
Ангилал: фото-мэдээ
-
С.Батболд: Хариуцлагатай хэлье, миний хамаарал бүхий компаниуд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоо ч хуулийн дагуу ажилладаг

Сүүлийн үед хэвлэл мэдээллээр Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой гарч байгаа мэдээллийн талаар УИХ-ын гишүүн С.Батболдтой ярилцаж тодрууллаа.
-Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа тантай холбоотой хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гадаадын хэд хэдэн орны шүүхэд зэрэг явагдаж байгаа гэсэн мэдээллийг өглөө. Энэ талаарх таны байр суурийг сонсмоор байна?
-Юуны өмнө өнгөрсөн хэдэн сарын туршид нийгэмд ойлгомжгүй байдал үүсгэж, нийтийн анхаарлын төвд байдаг сэдвээр зөвхөн С.Батболд гэдэг хүнээс гадна Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдаас эхлээд олон байгууллага, хувь хүний нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдаж байсан үйл явдлын учгийг тайлж, зарим зүйлсийн өрнөлийг эхлүүлсэн ярилцлагыг Ц.Насанбат прокурор өгсөн байна.
Нэр бүхий улстөрчид олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-иуд АНУ-ын Нью-Йорк мужийн шүүхэд миний эсрэг нэхэмжлэл гаргасан, дараа нь Засгийн газар тэр нэхэмжлэлээ татсан, үүнд нь Монгол Улсын Ерөнхий сайд хүртэл оролцсон гэж гүтгэж байсныг бид харсан. Дээр дурдсан төрийн өмчит компаниуд, Засгийн газар огт холбоогүй гэдэг нь нотлогдонгуут гадаадын шүүхэд хандаж, миний эсрэг гүтгэлгийн ажиллагааг гадаадын хувийн ашгийн төлөө компанитай хамтран гүйцэтгэж байгаа эзэд нь өөрсдөө арга буюу ил гарч ирлээ. Монгол Улсын Засгийн газар уг асуудалд огт оролцоогүй болох нь тодорхой боллоо л доо. Энэ нь сайн хэрэг.
-Гэхдээ тантай холбоотой гэх маш нууцын зэрэглэлтэй материал хаа сайгүй яваад байдаг нь ямар учиртай юм бэ?
-Анхнаасаа энэ мэт гүтгэлэг бүхий баримт сэлтийг цуглуулан төрийн болон албаны тухай нууцын тухай хуулийг санаатайгаар зөрчиж, “маш нууц”-ын зэрэглэлд хэргээр хамааруулсан юм билээ. Тэгээд уг баримт, мэдээлэлтэй миний бие, манай өмгөөлөгчийг хүртэл танилцах боломжгүй зохиомол байдлыг үүсгэсэн. Тэгсэн мөртлөө үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой баримтуудыг няцаахгүй байгаа нь хүлээн зөвшөөрч буй хэрэг гэх мэтээр прокурор нь эрээ цээргүй ярих ариун явдал уу? Өөрөөр хэлбэл “маш нууц” гэсэн тамга дарчихаад огт харуулахгүй мөртлөө энэ нөхөр өөрөө тайлбарлахгүй байгаа нь хүлээн зөвшөөрч буй гэмт хэрэг мэтээр сурталчилж байна л даа. Хуулийн талаасаа ийм байж болох уу? Ядаж прокурорын мэргэжлийн ёс зүй гэж баймаар санагдана. Ний нуугүй хэлэхэд хариуцагч гэж цоллуулаад байгаа энэ иргэний хэргийн талаар би бараг л сэтгүүлч та бүхэнтэй л адил мэдээлэлтэй байж ирсэн. Гэтэл энэ хэрэгтэй холбоотой гэх материал гадна дотнын блог, хэвлэл мэдээллээр янз бүрийн тайлбартайгаар цацагдаж, “маш нууц”-ын дардастай материалууд нь интернетээр хөврөөд байгаа. Энэ л асуудлыг зориудаар зохион байгуулж буй гэж нийгэм хардахаас өөр аргагүй байдлыг үүсгээд байсан тул миний итгэмжлэгдсэн төлөөлөгч маань шүүхэд удаа дараа гомдол гаргасан. Иймээс шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулсан боловч шинжээч баримтуудад биш зөвхөн нэхэмжлэлийн агуулгад байгаа мэдээлэлд нь дүгнэлт гаргаад байгаа юм байна. Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан зарим баримтууд өнөөдрийн өдөр хүртэл маш нууц хэвээрээ л байна. Нэхэмжлэлээ төрийн нэрийг ашиглан нууцлаад байсан нэхэмжлэгч маань хууль зөрчсөн болох нь тодорхой болоод эхлэхээр мөн хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд орж эхэлж буй бололтой.
-Таныг “Оюутолгой” ХХК-ийн өмчлөл менежменттэй холбоотой асуудлаар бусдад давуу байдал үүсгэж, татвар, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэн “Туркойз Хилл”-ээс хуулиар хориглосон мөнгө төлбөр авч, ашиг хонжоо хүртсэн гэсэн байсан?
-Ц.Насанбат прокурор хэвлэлд өгсөн ярилцлагадаа намайг Оюутолгойд татвар, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, давуу байдал үүсгэсэн гэж бүдэг бадаг ярьсан байна лээ. Харин гадаадын шүүхэд өгсөн материалууддаа “С.Батболд нь Оюутолгойн хүүг бууруулсан, татварыг нь бууруулсан, хариуд элдэв юм авсан” гэж цагаан дээр хараар гүтгэсэн байдаг. Үнэндээ, миний удирдсан Засгийн газар Нидерланд, Люксембүрг зэрэг улстай 2002 он бүр тэрнээс ч өмнө байгуулсан байсан давхар татварын хэлэлцээрүүдийг цуцлах асуудлыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлсэн. Ингэснээр манай улстай давхар татварын хэлэлцээртэй тухайн улсуудад төвтэй буюу бүртгэлтэй уг төслийн оролцогчдын татвараас чөлөөлөгдөх нөхцөл үгүй болж, Оюутолгойн төслөөс Монголын талын авах татварын хэмжээ 0-10 хувь байсныг 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Манай улсын татварын байгууллагын тавьсан татварын акттай холбоотой маргааныг “Рио Тинто” Лондонгийн Арбитрын шүүхэд үүсгээд явж байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Манай Засгийн газар олон жилийн өмнө үүссэн байсан татварын цоорхойг хаах санал гаргаж шийдүүлсэн учраас л Монгол Улс нэмж 1 тэрбум долларын татварын ихэнх хэсгийг авах эрх нь үүссэн байгаа. Хамгийн хачирхалтай нь Лондонгийн Арбитрын хэрэгт Монголын Засгийн газрыг төлөөлж байгаа хуулийн компани нь Ц.Насанбат прокурорын даалгавраар гадаадын шүүхэд яваад байгаа нөгөө Кинг энд Спалдинг компани юм байна гэдгийг Хууль зүйн сайдын УИХ-ын чуулган дээр хэлсэн үгнээс нь би ойлгосон. Тэгэхээр энэ компани нь хэн, хэзээ энэ татварын цоорхойг хаасан, яагаад Монголын Засгийн газар энэ татварыг авах эрх нь үүсээд байгааг маш сайн ойлгож байх учиртай. Гэтэл яагаад энэ татварыг Монголын талын авах ёстой мөнгө гэж үзэхгүй харин ч бүр нөгөө талд олгосон давуу тал гэж байгаа юм бол? Тэд хэний талд ажиллаад байгаа нь ойлгомжгүй байна. Монголын талд юм уу? Рио Тинтогийн талд юм уу? Эсвэл ерөөсөө давхар тоглоом, хуйвалдаан үүсгэж анх татвар авах санал дэвшүүлсэн хүнийг нь буруутгаж байгаад энэ 1 тэрбум долларын татварын актыг бүрмөсөн хүчингүй болгуулах гээд оролдоод байна уу? Энэ бол авах ёстой мөнгө, ногдуулах шаардлагатай татвар юм. Татварыг нэмэгдүүлсэн, энгийнээр хэлэхэд Монголын тал хэдэн зуун сая ам.долларын татвар нэмж авна гээд нөгөө тал нь төлөхгүй гээд маргаан үүсгэхэд хүргэсэн хүн яаж хөрөнгө оруулагч талд давуу байдал үүсгэдгийг би ойлгохгүй байгаа юм.
-Таныг Монголын талын төлөх зээлийн хүүг өсгөж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж гадаадын шүүхэд буруутгаад байна. Энэ талаар Та тодорхой хариулт өгөхгүй юу?
-Миний тэргүүлсэн Засгийн газар 2011 онд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг 9.9 хувь байсныг 6.5 болгон бууруулах өөрчлөлтийг Оюутолгойн гэрээнд оруулж, Монголын тал олон зуун сая ам.долларын хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдсөн. Монголын талын төлөх хүүг анхны гэрээгээр тохирсон байсан. Энэ нь Монголын талд дарамт болоод байгааг амтай хүн болгон л ярьж байна. 9.9 байсан хүүг 6.5 болтол бараг 30 хувиар бууруулах нь Монголын талд ашигтай гэдгийг ойлгож ядах юмгүй. Та жишээ нь 15 хувийн хүүтэй байрны ипотекийн зээлтэй байтал хэн нэгэн таны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулаад өгч ээ. Гэтэл Та “надад ашиггүй, банкинд ашигтай” юм боллоо гээд хүү бууруулж өгсөн хүнээ шүүхэд өгөх үү? Яг л ийм утгагүй гүтгэлэг явагдаад байна.
Монголын талаас буюу Монголчуудаас авах хүүгийн төлбөрийг үлэмж хэмжээгээр бууруулж, олон зуун сая доллар төлөхгүй болгосны дээр Монголын төрд төлөх татвар нь үлэмж хэмжээнд нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхдэж байгаа гадаадын хөрөнгө оруулагч тал тийм байдалд оруулах шийдвэр гаргасан Засгийн газрын тэргүүнд талархахгүй нь хэнд ч тодорхой. Энэ мэт ямар ч ор үндэсгүй гүтгэлгийг Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат ба түүний хамтрагчдын зүгээс гаргаж байгаа нь туйлын харамсалтай.
-Тэгэхээр нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат Таныг Оюутолгойн төсөлтэй холбон үндэслэлгүйгээр буруутгасан гэсэн үг үү?
-Монголын талын төлөх зээлийн хүүг бууруулж, Монгол Улсад төлөх татварыг нэмэгдүүлснийг минь Монголын талд ашигтай болохыг хэн ч ойлгоно. Харин Ц.Насанбат прокурор ийм энгийн зүйлийг ойлгохоос санаатайгаар зайлсхийж, Монголын талд ашигтай шийдвэрүүд нь буруу гэж үгүйсгэж байгаа нь гайхал төрүүлж байгаа юм. Монголчуудын төлөх хүүг буцаан нэмээд, айлын талын Монголд төлөх татварыг бууруулах гээд байгаа юм уу? Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Монголын ард түмний талд байна уу, эсвэл “Рио Тинто”-гийн талд ажиллаад байна уу гэх асуулт өөрийн эрхгүй төрж байна. Эсвэл дээр хэлээд байгаа шиг гадаадад хэн нэгэн хүн ийм гүтгэлэг зохиогоод байна уу? Монголын талын авах татварыг бууруулаад төлөх хүүг нь нэмэгдүүлэх гээд оролдоод байгаа гадаадын нөлөөнд автаад байна уу? Тэр гадаадын нөхдүүд яг хэний талд ажиллаад байгаа юм бэ? Лав л Монголын талд биш гэдэгт би итгэлтэй байна.
Гадаадын шүүхэд өгөөд байгаа материалуудад нь ийм л ор үндэсгүй гүтгэлгүүд явж байна. Хэн ийм гүтгэлэг зохиолгоод, ямар зорилгоор “сэвээд” байгааг тодорхой болгох ёстой.
-Манай улсад хуулийн байгууллагын төлөөллийг оролцуулсан ийм хэмжээний гүтгэлэг зохион байгуулах эрх мэдэл, нөлөөтэй хүн цөөхөн байх. Таны бодлоор энэ бүх гүтгэлгийн ажиллагааг хэн удирдан зохион байгуулж байгаа вэ?
-Өчигдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга залуу Ерөнхийлөгчийг төлөөлөөд Нью-Иоркийн шүүх дээр ялагдчихсан материалаараа телевизийн төлбөртэй нэвтрүүлэгт намайг гүтгээд зогсож байгааг Та харсан байх. Гадаадын шүүхэд нэгэнт явахаа больчихсон гүтгэлгээ Монголд улам эрчимжүүлж байгаа энэ гүтгэлгийн захиалагч хэн болохыг олон түмэнд харуулж байна. Тэр нэвтрүүлгийг харахад хаанаас явж байгаа нь тодорхой болж байх шиг байна. Прокурорыг хэн томилдог билээ? Хэргийн эзэн одоо ил тод болчихлоо. Мөн саяхан үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч байх ёстой Ерөнхийлөгч өөрөө УИХ-ын индэр дээрээс намайг “Төрийн эргэлт хийлээ” гэж бас л гүтгэсэн. Ийм ноцтой хэрэгт намайг гүтгэчихээд хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгч маань нөгөө эргэчихсэн байх ёстой Төрийнхөө сайд нарыг дэмжиж шинэ Засгийн газраа байгуулж уулзалт байгаа нь бүх телевизээр гарна лээ. Хэрвээ Төрийн эргэлт болчихсон юм бол Ерөнхийлөгч тэр Засгийн газрыг дэмжих үү? Ийм л ор үндэслэлгүй гүтгэлэг ямар ч хариуцлагагүйгээр амнаас нь гарч байна. Энэ асуудлаар би хуулийн байгууллагад хандсан. Дүгнэлт гаргаж өгөхийг шаардаж байгаа, нэр төрөө сэргээлгэх болно. УИХ-ын индэр дээрээс улс орон даяар бусдыг ямар ч үндэслэлгүйгээр ийм хялбархан гүтгэж чадаж байгааг Монголчууд бүгд харсан. Ингэж гүтгэж чадаж байгаа юм чинь нүднээс далд хэнийг ч юунд ч буруутгаж чадах биз. Олон жилийн турш намайг элдвээр гүтгэдэг байсан ч энэ удаад ерөнхийлөгчийн сонгуулийн яриа гарснаас хойш илүү өргөн хүрээтэй, нарийн зохион байгуулалттай, улайрсан байдалтайгаар явагдах болсон.
-Та болон таны хамаарал бүхий этгээдүүд гадаадын улс орнуудад олон тооны компани, хөрөнгө эзэмшдэг гэсэн байсан. Ер нь таныг олон улсад, оффшор бүсэд компанитай гэх мэдээлэлд дахин тайлбар хийгээч.
-Миний амьдрал, бизнесийн түүхэнд Төрөөс төмөр зам, ямар нэгэн концесс, тендер хулгайлж аливаа хууль бус аргаар хөрөнгөжсөн түүх байхгүй. Хариуцлагатай хэлье. Миний хамаарал бүхий компаниуд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоо ч хуулийн дагуу ажилладаг. Ер нь зарим хүмүүс нэг зүйлийг мартаад байх шиг байна. Би бусдын адил 1990-ээд оноос бизнес эрхэлж эхэлсэн. 2000 онд улс төрд орохдоо Монголын хамгийн амжилттай, том компаниудын нэгийг аль хэдийнээ босгосон байсан. Одоо ч бүтээн босгосон компани маань Монголдоо тэргүүлэх компаниудын нэгд олон нийтийн нүдэнд ил тодоор явсан хэвээр байна. Бизнесийн салбарт ажиллах хугацаандаа олон амжилттай төслүүд хэрэгжүүлж, гадна дотнын олон түнштэй хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэн. Ашиг сонирхлын тухай хууль үйлчилж эхлээгүй байхад буюу 2000-аад оны эхээс томоохон компаниуд ихэнх нь л татварын таатай орчинд буюу оффшор бүсэд компани байгуулж ажиллаж байсан. Манай компани ч бас энэ зарчмаар гадаадад компани байгуулж ажиллаж байсан. Ашиг сонирхлын тухай хууль батлагдаж түүнд нийцүүлж оффшор компаниудаа хаасан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш оффшор бүсэд бүртгэлтэй компани, данс, байр сав байхгүй. Монголд томоохон бизнес эрхэлж байгаа хүн бүр л гадаадын ямар нэгэн түнш, танил хөрөнгө оруулагчтай байдаг. Тийм байхаас ч өөр аргагүй юм. 2006 онд хүүхэд маань Лондонд суралцаж байхад гэр бүл маань тэнд амьдрах шаардлага гарч, Лондонд байр худалдаж авсан. 2016 онд хүүхдүүд маань сургууль соёлоо төгсөөд Монголдоо буцах болж, олон жилийн өмнө бизнес эрхэлж байх хугацаандаа танил, бизнесийн түншийн харилцаатай байсан гадаадын хөрөнгө оруулагчид зарсан. Алтай холдинг компанитай одоо ч түншийн холбоотой ажилладаг. Гэтэл тэр хүнийг буруутгаад, тэр хүний өмч хөрөнгийг надад нялзааж, надад холбоотой болгох оролдлого хийж гадаадын шүүхэд манай танил бизнесмений амьдарч байгаа байр сав, бизнес, үл хөдлөх хөрөнгө рүү нь дайрч гадаадын шүүхэд нэхэмжлэл өгсөн байна лээ. Зөвхөн намайг харлуулах гэсэн бохир улс төрийн тоглолтоос болж гадаадын иргэний нэр хүнд, өмч хөрөнгийн хууль ёсны эрхэд халдаж байгаа нь туйлын бүдүүлэг, бусармаг үйлдэл л дээ. Мөн Оюутолгойн гэрээ, Эрдэнэттэй холбоотой гэх ор үндэсгүй гүтгэлэгтээ аль 2006 оны бизнесийн үйл ажиллагааг маань хамруулан санаатайгаар мэдэн будлиж байгаа нь энэ үйл ажиллагаа анхнаасаа зохион байгуулалттай, улс төрийн зорилготой гүтгэлэг гэдгийг нь харуулж байна. Өөрөөр хэлбэл, би 2005, 2006 онуудад хууль журмын дагуу компаниуд байгуулж байсан. Гэтэл энэ компаниудыг 2011 онд Оюутолгойн гэрээнд оруулсан өөрчлөлттэй холбон гүтгэнэ гэж юу гэсэн үг вэ? Өөрөөр хэлбэл 2005 онд гэрээний сураг ч гараагүй байхад 2011 онд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна гээд авлига аваад сууж байна гэж байх уу? Ийм эрүүл бус маргаан өрнөөд байна л даа.
-Гадаадын шүүхийн процесс одоо яг ямар шатандаа явна вэ. Одоо хэрэг нууцаас гарч байгаа учир та бүхэн танилцаж байгаа гэж ойлголоо?
-Эхлээд “маш нууц”-ын зэрэгт хамруулж намайг баахан гүтгэж доромжлоод дараа нь одоо тайлбарла гээд нууцаас зарим хэсгийг нь гаргаж байна л даа. Нэгэнт нууцаас зарим хэсгийг нь гаргасан учир сайн ч ярина. Сайн ч тайлбарлана. Эхнээсээ Нью-Йоркийн шүүхийн шийдвэр нэхэмжлэл өгсөн этгээдүүдийн эсрэг гарсан. Аль 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр надтай холбоотой гаргасан нэхэмжлэлээ ямар нэгэн тохиролцоо, нөхцөлгүйгээр бүрэн зогсоосон. Тэр баримт нь гүтгэлэг тараагчид намайг гүтгэхдээ орж хараад байдаг Нью-Йоркийн шүүхийн цахим хуудаст нь ил байгаа. Гэтэл ямар нэгэн тохиролцоо хийж, хэргийг татсан юм шиг бас л нэг гүтгэлэг зохиож олон түмнийг төөрөгдүүлэх зүйлийг Ц.Насанбат прокурор ярилцлагадаа хэлсэн байна лээ. Ийм ойлгомжтой зүйл дээр ийм амархан үнэн мөн нь ил болох гүтгэлгийг ингэж улайм цайм яриад байхаар цаанаа нэг зорилготой гэж харагдаж байна. Гадны бизнесмений өмч хөрөнгө, бизнестэй холбоотой шүүхийн процесс явж байгаа. Үүнтэй холбоотой асуудлыг өөрөөс нь тодруулах хэрэгтэй.
Ер нь нэр бүхий этгээдүүд Оюутолгойн асуудалд бусдад давуу тал үүсгэсэн, Эрдэнэтэд хохиролтой гэрээ хийсэн гэх мэт ор үндэслэлгүй, бодит үнэнд нийцэхгүй нэхэмжлэлийг дотоодын шүүхэд нэхэмжлэгч, хүсэлт гаргагчгүйгээр хууль зөрчин үүсгүүлж, энэ бусармаг үйлдэлдээ гадаадын хувийн мөрдөгч, хуулийн компани, шүүхийг ашиглаж байгаа нь тодорхой боллоо. Миний зүгээс хууль шүүхийн байгууллагад хандан шалгуулж, үнэн зөвийг тогтоолгох болно.
Хил дамнан үргэлжилж буй энэ асуудал нь анхнаасаа улс төрийн зорилготойгоор зохион байгуулж буй гүтгэлэг юм. Оюутолгойн гэрээнд оруулсан Монголын талд ашигтай өөрчлөлтийг “Рио Тинто”-д ашигтай байсан мэтээр гуйвуулж, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой ямар ч ор үндэсгүй гүтгэлэг зохиосон. Энэ гүтгэлгийг хэн нэгний холын хонзон, улстөрийн захиалгаар төмөр замын төслөөс сая сая долларын тендер авч байсан этгээдүүд гардан зохион байгуулж, үүндээ прокурорын гадаад харилцааг маш нууц гэх шалтгаар ашиглаж, Нийслэлийн прокурорыг татан оролцуулж, татвар төлөгчдийн мөнгөөр өөрийн орны иргэнээ шалгуулах даалгаврыг гадаадын хувийн мөрдөгч компанид захиалсан бохир гүжир гүтгэлгийн кино үргэлжилж байна. Гэтэл Монгол Улсын хууль тогтоомжийг санаатайгаар зөрчин оффшор бүсэд зөвхөн дүрмийн сан нь сая ам.доллараар тоологдох компани эзэмшиж байсан нь хөдөлшгүй баримтаар ил болсон улстөрчийн хэргийг нэг ч прокурор ярихгүй, хөөцөлдөхгүй байгаа нь гайхалтай байна.
Тусгаар тогтносон Монгол Улс өөрийн хууль хяналтын болон шүүхийн байгууллагатай. Тодорхой цаг хугацааны дараа шударга ёс, бодит үнэн ялж энэхүү хар пиар, гүжир гүтгэлгийн асуудал шударга шийдэгдэнэ гэж итгэж байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үг байдагдаа.
-
УИХ-ын гишүүн С.Батболдын Ажлын албанаас мэдэгдэл гаргалаа

Сүүлийн өдрүүдэд зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн С.Батболдыг Оюу толгойн гэрээг байгуулах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан, улмаар гэрээний яриа хэлэлцээнд хууль бусаар нөлөөлөх замаар авлига авсан мэт, Эрдэнэт УБҮ-д хууль бус “шахаа” хийсэн, гадаадад байр, өмч хөрөнгө нуусан гэх зэргээр илт худал гүтгэлгийг зохион байгуулалттайгаар түгээж байгааг няцааж, дараах мэдэгдлийг хийж байна.
Нэгдүгээрт, С.Батболдыг “10 гаруй улсад 100 гаруй компани, олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй” гэх зохиомол хэрэг нь бүхэлдээ энд тэндээс хамж шимсэн авцалдаа, логикгүй хов живийн цуглуулга, С.Батболдтой ямар ч хамааралгүй гадны бизнес эрхлэгчдийн компаниудын нэр, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт байна гэдгийг албан ёсоор холбогдох бүх газар мэдэгдсэн. Улмаар энэхүү гүтгэлгийг тарааж буй этгээдүүд үнэнд гүйцэгдэн Нью Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс С.Батболдын нэрийг өөрсдөө татан авсан болно. Эрдэнэт УБҮ, Эрдэнэс Оюу Толгой ХХК зэрэг хуулийн этгээд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тэр бүү хэл Монгол Улсын Засгийн газрын нэрийг гадаадын шүүхэд хуурамчаар ашиглан маргаан, нэхэмжлэл гаргасан мэтээр эхлүүлсэн нь гадаадын шүүхийн тогтолцооны нэр хүндийг ашиглах, олон нийтийг төөрөгдүүлэхэд чиглэсэн улс төрийн бохир арга гэдэг нь энэхүү шүүхийн ажиллагааны үеэр тодорхой мэдэгдсэн болно. Гэтэл гүтгэлэг тараагчид үнэнд ялагдсанаа огт дурсахгүй, мэдээгүй мэт цариалан үндэслэлгүй нь нотлогдсон “Нью-Йоркийн шүүхийн хэргийн материал” гэгчийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тангад ном мэт зогсолтгүй тарааж байгаа нь энэ бүх гүтгэлэг эртнээс төлөвлөсөн, улс төрийн зорилготой үйлдэл болохыг харуулж байна.
Хоёрдугаарт, гүтгэлэг тарааж байгаа этгээдүүдийн өөрсдийнх өгсөн баримтаар аль 1997 оноос дэлхийд томд тооцогдох “Самсунг” компанийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга, Эрдэнэтийн УБҮ-тэй хамтарсан “ЭрдСам” компанийн дэд захирал байсан, түүнээс хойш Монголд зэсийн баяжмалын бизнес 20 шахам жил эрхэлсэн Солонгос бизнесмен Чёон Чү Ёон болон түүний бизнес хамтрагчдын компани, өмч хөрөнгийг С.Батболдод хамааралтай болгон нялзаах гэсэн нь ээлжит нэгэн гүжир гүтгэлэг юм. Тухайн бизнесмэн нь С.Батболдыг Ерөнхий сайд болохоос 12 жилийн өмнө зэсийн баяжмалын бизнесээ хийж л байсан, Ерөнхий сайдаас буусных нь дараа ч олон жил энэ бизнесээ эрхэлсээр байсан нь гүтгэлэг тарааж буй хүмүүсийн өөрсдийн өгсөн баримтаар нотлогдоод байна. Олон жил Монголд бизнес хийсэн хүний танилын хүрээ өргөн биз. Гэтэл тэр олон хүнээс заавал С.Батболдтой түүний компани, өмч хөрөнгийг холбох гэсэн оролдлого нь цаанаасаа улс төрийн зорилготой үйлдэл гэдгийг дахин нотолж байна. Эдгээр гадаадын иргэдийн үүсгэн байгуулан Эрдэнэт үйлдвэртэй бизнес эрхэлж байсан “Catrison Limited”, “Cliveden Trading AG”, “Genetrade Limited”, “Lidex Holdings Limited” гэх мэт компаниудыг С.Батболдынх мэтээр гүтгэж, олон нийтийг цочроох зорилгоор эдгээр компаниуд нь 400 сая долларын гэрээ хийсэн гэж байгаа атлаа С.Батболд тэнд хувьцаа эзэмшиж байсан эсвэл ямарваа нэгэн ашиг хүртэж байсан нэг ч баримт нотолгоо байхгүй. Байх ч үндэслэлгүй учраас дан хоосон хардлага, цуу яриа цуглуулж энэхүү гүтгэлгийг зохиож байгааг нь гадны шүүхэд ч тодорхой мэдэгдэж холбогдох шүүхийн шийдвэр гарсан болно. УИХ-ын гишүүн С.Батболд Эрдэнэтэд шахааны бизнес хийж байгаагүй, хийх шаардлага ч байхгүйг олон нийт эрхбиш ойлгохтойгоо байгаа.
Гуравдугаарт, С.Батболд болон түүний хамаарал бүхий хэн нэгэн, хуулийн этгээд оффшор бүсэд данс, мөнгө, байр орон сууц, өмч хөрөнгө ил болон далд эзэмшдэггүй. Гүтгэлэгт дурдаад буй олон арван сая долларын үл хөдлөх хөрөнгө, оффшорт байгаа мэтээр гүжирдээд байгаа данс нь С.Батболдын өмч гэсэн нэг ч нотлох баримтгүй, байх ч үндэслэлгүй учраас энэхүү гүжир гүтгэлгийг цэвэр цуу яриа, хий хоосон хардлага болгон тараасан. Зүгээр л бусдын өмчлөлийн байрны фото зураг гаргаж ирээд С.Батболдын өмчилдөг байрны нотлох баримт мэтээр гүжирдэж байна. Ийм ч учраас Нью Йоркийн шүүх дээр үнэн ялж нэр нь дурьдагдсан Солонгосын бизнесмений өмч болох С.Батболдод огт хамааралгүй энэ эд хөрөнгийг царцаахгүй гэсэн шийдвэр гаргасан. Лондон, Гонконг гэх мэт хотуудад тухайн Солонгосын бизнесмены эзэмшиж байгаа өмч хөрөнгө ч гэсэн С.Батболдод хамааралгүй, нэр дурдагдаад байгаа газруудад болон гадаадад С.Батболдод орон сууц, өмч хөрөнгө байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн бөгөөд шүүх хуулийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлж байгаа. С.Батболд нь дотооддоо ч энэ тухайгаа олон жилийн турш баримт нотолгоотой тайлбар, мэдээлэл өгч, холбогдох байгууллагад шаардлагатай бүх мэдээллийг хуулийн дагуу өгөх ёстой бөгөөд өгч ч ирсэн болно.

Дөрөвдүгээрт, Оюу толгойн гэрээ анх байгуулагдсаны дараа С.Батболд Ерөнхий сайд болж тус гэрээнд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг бараг 50 хувь бууруулах, Монголын талын авах суутгах татварын хэмжээг 2-20 дахин нэмэгдүүлэх зэрэг Монгол Улсад ашигтай, хөрөнгө оруулагч талд алдагдалтай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсныг буруутгаж гадаадын шүүхэд энэ бүх гүтгэлгээ зохиож өгснийг дотоодын хөлсний бичээчид дурьдалгүй өнгөрч байгаа. Олон түмэнд нээлттэй баримттай зүйлсийг улс төрийн зорилгоор харлуулахын тулд хөлсний байгууллагад “захиалга” өгч, Монголын талын ахиц дэвшлийг нөгөө талд өгсөн давуу байдал хэмээн эрээ цээргүй гүтгэлэг зохиож, шүүхэд хандах үндэслэлээ болгосон байгаа. Энэ бол цагааныг хар гэх гэсэн, харыг цагаан гэх гэж олон түмнийг хуурах гэсэн бузар гүтгэлэг, улс төрийн бохир тоглолт. Олон мянган удаа давтаад байвал үнэн болно гэж зүүдэлж яваа тэд энэхүү гүтгэлгээ гадаад дотоодын хэвлэлд түгээж байгаа нь эдгээр шийдвэрийг цуцлах гэсэн оролдлого байх гэсэн их хардлага дагуулж байна. Зээлийн хүүг бууруулсан, татвар нэмснийг эсэргүүцэн гүтгэлэг зохион тарааж байгаа хүмүүс хэний талд үйлчлээд байгаагаа сайтар бодох хэрэгтэй. Лав л Монголын талд биш.
Энэ бүх гүтгэлэг дайралтыг хэдэн тэрбум төгрөг гарган нарийн зохион байгуулж, өөрийн улсын иргэнийг гадаадын хөлсний байгууллагад “захиалж” мөрдүүлэн “зохион бичлэг” бичүүлж байгаа, гадаад дотоодын хэвлэлд зохион байгуулалттай гүтгэж байгаа, гадаадын шүүхийн байгууллагыг өөрийн дотоодын улс төрийн тоглоомондоо ашиглах гэсэн оролдлого хийж байгаа, энэ этгээдүүд нэг л зорилготойгоор энэ бүх зүйлийг хийж байгаа. Тэртээ 2004 оноос хойш сонгуулийн жил бүр УИХ-ын гишүүн С.Батболдын улс төрийн нэр хүндийг харлуулж, хийсэн бүтээсэн ажлыг гутаах, олныг төөрөгдүүлэх ажиллагаа явагдаж ирсэн. Энэ бол үеэ өнгөрөөсөн тархи угаах улстөрийн бохир технологи гэдгийг ард түмэн ялгаж салган ойлгож байгаа.
Энэ удаа ч бүр төсвийн хөрөнгө мөнгө, төрийн байгууллагын эрх мэдлийг хууль бусаар ашиглаж байна. Гүжир гүтгэлэг зохион тараагчдын үйлдэл хэрээс хэтэрч, гэр бүл, үр хүүхдийг нь бузар гүтгэлэгтээ хамруулах боллоо. Иймд энэ мэт гүтгэлгийг зохион тарааж буй хүмүүсийг зохих хуулийн дагуу арга хэмжээ авахаа УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын албанаас үүгээр мэдэгдэж байна.
УИХ-ын гишүүн С.Батболдын Ажлын алба
-
С.Батболд дэлхийн Зүүн төвийн улс төрийн хүчнүүдийн цахим хуралд илтгэл тавив
Зүүний, Зүүн төвийн чиг баримжаа бүхий 147 улс төрийн хүчнийг эгнээндээ нэгтгэсэн 150 гаруй жилийн түүхтэй СоцИнтерн (Социалист Интернационал) байгууллагын Тэргүүлэгчдийн ээлжит хурал энэ сарын 24-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Уг хуралд МАН-наас тус холбооны Дэд ерөнхийлөгч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Батболд оролцож, дэлхий нийтийн энх тайвныг хадгалахад зүүний чиглэлийн үзэл баримтлал бүхий улс төрийн хүчнүүдийн оролцоо, Ардчиллын үнэт зүйл, хүн төрөлхтний өмнө тулгарч буй COVID-19 цар тахал зэрэг тулгамдаж буй асуудлууд сэдвээр илтгэл тавив.
Ташрамд дурдахад, СоцИнтернд Монголоос ганцхан нам бүртгэлтэй байдаг нь МАН ба С.Батболд 2012 оноос Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Б.Энхтөр
-
Хулд, Луус сумынхан У.Хүрэлсүхийн багийг дэмжинэ

МАН-аас УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог Дундговь, Говьсүмбэр аймагт нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар 6 дугаар сарын 08-нд Дундговь аймгийн Луус, Хулд суманд ажиллалаа.
Иргэд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлого, шийдвэр иргэнээ дээдэлж, улс орныхоо хөгжлийн гарцыг эрэлхийлж байгаа учраас Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр, зорилго зорилтыг дэмжиж байгаагийн зэрэгцээ нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг нарыг багаар нь дэмжихээ илэрхийлж байсан нь бусад сумдад хийсэн уулзалтуудтай ижил уур амьсгалтай байв.
Луус сумын иргэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газрын гаргасан бодлого шийдвэр иргэндээ чиглэсэн, улс орны хөгжилд чиглэж байгаа учраас намын мөрийн хөтөлбөрийг дэмжихийн зэрэгцээ нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг нарыг бүтэн багаар нь дэмжихээ илэрхийлэв.

Тус суманд жилүүдэд сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ сайжирсан төдийгүй 80 хүүхдийн багтаамж бүхий дунд сургуулийн дотуур байр баригдаж байгаад эцэг, эхчүүд талархалтай байлаа.

Хулд сумын иргэдийн хувьд Мандалговь-Улаанбаатар чиглэлийн автозамыг шинэчлэх мөрийн хөтөлбөрийн заалтыг дэмжиж, сум орон нутгийг орон сууцжуулах хөтөлбөр хүндээ чиглэсэн зөв бодлого гэдгийг хэлж байна. Мөн мөрийн хөтөлбөртөө малыг эрүүлжүүлэх чиглэлд мал эмнэлгийг улсын өмчит болгож байгаа нь тал бүрийн ач холбогдолтойг онцолсон.
Орон нутгийн иргэдийн хувьд мөрийн хөтөлбөрт тусгасан эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн бодлогын хүрээнд хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр, “Цалинтай ээж”, хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 хүртлэх насны хүүхдийг хамруулах боломжтой яслийн үйлчилгээг сэргээх заалтыг дэмжиж байна.
Дундговь аймаг нь мал сүргийн тоогоороо улсдаа олон жил тэргүүлсэн. Тиймээс орон нутагт мах, сүүний үйлдвэр барих заалт бол тэдний хүсэл биелэх сайхан үйл хэрэг гэж үзэж байна.
Мөн сонгогчид У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийсэн бодит ажлуудыг цаашид үргэлжлүүлэх 6 дугаар тойрогт нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг нарыг багаар нь дэмжиж, хүчээ нэгтгэхээ илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны уулзалтад идэвхтэй оролцож байна.
УИХ-ын сонгуулийн 6-р дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Сүхбаатарын Батболдын сонгуулийн штабаас бэлтгэв
-
Гурвансайхан, Өлзийт сумдын иргэд говь нутгийн “брэнд” бүтээгдэхүүнийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн заалтыг дэмжиж байна

Улсын Их Хурлын сонгуулийн 6 дугаар тойрог, Дундговь, Говьсүмбэр аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар 6 дугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт сумдад ажиллаж, иргэд олонтой уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр иргэд орон нутгийн хөнгөн хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, говь нутгийн “брэнд” бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ гэсэн зорилтыг тусгасныг нүдээ олсон зорилт гэж үзэж байлаа. Учир нь Өлзийт сум тэмээн сүргийнхээ тоо толгойгоороо улсдаа тэргүүлдэг, ингэний айргаараа алдартай нутаг юм. Иймд иргэд ингэний айргаа үйлдвэрлэлийн аргаар боловсруулах, хил залгаа аймаг, сумд, нийслэлийн зах зээлд нийлүүлэх боломж бүрдүүлэхэд Монгол Ардын Намаас нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг онцгой анхаарч өгөхийг хүсэж, Монгол Ардын Намын нэр дэвшигчдээ багаар нь дэмжихээ илэрхийлэв.

Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн эмэгтэйчүүд, хүүхдэд чиглэсэн зорилтын хүрээнд хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн “Цалинтай ээж хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн 3 хүртэлх насны хүүхэдтэй бүх эхэд ялгаваргүйгээр тэтгэмж олгох зорилтыг орон нутгийн эхчүүд, эмэгтэйчүүд сайшааж байв.
Мөн тус намын мөрийн хөтөлбөрт Дундговь аймгийн гурван суманд мах, сүү, хоёрдогч түүхий эд боловсруулах “Бизнес инкубатор” байгуулахаар тусгасан. Үүнийг Гурвансайхан сумын малчид орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чухал заалт хэмээгээд сонгуулийн маргаашаас хийж хэрэгжүүлэхийг захиж, Монгол Ардын Намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг нутгийн олондоо уриалж байлаа.
УИХ-ын 6-р дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Сүхбаатарын Батболдын сонгуулийн штабаас бэлтгэв
-
Дундговьчууд хөгжилд хөтөлсөн мөрийн хөтөлбөртэй МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ

УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог, Дундговь, Говьсүмбэр аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд, УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэг нар 2020 оны 6 дугаар сарын 5-наас 6-ны өдрүүдэд Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил сумдад ажиллан Монгол Ардын Намынхаа мөрийн хөтөлбөрийг иргэд олондоо танилцуулж, орон нутгийн тулгамдсан асуудлын талаар иргэдийнхээ санал бодлыг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал, бодлоо солилцлоо.
Баянжаргалан сумын оторлож буй малчидтай хийсэн уулзалтын үеэр малчид МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан цөлжилтийг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, мөн орон нутгийг бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх зэрэг заалтыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.
Идэвхи, санаачлагаараа үргэлж манлайлж байдаг говь нутгийн залуусын төлөөлөл болсон “Алсыг харья” хөдөлгөөний залуус МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлж, нутгийнхаа залуусын санал, бодлыг нэр дэвшигчдэд уламжиллаа.

МАН залуусыг өөрсдийн нутаг орондоо суурьшин ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор хот, хөдөөгийн хүн амыг хөдөлмөр эрхлэх тэгш боломжоор хангах зорилтыг мөрийн хөтөлбөрийнхөө “Хүний хөгжлийн бодлого” хэсэгт тусгасныг нутгийн олон сайшааж, залуус орон нутагтаа ажиллаж, амьдрах боломж бүрдвэл олон залуус, залуу гэр бүлүүд хөдөө, орон нутгийг зорьж, хөгжилд хүч нэгтгэхэд бэлэн байгааг онцолж байлаа.
Мөн МАН сумдын дэд бүтцийг сайжруулах, ажилгүйдлийг бууруулах, говийн мах, сүү, махан болон сүүн бүтээгдэхүүнийг “брэнд” бүтээгдэхүүн болгон дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасныг иргэд ихэд талархан хүлээн авч буйгаа илэрхийлж, МАН-ын нэр дэвшигч нарыг багаар нь дэмжихийг уриалж байв.
УИХ-ын 6-р дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Сүхбаатарын Батболдын сонгуулийн штабаас бэлтгэв


