Ангилал: хэлсэн-үг

  • УИХ-ЫН ГИШҮҮН С.БАТБОЛД ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН, БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

    Говийн бүсийн хөгжлийн бодлогыг хэлэлцэхээр говь нутгаар овоглосон ард түмнийг төлөөлөн ирсэн төлөөлөгчид болон энд цугласан бусад оролцогч Та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.

    2020 онд Монгол Улсын Их Хурын баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг “Хариуцлагатай уул уурхай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, палеонтологийн аялал жуулчлалын бүс” болгон баталсан.   

    Энэхүү хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Бүсчилсэн хөгжлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн нөхцөл бодит боломж бий болж байна.

    Тэр агуулгаар өнөөдөр  бид говь нутгийн аж амьдрал, өнөөгийн цаг үед тулгамдаж байгаа асуудлын талаар харилцан ярилцаж, говь нутгийн хөгжлийн гарц, нөхцөл боломжийн талаар харилцан мэдээлэл солилцож, санаа бодлоо нэгтгэн төр засгийн бодлого шийдвэрт саналаа илгээхээр цуглаад байна.

    2010 онд бид монгол улсаа хэрхэн хөгжүүлэх талаар бизнес, төрийн бус байгууллага, хөрөнгө оруулагчид төр засагтайгаа нэгдэж хэлэлцээд төрийн бодлого, хууль эрх зүйн орчинд оруулах, өөрчлөлт хөгжлийн бодлогоо гаргах үүднээс Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол эдийн засгийн форумыг үүсгэн байгуулалцаж байсан. Энэ нь ч гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, монгол “мода”-нд орж байлаа.

    Энэ мэт бодлогуудын үр дүнд 2011 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувь хүртэл нэмэгдэн гадаадын хөрөнгө оруулалт 5 тэрбум долларт хүрч, амжилт тогтоосон. Харамсалтай нь 2012 оны сонгуулийн дараа бид гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, эдийн засгийн өндөр өсөлтөө унагасан.

    Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийн үр дүнд эдийн засгийн өсөлтийг үүнээс ч илүү хурдтай өсгөх боломж тэр дотроо манай говийн бүсэд илүү үүсээд байна.

    Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Бүсчилсэн хөгжлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх улс төр, нийгмийн нөхцөл бүрдсэн өнөөдрийн энэ алтан боломж, “Говийн хөгжлийн цаг”-ийг Та бид алдаж болохгүй юм.

    Говийн бүсийн хөгжлийн хэлэлцүүлгийн үеэр ярилцах боломжтой хэд хэдэн сэдвийг хэлэлцүүлгийн эхэнд дурьдах нь зүйтэй гэж бодож байна.

    Нэгдүгээрт, Говь нутаг газрын хэвлийн баялагтаа түшиглэн нефт боловсруулах үйлдвэр, хангах цахилгаан станц, техник технологийн ололт амжилтууд дээр суурилсан нүүрс химийн үйлдвэр, аж үйлдвэрийн паркуудыг бүтээн босгож, “Говийн аж үйлдвэрийн кластер бүс” бий болгох бодлого, хэрэгжилтийн талаар ярих нь зүйтэй.

    Хоёрдугаарт, Говь нутаг сэргээгдэх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Энэхүү нөөцөө ашиглан “Говийн ногоон эрчим хүч”-ээр улс орныхоо өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангаж, цаашлаад экспортлох ажлыг ч эрчимжүүлэх боломжтой.

    Гуравдугаарт, Говь нутгийн онгон дагшин үзэсгэлэнт байгаль, боржигон соёл, дуу хуур, айраг цагаа, палеонтологийн олдворууддаа түшиглэсэн аялал жуулчлалын “Говийн аялал жуулчлалын тойрог” маршрутыг хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах нь юуны өмнө орон нутагт ажлын байрыг олноор нэмэгдүүлэх, орлогын эх үүсвэр болох учиртай. Үүний тулд аялал жуулчлалын төвүүдийг үе шаттайгаар олон улсын түвшинд хүргэн хөгжүүлжэх нь чухал.

    Дөрөвдүгээрт, Зам дэд бүтцийн асуудал. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Боомтын сэргэлт”, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээнүүдийн хүрээнд багагүй дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд байна.

    Цаашид хойд урд хилийг холбосон хос төмөр зам, хос авто замыг барьж байгуулах, боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулах, төмөр замын холболтуудыг гүйцээх, “Говийн тээвэр ложистикийн кластер бүс” байгуулах томоохон бүтээн байгуулалтын ажлууд биднийг хүлээж байна.

    Мөн энэ онд баригдаж эхэлж буй Говьсүмбэр-Дундговь аймгуудыг холбосон хатуу хучилттай замын ажлыг үргэлжлүүлэн Өмнөговь-Дорноговь аймгуудыг холбож, говийн бүсийг авто замаар бүхэлд нь холбох “Говийн тойрог зам” төслийг бодит ажил болгон хэрэгжүүлэх хэрэгтэй.

    Тавдугаарт,  Малчин түмнээ дэмжин орлогыг нь нэмэгдүүлж, мал сүргээ өсгөн уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, анхдагч түүхий эдийг боловсруулах, ноос ноолуур, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүний үйлвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, говь нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг гадаад дотоодын зах зээлд нэвтрүүлж, “Говийн чинээлэг малчин өрх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв юм.

    Зургаадугаарт, Өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийн үеэр зайлшгүй ярилцах ёстой бас нэгэн асуудал бол байгаль экологийн асуудал.

    Цөлжилттэй тэмцэх, малын бэлчээрийн хомсдлоос сэргийлэх, ховор амьтан ургамлын төрөл зүйлийг говийн бүсэд хамгаалах зэрэг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж буй сөрөг нөлөөллийн асуудал юм.

    Цөлжилтийг бууруулах ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” аяныг хэрэгжүүлж, говь нутагт хамгийн тохиромжтой харгана тарих “Говийн харгана” хөтөлбөрийг шинээр эхлүүлэхийг уриалж байна.

    Борооны усыг хуримтлуулж, саарал усыг цэвэршүүлэн ариутгаж, хүн мал, хүнд үйлдвэрүүд, хөдөө аж ахуйг усаар хангах “Говийн урсгал” төслийг хэрэгжүүлэх нь говийн бүсийн бидний томоохон зорилтуудын нэг байх учиртай.

    Мөн уул уурхайн байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахын тулд экологид хор хөнөөл багатай уул уурхайн технологийг нутагшуулах хууль эрхзүйн орчин бүрдүүлэх шаардлага ч Та бидний өмнө тулгараад байна.

    Долоодугаарт, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх. Аливаа үйлдвэрүүд хөгжих, ард иргэд тав тухтай оршин суухад хатуу зөөлөн дэд бүтэц эхлээд хөгжих ёстой. Үүний тулд говь нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ, үр ашгийг нэмэгдүүлэх шаардлага байгааг хөгжлийн хөтөлбөрүүдэд онцолсон байдаг.

    Энэ асуудалд  миний бие УИХ-ын гишүүний хувиар өндөр ач холбогдол өгч, ажиллаж ирсэн. Үүний үр дүнд  Дундговь аймгийн төсвийн хөрөнгө оруулалт 2016 онд  4.5 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 46.9 тэрбум болж 10 дахин нэмэгдсэн.

    Мөн Говьсүмбэр аймгийн улсын төсвийн хөрөнгө оруулалт 2016 онд 998.7 сая төгрөг байсан бол 2024 онд 39 дахин нэмэгдэж, 39 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр, Дундговь аймгуудыг холбосон авто зам, аймаг тус бүрт дулааны станц, эрүүл мэндийн төв, усан бассейн бүхий спорт цогцолбор, ахмадын өргөө, 6 сургууль, 6 цэцэрлэг, 7 соёлын төвийн барилга зэрэг олон бүтээн байгуулалт өрнөж, зарим нь эхэлж байна.

    Цаашид төсвийн хөрөнгө оруулалтыг Говийн бүсийн хэмжээнд нэгдсэн бодлоготойгоор нэмэгдүүлэх, оновчтой болгох боломж нэмэгдэж байна.

    Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зөв бодлогын үр дүнд 2022-2023 онуудад эдийн засгийн өсөлт аажмаар нэмэгдэж байна. Үр дүнд төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байна.

    Эцэст нь, бүс нутгийн хэмжээний эдгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, манлайлал, туршлага хэрэгтэй.

    2010 оноос Засгийн газар тухайн үеийн УИХ-ын шийдвэрийн дагуу ард иргэддээ эх орны хишиг хувь хүргэж анх удаа эхэлсэн гэдгийг та бүгд санаж байгаа. Ахмадуудад 1.5 сая төгрөг, оюутнуудад хоёр жил дараалан жил тутам 500 мянган төгрөг, иргэн бүрт сарын 21 мянган төгрөг болон Эрдэнэс Таван Толгой төрийн өмчит компанийн 1072 хувьцаа гэх мэтээр “Говийн хишиг”-ийг монголын ард түмэн нийтээрээ хүртэж эхэлсэн, өнөөдрийг хүртэл улсын болон орон нутгийн хэмжээнд үргэлжилж байна.

    Энэ бол уул уурхайн баялгийн хишгийг ард иргэдэд хүргэсэн хөгжлийг дэмжсэн нийгмийн бодлогын илэрхийлэл юм.

    Хүнээ хөгжүүлэхэд зориулсан эдгээр хөтөлбөр нь өнөөдөр Тавантолгой ХК-нийн ногдол ашиг, Өмнөговь аймагт “Нутгийн хишиг” хэмээн үргэлжилж байна. Цаашид ч энэ бодлогоо хэрхэн зөв оновчтой үргэлжлүүлж, ядуурлыг бууруулах, боловсрлыг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зэргээр нийгмийн хөгжлийг дэмжсэн салбаруудад хэрэгжүүлэх талаар анхаарах нь чухал юм.

    Улсын хэмжээнд говийн бүсийн хөгжлийг чухалчилж, төсвийн бодлогыг төвлөрүүлж, хөгжлийн бодлогыг чиглүүлэн байж эдгээр томоохон хөтөлбөр эхлэж хэрэгжих боломж бүрдэнэ. Үүний тулд УИХ ч, орон нутгийн хурал засаг захиргаа ч, ард иргэдийн түвшинд ч бодлогоо нэгтгэх, ажил хэргээ уялдуулах, манлайлал гаргах шардлагатай. Ийм нэгдсэн бодлого, хандлагыг бүх түвшинд бүрдүүлэхэд Та бидний өнөөдөр хэлэлцэж буй энэ ажил чухал ач холбогдолтой.

    Шинэ эрч хүчтэй, санал санаачилгыг дэмжиж ажиллах нь нэг талаасаа үүрэг, нөгөө талаасаа хөгжлийн боломж гэж үздэг хүний хувьд өнөөдрийн энэ хэлэлцүүлгийг ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болж байна гэж бодож байна.

    Энэхүү хэлэлцүүлэг Говь нутгаар овоглосон Та бидний хувьд цаашдын хөгжил дэвшлийнхээ бодлогын талаар бодит мэдээлэл авч, шинэ санал санаачилга гаргаж, нэгдсэн ойлголтод хүрсэн үр дүнтэй хэлэлцүүлэг болно гэдэгт итгэлтэй байна.

    Зөвлөгөөний ажилд амжилт хүсье.

    Баярлалаа.

  • С Батболд: Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээр бодит байдалдаа дүгнэлт хийлгэмээр байна

    Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэх үеэр өөрийн санал бодлоо илэрхийллээ.

    Энэ ажлыг хий уриа лоозон биш бодит ажил болгох үүднээс мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бүхий дэд хороо байгуулан өмнө гарсан бодлого шийдвэр, технологийн нөхцөл байдал, аюул занал, боломжуудын талаар нарийвчилсан судалгаа хийлгэж, дүгнэлт хийх хэрэгтэй байна.

    Ингэснээр цахим орчинд бидний дэвшүүлж буй зорилтуудад хүрэх арга зам, хууль эрх зүйн орчныг хэрхэн өөрчлөх шийдлүүд илүү тодорхой, бодит болох юм.

  • Сү.Батболд гишүүн Сүхбаатар дүүрэгт ажиллалаа

    МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлгээс санаачлан ард иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонсох, ахуй амьдралтай танилцах, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодитой мэдээлэлээр хангах, тэдний санал бодлыг сонсч үйл ажиллагаандаа тусгах зорилго бүхий ” Иргэдийн цаг” хэмээх аяныг эхлүүлсэн билээ. Аяны үйл ажиллагаа энэ сарын 13-наас Дорноговь, Говьсүмбэр аймгаас эхэлсэн. Харин нийслэлд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн иргэдийн саналыг сонсч эхэллээ. Өчигдрийн хувьд УИХ-ын гишүүд гурван багт хуваагдан, Сүхбаатар дүүрэгт ажиллалаа.
    Сү. Батболд гишүүнээр ахлуулсан багийнхан Сүхбаатар дүүргийн таван хороонд ажиллаж иргэд, оюутан залуус, худалдаа эрхлэгчидтэй уулзсан юм. Эрхэм гишүүний хувьд олон жилийн өмнө тус дүүргээс сонгогдон төрийн түшээ болж байсан, тус дүүргийн иргэдийн зовлон жаргалыг багагүй гадарладаг болохоор ч тэр үү гишүүнийг ажиллах сургаар иргэд олноороо цугласан байв.

    Тэд хамгийн түрүүнд Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр дэлгүүрийн хойд талд 22 дугаар байрны иргэдтэй уулзлаа. Энэ хавийн байрууд Улаанбаатарын дахин төлөвлөлтөд орсон хэдий ч одоо хүртэл хэрхэн яаж шийдэгдэх гэж байгаа нь тодорхойгүй байгаа тухай учирлаж байлаа. Мөн иргэд энэ тойргоос сонгогдсон гишүүд огт харагддаггүй, ядахдаа зөвлөх, туслах гэсэн хүмүүсээ явуулаад тойрогтоо юу хийж байгаа, иргэд нь хэрхэн амьдарч байгаа талаар танилцаж болно доо гэх шүүмжийг ч дайгаад авна лээ. Харин тус тойргооос сонгогдоогүй ч гэсэн УИХ-д сууж байгаагийн хувиар иргэдтэйгээ уулзаж, бодит байдалтай танилцаж буйд баяртай байгаа иргэд харин олон байлаа. Хүн бүр л зовлон бэрхшээлээ ярих гэж гишүүний хажууд дараалал үүсгэж байсан юм. 22 дугаар байрны оршин суугчдаас гарч байгаа саналын дийлэнх нь дахин төлөвлөлттэй холбоотой гомдол байв. Тус байрыг иргэдээс маш хямд үнээр худалдан авч байгаа хэрнээ дахин шинээр баригдах байрнаас олгохдоо зах зээлийн ханшаар өгнө гэсэн байна. Тэгэхээр тус байрны оршин суугчид шинэ байрнаас авах боломж тун хомс болж байгаа аж. Түүнээс гадна энэ байрыг акталж нураах Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан тул гаднаас интэрнэт ашиглах, кабелийн телевиз үзэх боломжгүй болжээ. Энэ хавийн айлууд зөвхөн сансар кабелийн сувгийг үзэх хязгаарлагдмал байдалд орсон байна. Энэ мэтчилэн олон санал хүсэлтийг эрхэм гишүүнд уламжиллаа.

    Сү.Батболд гишүүн Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны иргэдтэй уулзсаны дараа Оюутны хотхоны дунд ирж, оюутнуудтай уулзсан юм. Оюутан залуус УИХ-ын гишүүнтэй уулзаж санал хүсэлтээ ярих гээд цагийн өмнөөс цугласан гэнэ. Оюутнуудын хувьд аав, ээжийнх нь цалин нэмэгддэггүй хэрнээ сургалтын төлбөр өсөөд байдаг, сургалтын төлбөр өссөн байгаа хэрнээ сургалтын чанарт ахиц гардаггүй гаж тогтолцоо байгааг ам уралдан ярьсан. Үүнээс гадна оюутны тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг сургалтын голч оноогоор өгнө гэсэн нь тэнцвэргүй байна. Гэтэл улсын сургуулиудын үнэлгээ тун өндөр, харин хувийн сургуулиудын үнэлгээ бага байдаг. Мөн сар бүр олгох ёстой мөнгийг улиралд нэг л удаа олгодог талаар гомдоллож байсан. Үүнд Сү.Батболд гишүүн ” Сургалтын голч оноогоор тэтгэлгийг олгохыг дэмжиж байгаа. Учир нь оюутан залуус хариуцлагатай, тэмүүлэлтэй байх ёстой. Харин бүр байхгүй болгоно гэвэл торгууль болно. Тэдэнд торгууль биш, урамшуулал хэрэгтэй. Харин голч онооноос дээгүүр байвал хувь тэнцүүлсэн хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой гэсэн зарчим баримтлах ёстой ” гэснийг оюутнууд дэмжиж байлаа. Мөн оюутны байрны гаднах орчин тохижилт сайтай, биеийн тамирын талбайтай, хичээлээ давтах номын сантай, нэг ёсондоо оюутны цогцолбортой болохыг хүсч буйгаа ч илэрхийлж байсан. Ер нь оюутны нэгдсэн цогцолбортой болох нь оюутнуудын хөгжилд тун хэрэгтэй гэдгийг Сү. Батболд гишүүн тодотгож байв. Түүнчлэн хүүхэдтэй оюутнууд их байдаг. Гэтэл хүүхдийг нь харах хүнгүйгээс үүдэн сургуулиасаа чөлөө авч, завсардах явдал их гардаг гэнэ. Тиймээс оюутны хүүхдүүдийг хардаг сургууль, цэцэрлэгтэй болох гэхчлэн оюутны нийгмийн асуудлыг цааш нь УИХ-д уламжилж өгөөч гэсэн хүсэлт оюутнуудаас их гарч байсан юм.

    УИХ-ын гишүүн Сү.Батболдтой уулзаж, уулзалтын зорилго ач холбогдлын талаар лавлахад” МАН-аас ард иргэдтэйгээ уулзах уулзалтыг тогтмол зохион байгуулдаг. Салбар салбарынхантай уулзаж, тэдний санал бодлыг сонсох нь их чухал. Өнөөдөр оюутны байранд амьдарч буй оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа. Улс орны хөгжлийн хамгийн том гарц бол өндөр боловсролтой, чадварлаг ард иргэдтэй байх явдал. Хөгжлийн хамгийн том гарц ч гэж хэлж болно. Тэр ч утгаараа би боловсролын салбарт их ач холбогдол өгч ирсэн. Цаашдаа ч боловсролын салбараа бид тогтвортой, ойлгомжтой, хөгжлийн ирээдүйг харсан, улс орны хөгжлийн нэгэн адил авч үзэх ёстой юм байна гэдэгтэй оюутнууд санал нэг байна ” хэмээн ярьсан юм.

    Оюутнуудтай уулзсаны дараа иргэдтэйгээ уулзахаар алхацгаалаа. Гудамжаар Сү.Батболд гишүүнийг алхаж явахад нас насны хүмүүс хүрэлцэн ирж, гар барьж мэндчилэн, ажилд нь амжилт хүсч байсан нь нүднээ содон тусах. Багийнхан алхсаар 11 дүгээр хорооллын автобусны буудал дээр байгаа иргэдтэй уулзлаа. УИХ-ын гишүүн Сү.Батболдыг автобусны буудал дээр ирэхэд олон хүн бүчиж авлаа. Тэд шууд л ” Ард иргэдийн амьдрал хүнд байна. Өмнө нь өрхийн амьжиргааны орлогоо тухайн сардаа төлөвлөөд ажил амьдралаа яах уу гэдгээ бодож чаддаг байсан бол харин өнөөдөр өдөр хоногоо хэрхэн өнгөрөөхөө мэдэхгүй болж байна” хэмээн дор бүрнээ хэллээ. Харин ахмадууд ” Бидний тэттгэврийг нэмсэн нэртэй ч бараг нэмээгүй. Тэгээд ирэх оноос автобусанд үнэгүй суухыг болиулна гэх юм. Тэтгэврийн бид автобусанд үнэгүй сууж байгаа нь илүү харагдаж л дээ” гэх гомдлын үг ч дайх аж. Ер нь иргэдийн хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн үед огцом өссөн нь амьдралд маш хүн туссаныг гишүүнд хэлж, ирэх оны төсвийг иргэдэд ээлтэй, амьдралд нөлөөлөхүйц наалдацтай болгоход анхаарч ажиллахыг хүсч байлаа. Мөн эдийн засгийн ядуурлаас гадна оюун санааны ядуурал их байна. Улс орноо удирдаж байгаа хүмүүс нь оюун санааны ядууралтай байхад жирийн иргэд, хүүхэд залуус ямар байх билээ дээ гэж халаглах хөгшчүүл ч харагдаж байв. Залуу гэр бүлийг орон сууцжуулах, найман хувийн зээлийг тун хэрэгтэй бодлого гэж сайшаах иргэд ч байлаа.Гэвч энэ зээлийн шалгуур өндөр байгаагаас үүдээд залуу гэр бүлүүд бараг хамрагдаж чадахгүй байгаа аж. “Чингис”, “Самурай ” бонд зэрэг ард түмнийг өрөнд оруулан байж авсан тэр их мөнгөний урсгал яаж, ямар арга замаар юунд зарцуулсан бэ гэж бухимдах нэг нь ч байлаа.

    Дараа нь багийнхан Жоби барилгын дэлгүүрийн хойд талд байрлах 10 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Хамгийн их бухимдалтай байсан иргэд энд байсан гэхэд хилсдэхгүй байх. Хүн амрах зайгүй шахам тус дүүргийн талбайд зогсоо зайгүй барилга барьж, нэгэн иргэний хэлснээр амьсгалах агаар ч алга хэмээн зүйрлэсэн нь хэдийгээр инээдтэй сонсогдсон ч бодит байдал нь ийм л байсан. Гэх мэтчилэн очсон газар бүр асуудал ихтэй байлаа. Энэ удаагийн уулзалт зохион байгуулалтайгаар биш байсан болохоор ч тэр үү их энгийн уур амьсгалтай болсон. Уулзалтын ерөнхий явцыг харахад иргэдийн амьдрал гундуухан болжээ.

  • С.Батболд: Энэ засаг эргэж бухах ажлаа илүү сайн хийж байна


    УИХ-ын гишүүн С.Батболдтой ярилцлаа.

    -Монголын эдийн засгийн форум өнөөдөр эхэлж байна. Та энэ арга хэмжээнд оролцох уу?

    -Саяхан урилга хүлээж авсан. Зарим зүйлүүд дээр санаа бодлоо илэрхийлнэ. Энэ форумыг манай Засгийн газрын үед анх зохион байгуулсан.

    -Чухам ямар шалтгаанаар ийм форум зохион байгуулдаг байя гэж шийдсэн юм бэ

    -Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлоход нийгэмтэйгээ хэлэлцдэг, зөвшилцдөг суваг алга. Зөвхөн УИХ-ын гишүүд, сайд, дарга зэрэг цөөн тооны хүн улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж байгаа нь учир дутагдалтай. Тэр дунд популизм хийж хэн чанга дуугарсан, илүү олон ярьсныг нь бодлого болгох гээд байдаг буруу хандлага байна. Эрдэмтэд, судлаачид, бизнес эрхлэгчид, эдийн засагчдынхаа оролцоог хангаж, илүү судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой гэж үзсэн. Манай улстай хамтран ажилладаг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын төлөөлөл, иргэний нийгмийнхний оролцоог хангаж үгийг нь сонсч төрийн бодлогоо тодорхойлохдоо тусгаж, авах гээхийн ухаанаар ханддаг байх жишиг тогтооё. Тэндээсээ дараа жилийн болон дунд, цаашлаад урт хугацааны хөгжлийн бодлогын төлөвлөлтөө илүү тодорхой болгохын тулд Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулж эхэлсэн. Нэг ёсондоо Давосын дэлхийн эдийн засгийн форумын сайн талыг хуулбарлая гэж шийдсэн.

    -Тэгээд зорилгодоо хүрсэн үү. Төрийн бодлого тодорхойлохдоо сонсох ёстой хүмүүсээ сонсдог жишиг тогтож чадсан уу, өнөөдөр 

    -Эхний хурлууд нийгэмд үр өгөөжөө өгсөн гэж боддог. Бидэнд чиг баримжаа болсон. Бидний чих нээлттэй болж, олон ургалч үзэл бодлыг хүлээн авч байсан. Сүүлийн хоёр жилийн форумд илүү ахиц дэвшил, шинэ өнгө аяс байгаа байх. Тухайлбал Давост Монголын талаар хэлэлцүүлэг хийж тэрхүү Сценариог энэ удаагийн хуралд танилцуулах гэх мэт. Харин сул тал гэвэл сүүлийн хоёр удаагийн эдийн засгийн форумыг харж байхад эрх баригчдын буюу хэт нэг тал руу чиглэж байна уу гэж боддог. Нээлттэй байх, сөрөг хүчин болон санаачлагчидийн оролцоог хангах тал дээр учир дутагдалтай хандаж байна. Дээр нь иргэний нийгэм, бизнес эрхлэгчид болон бусад талуудын тэгш оролцоо хангалтгүй байна.

    -Тэднийг, тухайлбал иргэний нийгмийнхнийг та нар, танай засаг тэгж их сонсдог байсан юм уу?

    -Иргэний нийгмийн оролцоог хангахдаа ганц удаагийн хурал дээр сонсоод өнгөрөх нь учир дутагдалтай. Бидний үед төрийн бодлого тодорхойлоход иргэний нийгмийн оролцоог хангах, энэ талын эрх зүйн орчныг боловсронгуй болгооч гэдэг санал гарч байсан. Тэр дагуу нь Иргэний нийгмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг гаргасан. Хурал уулзалт зөвлөгөөнийг тусгайлан хийж байсан. Ер нь эдийн засгийн хөгжил, томоохон сорилтыг популист  гэхээсээ илүү бодитой судалгаа, шинжилгээ, тооцоон дээр үндэслэж шийдэж байх ёстой. Бид энэ зарчмыг нэвтрүүлэх оролдлогыг байнга хийж ирсэн. Үр дүнд нь 2009 онд эдийн засаг хасах үзүүлэлттэй байсан бол 2010 оноос эхлэн бага зэрэг өндийж 2011 онд 17-18 хувьд хүрсэн.  2012 онд үүнээс ч илүү өсөлттэй гарах хүлээлт байсан. Гэвч 13 хувийн өсөлттэй гарсан. Өнгөрсөн Засгийн газрын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шийдвэрүүд эдийн засгийн өсөлтийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь үндсийг тавьсан гэж үзэж байсан. Бид ингэж дүгнээгүй. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, дэлхийн эдийн засгийн форум, өрсөлдөх чадварын судалгаа гаргадаг байгууллагуудаас Монгол Улсын эдийн засаг урт хугацаанд тогтвортой буюу жилдээ 15 хувиар өсөх тооцооллыг хийсэн. Тасралтгүй 20 гаруй жил эдийн засаг нь хурдацтай өсөх боломж байна гэсэн дүгнэлтийг гаргаж байсан.

    -Одоо эдийн засгийн өсөлт, хурд ямар төвшинд байна вэ.

    -Одоо өсөлтийн хурдац удааширсан байна. 17, 18 хувьтай байсан эдийн засаг өнгөрсөн онд 11 хувь боллоо. Энэ нь өөрөө өсөлтийн хурдац унаад байгааг харуулж байгаа юм. Ямар нэгэн хэмжээнд өсөлт бол  байгаа нь байгаа. Хурд нь унасан болохоос өсөлт нь унаагүй. Өсөлтийн хурд цаашид улам удаашрах бодитой эрсдэл, сорилтууд ч харагдаж байгаа.

    -Удааширсан өсөлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд энэ удаагийн эдийн засгийн форумаас та юу хүлээж байна вэ?

    -Энгийн зүйлээс эхлээсэй. Бодит судалгаа шинжилгээг ажил хэрэгчээр хийж түүнд үндэслэсэн шийдвэр гаргах нь зүйтэй. Төр засгийн шийдвэрүүд амьдралд ойрхон тусах, үр дүнгээ өгөх талд илүү анхаармаар байна. Юуны түрүүнд эдийн засагт ажлын байр олноор бий болгож буй салбарууддаа Засгийн газар өөрт байгаа хөшүүрэг механизм болох татвар, зээл, квот, зөвшөөрлийн систем зэргээр зөв, шударга, нээлттэй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Ингэхгүй бол аж ахуйн нэгжүүдийн том нь том, дундахь нь дунд, бага нь багаар бүгд ажлын байраа цөөрүүлж байна. Шинээр хүн ажилд авахаа больж, орон тоо, цалинг багасгах үзэгдэл бүх төвшиндөө хавтгайрлаа. Өмнөх Засгийн газрын үед Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг эрчимжүүлж, тэнд бэлтгэсэн мэргэжилтэй ажилчдыг хэдэн арав, хэдэн зуугаар нь ажилд авдаг, аж ахуйн нэгжүүд захиалгаа ирүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр ажлаас цомхотгох, чөлөөлөх, ажлын байрны орон тоог цөөлөх замаар аргагүйн эрхэнд зардлаа бууруулах чиг хандлага давамгайлж байна. Энэ нь эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадвар ямар төвшинд байгааг харуулах бэлээхэн бөгөөд бодитой жишээ юм.  Одоогийн нөхцөл амаргүй байх шиг байна. Ойлгож байна. Гэхдээ л иргэдийн амьдрал сайнгүй, төгрөгийн ханш унасан ийм үед цалин, тэтгэвэрийг нэмж ард түмнийхээ амьдралд бага боловч санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бол “эдийн засаг хэцүү байна” гээд төмөр нүүрээ харуулаад байж болохгүй. Эдийн засгийн өсөлт гэж макро төвшинд том тоо ярих нь сайхан. Хамгийн гол нь тэр том тоо айлын хаалгаар орж өрхийн амьдралд яаж нөлөөлж байна вэ гэдгээ тооцоолох нь чухал. Хүндээ наалдах ёстой. Төрийн дэмжлэг амьдралд  бодитой, эдийн засгийн өсөлт нийгэмд шударга хуваагдаж байх ёстой. Энэ зарчмаар бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цалин тэтгэвэрийг 2.5 дахин нэмж байсан. Гэтэл яриад байгаа хэмжээндээ тэтгэврийг нэмсэнгүй, цалин дээр бол  хэрэгжсэн зүйл огт алга.

    -Эдийн засаг ингэж хүндрэхэд гадна талын нөлөөлөл бий байх. Харин үүнээс илүүтэй өмнөх Засгийн газрын алдаа нь одоо хүндрэл болж гарч ирээд байгаа юм биш үү. 

    -Харин өнөөдрийн Засгийн газрын зарим сайд нар л зориуд ийм тайлбар хэлээд байгаа юм. Хамтарсан Засгийн газрын үед хүнийхээ хөгжлийг дэмжиж иргэдээ эрүүл, боловсролтой, ажилтай орлоготой болгоход анхаарч ирсэн. Тиймээс Хүний хөгжлийн сан байгуулж, тэндээсээ хоёр намын сонгуулийн амлалтыг нэгтгээд иргэддээ 21 мянган төгрөг өгдөг байсан. Гэтэл энэ маань буруу байсан, өнөөдрийн болж бүтэхгүй байгаа, эдийн засаг ингэж доройтсоны бүх буруу нь өмнөх Засгийн газраас эхтэй мэтээр эрх баригч нөхдүүд ярьж байна. Үүнтэй би санал нийлэхгүй. Хэрвээ бэлэн мөнгө амлах, янз бүрийн хөтөлбөр гаргаж байсан угшлыг нь хөөвөл Ардчилсан намаас эхтэй. Хамтарсан засгийн залуур дээр бид сууж байсан учраас бидний зөв байсан гэж өөрсдийгөө зуун хувь өмгөөлөх юм алга. Магадгүй алдаа байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ ингэж эргэж буцаж хойшоо ухардаг цаг үе нь өнөөдөр биш. Хамгийн гол нь хамтарсан засагт алдаа байсан бол түүнийг нь засч залруулаад урагшаа явах цаг хугацаа хангалттай өнгөрлөө. Энэ Их хурал, энэ Засгийн газар бүрэн эрхийн хугацааныхаа 50 хувьд орлоо. Дороо хий эргэж, зарим талаараа хойшоо ухарч байгаагаа өнгөрснөөс, хамтарч хэрэгжүүлсэн бодлогын алдаанаас боллоо гээд нэг байрандаа зогсоод байх нь буруу. Нэг намынх нь алдааг нөгөө нь засахад бүрэн эрхийн хугацаагаа бүтнээрээ нь зарцуулах гэж бид сонгууль хийгээгүй. Улсаараа урагшаа явах гэж сонгууль хийдэг, Засгийн газрыг сольдог. Гэтэл урагшилсан юмгүй, өөрсдийнх нь бодлогын алдаанаас болж байдал хүндрэхээр л өнгөрсөн засгийн муу муухайг баллуурдаж, цэвэрлэж байна гэж ярих нь яавч шударга ёс, зарчимд нийцэхгүй.  Бодит үнэнд ч нийцэхгүй. Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг олдог гэж манай ард түмэн хэлдэг дээ. Тэрэн шиг өмнөх засгаас боллоо гэх арга ядсан тайлбараа одоо орхиж, урагшаа харж, өмнөх ажлаа хиймээр байна.

    -Улстөр юм биш үү?

    -Улстөр, улстөр. Тэгэхдээ хэчнээн улстөрийн асуудал ч болохоо байхаар л хойшоо харж хамтарч хэрэгжүүлсэн бодлогуудаа үгүйсгэж, өөрсдөө зүгээр суух нь  хүний хувьд ч  жудаггүй хэрэг. Тэр нь болоогүй дандаа хамтдаа шийдвэр шүү дээ. Тэр үед Тэргүүн Шадар сайд, Сангийн сайд, танхимын зарим сайд нь АН-аас байж Оюутолгой, Тавантолгойн ажлын хэсгийг өөрсдөө ахалж байсныг хэн ч өнөөдөр үгүйсгэхгүй. Түүх өөрөө гэрчилнэ. Харин ингэж эргэж бухахын оронд хамтдаа суурийг нь тавьсан эдийн засгийн өсөлтийн хурд маань удааширлаа гэвэл өөр хэрэг. Гэтэл сөрөг хүчин та нар дуугүй бай, болохгүй байгаа бүхний буруу нь та нараас боллоо, чимээгүй буланд зогсч бай гэсэн аятай, нэг хэсэг намын бүлэггүй, одоо ч байнгын хороодод шударга төлөөлөлгүй байгаа нь улстөрийн соёл, парламентын сонгодог утгадаа ч таархгүй.

    -Гэхдээ эдийн засаг хүндрэхэд гадны талын бодит шалтгаан байгааг та хүлээн зөвшөөрнө биз дээ?

    -Зөвшөөрнөө, тийм бодитой  шалтгаан байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш харьцангуй буурлаа. Эдийн засагт зохих хэмжээний өсөлтүүд буурсан үзүүлэлтүүд ч байна. Нөгөөтэйгүүр, одоо эргээд сэргэж эхэлсэн зөв хандлага ажиглагдаж байгаа. Америк, Европын эдийн засаг сэргэж эхэллээ. Энэ нь ганцхан энэ Засгийн үед тохиолдож байгаа хүндрэл биш шүү дээ. 2008, 2009 онд эдийн засгийн хямрал болж л байсан. Тэр үеийн хямрал амаргүй л байсан. Одоо бол тэр үеийнхээс хүнд гэмээр сорилтууд гадна талаасаа алга.

    -Хэрвээ гадна талаасаа тийм сүртэй тааламжгүй нөлөөлөл нь бага л юм бол таныхаар Засгийн газар юун дээр алдаа гаргаад байна вэ

    -Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, дутуу хийсэн зүйлийг нь гүйцээж, зөрүүтэй байсныг нь засч залруулж, зөвийг нь улам баталгаажуулж явах ёстой. Энэ засагт энэ талын ажил хэрэгч хандлага дутагдаж байна. Алдаа байгаа бол түүнийг засна гэдэг нь гадагшаа ярихаасаа бодитой ажил хэрэг болгох явдал.  Жишээ нь, би Оюутолгойн гэрээг сайн болсон хэзээ ч  хэлж байгаагүй. Харин гэрээг хийсэн нь зөв гэдэг зарчмын байр суурьтай байдаг. Оюутолгойн гэрээг үе шаттайгаар яриа хэлэлцээр, харилцан ойлголцлын замаар сайжруулах ёстой гэж үздэг. Жишээ нь манай засгийн үед бид хөрөнгө оруулагчидтай шинээр яриа хэлэлцээ хийж зээлийн хүүг бууруулах, гурав дахь этгээдэд  Оюутолгойн хувь хэмжээг зарахгүй байх, Монголын эзэмших 34 хувь буурахгүй байх, гуравдагч орны төрийн өмчийн компани худалдан авахгүй байх зэрэг олон өөрчлөлтийг гэрээнд нэмэлтээр оруулж сайжруулсан. Цаашид Монгол Улсын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг заавал 30 жил гэж  хүлээхгүйгээр анхны хөрөнгө оруулалтын нөхөж ирсэн үеэс эхлэн шууд өөрийн эзэмших хувиа нэмэгдүүлэх талаар УИХ-ын гишүүд, иргэний нийгмээс тавьсан асуудалд нээлттэй хандаж байсан. Өнөөдөр харин нөгөө нуухыг нь  авах гээд юу гэдэг билээ гэж санаа зовох юм.

    -Өнөөдөр тийм байдал руу орчихож уу?

    -Арай ч тийм байдалд орохгүй байх аа. Харин төрийн бодлогын залгамж чанар алдагдсан учраас Оюутолгой төслийн, эдийн засгийн хурдацыг удаашруулах үйл ажиллагаа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд явагдлаа. Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөллөө. Жишээ нь 2013 оны эхний улиралд орж ирсэн валютын орлогыг өмнөх оны мөн үетэй нь харьцуулахад 60 гаруй хувиар буурсан байсан. Үүнд нь анализ хийхэд, 2011, 2012 онд Монгол Улсад орж ирсэн валютын урсгал доторхи Оюутолгойтой холбоотой орж ирсэн валют 20 хувийг нь эзэлж байсан. Тэр үед асар их хэмжээний валют орж ирж, хөрөнгө оруулалтын орчин таатай, илүү нээлттэй байсан. Гэтэл одоо орж ирж байгаа валютын урсгалын 60 хувь нь Оюутолгойх байна. Өнгөрсөн жилийн сүүлийн улирлаар ярьж байна л даа. Энэ улиралын шинэ тоо баримт надад алга. Гадаад валютын урсгал 50-60 хувиар багасчихаад байхад тэр дотор нь Оюутолгойн эзлэх хувь хэмжээ томорсон байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улсын хөрөнгө оруулалт ганц хоёрхон төслөөс хамааралтай, өрөөсгөл болж байна. Өмнө нь эдийн засаг хөрөнгө оруулалт улс, хувийн олон төсөл хөтөлбөрөөс хамаарч байсан. Гэтэл одоо бараг ганцхан төслөөс хамаарч валютын ханшийн өсөлт, инфляц, үнийн өсөлт, экспорт, импортын бэрхшээлийг үүсгэж байгаа. Энэ бол буруу хандлага. Бидэнд эдийн засгийн олон тулгуур, олон эх үүсвэр хэрэгтэй. Тэгэхгүй улсаараа нэг төслөөс хараат явж яавч болохгүй. Энэ талаар эрх баригчид эрхбиш бодож боловсруулж байгаа байх.

    -Уул уурхайн сайд Оюутолгойд Монголын талын эзэмших 34 хувийг баталгаажуулсан гэж ярьсан. Гэтэл та манай Засгийн газрын үед баталгаатай болгосон гэлээ. Аль нь үнэн юм бэ

    -Би сайдын хийсэн ажлын тайланг хараагүй. Бидний үед хувь нийлүүлэгчдийн гэрээ, яриа хэлэлцээрт оруулсан асуудлаа нээлттэй ил тодоор гаргаж тавьдаг байсан. Тэр үед л 34 хувь буурахгүй байх ёстой, гаднын гурав дахь этгээдэд зарагдахгүй байх, манай хувиас гадна нөгөө талд хувьцааг гурав дахь этгээд зарах юм бол Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авч зарах тухай олон зүйлийг баталгаажуулсан. Үүнийг хамтаараа гардаж хийсэн, хамтарч засагт байсан, УИХ-д хамтдаа сууж байсан олон хүн мэдэж байгаа. Ер нь ингэж талцаж хэрэлдмээргүй байгаа юм. Эдийн засаг амаргүй байгаа энэ үед эрх баригчид нь урагшаа зүтгэж, сөрөг хүчин сайн бөгөөд зөв ажилд нь ташуур болж явмаар байгаа юм.

    -Оюутолгойгоос гадна хамтарсан Засгийн газрын үед “Чалько”-той хийсэн гэрээгээр зээлсэн 350 сая ам.долларын нүүрсийг  2013 онд багтаан төлж дуусах ёстой байсан уу, одоо ч дуусаагүй байх шиг байна?

    -2013 ондоо багтааж барагдуулах гэрээтэй. Тийм боломж ч байсан. Энэ гэрээг Засгийн газар байгууллаагүй. Улсын үйлдвэрийн аж ахуйн нэгж нь хууль дүрмийнхээ хүрээнд, дэлхийн зах зээлийн үнэ тариф, томъёололын хүрээ хэмжээнд  байгуулсан. Засгийн газар болохоор УИХ-ын шийдвэрийн дагуу уул уурхайгаас орж ирсэн орлогоор Хүний хөгжил сангийн эх үүсвэрийг л бүрдүүлсэн. Маш сайн гэрээ байсан гэж бид хэлээгүй. Засч сайжруулах юм байсныг үгүйсгэхгүй. Гэтэл сонгуулийн дараа   тойруулж улстөр, эдийн засгийн яриа нэлээд явагдсан. Харамсалтай нь, төлбөрөө төлж дуусах хугацаа удааширч цаг нэлээд алдлаа. Тэр үед 70 долларын гэрээ хийгдэж байсан бол одоо тонн тутамд 30-40 доллар болж байгаа л гэж ярьж байна.

    -Өөр томоохон төслүүд бий. Тавантолгой, ДЦС-V, төмөр зам, эдгээр төсөл таныг Ерөнхий сайд байхад л яригдаж байсан. Одоо ч ярьсаар байна. Ер нь урагшаа ахиж, дэвшсэн зүйл байна уу?

    -Тоймтой зүйл хэлж чадахгүй нь. Юу нэмж хийсэн бэ гэдэгт Шинэчлэлийн Засгийн газрын нөхдүүд хариу хэлэх байх. Хэрвээ хийсэн зүйл, бодитой ахиц дэвшил байгаа бол түүний нь ард түмэн ч  харж мэдэрч байгаа байх.

    -Уг нь энэ Засгийн газар өмнөх танхимуудаас  харьцангуй их мөнгөтэй гэх юм билээ. Гэтэл мөнгөтэй байхад яагаад эдийн засаг хүндрээд, ажлын байр хомсдоод, цалин тэтгэвэрийн нэмэгдэлд эх үүсвэр олдохгүй байна вэ?

    -Манай Засгийн газрыг өр үлдээсэн гэж ярьдаг. Гэтэл ганцхан жишээ хэлэхэд 2012 оны хавар бонд гаргаж 580 сая ам.долларыг тэр чигээр нь энэ Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна энэ Засгийн газар  Чингис, Самурай, бонд гаргасан, Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр гурван их наяд төгрөгийг гаргасан, Засгийн газар өөрөө нэг их наяд төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээл дээр гаргасан. Үүнээс гадна хөрш орнуудтай своп гэрээ хийсэн. Ингээд яривал бэлэн мөнгө, мөнгөний эх үүсвэр хангалттай байлаа. Бондын мөнгө төсвөөс гадуур зарцуулагдаж байгаа нь хууль эрх зүйн орчинд нийцэхгүй байгаа. Монголбанкнаас үнэ тогтворжуулахаар гаргасан гурван их наяд төгрөг ч төсвийн хүрээнд яригдах ёстой. Үүнийг Дэлхийн банк, Олон улсын валютын сангийнхан хэлж залруулга хийх ёстойг сануулж байгаа. Төсвийн бүрэлдэхүүн байх ёстой гэж. Үүнийг гарцаагүй анхаарч, засч залруулах ёстой. Эдгээр эх үүсвэрүүдийн зарцуулалт ил тод гэхээс илүү өөрсдийн талын компаниуд, бодлогыг илүү дэмжих хөтөлбөр болж байна гэсэн шүүмжлэл нэлээд гарч байгаа шүү дээ. Үүнийг ч мөн анхаарах хэрэгтэй. Гэтэл улс орны хэмжээнд шууд хөрөнгө оруулалт буурч байна. Дүгнэж хэлэхэд шууд хөрөнгө оруулалтаа татах бодлого дутаж ирсэн нь эндээс харагдаж байгаа юм. Манайхан хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн гаднынхан гэж хараад байна. Дотоодын хөрөнгө оруулагчид гэж бий. Барилга, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, бүх салбарт нийт хөрөнгө оруулагчдад идэвхжил, дэмжлэг хэрэгтэй байна. Хаврын ид ажил эхлэх хөтөлбөрт оруулах хэрэгтэй байна шүү дээ. Зам барилга, төмөр зам, эрчим хүч, аж үйлдвэрийн төслөө яаравчилж хувийн хэвшлийн оролцоог нээлттэй шударгаар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ер нь хөрөнгө оруулагчдад төр засгийн бодлого ойлгомжтой, тогтвортой, өрсөлдөх чадвартай, урт хугацааны найдвартай түнш байж чадна гэсэн итгэл хэрэгтэй. Зөв бодлого, зөв, шударга үйл ажиллагаагаар энэ итгэлийг бий болгоно. Алдах асуудал бол төр засгийн ганц нэг буруу шийдвэрүүд л болно. Үүнийг байнга  анхаарч байх ёстой.

    -Сөрөг хүчний гол үүрэг бол шүүмжлэхээсээ эрх баригчдын алдаа засах хэлж өгөх. Тэр үүргээ танай нам яагаад биелүүлэхгүй байна вэ?

    -Манай намд дутуу хийж, сөрөг хүчний үүргээ хангалттай сайн биелүүлж чадахгүй байгаа дутагдал бий бий. Бүрэн хийх, бодитой сөрөг хүчин байх боломжийг маань хууль эрхзүйн хүрээнд хязгаарлаж байгаа хүчин зүйл ч бас байна. Манай намаас сонгогдсон УИХ-ын гишүүд бүлэггүй нэг жил шахам явлаа. Дээр нь одоо болтол Байнгын хороодод тэгш, шударга хуваарилалтаар орж чадахгүй байна. УИХ-ын гишүүдийн 1/3 нь манай намын гишүүд байдаг. Гэтэл байнгын хороон дээр очихоор 1/5, 1/10-ийг эзэлдэг. 20 гишүүнтэй байнгын  хороонд хоёр гишүүн суух жишээтэй. Бусад нь байнгын хороонд байхгүй. Эсвэл нэг байнгын хороотой. Үлдсэнийг нь өргөдөл гомдлын байнгын хороо гэж байгуулж тэндээ  бүгдийг нь оруулчихсан. Тэгээд, та нар аль ч байнгын хороонд үгээ хэлж болно ш дээ гэдэг. Гэхдээ бид шийдвэр гаргахад таслах эрхээ эдэлж оролцмоор байдаг. Эрх зүйн орчноор хязгаарласан ийм дарамт бидэнд байна. Гэхдээ сөрөг хүчний байр сууриа илэрхийлээгүй биш илэрхийлээд явж байгаа. Хангалтгүй, дайчин биш сул байна гэсэн шүүмжлэл бий. Популизм сайн хийж чадахгүй, сураагүй  тал бас байна. Ер нь хэвлэл мэдээлэлийн орчинд бидэнд боломж бас хязгаарлагдмал байгаа. Жишээ нь УИХ дээр тодорхой, ээдрээтэй асуудлуудаар манай гишүүдийн байр суурь МҮОНРТ-ээр тун бага гардаг. Ер нь бид илүү судалгаатай, бодит байдал дээр үндэслж дуугарч байх нь төрийн бодлогийг зөв байлгахад илүү ач холбогдолтой гэж үздэг.

  • C.Батболдын хөрөг зураг Төрийн ордонд тавигдлаа

    Үе үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмүүдийн хөрөг зургийг Төрийн ордны хоёр давхрын хананд байрлуулдаг уламжлалтай билээ. Өнөөдөр буюу Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр Ерөнхий сайдуудын хөрөг зураг бүл нэмлээ. Энэ удаа Монгол Улсын 26 дахь  Ерөнхий сайд С.Батболдын  хөрөг зургийг байрлуулсан юм. 

    2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний зургийг Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач Б.Насанцэнгэл зуржээ.  Хөрөг зургаараа  алдаршсан зураач Б.Насанцэнгэл үе үеийн төр засгийн удирдлагуудын хөрөг зургийг зурдаг туршлагатай уран бүтээлч юм. 

  • Эдийн засгийг эрчимжүүлэх 50 хоногийг ингэж дүгнэв

    УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн 42 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр бодитой ажил хийсэнгүй. Та бүхний хийсэн ажлын тайлан “уулзалт хийв, зөвшилцөв, хэвлэлийн бага хурал хийв, илтгэл тавив, хуралдав, хэлэлцүүлэг зохион байгуулав, хуулийн төсөл өргөн барив” гэсэн хэдэн үгээр л хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг эрчимжүүлэхээр тусгагдсан төлөвлөгөөт ажлуудаа үр дүнтэй хийж чадсангүй” гэж дүгнэсэн юм.

    УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдаас зөвхөн сөрөг хүчний гишүүд асууж, санал хэлэх эрхтэй байдаг.  УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн асуултыг хариултыг хүргэе.

    УИХ-ын гишүүн Сү.Батболд:

    -Монгол Улсын эдийн засгийн хөгжил бол бид бүгдийн санаа зовоож буй асуудал.  Сөрөг хүчин бүх асуудал дээр эсрэг байр суурь баримталдаг гэж шүүмжилдэг ч бид болж байгаа зөв  бодлогыг дэмжиж, хэлэх зүйлээ хийж, оролцох зүйлдээ оролцоод л явж байгаа. Энэ утгаараа өнөөдөр Засгийн газраас зохион байгуулсан монголын бизнесийн дээд хэмжээний уулзалтад оролцож, санал бодлоо солилцлоо. Гадны олон төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна лээ. Тэд ярихдаа өмнө нь хөрөнгө оруулалтын орчин ойлгомжтой, их өргөн хүрээтэй байсан гэж дүгнэж байна. Гэтэл сая Ерөнхий сайд мэдээлэлдээ өмнөх хөрөнгө оруулалт зөвхөн Оюутолгой дээр суурилж байсан гэж хэллээ. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны хийсэн мэдээллээр 2011, 2012 онд гадаадаас  орж ирсэн нийт валютын урсгалын 20-30 хувийг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлж, 2013 онд Оюутолгойтой холбоотой валютын урсгал хэдийгээр багассан ч гэсэн нийт валютын урсгалын 60 хувийг эзэлж байна гэж мэдээлсэн. Валютын урсгал ямар байгаад ямар болсон, тэр дотроо Оюутолгойн оруулж буй урсгал ямар хэмжээнд хүрснийг харж болох юм. Энэ тоон үзүүлэлтүүдийг болгоомжтой авч үзэхгүй бол зөрүү ойлголттой, тоо баримтаар зөрсөн маргааны сэдэв болох вий дээ. Мөн бодлогын залгамж чанар дээр шууд хөрөнгө оруулалт нөлөөлж байгааг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л дээ.

    Бодлогын залгамж чанараа хадгалсан, өмнөх хийж байсан зүйлд алдаа байсан бол засч залруулсан дунд хугацааны хөгжлийн төлөвлөлт их чухал юм. Бид ч бас засгийн эрхэнд байхдаа ийм санал санаачилгыг гаргаж байлаа. Хөгжлийн бодлогыг сонгуулиас сонгуульд биш дунд хугацааны, урт хугацааны хөгжлийн төлөвлөлт хийе гэдэг энэ саналыг Ерөнхий сайд та юу гэж бодож байна вэ. 100 хоногийн дотор хөрөнгө оруулалтыг шууд нэмэгдүүлээд явах боломж маш хомс, тэгээд ч зээл аваад асуудлыг шийдээд явах нь сөрөг олон зүйлийг дагуулна. Хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулан хийх бодлогыг бид барьж байсан, энэ бодлого хэрэгжих боломж байгаа юу, түүнчлэн цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тухай ямар бодлого барьж байна вэ.  Эдийн засаг унаж байгаа ч өсөлт байгаа гэж Эдийн засгийн хөгжлийн сайд мэдэгдэж байгаа. Энэ өсөлт яагаад хүн дээрээ очих, цалин хөлс тэтгэвэр тэтгэмж, халамжийн зохистой бодлого дээрээ очихгүй байна вэ, эсвэл иргэдийн шүүмжлээд байгаа томоохон компаниудад энэ өсөлт наалдаад байна уу, энэ талаар тодорхой хариултыг өгөөч гэсэн юм.

  • Сү.Батболд: Гадныхан өмнө нь хөрөнгө оруулалтын орчин их ойлгомжтой байсан гэж дүгнэж байна

    УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Асуулт асуусан гишүүдээс УИХ-ын гишүүн Сү.Батболдын үгийг хүргэж байна. 

    Сү.Батболд: 

    –    Монгол Улсын эдийн засгийн хөгжил бол бид  бүгдийн санааг зовоож буй асуудал.  Сөрөг хүчин бүх асуудал дээр эсрэг байр суурь баримталдаг гэж шүүмжилдэг ч бид болж байгаа зөв бодлогыг дэмжиж, хэлэх зүйлээ хийж, оролцох зүйлдээ оролцоод л явж байгаа. Энэ утгаараа өнөөдөр Засгийн газраас зохион байгуулсан монголын бизнесийн дээд хэмжээний уулзалтад оролцож, санал бодлоо солилцлоо. Гадны олон төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна лээ. Тэд ярихдаа өмнө нь хөрөнгө оруулалтын орчин ойлгомжтой, их өргөн хүрээтэй байсан гэж дүгнэж байна. Гэтэл сая Ерөнхий сайд мэдээлэлдээ өмнөх хөрөнгө оруулалт зөвхөн Оюутолгой дээр суурилж байсан гэж хэллээ. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны хийсэн мэдээллээр 2011,2012 онд гадаадаас орж ирсэн нийт валютын урсгалын 20-30 хувийг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлж, 2013 онд Оюутолгойтой холбоотой валютын урсгал хэдийгээр багассанч гэсэн нийт валютын урсгалын 60 хувийг эзэлж байна гэж мэдээлсэн. Валютын урсгал ямар байгаад ямар болсон, тэр дотроо Оюутолгойн оруулж буй урсгал ямар хэмжээнд хүрснийг харж болох юм. Энэ тоон үзүүлэлтүүдийг болгоомжтой авч үзэхгүй бол зөрүү ойлголттой, тоо баримтаар зөрсөн маргааны сэдэв болох вий дээ. Мөн бодлогын залгамж чанар дээр шууд хөрөнгө оруулалт нөлөөлж байгааг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л дээ. 

    Бодлогын залгамж чанараа хадгалсан ,өмнөх хийж байсан зүйлд алдаа байсан бол засч залруулсан дунд хугацааны хөгжлийн төлөвлөлт их чухал юм. Бид ч бас засгийн эрхэнд байхдаа ийм санал санаачилгыг гаргаж байлаа. Хөгжлийн бодлогыг сонгуулиас сонгуульд биш дунд хугацааны, урт хугацааны хөгжлийн төлөвлөлт хийе гэдэг энэ саналыг Ерөнхий сайд та юу гэж бодож байна вэ. 100 хоногийн дотор хөрөнгө оруулалтыг шууд нэмэгдүүлээд явах боломж маш хомс, тэгээд ч зээл аваад асуудлыг шийдээд явах нь сөрөг олон зүйлийг дагуулна. Хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулан хийх бодлогыг бид барьж байсан, энэ бодлого хэрэгжих боломж байгаа юу, түүнчлэн цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тухай ямар бодлого барьж байна вэ.  Эдийн засаг унаж байгаа ч өсөлт  байгаа гэж Эдийн засгийн хөгжлийн сайд мэдээлж байгаа.  Энэ өсөлт яагаад хүн дээрээ очих, цалин хөлс ,тэтгэвэр тэтгэмж, халамжийн зохистой бодлого дээрээ очихгүй байна вэ, эсвэл иргэдийн шүүмжлээд байгаа томоохон компаниудад энэ өсөлт наалдаад байнауу, энэ талаар тодорхой хариултыг өгөөч гэсэн юм.

    Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариулахдаа “Хөгжлийн төлөвлөлтийн хуулийг Засгийн газар дээр ярьсан. Тийм баримт бичиг хэрэггүй, харин хөгжлийн бодлогыг төлөвлөдөг, цэгцэлдэг болох хэрэгтэй гэж үзээд хуулийн төсөл өргөн барихаар шийдвэрлэсэн. Зээл аваад хөгжихгүй гэдэг таны саналтай санал нэг байна. Хөрөнгө оруулалтыг зугуухан, нэг нь том байлаа гэхэд нөгөөх нь тасралтгүй дагаж явдаг гэх мэтээр олон арга ухаан баймаар юм шиг байгаа юм. Хөрөнгийн биржийн хувьд компаниудыг нэг өдөр пад гээд хувьчлахгүй, тодорхой хэмжээгээр Хөрөнгийн биржээрээ явуулах нь зөв гэдэг бодлого барьж байгаа” гэсэн юм. 

  • Сү.Батболд: Бидний үед асуудлыг зарчмаар нь л шийдээд явдаг байсан

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ дахь намын бүлгийн гишүүд нэлээд ширүүхэн мэтгэлцээд авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Сү.Батболд  “МАН төр барьж байхдаа ч, Засгийг тэргүүлж байхдаа ч сөрөг хүчний  горимын  саналыг зарчмаар  нь шийдээд явдаг байсан. Гэтэл одоо байдал ямар байгааг өнөөдрийн чуулганы хуралдааны жишээ бэлээхэн харуулж байна.  МАН-ын бүлгийн дарга, бүлгийн гишүүд горимын санал тавиад байхад өөрсдийн баримталж буй байр сууриар тайлбар хийгээд явчихлаа шүү дээ. Ардчиллаа хөгжүүлье гэж аман дээрээ ярьдаг ч ачир дээрээ сөрөг хүчнээ нам дарчих гээд л байна.  Олонхиороо асуудлыг түрж, богино хугацаанд шийддэг, өөрсдөд нь таалагдаагүй зүйлээ дардаг, дуугарах юм бол танхимын нөгөө талаас зэрэг хашгиралдаж, хуралд даргалагч давуу эрхээ эдэлж микорофон хаах зэргээр өнөөдрийн чуулганы хурал явагдлаа. Сөрөг хүчин нь өөрсдийн байр сууриа зарчмаар нь, горимоор нь тавих гэхээр боомилдог. Энэ зүйл өнөөдөртөө асуудлыг шийдээд байгаа мэт боловч улс орны хөгжлийн асуудал, эдийн засгийн хямралд энэ нь  уршгийг улам л дагуулж байна. Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг хойшлуулж, хугацааг нь бүр тодорхойгүй болгож хаялаа.  Бидний үед лав ийм зүйл байсангүй. Хамтарсан Засгийн газрын үед ч, манай Засгийн газрын үед ч бид асуудлыг зарчмаар нь л явуулдаг байсан.  Хэрэв яг өнөөдрийнх шиг  бид та нарт хандсан бол юу болох байсан бол, хачин л юм болох байсан даа” гэв.  

  • Сү.Батболд: ”Чалко”-гийн гэрээг засаад явах боломж Засгийн газарт байгаа

    Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганаар  2014 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Батболдын хэлсэн үг олны анхаарлыг ихээхэн татлаа.  

    Тодруулбал тэрбээр “Биднийг Засаг барьж байх үед янз бүрээр хардаж сэрдэж байсан.  Ялангуяа Тавантолгой дээр хийгдсэн “Чалко”-гийн гэрээ бол үүний хамгийн том жишээ.  Хардах эрх та бүхэнд бий.   Гэрээ хэлэлцээ дутуу хийгдсэн, үнэ ханш нь бага гээд л янз бүрээр шүүмжилж байлаа. Түүнийг сайжруулах үүрэг нь Засгийн газарт  бий шүү дээ. Бид ч гэсэн Оюутолгойн гэрээн дээр гарсан алдаа дутагдлыг сайжруулаад  явж байсан түүх бий. Аливаа юмны оношийг зөв тавибал эмчилгээ зөв хийгддэг. Энэ Засгийн газар Чалкогийн гэрээг дахин ярина гээд ачилтыг нь хэдэн сараар зогсоосон. Үр дүнд нь зээл нь буураагүй. Тэр үед үнэ ханш нь ч бас гайгүй байсан байх. Энэ хохирлыг тооцож үзсэн үү, өөрөөр хэлбэл Чалкогийн гэрээг маргааны сэдэв болгосон хохирлыг тооцож үзсэн үү. Алдаатай байсан уу, үгүй юу гэдэг дээр намуудын төлөөлөл орсон ажлын хэсгийг УИХ-ын дэргэд байгуулж дүгнэх хэрэгтэй юм. Хоёрдугаарт ДНБ-ийн өсөлтийн хурдац 2012 оноос эхлэн буурч байгаа бөгөөд 2014 оны  эхний улирлын гүйцэтгэл цаашдын төлөв байдлаас харахад өнгөрсөн хоёр жилийн дунджаас ч дахин буурч болзошгүй байна гэж та бүхэн танилцуулгадаа дурьджээ. Үүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ” хэмээн Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяраас асуулаа. 

    Эдийн засгийн хөгжлийн сайд хариуд нь “Чалкогийн гэрээний хувьд таны хэлсэнтэй санал нэг байна. Хоёр намын бүлгээс хамтарсан  ажлын хэсэг гарч, энэ асуудлыг дотооддоо нэг шийдэлд хүрч хаах хэрэгтэй. Хий хоосон зүйл дээр маргаад яах вэ дээ гэсэн хариулыг өгсөн юм. 

    Харин түүнийг хариултыг сонсоод С.Батболд гишүүн “Хэдэн  сар ачилтаа зогсоочихоод бүх бурууг Өмнөх Засгийн газрын алдаа гэсэн. Одоо харин дөнгөж ойлгоод хамтарч шалгая гэж  байгаа нь нэг талаар харамсалтай. Нөгөө талаар оройтсон ч гэлээ ийм шийдвэрт хүрч байгаа нь сайн хэрэг. Энэ асуудлыг дотроо яриад шийдчих юмсан гэж Уул уурхайн Сайд Д.Ганхуяг өглөөний чуулган дээр ярьж байсан. Уг нь ийм боломж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байсан юм шүү дээ” гэсэн юм.