан байгалийн гамшиг, зудын хор хохирлыг гэтлэн давах талаар төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хийх болон цаг үеийн ажлын талаар товч мэдээлж үүрэг, даалгавар өгөв. Тэрбээр малчдад сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, залуу малчдад зориулсан сургалт, сурталчилгаа явуулах, болзошгүй эрсдлээс иргэдийн амьжиргаа, мал сүргийг хамгаалах арга хэмжээг зохион байгуулж хэвших хэрэгтэй.

    “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх арга хэмжээнд  бэлтгэх шатанд сум, байгууллагын удирдлага, ажилтнууд хариуцлагатай ажиллах, тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийн бүртгэлийг үнэн зөв гаргаж, төлбөрийн эрхийг сонгуулах санал авалтыг иргэдэд сайтар ойлгуулан, шуурхай зохион байгуулах шаардлагатай байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Үдийн хоол” хөтөлбөрийн хоолны чанарт онцгой анхаарал хандуулж, сургуулийн удирдлагууд, бэлтгэн нийлүүлэгчидтэй сумдын Засаг дарга нарыг гурвалсан гэрээтэй ажиллуулж, хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай гэлээ.

    Ерөнхий сайд хүн ам, орон сууцны тооллогыг 2010 оны 11 дүгээр сарын 10-нд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан иргэдийн хөдөлгөөний бүртгэл, мэдээллийг бүрэн хөтлөх, бичиг баримтын зөрчлийг цэгцлэх, иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг алдаа дутагдалгүй, шуурхай зохион байгуулахыг анхаарууллаа. Түүнчлэн өнөөдөр улс оронд бий болж байгаа нөхцөл байдал, өрнөж буй үйл явцыг Монголын төрт ёсны эрх зүйн үүднээс бодитой дүгнэн, ард иргэдэд зөв ойлголт өгч, улс орны том эрх ашиг, ард түмний амьдралын тогтвортой баталгааг хангахад бүх шатанд ажлаа чиглүүлж ажиллахыг үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Аймаг, нийслэлийн засаг дарга нартай уулзаж хэлсэн үг,өгсөн үүрэг даалгавар

    Аймаг, нийслэлийн засаг дарга нартай уулзаж хэлсэн үг,өгсөн үүрэг даалгаварТа бүхний өдрийн амгаланг айлтгая.

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан хамтран “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит гуравдахь удаагийн сургалт, семинарын үеэр манай Орон нутгийн удирдлагын хэлтэс цаг үеийн асуудлын талаар Та нөхөдтэй Засгийн газрын зарим гишүүнийг уулзуулах арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ уулзалт, ярилцлагын гол зорилго нь аймаг, нийслэлийн Засаг дарга Та нөхөд өнгөрч буй өвөл болон энэ хавар өөрсдийн аймаг, орон нутагт байдал ямар байгаа,  анхаарах асуудлаар аймаг бүрийн товч мэдээллийг сонсож, цаашид бидний хамтарч хийх ажлыг уялдуулахад чиглэх юм. Иймд оршил болгон цөөн зүйлийг мэдээлье.

    Манай улсын хувьд энэ жил олонхи аймгийн нутагт цас олон удаагийн давтамжтай их хэмжээгээр орсон, ойрын жилүүдэд тохиолдоогүй эрс хүйтэрсэн хүндхэн өвлийг туулж, хавартай золгож байна. Өнгөрөгч зун зуншлага муу байсан тул Засгийн газраас аймгуудад зориуд ажлын хэсэг томилон гангийн зэрэглэлийг тогтоох, өвөлжилтөд эртнээс бэлтгэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажилласныг Та бүхэн мэдэж байгаа. Та бид хамтдаа цаг агаар хүндэрч эхэлсэн үеэс тасралтгүй арга хэмжээ авч, багагүй хүч хөдөлмөр зарцуулан ажиллалаа. Ялангуяа энэ бүх ажлын хүндийг үүрч, хөдөөгийн иргэдийн амжиргааг хамгаалах, мал сүргийг эрсдэл багатай онд оруулах гэж орон нутгийн удирдлагууд ихээхэн хүчин зүтгэл гарган ажилласан гэж Засгийн газар, Улсын Онцгой комисс үзэж байна.

    Хүндхэн улирлын ард гарч, урин дулааны үзүүр наашилж байгаа ч бидний өмнө цаг алдалгүй шийдвэрлэх  асуудал, хэрэгжүүлж зохион байгуулах  арга хэмжээнүүд ард иргэдийн хүлээлттэй зэрэгцэн шил даран ээлжээ хүлээж байна. Юуны өмнө цаг агаарын хүндрэлээс хөдөө аж ахуйд үүссэн сөрөг үр дагаврыг богино хугацаанд арилгах, хаврын тариалалтад бэлтгэхээс эхлээд Засгийн газраас дэвшүүлж буй томоохон төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар ойрын үед анхаарах зарим асуудалд Та бүхний анхаарлыг хандуулахыг хүсч байна.

    Нэг: Хөдөө аж ахуйд учирсан хохирол, түүнийг арилгах талаар

    2009- 2010 оны өвөл хавар тохиолдсон байгалийн бэрхшээл нь урд жилүүдэд тохиолдсон гамшиг, зудыг бодвол өргөн цар хүрээтэй, нийт нутаг дэвсгэрийн 80,9 хувь буюу 17 аймгийн 175 сум, нийт малчин өрхийн 57,3 хувь буюу 97,5 мянган өрхийг хамарчээ. Засгийн газраас 2009-2010 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, гамшиг, зудын үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 7 удаагийн тогтоол, шийдвэрээр нийт 6,8 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц болон холбогдох сайдын төсвийн багцаас гаргаж зарцуулаад байна.

    НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, гадаадын төсөл, хөтөлбөрүүдийн газраас гамшгийн эрсдэлийг бууруулахад зориулж 6.3 орчим сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлж  байна. УИХ, Засгийн газрын зүгээс зудын бэрхшээлийг даван туулах зорилгоор өвөлжилт хүндэрсэн 12 аймагт тус бүр 230.0 сая төгрөг,  нийт 2760.0 сая төгрөг олгосноос одоогийн байдлаар 1958.7 сая төгрөгийг зарцуулаад байгаа мэдээ ирүүлжээ.

    Зарим аймагт энэ хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж байгаа дутагдал ч гарлаа. Тухайлбал: Завхан аймаг 100.3 сая төгрөгийг өвс, тэжээл авалгүй сумдад бэлэн мөнгөөр нь тараасан, баталж өгсөн зардлыг зориулалтаар зарцуулалгүй, сэг зэм устгалын 25 сая төгрөгийг өөр зүйлд зарцуулсан,  Ховд аймагт Улсын Их Хурлын дарга ажиллахдаа гамшгийн байдалд байгаа 3 суманд 30.0 сая төгрөг бэлнээр олгосныг  зориулалтын бус өрийг дарсан, зарим арга хэмжээний зардлыг 73.0 сая төгрөгөөр хэтрүүлсэн зэрэг зөрчил гарсан байна.

    Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос хандивын уриалга гаргаж амжилттай зохион байгуулсны үр дүнд гадаад, дотоодын байгууллагуудаас бэлэн мөнгөний хандив 867.7 сая төгрөг, 3.6 тэрбум төгрөгийн бараа материал нийт 4.5 тэрбум төгрөгийн хандив цугларч, үүнээс 5.2 тэрбум төгрөгийн хандив тусламжийг 3 удаагийн цуваагаар 21 аймагт хүргүүллээ. Энэ арга хэмжээнд цаг агаар хундэрсэн 12 аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, нийслэлийн төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд чин сэтгэлийн тусламж үзүүлсэнийг цохон тэмдэглэе.

    Дээрх тусламж, дэмжлэг нь цаг агаарын хүндрэлийг хохирол багатай даван туулахад чиглэж байгаа ч мал аж ахуйн салбарт гарч буй хохирол өдрөөс өдөрт нэмэгдэж малын хорогдол 4 дүгээр сарын 12-ны байдлаар 6.4 саяд хүрч, зөвхөн малын хорогдлыг мөнгөн дүнгээр тооцвол 360.0 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Гамшиг зудын улмаас 2010 оны 4 дүгээр сарын 13-ны байдлаар 8711 өрх огт малгүй болж, 32,7 мянган өрх малынхаа 50-иас илүү хувийг хорогдуулж, цаашид ч улам өсөх хандлагатай байна. Энэ нь хөдөөд ядуурал, ажилгүйдлийг ихээр бий болгох үндсэн шалтгаан болохын зэрэгцээ орон нутгийн төсвийн зардалд ч хүндрэл учруулж байгаа нь ойлгомжтой.

    69,6 мянган малчин өрх арилжааны банкуудад 63,9 тэрбум төгрөгийн зээлтэй байгаагийн 2,1 тэрбум төгрөг нь малгүй буюу цөөн малтай болсон өрхөд ноогдож байна. Гарч байгаа сөрөг үр дагаврын бурууг зөвхөн байгальд өгч болохгүй. Байгаль, цаг агаарын хүндрэлээс гадна орон нутагт өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, зохион байгуулалт хангалтгүй, мэдээ, мэдээллийг үнэн бодитоор өгдөггүй, зун, намрын улиралд найр, наадам ихэссэн, малчид өөрийн хөрөнгөө аливаа эрсдлээс хамгаалах сэтгэлгээ дутмаг, бэлэнчлэх сэтгэлгээнээс салаагүй, эдийн засгийн тооцоо сул, орон нутагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн удирдлагын үр ашигтай тогтолцоо байхгүй болсон зэрэг шалтгаан байгааг хэлэх нь зүйтэй. 

    Хаврын адаг сар дундаа орж байгаа ч нийт нутгийн 50 гаруй хувь цастай хэвээр байгаа нь шар усны үер болох  эрсдлийг дагуулж байна. Орон нутгийн удирдлагууд Та бүхэнд энэ өвөл хаврын хүндрэлийн үр дагавар,  шар усны үерээс  сэргийлэх, үхсэн малын сэг зэмийг устгах, малгүй болсон иргэдийн амьжиргааг хамгаалах зэрэг арга хэмжээг шуурхай авч, цаг алдалгүй шийдвэрлэх  дараах ажил байна.

    1.    Малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, үхсэн малын сэг, зэм устгах ажлыг технологийн дагуу шуурхай гүйцэтгэх, шаардагдах зардлыг нөөц бололцоогоо ашиглан гаргах,
    2.    Малгүй болсон буюу малаа олноор нь хорогдуулсан малчдыг ажлын байраар хангах хувилбаруудыг санаачлан, жижиг дунд үйлдвэрийг дэмжих болон бусад эх үүсвэрээр ажлын байр бий болгох, 
    3.    Малчдад сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, залуу малчдад сургалт, сурталчилгаа явуулах, 
    4.    Орон нутгийн засаг захиргааны бүх шатны байгууллага, малчид дахиад өвөл болно, цаг агаар хүндэрнэ гэдгийг байнга санаж, болзошгүй эрсдлээс иргэдийн амьжиргаа, мал сүргийг хамгаалах арга хэмжээг өөрсдийн орон нутгийн онцлогт тохируулан хэний ч шаардлагагүйгээр хийж хэвших,
    5.    Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний чанар, орчин үеийн шаардлагыг хангахгүй байгаагаас мах экспортлоход саад учирч, мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байна. Иймд үүнд холбогдох яам, орон нутгийн байгууллага хамтран зарчмын эргэлт хийх цаг нь болсон гэж үзэж  байна.
    6.    Атрын гурав дахь  аяны хүрээнд олсон ололтоо бид алдаж болохгүй.
    Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг цаг алдалгүй хийхийн зэрэгцээ, хураан авах ургацаа хаана хадгалах, борлуулах зэргийг одооноос төлөвлөж ажиллах хэрэгтэй. Хураан авсан ургацыг борлуулах, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих талаар зарим эрх зүйн зохицуулалт хийх ч  шаардлагатай байна.

    Хоёр: Цаг үеийн зарим тулгамдсан асуудлын талаар

    Улсын Их Хурал, Засгийн газраас улс орны эдийн засгийн цаашдын өсөлт, хөгжилтэй холбоотой бодлогын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Та бүхэн мэдэж байгаа. Эдгээр төслүүдэд Та бүхний анхаарал хандуулж, шуурхай зохион байгуулах шаардлагатай  асуудлууд байна. Үүнд:

    1.    “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх арга хэмжээтэй  холбогдуулан  УИХ-ын 2009 оны 100 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны 03, 82 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд сум, байгууллагын удирдлага ажилтнуудыг хариуцлагатай ажиллуулах,
    2.    Тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийн бүртгэлийг үнэн зөв гаргах, төлбөрийн эрхийг сонгуулах санал авалтыг иргэдэд сайтар ойлгуулан, шуурхай зохион байгуулах,
    3.    Аймгуудыг холбосон авто зам тавих ажилд орон нутгийн түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах асуудлаар өмнө гардаг маргаан, чирэгдлийг гаргахгүй байхад анхаарах,
    4.    Бүх шатанд сахилга дэг журмыг сайжруулах, энэ талаар гарсан Засгийн газрын 2009 оны 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхааруулж байна. Зарим аймгийн удирдлага зөвшөөрөлгүйгээр  гадаадад томилолтоор явах, сум, байгууллагын ажилтнуудыг төсвийн хөрөнгөөр тал тохой татаж олноор нь гадаад явуулах байдал гарч, нэмэгдэх хандлагатай  байна.
    5.    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Үдийн хоол” хөтөлбөрийн хоолны чанарт онцгой анхаарал хандуулж, сургуулийн удирдлагууд, бэлтгэн нийлүүлэгчидтэй сумдын Засаг дарга нарыг гурвалсан гэрээтэй ажиллуулж, хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай байна.

    Гурав:  Хүн ам, орон сууцны тооллогын ажлын талаар

    Одоо хүн ам, орон сууцны тооллогын Улсын комиссын даргын хувьд цөөн зүйлд Та бүхний анхаарлыг хандуулъя. Энэ оны 1 дүгээр сард зохион байгуулах байсан хүн ам, орон сууцны тооллогыг өнгөрсөн оны сүүлээр үүссэн байгаль цаг уурын хүндрэл, томуугийн цартахлын вирусийн халдварын тархалтын улмаас хойшлуулан УИХ-ын 88 дугаар тогтоолоор 2010 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн “00” цагаар өөрчлөн тогтоосныг Та бүхэн мэдэж байгаа.

    Тооллогын тов хойшлогдсонтой холбоотойгоор орон нутагт тооллогын бэлтгэлийг хангах ажилд ихээхэн алгуурласан байдлаар хандаж байна. Энэ ажил нь төр засгийн бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг гаргаж, цаашдын зорилтын чиг хандлагыг боловсруулах олон талын ач холбогдолтойн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын өмнө хүлээсэн томоохон үүрэг байдаг гэдгийг сайтар ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

    Иймд иргэдийн хөдөлгөөний бүртгэл, мэдээллийг бүрэн хөтлөх, бичиг баримтын зөрчлийг цэгцлэх, иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг алдаа дутагдалгүй, шуурхай зохион байгуулахад анхаарах хэрэгтэй. Тооллогын төсөв санхүүтэй холбоотой асуудлаар орон нутгийн тооллогын комиссын даргын хувьд Та бүхний  хариуцлагатай холбоотой  асуудал гарсан байна.

    Сангийн яамтай тохиролцож, орон нутгийн төсөвт тусган хуваарилсан  санхүүжилтийг зарим аймаг ИТХ-аараа өөрчилж баталсан байна. Тухайлбал: Архангай аймаг 56.0 сая төгрөг, Баянхонгор аймаг 38.6 сая төгрөг, Булган аймаг 16.3 сая төгрөг, Дорнод аймаг 57.1 сая төгрөг, Өвөрхангай аймаг 37.0 сая төгрөг, Хөвсгөл аймаг 22.2 сая төгрөг, Орхон аймаг 63.2 сая төгрөг, Завхан аймаг 46.9 сая төгрөг, Улаанбаатар 50.0 сая төгрөгийг төсөвтөө тусгаагүй буюу тооллогын товчоонд шилжүүлж үлдэгдлийг баталгаажуулаагүй байна.

    Иймд тооллогын арга хэмжээний зардлын асуудлыг орон нутгийнхаа ИТХ-ын байгууллагатай хамтран шийдвэрлэх шаардлагатай байна. Эцэст нь хэлэхэд орон нутагт ажиллах тоологчдыг сайтар судлаж оновчтой сонгохоос энэ ажлын чанар шалтгаална гэдгийг сануулж  байна. Орон нутгийн удирдлагуудад миний өгсөн эдгээр үүрэг даалгаврын хэрэгжилтэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зүгээс хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй.

    Өнөөдөр улс төрийн бий болж байгаа нөхцөл байдал, өрнөж буй үйл явцыг Монголын төрт ёсны эрх зүйн үүднээс бодитой дүгнэн, ард иргэдэд зөв ойлголтыг өгч, улс орны том эрх ашиг, ард түмний амьдралын тогтвортой баталгааг хангахад Та бид бүх шатанд ажлаа чиглүүлж ажиллахыг зөвлөж байна.

  • БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзлаа

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзлаа Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтанд оролцож, Гонконгод ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бээжин хотноо түр саатаж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзаад эх орондоо ирлээ. Ерөнхий сайд С.Батболд хоёр орны харилцааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн асуудлаар санал бодлоо илэрхийлж, хамтын ажиллагаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах, хилийн зарим боомтыг 24 цагаар ажиллуулах, ОХУ-аас БНХАУ-руу тавьж байгаа хийн хоолойг Монгол улсаар дамжуулах, мах сүүний боловсруулах үйлдвэр байгуулах, их, дээд сургуулийн хотхон барихад хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол улсад томоохон мах сүүний боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, зарим томоохон төсөлд хамтран ажиллахад  бэлэн байгаагаа дурдаж, Ерөнхий сайд С.Батболдын саналуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Уулзалтын үеэр хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, хэлэлцсэн зүйлүүдийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагууд ажлаа уялдуулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр талууд тохирлоо. 

    Уулзалтанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансүх нар байлцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулж, шууд нислэг хийхээр болов

    Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулж, шууд нислэг хийхээр болов Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Гонконгийн удирдлагуудтай  уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд Гонконгийн засаг захиргааны тусгай бүсэд зочилж, гадаадын хөрөнгө оруулалтыг татсан банк, санхүү, боловсрол, хөрөнгийн зах зээлийнх нь туршлага монголын талын сонирхолыг татаж буйг тэмдэглэн эдгээр салбаруудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

    Гонконгийн амбан захирагч Доналд Цан Ерөнхий сайд С.Батболдын тавьсан хүсэлтийг дагуу шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, боловсролын салбарт хамтран ажиллаж Монголын залуусыг олноор сургах боломжтой гэлээ. Гонконгийн биржүүдээр дамжуулж монголын компаниудыг хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд туслах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилт тавьж буй бизнесменүүдийг ирж туршлага судлахыг урилаа.   

    Уулзалтын үеэр талууд худалдаа эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэнтэй санал нэгдэв. Энэхүү ажлын айлчлалын үр дүнд Гонконгийн шууд хөрөнгө оруулалтыг Монголд татан оруулах, аялал жуулчлал, хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх үүднээс Улаанбаатар Гонконгийн хооронд шууд нислэг хийх асуудлыг яаралтай шийдвэрлэхээр боллоо. Мөн Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулахыг талууд дэмжив.

    Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн явц, ажлын айлчлалын үр дүн, хөрөнгө оруулагчдын сонирхсон асуудлаар Dowjones болон Thomson Reuters агентлаг, The Wall Street Journal сонинд ярилцлага өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Европын стандарыг Монголд нутагшуулахад Дани Улс дэмжлэг үзүүлэхээр болов

    Европын стандарыг Монголд нутагшуулахад Дани Улс дэмжлэг үзүүлэхээр болов

    Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтанд оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Данийн Вант Улсын Ерөнхий сайд Ларс Лакке Расмуссэн, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Хоёрдугаар Дэд Ерөнхийлөгч Мохаммад Карим Халилитэй уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд Данийн Вант Улсын Ерөнхий сайд Ларс Лакке Расмуссэнтэй Боаогийн хурлын үеэр уулзаж буйдаа талархал илэрхийлж хоёр орны хоорондын худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд өндөр хэмжээний уулзалтууд чухал үүрэг гүйцэтгэдгийг цохон тэмдэглэв.

    Мөн Дани Улс Монголын ардчилсан өөрчлөлтийг анхнаас нь дэмжиж чөлөөт хэвлэлийн тогтолцоог бүрдүүлэх зорилготой Данидагийн төсөл, боловсролын салбарын дэмжлэгийг өндөрөөр үнэлдэгээ тэмдэглэв. Дани Улс нь Европын холбооны гишүүний хувьд Европын стандартыг Монголд нэвтрүүлэхэд туслаж дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа өгүүлэв. Данийн Ерөнхий сайд Ларс Лакке хоёр орны харилцаа амжилттай хөгжиж буйг тэмдэглэж, бизнес эдийн засгийн шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх санал нэг байгаагаа дурдлаа. Данийг гуравдахь хөршөө гэж тооцож болно гэдгийг онцолж Монгол Улсын Ерөнхий сайдын нутагшуулах гэж буй Европын стандарыг нэвтрүүлэхэд бүх талын тусламж дэмжлэг үзүүлэхээр болов.  

    Энэхүү уулзалтын дараа Ерөнхий сайд С.Батболд Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Хоёрдугаар Дэд Ерөнхийлөгч Мохаммад Карим Халилитэй уулзаж хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Боаогийн эдийн засгийн чуулга уулзалтын талаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаар БНХАУ харилцан ашигтай байх зарчим баримтлахаа илэрхийлэв

    Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаар БНХАУ харилцан ашигтай байх зарчим баримтлахаа илэрхийлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Дэд дарга Си Жиньпинтэй уулзаж, Боаогийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэж, өндөр дээд хэмжээний уулзалтууд хийх боломж болгосонд талархал илэрхийлэв. Мөн харилцан ашигтай нэмүү өртөг бүрдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтойг онцлон дурдлаа. Уул уурхай, эрчим хүч, банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, авто болон төмөр зам зэрэг дэд бүтцийг хөрш орнуудтайгаа хамтран хөгжүүлэх, далайд гарцгүй орны хувьд дамжин өнгөрөх тээврийн яриа хэлэлцээг ахицтай явуулах зорилттойгоо өгүүллээ.

    БНХАУ-ын Дэд дарга Си Жиньпин санхүүгийн хямралын нөхцөлд ч хоёр талын санаачилгын үр дүнд худалдаа, эдийн засгийн харилцааны үзүүлэлт сайн байгааг дурдаж, үлгэр жишээ болохуйц томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлж, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэцийн салбарыг хөгжүүлэх боломжтойг онцлов. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаарх Монголын байр суурийг БНХАУ-ын тал чухалчилан үзэж, НҮБ-ын хүрээнд байгуулсан холбогдох баримт бичигүүдийн дагуу харилцан ашигтай байх зарчим баримтлахаа цохон тэмдэглэв.

    Монгол Улс нь Боаогийн чуулга уулзалтыг санаачилагчийн хувьд идэвхитэй оролцож Азийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэрээ оруулж ирсэнийг өндөрөөр үнэлдэгээ илэрхийллээ. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд амралтын өдрүүдэд Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтанд оролцож ногоон эдийн засгийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэн дэлхийн удирдагчидтай санал солилцсон уулзалтууд өндөрлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.  

  • БНАЛАУ-ын Ерөнхийлөгчтэй уулзлаа

    БНАЛАУ-ын Ерөнхийлөгчтэй уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын үеэр БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасонтой уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд хоёр орны харилцаа өндөр дээд хэмжээнд идэвхтэй хөгжиж байгаа нь цаашдын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал болохыг онцоллоо. Мөн цаашид хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлж, боловсрол эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтойг дурдав. НҮБ-ын дэмжлэгтэйгээр Монголд байгуулахаар болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж  далайд гарцгүй орны хувьд нийтлэг эрх ашгийнхаа асуудлаар уламжлалт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн ач холбогдлын талаар санал солилцлоо.

    Харин БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасон хоёр орны найрамдлын байгууллага, холбоо байгуулах хэрэгтэйг онцолж, мал аж ахуйн хамтарсан төсөл хэрэгжүүлж, малчдыг сургахад тусламж хүслээ. Уулзалтын хүрээнд хоёр орны мал аж ахуйн хамтарсан төслийг хэрэгжүүлэх боломжийг судалж, энэ жил Вьентьян хотноо Монгол-БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулахаар талууд ярилцав. Уулзалтад Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр нар оролцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.