Ангилал: үйл-явдал

  • С.Батболд: Ерөнхий сайд хүн алдах эрхгүй, өмнөх ерөнхий сайд нар алдаанаас нь зугтах эрхгүй

    УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд өнөөдөр тойргийнхоо сонгогчидтой уулзаж, санал бодлоо хуваалцлаа.

    Уулзалтын эхэнд С.Батболд УИХ-ын сонгуульд нэр дэвших болсон шалтгаанаа цөөн үгээр тодорхойллоо. Тэрээр “Дөрвөн жилийн өмнө 17.5 хувиар өсч байсан эдийн засгийг АН-ынхан өнөөдөр нэг хувьд хүргэж, улс орон өрөндөө баригдлаа. Ажилтай, орлоготой хоёр иргэн тутмын нэг нь банкинд зээлтэй, амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой нь хүнсний дэлгүүрт өртэй, талхаа таллаж, тосоо граммлаж авч байна.

    Ам.долларын ханш 2000 давж, цалин тэтгэвэр нэмэгдсэнгүй. Тэгсэн хэрнээ жилд 970 тэрбум төгрөгийг зөвхөн хүүгийн төлбөрт төлж байна. Зээлийн хүүд төлж байгаа энэ их мөнгөөр бид 1000 цэцэрлэг, 300 сургууль барьж, 2012 онд өгч байсан 21 мянгыг иргэн бүрт бүтэн нэг жилийн турш өгөх мөнгө. Бүтээснийг нураахад хугацаа багаддаггүй юм байна. Явж байсан зөв бодлогыг цөөхүүлээ ч зогсоож болдогийг бид өнгөрсөн дөрвөн жилд хангалттай харлаа. Хэрвээ энэ зааланд сууж байгаа хүмүүсийн дийлэнх олонхийн амьдрал дөрвөн жилийн өмнөхөөс сайжирсан бол АН-ын хоёр Засгийн газрыг шүүмжлэх нь улсын Ерөнхий сайд байсан хүний хувьд надад зохимжгүй.

    Харин энэ зааланд байгаа та бүхний олонхийн, ард түмний маань дийлэнх олонхийн амьдрал дордсон, улс орон бодлогогүй яваад баларч байгааг хараад дуугүй суух, хувиа бодоод чиэмээгүй явах, одоо ажиллаж байгаа Ерөнхий сайдын алдаатай нь эвлэрэх ёс суртахууны эрх улсын Ерөнхий сайд байсан хэнд ч байхгүй ёсгүй” гэв. Нэр дэвшигч С.Батболд цааш хэлэхдээ, “алдаа засах, ачаа татахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Иргэд та бүхэн зөв сонголт хийж, сонгогдсон нь зөв шударга ажиллаж байж эдийн засгийн хямрал, энэ их өр зээлийн ард гарна.

    Сүхбаатар дүүргийнхэн та бүхнийхээ 2012 оны сонгуулиар хийсэн сонголтыг би хүндэтгэнэ ээ. Харин сонгогдсон хүмүүс нь та бүхний итгэлийг алдсан үгүйг, таны өгсөн санал өрхийн нэг хүнд 14 сая төгрөгийн өр болон ирж байгааг та бүхэн эргэцүүлж бодож, үнэнийг ойлгоно гэдэгт би итгэлтэй байна гэв.

    Дараа нь нэр дэвшигч С.Батболд иргэдийн байр суурийг сонслоо.

    -Сүхбаатар дүүргийн иргэн: Таныг мэдлэг боловсролтой, туршлагатай улстөрч гэдгийг мэдэж байна.

    Тиймээс УИХ-д дахин сонгогдож улс орноо хөгжүүлж чадна гэдэгт итгэж байна. Энд зүйлийг сонгогчийнхоо хувьд захиж хэлье. Хүн ажилтай байвал орлоготой байж чадна. Тиймээс ажлын байраа нэмэгдүүлж, олон мянгаараа ажилгүй байгаа залуусыг ажлын байртай болох нөхцөлийг хангаж ажиллахыг хүсье.

    -Сүхбаатар дүүргийн 13 хорооны иргэн З.Ганбаатар: Хөгшин бид хоёр нийлээд 600 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Сүүлийн хоёр сарын тэтгэврээ урьдчилан авч идээд дууссан. Өнөөдөр гар дээрээ мөнгөгүй зээлтэй сууж байна. Үр хүүхдүүд маань ажилгүй, орлогогүй байхад бид зээл авч туслахгүй бол амьдрал нь хэцүү байна. Тиймээс ажлын байраа нэмэгдүүлж, иргэдийнхээ амьдралыг дээшүүлэх хэрэгтэй байна.

    -Сүхбаатар дүүргийн 10 хорооны иргэн О.Ананд: Би улстөр сонирхдоггүй байлаа. Сүүлийн жилүүдэд бизнес хийж үзээд улстөрийг сонирхгүй байж болохгүй, зөв хүнийг сонгуульд сонгох ёстой гэж үзээд энд ирлээ.

    АН-ынхан хямрал болоогүй гэж ярьж байна. Гэтэл бизнес хийж байгаа хүний хувьд хямрал болоогүй гэж хэлж чадахгүй. Хямралыг биеэрээ мэдэрч өнөөдөр ажилчдынхаа цалинг өгч чадахгүй явна. Иргэдийн амьдрал хүнд байна. Өмнөх хямралыг давж байсан туршлагаараар өнөөгийн эдийн засагт зөв бодлого хэрэгжүүлэхийг хүсье. Хэнийг сонгохоос, аль намыг дэмжихээс иргэдийн амьдрал шалтгаална гэв.

    Иргэд нэр дэвшигчдэд саналаа хэлсний дараагаар С.Батболд гишүүнийг дэмжин ажилладаг олны танил хүмүүс байр сууриа мөн илэрхийллээ.

    Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт: Сүүлийн 10 гаруй жилд С.Батболд гишүүнийг би сайн мэднэ. Итгэж болох хүн. Монгол Улсын төрд 16 жил ажиллахдаа амласан хэлсэн зүйлээ хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг, хийдэг хүн. Тавантолгойн ордыг төрд буцаан өгч чадсан. Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд болсныхоо дараа Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс-Тавантолгой”-гоос 1072 хувьцааг эзэмшүүлсэн. МАН-ын мөрийн хөтөлбөрт 1017 хувьцааг амь оруулна гэж тусгасан. С.Батболдыг УИХ-д дахин сонгож, эхлүүлсэн ажлыг нь гүйцээх боломж олгох хэрэгтэй.

    -Номин талст хамтлагийн ахлагч Д.Батсүх:Хэлсэндээ хүрдэг, ярьснаа биелүүлдэг хүн. Тиймээс залуучууддаа хандаж хэлэхэд, С.Батболд ахыг дэмжээрэй гэж хүсмээр байна. Залуус бид мэдлэгтэй, туршлагатай хүнийг сонгоцгооё гэж уриалав.

  • Н.Жанцанноров: Тэвчээр барагдлаа, одоо амар амгалан амьдармаар байна

    УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч С.Батболдын сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлт өнөөдөр АСА циркт болж, түүнийг дэмжихээр Сүхбаатар дүүргийн олон иргэд энд цугларчээ.

    Уулзалтыг нээж, нэр дэвшигч С.Батболд хэлэхдээ “ Та бүхэнтэйгээ улирлын сайхан, өдрийн сайн цагийн эхлэл дээр уулзаж байгаадаа баяртай байна. Миний бие дөрвөн жил завсарлаад өөрийн болон МАН-ын шийдвэрээр Сүхбаатар дүүрэгтээ дахин нэр дэвшлээ. Анх намайг УИХ-д илгээж, улмаар Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд болох “сүүн зам” тавьсан хүмүүс бол Сүхбаатар дүүргийнхэн та бүхэн юм. Миний бие нь Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа улсынхаа эдийн засгийг 17.5 хувь хүртэл өсгөж цалин тэтгэврийг 2 дахин нэмэгдүүлж иргэн бүрдээ сар болгон 21 мянга, хүүхдийн 20 мянган төгрөг өгч ахмад настан оюутнуудад 500 мянган төгрөг олгох зэргээр эдийн засгийн өдөр өсөлтийг өгөөжийг айл бүрийн хаалгаар оруулж халаасанд нь мэдрүүлсэн билээ.

    Албаны үгэн баримтаас үзвэл 4 жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулалт өнөөдрөөс 23 дахин их, гадаад валютын нөөц 3 тэрбум доллараас илүү байсан нь эдийн засгийн өсөлтийн үр дүн юм. Амьдралын энгийн үнэнээс харахад өнөөдөр 2000 гарчихсан доллар 4 жилийн өмнө 1280 төгрөгтэй тэнцэж та бидний өдөр тутмын хэрэглээ болох атар талх 1260 биш 834 төгрөгийн үнэтэй байсан нь эдийн засгийн өсөлтийн шууд өгөөж билээ. Энэ өсөлт өөрөө бий болоогүй зөв бодлогын үр дүн байлаа. Өнөөдөр харин Монгол улсын нийгмийн амьдрал эдийн засгийн орчин ямар байна вэ.

    Товчоор хэлэхэд Монгол улс өнөөдөр фракцуудын эрх ашигт хүлэгдсэн төртэй, талхаа таллаж авдаг граммын эдийн засагтай, хүүхдээ цэцэрлэгт, ахмадаа байранд сугалаагаар тодруулж оруулдаг сугалааны төрийн үйлчилгээтэй боллоо. Улсын гадаад өрийн хэмжээ өлгийтэй нялхсаас өтгөс буурлууд хүртлээ нэг хүнд 14 сая төгрөг ногдож байна. Ер нь муу хүнийг зар зарсан хойноо өр гэдэг л боллоо. Ийм цаг үед засаглах нам нь тулхтай улс төрийн хүчин, төр түших улсын их хурлын гишүүд нь туршлагатай улс төрчид байж гэмээнэ эдийн засгийн хямрал энэ их өрийн дарамтаас гарч чадна.

    Эдийн засгаа 17.5 хувь өсгөсөн, 2009 оны хямралын амжилттай давсан бидний туршлага дахиад хэрэгтэй боллоо. Бидэнд хийх ажил их байна” хэмээн онцолсон юм.

    Ёслолын ажиллагаанд Монгол улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, хөгжмийн зохиолч Долгион, Камертон хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэг, А.Ганчимэг, ТV коктейль хамтлагийн жүжигчин Цолмон, Сүхбаатар дүүргийн иргэн ахмад настан Оросоо , сагсан бөмбөгчин Билгүүн нар уригдан ирсэн юм.

    Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров түүнийг дүгнэн хэлэхдээ “ Монгол урлагийг дэлхийд гаргахад хувь нэмрээ оруулсан цөөхөн Ерөнхий сайд нарын нэг байлаа. Мөн намын нэрийг сольсон гавьяатай хүн. Төлөвшсөн намын тулхтай улс төрчийг сонгож амар амгалан амьдармаар байна, тэвчээр барагдлаа ” гэсэн бол, МХАҮТ-ын дарга Л.Лхагважав “ Эдийн засгийн хасах 1.6 хувь байсан эдийн засгийг 17.5 хувь болгож чадсан макро эдийн засагч. Таван толгойн лицензийг төрдөө буцааж өгсөн, Монгол Японы эдийн засгийн түншлэлийн анхны хэлэлцээрийг хийсэн алсан хараатай стратегич “хэмээн дүгнэсэн юм.

    Харин хөгжмийн зохиолч Долгион “Түүнийг Ерөнхий сайд байхад эдийн засаг хүчтэй байлаа. Том том төслүүдийг эхлүүлсэн зангарагтай улс төрч” гэсэн бол дуучин Д.Болд “Сүхбаатарчуудад энэ хүн маш хэрэгтэй болоод та бүхэн ингэж олноороо, хүн багтахын аргагүйгээр цуглажээ” хэмээн онцоллоо. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт эдийн засгийн өсөлтийг сэргээх, өр зээлийн асуудлаас салгах даалгаврыг нэр дэвшигч С.Батболдод өгөхийг уриалж байв. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэр бол хөгжлийн стратегич буюу зам заагч бөгөөд эдийн засгийн хямралыг ард түмний нуруунд үүрүүлэлгүйгээр авч гарч чадах хүн гэдгийг дурдаж байв.

  • Сү.Батболд СоцИнтернийн комисст ажиллана

    Дэлхийн Социалист интернационалын тэргүүлэгчид өнгөрсөн өдрүүдэд НҮБ-ын чуулганы үеэр АНУ-ын Нью-Йорк хотноо хуралдаж, олон улсын байдал, энх тайван, аюулгүй байдлын асуудлаар тус хөдөлгөөний хийх ажил, дэлхийн эдийн засгийн байдал болон цаг уурын өөрчлөлтийн асуудлыг авч хэлэлцлээ. Хуралд ӨАБНУ-ын ерөнхийлөгч Я.Зума, Нигерийн Ерөнхийлөгч М.Исуфу, Бельгийн Ерөнхий сайд Э.Ди Рупо, Австрийн Ерөнхийлөгч асан A.Гусенбауэр нар хүрэлцэн иржээ. Монгол Улсаас МАН-ыг төлөөлж Социнтерний дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нар оролцлоо. УИХ-ын гишүүн Сү.Батболд  хуралд хэлсэн үгэндээ улс орнуудын эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд улс орнуудын эрх тэгш байдлыг хангахын чухлыг цохон тэмдэглэв. Тэрээр эдийн засгийн хүндрэлээс амжилттай гарахын тулд хүн амын хувьд амаргүй арга хэмжээнүүдийг авахад хүрдэг бөгөөд энэ цаг үед Социнтерний гишүүн орнууд эдийн засгийн тэгш эрхийн зарчмыг хэрэгжүүлэх нь улс орнуудын хөгжилд нааштай нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Хуралд оролцогчид ч зарим улс орны эдийн засаг хямралтай байгааг дүгнэж, хямралт байдлаас гарах арга хэмжээг төлөвлөхдөө эдийн засгийн тэгш эрхийн зарчмаар хандахын чухлыг тэмдэглэж байсан юм. Хурлаас эдийн засгийн тэгш эрхт байдлыг судлах олон улсын комисс гаргахаар шийдвэрлэж, уг комисст Социнтерний дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд, ЭҮКН-ын дарга Соня Ганди, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Я.Зума, Бельгийн Ерөнхий сайд зэрэг олон улсын нэр хүндтэй зүтгэлтнүүд ажиллахаар болжээ.  Тус комиссыг Бельгийн Ерөнхий сайд Э.Ди Рупо тэргүүлэх аж. 

  • С.Батболд: Энэ засаг эргэж бухах ажлаа илүү сайн хийж байна


    УИХ-ын гишүүн С.Батболдтой ярилцлаа.

    -Монголын эдийн засгийн форум өнөөдөр эхэлж байна. Та энэ арга хэмжээнд оролцох уу?

    -Саяхан урилга хүлээж авсан. Зарим зүйлүүд дээр санаа бодлоо илэрхийлнэ. Энэ форумыг манай Засгийн газрын үед анх зохион байгуулсан.

    -Чухам ямар шалтгаанаар ийм форум зохион байгуулдаг байя гэж шийдсэн юм бэ

    -Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлоход нийгэмтэйгээ хэлэлцдэг, зөвшилцдөг суваг алга. Зөвхөн УИХ-ын гишүүд, сайд, дарга зэрэг цөөн тооны хүн улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж байгаа нь учир дутагдалтай. Тэр дунд популизм хийж хэн чанга дуугарсан, илүү олон ярьсныг нь бодлого болгох гээд байдаг буруу хандлага байна. Эрдэмтэд, судлаачид, бизнес эрхлэгчид, эдийн засагчдынхаа оролцоог хангаж, илүү судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой гэж үзсэн. Манай улстай хамтран ажилладаг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын төлөөлөл, иргэний нийгмийнхний оролцоог хангаж үгийг нь сонсч төрийн бодлогоо тодорхойлохдоо тусгаж, авах гээхийн ухаанаар ханддаг байх жишиг тогтооё. Тэндээсээ дараа жилийн болон дунд, цаашлаад урт хугацааны хөгжлийн бодлогын төлөвлөлтөө илүү тодорхой болгохын тулд Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулж эхэлсэн. Нэг ёсондоо Давосын дэлхийн эдийн засгийн форумын сайн талыг хуулбарлая гэж шийдсэн.

    -Тэгээд зорилгодоо хүрсэн үү. Төрийн бодлого тодорхойлохдоо сонсох ёстой хүмүүсээ сонсдог жишиг тогтож чадсан уу, өнөөдөр 

    -Эхний хурлууд нийгэмд үр өгөөжөө өгсөн гэж боддог. Бидэнд чиг баримжаа болсон. Бидний чих нээлттэй болж, олон ургалч үзэл бодлыг хүлээн авч байсан. Сүүлийн хоёр жилийн форумд илүү ахиц дэвшил, шинэ өнгө аяс байгаа байх. Тухайлбал Давост Монголын талаар хэлэлцүүлэг хийж тэрхүү Сценариог энэ удаагийн хуралд танилцуулах гэх мэт. Харин сул тал гэвэл сүүлийн хоёр удаагийн эдийн засгийн форумыг харж байхад эрх баригчдын буюу хэт нэг тал руу чиглэж байна уу гэж боддог. Нээлттэй байх, сөрөг хүчин болон санаачлагчидийн оролцоог хангах тал дээр учир дутагдалтай хандаж байна. Дээр нь иргэний нийгэм, бизнес эрхлэгчид болон бусад талуудын тэгш оролцоо хангалтгүй байна.

    -Тэднийг, тухайлбал иргэний нийгмийнхнийг та нар, танай засаг тэгж их сонсдог байсан юм уу?

    -Иргэний нийгмийн оролцоог хангахдаа ганц удаагийн хурал дээр сонсоод өнгөрөх нь учир дутагдалтай. Бидний үед төрийн бодлого тодорхойлоход иргэний нийгмийн оролцоог хангах, энэ талын эрх зүйн орчныг боловсронгуй болгооч гэдэг санал гарч байсан. Тэр дагуу нь Иргэний нийгмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг гаргасан. Хурал уулзалт зөвлөгөөнийг тусгайлан хийж байсан. Ер нь эдийн засгийн хөгжил, томоохон сорилтыг популист  гэхээсээ илүү бодитой судалгаа, шинжилгээ, тооцоон дээр үндэслэж шийдэж байх ёстой. Бид энэ зарчмыг нэвтрүүлэх оролдлогыг байнга хийж ирсэн. Үр дүнд нь 2009 онд эдийн засаг хасах үзүүлэлттэй байсан бол 2010 оноос эхлэн бага зэрэг өндийж 2011 онд 17-18 хувьд хүрсэн.  2012 онд үүнээс ч илүү өсөлттэй гарах хүлээлт байсан. Гэвч 13 хувийн өсөлттэй гарсан. Өнгөрсөн Засгийн газрын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шийдвэрүүд эдийн засгийн өсөлтийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь үндсийг тавьсан гэж үзэж байсан. Бид ингэж дүгнээгүй. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, дэлхийн эдийн засгийн форум, өрсөлдөх чадварын судалгаа гаргадаг байгууллагуудаас Монгол Улсын эдийн засаг урт хугацаанд тогтвортой буюу жилдээ 15 хувиар өсөх тооцооллыг хийсэн. Тасралтгүй 20 гаруй жил эдийн засаг нь хурдацтай өсөх боломж байна гэсэн дүгнэлтийг гаргаж байсан.

    -Одоо эдийн засгийн өсөлт, хурд ямар төвшинд байна вэ.

    -Одоо өсөлтийн хурдац удааширсан байна. 17, 18 хувьтай байсан эдийн засаг өнгөрсөн онд 11 хувь боллоо. Энэ нь өөрөө өсөлтийн хурдац унаад байгааг харуулж байгаа юм. Ямар нэгэн хэмжээнд өсөлт бол  байгаа нь байгаа. Хурд нь унасан болохоос өсөлт нь унаагүй. Өсөлтийн хурд цаашид улам удаашрах бодитой эрсдэл, сорилтууд ч харагдаж байгаа.

    -Удааширсан өсөлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд энэ удаагийн эдийн засгийн форумаас та юу хүлээж байна вэ?

    -Энгийн зүйлээс эхлээсэй. Бодит судалгаа шинжилгээг ажил хэрэгчээр хийж түүнд үндэслэсэн шийдвэр гаргах нь зүйтэй. Төр засгийн шийдвэрүүд амьдралд ойрхон тусах, үр дүнгээ өгөх талд илүү анхаармаар байна. Юуны түрүүнд эдийн засагт ажлын байр олноор бий болгож буй салбарууддаа Засгийн газар өөрт байгаа хөшүүрэг механизм болох татвар, зээл, квот, зөвшөөрлийн систем зэргээр зөв, шударга, нээлттэй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Ингэхгүй бол аж ахуйн нэгжүүдийн том нь том, дундахь нь дунд, бага нь багаар бүгд ажлын байраа цөөрүүлж байна. Шинээр хүн ажилд авахаа больж, орон тоо, цалинг багасгах үзэгдэл бүх төвшиндөө хавтгайрлаа. Өмнөх Засгийн газрын үед Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг эрчимжүүлж, тэнд бэлтгэсэн мэргэжилтэй ажилчдыг хэдэн арав, хэдэн зуугаар нь ажилд авдаг, аж ахуйн нэгжүүд захиалгаа ирүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр ажлаас цомхотгох, чөлөөлөх, ажлын байрны орон тоог цөөлөх замаар аргагүйн эрхэнд зардлаа бууруулах чиг хандлага давамгайлж байна. Энэ нь эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадвар ямар төвшинд байгааг харуулах бэлээхэн бөгөөд бодитой жишээ юм.  Одоогийн нөхцөл амаргүй байх шиг байна. Ойлгож байна. Гэхдээ л иргэдийн амьдрал сайнгүй, төгрөгийн ханш унасан ийм үед цалин, тэтгэвэрийг нэмж ард түмнийхээ амьдралд бага боловч санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бол “эдийн засаг хэцүү байна” гээд төмөр нүүрээ харуулаад байж болохгүй. Эдийн засгийн өсөлт гэж макро төвшинд том тоо ярих нь сайхан. Хамгийн гол нь тэр том тоо айлын хаалгаар орж өрхийн амьдралд яаж нөлөөлж байна вэ гэдгээ тооцоолох нь чухал. Хүндээ наалдах ёстой. Төрийн дэмжлэг амьдралд  бодитой, эдийн засгийн өсөлт нийгэмд шударга хуваагдаж байх ёстой. Энэ зарчмаар бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цалин тэтгэвэрийг 2.5 дахин нэмж байсан. Гэтэл яриад байгаа хэмжээндээ тэтгэврийг нэмсэнгүй, цалин дээр бол  хэрэгжсэн зүйл огт алга.

    -Эдийн засаг ингэж хүндрэхэд гадна талын нөлөөлөл бий байх. Харин үүнээс илүүтэй өмнөх Засгийн газрын алдаа нь одоо хүндрэл болж гарч ирээд байгаа юм биш үү. 

    -Харин өнөөдрийн Засгийн газрын зарим сайд нар л зориуд ийм тайлбар хэлээд байгаа юм. Хамтарсан Засгийн газрын үед хүнийхээ хөгжлийг дэмжиж иргэдээ эрүүл, боловсролтой, ажилтай орлоготой болгоход анхаарч ирсэн. Тиймээс Хүний хөгжлийн сан байгуулж, тэндээсээ хоёр намын сонгуулийн амлалтыг нэгтгээд иргэддээ 21 мянган төгрөг өгдөг байсан. Гэтэл энэ маань буруу байсан, өнөөдрийн болж бүтэхгүй байгаа, эдийн засаг ингэж доройтсоны бүх буруу нь өмнөх Засгийн газраас эхтэй мэтээр эрх баригч нөхдүүд ярьж байна. Үүнтэй би санал нийлэхгүй. Хэрвээ бэлэн мөнгө амлах, янз бүрийн хөтөлбөр гаргаж байсан угшлыг нь хөөвөл Ардчилсан намаас эхтэй. Хамтарсан засгийн залуур дээр бид сууж байсан учраас бидний зөв байсан гэж өөрсдийгөө зуун хувь өмгөөлөх юм алга. Магадгүй алдаа байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ ингэж эргэж буцаж хойшоо ухардаг цаг үе нь өнөөдөр биш. Хамгийн гол нь хамтарсан засагт алдаа байсан бол түүнийг нь засч залруулаад урагшаа явах цаг хугацаа хангалттай өнгөрлөө. Энэ Их хурал, энэ Засгийн газар бүрэн эрхийн хугацааныхаа 50 хувьд орлоо. Дороо хий эргэж, зарим талаараа хойшоо ухарч байгаагаа өнгөрснөөс, хамтарч хэрэгжүүлсэн бодлогын алдаанаас боллоо гээд нэг байрандаа зогсоод байх нь буруу. Нэг намынх нь алдааг нөгөө нь засахад бүрэн эрхийн хугацаагаа бүтнээрээ нь зарцуулах гэж бид сонгууль хийгээгүй. Улсаараа урагшаа явах гэж сонгууль хийдэг, Засгийн газрыг сольдог. Гэтэл урагшилсан юмгүй, өөрсдийнх нь бодлогын алдаанаас болж байдал хүндрэхээр л өнгөрсөн засгийн муу муухайг баллуурдаж, цэвэрлэж байна гэж ярих нь яавч шударга ёс, зарчимд нийцэхгүй.  Бодит үнэнд ч нийцэхгүй. Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг олдог гэж манай ард түмэн хэлдэг дээ. Тэрэн шиг өмнөх засгаас боллоо гэх арга ядсан тайлбараа одоо орхиж, урагшаа харж, өмнөх ажлаа хиймээр байна.

    -Улстөр юм биш үү?

    -Улстөр, улстөр. Тэгэхдээ хэчнээн улстөрийн асуудал ч болохоо байхаар л хойшоо харж хамтарч хэрэгжүүлсэн бодлогуудаа үгүйсгэж, өөрсдөө зүгээр суух нь  хүний хувьд ч  жудаггүй хэрэг. Тэр нь болоогүй дандаа хамтдаа шийдвэр шүү дээ. Тэр үед Тэргүүн Шадар сайд, Сангийн сайд, танхимын зарим сайд нь АН-аас байж Оюутолгой, Тавантолгойн ажлын хэсгийг өөрсдөө ахалж байсныг хэн ч өнөөдөр үгүйсгэхгүй. Түүх өөрөө гэрчилнэ. Харин ингэж эргэж бухахын оронд хамтдаа суурийг нь тавьсан эдийн засгийн өсөлтийн хурд маань удааширлаа гэвэл өөр хэрэг. Гэтэл сөрөг хүчин та нар дуугүй бай, болохгүй байгаа бүхний буруу нь та нараас боллоо, чимээгүй буланд зогсч бай гэсэн аятай, нэг хэсэг намын бүлэггүй, одоо ч байнгын хороодод шударга төлөөлөлгүй байгаа нь улстөрийн соёл, парламентын сонгодог утгадаа ч таархгүй.

    -Гэхдээ эдийн засаг хүндрэхэд гадны талын бодит шалтгаан байгааг та хүлээн зөвшөөрнө биз дээ?

    -Зөвшөөрнөө, тийм бодитой  шалтгаан байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш харьцангуй буурлаа. Эдийн засагт зохих хэмжээний өсөлтүүд буурсан үзүүлэлтүүд ч байна. Нөгөөтэйгүүр, одоо эргээд сэргэж эхэлсэн зөв хандлага ажиглагдаж байгаа. Америк, Европын эдийн засаг сэргэж эхэллээ. Энэ нь ганцхан энэ Засгийн үед тохиолдож байгаа хүндрэл биш шүү дээ. 2008, 2009 онд эдийн засгийн хямрал болж л байсан. Тэр үеийн хямрал амаргүй л байсан. Одоо бол тэр үеийнхээс хүнд гэмээр сорилтууд гадна талаасаа алга.

    -Хэрвээ гадна талаасаа тийм сүртэй тааламжгүй нөлөөлөл нь бага л юм бол таныхаар Засгийн газар юун дээр алдаа гаргаад байна вэ

    -Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, дутуу хийсэн зүйлийг нь гүйцээж, зөрүүтэй байсныг нь засч залруулж, зөвийг нь улам баталгаажуулж явах ёстой. Энэ засагт энэ талын ажил хэрэгч хандлага дутагдаж байна. Алдаа байгаа бол түүнийг засна гэдэг нь гадагшаа ярихаасаа бодитой ажил хэрэг болгох явдал.  Жишээ нь, би Оюутолгойн гэрээг сайн болсон хэзээ ч  хэлж байгаагүй. Харин гэрээг хийсэн нь зөв гэдэг зарчмын байр суурьтай байдаг. Оюутолгойн гэрээг үе шаттайгаар яриа хэлэлцээр, харилцан ойлголцлын замаар сайжруулах ёстой гэж үздэг. Жишээ нь манай засгийн үед бид хөрөнгө оруулагчидтай шинээр яриа хэлэлцээ хийж зээлийн хүүг бууруулах, гурав дахь этгээдэд  Оюутолгойн хувь хэмжээг зарахгүй байх, Монголын эзэмших 34 хувь буурахгүй байх, гуравдагч орны төрийн өмчийн компани худалдан авахгүй байх зэрэг олон өөрчлөлтийг гэрээнд нэмэлтээр оруулж сайжруулсан. Цаашид Монгол Улсын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг заавал 30 жил гэж  хүлээхгүйгээр анхны хөрөнгө оруулалтын нөхөж ирсэн үеэс эхлэн шууд өөрийн эзэмших хувиа нэмэгдүүлэх талаар УИХ-ын гишүүд, иргэний нийгмээс тавьсан асуудалд нээлттэй хандаж байсан. Өнөөдөр харин нөгөө нуухыг нь  авах гээд юу гэдэг билээ гэж санаа зовох юм.

    -Өнөөдөр тийм байдал руу орчихож уу?

    -Арай ч тийм байдалд орохгүй байх аа. Харин төрийн бодлогын залгамж чанар алдагдсан учраас Оюутолгой төслийн, эдийн засгийн хурдацыг удаашруулах үйл ажиллагаа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд явагдлаа. Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөллөө. Жишээ нь 2013 оны эхний улиралд орж ирсэн валютын орлогыг өмнөх оны мөн үетэй нь харьцуулахад 60 гаруй хувиар буурсан байсан. Үүнд нь анализ хийхэд, 2011, 2012 онд Монгол Улсад орж ирсэн валютын урсгал доторхи Оюутолгойтой холбоотой орж ирсэн валют 20 хувийг нь эзэлж байсан. Тэр үед асар их хэмжээний валют орж ирж, хөрөнгө оруулалтын орчин таатай, илүү нээлттэй байсан. Гэтэл одоо орж ирж байгаа валютын урсгалын 60 хувь нь Оюутолгойх байна. Өнгөрсөн жилийн сүүлийн улирлаар ярьж байна л даа. Энэ улиралын шинэ тоо баримт надад алга. Гадаад валютын урсгал 50-60 хувиар багасчихаад байхад тэр дотор нь Оюутолгойн эзлэх хувь хэмжээ томорсон байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улсын хөрөнгө оруулалт ганц хоёрхон төслөөс хамааралтай, өрөөсгөл болж байна. Өмнө нь эдийн засаг хөрөнгө оруулалт улс, хувийн олон төсөл хөтөлбөрөөс хамаарч байсан. Гэтэл одоо бараг ганцхан төслөөс хамаарч валютын ханшийн өсөлт, инфляц, үнийн өсөлт, экспорт, импортын бэрхшээлийг үүсгэж байгаа. Энэ бол буруу хандлага. Бидэнд эдийн засгийн олон тулгуур, олон эх үүсвэр хэрэгтэй. Тэгэхгүй улсаараа нэг төслөөс хараат явж яавч болохгүй. Энэ талаар эрх баригчид эрхбиш бодож боловсруулж байгаа байх.

    -Уул уурхайн сайд Оюутолгойд Монголын талын эзэмших 34 хувийг баталгаажуулсан гэж ярьсан. Гэтэл та манай Засгийн газрын үед баталгаатай болгосон гэлээ. Аль нь үнэн юм бэ

    -Би сайдын хийсэн ажлын тайланг хараагүй. Бидний үед хувь нийлүүлэгчдийн гэрээ, яриа хэлэлцээрт оруулсан асуудлаа нээлттэй ил тодоор гаргаж тавьдаг байсан. Тэр үед л 34 хувь буурахгүй байх ёстой, гаднын гурав дахь этгээдэд зарагдахгүй байх, манай хувиас гадна нөгөө талд хувьцааг гурав дахь этгээд зарах юм бол Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авч зарах тухай олон зүйлийг баталгаажуулсан. Үүнийг хамтаараа гардаж хийсэн, хамтарч засагт байсан, УИХ-д хамтдаа сууж байсан олон хүн мэдэж байгаа. Ер нь ингэж талцаж хэрэлдмээргүй байгаа юм. Эдийн засаг амаргүй байгаа энэ үед эрх баригчид нь урагшаа зүтгэж, сөрөг хүчин сайн бөгөөд зөв ажилд нь ташуур болж явмаар байгаа юм.

    -Оюутолгойгоос гадна хамтарсан Засгийн газрын үед “Чалько”-той хийсэн гэрээгээр зээлсэн 350 сая ам.долларын нүүрсийг  2013 онд багтаан төлж дуусах ёстой байсан уу, одоо ч дуусаагүй байх шиг байна?

    -2013 ондоо багтааж барагдуулах гэрээтэй. Тийм боломж ч байсан. Энэ гэрээг Засгийн газар байгууллаагүй. Улсын үйлдвэрийн аж ахуйн нэгж нь хууль дүрмийнхээ хүрээнд, дэлхийн зах зээлийн үнэ тариф, томъёололын хүрээ хэмжээнд  байгуулсан. Засгийн газар болохоор УИХ-ын шийдвэрийн дагуу уул уурхайгаас орж ирсэн орлогоор Хүний хөгжил сангийн эх үүсвэрийг л бүрдүүлсэн. Маш сайн гэрээ байсан гэж бид хэлээгүй. Засч сайжруулах юм байсныг үгүйсгэхгүй. Гэтэл сонгуулийн дараа   тойруулж улстөр, эдийн засгийн яриа нэлээд явагдсан. Харамсалтай нь, төлбөрөө төлж дуусах хугацаа удааширч цаг нэлээд алдлаа. Тэр үед 70 долларын гэрээ хийгдэж байсан бол одоо тонн тутамд 30-40 доллар болж байгаа л гэж ярьж байна.

    -Өөр томоохон төслүүд бий. Тавантолгой, ДЦС-V, төмөр зам, эдгээр төсөл таныг Ерөнхий сайд байхад л яригдаж байсан. Одоо ч ярьсаар байна. Ер нь урагшаа ахиж, дэвшсэн зүйл байна уу?

    -Тоймтой зүйл хэлж чадахгүй нь. Юу нэмж хийсэн бэ гэдэгт Шинэчлэлийн Засгийн газрын нөхдүүд хариу хэлэх байх. Хэрвээ хийсэн зүйл, бодитой ахиц дэвшил байгаа бол түүний нь ард түмэн ч  харж мэдэрч байгаа байх.

    -Уг нь энэ Засгийн газар өмнөх танхимуудаас  харьцангуй их мөнгөтэй гэх юм билээ. Гэтэл мөнгөтэй байхад яагаад эдийн засаг хүндрээд, ажлын байр хомсдоод, цалин тэтгэвэрийн нэмэгдэлд эх үүсвэр олдохгүй байна вэ?

    -Манай Засгийн газрыг өр үлдээсэн гэж ярьдаг. Гэтэл ганцхан жишээ хэлэхэд 2012 оны хавар бонд гаргаж 580 сая ам.долларыг тэр чигээр нь энэ Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна энэ Засгийн газар  Чингис, Самурай, бонд гаргасан, Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр гурван их наяд төгрөгийг гаргасан, Засгийн газар өөрөө нэг их наяд төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээл дээр гаргасан. Үүнээс гадна хөрш орнуудтай своп гэрээ хийсэн. Ингээд яривал бэлэн мөнгө, мөнгөний эх үүсвэр хангалттай байлаа. Бондын мөнгө төсвөөс гадуур зарцуулагдаж байгаа нь хууль эрх зүйн орчинд нийцэхгүй байгаа. Монголбанкнаас үнэ тогтворжуулахаар гаргасан гурван их наяд төгрөг ч төсвийн хүрээнд яригдах ёстой. Үүнийг Дэлхийн банк, Олон улсын валютын сангийнхан хэлж залруулга хийх ёстойг сануулж байгаа. Төсвийн бүрэлдэхүүн байх ёстой гэж. Үүнийг гарцаагүй анхаарч, засч залруулах ёстой. Эдгээр эх үүсвэрүүдийн зарцуулалт ил тод гэхээс илүү өөрсдийн талын компаниуд, бодлогыг илүү дэмжих хөтөлбөр болж байна гэсэн шүүмжлэл нэлээд гарч байгаа шүү дээ. Үүнийг ч мөн анхаарах хэрэгтэй. Гэтэл улс орны хэмжээнд шууд хөрөнгө оруулалт буурч байна. Дүгнэж хэлэхэд шууд хөрөнгө оруулалтаа татах бодлого дутаж ирсэн нь эндээс харагдаж байгаа юм. Манайхан хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн гаднынхан гэж хараад байна. Дотоодын хөрөнгө оруулагчид гэж бий. Барилга, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, бүх салбарт нийт хөрөнгө оруулагчдад идэвхжил, дэмжлэг хэрэгтэй байна. Хаврын ид ажил эхлэх хөтөлбөрт оруулах хэрэгтэй байна шүү дээ. Зам барилга, төмөр зам, эрчим хүч, аж үйлдвэрийн төслөө яаравчилж хувийн хэвшлийн оролцоог нээлттэй шударгаар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ер нь хөрөнгө оруулагчдад төр засгийн бодлого ойлгомжтой, тогтвортой, өрсөлдөх чадвартай, урт хугацааны найдвартай түнш байж чадна гэсэн итгэл хэрэгтэй. Зөв бодлого, зөв, шударга үйл ажиллагаагаар энэ итгэлийг бий болгоно. Алдах асуудал бол төр засгийн ганц нэг буруу шийдвэрүүд л болно. Үүнийг байнга  анхаарч байх ёстой.

    -Сөрөг хүчний гол үүрэг бол шүүмжлэхээсээ эрх баригчдын алдаа засах хэлж өгөх. Тэр үүргээ танай нам яагаад биелүүлэхгүй байна вэ?

    -Манай намд дутуу хийж, сөрөг хүчний үүргээ хангалттай сайн биелүүлж чадахгүй байгаа дутагдал бий бий. Бүрэн хийх, бодитой сөрөг хүчин байх боломжийг маань хууль эрхзүйн хүрээнд хязгаарлаж байгаа хүчин зүйл ч бас байна. Манай намаас сонгогдсон УИХ-ын гишүүд бүлэггүй нэг жил шахам явлаа. Дээр нь одоо болтол Байнгын хороодод тэгш, шударга хуваарилалтаар орж чадахгүй байна. УИХ-ын гишүүдийн 1/3 нь манай намын гишүүд байдаг. Гэтэл байнгын хороон дээр очихоор 1/5, 1/10-ийг эзэлдэг. 20 гишүүнтэй байнгын  хороонд хоёр гишүүн суух жишээтэй. Бусад нь байнгын хороонд байхгүй. Эсвэл нэг байнгын хороотой. Үлдсэнийг нь өргөдөл гомдлын байнгын хороо гэж байгуулж тэндээ  бүгдийг нь оруулчихсан. Тэгээд, та нар аль ч байнгын хороонд үгээ хэлж болно ш дээ гэдэг. Гэхдээ бид шийдвэр гаргахад таслах эрхээ эдэлж оролцмоор байдаг. Эрх зүйн орчноор хязгаарласан ийм дарамт бидэнд байна. Гэхдээ сөрөг хүчний байр сууриа илэрхийлээгүй биш илэрхийлээд явж байгаа. Хангалтгүй, дайчин биш сул байна гэсэн шүүмжлэл бий. Популизм сайн хийж чадахгүй, сураагүй  тал бас байна. Ер нь хэвлэл мэдээлэлийн орчинд бидэнд боломж бас хязгаарлагдмал байгаа. Жишээ нь УИХ дээр тодорхой, ээдрээтэй асуудлуудаар манай гишүүдийн байр суурь МҮОНРТ-ээр тун бага гардаг. Ер нь бид илүү судалгаатай, бодит байдал дээр үндэслж дуугарч байх нь төрийн бодлогийг зөв байлгахад илүү ач холбогдолтой гэж үздэг.

  • C.Батболдын хөрөг зураг Төрийн ордонд тавигдлаа

    Үе үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмүүдийн хөрөг зургийг Төрийн ордны хоёр давхрын хананд байрлуулдаг уламжлалтай билээ. Өнөөдөр буюу Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр Ерөнхий сайдуудын хөрөг зураг бүл нэмлээ. Энэ удаа Монгол Улсын 26 дахь  Ерөнхий сайд С.Батболдын  хөрөг зургийг байрлуулсан юм. 

    2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний зургийг Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач Б.Насанцэнгэл зуржээ.  Хөрөг зургаараа  алдаршсан зураач Б.Насанцэнгэл үе үеийн төр засгийн удирдлагуудын хөрөг зургийг зурдаг туршлагатай уран бүтээлч юм. 

  • Эдийн засгийг эрчимжүүлэх 50 хоногийг ингэж дүгнэв

    УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн 42 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр бодитой ажил хийсэнгүй. Та бүхний хийсэн ажлын тайлан “уулзалт хийв, зөвшилцөв, хэвлэлийн бага хурал хийв, илтгэл тавив, хуралдав, хэлэлцүүлэг зохион байгуулав, хуулийн төсөл өргөн барив” гэсэн хэдэн үгээр л хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг эрчимжүүлэхээр тусгагдсан төлөвлөгөөт ажлуудаа үр дүнтэй хийж чадсангүй” гэж дүгнэсэн юм.

    УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдаас зөвхөн сөрөг хүчний гишүүд асууж, санал хэлэх эрхтэй байдаг.  УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн асуултыг хариултыг хүргэе.

    УИХ-ын гишүүн Сү.Батболд:

    -Монгол Улсын эдийн засгийн хөгжил бол бид бүгдийн санаа зовоож буй асуудал.  Сөрөг хүчин бүх асуудал дээр эсрэг байр суурь баримталдаг гэж шүүмжилдэг ч бид болж байгаа зөв  бодлогыг дэмжиж, хэлэх зүйлээ хийж, оролцох зүйлдээ оролцоод л явж байгаа. Энэ утгаараа өнөөдөр Засгийн газраас зохион байгуулсан монголын бизнесийн дээд хэмжээний уулзалтад оролцож, санал бодлоо солилцлоо. Гадны олон төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна лээ. Тэд ярихдаа өмнө нь хөрөнгө оруулалтын орчин ойлгомжтой, их өргөн хүрээтэй байсан гэж дүгнэж байна. Гэтэл сая Ерөнхий сайд мэдээлэлдээ өмнөх хөрөнгө оруулалт зөвхөн Оюутолгой дээр суурилж байсан гэж хэллээ. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны хийсэн мэдээллээр 2011, 2012 онд гадаадаас  орж ирсэн нийт валютын урсгалын 20-30 хувийг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлж, 2013 онд Оюутолгойтой холбоотой валютын урсгал хэдийгээр багассан ч гэсэн нийт валютын урсгалын 60 хувийг эзэлж байна гэж мэдээлсэн. Валютын урсгал ямар байгаад ямар болсон, тэр дотроо Оюутолгойн оруулж буй урсгал ямар хэмжээнд хүрснийг харж болох юм. Энэ тоон үзүүлэлтүүдийг болгоомжтой авч үзэхгүй бол зөрүү ойлголттой, тоо баримтаар зөрсөн маргааны сэдэв болох вий дээ. Мөн бодлогын залгамж чанар дээр шууд хөрөнгө оруулалт нөлөөлж байгааг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л дээ.

    Бодлогын залгамж чанараа хадгалсан, өмнөх хийж байсан зүйлд алдаа байсан бол засч залруулсан дунд хугацааны хөгжлийн төлөвлөлт их чухал юм. Бид ч бас засгийн эрхэнд байхдаа ийм санал санаачилгыг гаргаж байлаа. Хөгжлийн бодлогыг сонгуулиас сонгуульд биш дунд хугацааны, урт хугацааны хөгжлийн төлөвлөлт хийе гэдэг энэ саналыг Ерөнхий сайд та юу гэж бодож байна вэ. 100 хоногийн дотор хөрөнгө оруулалтыг шууд нэмэгдүүлээд явах боломж маш хомс, тэгээд ч зээл аваад асуудлыг шийдээд явах нь сөрөг олон зүйлийг дагуулна. Хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулан хийх бодлогыг бид барьж байсан, энэ бодлого хэрэгжих боломж байгаа юу, түүнчлэн цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тухай ямар бодлого барьж байна вэ.  Эдийн засаг унаж байгаа ч өсөлт байгаа гэж Эдийн засгийн хөгжлийн сайд мэдэгдэж байгаа. Энэ өсөлт яагаад хүн дээрээ очих, цалин хөлс тэтгэвэр тэтгэмж, халамжийн зохистой бодлого дээрээ очихгүй байна вэ, эсвэл иргэдийн шүүмжлээд байгаа томоохон компаниудад энэ өсөлт наалдаад байна уу, энэ талаар тодорхой хариултыг өгөөч гэсэн юм.

  • Сү.Батболд: Гадныхан өмнө нь хөрөнгө оруулалтын орчин их ойлгомжтой байсан гэж дүгнэж байна

    УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Асуулт асуусан гишүүдээс УИХ-ын гишүүн Сү.Батболдын үгийг хүргэж байна. 

    Сү.Батболд: 

    –    Монгол Улсын эдийн засгийн хөгжил бол бид  бүгдийн санааг зовоож буй асуудал.  Сөрөг хүчин бүх асуудал дээр эсрэг байр суурь баримталдаг гэж шүүмжилдэг ч бид болж байгаа зөв бодлогыг дэмжиж, хэлэх зүйлээ хийж, оролцох зүйлдээ оролцоод л явж байгаа. Энэ утгаараа өнөөдөр Засгийн газраас зохион байгуулсан монголын бизнесийн дээд хэмжээний уулзалтад оролцож, санал бодлоо солилцлоо. Гадны олон төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна лээ. Тэд ярихдаа өмнө нь хөрөнгө оруулалтын орчин ойлгомжтой, их өргөн хүрээтэй байсан гэж дүгнэж байна. Гэтэл сая Ерөнхий сайд мэдээлэлдээ өмнөх хөрөнгө оруулалт зөвхөн Оюутолгой дээр суурилж байсан гэж хэллээ. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны хийсэн мэдээллээр 2011,2012 онд гадаадаас орж ирсэн нийт валютын урсгалын 20-30 хувийг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлж, 2013 онд Оюутолгойтой холбоотой валютын урсгал хэдийгээр багассанч гэсэн нийт валютын урсгалын 60 хувийг эзэлж байна гэж мэдээлсэн. Валютын урсгал ямар байгаад ямар болсон, тэр дотроо Оюутолгойн оруулж буй урсгал ямар хэмжээнд хүрснийг харж болох юм. Энэ тоон үзүүлэлтүүдийг болгоомжтой авч үзэхгүй бол зөрүү ойлголттой, тоо баримтаар зөрсөн маргааны сэдэв болох вий дээ. Мөн бодлогын залгамж чанар дээр шууд хөрөнгө оруулалт нөлөөлж байгааг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л дээ. 

    Бодлогын залгамж чанараа хадгалсан ,өмнөх хийж байсан зүйлд алдаа байсан бол засч залруулсан дунд хугацааны хөгжлийн төлөвлөлт их чухал юм. Бид ч бас засгийн эрхэнд байхдаа ийм санал санаачилгыг гаргаж байлаа. Хөгжлийн бодлогыг сонгуулиас сонгуульд биш дунд хугацааны, урт хугацааны хөгжлийн төлөвлөлт хийе гэдэг энэ саналыг Ерөнхий сайд та юу гэж бодож байна вэ. 100 хоногийн дотор хөрөнгө оруулалтыг шууд нэмэгдүүлээд явах боломж маш хомс, тэгээд ч зээл аваад асуудлыг шийдээд явах нь сөрөг олон зүйлийг дагуулна. Хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулан хийх бодлогыг бид барьж байсан, энэ бодлого хэрэгжих боломж байгаа юу, түүнчлэн цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тухай ямар бодлого барьж байна вэ.  Эдийн засаг унаж байгаа ч өсөлт  байгаа гэж Эдийн засгийн хөгжлийн сайд мэдээлж байгаа.  Энэ өсөлт яагаад хүн дээрээ очих, цалин хөлс ,тэтгэвэр тэтгэмж, халамжийн зохистой бодлого дээрээ очихгүй байна вэ, эсвэл иргэдийн шүүмжлээд байгаа томоохон компаниудад энэ өсөлт наалдаад байнауу, энэ талаар тодорхой хариултыг өгөөч гэсэн юм.

    Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариулахдаа “Хөгжлийн төлөвлөлтийн хуулийг Засгийн газар дээр ярьсан. Тийм баримт бичиг хэрэггүй, харин хөгжлийн бодлогыг төлөвлөдөг, цэгцэлдэг болох хэрэгтэй гэж үзээд хуулийн төсөл өргөн барихаар шийдвэрлэсэн. Зээл аваад хөгжихгүй гэдэг таны саналтай санал нэг байна. Хөрөнгө оруулалтыг зугуухан, нэг нь том байлаа гэхэд нөгөөх нь тасралтгүй дагаж явдаг гэх мэтээр олон арга ухаан баймаар юм шиг байгаа юм. Хөрөнгийн биржийн хувьд компаниудыг нэг өдөр пад гээд хувьчлахгүй, тодорхой хэмжээгээр Хөрөнгийн биржээрээ явуулах нь зөв гэдэг бодлого барьж байгаа” гэсэн юм. 

  • Сү.Батболд: Бидний үед асуудлыг зарчмаар нь л шийдээд явдаг байсан

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ дахь намын бүлгийн гишүүд нэлээд ширүүхэн мэтгэлцээд авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Сү.Батболд  “МАН төр барьж байхдаа ч, Засгийг тэргүүлж байхдаа ч сөрөг хүчний  горимын  саналыг зарчмаар  нь шийдээд явдаг байсан. Гэтэл одоо байдал ямар байгааг өнөөдрийн чуулганы хуралдааны жишээ бэлээхэн харуулж байна.  МАН-ын бүлгийн дарга, бүлгийн гишүүд горимын санал тавиад байхад өөрсдийн баримталж буй байр сууриар тайлбар хийгээд явчихлаа шүү дээ. Ардчиллаа хөгжүүлье гэж аман дээрээ ярьдаг ч ачир дээрээ сөрөг хүчнээ нам дарчих гээд л байна.  Олонхиороо асуудлыг түрж, богино хугацаанд шийддэг, өөрсдөд нь таалагдаагүй зүйлээ дардаг, дуугарах юм бол танхимын нөгөө талаас зэрэг хашгиралдаж, хуралд даргалагч давуу эрхээ эдэлж микорофон хаах зэргээр өнөөдрийн чуулганы хурал явагдлаа. Сөрөг хүчин нь өөрсдийн байр сууриа зарчмаар нь, горимоор нь тавих гэхээр боомилдог. Энэ зүйл өнөөдөртөө асуудлыг шийдээд байгаа мэт боловч улс орны хөгжлийн асуудал, эдийн засгийн хямралд энэ нь  уршгийг улам л дагуулж байна. Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг хойшлуулж, хугацааг нь бүр тодорхойгүй болгож хаялаа.  Бидний үед лав ийм зүйл байсангүй. Хамтарсан Засгийн газрын үед ч, манай Засгийн газрын үед ч бид асуудлыг зарчмаар нь л явуулдаг байсан.  Хэрэв яг өнөөдрийнх шиг  бид та нарт хандсан бол юу болох байсан бол, хачин л юм болох байсан даа” гэв.  

  • Сү.Батболдын хүү Харвардын бизнесийн сургуулийг төгссөн анхны монгол оюутан болов

    УИХ-ын гишүүн Сү.Батболдын том хүү Б.Баттүшиг Харвардын бизнесийн их сургуулийг төгссөн тухайгаа өөрийн твиттер хуудаснаа бичжээ. Тэрбээр тус сургуульд мастер хамгаалсан анхны монгол оюутан болсон байна. Сонирхуулахад УИХ-ын гишүүн Сү.Батболд 1990 онд Лондон хотын бизнесийн удирдлагын их сургуулийг төгссөн анхны монгол оюутан болж байжээ. Харин энэ удаа хүү нь Харвардын бизнесийн их сургуульд мастераа хамгаалсан монгол оюутнуудын анхдагч болж байгаа нь энэ аж. 

  • Сү.Батболд: ”Чалко”-гийн гэрээг засаад явах боломж Засгийн газарт байгаа

    Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганаар  2014 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Батболдын хэлсэн үг олны анхаарлыг ихээхэн татлаа.  

    Тодруулбал тэрбээр “Биднийг Засаг барьж байх үед янз бүрээр хардаж сэрдэж байсан.  Ялангуяа Тавантолгой дээр хийгдсэн “Чалко”-гийн гэрээ бол үүний хамгийн том жишээ.  Хардах эрх та бүхэнд бий.   Гэрээ хэлэлцээ дутуу хийгдсэн, үнэ ханш нь бага гээд л янз бүрээр шүүмжилж байлаа. Түүнийг сайжруулах үүрэг нь Засгийн газарт  бий шүү дээ. Бид ч гэсэн Оюутолгойн гэрээн дээр гарсан алдаа дутагдлыг сайжруулаад  явж байсан түүх бий. Аливаа юмны оношийг зөв тавибал эмчилгээ зөв хийгддэг. Энэ Засгийн газар Чалкогийн гэрээг дахин ярина гээд ачилтыг нь хэдэн сараар зогсоосон. Үр дүнд нь зээл нь буураагүй. Тэр үед үнэ ханш нь ч бас гайгүй байсан байх. Энэ хохирлыг тооцож үзсэн үү, өөрөөр хэлбэл Чалкогийн гэрээг маргааны сэдэв болгосон хохирлыг тооцож үзсэн үү. Алдаатай байсан уу, үгүй юу гэдэг дээр намуудын төлөөлөл орсон ажлын хэсгийг УИХ-ын дэргэд байгуулж дүгнэх хэрэгтэй юм. Хоёрдугаарт ДНБ-ийн өсөлтийн хурдац 2012 оноос эхлэн буурч байгаа бөгөөд 2014 оны  эхний улирлын гүйцэтгэл цаашдын төлөв байдлаас харахад өнгөрсөн хоёр жилийн дунджаас ч дахин буурч болзошгүй байна гэж та бүхэн танилцуулгадаа дурьджээ. Үүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ” хэмээн Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяраас асуулаа. 

    Эдийн засгийн хөгжлийн сайд хариуд нь “Чалкогийн гэрээний хувьд таны хэлсэнтэй санал нэг байна. Хоёр намын бүлгээс хамтарсан  ажлын хэсэг гарч, энэ асуудлыг дотооддоо нэг шийдэлд хүрч хаах хэрэгтэй. Хий хоосон зүйл дээр маргаад яах вэ дээ гэсэн хариулыг өгсөн юм. 

    Харин түүнийг хариултыг сонсоод С.Батболд гишүүн “Хэдэн  сар ачилтаа зогсоочихоод бүх бурууг Өмнөх Засгийн газрын алдаа гэсэн. Одоо харин дөнгөж ойлгоод хамтарч шалгая гэж  байгаа нь нэг талаар харамсалтай. Нөгөө талаар оройтсон ч гэлээ ийм шийдвэрт хүрч байгаа нь сайн хэрэг. Энэ асуудлыг дотроо яриад шийдчих юмсан гэж Уул уурхайн Сайд Д.Ганхуяг өглөөний чуулган дээр ярьж байсан. Уг нь ийм боломж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байсан юм шүү дээ” гэсэн юм.