Ангилал: тайлан

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ өдөр Засгийн газар 44 асуудлыг хэлэлцсэн байна.

    ДИЗЕЛЬ ТҮЛШ, АВТОБЕНЗИНЭЭС ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР АВАХГҮЙ

    Засгийн газрын хуралдаанаар газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварыг өөрчлөх тухай хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ дагуу Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 80 мянга, АИ-92 автобензинд 100 мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг “0” төгрөг болголоо. Мөн дизель түлшинд татвар ногдуулахгүй байгааг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийг 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн мөрдөнө. Бусад боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж буй онцгой албан татварын хэмжээг хэвээр байлгахаар болсон байна.

    Татварыг ингэж бууруулснаар үнийн огцом өсөлтийг сааруулах, автобензин, дизель түлшийг “Роснефть” компаниас хангалттай хэмжээгээр нийлүүлэх боломжгүй байгаа учир ОХУ-ын бусад компани, БНХАУ-аас авч нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд татварын дэмжлэг болох юм. Манай улс сард дунджаар 20 орчим мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг. “Роснефть” компани энэ сард зөвхөн 10 мянган тонныг өгөхөөр байгаа нь нийлүүлэлт багасахад нөлөөлж байгаа юм. Иймээс нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар тус компанитай яриа, хэлцээ хийж байгаа бөгөөд бусад эх үүсвэрээс ч шатахуун авч эхлээд байна. “Роснефть” компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 7 дугаар сард тонн тутамдаа А-80 автобензин 119, АИ-92 автобензин 201, дизелийн түлш 4 ам.доллараар өсчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ”ДОРНОД ГАЗРЫН ТОС” КОМПАНИ БАЙГУУЛНА

    Дорнод аймгийн Чойбалсан хотод газрын тос боловсруулах “Дорнод газрын тос” төрийн өмчийн оролцоотой компани байгуулахыг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Компанийн хувийг эзэмших аж ахуйн нэгжийг зохих журмын дагуу сонгон шалгаруулж, компанийн дүрмийг батлахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгав. Өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах олон санал ирсэн ч  техник, технологийн шаардлага хангах техник, эдийн үндэслэл боловсруулсан аж ахуйн нэгж цөөхөн байна.

    Дархан хотод 2 сая тоннын, Рашаант өртөөнд 300 мянган тоннын, Дорнод аймагт  120 мянган тоннын, Дорноговь аймгийн Зүүнбаянд 330 мянган тоннын, мөн Зүүнбаянд 50 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр барих төслүүд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, сүүлийн үеийн технологитой, тунгалаг бүтээгдэхүүний гарц 80 хувь, Европын хэд хэдэн стандартад нийцэж байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд 28-600 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд үйлдвэр барих хугацаа нь хүчин чадлаасаа хамаарч 1,5-4 жил болох судалгаа гарчээ. Дээрх төслүүд хэрэгжсэнээр 1000 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой юм. Иймд газрын тос боловсруулах үйлдвэрийг төрийн эзэмшлийн оролцоотой, түүхий эдийн найдвартай эх үүсвэртэй, хараат бус, бага хүчин чадлаар нэн даруй байгуулах шаардлагатай гэж Засгийн газар үзэж байна

    ЗАСГИЙН ГАЗАР 300 ХҮРТЭЛ ТЭРБУМЫН ҮНЭТ ЦААС ГАРГАНА

    Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгоход зориулан 100 тэрбум төгрөгийн үнэт цаасыг эх үүсвэрийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан үе шатттай гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. Мөн хонины ноос, тэмээний ноос бэлтгэгчид, үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэхийн тулд 50 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 150 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар болов.  

    Манай улс ноолуурын түүхий эдийн нөөцөөрөө дэлхийд урд хөршийн дараа хоёрдугаарт ордог боловч жилдээ 600-700 мянган ширхэг бэлэн бүтээгдэхүүн экспортолж, дэлхийн зах зээлийн ердөө 2.3 хувийг эзэлдэг учир дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. Дэмжлэг үзүүлснээр ноолуурын салбар дахь 6 мянга гаруй ажлын байрыг хадгалж, шинээр нэмэгдүүлэх боломжтой төдийгүй монгол ноолууран брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх чухал алхам болно гэж Засгийн газар үзэж байна. 

    Тэгвэл ноосны бэлтгэлийн 80 орчим хувийг угаасан хэлбэрээр ихэвчлэн БНХАУ-д гаргаж, дотоодын үйлдвэрүүд хүчин чадлынхаа 30 хүрэхгүй хувийг ашиглаж байгаа юм.  Энэ нь сайн чанарын түүхий эдийн нөөц багассан, бэлтгэх тогтолцоо алдагдсан, ноосны гүн боловсруулалтын зарим үйлдвэрийн тоног төхөөрөмж хуучирсан, бэлэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад өндөр татвар ногдуулдаг, зах зээлд импортын хямд үнэтэй, чанаргүй бүтээгдэхүүн давамгайлах болсонтой холбоотой юм.

    Харин жижиг, дунд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх 272 үйлдвэрийн төсөлд 251,9 тэрбум төгрөгийн санхүүжилт ойрын 2 жилд хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байна. 5845 жижиг үйлдвэр, бизнесийг 829,2 тэрбум төгрөгөөр дэмжихэд 2011-2012 онд 47 320 ажлын байр нэмэгдэх боломжтой гэж 7 яам, 21 аймаг, нийслэл, арилжааны 8 банк, мэргэжлийн 16 холбоо санал ирүүлжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛАХ ЖУРМЫГ БАТАЛЛАА

    Засгийн газрын хуралдаанаар мөн “Засгийн газрын бондын эх үүсвэрээр ноос, ноолууран эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих хөрөнгийг захиран зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам”, “Малчдад мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ыг баталлаа. Малаа эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд хамруулах, ноосоо бэлтгэлийн стандартын дагуу ангилахаас гадна сумынхаа мал эмнэлгийн тасагт малын гарал үүсэл, чанар, тоо хэмжээтэй холбоотой мэдээллийг өгч бүртгүүлсэн байх шаардлагыг “Малчдад мөнгөн урамшуулал олгох тухай журам”-д тусгажээ.

    Урамшууллын мөнгийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар, боловсруулах үйлдвэр, “Мал хамгаалах сан”-гийн тодорхойлолтыг үндэслэн гарах сайдын шийдвэрийн дагуу сум, дүүргийн Төрийн сангаар дамжуулан малчин, мал бүхий иргэдэд олгоно. Харин ноос, ноолуурын салбарт олгох зээлийг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бэлтгэсэн ноос, ноолуур, үйлдвэрлэсэн утсыг худалдан авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулж үндэсний үйлдвэрт олгох юм.

    Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулсан 150 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээс бүрдэх зээлийг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр төсвөөс жил бүр олгодог зээлийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах чиглэлээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмыг баримтлан олгоно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    НҮҮРСНИЙ 20 ХОНОГИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦ БҮРДҮҮЛНЭ

    Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах, өр авлагыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Төсвөөс олгосон зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, 2011 онд багтаан бүрэн буцаан төвлөрүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад даалгав.

    Ингэснээр станцууд өвлийн оргил ачааллын үед 20 хоногоор тооцож  нүүрсээ нөөцлөх боломж бүрдэж байна. Мөн нүүрсний уурхай, станцуудын хооронд өр авлага үүсгэхгүй байх, хуримтлагдсан өр, авлагыг бууруулах, эдгээр байгууллагын эдийн засаг, санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд ч дэмжлэг болох юм. Засгийн газрын 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцсэн.   

    Энэ дагуу нүүрсний аюулгүйн нөөц /20 хоногийн/ бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг өмнөх жилүүдээс бууруулахгүй байх, өвлийн их ачааллын үед станцуудад хэрэглэх нүүрсний 20-иос доошгүй хоногийн нөөц бүрдүүлэхийн тулд нүүрс тээвэрлэх вагоноор тасралтгүй, найдвартай хангахаар тогтсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАЛАА

    Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий 15 хүнийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа.

    Үүнд :

    1.    Т.Гантулга. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

    2.    Д.Түвшинтөр. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга

    3.    Б.Бямбажав. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

    4.    Б.Ганбат. Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга

    5.    Ш.Мөнхцэрэн. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

    6.    Ч.Цогтбаатар. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын орлогч дарга

    7.    Н.Нямжав. Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх

    8.    Б.Амгаланбаатар. Батлан хамгаалах яамны Стратегийн  удирдлага, төлөвлөлтийн газрын орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа

    9.    Д.Өнөржаргал. Клиникийн 1 дүгээр амаржих газрын эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч

    10.Г.Бадамдулам. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн

    11.Ш.Мэндсайхан. Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

    12.Д.Цэдэнбал. Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн

    13.Л.Гэрэлмаа. Оюуны өмчийн газрын шинжээч

    14.А.Ханддорж. Булган аймгийн Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш

    15.Д.Бадамцэцэг. Төв аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн дарга

    НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООНО

    Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний үнийг шатахууны үнийн өөрчлөлттэй уялдуулан хууль тогтоомжийн хүрээнд шинэчлэн тогтоох талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын хуралдаанаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт зөвшөөрлөө. Үнийн өөрчлөлтөөс шалтгаалан үнэ төлбөргүй зорчих иргэдийн нөхөн олговорт нэмж шаардагдах хөрөнгийг төсөвт тусган санхүүжүүлэх болсон байна. Мөн нийтийн тээврийн байгууллагуудын дизелийн түлшний хангалт, нийлүүлэлтэд хяналт тавьж, нийлүүлэгч нартай урт хугацааны гэрээ байгуулан, зохистой түвшинд нөөц бүрдүүлж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.

    Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгийн чадавхийг сайжруулах, өр төлбөрийг барагдуулах, тээвэрчдийн нийгмийн асуудал, ажлын байрны нөхцлийг сайжруулах хөтөлбөр боловсруулан, цогц арга хэмжээ авахыг холбогдох сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгов. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд өдөрт 600 мянган зорчигч тээвэрлэж, нэг зорчигч тутмаас 26-187 төгрөгийн алдагдал хүлээдэг байна.  Нийт зорчигчийн 56 хувь нь төлбөрөө төлдөг бол 44 хувь нь холбогдох хуулийн хүрээнд үнэ төлбөргүй зорчдог. Энэ 160 гаруй мянган иргэний тээврийн зардалд төсвөөс нөхөн олговор хэлбэрээр 2010 онд 26,8 тэрбум төгрөг өгсөн бол энэ онд 30,4 тэрбумыг олгохоор тусгажээ.

    Харин дизель түлшний үнэ энэ оны 2 дугаар сард 9,1 хувиар нэмэгдэн 1440 төгрөг болсноос тээврийн байгууллагууд сар тутам 240 сая, жилдээ 2,8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гараад байна. Иймээс асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн нийтийн тээврийн үйлчилгээний үнийг шатахууны үнийн өөрчлөлттэй уялдуулан хууль тогтоомжийн хүрээнд шинэчлэн тогтоохыг нийслэлийн удирдлагад зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    ХУУЧИН ЦАХИЛГААН ШАТЫГ ШИНЭЧИЛНЭ

    Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хугацаа дууссан, ашиглах боломжгүй цахилгаан шатыг мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн шинэчлэх, шаардагдах хөрөнгийг тухайн жилийн орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Одоогоор манай улсад 1990 оноос өмнө баригдсан орон сууцнуудад тухайн үед ЗХУ-д үйлдвэрлэсэн 800 гаруй цахилгаан шат байгаагийн ихэнх нь 25, түүнээс дээш жил ашиглагдсан. Элэгдэж хуучирсан цахилгаан шат оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж чадахаа больсон нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  БНСУ, ОХУ-ын холбогдох байгууллагын хамтран гаргасан дүгнэлтээс тодорхой байна.

    “Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно” гэж холбогдох хуулинд заасан байдаг. Энэ заалтын дагуу цахилгаан шатыг шинэчлэхээр Засгийн газар хоёр ч удаа тогтоол гаргаж 2010 оны эцэс гэхэд 239 цахилгаан шатыг шинэчилж дуусгахаар төлөвлөсөн байсан юм.

    2010 оны жилийн эцсийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 131 шатыг шинэчлэхээс 109, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 96-г шинэчлэхээс 30-ийг шинэчилсэн байна. Дээрх тогтоолын дагуу Сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгөөр 12 ширхэг цахилгаан шатыг шинэчлэх байсан ч хөрөнгийн бололцоогүй  учир чадаагүй байна. Тэгээд ч Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл оршин суугчдаас хөрөнгө төвлөрүүлж цахилгаан шат шинэчлэх боломж муу байгаа юм. Иймээс Засгийн газрын 2 тогтоолын дагуу оршин суугчдаас төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг Сууц өмчлөгчдийн холбоонд буцааж олгохыг Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлд Засгийн газрын хуралдаанаас зөвлөлөө.

    МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ БАЙГУУЛНА

    Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Сант сумын Мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын сургуулиас Мэргэжлийн сургалттай хэсгийг нь салгаж Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болгон өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Өөрчлөн байгуулсан төвүүдийн байр, эд хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх, сургах мэргэжлийн чиглэл, хяналтын тоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн захиалгын дагуу тогтоож, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах үүргийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа. Төвүүдийн сургалтын орчинг сайжруулах, багшлах боловсон хүчнээр хангахын тулд улсын төсвөөс гадна хандивлагчид, хувийн хэвшлийн дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ОЮУТНЫГ ШАЛГАРУУЛАХ ЖУРМЫГ БАТАЛЛАА

    Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутныг сонгон шалгаруулах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Инженер-технологийн чиглэлээр дэлхийн шилдэг 50 сургуульд суралцах болзол хангасан оюутныг сонгон шалгаруулах, энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил бүр улсын төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгав. Журамд зааснаар математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн улсын олимпиадад эхний 3 байр эзэлсэн болон Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр эдгээр чиглэлийн олон улсын олимпиадад оролцсон байх шаардлагатай.

    Мөн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд зохих журмын дагуу элсэн суралцах эрх авсан буюу 1,2 дугаар курст 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцаж байх ёстой юм байна. Салбарын яам шалгаруулалтын зарыг бүртгэл эхлэхээс 14 хоногийн өмнө яамны веб хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлахаар журамд тусгажээ. Онцгой авъяастай хүүхэд, залуучуудыг инженер, технологийн мэргэжлээр бакалаврын түвшинд өндөр хөгжилтэй оронд сургахаар УИХ шийдвэрлэж, төсөвт 3 тэрбум төгрөг тусгасны дагуу дээрх журмыг боловсруулсан байна.

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр сүүлийн 3 жилд математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн улсын олимпиадад эхний 3 байр эзэлсэн 44 оюутныг хүлээн авч уулзсан. Дээрх оюутнууд дэлхийн шилдэг 50 инженер-технологийн их сургуульд суралцах эрх авсан тохиолдолд Сургалтын төрийн сангаас санхүүжих эрхтэй гэж тэрээр мэдэгдэн албан захидал гардуулсан бол Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шилдэг 50 сургуулийн нэг болох Корнеллийн их сургуульд суралцах урилга авсан Э.Энхзаяад батламжийг нь гардуулж байсан юм.

    Судалгаанаас үзэхэд шилдэг 50 сургуулийн сургалтын төлбөр, оюутны амьжиргааны зардал нэг хичээлийн жилд дунджаар 40-50 мянган ам.доллар байх бөгөөд 2011-2012 онд 50 оюутныг сургах боломжтой юм байна. Суралцагч нь сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлийн дагуу эх орондоо ирж, 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллахаар гэрээнд тусгажээ.   

    АПТА-Т НЭГДЭН ОРОХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭХЛҮҮЛНЭ

    Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АПТА/-т нэгдэн орох хэлэлцээг эхлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, хэлэлцээний үеэр баримтлах удирдамж, гарах зардлыг батлуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. Гишүүн орнуудад санал болгох “Хөнгөлөлтийн үндэсний жагсаалт”-ын төслийг Засгийн газрын хуралдаанаар мөн хэлэлцэн дэмжсэн байна. Жагсаалтыг бэлтгэхдээ үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах, хууль тогтоомжоор хязгаарлалт тогтоодог салбарын бараа, бүтээгдэхүүнийг үл хамруулах, манай улстай ойролцоо хөгжилтэй гишүүн орнуудын одоогийн хөнгөлөлтийг жишиг болгох, импортоор авдаггүй барааг сонгох зэрэг зарчмыг үндэс болгож 299 барааг сонгожээ.

    Манай улсын худалдааны нийт бараа эргэлтийн 60 хувийг АПТА-гийн гишүүн орнууд эзэлдэг. АПТА-д нэгдсэнээр манай экспортын 338 нэр төрлийн бараа БНХАУ болон БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх бөгөөд энэ нь ойролцоогоор 10 гаруй сая ам.долларын хөнгөлөлт гэсэн үг юм. Мөн манай тал 299 төрлийн бараанд дунджаар 20 хувийн импортын гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх боломжтой. Ингэснээр гаалийн татварын хэмжээ 1 сая орчим ам.доллараар буурна гэсэн судалгаа гарчээ.

    Ази, Номхон далайн хөгжиж байгаа орнууд хамтран 1975 онд Бангкокийн хэлэлцээр нэртэй байгуулсан АПТА-д Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг улс гишүүнээр элсээд байна. Гишүүн орнууд өнөөг хүртэл хугацаанд 3 удаа тарифын хэлэлцээ хийж, 4 мянга гаруй барааны татварыг харилцан бууруулах үүрэг авчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    Э.АМАРТҮВШИНГ 52 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЛАА

    ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотноо болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд 2 дугаар байр эзэлсэн Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Амартүвшинд 52 сая төгрөгийн шагнал олгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Мөн Франц, Бүгд Найрамдах Чех Улсад болсон олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдийн уралдаан, өсвөрийн хөгжимчдийн уралдаанд оролцож онцгой амжилт үзүүлэн, нэгдүгээр байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Ж.Ариунзаяа, Ө.Анхзаяа, Г.Чингүүн нарт тус бүр 19 сая, хоёрдугаар байр эзэлсэн Г.Болормаа, К.Солензаяа, Э.Амина нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн “Авъяастан” төвийн сурагч Ө.Цовоод 9 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох болсон байна.   

    Мөн хуралдаанаар Олимпийн наадамд амжилттай оролцон медаль хүртэж, эх орныхоо нэрийг дуурсгаж байсан ахмад тамирчдад мөнгөн шагнал олгоно. Олимпоос чөлөөт болон жүдо бөхийн төрөлд мөнгөн хүртсэн Ж.Мөнхбат, З.Ойдов, Ж.Даваажав, Ц.Дамдин нарт тус бүр 15 сая, чөлөөт, жүдо бөх, бокс, буудлагын төрөлд хүрэл медаль хүртсэн Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг, Х.Баянмөнх, Д.Оюунболд, Р.Даваадалай, Н.Энхбат, Д.Мөнхбаяр, Д.Нармандах нарт тус бүр 10 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.

    Манай улс 1964 оноос Олимпод оролцож эхэлсэн бөгөөд анхны медалийг 1968 онд Мехико Улсаас Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг, Ж.Мөнхбат нар хүртсэн түүхтэй. Одоогоор манай тамирчид олимпоос 2 алт, 7 мөнгө, 10 хүрэл медаль аваад байна.  Эх орныхоо нэрийг дэлхийн урлагийн тавцанд өндөрт өргөсөн Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Амартүвшинг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын хуралдааны дараа хүлээн авч уулзан дурсамж гардуулж, баяр хүргэн амжилт хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

    ·         2010 оны ажлаараа өндөр үнэлгээ авсан нийслэл, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж, эдгээр аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгохоор тогтлоо. Харин хангалтгүй дүн үзүүлсэн Архангай, Говь-Алтай аймгийн Засаг дарга нарт ажлаа сайжруулахыг үүрэг болгосон байна.

    ·         Шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн эхэд нэг удаа 300 мянга, “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхчүүдэд 1 сая, хоёрдугаар зэргийн одонтой бол 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгох тухай хуулийн төслийг Засгийн газар зарчмын хувьд дэмжлээ. Гэхдээ тодорхой саналуудыг хууль санаачилсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дондог, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, А.Тлейхан, Ц.Цэнгэл нарт уламжлахаар болов.

    ·         Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Татварын ерөнхий хууль, Нэгдсэн төсвийн тухай, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай зэрэг хуульд нэмэлт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Газрын тухай, Улсын нөөцийн тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

    ·         Засгийн газрын хуралдаанаар “Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэн гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн барихаар болжээ. Бодлогын баримт бичигт “Газрын тосны нөөц хадгалах нийт 60 мянган тонны багтаамжтай агуулахыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт барих, газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн судалгаа хийж, Засгийн газраас бүтээгдэхүүнийг худалдан авах болон төслийн санхүүжилтэд баталгаа гаргахыг судалж, хувийн хэвшлийг дэмжих” зэрэг заалт тусгасан байна. 

    ·          “Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, уринш боловсруулалтыг технологийн хугацаанд шуурхай зохион байгуулах, ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Мөн уринш боловсруулах, ургац хураах үед газар тариалангийн аж ахуйн нэгж, иргэдийг шатахуунаар найдвартай хангах, шаардлагатай үед хэрэглэх нөөц бүрдүүлэхийг холбогдох сайд нарт даалгажээ. Одоогоор манай улс 343.3 мянган га-д тариалалт хийгээд байгаагийн 300.9 мянга га-д үр тариа, үүнээс улаанбуудай 292.8 мянган га-д, төмс 14.6 мянган га-д, хүнсний ногоо 7.2 мянган га-д, тосны ургамал 10 мянга га-д, тэжээлийн ургамал 9.4 мянган га-д, жимсгэнэ 1 мянган га-д тариалаад байна. Энэ жил 280 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд 6 дугаар сарын 25-ны байдлаар 110 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгээд байна.

    ·         Засгийн газрын хуралдаанаар малыг хамуу, шимэгч хорхойтох өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд хамруулах тухай асуудалтай танилцлаа. Үүнтэй холбогдуулан мал сүргийг эмчлэн сэргийлэх ажил, үйлчилгээг энэ оны 10 дугаар сард багтаан технологийн хугацаанд нь хийх төлөвлөгөө, удирдамж гарган хэрэгжүүлж, малыг бүрэн хамруулахыг салбарын сайд Т.Бадамжунай болон бүх шатны Засаг дарга нарт даалгалаа. Мөн шаардлагатай эмийг дотоодын үйлдвэрээс худалдан авах, эм бэлдмэл, ажил, үйлчилгээтэй холбоотой зардлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын энэ оны төсвөөс гаргахаар болжээ.  

    ·         Хууль зүй, дотоод хэргийн салбарын боловсон хүчин бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уялдааг сайжруулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяанд Цагдаагийн академи, Үндэсний тагнуулын академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгэн Дотоод хэргийн их сургууль байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас тогтлоо. Энэ оны 8 дугаар сард багтаан Их сургуулийн удирдлагыг томилж, бүтэц, орон тооны дээд хязгаар, дүрмийг батлан, дээрх гурван сургуулийн одоогийн байр, төсөвт түшиглэн үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсон байна.

    ·         Монгол Улсын Төрийн хошой шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, зохиолч Донровын Намдаг болон Төрийн соёрхолт, академич, нэрт эрдэмтэн Дамдины /Хөдөөгийн/ Пэрлээгийн мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ. Зохион байгуулах комиссыг байгуулж, ойн арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Соёл, урлаг хөгжүүлэх сангаас гаргахаар болсон байна. Мөн хуралдаанаар Чин ван М.Ханддоржийн хүндэтгэлийн хөшөөг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших хүндэтгэлийн өргөөнийх нь дэргэд байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.

    ·         Өндөр гэгээний мутрын тамга, өмсөж байсан дээл, дархны дөш болон суварга, бурхны хэв, завъяа, аяны тогоо, өрөөсөн бойв /гутал/, таяг зэрэг 16 эд өлгийн зүйлийг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад орлоо. Эдгээр нь Богд хааны ордон музей, Дүрслэх урлагийн музей, Үндэсний музей, Эрдэнэ зуу музей, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Баруун чойрын хийд, Шанхын Баруун хүрээ хийд, Гандантэгчинлэн хийдэд хадгалагдаж байна. Манай улс нийт 593 ширхэг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлтэй юм.  

    ·         Улаанбаатар хотноо энэ сарын 25-29-ний өдрүүдэд Ази тивийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнесийн тэмцээн зохион байгуулахад  дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын нөөц сангаас тодорхой хэмжээний хөрөнгө гаргахаар боллоо.

    ·         Андоррагийн Хант Улс, Бүгд Найрамдах Гамби Улс, Бүгд Найрамдах Гондурас Улс, Бүгд Найрамдах Науру Улс, Бүгд Найрамдах Палау Улс, Бүгд Найрамдах Панам Улс, Доминикийн Хамтын Нөхөрлөл Улс, Сент-Винсент ба Гренадин Улс, Соломоны Арлууд Улс, Тувалу Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргажээ

    7 ДУГААР САРЫН 9, 10-НЫ БЯМБА, НЯМ ГАРАГИЙГ АЖЛЫН ӨДӨР БОЛГОВ

    Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдэд ажил, амралтын цагаа зөв зохицуулах боломж бүрдүүлэх үүднээс 7 дугаар сарын 14-ний пүрэв, 15-ны баасан гарагийн ажлын өдрийг 7 дугаар сарын 9 болон 10-ны бямба, ням гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

    ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

    Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцын талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Тэргүүн шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Тавантолгойн төслийн хэлэлцээрийг амжилттай дуусгахын төлөө ажиллаж байна. Ингэхдээ Засгийн газар УИХ-ын 39, 40 дүгээр тогтоолыг үндсэн зарчим, удирдамжаа болгон  ажиллаж байгаа.

    Мөн үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, УИХ-ын 39, 40 дүгээр тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Төмөр замд төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Өмнийн говийн дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөр, Сайншандын аж үйлдвэрийн парк, Гадаад бодлогын үзэл баримтлалыг стратеги, бодлоготой уялдуулж байна. УИХ-ын 39 дүгээр тогтоолоор дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани /консерциум/-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх, бусад баримт бичгийн төслийг танилцуулахыг үүрэг болгосон.

    Харин 40 дүгээр тогтоолын дагуу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэх, нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах, шинээр барих эрчим хүч, авто болон төмөр зам, усан хангамж зэрэг дэд бүтцийн барилга, байгууламж, хот тосгон, нийгэм, соёлын асуудлыг шийдэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим баримтлах, үндэсний боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр, төлөвлөгөөг тохиролцох, орчин үеийн шилдэг техник, технологи ашиглах ба байгаль орчны нөхөн сэргээлтийг бүх үе шатанд хэрэгжүүлэх, гадаад, дотоодын нэр хүнд бүхий компаниудын уул уурхайн салбарын туршлага, санхүүгийн чадамж, ирүүлсэн санал зэргийг харгалзан үзэхийг зарчим, удирдамж болгон ажиллаж байгаа юм.  

    Энэ сонгон шалгаруулалтад дэлхийд тэргүүлдэг 15 оролцогч өрсөлдсөнөөс АНУ-ын Пибоди энэржи, БНХАУ-ын Шинхуа энэржи болон Мицуи компаниудын консерциум, ОХУ, Япон, БНСУ-ын консерциумын нэгдэл, Австрали-Швейцарийн Экстрата Коул, Бразилийн Валэ, Люксембургийн АрсэлорМитал гэсэн 6 оролцогч шалгарсан байна. Дээрх 6 оролцогчтой 18 удаа гэрээ, хэлцэл хийж явцын дунд 3 нь тунаж үлдээд байгаа тухай сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар хэллээ.

    Засгийн газар Тавантолгойн ордыг дэлхийн хэмжээний нэр хүнд бүхий уурхай болгох, уурхайн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллыг өндөр түвшинд хэрэгжүүлэх, байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээлтийг олон улсын стандартын түвшинд байлгах, нүүрсийг өндөр үнээр борлуулах, эцсийн хэрэглэгчид хүргэхийг зорилтоо болгож байна.

    Иймээс ил уурхайн нүүрсний олборлолт хийх операторт тодорхой шаардлага тавьж байгаа юм. Тухайлбал ил уурхайд олон жил олборлолт хийсэн туршлагатай, тэргүүний техник технологи хэрэглэдэг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлтийн өндөр стратегитай, олборлолтыг бага өртөг зардлаар, үр ашигтай хийх илүү чадвартай, олон улсад нэр хүнд бүхий компани байх, монгол ажилчдад мэргэжил олгох цогц сургалтын хөтөлбөртэй байх зэргийг нь харгалзан үзнэ. 

    Тиймээс оролцогч талуудтай хийж байгаа гэрээ хэлцэл амаргүй нөхцөлд үргэлжилж байгаа ч  Монгол Улсын Засгийн газар УИХ-аас өгсөн удирдамж, чиглэлийн дагуу өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцыг УИХ-д танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.   

    БАЙГАЛЬ ОРЧИНД УЧРУУЛСАН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ, УУРХАЙН ХААЛТ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЗАРДЛЫГ НӨӨЦ САНГААС ГАРГАНА

    Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн зардлын хэмжээг тогтооход шаардлагатай 1 541 533 500 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

    Үүнд тусгай зөвшөөрлийн талбай байршиж байгаа 12 аймгийн чиглэл тус бүрт гарах жишиг зардал, энэ жишиг зардлын дагуу хуулиар хориглосон бүс дэх алтны шороон ордын 246 тусгай зөвшөөрөлтэй талбай тус бүрт байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ, уурхайн хаалт, нөхөн сэргээхэд шаардлагатай хөрөнгө багтсан байна. Шаардлагатай зардлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн үнийн саналын дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний комиссын хурлаар хэлэлцжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС СЭРГИЙЛНЭ

    Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Үүнтэй холбогдуулан гамшгийн аюулын эрт зарлан мэдээлэх тогтолцоог сайжруулахад шаардлагатай 11.6 тэрбум төгрөгийг гадаадын зээл, тусламж, хөтөлбөрийн хүрээнд, хотын барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэртэй байдлыг шалгах, үнэлэлт хийх нүүдлийн станц шинээр авахад хэрэгтэй 1.9 тэрбум төгрөгийг салбарын сайдын төсвийн багцад тусгахаар боллоо.

    Гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх, сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах, олон нийтийн болон орон сууцны барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэртэй байдлыг шалгах, үнэлэлт өгөх ажлыг шуурхайлж, хэрэгжилтийн явц, үр дүнг ирэх оны 1 дүгээр сард танилцуулахыг холбогдох сайд, албан тушаалтанд даалгажээ.

    Гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх зорилгоор нийслэлийн гудамж, талбайд дуут 60 цамхаг суурилуулж, газар хөдлөлтийн идэвхтэй бүс болох Дундговь аймгийн Дэрэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Булган аймгийн Могод суманд газар хөдлөлтийн бүртгэлийн сүлжээ станц байгуулна. Мөн үүрэн холбоо болон телевизийн тус бүр 4, Эф Эм өргөн нэвтрүүлгийн 3 байгууллага, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, стратегийн ач холбогдолтой үйлдвэрүүдийг төв системд холбохоор төлөвлөжээ.

    Ингэснээр газар хөдлөлт, үер, гал түймэр, үйлдвэрлэлийн ослын үед төв удирдлагын системээс сэрэмжлүүлэг мэдээг телевиз, радио, дуут дохиоллын цамхаг, үүрэн холбооны оператор зэрэг бүхий л дамжуулан иргэдэд хүргэх юм. Барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэртэй байдлыг шалгаж байгаа ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанаар мөн хэлэлцлээ.

    Энэ онд 42 барилгыг шалгаж, үнэлэлт өгч паспортжуулах бөгөөд эхний шатанд 20, үүнээс 8 барилгад иж бүрэн судалгаа явуулаад байна. Цаашид энэ ажлыг эрчимжүүлэхийн тулд хэмжих багаж, хэрэгслийг худалдан авахад шаардлагатай 1.9 тэрбум төгрөгийг салбарын сайдын төсвийн багцад тусгах нь зүйтэй гэж үзэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ЕРӨНХИЙ САЙДЫН ТОМИЛОЛТЫН МӨРӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн 5 дугаар сард Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт албан томилолтоор ажилласан билээ. Энэ үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийг үндэслэн 24 зүйл бүхий хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Тухайлбал Төв аймгийн Угтаалцайдам суманд 36 мянган тонн үр тарианы элеватор байгуулах, Жаргалант сумын 23, Борнуур сумын 7.8 км хатуу хучилттай зам тавих ажлыг эхлүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан байна.

    Мөн Хэнтий аймагт дулааны цахилгаан станц барих хөрөнгийг шийдвэрлэх, хатуу хучилттай зам тавих, 1 дүгээр сургуулийн барилгын засвар, Өлзийт тосгоны хүн эмнэлгийн автомашин, тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг томоохон ажил хийх юм. Тэгвэл Сүхбаатар аймгийн 640 хүүхдийн сургуульд урлагийн болон биеийн тамирын заал, 200 хүүхдийн дотуур байр, 50 ортой төрөх эмнэлэг барьж, Өндөрхаан-Баруун-Урт, Баруун-Урт-Бичигт боомтын чиглэлд хатуу хучилттай зам тавьж эхлэхээр төлөвлөөд байна.

    Дорнод аймгийн хувьд шинээр барьж байгаа Хүүхдийн паркдаа тоглоом худалдан авах, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад 500 хүртэл сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, Хан-Уул цогцолбор сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байрыг өргөтгөхөд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх зэрэг хүсэлтийг Ерөнхий сайдад тавьсныг хийх ажлын төлөвлөгөөнд тусгажээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн онд зүүн гурваас бусад аймагт ажилласан. Үүний мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, хэрэгжүүлж байгаа.

    2010 оны жилийн эцсийн байдлаар төлөвлөгөөнд тусгасан 99 арга хэмжээ 70 гаруй хувийн биелэлттэй байна. Бусад нь хэрэгжих шатандаа буюу судалж, төсвийн тодотгол, гадаадын төсөл, хөтөлбөр гээд санхүүжилтийн бусад эх үүсвэрт хамруулахаар холбогдох яамд ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    “ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ГЭРЭЭ”-Г УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. “Ялтан шилжүүлэх тухай” гэрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр талууд гарын үсэг зурсан юм.  Ингэснээр ял эдэлж байгаа иргэдээ эх орондоо авчрах, ялын төрөл, хугацааг бууруулах эрх мэдэл бүхий байгууллагын шийдвэрт хамруулах, эх орондоо нийгэмших, гэр бүл, ах дүү, хамаатан садантайгаа эргэлтээр ойрхон уулзаж байх зэрэг олон боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

    Мөн хуралдаанаар гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжив. 12 зүйлтэй энэ хэлэлцээрт талууд олон улсын террорист үйл ажиллагаа, хар тамхи, мансууруулах бодис, эм бэлдмэл болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус наймаа болон хууль бусаар хил нэвтрүүлэх, мөнгөн тэмдэгт, үнэт цаас хуурамчаар үйлдэх, мөнгө угаах, галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, шатамхай зүйл, химийн хорт болон цацрагт идэвхт бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх, хүнийг зохион байгуулалттайгаар хууль бусаар хил нэвтрүүлэх, тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг 11 төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна.

    ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛУУДЫН ХЭРЭГЖИЛТ 95 ХУВЬТАЙ БАЙНА

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд гаргасан Засгийн газрын “Жагсаалт батлах тухай” 325, 57 дугаар тогтоолын хэрэгжилт 95 хувьтай байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дүгнэжээ. Дээрх тогтоолуудаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх 101 зөвшөөрлийг хүчингүй болгож, 10 тусгай зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн, барилга барих зөвшөөрөл, баталгаажуулалтад гарын үсэг зурах албан тушаалтны тоог багасгасан юм.

    Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг, даалгаврын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Ариун цэврийн тухай” хуульд орсон өөрчлөлтүүдийг төрийн байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгасан байна. Шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хүчингүй болсон боловч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үргэлжлүүлэн олгох зайлшгүй шаардлагатай гэж дүгнэсэн зарим зөвшөөрлийн эрх зүйн орчин бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болголоо. 

    • Ховд аймгийн орон нутгийн төсвийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад зориулан 600 сая, Сүхбаатар аймгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтэд дутагдаж байгаа 635 сая төгрөгийн зээлийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгохоор болов. Зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, энэ онд багтаан бүрэн буцааж төвлөрүүлэхийг Ховд, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
    • Гашуунсухайт хилийн боомтын дамжин өнгөрөх автозам, барилгын ажлыг иж бүрнээр нь боомтын ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдлийн дагуу эхлүүлэх, боомтуудын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэн, зураг төслийг нь яаралтай боловсруулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Бургастай, Ханги, Бичигт боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зураг төслийн үнэ болох 1 тэрбум 190 сая төгрөгийг тухайн боомтуудад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх саналыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам гаргаад байна.
    • Дипломат паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар, дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар,  Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Болорт олгохоор болов.
    • Иргэн, эдийн засгийн чиглэлийн хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах багц хуулийн төслийг дэмжиж, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

    ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨВ

    Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 бензинд 170 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 80 мянган төгрөг болголоо. АИ-92 бензинд 230 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсан бол 100  мянган төгрөг болгож бууруулж, дизелийн түлшнээс татвар авахгүй байгааг хэвээр үлдээхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв. Энэ шийдвэр 6 дугаар сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд  бусад алслагдсан боомтоор оруулж ирэх бензин, дизель түлшинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр боллоо.

    Татварыг ингэж бууруулснаар үнийн огцом өсөлтийг сааруулах боломж бүрдэж байна. Нөгөө талаар бензин, дизелийн түлшийг ОХУ-ын “Роснефть” компани хангалттай хэмжээгээр нийлүүлэх боломжгүй байгаа учир бусад компани болон БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн авч нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд татварын дэмжлэг болох юм. ОХУ-ын “Роснефть” компаниас манайд энэ сард нийлүүлэх А-80 бензин 118, АИ-92 бензин 123, дизелийн түлш 68 ам.доллараар нэмэгджээ.

    Манай улс сард дунджаар 20 орчим мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг бөгөөд “Роснефть” компани энэ сард ердөө 8 мянган тонныг нийлүүлэхээр байна. Иймээс  бусад эх үүсвэрээс бензин авахаар хөөцөлдөж байгаа тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    · “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарт олгов.

    · Монгол Улсаас ИБУИНВУ болон АНУ-д суугаа Элчин сайдын яамны орон тоог нэмэх, АНУ-ын Сан Франциско, Япон Улсын Осака, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод ажиллуулах Ерөнхий консулын газрын орон тооны хязгаар, цалин тогтоох нэгжийг батлах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод суух Ерөнхий консулаар Ядмаагийн Ариунболдыг томилсон байна. Я.Ариунболд 41 настай. Эрх зүй, шинжлэх ухааны магистр. “Тэргүүний итгэмжит” дипломат цолтой. Дипломат албанд 15 жил ажиллаж байгаа Я.Ариунболд 2008 оны 8 дугаар сараас Бээжин дэх Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар ажиллаж байна. 

  • Дизелийн түлшнээс импортын татвар авахгүй

    засгийн газрын хуралдаанИмпортоор оруулж ирж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг “0” хувиар тогтоон 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс мөрдөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ нь Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх, Ульхан майхан боомтоор автобензин, дизелийн түлш оруулж ирэхэд хамаатай юм. Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирэх 90 хүртэл октантай автобензинээс 170 мянга, 90 ба түүнээс дээш бол 230 мянган төгрөгийн татвар авах бол дизелийн түлшинд татвар ногдуулахгүй юм байна.

    Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар импортоор оруулж байгаа газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах онцгой албан татварын хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргасан. Энэ дагуу АИ-92 бензинд 230 мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг  170 мянган төгрөг болгож, дизелийн түлшинд 210 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 10 мянган төгрөг болгон бууруулсан юм. 2011 оны 5 дугаар сарын байдлаар дизелийн түлш улсын хэмжээнд 5200 тонн байгаа нь 4 хоногийн нөөц гэсэн үг юм. Иймээс Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. 

    Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг уурхайнуудаас бусад нүүрсний уурхайд дизелийн түлш нийлүүлэхийг 10 хоног түр зогсоох талаар газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран зохицуулж, хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгав. Энэ нь шатахууны хомсдолын улмаас ноцтой хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ юм. Мөн улсын нөөцөөс 2050 тн дизелийн түлш гаргахыг Шадар сайд М.Энхболдод зөвшөөрч, түлшийг одоогийн мөрдөж байгаа жижиглэнгийн үнээр газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжид олгох, борлуулалтын орлогоор нөөцийг нөхөн бүрдүүлэхийг сайд Д.Зоригтод даалгалаа. 

    Нийтийн тээвэрт дизелийн түлшний хэрэглээг багасгах зохицуулалтын арга хэмжээ авч хатуу хяналт тавих үүргийг сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар хүлээж байна. Түүнчлэн Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт нийт 60 мянган тонны автобензин, дизелийн түлшний багтаамжтай  улсын нөөцийн агуулах барихад шаардагдах хөрөнгийг “2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон “2012 оны төсвийн тухай хууль”-д тусгаж УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Мөн манай улсын газрын тосны бүтээгдэхүүний 20 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 32 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгахаар тогтов. 

    Гадаадаас газрын тосны бүтээгдэхүүн татаж авах асуудлаа яаралтай зохицуулж, шуурхай ажиллах, ажлын явцын талаар тогтмол мэдээлэл өгч байхыг Ерөнхий сайд С.Батболд холбогдох сайд, агентлагийн дарга нарт санууллаа. Мөн салбарын сайд болон агентлагийн удирдлагууд хоёр хөршид ажиллаж энэ талаархи яриа, хэлцээг эрчимжүүлэх үүрэг авсан байна. Гал унтраах байдлаар олон жил явж ирснийг өөрчилж нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг ойрын үед эрчимтэй эхлүүлэх, энэ ажлын явцын талаар ирэх 7 хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст  үүрэг болголоо.

    Дэлхийн улс орнуудад нефть бүтээгдэхүүний хомсдол нүүрлэх төлөв ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд сануулсаар байна. Хойд хөршид ч байдал хүнд байгаа бөгөөд тус улсын Засгийн газар өнгөрсөн сард экспортын татвараа нэмж, гадаадад гаргах бүтээгдэхүүнийхээ хэмжээг хязгаарласан юм. “Роснефть” компани энэ сард 17 мянга орчим тонн дизелийн түлш л нийлүүлээд байгаа нь сард дунджаар 34 мянган тонн түлш хэрэглэдэг манай улсад хүндрэл учруулж байна.

    Нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх талаар салбарын яамнаас ОХУ-ын талд албан бичиг хүргүүлснээс гадна Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хойд хөршид ажилласан юм. Энэ дагуу “Роснефть” компани энэ сард нэмж 8 мянган тонн түлш олгохоо албан ёсоор мэдэгдсэн ч өнөөг хүртэл ачуулаагүй байна. Манай улс ганцхан “Роснефть” гэлгүй ОХУ-ын “ТИК-БП” компаниас тонн тутмыг нь 1250 ам.доллараар тооцон нийт 16 мянган тонн түлш авахаар тохиролцсон. Энэ түлш ирэх сарын 10-ны үед ирэх төлөвтэй байна Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ГОВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ НЭГДСЭН БОДЛОГООР ЗАНГИДНА

    Өмнөговь аймагт хийж байгаа бүтээн байгуулалтын ажил улс орны хөгжилтэй салшгүй холбоотой учир нэгдсэн бодлогоор ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үүрэг болгов. Ялангуяа ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд тус тусдаа хатуу хучилттай зам тавих бус, хөрөнгө, хүчээ нэгтгэн нэг зам барих нь зүйтэй. Үүнийг Засгийн газар нэгдсэн бодлогоор зангидах ёстой гэж тэрээр онцлон анхаарууллаа. Эрчим хүч, дэд бүтэц, хот байгуулалт зэрэг салбарт эхний ээлжинд хийх шаардлагатай ажлын болон дунд хугацааны  төлөвлөгөө боловсруулж 14 хоногийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн ахалсан Ажлын хэсэгт даалгасан байна.

    Энэ дагуу Ажлын хэсэг “Өмнийн говийн хөгжлийн стратеги төлөвлөгөө” болон Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг түргэтгэж, дэд бүтэц, хот байгуулалтыг цогц байдлаар шийдвэрлэх, Мандалговь-Даланзадгадын 163 км, Даланзадгад-Тавантолгой-Оюутолгойн 251 км хатуу хучилттай замын ажлыг түргэтгэх, “Гурвансайхан” онгоцны буудлыг өргөтгөхийг судалж шийдвэрлэх, Тавантолгой-Даланзадгадын 110 квт-ын цахилгааны шугамын угсралтын ажлыг түргэтгэхэд анхаарах юм.  

    Хэдийгээр албан ёсоор Ханбогд, Цогтцэций сум 3 мянга гаруй хүнтэй ч одоо 10 мянгад хүрч байгаа учир 10 ортой эмнэлгээс эхлээд сургууль, цэцэрлэгийг нь  өргөтгөх, шинээр барих шаардлагатай болоод байна. Энэ асуудлыг судалж танилцуулахыг салбарын сайд нарт хуралдаанаас даалгалаа.  Түүнчлэн орон нутагт хувийн эрх ашиг, сонирхлын үүднээс ажилд ханддаг, мэдээлэл буруу, хуулийг өөрөөр ойлгодог зэргээс шалтгаалан зөрчил гарч байгаа бол ойрын үед арилгах, орон нутгийн Тавантолгой компаний үйл ажиллагааг  ил тод, нээлттэй болгох, шаардлагатай бол бүтэц, зохион байгуулалт, менежментийг нь өөрчлөх, их бүтээн байгуулалтын ажилд энэ компанийг оролцуулахыг Ерөнхий сайд С.Батболд аймгийн удирдлагад үүрэг, чиглэл болгов.   

    Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын орон нутагт үзүүлж байгаа нөлөөлөл, цаашид анхаарах асуудлын тухай Засаг дарга Б.Бадраагийн мэдээллийг сонссоны дараа ийм шийдвэр гаргасан байна. Говийн бүсэд өрнөж байгаа их бүтээн байгуулалтын ажлын хүрээнд усны шугам татах гэхэд лиценз эзэмшигч нь зөвшөөрөхгүй байна хэмээн Ханбогд, Цогтцэций сумын удирдлага газар чөлөөлөхгүй хэдэн сар болж байгаад Засгийн газрын гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Улс орны хөгжилд чөдөр тушаа болж байгаа хүмүүстэй хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахад болохгүй гэх газаргүй тухай ч хуралдааны үеэр хөндөгдөв. Газрын асуудлыг энэ сарын 28-ны дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ гэдгээ аймгийн Засаг дарга Б.Бадраа сайд нарт амалсан байна.  

    Мөн Тавантолгойгоос өдөр бүр хүнд даацын 500 машин нүүрс тээвэрлэж байгаль орчин, хөрс сүйтгэж, хүний амь эрсдэж байгаад Засгийн газрын гишүүд анхаарал хандуулж энэ талаар тодруулга авлаа. Говьд их хэмжээний тоосжилт үүсэн, зарим ургамал ургахаа больж, ан амьтан дайжин, малчид ч амьдрах аргагүй болоод байна. Иймээс төмөр зам тавих нь хамгийн зөв шийдэл гэж Засаг дарга хэллээ. Нэгэнт хүн амьдрах аргагүй болсон бол малчдын өвөлжөө, хаваржааг нүүлгэх, худаг гаргах зэрэг зардлыг хатуу хучилттай зам тавихгүй хэрнээ нүүрс олборлож, тээвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд гаргах ёстой гэж сайд нар үзэж байна.

    Хэдийгээр сонгуулийн дүн өөр гарсан ч улс орны хөгжил, нийтийн эрх ашгийн үүднээс хоёр нам хамтарч Засгийн газраа байгуулан ажиллаж байгаа. Засгийн газрын бодлого, гаргасан шийдвэр дунд, доод шатандаа хувийн эрх ашиг, сонирхол, улстөржих байдлаас болж хэрхэвч саатах ёсгүй. Тиймээс зарчмаа барьж ажилла гэж Ерөнхий сайд С.Батболд хуралдааны эцэст хатуу анхааруулав хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ОЮУТОЛГОЙ КОМПАНИАС УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР АВНА

    “Оюутолгой” компаниас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах гэрээ байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас Сангийн сайдад даалгалаа. Урьдчилгаа төлбөрийг 2012 оноос эхлэн “Оюутолгой” компанийн төлбөл зохих холбогдох татварын ногдуулалтаас суутган тооцож, урьдчилгаа төлбөрөөс тухай бүр нь хасалт хийх юм байна. Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголиа Инк” компанийн хооронд байгуулсан “Засгийн газрын бонд худалдан авах тухай гэрээ”-нд заасан хүүг 3 хувиас 1.59 хувь хүртэл бууруулах, Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хөрөнгө оруулагчийн төлсөн хоёрдахь урьдчилгаа төлбөр болох 50 сая ам.долларыг баталгаажуулах зайлшгүй шаардлагатай учир ийм арга хэмжээ авах болжээ.

    Хөрөнгө оруулагчтай гуравдахь урьдчилгаа төлбөр болох 100 сая ам.долларыг 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө авахаар тохиролцсон бөгөөд гэрээний дагуу нийт 150 сая ам.долларын урьдчилгаа төлбөрт жилийн 1.59 хувийн хүү төлнө. Төлбөрийг хүүгийн хамт хөрөнгө оруулагчийн татварын өрөөс суутгаж тооцож барагдуулахаар төлөвлөсөн байна. Урьдчилгаа төлбөрийг үе шаттай авахаар заасны дагуу Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор буюу 2009 оны 10 дугаар сард эхний 100 сая ам.долларын бондын төлбөрийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж хөрөнгө оруулагчаас хүлээн авсан юм. 

    ТӨСВӨӨС ГАДУУР ЗАРДАЛ ГАРГАХГҮЙ БАЙХЫГ ДААЛГАВ

    Орон нутгийн 2011 оны төсвийн нэгтгэл, төсвийн хууль зөрчсөн шийдвэрүүдийн тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв.

    Үүнтэй холбогдуулан :

    • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдаагүй төсвөөс гадуур зардал гаргахгүй байх
    • Төсвийн жилийн сүүлийн сард төсөвтөө тодотгол хийхгүй байх
    • Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд урсгал зарлага тусгахгүй байх
    • Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 2011 оны төлөвлөгөөнд батлагдсан урсгал зарлагыг зориулалтын ангилалд шилжүүлэн батлуулах
    • Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 2011 оны төлөвлөгөөнд хувийн хэвшилд олгохоор батлагдсан хөрөнгө оруулалтыг залруулах
    • Төсвийн орлого, зарлагаа нэмэгдүүлснээр төлөвлөгдсөн орлого тасарсан нь улсын төсөвт хуульчлагдсан орлогын төлөвлөгөөг таслах үндэслэл болохгүй тул орлогыг бүрэн төвлөрүүлэх
    • Улсын төсөвт хуульчлагдсан орлогын төлөвлөгөөг бууруулж батлахгүй байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

    Зөрчил гаргасан Засаг даргын жилийн үйл ажиллагааны үнэлгээнд төсвийн хууль зөрчсөн дээрх үйлдлийг судлан үзэж, холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын хуралдаанаас мөн даалгасан байна. Улсын төсөвт орлого төвлөрүүлэхээр УИХ-аас баталсан дүнгээс Өмнөговь аймаг 16.4 тэрбум төгрөг, Өвөрхангай 1.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжгүй гэж үзсэн нь төсвийн орлогыг 18 тэрбумаар бууруулан, төсвийн алдагдлыг Дотоодын нийт бүтээгдэхүүний 3.8 хувь болгон нэмэгдүүлэх төлөвтэй байна. .

    Зарим аймаг хөрөнгө оруулалтад тооцогдсон хөрөнгөөс урсгал зарлага санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал Төв аймагт 705.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тооцогдсон байсан ч Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа 80.8 сая төгрөгийг урсгал арга хэмжээнд шилжүүлэн баталсан байна. Сүхбаатар аймаг 83.2, Ховд аймаг 75, Улаанбаатар хот 200 сая төгрөгийн урсгал зарлагыг хөрөнгө оруулалтын зарлагадаа оруулан санхүүжүүлэхээр зарлагын зүйл ангиа буруу батлуулсан. Баян-Өлгий аймаг 47 сая төгрөгийг хувийн хэвшлийн байгууллагад шууд хөрөнгө оруулалтад олгохоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баталж  хууль зөрчжээ.  

    Бүх аймгийн орлого давж биелсэн боловч орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэхээр батлагдсан 11.2 тэрбум төгрөгийг Булган, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ аймаг төвлөрүүлээгүй байна. Аймгуудад хийсэн аудитын шалгалтаар хууль биелүүлэхгүй байх зөрчил удаа дараа гарсаар байгаа нь илэрлээ. Баянхонгор аймаг 2010 оны төсвийн тодотголыг 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа хэлэлцүүлэн 120 сая төгрөг, 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр мөн 2010 оны давсан орлого 109 сая төгрөгийг хуваарилах шийдвэр гаргасан байна. Энэ нь санхүүгийн жил дуусгавар болсон байхад төсөв хуваарилуулсан нь батлагдсан төсвийн төлөвлөгөөнөөс гадуур зардал гаргаж хууль зөрчсөн хэрэг болжээ.

    ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЖЭЭ

    “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр” амжилттай хэрэгжсэн гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Уул уурхай, барилга, зам, тээвэр зэрэг дэд бүтцийн салбар эрчимтэй хөгжин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд төрөөс зайлшгүй анхаарах бодит шаардлага байгаа тул үндэсний 4 дэх хөтөлбөрийг батлан ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгав. 2005-2010 онд хэрэгжүүлсэн Үндэсний 3 дахь хөтөлбөрийн биелэлт 81,2 хувьтай байна. Тайлант хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүтэц, тогтолцоог боловсронгуй болгоход чухал алхам хийжээ.

    Хөтөлбөрийн хүрээнд бүтэц, зохион байгуулалт, хяналтын зохистой тогтолцоо бүрдэж, сургалт, сурталчилгаа, мэдээлэлд өөрчлөлт гарсан, нийгмийн түншлэлийн талуудын ажлын хүрээ өргөжиж, нийгмийн өмнө хүлээх хариуцлага нэмэгдэн, хөдөлмөр, нийгмийн харилцааны асуудлыг шийдвэрлэх нэг арга механизм болсон, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлж эхэлсэн гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам үзэж байна.

    • Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, Р.Буд нарын санаачилсан “Зээлийн батлан даалтын сангийн тухай” хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гарсан саналыг тусган хууль санаачлагчдад уламжлахаар боллоо.
    • Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2010 оны үйл ажиллагаанд гарсан ажлын онцлог, шинлэг арга барил, цаашид анхаарах асуудлыг ажилдаа хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт Засгийн газрын хуралдаанаас зөвлөлөө.
    • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов.
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын анхдугаар илтгэлийг хэлэлцэн дэмжиж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэхээр тогтов.
  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    ДИЗЕЛИЙН ТҮЛШИНД НОГДУУЛЖ БАЙСАН ТАТВАРЫГ 200 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БУУРУУЛЛАА

    Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 140 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 110 мянган төгрөг болгон бууруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. АИ-92 бензинд 230 мянган төгрөгийн татвар ногдуулж байсан бол 170 мянган төгрөг, дизелийн түлшинд 210 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 10 мянган төгрөг болгож бууруулсан байна.

    ОХУ-ын Роснефть компани дизелийн түлшийг хангалттай хэмжээгээр нийлүүлэх боломжгүй болсон учир “ТНК” компаниас өндөр үнээр /1250 ам.доллар/ авах зэргийг тооцон дизель түлшний татварыг 200 мянган төгрөгөөр буурууллаа. Энэ шийдвэрийг 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлнэ. Харин бусад алслагдсан боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулах татварын хэмжээг хэвээр байлгахаар боллоо.

    Засгийн газар автобензин, түлшний үнэ өсөхөд татварыг бууруулж дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнийн огцом өсөлтийг сааруулах боломж бүрдүүлж байгаа юм. ОХУ-ын Роснефть компаниас энэ сард манай улсад нийлүүлэх А-80 автобензин 28, АИ-92 автобензин 59, дизелийн түлш 96 ам. доллараар өсчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ХЭВИЙН ХЭМЖЭЭНД ХҮРГЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ

    Газрын тосны бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт, өнөөгийн нөхцөл байдлын талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн өгсөн мэдээллээр бол 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар манай улс дунджаар 19 хоногийн нөөцтэй байна.

    Үүнээс А-80 автобензин 22 хоног, АИ-92 автобензин 26 хоног, дизелийн түлшний 11 хоногийн нөөцтэй байна.

    ОХУ газрын тосны бүтээгдэхүүнийхээ экспортыг хязгаарласнаас манайд хомсдол үүснэ гэж хэрэглэгч, худалдан авагчид болгоомжлон жирийн үеэс 2 дахин их хэмжээний шатахуун нөөцөлж байна. Хэрвээ хэрэгцээнийхээ хэрээр шатахуунаа худалдан авч байвал зохиомол хомсдол үүсэхгүй гэж Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан ярилаа.

    Засгийн газрын  хуралдаанаас Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн асуудлаар ОХУ-ын эрх бүхий байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, нийлүүлэлтийг хэвийн хэмжээнд хүргэхийг сайд Д.Зоригт, С.Баярцогт нарт даалгав. Мөн газрын тосны бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт, өнөөгийн байдлын талаарх мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ЗАРЧМЫГ ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН ГЭРЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАНА

    Газрын тосны хайгуул, ашиглалтын гэрээ, үйл ажиллагааны талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хайгуулт, ашиглалтын үйл ажиллагаанд Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмыг баримтлах нь илүү тохиромжтой гэж Засгийн газар үзэж байна. Иймээс газрын тосны салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг шуурхай зохион байгуулахыг салбарын сайдад даалгалаа.

    Мөн хуралдаанаар Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлсэн болон шилжүүлэх талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулсан байна. Эрх, үүргийг шилжүүлэхдээ  шалтгаан, үр дагаврыг нь судлан зохих журмын дагуу Засгийн газарт танилцуулан зөвшөөрөл авсны үндсэн дээр шилжүүлж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болгов. 

    2011 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар газрын тосны хайгуулын 19 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу дотоод, гадаадын 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Мөн хуралдаанаар Номгон-IX талбайд Газрын тосны газар, “Сансрын геологи хайгуул” компанийн хооронд байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, гишүүдийн гаргасан саналыг тусган Үндсэний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    ДАЛАНЗАДГАДАД БҮСИЙН ОНОШЛОГООНЫ ТӨВ БАЙГУУЛНА

    Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх Бүсийн оношлогоо, эмчилгээний нэгдсэн төвийг Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөц, материаллаг баазад тулгуурлан Даланзадгад суманд байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Төвийн зургийн даалгаврыг боловсруулан зураг, төсөл хийж, төвийн барилгыг засварлах, шинээр барих, тоног төхөөрөмжөөр хангах зардлыг ирэх оны төсөвт тусгахыг Эрүүл мэндийн болон Сангийн сайдад үүрэг болгов.

    Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээг тооцож, эмч, сувилагч, мэргэжилтнээр хангах, тэднийг давтан сургах, мэргэшүүлэхийг салбарын сайд, аймгийн Засаг дарга нарт даалгалаа. Статистикийн тоо баримтаас харахад говийн бүс нутагт шилжин ирэх хүний тоо тогтмол өсч байгаатай уялдан өвчлөл ч нэмэгдэж байна. Өргөн уудам нутаг дэвсгэртэй учир зарим газар эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх гэж талдаа 200 гаруй км явдаг зэрэг хүндрэл бэрхшээл ч багагүй байна. Энэ нь хугацаа алдах, тухайн хүний өвчин хүндэрч дараагийн шатандаа орох зэрэг сөрөг үр дагавартай тул Засгийн газар бүс нутагт төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг цогцоор нь үзүүлдэг оношлогоо, эмчилгээний төв байгуулах шийдвэр гаргажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    2011 ОНД ИРГЭДЭД 15 МЯНГА ГА ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛНЭ

    Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн “2011 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталлаа. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгов. 2011 онд улсын хэмжээнд иргэдэд үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн нийт 15.6 мянган га газрын 17.3 хувийг одоо эзэмшиж, ашиглаж байгаа хашааны газар, 77.4 хувийг шинээр өмчлүүлэх газар, 5.3 хувийг улсын чанартай авто замын дагуух газар эзэлж байна.

    Харин аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөсөн 2.5 мянган га газрын 72.4 хувийг үр тариа, 24.4 хувийг төмс, хүнсний ногоо тарих, 3.2 хувийг газар тариалангийнхаас бусад зориулалттай газар эзэлж байгаа ажээ. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” хэрэгжиж  эхэлсэн өдрөөс хойш буюу 2010 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд өссөн дүнгээр 245345 иргэн 27348.99 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авчээ.

    Үүнээс нийслэлийн хэмжээнд 83474 иргэн одоо эзэмшиж байгаа хашааныхаа 4535.49 га газрыг, 1260 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр 88.2 га газрыг, аймгуудын хэмжээнд 98296 иргэн одоо эзэмшиж байгаа хашааныхаа 12538.10 га газрыг, 62315 иргэн шинээр 10187.20 газрыг өмчлөн авчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

     “СОНГОДОГ УРЛАГ-II” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

    “Сонгодог урлаг-II” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаас баталж хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг тооцон, үе шаттайгаар жил бүр салбарын сайдын багцад тусган санхүүжүүлж байхаар тогтлоо. Хөтөлбөр нь сонгодог урлагийг хөгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, үүнд  чиглэсэн эрх зүй, менежмент, санхүүжилтийн таатай орчин бүрдүүлэх, хүний нөөц, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, уран бүтээлчдийн тасралтгүй сурах, хөгжих, ажиллах боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь хангах зорилготой юм.

    8 бүлэг, 3 зорилтын хүрээнд 12 багц арга хэмжээг тусгасан “Сонгодог урлаг-II” хөтөлбөрийг 2011-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд улсын болон орон нутгийн төсөв, соёл, урлагийг дэмжих тусгай зориулалт бүхий сан, гадаад орон, олон улсын байгууллагын хандив, аж ахуйн нэгжийн хөрөнгө, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тооцсон байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

        “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах, зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчдад уламжлахаар тогтов. Засгийн газар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2011 оны 4 дүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
        Засгийн газраас санаачлан боловсруулж 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг татан авлаа. Төслүүдийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад өөрчлөлт оруулах зарчмын шинжтэй олон санал гарсан тул ийм шийдвэр гаргажээ.
        Ховд аймгийн Булган суманд гал унтраах анги шинээр байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гарлаа. Булган сум 2100 гаруй хүнтэй, аймгийн төвөөс автомашинаар 12-14 цаг, зам, даваа хаагдсан үед 2-3 хоног явж очдог алслагдсан нутаг юм. Сумын нутаг дэвсгэрт обьектын болон ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдгаас гадна хилийн 2 боомт, сум дундын шүүх, прокурор, Зэвсэгт хүчний анги, гаалийн газар, нисэх буудал, улсын нөөцийн газар ажилладаг. Мөн нэр бүхий компаниудын шатахууны 5 агуулах, шатахуун түгээх 6, шингэрүүлсэн хийн цэнэглэх станц 1, хоногт 30 тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр зэрэг томоохон аж ахуйн нэгж, байгууллагатай юм.
        2011 оны 1 дүгээр улиралд УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэрэг 3728 шийдвэрийн 5648 заалтын биелэлт 74,9 хувьтай байна.
        Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Х.Чойбалсан, Ж.Батмөнх нарын амьдрал, үйл ажиллагааны тухай бүрэн хэмжээний баримтат-уран сайхны кино бүтээхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт зөвшөөрлөө. Х.Чойбалсангийн тухай өгүүлэх “Тусгаар тогтнол” кино бүтээхэд 74 сая, “Ж.Батмөнх” кино бүтээхэд зориулж 55,4 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар болов. Кинонуудыг бүтээж нийтийн хүртээл болгосны дараа Үндэсний  архивт хүлээлгэн өгөх юм байна.

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

    засгийн газрын хуралдаанБАГА ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОНО    

    Засгийн газар бага орлоготой иргэдээ орон сууцжуулахад онцгой анхаарч үе шаттай арга хэмжээ авч байна. Иргэд орон сууцтай болох хүсэл их байдаг ч банкны зээлийн хүү өндөр, хугацаа бага, урьдчилгаа төлбөрийн боломжгүй учир ихээхэн хүндрэл учруулж байлаа. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бага орлоготой иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах санхүүжилтийн загварыг хэлэлцэн баталлаа.   

     

    Бага орлоготой, анх удаа орон сууцтай болохоор хүсэлт гаргасан иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулахтай холбогдон гарах журмуудыг боловсруулан хамтран баталж, орон сууцаар хангах ажлыг зохион байгуулахыг сайд С.Баярцогт, Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгав. Үүний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга, Шадар сайд М.Энхболдод даалгалаа.

    Хөгжлийн банкны эх үүсвэр болон дамжуулан зээлдүүлж байгаа хүү хоорондын зөрүү, Хөгжлийн банкны холбогдох үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг сайд С.Баярцогтод даалгажээ. “Хүний хөгжил сан”-гаас хуваарилагдсан хишиг, хувийг орон сууцны зээлд ашиглах хүсэлт гаргасан иргэнд төлбөрийн дансны бүртгэл хийж, орон нутаг дахь захиалгыг тухайн аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар гүйцэтгүүлэн, биелэлтийг нэгтгэхийг “Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийн даргад үүрэг болголоо.

    Ипотекийн хоёрдогч зах зээлийг дэмжих үүднээс санхүүжилтийн эх үүсвэртэйгээ уялдуулан Монголын Ипотекийн Корпорацид урт хугацаат зээлийн санхүүжилт олгох талаар судалж шийдвэрлэх, “Хүний хөгжил сан”-гаас иргэдийн хишиг, хувийг орон сууцны зээлд ашиглахтай холбогдуулан шаардагдах хөрөнгийг тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусгахыг сайд С.Баярцогт, Т.Ганди нарт даалгалаа. Шинэ суурьшлын бүсэд орон сууц барихад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авахыг сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭН ТОГТООЛ ГАРГАВ

    “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, ашиглалтад хяналт тавих журам, гэрээний загвар батлах тухай” Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Үүнтэй холбогдуулан сумын хөгжлийн сангийн үлдэгдэл хөрөнгийг “Сум хөгжүүлэх сан”-д шилжүүлэхийг аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Сангийн хөрөнгийг сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх, шинээр ажлын байр бий болгох, үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зарцуулна.

    Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дээд хэмжээ жилд 3 хүртэл хувь, хугацаа нь 36 сар хүртэл байх юм. Сангаас олгох зээлийн хүүгийн орлогын 50 хүртэл хувийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр төсөл сонгон шалгаруулах, зээлийн ашиглалтад хяналт тавих ажлыг зохион байгуулахад зарцуулж болно. Үлдэх хувийг сангаас олгох зээлийн эргэлтийн хөрөнгө болгож ашиглахаар журамд тусгасан байна. Сангаас зээл авч төсөл хэрэгжүүлэх этгээд нь тухайн сумандаа бүртгэлтэй, Сум хөгжүүлэх сан болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өмнө нь авсан зээлийн өргүй, зээлээ зориулалтын дагуу ашиглаж хугацаанд нь төлөх чадвартай байх ёстой юм. Мөн журмаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг, Засаг даргын чиг үүргийг нарийвчлан тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    НӨӨЦӨӨС УЛААН БУУДАЙН ҮР ӨГНӨ

    2011 оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс улаан буудайн 5100 тонн үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд худалдаж, борлуулалтын орлогоор нь энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэхээр болов. Улаан буудайн нэг тонн үрийг 560 мянган төгрөгөөр худалдах чиглэл баримтлахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

    Энэ хавар манай улс 281,2 мянган га талбайд үр, үүнээс 276,4 мянган га уриншийн талбайд улаан буудай тариалах юм. Үүнд 46,8 мянган тонн үр шаардлагатай. Өнгөрсөн онд 36,8 мянган тонн улаан буудайн үр нөөцөлсөн бөгөөд дутагдаж байгаа 10 орчим мянган тонн үрийг дотоодоос бүрэн хангах боломжтой гэж салбарын яам тооцоолжээ. 2010 онд манай улс 344,5 мянган тонн улаан буудай хураан авч, 276,4 мянган га талбайд дэвшилтэт технологиор, чанар сайтай уринш боловсруулж хаврын тариалалтад бэлтгэжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    “ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-Д НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ

    “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хуулийн зарим зүйл, заалтын талаар санал ирүүлсний дагуу судалгаа явуулж,  согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийг нутаг дэвсгэрийн байршил, согтууруулах ундааны агууламжийн зэрэглэл зэргээс хамааруулан ялгаатай байхаар тусгажээ.  

    Тухайлбал, спиртын өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд нэг сая төгрөг, аймгийн төвд 600 мянга, сумдад 300 мянга, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 300 мянга, аймгийн төвд 200 мянга, сумдад 100 мянган төгрөг байхаар боллоо. Мөн спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 300, аймгийн төвд 200, сумдад 100 мянга, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 100, аймгийн төвд 70, сумдад 40 мянган төгрөг байхаар тусгажээ.

    Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалтад орсон бодисуудыг импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг 10 сая төгрөг болгож , бусад химийн бодис экспортлох, импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудын саналын дагуу тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар тэмдэгтийн хураамжийн зарим хувь хэмжээг холбогдох тооцоо судалгаа, тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлог, хүрээ зэргийг харгалзан нийтлэг бус ялгавартай байдлаар тогтоох нөхцөл бүрдэх юм.

    ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛНА

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийг зарчмын хувьд дэмжиж Улсын Их Хурлын Байнгын хороотой хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Байнгын хороо дэмжсэн тохиолдолд Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар болжээ. Төсөл нь “Дээд боловсролын хөтөлбөрийн чанар, нийцлийг сайжруулах, Дээд боловсролын засаглал, менежмент, санхүүжилтийг сайжруулах, Тэгш байдал ба хүртээмжийг сайжруулах” гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй юм.

    Төслийн хүрээнд дээд боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын зөвлөмж боловсруулж, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн, сургалтын орчин, тоног төхөөрөмжийг сайжруулж, багш, сурган хүмүүжүүлэгчдэд үндэсний үнэлгээний стандарт тогтоон, хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудын чадавхийг дээшлүүлэх юм байна. 2016 оны 11 дүгээр сарын 30 хүртэл хэрэгжүүлэх энэ төсөлд Азийн хөгжлийн банкны 20 сая ам.доллар зарцуулах бөгөөд зардлын 90 хувийг Азийн хөгжлийн банк, 10 хувийг Засгийн газар гаргахаар төлөвлөжээ.

    Хөнгөлөлттэй зээл нь 32 жилийн хугацаатай, үүнээс эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаанд жилийн 1 хувь, үлдэх хугацаанд жилийн 1,5 хувь байх юм. Манай улс өрсөлдөх чадвараараа 2011 онд 139 орноос 99 дүгээр байранд орж өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй дээшилсэн ч дотоодын сургалт, судалгааны төвийн боломж, бололцоогоороо сүүл мушгиж, дээд боловсролын системийн болон удирдлагын чанараар 135-136 дугаар байрт оржээ.

    Энэ нь эдийн засгийн хурдацтай өсөлт, уул уурхайн салбарын хөгжлийг дагасан чадварлаг боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангахын тулд дээд боловсролын системийг шинэчилж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх чадвартай сургалт бий болгох зайлшгүй шаардлагатай болсныг харуулж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    БОР-ӨНДӨР ХОТЫГ СУМ БОЛГОХЫГ ЗАРЧМЫН ХУВЬД ДЭМЖИВ

    Хэнтий аймгийн Дархан сумаас Бор-Өндөр хотыг салгаж, шинээр Бор-Өндөр сум байгуулахыг зарчмын хувьд дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Дархан сумыг хэвээр үлдээж, шинээр Бор-Өндөр сум байгуулах тухай Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандсан байна. Мөн Хэнтий аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гурван гишүүн ч энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

    Дархан сумын 2008 оны орон нутгийн сонгуулийн мандатыг хуваахдаа 1908 хүн амтай 1,2,3,4 дүгээр багт тус бүр нэг, үлдсэн 21-ийг нь 9311 хүн амтай 5 дугаар баг болох Бор-Өндөрт өгсөн байна. Дархан сумын дээрх багууд үүнийг хүлээн зөвшөөрөлгүй, хүн амын тоонд нь бус, газар нутгийн хэмжээнд хуваах ёстой гэсэн шаардлага тавьж, орон нутгийн хурлын сонгуульд оролцоогүй юм. Үүнээс болж сумын иргэд хоорондоо талцаж, сонгуулийн асуудлаас үүссэн маргаан эцэслэн шийдэгдэлгүй өнөөг хүрчээ.

    Асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх гэхэд тухайн үеийн орон нутгийн сонгуулийн тойрог, салбар хэсгийн хороод татан буугдсан учир боломжгүй, шинээр байгуулагдсан тойрог, салбар, хэсгийн хороод шийдвэр гаргавал шүүхийн байгууллага хүчин төгөлдөр бус гэж үздэг юм байна. Иймд Хэнтий аймаг, Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ.

    САНХҮҮЖИЛТИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИВ

    Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Тогтвортой амьжиргаа-2 төслийн нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Нэмэлт санхүүжилт болох 11 сая ам.долларын зээл нь хүүгүй бөгөөд зээлийн үйлчилгээний шимтгэлд жилийн 0.75 хувийн хураамж төлж, зээлийг 20 жилд багтаан буцаан төлөхөөс эхний 10 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. 

    11 сая ам.долларын дийлэнхийг Олон нийтийн санаачилга, Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага, Бичил санхүүгийн хөгжлийн сан гэсэн бүрэлдэхүүн хэсэгт хуваарилагдаж, орон нутагт дэд төслүүд хэрэгжүүлэхэд зарцуулах юм. “Тогтвортой амьжиргаа-2” төслийн хүрээнд орон нутагт төсвийн хуваарилалтын төвлөрлийг сааруулах, хөгжлийн чиг хандлагыг анхан шатнаас тодорхойлон гаргаж хөрөнгө оруулалт хийх, хөгжлийн гарцаа тодорхойлох аргачлалыг турших, Засгийн газраас хэтийн бодлогоо тодорхойлоход баримтлах загвар бий болгох юм.

    ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

    “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллан, улирал тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад үүрэг болгов. Төлөвлөгөөг Улсын Их Хурлын тогтоолын заалт бүрээр задлаж нарийвчлан боловсруулсан байна.

    Тухайлбал Багануур, Шивээ-Овоогийн уурхайн болон эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын урт хугацаат зээлийг анх зээлсэн үеийн ханшаар тооцон төгрөгт шилжүүлэх, ханшийн зөрүүнээс үүсэх алдагдлыг Засгийн газар бүрэн хариуцаж тухайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт  болгон тооцох, төвийн бүсийн эрчим хүчний компаниудад олгож байгаа татаасын хэмжээгээр компани, уурхай хоорондын хуучин өр, авлагыг бүрэн хаахаар төлөвлөөд байна.

    Мөн хэрэглэгчдэд ирэх ачааллыг хөнгөвчлөхийн тулд 3 жилийн хугацаанд Багануур, Шивээ-Овоогийн уурхай болон төрийн өмчийн эрчим хүчний компаниудад олгож байгаа татаасыг бууруулахгүй байх, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг Багануурын болон бусад уурхайг түшиглэн байгуулах, 3,4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийхээр тусгажээ. Үүний дүнд төрийн өмчийн компаниудын дүнгээр эргэлтийн хөрөнгө нэмэгдэн, богино хугацаат өр төлбөр, хэрэглэгчдээс авах авлага буурна. Мөн төлбөр барагдуулах чадвар нэмэгдэж, компаниудын санхүүгийн байдал эрүүлжинэ гэж Засгийн газар тооцоолж байна.

    АМРАЛТЫН ӨДРӨӨ АЖИЛ ХИЙЖ ИДЭВХТЭЙ ӨНГӨРҮҮЛЬЕ   

    Жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн бямба гарагийн амралтын өдрийг “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгох талаар гаргасан уриалгаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа 786 мянга гаруй хүн байдаг бөгөөд нэг хүн жилдээ нийтээр тэмдэглэх баяр, ээлжийн болон амралтын бусад өдөр гээд 130 өдөр амардаг байна. Энэ нь нэг жилийн бүх өдрийн 34.5 хувийг амралт, баяр тэмдэглэхэд зориулдаг гэсэн үг юм.

    Иргэд амарч, баярлаж цэнгээд байх бус, харин нийгмийн сайн сайхны төлөө жилд ганцхан өдөр сайн дураараа хөдөлмөрлөхөд 12,5 тэрбум төгрөгийн баялаг бүтээж чадна гэсэн тооцоо гарсан байна. Иймээс нэг өдрийг эрүүл, аюулгүй орчин бий болгох, хот, сум суурингаа цэцэрлэгжүүлж, тохижуулах, дэд бүтцийг нь сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх, соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлах зэргээр бүтээн байгуулалтын ажил хийхэд зарцуулъя гэж төрийн бус байгууллагууд, иргэд цөөнгүй удаа Засгийн газарт ханджээ.

    Саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Энэ дагуу “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-ийг орон даяар хэвшүүлэн, цаашдаа үндэсний бүтээмжийн хөдөлгөөн болгон өрнүүлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөдөлмөрийн харилцааны түншлэгч талуудад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам уриалж байна.  

    “Улаанбаатарын Дулаан цахилгаан станц-5” төслийн талаар ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгав. 

    НЭГДСЭН ТӨСВИЙН I ДҮГЭЭР УЛИРЛЫН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ТАНИЛЦАВ

    Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн 1 дүгээр улирлын гүйцэтгэлийг Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. 3 дугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 126.2 хувь, нийт зарлага 71.3 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 83.2 тэрбум төгрөгийн ашигтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 517.7 тэрбум төгрөгөөр бага байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3 дугаар сарын гүйцэтгэлээр 904.7 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 187.6 тэрбум төгрөг буюу 26.2 хувиар давж биелсэн байна. Энэ нь 2010 оны мөн үеийнхээс 63.1 хувь буюу 349.9 тэрбум төгрөгөөр өсчээ.

    Нэгдсэн төсвийн нийт зарлага 1,151.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс 821.5 тэрбум төгрөгийн буюу 71.3 тэрбумын гүйцэтгэлтэй гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 23.7 хувь буюу 157.4 тэрбум төгрөгөөр өссөн нь “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд олгох бэлэн мөнгө нэмэгдсэн, оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох болсонтой холбоотой байжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.    

    Засгийн газрын хуралдаанаар мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Улаанбаатар хотын эрчим хүчний 5 дахь эх үүсвэр, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын чиглэл, Үндэсний их баяр, наадмыг зохион байгуулахад шаардагдах зардал зэрэгтэй танилцаж байна.

    ТОВЧ МЭДЭЭ

    • “Саарал чоно хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханд уламжлахаар тогтлоо. Тоо толгой нь эрс цөөрч байгаа учир салбарын сайдын тушаалаар зарим аймаг, сумын нутагт саарал чоно агнахыг 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай хориглосон. Иймд байгалийн тэнцэл алдагдах, байгалийн нөөцийн хомсдлоос сэргийлэх зорилгоор саарал чоныг хамгаалах, говь, тал, хээрийн бүсэд чоно, үр төлийг нь агнах, барихыг хориглосон бие даасан хууль гаргалгүйгээр одоогийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газар үзсэн байна.
    • Жүдо бөхийн дэлхийн цом, дэлхийн мастеруудын тэмцээн, “Астана-Алма-Ата-2011” Азийн өвлийн спортын VII наадам, “Гуанжоу-2010” Азийн паралимпийн Xнаадам, казах-күрес, сумо бөхийн дэлхийн аварга, кураш бөх, чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга, таэквондогийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн 46 тамирчин, 18 дасгалжуулагчид мөнгөн шагнал олгохоор тогтлоо.
    • “Ус ба ойн тогтвортой менежмент” сэдэвт Ази, Европын уулзалтын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалтыг 2011 оны 10 дугаар сарын 10-11-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо.

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    ОРОН СУУЦЖУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ МЭДЭЭЛЛИЙГ СОНСОВ

    Уул уурхай, барилга, дэд бүтэц, үйлдвэржилтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тэргүүн ээлжинд шаардагдах түлш, эрчим хүч, барилгын зарим материалаар хангах асуудлын талаар Монгол Улсын Шадар сайд, Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга М.Энхболд танилцуулав. Үүнтэй холбогдуулан дотоодын түүхий эд, материалд түшиглэн цахилгаан эрчим хүч, шатахуун, арматур, цементийн дотоодын үйлдвэрийг хөгжүүлэх, шинэ үйлдвэрүүд байгуулахдаа хувийн хэвшлийн шууд хөрөнгө оруулалт болон концессын үндсэн дээр хэрэгжүүлэх санал боловсруулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Үйлдвэрүүд байгуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, 2011 онд төлөвлөсөн автозам, барилгын төслүүдийг хэрэгжүүлэхэд импортоор нийлүүлэх битум, цементийн гаалийн болон нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх санал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг ч даалгасан байна.

     

    ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ИЛГЭЭХ АСУУДЛЫГ ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР ХАРИУЦНА

    НХХЯ, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан 2011 оны Харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээх асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хариуцах боллоо. НХХЯ нь БНСУ-д ажиллах хүч зуучлах өнөөгийн үйлчилгээнд гарч байгаа зөрчил, дутагдлыг арилгаж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ эрх ашиг, сонирхлыг хамгаалах төрийн үйлчилгээг сайжруулах, олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь зарчимд нийцүүлэн ажиллах бүтэц, тогтолцоо бий болгон, хяналт тавих зорилго тавьж байна.

    Мөн гадаадад ажиллаж байгаад эх орондоо ирсэн иргэдийн мэргэжлийн ур чадварыг үр дүнтэй ашиглах боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа бөгөөд ажиллах хүч илгээх үйлчилгээг БНСУ-ын “Хөдөлмөрийн хууль”-тай нийцүүлэн төрийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь БНСУ-д илгээх ажиллах хүчний зуучлал, сургалтаас гадна тэнд ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд үйлчлэн даатгал, зуучлал, түр сургалт зохион байгуулах, эмэгтэйчүүд, хүний эрхийн асуудлаар “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлнэ.  

    “Гадаадад ажиллах хүч илгээх төв” ХХК нь нэг иргэнээс бүртгэл, сургалт, үйлчилгээ, зуучлал, БНСУ дахь төлөөлөгчийн газрын зардал, тийз, виз, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ гээд нийт 870 ам.долларын хураамж авдаг. Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар сургалт, үйлчилгээ, төлөөлөгчийн газрын зардал болох 350 ам.долларыг иргэдээс авахгүй бөгөөд ингэснээр нэг хүний зардал 520 ам.доллар болж буурч байгаа юм. “Гададад ажиллах хүч илгээх төв” компанийн бүх  зардал нь ажил хайж байгаа, орлого багатай иргэдээс авах төрөл бүрийн хураамж, зуучлалын хураамжаар бий болж, зарцуулагдаж байгаа нь зохистой зүйл биш гэж НХХЯ үзэж байна.

    Тус компани 2010 онд солонгос хэлний шалгалтад 14600 хүнийг бүртгэж 3105 хүнийг тэнцүүлсэн бөгөөд үүнээс 2391 иргэнийг БНСУ-ын Хөдөлмөрийн биржэд байршуулжээ. Үлдсэн хүмүүс нь хэлний шалгалтад тэнцсэн ч манай улсад олгосон квотод багтаагүй учир жагсаалтаас хасагдсан байна. Шалгалтад тэнцсэн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт оруулж, биржид байршуулахад дэмжлэг үзүүлэх, тэнцүүлэх боломж олгох, 2011 оны квотод багтааж өгөх зэргээр НХХЯ удаа дараа хүсэлт гаргасан боловч дахин шинээр бүртгүүлж, шалгалт өгөх шаардлагатай гэсэн хариу өгч байгаа нь иргэдэд ихээхэн хохиролтой тусч байгаа юм.

    БНСУ-ын Хөдөлмөрийн хуулиар гадаадын ажилчинд цалингийн доод хэмжээнээс багагүй хөлс олгох ёстой бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүнд ч адил байна гэж хуульчилсан. Ээн дагуу тус улсад цалингийн доод хэмжээ 902.880 вон бөгөөд илүү цагийн мөнгийг 1,5 дахин, баяр, амралтын өдрүүдийн цалинг 2 дахин бодож олгож байгаа. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн цалинг энэ хэмжээнд байлгахад манай улсын төрийн байгууллага дорвитой ажил хийж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллан мэдээлэл, хяналтын тогтолцоо ч бий болгох юм.

    ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН НЭГДМЭЛ, ЦОГЦ ТӨВЛӨРСӨН ЗОХИЦУУЛАЛТ БИЙ БОЛНО

    Манай улсад жолоочийн даатгалыг сайн дурын даатгалын төрөлд хамруулдаг бөгөөд улсын хэмжээнд 15 компани үйл ажиллагаа явуулж байна. Олон улсад энэ хэлбэрийн даатгалыг албан журмын даатгалд хамруулж,  үүгээр дамжуулан замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийнхээ хөндөгдсөн эрх ашгийг хамгаалдаг байна. Тухайн жолооч бусдын амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулсан бол заавал нөхөн төлбөр өгдөг байх баталгааг болдог нь энэ даатгалын онцлог юм.

    2000 оноос хойш автотээврийн хэрэгслийн тоо жилд дунджаар 5-7 хувиар өсч 2010 онд 256 мянгад хүрээд байна. Энэ хэрээр замын хөдөлгөөний нягтрал ихэсч, зам, тээврийн осол, иргэдэд учрах хохирлын хэмжээ ч нэмэгдсээр байна. Тухайлбал 2010 оны байдлаар улсын хэмжээнд зам, тээврийн 8 мянга гаруй осол гарч 320 хүн нас баран, 933 хүн гэмтэж, иргэд байгууллагад 2 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Зам, тээврийн дийлэнх нь жолоочийн буруугаас болдог нь жолоочийн хариуцлагыг албан журмын даатгалд хамруулж, ослоос учрах хохирлыг барагдуулдаг тогтолцоо бий болгох шаардлагатай гэдгийг харуулж байгаа юм.          

    Хуулийн төсөлд “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолоочийн даатгалын суурь хураамж 12.500, “В” ангиллынх 33.000, “С” ангиллынх 42.500, “Д” ангиллынх 53.000, “Механизм” ангиллынх 12.500 төгрөг, жолооч нь “В”, ”С” эсвэл “Д” ангиллаас гадна “Е” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй бол 7.000 төгрөгөөр илүү байхаар тусгасан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан нэр бүхий хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

    ОЛОН УЛСЫН ХОРШООЛЛЫН ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭНЭ

    Олон улсын хоршооллын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороог Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоор ахлуулан байгуулж, жилийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлав. “Хоршоолсон үйлдвэрлэлээр төгөлдөр дэлхийг бүтээхүй” сэдэвт олон улсын бага хурлыг энэ оны 5 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах боллоо. “Хоршооллын олон улсын жил”-ийг угтаж хоршоодын үйл ажиллагааг дэмжсэн бодитой, бүтээлч арга хэмжээ авч хэрэгжүүлэх, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсөвт тусгахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.

    Манай улсын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дүгээр чуулганаар хэлэлцэн улмаар 2012 оныг “Хоршооллын олон улсын жил” болгон зарлажээ. Энэ нь хоршооллыг дэмжихийн ач холбогдлыг улс орон бүр хүлээн зөвшөөрч, хоршооллын хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлэх, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох, хоршооны давуу талыг нийтэд сурталчлан таниулах, дэлгэрүүлэх шаардлагатай байгааг нотолсон хэрэг юм. Хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай, газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл зонхилсон манай орны хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, орон нутгийн хөгжлийг хангах гол хэлбэр нь хоршоо. Иймээс Засгийн газар 2009 онд “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-ийг баталсан байна. 

    “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг түшиглэн хэрэгжүүлж байгаа. Улсын хэмжээнд 170 гаруй мянган малчин өрх байгаа бөгөөд тэдгээр нь хөдөө аж ахуйн чиглэлийн хоршооллын үндсэн суурь, бааз нь болно. Малчдын хөдөлмөрийг хорших, хамтрах, үйл ажиллагааг идэвхжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ ЖУРМЫГ БАТАЛЛАА

    Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журамыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, дүнг Засгийн газарт жил бүрийн 2 дугаар сард багтаан танилцуулж байхыг холбогдох сайд нарт даалгаж журмыг хэрэгжүүлэх, хяналт тавих асуудлаар хуулийн дагуу хамтран ажиллахыг Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлд даалгав. Санд улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилах хөрөнгийг УИХ, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага сайн дурын үндсэн дээр хөрөнгө төвлөрүүлж болох юм байна. 

    “Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан” нь эрэлтэд суурилсан, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан мэргэжлийн боловсрол, сургалтын үйлчилгээг дэмжих юм. Ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид болон ажилгүй залуучууд, иргэдэд богино хугацаанд нийгэм, хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжил эзэмшүүлж, ажлын байртай болгон ажилгүйдэл, ядууралтай тэмцэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд энэ сан чухал үүрэгтэй гэж Засгийн газар үзэж байна.

    ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН НЭГДСЭН ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦАВ

    Засгийн газрын хуралдаанд Газрын нэгдмэл сангийн 2010 оны улсын нэгдсэн тайланг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга танилцуулав. Тайлан нь тайлангийн хугацаанд газрын ангилал болон газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрх зүйн байдал, тэдгээрт гарсан өөрчлөлтөд дүгнэлт өгөх, газрын талаар авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлох ач холбогдолтой юм. Мөн цаашид газрыг өмчлөх, эзэмших, ашиглах, хуваарилах, хамгаалах, нөхөн сэргээх болон газар зохион байгуулалтын бусад арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, газрын нэгдмэл сангийн өгөгдөхүүнд өөрчлөлт оруулах, улс, орон нутгийн статистик мэдээнд ашиглахад суурь материал болдог байна.

    2010 онд газрын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн 1425 шалгалтаар 10 мянга гаруй зөрчил илэрчээ. Газар эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил хамгийн их гарсан байна. Улсын хэмжээнд газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 73359 өргөдөл ирсний 1175 нь газар ашиглах, 45717 нь эзэмших, 25213 нь өмчлөх, бусад нь өөр төрлийн өргөдөл, хүсэлт байжээ.

    ЗАСГИЙН ГАЗАР 3 ДУГААР САРД  70 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЖЭЭ

    Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын үйл ажиллагааны  талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцуулав. 2011 оны 3 дугаар сард Засгийн газар 9 удаа хуралдаж, 75 асуудлыг хэлэлцэн, 30 асуудалтай танилцсан байна. Хуралдаанаар 6 асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, 4 асуудлыг хууль санаачлагчдад уламжлахаар, 1 асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 1 асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 4 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах болж, 8 асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлуулсан байна.

    Засгийн газраас 3 дугаар сард:

    • Монгол Улсад 2011 онд хөдөө аж ахуй, газар тариалан, мал эмнэлэг, ахуйн хортон шавьж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох пестицид, химийн бордоо, бусад бодисын жагсаалт, хэрэглэх хэмжээг батлав
    • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд машин, тоног төхөөрөмж хандивлах, ашиглах тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.
    • “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулав.
    • НҮБ-ын байгаль орчны хөтөлбөртэй хамтран “Байгалийн баялгийн үр ашигтай зарцуулалт бүхий ногоон эдийн засагт хүрэх шилжилтийн үеийн үндэсний стратеги” сэдэвт семинар зохион байгуулав.
    • ОХУ-аас үзүүлж буй буцалтгүй тусламжийн хүрээнд ирсэн 40 тонн холбооны сэлбэг, техник хэрэгслийг хүлээн авч, холбооны мэргэжлийн офицер, ахлагч нарыг сургалтад хамруулсан зэрэг томоохон ажил хийж, хэрэгжүүлжээ.

    Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын үйл ажиллагааны товч мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын HTTP:/WWW.CABINET.GOV.MN/ вэб хуудасны “Засгийн газрын мэдээ, мэдээлэл, хуралдаан” булангаас үзэх боломжтой.

    ТОВЧХОН

    • “Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн төсөлд улс төрийн нам, нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан бүх төрлийн зорилт, арга хэмжээ, үндсэн зорилго, хүрэх үр дүн, тэдгээрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс болон орон нутгийн төсвөөс шаардагдах санхүүжилтийн хэмжээг зорилт, арга хэмжээ нэг бүрээр тооцуулах, эх үүсвэрийг нь тодорхойлуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Сонгуульд оролцогч нам, нэр дэвшигч нь улс орны эдийн засаг, санхүү, төсвийн бодит боломжоос хэтэрсэн зүйлийг мөрийн хөтөлбөртөө тусгаж, бэлэн мөнгө амлах зэргээр иргэдийн саналыг авах сөрөг үзэгдэл гарч байгаа юм.     
    • АНУ-ын Сан Франциско, Япон Улсын Осака, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Сан Франциско хотод манай улсын 27 мянга, Осакад 2 мянган хүн ажиллаж, амьдардаг бол Гонконгод жилдээ 5 мянга хүртэл хүн зорчдог байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрхийг тууштай хамгаалж, монгол иргэдэд туслах сан байгуулан, консулын албыг өргөжүүлэн бэхжүүлнэ гэж заасан юм.

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    ДИЗЕЛЬ СТАНЦЫН ТҮЛШНИЙ ЗАРДЛЫГ ОЛГОНО

    Баянхонгор аймгийн Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумын дизель станцуудын түлшний зардалд шаардлагатай 81 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Дээрх сумдын цахилгаан хангамжийг найдвартай болгохын тулд одоо ашиглаж байгаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг гадны хандивлагч байгууллагуудын санхүүжилтээр нэмэгдүүлж өргөтгөхийг Засгийн газрын хуралдаанаас Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад үүрэг болгов.

    2007 оны төсвийн тухай хуулийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст суманд тус бүр 920 сая төгрөгийн төсөвтэй, 150 кВт-ын хүчин чадалтай, нар, салхины хосолсон цахилгаан станц байгуулахаар болж “Баянконстракшн” компанитай гэрээ байгуулжээ. Гүйцэтгэгч компани Баян-Өндөр, Шинэжинст суманд ажлаа хугацаанд нь бүрэн дуусган хүлээлгэн өгсөн боловч гэрээнд заасан туршилтын хугацаанд станцуудын салхин сэнснүүдэд эвдрэл гарч эхэлжээ. “Баянконстракшн” компани гэрээний дагуу тухай бүр нь засч байсан ч эвдрэл гарсаар байна.

    Иймээс гэрээний дагуу төхөөрөмжүүдийг сэргээн засварлаж хэвийн ажилд оруулах, эсвэл салхин сэнснүүдийн оронд нарны станц барьж ашиглалтад оруулах чиглэл өгчээ. “Баянконстракшн” компани Баянцагаан суманд нэмж 30 кВт-ын нарын панель суурилуулах, эвдэрсэн салхин сэнснүүдийн далбааг шинээр захиалан, Дорнод аймгийн Матад, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд байгаа салхин сэнснүүдийг Баян-Өндөр, Шинэжинст суманд шилжүүлэн барихаар ажиллаж байна.

    Мөн Азийн хөгжлийн банк, БНСУ-ын буцалтгүй тусламжаар дээрх сумдад нарны цахилгаан станц байгуулахаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон хандивлагч талууд гэрээ байгуулах гэж байна. Нарны цахилгаан станцууд хэвийн ажиллагаанд орох хүртэл Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумын эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах үүднээс дизель станцын түлшний татаас олгох шаардлагатай болсныг Засгийн газрын хуралдаанаар ийнхүү хэлэлцэн шийдвэрлэлээ.

    ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТТТЭЙ ТАНИЛЦАВ

    Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төслийн санхүүжилтийн тухай “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн саналыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Төрийн өмчийн хороо, Лондонгийн хөрөнгийн бирж хооронд “Стратеги хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, хөрөнгийн зах зээл, Хөрөнгийн биржийг хөгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тохирчээ.

    Гэрээний дагуу Лондонгийн хөрөнгийн биржээс манай Хөрөнгийн биржийг удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж зөвлөгөө өгөх бөгөөд эдгээрийг нарийвчлан тусгасан “Ажлын мастер гэрээ” байгуулах гэж байна. 14,2 сая ам.долларын өртөгтэй төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг эхний ээлжинд арилжааны банкуудаас зээл авч бүрдүүлэн, дараа нь улсын төсвөөс эргүүлэн төлөхөөр урьдчилсан тохиролцоонд хүрчээ.

    Хамтарсан төсөл амжилттай хэрэгжсэнээр үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын цогц шинэ систем нэвтэрч, хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин, дэд бүтэц, технологи, боловсон хүчний чадавхи олон улсын стандартад хүрнэ гэж тооцоолж байна. Манай аж ахуйн нэгж, байгууллагууд дотоодын хөрөнгийн захаар дамжуулан хөрөнгө оруулагчдаас урт хугацааны, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр татах, Улаанбаатар-Лондон-Торонтогийн 24 цагийн арилжааны бүсэд холбогдож, олон улсын зах зээлд гарах боломж нээгдэх юм. 

    Стратегийн ач холбогдолтой томоохон ордуудад түшиглэн байгуулах үндэсний компаниудын хувьцааны хяналтын багцаас дээш хувийг дотоодод арилжсанаар зах зээлд тавих хяналт өндөрсөж, эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа нэмэгдэнэ. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид арилжаанд хямд өртгөөр, урт хугацаанд, үр ашигтай оролцон, хөрөнгийн захаас бодит өгөөж хүртэх, биржээр арилжих бүтээгдэхүүний  нэр төрөл, тоо хэмжээ, чанар сайжирч, түүхий эд, валют болон бусад төрлийн бүтээгдэхүүний арилжаа, тэдгээрийн үүсмэл үнэт цаасны арилжаа бий болох нөхцөл бүрдэнэ гэж “Монголын хөрөнгийн бирж” ХК, Төрийн өмчийн хороо үзэж байна.

    БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЛАА

    Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах эрх, үүрэг бүхий байнгын ажиллагаатай зөвлөлийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгууллаа.

    “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан байна. Зөвлөл нь газар хөдлөлтийн гамшгийн асуудлаарх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангахаас гадна гамшгаас сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд нэгтгэн, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлнэ. Мөн яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллагуудын тайлан, мэдээллийг сонсож, дүгнэлт гарган, үүрэг даалгавар өгч, биелэлтийг нь хангаж байх юм.

    ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт”-тэй танилцаад гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.

                Үндсэн чиглэлд :

    • Макро эдийн засгийн бодлого – 3 зорилт, 49 арга хэмжээ
    • Бодит салбарын хөгжлийн бодлого – 6 зорилт, 102 арга хэмжээ
    • Байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн бодлого – 6 зорилт, 88 арга хэмжээ
    • Ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангах бодлого – 7 зорилт, 93 арга хэмжээ
    • Гадаад бодлого, батлан хамгаалах бодлого – 10 зорилт, 72 арга хэмжээ
    • Засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого – 3 зорилт, 70 арга хэмжээг тус тус  тусгасан юм.

    Үндсэн чиглэлийг 2010 оны байдлаар нэгтгэн дүгнэхэд 80.8 хувийн биелэлттэй гарчээ. Нийт 474 арга хэмжээнээс 171 нь бүрэн биелсэн, 122 нь 90 хувь, 106 нь 70 хувь, 42 нь 50 хувь, 22 нь 30 хувь, 2 нь 10 хувийн биелэлттэй байгаа бөгөөд 9 арга хэмжээ хангалтгүй биелэлттэй байна. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын www.cabinet.gov.mn цахим хуудаснаас авч болно.

    ЗАСГИЙН ГАЗАР ӨНГӨРСӨН САРД 48 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЖЭЭ

    Засгийн газрын 2011 оны 2 дугаар сарын үйл ажиллагааны мэдээллийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Засгийн газар өнгөрсөн сард 4 удаа хуралдан 48 асуудал хэлэлцэж, 21 асуудалтай танилцсан байна. 6 асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, 1 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 2 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэн 4 асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлуулжээ.

    Засгийн газар 2 дугаар сард БНХАУ-ын Засгийн газраас авах зээлийн хөрөнгөөр мах, сүү, гурилын үйлдвэр байгуулах, нийслэлийн автозамын гүүрэн гарц болон огтлолцол зам, цахилгаан хангамжийн их тойруу цагираг сүлжээ байгуулах төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн Хөгжлийн банкны тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж батлуулан, Онцгой албан татварын хувь, хэмжээг өөрчилж, хүүхдийн тусламжид зайлшгүй шаардлагатай эмийн хуваарийг батласан зэрэг томоохон ажил хийжээ.

    • Бүгд Найрамдах Итали Улсын Рот хотноо Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахыг дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. 
    • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2010 оны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлантай танилцлаа. Үнэлгээний явцад илэрсэн зөрчил, дутагдалд дүн шинжилгээ хийж, цаашид худалдан авах ажиллагааны хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой арга хэмжээ авах Засгийн газрын албан даалгаврыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлэхээр тогтлоо.

  • Гамшигт нэрвэгдсэн дөрвөн бүсээс иргэдээ үнэ төлбөргүйгээр эх оронд нь авчирна

    Монгол улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 3 дугаар сарын 12-нд боллоо. Хуралдаанаар Япон улсад  байгалийн гамшигт үзэгдэл болсонтой холбогдуулан Монгол улсын Засгийн газраас авах зарим  арга хэмжээний талаар хэлэлцлээ. Япон улсын Мияги болон Иватте мужид 8.9 баллын хүчтэй газар хөдлөлт, цунами болж  байгалийн ноцтой гамшиг тохиолдон, олон зуун хүний амь үрэгдэж,их хэмжээний эд материалын хохирол учирсантай  холбогдуулан тус улсад нэг сая ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай асуудлыг хэлэлцээд тогтоол гаргалаа.

    Мөн эхний ээлжинд гамшгийн бүсэд байгаа монгол иргэдээ үнэ төлбөргүйгээр онгоцоор эх оронд нь тээвэрлэж авчрахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.  Өөрөөр хэлбэл Мияги, Фукушима, Ибараки, Иватте мужуудад байгаа гамшигт өртсөн монгол иргэд үүнд хамаарагдах юм. Япон дахь ЭСЯ-ны ажилтнуудыг монголчуудтайгаа байнга холбоотой байж, хаана хэдэн иргэн байгааг тогтоон, судалгааг шуурхай гарган арга хэмжээ авч мэдээллээр хангахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Япон улсад эрэн хайх, аврах багийг илгээх асуудлыг судлан, зохих бэлтгэл хангахыг  Монгол улсын Шадар сайд М.Энхболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр нарт тус тус даалгалаа.

    Мөн Японы ард түмэнд олгох нэг сая ам.долларын тусламж олгох,  эхний ээлжинд 2500 ширхэг хөнжил хүргэх ажил зохион байгуулахыг Монгол улсын шадар сайд, УБОК-ийн дарга М.Энхболдод даалгав. Түүнчлэн    нэг өдрийн цалингаа хандив болгохыг төрийн байгууллагын албан хаагчдад, бусад иргэд, байгууллага,аж ахуйн нэгжид хандан зохих хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас   уриаллаа.

    Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Монгол улсын ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр тус хуралдаанаас гарсан шийдвэрийг товч мэдээлээд, хамгийн гол нь Японд байгаа монгол иргэдээ хяналтандаа авах нь Засгийн газрын үүрэг гэдгийг тэмдэглээд, одоогийн байдлаар тэнд байгаа монголчуудаас  муу мэдээ ирээгүй гэдгийг онцолж байлаа. Мөн иргэдийг  тээвэрлэх явцад  хүндрэл гараагүй, шаардлагатай  тохиолдолд нэмэлт онгоц гаргах үүрэг даалгаврыг ЗТБХБ-ын сайдад даалгаснаа ч дуулгасан.

    Наритагийн онгоцны буудал цагийн хуваарийн дагуу 22 цагт хаагдах учраас үүнээс өмнө амжиж иргэдээ нүүлгэх  ажлыг зохион байгуулж байгаа гэлээ.  Одоогийн байдлаар Наритагийн онгоцны буудлын бүртгэл дээр  Монголын 147 зорчигч бүртгүүлээд байгаа бөгөөд орой 21 цаг  45 минут гэхэд 10-аад хүнээр нэмэгдэх магадлалтай байгаа ажээ. Нийлээд 160 орчим зорчигч өнөөдөр оройн онгоцоор эх орондоо ирэх юм  байна

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 9-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООВ

    ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 2011 оны 3 дугаар сард А-80 автобензин тонн тутамдаа 14, АИ-92 автобензин 18, дизелийн түлш 125 ам.доллараар буурчээ. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн дизелийн түлшинд “0” төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 130 мянган төгрөг болгож, АИ-92 автобензинд 230 мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг 250 мянган төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

    Харин А-80 автобензинд 160 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээж, бусад боомтоор оруулж ирэх автобензин, дизель түлшний татварыг хэвээр мөрдөхөөр болов. Татварыг 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд татварын хэмжээг тогтоосноор газрын тосны бүтээгдэхүүний үнэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм. Дараа саруудад газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ огцом өссөн тохиолдолд татварын хувь хэмжээг бууруулан дотоодын зах зээл дэх жижиглэнгийн үнийн огцом өсөлтийг сааруулах нөхцлийг Засгийн газар татварын зохицуулалтаар хийж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

    “БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгалаа. Гадаадаас ажиллах хүч авахад зуучилж байгаа байгууллагууд болон ажил олгогчид олон улсын гэрээ, манай улсын хууль, тогтоомжоор заасан нөхцлийг дордуулж, гадаадын ажилчдын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг алдагдуулах, орон байраар хангахгүй байх сөрөг үзэгдэл гарч байгаа юм.

    Энэ нь гадаадын иргэдийг манай улсад хууль бусаар ажиллаж, амьдарч хууль, дүрэм, нийгмийн хэв журмыг зөрчихөд хүргэж байна. БНХАУ-ын тал иргэдээ зохистой хэлбэрээр хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, сахилга, зохион байгуулалтыг өндөржүүлэх зорилгоор “Ажиллах хүчний хэлэлцээр” байгуулах, ажиллах хүчээ төрийн оролцоо бүхий нэгдмэл субьектээр оруулах санал тавьж буй юм байна. Энэ жил болсон эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд бэлтгэх болон хуралдааны үед энэ асуудлыг талууд хэлэлцэн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.

    Хэлэлцээр батлагдвал манай ажил олгогчийн хэрэгцээ, захиалгад үндэслэн хятадын холбогдох төрийн байгууллагаас ажилчин илгээх эрх авсан тодорхой байгууллагаар дамжуулан зөвхөн мэргэжлийн үнэмлэх, дипломтой, бэлтгэл сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан хүмүүсийг авах юм.  Ингэснээр гадаад ажилчдын асуудлаар олон аж ахуйн нэгжийн хооронд бус нэг гарцаар шийдэгдэх, төрийн байгууллагууд харилцан хяналт тавих бололцоо үүсч байна.

    Мөн хуралдаанаар Засгийн газар хоорондын болон бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хэлэлцээд тогтоол гаргахаар боллоо. Гадаадаас ажиллах хүч авч байгаа ажил олгогч аж ахуйн нэгжүүд хэдэн ажлын байр бий болгосон, үүний хэдэн хувийг өөрийн орны болон гадаадын иргэд эзэлж байгаа тухай мэдээллийг ил тод, нээлттэй гаргаж өгдөг байхад анхаарч ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд чиглэл болголоо.

    “Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, төлбөрөөс чөлөөлөх” журамд өөрчлөлт оруулсан бөгөөд олон улсын гэрээ хэлэлцээр байгуулаагүй компаниудын ажиллах хүчнийг төлбөрөөс хөнгөлж, чөлөөлөхгүй байхыг Засгийн газар 2010 оны 79-р тогтоолоороо зохицуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ТЭЙ БОЛОВ

    Компаниудад засаглал төлөвшөөгүйн улмаас шаардлагатай хөрөнгө оруулалт босгох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж хязгаарлагдаж, зарим тохиолдолд ил тод, нээлттэй бус байдлаас үүдэн хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид болон бусад оролцогч талын эрх ашиг хохирох явдал цөөнгүй тохиолдож байна. Иймээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, их бүтээн байгуулалтын ажилд оролцох сайн засаглалтай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн компаниудыг бий болгох, компанийн засаглалыг төлөвшүүлэхэд төрөөс дэмжин ажиллах бодлогыг хэрэгжүүлэх явдал чухал байгаа юм. Иймээс “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

    Үүнтэй холбогдуулан:

    • “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн эхний үе шатанд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавих
    • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зарим хөрөнгийг Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах
    • Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэл болон шаардагдах хөрөнгийг Санхүүгийн зохицуулах хорооны төсөвт жил бүр тусгаж санхүүжүүлэх  арга хэмжээ авах,
    • Хөтөлбөрийн зарим арга хэмжээг олон улсын байгууллагын зээл, тусламж, гадаад оронтой тогтоосон хамтын ажиллагааны төсөл,арга хэмжээндхамруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд, байгууллагын дарга нарт даалгалаа.

    Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Ц.Баярсайханд зөвшөөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сайн засаглалыг хэрэгжүүлэх эрх зүйн болон зохицуулалтын таатай орчин бүрдэж, ил тод, нээлттэй компанийн засаглал бүхий тогтвортой үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжийн тоо өсч, тэдний хөрөнгө, санхүү нэмэгдэн үйл ажиллагаа өргөжин тэлэх бололцоо бүрдэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ИРГЭДИЙГ ЦАХИМ ҮНЭМЛЭХТЭЙ БОЛГОНО

    Монгол Улсын иргэний цахим үнэмлэхний загвар, тодорхойлолт, дүрмийн төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж хэлэлцүүлэхийг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Иргэний үнэмлэхийг иргэний цахим үнэмлэхээр солих ажлын бэлтгэлийг хангахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргад үүрэг болгов. Цахим үнэмлэх нь бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны бүхий л салбар, түвшинг хамарч, төрийн үйлчилгээний үндсэн суурь болох төдийгүй иргэний бүртгэлтэй холбоотой үнэн бодит мэдээллийн бааз, санг үүсгэнэ.

    Иргэдийг цахим үнэмлэхтэй болгосноор иргэний бүртгэл, мэдээллийн цогц системтэй болж, иргэний үнэмлэхтэй холбоотой гардаг хүндрэл, зөрчил багасан, нууцлал, хамгаалалт сайжирч, тухайн иргэний шилжилт хөдөлгөөн, сонгуулийн санал өгсөн эсэх, цэргийн алба хаасан болон татвар төлсөн байдал зэргийг тодорхойлох боломж бүрдэх юм. Мөн нийгмийн халамж, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн болон төрөл бүрийн даатгал, боловсрол зэрэг төрийн үйлчилгээг цахим иргэний үнэмлэх ашиглан иргэдэд хүргэх, иргэний бүртгэл нь бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны суурь мэдээлэл учир төр, засгийн байгууллагууд мэдээллийг хамтарч ашиглах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. 

    2010 онд иргэний шинэчилсэн бүртгэл явуулж хурууны хээ, дижитал зургийн мэдээллийн дэд сан үүсгэсэн нь цахим үнэмлэхэд агуулагдах суурь мэдээлэл болно гэж Засгийн газар үзлээ.  

    ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БООМТЫН ТООГ ЦӨӨЛӨВ

    Эм, эмнэлгийн хэрэгслийг зөвхөн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Буянт- Ухаа, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор улсын хилээр нэвтрүүлж байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Эм, эмнэлгийн хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтын тоог цөөрүүлсэн талаар Дэлхийн худалдааны  байгууллагад мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгасан байна.

    Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаа нь зохицуулалт нэрээр хаалттай, ил тод биш байгаа, энэ нь эргээд хэсэг хүний бизнес мэт ойлголт нийгэмд бий болж байгааг хуралдааны үеэр Ерөнхий сайд С.Батболд онцгойлон анхааруулаад,  энэ чиглэлээр шалгалт хийж хөндлөнгийн дүгнэлт гаргахыг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт үүрэг болголоо. 

    ТОВЧХОН

    • УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Энхболд нарын санаачлан боловсруулсан “Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн болон “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, тодорхой  саналуудыг  төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов.
    • 2011 оны 2 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийсэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчигийн айлчлалын дүнг сайшааж, айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгалаа.
    • Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк, Олон улсын хөрөнгө оруулалтын банкууд нэгдэж, шинээр банк байгуулах тухай олон улсын гэрээний төслийн талаарх хэлэлцээрт Монголын талын төлөөлөгчдийг ахлах, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Монголбанкны Ерөнхийлөгчид олгож, хэлэлцээрийн төслийг Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгов. Мөн шинээр байгуулах банкинд гишүүн орныг төлөөлж Монголбанкнаас гадна санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас төлөөлөгч оролцуулах нь зүйтэй гэж үзлээ.
    • НҮБ-аас 2012-2016 онд манай улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээг тодорхойлсон баримт бичгийн төслийг зүйтэй гэж үзлээ. Эдийн засгийн тогтвортой хөгжилд оролцоо, тэгш байдлыг хангаж ядуурлыг бууруулахад нөлөөлөх, Нийгмийн суурь үйлчилгээг чанартай, тэгш хүртээх, нийгмийн хамгааллын тогтвортой систем бий болгох, Байгалийн нөөцийн удирдлагын тогтвортой байдал, экологийн тогтолцоо, хүн амын эмзэг давхаргын уур амьсгалын өөрчлөлтөд уян хатан дасан зохицох чадварыг сайжруулах, Хүний эрхийг хамгаалах, тэгш бус байдлыг бууруулах зорилгоор засаглалыг сайжруулах гэсэн 4 тэргүүлэх чиглэлийг баримт бичигт тусгаад байна. Энэ баримт бичигт үндэслэн НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд өөрсдийн чиглэлээр хөтөлбөрүүдээ боловсруулан хэрэгжүүлнэ.  тэргүүлэх чиглэл, үр дүнг дэмжихэд нийт 34.084.450 ам.долларын боломжит санхүүжилт, 65.047.400 ам.долларын дайчлах санхүүжилт хийгдэх юм байна.
    • Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах, Улаанбаатарын утааг бууруулах болон бусад төсөлд  зориулан БНСУ-ын Засгийн газраас 300 сая хүртэл ам.долларын хөнгөлөлттэй зээл авах саналыг Засгийн газрын хуралдаанаас дэмжив. Энэ саналыг Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр хөндөж ярих нь зүйтэй гэж хуралдаанаас үзлээ.
    • Монгол хүн сансарт ниссэний болон сансрын хамтарсан нислэгийн 30 жилийн ой болон хамтарсан нислэгийг мөнхжүүлэх, алдаршуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, сансрын нисгэгч Майдаржавын Ганзориг нарыг Засгийн газраас тус бүр 3 өрөө орон сууцаар шагнах боллоо. Мөнгөн дүнгийн хэмжээг Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг Батлан хамгаалахын сайд Л.Болдод үүрэг болгов.