Ангилал: тайлан

  • Засгийн газрын хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 20-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 20-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

    “Монгол Улсын иргэнд  хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 3 дугаар тогтоолын 3 дахь заалтад дор дурдсан өөрчлөлт оруулав. Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийн эхний ээлжийн 70,0 мянган /далан мянга/ төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс, үлдэх хөрөнгийг 2010 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн ногдох хэмжээгээр нь хуваан олгох ажлыг зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид, уг арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод Засгийн газрын хуралдаанаас даалгав.

    ХӨГЖЛИЙН БАНК БАЙГУУЛНА

    Монгол Улсын Хөгжлийн банк байгуулж, дүрмийг нь хавсралт ёсоор батлав. Хөгжлийн банкны ажлыг 2010 оны 3 дугаар улиралд багтаан эхлүүлж, банкны гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулсны үндсэн дээр туршлагатай, чадварлаг, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэхийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгав.

    Хөгжлийн банк нь стратегийн ач холбогдол бүхий салбаруудад санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Тухайн салбарыг дунд болон урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрээр хангах, олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дотоод, гадаадын хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд татан оролцуулах үндсэн зорилготой юм. 

    Засгийн газрын хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлснээр 100.0 тэрбум төгрөг тутам эдийн засгийн өсөлтийг 1 хувиар нэмэгдүүлэх боломжтой болно. Банкны санхүүжилтээр байгуулах дэд бүтэц, хүнд аж үйлдвэрийн обьектууд улсын хөгжлийг түргэтгэж, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, импортыг орлуулах, Дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг боловсронгуй болгоход  чухал ач холбогдолтой юм. 

    Хөгжлийн банкны менежментийг анхнаас нь зөв хийж, ойлгомжтой, нээлттэй байлган, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн, өндөр чадвартай багаар удирдуулах ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон Төрийн өмчийн хорооны удирдлагад анхаарууллаа.

    АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

    “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бэлтгэл ажлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Аж үйлдвэрийн цогцолборын төслийн ерөнхий зөвлөх, хуулийн зөвлөхийг сонгон шалгаруулах ажлыг зарлахыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо /Ч.Хашчулуун/-нд даалгав. 

    Мөн “Сайншанд” болон бусад бүс нутагт байгуулах аж үйлдвэрийн паркуудыг хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих нөхцлийг бүрдүүлэхийн тулд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах, төсөлд үндэсний аж ахуйн нэгжүүдийг оролцох боломжоор хангах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллахыг “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг /Ч.Хүрэлбаатар/-т даалгав. 

    “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборт дэвшилтэт техник, өндөр технологи бүхий кокс, хар төмөрлөг, нүүрс хийжүүлэх, зэс хайлуулах, барилгын материалын, газрын тос боловсруулах үйлдвэрийг хувийн хөрөнгө оруулалтыг татах замаар барина. Ингэснээр боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, цемент, төмөр эдлэхүүний хэрэгцээг дотооддоо ханган, импортын хэмжээ буурч, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн шатахууны үнийг тогтвортой барих боломж бүрдэнэ.

    Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн цогцолбор, дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжтай, байгаль орчинд ээлтэй, хот төлөвлөлтийн шаардлагыг бүх талаар хангасан орчин үеийн хот байгуулах юм.  “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд 5-аас дээш жилийн хугацаанд 10 гаруй тэрбум ам долларын хөрөнгө шаардлагатай. Иймээс төслийг санхүүжүүлэх хөрөнгийг санхүүгийн олон эх үүсвэрээс, үе шаттайгаар бүрдүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэж байна. 

    Байгуулагдах үйлдвэрүүдийг түүхий эдийн нөөц, дотоод, гадаадын зах зээл, ажиллах боловсон хүчний нөөц бэлтгэх, төмөр зам болон бусад дэд бүтэц барих ажилтай нягт уялдуулах нь чухал байгаа юм. Энэ дагуу техник, эдийн засгийн судалгааг үндэслэл сайтай хийж барьж байгуулах, хөрөнгө оруулагчдыг татах нөхцлийг бүрдүүлэхийн тулд олон улсын хэмжээнд нэр хүндтэй, туршлагатай зөвлөхийг нээлттэй шалгаруулалтаар сонгон авах нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. 

    “ЗӨГИЙН ҮҮР” ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “Эх орынхоо хөгжилд бидний оролцоо” сэдэвт чуулга уулзалт болж хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөл болох 350 гаруй хүн оролцсон юм. Энэ чуулга уулзалтаар яригдсан “Зөгийн үүр” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ хөтөлбөр нь хилийн чанадад байгаа иргэдээ эх орондоо ирж ажиллаж, амьдрахад шаардлагатай бодит мэдээллээр хангах, тэдний боловсрол, мэргэжлийн туршлага, ур чадварын талаар мэдээллийн сан үүсгэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын талаархи мэдээллийг гадаадад байгаа монгол иргэддээ хүргэх зорилготой.

    Мөн : 
    – Монгол Улсын иргэд хилийн чанадаас эргэн ирж хөдөлмөр эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэх болон хилийн чанадад байгаа иргэд, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах таатай эрх зүйн орчин бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэх, хамтран ажиллахад зуучлах, бизнесийн зөвлөх үйлчилгээ хэлбэрээр дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх

    – Хилийн чанад дахь Монгол Улсын иргэд эдийн засаг, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, бүтээн байгуулалтын тэргүүлэх салбар, чиглэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн зах зээлд онц шаардлагатай ажлын байранд ирж ажиллавал үзүүлэх цалин хөлс, урамшууллын тогтолцоо бий болгоно.  

    Өнөөдрийн байдлаар манай улсын 200 хүртэл мянган иргэн хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа гэсэн албан бус тоо байдаг бөгөөд энэ нь манай улсын нийт ажиллах хүчний 9.3-18.6 хувь юм. Эдгээр иргэнийхээ мэдлэг, ур чадвар, нөөц бололцоог улсынхаа хөгжлийн төлөө ашиглахад татан оролцуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. 

    Манай улс ойрын жилүүдэд эдийн засаг, нийгмийн олон салбарт бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөр, төслийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдон 2010-2015 онд 40 гаруй мянган ажлын байр шинээр бий болно. Үүний 6 мянга гаруй нь инженер, техникийн ажилтан байх шаардлагатай. Мөн өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэхээр байгаа юм. 

    ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    Монгол  Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао 2010 оны 6 дугаар сарын 1-2-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр 9 баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ юм. Энэ дагуу Монгол, Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 1988 оны гэрээг шинэчилэн байгуулсан. 

    Гэрээ байгуулагдсанаар Монгол Улсын хилийг хамгаалах, улсын хилийн халдашгүй байдлыг хангах, хил орчмын нутаг дэвсгэрт мөрдөх хилийн дэглэм, түүнийг сахин хамгаалах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг таслан зогсоох эрх зүйн орчин 1988 оны гэрээнээс илүү боловсронгуй болно.  

    Түүнчлэн хоёр улсын, тэр дундаа хил орчмын орон нутгийн худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг төрийн нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хөгжүүлэх, хил орчмын нутаг дэвсгэр дээрх төрөл бүрийн үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах, байгаль орчныг хамгаалах, хилийн усыг зүй зохистой, илүү үр ашигтай байдлаар ашиглаж хамгаалах, зах зээлийн эдийн засгийн шаардлагаас үүдэн гарч буй хил дамнасан байгууламжийг шинээр барьж байгуулах, ашиглах, хилийн боомтыг бүрэн хүчин чадлаар ашиглах үүднээс үйл ажиллагааг нь сайжруулах зэрэг олон талт асуудлаар хоёр улсын Засгийн газар хамтран ажиллах эрх зүйн үндэс бүрдэж байна. 

    Хилийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын гэрээ нь 11 бүлэг, 50 зүйл, 14 хавсралттай юм. Гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцэн Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

    ТОВЧХОН

    – Улсын Их хурлын гишүүн Э.Бат-Үүл, П.Алтангэрэл нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагчдад уламжлахаар тогтов.

    – Концессийн зүйлийн жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжив. Гэхдээ төр, засгийн бодлого маш тодорхой, олон нийтэд ил тод байх ёстой гэж Засгийн газар үзэн гишүүдийн саналыг тусгаж 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болов. 

    – Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2011 оны төсвийн хязгаар болон 2012-2013 оны төсвийн хязгаарын төсөөллийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн саналыг тусган хавсралт ёсоор баталлаа. Батлагдсан төсвийн хязгаарт багтаан 2011 оны төсвөө боловсруулахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарын зарлагыг урсгал, хөрөнгийн зардал, эргэж төлөгдөх цэвэр зээл гэсэн 3 үзүүлэлтээр гаргажээ.

    – Иргэдээс 2010 оны эхний хагаст Засгийн газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээллийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Эхний хагас жилд иргэдээс 1180 санал, өргөдөл, гомдол ирүүлснээс 1070-ыг нь нь шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, энэ тухай иргэдэд мэдэгджээ. 110 өргөдөл, гомдол, саналыг судлаж шийдвэрлэх гэж байна.

    – Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын 2010 оны 6 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг сайшааж,  айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгав.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООВ

    УИХ-аас олгосон бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраас онцгой албан татварын хэмжээг өөрчлөв. Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензинд 120 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 220 000 болгож, АИ-92 автобензинд 170 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 220 000 болгож, дизелийн түлшинд 115 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 215 000 болгож 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн ногдуулахаар болов. 

    Бусад алслагдсан боомтоор орж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр шийдвэрлэлээ. Онцгой албан татварын хэмжээг өөрчилсөн нь дотоодод борлуулах бензин, шатахууны үнэд нөлөөлөхгүй юм байна.  

    ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЗУРАГЛАЛЫГ ДЭМЖИВ

    “Дээд боловсролын шинэчлэлийн 2010-2021 оны зураглалын төсөл”-ийг хэлэлцэн дэмжээд, зураглалд тусгасан асуудал, арга хэмжээг цаг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгав. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ажлаа хүлээж авсныхаа дараахан боловсролын салбарынхантай уулзсан. Дээд боловсролын үнэлэмжийг дээшлүүлж, эргэлтийн шинжтэй суурь өөрчлөлт хийх, төрийн өмчийн сургуулиудын бүтцийг сайжруулж, их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх, төрийн сангийн тогтолцоог сайжруулах зэрэг бодлогын арга хэмжээ авах нь чухал байгааг тэрээр энэ үеэр хэлсэн үгэндээ онцолсон. 

    Энэ бодлогын хүрээнд ““Дээд боловсролд хийх шинэчлэлийн зураглал”-ыг Эрх зүйн зохицуулалтыг цаг үеийн шаардлагад нийцүүлж сайжруулах, Удирдлага, бүтцийн өөрчлөлт хийх, Чанарын баталгаажуулалт, стандарт, агуулгын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, Элсэлтийн бодлогын шинэчлэл хийх, Хүний нөөц, багшийн хөгжлийг хангах, Сургалт, судалгааны орчныг олон улсын жишигт ойртуулах, Санхүүжилтийн шинэчлэл хийх гэж багцлан стратегийн зорилтуудыг тодорхойлжээ. 

    Эхний ээлжинд 2010 онд дээд боловсролын өнөөгийн байдалд судалгаа, үнэлгээ, дүгнэлт хийж, шинэчлэлийн зорилтыг тодорхойлон, Засгийн газрын бодлоготой нийцүүлэн тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж эхнээс нь хэрэгжүүлж байна. 2011 онд Их сургуулийн тухай хууль боловсруулах, рейтинг тогтоох тогтолцоо бүрдүүлэх, мэргэжлийн давхардлыг арилгах, чанарын шаардлага хангасан төгсөгчдийг ажлын байртай болсныг харгалзан төрийн дэмжлэг үзүүлж байх, багш нарыг чадавхжуулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг ажил хийх юм. 

    2012 онд дээд боловсролын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн байдалд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тодорхойлно.

    ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫГ ДЭМЖИНЭ

    “Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэл хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г баталлаа. Эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг зах зээлийн эрэлт, шаардлагатай нийцүүлэх, судалгааны үр дүн, боловсруулж туршсан технологи, үйлдвэрлэлд нэвтрэх механизм бий болгох, 1990 оноос хойшхи шилжилтийн үед уналтад орсон шинжлэх ухааны салбарын лабораторийн чадавхи, дэд бүтцийг сэргээн босгох, боловсон хүчний бодлого, менежментэд шинэчлэл хийх зэргийг шийдвэрлэх зорилгоор төлөвлөгөө боловсруулаад байна. 

    Засгийн газрын хуралдаанаар мөн “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-ыг батлав. Тэргүүлэх чиглэлийг Хүний хөгжил, амьдралын чанар, Байгалийн нөөцийн хамгаалалт, ашиглалт, хөдөө аж ахуйн эрчимжүүлэлт, Өндөр технологи, мэдээллийн технологийн нэвтрүүлэлт гэж томъёолсон байна.

    ДАЛАЙД ГАРАХ ГАРЦЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

    Монгол Улсын далайд гарах гарцыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж Засгийн газрын тогтоол гаргахаар болов. Монгол Улс, БНХАУ-ын Тянжин хотын Ардын Засгийн газартай 2009 онд байгуулсан санамж бичигт заасны дагуу хамтын ажиллагааг өргөжүүлж, хэлэлцэн тохиролцсон төсөл, хөтөлбөрүүдийг 2010 онд багтаан хэрэгжүүлж эхлэх, тус хотын Бинхай шинэ дүүрэгт монголын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад зориулан 50 жилийн хугацаатайгаар газар эзэмшиж, ашиглахаар хятадын талтай тохиролцсон гэрээ, хэлэлцээрийг хоёр улсын эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах Засгийн газар хоорондын Комиссын ээлжит хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгав. 

    БНХАУ-ын Тянжин хотын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд баригдах үйлдвэрлэл, агуулахын зориулалт бүхий барилга, байгууламжийг монголын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулахад зориулан ашиглах, газар болон түүнтэй холбоотой үүсэх харилцааг газар дээр нь зохицуулж ажиллахыг “Улаанбаатарын төлөөлөгчийн газар” /Ж.Ганхуяг/-т зөвшөөрлөө. 

    Мал эмнэлэг, хорио цээрийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг хөрш орнууд болон бусад импортлогч орны чанар, стандартын дагуу бүтээгдэхүүн бэлтгэх түвшинд хүргэж, экспортлох чадамжийг нэмэгдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгав.  

    Уул уурхайн бүтээгдэхүүнийг хөрш орнуудаар дамжуулан тээвэрлэх, тээвэрлэлтийн болон тарифын нөхцөл тохирох, төмөр замын дотоодын хөдлөх бүрэлдэхүүнийг нутаг дэвсгэрээр нь нэвтрүүлэн аялуулах нөхцлийг тохирох талаар гэрээ хэлцэл хийх, экспорт, импортын үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, тээврийн оновчтой сүлжээ тогтоох үүрэг бүхий нэгжийг Төмөр замын газрын харъяанд байгуулан ажиллуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд  Х.Баттулгад зөвшөөрөв.

    311.7 МЯНГАН ГА-Д ТАРИАЛАЛТ ХИЙГЭЭД БАЙНА

    2010 оны хаврын тариалалтын дүнтэй Засгийн газрын гишүүд танилцав. Үүнтэй холбогдуулан тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг эрчимтэй нэвтрүүлэх, уринш боловсруулалтыг технологийн хугацаанд шуурхай зохион байгуулах, тариалсан үр тариа, хүнсний ногоог хэт халуун нарнаас хамгаалах технологийн зөвлөгөөг тариаланчдад өгөх, ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгав. 

    Урьдчилсан байдлаар 260.8 мянган га-д үр тариа, 13.1 мянган га-д төмс, 6.1 мянган га-д хүнсний ногоо, 23.9 мянган га-д тосны ургамал, 7.6 мянган га-д тэжээлийн ургамал, 517.4 га-д жимс, жимсгэнэ тариалаад байна. Нийт тариалсан талбайн 72.4 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарч арвай, овъёос, хөх тариа болон тосны ургамлын тариалалт өмнөх жилээс нэмэгджээ. 

    “Атрын гурав дахь аян”-ы хүрээнд атаршсан болон өнжсөн талбайгаас нийт 230.0 мянга га талбайг эргэлтэд оруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 255.3 мянган га талбайг ашиглалтад оруулснаар эргэлтийн талбайн хэмжээ 584.0 мянга га-д хүрээд байна. Энэ жил 274.3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд 6 дугаар сарын 25-ны байдлаар 120.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийжээ.

    ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

    Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний тухай хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Засгийн газрын тогтоол гаргахаар болов. 

    Энэ дагуу :
    • Аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд цаг агаарын хүндрэл, гамшгийн үед зарцуулах өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг ОХУ-аас тусламжаар олгосон тэжээлийн арвай буудайг боловсруулан бүрдүүлэх

    • Зудын улмаас малгүй болсон иргэдийг малжуулах, бусад салбарт ажиллах нөхцөл, боломж бүрдүүлэх, гамшгийн эрсдлийн чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжиж байгаа дотоод, гадаадын төсөл, хөтөлбөр, жижиг, дунд үйлдвэрлэл, газар тариалан, уул уурхайг хөгжүүлэх бодлого, чиглэлтэй уялдуулан хэрэгжүүлэх

    • Хөрс, агаарт их хэмжээний халалт үүсч гандах төлөвтэй байгаа учир гангийн зэрэглэл тогтоон шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах ажлын цар хүрээг нэмэгдүүлэх

    • Тусгай хамгаалалттай газар болон аймаг, сум дундын нөөц бэлчээрт өвөлжүүлэх өрх, малын тоо, нүүдэл дамжин өнгөрөх замын чиглэлийг 9 дүгээр сард багтаан тогтоож, отор нүүдлийг нэгдсэн зохицуулалтаар зохион байгуулж хэрэгжүүлэхийг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. 

    Мөн хуралдаанаас : 
    • “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг малчид, иргэдэд сурталчлан таниулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах 

    • Салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох яам, газар, аймаг, нийслэлийн төр, захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэж хангалтгүй ажилласан орон нутгийн удирдлага, албан тушаалтантай хариуцлага тооцох 

    • Хээлтүүлэгч малын хүрэлцээ муу байгааг харгалзан дутагдах хээлтүүлэгчийг нөхөн тавих, худалдан борлуулах ажлыг нэгдсэн журмаар зохицуулах, аймаг, сум, малчид, иргэдийн захиалгаар зохиомол хээлтүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулах 

    • Хадлан, тэжээл бэлтгэлийн эрэлт, хэрэгцээ их байгаа техник, тоног төхөөрөмжийн хангамжийг хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан нэмэгдүүлэх, тэргүүний үйлдвэрлэгч, хадланчдыг урамшуулах болзол зарлан, тэдний туршлага, үр дүнг сурталчлах

    • Үтрэмийн талбай, агуулахаас гарч байгаа тэжээлийн будаа, үр тарианы сүрэл, хүнсний ногооны иш, навч зэргийг малын тэжээл бэлтгэхэд ашиглах талаар мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, мэргэжилтнүүдээр сурталчилгаа хийлгэх ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгав. 

    Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт : 
    • Аймаг, нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө гарган ажиллах, өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг ОХУ-ын тусламжаар олгосон тэжээлийн арвай буудай болон орон нутгийн нөөц боломжоо ашиглан бүрдүүлэх

    • Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх угаалга, тарилга, боловсруулалтын арга хэмжээг цаг хугацаанд нь гүйцэтгүүлэх, өвөлжөө, бууц, хашаа, хорооны ариутгал, халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд чанартай гүйцэтгэхэд хяналт тавьж үр дүнг тооцох  

    • Хадлан, тэжээл бэлтгэх техникийн засвар үйлчилгээг 7 дугаар сарын 20-ны дотор дуусгах, техникээр үйлчлэх дундын үйлчилгээний нэгжийг зохион байгуулж малчид, иргэд, аж ахуйн нэгж хоорондын уялдаа холбоог хангах

    • Аймаг, нийслэл, төвлөрсөн хот, суурин газрын хүн амын 2011 оны хаврын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн зохион байгуулалтаар мал, мах бэлтгэж үйлдвэрийн аргаар боловсруулан нөөцлөх, дотоод, гадаад зах зээлд нийлүүлэх арга хэмжээ авах 

    • Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд малчдад үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, зохион байгуулахын тулд шатахуун, бусад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхийг даалгалаа. 

    Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, мал өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнг нэгтгэн гаргаж 2010 оны 11 дүгээр сард Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд үүрэг болгов.

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 30 ХУВЬТАЙ БАЙНА

    Эрчим хүчний салбарын хэмжээнд тоноглолын их, дунд засвар, шинэчлэлийн ажлын явц 2010 оны 6 дугаар сарын 20-ны байдлаар 30 хувьтай байна. Дулааны цахилгаан станцуудын хувьд үндсэн тоноглолын их засварын ажлаас 5-ынх нь засвар бүрэн дуусч 5 тоноглолын засвар 50-иас дээш хувьтай, бусад ажил 20-50 хүртэл хувийн биелэлттэй байна. Харин Эрдэнэтийн цахилгаан станцын 4 дүгээр зуухны их засварын ажил хөрөнгөөс шалтгаалж хугацаандаа хийгдээгүй, “ДЦС-3” ХК-ийн нэг зуухны засварт тендерээр нийлүүлэгдсэн труба чанарын шаардлага хангаагүйгээс хойшлогджээ. 

    Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын “Нүүрсний аюулгүй нөөц”-ийг бүрдүүлэх 4,9 тэрбум төгрөгийн төсвийн зээлийн эх үүсвэрийг Засгийн газар шийдвэрлэсний дагуу станцууд нүүрсээ нөөцлөж байна. Цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээ компаниудын засварын ажил 26,7 хувьтай байна.  

    Төвлөрсөн дулаан хангамжтай 5 аймгийн Увс, Ховд, Дорноговь, Сэлэнгэ аймгийн Дулааны станц цахилгааны өртэйн улмаас эрчим хүчээ таслуулж,   засварын хөрөнгөгүй  учир ажлаа эхлүүлэх боломжгүй, “Дулаан шарын гол” ХК мөн хөрөнгийн эх үүсвэргүй учир ажлаа эхлээгүй байна. Үүнд анхаарч тодорхой арга хэмжээ авах, өвөлжилтийн бэлтгэлийг цаг хугацаанд нь хийж дуусгах үүрэг, даалгаврыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад өглөө.

    ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАР 64 АЖИЛ ХИЙНЭ

    Зам, тээвэр, барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 52116.6 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 64 ажил хийхээр төлөвлөсөн байна. 

    Засгийн газрын хуралдаанаар энэ талаар хэлэлцэн:
    • Цаг агаарын хүндрэлтэй үед улсын чанартай авто зам, замын байгууламжид эвдрэл гарч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учрахаас сэргийлэх, авто тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор замын засвар, арчлалтын чанарыг сайжруулж тогтмолжуулах, ургац тээвэрлэх зам, гүүрийн шинэчлэл, засварыг яаралтай эхлүүлж чанартай хийх, гэнэтийн эвдрэлийг шуурхай засварлаж байх зохион байгуулалтын арга хэмжээ авах   

    • Бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн граашийн засвар, дулаалгыг хугацаанд нь чанартай хийх, сэлбэг хэрэгсэл, өвлийн улирлын шатахуун, тослох материалыг зохих хэмжээнд нөөцлөж, иргэдэд найдвартай үйлчлэх нөхцөл бүрдүүлэх

    • Дулааны станц, салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг нисэх онгоцны буудлууд, харъяа албадуудад бүрэн хангуулж, нислэгийн аюулгүй байдлыг хангах

    • Төв, суурин газрын барилга байгууламж, орон сууцны цэвэр, бохир ус, дулааны шугам, сүлжээний ээлжит засвар, үйлчилгээ, угаалга, туршилтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь хийж дуусгуулах арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгав. 
    2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тодорхой үүрэг, даалгавар өгч хяналт тавин, биелэлтийг нь шалгахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.   

    ТОВЧХОН

    • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 14 дүгээр хуралдааны үеэр монголын талын төлөөлөгчдийг баримтлах удирдамжийг зөвшөөрч, хуралдаанд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Комиссын монголын хэсгийн дарга Н.Алтанхуягт зөвшөөрөв.

    • БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн 2010 оны 6 дугаар сарын 1-2-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. Энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн, эдийн засаг, хөрөнгө оруулалтын тэргүүлэх салбаруудад нэг дор ахиц авчирсан, хүмүүнлэгийн харилцааг улам гүнзгийрүүлсэн, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ шатны суурийг тавьсан, шинжлэх ухааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц өглөө гэж Засгийн газар үзэж байна.

    • БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал хэлэлцэн тохиролцсоны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Хөх нуур мужийн 60 хүүхдийг Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амраахаар болов. Хүүхдүүд манай хүүхдийн байгууллагуудын ажилтай танилцан, монгол хүүхдүүдтэй нөхөрсөг уулзалт, ярилцлага хийж, МҮОНРТ болон бусад хэвлэл, мэдээллийн байгууллагын хүүхдийн нэвтрүүлэг, хөтөлбөрт оролцох юм.

    • 2010 онд болсон цаг агаарын онц аюултай үзэгдэл болон гал түймрийн улмаас Дундговь, Төв, Ховд аймгийн зарим суманд учирсан хохирлыг арилгах, сэргээн босгоход шаардлагатай 52.637.000.0 /тавин хоёр сая зургаан зуун гучин долоон мянган/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

    • Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг удирдан зохион байгуулах хороог Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоор ахлуулан байгуулав. 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь манай улсын  түүхийн онцгой, түүхт үйл явдал. Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс нь болсон юм.

    • Дорнод аймгийн баяр наадмыг 2010 оны 7 дугаар сарын 29, 30-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавт зөвшөөрөв. Тус аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг 2010 оны 7 дугаар сарын 18 хүртэл сунгаж, аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан баяр наадам, төвлөрсөн сургалт, зөвлөгөөн зохион байгуулахыг хориглоод байгаа юм.

    • Увс нуурын ай савын дархан цаазат газар /Монгол/ – Увс нуурын хотгорын тусгай хамгаалалттай газар /ОХУ/ болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газар /Монгол/ – Сохондын тусгай хамгаалалттай газар /ОХУ/ хил дамнасан Шим мандлын дархан газар байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зүйтэй гэж үзэн Оросын талтай хэлэлцээрийг эцэслэн тохирох болов.

    •  “Барилгын зураг төсөл боловсруулж, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм”-ийг батлав.

  • Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр болов

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр болов Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр болов. Хурлаар “Хүний хөгжил сан”-гийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх заалтын “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээл.. гэснийг “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээлийн тодорхой хэсгийг” гэж өөрчлөх шаардлагатай гэж Засгийн газар үзэж байна.

    “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулинд тус сангийн орлого нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын улсын төсөвт ногдох хэсэг,хөрөнгө оруулалтын цэвэр ашиг болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газар ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээл зэрэг эх үүсвэрээс бүрдэхээр заасан. 

    Уул уурхайн салбарын үйлдвэрлэл жил ирэх тусам өсөн нэмэгдэж, цаашид стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж, энэ хэрээр “Хүний хөгжил сан”-д төвлөрөх хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, төсвийн орлогод эзлэх хувь хэмжээ өсөхөөр байна. Иймээс “Хүний хөгжил сан”-гийн орлогын эх үүсвэрийг тодорхой хүрээнд хязгаарласан зохицуулалтыг уян хатан, өргөн хүрээтэй болгож, нэгдсэн төсвийн өөрийн уян хатан байдлыг хангах зорилгоор хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

    Хуульд өөрчлөлт орсноор “Хүний хөгжил сан”-гийн орлогын эх үүсвэр бүрдүүлэлтийн тодорхой хязгаарлалт уян хатан, өргөн хүрээтэй болох бөгөөд ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилгыг тогтвортой хангах нөхцөл бүрдэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээБАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИД БАТАЛГАА ГАРГАХ ТУХАЙ ХУУЛИНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ

    Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлэхээр тогтов. Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргаснаас хойш банкууд хуулийн зүйл, заалтыг гуйвуулан ашиглах хандлага ажиглагдах болсон байна.

    Банкны дийлэнх хөрөнгийг төр батлан дааж байгаа учир банкууд эрсдлийн удирдлагаа сулруулах, харилцагч банкны санхүү, төлбөрийн чадварыг үл харгалзан эрсдэл өндөртэй банкуудад хөрөнгөө байршуулж байгаа нь банкны системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх аюултай болжээ. Санхүү, төлбөрийн чадварын хүндрэлд орсон болон орж болзошгүй банкууд хэт өндөр хүү амлаж, өөрсдийн эрсдэл даах чадвараас их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж байгаа бөгөөд энэ нь банкны системийн зээлийн хүүгийн дундаж түвшинг бууруулахад ч сөргөөр нөлөөлж байна.  

    Тухайн банкинд зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалттай этгээд болон түүний холбогдох этгээдийн харилцах, хадгаламжийг төрөөс гаргаж байгаа баталгаанд хамруулан тооцож байгаа.  Энэ нь төлбөрийн чадваргүй болсон банкнаас зээл авсан харилцагчид зээлийн өрөө төлөхөөс зайлсхийх, хариуцлага хүлээхгүй байх боломжийг ч нэмэгдүүлж байна. 

    Иймд төрөөс батлан даах хөрөнгийн төрөл, хэмжээг хязгаарлах заалтуудыг хуульд нэмж тусгах шаардлагатай болсон гэж Засгийн газар үзлээ. Түүнчлэн төрийн баталгаанд хамрагдаж байгаа харилцах, хадгаламжийн үлдэгдлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг жил бүр Засгийн газрын тусгай дансанд төвлөрүүлэхээр зохицуулснаар сонгодог хэлбэрийн хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрийг бүрдүүлнэ. Энэ нь банкны системд хүндрэл үүсэхэд төр, улсын зүгээс төсвөөс зарцуулах хөрөнгийн зардлыг бууруулах ихээхэн ач холбогдолтой юм. 

    ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЭН ШИЙД ГАРГАВ

    Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд танилцуулав. Дорнод аймгийн Халхгол, Матад, Баянтүмэн, Булган сумын нутагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардалд 80,6 сая, зориудаар устгасан малын нөхөн олговорт 247,3 сая, нийт 327.9 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. 

    Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг чангатган, голомтыг устгах, мал сүргийг дархлаажуулах, өвчний тархалтад тандалт судалгаа хийж гарал үүслийг нь тогтоохыг холбогдох яам, Дорнод аймгийн удирдлагад даалгав. Шүлхий өвчний халдвар тархах эрсдэл өндөр байгааг харгалзан хорио цээр тогтоосон нутгаас малын шилжилт хөдөлгөөн хийх, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхгүй байх, баяр наадам болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах, Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймагт зүүн аймгуудаас үржлийн мал шилжүүлэхийг 2 жилийн хугацаагаар зогсоохоор боллоо. 

    Халдварын голомт илрээгүй Дорнод аймгийн сумдаас зөвхөн үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлж, түүнд хяналт тавьж ажиллахыг холбогдох яам, байгууллага, аймгуудын удирдлагад даалгав. Халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага болон гамшгаас хамгаалах улсын албаны хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт үүрэг болгов. 

    Засгийн газраас гаргасан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдод үүрэг болголоо.  Дорнод аймгийн дээрх сумдад шүлхий өвчний шинж тэмдэгтэй 1308 малыг устган булшилж, орчныг нь ариутгаж халдваргүйжүүлээд байна. 
     
    ТОВЧХОН

    •  Хүний хөгжил сангаас олгох  хишиг, хувийн хэмжээг нэмэгдүүлэн, сар бүр олгох тухай асуудлыг хэлэлцээд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 99 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Ингэснээр Засгийн газар хүүхдийн мөнгийг ч олгох, халамжийн мөнгийг ч олгох байр сууриа хадгалж байна.

    • УИХ-ын гишүүн Ц.Батбаярын санаачлан боловсруулсан “Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн  төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн төсөл санаачлагчид уламжлахаар болов. 

    • УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулсан “Монгол Улсын хуулиудын ангилал, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн төсөл санаачлагчид уламжлахаар тогтов. 

    • “Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагаа хийх дүрэм”-ийг шинэчлэн боловсруулж, ХЗДХ-ийн болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлуулах тул Засгийн газрын 1997 оны 177 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор шийдэв. Дээрх дүрмийг баримтлан санхүү бүртгэлийн маргаантай асуудалд шүүх нягтлан бодох бүртгэлийн  магадлагаа хийж дүгнэлт гаргаж байсан ч энэ чиглэлээр хийж байгаа шинжилгээний цар хүрээ өргөжиж байгаа учир шинэчлэх шаардлага гарчээ. 

    • Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний илтгэлийн төслийг хэлэлцэн дэмжээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэх талаар арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2010 оны 11 дүгээр сард болох Хүний эрхийн Зөвлөлийн Ажлын хэсгийн ээлжит 9 дүгээр хуралдаан, 2011 оны 3 дугаар сард болох Хүний эрхийн Зөвлөлийн 16 дугаар чуулганаар Үндэсний илтгэлийг хамгаалах Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, гарах зардлыг хэлэлцүүлэн батлуулахыг Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгав.  

    • Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга Ян Фишерийн 2010 оны 5 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. Айлчлалын үеэр хөндөгдсөн Прага хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байр байрлаж байгаа хэсэг газрыг тус улсын Засгийн газрын хөрөнгөөр монголын өмч болгон худалдан авах боломжийг судалж, арга хэмжээ авахыг холбогдох  яамдын сайд нарт даалгалаа. 

    • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 5 дугаар хуралдааныг 2010 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв. 

    • Хувиргасан амьд организмыг Улаанбаатар хотын Буянт-Ухаа хилийн боомтоор нэвтрүүлэхээр тогтов. Үүнд олон улсын гэрээ, эрх зүй болон хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газрын удирдлагад үүрэг болгов. 2008-2009 оны байдлаар хувиргасан амьд организм ашиглан үйлдвэрлэсэн 26 нэр төрлийн энзим, 119 зүйлийн ургамал, 83 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, Е серийн 80 гаруй нэр төрлийн бодис бүртгэгдэн олон улсын зах зээлд борлуулагдаж байна. Хүнс, эмийн бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг гаднаас авдаг манай орны хувьд хувиргасан амьд организмын бүртгэл, хяналтыг сайжруулан олон нийтэд ашигтай болон эрсдэлтэй талыг нь нээлттэй мэдээлэх үүргээ олон улсын өмнө биелүүлэх шаардлага зүй ёсоор гарч байгаа юм. Иймээс хувиргасан  амьд организмыг нэвтрүүлэх хилийн боомтыг Буянт-Ухаа байх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.  

    • Эрүүл мэндийн яамны харъяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн балансад бүртгэлтэй, нийслэлийн БЗД-ийн 9 дүгээр хороонд байрлах, төвлөрсөн дулаан болон цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй 30 айлын 6 орон сууцыг орон сууц эзэмшигчдэд нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрөв. Энэ байранд 30 өрхийн 144 хүн 1972 оноос хойш амьдарч байна. 

    • “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц байдлын талаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих Үндэсний зөвлөлийн дарга, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга танилцуулав. 2009 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд зам тээврийн 4616 осол, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1387 гарч, 317 хүн нас барж, 918 хүн хүнд, хөнгөн бэртсэн байна. 

    • Сингапур Улсад 2010 оны 6 дугаар сарын 4-6-ны өдөр болсон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын “Шангри-Ла яриа хэлэлцээ-2010”, 6 дугаар сарын 11-ний өдөр Бельгийн Вант Улсын Бруссель хотноо болсон Афганистан дахь Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын батлан хамгаалахын сайд нарын уулзалтад Батлан хамгаалахын сайд Л.Болдын оролцсон тухай дүнтэй танилцав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 6 ДУГААР САРЫН 9-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ

    Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.  

    Хуулийн төсөлд :
    • Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн

    • Импортоор нийлүүлэгдэх  төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, зам, дохиолол, холбооны тоног төхөөрөмж 

    • Хийн түлшээр ажилладаг, 1500 см/3 хүртэлх хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш 5 хүртэл жилийн доторхи суудлын автомашиныг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг тусгажээ.

    Харин хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэх,  үйлдвэрлэснээс хойш 5 хүртэл жилийн доторхи тусгай зориулалтын автотээврийн хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг хүлээн авах боломжгүй гэж Засгийн газар үзлээ. Үйлдвэрлэлийн аргаар бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан махыг татвараас чөлөөлснөөр “ченж”-үүдийн шат дамжлагыг багасгах, махны үнийг хэт хөөрөгдөхгүй байх боломж бүрдэнэ гэж тооцоолж байна. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангах талаасаа ч ач холбогдолтой юм.

    ИХ СУРГУУЛИУДЫГ ХОТХОНООР ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ БАТАЛЛАА

    “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авах, үүнд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг холбогдох яамдын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Эхний ээлжинд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хотхоныг Улаанбаатар хотын Налайх дүүргийн зүүн урд хэсэгт “Шивэрт”-ийн хөндийд 1000 гаруй га газарт “Оюуны” дагавар хот байдлаар “Силикон вээлий”-гийн хамт байршуулахаар чиглэлд тусгажээ. 

    Төрийн бус өмчийн сургуулиуд 5-10 мянган оюутантай болон нэгдэж, нийлсэн тохиолдолд төрөөс дэмжлэг үзүүлж газар олгохоор төлөвлөж байна.  
    Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймгийн төвд “Эрдэнэт” ХХК болон хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж эхлүүлнэ. Ховд аймаг дахь “Ховд” их сургуулийг баруун бүсийн, Дорнод аймгийн “Дорнод” дээд сургуулийг зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв болгон, Дархан-Уул аймгийн төвд техникийн чиглэлийн их сургууль байгуулж хөгжүүлэхээр болжээ. 

    Хотхоны ашиглалтын өмнөх захиргааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэд байгуулан ажиллахаар тогтоод байна. Төр-хувийн хэвшлийн  түншлэлд тулгуурлан оюутны байрны тодорхой хэсэг, үйлчилгээний нийт байгууллагыг хувийн хэвшлийн хүч, хөрөнгөөр байгуулна. Хотхонд Шинжлэх ухааны академийн зарим хүрээлэн, төвийг байршуулах нь шинжлэх ухаан-сургалт-үйлдвэрлэлийн уялдааг системтэй болгож, үр дүнг сайжруулах нөхцлийг бүрдүүлнэ гэж Засгийн газар үзлээ. 

    Их сургуулиудын хотхон нь нэгдсэн том мэдээллийн төв буюу номын сан, биеийн тамирын танхим, худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны газруудтай байна. Их сургуулиудын лаборатори, тэнхимүүдийн мэдэлд байгаа өндөр үнэтэй, нарийн багаж , тоног төхөөрөмжийг төвлөрүүлэн, нийт оюутан, багш, төрийн болон төрийн бус, бизнесийн бүх байгууллагын захиалга, хүсэлтээр үйлчилдэг “Нэгдсэн судалгааны болон туршилтын төв” байгуулахаар төлөвлөжээ.  

    Их сургуулиудын хотхоныг 2010-2021 онд багтаан үе шаттай барьж байгуулах бөгөөд ингэснээр :
    • Дээд боловсролын хөрвөх, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар дээшилж, олон улсын тэргүүлэх их сургуулийн жишигт ойртох нөхцөл бүрдэнэ
    • Эдийн засгийн хөгжлийн бодит хүч болох оюутан залуучуудын сурч боловсрох, хүмүүжиж төлөвших таатай орчин бүрдэнэ
    • Үндэсний их сургуулиудын сургалт, судалгааны орчин нөхцөл, ашиглалт сайжрана
    • Сургалтын мэргэжлийн давхардал арилж, бүтэц оновчтой болон, зах зээлийн эрэлтэд нийцсэн тогтолцоо бий болно
    • Сургалт – эрдэм шинжилгээ – үйлдвэрлэл – бизнесийн холбоо бодитойгоор хэрэгжиж эхэлнэ
    • Монгол Улсын өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлтийг хангах суурь нөхцөл сайжрана гэж Засгийн газар үзэж байна.
      
      ЭНЭ ЖИЛИЙН НААДАМД 600 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

    Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад 642.3 сая төгрөг зарцуулах боллоо. Нийслэлийн төсөв, баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гадна дутагдаж байгаа 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтов. Улаанбаатар-Лүн-Эрдэнэсант чиглэлийн авто замаас “Хүй 7 худаг” дахь хурдан морины барианы газрын үзэгчдийн “Г” зогсоол хүртэлх 3.6 км авто зам барихад шаардлагатай 1.100.0 /нэг тэрбум нэг зуун/ сая төгрөгийг улсын авто замын сангаас санхүүжүүлж, замыг 2010 оны 7 дугаар сарын 5-ны дотор ашиглалтад оруулахыг холбогдох яамдын сайд нарт даалгалаа.

    ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСОВ
     

    “Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохиож байгаа ажил, үр дүнгийн тухай” Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Л.Гүнчингийн мэдээллийг сонсов.Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарт дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөв. 

    Үүнд :

    • Бүх шатны хурал орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагуудтай түншлэл тогтоон хамтран ажиллах, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэртээ хэрхэн тусгасан, ямар арга хэмжээ авсан талаар хариуг тогтмол мэдээлдэг байх 

    • ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнд иргэдийн оролцоотой хяналт-шинжилгээ, үнэлгээ хийдэг болох 

    • ИТХ-ын өдрүүд, хууль эрх зүйн сургалтыг сум, дүүрэг, баг, хороонд тогтмол зохион байгуулж хэвшүүлэх

    • ИТХ-ын хуралдааныг нээлттэй хийх, хэлэлцэх асуудлын талаар иргэдэд урьдчилан мэдээлэх, хурлаас гаргасан шийдвэрийг шуурхай сурталчлах зэргээр иргэдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх 

    • Бүх шатны Засаг дарга, ИТХ, Төлөөлөгчид ажлаа иргэдэд тайлагнах журмыг батлан мөрдүүлэхийг зөвлөлөө.  
    ТОВЧХОН

    • “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналуудыг нэмж тусган Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болов. 

    •  “Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 219 дүгээр тогтоолын нэгдүгээр заалтын “боловсрол, соёлын газрын арга зүйчид” гэснийг “албан бус боловсролын багш, сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчид” гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтын нэрийг “цэцэрлэгийн багш, арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежер, албан бус боловсролын багшид олгох багшийн мэргэшлийн зэргийн нэмэгдэл” гэж өөрчлөв. 

    • 2010 онд гадаад оронд амьдаар нь гаргах зорилгоор барих нэг толгой идлэг шонхрын жишиг үнийг 12 000 мянган ам доллар хэвээр байхаар тогтов. 

    • Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа байгуулахаар боллоо. 

    • Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, үйлчилгээг хариуцан гүйцэтгэж байгаа “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн” төрийн бус байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул байгуулсан гэрээг цуцлав. Цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, үйлчилгээ болон харуул хамгаалалтын асуудлыг мэргэжлийн байгууллагад хариуцуулж, холбогдох зардлыг Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлж байхаар тогтлоо. 

    • Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 6 дугаар хуралдааныг 2010 оны 6 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов. Хуралдаанаар 5 дугаар хуралдааны шийдвэрийн биелэлт, үр дүнг хэлэлцэж, хоёр орны нийгэм, улс төр, эдийн засгийн байдал, цаашдын зорилтын талаар харилцан мэдээлэл хийж, хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээМАХНЫ ЯАРМАГ ХУДАЛДААГ УЛИРАЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛНА
    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг Засгийн газрын    хуралдаанаар хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган Засгийн газрын тогтоол гаргалаа. Холбогдох арга хэмжээ авч байгаагийн дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, ялангуяа махны үнэ буурах хандлагатай байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын гишүүдэд танилцуулав.   

    Цаашид :
    •    Махны үнийн хэт өсөлтийг сааруулах, махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгаас нийслэлд мах нийлүүлэх арга хэмжээг яаралтай зохион байгуулах 

    •    Махны хангамж, нийлүүлэлтийг сайжруулж, хэрэглэгч, үйлдвэрлэгчийг шууд холбох, үнийн хэт өсөлтийг сааруулах зорилгоор Улаанбаатар хотод махны яармаг худалдааг энэ оны 6 дугаар сараас эхлэн хаврын улиралд сард 2 удаа, бусад улиралд сард 1 удаа зохион байгуулах, эрэлт нийлүүлэлтэд хяналт, судалгаа хийх 

    •    Яармаг худалдааны үеэр хяналт, шалгалт, зөвшөөрлийн нэг цэгийн үйлчилгээ ажиллуулах, махыг Улаанбаатар хотод шуурхай нэвтрүүлэх нөхцлөөр хангах

    •    2011 оноос Улаанбаатар хотод 12,0 мянган тонн, Дархан, Эрдэнэт хотод тус бүр 1,0 мянган тонн, бусад аймгийн төвд 100 тонноос доошгүй хэмжээний мах нөөцлөн, жил бүрийн хаврын улиралд борлуулах 

    •    Хаврын улиралд борлуулах нөөцийн махны урамшуулалд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгах арга хэмжээ авахыг холбогдох яамдын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, харъяа  агентлагийн дарга нарт тус тус даалгав. 

    Мөн өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт, бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, аймаг, сумдад тэжээлийн нөөцийн сан бий болгох талаар санал боловсруулж энэ оны 3 дугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулах, хүнсний зориулалттай улаанбуудайн чанарыг сайжруулах, үрийн тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн зарчимд нийцүүлэн сонгон шалгаруулж хамтран ажиллах, улаанбуудайн урамшууллыг бүсээр болон чанарын зэрэглэлээр ялгавартай тогтоон олгох санал боловсруулж энэ оны 6 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгалаа. 

    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, гурил, элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тосны сарын үлдэгдлийн хэмжээг нэгтгэн Засгийн газарт сар бүр танилцуулах, уг хэмжээнээс бууруулахгүй байх талаар үйлдвэрлэгчид, импортлогчидтой гэрээ байгуулах, мах, сүү, төмс, хүнсний ногооны нийлүүлэлт, борлуулалтын тогтолцоог зах зээлийн харилцаанд нийцүүлэн боловсронгуй болгох, орчин үеийн, төрөлжсөн бөөний худалдааны төв, агуулахыг үе шаттай барьж байгуулах, энэ чиглэлийн төслийг  гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулахыг Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгав. 

    Эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөв байдал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, ханш, зах зээлийн талаар байнга судалгаа хийж байхыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо /Ч.Хашчулуун/-д, судалгаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгав. 

    ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНИЙ ГАЗАРТ ХАМААРУУЛАВ

    Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн 3512.5 га, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг- Оюутолгой орд орчмын 7736.1 га, Цогтцэций сумын Тавантолгойн орд газар орчмын 3661.3 га, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт орших 882.3 га, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээний газарт хамааруулахаар болов. 

    Тусгай хэрэгцээнд авсан газарт иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд солих буюу эргүүлэн авахад шаардлагатай хөрөнгийн тооцоо, судалгаа хийж дүнг 2010 оны 7 дугаар сарын 1-ний дотор, аж үйлдвэрийн цогцолбор, уул уурхайг түшиглэн байгуулах хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, орон нутгийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тодотгол хийх зэрэг ажил хийж, дүнг 2010 оны 4 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С. Баярцогт, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.  

    Тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, хэрэгжилтэд хяналт тавихыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч. Хүрэлбаатар нарт даалгажээ.

    ТОВЧХОН

    •    УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, П.Алтангэрэл нарын нэр бүхий 24 гишүүний санаачлан боловсруулсан “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж хэд хэдэн саналыг төсөл санаачлагч нарт уламжлахаар тогтов. Гишүүд 6 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн, 4 хүүхэд төрүүлсэн эхийг хоёрдугаар зэргийн одонгоор шагнахаар хуулийн төсөл санаачилсан байна. Хууль батлагдвал нэг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүд нэг удаа 500 мянгаас нэг сая төгрөгийн урамшуулал авах юм. 

    •    УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, С.Бямбацогт, Д.Одбаяр нарын санаачлан боловсруулсан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар боллоо. 

    •    УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Б.Бат-Эрдэнэ, Л.Гүндалай нарын санаачлан боловсруулсан “Зарим байгалийн цогцолбор газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжин хэд хэдэн саналыг төсөл санаачлагч нарт уламжлахаар тогтов. Тусгай хамгаалалттай газар нутагт оршин суудаг иргэдийн газар эзэмших, өмчлөх эрхийг нь эдлүүлэх зорилгоор  Хөвсгөл аймгийн Ханх сумын төв, Хатгал тосгоны эдэлбэр газрыг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас, Хэнтий аймгийн Дадал сумын төвийн зарим газрыг Онон-Балжийн цогцолборт газрын хилийн заагаас тус тус чөлөөлөхөөр гишүүд тогтоолын төсөл санаачилжээ. 

    •    УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нарын санаачлан боловсруулсан “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолыг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх, бондын хугацаа, хэмжээ, хүүгийн талаар тооцоо хийгээгүй, бондын төлбөрийг төсвийн хуульд хэрхэн тусгах нь тодорхой бус, малгүй болсон, банкны зээлтэй иргэдийн тоо хэд байгаа, тэдгээрийн төлөх зээлийн хүүгийн хэмжээ болон малчид 1 сая 500 мянган төгрөгийн хишиг, хувиа банкны зээлийн төлбөрт өгөх сонирхолтой байгаа эсэх талаар урьдчилсан судалгаа хийх нь  зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагч нарт уламжлахаар тогтов.  

    •    Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.  

    •    Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал обьектын жагсаалтад     “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” улсын төсөвт үйлдвэрийн газрыг нэмж оруулав. 

    •    Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. 

    •    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. 

    •    Ази, Номхон Далайн Бүсийн Шуудан Холбооны Гүйцэтгэх Зөвлөлийн хурлыг 2011 онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтов. 

    •    “Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. 

    •    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсрол, шинжлэх ухаан, технологийн сайдын урилгаар ажлын айлчлал хийсэн тухай илтгэх хуудастай танилцав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хуулийн төслийг өргөн барив

    тавантолгой, хуулийн төсөл, хуульТавантолгойн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгох урьдчилан сонгон шалгаруулалтын баримт бичгийн төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив.

    Ашигт малтмалын орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь улс орны хөгжлийн хурдыг түргэтгэх гол хөшүүрэг. Иймээс Засгийн газар “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их хурлын тогтоолын төсөл болон холбогдох хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байна. Улсын Их Хурлын чуулганаар ойрын үед хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах нь монголын ард түмний хүсэн хүлээж байгаа чухал асуудлын нэг. Засгийн газраас өргөн барьж байгаа эдгээр баримт бичгийг ойрын үед хэлэлцэнэ. Та бүхэн ч гэсэн УИХ-ын чуулганы хуралдаанд асуудлаа сайн ойлгуулаарай гэж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэв.

    Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг баталсны дагуу Ерөнхий сайдын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар 2010 оны 3, 4 дүгээр сард хэд хэдэн удаа  хэлэлцээд Ерөнхий сайдын 2010 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 26 дугаар захирамжаар  хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж холбогдох гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.

    Ажлын хэсэг “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, Нүүрс олборлолтын гэрээний төсөл, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгох урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн төсөл болон бусад холбогдох материалыг  боловсруулсан юм.

    Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдсон баримт бичгийн төслүүдийг Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд танилцуулахаар хүргүүлсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг төр өөрийнхөө мэдэлд  буюу төрийн өмчит компанийн эзэмшилд хадгалах тухай Засгийн газрын саналыг дэмжсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит компанийн хувьцааг цаашид Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан байна.

    Тавантолгой ордыг ашиглахдаа нүүрсний нөөц, олборлолтын нөхцөлийг нь харгалзан  үзэн тодорхой хэсгүүдэд хуваах, ордын аль нэг хэсэг талбайг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах, дамжин өнгөрөх тээвэр, үнэ тарифийн  асуудлаар хөрш орнуудтай хэлэлцээр хийх, тодорхой улс орнуудад угтуулан тавих нөхцөлийг боловсруулах, орд ашиглах, үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламж барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандарт баримтлах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг төслийн үйл ажиллагаанд оролцуулах, Монголчуудыг ажлын байраар хангах, монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд хэрэглэх, нийлүүлэх зэрэг асуудлыг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөмжид тусгажээ. Ажлын хэсэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид дурдсан асуудлыг холбогдох баримт бичгүүд, түүний дотор Улсын Их Хурлын тогтоолын төсөл, түүний үзэл баримтлалд тусгаж өөрчлөн боловсруулсан байна.

    Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн танилцуулга

    Хөрөнгө оруулалтын гэрээ нь 19 бүлэг, 144 зүйл, 2 хавсралтаас бүрдэнэ. Төсөлд татварын орчинг тогтвортой байлгах, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах, олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, ашигт малтмалыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох зэрэг асуудлыг тусгасан байна.

    Засгийн газраас өргөн барьсан саналын дагуу Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай хүсэлтийг ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, төрийн  өмчит “Эрдэнэс МГЛ” компани гаргана. Нэг талаас Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Байгаль орчны сайд нар, нөгөө талаас “Эрдэнэс МГЛ” компани болон ордын тодорхой хэсэг талбайд түүнтэй нүүрсний олборлолтын гэрээ байгуулж хөрөнгө оруулах, нүүрс олборлох, борлуулалт хийх хөрөнгө оруулагч гэрээ байгуулахаар тусгажээ. 

    Нүүрс олборлолтын гэрээний төслийн танилцуулга

    Нүүрс олборлолтын гэрээний төсөл нь 21 зүйл, 1 хавсралттай бөгөөд төсөлд талуудын эрх, үүрэг, төлөөлөл ба хяналт, техник, эдийн засгийн үндэслэл, уурхайн үйл ажиллагаа, үнэ тооцох аргачлал, бүтээгдэхүүн хуваалт, урьдчилгаа төлбөр болон урамшуулал, тайлантай холбоотой гол асуудлыг тусгасан байна. Төслийг боловсруулахдаа Австрали Улсын нүүрсний олборлолтын зарим загвар гэрээ, Индонези Улсын нүүрс олборлолтын гэрээ, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний туршлага зэргийг харгалзан үзжээ.

    Сонгон шалгаруулалтын баримт  бичгийн төслийн талаар

    Одоогийн байдлаар Бразилийн “Вале”, Энэтхэгийн “Жиндал Стийл энд Пауэр”, БНСУ-ын төрийн өмчийн “Корес” компаний төлөөлж байгаа БНСУ-ын 11 компаниас бүрдсэн консорциум, ОХУ-ын 2 компанийн консорциум, АНУ-ын “Пибоди Энержи” болон БНХАУ-ын “Шинхуа Энержи” компанийн хамтарсан консорциум, Японы Мицуи энд Ко компани, түүнчлэн Японы “Иточу” корпорациар ахлуулсан “Сожиц”, Марубени”, Сумитомо” 4 компанийн консорциум, Щвейцарь-Австралийн “Экстрата” компани, түүнчлэн ОХУ-ын “Оросын төмөр зам нийгэмлэг”, БНХАУ-ын “Эрдос Чинглон Коул” группын төлөөлөгчид орд ашиглах саналаа ажлын хэсэгт танилцуулаад байна.

    Хоёр удаагийн яриа хэлэлцээний үеэр оролцогчдоос ордыг ашиглах үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын талаар санал авсан боловч дараагийн шатанд нээлттэй хэлбэрээр уралдаант шалгаруулалт /сонгон шалгаруулалт/ зохион байгуулж урьдчилсан шалгаруулалт хийн хураангуй жагсаалт гаргах, энэ үндсэн дээр эцсийн шатны сонголтыг шууд хэлэлцээний аргаар явуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ. 

    Сонгон шалгаруулалтын баримт бичиг нь :
    1.    Сонгон шалгаруулалтын урилга
    2.    Сонгон шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгаа
    3.    Чадварын үзүүлэлтийн хүснэгт
    4.    Техникийн саналын хүснэгт
    5.    Төслийн үе шат, төлөвлөлтийн хүснэгт 
    6.    Таван толгой төсөлд оролцох дэлгэрэнгүй саналаас бүрдэж байна.

    Сонирхогч этгээдүүдийн ирүүлсэн материалд ажлын хэсгээс үнэлгээ өгч, хамгийн сайн үнэлгээ авсан 5-7 компани/консорциумыг эцсийн шатны яриа хэлэлцээнд урих юм. Урьдчилсан сонгон шалгаруулалтын дүнг Засгийн газарт танилцуулж, эцсийн шатны хэлэлцээний тодорхой чиглэлийг батлуулахар төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан “МИАТ” ХК-ТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ТОДОРХОЙ ШИЙДВЭР ГАРГАЛАА 
    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “MИАТ” ХК-ийн үйл ажиллагаатай холбогдон үүссэн нөхцөл байдалтай өчигдөр орой танилцаад асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргасан. Энэ дагуу нөхцөл байдлын талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд  Х.Баттулга Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Засгийн газар “МИАТ” ХК-тай холбоотой асуудлыг  2 дах  удаагаа авч хэлэлцэж байгаа нь энэ юм.  

    “МИАТ” ХК-ийн Техникийн газрын инженер, техникийн хэсэг ажилтан 2010 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 06.45 цагт нисэх ёстой байсан Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн “Боинг 737-800” онгоцыг нислэгт гаргалгүй саатуулснаас энэ нислэг болон 18.00 цагт нисэх байсан Улаанбаатар-Бээжингийн нислэг хойшлоход хүрсэн байна. Нислэг саатсанаар 1141 зорчигчийг тээвэрлэх боломжгүй болж, урьдчилсан байдлаар 384.8 сая төгрөгийн хохирол учирчээ. 

    Хүний амь нас, аюулгүй байдлыг найдвартай хангах ёстой хамгийн эмзэг салбарт ийм хариуцлагагүй байдал гарч байгаа нь онцгой нөхцөл байдал гэж үзэх ёстой. Тиймээс байдлыг хэвийн болтол нислэгийг зогсоож, энэ хугацаанд гадны авиа компанитай гэрээ хэлэлцээ хийн онгоц түрээслэн, хуваарьт нислэгийг үргэлжлүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдлээ. 

    Иргэний агаарын тээврийн салбар нь хүний амь настай холбоотой, хамгийн эмзэг салбар учир энд хариуцлагагүй байдал байх ёсгүй. Үүнийг газар авахуулалгүй цэг тавих ёстой. Төрийн өмчит бусад аж ахуйн нэгж, байгууллагад ч ийм хариуцлагагүй байдал гаргахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд холбогдох албан тушаалтнуудад хатуу анхаарууллаа.  

    Нислэгийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд :
    •    “МИАТ” ХК-ний Сөүл, Бээжингийн чиглэлийн нислэгийг гүйцэтгүүлэхээр “Кореан Эйр” компаниас агаарын хөлөг түрээсээр авч 5 дугаар сарын 25-26-ны өдрийн нислэгийг нэгтгэн, Сөүлээс 17.35 цагт Улаанбаатарт бууж 21.30 цагт нисэхээр, Бээжингийн чиглэлийн нислэгийг 5 дугаар сарын 26-ны өдрийн 22.00 болон 22.30 цагт Улаанбаатараас нисгэх
    •    Нислэгийн хэвийн ажиллагааг хангах үүднээс “Бойнг-737-800” хөлгийн техник үйлчилгээг хийж, нислэгт гаргах зөвшөөрөл олгох инженер, техникийн ажилтнуудыг эхний ээлжинд “Кореан Эйр”  компаниас авах
    •    “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, “МИАТ” ХК-аас чөлөөлөгдсөн ажилтнуудыг аюулгүй байдлын хамгаалагдсан бүсэд нэвтрэхийг хориглох
    •    “МИАТ” ХК-ний Техникийн газрын ажлыг хэвийн горимд яаралтай оруулахын тулд шинэ удирдлагыг томилох, өргөдөл гаргасан инженер, техникийн ажилтнуудтай нэг бүрчлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсож тодруулах 
    •    “МИАТ” ХК-ний Техникийн газрыг Европын иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжүүлсэн Европын нисэхийн аюулгүй ажиллагааны агентлагтай асуудлыг нарийвчлан авч үзэх, тухайлбал Техникийн газрын даргад тавигдах шаардлага, техник үйлчилгээний дотоод хяналтын асуудлыг тодруулах зэрэг арга хэмжээг тус тус авчээ. 

    Мөн Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Төрийн өмчийн хороо хуралдан “МИАТ” ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгосон байна. Шинээр сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөл нь “МИАТ” ХК-ний гүйцэтгэх захирлаар Ц.Орхоныг томиллоо.  

    ӨМНИЙН ГОВИЙН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛНЭ 

    Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Өмнийн говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа. Энэ хөтөлбөр өмнөд говийн суурь дэд бүтэц, уул уурхайн олборлох, баяжуулах, боловсруулах аж үйлдвэрүүдийн дэд бүтэц, тэдгээрийг түшиглэн хөгжих хот, суурины инженерийн дэд бүтэц болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох зорилготой. 

    Хөтөлбөрт тусгасан зорилтуудыг 2010-2015 онд хэрэгжүүлэх бөгөөд үндэсний аюулгүй байдалд харшлахгүй, олон нийтийн эрх ашигт нийцсэн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эдийн засгийн өсөлтийг хангах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг дэмжиж, тухайн салбарын шилдэг техник, технологи, олон улсын дэвшилтэт стандартыг баримтлах юм.  

    Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга, Нарийн сухайт, Шивээ-Овоо зэрэг стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиглаж эхэлснээр эдийн засгийн өсөлт жилд дунджаар 12.5 хувь болон өсч, 2015 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 5250 ам долларт хүрч 2009 оны түвшингээс 2.7 дахин нэмэгдэхээр байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР АРГА ХЭМЖЭЭ АВНА

    “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. 

    Үүнтэй холбогдуулан :
    •    тогтоолын төсөлд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт
    •    Сангийн яамнаас санаачлан боловсруулж байгаа “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо боловсруулсан тураг, шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүний НӨАТ-ыг чөлөөлөх асуудлыг нэмж тусгах
    •    импортын гурил, улаанбуудай, тахиа, гахай, загасны махны импортын тарифыг дотоодын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний зориулалт, улирлын нөөцтэй уялдуулан ялгавартай, уян хатан зохицуулах асуудлыг иж бүрэн судалж, “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль”-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хамт боловсруулан 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд оруулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт
    •    “Худалдааны зохицуулалтын тухай хууль”-ийн төслийг боловсруулж 2010 оны гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгалаа.      

    Махны хангамж нийлүүлэлтийг сайжруулах, хэрэглэгч, үйлдвэрлэгчийг шууд холбох, үнийн хэт өсөлтийг сааруулах зорилгоор Улаанбаатар хотод махны яармаг худалдааг хаврын улиралд сард 2 удаа, бусад улиралд сард 1 удаа зохион байгуулах, эрэлт нийлүүлэлтэд хяналт судалгаа хийж байхыг Засгийн газар зорьж байна. Хүнсний хангамжтай холбоотой асуудлыг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. 

    ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ АШИГЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

    Тавантолгойн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгох урьдчилан сонгон шалгаруулалтын баримт бичгийн төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. 

    Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн танилцуулга 

    Хөрөнгө оруулалтын гэрээ нь 19 бүлэг, 144 зүйл, 2 хавсралтаас бүрдэнэ. Төсөлд татварын орчинг тогтвортой байлгах, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах, олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, ашигт малтмалыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох зэрэг асуудлыг тусгасан байна. 

    Засгийн газраас өргөн барьсан саналын дагуу Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай хүсэлтийг ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, төрийн  өмчит “Эрдэнэс МГЛ” компани гаргана. Нэг талаас Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Байгаль орчны сайд нар, нөгөө талаас “Эрдэнэс МГЛ” компани болон ордын тодорхой хэсэг талбайд түүнтэй нүүрсний олборлолтын гэрээ байгуулж хөрөнгө оруулах, нүүрс олборлох, борлуулалт хийх хөрөнгө оруулагч гэрээ байгуулахаар тусгажээ.  

    Нүүрс олборлолтын гэрээний төслийн танилцуулга

    Нүүрс олборлолтын гэрээний төсөл нь 21 зүйл, 1 хавсралттай бөгөөд төсөлд талуудын эрх, үүрэг, төлөөлөл ба хяналт, техник, эдийн засгийн үндэслэл, уурхайн үйл ажиллагаа, үнэ тооцох аргачлал, бүтээгдэхүүн хуваалт, урьдчилгаа төлбөр болон урамшуулал, тайлантай холбоотой гол асуудлыг тусгасан байна. 

    Төслийг боловсруулахдаа Австрали Улсын нүүрсний олборлолтын зарим загвар гэрээ, Индонези Улсын нүүрс олборлолтын гэрээ, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний туршлага зэргийг харгалзан үзжээ. 
        
    ХӨГЖЛИЙН БАНК БАЙГУУЛАХ БОЛОВ 

    Монгол Улсын хөгжлийн банк байгуулах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар болов. Хөгжлийн банк байгуулахтай холбогдуулан банкны хувь нийлүүлсэн хөрөнгө бүрдүүлэх, үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах 16.0 /арван зургаан/ тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гарган арилжаалах асуудлыг Улсын Их Хуралд өргөн  мэдүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгав. 

    Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газарт урьдчилсан тооцоогоор 19 орчим их наяд төгрөг шаардлагатай. Гэтэл 2010-2012 онд төсвийн зарлага, гадаад зээл, тусламжийн хэмжээ 10 их наяд орчим төгрөгөөс хэтрэхгүй байх төлөвтэй байна. Хөгжлийн банк нь Засгийн газраас тодорхойлсон хөгжлийн тэргүүлэх чиглэлд багтсан салбаруудад санхүүгийн зуучлалын ажил, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байх юм. 

    Хөгжлийн банк нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хөгжлийн санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулан дэд бүтэц, аж үйлдвэржилтийг дэмжиж, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хөгжлийн банк нь аж үйлдвэрийн салбарын хөгжилд зориулах Засгийн газрын хөрөнгө оруулалтыг хөгжлийн санхүүгийн мэргэжлийн байгууллага болох Хөгжлийн банкаар дамжуулах нь үр дүнтэй гэж Засгийн газар тооцож байна. 

    ШИВЭЭ-ОВООГИЙН ОРДЫГ ТҮШИГЛЭН УУРХАЙ-СТАНЦЫН ЦОГЦОЛБОР БАРИНА

    “Шивээ-Овоо нүүрсний ордыг түшиглэн уурхай-станцын цогцолбор барьж байгуулах төсөлд хамтран ажиллах ерөнхий гэрээ” байгуулах асуудлыг зарчмын хувьд дэмжиж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах нь зүйтэй гэж үзэв. 

    Уурхай-станцын цогцолбор барьж ашиглах явцын талаар Ажлын хэсгийн  ахлагч, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Төсөлд монголын талаас Монгол Улсын Засгийн газар эсвэл түүний эрх олгогдсон байгууллага, хятадын талаас хөрөнгө оруулагч болох БНХАУ-ын “Цахилгаан сүлжээ” корпораци оролцоно. 

    Төслийн хүрээнд Шивээ-Овоо нүүрсний ордыг түшиглэн жилд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий нүүрсний ил уурхай, 8 х 600 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Хойд Хятадын эрчим хүчний дамжуулах сүлжээнд цахилгаан экспортлох 4000 МВт цахилгаан дамжуулах хүчин чадалтай дамжуулах сүлжээ болон дулааны цахилгаан станцыг жилд 16 сая м/куб усаар хангах байгууламж барих, Монгол Улсын дотоодын эрчим хүчний хэрэгцээнд ойролцоогоор 300 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлэх асуудлыг шийдвэрлэх юм. 

    ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

    Могойнголын нүүрсний уурхайг түшиглэж барих дулааны цахилгаан станцын ажлын явцын тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах зорилгоор Могойнголын нүүрсний уурхайг түшиглэж дулааны цахилгаан станц барих талаар хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээг “Концессийн тухай хууль”-д нийцүүлэн шинэчилж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явцыг Засгийн газарт танилцуулж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгав. Энэ нь төсвийн ачааллыг хөнгөвчилж, хувийн хөрөнгө оруулалтыг татах замаар төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрээр ажиллана гэсэн үг юм.

    Цахилгаан станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих газрын зөвшөөрөл олгох зэрэг асуудлыг судлаж, зохих хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав нарт даалгалаа. 
    Мөн станцын хөрөнгө оруулалтын хэмжээ, хүчин чадал зэрэг асуудлыг нарийвчлан судлаж, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг гэрээнд тусгахыг үүрэг болгосон байна.

    Завхан, Говь-Алтай аймаг төвлөрсөн эрчим хүчний систем, байнгын эх үүсвэргүй, төвийн эрчим хүчний системээс тусдаа, бие даан ажилладаг дизель цахилгаан станцтай. Дээрх хоёр аймгийн төвд өдөрт 6-8 цаг, сумын төвүүдэд 19-20 цагийн хязгаарлалттайгаар хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Төсвийн тухай хуулийн төслийг өргөн барив

    Төсвийн тухай хуулийн төслийг өргөн барив

    Монгол Улсын 2010 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Хүний хөгжил сан”-гийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив. Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголын өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн нийт орлого 364.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2,791.0 тэрбум төгрөг, нийт зарлага 465.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж нэгдсэн нийт 3,251.3 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцэл 101.7 тэрбум төгрөгөөр муудаж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 460.3 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ний 6.4 хувь болохоор байна.

    ОУВС-тай тохирсон “Стэнд-бай” хөтөлбөрийн дагуу нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ний 5.0 хувиас хэтрэхгүй байх ёстой. Хөтөлбөрийн хүрээнд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт УИХ-аас баталсан банкны бүтцийн өөрчлөлттэй холбоотой Засгийн газрын бондын үндсэн зардал /Зоос, Төрийн банкны 100.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд/ нь төсвийн зардалд тооцогдохгүй гэж үзсэн.Иймд ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт нэгдсэн төсвийн алдагдалд хүлээсэн үүргийг төсвийн тодотголын үзүүлэлт хангаж байгаа болно.

    Хэрэв энэ шалгуур үзүүлэлт хангагдахгүй тохиолдолд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор хөтөлбөрийн хүрээнд орж ирэх 56.7 тэрбум төгрөгийн эх үүсвэр дутагдах эрсдэлтэй байна. Хуулийн төслийг Улсын Их Хурал ирэх 7 хоногт хэлэлцэж эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    ОРЛОГЫН ТАЛААР :

    •    Зэсийн үнийн өсөлтөөс нэмэгдэх орлого. Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд  зэсийн үнийг 5800 ам.доллар байхаар тооцсоныг нэмэгдүүлэн 7500 ам.доллараар тооцсоноор нэгдсэн төсвийн орлого нийт дүнгээрээ 209.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. 

    •    Алтны үнийн өсөлтөөс нэмэгдэх орлого. Алтны үнийг 2010 оны төсөвт 900.0 ам.доллараар тусгасныг 200.0 ам доллараар нэмэгдүүлэн 1100.0 ам.доллараар тооцсоноор нэгдсэн төсвийн орлого нийт дүнгээрээ 25.2 тэрбум төгрөгөөр  нэмэгдэхээр байна. 

    •    Оюу толгой ордын хөрөнгө оруулалтаас нэмэгдэх орлого.  Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан Хөрөнгө оруулагчийн зүгээс төсөлд зарцуулахаар төлөвлөсөн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбогдуулан 2010 онд улсын төсөвт төвлөрөх орлогыг 50.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцлоо.

    •    Татварын урьд оны өр, авлагыг барагдуулснаар нэмэгдэх төсвийн орлого Татварын тайлангаар гарсан 2010 оны эхний үлдэгдэл буюу өмнөх оны татварын өр 109.0 тэрбум төгрөг байгаагаас 52.4 тэрбум төгрөг нь “Алтан дорнод Монгол” ХХК-ийн зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын өр, 4.6 тэрбум төгрөг нь тус компаний хугацаандаа төлөөгүй татварын өрөнд тооцсон хүүгийн өр  байна.
    Иймд өмнөх оны дутуу төлөлтөөс 52.0 тэрбум төгрөгийн татварын өрийг 2010 оны төсөвт нэмж төвлөрүүлэхээр тооцлоо.   

    Бусад орлого.
    •    Эрдэнэт үйлдвэрийн 2009 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар татвар төлсний дараах цэвэр ашиг 119.9 тэрбум төгрөг, үүнээс Монголын талд ногдох ногдол ашиг 1.0 тэрбум төгрөг, бусад аж ахуйн нэгжийн төвлөрүүлэх орлого 3.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр буюу нийт ногдол ашгийн орлого 4.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой байна.
    •    Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн хурлаас 2010 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс цахилгааны үнийг дунджаар 17.35 хувь, дулааны үнийг дунджаар 14.5 хувь нэмэгдүүлэхээр шийдвэрлэн мөрдөж эхэлсэн нь дулаан, цахилгааны борлуулалтын орлогыг нэмэгдүүлж улмаар 2010 онд эрчим хүчний компаниудаас улсын төсөвт төвлөрүүлэх нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг төлөвлөсөн хэмжээнээс 4.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.
    •    Согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн 2010 оны 1 дүгээр улиралын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс үйлдвэрлэлт 28.0 хувь, татварын төлөлтийн байдал 37.7 хувиар тус тус нэмэгдсэн  үзүүлэлтэй байна. Иймд аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлт, борлуулалт нэмэгдсэнтэй холбогдуулан архи, спиртийн онцгой албан татварын орлогыг 6.8 тэрбум төгрөгөөр, дотоодын пивоны онцгой албан татварын орлогыг 1.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тооцлоо.
    •    2010 онд олборлох газрын тосны хэмжээ 175.5 мянган баррелиар нэмэгдэж улсын төсөвт газрын тосны орлогоор  3.2 тэрбум төгрөг нэмж төвлөрөхөөр байна. 
    •    Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн хүүгийн орлогыг 2010 онд 1.5 тэрбум төгрөгт байхаар төлөвлөсөн бөгөөд Монголбанкинд байршиж байгаа Төрийн сангийн нэгдсэн дансны үлдэгдэлд хүү авахаар тооцоолж байгаатай холбогдуулан хүүгийн орлогыг 3.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцлоо.
    •    Орлогын албан татварын 1 дүгээр улирлын гүйцэтгэл, эдийн засгийн сэргэлт зэргийг харгалзан төсөвт төвлөрүүлэх аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 11.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тусгалаа.
    •    Өмнөговь аймгийн 2010 оны төсвийн төлөвлөгөөнд орон нутгийн төсөвт төвлөрөх ногдол ашгийн орлогыг 6.5 тэрбум төгрөгөөр тусгасан. Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ий 2008 оны татвар төлсний дараах цэвэр ашиг 16.1 тэрбум төгрөг байсан тул 2009 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг өмнөх оны түвшинд байхаар тооцож орон нутагт ногдох ногдол ашгийг 6.1 тэрбум төгрөг байна гэж тооцсон. Гэтэл “Таван толгой” ХК-ий 2009 оны жилийн эцсийн орлого үр дүнгийн тайлангаар татвар төлсний дараах цэвэр ашиг 42.8 тэрбум төгрөг, үүнээс орон нутагт ногдох хэсэг нь 20.2 тэрбум төгрөг болсонтой холбогдуулан Өмнөговь аймгийн орон нутгийн ногдол ашгийг 13.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгалаа.
    •    Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын эх үүсвэрийг 31.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон.

    ЗАРЛАГЫН ТАЛААР :

    А.Урсгал зарлага
    1.    Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгож байгаа бүх төрлийн тэтгэврийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлэхээр тооцож нийт 78.2 тэрбум төгрөг;

    2.    Байгаль, цаг уурын болзошгүй зардал болон цаг үеийн зайлшгүй шаардлагатай асуудлыг шийдвэрлэхэд зориулан Засгийн газрын нөөц санг 20.0 тэрбум төгрөг;

    3.    Эрчим хүч, халаалтын үнийн өөрчлөлтөд 20.9 тэрбум төгрөг;

    4.    Боловсролын салбарын  нэг сурагчид ногдох хувьсах зардлын нормативыг нэмэгдүүлэхэд зориулж 7.4 тэрбум төгрөг;

    5.    Олон хүүхэд төрүүлэн өсгөж байгаа “Алдарт эх” одонтой  эхчүүдэд олгох тэтгэмжийг  нэг дахин нэмэгдүүлэхээр тооцож 2010 оны төсвийн тодотголд 8.5 тэрбум төгрөг тусгав. Энэ нь иргэнд олгох хишиг, хувиас гадна  төрөөс олон хүүхэдтэй эхчүүдэд үзүүлж буй дэмжлэг болно. 

    6.    Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн дагуу 2009 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр төсвийн хэмнэлт, давсан орлогоос төсөвт байгууллагуудад олгох хөрөнгөд зориулж 2.5 тэрбум төгрөг,

    7.    Хүүхдэд олгох мөнгөн тэтгэмж, Шинэ гэр бүлд мөнгөн тэтгэмж, Шинэ төрсөн хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийн 2009 онд үүссэн өглөгт 1.4 тэрбум төгрөг;

    8.    Төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад оронд хийх төрийн албан ёсны болон албан ажлын айлчлалын зардал хүрэлцэхгүй байгаатай холбоотойгоор энэ зориулалтаар төсөвт тусгагдсан хөрөнгөөс давсан зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлж байгааг цаашдаа  зогсоох үүднээс Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад арга хэмжээний зардалд 2.4 тэрбум төгрөгийг нэмж  тусгасан.

    9.    Мөн Улсын Их Хурал, Засгийн газраас 2010 оны төсвийн тодотголд тусгахаар шийдвэрлэсэн болон шинээр байгуулагдсан байгууллагын зайлшгүй шаардлагатай  урсгал зардлыг нэмж тусгалаа. Тухайлбал, ХХААХҮС-ийн төсвийн багц дахь Хөдөө аж ахуйн төвлөрсөн арга хэмжээний “Монгол мал” хөтөлбөрийн зардалд зориулж 3.8 тэрбум төгрөг, Шүүхийн шийдвэрийн дагуу хохирогчдод олгох нөхөн олговорт зориулж ХЗДХ-ийн сайдын багцад 5.0 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн салбарын урсгал зардлыг нэмэгдүүлэхэд зориулж 3.1 тэрбум төгрөгийг тус тус нэмж тооцлоо.

    Б.Хөрөнгө оруулалт   
    Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулиар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 447.7 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр УИХ-аас баталсан.
    Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тодотгосон төлөвлөгөөг 587.4 тэрбум төгрөг байхаар тусгаж байгаа нь УИХ-аар батлагдсан 2010 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнөөс 139.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна.
    Дараах өөрчлөлтүүд тусгагдлаа. Үүнд:

    1.    Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн 2-р хавсралтад “Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих” чиглэлээр батлагдсан нийт 73.1 тэрбум төгрөгний арга хэмжээнээс 66.9 тэрбум төгрөгний төсөл, арга хэмжээг хуулийн 1-р хавсралт руу шилжүүлэн холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад тусгаж, үлдэх 6.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг орон нутгийн хөрөнгө оруулалтын зардлаас санхүүжүүлэхээр шилжүүлэх;

    2.    Хуулийн 3 дугаар хавсралтад “Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцлөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ”-ний жагсаалтад батлагдсан нийт 82.6 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий төсөл, арга хэмжээг хуулийн 1-р хавсралт руу шилжүүлэн холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад тусгаж, санхүүжилтийн эх үүсвэрийг 2010 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан байсан дүнгээр тодорхойлох;

    3.    Барилгын ажил нь дууссан боловч техникийн болон улсын комиссын акт нь хүлээгдсэн, тендер нь оройтсон, зураг төсөвт өөрчлөлт орсон, газрын асуудалд маргаан гарсан зэргээс барилгын ажил хойшилж, 2009 онд төсөвлөгдсөн хөрөнгөө бүрэн ашиглаж чадаагүй он дамжин санхүүжигдэх болж байгаа болон гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэргүй болсон зарим төсөл, арга хэмжээнд нийт 27.8 тэрбум төгрөгийг нэмж тусгах;

    4.    Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэр болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тавьсан актын дагуу зарим барилгыг шинээр барих шаардлага бий болсон, түүнчлэн, ахмад дайчдыг бүрэн орон сууцжуулах, гэнэтийн хүчин зүйлийн нөлөөллөөс үүссэн зарим төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай  нийт 42.0 тэрбум төгрөгийг нэмж тусгах; 

    5.    Хуулийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан төсвийн ерөнхийлөн захирагчдын хуулиар тодорхойлогдсон чиг үүрэгт үл нийцэх нийт 1.0 тэрбум төгрөгний  төсөл, арга хэмжээг тухайн асуудлыг эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад шилжүүлэн тусгахаар тооцлоо.

  • Хуулиудын төсөл өргөн барив

    Хуулиудын төсөл өргөн барив

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 4 дүгээр сар 8-ны өдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд бараалхан “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр, “Агаарын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн төсөл, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл, хуулийн төсөлтэй холбогдуулан нэр бүхий хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг өргөн барилаа.

    Улс эх орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх, нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэхтэй холбоотой зарим хууль, тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна. Ойрын үед олон чухал асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг өргөн мэдүүлнэ гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв.
       
    “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичиг батлагдсанаар:
    •    Төмөр замын дэд бүтцийн хөгжилтэй уялдан хөрш орнуудтай эдийн засгийн тэнцвэртэй харилцаа хөгжинө
    •    Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж, дотоодын нийт бүтээгдэхүүн өсч, Монгол Улс эрчимтэй хөгжих нөхцөл хангагдана
    •    Хөрш орнуудын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах төмөр замын шинэ гарц нэмэгдэж, эрэлт ихтэй гуравдагч орны зах зээлд ашигт малтмалаа шууд нийлүүлэх боломж бүрдэж, далайн боомтуудад гарцтай болно
    •    Экспорт, импортын ачаа эргэлтийн хэмжээ үлэмж өсч, манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит тээвэр нэмэгдэнэ.

    “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр :

    Хөтөлбөрт хотын агаарын бохирдлыг зөвшөөрөгдөх хэмжээнд нь хүртэл цэвэршүүлэхийн тулд үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх зорилтууд, үйл ажиллагаа, шаардагдах хөрөнгийн тооцоог цогцоор нь тодорхойлсон байна. Хөтөлбөрийн хүрээнд хот төлөвлөлтийг сайжруулан дэд бүтэц шинээр бий болгох, гэр хорооллыг барилгажуулах, нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвортой ажиллаж, амьдрах нөхцөл, бололцоог сайжруулахын тулд эрх зүйн болон эдийн засгийн орчин бүрдүүлэх, аймаг, бүсийн төвүүдийг нийслэлтэй болон хилийн боомтуудтай холбосон хатуу хучилттай зам барих, аймгийн төв, бүсийн төв, суурингуудыг цогцоор нь тохижуулан хөгжүүлэх, орон нутагт нийгмийн дэд бүтэц бий болгох юм.

    “Агаарын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”

    “Агаарын төлбөрийн тухай хууль” батлагдсанаар бохирдуулагч нь төлбөр төлөгч байх зарчим хэрэгжинэ. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага эрх үүрэг, хүлээх хариуцлагаа ухамсарлаж, агаар бохирдуулах үйл ажиллагаагаа хянах механизм бий болох юм. Ингэснээр агаарын бохирдлыг багасгах талаар санаачлага гарч, зөвхөн эдийн засгийн ашгийг харах бус байгальд ээлтэй бараа, бүтээгдэхүүн сонгох нөхцөл бүрдэнэ. Хууль батлагдсанаар төлбөрийн чадвар хангах, нарийвчилсан      төлбөр тооцооны механизм нэвтэрч, нийгмийн эмзэг бүлгийнхэнд утаагүй, цэвэр түлш хэрэглэж эхлэх санхүүгийн бодит бололцоо бүрдүүлэх тогтолцоо бий болох юм.

    “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-д оруулах нэмэлт өөрчлөлт

    Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, бизнесийн орчны шинэтгэлийг хэрэгжүүлэх бодлого, зорилтын хүрээнд хяналт, шалгалтыг олон улсын жишигт ойртуулж боловсронгуй болгох. Үүний тулд аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хяналт, шалгалтын ил тод, нээлттэй байдлыг хангаж, эрсдэлд тулгуурласан хяналт, шалгалт хийх асуудал хуульчлагдах юм.

    “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга

    Хүн амын өсөлтийг даган хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үүсч, төлөвлөлтгүй суурьшил бий болж, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээний салбар доголдох зэрэг олон хүндрэл гарах болсон. Нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн өөрчлөлтийг харгалзан, нийслэлийн оршин суугчийн эрх үүрэг, нийслэлийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, нийслэлийн санхүү, өмчийн харилцааг боловсронгуй болгох, эдийн засгийн бие даасан байдлыг хангах зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.