Ангилал: үйл-явдал

  • УИХ-ын гишүүн С.Батболд СоцИнтерний хуралд илтгэл тавив

    Зүүний, Зүүн төвийн чиг баримжаа бүхий 133 улс төрийн хүчнийг эгнээндээ нэгтгэсэн 150 гаруй жилийн түүхтэй СоцИнтерн (Социалист Интернационал) байгууллагын Тэргүүлэгчдийн ээлжит хурал энэ сарын 19-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

    Уг хуралд МАН-аас тус холбооны Дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Батболд оролцож, “Украйн дахь нөхцөл байдал ба дэлхий нийтийн энх тайвныг хадгалахад зүүний чиглэлийн үзэл баримтлал бүхий улс төрийн хүчнүүдийн оролцоо” сэдвээр илтгэл тавив.

    Ташрамд дурдахад, СоцИнтернд Монголоос ганцхан нам бүртгэлтэй байдаг нь МАН ба С.Батболд 2012 оноос тус холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

  • УИХ-ын гишүүн С.Батболдын Ажлын албанаас мэдэгдэл гаргалаа

    Сүүлийн өдрүүдэд зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн С.Батболдыг Оюу толгойн гэрээг байгуулах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан, улмаар гэрээний яриа хэлэлцээнд хууль бусаар нөлөөлөх замаар авлига авсан мэт, Эрдэнэт УБҮ-д хууль бус “шахаа” хийсэн, гадаадад байр, өмч хөрөнгө нуусан гэх зэргээр илт худал гүтгэлгийг зохион байгуулалттайгаар түгээж байгааг няцааж, дараах мэдэгдлийг хийж байна.

    Нэгдүгээрт, С.Батболдыг “10 гаруй улсад 100 гаруй компани, олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй” гэх зохиомол хэрэг нь бүхэлдээ энд тэндээс хамж шимсэн авцалдаа, логикгүй хов живийн цуглуулга, С.Батболдтой ямар ч хамааралгүй гадны бизнес эрхлэгчдийн компаниудын нэр, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт байна гэдгийг албан ёсоор холбогдох бүх газар мэдэгдсэн. Улмаар энэхүү гүтгэлгийг тарааж буй этгээдүүд үнэнд гүйцэгдэн Нью Йоркийн шүүхэд гаргасан  нэхэмжлэлээс С.Батболдын нэрийг өөрсдөө татан авсан болно. Эрдэнэт УБҮ, Эрдэнэс Оюу Толгой ХХК зэрэг хуулийн этгээд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тэр бүү хэл Монгол Улсын Засгийн газрын нэрийг гадаадын шүүхэд хуурамчаар ашиглан маргаан, нэхэмжлэл гаргасан мэтээр эхлүүлсэн нь гадаадын шүүхийн тогтолцооны нэр хүндийг ашиглах, олон нийтийг төөрөгдүүлэхэд чиглэсэн улс төрийн бохир арга гэдэг нь энэхүү шүүхийн ажиллагааны үеэр тодорхой мэдэгдсэн болно. Гэтэл гүтгэлэг тараагчид үнэнд ялагдсанаа огт дурсахгүй, мэдээгүй мэт цариалан үндэслэлгүй нь нотлогдсон “Нью-Йоркийн шүүхийн хэргийн материал” гэгчийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тангад ном мэт зогсолтгүй тарааж байгаа нь энэ бүх гүтгэлэг эртнээс төлөвлөсөн, улс төрийн зорилготой үйлдэл болохыг харуулж байна.

    Хоёрдугаарт, гүтгэлэг тарааж байгаа этгээдүүдийн өөрсдийнх өгсөн баримтаар аль 1997 оноос дэлхийд томд тооцогдох “Самсунг” компанийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга, Эрдэнэтийн УБҮ-тэй хамтарсан “ЭрдСам” компанийн дэд захирал байсан, түүнээс хойш Монголд зэсийн баяжмалын бизнес 20 шахам жил эрхэлсэн Солонгос бизнесмен Чёон Чү Ёон болон түүний бизнес хамтрагчдын компани, өмч хөрөнгийг С.Батболдод хамааралтай болгон нялзаах гэсэн нь ээлжит нэгэн гүжир гүтгэлэг юм. Тухайн бизнесмэн нь С.Батболдыг Ерөнхий сайд болохоос 12 жилийн өмнө зэсийн баяжмалын бизнесээ хийж л байсан, Ерөнхий сайдаас буусных нь дараа ч олон жил энэ бизнесээ эрхэлсээр байсан нь гүтгэлэг тарааж буй хүмүүсийн өөрсдийн өгсөн баримтаар нотлогдоод байна. Олон жил Монголд бизнес хийсэн хүний танилын хүрээ өргөн биз. Гэтэл тэр олон хүнээс заавал С.Батболдтой түүний компани, өмч хөрөнгийг холбох гэсэн оролдлого нь цаанаасаа улс төрийн зорилготой үйлдэл гэдгийг дахин нотолж байна. Эдгээр гадаадын иргэдийн үүсгэн байгуулан Эрдэнэт үйлдвэртэй бизнес эрхэлж байсан “Catrison Limited”, “Cliveden Trading AG”, “Genetrade Limited”, “Lidex Holdings Limited” гэх мэт компаниудыг С.Батболдынх мэтээр гүтгэж,  олон нийтийг цочроох зорилгоор эдгээр компаниуд нь 400 сая долларын гэрээ хийсэн гэж байгаа атлаа С.Батболд тэнд хувьцаа эзэмшиж байсан эсвэл ямарваа нэгэн ашиг хүртэж байсан нэг ч баримт нотолгоо байхгүй. Байх ч үндэслэлгүй учраас дан хоосон хардлага, цуу яриа цуглуулж энэхүү гүтгэлгийг зохиож байгааг нь гадны шүүхэд ч тодорхой мэдэгдэж холбогдох шүүхийн шийдвэр гарсан болно. УИХ-ын гишүүн С.Батболд Эрдэнэтэд шахааны бизнес хийж байгаагүй, хийх шаардлага ч байхгүйг олон нийт эрхбиш ойлгохтойгоо байгаа.

    Гуравдугаарт, С.Батболд болон түүний хамаарал бүхий хэн нэгэн, хуулийн этгээд оффшор бүсэд данс, мөнгө, байр орон сууц, өмч хөрөнгө ил болон далд эзэмшдэггүй. Гүтгэлэгт дурдаад буй олон арван сая долларын үл хөдлөх хөрөнгө, оффшорт байгаа мэтээр гүжирдээд байгаа данс нь С.Батболдын өмч гэсэн нэг ч нотлох баримтгүй, байх ч үндэслэлгүй учраас энэхүү гүжир гүтгэлгийг цэвэр цуу яриа, хий хоосон хардлага болгон тараасан. Зүгээр л бусдын өмчлөлийн байрны фото зураг гаргаж ирээд С.Батболдын өмчилдөг байрны нотлох баримт мэтээр гүжирдэж байна. Ийм ч учраас Нью Йоркийн шүүх дээр үнэн ялж нэр нь дурьдагдсан Солонгосын бизнесмений өмч болох С.Батболдод огт хамааралгүй энэ эд хөрөнгийг царцаахгүй гэсэн шийдвэр гаргасан. Лондон, Гонконг гэх мэт хотуудад тухайн Солонгосын бизнесмены эзэмшиж байгаа өмч хөрөнгө ч гэсэн С.Батболдод хамааралгүй, нэр дурдагдаад байгаа газруудад болон гадаадад  С.Батболдод орон сууц, өмч хөрөнгө байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн бөгөөд шүүх хуулийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлж байгаа. С.Батболд нь дотооддоо ч энэ тухайгаа олон жилийн турш баримт нотолгоотой тайлбар, мэдээлэл өгч, холбогдох байгууллагад шаардлагатай бүх мэдээллийг хуулийн дагуу өгөх ёстой бөгөөд өгч ч ирсэн болно.

    Дөрөвдүгээрт,  Оюу толгойн гэрээ анх байгуулагдсаны дараа С.Батболд Ерөнхий сайд болж тус гэрээнд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг бараг 50 хувь бууруулах, Монголын талын авах суутгах татварын хэмжээг 2-20 дахин нэмэгдүүлэх зэрэг Монгол Улсад ашигтай, хөрөнгө оруулагч талд алдагдалтай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсныг буруутгаж гадаадын шүүхэд энэ бүх гүтгэлгээ зохиож өгснийг дотоодын хөлсний бичээчид дурьдалгүй өнгөрч байгаа. Олон түмэнд нээлттэй баримттай зүйлсийг улс төрийн зорилгоор харлуулахын тулд хөлсний байгууллагад “захиалга” өгч, Монголын талын ахиц дэвшлийг нөгөө талд өгсөн давуу байдал хэмээн эрээ цээргүй гүтгэлэг зохиож, шүүхэд хандах үндэслэлээ болгосон байгаа. Энэ бол цагааныг хар гэх гэсэн, харыг цагаан гэх гэж олон түмнийг хуурах гэсэн бузар гүтгэлэг, улс төрийн бохир тоглолт. Олон мянган удаа давтаад байвал үнэн болно гэж зүүдэлж яваа тэд энэхүү гүтгэлгээ гадаад дотоодын хэвлэлд түгээж байгаа нь эдгээр шийдвэрийг цуцлах гэсэн оролдлого байх гэсэн их хардлага дагуулж байна. Зээлийн хүүг бууруулсан, татвар нэмснийг эсэргүүцэн гүтгэлэг зохион тарааж байгаа хүмүүс хэний талд үйлчлээд байгаагаа сайтар бодох хэрэгтэй. Лав л Монголын талд биш.

    Энэ бүх гүтгэлэг дайралтыг хэдэн тэрбум төгрөг гарган нарийн зохион байгуулж, өөрийн улсын иргэнийг гадаадын хөлсний байгууллагад “захиалж” мөрдүүлэн “зохион бичлэг” бичүүлж байгаа, гадаад дотоодын хэвлэлд зохион байгуулалттай гүтгэж байгаа, гадаадын шүүхийн байгууллагыг өөрийн дотоодын улс төрийн тоглоомондоо ашиглах гэсэн оролдлого хийж байгаа, энэ этгээдүүд нэг л зорилготойгоор энэ бүх зүйлийг хийж байгаа. Тэртээ 2004 оноос хойш сонгуулийн жил бүр УИХ-ын гишүүн С.Батболдын улс төрийн нэр хүндийг харлуулж, хийсэн бүтээсэн ажлыг гутаах, олныг төөрөгдүүлэх ажиллагаа явагдаж ирсэн. Энэ бол  үеэ өнгөрөөсөн тархи угаах улстөрийн бохир технологи гэдгийг ард түмэн ялгаж салган ойлгож байгаа.

    Энэ удаа ч бүр төсвийн хөрөнгө мөнгө, төрийн байгууллагын эрх мэдлийг хууль бусаар ашиглаж байна. Гүжир гүтгэлэг зохион тараагчдын үйлдэл хэрээс хэтэрч, гэр бүл, үр хүүхдийг нь бузар гүтгэлэгтээ хамруулах боллоо. Иймд энэ мэт гүтгэлгийг зохион тарааж буй хүмүүсийг зохих хуулийн дагуу арга хэмжээ авахаа УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын албанаас үүгээр мэдэгдэж байна.

    УИХ-ын гишүүн С.Батболдын Ажлын алба

  • Хулд, Луус сумынхан У.Хүрэлсүхийн багийг дэмжинэ

    МАН-аас УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог Дундговь, Говьсүмбэр аймагт нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар 6 дугаар сарын 08-нд Дундговь аймгийн Луус, Хулд суманд ажиллалаа.

    Иргэд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлого, шийдвэр иргэнээ дээдэлж, улс орныхоо хөгжлийн гарцыг эрэлхийлж байгаа учраас Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр, зорилго зорилтыг дэмжиж байгаагийн зэрэгцээ нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг нарыг багаар нь дэмжихээ илэрхийлж байсан нь бусад сумдад хийсэн уулзалтуудтай ижил уур амьсгалтай байв.

    Луус сумын иргэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд  Засгийн газрын гаргасан бодлого шийдвэр иргэндээ чиглэсэн, улс орны хөгжилд чиглэж байгаа учраас намын мөрийн хөтөлбөрийг дэмжихийн зэрэгцээ нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг нарыг бүтэн багаар нь дэмжихээ илэрхийлэв.

    Тус суманд жилүүдэд сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ сайжирсан төдийгүй 80 хүүхдийн багтаамж бүхий дунд сургуулийн дотуур байр баригдаж байгаад эцэг, эхчүүд талархалтай байлаа.

    Хулд сумын иргэдийн хувьд Мандалговь-Улаанбаатар чиглэлийн автозамыг шинэчлэх мөрийн хөтөлбөрийн заалтыг дэмжиж, сум орон нутгийг орон сууцжуулах хөтөлбөр хүндээ чиглэсэн зөв бодлого гэдгийг хэлж байна. Мөн мөрийн хөтөлбөртөө малыг эрүүлжүүлэх чиглэлд мал эмнэлгийг улсын өмчит болгож байгаа нь тал бүрийн ач холбогдолтойг онцолсон. 

    Орон нутгийн иргэдийн хувьд мөрийн хөтөлбөрт тусгасан эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн бодлогын хүрээнд хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр, “Цалинтай ээж”, хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 хүртлэх насны хүүхдийг хамруулах боломжтой яслийн үйлчилгээг сэргээх заалтыг дэмжиж байна.

    Дундговь аймаг нь мал сүргийн тоогоороо улсдаа олон жил тэргүүлсэн. Тиймээс орон нутагт мах, сүүний үйлдвэр барих заалт бол тэдний хүсэл биелэх сайхан үйл хэрэг гэж үзэж байна.

    Мөн сонгогчид У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийсэн бодит ажлуудыг цаашид үргэлжлүүлэх 6 дугаар тойрогт нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг нарыг багаар нь дэмжиж, хүчээ нэгтгэхээ илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны уулзалтад идэвхтэй оролцож байна.

    УИХ-ын сонгуулийн 6-р дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Сүхбаатарын Батболдын сонгуулийн штабаас бэлтгэв

  • Гурвансайхан, Өлзийт сумдын иргэд говь нутгийн “брэнд” бүтээгдэхүүнийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн заалтыг дэмжиж байна

    Улсын Их Хурлын сонгуулийн 6 дугаар тойрог, Дундговь, Говьсүмбэр аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар 6 дугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт сумдад ажиллаж, иргэд олонтой уулзалт хийлээ.

    Уулзалтын үеэр иргэд орон нутгийн хөнгөн хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, говь нутгийн “брэнд” бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ гэсэн зорилтыг тусгасныг нүдээ олсон зорилт гэж үзэж байлаа. Учир нь Өлзийт сум тэмээн сүргийнхээ тоо толгойгоороо улсдаа тэргүүлдэг, ингэний айргаараа алдартай нутаг юм. Иймд иргэд ингэний айргаа үйлдвэрлэлийн аргаар боловсруулах, хил залгаа аймаг, сумд, нийслэлийн зах зээлд нийлүүлэх боломж бүрдүүлэхэд Монгол Ардын Намаас нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг онцгой анхаарч өгөхийг хүсэж, Монгол Ардын Намын нэр дэвшигчдээ багаар нь дэмжихээ илэрхийлэв.

    Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн эмэгтэйчүүд, хүүхдэд чиглэсэн зорилтын хүрээнд хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн “Цалинтай ээж хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн 3 хүртэлх насны хүүхэдтэй бүх эхэд ялгаваргүйгээр тэтгэмж олгох зорилтыг орон нутгийн эхчүүд, эмэгтэйчүүд сайшааж байв.

    Мөн тус намын мөрийн хөтөлбөрт Дундговь аймгийн гурван суманд мах, сүү, хоёрдогч түүхий эд боловсруулах “Бизнес инкубатор” байгуулахаар тусгасан. Үүнийг Гурвансайхан сумын малчид орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чухал заалт хэмээгээд сонгуулийн маргаашаас хийж хэрэгжүүлэхийг захиж, Монгол Ардын Намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг нутгийн олондоо уриалж байлаа.

    УИХ-ын 6-р дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Сүхбаатарын Батболдын сонгуулийн штабаас бэлтгэв

  • Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаар олон улсын уулзалт болж байна

    Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаарх Ази Номхон далайн лидерүүдийн Сүлжээний Зүүн хойд Азийн бүсийн анхдугаар уулзалт 2017 оны зургадугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

    Уулзалтад ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Монгол зэрэг орнуудын судлаач, ажиглагчид оролцож буй бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, нэн ялангуяа Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцож буй.

    Уулзалтын үеэр Монголын Хөгжлийн Стратегийн Хүрээлэнгийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд үг хэлэв.

    Дээр дурьдсан асуудлуудаар тус Сүлжээний гишүүд болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч дарга асан Нобуясү Абе, БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд асан Сүнгхван Ким, Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Н.Туяа, түүнчлэн Элчин сайд Ж.Энхсайхан зэрэг оролцогчид байр сууриа илэрхийлэв.

  • Өрх толгойлсон 1000 эх, хүүхдийг баярлуулах арга хэмжээ боллоо

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Есүй эх хүүхдийн эрхийг хамгаалах төв ТББ “Сүхбаатарын Батболд” сангийн дэмжлэгтэйгээр өрх толгойлсон 1000 ээж, тэднийг хүүхдүүдийг баярлуулах арга хэмжээг зохион байгууллаа.

    “Эх үрсийн инээмсэглэл-2017” арга хэмжээнд МУ-ын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн С.Батболд өрх толгойлсон эхчүүд, тэдний хүүхдүүд болон дүүргийн хүүхэд багачуудыг баярлуулж, хамтдаа нэг өдрийг өнгөрөөлөө. Энэ арга хэмжээний хүрээнд нийт 1000 ээжийг хүүхэдтэй нь баярлуулж байгаа бөгөөд өчигдөр Чингэлтэй дүүргийн 500 ээжийг хүүхэдтэй нь баярлуулсан бол өнөөдөр Сүхбаатар дүүрэгт 500 ээжийг хүүхдийх нь хамт баярлууллаа.

  • Сүхбаатарын Батболд Сүхбаатар дүүргээсээ гурав дахь удаагаа УИХ-д сонгогдлоо

    УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгууль орон даяар амжилттай болж өндөрлөлөө. УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд өрсөлдөгчөөсөө үнэмлэхгүй олон санал авч УИХ-ын сонгуульд ялалт байгууллаа. Ингэснээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Сүхбаатар дүүргээсээ гурав дахь удаагаа УИХ-д сонгогдлоо.
    С.Батболд өөрийг халуун дотноор хүлээн авч, сонгуулийн энэ өдрүүдэд дэмжиж ирсэн сонгогчдодоо чин сэтгэлийн талархлаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
    Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүргийнхээ сонгогчидтой 100 гаруй удаагийн уулзалт ярилцлага зохион байгуулж, сонгогчдынхоо санал бодлыг сонссон юм. С.Батболд сонгогч бүрийнхээ хэлсэн ярьсныг санаж, захисан захиасыг нь ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ Сүхбаатарчууддаа онцолж хэллээ.

  • Должинсүрэн: Би С.Батболдын төлөө саналаа өгнө. Энэ бол миний эх орныхоо төлөө хийж чадах зөв сонголт

    Сонгуульд ялах намын нэр дэвшигч С.Батболдыг дэмжиж, итгэл хүүлгэж байна гэдгийг өдгөө 90 насыг зооглож буй Сүхбаатар дүүргийн 14-р хорооны иргэн Должинсүрэн гуай өнөөдөр нэр дэвшигч С.Батболдтой уулзах үеэр аминчлан хэллээ. Мөн тэрээр “хөгшин би өнөөдөр хоосон хонож байж болно, үүнд би санаа зовохгүй байна. Харин эх орон минь тайван байгаасай гэж хүсч байна. Би С.Батболдын төлөө саналаа өгнө. Энэ бол миний эх орныхоо төлөө хийж чадах зөв сонголт” гэлээ.

    УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах дөхөж байгаа хэдий ч УИХ-ын сонгуулийн 61-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд сонгогч бүртээ хүрч ажиллахаар тойргийнхоо иргэдтэй биечлэн уулзаж, аж амьдралтай нь танилцсаар байна. Өчигдөр Сүхбаатар дүүргийн 11, 12-р хорооны сонгогчдын аж амьдралтай танилцаж, тулгамдаж байгаа асуудал бүрийг өөрийн биеэр очиж сонссон билээ. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн 13, 14-р хороонд ажиллаж, тус хорооны хамгийн өндөр настай азай буурлуудын амар мэндийг асууж, санал бодлыг сонслоо. Тус хороонд Сүхбаатар дүүргийн хамгийн өндөр настай буюу 80-аас дээш настай иргэд олноор амьдардаг байна.

    Сүхбаатар дүүргийнхэн нэр дэвшигч С.Батболд итгэл хүлээлгэж байна

    Нэр дэвшигч С.Батболд эхлээд Сүхбаатар дүүргийн 13-р хорооны өндөр настан С.Шүрэндаа гуайнд зочиллоо. Увс аймгийн угуул С.Шүрэндаа гуай өдгөө 75 насыг зооглож байгаа бөгөөд есөн хүүхэдтэйгээ ач, зээ 30-уулаа болж өнөр өтгөн сайхан амьдарч байна. С.Шүрэндаа гуай өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэтгэврийн мөнгө төдийлөн сайн нэмэгдсэнгүй гэдгийг нэр дэвшигчид онцолж хэлж байв. Мөн ач, зээ нарынх нь ихэнхи их, дээд сургууль төгсч өндөр боловсрол эзэмшсэн ч ажилгүй, орлогогүй амьдарч байгааг хэлсэн. Тиймээс ирэх дөрвөн жил ажлын байрны хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч, тойрогтоо олон ажил хийхийг нэр дэвшигч С.Батболдод захиж, түүнд амжилт хүслээ.

    Нэр дэвшигчийг Сүхбаатар дүүргийн 13, 12-р хорооны ахмад настан, иргэдтэй биечлэн уулзах үеэр хамгийн их яригдсан асуудал бол цэцэрлэг сургуулийн хүрэлцээ, дахин төлөвлөлтийн асуудал байлаа. Тус хороонд сургууль, цэцэрлэг бараг байдаггүйгээс болж хүүхдүүд нь Чингэлтэй, “100-айл”-ын Ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж байгааг хэлж байв. Тиймээс ирэх дөрвөн жил сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлж, шинээр барих шаардлагатай байгааг сонгогчид нэр дэвшигчид онцлон захилаа.

    Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хувьд тус хороодын ихэнхи өрхийн хашааны газар нийслэлээс тогтоосон газар чөлөөлөлтийн бүст багтжээ. Гэхдээ нэг өрөө байр худалдан авахад ч хүрэлцэхгүй мөнгөөр хашааны газрыг нь үнэлж байгааг иргэд учирлаж байсан юм. Мөн зарим айлуудын хувьд хашааны газрын тал хэсэг нь дахин төлөвлөлтөд хамрагдаж, тал хамрагдаагүй зэрэг олон зөрчилтэй асуудал байгааг хэлсэн.

    Нэр дэвшигч С.Батболд хэлэхдээ “дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийн асуудалд анхаарал хандуулж, иргэнийг хохироохгүй байх ёстой. Өнөөдөр иргэдийн хувьд хашааны газар том өмч гэдгийг сануулж, 20, 30 сая төгрөгөөр үнэлж болохгүй. Миний бие УИХ-д дахин сонгогдвол уг асуудлыг анхаарлын төвд авч, иргэнийхээ эрх ашгийн төлөө ажиллана” гэдгийг хэлсэн. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт хашаандаа амины орон сууц барих нөхцөлийг дэмжиж ипотекийн зээлд хамруулахаар тусгасан байгааг хэлсэн.

    Мөн нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүргийн 14-р хорооны иргэн 83 настай Ц.Хумбаан, У.Намсрай Мөнхтогоо, Түмэнжаргал, 13-р хорооны иргэн М.Чимэд, мөн тус хорооны иргэн Енгэрэн зэрэг ахмадуудынхаа амар мэндийг асууж, санал бодлыг сонссон. Уулзсан өрх айл, хүн бүр нэр дэвшигч С.Батболд итгэл хүлээлгэж байгаагаа хэлэхийн хамт айл өрх, иргэн бүртээ хүрсэн зөв бодлого хэрэгжүүлж ажиллахыг түүнээс хүсч байлаа.

    Ингээд нэр дэвшигч С.Батболд айл өрхийн аж амьдралтай танилцсаны дараа орой 19 цагаас 23.00 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14-р хорооны сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал бодлоо хуваалцлаа.

  • Сонгуульд ялах намын нэр дэвшигчийг дэмжинэ, яагаад гэвэл…

    Энэ үгийг Сүхбаатар дүүргийн сонгогчид нэр дэвшигч С.Батболдтой уулзах үеэр хэлж байлаа. Учир нь, энэ удаагийн сонгуульд хувь хүн, хувь нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр гэж байхгүй. Зөвхөн ялсан намын мөрийн хөтөлбөр л хэрэгжих учраас сонгуульд ялах намын нэр дэвшигч С.Батболдыг дэмжинэ. Тэгж байж тойрогтоо ажил хийлгэнэ. Түүнээс бус ялагдах намын нэр дэвшигчийн төлөө саналаа өгч дүүргээрээ сөрөг хүчин болмооргүй байна гэдгийг Сүхбаатар дүүргийн сонгогчид өнөөдрийн уузалтын үеэр онцолж хэллээ. Ингээд УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14 дүгээр хорооны сонгогчидтойгоо хийсэн уулзалтын сурвалжлагыг дэлгэрэнгүй хүргэе. Нэр дэвшигч С.Батболд эхлээд 12 дугаар хорооны айл өрхийн аж амьдралтай танилцаж, иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг өөрийн биеэр гэрт нь очиж сонслоо.

    Сонгогчид Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд сургууль, цэцэрлэг байгуулж өгөхийг хүслээ

    Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд бие даасан сургууль, цэцэрлэг огт байдаггүй юм байна. Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөр 2012 онд тус дүүргээс УИХ-д сонгогдохдоо сургууль цэцэрлэг барина гэж амласан ч өдий хүртэл нэг ч сургууль, цэцэрлэг бариагүй гэдгийг тус хорооны иргэн Я.Раднаабазар нэр дэвшигчид учирлав. Тиймээс С.Батболд УИХ-д сонгогдож ирэх дөрвөн жил тус хорооны сургууль цэцэрлэгийн багтаамж, хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн юм.

    Нэр дэвшигч С.Батболд хэлэхдээ “МАН-ын мөрийн хөтөлбөрт сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан. Тухайлбал Ерөнхий боловсролын сургуулиуд гурав биш хоёр ээлжээр хичээллэх орчныг бүрдүүлнэ. Мөн Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрт дүүрэг хороо бүрт нэг цэцэрлэг, нэг сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэдгийг онцолж хэлсэн. Нэр дэвшигч Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн Я.Раднаабазарынд зочилж, тэдний амьдралтай биечлэн танилцсан юм. Я.Раднаабазар эхнэр 9 хүүхдийн хамт амьдардаг байна. Хүүхдүүд нь их, дээд сургууль төгссөн ч ажлын байрны хүрэлцээ муу байгаагаас хөдөлмөрийн насны дөрвөн хүүхэд нь ажилгүй гэртээ ээж аавтайгаа байгаа аж. Хамгийн бага охин нь арван настай ч эхээс төрхдөө тархиндаа харвалт өгснөөс болж явж чаддаггүй байнгын асаргаанд байдаг бөгөөд эхнэрийнхээ тэтгэврийн мөнгөөр хоолтой хонож байгаагаа учирлаж байв. Я.Раднаабазар “хүүхдүүд маань бүгд ажилтай болчихвол амьдрал минь сайжирна” гэдгийг нэр дэвшигчид хэлэхийн зэрэгцээ ирэх жилүүдэд ажлын байрны хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөд анхаарал хандуулахыг хүсэв

    Дараа нь, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд амьдарч буй Дорнод аймгийн угуул До.Ганхуяг гуайнд нэр дэвшигч С.Батболд зочиллоо. Нэр дэвшигч С.Батболд өөрөө Дорнод аймагт төрж, өссөн учраас До.Ганхуяг гуайтай нутаг орон, ээж аавынхаа талаар хуучилсан юм. До.Ганхуяг гуай таван хүүхэдтэй бөгөөд хүүхдийн нь хоёр нь ажил хийж, нэг нь ажилгүй, хоёр нь сургуульд сурдаг байна. До.Ганхуяг гуай орон сууцанд орох хүсэлтэй ч орлого нь хаана ч хүрэхгүй байгааг учирласан. Харин одоо байгаа хашааны газрыг нь дахин төлөвлөлтөд хамруулж орон сууцжуулах асуудал дөрвөн жил яригдаж байгаа ч ажил хэрэг болохгүй байгааг хэлсэн.

    Нэр дэвшигч С.Батболд “Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрээс 7 буудал хүртэл дулаан, бохир, цэвэр усны дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэж хашаандаа амины орон сууц барьж, ипотекийн зээлд хамруулна гэдгийг хэлж байв.

    Жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлнэ


    Хашаандаа хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бүтээлч айл өрх Сүхбаатар дүүргийн 12-р хороонд олон байна. Тухайлбал, цагаан шохойг хэвэнд оруулж бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийж зарж буй Д.Эрдэнэбаярын гэр бүлийнхэнтэй уулзлаа. Өөрөө, мөн эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй тэд хэний ч гар харалгүй өөрсдийн бизнесээ эхлүүлэн сайхан амьдарч байгааг нэр дэвшигчид хэлж байв. Харин бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй ч зээлд хамрагдаж чадахгүй байгааг хэлж байв. МАН-ын мөрийн хөтөлбөрт “Итгэлийн сан” байгуулж бизнес эрхлэгчдийг дэмжиж барьцаа хөрөнгөгүйгээр бага хүүтэй зээл олгох боломжийг бий болгоно гэдгийг нэр дэвшигч С.Батболд хэлсэн. Бизнес эрхэлж, ажлын байр нэмэгдүүлж буй иргэн, аж ахуйн нэгжийг зөв бодлогоор дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байв.

    Дараагийн зочилсон хөдөлмөрч айл бол Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд амьдран суудаг Х.Батнасангийнх. Эднийх хоёр хүүхдийнхээ хамт хашаандаа гурван бүлээрээ амьдардаг аж. Хүүхдүүд нь барилга заслын ажил хийдэг болохоор 48 ам мерт бүхий байшингаа сайхан тохижуулж, тухтай сайхан амьдарч байгааг хэлж байв. Нэр дэвшигч С.Батболд цаашид гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг дэмжиж хашаандаа орон сууц барьж, тухтай орчинд амьдрах айлууд олон болох ёстой гэдгийг хэлсэн.

    Нэр дэвшигчийг Сүхбаатар дүүргийн 12-р дугаар хорооны айл өрхүүдээр орж, аж амьдралтай нь танилцах үеэр ажилгүй, орлогогүй хүнд нөхцөлд амьдарч байгаагаа аминчлан хэлж байсан иргэн олон байсныг энд дурдах ёстой. Сонгогчид нэр дэвшигч С.Батболдод ард иргэддээ ажилтай болгохын төлөө зөв бодлого хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй гэдгийг сануулахын хамт түүнд амжилтыг хүслээ.

    Ингээд нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүргийн 12-р хорооны айл өрхийн аж амьдралтай танилцсаны дараа үдээс хойш 15.00 цагаас 23.00 цаг хүртэл Сүхбатар дүүргийн 11, 12, 13, 14-р хорооны сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал бодлоо хуваалцлаа.

  • С.Батболд: Иргэн бүр боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй авах тогтолцоог бий болгоно

    УИХ-ын сонгуулийн 61-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Сүхбаатар дүүргийн 12, 13, 14-р хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар санал бодлоо хуваалцлаа.

    Цалин тэтгэврийг жил бүр үе шаттай нэмнэ

    Уулзалтын үеэр Сүхбаатар дүүргийн 12-р хорооны иргэн Цэцэгмаа хэлэхдээ “Амьдрал маань өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд дээшлэх биш дордлоо. Би 2009 онд 54 мянган төгрөгийн халамжийн тэтгэврийг авдаг байлаа. Ингээд С.Батболдын Засгийн газар гурван жил ажиллахдаа цалин тэтгэврийг 2.5 дахин нэмэгдүүлж, 200 мянган төгрөгийн халамжийн тэтгэвэр авдаг болсон. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд миний тэтгэвэр 21 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Өрх толгойлсон 11 хүүхэдтэй надад 221 мянган төгрөгийн тэтгэвэр хаанаа ч хүрэлцэхгүй байна. Улсын өр л улам нэмэгдэж, ард түмний амьдрал дордож, ажилгүй хүний тоо өссөөр байна. Ирэх дөрвөн жил зөв бодлогоор энэ хүндрэлээс гарч, ард түмнийхээ амьдралыг өөд нь татахын төлөө ажиллаарай” гэж нэр дэвшигч С.Батболдоос хүслээ.

    Энэ сонгуульд МАН олонхи болж, Засгийн газрыг тэргүүлбэл, цалин тэтгэврийг жил бүр үе шаттай нэмнэ гэдгийг нэр дэвшигч сонгогчиддоо хэлсэн. Мөн ахмадуудад зориулан “Насны хишиг” хөтөлбөр хэрэгжүүлж, 70-аас дээш насныханд үндсэн тэтгэвэр дээр нэмэлт тэтгэвэр өгдөг болно гэдгийг онцолж хэлсэн юм.

    Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн гол тулгуур нь боловсролтой, эрүүл монгол хүн


    Мөн улсаа эдийн засгийн хямралаас гаргах зөв бодлогыг хэрэгжүүлж, мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллана гэдгийг тодотгов. 2008 онд дэлхийн эдийн засгийн хямрал болж Монгол Улсын эдийн засаг хасах нэг хувьд хүрч байсан хүнд үетэй С.Батболдын Засгийн газар нүүр тулж байсан. Тэр хүндрэлийг зөв бодлого хэрэгжүүлж давж гарсан туршлага нэр дэвшигч С.Батболд бий. Өнөөгийн улс орны эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч, улсаараа, ард иргэдээрээ өрийн дарамтад орж, хүнд үе ирж байгааг нэр дэвшигч иргэдэд сануулсан. Тиймээс энэ хүнд үед тогтвортой бодлого хэрэгжүүлж, фракц, бүлэглэлийн эрх ашгийн төлөө биш, нийт монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах тулхтай нам, туршлагатай улстөрчийг сонгох хэрэгтэй гэдгийг сонгогчдод уриалав. Сүхбаатар дүүргийн сонгогчдын хувьд нэр дэвшигч С.Батболдын Монголын төрд ажилласан туршлага, мэдлэгт итгэж байгаагаа илэрхийлж, түүнд амжилт хүсч байв.

    Сүхбаатар дүүргийн 61-р тойрогт нэр дэвшигч С.Батболд “МАН бол зүүн төвийн үзэл баримтлалтай намын хувьд зорилтод бүлгийнхэнд чиглэсэн халамжийн бодлогоор дэмжиж дундаж давхаргатай иргэдийг бий болгоно. Тиймээс зорилтод бүлэгт чиглэсэн халамжийн бодлогыг үргэлжлүүлнэ” гэдгийг онцолсон. Мөн иргэн бүртээ боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй хүргэдэг тогтолцоог бий болгохын төлөө ажиллана гэв. Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн гол тулгуур нь боловсролтой, эрүүл монгол хүн гэдгийг онцолж, хүн ардынхаа боловсрол, эрүүл мэндэд анхаарах ёстой гэсэн юм.

    МАН-ын мөрийн хөтөлбөрт эдийн засгийн хямралаас үе шаттай гарч, иргэн бүртээ хүрсэн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Тухайлбал, хүүхэд бүртээ ялгаварлалгүйгээр хүүхдийн мөнгө олгож, “цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж хүүхэд төрүүлсэн эхийн НДШ-ийг таслахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн хүүхэд төрүүлж өсгөх бүрт ээжүүдийн ажилласан хугацааг 1.5 жилээр тооцох эрх зүй орчныг бүрдүүлнэ. Ажлын байр шинээр бий болгож буй аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжиж, шинээр татвар бий болгохгүй зэрэг иргэн бүрийн амьдралд чиглэсэн асуудлыг ажил хэрэг болгож ажиллана гэдгийг сонгогчдод хэлж байв.