Ангилал: тайлан

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС ГАРГАХЫГ ДЭМЖИВ

    2011 оны төсвийн жилд улсын төсвийн алдагдлыг нөхөх, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас гаргаж арилжаалах тухай хэлэлцэн дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. 2011 онд 127 тэрбум 443 сая 400 мянган төгрөгийн үнэт цаас гаргаж арилжаалахаар төлөвлөөд байна.

    Төсөл батлагдсанаар хөрөнгө оруулалт нэмэгдэн, үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаа идэвхжиж эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлнө. Мөн төсвийн зардал, санхүүжилтийг цаг хугацаанд нь саадгүй гүйцэтгэх, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, санхүүгийн зах зээл дэх орон сууцны зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, орон сууцны зээлийн хүүг бууруулах, барилгын салбарт дэмжлэг үзүүлэх, банкны салбарын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.

    НЭГДСЭН ТӨСВИЙН УРЬДЧИЛСАН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ТАНИЛЦАВ

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны урьдчилсан гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн нийт орлогын бүрдүүлэлт 113.9 хувь, нийт зарлага 96.6 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 3.4 тэрбум төгрөгийн ашигтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 481.7 тэрбум төгрөгөөр бага байна.

    Эдийн засгийн гол үзүүлэлт болох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2010 оны урьдчилсан байдлаар оны үнээр 8255.1 тэрбум төгрөгт хүрчээ. Нэгдсэн төсвийн нийт орлого урьдчилсан гүйцэтгэлээр 3.069.9 тэрбум төгрөгт хүрч орлогын төлөвлөгөө 374 тэрбумаар буюу 13.9 хувиар давсан байна. Энэ нь 2009 оны мөн үеийнхээс 54 хувиар буюу 1.076.9 тэрбум төгрөгөөр өссөн тухай Сангийн сайд С.Баярцогт танилцууллаа. Нэгдсэн төсвийн орлого татварын орлогоор 87.1, татварын бус орлогоор 11.5, тусламжийн орлогоор 1.1, хөрөнгийн орлогоор 0.3 хувь бүрджээ.

    Дэлхийн зах зээл дэх зэс, алтны үнэ төлөвлөснөөс харьцангуй өндөр байсан, татвар болон гаалийн байгууллагаас аж ахуйн нэгжүүдийн татварын өр барагдуулах, орлого төвлөрүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулсан, нийт бараа эргэлтийн хэмжээ 2010 онд өмнөх оноос 53.5 хувиар өссөн, санхүү, эдийн засгийн хямралтай байгаа орнуудад үзүүлж байгаа тусламжийн хүрээнд АНУ манай улсад 14.5 тэрбум төгрөгийн мөнгөн тусламжийг нийгмийн халамжийн санхүүжилтэд олгосон зэрэг нь нэгдсэн төсвийн орлого төлөвлөгөөнөөс давж биелэхэд нөлөөлсөн байна.

    ЭНЭ ОНД ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 50 УГАЛЗ АГНУУЛНА

    Гадаадын анчид мөн 120 тэх, 5 халиун буга, 150 цагаан зээр, тус бүр 40 саарал чоно, бор гөрөөс, 20 зэрлэг гахай, ой, хээрийн агнуурын шувуу 400 хүртэл толгойг агнаж болно. Судалгаа, шинжилгээний зориулатаар 2 хүрэн баавгай, 4 хүртэл цоохор ирвэс агнах, сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор 2 толгой хулан адуу барихыг Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө.

    Гадаадын анчдад тусгай төлбөртэйгээр агнуулсан ангийн төлбөр, хураамжийн орлогоос сүүлийн 5 жилд улс, орон нутгийн  төсөвт 7,2 тэрбум төрөг төвлөрсөн байна. 2009, 2010 онд хийсэн судалгаагаар манай улсад 17,9 мянган аргаль, 24,4 мянган янгир, 10 мянга гаруй халиун буга, 12 мянга гаруй хар сүүлт, 5,6 сая цагаан зээр, 1200 орчим ирвэс, 6 мянга орчим идлэг шонхор шувуу байгаа нь тогтоогджээ. Цаашид гадаадын анчдад тусгай төлбөртэйгээр агнуулах ховор амьтны тоог цөөрүүлж, элбэг амьтны тоог нэмэх, төлбөр, хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар төсөвт орох орлогын хэмжээг тогтвортой барих бодлого барьж байна. 

    ТОВЧХОН

    ·  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны 1 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсад ажлын айлчлал хийсэн, мөн сарын 26-30-ны өдрүүдэд Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. 

    ·  “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг гишүүн Д.Арвин, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил, Д.Очирбат, Ж.Сүхбаатар, Д.Хаянхярваа, Ц.Батбаяр нар санаачлан боловсруулсан байна. Төсөл нь агуулга, зорилгын хувьд Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж, УИХ-ын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын  тогтоолтой давхардаж байгаа учир дэмжих боломжгүй гэж үзлээ. Гишүүд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шинэ технологи нэвтрүүлэх замаар гэр, амины орон сууц, нам даралтат уурын зуух ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуд цахилгаан эх үүсвэр, бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаалтын систем нэвтрүүлэх, гэр хорооллын түүхий нүүрс, модны хэрэглээг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттай авч хэрэгжүүлэхээр төсөлдөө тусгасан байжээ.

    ·   “Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    ·   Хөвсгөл, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг баяр наадмаа 2011 оны 7 дугаар сарын 22-23-нд, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Увс аймаг 2011 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд тэмдэглэнэ. Аймаг байгуулагдсаны тэгш ой тохиож байгаа болон бүсийн хурдан морины уралдаан болох учир аймгууд баяр наадмаа дээрх өдрүүдэд зохион байгуулах хүсэлтээ Засгийн газарт ирүүлсэн байна.

    ·   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга М.Ганхүү, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Г.Алтансүх нарт Бригадын генерал, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэнд хошууч генерал цол хүртээлгэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    ·   Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой энэ оны 10 дугаар сарын 27-нд тохиож байгаатай холбогдуулан ойг тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхийн улс орнуудын хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд голлох үүрэгтэй НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр 1961 элссэнээр улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж, олон улсын нэр хүнд, байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулах, тусламж, дэмжлэг авах өргөн боломжтой болсон юм.

    ·   Аж ахуйн нэгж, байгууллагын улсын тоооллогыг 2011 оны 4 дүгээр сард багтаан явуулахаар болж тооллогыг зохион байгуулах комиссыг Сангийн сайд С.Баярцогтоор ахлуулан байгуулав. Нутаг дэвсгэртээ орших аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, байршлын жагсаалт гаргах, тооллогод бүрэн хамруулах, тооллогын Ажлын хэсэг байгуулах зэрэг арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын дарга нарт даалгалаа. Тооллогын дүнг 2011 оны 12 дугаар сард Засгийн газарт танилцуулах юм байна.

    ·   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эзэмшилд байгаа БЗД-ийн 16 дугаар хорооны нутагт орших 190 айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь зохих журмын дагуу хувьчлахыг Төрийн өмчийн хороонд зөвшөөрлөө.

    ·   “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн төслийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган тогтоол гаргахаар боллоо. Хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж хэрэгжүүлэхийг бүх шатны Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон нутгийн салбар зөвлөлийн дарга нарт даалгав. 2009 онд ХЗДХЯ, АНУ-ын Азийн сан хамтран Улаанбаатар хотын эрүү, хэв журмын нөхцөл байдал хүнд, алслагдсан, хүн ам ихтэй СХД, БЗД-ийн 4 хороонд “Цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа” туршилтын төсөл хэрэгжүүлсэн байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тогтмол үйл ажиллагаатай “Иргэний зөвлөл” бий болсон бөгөөд тухайн орон нутагт гэмт хэргийн гаралт 6-28 хувиар буурчээ. Иймээс энэ амжилтыг улсын хэмжээнд баталгаажуулах, хэрэгжүүлэх зорилгоор “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийг боловсруулжээ.

    Шинэ он гарснаас хойш Засгийн газрын хуралдаанаар 95 асуудлыг хэлэлцэн 42 асуудалтай танилцсан байна. Үүнээс 10 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 5 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 1 асуудлыг УИХ-ын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 5 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэжээ. 2011 оны 1,2 дугаар сард Засгийн газрын хуралдаанаас 56 тогтоол, Ерөнхий сайдын 13 захирамж гаргахаар шийдвэрлэснийг зохих журмын дагуу албажуулсан байна.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    МОНГОЛ ТУУРГАТНЫ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН НААДАМ БОЛНО

    Монгол туургатны хүүхдийн урлагийн III наадмыг 2011 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов. Наадмыг Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар хүүхэд, өсвөр үеийнхэн санал гаргасан байна. Энэ удаагийн наадамд ОХУ-ын Буриад, Тува, Саха, Халимаг, БНХАУ-ын Өвөр Монголын болон Шинжан Уйгарын Өөртөө засах орон, Эрхүү муж, Агийн тойрог зэрэг газар амьдарч байгаа 10-18 насныхан оролцоно. Мөн манай улсын аймаг, нийслэлээс шалгарсан 200 хүүхэд оролцох төлөвтэй байна.

    Наадмын хөтөлбөрт хүүхдийн урлагийн нэгдсэн тоглолт, “Гайхам монгол урлаг”, “Ногоон дэлхийд амьдрах эрх” өдөрлөгүүд, “Монгол түмэн” тойрон бүжгийн баяр зэрэг арга хэмжээ тусгажээ. Монгол туургатны хүүхдийн урлагийн наадмыг 1994, 2006 онд манай улсын Засгийн газрын санаачилгаар зохион байгуулж байсан юм.

    АЙЛЧЛАЛЫН ДҮНГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД ОРУУЛНА

    Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Кувейт, Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн албан ёсны болон ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. Ерөнхий сайд 2011 оны 1 дүгээр сарын 4-6-нд Кувейт Улсад албан ёсны, 8-10-нд АНЭУ-д ажлын айлчлал хийсэн юм.

    Монгол Улсын Ерөнхий сайдын Булангийн орнуудад хийсэн айлчлал нь тус бүс нутгийн орнуудтай дээд, өндөр хэмжээний айлчлалуудын давтамжийг хадгалах, улс төрийн найрсаг харилцааг бататгах, санхүүгийн их чадавхитай Кувейт болон АНЭУ-аас манай улсад олгож байгаа зээл, тусламжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах яриа хэлэлцээг урагшлуулах, тус бүс нутагт улс орноо таниулах, бүс нутгийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж манай тал үзэж байна. 

    Кувейтэд хийсэн айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд тус улсын Эмир, Үе залгамжлах хунтайж нарт бараалхаж, Үндэсний ассамблейн даргатай уулзан Ерөнхий сайдтай нь албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан, Хөрөнгө оруулалтын агентлаг, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн удирдлагуудтай уулзжээ. Айлчлалын үеэр Кувейттэй соёл, , боловсрол, шинжлэх ухаан,мэдээллийн   салбарт 2011-2013 онд хамтран ажиллах хөтөлбөр, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан байна.

    Ерөнхий сайд Монгол-Кувейтийн бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцон үг хэлэн айлчлалын дүнгийн талаар талууд хэвлэлийн хамтарсан мэдэгдэл гаргажээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНЭУ-д айлчлах үеэр тус улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, Дубайн захирагч, Ерөнхий сайдын орлогч бөгөөд Дотоод хэргийн сайд, Абу Дабигийн Хөрөнгө  оруулалтын газрын Удирдах захирал, Эмиратын Цөмийн эрчим хүчний корпорацийн гүйцэтгэх захирал нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, яриа хэлэлцээ хийв.

    Эдгээр айлчлалын үеэр манай улсад хэрэгжүүлэх томоохон төслүүдэд дээрх орнуудаас зээл, тусламж авах, хөрөнгө оруулалт татах талаар тодорхой санал тавьсан байна. Мөн дээд, өндөр хэмжээний уулзалтуудын үеэр бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа танилцуулжээ.

    ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ  ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

    “Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” болон “Эрдэс баялгийн салбарыг 2012 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтцыг үе шаттайгаар судлан, эрдэс баялгийн сан хөмрөгийг баяжуулснаар, хариуцлагатай ил тод уурхайг хөгжүүлж, улмаар нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолборыг үе шаттайгаар байгуулах замаар Монгол Улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, үндэсний язгуур эрх ашгийг хангаж, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын зорилго чиглэж байгаа юм.

    Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч салбар бөгөөд эрхэм зорилтын хүрээнд тус салбарыг бүс нутгийн болон олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай байлгах, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ялангуяа зэс, цайр, хөнгөн цагааны баяжмалыг боловсруулж, цэвэр металл үйлдвэрлэх, алт цэвэршүүлэх, нүүрс, жонш боловсруулах, хар болон өнгөт төмөрлөгийн цогцолборыг үе шаттай хөгжүүлэх татвар, санхүү болон хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх юм.

    ОРОН СУУЦЖУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 343 дугаар тогтоолоор энэхүү зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг дэмжин зохион байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Гэвч “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын харилцаа, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага хоорондын уялдааг шуурхай зохицуулах, зохих хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх шаардлагатай байгаа нь ажлын явцаас ажиглагдаж байна.

    Иймд Ерөнхий сайдаас чиглэл өгсний дагуу улсын хэмжээнд орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын харилцаа, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага хоорондын уялдааг шуурхай зохицуулах, явцыг тухай бүр Засгийн газарт танилцуулж байх үүрэг бүхий Үндэсний хороог Шадар сайдаар ахлуулан байгуулахаар тогтов.         

    ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЖУРМЫГ  БАТЛАНА

    “Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, нөхөн бүрдүүлэлт, хяналтыг зохион байгуулах журам”-ын танилцуулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд хийлээ. Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн асуудлыг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”, Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”, аймаг нийслэлийн хөгжлийн хөтөлбөр, сумдын  хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг бодлогын хэрэгжилтэд чиглүүлэн, 2009-2010 онд ЖДҮ-ийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох явцад бий болсон туршлагад тулгуурлан, зохион байгуулах журмыг Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар батлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

    Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад “Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан” байгуулах, орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр батлагдсан. Иймд “Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан” бий болгож сум, дүүрэгт үйлдвэрлэл хөгжүүлэх төсөл арга хэмжээг сонгон шалгаруулж зээл олгох, сангийн хөрөнгийн зарцуулалт, нөхөн бүрдүүлэлт, хяналтыг зохион байгуулах журмын төслийг боловсруулжээ.

    Сумдын болон сум хоорондын хэрэглэгчийн хэрэгцээ, үйлдвэрлэл явуулах боломж, нөөцийн судалгааг үндэслэн хүн амын тооноос хамааруулан 3000 хүртэл хүн амтай сумдад 50 сая төгрөг хүртэл, 3001-5000-хүн амтай сумдад 60 сая төгрөг хүртэл, 5001-10000 хүн амтай сумдад 75 сая төгрөг хүртэл, 10000 дээш хүн амтай сумдад 200 сая төгрөг хүртэл, нийслэлийн дүүрэг бүрт 200 сая төгрөгийн эх үүсвэрийг тус тус хуваарилаад байна.

    ИРГЭД 17 МЯНГА ГАРУЙ ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ИРҮҮЛЖЭЭ

    2010 онд төрийн захиргааны төв байгууллагуудад иргэдээс 17 814 өргөдөл, гомдол ирүүлсний 97.3 хувийг нь шийдвэрлэсэн байна. Иргэд гэр, орон сууцаар хангах, ажлын байртай болох, газар эзэмших, хөдөлмөр эрхлэх, зээл, мөнгөн тусламж, эмчилгээний зардал хүсч төрийн захиргааны төв байгууллагуудад ханджээ. Тэгвэл нутгийн захиргааны байгууллагууд иргэдээс 765840 өргөдөл, гомдол хүлээж авсан бөгөөд шийдвэрлэлт 98.3 хувьтай байна.

    ТОВЧХОН

    ·   Газрын тосны салбарын үйл ажиллагааны талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан “Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийн баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулж, 1 дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд Д.Зоригтод даалгалаа. 

    ·   “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслүүдийг дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Улс хоорондын шуудангийн илгээмжээр хувь хүний нэр дээр ирсэн, арилжааны шинж чанаргүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй барааг олон улсын нийтлэг жишгийн дагуу гаалийн татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгасан байна.

    ·   Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    БАРУУН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар найдвартай хангах улмаар баруун аймгуудын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор  Завхан аймгийн Тэлмэн суманд дулааны цахилгаан станц байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Станцыг Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн байгуулах бөгөөд 2012 оны сүүл гэхэд Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар бүрэн хангах 30 МВт чадалтай эхний хэсэг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.  

    Дулааны цахилгаан станц байгуулах талаар байгуулсан гэрээг Концессын хуулийн хүрээнд шинэчлэн зохих журмын дагуу байгуулж, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгалаа.

    Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар цаг үеийн тулгамдсан асуудал болох Завхан, Говь-Алтай аймгийн цахилгаан хангамжийн талаар хэлэлцэн асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд чиглэл болгосон юм. Энэ дагуу дулааны цахилгаан станц барих, Алтай-Улиастайн эрчим хүчний систем болон Хөвсгөл аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах чиглэлээр хамтарч ажиллах Санамж бичигт Эрдэс баялаг, эрчим хүчний яам,  “Шинэ Азиа Майнинг групп” ХХК гарын үсэг зурсан байна.

    Мөн Могойн голын уурхайг түшиглэн 60 МВт-ын хүчин чадалтай станцыг “барих-ашиглах-өмчлөх” нөхцлөөр барих гэрээ байгуулжээ. Үүнээс хойш техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, тоног төхөөрөмж, технологи сонгох, захиалах, барилгын зураг төсөл хийх, геологийн судалгаа, тооцоо гээд эхний шатны ажил хийгдэж дууссан.  Одоо Тэлмэн-Могойн голын 95 км, Могойн гол-Мөрөнгийн 175 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил хэвийн үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ

    Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулан санхүүжүүлж байхаар болов. Үндэсний стратеги нь бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг харилцан ашигтайгаар хөгжүүлж, ажлын байр, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

    “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийн хүрээнд :

    ·         Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдүүлэх

    ·         Хувийн хэвшлийн хөгжлийг эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны бодлогоор хөхиүлэн дэмжих

    ·         Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай болгох

    ·         Хувийн хэвшлийн хөгжлийг хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалт, хүний нөөцийн бодлогоор дэмжих юм байна.

    Стратегийг 2011-2013, 2014-2016 онд хоёр үе шаттай хэрэгжүүлснээр хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн тогтвортой хөгжлийг дэмжиж ажиллах таатай орчин бүрдэн, хөрөнгө, санхүүгийн олон төрлийн эх үүсвэр бий болж, Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, төсвийн бүрдүүлэлт нэмэгдэнэ. 2010 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд хувийн хэвшлийн 68 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Эдгээрийн 40 орчим мянга нь  идэвхтэй ажиллаж сүүлийн 4 жилийн байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний 64.4-71.9 хувийг бүрдүүлж байгаа гэсэн судалгаа гарчээ.

    Татварын нийт орлогын 30 орчим хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар эзэлж, ажиллах хүчний 70 гаруй хувь буюу 800 мянга гаруй хүн энэ салбарт ажиллаж байгаа нь ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулахад томоохон үүрэг гүйцэтгэж байгаагийн илрэл юм. Дэлхийн банкны гаргасан судалгаагаар манай улс бизнес эрхлэх орчин, нөхцөл байдлаараа 2009 онд 181 орноос 58, 2010 онд 183 орноос 60 дугаар байрт орсон. Энэ нь зээлжих нөхцөл таатай бус, хугацаа богино, хүү өндөр, төрөөс бизнест үзүүлэх үйлчилгээ ил тод бус, зөвшөөрөл, лиценз авах шат дамжлага олон, санхүүжилтийн олон хэлбэрийн эх үүсвэр бий болгох эрх зүйн орчин бүрдээгүй зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй. Иймээс хувийн хэвшлийг дэмжиж, хөгжүүлэхээр Засгийн газар үндэсний стратеги боловсруулж хэлэлцэн баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИД НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖ АВНА

    Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-5 дахь заалтад хамаарах цэргийн албан хаагч, мөн хуулийн 8.1, 8.2-т заасан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгосон иргэн нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй. 

    Хуулийн 19.1-д заасан үндэслэлээр цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн цэргийн албан хаагчид сүүлийн 5 жилийн цалин, хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин, хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр олгох юм. Хуулийн 8.1-д заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан хүн сүүлийн 5 жилийн цалин, хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин, хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй.

    Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн, цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгасан шийдвэр гарсны дараа цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг өөрийнх нь хүссэнээр олгож болохоор журамд тусгажээ. Энэ журам зэвсэгт хүчин, хил, дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний, онцгой байдлын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хамаарна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБЫГ 2 САЯ ГАРУЙ ТӨГРӨГӨӨР ХААНА

    Цэргийн дүйцүүлэх албыг 2011 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний нөхөн төлбөрийн хэмжээг 2,632,770 /хоёр сая зургаан зуун гучин хоёр мянга долоон зуун дал/ төгрөг байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтлоо. Мөн хуралдаанаар цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлав. Өнгөрсөн онд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа анги, салбар, аврах отряд, хилийн цэрэгт туслах хүчин, хүмүүнлэгийн байгууллагад тодорхой тооны залуус цэргийн албаа дүйцүүлэн хааж цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшсэн байна.

    Үүний зэрэгцээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх, байгалийн гамшиг, ослын хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд оролцжээ.

    ТАВАНТОЛГОЙН ОРДЫГ АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСОВ

    Тавантолгойн ордыг ашиглах үйл ажиллагааны явцын тухай танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар сонсон танилцуулга, урьдчилсан сонгон шалгаруулалтын явцыг Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй гэж үзлээ. УИХ-ын 39 тоот тогтоолын хүрээнд Засгийн газар уг орд газрыг ашиглахтай холбоотой асуудлыг удаа дараа хэлэлцэн тогтоол, шийдвэр гарган ажиллаж байгаа. Үүний дүнд Тавантолгойн ордын Цанхийн зүүн талбайд уурхайн ажлыг эхлүүлж, нүүрс экспортод гаргаж эхлэхэд бэлэн болсон байна.

    Ордыг ашиглах үйл ажиллагааг цаашид хариуцах “Эрдэнэс Тавантолгой” компаний хувьцааг иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд арилжаалах бэлтгэлээ хангаж байна. Тавантолгойн ордын тодорхой хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн эхний үе шат дуусах дөхөж байна. Үүний дараа оролцогчидтой УИХ-ын тогтоолын дагуу дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, боомт ашиглалт, урьдчилгаа төлбөр, бүтээгдэхүүний борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийн хамтран ажиллах нэгдсэн компани /консерциум/-ийг шалгаруулна.

    2011 он Тавантолгойн ордыг ашиглах үйл ажиллагааны эхлэлийн гол жил учир Засгийн газар онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал тус ордоос эхний ээлжинд 2 сая орчим тонн нүүрс олборлож экспортод гаргах, төслийн санхүүжилт босгох, “Эрдэнэс Тавантолгой” компанийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид гаргах, усны хангамж, баяжуулах үйлдвэр, уурхайчдын хотхон, цахилгаан станц, авто зам зэрэг их бүтээн байгуулалтын олон ажлыг эхлүүлэх юм.

    ЭНЭ САРД ДИЗЕЛИЙН ТҮЛШНЭЭС ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР АВАХГҮЙ

    Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензинд 190 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 160 мянган төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. АИ-92 автобензинд 230 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээсэн бол дизелийн түлшнээс авч байсан 20 мянган төгрөгийн онцгой албан татварыг “0” болгосон байна.

    Энэ шийдвэрийг 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 2011 оны 2 дугаар сард А-80 автобензин тонн тутамд 72, АИ-92 автобензин 21, дизелийн түлш 78 ам. доллараар тус тус өссөн байна. 

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ

    Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төрийн захиргааны төв байгууллагын эрх үүрэг, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн харилцаа, эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд бүрэн шилжих тохиолдолд цахилгаан, дулааны үнийг индексжүүлэх, үнийн нөлөөллийг тооцох аргачлал болон салбарын ажилд баримтлах бодлого норм, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүссэн хохирлын нөлөөг багасгах, түлшний аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэг асуудлын хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төсөл санаачилсан байна.

    Засгийн газар нь эрчим хүчний үнэ, тарифыг индексжүүлэх журам батлах, эрчим хүчний аюулгүйн нөөцийн жагсаалт батлах, нөөц бүрдүүлэх, түүний хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, нэгдсэн сүлжээний арилжааны үйл ажиллагааг зохицуулсан зах зээлийн дүрэм батлах эрхтэй байхаар төсөлд тусгажээ. Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэгт салбарын хэмжээний бодлогыг боловсруулахад шаардагдах зарим дүрэм, журам боловсруулан батлах, халаалтын улирлын хугацааг тогтоох, хүний нөөцийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх үүргийг нэмж тусган, байгууллагын эрх, үүргийг тодотгож өгсөн байна.

    Эрчим хүчний дамжуулалтын шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөх нь эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна орон нутгийн удирдлагын эрх, үүргийн нэг байхаар тусгасан байна. Зохицуулах газрыг Зохицуулагчдын зөвлөл болгон өөрчилж даргыг нь аж ахуйн ажлаас чөлөөлж, зөвхөн зохицуулалтын ажлаа хийх, зөвлөлийн бие даасан байдлыг хангах, орон тоог нэмэгдүүлэн үүрэг, хариуцлагыг нь дээшлүүлэхээр төлөвлөжээ.

    АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООВ

    Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын албан, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.056 хувь байхаар тогтлоо. Алдангийн хэмжээг тогтоохдоо арилжааны банкуудаас олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүнд үндэслэсэн байна. 2010 оны 11 сарын байдлаар зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 20.15 хувь, сарын 1.68 хувь, хоногийн 0.056 хувь байжээ.

    БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ БАТЛАВ

    Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт орших “Дарьганга-XXIV” талбайд үйл ажиллагаа явуулах тухай Газрын тосны газар, “Апекспро Инвестмент Лтд” ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталлаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцлүүдийг сайжруулах, гэрээний төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцээ хийж, роялти /байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлбөр/ 10 хувь байсныг 10.75 хувь, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүн хуваалтын доод хэмжээ 40 хувиас эхэлж байсныг 43 хувиар эхлүүлж, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүний дээд хэмжээ 60 хувь байхаар харилцан тохиролцсон байна.

    Мөн хуралдаанаар газрын тосны хайгуулын Төхөм-Xталбайд Газрын тосны газар, “Монголын алт” ХХК-тай байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг зарчмын хувьд дэмжиж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар боллоо. “Монголын алт” ХХК газрын тосны хайгуулын үе шат болох 5 жилд нийт 22 390 000 мянган ам. долларын хөрөнгө оруулалт хийж геологи, хайгуул, геофизик, чичирхийллийн судалгаа, хайгуулын өрөмдлөгө хийх юм.

    ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА

    Манай улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/- ийг тэргүүлэн ажиллана. Үүнийг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахалж ажиллахаар боллоо. Манай улс 2011 оны 7 дугаар сараас эхлэн АОХН-ийг даргалах эрхийг Литва Улсаас хүлээн авах юм. Энэ хугацаанд манай улс ардчиллын үнэт зүйлсийг улам бүр хэвшүүлэх, улмаар шинэ тулгар ардчиллыг тогтворжуулах, ардчиллын боловсролыг хөгжүүлэх, АОХН-ийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэхийг зорьж ажиллахаар төлөвлөж байна. 

    АОХН нь ардчиллыг дэмжин, ардчиллын хэм хэмжээ, институцийг түгээн бэхжүүлэхэд улс орнуудын нэгдмэл байр суурийг баталгаажуулах зорилготой Засгийн газар хоорондын байгууллага юм.

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 01-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    УЛААНГОМЫН ДУЛААНЫ СТАНЦЫГ ХЭВИЙН АЖИЛЛУУЛАХЫН ТУЛД 120 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

    Увс аймгийн Улаангом хотын Дулааны станцад гэмтэл гарч айл өрх, албан байгууллагуудын халаалт, дулаан доголдон, аваарийн байдалд орсон тул 2 дугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар асуудлыг нарийвчлан хэлэлцэж шаардлагатай хөрөнгийг нь шийдвэрлэлээ. Гарсан аваарь болон учирсан хохирлыг арилгах, станц, дулааны шугам, сүлжээг сэргээж, хэвийн үйл ажиллагаанд оруулахад нэн тэргүүнд шаардлагатай 120 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар болсон байна.  

    Станцыг хэвийн ажиллуулах, хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй хангах, учирсан хохирлыг тогтоох талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нарт даалгалаа. Энэ ажлын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг 3 дугаар сарын 1-ний дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар даалгасан байна.

    Цаашид орон нутгийн удирдлага, станцын эзэд хариуцлагаа өндөржүүлэх хэрэгтэй байгааг Засгийн газрын олон гишүүн хэлж, осол аваарь гарсан шалтгааныг шалгаж тогтоох, хэнд ямар хариуцлага тоооцох тухай асуудал ч давхар хөндөгдөх учиртай гэж байлаа. Энэ жил нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч зарим аймагт -50 хэм хүрч байгаа тул өвөлжилт, хаваржилтад илүү анхаарч, хоорондын уялдаа холбоогоо сайжруулж ажиллах, үнэн зөв мэдээллийг шуурхай өгч байхыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл,, мэдээллийн албанаас мэдээллээ.   

     БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ЦОГЦООР НЬ ХӨГЖҮҮЛНЭ

    “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

    Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүй хэсэг болгох замаар дундаж наслалтыг нэмэгдүүлэх, биеийн тамир, спортын хөгжлийн түвшинг олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх нь хөтөлбөрийн гол зорилго юм. Хөтөлбөрийг 2020 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний шатыг 2011-2015 он, хоёрдахь шатыг 2016-2020 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн байна.

    Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндсэн 4 зорилтын хүрээнд нийтийн биеийн тамирт зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн удирдлага, төлөвлөлт, салбар хоорондын уялдаа холбоо, оролцоог сайжруулах, биеийн тамир, спортын материаллаг баазыг бэхжүүлэх замаар нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хэрэглээ болгох, тамирчдын амжилтыг дэлхийн түвшинд хүргэх зорилт, арга хэмжээг хөтөлбөрт тусгажээ.

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг нь улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нарт даалгав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг эрхэлсэн салбар, орон нутгийн жил бүрийн төсөв, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон хандивлагч байгууллагын хөтөлбөр, төсөлд тусган санхүүжүүлэх юм.

    ЗАСГИЙН ГАЗАР 2010 ОНД 65 УДАА ХУРАЛДЖЭЭ

    Өнгөрсөн онд 669 асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн 254 асуудалтай танилцаж Засгийн газрын 350 тогтоол, Ерөнхий сайдын 109 захирамж гаргасан байна. 89 асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, 43 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 15 асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 8 асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 26 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 54 асуудлыг гишүүдээс гаргасан саналын дагуу дахин хэлэлцэхээр хойшлуулжээ.

    ·         “Зээлийн баталгааны дээд хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкинд гаргах зээлийн баталгааны дээд хэмжээг Монгол Улсын 2011 оны төсвийн жилд 1,985.2 тэрбум, 2012 оны төсвийн жилд 1,720.4 тэрбум төгрөг байхаар төлөвлөөд байна. Хөгжлийн банкинд зээлийн баталгаа гаргах нь дэд бүтэц, хүнд аж үйлдвэрийн обьектууд, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, импортыг орлуулах, Дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг боловсронгуй болгож төрөлжилтийг хөгжүүлэх замаар улс орны хөгжлийг түргэсгэхэд санхүүгийн гол хөшүүрэг болох юм. Зээлийн баталгааны дээд хэмжээг Улсын Их Хурлаас тогтоосноор “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-д заасан тусгай шаардлагуудыг хангуулах, зөвхөн нэн тэргүүний гэж үзсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа гаргах боломжийг бүрдүүлэх аж холбогдолтой гэж үзэж байна.

    ·         “Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн Холбооны хамтарсан энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн хээрийн IIшатны эмнэлгийн асуудлаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэгт олголоо.

    ·         Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганд оролцсон дүнг сайшаав. Чуулганы мөрөөр болон 66 дугаар чуулганд бэлтгэх ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгалаа. Чуулганы Ерөнхий шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож олон улсын тулгамдсан асуудлаар улсынхаа байр суурийг илэрхийлсэн юм.

    ·         Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.056 хувь байхаар тогтлоо.

    ·         Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан нэр бүхий соёлын ажилтан, уран бүтээлчдэд нийт 139 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. 

    ·         Ховордсон ан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    Засгийн газрын хуралдаан 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ӨМНӨГОВИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

    “0” зогсолт хийсэн Өмнөговь аймгийн дулааны цахилгаан станцын нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанаар тусгайлан хэлэлцэв. Станцад гарсан аваарийг арилгах, тоног, төхөөрөмж, дулааны шугам сүлжээг сэргээн засварлаж хэвийн үйл ажиллагаанд оруулахад 1,4 тэрбум шаардлагатай гэж Эрдэс баялаг, эрчим хүчний яам, харъяа газрын удирдлагууд танилцууллаа.

    Станцын газардуулгын хүрээний зэс голтой кабель утсыг хулгайлснаас гэмтэл гарч станц зогссон байна. Үүний улмаас станц доод тал нь 1 сарын хугацаанд өөрийн бүрэн хүчин чадлаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг газар дээр нь ажиллаж байгаа Ажлын хэсэг гаргажээ. Эвдэрсэн турбогенераторын статорын ороомгийг манайд засварлах боломжгүй учир БНХАУ-д тээвэрлэн аваачиж засуулахад 260 сая төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байна.

    Шаардагдах 260 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэснээс гадна 14 хоног дизель станц ажиллуулах, цагийн байдал, хийж байгаа ажил, авах арга хэмжээний талаархи саналаа Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болголоо. Станцын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд жил бүр төсвөөс хэдий хэмжээний хөрөнгө гаргаж засвар, үйлчилгээ хийдэг байсан зэргийг шалгаж, тодруулах ёстой. Мөн эрчим хүчний аюулгүй ажиллагааны чанарыг шалгах Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд хэлж байлаа хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    НӨӨЦИЙН ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ МАЛЧДАД ХУДАЛДАНА

    Мал өвөлжилтийн байдал хүндэрч байгаа учир орон нутаг дахь Улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалж байгаа өвс, тэжээлийг улсын нөөцөд бэлтгэсэн үнээр нь худалдахыг Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. Мөн Улсын нөөцөөс Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 2 ширхэг дизель станц олгож, энэ оны 2 дугаар улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгав. Өвөрхангай аймаг дахь Улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах шаардлагатай 600 тн өвсийг тээвэрлэн хүргэхэд зориулж 56 сая, Улсын нөөцөөс олгох дизель станцыг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 60 сая, нийт 116 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж Онцгой байдлын ерөнхий газарт  олгохоор тогтлоо.

    Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвийг өдөрт 4 цаг цахилгаанаар хангаж байсан дизель станц 2011 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр эвдэрсэн байна. Үүнээс болж байдал хүндэрсэн учир сумын удирдлага дизель станц олгох хүсэлтээ Улсын Онцгой комисст гаргажээ. Манай улсын нийт нутгийн 60 гаруй хувь нь цастай байгаа бөгөөд нягтарч хатуурсан цаснаас болж 14 аймгийн 87 сумын нутагт мал бэлчихэд хүндрэл үүсээд байна. Ялангуяа Увс, Завхан, Өвөрхангай аймгийн хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаар цасны зузаан 20 см-ээс их болж, нягтарч хатуурснаас малаа байнга тэжээхэд хүрчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    1949 ОНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НЭМЭЛТ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРНА

    Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам. доллараар нэмэгдүүлэх зорилгоор тус нийгэмлэгийг үүсгэн байгуулсан 1949 оны Хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурах бүрэн эрхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад олгов. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, техник, техонлогийг шинэчлэх зорилгоор дүрмийн санг нь хоёр талын ижил хувийн оролцоотойгоор 250 сая ам. доллараар нэмэгдүүлэхээр хувь нийлүүлэгчид тохиролцсон юм. 

    Хэдийгээр тээвэрлэсэн ачаа, зорчигчийн хэмжээ нэмэгдсэн ч “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг өөрийн хөрөнгөөр шаардлагатай техникийн шинэчлэлээ хийх боломжгүй байгаа. Нийгэмлэг сүүлийн 25 жилд техникийн дорвитой шинэчлэл хийгээгүй. Үүнээс болж хөдлөх бүрэлдэхүүний паркийн 65 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан, 25 жилээс дээш ашиглаж байгаагаас гадна 400 км гаруй замд их засвар хийх шаардлагатай байгаа юм.  

    ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООВ

    Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хүн ам, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, төрийн үйлчилгээний байгууллагуудын ажиллах хүрээг харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг өөрчлөн тогтоолоо. Энэ дагуу 1500 хүртэл хүн амтай суманд 9, 1501-3000 хүртэл хүнтэй суманд 11, 3001-5000 хүртэл бол 12, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 14, 10 000-20 000 бол 17, 20 000 мянгаас дээш бол 19 байхаар болов.  

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 85 хүртэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхыг 40 хүртэл, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 43 хүртэл, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр 40 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 32, Багахангайд 23 /нормативаар ажиллах орон тоо орохгүй/ хүртэл байхаар тогтсон байна. Тогтоол гарсантай холбогдуулан сум, дүүрэг, хороонд ажиллаж байгаа бүртгэлийн ажилтныг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжид шилжүүлэх боллоо.

    ТОВЧХОН

    ·         Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Б.Бат-Эрдэнэ, Я.Батсуурь, Ж.Сүхбаатар нарын боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн үндсэнд нь дэмжив. Гэвч төслийг илүү боловсронгуй болгоход чиглэсэн хохирлын хэмжээ, гэмт хэрэгтний гэм буруу, үйлдсэн арга, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон хэлбэр, давтан үйлдсэн зэрэг ял хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд ангилалыг хуульчлах, эд хөрөнгө хураах, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял оногдуулж болох зохицуулалт бий болгох нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчдад уламжлахаар боллоо.

    ·         “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө” болон  “Цөмийн энергийн тухай хууль”-ийн хэрэгжилтийн явцын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх материалыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Хөтөлбөрийг 2009-2012, 2013-2021 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний шатанд хөтөлбөрийн үндсэн зорилго, зорилтуудыг биелүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх бүх талын нөхцөлийг хангах бол  хоёрдугаар шатанд бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Хөтөлбөрт шаардагдах 4 их наяд 394 тэрбум төгрөгийг улсын төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө, зээл, тусламжаар бүрдүүлэх юм.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    засгийн газар, хуралдаанУЛСЫН САЙЧУУД ТОДОРЛОО

    Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний тариаланч  хамт олон”, “Улсын тэргүүний тариаланч”-ийг тодрууллаа.  

    Засгийн газрын гишүүд цагаан сарын өмнө тэргүүний тариаланч, хамт олон, фермерүүдэд шагналыг нь гардуулахаар хөдөө орон нутгийг зорих гэж байна. Сайд нарын энэ удаагийн томилолтын бас нэг зорилго нь өвөлжилтийн нөхцөл байдал, тухайн орон нутаг бэлтгэлээ хэрхэн хангасантай газар дээр нь танилцах бөгөөд санал, дүгнэлтээ сар шинийн баярын дараа болох Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо. 

    Улсын сайн малчнаар :

    · Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн малчин Бандийн Баасанхүү, Өгийнуур сумын Орхон багийн Должингийн Цогоо, Хайрхан сумын Могой багийн малчин Зэвгийн Өлзийбадрах

    · Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөх эрэг багийн малчин Зейнолдагийн Өмиртай, Цэнгэл сумын 3 дугаар багийн Жапарын Оралхан

    · Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн малчин Цозонгийн Цогбадрах, Баян-Овоо сумын 3 дугаар багийн малчин Бямбын Лхагвасүрэн, Өлзийт сумын 2 дугаар багийн малчин Даваадоржийн Батбаяр

    · Булган аймгийн Гурванбулаг сумын Тогоо багийн малчин Равжаагийн Дашзэвэг, Орхон сумын 3 дугаар багийн малчин Чимэдбалжирын Отгонбаяр

    · Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн Гончигсүрэнгийн Энхтөр, Цээл сумын Бүрэнжаргалан багийн Ванчигийн Дүгэрсүрэн

    · Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн малчин Лхамын Банди

    · Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн малчин Шаравын Ганцэцэг

    · Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаан хад багийн Дамбын Намсрай, Хатанбулаг сумын Агаруут багийн Шарнайн Чинбат

    · Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн Цогдэлгэрийн Жаргал

    · Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1 дүгээр багийн Наваантаягийн Жаргалсайхан, Гурвансайхан сумын Элгэн багийн Дондовын Дашдорж, Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн Доржсамбын Юндэн

    · Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буурал багийн Нанжийхүүгийн Цэвэгдорж, Түдэвтэй сумын Аргалант багийн Намсрайжавын Арийлгаа, Цэцэн-Уул сумын Жаргалант багийн Омборын Сүхбат

    · Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн Ишдоржийн Мөнхбат

    · Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн Сэрээнэндоржийн Сандагдорж, 3 дугаар багийн Батнасангийн Лхаасүрэн, Хайрхандулаан сумын 5 дугаар багийн Дуламдоржийн Тогмид

    · Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багийн Чурайн Эрдэнээ, Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн Чойрогийн Баасанжав

    · Сүхбаатар аймгийн Халзан сумын 3 дугаар багийн Ухнаагийн Адъяа, Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн Чойнжоогийн Цоггэрэл

    · Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн Доохүүгийн Лхагвасүрэн, Эрдэнэсант сумын 2 дугаар багийн Дотийн Намхай

    · Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн Лутын Халзанхүү, Сагил сумын Боршоо багийн Гэнэнгийн Батжаргал, Тэс сумын 1 дүгээр багийн Даваагийн Гэжээ

    · Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн Өлзийн Цэнд-Аюуш, Манхан сумын Тахилт багийн Хасавын Хаянхярваа, Чандмань сумын Тахилт багийн Авирын Энхтайван

    · Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5 дугаар багийн Ширнэнгийн Батбаяр, Рэнчинлхүмбэ сумын Ходон багийн Жанчивын Хүүжий

    · Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн Насангийн Жамсранжав, Жаргалтхаан сумын 2 дугаар багийн Зундуйн Пүрэвжав нарын 43 хүн тодорлоо.

    Эдгээр малчид удам залгасан малчид төдийгүй цас зудын гамшгийг өөрсдийн идэвх зүтгэл,, хөдөлмөрийнхөө хүчээр малын хохирол, гарзгүй даван туулсан юм.

    Мөн мал сүргээ өсгөхийн зэрэгцээ мал аж ахуйгаа эрчимжүүлэх, малын чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтаа нэмэгдүүлэх, сум, орон нутгийн хөгжид тодорхой хандив туслалцаа үзүүлэх, ажлын байр бий болгох, ядуу өрхийг малжуулах, малаа даатгуулах, залуу малчдад арга туршлагаа зааж сургах, бэлчээрийг нөхөн сэргээх, булаг шандын эхийг хамгаалах, “Үдийн цай” хөтөлбөрт сүү, цагаан идээ нийлүүлэх зэрэгт идэвх санаачлагатай оролцож бусдыгаа манлайлсан байна.

     Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн Самдангийн Итгэл, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн Цэрэндоржийн Сэржмаа, Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн Даваахүүгийн Отгонбаатар нар “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарлаа.

    Тэргүүний фермерүүд 3 жилийн хугацаанд сүүний болон хосолмол ашиг шимт цэвэр үүлдрийн хар, шар тарлан, алатау үүлдрийн үхэр үржүүлж, саалийн 305 хоногт нэг үнээнээс 3200-4500 литр сүү авсан байна. Мөн 2-9 га хадлангийн талбайг хашиж га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хэрэгцээт өвс, тэжээл, даршийг 100 хувь хангаж, усан хангамжаа бүрэн шийджээ. Тэргүүний фермерүүд аж ахуйдаа жил бүр 10-35 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 3-5 хүнийг ажлын байртай болгосон байна.

    Тэд байгаль орчинд халгүй аргаар аж ахуйгаа эрхлэн, орчны ариун цэвэр, эрүүл ахуй, халдваргүйжилтийг бүрэн шийдэж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдүүлэн, малаа даатгалд бүрэн хамруулж мал бүрийг хувийн дугаартай болгожээ. Нэг малаас авах ашиг шимийг жил дараалан нэмэгдүүлж, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан цөм сүрэг болон зохиомлоор хээлтүүлсэн үнээний тоо нь жил дараалан өссөн, баталгаажсан малыг үржлийн зориулалтаар худалдсан зэрэг олон шалгуураар бусдыгаа хошуучилж Улсын тэргүүний фермер цол хүртэж байна. 

    Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хасу Мандал”, Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Модун Шанью”, Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн ундарга”, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Ургацын ундраа”, Түшиг сумын “Анхтамир”, Цагааннуур сумын “Баяндулаан-Уул”, Төв аймгийн Угтаалцайдам сумын “Уушиг хайрхан”, “Мөнхшижир тариа”, Цээл сумын “Шим үр”, Хэнтий аймгийн Норовлин сумын “Мөнх-Улз” компанийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарууллаа.

    Тэргүүний тариаланч хамт олон болзол хангасан аж ахуйн нэгжүүд сүүлийн 3 жил дараалан улсын дундаж ургацаас үр тариа 4-11 цн-ээр илүү авсан бөгөөд үр, техник, технологи, сав агуулах, үтрэм, техник үйлчилгээний байрандаа шинэчлэл хийхийн зэрэгцээ орон нутгийнхаа залуус болон орлого багатай өрхүүдэд дэмжлэг үзүүлж, ажлын байраар хангасан байна.

    Улсын тэргүүний тариаланчаар:

    · Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Дарешханы Хабылхан

    · Булган аймгийн Булган сумын Гомбын Дорж

    · Говь-Алтай аймгийн Чандмань сумын Дамбажавын Батсүх

    · Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Сүрэн-Ухнын Батцоож

    · Дархан-Уул аймгийн Орхон сумын Ноосонгийн Алтансүх, Хонгор сумын механикжуулагч Рэнцэнхандын Баярсайхан

    · Дорнод аймгийн Хэрлэн сумын Жаавайн Сүхбаатар

    · Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын механикжуулагч Сахилтын Баатар, Шаамар сумын Цэрэвийн Даваасамбуу

    · Төв аймгийн Борнуур сумын Баатарын Агваансодном, Сүмбэр сумын механикжуулагч Бямбын Шонхоон, Цээл сумын механикжуулагч Батжавын Дамдинсүрэн

    · Увс аймгийн Улаангом сумын Санжийн Нохойжав

    · Ховд аймгийн Ховд сумын Буралбайн Кадирхан

    · Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мижиддоржийн Гантөмөр нар шалгарлаа.

    “Тэргүүний тариаланч”-ийн болзол хангасан иргэд нөөц боломжоо ашиглан хөрсний үржил шим, чийг хамгаалах зорилгоор талбайгаа био болон органик бордоогоор бордох, суваг шуудуу татах, усалгааны хэмнэлтэт технологи үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг ажлыг санаачлан хийсэн байна. Ингэснээр улсын дундаж ургацаас төмс 80-100 цн, хүнсний ногоо 60-250 цн илүү хураан авчээ.

    Мөн сум, орон нутгийн залуучууд, ядуу өрхүүдэд арга, туршлагаа зааж сургахын зэрэгцээ 10 хүртэлх хүнийг байнгын болон түр ажлын байраар хангажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ ХОЛБООТОЙ ЖУРМУУДЫГ БАТАЛЛАА

    Цэргийн албан хаагчийн гэр бүлд тэтгэмж олгох, орон сууцны дэмжлэг үзүүлэх, цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

    Энэ дагуу алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах цэргийн анги, байгууллага /зэвсэгт хүчин, хил, дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх/-д ажиллаж байгаа генерал, комиссар, офицер, ахлагч нарын гэр бүлийн гишүүний аль нэг нь 3 сараас доошгүй хугацаагаар ажил хөдөлмөр эрхлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал тутамд нэг удаа тэтгэмж олгох юм.  

    Засгийн газраас цэргийн албан хаагчид олгох орон сууцны дэмжлэг нь орон сууц худалдан авах, нөхцөлөө сайжруулах, хувийн орон сууц барих болон орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Дэмжлэгийн мөнгөн дүн нь төрийн албан хаагчид олгох орон сууцны зээлийн хэмжээний 30 хувиас багагүй байхаар журамд тусгасан байна.

    Цэргийн алба хаасан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, цэргийн алба хаасан 1 жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Мөн иргэний байгууллагад ажиллан нийгмийн даатгал төлсөн 1 жилийг 6 сар цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцохтой холбогдуулан цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын сангийн дансанд төлөх юм.

    БҮС НУТГИЙН ТЭЭВРИЙН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛНЭ

    Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов.

    Төсөл батлагдвал нэмэлт зээлийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгон хүртэлх 16,6 км хатуу хучилттай замыг шинэчлэнэ. Ингэснээр тухайн орон нутагт үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нийслэлд саадгүй авчирч хүн амын хэрэгцээнд нийлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна.  

    “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төсөл нь сумдын авто замын тээврийн дэд бүтцийг шинэчлэх замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, хотын хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн баталгаатай хүнсээр хангах, байгаль орчныг хамгаалах, импортын хүнсний бүтээгдэхүүнээс хараат байдгийг багасгах зорилготой.

    Төслийн өмнө авсан 4,5 сая еврогийн зээлээр Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замаас салаалан Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Жаргалант сум чиглэлийн 24.72 км авто замыг шинэчлэнэ. Нийт 7 сая еврогийн санхүүжилт бүхий зээлийн эргэн төлөх хугацаа 40 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү жилийн 0,75 хувь юм.

    ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИНЭ

    Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.

    Төслийн хүрээнд уул уурхайн салбарыг дэмжих дэд бүтцийн томоохон төслүүдийн техникийн үнэлгээ, санхүү эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн дүн шинжилгээ, хууль эрх зүйн орчны үнэлгээг багтаасан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, хэлцлийн удирдлагын чадавхийг хөгжүүлэхээр төлөвлөжээ.

    “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” нь Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих, Чадавхийг бэхжүүлэх, мэдлэг шилжүүлэх, Гүний усны удирдлага, Төслийн удирдлага гэсэн 4 хэсэгтэй. Төслийг 2011 оны 6 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 30-ны хооронд хэрэгжүүлэх юм байна.

    ҮНЭТ ЦААС ГАРГАХ ШААРДЛАГАГҮЙ

    2010 оны 4 дүгээр саын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эгүүлэн татахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. 2010 оны төсвийн жилд 170 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж төсвийн алдагдал болон улсын төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг нөхөхөөр төлөвлөж байсан. Гэвч 2010 оны эхний 11 сарын төсвийн гүйцэтгэл, 12 дугаар сарын хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс харахад энэ онд үнэт цаас гаргах шаардлагагүй болжээ.

    2009 онд Монголбанкинд арилжаалсан 230 тэрбум төгрөгийн 4 төрлийн үнэт цаас нь 365 хоногийн хугацаатай, хоёрдогч зах зээлд арилжаалагдах боломжтой байв. Үнэт цааснуудын эргэн төлөлтийг хугацаанаас өмнө, хүүгийн хамт эргүүлэн төлж байгаа бөгөөд 2010 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 33 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болоод байна. Үлдэгдлийг тогтоосон хугацаанд хүүгийн хамт эргүүлэн төлөх юм.

    “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”, УЛС ТӨРИЙН НАМ БАЙГУУЛАГДСАНЫ 90 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭНЭ

    Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 1921 онд Монгол Улсад анх улс төрийн нам байгуулагдан тэмцэл хийн Хаант засгийг халж, улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн билээ. Энэ тэмцлийн үр дүнд Монгол орон тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, хөгжлийн шинэ замыг сонгон хөгжиж эхэлсний дээр, дэлхийн улс орнуудтай адил тэгш эрхтэйгээр харилцах боломжтой болсон юм.

    2011 оны 3-р сард “Эх орончдын өдөр”, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зарлиг гарган Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой, Эх орончдын өдөр, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойг орон даяар тэмдэглэх, зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон юм.

    САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИВ

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төслийг хэрэгжүүлэхийн тулд манай улс Азийн хөгжлийн банкнаас 40 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл, 5 сая ам. долларын буцалтгүй тусламж авахаар төлөвлөөд байна.

    Төслийн хүрээнд Замын-Үүдийн хяналт шалгалтын цэг, ачаа дамжин өнгөрүүлэх газрын ачааллыг багасгах, зохицуулах зорилгоор ачааны холимог тээвэр, логистикийн үйлчилгээг хөгжүүлэх, Замын-Үүд өртөөнд холимог тээврийн терминал, аж ахуй, логистикийн үйлчилгээ бий болгох юм.

    АГЕНТЛАГУУДЫН ДАРГА НАРЫГ ТОМИЛЛОО

    Засгийн газрын хуралдаанаар Рэнцэнгийн Содхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын, Шагдарсүрэнгийн Энхбатыг Эрүүл мэндийн газрын, Жалавсүрэнгийн Бат-Эрдэнийг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын, Цэвэлсодномын Ганхүүг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын, Баагаагийн Баттөмөрийг Татварын ерөнхий газрын даргын албан тушаалд тус тус томиллоо.

    “ОЮУТОЛГОЙ” ТӨСЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ СОНСЛОО

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Оюутолгойн зэс, алтны ордыг ашиглах “Оюутолгой” төслийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулгыг ЭБЭХ-ний сайд Д.Зоригттанилцууллаа. Тэрбээр ордын нөөц, техник-эдийн засгийн үндэслэл, эдийн засгийн тооцоо, Монголын тал хувь нийлүүлэгч болсон талаар болон Монголын талын бусад оролцоо, үйл ажиллагаа, барилга, бүтээн байгуулалтын ажлын явц, ажиллах хүчин болон сургалтын төлөвлөгөө, төслийн ханган нийлүүлэлтийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг дэлгэрэнгүй өглөө.              

    Танилцуулгаас харахад Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө буюу гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг хангахад шаардлагатай арга хэмжээг Засгийн газар, хөрөнгө оруулагч талын зүгээс авч xэрэгжүүлж байгаа юм байна.  Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу“Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-ийн нэрийг 2009 оны 11 дүгээр сард “Оюутолгой” ХХК болгон албан ёсоор өөрчилжээ. Ийнхүү гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдхангагдсантай холбогдууланОюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон.

    “Оюутолгой” ХХК ньордыг ашиглахТЭЗҮ-ийн дагуу “Оюутолгой” төслийн олборлолтын үйл ажиллагааг 2013 онд эхлүүлэхээр төлөвлөсөн ч барилгын ажлын төлөвлөгөө, хийгдэх хөрөнгө оруулалтыг богино хугацаанд шахаж ажилласнаар олборлолтыг 2012 онд эхлүүлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ.

    Төслийн хугацааны туршид дэлхийн зах зээл дээрх нэг тонн цэвэр зэсийн үнийг дунджаар 4408.0 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцоход “Оюутолгой” төслөөс төрөл бүрийн татвар, төлбөр, хураамж болон ногдол ашгийн орлогоор Монголын тал нийт 29.1 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байгаа бол Хөрөнгө оруулагчийн хувьд “Оюутолгой” төслөөс нийт 25.7 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байна. “Оюутолгой” төслөөс Монголын талын олох 29.1 тэрбум ам.долларын 9.9 тэрбум төгрөгийн орлого нь “Оюутолгой” төсөлд Монгол Улсын Засгийн газрын эзэмших 34 хувьд ногдох ногдол ашгийн орлого, 19.2 тэрбум төгрөгийн орлого нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх татварын орлогоос тус тус бүрдэхээр байгаа тооцоо гарсан байна.

    Засгийн газар болон Хөрөнгө оруулагчийн төслөөс хүртэх ашгийг өнөөгийн цэвэр үнэ цэнэд шилжүүлж үзвэл, Монголын тал “Оюутолгой” төслөөс нийт 5.0 тэрбум ам.долларын орлого хүртэх бол Хөрөнгө оруулагч 3.5 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байна. Үүнээс үзэхэд Монгол Улс “Оюутолгой” төслийн нийт ашгийн 59.0 орчим хувийг хүртэхээр байгаа бол Хөрөнгө оруулагч 41.0 орчим хувийг хүртэхээр байна.

    Дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнийг 4408.0 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцвол “Оюутолгой” төслийн хуримтлагдсан мөнгөн урсгал 2017 оноос эхлэн эерэг гарах тооцоог мэргэжлийн яам хийжээ.

    Монгол Улсын Засгийн газар болон“Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед”-ийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу Засгийн газрыг төлөөлөн “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны 34 хувийг эзэмшигч болох нөхцөл төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д бүрдсэн. Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ болон Хувь нийлүүлэгчдийн хурал тус тус 2 удаа хуралджээ.

    Удаа дараа хэлэлцэж ярилцсаны дүнд “Оюутолгой” ХХК-ийн Хянан шалгах зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдсэн байна. Хувь нийлүүлэгчдийн өнгөрсөн оны наймдугаар сарын 24-нд болсон хоёрдугаар хурлаар компанийн 2010 оны санхүүжилтэд зориулж давуу эрхийн хувьцаа гаргах асуудлыг хэлэлцэж батлах, компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргасан байна.

    “Оюутолгой” төслийн барилгын ажлын одоогийн үе шат болон үйлдвэрлэлийн шатанд шаардлагатай ажиллах хүч, төсөлд шаардлагатай бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, төслийн санхүүжилт зэрэг асуудалд Монголын талын ТУЗ-ийн гишүүд болон “Эрдэнэс МГЛ” ХХК анхаарал хандуулан ажиллаж байгаа ажээ.

    Түүнчлэн, “Оюутолгой” төслийн хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний талаар тодорхой бодлого боловсруулж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүүгээр ахлуулан НХХЯ-наас байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс МГЛ” ХХК, НХХЯ-ны удирдах албан тушаалтнууд орж ажиллан төслийн ажиллах хүчний хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлтэйгээр ажиллаж байна.

    “Оюутолгой” ХХК-иас ирүүлсэн мэдээллийн дагуу “Оюутолгой” төслийн хүрээнд нийт 3 жилийн хугацаанд хийгдэх барилга, угсралтын ажил 2010 оны 09 дүгээр сарын байдлаар төлөвлөсөн хуваарийн дагуу хийгдэж байна.

    Тус компаниас ирүүлсэн мэдээллийн дагуу төслийн хүрээнд хийгдсэн болон хийгдэхээр төлөвлөгдөж буй томоохон ажлын талаар товч танилцуулахад, өдөрт 100,000 тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий 1,2 тэрбум долларын төсөвт өртөгтэй баяжуулах үйлдвэрийн суурь, баяжмал тээвэрлэх шугамын ажил хуваарийн дагуу явагдаж, 2010 оны 09 дүгээр сарын байдлаар 25,000 метр.куб бетон цутгалтын ажил хийгдсэн байна. Далд уурхайн малталтын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 4 км орчим хонгил гаргах газар шорооны ажлыг 1300 метрийн гүнд гүйцэтгэсэн байна.

    Үйлдвэрлэлийн зориулалттай 2 дугаар босоо амны 90 метр өндөр цамхагийн барилгын ажил үргэлжилж байна. Үйлчилгээний зориулалттай 1 дүгээр босоо амны хөндлөн малталт нэвтрэлтийн ажил төлөвлөсний дагуу явагдаж байна. Цагт 200 куб метр зуурмаг бэлтгэх хүчин чадалтай Бетон зуурмагийн үйлдвэр ашиглалтад орж, нийт 32,000 метр.куб бетон зуурмаг үйлдвэрлээд байна.

    Түүнчлэн, барилгын эхний үе шатанд шаардлагатай 24 Мегаваттын дизель цахилгаан станц болон 35 кВ-ын түгээх сүлжээ баригдаж дуусах шатандаа ороод байна. Орон нутгийн нисэх онгоцны буудал баригдаж 2010 оны 9 дүгээр сард ашиглалтад орсон. 4,0 сая ам.долларын төсөвт өртөг бүхий дээрх ажлыг дотоодын аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн байна.

    220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлын зураг, ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд барилгын ажлын төсөвт өртөг нь 68,0 сая ам.доллар байхаар төлөвлөгдөж байна. Түүнчлэн, 450 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордод түшиглэн барих боломжийг судлах судалгааны ажил хийгдэж байна.

    ЭБЭХ-ний сайд “Оюутолгой” төсөлд ажиллах хүч болон сургалтын төлөвлөгөөний талаар ч мөн танилцууллаа. 2010 оны 10 дугаар сарын байдлаар “Оюутолгой” төсөлд нийт 5700 гаруй ажилтан ажиллагсад, гэрээт ажилтан ажиллаж байгаагийн 63% буюу 3600 гаруй нь Монголчууд байна. “Оюутолгой” ХХК нь төслийн сургалтын стратеги болон төлөвлөгөөг БСШУЯ-тай хэрэгжүүлж байгаа бөгөөд сургалтын хөтөлбөрт жилд 850-1000  хүн хамрагдаж, төлөвлөгөөний дагуу ирэх 5 жилийн хугацаанд ойролцоогоор 78 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжэ.  

    Түүнчлэн БСШУЯ, НХХЯ-тай хамтран 36 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус компаниас санхүүжүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 3300 мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх бөгөөд эдгээр нь “Оюутолгой” төсөл болон бусад уул уурхай, зам, төмөр зам, барилгын төслүүдэд ажиллах боломжтой болох юм.

    2010 он гарснаас хойш “Оюутолгой” төслийн хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдтэй нийт 887,0 сая ам.долларын өртөг бүхий төслийн гэрээг байгуулсан байна. Түүнчлэн, цаашид монголын аж ахуйн нэгж, байгууллагуудаас сонгон шалгаруулж гүйцэтгүүлэх нийт 238,8 сая ам.долларын ажил үйлчилгээний жагсаалтыг батлан гаргажээ.  

    “Оюутолгой” төсөлд үйлчилгээ үзүүлж, бараа нийлүүлдэг Монгол Улсад бүртгэлтэй нийт 2400 аж ахуйн нэгж байдаг бөгөөд томоохон ажил, үйлчилгээ нийлүүлэгч байгуулагуудаас дурдвал, Хасу, Барилга корпораци, Хэт, Моннис, Монроуд, MCS, Петровис, Аэро Монголиа зэрэг компаниуд төслийн үйл ажиллагаанд оролцож байна. Төслийн ханган нийлүүлэлтийг Бээжин дэх Ханган нийлүүлэлтийн хэсгээс гүйцэтгэдэг байсныг Ажлын байнгын хорооны болон ТУЗ-ийн Монголын талын гишүүдийн хүсэлтээр Улаанбаатар хотод нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна

    “Оюутолгой” төсөлд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудаас 1 сая ам.доллараас дээш өртөгтэй бараа, ажил үйлчилгээний гэрээ байгуулахаар  20 аж ахуйн нэгж шалгараад байгаа ажээ. Ирэх оны хүрээнд төслийн хүрээнд дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудаас сонгон шалгаруулж гүйцэтгүүлж болох нийт 238,8 сая ам.долларын ажил үйлчилгээний жагсаалтыг “Оюутолгой” ХХК-иас гаргажээ.

    Үүнд:

    Дотоодын аж ахуйн нэгж, байгууллагаас сонгон шалгаруулж гүйцэтгүүлэх төслүүд

     Төслийн нэр (Ам.доллар)
    1 ОТ – Гашуунсухайтын хилийн боомт хүртэл цахилгаан шугам тавих 35 сая
    2 ОТ – Гашуунсухайтын хилийн боомт хүртэл авто зам тавих 90 сая
    3 Онгоц хөөрч буух байнгын талбай ба нисэх онгоцны буудал барих 30 сая
    4 Монголын хилийн боомтыг засаж сайжруулах 19 сая
    5 Дэд бүтцийн төслийн менежментийн үйлчилгээ үзүүлэх 6 сая
    6 Уурхайн талбайгаас гадна орших кемпүүдийн хоол хүнсний хангамж 20 сая
    7 Дээж хадгалах байгууламж барих 0.3 сая
    8 Уурхайн угаалга цэвэрлэгээний байгууламж барих 14 сая
    9 Хаягдлын далан босгох газар шорооны ажил 20 сая
    10 Агуулах барих 4.5 сая
    11 Гашуунсухайтад 581 м2 лаборатори барих Зарлана
    12 Баян-Овоод 625 м2 спортын танхим барих Зарлана
    13 Даланзадгад хотын 1100 м2 талбайд сэргээн сайжруулалт хийх Зарлана
    14 Ханбогдод 1325 м2 Захиргааны байр барих Зарлана
    15 Ханбогдод орон сууцны байр барих Зарлана
    16 Даланзадгадад хангамжийн болон бизнес хөгжлийн төв барих Зарлана
    17 Гашуунсухайт-Оюутолгой хооронд нарийн зам тавих Зарлана
    18 Даланзадгадад их сургууль барих Зарлана
    19 Ханбогдод 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв барих Зарлана
    20 Улаанбаатар хотод 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалтын төвийг сайжруулах Зарлана
    21 Улаанбаатар хотод 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалтын шинэ төв барих Зарлана
    22 Чойрт 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалтын төв барих Зарлана
    23 Дарханд 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалтын төв барих Зарлана
    24 Оюутолгойн 1-р шатны сургалтын байгууламж Зарлана
    25 Оюутолгойн 2-р шатны сургалтын байгууламж Зарлана
    Нийт 238.8 сая

    Дээр дурдагдсан ажил үйлчилгээнээсдараахь төслүүдийг бүсийн хөгжилд чиглэн хэрэгжүүлэхээр “Оюутолгой” ХХК-иас төлөвлөж буй бөгөөд эдгээр ажил үйлчилгээний төсөвт өртөг нь 8.8 сая ам.доллар байхаар төлөвлөгдөж байна. Үүнд:

    Бүсийн хөгжилд чиглэсэн төслүүд

     Төслийн нэр (Ам.доллар)
    1 Гашуунсухайтын боомтыг хөгжүүлэх төсөл 1.8 сая
    2 Гашуунсухайтын боомтын түр лаборатори
    3 Баян-Овоо сумын спорт цогцолбор 450 мян.
    4 Даланзадгадын сургалтын төвийн засвар, өргөтгөл 1.25 сая
    5 Оюутолгойн Ханбогд дахь Оффисын барилга 650 мян.
    6 Ханбогдын сургалтын төв 1.7 сая
    7 Даланзадгадын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх төв 450 мян.
    8 Чойрын сургалтын төвийг хөгжүүлэх төсөл 1 сая
    9 Дарханы сургалтын төвийг хөгжүүлэх төсөл 1.5 сая
    10 Ханбогдын цэцэрлэгт хүрээлэн
    Нийт 8.8 сая

    Мөн Гашуунсухайтын хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, олон боомтыг байнгын ажиллагаатай, олон улсын чанартай боомт болгох үүднээс “Оюутолгой” ХХК-ийн зүгээс 1.6 сая ам. долларын хөрөнгө оруулалтыг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд 2011 онд мөн нийт 18 сая долларын хөрөнгө оруулалтыг хийхээр тус компанийн зүгээс төлөвлөөд ажиллаж байгаа юм байна.

    ТОВЧХОН

    ·  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар боллоо.

    ·  Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах тухай” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, хуралдааны тэмдэглэлийн дагуу Засгийн газраас хийж гүйцэтгэсэн ажлын явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Энхболд танилцуулав. Үүнтэй холбогдуулан энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг даалгалаа.

  • Айлчлалын мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг баталлаа

    Айлчлалын мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг баталлааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2010 оны 12 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах болов. Айлчлалын мөрөөр энэ онд хэрэгжүүлэх арга хэмжээний 32 заалт бүхий төлөвлөгөөг Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар баталсан байна.

    ОХУ-д хийсэн  албан ёсны айлчлалаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус олон асуудлыг амжилттай шийдсэн. Иймээс айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтэд онцгой анхаарч ажиллахыг Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг болон Гадаад харилцааны яаманд Ерөнхий сайд үүрэг болголоо. ОХУ гэлтгүй БНХАУ-тай тогтоосон харилцааны өнөөгийн түвшинг мөн бататгах, ахиулах, харилцан тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгоход анхаарахыг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга,  Шадар сайд М.Энхболдод даалгав.  

    Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгүүд хийж байгаа ажлаа улирал бүр хэлэлцэн, ажлын явцыг Засгийн газарт танилцуулж байхыг мөн хуралдаанаас үүрэг болгосон байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Засгийн газрын дарга В.В.Путинтэй ганцаарчлан уулзаж, өргөтгөсөн хэлэлцээ хийн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Б.В.Грызлов, Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов болон ОХУ-ын зарим яам, байгууллагын удирдлагатай уулзсан юм.

    Айлчлалын дүнд Их өрийн асуудал бүрэн шийдэгдсэнээс гадна экспортын бүтээгдэхүүнээ ОХУ-ын нутгаар дамжуулан гаргахад төмөр замын хөнгөлөлттэй тариф хэрэглэх тухай хэлэлцээр байгуулахаар тохиролцжээ. Мах, махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн зэргийг Оросын зах зээлд нийлүүлэх боломжийг нэмэх үүднээс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах чиглэлээр талууд Ажлын хэсэг гаргахаар болсон. ОХУ манай малыг  эрүүлжүүлэхэд зориулж 375 сая рублийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

    “Эрдэнэт”, “Монголросцветмет”, “УБТЗ” хамтарсан үйлдвэрийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр тохиролцон “Дорнод Уран” хамтарсан компани байгуулах Хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Талууд соёлын өдрүүдээ 3 жилд нэгээс доошгүй удаа харилцан зохион байгуулах, Оросын их, дээд сургуулиудад монгол оюутнуудыг инженер техникийн болон шаардлагатай байгаа бусад мэргэжлээр сургах, Монгол Улсын армийн зэвсэг, техникийг шинэчлэх, цэргийн боловсон хүчнийг бэлтгэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон юм.    

    Ерөнхий сайд С.Батболд айлчлалынхаа үеэр ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд зочилсноос гадна тус улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдтэйгээ уулзаж, Монгол, Оросын ажил хэрэгч хүмүүсийн бизнес уулзалтад оролцсон. Албан ёсны айлчлал нь хоёр улсын сайн хөршийн, уламжлалт найрсаг харилцааг стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу урагшлуулан хөгжүүлэх, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцох, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудын хэрэгжилтийг түргэтгэх, хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх үндсэн зорилгоо амжилттай биелүүлсэн гэж Засгийн газар үзэж байна.

    ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨВ БАЙГУУЛНА

    Орон гэргүй, хараа хяналтгүй хүүхдийг нийгэмшүүлэх зорилгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газрын харъяанд “Хүүхэд хамгааллын төв” төрийн үйлчилгээний төсвийн байгууллага байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Төвийг Улаанбаатар хотоос гадна хараа хяналтгүй хүүхэд ихтэй аймгуудад байгуулахаар болсон байна. Энэ төв нь хүүхдүүдэд мэргэжлийн нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, төлөвшүүлэхээрээ хүүхдийн бусад асрамж, халамжийн төвөөс ялгаатай. Олон жил тэнүүчлэн амьдарч, нийгэмд өширхсөн хүүхдэд сэтгэл заслын үйлчилгээг уйгагүй, тасралтгүй үзүүлж ажиллах нь илүү үр дүнтэй гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам үзэж байна.

    Тус яам хөгжмийн урлагаар нийгэмшүүлэх төсөл хэрэгжүүлснээр хараа хяналтгүй, орон гэргүй хүүхдийн тоо 30 хувиар буурснаас гадна ийм хүүхдүүдийг нийгэмшүүлэх загвараа бий болгож чаджээ. Цаашид төслийг өргөжүүлж, хараа хяналтгүй бусад хүүхдийг хамруулан тэдний зан үйлийг өөрчлөхийн тулд “Хүүхэд хамгааллын төв” байгуулах шаардлага гарсан байна. Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулж, хамгаалдаг Хүүхдийн халамж, хаяг тогтоох төвд 1996 оноос хойш давхардсан тоогоор 23 мянга гаруй хүүхэд ирсний зарим нь 90 удаа хүргэгдэн ирж байжээ. Энэ төв гэр орноосоо дайжсан хүүхдэд нийгэмшүүлэх болон сэтгэл заслын ямар нэг үйлчилгээ үзүүлж чаддаггүй юм байна.

    Улаанбаатар хотод 120 гаруй хүүхэд байнга тэнүүчлэн амьдарч гудамж, орц, хонгил, траншейгаар хоноглодог гэсэн судалгаа бий. 130 хүүхэд хогийн цэгт хог түүж, асрамж, халамжийн 36 байгууллагад 1000 гаруй хүүхэд амьдардаг юм байна. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас Хүүхдийн халамж, хаяг тогтоох төвд ирэх хүүхдийн тоо эрс нэмэгдэж эхэлсэн. Тухайлбал 2007 онд 15 хүүхэд хүргэгдэн ирж байсан бол 2008-2010 онд огцом нэмэгдэж жилдээ 80 гаруй хүүхэд ирсэн байна. Ялангуяа дэд бүтэц сайн хөгжсөн Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод зэрэг аймгаас хүүхдүүд олноороо ирдэг болжээ

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИВ

    Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл”-ийн төслийн хоёр дахь шатны Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.

    Ойролцоогоор 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 40 жилийн хугацаатай, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 0,6 хувийн хүүтэй авахаар талууд яриа, хэлэлцээр хийсэн. Нийт зээлийн 45 сая ам. долларыг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, 10 сая ам.долларыг байгаль хамгаалах, үүний дотор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөжээ.

    Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ өмнөхтэй адил буюу 600 мянган ам. доллар бөгөөд 10 жилийн хугацаатай, үндсэн өрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил байхаар төсөлд тусгасан байна.

    “Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” нь 2006 оны 12 дугаар сараас эхлэн 4 жил амжилттай хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд нийт 40 орчим тэрбум төгрөгийн зээлийг Улаанбаатар хот, 18 аймаг, суурин газрын 125 аж ахуйн нэгжид  олгоод байна. Үүний дүнд 1233 ажлын байр шинээр бий болсон бөгөөд боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарынхан арилжааны 6 банкаар дамжуулан зээл авчээ.

    ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ ХУВААРИЙГ ТОГТООЛОО     

    Хурдан морины “Дүнжингарав -2010” хаврын бүсийн уралдааныг 2011 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Төв аймагт, Хаврын бүсийн уралдааныг 2011 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Булган аймаг, Багануур дүүрэгт,  2011 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Хангайн бүсийн зуны уралдааныг Архангай аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорноговь аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Увс аймагт зохион байгуулах боллоо.

    Хурдан морьдын уралдааныг дүрмийн дагуу, заагдсан хугацаанд нь зохион байгуулалт сайтай явуулахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгов. Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдахаас өмнө Засгийн газрын тогтоолгүй 1995-2005 оны хооронд Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачлан зохион байгуулсан “Их хурд” болон бүсийн уралдааныг одоогийн бүсийн уралдааны зэрэглэлд оруулан тооцож байхаар тогтлоо. 

    ТУСЛАМЖИЙН ЦАГААН БУДАА ХУВААРИЛНА

    Бүгд Найрамдах Казахстан Улсаас манай улсад хүмүүнлэгийн тусламжаар өгсөн 1432,1 тонн цагаан будааг аймаг, нийслэлд хуваарилан олгож, тээвэрлэн байршуулахад шаардагдах 166,410,300 (нэг зуун жаран зургаан сая дөрвөн зуун арван мянга гурван зуу) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрлөө.

    25 вагон буюу 1500 тонн цагаан будааг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, гаалийн бүрдүүлэлт хийн хадгалж байгаа бөгөөд мэргэжлийн хяналтын болон гаалийн улсын байцаагч нар вагон тус бүрээс дээж авч лабораторийн шинжилгээ хийсэн байна.

    1 вагон буюу шаардлага хангаагүй 60 тонн цагаан будааг малын тэжээлд нийлүүлж, шаардлага хангасан 24 вагон буюу 1432,1 тонн цагаан будааг малчид, иргэдэд хүргэхээр боллоо. Тусламжийн цагаан будааг хуваарилан олгох ажлыг шуурхай зохион байгуулж, мэдээ, тайлангаа энэ I улиралд багтаан Улсын Онцгой комисст ирүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас даалгав.

    ПУУЖИНГИЙН ҮЛДЭГДЭЛ ХЭСГИЙГ АНУ-Д ЭРГҮҮЛЭН ӨГНӨ

    Төв аймгийн Бүрэн сумын нутагт унасан АНУ-ын Дельта-2 пуужингийн үлдэгдэл хэсгийг АНУ-д эргүүлэн өгөхөөр болов.

    Манай улс “Сансрын огторгуй, түүнчлэн сар болон бусад тэнгэрийн эрхсийг шинжлэн ашиглах талаар улс гүрний явуулах үйл ажиллагааны зарчмын тухай гэрээ”, “Сансрын нисэгчдийг аврах, нисэгчдийг эргүүлэн өгөх, сансрын огторгуйд хөөргөсөн биет юмыг эргүүлэн өгөх тухай хэлэлцээр”, “Сансрын биетээс хохирол учруулсны олон улсын хариуцлагын тухай конвенци” зэрэгт нэгдэн орсон тул олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, пуужингийн үлдэгдэл хэсгийг АНУ-д өгөхөөр шийдвэрлэжээ.

    АНУ-ын Флорида мужид байрлах Ж.Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс хөөргөсөн Дельта-2 хиймэл дагуул хөөргөх пуужингийн түлшний сав, гелийн хий агуулах металл бөмбөлөг 2010 оны 2 дугаар сард Төв аймгийн Бүрэн сумын нутагт унасан. Пуужингийн үлдэгдэл хэсгүүд тухайн орон нутаг, хүн, амьтанд ямар нэгэн хохирол учруулаагүй юм.

  • Монгол Улсын Засгийн газрын 2011 оны эхний хуралдаан 01 дүгээр сарын 03-ны өдөр болов

    Хуралдаанаар Монгол Улс, Кувейт Улсын Засгийн газар хоорондын Хөтөлбөр, УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан хуулийн төсөлд өгөх санал, мал тооллогын урьдчилсан дүн зэргийн талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.

    МАНАЙ УЛС 31 САЯ 830 МЯНГАН ТОЛГОЙ МАЛТАЙ

    Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээнээс үзвэл улсын хэмжээнд малын тоо толгой 2009 оныхоос 12 сая 195 мянгаар буюу 27.7 хувиар буурчээ. Урьдчилсан дүнгээр адуу 1860.6 мянга, үхэр 2123.7, тэмээ 265.3, хонь 14050.8, ямаа 13528.5 мянгад хүрсэн бөгөөд 2009 оныхоос адуу 360.7 мянга, үхэр 475.7, тэмээ 11.7, хонь 5224.0, ямаа 6123.0 мянган толгойгоор буурсан байна.

    Малын тоо Сүхбаатар аймагт өмнөх оноос 5 төрөлд өсч харин бусад аймаг, нийслэлд буурсан урьдчилсан дүн гарлаа. Дундговь, Завхан, Өвөрхангай аймагт малын тоо 1.1-1.7 сая толгойгоор буурсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Улсын хэмжээнд малын тоо 2009 оныхоос 35 сум, нийслэлийн 1 дүүрэгт өсч 294 сум, 8 дүүрэгт буурсан бөгөөд нийт мал сүрэгт ямааны эзлэх хувь буурч бусад мал өссөн дүнтэй байна.

    Хөвсгөл аймаг 3072.1 мянга, Төв 2699.4, Архангай 2631.8, Булган 2211.3, Хэнтий 2014.3 мянган толгой буюу хамгийн олон мал тоолуулж эхний 5-д багтжээ. Адууны тоо 2 аймагт өсч, 19 аймаг, Улаанбаатар хотод буурсан бөгөөд Төв /200.1 мянга/, Архангай /190.7 мянга/, Булган /177.1 мянга/, Хөвсгөл /146.3 мянга/, Сүхбаатар /140.9 мянга/ адууныхаа тоогоор айргийн тавд орсон байна.

    Үхрийн тоо 3 аймагт өсч, 18 аймаг, Улаанбаатар хотод буурсан дүнтэй байна. Хөвсгөл /309.2 мянга/, Архангай /293.6 мянга/, Булган /172.8 мянга/, Төв /171.8 мянга/, Хэнтий /156.5 мянга/-н үхэр тоолуулж эхний 5-д багтжээ. Тэмээний тоо 7 аймагт өсч, 14 аймагт буурсан бөгөөд Өмнөговь аймаг хамгийн олон буюу 83.4 мянган тэмээ тоолуулсан байна.

    Хонины тоо 2 аймагт өсч бусдад нь буурсан бөгөөд Хөвсгөл /1348.6 мянга/, Төв /1345.1 мянга/, Архангай /1308.6 мянга/, Булган /1130.5 мянга/, Хэнтий /971.0 мянга/-д хүрсэн нь хамгийн олон гэсэн үг юм. Ямааны тоо 1 аймагт өсч 20 аймаг, Улаанбаатар хотод буурлаа. Хөвсгөл /1265.8 мянга/, Баянхонгор /1185.3 мянга/, Төв /980.1 мянга/, Өвөрхангай /874.7 мянга/, Ховд /845.8 мянга/-н ямаа тоолуулж эхний 5 байрт орсон байна.

    5 ОЮУТНЫГ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛНА

    Соёл, мэдээлэл, боловсрол, шинжлэх ухааны салбарын 2011-2013 оны хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын Хөтөлбөрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Болорт Засгийн газрын хуралдаанаас олгов.

    Мөн Арабын Нэгдсэн Эмират Улстай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Засгийн хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг дэд сайдад олгосон байна. Кувейт Улстай байгуулах Хөтөлбөрийн хүрээнд 2011-2013 онд оюутан сургах боломжийг өргөжүүлэх /5 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах/, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгажээ.

    • УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Ж.Батсуурь, Я.Батсуурь, Н.Ганбямба, Ц.Сэдванчиг нарын боловсруулсан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын боловсруулсан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх боломжтой гэж үзэв.
    • УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Өмгөөлөл, Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжив. Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан хуульч ажлын ур чадвар, мэдлэг, мэргэшлээ тасралтгүй дээшлүүлэх ёстой бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол хуульчийн гэрчилгээг хүчингүй болгох, шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчөөр ажиллах эсэх нь хөндөгдөхөөр хуульд заасан. Гэвч хууль зүйн сургалтад хамрагдаагүй хуульчийн шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчөөр ажиллах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах үндэслэлийг хуульд тусгайлан заагаагүй учир энэ зөрчлийг арилгахаар гишүүн Х.Тэмүүжин хуулийн төсөл боловсруулсан байна.
    • “Яамдын бэлгэдлийн загвар, тодорхойлолт, хэрэглэх журмыг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

  • Засгийн газрын хуралдаан 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр болж дараах асуудлуудыг шийдлээ

    2011 ОНЫГ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ жилийн хүрээнд хийх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог ахлана. Үндэсний хороонд Засгийн газрын нэр бүхий гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Нийгмийн халамжийн үйлчилгээний газрын дарга нар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч нар багтжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах 70 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах болсон байна.

    Хөдөө орон нутагт шинээр байгуулагдсан боловсруулах үйлдвэр болон мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжид бий болгосон ажлын байрны тооноос хамаарч татвар, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, жижиг, дунд үйлдвэрийн татвар, санхүүгийн ачааллыг багасгах, аж ахуйн нэгжийн бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах  асуудлыг судлан шийдвэрлүүлэхийг нэр бүхий сайд нарт даалгалаа.

    Уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, зам, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөр болон холбогдох тендерийн баримт бичигт үндэсний ажиллах хүчнийг бэлтгэж, ажлын байраар хангахыг тусгайлан заах, хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаар мэдээллийн сан байгуулж ажиллахаар боллоо.

    Үндэсний ажиллах хүчнийг бэлтгэх урт хугацааны төлөв хийж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуульд элсэгчдийг ажил олгогчийн захиалга, санхүүжилтээр сургах тогтолцоонд шилжих, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн дэргэд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын дадлагын бааз байгуулах, тэдгээрт татварын хөнгөлөлт үзүүлэхийг судлан шийдвэрлүүлэх юм.

    “Монгол мал”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр” болон энэ салбарт хэрэгжиж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд малчдыг эрсдэлээс хамгаалах, аж ахуй эрхлэх ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Байгаль орчныг нөхөн сэргээх, ногоон ажлын байр бий болгох хөтөлбөр, төслийг нийтийг хамарсан хэлбэрээр зохион байгуулж, ажилгүй, орлого багатай иргэдийг хамруулах юм.

    Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцааны шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн түншлэлийн арга, механизмыг боловсронгуй болгож хөгжүүлэх чиглэлээр ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлж ажиллана. Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хийж байгаа ажлаа Үндэсний хороонд улирал тутам тайлагнаж байх юм.

    ХИШИГ ХУВИА АВААГҮЙ Ч ИРЭХ ОНД СААДГҮЙ НӨХӨН ОЛГОНО

    Засгийн газрын хуралдаанаар “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”-ын зарим заалтыг өөрчиллөө. Бэлэн мөнгөөр хүртээх хишиг, хувийн санхүүжилтийг аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээх санхүүжилтийн дансанд, сургалтын төлбөрөөр хүртэх хишиг, хувийн санхүүжилтийг тухайн сургалтын төрийн сангийн дансанд, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөр хэлбэрээр хүртэх хишиг, хувийн санхүүжилтийг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.

    Тухайн иргэн бэлэн бусаар хишиг, хувь хүртэхээр сонголт хийсэн /сургалтын төрийн сангийн болон банкны зээлийн өр төлөх, эрүүл мэндийн үйлчилгээний хөлс төлөх, худалдан авсан тоног төхөөрөмжийн үнэ гэх мэт/ бол иргэн бүрийн “Хүний хөгжил сан” дэвтэрт бичилт хийж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын дансанд мөнгийг нь шилжүүлнэ.

    Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбоотойгоор нийгмийн хамгааллын салбарт үүсч байгаа ажлын ачааллыг харгалзан нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 5, төрийн захиргааны байгууллага, нийслэл, аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний газар, хэлтсийн ажилтны орон тоог 77-гоор нэмэхээр тогтлоо.

    “ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

    “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 2011 он бодитой ажил хийсэн жил байх ёстой. Иймээс ирэх оны 3 дугаар сар гэхэд бэлтгэл ажлаа хангаж дуусгах, Ажлын хэсэг сар бүр хуралдаж ажлын явцыг хянаж байхыг Ерөнхий сайд онцгойлон анхаарууллаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад газрын харилцаатай холбоотой асуудал сөхөгдөх учир үүнийг тодорхой болгохыг ч үүрэг болгосон байна.

    “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хот байгуулалт, төлөвлөлт, дэд бүтэц, орон сууцны хангамж, ажлын байр нэмэгдүүлэх, боловсрол,  хөдөөгийн хөгжил, үйлдвэржилтийг дэмжих, шилжилт хөдөлгөөнийг сааруулах зорилт тавьж байна. Шинэ бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх үндэсний мэргэжилтнүүд, инженер, техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж, гадаадад ажиллаж байгаа мэргэжилтэй ажилчдыг татан оролцуулах юм.

     Орон сууцны нийлүүлэлт талыг дэмжиж, инженерийн  хангамж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт татах, захиалагчийн хяналт, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хувийн хэвшлийн оролцоог тэгш хангах бололцоо бүрдүүлэхээр болсон байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт технологийн шинэчлэл хийн жилд 500 мянган тонн ган төмөр, бүтээц үйлдвэрлэх хүчин чадалтай болгож, Төмөр толгойн төмрийн хүдрийн олборлолт, боловсруулалтын түвшинг гүнзгийрүүлэх, хүдэр хайлах, төмөр ялган авах технологи нэвтрүүлнэ.

    Хөтөлбөрт тусгагдсан орон сууцны хороолол, зам, гүүр, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн газрын байршлыг тогтоох, газар олгох, чөлөөлөх, барилга барих зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Шинэ дэвшилтэт техник, технологи нутагшуулах, мэргэжлийн боловсон хүчинтэй үндэсний чадамж бүхий аж ахуйн нэгж бий болгох зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудад дотоодын аж ахуйн нэгжүүдээ оролцуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх болсон байна.

    ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

    Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдээс гарсан саналыг тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Үйлдвэрлэлийн салбарын хөгжилд Хөгжлийн банкаар дамжуулан оруулах Засгийн газрын хөрөнгө оруулалт 2010 оны эцсийн байдлаар 16.7 тэрбум төгрөг байх нь. Банкаар дамжуулан уул уурхай, түүнийг дагасан дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 100 тэрбум төгрөг тутам эдийн засгийн өсөлтийг 1 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн судалгаа гарчээ. Засгийн газраас Хөгжлийн банкинд зээлийн баталгаа гаргах бөгөөд үр өгөөжтэй төслийг Хөгжлийн банк шууд санхүүжүүлэх юм байна.

    Хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулах дэд бүтэц, хүнд аж үйлдвэрүүд нь манай улсын хөгжлийг түргэтгэх, боловсруулах аж үйлдвэр хөгжүүлэх, импортыг орлуулах, дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг боловсронгуй болгож, төрөлжилтийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.100 хувь төрийн өмчит Хөгжлийн банк хөрөнгөө улсын төсөв болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны зохих хэсгээр бүрдүүлнэ.

    ОЛОН УЛСЫН БООМТЫН ТООГ НЭМНЭ

    Дорнод аймгийн Чойбалсан, Ховд аймгийн Ховд, Өмнөговь аймгийн Даланзадгад, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудлыг зорчигч, ачаа тээврийн харилцааны хилийн олон улсын боомт байхаар тогтлоо. Даланзадгад, Мөрөн хотын нисэх буудлын хилийн олон улсын боомт 2012 оны 5 дугаар сараас ажиллаж эхэлнэ.

    Нисэх буудлуудыг олон улсын боомт болгосноор Улаанбаатараас эдгээр аймгаар дамжин олон улсын нислэг хийж, хоёр хөршийн хил орчмын хотууд руу агаарын харилцаа өргөжин, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжинө гэж Засгийн газар үзэж байна. 

    • Монгол Улсыг хөгжүүлэх сангаас газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлээр олгосон 4 мянган тонн дизелийн түлшийг нөөцөлсөн буудайн борлуулалтаас 2011 оны 6 дугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэх болов.
    • Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж үзэв. 9 зүйл бүхий энэ хэлэлцээрт Ерөнхий сайдыг ирэх оны 1 дүгээр сард Кувейт Улсад албан ёсоор айлчлах үеэр гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
    • БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьсан Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын байрыг Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх боллоо.

    ДОТУУР БАЙРНЫ ХҮҮХЭД ХОНОГТ 1545 ТӨГРӨГИЙН ХООЛ ИДНЭ

     Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг 1545 төгрөг байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
    Мөн сургуулийн өмнөх, бага, дунд, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг хавсралтаар батлав.

     Нэг хүүхдэд ногдох дундаж нормативаар санхүүжүүлэх зардлын гүйцэтгэлийг хүүхэд өдрөөр хянаж зөрүүг хагас, бүтэн жилээр тооцож санхүүжүүлж байхыг сайд Ё.Отгонбаяр, С.Баярцогт нарт даалгалаа. Хүүхдийн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, өдрийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээ, эрүүл ахуйн шаардлага, орчны ариун цэвэрт тогтмол хяналт тавьж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосон байна.

     ЗАСГИЙН ГАЗАР 11 ДҮГЭЭР САРД 4 УДАА ХУРАЛДЖЭЭ

    Засгийн газрын хуралдаанаар 53 асуудлыг хэлэлцэн, 17 асуудалтай танилцаж, Засгийн газрын тогтоол 23, Ерөнхий сайдын захирамж 3-ыг гаргасан байна. 2 асуудлыг Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр, 1 асуудлыг холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр, 1 асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 1 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болж, 7 асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлуулжээ.

    Засгийн газар 11 дүгээр сард 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулсан байна. “Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний жагсаалт”, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг Засгийн газрын тогтоолоор баталжээ.

    “Урьдчилсан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт техник, технологийн болон иж бүрэн шинэчлэлийн 1 дүгээр шатны ажилд шаардагдах 1740.0 сая төгрөгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай гэрээ байгуулан төсвийн зээл хэлбэрээр олгох болсон зэрэг томоохон олон ажил амжуулсан байна.
    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийн явц 2010 оны эхний 3 улирлын байдлаар 64.1 хувьтай байна.

    • “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хийсэн ажил, үр дүнтэй Засгийн газрын гишүүд танилцлаа. Энэ жилийн ажлын хүрээнд бизнес эхлэх үйл ажиллагаа, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээ, татвар төлөх явц болон гадаад худалдааг хөнгөвчлөх, барилга барихад шаардагдах зөвшөөрөл, гарын үсгийн тоог цөөлөх, зээл авах боломж, нөхцөлийг сайжруулах, хөрөнгө оруулагчдыг хамгаалах, бизнесийн гэрээний хэрэгжилтийг сайжруулах зэрэг чиглэлээр бодитой олон ажил хийсэн байна. Жилийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлыг бүрэн хэрэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, агентлагийн дарга нар үүрэг болгожээ.
    • Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн барилгыг шинээр барьж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймагт цусны төв байгуулах, эмнэлзүйн трансфузиологич, иммуногематологийн мэргэжлээр 4 хүн бэлтгэх, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дундговь, Төв, Дархан-Уул аймгийн цусны банкийг үндсэн тоног төхөөрөмжөөр хангахаар шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг 2011-2012 оны төсөвт тусгахыг сайд С.Ламбаа, С.Баярцогт нарт даалгажээ.