Ангилал: тайлан

  • Дипломат корпус, Олон улсын байгууллагын төлөөлөлд баяр хүргэлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар гадаад орнуудаас манай улсад суугаа дипломат корпусын болон олон улсын байгууллагын удирдлагуудыг 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзан удахгүй болох шинэ жилийн баярын мэнд хүргэж ажлын амжилт хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ төр, засгийн тэргүүн нар гадаадын орнуудад айлчилж, өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийг эх орондоо хүлээн авсан нь манай орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байсныг тэмдэглэв.

    Манай улс Европын Холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг үзэглэснээр Монгол Улс, Европын харилцаа шинэ түвшинд гарч, хамтын ажиллагааны хүрээ өргөжин, Европын Холбооны стандарт, хэм хэмжээг Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгааг тэрээр онцлов. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас эрчимтэй цөлжиж байгаа Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гашууны хоолойд Монгол Улсын Засгийн газар энэ оны 8 дугаар сард тусгай хуралдаан хийж, дэлхийн хамтын нийгэмлэгт хандан илгээлт гаргасан нь энэ асуудалд өөрийн орны болон бусдын анхаарлыг чиглүүлэхэд үр дүнгээ өгнө хэмээн итгэж байна гэлээ.

    Дипломат корпусын ахлагч, ХБНГУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пиус Фишер бусдыгаа төлөөлөн хариу талархал илэрхийлж үг хэлэв. 2010 оныг Монгол Улсын Засгийн газраас “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан Ерөнхий сайдын санаачилгыг ялангуяа бизнесийн төлөөлөл сайшаан хүлээн авсныг онцлоод байгаль орчноо хамгаалах, уул уурхайн салбарт хөрөнгө оруулахад тогтвортой, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлсэн эрх зүйн орчин бүрдүүлэх гэсэн хоёр асуудлыг тэнцвэртэйгээр шийдэх Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын хүчин чармайлтад амжилт хүслээ.

    Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ жил 8 хувьд хүрч, Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, ашигт малтмалын олборлолт, хөдөө аж ахуйн салбарт томоохон ахиц дэвшил гарч, өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зорилт улам бүр ойртож байгааг тэрээр хэлэв. Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлал, Монгол Улс, Европын Холбооны хооронд өчигдөр үзэглэсэн Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг нь гадаад бодлогоо идэвхтэй өрнүүлж байгааг харуулсны жишээ. Монгол Улс нь олон улсын нийгэмлэгт өндөр үнэлэгддэг гишүүн орон гэдгийг Пиус Фишер тэмдэглэв. Манай улсад гадаадын дипломат корпусын 19, олон улсын 9 байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газрын хуралдаан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болж дараах асуудлуудыг шийдлээ

    ШАТАХУУНЫ ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАНА 

    Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензины тонн тутамд 150 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 190 00 төгрөг болгож, АИ-92 автобензины тонн тутамд 170 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 230 000 төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

    Харин дизелийн түлшинд 20 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээж 2010 оны 12-р сарын 10-ны өдрөөс эхлэн ногдуулахаар, бусад алслагдсан боомтоор орж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр болов.

     Ингэснээр дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнэ харьцангуй тогтвортой байх боломж бүрдэж байна. ОХУ-аас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний үнэ 2010 оны 12 дүгээр сард А-80 автобензин тонн тутамдаа 25 ам. доллар, АИ-92 автобензин 43 ам. доллараар буурч, дизелийн түлшнийх 10 ам. доллараар өсчээ.

    “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН СҮЛЖЭЭ” ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны удирдлагад даалгалаа. Шаардагдах хөрөнгийг 2011 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн төсвийн төсөлд тусгах, хувийн хөрөнгө оруулалтыг татах, хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нар болон байгууллагад үүрэг болгов.

    Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 2 дугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгожээ. Түргэн тусламжийн үйлчилгээг үр дүнтэй бүтэц, зохион байгуулалтад оруулах, менежментийг нь сайжруулах, техник, багаж тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, энэ салбарт ажиллагсдын мэдлэг, чадварыг дээшлүүлэн олон улсын жишигт ойртсон нэгдсэн тогтолцоо бий болгохын тулд энэ хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрийг 2010-2016 онд хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо.

    Манай улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгааны дотор яаралтай тусламж шаардлагатай цусны эргэлтийн тогтолцооны өвчин, осол гэмтэл ордог. Гэтэл түргэн тусламжийн автомашин хуучирсан, багаж тоног төхөөрөмж муу, дэд бүтэц, үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж дутмаг, салбарын эмч, мэргэжилтэн нь яаралтай тусламжийн технологи, арга барилыг бүрэн эзэмшээгүй, яаралтай түргэн тусламжийн мэргэшсэн эмч, сувилагч, ажилтанг тусгайн бэлтгэх тогтолцоо бүрдээгүй байгаа юм.

    Түргэн тусламжийн дуудлагын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд жилд дунджаар 600 гаруй мянган дуудлага гардаг байна. Өнгөрсөн оны байдлаар 480 гаруй мянган өвчтөнд газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлсэн бол 2220 тохиолдолд эмч очихоос өмнө өвчтөн нас баржээ. Улсын хэмжээнд үйлчилж байгаа түргэн тусламжийн автомашины 90 гаруй хувь нь зориулалтын дагуу тоноглогдоогүй. Олон улсад 10 мянган хүн тутамд түргэн тусламжийн нэг баг үйлчилдэг бол нийслэл хотод гэхэд л өдөрт 40 хүрэхгүй автомашин үйлчилж байгаа нь 3 дахин бага гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хүлээн авсан нийт дуудлагын 76 хувь нь 20 минутаас дээш хугацаагаар хүлээгдэж байна. Эмнэлгийн түргэн тусламжийн салбарт 719 хүн ажиллаж байгаагийн 185 нь их эмч, 56 нь бага эмч, 126 нь сувилагч, 277 нь жолооч юм.

    ЗАСГИЙН ГАЗАР 600 ГАРУЙ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА

    Монгол Улсын Засгийн газар 2010 онд 581 асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж 12-р сарын 1-ний байдлаар 61 удаа хуралджээ. Энэ хугацаанд 834 асуудлыг хуралдаанаар оруулж, үүнээс 604 асуудлыг хэлэлцэж, 230 асуудалтай танилцсан бөгөөд Засгийн газрын тогтоол 314, Ерөнхий сайдын 90 захирамж гаргасан байна. 79 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 43 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 14 асуудлыг УИХ-ын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 8 асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 23 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болж, 47 асуудлыг хэлэлцэхээ хойшлуулжээ.

    БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ БАТЛАВ

    Дорнод аймгийн нутаг, “Баянтүмэн-XVII” талбайд Газрын тосны газар, “Магнай трейд” ХХК-тай 2009 оны 12 дугаар сарын 23-нд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталлаа.  Ингэснээр газрын тосны үндэсний компаний хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр хайгуул хийж, энэ талбайг хамарсан геологи, геофизикийн анхдагч мэдээлэл, судалгаатай болно. Цаашид газрын тосны хайгуул эрчимтэй өрнөж, цар хүрээ нь тэлэхийн зэрэгцээ улсын төсөвт оруулах орлого нэмэгдэх, ажлын байр шинээр бий болох зэрэг ач холбогдолтой юм.
     “Магнай трейд” компани нь хайгуулын 5 жилд 28,9 сая ам доллар  зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд туслан гүйцэтгэгчээр манай улсын “Хэт”, “Рэдхил Монголия”, Австрали-Английн хамтарсан “Би Эйч Пи Биллитон” компани ажиллахаар урьдчилсан байдлаар тохиролцсон байна.

     Бүтээгдэхүүн  хуваах гэрээний үндсэн үзүүлэлт болох нөхөн сэргээгдэшгүй байгалийн баялаг ашигласны төлбөрийг 10 хувиар, өртөг нөхөлтийг 40 хувиар, сургалтын зардлыг хайгуулын 5 жилд нийт 60 мянга, Засгийн газрыг дэмжих санд жил бүр 5 мянга, олборлолт эхэлсний урамшуулалд 20 мянга, гарын үсгийн урамшуулалд 5 мянган ам доллар, Бүтээгдэхүүн хуваалтыг Засгийн газар 40 хувь, гэрээлэгч 60 хувиар эхэлж, цаашид олборлолтын хэмжээтэй уялдуулан Засгийн газарт ногдох хувийг нэмэгдүүлэхээр болжээ.

    Мөн “Дарьганга-XXIV” талбайд Газрын тосны газар, “Апекспро Инвестмент Лтд” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах эрхийг Газрын тосны газрын дарга Д.Амарсайханд олголоо. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцлүүдийг сайжруулах, гэрээний төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцээ хийж, роялти /байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлбөр/ 10 хувь байсныг 10,75 хувь, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүн хуваалтын доод хэмжээ 40 хувиас эхэлж байсныг 43 хувиар эхлүүлж, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүний дээд хэмжээ 60 хувь байхаар харилцан тохиролцсон байна.  

    ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ

    Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал болон иргэдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах эрх зүйн орчин бий болох юм.

    Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөсний дагуу хуулийн төслийг боловсруулсан байна.

    ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭН ДЭМЖЛЭЭ

    Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогын шинэчилсэн төслийн тухай УИХ-ын тогтоолийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов. Соёлын үйл ажиллагаанд үндэсний агуулгатай тухайн цаг үеийг тодорхойлсон, ирээдүй рүү чиглэсэн хэв загварыг бий болгож төлөвшүүлэх, үндэсний хөгжил, нийгэм, эдийн засагт соёл урлагын салбарын оруулах хувь нэмэр, эзлэх байр суурь, үр ашгийг дээшлүүлэх шаардлага тулгарч байна.

    Энэ дагуу үндэсний эрх ашгаа хамгаалах, улс үндэстний аюулгүй байдлыг бататгахад чиглэсэн соёлын стратегийн зорилтуудаа шинээр томъёолж, тулгарч буй бэрхшээл, тэдгээрээс хамгаалахад чиглэсэн, соёлын тогтвортой хөгжлийг хангах зорилго, зорилт, зарчим, бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлон тусгасан соёлын бодлогыг шинэчилсэн төслийг боловсруулжээ.

    ЧУЛУУНЫ ГАНХУЯГИЙГ САНГИЙН ДЭД САЙДААР ТОМИЛЛОО

    Засгийн газрын хуралдаанаас Чулууны Ганхуягийг Сангийн дэд сайдаар томиллоо.
    Ч.Ганхуяг 1973 онд төрсөн. Ам бүл 5. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
    1991 онд Нийслэлийн 23 дугаар тусгай дунд сургууль, 1997 онд Унгар Улсын Будапешт хотын Эдийн засгийн их сургууль төгссөн. АНУ, Египет, Бангладеш, ХБНГУ-д санхүүгийн менежмент, удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Эдийн засагч мэргэжилтэй. Орос, англи, унгар хэлтэй.
    Ч.Ганхуяг нь :
    • 1991-1992 онд Монголын Хөрөнгийн биржид арилжааны хянан шалгагч
    • 1997-1998 онд Монгол банк (Төв банк)-нд хянан шалгагч, улсын байцаагч
    • 1998-1999 онд НYБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “МикроСтарт” төслийн санхүүгийн менежер
    • 1999-2001 онд “Хөгжлийн Алтан Сан” ХХК-ийн менежер, гүйцэтгэх захирал
    • 2002-2009 онд “Хас” банкны гүйцэтгэх захирал,
    • 2009 оны 1 дүгээр сараас “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр  ажиллаж байсан юм

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргалаа

    ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцээд гишүүдийн гаргасан саналыг тусган баталлаа. Төлөвлөгөө 19 зорилт, 190 арга хэмжээтэй бөгөөд тусгагдсан зорилт, арга хэмжээг оны эхнээс эрчимтэй хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг оновчтой хуваарилж, үр дүнтэй ашиглах, төсвийн бус эх үүсвэрийг дайчлах чиглэлээр санаачлагатай ажиллахыг даалгасан байна.

    Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 2011 оны 8 дугаар сард, биелэлтийг 2012 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нарт даалгажээ.

    Үндсэн чиглэлийг улсын төсөв хэлэлцэхээс өмнө УИХ-аар батлуулсан нь хөгжлийн бодлогоо тодорхойлсны дараа түүнд шаардагдах хөрөнгийг баталдаг зарчимд шилжих эхний алхам болсон. Мөн хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах хангалттай хугацаатай болж, төлөвлөгөөг 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх боломж бүрдсэн нь үр дүнгээ өгнө гэж Засгийн газар үзлээ.

    ХҮНСНИЙ БУУДАЙН ТОНН ТУТАМД 50 МЯНГАН ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

    Улсад болон гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн хүнсний буудайн нэг тонн тутамд 50 мянган төгрөгийн  мөнгөн урамшуулал олгоно. Энэ нь Хүнсний буудайн урамшуулалд олгохоор 2010 оны төсөвт батлагдсан 11.7 тэрбум төгрөгтөө бүрэн багтаж байна. 2010 оны ургац хураалтын дүн, гурилын хангамжийн тооцоо, мөнгөн урамшуулал олгох талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай танилцуулав.

    Сүүлийн хоёр жил газар тариалангийн салбарт олсон ололтоо бататган тогтворжуулах, техникийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, дэвшилтэт болон шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах, үрийн аж ахуйг хөгжүүлэн ургацын хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байна. Иймээс “Атрын гурав дахь аян” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тогтож, энэ чиглэлээр тодорхой санал боловсруулан, энэ онд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгалаа.

    Манай улс энэ намар нийт 366.3 мянган тонн үр тариа, үүнээс 344.5 мянган тонн буудай, 5 мянган тонн арвай, 3 мянган тонн овъёос, 538 тонн хөх тариа, 12.9 мянган тонн тосны ургамал, 205 тонн гурвалжин будаа, 169 мянган тонн төмс, 90 мянган тонн хүнсний ногоо, 38.9 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Ингэснээр жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 53 хувийг дотоодоос хангах бүрэн боломжтой болсон байна. Энэ жилийн хувьд арвай, овъёос, хөх тариа, тос, тэжээлийн ургамлын тариалалт өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн дүн гарчээ.

    Энэ жилийн ургац хураалтаас гурил үйлдвэрлэгчдэд 228 мянган тонн буудай нийлүүлсэн бөгөөд 330 орчим мянган тонн хүнсний буудайн нөөцтэй болсон байна. “Атрын гурав дахь аян” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2007 онтой харьцуулахад энэ жил үр тариа 251 мянга, төмс 55 мянга, хүнсний ногоо 10.9 мянга, малын тэжээлийн ургамал 26.9 мянган тонноор илүү байна.

    Аяны хүрээнд 276 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад нийт бэлтгэсэн уринш 7.4 мянга га-гаар, үүнээс дэвшилтэт технологоор бэлтгэсэн нь 28.5 мянган га-гаар нэмэгджээ. Газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж арвин их ургац хураан авч, “Атрын гурав дахь аян”-д үнэтэй хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд Монгол Улсын Засгийн газар талархал илэрхийлсэн байна.

    400 АВТОБУСЫГ ГЭРЭЭГЭЭР АШИГЛУУЛНА

    Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан том оврын 400 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн зарим байгууллагад гэрээгээр эзэмшүүлж ашиглуулах боллоо. Ингэхдээ автобусны үнийг үе шаттайгаар буцаан авч, хуримтлагдсан хөрөнгөөр жил бүр нийслэлийн нийтийн тээврийн паркийг шинэчилж байхаар тогтов. Ингэснээр үйлчилгээ эрхлэгч байгууллагын материаллаг бааз, мэргэжилтэй боловсон хүчний хангалт сайжирч, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.

    Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Нийтийн тээврийн газар, автобус авсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулсан гурвалсан гэрээг шинэчлэн, тухайн аж ахуйн нэгж, байгууллагаас буцаан авах хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Тусгай дансанд хуримтлуулах юм. Парк шинэчлэх санд жилд дунджаар 5 тэрбум гаруй төгрөг хуримтлагдах бөгөөд энэ мөнгөөр жил бүр том оврын 50 автобус авах урьдчилсан тооцоо гарчээ.

    2009 онд улсын төсвийн хөрөнгөөр БНСУ-аас том оврын 400 автобус худалдан авч нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн зарим аж ахуйн нэгжид ижил нөхцлөөр хуваарилсан юм. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд том оврын 1200 автобус шаардлагатай байдаг ч одоогоор стандартын шаардлага хангасан 775 автобус үйлчилгээнд явж байгаа юм.

    ЗЭЭРИЙН НҮҮДЭЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА

    Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эх үүсвэр нь цагаан зээр гэж мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Иймээс цагаан зээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, эрүүл бүс рүү оруулахгүй байх зорилгоор Улсын Онцгой комиссын Ажлын хэсэг ажиллаж байна. Мөн Ажлын хэсэг үхсэн зээрийн сэг зэмийг цуглуулах, өвчтэйг нь устгах, гамшгаас хамгаалах зарим албаны бие бүрэлдэхүүнийг мэргэжил, арга зүйн шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж байгаа юм. Ажлын хэсэгт шаардагдах 70 сая төгрөгийг Байгаль хамгаалах сан, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

    Засгийн газар, Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний дүнд  шүлхий өвчний гаралт багасч, тархалт нь саарч байгаа. Гэвч 10 дугаар сараас Хэнтий, Дундговь, Төв, Дорноговь аймгийн нутагт зээр олноор нүүдэллэн орж ирснээр дээрх аймгуудын зарим суманд өвчний сэжиг илэрч, онош нь батлагдаж байгаа учир нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарлах шаардлагатай болсон байна.

    Өнөөдрийн /2010 оны 11 дүгээр сарын 23/ байдлаар Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Хэнтий аймагт өвчилсөн 24722 толгой мал, Дорнод, Сүхбаатар аймагт 1616 зээрийг устгаж ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байна. Улсын Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, Мал эмнэлэг, үржлийн, Мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори, дээрх аймгуудын Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллагын нийт 1018 хүн 162 автомашин, 56 мотоцикл, устгал, ариутгал, хяналтын 75, хөдөлгөөнт хяналтын 72 цэгт ажиллан шүлхий өвчинтэй тэмцэж байна. 

    ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 88 ХУВЬТАЙ БАЙНА

    2010-2011 оны мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай танилцууллаа.  Үүнтэй холбогдуулан :

      • Мал өвөлжилтийн байдал болон гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон арга хэмжээг төлөвлөж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий байнгын ажиллагаатай штаб байгуулан ажиллуулах, ажлын явц, үр дүн, цаашид авах арга хэмжээний чиглэлээр санал, дүгнэлтээ Засгийн газарт танилцуулж байхыг сайд Т.Бадамжунайд 

      • Улсын нөөцийн өвс, тэжээлийг зам, даваа хаагдахаас өмнө шаардлагатай цэг, салбаруудад байршуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт

      • Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц нэмж бүрдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймаг болон Нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

    Шүлхий өвчний эрсдэл бүхий аймгуудын нийт өвчлөмтгий малыг вакцинжуулалтад бүрэн хамруулахтай холбогдсон арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэхийг сайд Т.Бадамжунай, Шадар сайд М.Энхболд нарт даалгав.

    Орон нутагт өвс, тэжээлийн аюулгүй нөөц бэлтгэх Засгийн газрын даалгаврын биелэлт аймаг, нийслэлийн хэмжээнд 52.6 хувь, сум, дүүргийн хэмжээнд 72 хувьтай байна. Баян-Өлгий, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймаг даалгаврыг 100 хувиас дээш давуулан биелүүлсэн бол Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл аймаг 3.1-35.3 хувиар хангалтгүй биелүүлж, Говь-Алтай аймаг, Нийслэл хот аюулгүйн нөөцийн өвс, тэжээлээ огт бэлтгээгүй байна.

    Бэлчээрийн даац багтаамж, өвс, тэжээлийн хүрэлцээнээс шалтгаалан Өмнөговь, Дорноговь, Увс, Баян-Өлгий аймгийн ихэнх сум, Дундговь, Ховд, Өвөрхангайн зарим суманд өвөлжилт хүндрэх магадлалтай байна. Энэ жилийн хувьд цас ахиу орж, хасах 50 хэм хүртэл хүйтрэхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгааг Засгийн газрын хуралдаанаас санууллаа. Цаг хүндэрч, малаа алдах үед дээрээс бүхнийг гуйн гар тосдог байдлыг өөрчилж,  малчдад ч гэсэн хариуцлага тооцож эхлэнэ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хэллээ.  

    “УС” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган төсөв болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэн хэрэгжүүлэхийг холбогдох сайд нар болон аймагт нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Хөтөлбөрт Монгол орны усны нөөцийг хамгаалан түүний бүрэлдэн тогтох, цэвэр ариун чанараа хадгалах, байгалийн аясаар сэргэх бүхий л боломжийг хангах  6 стратегийн зорилт бүхий нийт 160 орчин арга хэмжээг тусгажээ. Нийт зардлын 60 орчим хувийг урсацын тохируулга хийх, усан сан байгуулах, алсын зайд дамжуулан хүргэх томоохон төслүүдэд зарцуулах юм байна.

    Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг орон даяар зохион байгуулах, салбар дундын ажлын уялдаа холбоог хангаж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Усны үндэсний хорооны дарга Л.Гансүх, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нарт үүрэг  болголоо.

    ИРГЭД 17 МЯНГА ОРЧИМ ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ИРҮҮЛЖЭЭ

    Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад 2010 оны 3 дугаар улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. 3 дугаар улиралд 16940 өргөдөл, гомдол хүлээн авсан бөгөөд төрийн захиргааны төв байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын 97 хувийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 хувиар нэмэгджээ.

    Нутгийн захиргааны байгууллагуудад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95.6 хувьтай байна. Иргэд ихэвчлэн зуднаар малаа алдсан малчдын нийгмийн асуудал, ажлын байр, мөнгөн тусламж, газар эзэмших, гэр, орон сууцны хөнгөлөлттэй зээл хүсч нутгийн захиргааны байгууллагадаа ханджээ.

    ТОВЧХОН

      • Импортоор орж ирж байгаа суудлын автомашины онцгой албан татварын хувь хэмжээг одоогийнхоос 2 дахин нэмэгдүүлэхээр Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар татан авахаар шийдвэрлэв. Онцгой албан татварыг 2 дахин нэмэгдүүлэх цаг нь болоогүй гэж Засгийн газар үзсэн байна.

      • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 10 дугаар сарын 4-5-ны өдөр Брюссель хотноо болсон Ази, Европын дээд хэмжээний 8 дугаар уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах болов.

      • Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан “Төрийн албанд ашиг сонирхлын зөрчлийг урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэв. Эдгээр хуулийн төсөл нь Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын хуульд заасан боловсруулалтын анхан шатны шаардлага хангаагүй, бүхэлдээ орчуулгын шинжтэй, ойлгомжгүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай, Авлигын эсрэг, Эрүүгийн байцаан шийтгэх зэрэг бусад хууль тогтоомжтой нийцэхгүй байгааг анхаарч Засгийн газраас гаргасан хэд хэдэн саналыг тусгаж төслийг шинэчлэн боловсруулах шаардлагатай гэж хууль санаачлагчид уламжлахаар болов.

      • Засгийн газрын 2010 оны 10 дугаар сарын үйл ажиллагааны мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Засгийн газар 10 дугаар сард 5 удаа хуралдан, 53 асуудал хэлэлцэж, 16 асуудалтай танилцан, 24 тогтоол, Ерөнхий сайдын 3 захирамж гаргаж, 7 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж, 3 асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдэд уламжилж, 5 асуудлыг хойшлуулжээ.

      • БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Хан-Уул дүүрэгт баригдсан спорт цогцолборын барилгыг 2010 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, уг барилгыг Биеийн тамир, спортын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

      • 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо байгуулсан “Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Хэлэлцээр нь цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах бодлогын хүрээнд энэ чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, цөмийн эрчим хүчний нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангах зарчмыг удирдлага болгожээ.

      • Монгол Улсын Засгийн газар “Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн”-д гишүүнээр элсэхийг дэмжлээ. Хүрээлэн нь сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийг боловсронгуй болгох, улс төрийн намуудыг төлөвшүүлэн бэхжүүлэх, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага юм. Мөн ардчиллыг бэхжүүлэх явцад хуримтлуулсан мэдлэг, туршлагаа солилцох, ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжин, ардчиллын үйл явцыг урагшлуулахад дэмжлэг үзүүлдэг байна.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргавТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД НӨХӨН ОЛГОВОР ОЛГОНО

    Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсан. Энэ дагуу “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. 
    Үүнтэй холбогдуулан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн хэсэгт уул уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагаа явуулахыг зогсоолоо.

    Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн давхацсан хэсгийг цуцлах, нөхөх олговор олгохтой давхцаагүй хэсгийг хүчин төгөлдөр үлдээхтэй холбогдсон харилцааг журмаар зохицуулах юм.

    Нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусгах бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэг удаа нөхөх олговор авах юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговор авах хүсэлтийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авснаас хойш 2 жилийн дотор нөхөх олговрыг олгоно. Гэхдээ  тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусадтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийг билүүлээгүйн улмаас үүсэх зээл, төлбөрийг олгохгүй байхаар боллоо.

    Нөхөх олговор олгосны дараа холбогдох баримтыг үндэслэн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цуцлах юм байна. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журмын хэрэгжилтэд хяналт тавьж, нөхөх олговор олгох ажлын явц, дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт даалгалаа.

    Ашиг сонирхлын зөрчилтэй компаниудыг оруулахгүй

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компани (консорциум) –ийг сонгох урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг хэлэлцэн дэмжлээ. Урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн дагуу сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар,”“Эрдэнэс МГЛ”ХХК-ийн захирал Б.Энэбишд тус тус даалгав. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Тавантолгойн коксжих нүүрсний ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад хамруулж, УИХ-ын 2008 оны 40 дугаар тогтоолоор ордыг ашиглах хөрөнгө оруулалтын  гэрээний төсөл боловсруулах, хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх үндсэн зарчим удирдамжийг баталсан билээ. Тавантолгой ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд “ Тавантолгойн  нүүрсний ордыг түшиглэж үйлдвэр, зам,дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, төслийн хэрэгжилтийг нэмүү өртөг шингэсэн үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл ,  болзлыг хэрэгжүүлэх”,”дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт, ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж , гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани (консорциум)-ыг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах” үүргийг Засгийн газарт даалгасан юм.

    Засгийн газар УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар  ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгээс хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулан, хамтран ажиллах компани (консорциум)-ийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг нээлттэй хэлбэрээр явуулж, шалгарсан компаниудын  жагсаалтыг гарган, санхүү техникийн нөхцөлөөр хэлэлцээ явуулахаар урьдчилсан сонгон шалгаруулалтыг зарлах юм. Хураангуй жагсаалтад орсон компани (консорциум) нь уурхайн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төслүүдэд оролцох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон урьдчилгаа төлбөр, бүтээгдэхүүн хуваах зэрэг асуудлын хүрээнд ажлын хэсэгтэй хэлэлцээ хийх эрхээр хангагдах ажээ.

    Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үеэр   танхимын гишүүдээс гарсан саналыг дэмжин, Ерөнхий сайд хэд хэдэн зүйлд онцгойлон анхаарахыг зөвлөлөө.  Тухайлбал,  Тавантолгойн уурхай нь  түүхий нүүрс зөөх биш,   харин олборлолт цаашлаад борлуулалт нь зэрэг явагдаж байх, бүр түүнчлэн  коксжсон нүүрсний үйлдвэр байгуулах зорилго нэн тэргүүнд байх ёстойг онцоллоо.     Түүнчлэн компаниудыг шалгаруулахдаа  ашиг сонирхлын зөрчилтэй компаниудыг оруулахгүй байх бодлогыг Засгийн газар барьж байгаа ажээ.   Тавантолгой ордод ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа компани(консорциум) –ийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх юм байна.    Монгол улсын байр суурь хоёр хүний хүрээнд биш, хоёр сая гаруй  монгол хүний эрх ашигт нийцсэн ойлгомжтой байх ёстой гэдгийг  Ерөнхий сайд дурьдаад, Тавантолгойтой холбоотой бүх мэдээлэл нээлттэй ил тод байх ёстой, мөн Тавантолгой, Оюутолгой, төмөр зам гэх мэт томоохон төслүүдийн ажлын үйл явцыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах,ард иргэддээ тогтмол мэдээлж байх үүргийг холбогдох газруудад өглөө.  

    ХАЛДВАРТ ШАР ӨВЧНИЙ ЭСРЭГ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВНА

    Засгийн газрын хуралдаанаар  улсын хэмжээнд болон Говь-Алтай аймагт гарч байгаа вируст гепатит өвчний дэгдэлтийн шалтгаан, өвчний эсрэг авч байгаа ажлын талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсов. Үүнтэй холбогдуулан аймгийн төвийн усан хангамжийг ариутгадаг төхөөрөмжийг засварлах, ариутгал, халдваргүйтгэлийн бодис авах зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэн шийдвэрлэх боллоо. 
    Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын сургууль, цэцэрлэгүүд болон бусад аймагт өвчлөл их гарч байгаа учир холбогдох арга хэмжээг яаралтай авахыг  Эрүүл мэндийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгав.

    Вируст гепапит А өвчин Улаанбаатар хот, Хэнтий, Говь-Алтай, Дорноговь, Өвөрхангай, Дархан-Уул, Хөвсгөл аймагт голомтлон гарч байна. Он гарсаар Улаанбаатар хотод гэхэд л энэ өвчнөөр 380 хүүхэд өвчилжээ.  Мөн Говь-Алтай аймагт энэ өвчний 384 тохиолдол бүртгэгдсэний 272 нь 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 13-ны хооронд гарсан байна.

    Иймээс Эрүүл мэндийн яамны мэргэжлийн эмч нарын баг Говь-Алтай аймагт ажиллан тандалт судалгаа хийж, арга хэмжээ авсны дүнд өдөрт 9-11 бүртгэгдэж байсан өвчлөл 4-5 болж буурчээ. Аймгийн төв, Дарви, Тонхил суманд өвчин голомтлон гарч аймгийн төвийн 7 цэцэрлэг, 5 сургуулийн 154 хүүхэд өвчилсөн байна. Усны хүрэлцээ муу, усан хангамжийн системийг ариутгадаг төхөөрөмж 2008 оноос хойш ажиллаагүй, усан хангамжийн 9 эх булгийн 55,5 хувьд нь гэдэсний бүлгийг эмгэгтөрөгч нян илэрч бохирдсон, эх булаг хамгаалалтын бүсгүй, бохирдолттой, айл өрхүүдийн хашаа хог хаягдал ихтэй, бохир ус цэвэрлэх байгууламж нь ажилладаггүй, халдваргүйтгэлийн бодисын нөөц бага, цэцэрлэгийн хүүхдүүдийн хэрэглэсэн аяга тавгийг анги тус бүрт нь угааж цэвэрлэдэггүй, ажилчид нь угаах зааврыг мэддэггүй зэрэг олон шалтгаанаас болж өвчин дэгдсэн гэж эмч нар үзэж байна.

    Цаашид Говь-Алтай аймгийн төвийн 13-24 сартай хүүхдийг А вируст гепатитын эсрэг вакцинаар 12 дугаар сард  дархлаажуулах, аймгийн төвийн цэвэр, бохир усны хангамжийг цогцоор нь шийдэх, хүүхдийн байгууллагын ариутгал, халдваргүйтгэлийн материалын хангамжийг сайжруулах, шаардагдах хөрөнгийг төсөвт тогтмол тусгаж байх, халдварт өвчний тандалт, сэргийлэлтийн нэгж, алба байгуулах, орчны ариун цэврийн бохирдлыг арилгаж, их цэвэрлэгээг тогтмолжуулах шаардлагатай гэж мэргэжлийн баг үзжээ.

    ЗҮЙ ЁСНЫ МОНОПОЛЬ БОЛОН ДАВАМГАЙ БАЙДАЛТАЙ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИЙГ ТОГТООНО

     Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмын тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. Засгийн газрын 2005 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн тогтоолоор баталсан “Аж ахуй нэгжийн давамгай болон зүй ёсны монополь байдалтай, түүнчлэн тэр байдлаа алдсаныг тогтоох журам”-д зах зээлийн төвлөрөл, зах зээлд нэвтрэх саадыг тооцох, зах зээлийн хүчийг тодорхойлох зэрэг хэд хэдэн өөрчлөлтийг шинээр тусгах шаардлагатай болжээ.

    Журамд зүй ёсны монополь болон давамгай аж ахуй эрхлэгчийг судалж тогтоох, бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, зохицуулалт хийх, эрх, үүрэг, журамтай холбогдон гарсан хариуцлага, маргаан шийдвэрлэх зэргийг тусгасан байна. Зах зээлд тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнан буюу бусад этгээдтэй хамтран хийж байвал  давамгай байдалтай байна гэж Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай зүйлд заасан. Энэ нь давамгай байдалтай аж ахуйн нэгжийг тогтоохдоо зөвхөн борлуулалтын орлогоор тооцсон зах зээлийн хувиар тодорхойлох боломжтой байснаас бус хувь хүний /ченжүүд/ зах зээлд үзүүлэх нөлөөллийг тодорхойлж зохицуулах боломжгүй байлаа.

    Харин Өрсөлдөөний тухай хуульд “үйлдвэрлэл, борлуулалтын эсвэл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, төвлөрөл, хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болно“ гэж заажээ.

    Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний давамгай байдалтайг тогтооход үйлдвэрлэлт, борлуулалт эсвэл худалдан авалт, зах зээлийн төвлөрөл, саад, зах зээлийн хүч зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үзэж тооцох боломжтой болсон гэсэн үг юм.

    ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИУДЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИХ БОЛОВ

    Хуралдаанаар газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн газрын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Аливаа хуулийн төсөлд эрх зүйн үндэслэл, заалт, зориулалт, шалгуурыг тодорхой томъёолж байх хэрэгтэй. Бид хариуцлагын асуудал их ярьдаг хэрнээ үүнийг нарийвчлэн тусгаж өгөөгүйгээс хуулийн заалтыг яаж ч тайлбарлаж болдог, хариуцлага тооцоход хүндрэл учруулдаг  байдал үүсдэг. Иймээс үүнийг өөрчлөх ажлыг газрын харилцаатай холбоотой хуулиудын төслөөс эхлэнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

    ТОВЧХОН

    • 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны 13 дугаар хуралдааны дүнг сайшааж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, тус хорооны Монголын хэсгийн дарга М.Энхболдод үүрэг болгов.

    • Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын Хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, Хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар боллоо.

  • Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд ард түмэндээ хандаж үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд ард түмэндээ хандаж үг хэллээ Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого эхэлж
    байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий Сайд, 
    Тооллогын улсын комиссын дарга С.Батболд 
    ард түмэндээ хандаж үг хэллээ

    Монголын нийт ард иргэд ээ, 
    Манай оронд ажиллаж, амьдардаг гадаадын харъяат болон харъяалалгүй хүмүүс ээ. Энэ оройны 00 (тэг.тэг) цагт товлож Монгол орон даяар хүн ам, орон сууцны тооллогыг эхлүүлэх гэж байна.

    Улс орнууд хүн амаа 10 жил тутам тоолж байх НҮБ-ын зөвлөмжийн дагуу ээлжит тооллогоо “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” гэсэн уриан дор Монгол Улс явуулахаар бэлтгэлээ базаагаад байна.  Өнөөгийн байдлаар дэлхийн 53 улсын 2,6 тэрбум хүн тоологдоод байна. Манай хөрш ОХУ өнгөрсөн 10 дугаар сарын 14-25-нд, БНХАУ энэ сарын 1-ээс хүн амаа тоолж өнөөдөр дуусаж байна. БНСУ, Аргентина улсад мөн ийм ажил өрнөж байна.  Энэ онд дэлхийн нийт хүн амын 58 хувь тоологдох юм. Манай улс 1918 оноос хойш хүн амаа 10 дахь удаагаа тоолох гэж байна.

    Хүн ам, орон сууцны тооллого нь хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан нөхцөлийг судлах, нийгэм эдийн засгийн олон чухал хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцох, ирээдүйн хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөх, бодлого, хөтөлбөрийг боловсруулах, эрдэм шинжилгээний ажил, судалгаанд шаардлагатай статистикийн тулгуур мэдээлэл бүрдүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой.

    Энэ тооллогын үр дүнд тулгуурлан улс орны нийгэм,  эдийн засгийн цаашдын хөгжлийн төлөвлөлт, хөгжлийн бодлогыг боловсруулахад нэн чухал шаардлагатай мэдээллийн эх сурвалж бүрдэнэ. Тухайлбал, цаашид шинээр барьж байгуулах нийгэм соёлын газрууд, сургууль, эмнэлгийг хаана ямар багтаамжтай, хүчин чадалтайгаар баривал оновчтой болох, хүн ам зүй, нийгмийн мөн шилжилт хөдөлгөөний, эдийн засгийн болон хүн амын орон сууцны нөхцөл, хангамжийн талаарх мэдээллүүдийг цуглуулан авч цаашдын бодлого үйл ажиллагаандаа ашиглах боломж нөхцөл бүрдэнэ. Тооллого бол үнэт лавлагаа болж үлдэнэ. 

    Хүн ам, орон сууцны тооллого явуулах урьдчилсан бүх нөхцөл хангагдсан гэж улсын комисс үзэж байгаа. Энэ удаагийн тооллогын ажилд улсын хэмжээнд 30 гаруй мянган хүн дайчлагдан ажиллаж байгаагийн дотор 17 мянган тоологч, шалгагч нар тооллогын ажлыг гардан гүйцэтгэнэ. Бэлтгэл ажлын хүрээнд эдгээр хүмүүсийн шат шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тооллогын үр дүнг нэгтгэн гаргах, гадаадад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдийг интернэтээр тоолох программ хангамж, асуулга, заавруудыг бэлтгээд байна. Одоо ажил хариуцсан хүн бүр үүрэг, хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, ажилдаа чин сэтгэлээсээ, зүтгэл чармайлт гарган ажиллахаас энэ чухал ажлын эцсийн үр дүн шалтгаалах мөч тулж ирлээ.

    Тооллого энэ сарын 11-17-ны хооронд долоохон хоногт улс орон даяар нэгэн зэрэг явагдах ихээхэн хэмжээний хүн хүч, зохион байгуулалт, идэвхи зүтгэл шаардсан ажил байгаа юм. Бүх шатны Засаг дарга нарт энэ ажилд онцгой анхаарч тооллогын комиссоо удирдлагаар хангаж, биечлэн оролцож зохион байгуулах үүрэг даалгавар өгч байна. Үйлчилгээний газруудын хуваарийг оновчтой зохицуулах, ялангуяа, согтууруулах ундааг хязгаарлах талаар өөр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож байна.

    Зарим аймагт шүлхий өвчин гарсныг Та бүхэн мэднэ. Эдгээр аймгийн удирдлагууд хорио цээрийн дэглэмээ чанд сахиж, тооллогын ажилдаа нэгэн зэрэг анхаарч ажиллах хэрэгтэй. Тооллогын комиссын гишүүдийн олонх нь манай Засгийн газрын гишүүд байгаа. Сайд бүр хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тооллогын ажилд онцгой ач холбогдол өгч оролцохыг мөн анхааруулъя.

    Тооллогын ажлыг амжилттай явуулахад манай нийт иргэдийн оролцоо, эх оронч сэтгэл нэн чухлыг эцэст нь тэмдэглэе. Улс орны төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой 10 жилд ганцхан удаа явагддаг хүн ам, орон сууцны тооллогод иргэн бүр нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу идэвхитэй оролцохыг уриалж байна.

    Сайн үйлс дэлгэрэх болтугай.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргалааОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨВ

    Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа АИ-92 автобензины тонн тутамд 200 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 170 000 төгрөг болгов. Мөн нэг тонн дизелийн түлшинд 135 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 20 000 төгрөг, А-80 автобензинд 210 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 150 000 төгрөг болгов. Бусад алслагдсан боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулах  онцгой албан татварын хэмжээг хэвээр байлгахаар шийдвэрлэлээ. Дээрх үнийг 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс мөрдөнө. 

    Ингэснээр дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнэ харьцангуй тогтвортой байх боломж бүрдэж байна. 2010 оны 11 дүгээр сард АИ-92 автобензины импортын үнэ тонн тутамдаа 41 мянга, дизелийн түлш 184 мянга, А-80 автобензин 81 мянган төгрөгөөр тус тус өссөн учир онцгой албан татварыг бууруулах шаардлагатай болжээ. 

    ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН ЭНЭ САРЫН 15 ГЭХЭД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАНА
     
    Түлш, эрчим хүчний зарим үйлдвэр, компаний өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргалаа. 
    Энэ дагуу : 
    • Үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын хүрээнд хийж байгаа ажлуудыг төлөвлөсөн хугацаанд зохион байгуулж, 2010 оны 11 дүгээр сарын 15-ны дотор бүрэн дуусгах
    • 2010 оны улсын төсөвт Завхан аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дизель станцын алдагдлын санхүүжилтэд олгохоор тусгагдсан хөрөнгөөс хэмнэгдсэн 250 сая төгрөгөөс “Дулаан Шарын гол” ХК-ний 2010 оны 10-12 дугаар сарын үйл ажиллагааны зардалд 188 сая төгрөг, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумын цахилгаан эрчим хүчний хангамжид 2010 оны 5 дугаар сар хүртэл БНХАУ-аас импортолсон цахилгааны үнийн зөрүүд шаардагдах 62 сая төгрөгийг  салбарын сайдын багцад зохицуулалт хийх замаар  
    • Говь-Алтай аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дизель станцын алдагдлын санхүүжилтэд  олгохоор 2010 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгөөс хэмнэгдсэн 318 сая төгрөгөөс аймгийн Эрчим хүчний үйлдвэрт дутагдаж байгаа дизелийн түлш худалдан авах 
    • Нүүрс ачилтыг нэмэгдүүлэн нүүрс тээвэрлэх вагоны хангамжийг сайжруулж, 2010 оны 11 дүгээр сарын 20-ны дотор дулааны цахилгаан станцуудад 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа. 
     
    ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ 61 ХУВЬТАЙ БАЙНА 
     
    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г Засгийн газрын тогтоолоор Макро эдийн засгийн, Бодит салбарын хөгжлийн, Байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн, Ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангах, Гадаад бодлого, батлан хамгаалах, Засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого гэсэн 6 бүлэг, 35 зорилт, 474 арга хэмжээтэйгээр баталсан. 

    Дээрх арга хэмжээний хэрэгжилтийн явц 2010 оны эхний 3 улирлын байдлаар 64.1 хувьтай байгаа тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынwww.cabinet.gov.mn веб сайтаас авч болно.

    ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ ӨМНӨХӨӨС ӨСЧЭЭ

    Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2010 оны 3 дугаар улирлын дүнтэй танилцав. 4047 шийдвэрийн 6207 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажилласнаас 1739 заалт буюу 28 хувь нь биелж, 4361 заалт буюу 70.3 хувь нь хэрэгжих шатанд, биелэлтийг тооцох хугацаа болоогүй 99, тасарсан арга хэмжээ 8 байна. Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт 74.3 хувийн биелэлттэй байгаа нь өмнөх улирлаас 1.7 пунктээр өссөн гэсэн үг юм.  

    Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэрэг 141 шийдвэрийн 229 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авлаа. Эдгээрээс 56 заалт буюу 24.4 хувь нь биелж, 163 заалт буюу 71.1 хувь нь хэрэгжих шатанд, 10 заалтын биелэлтийг тооцох хугацаа болоогүй, 2 арга хэмжээний хэрэгжилт удаашралтай байна.

    ХУУЛЬ БУС НАЙМАА ХИЙСЭН ДИПЛОМАТ АЖИЛТАН АЖИЛГҮЙ БОЛНО

    Гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд улс орон, байгууллага, хамт олныхоо нэр хүндэд харш үйлдэл, эс үйлдэл санаатай гаргаж, хил дамнасан хууль бус худалдаа наймаа хийх, дипломат болон албан паспорт, дипломат дугаартай автомашин, дипломат элчийн зар, шуудан, ачааны хэвлэмэл хуудсыг ашиглан ашиг хонжоо олох зорилгоор бусдад дамжуулах, хууль бусаар ашиглах, хуурамч баримт бичиг үйлдэх зэрэг зөрчил гаргах нь цөөнгүй байна.

    Иймд дипломат ажилтны сахилгыг өндөржүүлэх үүднээс дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд дипломат албанаас шууд халахаар шинэчилсэн “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-д тусгалаа. Дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтан, тэдний гэр бүлийн гишүүд дээрх төрлийн зөрчил гаргавал тэднийг томилсон эрх бүхий албан тушаалтанд сахилгын шийтгэл  ногдуулна.

    Дипломат албанд ажиллагчид нь “гэр бүлийн гишүүд”-ийнхээ гаргасан үйлдэл, эс үйлдэлд Үндсэн хуульд заасны дагуу шууд хариуцлага хүлээхгүйг харгалзан үзсэн байна. Энэ дагуу тэднийг ёс зүйн болон суугаа орны хууль тогтоомж, олон улсын хил гаалийн дүрэм, журам зөрчихгүй, дипломат дархан эрх, ямба, дипломат болон албан паспортыг  хувийн ашиг хонжоо олох зорилгоор ашиглах зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж байх үүрэг хүлээлгэжээ.

    Элчин сайд, Байнгын төлөөлөгч, Ерөнхий консул нь сахилгын дүрэмд заасан зөрчил гаргасан тохиолдолд Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг мэдээллийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шалгаж, зөрчил хүлээлгэх үндэслэлтэй гэж үзвэл саналаа тухайн хүнийг томилсон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, зохицуулж байх боллоо. 

    Сахилгын дүрмийг шинэчлэн баталснаар дипломат албанд албан тушаал эрхлэх шаардлага өндөрсөж, цаашид албаны удирдлага, зохион байгуулалт, дипломат ажилтны ажлын хариуцлага сайжирна гэж Засгийн газар үзлээ. Дипломат ажилтан нь төрийн тусгай албан тушаалд хамаардаг бөгөөд ажлын онцлог, шинж чанараас шалтгаалан Монгол Улсын болон суугаа орны хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцид заасан хэм хэмжээг сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, ёс зүйн өндөр хариуцлага, сахилга бат, дэг журмыг сахих ёстой юм.

    ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ЁС ЗҮЙН ДҮРЭМТЭЙ БОЛОВ

    Төрийн захиргааны алба нь шударга ёс, хууль дээдлэх, тэгш байдал, хариуцлага хүлээх, олон нийтэд үйлчлэх гэсэн үндсэн 5 зарчмыг эрхэмлэн дээдлэнэ. Дээрх зарчмуудын хүрээнд төрийн захиргааны албан хаагчийн үүрэг гүйцэтгэхдээ удирдлага болгох ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс болон дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг дүрмэнд тусгасан байна.

    Тухайлбал: 
    • Төрийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх 
    • Төрийн үйлчилгээ үзүүлэхдээ алагчлалгүй хандаж, үйлчлүүлэгчдийн нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх
    • Хамт ажиллагсад болон бусад төрийн албан хаагчидтай ажил хэрэгч, эвсэг хамтран ажиллах чадвартай байх
    • Төрийн байгууллагын эд хөрөнгөд ариг гамтай хандах
    • Мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэх үүрэг хүлээж байна.  
    Түүнчлэн хөрөнгө орлогоо мэдүүлэх, төр, байгууллагын болон хувийн нууцыг хамгаалах, улс төрийн хувьд төвийг сахих ёстой. 
    Төрийн захиргааны албан хаагчаас ёс зүйн аливаа зөрчил болон зөрчил гарч болзошгүй тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх, мэдээллийн нууц, мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдсэн байх, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэхэд олон нийтийн болон дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, хэм хэмжээг зөрчсөн эсэхийг шалгах, дүгнэлт гаргах зэргийг тусгай журмаар зохицуулах юм.

    ТОВЧХОН

    • Улсын Их Хурлаас татаж авсан 2011 оны төсвийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.  
    • “Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд санал өгөв. Засгийн газраас 5 зүйл бүхий, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амыг аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах бодлогын чиглэл, зарлигийг хэрэгжүүлэх арга зам, хугацаа, энэ асуудлаар нийтэд хандсан уриалга гаргахыг санал болголоо. 
    • Уул уурхайн салбарын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг баталлаа. Жагсаалтад цэвэр зэс, цайр, мөнгө, хар тугалга болон баяжуулсан нүүрс, нүүрснээс гаргаж авсан кокс, хагас кокс зэрэг 17 бүтээгдэхүүнийг хамруулсан байна. Гэхдээ шинээр үйлдвэрлэгдсэн уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнийг жагсаалтад оруулах асуудлыг тухай бүр нь Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлж байхыг холбогдох сайд нарт даалгав. Экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнд НӨАТ-ын /”0”/ хувь хэмжээ хэрэглэх, бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, кодыг Засгийн газар тогтоохоор хуулинд заасан байдаг юм.   
    • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Шадар суурин төлөөлөгчийн газрын урсгал зардлыг улсын төсөвт тусгахаар болов. Тус байгууллагатай явуулах олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг нэмэгдүүлэн, үр дүнд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа. 
    •  “Урьдчилсан цэвэрлэх байгууламж” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын техник, технологийн болон иж бүрэн шинэчлэлийн 1 дүгээр үе шатны ажилд шаардагдах 1 тэрбум 740 сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргад төсвийн зээл хэлбэрээр олгохоор тогтлоо. Арьс ширний урьдчилан цэвэрлэх байгууламж “Харгиа” ХК-ийн барилга, байгууламжийг Нийслэлийн өмчид шилжүүлэн авч, “Урьдчилан цэвэрлэх байгууламж” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байгуулан эхний цэвэрлэгээ, ашиглалтын ажлыг нь эхлүүлээд байгаа юм.

  • 2.7 сая Монголчууд бид дэлхийн 6 тэрбум хүний хаана нь явна вэ

    2.7 сая Монголчууд бид дэлхийн 6 тэрбум хүний хаана нь явна вэ МАХН-ын дарга,
    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын
    МАХН-ын XXVI Их хуралд тавьсан
    “Шинэчлэл, Манлайлал, Хөгжил” сэдэвт улс төрийн илтгэл

    2010.11.04

    МАХН-ын XXVI Их хурлын хүндэт төлөөлөгчид өө,
     Журмын нөхөд өө,
    Эрхэм зочид, хатагтай, ноёд оо,
    Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, намын хамт олныхоо итгэл сэтгэлийг тээж, эх орныхоо өнцөг булан бүрээс хуран цугларсан төлөөлөгчиддөө чин сэтгэлийн баяр хүргэж, зочиддоо гүн талархал илэрхийлье.

    Өнөөдөр МАХН-ын удирдах байгууллага болох XXVI Их хурал үйл ажиллагаагаа эхэлж байна. Манай намын үе үеийн Их хурал Монголын нийгмийн анхаарлын төвд байсаар ирсэн. Учир нь их хурал бүрээс намын амьдралын төдийгүй Монгол Улсын хөгжилд нөлөөлөхүйц жинтэй шийдвэрүүд гардаг. Энэ удаа ч мөн адил манай намын их хурал руу олон нийтийн анхаарал хандаж байна.

    Арвин ургацынхаа ард гарч амсхийж буй тариаланчид, айсуй өвлийг их ажлаар угтаж буй малчид, амьдралынхаа ирээдүйг эргэцүүлж яваа залуус, алдаа оноог минь дэнслэх ахмадууд, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, банкны зээлээ хэрхэн төлөх вэ, яаж ажилтай орлоготой болох вэ гэж санаашран буй хүмүүс, тэтгэвэр, тэтгэмж, халамж, даатгалын үр өгөөжийг тооцож суугаа иргэд, шинэ бүтээн байгуулалт, ажлын байр бий болгох талаар сэтгэж зүтгэж яваа  бизнес эрхлэгч бүгд та бидний шийдвэрийг хүлээж байгаа. Та бидний гаргах шийдвэрүүд нь улс орны хөгжил цэцэглэлт, түмэн олны ажил амьдралтай  шууд холбоотой учраас тэр билээ.

    Хамгийн их догдлон харж буй хүмүүс бол манай намын мянга, мянган гишүүд, дэмжигчид юм. Тэдэндээ их хурлын төлөөлөгч та бүгдийн өмнөөс  халуун дотно мэндчилгээг дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

    Их хурлын эрхэм төлөөлөгчид өө,
    Улс орондоо шинэ эдийн засаг, зах зээлийн харилцаа, улс төрийн ардчиллыг тогтоон төлөвшүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулахаар 20 жилийн тэртээгээс бидний сонгосон зорилт амжилттай хэрэгжсээр байна. Энэ бодит хөрс суурин дээрээ тулгуурлаж “шилжилтийн” гэсэн сэтгэлгээг цэглэж, их бүтээн байгуулалт өрнүүлэх, хөгжилтэй улс орон, бүтээгч ард түмэн болох түүхэн цаг үе тулж ирлээ гэж манай нам үзэж байна.

    Их бүтээн байгуулалтын агуулга зорилт нь монгол хүнийг бүх талаар хөгжүүлж, иргэн бүр тав тухтай, хангалуун амьдрах  нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
    Улс орныхоо цаашдын хөгжлийн асуудлаар том зорилго, зорилт дэвшүүлэх, түүнийгээ биелүүлэх, үүнд учрах сорилт бэрхшээлийг даван туулах чадвартай улс төрийн хүчин бол МАХН юм гэж ард иргэдийн маань дийлэнх олонхи нь үзэж байгаа. Үүнийг удаа дараагийн сонгуулийн дүн ч харуулсан. Сүүлийн үеийн судалгааны дүн ч бас ийм байна. Энэ бүхэн манай намд урам зориг хайрлаж, эрч хүч, итгэл найдварыг бадрааж, улс орноо үсрэнгүй хөгжүүлэхэд бусдаас илүү хариуцлага хүлээх, түүхэн үүргийг бидэнд дахин оноож байна.

    Сэтгэлгээгээ, үйл ажиллагаагаа шинэчилж, өнгөрснөө зөв дүгнэж, ажил үйлс, зохион байгуулалтаа цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөн сайжруулж, бодлого зорилгоо улам тодорхой болгож, бодитоор хийж бүтээж байж л манай нам ард түмнийхээ итгэл, найдварыг биелүүлэх болно. Дэлхий дахинаа өрнөж буй даяарчлалтай холбогдон Монгол Улсын гадаад байдал ч өөрчлөгдөж  байна. Даяаршиж буй дэлхий ертөнц, өөрчлөгдөн буй өрсөлдөөнт нийгэмд оршин тогтнож, улмаар хөгжил дэвшлийн манлайлагч улс төрийн хүчин байхын тулд цаг ямагт шинэчлэгдэж байх учиртай. МАХН өөрийгөө өөрчилж шинэчилсээр ирсэн. Сүүлийн 20 жилийн түүх үүнийг гэрчилнэ. Цаашид ч тийм байх болно. Тиймээс манай намын шинэчлэл нь өөнтөгч нэгний хэлж байгаа шиг “өнгөлөн далдлалт” биш үүрэг хариуцлагаа ухамсарласан үйл ажиллагааны шинэчлэл юм. Өргөн олон түмнийхээ тусад, улс орноо хөгжүүлэхийн тулд шинэчлэгдэх ёстойгоо ухамсарлаж байна. Өнөө маргаашийн эсвэл сонгуулийн хугацаагаар хэмжигдэх “богино зайн” биш угтан ирэх 20 жилийг тоссон урт хугацааны стратеги бүхий шинэчлэлийн тухай ярьж байна. Үүний тулд та бид туулж ирсэн 20 жилийнхээ туршлага, сургамжийг эргэн санах учиртай.

    НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
    Ардчилсан өөрчлөлтийн 20 жил: түүхэн сургамж, өнөөгийн байдал

    1990 оны эхнээс идэвхжиж эрчимжсэн нийгмийг өөрчлөн байгуулах, ардчилах үйл явцын эхний оргил үр дүн бол мөн оны 7 дугаар сард болсон тэр үеийн БНМАУ-ын АИХ-ыг сонгож байгуулах анхны ардчилсан, чөлөөт сонгууль байлаа. Үр дүнд нь олон намын төлөөлөлтэй төрийн  эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага- АИХ, байнгын ажиллагаатай хууль тогтоох дээд байгууллага Улсын Бага Хурал гэсэн 2 танхимтай парламентын шинэ хэв маяг хэлбэршин тогтсон нь чухал ололт байлаа. Үр дүнд нь хүний эрх, эрх чөлөөг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээний стандартад хүргэж хууль эрх зүйн хувьд баталгаажсан гэж хэлж болно.

    Энэ цаг үеэс эхлэлтэй удаа дараагийн парламентаас гаргасан бодлогын шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгуулагдсан Засгийн газруудын үйл ажиллагаа нь ардчилсан өөрчлөлтийн гэх тодотголтой өнгөрсөн 20 жилийн өнгө аясыг тодорхойлж ирлээ. Өнгөрсөн 20 жилд эдийн засгийн уналт өсөлт, иргэдийн амьжиргааны эрсдэл, улс төрийн ялалт, ялагдал, түүнийг дагасан Монгол хүний бахархал омогшил, бухимдал, цөхрөл цөм багтана. Энэ хэрээр алдаа онооны арвин сургамж үлдээжээ. Иймд өнгөрсөн түүхээ  эргэцүүлж нухацтай дүгнээд улс орныхоо ирэх 20 жилийг ухаалгаар харж, бодлого зорилтоо тодорхойлох нь улс төрийн туршлагатай, тулхтай намын өөртөө хүлээх журамт үүрэг мөн.

    Ардчиллын 20 жилийн ойн хүрээнд ололт амжилтаа бид бишгүй ярьж байгаа. Үнэхээр ч ололт амжилт бий. Тухайлбал улс төрийн салбарт шинэ Үндсэн хуулиа баталж, үндсэн хуульт төрийн байгууллагын тогтолцоо, парламентат ёс, олон нам, иргэний нийгэм, өрсөлдөөнт чөлөөт сонгууль хэлбэршин тогтнож, улс төрийн эрх, эрх чөлөө хүртээмжтэй болсон.

    Эдийн засгийн салбарт, өмчийн болон аж ахуйн олон хэлбэр, хэвшил бий болж, хувийн өмч хуулиар хамгаалагдаж, өдгөө ДНБ-ний 70 орчим хувийг хувийн хэвшил бүтээж байна. Улсын үйлдвэрийн газрууд, мал сүрэг, орон сууцны хувьчлал, газар өмчлөлийн шийдвэрүүдийг гаргаж, эдийн засгийн харилцааг зах зээлийн зарчимд нийцүүллээ. Үүний үр дүн ч гарч байна. Тухайлбал эрдэнэт мал сүргийн тоо хорин жилд 10 гаруй саяар өслөө. “Атрын III аян”-ыг эхлүүлснээр газар тариалангийн үйлдвэрлэл сэргэж, үр тариа, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангах үндсийг бүрдүүллээ. Гадаад худалдаа, валютын ханш, үнэ, дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгож, эдийн засаг бүхэлдээ нээлттэй боллоо. Дэд бүтцийн салбар хөгжиж өнгөрсөн хорин жилд хатуу хучилттай авто зам 2824 км болж 2.4 дахин нэмэгдсэн бол үүрэн холбоо хэрэглэгчид давхардсан тоогоор 2.3 саяд хүрлээ.

    Нийгэм, оюун санааны амьдралд үг хэлэх, хэвлэн нийтлэх, шүтэн бишрэх, бүтээн туурвих эрх, эрх чөлөө бүрэн нээлттэй болж, олон ургальч үзэл, чөлөөт хэвлэл, эвлэл, холбоод, сүм хийд, шашны нэгдэл, бүлгүүд нийгэмд байр сууриа бодитой эзлэх боллоо. Боловсрол, соёл, эрүүл мэнд, халамж, даатгал, нийгмийн үйлчилгээний бусад бүх салбарт улсын болон хувийн хэвшил зэрэгцэн оршиж, өрсөлдөн уралдах болсон. Соёл, урлаг, шинжлэх ухааны салбарт шинэ санаа, нээлт бүхий үнэ цэнэтэй оюуны бүтээл туурвигдах нөхцөл бүрдлээ.

    Монгол хүний бие бялдар, билиг оюуны авъяас чадвар, мэдлэг ухааны үнэлэмж дэлхийн тавцанд гарлаа. Спорт, урлагийн салбарт олимп, тив, дэлхийн олон аваргууд төрлөө. Монгол хүн оюун ухаан, мэдлэг чадвараараа дэлхийд өрсөлдөж, нэр хүндтэй үйлдвэр, компани, урлаг, соёл, шинжлэх ухааны байгууллагад уригдан ажиллаж, олон улсын хөгжилд хувь нэмэр оруулдаг боллоо. Монголын компаниуд дэлхийн зах зээлд гарч, монголын гэсэн  олон брэндүүд бий болж эхэллээ.

    Монгол Улсын гадаад харилцаа бүрэн нээлттэй болсноор манай улс олон улсын Валютын сан, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын нэр хүндтэй олон байгууллага, нийгэмлэг, эвсэл, холбооны бүрэн эрхт гишүүн болсон. Ингэснээр бүс нутаг, тив, дэлхийд бүрэн гарцтай болж, тэр түвшний бодлого, үйл ажиллагаанд оролцож, улмаар улсын дотоод хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлж чадлаа. Ийнхүү улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санаа, гадаад орчны хүрээнд гарсан эерэг, дэвшилттэй зүйл, ололт амжилтыг МАХН онцлон тэмдэглэж байна. Энэ амжилт ололтоор МАХН бахархах бүрэн эрхтэй. Манай намын мянга мянган гишүүдийн зүтгэл, оролцоо энд бий. Сайн үйлийг бүтээлцсэн МАХН-ын бүх гишүүддээ, улсынхаа нэрийг дэлхийд гаргаж, нэр төртэй амьдарч байгаа Монгол хүн бүртээ намынхаа Их хурлын өмнөөс халуун баяр хүргэж, амжилт хүсье.
    20 жилийн ололт амжилтыг хамтран бүтээлцсэн бусад улс төрийн нам, хүчнүүдэд ч мөн талархлаа илэрхийлье.

    Төлөөлөгч, нөхөд өө,
    Өнгөрсөн 20 жилд энэ мэт гэрэл гэгээтэй, бахархах зүйл байгаа ч алдаа, эндэгдэл  багагүй гарсан. Гэхдээ энд өнгөрсөн үеийн бүх зовлонг тоочихгүй ээ. Тэгэх ч боломжгүй, тийм ч зорилготой Та бид цуглаагүй. Гагцхүү бидний бодлого, үйл ажиллагааны дутагдал, алдаа юу вэ? Түүнээс үүдэлтэй нийгмийн сөрөг үзэгдлийн үр дагавар, уршиг юу вэ? Түүнийг яаж засаж залруулах вэ? гэсэн сургамж, дүгнэлт, цаашдын бодлогоо ярих учиртай. Энэ учир шалтгааны үүднээс 20 жилийнхээ өндөрлөгөөс эргэн харахад бид ямар хүндрэлтэй нүүр тулгараад байгааг багцалж үзвэл:
    Нэг:  Ядуурал, ажилгүйдэл буурахгүй байна,
    Хоёр: Байгаль орчны доройтол, хямрал газар авч байна,
    Гурав: Нийгэм эдийн засгийн шударга ёсны хүсэмжлэлд бид бүрэн хариу өгч чадахгүй байна.
    Дөрөв: Хүмүүжил, ёс суртахууны доройтолыг зохих ёсоор засаж залруулж чадахгүй байна.
    Тав: Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын дархлааг сайжруулах шаардлагатай байна.
    Энэ таван багц  асуудал нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн, нэн тулгамдсан асуудал болоод байна. Эндээс 20 жилийн ололт амжилт ямар үнэ цэнээр ямар хохирол амсаж ирсэн нь харагдана.

    Монгол хүнийхээ амьдралыг сайжруулах тал дээр сүүлийн 20 жилд дорвитой ахиц гаргаж чадахгүй байна гэсэн гашуун ч гэсэн үнэн дүгнэлтийг хийхээс өөр арга алга. Ядуурал, ажилгүйдэл манай нийгмийн хамгийн том “өвчин” болоод байна. Өнөөдрийн байдлаар аваад үзэх юм бол хүн амын 2-3 хувь нь чинээлэг, 60 орчин хувь нь дундаж орлоготой, 38 хувь нь ядуу байна. 20 жил өөрчлөлт шинэчлэлт ярьж, том бодлого хөтөлбөр дэвшүүлж, уйгагүй их ажилласан ч гэсэн бид хүссэн амжилтандаа хүрсэнгүй. Ард түмний минь амьдрал сайжирсангүй. Дэлхий Банкны судалгаагаар 1998 онд хамгийн өндөр буюу 43 хувьтай байсан ядуурал аажмаар буурч байгаа хэдий ч Статистикийн газрын мэдээгээр 2009 оны байдлаар иргэдийн маань 38.7 хувь ядуу амьдарч байна. Харьцуулалтын аргын ялгаа байгаа ч энэ тоо нь нэг л зүйлийг илэрхийлж байна.

    Ядуурал дорвитой буурсангүй. Шилжилтийн эхэн үед эдийн засгийн суурь бүтэц эвдрэн хүн амын зарим хэсгийн амьжиргааны түвшинг буурч туйлдах сөрөг үр дагаварт хүргэсэн билээ. Үүнээс болж ард иргэдийн дунд урьд өмнө байгаагүй баян, хоосны ялгарал үүсэж цаашид улам нэмэгдэх аюул гараад байна. Манай намын зорилт бол баян хоосны туйлд хуваагдсан нийгмийг биш харьцангүй чинээлэг дундаж давхарга зонхилсон, нийт нийгмээрээ эвтэй, сэтгэл хангалуун амьдардаг тийм нийгмийг цогцлоон хөгжүүлэх зорилготой юм.

    Шилжилтийн үед манай эдийн засаг ихээхэн уналтанд орлоо. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1990 оноос хойш буурсан. Эдийн засаг сэргэсэн 2005 онд л 1989 оныхоо түвшинд хүрсэн байна. Хувьчлалыг оновчтой хийж чадаагүйгээс болж олон үйлдвэр, аж ахуйн газрын үйл ажиллагаа зогсож, олон зуун барилга байгууламж хоосон балгас болж, зарим нь бүр устаж арилсан юм. Хөдөө аж ахуйн нэгдлүүд татан буугдаж, худаг ус, хашаа хороо  тоногдон сүйрч эргээд нөхөхөд хүндрэлтэй томоохон гарз хохирол боллоо. Манай намын санаачилгаар тухайн үедээ хийгдэж байсан их бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон олон үйлдвэр аж ахуйн газар устаж үгүй болж ажилгүйдэл ядуурал ихээр нүүрлэсэн.

    Аж үйлдвэрийн салбар зогсонги байдалд орсныг өөрчлөх  гэж олон жил чармайсан ч боловсруулах салбар гэхэд  2004-2008 оны дунджаар ДНБ-ний дөнгөж 6 орчим хувийг эзлэх хэмжээнд хүрч байна. Энэ нь бага орлоготой улс орнуудынхаас 3-4 дахин доогуур үзүүлэлт юм. Тиймээс боловсруулах салбарынхаа үйлдвэрлэлийг өсгөх нь бидний бас нэгэн зорилт, сорилт болж байна.

    Аж үйлдвэр, банк хоёр харилцан бие биенээ дэмжиж хөгжих бололцоог тэр болгон бүрдүүлж чадсангүй. Банк санхүүгийн олон байгууллагууд  дампуурч олон мянган энгийн иргэд хохирсон. Буруутай этгээдүүдэд үйлдсэн хэрэгт нь тохирсон хариуцлага тооцсонгүй гэж олон иргэд бухамдаж байна. Бид бүх бурууг үүрдэг төртэй биш буруутай этгээдэд нь хариуцлага хүлээлгэж чаддаг шударга төртэй байхын төлөө зүтгэнэ. Хөрсөн доорхи баялагийг нээж, ашиглахдаа алдаа, дутагдал гарснаас болж байгаль сүйрч, гол мөрөн бохирдож, эх ундрага нь татарч, хүмүүсийн аж амьдралд хүндрэл учруулж байна. Тиймээс төрөөс тавих хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, иргэний нийгэм, ард иргэдийн сайн үйлсийн оролцоог дэмжиж тэтгэх, түгээн дэлгэрүүлэх, байгалийн баялагийг зөв ашиглах шинэ бодлогыг бид л хэрэгжүүлэх үүрэгтэй.

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний салбарт амжилт байгаа хэдий ч өмнө хүрсэн түвшингээсээ доошилж, ялангуяа хүртээмж нь багасч, тэгш адил чанартай үйлчилгээг нийтээрээ хүртдэг суурь зарчмаас ухарлаа. Одоо эдгээр салбаруудад суурь шинэчлэлт хийж Монгол хүн бүрийг боловсролтой, эрүүл болгохын төлөө өөрчлөлтийн бодлогоо эхлүүлж байна.

    Хөдөө, хотод сургууль завсардсан, нийслэлд гудамжны хүүхэд бий болж, нийгмийн оюун санааны амьдрал хямралд орж, гэмт хэргийн нөхцөл байдал хүндрэх болсон нь өнгөрсөн 20 жилийн бас нэг том алдаа юм. Нийгмийн шударга ёс алдагдаж, хууль ёс завхарч байгаа мэт ойлголт олон нийтийн дунд тархаж байгаа  нь өнгөрсөн он жилүүдээс үлдсэн сөрөг үзэгдэл төдийгүй өнөөгийн том эмгэнэл юм. Хүн бүр хуулийн өмнө адил эрх эдэлж, тэгш үүрэг хүлээх учиртай байтал хууль ялгавартай үйлчилдэг гэсэн дүгнэлтийг олон нийт хийж байна. Яагаад ийм дүгнэлт газар авч байна вэ? гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Хууль хүн бүрт тэгш шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх нь та бидний эрхэм зорилго мөн.

    Нийгэм улс орныг гутааж байгаа нэн аюултай үзэгдэл бол авилгал хээл хахууль юм. Энэ үзэгдлийг бид таслан зогсооно. Сүүлийн хорин жилээ эргэж харах юм бол нухацтай дүгнэлт хийх зүйл олон байна. Бид шилжилтийн гэх тодотголтой 20 жилийн бартаа, саадтай замыг даван туулж төгсгөлд нь ирлээ гэж бодож байна. Өнгөрсөн 20 жилд нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоотой парламент ёс руу, үзэл сурталчилсан нийгмээс чөлөөт ардчилсан нийгэм рүү, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн засаг руу харилцааны зарчмын хувьд шилжилт хийж чаджээ. Гэхдээ энэ шилжилтийг хийхэд асар их үнэ төлжээ. Одоо бид чанарын хувьд ахиц дэвшил гаргаж ажилгүйдэл ядуурлын асуудлыг шийдэхэд дорвитой алхам хийх шаардлагатай байна.
    Ийнхүү улс орныхоо ардчилсан өөрчлөлтийн түүхийг ололт амжилт, алдаа дутагдлын аль алинаар бичиж үлдээлээ. Одоо биднийг их бүтээн байгуулалтын урт зам, агуу их үйл хэрэг бүтээх цаг үе тосон хүлээж байна. 20 жилийн өмнө боломжгүй байсан олон зүйл өнөөдөр боломжтой боллоо.

    Монгол мөрөөдлийг биелүүлэхийн төлөө итгэл үнэмшил, тэмүүлэл зорилготой байх цаг ирлээ. “Бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй гэх явдал огт үгүй” гэж манай намыг үндэслэгч Дамдины Сүхбаатарын хэлж сургаж байсан хуучиршгүй үгийг санацгаая. Ийм ариун зорилго, эв нэгдэлтэй байгуулагдсан манай намынхан одоо ч нийт нэгэн үзүүрт сэтгэлээр их бүтээн байгуулалтыг эхлүүлэх итгэл төгс  хэвээр байна. Тиймээс одоо ирэх 20 жилээ угтан төлөвлөж, бодлого зорилтоо ярьцгаая. 

    ХОЁРДУГААР ХЭСЭГ
    МАХН-аас ойрын 20 жилд Их бүтээн байгуулалтын талаар баримтлах бодлого, зорилт

    Эрхэм нөхөд өө,

    Манай нам улс орныхоо ойрын 20 жилийг их бүтээн байгуулалтын үе гэж төсөөлж байна. Энэ бүтээн байгуулалтын эцсийн зорилго, үр дүн нь монгол хүний хөгжил, сайн сайхны төлөө байх ёстой. Учир нь нам бүхий л бодлогоо хүнээс ургуулан гаргаж, шүтэлцүүлж, гол цөмд нь Монгол хүнийг тавьж байна. Энэ бол манай намын бодлогын үндэс юм.

    Хүний амь амьдрал, эрх, эрх чөлөө, нэр төр, өмч хөрөнгө бол халдашгүй нандин зүйл мөн гэсэн үзэл санааг нам тууштай баримталж ажиллах болно. Улс орны хөгжлийн эцсийн хэмжүүр нь хүний хөгжил, иргэдийн амьжиргааны түвшин, чанар байх учиртай. Бид хөгжлийг тодорхойлохдоо улс орны өрсөлдөх чадварын индекс, хүний хөгжлийн индекс, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ зэргийг дэлхийн стандартын нэгдмэл хэмжүүрээр хэмжиж байх нь зүйтэй. Ингэж байж 2.7 сая Монголчууд бид энэ дэлхийн 6 тэрбум хүний хаана нь явна вэ гэдгээ тов тодорхой харах болно. Өөрөөр хэлбэл Монголчууд бид хүн төрлөхтний хөгжлийн, дэлхий ертөнцийн хүмүүсийн яг аль хавьд нь явна вэ гэдгээ багцаалж байх хэрэгтэй. Ийм стандарт хэмжүүрээр харвал өнөөдөр Монгол Улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийн улс орнуудын дотор 114 дүгээр байранд байна. Энэ үзүүлэлтээр 2015 онд 65-р байранд, 2021 он гэхэд эхний 50-р байранд орохоор зүтгэх тодорхой зорилт саналыг дэвшүүлж байна.

     Ийм учраас манай намын ойрын үеийн зорилт бол :
    • Монгол хүнийг ажилтай, орлоготой болгох,
    • Монгол хүнийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд эрүүл байлгах нөхцлийг бүрдүүлэх,
    • Монгол хүнийг дэлхийн түвшний боловсролтой болгох,
    • Монгол хүн гэмт хэрэггүй, амар тайван орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх,
    • Монгол Улсыг энэ бүхнийг дааж чадах эдийн засгийн чадавхитай орон болгоход оршино.  
    Монгол хүний төлөө гэсэн нэгэн багц зорилгод багтах эдгээр зорилтод хэрхэн, яаж хүрэх вэ гэдэг талаар одоо ярилцъя.
    Монгол хүн бүр ажил, орлоготой байх нь хөгжин дэвшихийн үндэс мөн
    Ажил хөдөлмөр бол амьдралын үндэс билээ. Монголчууд үүнийг “ажил хийвэл ам тосдоно” гэсэн маш энгийн гаргалгаагаар илэрхийлдэг. Бидний цаашдын 20 жилд хийх хамгийн том ажлын нэг бол ажилгүйдэл ядуурлыг бууруулах явдал. Цөөн хүнтэй Монгол орон баялагийн асар их нөөцтэй атлаа ядуурал ихтэй байгаа нь эмгэнэл юм.

    Өнгөрсөн хугацаанд ядуурлыг бууруулах чиглэлээр төрөөс, олон улсын ба гадаад, дотоодын төрийн бус байгууллагаас олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, асар их хөрөнгө мөнгө зарсан. Хүмүүнлэгийн байгууллагууд ч хандив өглөг их тараалаа. Байдал өөрчлөгдсөнгүй. Харин ч ядуурлын эргүүлэг улам гүнзгийрэх шинжтэй боллоо. Ийм байдлыг эцэс болгож, “ажилгүйдэл-ядуурал, ядуурал- ажилгүйдэл” гэсэн мухар эргүүлэгээс гарах гарцыг МАХН олж харах ёстой. Энэ бол их бүтээн байгуулалт. Их бүтээн байгуулалт бол асар том хөдөлмөрийн талбар, ажлын байрны багтаамж ихтэй зах зээл юм. Тэнд ажил ундарч, хүн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, хөгжин дэвжинэ. Ажилгүйдлийг бууруулж, ядуурлаас гарах бодитой гарц, хөгжил дэвшилд хүрэх баттай зам энэ юм. Манай нам бүтээн байгуулалтыг удирдах арвин туршлагатай учир энэ ажлыг манлайлж чадна. Их бүтээн байгуулалтанд гар бие оролцож, хийж бүтээснээрээ бахархах хүсэл эрмэлзэлд хөтлөгдсөн мянга, мянган гишүүд, Монголын нийт ард түмэндээ итгэж байна.

    Манай намд бүтээн байгуулалтын маш тодорхой бодлого, хөтөлбөр байна. Эдийн засгийн бодлого бүхэлдээ үүнд чиглэгдэх болно. Монгол хүн бүр үндэснийхээ баялагаас оролцооныхоо хэрээр шударга хүртэх, иргэн бүр ажил хөдөлмөр эрхлэн байнгын орлоготой болох боломжтой байхаар хүний амьдралын чанарыг дээшлүүлэх нөхцөл бололцоог хангах нь намын эдийн засгийн бодлогын үндсэн зорилт байсаар байх бөгөөд эхний ээлжинд хүний хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлого баримтлах нь зүйтэй.

    Энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ орчин цагийн дэвшилтэт зүүн төвийн социал-демократ намын хувьд зах зээлийн эдийн засаг дахь харилцааг тууштай эрчимжүүлэх, төрийн зохицуулалтыг оновчтой болгох, эдийн засгийн нийгмийн баримжааг гүнзгийрүүлэх зарчмыг баримтална. Ойрын хугацаанд уул уурхайн салбар нь эдийн засгийн хөдөлгүүр, орлогын үндсэн эх үүсвэр байх болно. Иймд стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах нь төр засгийн үүрэг тул гадны хөрөнгө оруулалтын хяналтын тогтолцоог бий болгож, дотоодын, ялангуяа орон нутгийн бараа үйлчилгээг худалдаж авах зарчмыг хуульчилж, уул уурхайн салбараас орох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна.

    Бид эрдэс, түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрийн газруудыг цогцолбор хэлбэрээр түлхүү хөгжүүлэх шаардлагатай. Манай намын хэтийн зорилго нь мэдлэгт суурилсан, байгаль орчинд ээлтэй, өрсөлдөх чадвартай, хүнд болон боловсруулах аж үйлдвэр хослон хөгжсөн эдийн засагтай болоход оршино.

    Үүний зэрэгцээ газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо бага хэмжээгээр ч хамаагүй үйлдвэрлэж, эрчим хүчний хангамж, шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулан дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, эрчим хүч экспортлох шаардлагатай байна. Шинээр ашигт малтмалын орд газруудыг ашиглах, уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмжин бүс нутгуудыг холбосон, далайд гарах боломжийг бүрдүүлж, Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэх төмөр замыг сүлжээг өргөтгөнө. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрийн нэмүү өртөг үйлдвэрлэх салбаруудыг дэмжиж, түүнийг дагалдах дэд бүтцийг бий болгоход онцгой анхаарна.

    Их бүтээн байгуулалтын буухиа галт тэрэг нэгэнт хөдөлсөн. “Шинэ бүтээн байгуулалт”, “Шинэ төмөр зам” зэрэг улс орны хэмжээний том төслүүдийг санаачилж, төрийн бодлого болгон батлуулж эхний алхмаа хийгээд байна. Цаашид улам хурдлуулж, эрчийг нь авахуулах болно. Үүний тулд аймаг бүрт нэг томоохон төсөл хэрэгжүүлэхийг бид зорьж байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймагт Асгатын мөнгөний ордыг, Дорнодод ураны орд газруудыг, Дорноговьд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг, Өмнөговьд Оюутолгой, Тавантолгойн орд гэх мэт төслүүдийг эхлүүлж үр дүнд хүргэнэ. Эдгээрийг дагаад олон арван мянган ажлын байр бий болгоно.

    Үүний зэрэгцээ ажлын байр олноор бий болох барилга, зам гүүр, аялал жуулчлал, харилцаа холбоо, худалдаа, банк, санхүүгийн болон үйлчилгээний бүх төрлийн салбарыг тодорхой бодлоготойгоор үе шаттай хөгжүүлнэ. Орчин үеийн мэдээллийн болон нано, био зэрэг өндөр технологийг дэмжин инновацийг хөгжүүлэх замаар эдийн засгийнхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарна. Эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах, хөрөнгө оруулалтаар дэмжих, банк санхүү, даатгалын тогтолцоог зах зээлийн горимд бүрэн оруулах, хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин, менежментийг сайжруулах зэрэг олон асуудал манай эдийн засгийн бодлогод багтаж байна.

    Ядуурлыг бууруулах, харьцангүй чинээлэг нийгмийн дундаж давхаргыг бий болгоход төрөөс жижиг дунд бизнесийг дэмжих нь чухал гэдэгтэй бүгд санал нийлнэ. Өнөөдөр энэ чиглэлээр тодорхой ахиц байна. Анх удаа төсөвт тэрбум, тэрбумаар хөрөнгө суулгаж, орон нутагтаа төсөл шалгаруулж жижиг дунд бизнест санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Татварын таатай орчинг бүрдүүлж өгснөөр бизнесийн нааштай орчин бүрдэж эхэллээ. Гэхдээ олон чиглэлээр хийгдэж байгаа ажлыг нэгтгэж, илүү үр ашигтай болгож, хувийн хэвшлийн удирдлага, менежментийн зарчмыг нэвтрүүлэхэд онцгой анхаарах цаг нь болжээ. Олон улсын шугамаар орж ирсэн төслийг нэг газар удирдаад, төсвөөс өгсөн ажлыг өөр газар удирдаад, хөдөлмөр эрхлэлтийн шугамаар гуравдах газар ажиллаад байгаа нь бодит үр дүн гаргахад хүндрэл учруулж байна. Үүнийгээ ч засаж залруулах хэрэгтэй.

    Өрхийн амьжиргааг дэмжих микро-бизнесийн талаар зориуд цохож хэлье. Энэ асуудлыг бүр мөсөн орхигдуулсан байна гэхэд хилсдэхгүй. Гол төлөв гэр бүлийнхээ хүрээнд ажилладаг, томоохон барьцаа тавьж зээл авах чадваргүй мөртлөө хэдэн зуун мянга, цөөн хэдэн сая төгрөгөөр эргэлдэж байгаа микро-бизнесүүд олон арван мянган гэр бүлийг ажил амьдралтай болгож, ядуурлын ирмэгээс холдуулж байна. Иймд төрөөс өрхийн амьжиргааг дэмжих микро-бизнесийн орчин, тогтолцоо, санхүүжилтийн асуудлыг шийдэх зорилт дэвшүүлж ажиллана.

    Хөдөө аж ахуй бол манай улсын хамгийн чухал эдийн засгийн том салбар билээ. Түүнийг эрсдэлээс үл хамаарах, үр ашигтай, эрчимжсэн, өөрийгөө бүрэн тэтгэх чадвартай, үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилгоор Хөдөөг цогцлуулах 21-р зууны бодлого, үйл ажиллагааг бид эхлүүлнэ. Хөдөөгийн хөгжлийн цогц бодлогын хүрээнд мал аж ахуйн салбарт “Малчин-хоршоолол-үйлдвэрлэл” гэсэн шинэ эргэлтийг бий болгон, малчдын “өөрөө-өөртөө туслах”, “өөрөө-өөрийгөө удирдах” иргэний нийгмийн бүтцийг үүсгэн хөгжүүлэхийг дэмжих, малчдын боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэх, тусгай мэргэжил эзэмшүүлэх, малчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах замаар амьдралын дадал, заншилд өөрчлөлт оруулах чиглэлийг баримталж байна.
    Тариаланчдын ургуулсан улаан буудайд урамшуулал  өгч байгаатай адил эрүүл, өндөр ашиг шимтэй малтай малчдад болон үндэсний үйлдвэрт тушаасан түүхий эд, бүтээгдэхүүнд урамшуулал олгодог тогтолцоог бий болгоно.

    Монгол улсынхаа үндэсний соёл, ёс заншил, өв уламжлалын үнэт баялгийг эрхэмлэн шүтэж, их ачааг нуруундаа үүрч яваа малчин түмнээ дээдэлж, мал сүргээ хамгаалах  манай намын уламжлалт бодлого хэвээр байх болно.

    “Атрын III аян”-ны хүрээнд өрнөсөн шинэчлэлийг эрчимжүүлж газар тариалангийн үйлдвэрлэлийг стратегийн салбар болгож, Монгол Улс экспортлогч орон болохыг зорино. Тиймээс байгаль дэлхийнхээ ашиг шимийг хүртэж, эх орныхоо хөгжлийг тэтгэж байгаа тариаланчдаа дэмжсэн бодлогоо улам өргөжүүлнэ.
    Ажлын байрны тоог нэмэгдүүлэхэд Төв банкны бодлого, үүрэг чиглэл чухал юм. Дэлхийд олон оронд байдаг жишгийн дагуу Төв банк нь үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүргээс гадна, үүний зэрэгцээ санхүүгийн тогтвортой байдал болон хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжих гэсэн хоёрдогч чиг үүргийг хүлээдэг болгох нь зүйтэй. Иймээс цаашид Төв банкныхаа чиг үүргийг өргөжүүлж, үнийн тогтвортой байдал ба хөдөлмөр эрхлэлт гэсэн тэнцвэртэй хоёр асуудлыг бодлогынх нь үндсэн чиг үүрэг болгох талаар судлан үзэх нь зүйтэй гэж үзэж байна.

    Ийнхүү их бүтээн байгуулалтыг өрнүүлж, эдийн засгийг тэлэх замаар Монгол хүн бүр ажлын байртай болсноор манай улс байгалийн баялагт дулдуйдсан хэрэглэгч “баян улс” байхаасаа илүү хөдөлмөрөөрөө баялаг бүтээдэг бүтээгч ард түмэнтэй жинхэнэ хөгжилтэй улс орон болно. Тэр цагт бүтээн байгуулалтын эдийн засаг бүгдэд үр шимээ өгч хүн бүр үндэснийхээ баялагаас оролцооныхоо хэрээр шударгаар хүртэх тогтолцоо бүрдэнэ. Ойрын 20 жилийн хэтийн төлөвөө манай нам ингэж тодорхой харж байна. Иймд их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхийн тулд бид бүх боломж нөөцөө дайчлах нь ойлгомжтой. Саад бэрхшээлд шантрахгүйгээр “Хэцүү ч гэсэн хийж бүтээхийг зорьё” гэсэн уриагаар бүтээн байгуулалтаа өрнүүлж чадвал хүссэн зүтгэсэндээ заавал хүрэх болно. Та бид үүнийг хийж чадна. Энэ их үйл хэргийг манлайлан зүтгэхийг Их хурлын төлөөлөгч та бүхэндээ, намын нийт гишүүддээ хандан уриалж байна.

    Эдийн засгийн өсөлт нь хүний хөгжлийн үндэс болох ёстой
    Бид сая хөгжлийн төлөө гэсэн Монгол хүнийг хэрхэн бэлтгэх тухай ярилаа. Тэгвэл одоо хүний төлөөх хөгжлийн тухай цөөн хэдэн зүйл хэлье.
    Хүний хөгжлийн материаллаг үндэс нь эдийн засаг түүний өсөлт юм. Иймээс манай намын эдийн засгийн бодлого энэ зүг чиглэх ёстой. Манай эдийн засгийн өсөлтийн эмзэг, бүтцийн өрөөсгөл байдлыг өөрчилж, тогтвортой өсөлтийн баттай суурийг бүрдүүлэх нь манай намын эдийн засгийн бодлогын үндсэн чиглэл байх болно. Эдийн засгийн тогтвортой, баттай өсөлтийг хангаж чадсанаар нийгмийн асуудал, хүний хөгжлийн зорилтуудыг амжилттай шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

    Иймд манай нам эдийн засгийн болон нийгмийн бодлогын уялдаа холбоог хангахад онцгой анхаарна. Учир нь сүүлийн 5 жилд нэг хүнд ногдох орлого 38.5 хувиар өссөн байхад ядуурлын түвшин буурахгүй байгаад дүгнэлт хийх ёстой. Өөрөөр хэлбэл эдийн засаг өсөөд байдаг, ажилгүйдэл ядуурал буурахгүй харин ч нэмэгдээд байдаг. Ийм урвуу хамаарал, гаж үзэгдэл нь манай эдийн засгийн тогтолцоо, нийгмийн баялагийн хувиарлалтын төрийн механизм эрүүл бус байгааг, эдийн засаг нь нийгэмдээ, хүндээ, өгөөж муутай байгааг илтгэж байна. Тиймээс бид энэ асуудлыг ирээдүйн бодлогодоо зайлшгүй харгалзаж үзэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох учиртай.

    Өнөөдрийн нийгэмд тэгш биш байдлын тухай асуудал ихээхэн хөндөгдөж байна. Тиймээс орлого хувиарлалт, санхүүжилт, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал төдийгүй амьдралын гарааны тэгш байдал, ижил хүртээмжийг дэмжсэн бодлогыг зүүн төвийн намын хувьд илүү хүчтэй тавих зайлшгүй шаардлага байна.

    1999 оноос хувь хүний шимтгэлийн хуримтлалаас хамааран тэтгэвэр тогтоох нэрийн дансны шинэ тогтолцоонд шилжсэн билээ. Гэвч тэтгэврийн хэмжээ  тэтгэвэр авагчийн амьдралд хүрэлцэж байгаа эсэхийг хянан дүгнэж үзэх хэрэгтэй байна. Цаашид манай нам ахмад настны амьжиргаанд бодитой дэмжлэг үзүүлэхүйц байхаар тэтгэврийн шинэчлэл хийнэ.

    Нийгмийн халамжийн үйлчилгээний 2008 оны гүйцэтгэлийг 1996 оныхтой харьцуулбал хамрагдсан хүний тоо 5 дахин, зарцуулсан хөрөнгийн хэмжээ 10 дахин нэмэгджээ. Нийгмийн халамжийн нийт зардлын 30 орчим хувь нь л тэтгэмж авбал зохих хэсэгт очиж, үлдсэн 70 хувь нь улс төрийн намуудын  сонгуулийн амлалтаас үүдэлтэйг судалгаагаар тогтоожээ. Тиймээс халамжийг очих ёстой эзэнд нь, эмзэг хэсэгт нь онож олгох төрийн бодлогыг хэрэгжүүлнэ. Бас хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах асуудлыг ч шуурхайлан шийдэж энэ салбарт шинэчлэлийг зоригтой эхлүүлнэ. Мөн нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгож бүх хүн тэтгэврийн харилцаанд хамрагдах баталгааг хангах болно.Эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнтэй, хувийн хэвшлийн бүтээгч чанарыг хөгжүүлсэн, их бүтээн байгуулалт, их үйл хэргийн талаар ярилцдаг, дундаж давхарга нь олонхийг бүрдүүлдэг тийм нийгмийг байгуулах нь бидний ирэх 20 жилийн том зорилт мөн.

    Бүтээн байгуулагч хүн эрүүл байх ёстой
    “Эрүүл биед саруул ухаан оршино” гэж эцэг өвгөд маань сургаж ирсэн. Бас “Эрүүл мэнд хамгийн үнэт баялаг” гэсэн эртний үг бий. Эрүүл биетэй, саруул ухаантай, эх оронч сэтгэлтэй, эзэн Монгол хүн бол манай улсын эрхэм дээд баялаг билээ. Устах аюулын эрмэгт тулсан ядуу буурай, өвчин зовлонд баригдсан XX зууны эхэн үеийн хагас сая Монголчуудыг эмчлэн эдгэрүүлж 2.7 сая хүргэсэн нь XX зууны түүхэн ололт, МАХН-ын нэг гавъяа мөн. Уг нь энэ салбарт болж бүтэж байгаа юм багагүй бий. Энгийн нэг жишээ дурдахад л Мянганы хөгжлийн зорилтуудад дурдсан эх, нялхасын эндэгдлийг 2015 он гэхэд хоёр дахин бууруулах зорилтыг бид бүрэн биелүүлэх боломж бүрдээд байгаа. Гэхдээ нэгээс бусад бүх эрхтэн эрүүл байгаад ч ганц л эрхтэн эмгэгтэй бол хүнийг бид цоо эрүүл гэж үздэггүй шиг эрүүл мэндийн салбарт ч дутагдалтай, доройтолтой байгаа зүйлс нь түүнийг бүхэлд нь доголдолтой болгон харагдуулж байгаа нь нууц биш. Цаашид хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс хэвшүүлэх, эрүүл орчин бүрдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ хөгжих таатай нөхцөл бий болгох нь төрийн эн тэргүүний үүрэг байх ёстой гэж үзнэ.

     Эрүүл хүнс хэрэглэх нь эрүүл аж төрөх ёсны анхдагч нөхцөл юм. Тиймээс хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцооны асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хэрэгтэй байгааг онцлоё. Нийт иргэдийг биеийн тамираар тогтмол хичээллэх нөхцөл боломж бий болгож, биеийн тамираар хичээллэсэн хүн бүрийг бүх талаар дэмжих орчин, нийгмийн уур амьсгал бүрдүүлэх нь нэг их хөрөнгө шаардахгүй хийх ажил. Энэ бүхэнд манай гишүүдийн манлайлал чухал.

     Гэхдээ хамгийн гол асуудал нь яагаад манайд эмчилгээгүй эмгэгтэй хэмээн оношилсон хүн гадаадад очоод эрүүл хэмээн оношлогддог юм бэ? Яагаад эрүүл хэмээн явуулсаар байсан зарим нь гадаадад очоод архаг эмгэгтэй гэсэн хатуу онош сонсдог юм бэ? Онош яагаад ийм хол зөрдөг юм бэ? Нэгэнт оношилсон эмгэгийг яагаад гадаадад илүү эмчлээд, энд эмчилж болдоггүй юм бэ гэх зэрэг олон “яагаад” гэсэн зүй ёсны асуултууд шил шилээ даран гарах боллоо.
    Төрөөс иргэдэд үзүүлэх суурь үйлчилгээний нэг болох эмнэлгийн тусламж үйлчилгээ хөгжих таатай нөхцөлийг бүрдлүүлэх талаар дараах зүйлийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байна.

    Тухайлбал:
    Нэг: Европ болон өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн салбарын стандарт, арга зүй, “ноу-хау”, технологийг Монголд нэвтрүүлэхийг зорино.
    Хоёр: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн хувиарлалтыг оновчтой, зарцуулалтыг үр ашигтай болгох шаардлагатай байна. Эрүүл мэндийн салбарын орлогын тэгшитгэлийг халж, сайн ажилладаг, ур чадвар, боловсрол өндөртэй нь илүү хөлс авдаг байх шударга тогтолцоог нэвтрүүлэх болно. 
    Гурав: Эрүүл мэндийн даатгалын системд өрсөлдөөнт хоёр тогтолцоог нэвтрүүлэхийг зорино. Өрсөлдөөнт гэдэг нь даатгалын байгууллагууд нь даатгуулагчаа нэмэгдүүлэх гэж хоорондоо өрсөлддөг, эмнэлгийн байгууллагууд нь даатгалын байгууллагыг өөртөө татах гэж шударга ханддаг орчинг бүрдүүлэх тухай юм. Өөрөөр хэлбэл, даатгалын байгууллага – эмнэлэг – даатгуулагч гэсэн олон улсын стандартад нийцсэн тогтолцоог нутагшуулах гэсэн санаа юм.  
    Дөрөв: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох шаардлагатай байна. Манай улс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 3 шатлалын зохион байгуулалтай хэдий ч бодит амьдрал дээр дүүргийн эмнэлэгүүд нь эрүүл мэндийн хоёр дахь шатны  үйлчилгээгээ үзүүлэхгүй, харин гурав дахь шатны эмнэлэгүүд нь тэднийн үүргийг гүйцэтгэж, улмаар сонгодог утгаар нь нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хөгжүүлж чадахгүй байна. Иймд цаашид манай орны өнөөгийн нөхцөл байдалд нийцсэн бүтэц, зохион байгуулалтын оновчтой  хувилбарыг тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээг дэс дараатай төлөвлөж,  ажил хэрэг болгох хэрэгтэй байна.
    Тав: Эрүүл мэндийн салбарт төр ба хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг болно.
    Монгол хүн эрүүл байхын нэг үндсэн нөхцөл бол экологийн аюулгүй орчинд амьдрах явдал билээ. Гэтэл хүний энэ үндсэн эрх хотод ч, хөдөөд ч зөрчигдөж байна. Монголын байгаль орчны бохирдол доройтол нь манай өнөөгийн хамгийн ноцтой, хамгийн эмзэг нэн тулгамдсан бүх нийтээр анхаарлаа хандуулбал зохих асуудлын нэг боллоо. Байгаль экологийг сэргээх нь зарим талаар хүний өвчнийг анагаахаас хэцүү. Гэхдээ арга зам, гарц олон бий.

    Байгаль орчныг хамгаалах бодлого манай намын үзэл баримтлалд онцгой байр суурь эзэлдэг. Эдийн засаг, эрх зүй, сурталчилгааны чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон хөтөлбөр, төслүүд манай намд бий. Энэ бүхнийгээ бид цаг алдалгүй хийж хэрэгжүүлж бодит үр дүнд хүрэх ёстой.

      Боловсролтой хүн бүхнийг бүтээнэ
    Их бүтээн байгуулалтыг хийх хүн заавал боловсрол, мэргэжилтэй, дэлхийд өрсөлдөх хэмжээний чадвартай байхыг цаг үе биднээс шаардаж байна. Энэ нь нэгдүгээрт, манай бүтээн байгуулалт өөрөө том цар хүрээтэй, орчин үеийн техник, технологийн өндөр түвшнийг шаардаж байгаагаас, хоёрдугаарт, орчин үеийн бүтээлч сэтгэлгээтэй бүтээлч иргэн гэдэг бол дэлхийн хүний стандартад нийцсэн шаардлагаар нөхцөлдөж байгаа юм.

    МАХН XX зууны Монгол оронд жинхэнэ боловсролын хувьсгал хийж, бүх нийтийг бичиг үсэгтэй, бага, дунд, тусгай мэргэжлийн боловсролтой болгож, дээд боловсрол, үндэсний шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөрийн бүх салбарт манлайлагч үндэсний сэхээтнүүдийг төрүүлсэн бахархам түүхтэй.
    Өнгөрсөн 20 жилд манай нийгэмд тохиосон нэг эмгэнэл бол хот, хөдөөгийн олон хүүхэд сургууль завсардаж, нийслэлд гудамжны гэх хүүхдийн нэгэн давхраа үүссэн төдийгүй, нийгэмд оюун санааны хомсдол бий болсон явдал билээ. Энэ нь хүний мөс чанар, зан суртахуун, ёс зүйн эвдрэлд хүрснээр гэмт хэрэг, нийгмийн элдэв сөрөг үзэгдлүүдийг төрүүлсэн. Энэ бүхнийг засаж залруулах асуудал нийгэмд нэн хурцаар тулгараад байна.

    Эдгээр бэрхшээлтэй асуудлыг даван гарах, улмаар дэлхийд өрсөлдөх боловсролын чадавхитай Монгол хүнийг сургаж бэлтгэх түүхэн үүргийг манай нам биелүүлнэ. Үүний тулд  боловсролын салбартаа олон өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлсэн. Энэхүү өөрчлөлт шинэчлэлтээ эрчимтэйгээр улам гүнзгийрүүлэх шаардлага байна

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр болж дараах шийдвэрүүдийг гаргав

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр болж дараах шийдвэрүүдийг гаргав ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭ, СУУРЬ БҮТЦИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ

    Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ХК-д олгов. Төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг “Хөгжлийн банк”-аар дамжуулан шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.

     Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах стратегийн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, нөхцөлтэй уялдуулах замаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо бүхий компани /консерциум/ байгуулж улмаар төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг шилжүүлэх санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсэг /Н.Алтанхуяг/-т даалгав.

    Төмөр зам барих төслийн ажилд шаардагдах зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгаруулах санал боловсруулахыг “Монголын төмөр зам” ХК-д үүрэг болгосон байна.“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д зааснаар эхний үе шатанд Даланзадгад-Чойбалсангийн чиглэлд 1100 орчим км төмөр замын суурь бүтцийг 2010 оноос барьж эхлэхийг УИХ-ын тогтоолоор Засгийн газарт даалгасан юм.  

    ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙГ БУУРУУЛАХ СУДАЛГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

     Улаанбаатар хот орчмын хүчтэй газар хөдлөлтийн голомтуудыг нарийвчлан судлах, газар хөдлөлтийн аюул, эрсдэлийн үнэлгээг шинэчлэн тогтоох судалгаа, шинжилгээ хийхээр боллоо. Газар хөдлөлтийн идэвхжилтийн бүсэд нарийвчилсан судалгаа хийх, идэвхтэй хагаралууд дээр геофизикийн ажиглалтын байнгын цэг байгуулахад шаардагдах 2 тэрбум 110 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Мөн газар хөдлөлтийн гамшгийн үед хэрэглэх техник, багаж хэрэгсэл авахад шаардлагатай 6 тэрбум 851 сая гаруй төгрөгийг жил бүрийн улсын төсөв /төсвийн тодотгол/ боловсруулах явцад үе шаттайгаар Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад тусгаж байхаар болов.

     98 ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХООР ТӨЛӨВЛӨЖЭЭ

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд дэвшүүлсэн зорилтыг хангах зорилгоор Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж, боловсронгуй болгох асуудлыг судлан боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын танилцуулгыг сонсов.

    Ажлын хэсэгт 11 яам, 25 агентлагаас 336 зөвшөөрлийн жагсаалт ирүүлсэн байна. Үүнээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан 42, бусад хуульд заасан 37, хуулиас бусад эрх зүйн актаар зохицуулсан 19, нийт 98 зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар, 15 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шилжүүлэх санал боловсруулжээ.

    Жагсаалт болон хүчингүй болгох, төрийн бус байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэхээр санал болгосон зөвшөөрлүүдтэй танилцан, салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журмаа нэг бүрчлэн нягтан үзэж, санал дүгнэлтээ 11 дүгээр сарын 10-ны дотор Ажлын хэсэгт ирүүлэхийг Засгийн газрын гишүүд, зарим агентлагийн дарга нарт даалгав.

    Үүний дараа Ажлын хэсэг хүчинтэй байх зөвшөөрөл, эрх зүйн актын жагсаалтын төсөл, хүчингүй болгох болон төрийн бус байгууллагад шилжүүлэх зөвшөөрлийн жагсаалт гарган иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 11 дүгээр сард багтаан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Засгийн газрын цахим хуудсаар дамжуулан саналыг нь авах юм. Эцэст нь жагсаалтыг 12 дугаар сарын 20-ны дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийд гаргах юм байна.

    ТОВЧХОН

    2010 онд Улсын Онцгой комиссоос Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн хөрөнгийн тооцоог Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд танилцуулав. Хөрөнгө зардалтай холбоотой 19 асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж нийт 8 тэрбум 473 гаруй сая  төгрөгийг шийдвэрлүүлээд байна. Энэ мөнгийг цаг агаарын аюулт үзэгдэл, зуд, хүн, мал, амьтны  гоц халдварт өвчин, ой хээрийн болон обьектын түймэр, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх, эдгээрийн улмаас учирсан хохирлыг шийдэхэд зарцуулжээ.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг шийдэв

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг шийдэв ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛЫН ДҮНГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД ОРУУЛНА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2010 оны 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Канад Улсад хийсэн албан айлчлалын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. Монгол, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 1973 оноос хойш 37 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Канад Улсад хийсэн анхны айлчлал нь энэ юм. Сүүлийн жилүүдэд эрс эрчимжиж байгаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бататгах, улс төр, эдийн засгийн  харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, яриа хэлэлцээг тогтмолжуулах, эх орноо Канадад сурталчлан таниулах, ажил хэрэгч хүмүүсийг холбоход айлчлал чухал ач холбогдолтой боллоо гэж Засгийн газар үзэж байна.

    Канад Улс байгалийн нөөц ашиглалт, уул уурхай, тээвэр холбоо, хөдөө аж ахуйн салбарт баялаг туршлагатай, эрс тэс уур амьсгалдаа зохицсон техник, технологи хөгжүүлсэн. Иймээс Канадыг Монгол Улсын хөгжлийн загвар орон болгох, хөгжлийн шилдэг туршлага, техник, технологи, стандартыг нэвтрүүлэх зорилт нь чухал ач холбогдолтой гэж хоёр улсын Засгийн газрын тэргүүний түвшинд үзсэн байна.

    Айлчлалын үеэр хэд хэдэн салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааны эрх зүйн суурийг улам бататгасан. Мөн айлчлалын дүнгээр талууд Хамтарсан мэдэгдэл гаргасан нь харилцаа, хамтын ажиллагааныхаа өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын төлөв, чиглэлээ тодорхойлон, талуудын харилцааны түвшинг шинэ шатанд гаргах эхлэлийг тавьж, итгэлцэл, ойлголцол гүнзгийрэхэд ач холбогдолтой болжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын Канад Улсад хийсэн айлчлал богино хугацаанд ажил хэрэгч, үр дүнтэй болж айлчлалын хүрээнд дэвшүүлсэн зорилтоо бүрэн биелүүлсэн гэж үзлээ.

    Мөн хуралдаанаар Ерөнхий сайд С.Батболд Нью-Иорк хотноо 2010 оны 9 дүгээр сарын 20-27-нд ажиллан, Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянан хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний бүгд хуралдаан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

    ЛОГИСТИКИЙН ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

    Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Байнгын хороод дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргах болов.

    Төслийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банк 40 сая ам долларын хөнгөлөлттэй зээл, 5 сая ам долларын буцалтгүй тусламж олгохоор төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд Замын-Үүдийн хяналт шалгалтын цэг, ачаа дамжин өнгөрүүлэх газрын ачааллыг багасгах, зохицуулах зорилгоор ачааны холимог тээвэр, логистикийн үйлчилгээг хөгжүүлэх, Замын-Үүд өртөөнд холимог тээврийн терминал, аж ахуй, логистикийн үйлчилгээ бий болгох юм.

    Буцалтгүй тусламжийн хөрөнгийг зөвлөх үйлчилгээ, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зардал, байгаль орчин, газар шорооны ажилд зарцуулах бөгөөд Засгийн газрын хөрөнгөөр тоног төхөөрөмж худалдан авч, замын ажил, дотоод татвар, магадлашгүй зардал зэргийг 2012-2015 онд санхүүжүүлнэ. “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам 2011 оны 6 дугаар сараас эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

    БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН АРИЛЖАА НЭВТРҮҮЛЭХИЙГ ДЭМЖИВ

    Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, түүхий эд бэлтгэх, тээвэрлэх, хадгалах стандартууд хэрэгжих, үйлдвэрлэгчид улирлын чанартай бэлтгэдэг түүхий эдээр тасралтгүй хангагдах урьдчилсан нөхцөл бүрдэх юм.

    Бирж нь зөвхөн арилжааг зохицуулах чиг үүрэг гүйцэтгэж, харин арилжааны зуучлагч /брокер/ болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн санаачлагаар бий болсон хоршоод нь бараа, түүхий эдийг чанарын шаардлагад нийцүүлэн анхан шатны тордолт хийж, биржид цахим хэлбэрээр арилжихаар хуулийн төсөлд тусгаад байна. Ингэснээр хөрөнгө, цаг хугацаа хэмнэхээс гадна суманд байгаа анхан шатны нэгж хоршоод ямар нэг шат дамжлагагүйгээр биржийн арилжаанд оролцох боломж бүрдэх юм.

    Зуучлагч /брокер/ нь бараа, түүхий эдээ орон нутгаасаа шууд экспортод гаргах тохиолдолд  биржид цахим хэлбэрээр бүртгүүлж, орон нутгаасаа гарал үүслийн гэрчилгээ авахаар төсөлд тусгасан байна. Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтыг холбогдох төрийн захиргааны төв байгууллага батлах бөгөөд бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржид бүртгүүлэх буюу биржээр дамжуулан арилжихаар заасан байна. Энэ нь түүхий эдийн худалдааны урсгалыг хянах, хууль бус экспортыг зогсоох, татвар төлөлтийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай.

    Биржийн арилжаанд зуучлагч /брокер/ болон хоршоо оролцохоор төсөлд тусгасан нь малчид, тариаланчид хамтрах, түүхий эдээ ангилж тордон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон үнэ хүргэж, орлогоо тогтворжуулах боломж бүрдүүлэх юм. Биржийн арилжааны оролцогчид бараа, түүхий эдээ арилжаанд бэлтгэх зорилгоор анхан шатны тордолт хийхэд нь шаардагдах байр, хүн хүчний хэрэгцээг харгалзан төрөөс дэмжих тухай ч хуулийн төсөлд тусгаад байна.

    ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ
     
    Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

    Төсөлд олгох зээлийн нийт дүн 7 сая евро, зээлийн эргэн төлөх хугацаа нь 40 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү 0,75 хувь юм. Төслийн зээлийн хөрөнгөөр ирэх жилээс Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замаас салаалан Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Жаргалант сум чиглэлийн 24.72 км хатуу хучилттай замыг шинэчлэн, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгон хүртэл 16.6 км хатуу хучилттай зам тавих юм. Дэд бүтэц сайжирснаар сумдын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид хүнсний баталгаатай бараа бүтээгдэхүүнээр нийслэлчүүдийг хангаж, импортын хүнсний  бүтээгдэхүүнээс хараат байдгийг багасгах юм.

    ТЕЛЕВИЗ, РАДИОГ ЗОХИЦУУЛНА

    Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Телевиз, радио нь олон нийтийн санаа бодол, хандлагыг өөрчлөх хүчтэй хэрэгсэл тул зохицуулалт зайлшгүй хэрэгтэй болсон байна. Дээрх салбарт ашигладаг радио долгионыг үндэсний эрх ашгийн төлөө ашиглах, соёл, уламжлал, зан заншил, хүүхдийн хүмүүжилд нөлөөтэй оролцогчийнх нь хувьд үйл ажиллагаа, эзэмшигч, хөрөнгө оруулагч нь ил тод,  ёс зүйн дүрэмтэй байх шаардлагатай. Мөн шударга өрсөлдөөний зарчим, дүрэм, журам, хязгаарлалт, хариуцлага болон хяналтын систем нь хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байх зэрэг үндэслэлээр телевиз, радиогийн зохицуулалт хийх шаардлагатай гэж Засгийн газар үзлээ.

    Зохицуулалтын журам, телевизийн нэвтрүүлэгт тавигдах нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоох, телевизэд мөрдөх мэргэжлийн болон ёс зүйн дүрмийг батлаж мөрдүүлэхэд зохих хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгалаа. Ингэхдээ Монголын телевизүүдийн холбоо зэрэг мэргэжлийн холбоодтой нягт хамтран ажиллахыг зөвлөмж болгов.

    Зохицуулалт хийснээр үндэстний эрх ашиг, соёл уламжлал, зан заншлаа дээдэлсэн, үзэгчдийн таашаалд нийцсэн, өрсөлдөөнт, үр ашигтай телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн салбар олон улсын жишгээр хөгжихөд түлхэц болно гэж үзэж байна.Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэлийг боловсруулахад мэргэжлийн холбоо, тухайлбал Монголын телевизүүдийн холбоог  оролцуулсан нь томоохон дэвшил гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.

    Телевиз, радиогийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, мэргэжлийн холбоод, холбогдох төрийн бус байгууллагын саналыг авч зөвшилцөн 2011 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Харилцаа, холбооны зохицуулах газар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарт даалгав.  
     
    ТООН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГТ ШИЛЖИНЭ

    Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “ Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, телевизийн олон сувгийг орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ” гэж заасан. Энэ дагуу боловсруулсан Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж 2014 оны 7 дугаар сарын 31-ний 00 цаг хүртэл хугацаанд бэлтгэл ажлаа хангах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаар шийдлээ.

    Хөтөлбөрийг 2010-2015 онд хэрэгжүүлэх бөгөөд 4 зорилт дэвшүүлж, тоон өргөн нэвтрүүлгийн сүлжээнд үе шаттай шилжүүлэх, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бэлтгэх, дамжуулах, хүлээн авах боломжийг бүрдүүлэх цогц арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулжээ.

    Тоон технологид шилжсэнээр радио, телевизийн нэвтрүүлгийн дуу, дүрсийг чанарын өндөр түвшинд хүлээн авах, дамжуулах мэдээллийн багтаамжийг нэмэгдүүлэх, радио давтамжийн ашиглалтыг сайжруулах, шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг иргэдэд хүргэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж бүрдэнэ.

    Мөн төрийн үйлчилгээ иргэдэд шуурхай хүрч, радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сувгийн тоо нэмэгдэн, мэдээлэл холбооны шинэ төрлийн үйлчилгээ нэвтэрч, үйлчилгээний хамрах хүрээ, хүртээмж нэмэгдэнэ. “Тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 47,4 тэрбум төгрөгийг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны санхүүжилт зэргээс бүрдүүлэх юм.

    Олон улсын цахилгаан холбооны байгууллагын 2006 онд хуралдсан Радиогийн их хурлаас 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улс орнуудыг радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээгээ тоон технологид шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Өнөөдрийн байдлаар гадаадын 10 гаруй улс тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлэгт шилжсэн. Европын бүх орон 2015 он, Австрали, Япон, БНСУ, БНХАУ-ын Засаг захиргааны Тусгай бүс-Хонконг, Тайвань, Малайз, Шинэ Зеланд, Филиппин зэрэг улс 2013 онд аналог өргөн нэвтрүүлгийн систем, сүлжээгээ бүрэн зогсоохоо албан ёсоор зарлаад байна. 

    ТОВЧХОН

    • Олон улсын хорио цээрт, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн малыг устгаж малчдад нөхөн олговор олгоно. Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн нөхөн олговрын зардалд Дорнод аймагт 758 сая 356 мянган төгрөг,   Сүхбаатар аймагт 1 тэрбум 399 сая 717 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Сүхбаатар аймагт 16264 мал шүлхийгээр өвчилснөөс 16245 малыг, Дорнод аймагт 6952 мал өвчилснөөс 6951 малыг устгажээ. Голомтод үзлэг танадалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэхэд аймаг, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын 1620 хүн, 328 автомашин, механизм, 84 мотоцикл, ариутгалын 47 цэг, хөдөлгөөнт хяналтын 114 цэг ажиллаж байна.

    • Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2” хөтөлбөрийн Санхүүжилтийн хэлэлцээр болон “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    • “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн эргэлтэд хяналт тавих чиглэлээр мэдээлэл солилцон хамтран ажиллах журам”-ыг баталлаа. Журамд гадаад харилцааны, эрүүл мэндийн, байгаль орчны, тагнуул, цагдаа,  гааль, хилийн тагнуул, мэргэжлийн хяналт, мал эмнэлэг, үржлийн байгууллагын эрх, үүргийг тусгасан байна. 

    • 2010 оны 11 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд БНАЛАУ-ын Вьентьян хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Эрүүл мэндийн сайд, комиссын Монголын хэсгийн дарга С.Ламбаад даалгалаа.

  • Ерөнхий сайд С.Батболд: Монгол Улс иргэнийхээ бүртгэлийн нэгэн шинэ үеийг эхлүүлж байна

    Ерөнхий сайд С.Батболд: Монгол Улс иргэнийхээ бүртгэлийн нэгэн шинэ үеийг эхлүүлж байна Монгол Улсын иргэний  шинэчилсэн бүртгэлийн ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл

    Улсын Их Хурлын дарга,
    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
    Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

    Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бий болгож бэхжүүлэх, үйл ажиллагааг сайжруулж төгөлдөршүүлэх нь Засгийн газрын хөтөлбөрт туссан гол зорилтуудын нэг мөн. Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний цогц бодлого”, Засгийн газрын 2008 оны 78 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-т төрийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог шинэтгэж, эрх зүйн орчин, мэдээлэл, технологийн дэд бүтцийг бүрдүүлж, улсын бүртгэлийн үйл ажиллагааг үнэн зөв, бодитой хөтлөх зорилтыг дэвшүүлэн тавьсан билээ.

    Эдгээрийн хүрээнд Улсын Их Хурлаас 2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг баталснаар бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох эрх зүйн орчин бүрдсэн. Мөн Хүний хөгжил сангийн тухай хуулиар Хүний хөгжил сангаас хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний бүртгэлийн зөрчилгүй Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээхээр хуульчилсан.

    Улсын Их Хурлын 2009 оны 85 дугаар тогтоолоор Хүний хөгжил сангаас иргэн бүрт хишиг, хувь хүртээхдээ иргэний бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох зорилттой уялдуулан зохион байгуулахаар болсон. Мөн оны  100 дугаар тогтоолоор Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг хишиг, хувь хүртээх үйл ажиллагаатай уялдуулах, иргэний ухаалаг үнэмлэх олгох суурь дэд бүтэц, биеийн өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан бий болгох талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан билээ.

    Ашигт малтмал, уул уурхайн салбараас олсон орлого, нийгмийн баялгийн шударга хуваарилалт нь халамжийн үйлчилгээний тэгш хүртээмжтэй шударга тогтолцоо, иргэний бүртгэлийн давхардал, зөрчилгүй байдлаас шууд хамааралтай. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хүний хөгжил сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ.

    Монгол Улсын иргэний бүртгэл нь мэдээлэлд суурилсан хэлбэрээр хөтлөгдөж ирсэн түүхтэй. Харин одоо орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр баталгаажуулснаар Монгол Улс иргэнийхээ бүртгэлийн нэгэн шинэ үеийг эхлүүлж байгааг онцлон тэмдэглэж байна. Иргэний шинэчилсэн бүртгэлийн бас нэг давуу тал нь иргэний гэрэл зургийг авч дижитал зургийн сан үүсгэх нөхцлийг бүрдүүлж байгаа явдал юм.
    Иймээс Хүний хөгжил сангийн тухай хуульд заасны дагуу иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн иргэн эх орныхоо байгалийн баялгаас хишиг, хувь хүртэх бүрэн эрх нь нээгдэх юм.

    Төрөөс иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай, бодитой, тэгш, шударга хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэдийнхээ эрхийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад шинэчилсэн бүртгэлийн гол ач холбогдол оршиж байгаа болно. 

    Иргэний шинэчилсэн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, цахим үнэмлэх олгох суурь дэд бүтцийг бий болгож, хэрэглээнд оруулж ашиглах нь бидний дараагийн томоохон зорилт юм.Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг хуульд заасан чиг үүргийн дагуу  Улсын бүртгэлийн ерөнхий газарт улсын хэмжээнд удирдах үүрэг бүхий ажлын хэсэг, нийслэл, орон нутагт Засаг даргын орлогч болон Засаг даргын Тамгын газрын даргаар  ахлуулсан зохион байгуулах дэд ажлын хэсгүүдийг ажиллуулж байна.

    Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажилд Улсын бүртгэлийн ерөнхий газар, аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн 707, сум, дүүрэг, хорооны 524 бүртгэлийн ажилтнаас гадна 502 гэрээт ажилтныг түр хугацаагаар нэмж ажиллууллаа. Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах бэлтгэл ажлын хугацаанд ажлын хэсгүүд байгуулан холбогдох дүрэм, журам, заавар боловсруулж, бүртгэлийн зөрчил арилгах аян, сургалт семинар явуулан хүний нөөцийг бүрдүүлэх, дадлагажуулах, бүртгэл явуулах аюулгүй орчин бий болгох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Үүнээс гадна сум, хорооны 468 анхан шатны бүртгэлийн нэгжийг зөөврийн компьютер, гэрэл зургийн камер, хурууны хээ авах сканнер, маягт хэвлэх принтер болон бар код уншигч зэрэг тоног төхөөрөмж, програм техникээр хангав.

    Шинэчилсэн бүртгэлийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэхийн тулд орчин үеийн шийдэлд тулгуурласан үндсэн 16 программ хангамжийг шинээр боловсруулан ашиглаж байна.

    Засгийн газрын 2010 оны 3 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ын дагуу бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр  2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг улсын хэмжээнд эхлүүллээ. Иргэний шинэчилсэн бүртгэлийг 21 аймгийн 331 сум,  нийслэлийн 9 дүүргийн 132 хороо, нийт 468 бүртгэлийн нэгжид хийж байна. Анхан шатны бүртгэлийн  мэдээллийг аймаг, дүүрэг бүр хүлээн авч Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж байна.

    2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд нийт бүртгэгдвэл зохих иргэний 76.9 хувь буюу 1 458 027 иргэн хамрагдсан. Үүнээс нийслэлийн хэмжээнд 74.7 хувь буюу 601 220 иргэн, орон нутгийн хэмжээнд 78.5 хувь буюу 856 807 иргэн бүртгэлд хамрагдаад байна.

    Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил Дундговь аймагт 90.0, Өмнөговь аймагт 89.3, Баянхонгор аймагт 88.4, Дорноговь аймагт 88.7, Архангай аймагт 87.5, нийслэлийн Багануур дүүрэгт 91.5,  Багахангай дүүрэгт 84.7, Чингэлтэй дүүрэгт 82.6 хувьтай байна. Харин Баян-Өлгий аймагт 62.5, Ховд аймагт 66.6 хувьтайгаар бүртгэлийн ажил удааширалтай байна.

    Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт иргэний шинэчилсэн бүртгэлд мэдээлэл нь тулгагдсан, бүртгэлийн зөрчилгүй иргэний нэрийн жагсаалтыг шилжүүлэх ажлыг 12 удаа зохион байгууллаа. Энэ оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 712 037 иргэний мэдээллийг шилжүүллээ.
    Төрсний гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн, овог, нэр нь зөрсөн, иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан зэрэг иргэний баримт бичгийн зөрчил нийтлэг байна.

    Дээрхи зөрчлийг арилгах үүднээс орон нутгийн улсын бүртгэлийн нэгжүүдэд болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт үйлчилгээний ачаалал нэмэгдэж, 3 сарын хугацаанд тус газраас зөвхөн төрсний гэрчилгээний лавлагааг 97918 иргэнд олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт юм. Баримт бичгийн зөрчилтэй иргэдийн 46,2 хувийг төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн сангийн зөрүүтэй мэдээлэл эзэлж байна.
    Иймд баримт бичгийн зөрчлийг арилгуулах, 1951 оноос хойш төрсөн иргэний төрсний гэрчилгээний лавлагааг шуурхай олгох зорилгоор энэ оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Иргэний баримтын төв архив 24 цагаар ажиллаж, 1 хоногт 1600 орчим лавлагааг иргэдэд олгож байна. Түүнчлэн иргэдэд 7 цонхоор архивын үйлчилгээ үзүүлдэг байсныг 14 болгон үйлчилгээний хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлэв.

    Мөн иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн хороодын ажлын цагийг нэмэгдүүлэн долоо хоногийн “Бямба” гариг бүрт ажиллуулж байна. Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлын ач холбогдлыг иргэдэд ойлгуулах, сурталчлах ажлын хүрээнд төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллаж байна. Энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон цэрэг татлагын үеэр шинэчилсэн бүртгэлийн явуулын цэгүүдийг аймаг, нийслэлийн цэрэг татлагын товчоонд  ажиллуулсан нь үр дүнгээ өглөө.

    Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил эхлээд 3 сар болсон хэдий ч энэ ажлын явц улсын хэмжээнд 76.9 хувьд хүрлээ. Энэ нь шинэчилсэн бүртгэлийн ажил төлөвлөсөн хэмжээнд явагдаж байгааг харуулж байна. Цаашид Засгийн газраас иргэдийг бүртгэлд бүрэн хамруулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно. Юуны өмнө орон нутгаас нийслэлд ирж суралцаж бүртгэлд хамрагдаагүй оюутныг тухайн сургуулиар нь, хугацаат цэргийн алба хаагчид тэдний гэр бүлийг анги нэгтгэлээр нь, хорих ял эдэлж байгаа иргэнийг хорих ангиар, эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн биеэр хүрэлцэн очих боломжгүй хүнийг гэрээр нь бүртгэх ажлыг зохион байгуулна.

    Мөн 2011 оноос хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол Улсынхаа иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг Гадаад харилцааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Улсын бүртгэлийн байгууллагын ажлын ачаалал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан архивын байрны багтаамжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг ч авах болно. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл, түүний үр дүнд бий болсон мэдээллийн бааз нь цахим иргэний үнэмлэх нэвтрүүлэх анхдагч, суурь дэд бүтэц  болох юм.

    Ингэснээр төрийн бодлогын нэгдмэл чанарыг хангах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх, төрөөс иргэд болон бизнесийн байгууллагад үзүүлэх нийгмийн бүх салбарыг хамарсан үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай болгох, иргэний нэгдсэн бүртгэл төгөлдөрших боломж бүрдэж байна.

    2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр                                                    Төрийн ордон

    Анхаарал тавьсанд баярлалаа.