Ангилал: үйл-явдал

  • Сү.Батболдын зөвлөгөө

    МАН-ын экс дарга, УИХ-ын гишүүн Сү.Батболд өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Зоригтоос асуулт асуух үеэрээ эрх баригч хүчинд зөвлөгөө өгч зангараг заав.

    Тэрээр “Аль ч нам Засгийн эрхэнд  гарсан  улс орныхоо хөгжлийн бодлогыг тууштай, тогтвортой урт хугацааны баримтлал, чиг хандлагатай байлгая гэж боддог. Бид ч мөн адил энэ бодлогыг барьсаар ирсэн.  Сөрөг хүчин л гэсэн шиг бүх зүйлд сөрөг байдаг гэж биднийг шүүмжилдэг ч улс орныхоо эрх ашгийг хөндсөн асуудал дээр бид харин саналаа нэмэрлэж, ярилцах ёстой юм. Тунхаглал, хүсэл мөрөөдлийн жагсаалт,  үндэслэлгүй тоо гаргаж дугуйг дахин бүтээх хэрэггүй.  Улс орны хөгжлийн макро  эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд, хүний хөгжлийн томоохон индексүүд,  бусад улс оронтой харьцуулсан харьцуулалт гэх мэт тодорхой хэдэн үзүүүлэлтээр дүгнэдэг ийм систем рүү орох ёстой юм. Үе үеийн Засгийн газруудынхаа үйл ажиллагааг ч ингэж дүгнэдэг болох хэрэгтэй. Ингэж байж Засгийн газрын бодлого нь тогтвортой, хэмжүүртэй болж үр дүнг нь ч дүгнэхэд хялбар. Эдийн засгийг эрчимжүүлэх  төлөвлөгөө энэ агуулгад нийцэж  чадаж байна уу, УИХ-ын бусад гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдтэй хэр уялдаж өгч байгаа вэ” гэсэн юм.

    Үүнд УИХ-ын гишүүн Д.Зоригт  “Эдийн засгийг эрчимжүүлэх энэ төлөвлөгөөндөө бид дөрвөн зорилт тавьж байгаа. Хөгжлийн төлөвлөлт нь сонгуулийн амлалтад өртөмтгий, савладаг. Энэ төлөвлөгөөгөөр тэр савалгааг алга болгоно гэж бодож байгаа. Өргөн  утгаараа олон улсын жишигт нийцүүлсэн тэдний туслалцаа дэмжлэг авсан ийм төлөвлөгөө болсон” гэж хариулна билээ.

  • Сү.Батболд: Дугуйг дахин бүтээх хэрэггүй

    Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар сайд нарын  “давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Аливаа хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд гишүүд шинээр санал дэвшүүлж мэтгэлцдэг зарчимтай. Ингээд гишүүдийн юу ярьсныг товчлон хүргэе. 

    Сү.Батболд: Тогтвортой, мэдлэгтэй, ойлгомжтой байх ёстой гээд л та бүхэн ярилаа. МАН ийм л байр суурь дээр байгаа.  Бид сонгуульд үнэмлэхүй ялсан ч гэсэн ярилцаж, хэлэлцэж л ирсэн. Одоо олонхи болсон та бүхэн биднийг байнга л дайрсан, загнасан байдалтай байх юм. 

    Сөрөг хүчнээ байнгын хорооддоо тэгш хувиарлаач. 20 гаруй гишүүнтэй байх ёстой байнгын хороон дээр бид гурвуулаа л сууж байна шүү дээ. Хууль номоороо бол энд бид 3/1 болоод сууж байх учиртай. Парламентын туршлага мэдлэг, сөрөг хүчнийг зохих ёсоор нь ажиллууулах тэр  ардчиллын хуулиа яагаад энд мөрдөхгүй байгаа юм.  Юм ярих гэхээр мөн чанар л гэх юм. Бидний мөн чанар арай өөр. Улс орны нийгмийн хөгжлийг урагшлуулахын төлөө ярьдаг. Одоо эдийн засгийн байдал ямар байгаа билээ, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унасан, аж ахуйн нэгжүүд  үүдээ хааж байгаа  гээд энэ талаар ярих олон асуудал бий. Үүнийг ярих, гарцыг олохын төлөө л байгаа.  Та бүхэн харин улс төрийн  үүсээд байгаа нөхцөл байдлаа олуулаа шийдэхгүй удаад байгаа биз дээ.   Одоо орж ирсэн саналаараа саналаа хураагаад улс төрийн энэ гацаатай байдлаа шийдье. 

  • Сү.Батболд: Бид үргэлж зөвшилцөж ирсэн

    Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар сайд нарын  “давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Аливаа хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд гишүүд шинээр санал дэвшүүлж мэтгэлцдэг зарчимтай. Ингээд гишүүдийн юу ярьсныг товчлон хүргэе. 

    Сү.Батболд: Тогтвортой, мэдлэгтэй, ойлгомжтой байх ёстой гээд л та бүхэн ярилаа. МАН ийм л байр суурь дээр байгаа.  Бид сонгуульд үнэмлэхүй ялсан ч гэсэн ярилцаж, хэлэлцэж л ирсэн. Одоо олонхи болсон та бүхэн биднийг байнга л дайрсан, загнасан байдалтай байх юм. 

    Сөрөг хүчнээ байнгын хорооддоо тэгш хувиарлаач. 20 гаруй гишүүнтэй байх ёстой байнгын хороон дээр бид гурвуулаа л сууж байна шүү дээ. Хууль номоороо бол энд бид 3/1 болоод сууж байх учиртай. Парламентын туршлага мэдлэг, сөрөг хүчнийг зохих ёсоор нь ажиллууулах тэр  ардчиллын хуулиа яагаад энд мөрдөхгүй байгаа юм.  Юм ярих гэхээр мөн чанар л гэх юм. Бидний мөн чанар арай өөр. Улс орны нийгмийн хөгжлийг урагшлуулахын төлөө ярьдаг. Одоо эдийн засгийн байдал ямар байгаа билээ, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унасан, аж ахуйн нэгжүүд  үүдээ хааж байгаа  гээд энэ талаар ярих олон асуудал бий. Үүнийг ярих, гарцыг олохын төлөө л байгаа.  Та бүхэн харин улс төрийн  үүсээд байгаа нөхцөл байдлаа олуулаа шийдэхгүй удаад байгаа биз дээ.   Одоо орж ирсэн саналаараа саналаа хураагаад улс төрийн энэ гацаатай байдлаа шийдье. 

  • ЯАМДЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫГ ТОМИЛЛОО

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр болж яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон зарим агентлагийн дарга нарыг томиллоо. Засгийн газар төрийн ажлыг тасралтгүй, жигд явуулах үүднээс Төрийн албаны зөвлөлөөс санал болгосон нэр бүхий хүмүүсийг ийнхүү ээлжит бус хуралдаанаасаа ажилд нь томилсон байна.

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Бадамждоржийн Батхишигийг Гадаад харилцааны яамны, Намжилын Түмэндэмбэрэлийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо. Түүнчлэн Лувсандагвын Амарсанааг Засгийн газрын тохируулагч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын, Пүрвээгийн Дэлгэрнаранг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто тээврийн газрын даргын албан тушаалд томиллоо. Дээрх хүмүүсийг тухайн ажлыг хариуцах чадвар, ажлын туршлагыг нь харгалзан томилсон байна.

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг

    1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973 онд 10 жилийн сургууль, 1979 онд ЗХУ-ын Ленинград хотын Их сургууль төгссөн. Олон улсын эдийн засагч мэргэжилтэй. Тэргүүн шадар дипломат болон доктор, дэд профессор цолтой. УБДС-д багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого судлах төв, Нийгмийн ухааны институтэд Эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, МАХН-ын Төв хорооны дэд дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, БНБУ-д суух Элчин сайд, Гадаад харилцааны яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан. Төрийн албанд 33 жил ажиллаж байгаа юм.

    Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл

    1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1977 онд 10 жилийн сургууль, 1985 онд ЗХУ-ын Ленинград хотын Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2001-2002 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, төгссөн. Улс ардын аж ахуйн төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй. Доктор. МАХН-ын Төв хорооны Сэтгүүлүүдийн нэгдсэн редакцид утга зохиолын ажилтан, “Боловсрол” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Прогноз” төвийн дэд захирал, МАХН-ын Удирдах зөвлөлд Сан хөрөнгө эрхлэх газрын дарга, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ОХУ-ын Улаан-Үд хотод суух Ерөнхий консул, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн дэд захирал, Эрүүл мэндийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 26 жил ажиллаж байна.

    Бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаа

    1953 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1971 онд 10 жилийн сургууль, 1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1991 онд Москва хотын Нийгэм, улс төрийн дээд сургууль төгссөн. Барилгын инженер-эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй. Дархан хотын Байшин үйлдвэрлэх комбинатад эдийн засагч, комбинатын дарга, Дархан хотын Барилгын үйлдвэрлэлийн нэгдлийн дарга, Дархан хотын АДХГЗ-ны дарга, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, МАХН-ын нарийн бичгийн дарга, БНХАУ-д суух Элчин сайд, МАХН-ын Ажлын албаны дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Төрийн албанд 21 дэх жилдээ ажиллаж байгаа юм.

    Авто тээврийн газрын дарга П.Дэлгэрнаран

    1964 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1983 онд 10 жилийн сургууль, 1989 онд ЗХУ-ын Москва хотын Цэргийн улс төрийн дээд сургууль, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн. Ерөнхий цэргийн офицер, хуульч мэргэжилтэй. Талх, чихрийн үйлдвэрийн ХЗЭ-ийн хорооны дарга, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны дэд дарга, хотын Залуучуудын холбооны тэргүүн, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, УИХ дахь МАХН-ын бүлэгт референт, “Прогноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан,  Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн Өмчийн газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, “Автобус-3” компанийн захирал, Авто тээврийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Төрийн албанд 10 жил ажиллаж байгаа юм.

  • ЗАСГИЙН ГАЗАР САНХҮҮГИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

    ~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Засгийн газар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын таатай нөхцөл олгохыг зорьж татвартай холбоотой хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан, нүүрсний 20 хоногийн аюулгүйн нөөц бүрдүүлэх хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн, Иргэний үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсэг байгуулсан зэрэг нь онцлох сэдэв байлаа ~


    Засгийн газрын хуралдаанаар “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийн нэгдүгээр шатны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хэрэгжилттэй танилцаад,  ажлаа эрчимжүүлэхийг сайд нар болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд даалгалаа. 2011-2013 онд хэрэгжих Үндэсний стратегийн нэгдүгээр шатанд 36 ажил хийхээр тусгасан бөгөөд 2011 онд хэрэгжүүлэх 12 ажил дунджаар 51 хувийн биелэлттэй байгаа нь хангалтгүй гэж Ерөнхий сайд үзэн ийм үүрэг өгсөн байна.

    Засгийн газар сүүлийн гурван жил төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, тодорхой судалгааны үр дүнд татвартай холбоотой хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Ерөнхий сайд С.Батболдоос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болов.

    Ингэснээр Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг дээшлүүлэх, орлого нь тодорхой бус болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын таатай нөхцөл, хөнгөлөлт үзүүлэх асуудал хүчтэй яригдаж эхэллээ. Энэ тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ онцлов. Хэрэв тухайн аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн орлогын дүн  50 сая төгрөгөөс дотогш байвал “НЭГ” хувийн татвар төлж байхаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд тусгасан гэж сайд хэллээ.

    Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргагч аж ахуйн нэгж, иргэний татвар ногдох орлогын хэмжээ 10 сая төгрөг байвал татвар төлөгчөөр бүртгэгддэг бол үүнийг 50 сая төгрөг болгохоор тусгажээ. Мөн орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй бизнес эрхлэгчдээс авдаг татварын хувь, хэмжээг тодорхой хязгаарт өөрчлөх эрхийг орон нутагт олгохоор хуулийн төсөл боловсруулсан байна.

    Засгийн газар ийнхүү санхүүгийн шинэчлэлийг эхлүүлж байгаа бөгөөд цаашид улсын хэмжээнд санхүүгийн эрх чөлөө олгох /өршөөл/ ажлыг эхлүүлж, санхүүгийн бүртгэлийн тайлан тооцоог нэг мөр цэгцтэй, шударга явуулах нь зүйтэй гэж сайд Т.Бадамжунай хэлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД АХАЛНА

    Монгол Улсын иргэний үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор ахлуулан байгууллаа. Харин аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо бүрт тухайн шатны Засаг дарга Ажлын хэсгийг ахлах болжээ. Иргэний үнэмлэх нь УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтад зайлшгүй хэрэгтэй төдийгүй сонгуулиас өмнө үнэмлэхийг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд төрийн болон орон нутгийн байгууллагын дэмжлэг туслалцаа, оролцоо шаардлагатай учир Засаг дарга нарыг тухайн орон нутаг дахь Ажлын хэсгийн ахлагчаар томилсон байна.

    Үнэмлэх олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг Ажлын хэсгийн ахлагч нарт даалган, иргэний үнэмлэхний олголтын талаар 6 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг сайд Ц.Нямдоржид үүрэг болголоо. Иргэний үнэмлэхийг 496 нэгжээр дамжуулан шууд олгохоор төлөвлөөд байна. Үнэмлэх хэвлэх байр, тоног төхөөрөмж бэлэн болсон бөгөөд нууцлал бүхий бэлдэцийг 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 5 дугаар сарын 29-ний хооронд Финлянд Улсаас авчирна. Энэ дагуу үнэмлэхийг 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 6 дугаар сарын 11 хүртэл хугацаанд тасралтгүй хэвлэж, иргэдэд тараах юм. Иргэний үнэмлэх нэг удаа олгоход шаардагдах хураамжийг иргэдээс авахгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    “НҮҮРСНИЙ АЮУЛГҮЙН НӨӨЦ” БҮРДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ТӨСВИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

    Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах, өр авлагыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт зориулж 7 тэрбум 305 сая 800 мянган төгрөгийн төсвийн зээл олгохыг Сангийн сайд Д.Хаянхярваад Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. Олгосон зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, энэ онд багтаан бүрэн буцаан төвлөрүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгажээ.

    “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг өвлийн оргил ачааллын үед 20 хоногийн нөөцтэй байлгахаар тооцсон байна. Зээл нь станц, уурхайнууд хооронд өр авлага үүсгэхгүй байх, хуримтлагдсан өр авлагыг бууруулах, эдийн засаг, санхүүгийн чадавхийг нь дээшлүүлэхэд дэмжлэг болох учиртай юм. Түүнчлэн уурхайнууд энэ оны 2 дугаар улиралд хийхээр төлөвлөсөн уулын тоног төхөөрөмж, технологийн автомашин, механизмуудын засвараа хугацаанд нь гүйцэтгэх боломж бүрдэж, нүүрсний нөөц бэлдэх тээврийн хэрэгслүүдийн найдвартай байдал ч бий болно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР 82 ХУВЬТАЙ БАЙНА

    Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2011 оны байдлаар 82 хувьтай. Зарим зорилтын энэ онд хүлээгдэж байгаа үр дүнг тооцож үзэхэд эхний хагас жилийн байдлаар 87 орчим хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцууллаа. Засгийн газар 2010 онд санхүү, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, үр дүнд нь бий болсон олон эерэг үзүүлэлтийг тогтворжуулан, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх эдийн засаг, хөрөнгө, санхүүгийн үндэс сууриа бэхжүүлж чаджээ.

    Тэгвэл өнгөрсөн онд нэн тэргүүнд макро эдийн засгийн өсөлтийг хангах, дэд бүтэц, бүтээн байгуулалт, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих замаар эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлжээ. Энэ ололт амжилтдаа тулгуурлан ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах, иргэдийн бодит орлогыг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхэд, залуус, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын заримынх нь үр дүн гарч байгааг сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдлаа.

    Түүнчлэн 2011 он  тодорхой хугацааны дараа үр дүн нь мэдэгдэх олон ажлыг эхлүүлж, хэрэгжих эх суурийг нь тавьсан жил болсон байна. Цаашид Дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэр, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, аймгуудын онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн жижиг, дунд үйлдвэр, Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, газрын тос боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж, шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангаж эхлэх, нөөц нь тогтоогдсон стратегийн зарим ордыг эргэлтэд оруулах зэрэг зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг сайтар нягтлан, сайд нараас гаргасан саналыг тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Шүүхийн тухай, Онц байдлын тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
    • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан төмөр замын талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг сайд Ц.Дашдоржид даалгалаа. 
    • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3 дахь заалтад “химийн хорт” гэсний өмнө “тэсэрч дэлбэрэхээс бусад” гэж, 15 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 4 дэх заалтад “тэсэлгээний хэрэгсэл” гэсний дараа “импортлох, экспортлох, худалдах” гэж нэмэхээр төсөлд тусгажээ. 
    • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг томиллоо. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, боловсрол, хил орчим, бүс нутгийн харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй энэ комиссын хуралдааныг жил бүр хоёр улс ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд 16 дугаар хуралдаан энэ жил Улаанбаатар хотноо болох юм.
    • Шинжээч эмч, криминалистик, шүүх эмнэлэг болон шинжилгээний лабораторийн шинжээч, бага эмч, эхо-рентген эмч, лаборант, туслах ажилтан нарын онцгой нөхцлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар бодож олгоно. Мөн эдийн засгийн шинжээч, галт зэвсэг, гар, мөрний сангийн ажилтан, санч, оператор, өнгөт гэрэл зураг, дүрс бичлэгийн лабораторийн эрхлэгч, шуурхай албаны жолооч, жижүүр нарт 15 хувь, захиргаа, санхүү, аж ахуйн ажилтан болон бусад албан хаагчдад 10 хувь байхаар тооцон олгох болов. Шүүх шинжилгээний ажилтнууд нь өдөрт зөвхөн цогцосноос ялгарах 22 төрлийн хорт бодисоор амьсгалж, эд эс, хими, биологи, физик, криминалистикийн лабораторид олон төрлийн хорт бодис, урвалжтай цаг тутам харьцдаг нь эрүүл мэндэд нь хортойгоор нөлөөлдөг байна.
    • Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Б.Буянжавт Бригадын генерал цол хүртээлгэхийг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.
  • ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

    ~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр болов. УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсантай холбогдуулан төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, доод жишгийг тогтоон, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны жагсаалтыг баталсан, нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг өөрчилж нэмсэн зэрэг нь онцлох шийдвэр байлаа ~

    Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн баталлаа. Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэх хугацааг наашлуулж энэ оны 02 дугаар сарын 01, 05 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон нэмэхээр тохиролцсон юм. УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан билээ.

    Энэ дагуу төрийн албан хаагчдын цалинг 02 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр, 05 дугаар сарын 01-ний өдрөөс 23 хувиар нэмэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 630 мянган төгрөгт хүрч байна. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллаганы мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу төрийн албан хаагчдын цалинг 2008 онд 20 хувиар, 2010 онд 30 хувиар нэмсэн бөгөөд өнгөрсөн оны байдлаар дундаж цалин 410 мянган төгрөг байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

     

    НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨВ

    Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс сард 70 мянган төгрөгөөр, 05 дугаар сарын 01-ний өдрөөс 103 мянга 600 төгрөгөөр тогтоон мөрдөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 2008 оныхоос 2,5 дахин нэмэгдэж байна. Түүнчлэн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг энэ оны 02 дугаар сарын 01-нээс сард 40 мянга, 05 дугаар сарын 01-нээс сард 48 мянган төгрөгөөр тогтоон мөрдөх болов.

    Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ одоогоор 53 мянга 800 төгрөг байгаа нь бүсүүдийн дундаж хүн амын амьжиргааны доод түвшнээс 50 орчим хувиар бага байгаа юм. Энэ тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд гээд 52 мянга орчим хүн авдаг байна.

    Тэгвэл байнгын асаргаатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 27 мянга орчим иргэнд олгодог 31 мянга 200 төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг  05 дугаар сарын 01-нээс 48 мянган төгрөгт хүргэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙГ 35 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЛЭЭ 

    Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг 35 мянган төгрөгөөр нэмэн энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож олгохыг Засгийн газрын хуралдаанаас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон Сангийн сайд нарт даалгалаа. Ингэснээр 318,2 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр нэмэгдэж байгаа бөгөөд дундаж тэтгэвэр 27,8 хувиар нэмэгдэж 162 мянган төгрөг болж байна. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 140 мянга 300 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 105 мянга 200 төгрөгөөр шинэчлэн тогтоож 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр болсон байна.

    Харин 05 дугаар сарын 01-нээс дахин нэмснээр тэтгэвэр энэ онд 53,8 хувиар, 2008 оныхоос 2 дахин нэмэгдэнэ. Гэхдээ тэтгэврийг 5 дугаар сарын 01-нээс нэмэх үед эрх зүйн зарим өөрчлөлт гарч болзошгүй байгаа юм. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг НХХЯ дахин оруулж хэлэлцүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БАРИГДАХ ОРОН СУУЦНЫ ЖАГСААЛТЫГ БАТАЛЛАА

    “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын хоёрдахь ээлжийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Нэгдэх жагсаалтад 79 мянган орон сууцны барилга байсныг 44 мянга 700-гаар нэмж 124 мянга орчим болголоо. Ингэснээр иргэд одоо баригдаж байгаа эдгээр орон сууцнаас сонголт хийх боломжийг Засгийн газар олгож байна. Жагсаалтад өнөөдөр нэмж орсон 44 мянга 700 орон сууцны 50 гаруй хувь нь Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор гаргасан журамд заасны дагуу 55 метр.квадрат хүртэл талбайтай орон сууц юм.  

    Жилийн 6 хувийн хүүтэй зээлээр иргэдийг орон сууцтай болгох энэ хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжинэ. Хоёрдахь жагсаалтад орсон орон сууцны барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    БНХАУ-ЫН БАНКНААС 200 САЯ  ХҮРТЭЛ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВНА

    Төрийн албан хаагчдын орон сууцны хороолол барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “Экспорт, импорт” банктай 200 сая ам.доллар хүртэлх дүнгээр зээлийн гэрээ байгуулахыг Хөгжлийн банкинд зөвшөөрөв. Зээлийн хөрөнгөөр төрийн албан хаагчдын орон сууцны хороолол, хотхон байгуулах барих ажлыг зохион байгуулж, гэрээний хэрэгжилт, барилгын ажлын явцыг улирал тутам Засгийн газарт танилцуулж байхыг салбарын сайд, банкны удирдлагад даалгалаа. Түүнчлэн зээлийн нийт дүнгийн 15 хувьтай тэнцэх хөрөнгийн санхүүжилтийг барилгажилтын хугацаанд төсөвт жил бүр тусган шийдвэрлэж байх боллоо.

    Энэ зээл нь 15 жилийн хугацаатай, жилд лебор+1 хувийн хүүтэй, эхний 3 жилд зээл, зээлийн хүүгийн төлбөр хийгдэхгүй бөгөөд   зээлд хамрагдахаар БСШУЯ, БХЯ, ХЗДХЯ-наас 6285 айлын орон сууцны захиалга ирүүлээд байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр БСШУЯ, Сангийн яам болон БНХАУ-ын “Экспорт, импорт” банк хооронд “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл” болон ”Багш нарыг хямд өртөгтэй орон сууцаар хангах” төслийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр “Хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан байна. Төсөлд “Зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болно” гэж тусгасан нь Үндсэн хуульд заасан “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасныг хэт явцууруулсан шинжтэй байна гэж үзлээ. Мөн энэ асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачилсан бөгөөд төслийг хэлэлцэх явцад Ерөнхийлөгчийн саналыг  хамтад нь авч үзэх боломжтой гэдгийг уламжлахаар боллоо.
    • Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах тухай УИХ-ын гишүүн Х.Баттулга нар хуулийн төсөл санаачилсан. Энэ нь “Хүнийг үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн Үндсэн хуулийн заалттай нийцэхгүй байна гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Түүнчлэн УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх 6 сарын дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах буюу нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох хуультай тул дэмжих боломжгүй хэмээн хууль санаачлагч нарт уламжлахаар боллоо.
    • УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэв. Нийгмийн даатгалыг сангууд, үүний дотор тэтгэврийн сан нь иргэн өөрийн ирээдүйн нийгмийн баталгаанд зориулан урьдчилан төлсөн шимтгэлээс бүрддэг бөгөөд тухайн үедээ төлж чадаагүй шимтгэлийг нөхөн төлүүлэх нь даатгалын үндсэн зарчимтай нийцэхгүй байгаа тухай хууль санаачлагчид уламжлахаар боллоо. Түүнчлэн холбогдох хуульд заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй 60 ба түүнээс дээш насны эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэйд нийгмийн халамжийн тэтгэвэр олгох хууль 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Энэ хуулийн дагуу тэтгэврийн насны бүх өндөр настан тэтгэвэр авах эрх зүйн орчин бүрдэж байгааг анхаарахыг ч уламжилсан байна.
    • “Орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлсэн дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Үүнтэй холбогдуулан орон нутагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө иргэдээр урьдчилан хэлэлцүүлж сонголт хийж байх журам, аргачлал батлан хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөж, Засаг дарга нарт үүрэг болголоо. .
    • Энэ сарын 06-ны байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 28 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Эдгээрээс А-80 автобензин 30, АИ-92 автобензин 36, дизелийн түлш 16 хоногийн нөөцтэй байгаа тухай мэдээ гарчээ. Урд саруудын байдлаас харахад үлдэгдэл нөөцийн хэмжээ дунджаар 15 хоногоор илүү байгаа бөгөөд энэ нь газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангалттай гэсэн үг юм. Шатахууны үнэ 1 дүгээр сартай харьцуулахад 120-140 төгрөгөөр буурсан байна.
  • Цалин, тэтгэвэр тэтгэмж 2-3 дахин нэмэгдлээ

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлын талаар өөрийн биеэр мэдээлэл өглөө. Гүйцэтгэх засаглалын тэргүүн энд гурван чухал асуудлыг онцлов. Юуны өмнө Засгийн газар цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2-3 дахин нэмж, дэвшүүүлсэн зорилтоо шийдэж  чадлаа гэдгийг мэдээллийн эхэнд тэмдэглэлээ.

    Засгийн газраас төсвийн тодотголоо УИХ-д оруулж шийдвэрлүүлснээр төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд буюу 2 дугаар сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр, дараагийн ээлжинд буюу 5 дугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэхээр Засгийн газар шийдвэр гаргасныг  дурьдлаа. Ингэснээр дундаж цалин 2008 онд 300 мянган төгрөг байсан бол, 2011 онд 410 мянган төгрөг, 2012 оны хоёрдугаар сарын 1-нээс ийнхүү 630 мянган төгрөг болж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө цалин, тэтгэвэрийг нэмэх зорилт тавин ажиллаж, үүний үр дүнд 2008 онд 20 хувиар, 2010 онд 30 хувиар нэмэгдэж байна. 

     

    Харин тэтгэврийн хувьд нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэрийн хэмжээг 35 мянган төгрөгөөр нэмснийг Засгийн газрын тэргүүн мэдээлж байна. Ингэснээр нийт 318.2 мянган  тэтгэвэр авагчийн тэтгэвэр 27.8 хувиар нэмэгдэж 162 мянган төгрөг болж байгаа ажээ. Ирэх тавдугаар сарын 1-нээс мөн нэмэгдэх бөгөөд энэ онд тэтгэвэр авагчдын тэтгэвэр 53.8 хувиар буюу 2008 оныхоос хоёр дахин нэмэгдэж байна. Түүнчлэн Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа бүрэн тэтгвэрийн доод хэмжээг 140 мянга 300 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 105 мянга 200 төгрөг болгон шинэчилснийг Ерөнхий сайд энд дурьдлаа. 

    Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг хоёрдугаар сарын 1-нээс 30 хувь буюу 70 мянган төгрөгөөр, ирэх тавдугаар сарын 1-нээс 48 хувиар нэмж 103 мянга 600 төгрөг болж байна. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 2008 оныхоос 2.5 дахин нэмэгдэж байгаа юм.  Мөн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг хоёрдугаар сарын 1-нээс 40 мянга, тавдугаар сарын 1-нээс 48 мянган төгрөгөөр нэмэх юм байна. Үнэ ханш, инфляцыг хөөрөгдөхгүйгээр энэ ажлыг хэрэгжүүлж ажиллахыг  Сангийн яаманд өгөөд байгаагаа ч Засгийн газрын тэргүүн дурьдлаа.

    Ерөнхий сайдын онцолсон дараагийн сэдэв нь “ 100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн тухай байлаа.

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тус хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвд баригдах орон сууцны барилга, хотхон хорооллын хоёр дахь ээлжийн жагсаалтыг баталсныг энд онцоллоо. Өөрөөр хэлбэл өмнөх жагсаалтад 79 мянган орон сууцны барилга байсныг 44700-гаар нэмж 124 мянга болгосон аж. Ингэснээр иргэд одоо баригдаж байгаа эдгээр орон сууцнаас сонголт хийх боломжийг Засгийн газар ийнхүү олгож байгаа юм. Нэмж орж байгаа 44700 орон сууцны 50 гаруй хувь нь Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор гаргасан журамд заасны дагуу 55 метр квадрат хүртэл талбайтай орон сууц байх ажээ. Засгийн газраас 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан нь ч энэ хөтөлбөртэй салшгүй холбоотой гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн энд онцлоод, зорилтот бүлэг рүү чиглэсэн бодлогууд гарч байгааг ч тэмдэглэсэн юм. Тухайлбал ийм чиглэлийн 130 мянган өрх анхааралд байгааг онцоллоо. 

    ‘Мөн дараагийн сэдэв нь Хөгжлийн банк үнэт цаас гаргасан тухай мэдээлэл байв.  10 сарын өмнө үүдээ нээж байсан тус банк өнөөдөр олон улсын санхүүгийн зах зээлд 5 жилийн хугацаатай 580 сая ам.долларын үнэт цаас гаргаж, Монгол улс жишиг хүүгийнхээ түвшинг амжилттай тогтоосон явдал юм. Хөгжлийн банкны энэхүү үнэт цаас нь 5.75 хувийн хүүтэй байх ажээ. 300 гаруй хөрөнгө оруулагчдаас  6.25 тэрбум ам.долларын захиалга авч, энэ нь гаргах хэмжээнээс 12 дахин их байсан  төдийгүй олон улсад нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн мэдээллийн агентлагууд Хөгжлийн банкны үнэт цаасны энэхүү арилжааг сүүлийн жилүүдэд хийгдсэн хамгийн амжилттай арилжаа хэмээн онцолсныг мэдээлийн үеэрээ Ерөнхий сайд С.Батболд дурьдаж байлаа.

    Манай улстай ойролцоо ижил зэрэглэлтэй  Шриланк улсын Засгийн газар 2007 онд 8.25 хувийн хүүтэй, Вьетнам улсын Засгийн газар 6.75 хувийн хүүтэй, Филиппин улсын Засгийн газар 8.75 хувийн хүүтэйгээр зах зээлд анх удаа үнэт цаасыг гаргаж байсантай харьцуулахад Монгол улсын Хөгжлийн банкнаас гаргасан энэхүү үнэт цаас нь гадаадын хөрөнгө оруулагчдаас хүлээлгэж буй итгэл  хэмээн харж болох юм. Ийнхүү үнэт цаас гаргаснаар томоохон бүтээн байгуулалтууд болох шинэ төмөр зам, авто зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөртэй холбоотой төслүүдийн санхүүжилт хийх бололцоотой болж байгаа ажээ.  Чухам ямар төслүүдийг, яаж санхүүжүүлэх талаар ирэх долоо хоногт Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэж, иргэддээ нээлттэй мэдээлэх болно гэдгээ Ерөнхий сайд  дурьдлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Угсаа залгамжлах эрхэм дээд Хун тайжид бараалхлаа

    Япон улсын Засгийн газрын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэргий Х.Отгонтуяагийн хамт гуравдугаар сарын 12-ны энэ өдөр Япон улсын залгамжлах эрхэм дээд Хун тайж Нарухитогийн өргөөнд зочилж, түүнд бараалхлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд болсон байгалийн гамшгийн үеэр олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсанд эмгэнэл илэрхийлээд Японы ажилч хичээнгүй ард түмэн сэргээн босголтыг богино хугацаанд хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Мөн эл гамшигт өртөж амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаанд Монголын ард түмнийхээ халуун сэтгэлийн  илэрхийлэл болж оролцохоор албан ёсны айлчлалаасаа нэг өдрийн өмнө ирсэн гэдгээ тодотголоо.


    Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэхүү найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Эрхэм дээд Хун тайж ихээхэн анхаарч, хувь нэмрээ оруулж байдагт Ерөнхий сайд талархаад хоёр орон стратегийн түншлэлээ бодитоор хөгжүүлэх суурийг тавьсан айлчлал болж байгаад  баяртай байгаагаа илэрхийллээ. Эрхэм дээд Хун тайж Нарухито 2007 онд манай улсад айлчилж, монголчуудын ахуй амьдрал, соёл зан заншилтай танилцсандаа сэтгэл хангалуун байдгаа энэ  үеэр илэрхийлээд монгол орны цаг агаар, мал сүрэг, малчдын амьдралын талаар асууж сонирхоод монгол оронд хөгжил цэцэглэлийг ерөөж, Монголын ард түмэнд мэндчилгээ дамжууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр буюу 2012 оны  гуравдугаар сарын 11-ний энэ өдөр эхэлж байна. Энэ нь Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж буй өндөр дээд хэмжээний айлчлал юм. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ойрын болон хэтийн зорилт, ялангуяа уул уурхай, эрдэс баялаг, дэд бүтэц, эрчим хүч болон хөдөө аж ахуй, байгаль орчин, хүний нөөцийн салбарт хамтран ажиллах чиглэлийг нарийвчлан тодорхойлох, Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цогц хэлбэрээр хөгжүүлэхэд түлхэц болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах тухай албан ёсны хэлэлцээг эхлүүлэх, Монгол Улсын эдийн засгийн тогтворжилт, хөгжлийг дэмжих зээлийн төслийн 2-р ээлж болох Нийгмийн халамжийн салбарт зориулсан 20 сая ам.долларын зээлийн 1 төсөл, мөн буцалтгүй тусламжийн 3 төслийг хэрэгжүүлэх асуудлыг тохиролцож шийдвэрлэхэд чиглэж байгаагаараа айлчлал ач холбогдолтой юм.

    Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Японы Угсаа залгамжлах Хунтайж Нарухитод бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нода-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи болон Зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд К.Гэнба, Эдийн засаг, үйлдвэрийн сайд Ю.Эдано нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Японы зүүн бүс нутагт болсон байгалийн гамшгаас хойш яг нэг жил өнгөрч байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр  Японы Цог Жавхлант Эзэн хаан болон Япон Улсын Ерөнхий сайд нар оролцон Токио хотноо зохион байгуулагдах Гамшигт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цуглаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцоно.

    Түүнчлэн Японы Эдийн Засгийн байгууллагуудын холбоо (КЭЙДАНРЭН)-ны удирдлага болон Япон Улсын томоохон компанийн төлөөлөгчидтэй хийх уулзалт айлчлалын хөтөлбөрт мөн багтсан бөгөөд Монголын нүүрс, уран, газрын ховор элементийн орд газруудыг хамтран ашиглах, эрчим хүч, төмөр зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх бололцоо нөхцөлийн талаар санал солилцох юм.

     Ерөнхий сайд Японы “NHK” телевиз болон Никкэй, Санкэй, Майничи сонинд ярилцлага өгнө.

     Мөн Ерөнхий сайд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцааны тогтоосны 40 жилийн ойд зориулан гаргаж буй шуудангийн маркны нээлтийн ёслолд оролцож, маркны дээжийг Япон Улсын Ерөнхий сайдад гардуулна. Ерөнхий сайд Осака мужид зочилж, Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын нээлтэд оролцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

    Монгол Япончуудын  харилцаанд агаарын тээвэр гүүр болох учиртай гэдгийг Ерөнхий сайд хэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийх албан ёсны айлчлалаа товлосон хугацаанаасаа нэг өдрийн өмнө эхэлж байна. Энэ ч учиртай юм. Японы зүүн бүс нутагт болсон байгалийн гамшгаас хойш яг нэг жил өнгөрч байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр  Японы Цог Жавхлант Эзэн хаан болон Япон Улсын Ерөнхий сайд нар оролцон Токио хотноо зохион байгуулагдах Гамшигт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цуглаанд Ерөнхий сайд С.Батболд оролцож Монголын ард түмнийхээ чин сэтгэлийн хүндэтгэлийг  илэрхийлж байгаа юм.

    Гуравдугаар сарын 11-ний ням гаригийн энэ өдөр Ерөнхий сайд С.Батболд Япон улсын хувийн хэвшлийн нэр бүхий томоохон компаниудийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод “АNА”компанийн ерөнхийлөгч Ш.Ито, тус компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч К.Ода, Гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч К.Шибата нар бараалхлаа.  

     ANA бол олон улсад нэр хүндтэй компани. Монгол Улс ANA компанитай агаарын тээврийн салбарт идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байгаа юм. Тус компани нь Монголын агаарын тээврийн Изинес компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан дотоодын нислэгийг  дэмжих чиглэлээр ажилладаг. Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Энэ хөгжлийг улам хурдасгахад далайд гарцгүй орны хувьд агаарын тээврийн гүйцэтгэх үүрэг чухал гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр хоёр улсад харилцан зорчих жуулчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Мөн монгол орон ардчилал, зах зээлийн замыг сонгосон үеэс шилжилтийн хүндрэлийг даван туулахад Япон улсын Засгийн газар, ард түмнээс үзүүлж ирсэн тусламж, дэмжлэгт Монголчууд талархдаг төдийгүй япончуудад элэгсэг дотно ханддаг. Тиймээс хоёр орны иргэдийн ийм дотно харилцаанд агаарын тээвэр гүүр болох учиртай гэдгийг ч дурдаж байлаа. ANA компанийн Ерөнхийлөгч техник, технологи нэвтрүүлэх, боловсон хүчний сургалт, хөрөнгө оруулалт хийхэд голлон анхаарч ажилладаг, энэ чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

    Засгийн газрын тэргүүн С.Батболд ANA компани нь Нарита болон Кансайн нисэх буудал дахь Монголын МИАТ компанийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэлээ. Мөн Монгол Японы хооронд шууд нислэг бий болох нь бүх талын харилцаа хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа энэ үед чухал ач холбогдолтой байгаа гэдгийг дурдлаа.

    Мицубиши корпорацийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

    Японд төвтэй, дэлхийн 80 орчим оронд 200 гаруй салбартай, 500 гаруй охин компанитай Мицубиши корпорацийн ерөнхийлөгч К.Кобаяши төлөөлөгчдийнхөө хамтаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод  мөн өнөөдөр бараалхлаа. Монгол Японы стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад идэвхтэй хамтран ажиллана гэдэт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ. Мицубиши корпорацийн ерөнхийлөгч уулзалтын үеэр бизнесийн төдийгүй боловсон хүчин зэрэг бусад хэлбэрээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа тэмдэглэж байлаа.

    Японы хэвлэлүүд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг ихээхэн сонирхож байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлал тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлын төвд байна. Японы NHKтелевиз,өдөр тутмын хамгийн  нэр хүндтэй сонин болох “Никкэй” болон “Майничи” сонины сэтгүүчид өнөөдөр Ерөнхий сайдаас тусгайлан ярилцлага авлаа. Монгол Улсын эдийн засгийн өндөр хурдтай өсөлт, цаашдын төлөв байдал, бүтээн байгуулалтын чанартай томоохон төслүүд түүний дотор Тавантолгойн асуудлыг Японы сэтгүүлчид ихээхэн сонирхож байна.

    Тавантолгойн баруун, зүүн цанхи дахь үйл ажиллагаа, олон улсын нээлттэй тендерийн явц, түүн дэх Японы оролцооны талаар Ерөнхий сайд С.Батболдын байр суурийн талаар  тэд мөн асууж байлаа. Олон улсын нээлттэй тендерийн үйл ажиллагаа ном дүрмийн дагуу явж байгаа. Яриа хэлэлцээний явц амаргүй нөхцөлд байгаа ч Тавантолгойг Монгол Улсад ашигтайгаар Монголын ард түмний хүсэл сонирхлыг харгалзан шийдэх учиртай. Мөн хөрөнгө оруулагч талуудын байр суурийг ч хүндэтгэн үзэж асуудалд хандаж байгаа гэдгээ Ерөнхий сайд хэлээд энэ ондоо багтааж төслийг хэрэгжүүлж эхлэх төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ.

    Түүнчлэн энэ айлчлалын зорилго, үр дүн болоод Солонгосын хойгийн асуудал ч сэтгүүлчийн сонирхсон сэдвийн нэг байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

    Ерөнхий сайд С.Батболд байгалийн гамшигт амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцлоо

    Одоогоос яг нэг жилийн өмнөх өдөр буюу 3 дугаар сарын 11-ний өдөр  Японы Зүүн бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 16 мянга гаруй хүн нас барж япон улсын эдийн засаг, нийгмийн амьдралд асар их гамшиг учирсан. Байгалийн гамшигт амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг энэ өдөр япончууд хүндэтгэн мэхийн ёсолж, тэдний гэр бүлийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийж байна.

    Япон Улсын Үндэсний театрт амь үрэгдэгсдийг хүндэтгэх ёслолын ажиллагаа болж Японы Цог Жавхлант эзэн хаан, эрхэм дээд хатан, Японы Ерөнхий сайд Ё.Надо болон амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн, Японы ард иргэд оролцлоо. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн оролцсон нь гадаадын төлөөлөгчдийн дундаас хамгийн өндөр түвшний зочин хүндэтгэл үзүүлсэн нь энэ байлаа.

    Энэхүү ёслолын ажиллагаа Токиогийн цагаар 14.30-д Эзэн хаан морилон ирснээр эхэлж, Японы Төрийн дуулал хөгжимд эгшиглэхэд цугласан хүмүүс хүндэтгэн босож дуулцгаалаа. Үүний дараагаар 14 цаг 46 минутад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн нэг минут чимээгүй зогслоо. Япон улсын Ерөнхий сайд Ё.Нода, Эзэн хаан болон амь үрэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл үг хэлээд цэцэг өргөх ёслол боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд цэцэг өргөнө хэмээн танхимд танилцуулсны дараагаар тус улс дахь Дипломат төлөөлөгчийн  120 гаруй газрын нэрсийг цагаан толгойн дарааллаар дуудаж танилцуулахад  тэргүүнүүд нь  хүндэтгэн цэцэг өргөлөө. Гамшигт өртөж амь насаа алдсан иргэдээ дурсан санаж, дурсгалыг нь хүндэтгэх энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцсонд япончууд талархаж байлаа.

    Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Монгол орон ардчилал, зах зээлийн замыг сонгосон үеэс шилжилтийн хүндрэлийг даван туулахад Монгол Улсын дотно түнш, манай орны “гуравдахь хөрш” Япон Улсын Засгийн газар, ард түмнээс үзүүлж ирсэн сэтгэл харамгүй тусламж, дэмжлэгт монголчууд талархаж байдаг юм.

    Японы ард түмэнд тохиолдсон энэхүү гамшгийн тухай мэдээг Монголын ард түмэн  сэтгэл эмзэглэн хүлээн авч, орон даяар хандивын хөдөлгөөн өрнөж, хүүхэд залуусаас настан буурал хүртэл бүх хүмүүс эрвийх дэрвийхээрээ мөнгө, хөрөнгө цуглуулж гамшгийн бүсэд илгээж байсан.

    Монгол Улсын Засгийн газраас энэ гамшигтай холбогдуулан 2011 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Япон улсын Засгийн газарт 1 сая ам.долларын мөнгөн тусламж үзүүлж, 2500 ширхэг дулаан хөнжил, ноолууран цамц 800, ороолт оймс зэрэг тусламжийн барааг өөрийн онгоцоор Японд хүргэсэн билээ. Мөн хувь хүн, албан байгууллагаас 2  тэрбум 100 сая орчим төгрөг хандивласныг Улаанбаатар дахь Японы Элчин сайдын яаманд гардуулж өгч байсан юм.

    Монголын ард түмэн цаашид ч Японы ард түмэнтэй хүнд бэрх цагт ч, хөгжлийн түүхэн үед ч сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байх болно гэдгээ Японы хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө хэлсэн. Мөн  ажилч хичээнгүй, хөдөлмөрч баатарлаг Японы ард түмэн байгалийн гамшгийн хохирлыг богино хугацаанд даван туулна гэдэгт бид бат итгэлтэй байгаа илэрхийлж байлаа. Монгол Улсын Засгийн газрын тэргүүний албан ёсны айлчлал 3 дугаар сарын 12-нд эхэлж байгаа ч Японы ард иргэдэд хүндэтгэл үзүүлэх энэхүү ёслолд оролцохын тулд айлчлалаа нэг өдөр урагшлуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд С.Батболд байгалийн гамшигт амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцлоо

    Одоогоос яг нэг жилийн өмнөх өдөр буюу 3 дугаар сарын 11-ний өдөр  Японы Зүүн бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 16 мянга гаруй хүн нас барж япон улсын эдийн засаг, нийгмийн амьдралд асар их гамшиг учирсан. Байгалийн гамшигт амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг энэ өдөр япончууд хүндэтгэн мэхийн ёсолж, тэдний гэр бүлийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийж байна.

    Япон Улсын Үндэсний театрт амь үрэгдэгсдийг хүндэтгэх ёслолын ажиллагаа болж Японы Цог Жавхлант эзэн хаан, эрхэм дээд хатан, Японы Ерөнхий сайд Ё.Надо болон амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн, Японы ард иргэд оролцлоо. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн оролцсон нь гадаадын төлөөлөгчдийн дундаас хамгийн өндөр түвшний зочин хүндэтгэл үзүүлсэн нь энэ байлаа.

    Энэхүү ёслолын ажиллагаа Токиогийн цагаар 14.30-д Эзэн хаан морилон ирснээр эхэлж, Японы Төрийн дуулал хөгжимд эгшиглэхэд цугласан хүмүүс хүндэтгэн босож дуулцгаалаа. Үүний дараагаар 14 цаг 46 минутад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн нэг минут чимээгүй зогслоо. Япон улсын Ерөнхий сайд Ё.Нода, Эзэн хаан болон амь үрэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл үг хэлээд цэцэг өргөх ёслол боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд цэцэг өргөнө хэмээн танхимд танилцуулсны дараагаар тус улс дахь Дипломат төлөөлөгчийн  120 гаруй газрын нэрсийг цагаан толгойн дарааллаар дуудаж танилцуулахад  тэргүүнүүд нь  хүндэтгэн цэцэг өргөлөө. Гамшигт өртөж амь насаа алдсан иргэдээ дурсан санаж, дурсгалыг нь хүндэтгэх энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцсонд япончууд талархаж байлаа.

    Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Монгол орон ардчилал, зах зээлийн замыг сонгосон үеэс шилжилтийн хүндрэлийг даван туулахад Монгол Улсын дотно түнш, манай орны “гуравдахь хөрш” Япон Улсын Засгийн газар, ард түмнээс үзүүлж ирсэн сэтгэл харамгүй тусламж, дэмжлэгт монголчууд талархаж байдаг юм.

    Японы ард түмэнд тохиолдсон энэхүү гамшгийн тухай мэдээг Монголын ард түмэн  сэтгэл эмзэглэн хүлээн авч, орон даяар хандивын хөдөлгөөн өрнөж, хүүхэд залуусаас настан буурал хүртэл бүх хүмүүс эрвийх дэрвийхээрээ мөнгө, хөрөнгө цуглуулж гамшгийн бүсэд илгээж байсан.

    Монгол Улсын Засгийн газраас энэ гамшигтай холбогдуулан 2011 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Япон улсын Засгийн газарт 1 сая ам.долларын мөнгөн тусламж үзүүлж, 2500 ширхэг дулаан хөнжил, ноолууран цамц 800, ороолт оймс зэрэг тусламжийн барааг өөрийн онгоцоор Японд хүргэсэн билээ. Мөн хувь хүн, албан байгууллагаас 2  тэрбум 100 сая орчим төгрөг хандивласныг Улаанбаатар дахь Японы Элчин сайдын яаманд гардуулж өгч байсан юм.

    Монголын ард түмэн цаашид ч Японы ард түмэнтэй хүнд бэрх цагт ч, хөгжлийн түүхэн үед ч сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байх болно гэдгээ Японы хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө хэлсэн. Мөн  ажилч хичээнгүй, хөдөлмөрч баатарлаг Японы ард түмэн байгалийн гамшгийн хохирлыг богино хугацаанд даван туулна гэдэгт бид бат итгэлтэй байгаа илэрхийлж байлаа. Монгол Улсын Засгийн газрын тэргүүний албан ёсны айлчлал 3 дугаар сарын 12-нд эхэлж байгаа ч Японы ард иргэдэд хүндэтгэл үзүүлэх энэхүү ёслолд оролцохын тулд айлчлалаа нэг өдөр урагшлуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.