Ангилал: тайлан

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалааШҮЛХИЙНИЙ  ЭСРЭГ ВАКЦИНД 300 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

    Дорнод, Сүхбаатар аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Олон улсын хорио цээрт, мал, амьтны гоц халдварт энэ өвчний тархалт буурахгүй, өвчлөл гарах эрсдэл өндөр байгаа учир ОХУ-аас 600 мянган тун вакцин худалдан авах, тарилгын үйлчилгээний зардалд шаардлагатай 300 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

    БНХАУ болон Олон Улсын Цөмийн энергийн байгууллагаас буцалтгүй тусламжаар өгч байгаа 600 мянган тун вакциныг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тогтлоо. Нийт 1 сая 200 мянган тун вакциныг шүлхийгээр өвчлөх эрсдэл бүхий бүс нутгийн малыг вакцинжуулах арга хэмжээг оновчтой зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгав.

    Шүлхий өвчний тархалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр зарим орон нутгийн удирдлага хангалтгүй ажиллаж байгааг Засгийн газрын гишүүд хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн 10, Дорнод аймгийн 6 суманд нийт  20938 мал шүлхийгээр өвчилснөөс 20819 малыг устгажээ. 916154 малыг вакцинжуулж үзлэг танадалт, устгал, ариутгал халдваргүйжүүлэлт хийн хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

    Мөн 1 сая 200 мянган тун вакциныг Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий аймгийн 13 суманд хуваарилж 2,4 сая толгой малыг вакцинжуулж байна.  
    Өвчин гарсан аймгуудтай хил залгаа Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг болон Улаанбаатар хотын 330 гаруй мянган бод, 7.1 сая бог малыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, тогтмол танадалт хийж хяналтдаа авчээ.

    2010 оны 8 дугаар сард шүлхий өвчин гарснаас хойш Улсын Онцгой комисс 5 удаа хуралдан Засгийн газарт 4 удаа асуудал оруулж шийдвэрлүүллээ. Өвчний голомтонд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан 26 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг,  Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай ангийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн 2 бүлэг ажилласаар байна.

    ОРХОН ГОЛЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛНА

    Орхон голын ай савд багтах Ар Улаан чулуут, Шийртийн голын өөрчилсөн гольдролыг сэргээж сэтэрсэн даланг засварлахаар боллоо. “Алтан дорнод монгол”, “Монгол газар” ХХК-ий байгаль орчинд учруулсан экологийн хохирлыг мэргэжлийн байгууллагаар тооцуулж, нөхөн төлбөр, нөхөн сэргээлттэй холбоотой зардлыг дээрх аж ахуйн нэгжүүдээс гаргуулна.

    Мөн Орхон голын дагуу амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, ахуй амьдралд ноцтой нөлөөлж болзошгүй байгаа учир голын урсац бүрэлдэх эх, голын хөндий, ай сав газарт олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхээр боллоо. 
    Гол мөрний бохирдлыг хянах, бохирдолтын эх үүсвэрийг тогтоодог явуулын лабораторийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шаардлагатай хөрөнгийг эхний ээлжинд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж, лабораторийг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг 2011 оны төсвийн багцаас санхүүжүүлэхээр болов.

    Өвөрхангай, Архангай аймагт ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 7 дугаар сард нэгдсэн үзлэг хийхэд Орхон гол их хэмжээний бохирдолтой урсаж байгаа нь илэрчээ. “Алтан дорнод монгол”, “Монгол газар” ХХК-иуд Орхон голын урсацыг бүрдүүлж тэжээдэг Өлийн, Шийртийн, Улаан чулуут, Өлзийт тээлийн голын хөндийд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, алт олборлож байгаа юм.

    “ЭРҮҮЛ МЭНД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

    Засгийн газрын хуралдаанаар “Эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталлаа. 
    Энэ нь хүн амын эрүүл мэндийг сайжруулж өсөлтийг дэмжих, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хүн амын эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлж эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм.
    Хөтөлбөрт стратегийн үйл ажиллагааг үндсэн 6 чиглэлийн боловсруулж оруулсан байна.  
    Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ :
      • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байх
      • Нотолгоонд тулгуурласан шинэ техник, технологи нэвтрүүлсэн байх
      • Жендерийн мэдрэмжтэй байх
      • Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхдээ төрийн зохицуулалттай, салбарын онцлог бүхий зах зээлийн чиг баримжаатай байх 
      • Хөтөлбөрийн хэрэгжилт нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон нийтийн санаачлага, оролцоонд тулгуурласан байх гэсэн зарчмыг баримтлах юм.  
    “Эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр үе шатыг 2010-2015 он, хоёрдугаар үе шатыг 2016-2021 онд хэрэгжүүлнэ. 

    ЗАСГИЙН ГАЗРЫН 9 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ СОНСОВ

    Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Засгийн газар 9 дүгээр сард “2011 оны төсвийн тухай”, “Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай”, “Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай” хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

     2011 оноос “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт сар тутам 21 мянган төгрөг, оюутны сургалтын төлбөрт зориулан оюутан бүрт 500 мянган төгрөг буюу нийт 82 тэрбум, эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийн даатгалд 9,3 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. БНХАУ-ын Засгийн газраас олгох 300 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Баруун бүсийн авто замын төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгожээ. Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулав. Ингэснээр дотоодод жижиглэнгээр борлуулах газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөхгүй, тогтвортой байх боломж бүрджээ.

     Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг 30 хувиар өсгөн нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмлээ. АНУ-ын Засгийн газраас олгох 9.5 сая ам долларын буцалтгүй тусламжийг “Эдийн засгийг хөгжүүлэх, Ардчилал ба засаглал” төсөлд зарцуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Нийслэлийн 1 дүгээр амаржих газрын барилгыг буулгаж амаржих газрын барилгыг шинээр барих ажлыг эхлүүллээ. БНСУ-ын буцалтгүй тусламжийн 5 сая ам долларын хөрөнгөөр “Монгол-Солонгосын Техникийн коллежийн чадавхийг сайжруулж политехник коллежи болгон өргөтгөх төсөл”-ийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

    3300 ажилгүй хүнийг 3 жилийн хугацаанд Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдэд сургаж мэргэшүүлэн ажлын байраар хангах төсөл хэрэгжүүлэх санамж бичигт БСШУЯ, НХХЯ болон “Оюутолгой” ХХК  гарын үсэг зурсан байна. Гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэхийн тулд нийт 2,152.4 сая төгрөгийг  вакцин худалдаж авах, үйлчилгээний хөлсөнд зарцуулахаар холбогдох арга хэмжээ авлаа. Дорнод, Сүхбаатар аймагт халдваргүйтлийн болон дуудлагын үйлчилгээний зориулалтаар автомашин өгч, ариутгалын бодис, хамгаалах хувцас хэрэгсэл зэрэг  шаардлагатай бусад дэмжлэгийг цаг тухайд нь үзүүлэв. Хэнтий, Дорнод аймгийн хонь, ямаан сүрэгт гоц халдварт цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин хийж дууссан байна.

    Сум бүрт Мал эмнэлэг, үржлийн анхан шатны нэгж байгуулах шийд гаргалаа.  ХУД-ийн нутагт гарсан шувууны “Ньюкасл” өвчний эсрэг шуурхай арга хэмжээ авсны дүнд 21 хоногийн дотор өвчин дахиж гараагүй учир хорио цээрийн дэглэмийг цуцаллаа. 12 аймгийн 1729 өрхийг 3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр малжуулах хуваарь, санхүүжилтийг батлан мөнгийг нь аймгуудад шилжүүлжээ. “Байгаль хамгаалах намрын аян”-ыг 3 үе шаттайгаар орон даяар зохион байгуулж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сантай хамтран “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зуржээ. 

    ТОВЧХОН

    • Төмөр замаар тээвэрлэх тарифын тухай Монгол Улсын засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж, оросын талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүхээр ахлуулан байгуулав.

    • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийн талаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган  хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

    • Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, С.Оюун, Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Д.Энхбат нарын санаачлан боловсруулсан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаараар тогтлоо. 

    • Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Н.Батбаяр, Ц.Цэнгэл нарын санаачлан боловсруулсан “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж тодорхой саналуудыг хууль санаачлагч нарт уламжлахаар болов.

    •  “Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр“-ийг байгуулах нь зүйтэй гэж үзэв. 

    • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг 2010 оны 10 дугаар сарын 27-29-ний өдөр Япон Улсын Нагоя хотноо болох Биологийн олон янз байдлын тухай олон улсын Конвенцийн талуудын 10 дугаар бага хурлын сайд нарын дээд хэмжээний уулзалтад яамны гадаад арга хэмжээний зардлаар оролцохыг зөвшөөрөв. 
     
    • 2010 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын зөвлөлдөх комиссын 8 дугаар хуралдаанд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хуралдаанд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, комиссын монголын хэсгийн дарга Т.Бадамжунайд зөвшөөрлөө. Хурлаар бараа солилцоо, худалдааг өргөжүүлэх, ажиллах хүч болон газар тариалан, усжуулалт, далайн тээвэр, уламжлалт анагаах ухаан, ойжуулалт, төмөр замын өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын чиглэлээр ярилцаж тохиролцоонд хүрэх зорилго тавьжээ

  • Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийлээ

    уих, мэдээлэлМонгол улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны аравдугаар сарын 8-ны УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан дээр 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

    Засгийн газраас ирэх оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах зорилгоор холбогдох яамдад чиглэл өгөн ажиллаж байгааг Засгийн газрын тэргүүн мэдээлэлдээ дурдав. Түүнчлэн түлш эрчим хүч, мал аж ахуй , хадлан тэжээл зэрэг чиглэлээр тодорхой ажлууд хийж байгааг дэлгэрэнгүй мэдээлсэн юм. Ерөнхий сайдын мэдээллийн дараа гишүүд засгийн газрын тэргүүн болон танхимын гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа.  Эрхэм гишүүдийг саяхан тойрогтоо ажиллах үеэр иргэд Засгийн газрыг сайн ажиллаж байгааг, ард түмэндээ ойрхон чухал шийдвэрүүдийг гаргаж байгааг сайшаажээ. Энэ тухай ч гишүүд асуултандаа дурдаж байлаа.

    Тухайлбал Х.Жекей гишүүн “ Засгийн газар сайн ажиллаж байгааг очсон газар бүрт иргэд ярьж байна. Баруун бүсийн нэмэгдлийн асуудлыг түргэн шийдэж өгөх боломж бий эсэх,  махны экспортод ямар саад бэрхшээл учирч байгааг, мөн баруун аймгуудад гурилын үнийг бууруулах талаар Засгийн газар ямар бодлого барин ажиллаж байгааг ” лавлаж байсан бол О.Чулуунбат, А.Тлейхан, Ш.Сайхансамбуу нарын гишүүд ч мөн энэ санааг илэрхийлж байлаа.

    Гишүүдийн  асуултын хариултаас үзэхэд манай улсад малын шүлхий өвчин гарсан учир салаа туурайтай малын махын экспортыг хориглоод байгаа бөгөөд  одоогийн байдлаар зөвхөн адууны махыг л гаргаж байгаа юм байна. Эрүүл малын мах экспортлох хүсэлтээ манай улс хэд хэдэн оронд  илэрхийлснээс  Иран, Саудын араб, Индонезоос нааштай хариу ирсэн ажээ. Харин баруун бүсийн нэмэгдлийн тухайд Ерөнхий сайдыг баруун аймгуудад ажиллах үеэр ч энэ асуудал маш ихээр хөндөгдөж байсан юм. Орон нутагт ажилласан томилолтын дагуу гүйцэтгэх засаглалын тэргүүн Засгийн газрын тогтоол гарган  ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд уг асуудал шийдэгдэх болно гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар дурдлаа

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл2010 оны 10 дугаар сарын 8

    Төрийн ордон

    2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын тухай

    Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ.
    Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

    Улсын Их Хурлын чуулганы  хуралдааны дэгийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээллийн цагаар миний бие 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар мэдээлэл хийж байна. Засгийн газраас  2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах зорилгоор холбогдох яамдад чиглэл өгөн ажиллаж ирлээ.

    2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар түлш, эрчим хүч; мал аж ахуй; зам, тээвэр, барилга, нийтийн аж ахуй  болон бусад салбарын 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хөрөнгийн болон зохион байгуулалтын хэд хэдэн асуудлыг шийдвэрлэн холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тодорхой асуудлуудаар үүрэг даалгаврыг өгч, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан.

    Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс базаах талаар Засгийн газар нилээд анхаарал тавьж ажиллаж байна. Тухайлбал, Засгийн газрын шийдвэрээр нүүрсний аюулгүй нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж дулааны цахилгаан станцуудыг нүүрс нөөцлөх эргэлтийн  хөрөнгөтэй  болгож,  улмаар  “Багануур”ХК,  “Шивээ-Овоо”,  “Шарын гол” ХК-иудын өр авлагыг барагдуулах, эдгээр компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах, их засварын ажлаа хийх  нөхцөлийг бүрдүүлэх, түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор 4.9 (дөрвөн тэрбум есөн зуун сая) тэрбум төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээний үндсэн дээр ашиглуулж 2010 онд багтаан төрийн өмчит дулааны цахилгаан станцуудаас буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Үүний үр дүнд цахилгаан станцууд нүүрсний төлбөрөө уурхайнуудад төлж чадахгүй байсан гол хүндрэл арилж, цахилгаан станцууд 2010 оны хувьд уурхайнуудад өргүй, харин илүү төлөлттэй байна гэсэн дүн мэдээтэй байна.

     2010 оны 10  дугаар сарын 1-ний байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц нүүрсний салбарт 91.9, эрчим хүчний салбарт 86.0,  аймаг, нийслэлийн ус суваг, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагын дүнгээр 91.2 хувийн биелэлттэй, уурхайнуудын  авахад   бэлэн   нүүрсний  нөөц  965,0 мян. тонн байна. Дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг өвлийн их ачааллын үед 20 хоногийн нөөцтэй буюу 278,7 мянган тонн байлгахаар төлөвлөж байгаа бөгөөд  өнөөдрийн байдлаар 237,0 мянган тонн нүүрсний нөөцтэй байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 57,0 мянган тонноор илүү байна. Улаанбаатар хотын өвлийн бэлтгэл ажлын явц 10 дугаар сарын 1-ны байдлаар 95,1 хувьтай, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа компанийн орон сууцнууд халаалтаа 100.0 хувь авсан байна.

    Засгийн газрын нөөц сангаас  Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн Дулааны станцийн хэвийн үйл ажиллагааг хангахад зориулж 783.0 сая төгрөгийг гаргасан.  Харин Сэлэнгэ, Дорноговь аймгийн дулааны станцуудын засварын ажил хөрөнгө, санхүүгийн дутагдлаас шалтгаалан хугацаа алдан оройтож эхэлсэн бөгөөд  Сэлэнгэ аймгийн дулааны станцын өвлийн бэлтгэл ажил дунджаар 50.0 хувьтай, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын дулааны станц 65.0 хувьтай, Дорноговь аймгийн дулааны станц хөрөнгийн дутагдлаас шалтгаалан төлөвлөсөн засвараа бүрэн хийж чадаагүй байгаа тул Сэлэнгэ, Дорноговь аймгийн төв болон Дархан-Уул аймгийн Шарын гол сумын дулаан хангамжийн асуудлыг найдвартай болгох асуудлыг үлдсэн хугацаанд зохицуулж шийдвэрлэхээр ажиллаж  байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилтөд Засгийн газар анхаарлаа хандуулж, онцын хүндрэл бэрхшээлгүй даван туулах талаар нилээд ажил зохион байгуулан хэрэгжүүлэхээр  ажиллаж байна.

    Энэ жил улсын хэмжээнд 164,0 мянган малчин өрхөд 35,7 сая толгой малыг өвөлжүүлэх урьдчилсан тооцоо гарсан байна. Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд нийт 995,3 мянган тонн хадлан, 58,4 мянган тонн ногоон болон гар тэжээл бэлтгэх, түүний дотор аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрт нийт малыг 30-аас доошгүй хоног нэмэгдэл тэжээлээр тэжээх хэмжээний өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх даалгавар өгсөн. Нийт нутгаар зуншлага, бэлчээрийн ургац сайн байгаа тул хадлан, тэжээл бэлтгэх ажилд 90,2 мянган хүн, 8242 том, жижиг оврын техник ажиллаж байгаа нь өнгөрсөн оныхоос ажиллах хүчний тоо 35,2 хувиар, техник хэрэгсэлийн тоо 40,0 гаруй хувиар илүү байна.

    Мөн орон нутагт хадлангийн техник хэрэгсэлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 940,0 сая төгрөгийн хөрөнгөөр хадлангийн 151 иж бүрдэл трактор, техник хэрэгсэлийг худалдан авч малчид, иргэдэд 50 хувийн хөнгөлтэй үнээр нийлүүлсэн байна. Үүнээс гадна  гадаад орон, олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хадлан, тэжээлийн техник хэрэгсэлийг худалдан авч Төв, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Хөвсгөл, Архангай, Дархан-Уул, Орхон аймгуудад хөнгөлттэй нөхцлөөр олгосон нь хадлан бэлтгэлийг эрчимжүүлэхэд томоохон түлхэц боллоо.“Малын тэжээл” хөтөлбөрийн хүрээнд Архангай, Төв, Хөвсгөл, Өвөрхангай зэрэг аймагт ногоон тэжээл тариалах жил болгон зарлаж нийт 230,0 сая төгрөгийн үнэ бүхий 200,0 тн ногоон тэжээлийн үр олгон тариалалтыг зохион байгуулснаар дээрх аймгуудад таримал тэжээлийн хэмжээ өмнөх оныхоос 1,5 дахин нэмэгдлээ.  

    Орон нутагтаа хадлан бэлтгэх боломжгүй говийн аймагт Төв, Сэлэнгэ, Булган, Хэнтий аймгаас нөөц хадлангийн 170,0 мянган га газрыг ашиглуулах зөвшөөрөл олгосон бөгөөд Дундговь, Өмнөговь аймагт төвийн бүсээс худалдан авсан өвсийг сумдад татаж тээвэрлэхэд зориулан 300,0 сая төгрөгийн хөрөнгийг олгосон  болно.  Дээрх арга хэмжээний үр дүнд улсын хэмжээнд 995,3 мян.тн байгалийн хадлан бэлтгэхээр төлөвлөснөөс 1 сая 53 мянган тн байгалийн хадланг  бэлтгээд байгаа нь өнгөрсөн оныхоос 96,0 мянган тн-оор илүү буюу 105,8 хувьтай байна.

    Өнгөрсөн жилийн зудын хүндрэлийг даван туулахад зориулан  Оросын Холбооны Улсын Засгийн газраас буцалтгүй тусламжаар олгосон 56,8 мянган тн тэжээлийн арвай буудайг орон нутгаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Засгийн газрын шийдвэрээр хувиарлан олгохоор шийдвэрлэж, аймаг, нийслэлд нийт 31,2 мянган тн-ыг, 25,6 мянган тн-ыг хорголжин тэжээл бэлтгүүлэх зориулалтаар улсын нөөцөд авсан нь тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.  

    Өнгөрсөн жил улсын нөөцөд хадгалагдаж байсан өвс, тэжээлийн ихэнх хувийг Засгийн газрын шийдвэрээр орон нутагт хувиарлан олгосон тул нөөцийг тогтоосон тоо, хэмжээнд нь нөхөн бүрдүүлэх  ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу улсын төсвийн хөрөнгө болон өвс, тэжээлийг худалдан борлуулсны орлогоор зохион байгуулж байна. 2010 оны 10 дугаар сарын 5-ны байдлаар 2010 оны батлагдсан төсвийн хүрээнд улсын нөөцөд бэлтгэх шаардлагатай малын тэжээлийн 69,0 хувь, өвсний 42,0 хувийг бүрдүүлээд байгаа бөгөөд 11 дүгээр сард багтаан 100 хувь бүрдүүлж аймаг, орон нутгийн цэгүүдэд байршуулахаар бэлтгэж байна.

    Хөдөөгийн хүн ам, мал сүргийг усаар хангах үндсэн зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2010 онд шинэ худаг барьж байгуулахад 3.5 тэрбум, газрын доорхи усны хайгуулын ажилд 500.0 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулахаар төлөвлөж,  19 аймагт инженерийн хийцтэй 258 худаг шинээр барьж байгуулахаас 193 худгийг  ашиглалтад хүлээлгэн өгсөн. 

    Түүнчлэн бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад АНУ-ын Мянганы сорилтын сангийн төслөөс нийт 3,1 сая ам.долларын хөрөнгө гарган Уланбаатар, Дархан-уул, Орхон, Өвөрхангай, Дорнод аймагт инженерийн хийцтэй 300 орчим худгийг шинээр  гаргах  ажлыг энэ оны 10 дугаар сараас зохион байгуулж хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өвөрхангай аймагт инженерийн  хийцтэй  27 худгийг шинээр барьж,  16 худгийг  сэргээн засварлах  ажлыг хийж дуусгаад байна. Дээрх арга хэмжээний үр дүнд 2010 онд нийт 301 инженерийн хийцтэй худгийг  ашиглалтад хүлээлгэн   өгснөөр  1500 гаруй малчин өрх болон 1,3 сая гаруй малыг усаар хангах боломжийг бүрдүүллээ.  

    Ургац хураалтын ажлын явцын талаар Та бүхэнд сонордуулъя.

    Энэ жил улсын хэмжээнд 329.8  мянган тонн буудай, 156.1  мянган тонн төмс, 90.1 мянган тонн хүнсний ногоо, 20.5 мянган тонн  тосны ургамал, 19.6 мянган тонн  малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар ургацын урьдчилсан  балансаар тогтоогдсон. Өнөөдөр хийж байгаа мэдээллийн танилцуулгыг Та бүхэнд урьдчилан тараасан тул дэлгэрэнгүй тоо баримтыг дурдалгүйгээр дүгнэж хэлэхэд үр тариа хураалт 89,5 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 95.9 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 7,5 мянган тонноор, төмс хүнсний ногоо 3,8 мянган тонноор илүү байна. 

    Бусад салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч дурдая. Өвлийн цаг агаарын хүндрэлтэй үед авто, замын байгууламжийг авто тээврийн хөдөлгөөн саадгүй нэвтрэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор авто замын цэгүүдэд ажиллах шуурхай ажлын хэсгийг байгуулж ажиллуулах бэлтгэлийг хангалаа. Тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэнд нь хангагдсан байна. Нийслэлийн нийтийн тээврийн өвлийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу автопаркуудын дулаан, цэвэр усны шугам сүлжээний засварын ажил хийж дууссан ба өвлийг хүндрэлгүй давах бүрэн боломжтой байна. Тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэнд нь хангагдлаа. 

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийт 187 барилгад их засвар хийгдсэнээс боловсролын салбарын 150 барилгыг засварласан байна.  Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хэмжээнд их засварын ажлын гүйцэтгэл 98,0 хувьтай байна. 2010-2011 оны хичээлийн шинэ жил эхлэхэд Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Сэлэнгэ аймгууд сургууль, цэцэрлэг их засварын ажлаа цаг хугацаанд нь бүрэн дуусгасан байна.

    Энэ хавар Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Увс аймгуудын нутагт болсон байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас боловсролын салбарын барилга байгууламжид 219.1 сая төгрөгийн хохирол учирсныг боловсролын салбарын их засварын хөрөнгөөс хуваарилан яаралтай засварлах ажлыг хийж дуусгаад байна. Тухайлбал, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын  сургуулийн уурын зуухны барилгын их засвар, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын цэцэрлэгийн барилгын дээврийн их засвар, Булган аймгийн Сэлэнгэ сумын  сургуулийн дотуур байрны барилгын сантехникийн их засвар, Булган аймгийн Бугат сумын дотуур байр, соёлын төв, цэцэрлэгийн барилгуудын нэгдсэн уурын зууханд их засвар хийлээ.

    2010 оны улсын төсөв, төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 30 гаруй хувиар нэмэгдсэний дүнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажилд өмнөх оноос бодитой ахиц гарлаа. Эрүүл мэндийн салбарт он дамжсан 10 барилга байгууламжид  7.1 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээс Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын эмнэлгүүд ашиглалтад орж, Баян-Өлгий, Төв, Өвөрхангай аймгийн спорт цогцолборын барилга, Ховд, Баянхонгор аймгийн төрөх эмнэлгийн барилгыг  ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Энэ онд шинээр эхлэх 26 барилгад 12,3 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн бөгөөд 54 барилга байгууламжид хийх засварын ажлын гүйцэтгэл 81.0 хувьтай, биеийн тамир, спортын салбарын  засварын ажил бүрэн хийгдсэн байна.

    Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарын парк шинэчлэл амжилттай хийгдэж 131 автомашиныг аймаг, сумын эмнэлгүүдэд олгоод байна. Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг бүхэлд нь авч үзэхэд засвар, үйлчилгээ хийх ажлын төлөвлөгөө үндсэндээ биелэгдэж, шинээр эхлэх томоохон барилгуудын суурь тавигдаж, машин, тоног төхөөрөмж, эм, бараа худалдан авах ажил бүрэн хийгдсан байна. 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан бөгөөд, дутуу, хүндрэлтэй асуудлуудыг үлдсэн хугацаанд шийдвэрлэхээр Засгийн газар ажиллаж байна.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав. ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООВ

    Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах бодлого барьж байна. Энэ дагуу УИХ-аас олгосон бүрэн эрхийн хүрээнд Онцгой албан татварын хэмжээг тухай бүр нь шинэчлэн тогтоож байгаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай” хэлэлцэн шийд гаргалаа.

    Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензинд 150 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг тонн тутамд 210 000 төгрөг, АИ-92 автобензинд 170 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг тонн тутамд 200 000 төгрөг болгон нэмлээ. Харин дизелийн түлшинд 215 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг тонн тутамд 135 000 төгрөг болгон бууруулсан байна. Бусад алслагдсан боомтоор орж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр болов. Энэ шийдвэр энэ 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд үүний үр дүнд газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлд худалдаж байгаа жижиглэнгийн үнийг өсгөхгүй, тогтвортой байх боломжтой гэж Засгийн газар үзэж байна. Хилийн үнэ буурахад Засгийн газар татвар нэмэх арга хэмжээг үе шаттайгаар авч УИХ-аас олгогдсон хэмжээнд буюу А-80 автобензинд 252 000, АИ-92 автобензинд 259 000, дизелийн түлшинд 265 000 төгрөгт дөхүүлэх арга хэмжээ авч ирсэн юм.

    Ингэснээр Засгийн газраас дараа саруудад газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ огцом өссөн тохиолдолд татварын хувь, хэмжээг бууруулж дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнийн огцом өсөлтийг сааруулах татварын нөөц бий болгож байна. ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 10 дугаар сард А-80 автобензин тонн тутамд 34 ам доллар, АИ-92 автобензин тонн тутамд 23 ам доллараар буурч, дизелийн түлш тонн тутамдаа 74 ам доллараар өссөн байна.

     Товчхон

    •  2010 онд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин болон цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас Булган, Дорнод, Орхон, Увс, Хэнтий аймагт учирсан хохирлыг арилгах, 2010 оны эхний хагас жилд гарсан гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын албаны аврагч, алба хаагчдын томилолт, урамшууллын зардал болон Улсын нөөцөөс гаргах барааны хуваарийг хавсралтаар батлав. Нийт 569,020,280.0 /таван зуун жаран есөн сая хорин мянга хоёр зуун наян/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. 
     
    •  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр IV” төслийн буцалтгүй тусламжийн гэрээний төслийг зарчмын хувьд дэмжив. Хэлэлцээ хийсний дараа буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайдад олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргана. Азийн хөгжлийн банкнаас олгох 14 сая ам долларыг Улаанбаатар хотын эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, Хүний нөөцийн хөгжил, Эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.

    •  “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Төрийн өмчөөс орон нутгийн өмчлөлд нийт 1262510,7 мянган төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэхээр Төрийн өмчийн хороо төсөл боловсруулсан байна.

    •  “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар үе шатны зорилтыг хэрэгжүүлэх  арга хэмжээний төлөвлөгөө”-г хавсралтаар батлав. Төрийн архивын мэдээлэл, эрэлт хайлтын автоматжуулсан нэгдсэн сан байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор төрийн архивуудад 175 гэрээт операторчийг 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн ажиллуулна. Шаардагдах цалингийн болон тоног төхөөрөмжийн зардлыг улсын төсөвт тусгаж байхыг холбогдох яамдын сайд нарт даалгав.

    •  Манай улсад өргөнөөр ашиглаж байгаа цахим гарын үсгийг энгийн гарын үсгийн нэгэн адил хүчинтэйд тооцож баталгаажуулдаг болох, түүнийг ашиглах журмыг тодорхой болгон, тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтэц бий болгох шаардлагатай болсон байна. Иймээс Цахим гарын үсгийн тухай, Иргэний, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн, Татварын ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Иргэний бүртгэлийн тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг нэмж тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов

  • Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 9 дүгээр сарын 29-ний болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 9 дүгээр сарын 29-ний болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав. ЕРӨНХИЙ САЙДЫН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАСНЫ ДАГУУ ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 8 дугаар сарын 24-29, 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд говийн болон газар тариалангийн бүс нутгийн 8 аймагт ажиллан, Оюутолгой, Тавантолгой, Дулаан уулын ураны хайгуул, Зүүнбаянгийн нефтийн туршилт, олборлолтын талбай, Булган, Орхон, Дархан, Сэлэнгийн ургац хураалтын байдалтай танилцсан юм. 

    Тэрээр орон нутагт ажиллах үеэрээ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөр, ялангуяа ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, “Атрын гуравдахь аян”-ыг бүх талаар дэмжин үргэлжлүүлэх, өвөлжилтийн бэлтгэлээ хангах талаар ард иргэдэд ярьж, орон нутгийн болон байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтай танилцан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.  

    Ерөнхий сайд С.Батболдын хөдөө орон нутагт ажилласны дагуу авах арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж тогтоол гаргалаа. 
    Энэ дагуу : 
    – Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэх

    – Уул уурхайн ашигт малтмалын олборлолтыг нэмэгдүүлэх, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан ашигт малтмал боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүх бололцоог судлан, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх

    – Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн боомтын шалган нэвтрүүлэх цогцолбор, суурьшлын бүс, тэдгээрийн дэд бүтцийг ерөнхий төлөвлөгөөний дагуу барьж байгуулах, концессийн гэрээний ажлыг шуурхай зохион байгуулах

    – Уул уурхайн болон боловсруулах үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдыг ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, орон нутагт ажилгүй байгаа залуучуудаас элсэлт авч их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд нэгдсэн бодлоготойгоор бэлтгэх 

    – Зүүн болон өмнийн говийн уул уурхай, аж үйлдвэрлэлийг дагасан хүн амын төвлөрөл, хотжилтыг хот байгуулалтын нэгдсэн бодлогоор төлөвлөж, зохион байгуулахыг салбарын сайд нар, холбогдох албан тушаалтнуудад даалгав.

    МОНГОЛ-ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАМТАРСАН ХОРОО ХУРАЛДАНА

    2010 оны 10 дугаар сарын 11-12-ны өдөр Улаанбаатар хотноо болох Монгол, Европын Холбооны Хамтарсан хорооны 13 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрч, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Монгол Улсын Шадар сайд, Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга М.Энхболдод даалгав. 

    Хурлаар талуудын улс төр, эдийн засгийн өнөөгийн болон гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл сонсоно. Мөн хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, үр дүн, 2007-2010 оны хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх хөтөлбөр, төслийн талаар ярилцах юм. Хэрэгжүүлэх бололцоо бүхий төслүүдийн талаар санал солилцож, эрчим хүч, дэд бүтэц, нийгмийн хамгаалал, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар яриа, хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. 

    Европын Холбооны стандартыг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажиллах, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон, төсөл хэрэгжүүлэх боломж, Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн талаар хөндөж, үүний үр дүн, агуулга,  харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийн талаар санал солилцоно.  

    2011 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ МАРГААШ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

    Монгол Улсын 2011 оны төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн төсөл, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн барихаар болов. 2011 оны нэгдсэн төсвийн нийт орлого 3,114.1 /гурван их наяд нэг зуун арван дөрвөн тэрбум нэг зуун сая/ тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 39.7 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 3,250.8 /гурван их наяд хоёр зуун тавин тэрбум найман зуун сая/ тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 41.5 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 136.7 тэрбум төгрөг байх нь.

    Улсын төсвийг авч үзвэл 2011 оны Улсын төсвийн нийт орлого 2,302.3 тэрбум, нийт зарлага 2,250.2 тэрбум, улсын төсвийн нийт тэнцэл 252.0 тэрбум төгрөгийн ашигтай гарах төлөвтэй байна. Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн нийт орлого 328.9 тэрбум төгрөг, нийт зарлага 795.9 тэрбум төгрөг буюу 2010 оны зарлагаас 461.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэх нь. Ингэснээр Хүний хөгжил сангийн нийт алдагдал 467.0 тэрбум төгрөгт хүрэхээр байна. 
    Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт нэгдсэн төсвийн зарлагад хүлээсэн үүргийг 2011 оны төсвийн төслийн үзүүлэлт хангаж байгаа гэж Засгийн газар үзлээ.

    НОТАРИАТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

    Хуулийн төсөл болон холбогдох 26 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 70 гаруй хуульд тодорхой төрлийн бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэхээр заасан байдаг. Эдгээрээс 30 орчим нь шаардлагагүй шат дамжлага бий болгож, иргэн, хуулийн этгээдийг чирэгдүүлэн, эдийн засгийн дарамт үүсгэдэг нь судалгаагаар тодорхой болжээ.

    Хуулиас гадна захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргаж байгаа нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актад заавал нотариатаар баталгаажуулах тухай хэм хэмжээ тогтоож иргэд, байгууллагыг чирэгдүүлж байна. Иймээс нотариатын үйл ажиллагааг зах зээлийн жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, төр, захиргааны болон шүүх, хууль хяналтын байгууллагад иргэд гуравдагч этгээдийн оролцоогүйгээр шууд хандах эрх зүйн таатай нөхцлөөр хангах, нотариатыг зайлшгүй тохиолдлоос бусад үед иргэдийн хүсэлтийн дагуу хийж байх, энэ харилцаанд төрийн оролцоог багасгах нь зүйтэй гэж үзэн хуулийг шинэчлэн сайжруулахаар төлөвлөжээ.  
    Шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар :
    – Иргэн, хуулийн этгээдийн хуулийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага дээшлэнэ
    – Төрийн байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллагад иргэд нотариатчийн оролцоогүйгээр шууд хандах боломжтой болно 
    – Нотариаттай холбоотой баримт бичиг гэрчлүүлэх шат дамжлага, төлбөр хураамжийн дарамт багасна
    – Нотариатчид шударга өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

    ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ

    Хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. 
    Хуулийн төсөл батлагдсанаар : 
    – Олон нийтийн үзвэр үйлчилгээний газар, ажлын байр 100 хувь тамхигүй болж олон нийт дам тамхидалтан өртөн халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэл буурна
    – Тамхины зар сурталчилгаа багасч тамхины хэрэглээ буурна
    – Нийгмийн эрүүл мэндийн бодлого, арга хэмжээ, тамхины хяналтын талаар төр, тамхи үйлдвэрлэгчийн хоорондын харилцааны хэм хэмжээ төлөвшин, тамхины хяналтын бодлого, арга хэмжээ, тамхи үйлдвэрлэгчийн бизнесийн үйл ажиллагааны зааг ялгааны талаар төрийн байгууллага, ажилтан, олон нийтийн мэдлэг, хандлага, хариуцлага нэмэгдэнэ
    – Тамхины хайрцаг, сав боодолд тавих шаардлага, зохицуулалт сайжирч тамхины хор хөнөөлийн талаарх бодитой мэдээллийн хүртээмж нэмэгдэнэ
    – Хүн ам, ялангуяа хүүхэд, өсвөр үеийхний дунд тамхины хэрэглээ болон тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралтыг бууруулах боломжтой юм.

    2009 онд явуулсан халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн шаталсан судалгаагаар нийт хүн амын 27,6 хувь нь тамхи хэрэглэдэг. Үүний 48 хувь нь эрэгтэйчүүд, 6.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ тоог 2005 оныхтой харьцуулахад эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ 0.1 хувиар буурч эмэгтэйчүүдийнх 1.1 хувиар өсчээ. Хоёр хүн тутмын нэг нь гэртээ, гурван хүний нэг нь ажлын байрандаа дам тамхидалтад өртдөг нь судалгаанаас тодорхой болсон байна. 

    ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 61 ХУВЬТАЙ БАЙНА

    Иргэний шинэчилсэн бүртгэлд насанд хүрсэн 1.151.236 /нэг сая нэг зуун тавин нэгэн мянга хоёр зуун гучин зургаа/ хүнийг хамруулсан нь нийт хүн амын 61 хувь гэсэн үг юм. Харин насанд хүрээгүй 448.707 хүүхэд буюу нийт хүүхдийн 56 хувийг бүртгэлд хамруулжээ. Дундговь, Дорноговь, Булган, Говьсүмбэр, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт шинэчилсэн бүртгэлийн явц 74.6-87.0 хувьд хүрсэн бол Баян-Өлгий, Ховд аймагт 31.3-45.7 хувьтай буюу удаашралтай байна.

    Иргэд төрсний гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн, овог нэр нь зөрсөн, иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан зэрэг нь шинэчилсэн бүртгэлийн явцад нөлөөлж байна. Иймээс 1951 оноос хойш төрсөн иргэний төрсний гэрчилгээний лавлагааг шуурхай олгохын тулд иргэний баримтын архив 24 цагаар, нийслэлийн хороод бямба гарагт ч ажиллаж байгаа юм.

    Хөдөө орон нутгийн оюутнууд байнга оршин суугаа газартаа шинэчилсэн бүртгэлд хамрагдах ёстой гэж байсныг өөрчилж, удахгүй тухайн сургуульд нь бүртгэж эхлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, БСШУЯ ярилцаж байна.   

    ТОВЧХОН

    • “Ой, хээрийн түймрийн хохирлыг тооцох журам”-ыг хавсралт ёсоор батлав. 1996 онд батлагдсан Ой, хээрийн түймрээс хамгаалах тухай хууль, түүний дагуу гарсан зарим журам, зааврыг 2007 оны Ойн тухай хууль, даган гарсан журам, зааварт нийцүүлэн шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон байна. 2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлан мөрдүүлж эхэлсэн. Энэ бүхнээс үүдэн “Ой, хээрийн түймрийн хохирлыг тооцох журам”-ыг өөрчлөх шаардлагатай болсон байна. Сүүлийн 5 жилд манай улсад 798 удаа түймэр гарч 48 хүн амь насаа алдан 2.1 сая газрын ой шатаж, 22.5 тэрбум төгрөгийн экологийн болон эдийн засгийн хохирол учирчээ. Ой, хээрийн түймрийн ихэнх нь хувь хүний болгоомжгүй үйлдлээс болсон бөгөөд эзэн холбогдогчийн 60 хүртэлх хувийг илрүүлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

    • АНУ-ын Вашингтон хотноо 2010 оны 10 дугаар сарын 6-11-ний өдөр болох Олон улсын валютын сан, Дэлхийн банкны Захирагч нарын 2010 оны жилийн ээлжит чуулга уулзалт, Бүгд Найрамдах Филиппин Улсын Сэбү аралд мөн оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 3-ны өдөр болох Азийн хөгжлийн банкны хандивлагчдын ээлжит бага хуралд Сангийн сайд С.Баярцогтыг оролцуулах нь зүйтэй гэж үзэв.

    • Монгол Улсын буцалтгүй тусламжаар БНАЛАУ-д барьсан “Найрамдал” эмнэлгийн барилгын их засварт зориулан 300 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шилжүүлэх болов. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн 2008 онд БНАЛАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус улсын Үндэсний Ассамблейн даргатай байгуулсан албан ёсны хэлэлцээрт тусгагдсаны дагуу их засварт шаардлагатай  300 сая төгрөгийг 2010 оны төсөвт суулгаж батласан юм

  • Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010 оны есдүгээр сарын 17-ны өдөр боллоо

    засгийн газар, засгийн газрын хуралдаанГамшгаас хамгаалах  өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

    Дорнод, Сүхбаатар аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчин хурдан тархаж байгаатай холбогдуулан тус аймгуудын нутгийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгж, иргэдийг гамшгаас хамгаалах  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2010 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн шилжүүлж, хорио цээр тогтоох тухай шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас шийдвэрлэлээ.

    Аймгийн гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг шаардлагатай материал хэрэгслээр хангах, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх, өвчний ил шинж тэмдэгтэй малыг устгах, мал амьтны сэг зэмийг булшлах, ус  бэлчээр нэгтэй байсан мал сүргийг тусгаарлах арга хэмжээ шуурхай  авч хэрэгжүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт даалгав.

    Мөн түүнчлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд орон нутгийн улсын чанартай авто замын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын цэгийг холбогдох заавар, журмын дагуу байгуулж, үйл ажиллагаанд нь байнгын хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Малчдад мал сүргийг байнгын хариулгатай байлгах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч ажиллахыг мөн даалгав.

    Харин гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд 2010 оны есдүгээр сарын 20-ны дотор тодотгол хийж, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах, уг өвчнөөр өвчлөмтгий малыг үзлэгт хамруулах, тандалт хийх, шаардагдах ариутгалын бодис, техник, тоног төхөөрөмжийн нөөц, хүн хүч, тээврийн хэрэгслийг бэлэн байлгах арга хэмжээг зохион байгуулахыг Дорнод, Сүхбаатар  аймагтай хөрш, зэргэлдээ Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгалаа. Өвчин гарах эрсдэл өндөр, малын шилжилт хөдөлгөөн ихтэй, зам дагуух газруудад харуул хамгаалалт, хяналтын цэгүүдийг холбогдох журмын дагуу байгуулах, анхааруулсан тэмдэг, дохио, санамж тавиулах, харуул хамгаалалт гарган ажиллуулахыг мөн үүрэг болгов.

    Дорнод, Сүхбаатар аймгаас мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг  бусад бүс нутагт оруулахыг зургаан сарын хугацаатайгаар хориглолоо. Зэрлэг амьтдыг шилжилт хөдөлгөөнд тандалт, судалгаа хийж, өвчилсөн зээрийг устгах, цаашид халдвар тархаахгүй байх талаар мэргэжлийн заавар, зөвлөмж өгч ажиллахыг БОАЖ-ын сайд Л.Гансүхэд даалгалаа.

    Хорио цээр тогтоосон бүс нутагт харуул хамгаалалт гаргах, өвчтэй мал, зээрийг устгах, үхсэн мал амьтны сэг, зэмийг зааврын дагуу булшлах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор зэвсэгт хүчин, хилийн цэргээс шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг гарган ажиллуулах талаар санал боловсруулж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9.9-д заасны дагуу Зэвсэгт хүчний ерөнхий командлагчдад тавьж шийдвэрлүүлэхийг БХ-ын сайд Л.Болд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт тус тус даалгав. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний гарал үүслийг тогтоох ажлын хэсгийг томилон ажиллуулж, дүнг аравдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах арга хэмжээ авахыг холбогдох яамдын сайд нарт үүрэг болголоо.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны есдүгээр сарын 8-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Малын гоц халдварт шүлхий өвчинд шаардагдах зардлыг шийдлээ

    Одоогийн байдлаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд  Дорнод аймгийн голомт бүхий Матад, Халхгол, Булган сумдын мэдрэмтгий бүх мал, Дорнод аймгийн бусад бүх сум, Сүхбаатар аймгийн бүх сумын үхэр, Хэнтий аймгийн хил залгаа хоёр сумын үхэр, Дорноговь, Өмнөговь  аймгийн БНХАУ-тай хил залгаа сумдын бод ,бог мал буюу нийт 1.6 сая малыг вакцинжуулаад байгаа юм байна.

    Улсын нөөцөд уг өвчнөөс сэргийлэх вакцин дуусаад байгаа  аж.  Түүнчлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад ,Булган сумдын зааг нутагт өвчтэй зээр, зээрийн сэг зэм их байгаа тухай мэдээллийг аймгуудын мал эмнэлгийн албадаас ирүүлжээ. Энэ асуудлыг өнөөдрийн   Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж,  малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа.

    Сүхбаатар, Дорнод аймагт  мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Сүхбаатар аймагт ариутгал, халдваргүйтэл хийх зориулалт бүхий “ ДУК” автомашин нэг, Сүхбаатар аймагт формалин 1176 литрийг улсын нөөцөөс олгож, 2010 оны дөрөвдүгээр улиралд багтаан нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол улсын Шадар сайд М.Энхболдод даалгалаа. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардал болон улсын нөөцөөс олгох автомашин, формалиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 140.0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж, Онцгой байдлын ерөнхий газарт олгохыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрөв. 

    Зөвлөх компаниар олон улсын нэр хүнд бүхий туршлагатайг нь сонгох чиг өглөө

    Сүүлийн жилүүдэд манай улсын төрийн байгууллагууд ээдрээ, түвэгтэй, их хэмжээний хөрөнгө, хүч шаардсан маргаанд татагдан гадаад орны шүүх, арбитрт хариуцагчаар дуудагдах явдал удаа дараа гараад байгаа бөгөөд цаашид ч  дахин гарч болзошгүй байгаа ажээ. Мөн үүнээс  гадна төрөөс дэд бүтэц болон уул уурхай, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байгаа өнөө үед томоохон төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах чухал ач холбогдолтой байгаа аж.

    Иймээс нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөртэй холбогдон үүссэн маргаантай асуудлаар Монгол улсын эрх ашгийг төлөөлөн гадаад орны шүүх, арбитрт нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох, цаашид шинээр хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийн төслийн хүрээнд гэрээ, хэлэлцээр байгуулахад эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг олон улсын нэр хүнд бүхий туршлагатай зөвлөх компаниар гүйцэтгүүлэх  шаардлага байгааг харгалзан, Засгийн газрын хуралдаанаас зөвлөх компани сонгон шалгаруулах тухай тогтоол гаргалаа.

    Зөвлөх компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж, тухай бүрт нь Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулж байхыг Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт даалгав.

    Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

    Засгийн газрын 2010 оны 77 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “ 2010 онд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд зэвсэгт хүчнээс цэргийн баг оролцуулах арга хэмжээний нэгдсэн жагсаалт”-ын дөрөв дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ. Ингэснээр  “Афганистан дахь энхийг сахиулах олон улсын ажиллагаанд… нисдэг тэрэгний техникийн , засвар үйлчилгээний сургалтын бүлэг, Бельгийн вант улсын зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэх цэргийн баг оролцуулах “  гэсэн заалт нэмэгдэж байгаа юм.  

    Хөдөлмөрийн үндэсний чуулганыг зохион байгуулна

    Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийн чиг хандлага, хөдөлмөрийн харилцаан дахь өөрчлөлт, тэдгээрийг эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай уялдуулах, ажлын байр нэмэгдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэж сургах асуудлын хүрээнд салбарын яамд, мэргэжлийн сургалтын байгууллагууд, иргэний нийгэм, судлаачдын санал дүгнэлтийг сонсох зорилгоор ийм чуулганыг зохион байгуулах боллоо. “ Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт- зохистой ажлын байр” сэдэвт хөдөлмөрийн  үндэсний чуулганд шаардагдах хөрөнгийг  Засгийн газрын нөөцөөс  гаргахаар    хуралдаанаас  тогтлоо. Тус чуулганыг ирэх аравдугаар сард хийхээр төлөвлөж байгаа ажээ.

    Товчхон

    • Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн систем /RIMES/-ийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт нэгдэн орох нь зүйтэй гэж үзлээ. НҮБ-ын Хөгжлийн газраас тус системээр дамжуулан Монгол, Бутан, Энэтхэг, Мальдив, Балба, Пакистан зэрэг улсад уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн менежментийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ оны долдугаар сарын эхээр Энэтхэг улсад зохион байгуулагдсан хурлаас манай улсад 180000 ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ сараас хэрэгжиж эхлэх юм.  

    • Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    • “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зүйтэй гэж үзлээ. Тус хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэх эрхийг Монгол Улсаас Швейцарийн Холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Оргилд олголоо.

    • УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба, С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзлээ. Тус сан нь Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилготой. Тодорхой ажил мэргэжилд зориулж шинээр сан байгуулах нь цаашид мэргэжил тус бүрээр сан байгуулах буруу жишиг тогтоох үр дагавартай гэж Засгийн газрын зарим гишүүд үзлээ. Мөн “Багшийн хөгжлийн сан”-гийн тухайд боловсролын асуудал эрхэлсэн сайдын төсвийн багцад тусгах замаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзээд сайд нарыг саналыг тусгаад төсөл санаачлагч УИХ-ын гишүүдэд уламжлахаар тогтлоо

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны есдүгээр сарын 1-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны есдүгээр сарын 1-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Ньюкасли” өвчинтэй тэмцэхэд 125 сая төгрөг зарцуулна

    Өнөөдөр болсон  Засгийн газрын хуралдаанаар  Нийслэлийн Хан-Уул дүүргийн Туул тосгоны 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан   шувууны гоц халдварт “Ньюкасли” өвчний цагийн байдлыг авч хэлэлцлээ. Халдварын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэмийг чанд сахиулан мөрдүүлэх, ариутгал, халдваргүйтгэлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж өвчний тархалтыг таслан зогсоох арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт үүрэг болгов. 

    Уг өвчний тархалтыг цаг алдалгүй таслан зогсоох   арга хэмжээний зардалд зориулан нийт 125 сая төгрөгийг гаргах тухай тогтоолыг баталлаа. Тогтоолд дурдсанаар нийт 125 сая төгрөгийн 70 хувь буюу 87.5 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод, үлдэгдэл 30 хувь буюу 37.5 сая төгрөгийг төсвийн багцаасаа гаргахыг Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт тус тус зөвшөөрлөө. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболдод даалгалаа. 

    Гоц халдварт Ньюкаслин өвчний халдвар авсан шувууны дотор эрхтэн, тархи, уушиг үрэвсэх шинж тэмдэгтэй илэрдэг хавьтал халдварт өвчин юм байна. Одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн онцгой комисс, Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон, халдварын голомтод хэрэгжүүлэх арга хэмжээг гүйцэтгэх ажлын хүрээнд тус аж ахуйд гаднаас хүн орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хориглоод байгаа ажээ.

    Өвчин илэрсэн “Нион шель”  аж ахуйгаас 2010 оны наймдугаар сарын 29-ний өдөр бусдад нийлүүлсэн 1600 өндөгийг Баянгол дүүргийн мал эмнэлэгийн байцаагч хураан авч, компаний өндөг борлуулдаг байр, хадгалж байсан гэр, өндөг тээвэрлэдэг машин зэрэг 250 метр квадрат талбайд халдваргүйжүүлэлт хийжээ. 

    Улсын нөөцөд малын тэжээл бүрдүүлнэ

    Засгийн газрын хуралдаанаар улсын нөөцөд малын тэжээл бүрдүүлэх тухай тогтоол гаргалаа. Тогтоолоор  ОХУ-аас буцалтгүй тусламжаар ирүүлсэн арвай буудайны үлдэгдэл 21091.9 тонн арвай буудайг үйлдвэрийн аргаар боловсруулж тэжээл бэлтгэх, үүнтэй холбогдуулан гарах үйлдвэрлэлийн болон бусад зардлыг нэг тонн буудайг 90000 төгрөгөөр тооцон буудай хэлбэрээр олгож, малын тэжээл үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан малын хорголжилсон, багсармал тэжээл бэлтгүүлж, 2010 оны 11 дүгээр сард багтаан Улсын нөөц бүрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Шадар сайд М.Энхболдод даалгалаа.

    Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тухай мэдээллийг сонсов

    “2009-2010 оны зудын хохирлыг арилгах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 137 дугаар тогтоолын биелэлт болон 2010- 2011 оны мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар нарын мэдээллийг сонслоо.

    Зарим аймагт гангийн зэрэглэл тогтоох ажлын хэсгийг мэргэжлийн яам, холбогдох байгууллагын бүрэлдэхүүнтэй томилон ажиллуулж, цаашид авах арга хэмжээний талаар энэ оны есдүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Монгол улсын сайд, ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа. Мөн малжуулах арга хэмжээний төсвийн санхүүжилтийг аймгуудын төрийн санд яаралтай олгох, дотоод, гадаадын төсөл, хөтөлбөр болон гадаад орон, олон улсын байгууллагын хандив, зээл, тусламжийн эх үүсвэрээр нэмэлт санхүүжилтийг бүрдүүлэх,малжуулах ажлыг шуурхай зохион байгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нарт даалгав.

    Орон нутгийн захиалгын дагуу мал, мах бэлтгэх ажлыг зохион байгуулах,тэдгээрийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдтэй холбож дэмжлэг үзүүлэх, хот суурин газрын хаврын махны нөөц болон экспортыг нэмэгдүүлэх, Сүхбаатар, Хэнтий аймгуудаас үржлийн хээлтүүлэгч малыг говийн болон төвийн аймгуудад худалдаалах арга хэмжээг хэрэгжүүлж, түүнд хяналт тавьж ажиллахыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд даалгав. Хэнтий аймгийн Бэрх тосгоны дулааны станцын алдагдалтай холбогдон гарах нэмэлт зардлыг тооцон шийдвэрлэх арга хэмжээний талаар тодорхой санал боловсруулж, 2010 оны аравдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг ЭБЭХ-ий сайд Д.Зоригтод даалгалаа. 

    ХХААХҮ-ийн сайдын мэдээллээс товч дурдвал, зуншлагын байдал нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 10 орчим хувьд гантай, бусад нутаг буюу нутгийн 40 орчим хувьд гандуу байгаа юм байна. Энэ жил улсын хэмжээнд нийт 19 сая хээлтэгч мал төллөх ёстойгоос долдугаар сарын 1-ний байдлаар төллөх хээлтэгчийн 53.7 хувь буюу 10.2 сая нь төллөж, гарсан төлийн 71.1 хувь нь буюу 7.3 сая төл бойжиж байгаа нь өмнөх оныхоос 46.6 хувиар цөөн аж. 2010-2011 онд улсын хэмжээнд 35.0 сая орчим мал өвөлжих төлөвтэй байгаа ажээ. ОХУ-ын тусламжаар ирсэн 56.8 мянган тн тэжээлийн үр тарианаас 25.6 мянган тн-ыг улсын нөөцөд авч, үлдсэнийг нь 21 аймаг, нийслэлд саналыг нь харгалзан хуваарилан олгожээ.

    Улсын хэмжээнд хадлан тэжээл бэлтгэх техникийн бэлэн байдал 90.2 хувьтай байгааг ХХААХҮ-ийн сайд мэдээллээ. Өвөрхангай аймаг өнгөрсөн жил мал аж ахуйн хувьд хамгийн их хохирол амссан аймаг юм байна. Засаг дарга Д.Тогтохсүрэнгийн мэдээлснээр эцсийн дүнгээр 1620.0 мянган мал толгой мал хорогдсон байна. Тус аймагт огт малгүй болсон буюу цөөн тооны малтай гэх 8.3 мянган өрх байгаа ажээ.

    Тэдний ихэнх нь өөр ажил хөдөлмөр эрхлэх чадвар багатай, зөвхөн мал маллаж чадах учраас тэднийг малжуулж, орлогын эх үүсвэртэй болгохыг хүсэлтдээ уламжилж байсан. Харин Хэнтий аймгийн хувьд мал тарга хүч сайтай орж, өвлийг ядралгүй даван туулсан ч цас ихээр орж, хүйтэрснээс бог малын хорогдол асар их байсан байна. 

    Ургацын урьдчилсан балансын дүнг танилцуулав

    2010 оны ургацын урьдчилсан балансын дүнг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан бэлтгэлийг бүрэн хангуулсны үндсэн дээр ургац хураалтыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд даалгав.

    2010 онд улсын хэмжээгээр 260.4 мянган га-д үр тариа, 13.8 мянган га-д төмс, 6.9 мянган га-д хүнсний ногоо, 24.1 мянган га-д тосны ургамал, 11.7 мянган га-д тэжээлийн ургамал, 517.4 га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 317.4 мянган га-д тариалалт хийсэн байна.  Ургацын урьдчилсан балансаар 338.8 мянган  тонн үр тариа, үүнээс 329.8 тонн буудай, 156.1 мянган тонн төмс,90.1 мянган тонн хүнсний ногоо, 20.5 мянган тонн тосны ургамал, 19.6 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогоод байгаа юм байна.

    Энэ нь нэг га-гаас дунджаар 13.5 цн үр тариа, 113.3 цн төмс, 130.3 цн хүнсний ногоо, 8.5 цн тосны ургамал, 14.0 цн малын тэжээлийн ургамал авах боломжийг бүрдүүлж байгаа юм байна. Хавар тавдугаар сард хөрсний угтвар чийг хангалттай, уриншийн чанар сайн байсан хэдий ч зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 6-ныг хүртэл хур бороо багатай, агаарын температур 28-36 хэм , хөрсөн дээр 52-60 хэмээс давж 14-26 хоног үргэлжилсэн нарны хэт их халалт болсон нь ургацын байдалд сөргөөр нөлөөлснийг Т.Бадамжунай сайд мэдээллээ.

    Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 329.8 мянган тонн буудай хураан авахаас 2011 оны тариалалтад 44.9 мянган тонн, Улсын үрийн нөөцөд 16.0 мянган тонн, тариалан эрхлэлтийг дэмжих санд 168.9 мянган тонн, тэжээл үйлдвэрлэлд 23.1 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 76.6 мянган тонн буудай тус тус нийлүүлэх тооцоо гарчээ.

    Үүн дээр Монгол улсыг хөгжүүлэх сангийн 80.8 мянган тонн, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үлдэгдэл 13.0 мянган тонн буудайг нэмж тооцвол нийтдээ 339.4 мянган тонн буудайн нөөц бүрдэх бөгөөд түүгээр 247.7 мянган тонн гурил үйлдвэрлэж 2010-2011 оны хэрэгцээт гурилаа дотооодоос бүрэн хангах боломж бүрдэж байгаа ажээ.

    Бүтээн байгуулалтын шинжтэй томоохон зорилтыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

    Засгийн газрын үйл  ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн 2010 оны эхний хагас жилийн явцын тухай Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ ажлын явцыг газар дээр нь ямар байгааг Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн долоо хоногт явж танилцсан юм.

    Засгийн газар энэ оны эхнээс үйл ажиллагааныхаа хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд хэрэгжилтийн явц 2010 оны эхний хагас жилийн байдлаар 53.0 хувьтай байгаа нь 2009 оны жилийн эцсээс 10.3 хувиар өссөн байна. Бүтээн байгуулалтын шинжтэй, цаг хугацаа шаардсан зарим томоохон зорилт, арга хэмжээ судалгааны түвшинд, төсөл, ТЭЗҮ боловсруулах зэрэг эхлэлтийн шатанд байгааг анхаарч, тэдгээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхгүй бол Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд багтаж хэрэгжихээргүй болж байгааг тэмдэглэж байв. 

    Гашуун сухайт боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно

    Хилийн “ Гашуунсухайт” боомтыг 24 цагийн ажиллагаатай олон улсын хилийн боомт болгох ажлыг хэрэгжүүлэх талаарх мэдээллийг  Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өнөөдрийн хуралдаан дээр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хилийн “Гашуун сухайт” боомтоор тээвэрлэж байгаа нүүрсний экспортын хэмжээ энэ оны долдугаар сарын 1-ний байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин нэмэгдэж, “Оюутолгой” ХХК-ний барилга байгууламжийн зориулалтын импортын бараа, тоног төхөөрөмж ачсан 50 гаруй машин өдөр бүр улсын хилээр орж, тус боомтын ачаалал эрс нэмэгджээ.

    “Гашуун сухайт” боомтын эрчим хүч, халаалт, цэвэр бохир усны шугам сүлжээг өргөтгөх, ундны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, 180 орчим ажиллагсад байрлах орон сууц шинээр барих зэрэг ажлыг энэ онд багтааж барих төлөвлөгөөг Оюутолгой ХХК-аас гаргаж танилцуулаад байгаа юм байна. Тус компаний тавьж буй энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр хилийн “Гашуунсухайт” боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэн, улмаар 24 цагийн ажиллагаатай олон улсын хилийн боомт болгон хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан хилийн “Гашуун сухайт” боомтыг өргөжүүлэх чиглэлээр зраим ажлыг эхлүүлэхийг судалж, шийдвэрлэхийг Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа. 

    Тамирчдад мөнгөн шагнал олгоно

    Өсвөр үеийнхний зуны олимпийн анхдугаар наадам, өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах буудлагын спортын тэмцээнд оролцож, медаль хүртсэн тамирчид, түүний дасгалжуулагчдад  мөнгөн шагнал олгох тухай тогтоолыг гаргалаа. 

    Шатрын өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн А.Энхтуулд 500 мянган төгрөг, буудлагын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Ц.Хонгорзулд 12 сая төгрөг, өсвөр үеийнхний зуны олимпоос алтан медаль хүртсэн Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд нарыг тус бүр 36 сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн О.Дөлгөөнд 5 сая 400 мянган төгрөгийн шагнал олгохоор болов. Дасгалжуулагчид буюу  шатрын дасгалжуулагч П.Жигжидсүрэнг 250 мянган төгрөг,  буудлагын дасгалжуулагч Л.Ундралбатыг зургаан сая төгрөг,  чөлөөт бөх болон гимнастикийн дасгалжуулагч Д. Мөнхбаяр, Ц. Алтантөгс нарыг тус бүр 18 сая төгрөгөөр урамшуулжээ. Харин жудогийн дасгалжуулагч Д.Энхбаатарыг 2 сая 700 мянган төгрөгөөр шагнаж байгаа юм байна. Мөнгөн шагналд зарцуулах 134.850.000 төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Сангийн сайдад даалгалаа. 

    Товчхон

    – Хөгжлийн банкны удирдлагын сонгон шалгаруулалтын тухай мэдээллийг Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танхимын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкны удирдлагыг сонгон шалгаруулах ажлыг зохих журмын дагуу шуурхай зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд тус тус даалгалаа.

    – Худалдаа, эдийн засаг, шинжлэх, ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол,Оросын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдааны дүнг  Гадаад харилцааны сайд Г.Занданшатар танилцууллаа. Засгийн газрын гишүүд дүнг сайшаав. Монгол,Оросын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд , тус Комиссын Монголын хэсгийн дарга Н.Алтанхуягт даалгав.

    –  Улаанбаатар хотноо 2010 оны зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын V хуралдааны дүнг сайшааж, уг худалдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд, тус Комиссын Монголын хэсгийн дарга С.Ламбаад даалгав

    -Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай  мэдээллийг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай танхимын гишүүдэд хийлээ. Энэ  асуудлыг хэлэлцээд  Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган засгийн газрын тогтоол гаргахаар тогтов. 

    – Засгийн газрын 2010 оны долдугаар сарын үйл ажиллагааны мэдээллийг Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар засгийн газрын гишүүдэд танилцуулав.

    – “Бурхан Халдуны тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн газраас өгөх саналын төслийг  хэлэлцээд,  танхимын гишүүд асуудлыг зарчмын хувьд дэмжин тодорхой  саналуудыг  Монгол улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов. 

    – Сумдад мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулах тухай тогтоолын заалтад өөрчлөлт оруулах тухай тогтоолыг гаргав

    – “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөг батлах тухай Засгийн газрын тогтоолыг гаргалаа.  “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусган төсөл, зээл, тусламж, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн биелэлт, үр дүнг нэгтгэн гаргаж жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд үүрэг болголоо

  • Монгол Улсын Засгийн газар 8 дугаар сарын 27-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ элсэн цөлд хуралдлаа

    Монгол Улсын Засгийн газар 8 дугаар сарын 27-ны өдөр  бүрэн бүрэлдэхүүнээрээ элсэн цөлд  хуралдлаа.  Засаг хуралдсан  Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг  дахь Гашуун хоолой хэмээх энэ газарт  элсний нүүдэл маш эрчимтэйгээр явагдаж байгаа юм байна. Ер нь сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурт гарч байгаа огцом хувирал, байгалийн элдэв өөрчлөлтүүд нь ихэвчлэн хүний болчимгүй үйлдэлтэй холбоотой гэдгийг судлаачид нотолж байгаа.

    Иймд олон нийтийн анхаарлыг онцгойлон хандуулахын тулд Засгийн газрын хуралдааныг цөлжилт ихээр явагдаж байгаа говь нутагт зохион байгуулж, асуудлыг шийдэх гарцыг ард иргэдтэйгээ хамтран хэлэлцэх нь энэ арга хэмжээний гол зорилго гэдгийг  Ерөнхий сайд С.Батболд хуралдааны эхэнд тэмдэглэлээ.

    Хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар цаашид авах арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн  мэдээллийг сонсов. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол нутагт илүү хүчэй ажиглагдаж, ноцтой үр дагавар учруулж байгааг  тэрбээр  тэмдэглээд  сүүлийн дөчөөдхөн жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, цөлжих ган зудын давтагдал нэмэгдэх, усны нөөц биологийн олон янз байдал хомсдох зэргээр илэрч байгааг сайд илтгэлдээ онцоллоо. 

    Монгол нутагт ган, зуд, үер бороо цөлжилт зэрэг байгалийн гамшгийн давтагдал нэмэгдэж байгаа ажээ. Аадар бороо мөндөр, хүчтэй цасан болон шороон шуурга, уруйн үер зэрэг байгаль цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтагдал нэмэгдэж, нийгэм, эдийн засагт гамшиг учруулах тохиолдол сүүлийн 20 гаруй жилд хоёр дахин нэмэгджээ.

    Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтамж, эрч хүч нэмэгдэж байгаагаас хүн амын осол эндэгдэл мэдэгдэхүйц өсөн, ходоод гэдэсний болон суулгалт, зүрх судасны өвчлөл нэмэгдэх хандлагатай  байгаа аж. Монгол оронд 1988 онд зүрх судасны өвчлөлийн тохиолдлын тоо 10000 хүн тутамд 100 орчим байсан бол 2008 оны байдлаар 600 гаруйгаар нэмэгдсэн гэсэн мэдээлэл  Ерөнхий сайдын үгэнд ч,  Байгаль орчны сайдын илтгэлд ч дурдагдлаа.

    Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн мэдээллийг сонсч, уур амьсгалын өөрчлөлтийн шинэчилсэн хөтөлбөрийн төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол оронд болон дэлхийн дахинаа үүсэн бий болж байгаа ноцтой асуудлуудад олон улсын анхаарлыг хандуулахын тулд дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудад хандаж илгээлт гаргалаа.

    Хуралдааныг дүгнэж гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд хэлсэн үгэндээ “Засгийн газрын орон нутагт, тэр тусмаа хөдөө хээр анх удаа хийж байгаа энэ удаагийн хуралдаан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудыг шийдвэрлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Хамтарсан Засгийн газар дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх болно. Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн төр засгийн төдийгүй иргэн бүр, байгууллага бүрийн санаа зовох асуудал юм. Иймд ард иргэд өөрчлөгдөн хувьсч байгаа нөхцөлд зохицуулан өөрсдийн үйл ажиллагаа, амьдралын хэвшлээ өөрчлөх ёстой болж байна. Иргэд эрчим хүч, дулааны хэрэглээгээ үр ашигтай зохицуулах, хэмнэх өргөн бололцоотой гэдгийг онцлон тэмдэглэлээ

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 8 дугаар сарын 18-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛД АЖИЛЛАХ МОНГОЛ АЖИЛЧДЫГ СИСТЕМТЭЙГЭЭР БЭЛТГЭНЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд баруун есөн аймагт албан томилолтоор ажиллан иргэдтэй уулзах үед ажлын байр хүссэн, тэр дундаа Оюутолгойн бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэх хүн олон байсан юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд энэ талаар онцгойлон ярьж, асуудлыг системтэйгээр шийдэх үүргийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нарт тус тус өглөө. Ингэснээр орон нутгийн залуус Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурч мэргэжил эзэмшиж, улмаар Оюутолгой төсөлд ажиллах боломж нээгдэж байна. Оюутолгой ХХК манай иргэдийг ажлын байртай болгоход зориулж гурван жилийн хугацаанд 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн 3300 хүнд мэргэжил эзэмшүүлэх юм.

    2010-2011 оны хичээлийн жилд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн материаллаг баазыг бүрдүүлэх, сургалтын болон дотуур байрны зардал, суралцагчдад тэтгэлэг олгоход дээрх мөнгөнөөс зарцуулна.   

    Бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилчдыг Оюутолгой төсөл болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа уул уурхай, зам, төмөр зам, аж үйлдвэрийн парк байгуулах зэрэг томоохон төсөл, бүтээн байгуулалтад ажиллуулах талаар Оюутолгой ХХК-тай ярьж тохирохыг холбогдох сайд нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Түүнчлэн ажилгүй иргэдийг нэмж сургах боломжийг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв бүрээр тооцож, аймаг, нийслэлээс суралцах ажилгүй иргэдийн тоог нарийвчлан гарган, суралцагчдад сар бүр олгох тэтгэлгийн хэмжээг тогтоох болж байна.

    Ажилгүй иргэдийг сургалтад хамруулахдаа урьдчилан нарийн судалгаа гаргаж, бэлтгэлээ бүрэн хангасны дараа өндөр хэмжээнд зохион байгуулан, сургалтад хамрагдах иргэдийг “Илгээлтийн эзэд”-ийн нэгэн адил тооцож дэмжлэг, туслалцаа үзүүлэх юм.

    Оюутолгой төсөлд ажиллах гадаадын мэргэжилтэн, ажиллах хүчний тоог жил бүр тогтоохдоо Оюутолгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа иргэдийн тоог тус компаний монгол ажилтны тоонд оруулан тооцож байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

    Одоогийн байдлаар Оюутолгой төсөлд 4366 хүн ажиллаж байгаагийн 1618 нь гадаадын, 2748 нь монголчууд юм. Оюутолгой төсөл нь дотроо барилга, ган хийц, механик, цахилгаан, дамжуулах хоолой зэрэг бүх салбарыг багтаасан дэд төсөлд хуваагдсан. 2012 он гэхэд ил уурхай ажиллаж жилийн дараа баяжмал үйлдвэрлэж эхлэхээр тооцоолж байна. Энэ жилдээ багтан суурийг нь тавьж, ирэх хавар ган хийцийг босгож, механик, цахилгаан, дамжуулах хоолойн хэрэгслийг суурилуулахаар төлөвлөжээ.  

    Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг Хүний хөгжил сангаас олгох боломжтой

    Инфляцын өсөлтөөс үүдэн их дээд сургуулиудын төлбөр нэмэгдсэн нь сүүлийн үед иргэдийн дунд бухимдал үүсгээд байгаа юм. Тиймээс ард иргэддээ энэ хүндрэлтэй асуудлыг шийдэхэд нь туслах зорилгоор Засгийн газрын хуралдаанаас  сургалтын төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний талаар тогтоол гаргахаар боллоо.

    Үүнд 2010-2011 оны  хичээлийн жилд их, дээд сургууль коллежид суралцагчдын сургалтын төлбөрийн 2010 оны 9-12 дугаар сард ногдох хэсгийг суралцагч өөрөө хариуцан, үлдэгдэл төлбөрийг 2011 оны нэгдүгээр сараас эхлэн Хүний хөгжил сангийн хишиг, хувиас тооцуулж төлүүлэх зохицуулалт хийхээр болж байна.  Үүнтэй холбогдуулан   сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгохдоо 2010 оны 9-12 дугаар сараар тооцох,   2011 оны нэгдүгээр сараас Хүний хөгжил сангаас хишиг хувиа сургалтын төлбөр хэлбэрээр авахтай холбогдуулан санал боловсруулах, сургалтын төрийн сангийн  шалгуур үзүүлэлт, журам холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаярт даалгалаа.

    Дашрамд дурдахад 2010- 2011 оны хичээлийн жилд их,дээд сургууль, коллежийн дундаж төлбөрийг  726 мянган төгрөг байхаар тооцож байгаа юм байна.  2011 онд Хүний хөгжил сангаас нэг хүнд 500 мянган төгрөг олгогдохоор  төлөвлөгдөж байгаа бөгөөд зөрүүг оюутан өөрөө төлөхөөр байна. Энэ зөрүү нь ойролцоогоор эхний дөрвөн сард ногдох сургалтын төлбөртэй тэнцэхүйц болохоор байна. 

    Том төслүүдийг хэрэгжүүлэхдээ олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг эхний ээлжинд хангахыг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо

    Засгийн газраас хэрэгжүүлэхээр баталсан  бүтээн байгуулалтын төслүүдийн явцын талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт нар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.  Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, 2008-2012 оны Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-аас баталсан хөтөлбөр төслүүдийн хүрээнд ЗТБХЯ-наас  дараах төслүүдийг хэрэгжүүлэхэд  бэлэн болжээ.  

    Тухайлбал барилгын салбарт 100 мянган айлын орон сууц, 96 сум дундын төв загвар төслийг хийхээр төлөвлөж байгаа бол, Авто замын салбарт 5572 км улсын чанартай автоа зам, 990 км хурдны зам, Улаанбаатар хотод 350 км автозамын шинэчлэлт, мөн Улаанбаатар хотод 212 км авто зам, долоон цэгт гүүрэн гарц барих юм байна. Харин төмөр замын салбарт төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын шинэ төмөр замын суурь бүтэц барих нэгдүгээр үе шатыг эхлүүлэхээр төлөвлөжээ.  Мөн үйлдвэржүүлэх хөтөлбөрийн хүрээнд Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг эхлүүлэх юм байна. Дээрх төслүүдийг хэрэгжүүлж эхлүүлэхэд шаардлагатай байгаа холбогдох тооцоо, судалгааны ажлуудыг  ч хийж дуусгажээ.

    Засгийн газрын хуралдаанаас дээрх төслүүдийг яаралтай хэрэгжүүлж эхлэх, үүний тулд төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа санхүүжилтын эх үүсвэрийг уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх баталгаа гаргах замаар  бий болгох талаар шийдвэрийг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

    Тавантолгой ордыг ашиглах талаарх УИХ-ын тогтооолыг хэрэгжүүлэх тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын мэдээллээс  үзвэл олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн түвшний уурхай байгуулах, бүс нутгийн зах зээлд нүүрс нийлүүлэх, борлуулах нэгэн гол тоглогч болох зорилгоо хангахын тулд Тавантолгой ордыг ашиглах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч төрийн өмчит компани олборлолтын үйл ажиллагааг явуулах бэлтгэл ажлыг эхлүүлж, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүүлэх талаар нэлээд ажил хийгдээд эхэлжээ. Тавантолгой ордыг ашиглах талаарх УИХ-ын тогтоолын үзэл санааг дэлгэрүүлж, нарийвчлан зохицуулсан тодорхой шийдвэрийг Засгийн газрын түвшинд гаргах шаардлагатай гэж Д.Зоригт сайд хэллээ.  Ерөнхий сайд мэдээллийг сонссоны дараа энэ ажил нь  нэгдүгээрт нээлттэй ил тод байх, чадварлаг баг ажиллуулах, мөн монгол улс өөрийн эрх ашгаа нэгдүгээрт тавих ёстой гэдгийг сануулаад, бүтээн байгуулалтын томоохон ажлыг   эрчимжүүлэх үүргийг өглөө.

    Хамтарсан Засгийн газарт итгэх  итгэлийг улам батжуулсан томилолт боллоо

    Монгол улсын ерөнхий сайд С.Батболд хөдөөгийн иргэдийн аж амьдралтай газар дээр нь танилцахаар баруун болон төвийн бүсийн есөн аймгаар яваад ирсэн билээ. УИХ болоод Засгийн газрын зарим гишүүд, яам агентлаг, хэвлэл мэдээллийн ажилтнууд бүхий өргөн бүрэлдэхүүнтэйгээр 5600 орчим км газрыг   хорь гаруй хоногийн хугацаанд туулж, нийт ард иргэдтэй 21 удаа уулзалт хийжээ.  Төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагын ажил байдалтай танилцан, давхардсан тоогоор 6300 орчим иргэд албан хаагчидтай уулзах явцад 200 гаруй санал шүүмжлэл, хүсэлт гарсан байна. Энэ хугацаанд орон нутгийн хэмжээнд тулгамдаад байгаа 16 асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.

    Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтыг хэлэлцэж, хамтарсан Засгийн газрын хувьд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн танхимын гишүүд дүгнэлээ.  Иргэдийн засгийн газартаа итгэх итгэл улам нэмэгдэж,  хамтарсан Засгийн газар хамтраад юм хийж чадаж байна гэх урам очсон газар бүрт анзаарагдаж байсныг Ерөнхий сайд хуралдааны үеэр тэмдэглэлээ. Засгийн газар сайн ажиллавал бид ч бас ажлаа сайн хийх болно гэдэг эрмэлзэл их байгаагаа иргэд Ерөнхий сайдаас нуугаагүй аж. Малчдын зээлийн асуудал, сургалтын төлбөр, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, ажлын байрны хүсэлт зэрэг  иргэдийн зүгээс тавьж байсан эдгээр асуудлыг цаг алдалгүй, системтэй шийдэхийг  холбогдох сайд нарт Ерөнхий сайд үүрэг болголоо.

    Тухайлбал, оюутны сургалтын төлбөрийг “Эх орны хишиг”-ээс шийдэх боломжийг судлах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлахад шаардагдах улсын нөөц бүрдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг 2011 оны улсын төсвийн төсөлд тусгах  зэрэг болон  бусад зайлшгүй шийдэх ёстой асуудлуудыг аймаг бүрээр нь нэг бүрчлэн гаргаж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт хугацаа заан үүрэг болголоо.Мөн хэрэгжилтэнд нь хяналт тавих ажлыг зохион байгуулалтайгаар хийхээр Засгийн газрын хуралдаанаас тохирлоо.

    Ерөнхий сайдын энэ удаагийн  томилолт  өндөр ач холбогдолтой болсны хэрээр  мөн   хүлээлт бий болгож байгааг  танхимын гишүүд тэмдэглэлээ.

    ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨВ

    Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензинд 220 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 150 000 төгрөг болгов. Харин АИ-92 автобензин болон дизелийн түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварыг хэвээр үлдээж 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ногдуулахаар болов. Бусад алслагдсан боомтоор оруулж ирэх автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

    Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар ЭБЭХЯ-наас оруулсан “Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 8 дугаар сард 7 дугаар сартай харьцуулахад А-80 автобензин тонн тутамд 68 ам доллар, АИ-92 автобензин 3 ам доллараар өссөн учир 8 дугаар сарын хилийн үнэ дээр татвар хураамжуудыг тооцож, агуулахын өртөг үнээр худалдах нь зүйтэй гэж үзжээ. Газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ 2010 оны 1 дүгээр сард тонн нь 690 орчим ам.доллар байсан бол 8 сард 848 ам.доллар болж өсчээ. Цаашид хилийн үнэ буурах магадлалтай байгаа тул Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр нөөцөлсөн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тохиромжтой үе гэж ЭБЭХЯ-наас үзэж байна. Асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.
    Дизель түлшний импортын үнэ 40 мянган төгрөгөөр буурсан хэдий ч өвөлжилтийн бэлтгэл, намрын ургац хураалтын ажил эхэлж байгаа учир татварыг нэмэхгүй байх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.

    ИРГЭД ЗАСГИЙН ГАЗАРТАА ХАНДСААР БАЙНА

    Төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагуудад 2010 оны 2 дугаар улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлын тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Төрийн захиргааны төв байгууллагад иргэдээс 14877 өргөдөл гомдол ирсний 96.6 хувийг барагдуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.0 хувиар нэмэгджээ. Нутгийн захиргааны байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95.6 хувьтай байна.

    Иргэд төрийн захиргааны төв байгууллагад хандан ихэвчлэн гэр, орон сууцаар хангах, ажлын байртай болох, газар эзэмших, хөдөлмөр эрхлэх, зээл, мөнгөн тусламж, эмчилгээний зардал  хүсчээ. Харин нутгийн захиргааны байгууллагууд малгүй болсон малчдын нийгмийн асуудал, банкны зээлийг хөнгөлөх, ажлын байр, мөнгөн тусламж, газар эзэмших, гэр, орон сууцтай болоход хөнгөлөлттэй зээл үзүүлэхийг хүссэн өргөдөл хүлээн авсан байна. 

    УСАН САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ ТОГТООЛОО

    Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн эргэлтүүдийн цэгүүд,  усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон цэг, ойн сан бүхий газрын хилийн газарзүйн солбицолыг тогтоосон ажлын хэсгийн тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
    Үүнтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл нь цуцлагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад олгох нөхөн олговрын тухай журам боловсруулж 9 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанд оруулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болголоо.
    Энгийн хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд 3335 талбайн 2833700 газарзүйн цэгийн солбицолыг тогтоож зурагт буулгасан байна. Улсын хэмжээнд 2007 онд  гадаргын усны тоо бүртгэлээр устай бүртгэгдсэн гол горхи, булаг шанд, нуур тойромын 71,6 хувийг хамруулж, энгийн хамгаалалтын бүсийг тогтоожээ. 
    Энэ ажлын хүрээнд 21 аймгийн 314 сумын Засаг даргын захирамж гаргуулан 89049,49 км.кв талбайг хамгаалалтад авч Усны мэдээллийн санд авч нэгтгэсэн байна. Хамгаалалтын бүсийг байршил, геологийн тогтоц зэргээс нь хамаарч хангайн уулархаг нутагт 200-500 м хүртэл, тал хээр, говьд 500-5000 м хүртэл зурвас үүсгэн газарзүйн солбицолыг хэмжиж баталгаажуулжээ.
    Хамгаалалтын бүс тогтоох ажилд төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн 483 албан хаагч, иргэн оролцон, ажлын 54 хэсэг гарч 2010 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн 60 гаруй хоног ажилласан байна.

    ТОВЧХОН

    • УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Д.Одбаяр, Б.Батбаяр, Д.Арвин нарын санаачлан боловсруулсан “Дархан цаазат газрын нутаг дэвсгэрээс зарим газрыг чөлөөлж, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн төсөл санаачлагч нарт уламжлахаар болов. Төсөл санаачлагчид Богдхан уулын болон Дорнод монголын дархан цаазат газрын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг чөлөөлөхөөр тогтоолын төсөл санаачилжээ. Дээрх газрууд нь Дэлхийн Хүн ба Шим мандалын дархан газрын сүлжээнд хамрагдсан, түүнчлэн хууль зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийн ашиг сонирхолд нийцүүлэн дархан цаазат газрын зарим хэсгийг чөлөөлөх нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж Засгийн газар  үзлээ.

    • Засгийн газрын 2010 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Засгийн газар оны эхний хагаст цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд түлхэц болох томоохон арга хэмжээг бодит ажил хэрэг болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг нь дэмжих чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажиллалаа. Байгалийн гамшиг, зудыг хохирол багатай  даван туулах, малчдад тусламж, дэмжлэг үзүүлэх, хаврын тариалалт, уринш бэлтгэхэд онцгой анхаарсан байна. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан зэргийг хэлж болох юм. 

    • Засгийн газар оны эхний 7 сард 43 удаа хуралдан 553 асуудал хэлэлцэн шийд гаргасан байна. 18 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар, 4 асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид, 60 асуудлыг Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлэхээр, 8 асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 34 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 33 асуудлыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хойшлуулахаар, 61 асуудлаар Ерөнхий сайдын захирамж, 198 асуудлаар Засгийн газрын тогтоол гаргажээ.

    • Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэрэг 141 шийдвэрийн 217 заалтыг Засгийн газар хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнээс  59 заалт буюу 27.1 хувь нь биелж, 145 заалт буюу 67.3 хувь нь хэрэгжих шатанд, 12 заалтын биелэлтийг тооцох хугацаа болоогүй, 1 арга хэмжээ тасарсан байна.

    •  “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр худалдан авч нөөцөлсөн бензин, шатахууныг газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад гэрээний үндсэн дээр зах зээлийн үнээр худалдан борлуулж, орлогыг 2010 оны 11 дүгээр сарын 15-ны дотор улсын төсөвт төвлөрүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний болон Сангийн сайдад даалгалаа. 2008 оны 8,9 дүгээр сард нөөцөд авсан 28.29 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнээс одоо 24.09 мянган тонн үлдээд байна.

    • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 14 дүгээр хуралдааныг 2010 оны 8 дугаар сарын 26-30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв.

    • Өмнөговь аймаг дахь Гашуун сухайтын боомтыг “Химийн хорт болон аюултай бодис улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалт”-д нэмж оруулав.

    • МИ-8 нисдэг тэрэгний осолд орж бэртсэн Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн шүхэр, шүхрийн дагалдах хэрэгслийн техникч, дээд түрүүч Ж.Бадамжунайн эмчилгээний зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Дээд түрүүч Ж.Бадамжунай нь 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраах үүргээ гүйцэтгэж яваад осолд өртсөн онцгой байдал үүссэн, хөлнийх нь дунд чөмөгний бэхэлгээ төмрийг авах боломж манай улсад байдаггүй учир Засгийн газар хөрөнгийн асуудлыг шийдсэн байна.

    • Улсын төсвийн хөрөнгөөр геологийн 1:50 000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хэрэгжүүлэх зорилгоор талбайг нөөцөд авлаа. 2010 онд шинээр нийт 24455,45 кв.км талбайд геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил хийхээр тусгасан бөгөөд үүний 30 хувь буюу 13385.6 кв.км талбайд геологийн судалгааны ажил хийхээр тооцжээ.

    • Монголын Хүүхдийн спортын 4 дүгээр их наадмыг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 2011 оны 8 дугаар сарын 20-ныг дуустал орон даяар зохион байгуулах болов. Наадам нь өсвөр насныхныг спортын арга хэмжээнд өргөнөөр хамруулах, спортоор хичээллэх сонирхлыг нь өрнүүлэх, тамирчдын залгамж халааг илрүүлэх,  өсвөр үеийнхний өвлийн болон зуны олимпийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.

    • “Монгол туургатан” хүүхдийн өвлийн спортын анхдугаар наадмыг 2011 оны 2 дугаар сард, “Монгол-2011” олон улсын хийн бууны аварга шалгаруулах тэмцээнийг 5 дугаар сард, “Чингис хаан-2011” дэлхийн цомын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг 7 дугаар сард Орхон аймагт, Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов