Ангилал: үйл-явдал

  • ЦАЛИН НЭМЖ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛСЭНД МҮЭХ-НЫХОН ЕРӨНХИЙ САЙДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

     

    УИХ-ын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан билээ. Энэ дагуу төсөвт байгууллагад ажиллагсдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, зарим тэтгэмжийг энэ оны 2 дугаар сарын 1-нээс тооцон нэмэх болсон. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчид 80 мянган төгрөгийн нэмэгдсэн цалин, өндөр настнууд 53 хувийн нэмэгдэл тэтгэврээ энэ сард багтаан нөхөн авах боломж бүрдсэн юм. Үүнтэй холбогдуулан МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар болон салбар хороодын төлөөлөл өөрсдийнхөө хүсэлтээр Ерөнхий сайдад бараалхаж энэ тухай ярилцсан байна. 

    Төсвийн тодотголоор төрийн албан хаагчид, тэр дундаа багш, эмч гээд мянга мянган хөдөлмөрчин хүний цалингаас гадна ахмадуудын тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2 дугаар сарын 1-нээс тооцон нэмж амласандаа хүрсэнд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд хэлэхдээ “Энэ жил өнгөрсөн жилийн ололт, амжилтаа баталгаажуулж, эхлээгүй ажлаа эхлүүлэн, үр шимийг нь ард түмэндээ хүргэж чадсан, ил тод, нээлттэй он байх болно” гэлээ.

    Мөн “Засгийн газар оны өмнө болон дараа нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрийн хүрээнд ярьж байсны дагуу төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг нэмэх асуудлыг төсвийн тодотголоор батлуулж чадлаа. Амлаж байсан зүйлс бодитоор хэрэгжих нөхцөл бүрдлээ” гэв. Гэхдээ цаашид бүх зүйл хамтын хариуцлага, хууль, дүрмийн хүрээнд байж, анхнаасаа асуудлаа хэлэлцэн тохирдог, аливаа хуулийн төсөл, шийдвэрийг боловсруулах явцад нь идэвхтэй оролцож, санал бодлоо  хуулийн дагуу оруулж тусгадаг байх зарчмыг хаа хаанаа төлөвшүүлж, нийгэмдээ зөв манлайлал үзүүлж байхыг гүйцэтгэх засаглалын тэргүүн онцгойлон анхаарууллаа.

    Аливаа асуудал, тэр дундаа төсөвтэй холбоотой зүйлийг хуулийнх нь хугацаанд, бодитоор авч үзэж байх ёстой. Тэгээгүйгээс цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг нэг хэсэг нь нэмэхгүй, нөгөө хэсэг нь нэмүүлэх гэж тэмцэж байгаа мэт ойлголт төрүүлдэг, энэ нь яваандаа улстөржилт болж хувирдаггүй байх нь чухал. Цаашид жил бүр төсөв хэлэлцэх үед л асуудлаа оруулж ирдэг байх ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд онцлов. Энэ үг ялангуяа иргэний нийгмийн байгууллагууд, Засгийн газартай хамтран ажилладаг түншүүдэд хамаатай, шударга, үр дүнтэй, ил тод, ойгомжтой, бодитой байх  зарчмыг тогтоох чиглэлээр аль аль нь үлгэр дууриал үзүүлэх ёстой гэдгийг ч тодотголоо.

    Боловсрол, соёл, эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлынхан гээд мянга мянган төрийн албан хаагчийн цалинг нэмснээс гадна иргэдийн орлого багатай энэ хүнд үед тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг ч нэмж буян үйлдсэнд нэн талархаж байгаагаа МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар хэлэв. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрээр тохирсон зүйлсийг ажил хэрэг болгох нь 1998 оноос хойш зогсонги байсан. Тэгвэл С.Батболдын гэх тодотголтой энэ Засгийн газрын үед хэлэлцээр, хэлэлцээрээс гаргасан шийдвэрийг Засгийн газар, УИХ анхаарч, тоодог, бодит ажил хэрэг болгодог боллоо. Үүний төлөө Ерөнхий сайд С.Батболд тууштай  байж  чадсан төдийгүй энэ Засгийн газар төсөв хэлэлцэх үед 3 талт хэлэлцээр хийдэг жишиг тогтоосон  гэдгийг С.Ганбаатар онцлон тэмдэглэлээ.

    Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх тухай асуудлаа цаашид төсөв хэлэлцэх үед Засгийн газарт тавьж байх ёстой гэж Ерөнхий сайд хэлснийг МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар энэ онд цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2 удаа нийтдээ 50 гаруй хувиар нэмэхээр төлөвлөсөн бөгөөд үүний дүнд цалин, тэтгэврийн хэмжээг 2008 оны түвшингээс дунджаар 2 дахин, түүнээс илүү хэмжээгээр өсгөх зорилт тавьснаа биелүүллээ. Засгийн газар эхний ээлжинд ийнхүү цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг нэмсэн бол 5 дугаар сарын 1-нээс мөн дахин тодорхой хувиар нэмэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

  • Иргэний нийгмийн төлөөлөл төр засагтайгаа анх удаа өргөн хүрээтэйгээр хамтран хуралдаж байна

    Аливаа шийдвэрт  дан ганц улс төрийн оролцоо давамгайлах тусам гарах үр дагавар нь амьдралаас хөндий, ард иргэдэд ч үр өгөөжөө өгөх нь учир дутагдалтай байдаг. Нөгөө талаас иргэдийн дунд янз бүрийн санал санаачилгын олон хэлбэрээр орон нутаг, улс үндэстний хөгжилд оролцоогоо илэрхийлэх гэсэн хандлага нэмэгджээ. С.Батболдын тэргүүлсэн Засгийн газраас  иргэдийн энэхүү  оролцоог дэмжих, хамтран ажиллах санаачилгыг  дэмжиж 2008 онд “Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах тухай” тогтоол гаргаж, Иргэний нийгмийн зөвлөлтэй гэрээ байгуулан ажиллах болсон. Үүний үр дүнд Засгаас гарч буй шийдвэрүүд тодорхой хэмжээгээр тунгалагших, нээлттэй болох үр дүнгүүд гарч байгаа.

    Энэ бүгдийн үргэлжлэл болсон Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих талаархи төрийн үзэл баримтлал үндэсний чуулган Төрийн ордонд  эхэллээ. Засгийн газраас иргэний нийгмийн төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт  хийдэг уламжлал тогтоод гурав дахь жилдээ үргэлжилж байгаа юм. Харин энэ удаагийн  Үндэсний чуулган нь сүүлийн 20 жилд төр болон иргэний нийгмийн төлөөлөлүүд анх удаа ийнхүү өргөн хүрээтэйгээр хамтран хуралдаж,  томоохон үзэл баримтлалыг гаргах гэж байгаагаараа онцлог гэж хэлж болох юм.

    Үндэсний чуулганд  Улаанбаатар хот  болон 21 аймгийн 500 гаруй  иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс гадна төрийн болон олон улсын байгуулллагынхан оролцож байна. Тэд энэ чуулганаараа “ Иргэний нийгмийн хөгжлийн талаархи төрийн үзэл баримтлал”  төслийг тал бүрээс нь ярилцах юм.  Энэхүү үзэл баримтлал цаашид Засгийн газраар хэлэлцэгдэж, УИХ-аар батлагдаж төрийн бодлогын албан ёсны баримт бичиг болох ажээ.

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тус чуулганд оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ  энэ баримт бичиг гарснаар Монгол улсад “ Иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх” тухай Үндсэн хуулиндаа эрхэм зорилго болгосон үйл хэрэгт шинэ түрлэг нэмэгдэх болно гэдгийг онцолсон юм. Үүгээрээ ч чуулганы ач холбогдол , нийгмийн үүрэг нь оршино гэдгийг тэмдэглэлээ.

    Орлогын тэгш хуваарилалтаас илүү оролцооны тэгш боломж, нөхцөл бүрдүүлэхийг иргэд хүсч байгааг Засгийн газар анзаарч, түншилж ажиллах нь өнөөгийн шаардлага төдийгүй, сайн засаглалын нэг хэмжүүр гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглэж байна. “ Манай нийгмийн хөгжил, ардчиллын хөгжил эдүгээ шинэ  шатанд шилжлээ гэдэгт би итгэж байна. Үүнийг шүүмжлэлт ардчиллаас оролцооны ардчилал руу, улс төрийн ардчиллаас эдийн засгийн ардчилал руу, үг ярианы хийсвэр ардчиллаас ажил хэргийн бодит ардчилал руу хийх шилжилт  хэмээн тодорхойлж байна. Энэ зайлшгүй хэрэгцээ захиалга нь манай энэ үндэсний чуулганыг хийхэд хүргэж байна.

    Монгол улс 2011-2013 онд Ардчиллын хамтын нийгэмлэгүүдийн даргын үүргийг гүйцэтгэж байгаа энэ  түүхэн чухал үед улс орондоо хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулах, улмаар тив, дэлхий, бүсийн хэмжээнд ардчилал, хүний эрхийг дээдлэн хүндэлж, үнэт зүйлсийг бодит амьдралд хэрэгжүүлэхэд манлайлан оролцох үүргээ нэр төртэй гүйцэтгэх шаардлагатай байна. Монгол улсад төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд хүний эрх, ардчиллын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэх, эв нэгдлийг хөгжүүлэх зэрэг үйл ажиллагааг дэмжих болно. Энэ зорилгоор “ Ардчиллыг дэмжих Монголын итгэмжлэгдсэн сан”-г байгуулах санаачилгыг дэвшүүлж байна” гэлээ. Түүнчлэн “ Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих тогтолцоо чухал шаардлагатай байна, чухам ямар тогтолцоо, стандартыг бий болгон хэрэгжүүлэхийг чуулганд оролцож байгаа та бүхэн санаачлах ёстой” хэмээн дурьдлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД ТОДОРЛОО

     

    Монгол Улсын өнцөг булан бүрээс анх удаагаа Улсын шилдэг малчнааршалгарсан эмэгтэйчүүд өнөөдөр төрийн ордондМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос шагналаа гардаж авлаа. Цэнхэр, ягаан дээлээр гоёсон тэд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын энэ өдөрэнэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж ажил хөдөлмөрөө үнэлүүлж байгаадаа баяртай байна гэцгээж байна. Засгийн газрын тэргүүн энэ үеэр монголын нийт эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргээд Монгол Улсын хөгжил дэвшилд малчин түмний  оруулж байгаа хувь нэмэр буян хишиг нь барагдашгүй ээ. Тэр болгон гавъяа шагнал  хүртээд байдаггүй мөртлөө хамаг ажлын голыг нугалж байдаг эмэгтэйчүүд эхчүүддээ бид онцгойлонталархал илэрхийлэх ёстой гэлээ.

    Мөн тэрээр өнөөдөр нийт малчдын 45 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 1990 оноос өмнө төр засгийн дээд шагналаар олон эмэгтэйчүүд шалгарч байсан түүхэн жишээ бий. Гэтэл өнөөдөр 50 гаруй улсын сайн малчин шалгаруулахад нэг л эмэгтэй авсан байх юм. Үүнээс жендер, тэгш байдал, шударга үнэлгээний асуудал ямар байгаа нь харагдаж байна. Миний бие Ерөнхий сайд, Монгол Ардын намын даргын хувьд  эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх ёстойгэж үздэг.Тиймээс  “Монгол Улсын шилдэг малчин эмэгтэй”-үүдийг шалгаруулах санаачилга гаргасангэдгээ хэлж байлаа.Засгийн газрын тэргүүн үгийнхээ төгсгөлд Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж мал сүргээ өсгөн үр шимийг нь ард түмэндээ хүртээж байгаа буянт үйлсэд нь Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ.

    “Монгол Улсын шилдэг малчин эмэгтэй”-үүдийг шалгаруулахдаа мал маллагааны арга туршлага, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нутаг орныхондоо танигдаж хүндлэгдсэн байдал төдийгүй, үр хүүхэд, ач зээ нараа малч ухаанаар хүмүүжүүлж өсгөсөн цаглашгүй хөдөлмөр зүтгэлийг голлох шалгуур үзүүлэлт болгосон байна.Энд 29-75 насны 4-13 хүүхэд төрүүлж өсгөн, 3000 хүртэл мал маллаж, нутаг усандаа ажил, хөдөлмөр, үйлэнд урнаараа гайхагдсан бүсгүйчүүд багтжээ.

     

    “Монгол Улсын шилдэг малчин эмэгтэй”-гээр:

    • Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн малчин С.Отгонбат
    • Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн малчин Б.Ахбас. Баянхонгор аймгийн Галуут сумын Үнэгтийн багийн малчин Г.Бурмаа
    • Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Ч.Норсмаа
    • Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын  II багийн малчин Д.Буяндэлгэр
    • Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын II багийн малчин Б.Дуламжав
    • Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн малчин С.Оюунцэцэг
    • Дорноговь аймгийн Сайхандулаан сумын I багийн малчин Б.Цэенхорол
    • Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэвсүүл Жараахай багийн малчин Д.Долгор
    • Дундговь аймгийн Адаацаг сумын IV багийн малчин Ц.Алтантүлхүүр
    • Завхан аймгийн Яруу сумын Хэц-Улаан багийн малчин А.Сэлэгмаа
    • Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Я.Цэрмаа
    • Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн малчин Ж.Бархас
    • Өвөрхангай аймгийн  Баян-Өндөр сумын V багийн малчин Д.Өмдсүрэн
    • Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн малчин Х.Оюунбат
    • Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Х.Сумъяа
    • Төв аймгийн Баян сумын II багийн малчин Г.Энхтайван
    • Увс аймгийн Хяргас сумын Хангай багийн малчин М.Жавзан
    • Ховд аймгийн Дарви сумын Булаг багийн малчин С.Нямжав
    • Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана багийн малчин Б.Наран-Эрдэнэ
    • Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн малчин Л. Дулам нарын зэрэг 21 хүнийг “Монгол Улсын шилдэг малчин эмэгтэй”-гээр шалгаруулсан байна. 
  • ХОВД АЙМГИЙН БАГА УЛААН ДАВАА-МАНХАН ЧИГЛЭЛД 103 КМ ЗАМ ТАВИНА

    ~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ~

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Д.Хаянхярваад олголоо. Хөтөлбөрийн нэгдүгээр төслийн 45 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Ховд аймгийн Бага улаан даваа-Манхан чиглэлд 103.3 км, орон нутагт 20 км хатуу хучилттай зам тавьж, бүрэн тоноглогдсон засвар арчлалтын 1 нэгж байгуулах юм. 

    Энэ зээл нь 32 жилийн хугацаатай, үүнээс эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Зээлийн хүү үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаанд жилийн 1 хувь, үлдсэн хугацаанд жилийн 1,5 хувь байх юм. “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 170 сая, Монгол Улсын Засгийн газраас 92 сая ам.долларыг 7-10 жилийн хугацаанд гурван үе шатттай гаргахаар төлөвлөөд байна.

    Хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт нь дутагдаж байгаа 293 км хатуу хучилттай замын барилгын ажил, бүрэн тоноглосон засвар арчлалтын 3 төв, орон нутгийн 34,9 км зам, 3 гүүрний барилгын ажил болон салбарын чадавхийг бэхжүүлэх, институцийг сайжруулах юм. Хэрэгжүүлэх төсөл тус бүрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    АВРАГЧДАД ТОМИЛОЛТЫН БОЛОН УРАМШУУЛЛЫН МӨНГӨ ОЛГОНО

    Өнгөрсөн оны сүүлийн хагаст гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын аврагч, албан хаагчдын томилолтын болон урамшуулал, бусад зардалд зориулж 140 орчим сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. 2011 оны сүүлийн хагас жилд манай улсад хүчтэй салхи шуурга, аадар бороо, аянга, хүн малын гоц халдварт өвчин, үер, үйлдвэрлэлийн осол, аюулт үзэгдэл, цас зудын голомтод Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 2244 албан хаагч ажилласан байна. Тэд 475 хүний амь насыг аварч, 7 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинг хамгаалах ажил хийж гүйцэтгэжээ.

    ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ДҮРМИЙГ БАТАЛЛАА

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Өрсөлдөөний тухай хуульд энэ газрын дүрмийг Засгийн газар батлахаар заасан байдаг байна. Дүрэмд тус газрын үндсэн зорилтыг тодорхойлж, газрын дарга, гишүүдийн эрх, үүргийг тодорхой заажээ. Мөн энэ газрын хурлаар ямар асуудлыг авч хэлэлцэхийг ч заасан бөгөөд шаардлагатай бол нийт гишүүдийн олонхийн саналаар дүрэмд зааснаас өөр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хуралд тухайн асуудлыг хариуцсан, санал боловсруулсан албан хаагч, улсын байцаагч, түүний харъяалах нэгжийн даргаас гадна асуудалтай холбоотой байгууллага, аж ахуй эрхлэгчийн хууль ёсны төлөөлөгчийг зөвхөн саналаа хэлэх эрхтэйгээр оролцуулж болохыг зөвшөөрчээ.

    Дарга, гишүүд нь нэгжийн дарга, улсын байцаагчийн ажилд хөндлөнгөөс нөлөөлж, дарамт шахалт үзүүлэхгүй байх, хуралдаанаар эцэслэн шийдвэрлээгүй асуудлаар олон нийт болон сонирхогч этгээдэд мэдээлэл өгөхгүй, шийдвэр гаргахдаа өөр байгууллагын болон хувийн ашиг сонирхлын үүднээс хандахгүй байх зэргийг ч тодорхой тусгасан байна.

    Ц.ТОГООГ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР  ТОМИЛЛОО

    Дэслэгч генерал Ц.Тогоог Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Б.Лхагвыг Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилсон байна. Ц.Тогоо Зэвсэгт хүчний жанжин штабын даргын алба хашиж байсан. Б.Лхагва нь Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан юм. Мөн Засгийн газрын хуралдаанаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилжээ.

    ТОВЧ МЭДЭЭ

    • “Нийгмийн салбарыг дэмжих”, “Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгслийн чадавхийг сайжруулах”, “Түүх, соёлын дурсгал, соёлын өвийн оношлогооны төхөөрөмж” төслийг хэрэгжүүлэх боллоо. Түүнчлэн хэд хэдэн төслийг хамтран хэрэгжүүлэх тухай Япон Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олголоо.
    • Хүн амын аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан сонгон шалгаруулалтгүй, шууд худалдан авах эм, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад орсон эм, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн үйлдвэр, ханган нийлүүлэгчтэй шууд гэрээ байгуулан нийлүүлэх эрх олгохыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт даалгажээ. Энэ дагуу нийт 15 нэрийн эм, товлолын вакцин, 13 нэрийн цус, цусан бүтээгдэхүүн, 1 нэрийн эмнэлгийн хэрэгслийг шууд худалдан авахаар болж байна.   
    • Хоршоологчдын үндэсний III чуулганыг энэ сард зохион байгуулахаар болж шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтов.
    • Энэ онд манай улсын Зэвсэгт хүчин Судан Улсын Дарфур муж, Өмнөд Судан, Афганистан Улс дахь НҮБ-ын энхийн болон олон улсын цэргийн ажиллагаанд цэргийн 14 баг оролцуулна. Үүнээс гадна манай улс өөрийн орондоо болон гадаадын оронд зохион байгуулах 10 хамтарсан сургалт, дадлагад төлөөллөө оролцуулахаар боллоо. Эдгээрт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ.
    • Сангийн яамны Төрийн сангийн үйлчилгээний танхимыг Цагдаагийн гэрээт хамгаалалтаас гаргаж Дотоодын цэргийн хамгаалалтад авахаар шийдвэрлэлээ.
    • Цэргийн албыг энэ онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 3 сая 4 мянга 750 төгрөг байхаар тогтоолоо. Түүнчлэн цэргийн дүйцүүлэх албанд авах залуусын тооны дээд хязгаарыг тогтоон экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх, байгалийн гамшиг, ослын хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт зэрэг ажилд оролцуулахаар боллоо.  
    • Ази тивийн аварга шалгаруулах эмэгтэй боксчдын VII тэмцээнийг  ирэх сарын 16-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн тэмцээн Лондоны олимп болон 5 дугаар сарын 09-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотод болох эмэгтэй боксчдын Дэлхийн аваргын өмнөх томоохон сорилго юм.
  • Эдийн засгийн эргэлтийг сонгодог тогтолцоогоор дэмжинэ

     

    “Монгол IPO- 2012” форум  өнөөдөр Улаанбаатар хотноо нээгдэж байна. Тус чуулганы нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Монгол улсын Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр томоохон алхам хийсний нэг нь Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллаж байгаа явдал юм. Энэ ажлын үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлийн тогтолцоонд зарчмын томоохон өөрчлөлт орж, шинэ үе эхэлж байгаа тул  IPO хийж хөрөнгө босгох хүсэлтэй Монголын үндэсний компаниуд болон Монголын компаниудад хөрөнгө оруулах сонирхолтой олон улсын хөрөнгө оруулагчдыг хооронд нь зуучлах зорилгоор уг форумыг зохион байгуулж байгаа ажээ.

    Тус форумд Лондонгийн хөрөнгийн биржийнхэн болон тус хотод төвтэй  олон улсын санхүүгийн байгууллага, Хонконг, Сингапурын хөрөнгийн биржийн төлөөллүүд хүрэлцэн иржээ. Хөрөнгийн зах зээлийн зарчим нь адилхан нэг дүрмээр тоглох учраас энд тунгалаг орчин үүсэх давуу талтай хэмээн  Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга  Болд  форумын нээлтийн үеэр дурьдаж, хөрөнгийн биржийг дэлгүүртэй зүйрлэвэл ямартаа ч  бид 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэй “дэлгүүр”-ээ нээлээ. Цаашдаа  бүтээгдэхүүнүүд нь олон төрөл болж, складны бараа ч гарч ирэх байх аа хэмээн найдаж буйгаа тэмдэглэж байлаа.

    Уг ёслолын ажиллагааны үеэр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Бид эдийн засгийн эргэлтийг сонгодог тогтолцоогоор дэмжих бодлого барьж байна. Манай эдийн засаг санхүүгийн эх үүсвэрийнхээ 5-10 хувийг л хөрөнгийн зах зээл дээрээс босгож байна. Үндсэндээ 90-ээс дээш  хувийг  арилжааны банкны өндөр хүүтэй, богино хугацаатай зээлээр босгодог. Зах зээлийн бусад орнуудад энэ харьцаа 50:50 хувьтай  байдаг. Манай улсад ийм харьцаатай болгох боломж маш их бий. Энэ боломжийг бодитой болгохын тулд мехнанизм нь тодорхой байх ёстой юм. Засгийн газраас энэ асуудлыг зүгээр яриад суух биш, ажил хэрэг болгох, ямар аргаар хийх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. 

    Миний бие Засгийн газрын тэргүүний хувьд хөрөнгийн зах зээлийг бодитойгоор хөгжүүлж, олон улсын жишигт нийцүүлэх тухайлбал гадны ч, дотны ч компаниуд хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож байх тэр боломжийг бүрдүүлж өгье гэж ихээхэн чармайж, багагүй ажлын ард гараад байна. Зах зээлийн эцэг болсон Лондонгийн хөрөнгийн биржийг урьж, ажиллуулж байгаа. Хөрөнгийн биржийн дэд бүтцийг, боловсон хүчнийг, эрх зүйн зохицуулалтыг зах зээлийн харилцааны сонгодог зарчимд нийцүүлэх өрсөлдөх чадвартай бирж болгон ажиллуулах нөхцөл бүрдлээ. Одоо эрх зүйн орчны зарим шийдвэрийг  Монгол улсын төр засаг, УИХ-аас гаргаж өгөх ёстой юм.

    Энэ жил хөрөнгийн бирж маань олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаатай болох үед бид үүнийгээ бүрэн дүүрэн ашиглана. Энэ форум болж байгаа нь ч үүнтэй бас холбоотой. Боломж нь байгаа ч яаж ашиглах тэр түлхүүр механизм бүрэн болоогүй учир бид ашиглаж чадахгүй байсан. Одоо тэгвэл энэ үйл ажиллагаа цэгцэрч, эхлэх болжээ гэдгийг энэ форум ч бас харуулж байгаа хэрэг. Засгийн газрын зүгээс ач холбогдол өгч байгаа хэд хэдэн зүйл бий. Нээлттэй, ил тод, өрсөлдөх чадвартай ийм улс оронд баялаг их байсан ч, бага байсан ч эдийн засаг нь амжилттай хөгжиж, хөгжингүй орон болж чаддаг юм байна.

    Тиймээс бид компанийн засаглалыг ил тод, цөөнхийн өмчлөлөөс олон нийтийн өмчлөл рүү хувьцаа хэлбэрээр явуулах шийдвэрийг гаргаж байгаа. Жишээ болсон анхны алхам нь Тавантолгойн  536 хувьцааг ард иргэддээ тараасан. Монгол улсын иргэн бүр хөрөнгийн биржийн харилцаанд орох эрх нь ийнхүү нээгдсэн. Хөрөнгийн биржээр дамжин тэдэнд үр өгөөж нь очино. Таван Толгой компанид ч иргэд  хяналтаа тавина. Бусад томоохон компаниудыг, ялангуяа төрийн өмчит компаниуд болох “ Эрдэнэт”, МЦХ компани, МИАТ, эрчим хүч, төмөр замын хувьчлалыг бид яг энэ зарчмаар нээлттэй явуулна. Өөр томоохон компаниудыг ч бид хөрөнгийн зах зээл дээр гарахыг уриалж байна хэмээн ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

  • ЕРӨНХИЙ САЙД СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЛАА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Баясгалан хэмээн усан луу жилийн орон нутаг дахь албан томилолтоо наран ургах зүг, Сүхбаатар аймгаар үргэлжлүүллээ. Өнгөрсөн өвөл өнтэй сайхан болж, ард иргэдийн сэтгэл тэнүүн, аж амьдрал нь өнгөлөг байгаа нь очсон газар орны иргэдийн ахуй амьдрал хэлж ярьж байгаа үгнээс харагдаж байна. Энэ жил тус аймгийн 70 жилийн ой тохиож байгаа. Энэ хугацаанд түүхэндээ анх удаа хамгийн их буюу нэг сая наян мянган мал тоолуулжээ. Сүхбаатар аймаг мал аж ахуйд суурилсан эдийн засагтай. Зөвхөн энэ салбараас 2011 онд 200 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн үзүүлэлтээр луу жилээ угтжээ. Түүнчлэн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа тухай аймгийн удирдлагууд хэлж байна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн хүн ам өсч ард иргэдийн амьжиргаа харьцангуй дээшилсэн үзүүлэлт гарчээ.


    Засгийн газрын тэргүүнийг бүрэн эрхийнхээ хугацаанд тус аймагт хоёр ч удаа ажиллаж, Сүхбаатарчуудын өмнө тулгамдсан томоохон асуудлыг бодитой шийдвэрлэж байгаад иргэд ам сайтай байна. Баруун-Урт болон Дарьганга суманд хийсэн уулзалтын үеэр иргэд унаган нутгийн хүү, Монгол Улсын Ерөнхий сайд таныг нутгийн иргэд чинь дэмжиж, уул ус тань үргэж ивээж байгаа шүү хэмээж байлаа. Ерөнхий сайд энэ удаад Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэлийн талаар танилцуулахын зэрэгцээ иргэд хөдөлмөрчдийн санаа бодлыг сонсч, тодорхой хариулт өглөө.

    Хямралын үед хасах 1.6 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 17.3 орчим хувьд хүрч, Хөгжлийн банкны ажлыг эхлүүлж, шинэ төмөр зам, аж үйлдвэрийн цогцолборууд, бүх аймгийг нийслэлийг холбосон  авто замын ажлыг эхлүүлэхээр болоод байна. Тухайлбал Сүхбаатар аймгийг Улаанбаатартай холбох авто замын ажлыг ирэх тавдугаар сард эхлүүлэхээр шийдвэрлэснээ Засгийн газрын тэргүүн энэ үеэр дуулгалаа. Түүнчлэн Засгийн газар “100000 орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ бодлогын хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох боломжийг  бүрдүүлснээ Ерөнхий сайд С.Батболд хэлсэн нь иргэдийн хүсэн хүлээсэн хариулт байлаа. Энэ хөтөлбөрийн тодорхой хувь Сүхбаатар аймагт хэрэгжинэ.

    С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын үед “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг баталж, “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн төдийгүй бүх суманд “Мал эмнэлэг, үржлийн тасаг” байгуулах, мал сүргийг 3 жил дараалан үнэ төлбөргүй тарилга, туулга, угаалгад хамруулах “Таван-Эрдэнэ” арга хэмжээг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Малчин хүнийг мэргэжилтэн гэж хүлээн зөвшөөрч мэргэжлийн үнэмлэх олгох, Хөдөө аж ахуйн бирж байгуулах бэлтгэлээ хангасан гээд хөдөө аж ахуйн салбарт хийгдсэн томоохон ажлуудыг малчид ихээхэн сайшааж байна.

    Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Засгийн газраас дэмжих бодлого барьж  байгааг ч ерөнхий сайд хэлсэн. Тухайлбал жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас энэ оныг дуустал чөлөөлнө. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа зээлийн дээд хэмжээ 50 сая  байсныг 500 сая төгрөгт хүргэж, зээлийн хугацаа 3 жил байсныг 5 жил,  хүүг жилийн 12 хувьтай байсныг 7 хувь болгох зэрэг санхүүгийн хөнгөлөлтүүдийг бий болгоод байгаа тухай Ерөнхий сайд С.Батболд мэдээллээ.

    Сүхбаатарчуудтай хийсэн уулзалтын үеэр амжилт, сайн сайхан зүйл их байгаагаас гадна бас хийж шийдвэрлэх асуудал ч байна гэдгийг дурьдаж байлаа. Иргэд цалин тэтгэвэр тэтгэмж, ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөг, хязгаар нутгийн иргэдэд нефт бүтээгдэхүүний хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг ихээхэн сонирхож байгаагийн зэрэгцээ төрийн албаны дунд шатны хүнд суртал хэрээс хэтэрч байгааг тэд шүүмжиллээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эдүгээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд амьдарч байгаа жанжин Д.Сүхбаатарын ойрын хамаатан 106 настай Б.Лхамсүрэн гуайд байрны түлхүүр гардуулж байгаагаа дуулгасан нь гэнэтийн бэлэг байлаа хэмээн түүний охин 75 настай Дуламсүрэн түлхүүр гардах үеэр хэлж байлаа.

    С.БАТБОЛД: МОНГОЛ УЛСЫН ХИЛ МӨНХӨД АМГАЛАН БАЙГ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хаврын тэргүүн сарын шинийн 15-нд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд ууланд гарч төр улс, ард иргэдийнхээ ажил амьдрал, улс орныхоо хөгжил дэвшил, хийморь сүлдийг даатган залбирлаа. Үүний дараа тэрээр  Монгол Улсын дархан хилийн 999 дүгээр тоот багантай танилцсан юм. Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын хил мөнхөд амгалан тайван байхын ерөөл дэвшүүлээд хилийн 999 дүгээр багана дээр ирж байгаадаа монгол хүний хувьд, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын иргэний хувьд, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд баяртай байна. Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсын иргэн байна гэдэг хязгааргүй их аз завшаан хувь тавилан юм хэмээн бахархаж байлаа. 

    Өмнө нь Ерөнхий сайд С.Батболд Гадаад харилцааны дэд сайдын албыг хашиж байх үедээ хилийн дагуух бүх баганыг шинэчлэх ажлыг БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын хэлэлцээрийн дагуу хийж байжээ. Тэрээр энэ ажлыг өөрийн биеэр ахалж, амжилттай хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр Монгол Улсын бүх хилийн баганыг боржин чулуугаар хийж шинэчилсэн нь хилийн  аюулгүй байдлыг баталгаажуулсан явдал юм хэмээн хилчид ярьж байна. Биднийг хил дээр очиход Дорноговь аймгаас хилийн цэргийн 0184-р ангийн татагдан ирж алба хааж байгаа ахлах дэслэгч Н.Мөнхсайхан, байлдагч Н.Дэлгэрбаяр нартай үүргээ гүйцэтгэж байхтай бид таарсан юм.

    Ерөнхий сайд С.Батболд Хамгийн эрхэм нандин, хариуцлагатай албыг хашиж эх орныхоо тусгаар тогтнол энхийн манаанд зогсож байгаа байлдагчидтай гар барин мэндлэж та нар бол жинхэнэ эх орончид юм, Засгийн газрын тэргүүний хувьд би зориуд орон нутагт ажиллахдаа хилчидтэйгээ уулзая, эх орныхоо хилийн нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ та бүхнийхээ санал бодлыг сонсоё гэсэн зорилго өвөртлөн ирсэн гэдгээ тэдэнтэй ярилцах үеэрээ хэлж байлаа.  

    СҮХБААТАР СУМ ӨНДӨР ХУРДНЫ ИНТЕРНЭТЭД ХОЛБОГДЛОО

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн жилСүхбаатар аймагт ажиллахдаа Засгийн газраас Монгол Улсын бүх сум, суурин газрыг өндөр хурдны интернетийн шилэн кабельд холбох ажлыг эхлүүлэхээ мэдэгдсэн. Тэгвэл жилийн дараа энэ ажил биеллээ олж Улаанбаатар хотоос 700 шахам км-т орших тус аймгийн Сүхбаатар сум өндөр хурдны  интернэтийн сүлжээнд холбогдлоо. Зөвхөн сүлжээнд холбоод зогсохгүй сургууль, Засаг даргын Тамгын газарт интернэт танхим байгуулахыг ажлыг хийжээ.

    Ерөнхий сайд тус суманд ажиллах үеэрээ сургуулийн интернэт танхимын нээлтийн ажиллагаанд оролцож  интернэтийн сүлжээ нь улс бүсийг холбоод зогсохгүй иргэн бүрийг холбодог онцлогтой. Тиймээс иргэн бүрийн оролцоог олон талт үйлчилгээнд хамруулахад ихээхэн үр дүнгээ өгөх юм хэмээн хэллээ. Ийнхүү тус сум интернэтэд холбогдсоноор цахим арилжаа, хөдөлмөр, хөдөө аж ахуйн бирж гээд бүхий л салбарт олон төрлийн цахим үйлчилгээг өндөр хурдны сүлжээгээр авах боломж бүрдлээ. Тус сургууль 433 хүүхэд, 25 багш, ажилтантай. Багш, сурагчдын хувьд өндөр хурдны интернэтийн танхимтай болсондоо баяртай байна.

    Ерөнхий сайдын эмэг эх 1925 онд байгуулагдсан тус сургуулийн анхны 15 суралцагчийн нэг байсан бөгөөд 87 жилийн дараа түүний ач хүү, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ирж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлж өгсөнд талархаж байгаагаа сургуулийн захирал С.Сарантуяа илэрхийллээ. 

  • “Нэг цонхны үйлчилгээ” үр дүнгээ өгч байна уу

    Энэ үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, ололт амжилт, алдаа дутагдал, цаашдын зорилтыг хэлэлцэж туршлага солилцох Үндэсний зөвлөлгөөн ирэх даваа гаригт Төрийн ордонд эхэлнэ. “Нэг  цонхны үйлчилгээ” (НЦҮ)-ний хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилт сэдвээр уг зөвлөлгөөнийг зохион байгуулах юм байна. Энэ үеэр 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, хоёр сум, хоёр хороонд байгуулагдсан НЦҮ-ний төвүүдийн үйл ажиллагааны  тухай мэдээлэл солилцох ажээ. Тус зөвлөлгөөнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  оролцоно. Зөвлөлгөөнөөс НЦҮ-ний үйл ажиллагааг улам сайжруулахтай холбоотой зөвлөмж гарч, мөн энэ сэдвээр илтгэлийн уралдаан ч болох юм байна.

  • Ерөнхий сайд БНСУ-д айлчилна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар 2011 оны 3 дугаар сарын 23-26-нд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ.

    Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигтэй хэлэлцээ хийж, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багт бараалхана. Мөн “Солонгос дахь Монголын жил”-ийн арга хэмжээг албан ёсоор нээнэ. Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын төр, засгийн удирдлагатай Монгол Улс, БНСУ-ын “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны Түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцож ярилцана.
     
    Ерөнхий сайд С.Батболд мөн айлчлалын үеэр Солонгосын эдийн засгийн гол холбоодын тэргүүн нартай уулзаж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын  асуудлаар санал солилцож, Монгол-Солонгосын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцоно.

    Айлчлалын үеэр Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон анагаах шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай, Барилга, боомт, тээвэр, логистикийн салбарт хамтран ажиллах тухай, Төмөр замын салбарт хамтран ажиллах тухай, Яармаг орчмын шинэ орон сууцны хорооллын усан хангамжийн эх үүсвэрийг барих төсөлд БНСУ-ын КОЙКА байгууллагаас буцалтгүй тусламж олгох тухай, Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай баримт бичгийг тус тус байгуулна. 
       
    Ерөнхий сайд С.Батболд Сөүлд байх хугацаандаа БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийнэ.

  • Ерөнхий сайд Сингапур, Австрали улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнг-ийн урилгаар 2011 оны 2 дугаар сарын 16-19-нд Сингапурт Улсад, Австрали Улсын Ерөнхий сайд Жулиа Гиллардын урилгаар мөн сарын 19-24-нд Австрали Улсад тус тус албан ёсны айлчлал хийнэ.

    Ерөнхий сайд С.Батболд Сингапур, Австрали Улсын Ерөнхий сайд нартай яриа хэлэлцээ хийж, Монгол Улсаас эдгээр улстай тогтоосон найрсаг харилцааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, техникийн болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцоно.
    Айлчлалын үеэр Монгол-Сингапур, Монгол-Австралийн бизнесийн форум тус тус зохиогдоно.

    Ерөнхий сайд С.Батболд Сингапурын Ли Кван Ю-гийн нэрэмжит Төрийн  бодлогын Их сургуульд Монгол Улсын хөгжлийн асуудлаар лекц уншина. Мөн Марина Сандс урлагийн музейд зохиогдох Чингис хааны өв олон улсын үзэсгэлэнг нээнэ.

    Австрали Улсад хийх айлчлалын үеэр хоёр тал хөдөө аж ахуй, боловсролын салбарын яамд хооронд болон Австралийн Үндэсний их сургууль, МУИС-хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

  • Монгол Улсын Ерөнхий сайд АНЭУ-д айлчилж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Арабын Нэгдсэн Эмират Улсад 2011 оны 1 дүгээр сарын 8-10-нд ажлын айлчлал хийж байна. Ерөнхий сайдыг дагалдан яваа төлөөлөгчдийн хамт тусгай нислэгээр Абу Даби хотын олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхий сайдын орлогч, Газрын тосны сайд болон албаны бусад хүмүүс угтан авлаа.

    АНЭУ нь өнөөдөр дэлхийн хамгийн хурдтай хөгжиж байгаа улс бөгөөд газрын тосны баялаг нь амьжиргааны үндсэн гол эх үүсвэр нь болдог. Өмнө нь манайхаас Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад өндөр дээд хэмжээний айлчлал хийж байсан бол гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд  анх удаа ажлын айлчлал хийж байгаа нь энэ юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд айлчлалынхаа эхний өдөр  эргэлдүүлж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ дэлхийд толгой цохих болсон Абу Даби хөрөнгө оруулалтын зөвлөлийн захирал шейх Хамед Бин Заид Аль Нахьяантай уулзаж өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. 

    Ерөнхий сайд уулзалтын эхэнд өөрийн орны эдийн засаг улс төрийн байдал, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр дэлхийн том зах зээл бүхий  улс орнуудтай хэрхэн ажиллаж байгаа болон далайд гарцгүй орны хувьд хөрш 2 том гүрэнтэйгээ ямархуу гэрээ хэлцэл  байгуулсан  талаараа мэдээлэл өгөв. Мөн хүн ам цөөхөн, жижиг зах зээлтэй АНЭУ-ын хурдтай хөгжлийн туршлагаас судлах сонирхолтой байгаагаа илэрхийлээд Монголд хэрэгжих дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулах чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг хэллээ.

    Шейх Хамед Бин Заид Аль-Нахьяан Ерөнхий сайд С.Батболдыг эх орондоо тавтай морилохыг уриад Абу Даби хөрөнгө оруулалтын газар нь Монгол Улстай харилцаагаа хөгжүүлж, сайн төсөл дээр хамтран ажиллах боломжийг судалж байна гэлээ. Түүнчлэн манай улсын бусад улс орнуудтай хийж байгаа гадаад худалдаа, ачаа тээвэрлэлт, тариф татварын талаар сонирхон асууж байлаа. Уулзалтын үр дүнд 2 тал ажлын хэсгийн түвшинд ойрын хугацаанд дахин уулзаж хамтын ажиллагааны  асуудлаар ярилцахаар тохиров.

    Абу Даби хөрөнгө оруулалтын газар нь 1971 онд байгуулагдсан бөгөөд 2010 Төрийн өмчийн сангийн жагсаалтад тэргүүн байрт бичигдсэн, 630 сая ам.долларын хөрөнгийн сантай ажээ. Хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Япон банкны дараагаар хоёрт ордог байна.

    Мөн өдөр Ерөнхий сайд Батболдод АНЭУ-ын Зэвсэгт хүчний дээд командлагчийн орлогч Абу Дабигийн үе залгамжлах хунтайж шейх, генерал Мухаммад Бин Заид Аль Нахьяан, АНЭУ-ын Ерөнхий сайдын орлогч нарын хүмүүс  бараалхаж  хүндэтгэл үзүүлэв. Уулзалтын үер Монгол Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай өргөн хүрээтэй асуудлаар ярилцавгэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.