Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Олон улсын мэдээллийн агентлагууд Улаанбаатар хотноо чуулж байна

    Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх зөвлөл /ОАНА/-ийн ээлжит 33 дугаар хурал Улаанбаатар хотноо 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эхэллээ. Хуралдаанаар ОАНА-гийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж байгаа мэдээ, мэдээллийн агуулга, чанарыг сайжруулах, мультимеда чиглэлээр мэдээлэл солилцоогоо улам өргөжүүлэх, техник, технологийн хамтран шинэчлэх талаар хэлэлцэж байна. Гүйцэтгэх зөвлөлийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон үг хэлэв.

    Тэрээр ашигт малтмалын томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, уул уурхайн баялагтаа тулгуурлан улс орноо хөгжүүлэх, их бүтээн байгуулалт өрнүүлэх зорилт тавьж байгааг хурлын төлөөлөгчдөд дуулгаад үүний дүнд өнгөрсөн онд 6 хувьтай байсан эдийн засгийн өсөлт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 9,7 хувьд хүрснийг тэмдэглэв.

    Гэхдээ эдийн засгийн үйлдвэрлэлийн салбарын зэрэгцээ мэдээллийн эдийн засгийг хөгжүүлэх бодлого баримталж, энэ хэрээр мэдээллийн технологи улс орны амьдралд маш эрчимтэй нэвтэрч байгааг онцоллоо. “13-14 дүгээр зуунд өнөөгийн БНХАУ, ОХУ, Европын улсуудыг хамарсан 15 мянга гаруй км үргэлжилсэн өртөө, улаа нь мэдээллийн технологийн хүн төрөлхтөний түүхэнд гарсан 3 том хувьсгалын нэг. Чингисийн их гүрэнд өргөн уудам Евроазийг нэгэн нетворкийн сүлжээнд холбож байсан харилцаа, холбооны арга зарчим нь энэ өртөө юм” гэж нэрт судлаач Ким Жон Ре дүгнэсэн байдгийг ч Ерөнхий сайд С.Батболд жишээ болгов.    

    Мөн тэрээр монголчууд энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг хэлээд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилж, зорьж ирсэнээ бүтээж, зорилгоо хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэн ерөөв. Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн нийт бүтээгдэхүүний 56, худалдааны эргэлтийн 50, далайн тээврийн 60, агаарын тээврийн 25 орчим хувь нь ногдож байна. Үүнийг дагаад дэлхийн санхүү, шинжлэх ухаан, технологийн хамгийн том нөөц бүхий энэ бүс нутгийн мэдээллийн байгууллагуудын үүрэг, ач холбогдол, нэр хүнд, нөлөө ч асар их байдаг.

    Эгнээндээ Ази, Номхон далайн бүс нутгийн 33 орны мэдээллийн 42 агентлагийг эгнээндээ нэгтгэсэн ОАНА-д МОНЦАМЭ агентлаг 1981 онд гишүүнээр элссэн байна. Тус агентлагаас ОАНА-гийн мэдээллийн нэгдсэн санд өдөр тутам англи хэлээр 15 мэдээ нийлүүлж, улсынхаа хөгжил дэвшил, өнөөгийн нөхцөл, байдлыг бүс нутагтаа таниулан сурталчилж, мэдээлдэг юм

  • Хөдөө, орон нутгаас ирсэн шилдэг хүүхдүүдэд амжилт хүслээ

    Хөдөө, орон нутгаас ирсэн шилдэг хүүхдүүдэд амжилт хүслээ Ерөнхий боловсролын 544 сургуулиас шалгарсан 1000 хүүхдийн амжилтын талаар өгүүлсэн “Монгол Улсын шилдэг 1000 сурагч-2010” гэсэн ном гарчээ. Хөдөө, орон нутгийн хүүхдүүд номоо гардахаар Улаанбаатар хотноо ирээд байгаа юм байна. Энэ хүүхдүүдтэй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр уулзаж, Чингис хааны цогцолборын өмнө зургаа татууллаа.

    Монгол Улс үсрэнгүй хөгжлийн гараанд дээр ирээд байгаа. Энэ түүхэн цаг хугацааг үргэлжлүүлэн авч явах хүмүүс нь улс орны ирээдүй болсон хүүхдүүд та нар шүү гэдгийг Ерөнхий сайд хэлээд ажил үйлс, сурлага, урлаг спортын амжилтаар үе тэнгийнхнээ манлайлсан эдгээр хүүхдүүдэд баяр хүргэж, ололт амжилтаа улам бататгаж илүү өндөр амжилтад хүрэхийг хүсэн ерөөлөө

  • Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх Зөвлөлийн 33-р хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын хэлсэн үг

    Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, зочид оо,

    Хатагтай, ноёд оо,

    Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.  

    Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хуралд хүрэлцэн ирж, энэ танхимд хуран цугларсан тус байгууллагын эрхэм хүндэт удирдлага, ЮНЕСКО-гийн элч төлөөлөгчид, гишүүн агентлагуудын удирдагчид, төлөөлөгчид та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлье. Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх Зөвлөлийн хуралдааныг өөрийн эх орондоо нээж буйдаа сэтгэл хангалуун байна. Энэ нэр хүндтэй байгууллагын удахгүй болох 50 жилийн ойн баярын мэндийг та бүхэнд хүргэе.

    Танай энэ удаагийн чуулга уулзалт эртний түүхт Монгол Улсын онцгой тэмдэглэлт их ойн жилд болж байгаагаараа онцлогтойг тэмдэглэн хэлье. Энэ онд Монголчууд бид манай хамгийн анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Дэлхийн мянганы суут хүн, их эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 805, тусгаар тогтнолоо дахин сэргээн тогтоох эх үндэс болсон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

    Манай ард түмэн эв нэгдлийг ямагт эрхэмлэн дээдэлж, амгалан тайван амьдралын зарчмыг баримталж ирсэн хандлага нь 20-иод жилийн өмнө хийгдсэн нийгмийн шилжилтийн үед ч алдагдаагүй билээ. Сүүлийн жилүүдэд манай оронд уул уурхайн салбар хурдацтай хөгжиж, дэлхийд дээгүүрт орох “Оюутолгой”-н зэсийн, “Тавантолгой”-н нүүрсний зэрэг томоохон орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимтэй өрнөж, дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж байгааг та бүхэн мэднэ. Бид уул уурхай байгалийн баялагтаа тулгуурлан улс орноо хөгжүүлэх, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилт тавьж хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна.

    Үүнийгээ дагаад манай улс харьцангуй өндөр өсөлт бүхий эдийн засагтай орны тоонд орлоо. 2010 онд эдийн засгийн өсөлт 6 хувь байсан бол 2011 оны нэгдүгээр улирлын байдлаар 9,7 хувьд хүрлээ. Энэ өсөлтөд олон хүчин зүйл нөлөөлж байна. Манай улсын боловсруулах үйлдвэр зөвхөн 2010 онд 10 хувиар өссөн. Худалдаа, үйлчилгээний салбарын өсөлтийн хурдац ч эрчимтэй нэмэгдэж эхэллээ. Энэ бүхэн манай улсын эдийн засгийн хурдтай өсөлтийн нэгэн илэрхийлэл юм.

    Бид эдийн засгийн үйлдвэрлэлийн салбарын зэрэгцээ мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх бодлого баримталж байна. Тиймээс мэдээллийн технологи улс орны амьдралд маш эрчимтэй нэвтэрсэн нь өнөөгийн хөгжил, дэвшлийг илтгэн харуулах нэгэн үзүүлэлт юм. Тэртээх 13-14 дүгээр зуунд манай өвөг дээдсийн байгуулсан, БНХАУ, ОХУ, Европ хүртэлх 15 мянга гаруй км үргэлжилсэн өртөө, улаа нь нүүдэлчдийн дэлхийн соёл иргэншилд оруулсан  түүхэн хувь нэмэр байв.

    Энэ өртөөг “Мэдээллийн технологийн хүн төрөлхтөний түүхэнд гарсан 3 том хувьсгалын нэг” гэж нэрт судлаач Ким Жон Ре дүгнэсэн байдаг билээ. Мөн тэрээр “Чингисийн их гүрэнд өргөн уудам Евроазийг нэгэн нетворкийн сүлжээнд холбож байсан харилцаа холбооны арга зарчим нь энэ өртөө юм” хэмээн онцлохын зэрэгцээ Монголчуудын байгуулсан өртөө, улаа нь “орчин үеийн интэрнэтийн үндсэн загвар байсан”-ыг нотолсон юм.   

    Өнөөгийн дэлхий ертөнцийг нийтэд нь хамарсан мэдээллийн технологийн ийм ирмүүн хөгжил дэвшлийг дагалдан, мэдээллийн хүчирхэг давалгаа түрэн орж ирж, хүн төрөлхтөн чухамхүү мэдээллээр амьсгалж, бас мэдээллээр өрсөлдөж буй эрин үед энэ чуулга уулзалтын ач холбогдол их юм. Мэдээллийн агентлагууд улс орнуудын түүхэнд ямагт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр ч тийм хэвээрээ байна. Цаашид ч энэхүү хүндэт байр сууриа хэвээр хадгалах нь ойлгомжтой юм.   

    Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын эгнээнд бүс нутгийн 33 орны 42 мэдээллийн агентлаг багтаж байгаа гэсэн мэдээллийг надад өгсөн. Энэ Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн нийт бүтээгдэхүүний 56 хувь, худалдааны эргэлтийн 50 орчим, далайн тээврийн 60, агаарын тээврийн 25 орчим хувь нь ногдож байна. Энэ нь дэлхийн санхүүгийн болон шинжлэх ухаан, технологийн хамгийн том нөөц хүч энд оршдог гэсэн үг юм. Тиймээс энэ бүс нутгийн мэдээллийн агентлагуудыг нэгтгэсэн байгууллагын үүрэг, ач холбогдол, нэр хүнд, нөлөө дэлхий дахинд их юм. Хамгийн гол нь асар их хариуцлагыг үүрч байгааг онцлон дурдах ёстой.  

    Өнөөдөр дэлхий дахиныг холбосон интернет нь асар их багтаамжтай мэдээллийн аварга том сан төдийгүй мэдээллийг хамгийн шуурхай дамжуулагч хүчтэй хэрэгсэл, технологийн том ололт амжилт гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ аливаа улс орны талаархи хамгийн үнэн бодитой мэдээ, мэдээллийг тухайн орны мэдээллийн агентлаг л олж цуглуулж, олон нийтэд, дэлхий дахинд түгээж чадна гэж би боддог. Харин мэдээллээ гадаадад шуурхай дамжуулан хүргэх, өөр хоорондоо солилцох орчин үеийн техник, технологийн хүчин чадал улс орон бүхэнд харилцан адилгүй байдаг нь ойлгомжтой. Иймд улс орнууд хоёр талын болон олон талын, бүс нутгийн хэмжээний хамтын ажиллагааны хүрээнд хүндрэлтэй асуудлаа хамтран шийдвэрлэхийг зорьж байгаа нь зүй ёсны хэрэг. Уг уулзалтаар хэлэлцэж буй асуудлын агуулга, сэдвээс ч энэхүү хамтарсан хандлага тод харагдаж байна.       

    Хүн ам, газар нутаг, хөгжил дэвшлийнхээ хурдацаар дэлхийд тэргүүлж буй бүс нутгийнхаа амжилт бүтээл, сайн сайхан бүхний талаарх үнэн бодитой, шуурхай мэдээллийг дэлхий ертөнцийн хүн ардын сонорт хүргэх, хол ойрын сонин сайхныг ард түмэндээ дуулгаж, соён гэгээрүүлэх нь сэтгүүлчид, инженер, техникийн ажилтнууд та бүгдийн эрхэм хүндтэй, бахархалтай үүрэг юм. Энэ үүрэг, зорилгоо биелүүлэхэд, харилцаа хамтын ажиллагаагаа өрөгжүүлэхэд Улаанбаатарын уулзалтаар хэлэлцэж ярилцсан зүйл, шинэ санал санаачилга, гаргасан шийдвэр тус дөхөм болно гэдэгт би эргэлзэхгүй байна.

    Монголчуудын хэлдэгээр нар хур тэгширсэн дэлгэр зуны сайхан өдрүүдэд манай оронд зочилж, монгол түмний минь элэгсэг зочломтгой зан, ажил амьдрал, ололт амжилтыг ойлгон мэдэрч, эх орны маань байгалийн гоо сайхны нэгээхэн хэсгийг ч болов үзэж танилцах сайхан боломжийг уулзалт зохион байгуулагчид бүрдүүлж өгнө гэдэгт итгэлтэй байна. Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн хурлын хүндэт төлөөлөгчид та бүхнийг Нарлаг Монгол эх оронд минь тавтай морилон саатаж, зорьж ирсэнээ бүтээж, зорилгоо хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, хурлаа амжилттай өндөрлөнө гэдэгт итгэж сайны ерөөл дэвшүүлье.

    Анхааран сонссонд баярлалаа.

    2011 оны 6 дугаар сарын 27         Улаанбаатар хот

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганд” хэлсэн үг

    2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр                   Улаанбаатар хот

    Эрхэм хүндэт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ,

    Чуулганы төлөөлөгчдөө,

    Эх орныхоо өнцөг булан бүрт өөрийн бизнесээ эрхлэн, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж яваа эмэгтэйчүүд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа амжилт бүтээлийн дээдийг өргөн  мэндчилье. Манай Засгийн газрын эрхэм зорилго бол Монгол хүний хөгжлийн асуудал бөгөөд хүн бүрийг ажил хөдөлмөртэй, орлогын тогтвортой эх үүсвэртэй байлгах замаар амьдралын чанарыг сайжруулах явдал билээ.

    Хөдөлмөрийн насны хүн амын тоо нэмэгдэж, нийт хүн амд эзлэх хувь нь хамгийн их байх үе одоо тохиож байна. Энэ нь сүүлийн 50 гаруй жилийн хамгийн оргил үе юм. Цаашид энэ хандлага харьцангуй тогтвортой хадгалагдах бөгөөд  2025 он гэхэд нийт хүн амын 61 хувийг хөдөлмөрийн насныхан эзлэх төлөв хандлагатай  байна. 

    Ийнхүү хөдөлмөрийн насны хүн ам харьцангуй хурдацтай өсч байгаа явдал нь Засгийн газрын зүгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй, шинэлэг бодлого авч хэрэгжүүлэхийг зүй ёсоор шаардаж байгаа юм. Энэ үед их бүтээн байгуулалтыг өрнүүлж, эдийн засгийн хөгжлийг тэлэх замаар үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүний дотор өрхийн болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогыг нэн тэргүүнд тавьж байна. 

    “Шинэ бүтээн байгуулалт”, “Шинэ төмөр зам”, “Аж үйлдвэрийн парк” зэрэг улс орны хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүд нь энэ зорилтыг хэрэгжүүлэх үндсэн гарц бөгөөд эдгээрийг ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлоготой нягт уялдуулан явуулахыг чухалчилж байна. Энэ ч үүднээс сүүлийн 2 жилд Засгийн газар Бизнесийн орчны шинэтгэлийн  болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилүүдийг зарлан хэрэгжүүлж байгааг та бүхэн мэднэ.

    Эдгээр жилийн ажлын хүрээнд жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого, түүний хэрэгжилтэд түлхүү анхаарлаа.

    Тухайлбал: “Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2009 оноос 2012 оныг дуустал 3 жилийн хугацаанд гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг  батлууллаа. Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч ажил олгогчдод аж ахуйгаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, бизнесийн орчинг нь сайжруулах, зээлийн хөнгөлөлттэй эх үүсвэрээр хангахад дэмжин тусалж ирлээ.

    Улсын төсвөөс жижиг, дунд үйлдвэрийн зээлийн сан бүрдүүлж сүүлийн 2 жилд 60.0 тэрбум төгрөгний зээл олгоод байгаагийн зэрэгцээ шинээр бонд гаргах, Япон улс , Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл  зэрэг эх үүсвэрээр ЖДҮ-т олгож байгаа зээлийн нийт хэмжээг 300 тэрбум төгрөгт хүргэхээр ажиллаж байна. Үндэсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой бөгөөд импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүний дотоод  зах зээлийн борлуулалтад дэмжлэг үзүүлэх шийдвэрүүдийг ч Засгийн газраас гаргаад байна. 

    ЖДҮ, компаниуд, ажил олгогчдыг шаардлагатай мэдээллээр хангахад зориулан хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, түгээх зорилготой интернэтэд суурилсан бүртгэл мэдээллийн программ хангамжийг бүх аймаг, дүүргүүдэд нэвтрүүлснээр ажил олгогч болон иргэн хүн харилцан мэдээллээ бүрэн авах боломж бүрдэж байна.

    Ажил олгогчид, компаниудыг  эрэлт хэрэгцээнд нь нийцсэн өндөр мэргэжлийн ажилчдаар хангах үүднээс Мэргэжлийн боловсрол, сургалтын  Үндэсний зөвлөл,  түүний  дэргэдэх   салбар  зөвлөлүүдийг төр, хувийн хэвшлийн тэнцүү төлөөлөлтэйгээр ажиллуулж, уул уурхай, барилга зам, хүнсний үйлдвэрлэлийн салбар зөвлөлүүд байгуулагдан ажиллаж эхэллээ. Монголын мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд зарим МСҮТ-ийн сургалтын материаллаг орчинг орчин үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах чиглэлээр нийт 47,6 сая. ам долларын санхүүжилт хийгээд байна.

    Цаашид бид:

    • жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд зориулан олгож буй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг бууруулах, жижиг аж ахуйд зориулсан зээлийг тусгайлан хуваарилж, барьцаа хөрөнгийн зэрэг шаардлагыг сулруулах, зээлийн баталгааны сан ажиллуулах замаар бодит дэмжлэг үзүүлэх,
    • ажлын байр олноор бий болгосон ажил олгогчдыг урамшуулах, эдийн засаг, мөнгө, санхүү, татварын бодлогоор дэмжих, үр дүн өгөхүйц арга механизмыг бий болгох,
    • сургалтын дадлагын түшиц компаниудыг бий болгох, том үйлдвэр, аж ахуйн газруудын дэргэд МСҮТ байгуулах,    ажил олгогчдын захиалгаар сургах хэлбэрийг хөгжүүлэх,
    • Уул уурхайн болон бусад үйлдвэрлэлийн хүнс, үйлчилгээний зэрэг хэрэгцээг тухайн орон нутгийн хүнс, ХАА, ЖДҮ, өрхийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах,
    • Нийслэлийн дүүргүүдэд “ЖДҮ дэмжих төвүүд” байгуулан, “хөдөлгөөнт бирж”,  “нэг ажил олгогч-нэг ажлын байр” зэрэг хэлбэрээр хороод, иргэдийн дунд ажиллуулах явдлыг улам өргөжүүлэх,
    • жижиг дунд бизнесийг том үйлдвэрүүдтэй хоршин хамтран ажиллах хэлбэрийг зохион байгуулалттайгаар дэмжих бодлогуудад анхааран ажиллах ёстой гэж үзэж байна.

    Эрхэм бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ээ,

    Манай нийт үндэсний үйлдвэрлэгчдийн 80 гаруй хувь нь жижиг дунд бизнес эрхлэгчид байгаа бөгөөд тэр дундаа жижиг үйлдвэрлэгчид илүүтэй хувийг эзэлж байгаа. Энэ бизнесийг мөн эмэгтэйчүүд олноор хөтлөн удирдаж яваа нь бодит үнэн билээ. Тийм ч учраас энэ асуудлыг жендэрийн талаас харж, Жендэрийн Үндэсний хороо Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, ЖДҮГ-тай хамтран зохион байгуулж байгаа. 

    Манай эмэгтэй бизнес эрхлэгчид маань хамгийн хариуцлагатай бөгөөд бас найдвартай зээлдэгчид байдаг гэсэн судалгааны дүн ч гарсан байдаг.         Та бүхэн маань тулгамдсан асуудлаа нухацтай хэлэлцэн ярилцаж, төр засгийн түвшинд болон өөрсдийн хүч, хөрөнгө, хамтын зохион байгуулалтаар шийдвэрлэвэл зохих асуудлуудаа тодорхойлон гаргаж, зөвлөмж гарна  гэдэгт итгэж байна.  Та бүхний гаргасан шийдвэрийг Засгийн газрын зүгээс бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлж байна.

    Ард иргэдийнхээ амьдрал ахуйд үнэтэй хувь нэмэр оруулж, улс орныхоо эдийн засгийн хөгжлийг  өндөр түвшинд гаргах үйлсдээ улам их амжилт олж, бизнесээ улам их өргөжүүлэн ажиллахын ерөөлийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Эрүүл мэндийн үйлчилгээг хүн бүрт тэгш хүртээхийн төлөө Засгийн газар ажиллаж байна

    1921 оны наймдугаар сарын 15-нд цэрэг,ард иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй тусламж үзүүлэх “Эмнэлгийнхороо” байгуулах тухай их жанжин Д.Сүхбаатарын гарын үсэг зурсан шийдвэр нь Монгол Улсад эрүүл мэндийн алба үүсч хөгжсөн он тооллын түүхийн эхлэл ажээ. Харин тэд өнөөдөр 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Монгол Улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү арга хэмжээнд оролцож баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд 1921 оны үед Монгол Улсын ард иргэдийндунд халдварт өвчин, сүрьеэ өргөн дэлгэрсэн, байгалийн голомтот өвчин тарваган тахлын дэгдэлт ойрхон давтамжтай гарчхүн амыннас баралт өндөр хувьтай байсан.

    Мөн хүн амын тоо жилээс жилд буурч байснаас үүдэн гадаадын зарим судлаачид бүр “мөхөж буй үндэстэн” хэмээн тэмдэглэн үлдээсэн билээ. Харин тэр хүнд хэцүү үе 90 жилийн хугацаанд түүх болон үлдэж Монгол хүн эрүүлжиж, дундаж наслалт нэмэгдэж, хүн амын тоо нэмэгдэж 2,7 сая гарлаа. Энэ их амжилтад хамгийн гол үүрэг гүйцэтгэж ажилласан гавьяатай хүмүүс бол эрүүл мэндийн салбарын үе үеийн ажилтнууд гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан маань өөрсдийн үүрэг зорилгоо нэр төртэй биелүүлж 90 жилийнхээ түүхийг их амжилтаар бүтээлээ хэмээн тодотголоо.

    Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэхэд үе үеийн Засгийн газраас бодитой дэмжлэг үзүүлж ирсний үр дүнд 10 000 хүн амд ногдох цочмог халдварт өвчний гаралт хэдэн арав дахин, шинээр төрсөн 1000 хүүхдээс нэг ой хүртэлх нялхсын эндэгдэл 26 дахин, эхийн эндэгдэл 250 дахин буурч, нийт хүн ам 5 дахин өслөө. Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эмнэлгийн ажиллагсдын нөр их хөдөлмөр, уйгагүй зүтгэл, хүн ардынхаа төлөө гэсэн чин сэтгэлийн үр дүнд дээрх амжилтад хүрснийг онцлон хэлэх ёстой гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.

    Мөн Монгол Улсын Засгийн газар бодлого, үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлээ Монгол хүний хөгжлийг хангах явдал гэж тодорхойлсон. Дэвшүүлсэн зорилт, явуулж буй бодлого монгол хүн бүрт хүрэх  ёстой. Монгол хүн бүр эрүүл байж эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хүн бүрт тэгш хүргэх боломжийг бүрдүүлэхийг Засгийн газар зорьж ажиллаж тэмдэглээд Эмнэлгийн тусламж, үйлчилгээ бүр Засгийн газрын үйл ажиллагааны гол бодлого чиглэл болж байгаа бөгөөд хөрөнгө оруулалт, санхүүжилт үүнд чиглэж байгаа гэлээ.

    Хамтарсан Засгийн газраас эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлж томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Клиникийн нэгдсэн I, III эмнэлэг, нийслэлийн 1, 3 дугаар амаржих газар, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн өргөтгөлүүд, 300 ортой нийслэлийн эх, нялхсын эрүүл мэндийн төвийн цогцолборыг шинээр барьж эхэлсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд онцлоод 5 мянга гаруй хүний суудал бүхий спортын цогцолборыг ашиглалтад оруулсан. Улаанбаатар хотод стандартын шаардлага хангасан Үндэсний оношилгооны төв, 16 хүртэлх насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх чадвар бүхий эмнэлгийг барихаар төлөвлөснө ч мөн энэ үеэр дуулгалаа.

    Ингэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна.  Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийг эрчимжүүлэх, оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулах, Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, эмч, эмнэлгийн ажиллагсдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн нийгмийн асуудлыг сайжруулах зэрэг тулгамдсан олон асуудлуудыг оновчтой шийдвэрлэх  шаардлагатайг 90 жилийн түүх бидэнд сануулж, харуулж байна.

    Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа салбарын нийт ажилтнуудын санал санаачилгад тулгаарлан шийдвэрлэх нь зүйтэй. Энэ бүх асуудалд Засгийн газар анхаарч, эрүүл мэндийн салбараа дэмжиж ажиллана гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогссон алтан гартай ачтануудад ажил үйлс нь бүтэмжтэй байж энэ ертөнцийн түмэн жаргаланг ард иргэддээ бэлэглэж байхыг хүсэн ерөөлөө

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын “Монгол улсын хүнсний аюулгүй байдал – 2011” форумд хэлсэн үг

    Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,

    Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

    Хүнс, хөдөө аж ахуйн нь манай улсын хувьд хөгжлийн төдийгүй стратегийн ач холбогдолтой  чухал салбар. Тиймээс бид хүнс хөдөө аж ахуйн салбартаа шинэчлэлийн олон бодлого хэрэгжүүлж ирлээ. Үр дүнд нь монгол орондоо эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэх боломж нээгдэж эхэллээ.

    Гэвч бидний ирээдүйтэй гэж зорьж буй энэ салбарт дэлхий дахиныг хамарсан байгаль цаг уурын өөрчлөлт,усны нөөцийн багасалт, хүн амын өсөлт, түлшний үнийн өсөлт нь сөрөг нөлөө үзүүлэх боллоо. Мөн хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөц багасч, үнэ огцом өсч байгаагаас дэлхийн улс орнууд хүнсний хангамж, аюулгүй байдлынхаа бодлогод өөрчлөлт, шинэчлэлт хийж, төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх, дэмжлэг, зохицуулалтаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна.

     Тухайлбал, Ром хотноо 2009 оны 12 дугаар сард  зохион байгуулсан НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын дээд хэмжээний 3 дахь уулзалтаас “Хүн амын хүнсний үндсэн хэрэгцээг 2025 он гэхэд бүрэн хангах, 2050 он гэхэд хүн ам, түүний дотор хүүхэд өлсгөлөн байх гэдэг ойлголтыг арилгах” зорилт тавьсан. Энэ зорилтыг хангахад чиглэгдсэн төрийн оновчтой зохицуулалт, бодлогыг авч хэрэгжүүлэхийг гишүүн орнуудад  зөвлөсөн билээ. Учир нь дэлхийднэгтэрбум хүн буюу зургаан хүн тутмын нэг нь өлсгөлөнд нэрвэгдээд байна. Үүний 60 гаруй хувь нь Ази, номхон далайн орнуудад байна.   

    Тиймээс даяаршиж буй өнөө үед хүнсний аюулгүй байдлыг хангах, хангамжийг тогтвортой байлгах нь зөвхөн ганц орны бус, олон улсын хамтын ажиллагааны бодлого, үйл ажиллагааны нэн тэргүүний зорилт боллоо. Манай улс ч гэсэн дэлхийн улс орнуудын нэгэн адил хүнсний хангамжийн асуудалд анхаарлаа хандуулж, бодлого зорилгоо улам нарийвчлах ёстой.

    Бид хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд түүхий эдийн нөөц, гадаад худалдааг өргөжүүлэх, олон улсын чанар, стандартын тогтолцоог нэвтрүүлэхэд хүчин чармайлт гаргах ёстой.  Манай улс ард иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд энэ чиглэлийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хөгжүүлэхийг эн тэргүүний зорилтоо болгож байна.

    “Атрын IIIаян” тариаланг дэмжих үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжиж газар тариалангийн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хүнсний улаан буудайн импортын хараат байдлаас гарлаа. Манай улс улаан буудай, төмсний хэрэгцээгээ бүрэн, хүнсний ногооны 60 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах хэмжээнд хүрч, дотоодын гурилын үйлдвэрлэл сүүлийн 2 жилийн дотор  2,2 дахин нэмэгдлээ. Энэхүү үйлдвэрлэлээс хамаарч өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай улсын төмсний импорт 4 дахин,  улаан буудайн импорт 2,5 дахин, гурилын импорт 2 дахин буурлаа.  

    Сүүлийн жилүүдэд хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн салбарт манай хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснээр дотоодын хүнсний үйлдвэрлэл нэмэгдэж, импортын хэмжээ буурч,  эдийн засгийн эерэг үзүүлэлт гарч байна.

    Хүнсний аж үйлдвэрийн салбарт 2010 онд 504 тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 27,5 хувиар өсч, 64 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүнийг экспортлон, Монгол улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 60 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг боллоо гэсэн үг юм. Өнгөрсөн 10 сарын хугацаанд дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүний үнэ 30 орчим  хувиар нэмэгдэж байхад Монгол улсын хувьд уг үзүүлэлт харьцангуй тогтвортой байж инфляцад эерэгээр  нөлөөлсөн талаар Монгол Банкнаас мэдээлсэн зэрэг таатай нөхцөл бүрдлээ.

    Энэ оны нэгдүгээр сард хүнсний хангамж, аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар мах, гурил үйлдвэрлэгчдийн уулзалтууд, “Монгол хөрс-Монгол хүнс” зөвлөлдөх уулзалтыг  зохион байгуулсны үр дүнд хүнс хөдөө аж ахуйн салбарын хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах, газар тариалангийн салбарт олсон ололтоо бататгахаар боллоо. Мөн “Атрын IIIаян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлэх, “Сүү”, “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” хөтөлбөрүүдийн арга хэмжээг уялдуулах зорилгоор Засгийн газрын “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулж, “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.  

    Үндэсний хүнс үйлдвэрлэгчдийг  татварынбодлогоор дэмжихзорилгоор хууль эрх зүйн орчинд томоохон өөрчлөлтүүдийг хийж эхэллээ. Тухайлбал “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай”хуульд нэмэлтөөрчлөлторуулж, газар тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж,борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнийг нэмүү өртөгийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Мөн “Импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлж тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталсан. Цаашид  хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан “Хүнсний тухай“ хуулийг шинэчлэн найруулж, “Худалдааны тухай хууль”-ийн төслийг шинээр боловсруулж, энэ ондоо багтааж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

    Хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд  хяналт шалгалтын зөв тогтолцоо хэрэгтэй. Иймд ГЕГ, МХЕГ зэрэг мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах,  хүнс бэлтгэх бүхий л шатанд эрсдэлийг урьдчилан тооцох олон улсын аргачлалд тулгуурлан хяналтыг явуулдаг болох талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал байна. Мөн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор иргэд, олон нийт, төрийн байгууллагуудын санаачлагыг өрнүүлэх нь та бүхний хийх ёстой ажлын нэг хэсэг юм. Импортлогч орнуудын инфляцийг шууд оруулж ирж байгаад дүгнэлт хийж эртнээс авах дохиоллын системийг бий болгох хэрэгтэй.

    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг орон нутаг улсын хэмжээнд жигд хангахад өөрийн онцлог, дэд бүтцийн боломжийг харгалзаж, иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын идэвх санаачлагыг дэмжин ажиллах ёстой. Ялангуяа хүнсний хангамжийг тогтвортой байлгахад тээврийн дэд бүтэц чухал үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс авто болон төмөр замын багтаамжийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар анхаарч тодорхой ажлуудыг эхлүүлээд байна. 

    Мөн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хянах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бие даасан, үндэсний лавлагаа лабораторийг байгуулах шаардлага байна. Үүнийг хэрхэн яаж байгуулах талаар зөв шийдэл олох учиртай. Ингэхдээ хүнсний аюулгүй байдлыг хангах олон улсын болон европын стандартуудыг нэвтрүүлэх хэрэгтэй. Мөн саалиа бэлдэхээрсаваа бэлдгэсэн үгийг санаж хүнсний аюулгүй байдалтай холбогдуулан олон улсын стандартад нийцсэн агуулахуудыг барьж байгуулах хэрэгтэй байна. Агуулахын ач холбогдлыг бид махны үнийн зохицуулалтаас харж мэдэрсэн. Энэ чиглэлээр манай хувийн хэвшлийнхэн тодорхой ажлуудыг хийж байгаа гэдэгт итгэж байна.

    БНХАУ-ын Засгийн газраас авах 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн тодорхой хэсгийг, УИХ-аар батлагдсан ЖДҮ-ийг дэмжихээр гаргаж буй 150 тэрбум төгрөгийн бондыг хүнс, хөдөө аж ахуйн салбарт шаардлагатай томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Учир нь хүнсний аюулгүй байдлыг хангах, үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэлүүдийг дэмжиж ажиллах нь ард иргэдийн болоод улс орны аюулгүй байдлыг хангаж, баталгаажуулах алс хэтийн бодлого мөн.  

    Хүн амыг  аюулгүй  хүнсээр хангана гэдэгт ганцхан хоол хүнсний асуудал биш юм. Хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг, мал амьтан, ургамлын өвчин, хортон шавьжны асуудлыг бас давхар шийдвэрлэх ёстой. Энэ зорилгоор манай Засгийн газар Монгол малыг эрүүлжүүлэх чиглэлээр томоохон ажлууд хийхээр төлөвлөж байна. Юуны өмнө бүх малыг угаалга, тарилга, туулганд бүрэн хамруулах бодлого боловсруулж байна. Малаа эрүүлжүүлнэ гэдэг нь хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангаж байгаагийн нэгэн илрэл юм.

    Хүнсний  аюулгүй байдалд үнэлгээ өгч, цаашдын зорилтыг тодорхойлох зорилгоор  зохион байгуулж  буй энэхүү форумд оролцогч үйлдвэрлэгчид, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл Та бүхэн   тулгамдаж буй асуудлын талаар санал, бодлоо илэрхийлж тодорхой шийдвэр гаргахад идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.

    Анхаарал тавьсанд баярлалаа                        Улаанбаатар хот.  2011.06.24

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд: Тулгамдсан олон асуудлыг оновчтой шийдвэрлэх шаардлгатайг 90 жилийн түүх харуулж байна

    Эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, ажиллагсад аа,

    Хүндэт зочид оо,

    Хатагтай ноёд оо,

    Монгол Улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан ахмад буурлууд, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, энэ мөчид ажил үүргээ гүйцэтгэж буй эрүүл мэндийн салбарынхандаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсье. Эрүүл мэндийн салбарынхантай маань мөр зэрэгцэн ажиллаж байгаа олон улсын түншлэгч байгууллага, хандивлагч орны төлөөлөгчдөд эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе.  

    1921 оны наймдугаар сарын 15-нд цэрэг,ард иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй тусламж үзүүлэх “Эмнэлгийн хороо” байгуулах тухай их жанжин Д.Сүхбаатарын гарын үсэг зурсан шийдвэр нь Монгол Улсад эрүүл мэндийн алба үүсч хөгжсөн он тооллын түүхэн эхлэл болсон. Тухайн үед Монгол Улсын ард иргэдийндунд халдварт өвчин, сүрьеэ өргөн дэлгэрсэн, байгалийн голомтот өвчин тарваган тахлын дэгдэлт ойрхон давтамжтай гарчхүн амыннас баралтөндөрхувьтай байсан. Мөн хүн амын тоо жилээс жилд буурч байснаас үүдэн гадаадын зарим судлаачид “мөхөж буй үндэстэн” хэмээн тэмдэглэн үлдээсэн билээ. Харин тэр хүнд хэцүү үе 90 жилийн хугацаанд түүх болон үлдэж Монгол хүн эрүүлжиж, дундаж наслалт нэмэгдэж, хүн амын тоо нэмэгдэж 2,7 сая гарлаа.

    Энэ их амжилтад хамгийн гол үүрэг гүйцэтгэж ажилласан гавьяатай хүмүүс бол эрүүл мэндийн салбарын үе үеийн ажилтнууд гэдэгтэй хэн ч маргахгүй ээ. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан маань өөрсдийн үүрэг зорилгоо нэр төртэй биелүүлж 90 жилийнхээ түүхийг их амжилтаар бүтээлээ.

    Анхдагч, хоёрдогч, гуравдагч шатлалын эрүүл мэндийн байгууллагууд засаг захиргааны нэгжийн бүх түвшинд зохион байгуулагдаж, үйл ажиллагаа нь тогтворжсоноор хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй үзүүлэх чадавх бүхий тогтолцоо өнгөрсөн хугацаанд бүрдсэн.  Энэхүү эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэхэд үе үеийн Засгийн газраас бодитой дэмжлэгийг үзүүлж ирсний үр дүнд 10 000 хүн амд ногдох цочмог халдварт өвчний гаралт хэдэн арав дахин, шинээр төрсөн 1000 хүүхдээс нэг ой хүртэлх нялхсын эндэгдэл 26 дахин, эхийн эндэгдэл 250 дахин буурч, нийт хүн ам 5 дахин өслөө. Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эмнэлгийн ажиллагсдын нөр их хөдөлмөр, уйгагүй зүтгэл, хүн ардынхаа төлөө гэсэн чин сэтгэлийн үр дүнд дээрх амжилтад хүрснийг онцлон хэлэх ёстой.  

    Манай Засгийн газар бодлого, үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлээ Монгол хүний хөгжлийг хангах явдал гэж тодорхойлсон. Дэвшүүлсэн зорилт, явуулж буй бодлого монгол хүн бүрт хүрэх  ёстой. Монгол хүн бүр эрүүл байж эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хүн бүрт тэгш хүргэх боломжийг бүрдүүлэхийг Засгийн газар зорьж ажиллаж байна.

    Эмнэлгийн тусламж, үйлчилгээ бүр Засгийн газрын үйл ажиллагааны гол бодлого чиглэл болж байгаа бөгөөд хөрөнгө оруулалт, санхүүжилт үүнд чиглэж байна. Хамтарсан Засгийн газраас эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлж томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Клиникийн нэгдсэн I, III эмнэлэг, нийслэлийн 1, 3 дугаар амаржих газар, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн өргөтгөлүүд, 300 ортой нийслэлийн эх, нялхсын эрүүл мэндийн төвийн цогцолборыг шинээр барьж эхэлсэн бөгөөд 5 040 хүний суудал бүхий спортын цогцолборыг ашиглалтад орууллаа. Мөн Улаанбаатар хотод стандартын шаардлага хангасан Үндэсний оношилгооны төв, 16 хүртэлх насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх чадвар бүхий эмнэлгийг барихаар төлөвлөж байна.

    Эрүүл мэндийн салбарыхныхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ур чадварыг нь сайжруулах, нийгмийн асуудлуудыг нь шийдвэрлэх талаар ч Засгийн газраас тодорхой бодлого хэрэгжүүлж ирсэн. Эрүүл мэндийн салбар энэ мэт амжилт бүтээл байгаа боловч асуудал бэрхшээл байгааг 90 жилийн ойгоор нь хэлж сануулалгүй өнгөрч болохгүй. Амьдрал баян учраас алдаа оноо цөөнгүй бий. Өнөөдрийг хүртэл бидний өмнө эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага ч байсаар байна.

    Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийг эрчимжүүлэх, оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулах, Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, эмч, эмнэлгийн ажиллагсдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн нийгмийн асуудлыг сайжруулах зэрэг тулгамдсан олон асуудлуудыг оновчтой шийдвэрлэх  шаардлагатайг 90 жилийн маань түүх бидэнд бас сануулж, харуулж байна. Бас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа салбарын нийт ажилтнуудын санал санаачилгад тулгаарлан шийдвэрлэх нь зүйтэй. Энэ бүх асуудалд Засгийн газар анхаарч, эрүүл мэндийн салбараа дэмжиж ажиллана.  

    Ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогссон алтан гартай ачтан та бүхний маань ажил үйлс бүтэмжтэй байж энэ ертөнцийн түмэн жаргаланг ард иргэддээ бэлэглэж байхыг хүсэн ерөөе. Эрүүл мэндийн салбарынхаа 90 жилийн ойг амжилт бүтээлээрээ баяжуулан баталгаажуулж баяраа сайхан тэмдэглэхийг хүсэе.

    Анхаарал тавьсанд баярлалаа               2011 оны 6 дугаар сарын 24.

  • Төрийн албаны шинэтгэлийн талаар хэлэлцэж байна

    “Төрийн албаны шинэтгэл, сорилт, боломж” сэдэвт Үндэсний чуулган 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд ажлаа хүлээн авсныхаа дараахан УИХ-ын чуулганд үг хэлэхдээ төрийн албыг шинэчлэн, дунд, доод шатанд байгаа хүнд суртлыг халах ёстой. Төрийн жинхэнэ албанд төр, ард түмэндээ чин шударгаар ажилладаг мэргэшсэн тогтолцооны зарчмыг тууштай хэрэгжүүлэх бодит шаардлага байна гэж мэдэгдсэн юм.

    Энэ зорилтоо ажил хэрэг болгохын тулд олон улсад хамгийн шилдэг туршлага хэмээн үнэлэгдсэн Канад загвар болох мерит тогтолцоог судлан, эх орондоо нутагшуулах чиглэлээр ажиллаж байна. Улмаар Ерөнхий сайд Канад Улсад айлчлах үеэрээ хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан бөгөөд тус улс бүх талаар дэмжихээ ч илэрхийлсэн юм. Төрийн албаны шинэчлэлийг цаасан дээр лоозон болгон үлдээлгүй, цаг алдалгүй хийх ёстой гэж Засгийн газрын тэргүүн үзэж байна. Тиймээс төрийн албаны шинэчлэлийг тууштай эхлүүлэхийн тулд үндэсний хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм.  

    Өнөөдөр эхэлсэн чуулганд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, орон нутгийн бүх шатны төрийн байгууллагын албан хаагчдын төлөөлөл, төрийн бус байгууллага, бизнес, иргэд, манай улсад суугаа гадаад орны Элчин сайдууд, НҮБ, олон улсын байгууллагын төлөөлөл, Канад Улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч, хатагтай Мария Баррадос гээд 650 гаруй оролцож байна. Чуулганаар төрийн албаны шинэтгэлийн стратегийг тодорхойлох, төрийн алба, төрийн албан хаагчийн талаар хуульд оруулах өөрчлөлт, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, мэргэжлийн түвшинг улс орны хөгжлийн хурдац, нийгмийн хэрэгцээ, шаардлагад хэрхэн нийцүүлэх талаар хэлэлцэн нэгдсэн ойлголт, шийдэлд хүрэх юм.

    Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд, Төрийн албаны шинэтгэлийг удирдах хорооны дарга С.Батболд оролцон төрийн албаны шинэтгэлийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр төрийн болон төв, орон нутгийн байгууллагад тогтвортой ажилласан хүнийг албан тушаалд дэвшүүлэн томилдог байхыг хуульчлахын зэрэгцээ төрийн албанд аль намын, аль нутгийн, хэний хүн байх нь гол биш гагцхүү стандарт, шаардлагыг хангасан сайн менежер, зохион байгуулагч, төрд сэтгэлтэй хүн ажилладаг байх ёстойг онцлон тэмдэглэлээ. 

    Намчирхах, нутгархах, бүлгэрхэх, албан тушаал, эрх мэдлийн нэр сүрээр төрийн байгууллагын дотоод ажил, хүний нөөцийн бодлогод ил далд хэлбэрээр нөлөөлдөг зүй бус, зохисгүй оролцоо, хандлагыг таслан зогсоох улс төр, эрх зүйн баталгааг бүрдүүлэх ёстой. Мэргэшсэн, тогтвортой, мерит зарчимд суурилсан төрийн албаны үр өгөөжтэй, иргэддээ үйлчилдэг, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж Ерөнхий сайд үзэж байна. 

    Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш бүх аймагт ажиллан иргэдтэйгээ уулзаж жаргал, зовлонг нь сонссон. Хэдийгээр асуудал, бэрхшээл байгаа ч хамгийн гол нь төрийн байгууллагын ажил үйлчилгээ, төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, хариуцсан ажил болон хүнтэй харьцах харьцаанд сэтгэл дундуур байдгаа иргэд хэлж байсан юм. Үүнийг Ерөнхий сайд сануулаад яам, агентлаг, төв, орон нутгийн төр захиргааны байгууллагуудад хэдэн мянган албан хаагч ажиллаж байгаа хэрнээ гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бодит өөрчлөлт гарсан гэж бардам хэлэх үндэслэл бага байна. Иргэдийн амьдралд шууд мэдэгдэхүйц дорвитой өөрчлөлт гарахгүй байна гэж шүүмжлэлтэй хандав.

    Иймээс засаглалын хэлбэр, маягаа илүү үр өгөөжтэй болгож, төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Засаглалын үр ашигтай механизмыг тогтоох, төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагыг эрс сайжруулах нь эдийн засаг, нийгмийн том зорилтуудыг хэрэгжүүлж,  улс орны болон хүний хөгжлийг хангах гол түлхүүр, үндсэн хөшүүрэг гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна. Энэ нь ч хөгжсөн орнуудын туршлага, тэдний амжилтын нэг нууц. Тиймээс төрийн албаны шинэтгэлийг ярих нь нийгмийн хэрэгцээ шаардлага, өнөө цагийн дуудлага гэж тэрээр онцлов.  

    Шинэтгэлийн гол зорилго нь одоогийн бүтэц, тогтолцоог боловсронгуй болгон тогтвортой байдлыг хангах, улмаар үйл ажиллагаа, соёл, хандлага, төрийн албан хаагчдын бодол сэтгэлгээ, арга барилын шинэтгэлийг эрчимжүүлэхэд оршино гэж Ерөнхий сайд хэллээ. Засаглалын ялгаа байгаа учир улс орнуудын зарим нь хөгжиж, зарим нь хөгжиж чадахгүй байна. Хөгжих үндэс нь сайн засаглалын стандарт. Тиймээс сайн засаглалын стандартыг төв, орон нутаг, нутгийн өөрөө удирдах ёсонд нэн даруй нэвтрүүлэхийг хичээх учиртай. Сайн засаглалын нэг үндсэн шинж бол төрийн алба мэргэшсэн, тогтвортой байж, иргэддээ чанарын үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг гэдгийг  тэрээр сануулав.  

    Төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх нь улс орны тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл. Төрийн албаны тогтвортой байдал гэдэгт бодлогын, хууль тогтоомжийн, байгууллагын бүтэц, тогтолцооны, үйл ажиллагааны чиглэлийн, боловсон хүчний гээд олон зүйл багтана. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд  эдгээрийн алинаар нь ч тогтвортой тууштай байдлыг хадгалж чадаагүйг Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Төрийн жинхэнэ албаны ажилтнуудын ангилал, зэрэглэлийн стандартыг тодорхой болгох ёстой гэж тэрээр үзэж байна. Энэ нь яам, агентлагийн хэлтэс, газрын дарга болон ерөнхий менежерүүдэд тавигдах шаардлагыг бусад улс орны ижил түвшний менежерүүдэд тавигддаг орчин үеийн шаардлагын түвшинд тодорхой стандартчилж өгнө гэсэн үг юм.

    Ажил албандаа илүү хариуцлагатай, шударгаар ажиллахын тулд бид хэнд ч, юунд ч төлөөс төлөхгүй, зарлага гаргахгүй, харин ч итгэл, хүндэтгэлийг олно. Төрөө гэх ард түмний итгэл сэргэж ирнэ. Үүний тулд тухайн хүний хүсэл зориг хэрэгтэй. Ийм хүсэл, зориг, эрмэлзэл өөрт нь байгаагийн адил төрийн албан хаагчдад бий гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд хэлээд шударга, хариуцлагатай төрийн албаны төлөө хамтран ажиллахыг уриаллаа. Манай улсын төрийн байгууллагад 150 гаруй мянган хүн ажиллаж байна. Тэдний 113 мянга гаруй нь төрийн үйлчилгээний албан хаагч юм

  • С.Батболд: Төрийн албанд аль намын, аль нутгийн, хэний хүн байх нь гол биш гагцхүү төр, ард түмэнд үнэнчээр ажилладаг мэргэшсэн хүн байх ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Төрийн албаны шинэтгэл сорилт боломж” сэдэвт төрийн албаны үндэсний чуулганд хэлсэн үг

    Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

    Төрийн албаны үндэсний чуулгандаа хүрэлцэн ирж, Төрийн ордондоо цуглан чуулж байгаа Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр энд монголын хамгийн олон иргэдийг эгнээндээ багтаасан төрийн албаныхан гэдэг том айлын бүх ангилал, зэрэглэлийн албан хаагчдын төлөөлөл иргэний нийгэм, бизнесийн байгууллага, иргэдийнхээ төлөөлөлтэй хамтран чуулж, алдаа оноогоо хэлэлцэж, ажил төрлөө сайжруулах арга замаа ярилцах нь ихээхэн онцлогтой, ач холбогдолтой  арга хэмжээ болно гэдэгт итгэж байна. 

    Ийм чуулганыг зохион байгуулах шийдвэрийг сар хүрэхгүй хугацааны өмнө Төрийн албаны шинэтгэлийг Удирдах хорооны хурлаас гаргасан. Засгийн газар 5 сард шийдвэр гаргаж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх шат дараалсан үйл явцыг удирдах чиг үүрэг бүхий Удирдах хороог Ерөнхий сайдаар ахлуулан ажилуулахаар тогтож, дүрмийг нь баталж өгсөн. Удирдах хороо үйл ажиллагааныхаа ойрын болон хэтийн зорилго, зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж ажиллахын тулд юуны өмнө төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх шаардлага, түүнд тулгарч болзошгүй сорилт, боломж, бас өөрсдийн сайн муу талуудаа үндэсний хэмжээний төлөөлөлтэй өргөн дэлгэр ярилцъя гэдгээ  анхныхаа хурлаар хэлэлцэж тогтсон.

    Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Үнэхээр ч хэлэлцэж ярилцах зүйл та бидэнд олон бий. Та бүхэн чуулгандаа идэвхтэй оролцож, цаашдын стратеги  бодлого чиглэлд үнэтэй санал санаачлага бүхий хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэж байна. Өнөөдрийн энэ чуулганд Монгол улсад суугаа гадаад орны элчин сайдууд, НҮБ болон олон улсын байгууллагын төлөөлөл, мөн Канад улсын Төрийн албаны комиссын Ерөнхийлөгч хатагтай Мария Баррадос тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Эрхэм Зочиддоо та бүхний өмнөөс халуун дотно мэндчилгээ дэвшүүлье.

    Чуулганы зочид төлөөлөгчид өө,

    Хатагтай ноёд оо,

    Монгол улс хөгжлийн шинэ гараан дээрээ ирлээ. Бид ардчиллын гэгдэх нийгмийн өөрчлөлтийн 20 жилийг ардаа орхилоо. Энэ хугацаанд алдсан олсон зүйлийн талаар бишгүй ярьсан. Одоо угтах ирээдүйн 20 жилээ төлөвлөн, хийж бүтээх учиртай. Ирэх 20 жил бол улс нийгмийн эрчимтэй хөгжлийн, эх орны их бүтээн байгуулалтын он жилүүд байх болно. Энэ бүхний үр дүнд Монгол хүн хөгжиж, хүний хөгжлийн таатай нөхцөл бүрдэнэ. Үүнд бид итгэлтэй байна. 

    Эдийн засаг тэлж байна. Хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Улсын болоод хувийн салбарт алсдаа өгөөжтэй бодит бүтээн байгуулалтын ажлууд өрнөж эрч хүчээ авч эхэллээ. Хүний хөгжлийн сангаар дамжиж иргэдэд байгалийн баялгийн хувь хишиг бага багаар очиж эхэлсэн. Хөгжлийн банкийг байгуулж, эдийн засгийн томоохон хөтөлбөр төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр бүрдүүлэх хөшүүргийг бий болголоо.   

    Нэг үгээр хэлбэл, манай Засгийн газар ээлж өнгөрөөх, гал унтраах байдлаар биш холыг харсан, хөгжлийн бодлогоор ажиллахыг хичээж байна. Алийн болгон бид “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” гэсэн сэтгэлгээгээр ажиллахав. Хэдийгээр нийгмийн зарим хэсгийн амьдралд “өнөөдрийн уушиг” нь чухал байгааг ойлгож  буй хэдий ч бид нөхцөл байдлыг өөрчилж, өөрөөр сэтгэж, өөр өнцгөөс харж, том зорилт тавихыг чухалд үзэж хамтран зүтгэж байна. “Оюу толгой”, “Таван толгой”, “Шинэ төмөр зам”, “Сайншандын аж үйлдвэр” цогцолбор, “Шинэ бүтээн байгуулалт” зэрэг хөгжилд хөтлөх хөтөлбөр, төслүүд бэлтгэгдэж, ажил хэрэг болж амьдралд биелэлээ олох эхлэлийн гараан дээр байна. Энэ бол дотоод нөхцөл байдал, хүчин зүйл юм.

    Гадаад орчин, нэг талаасаа, бидэнд эдийн засгийн таатай боломжийг бүрдүүлж байгаа ч, нөгөө талд нь, хүндхэн сорилтууд хүлээж байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, эрчим хүч, экологийн хямрал, байгалийн баялгийн төлөөх ил далд өрсөлдөөн, дэлхийн хүн амын хүнсний хомсдол, түүний аюулгүй байдал, элдэв өвчин тахлын хил хязгааргүй тархалт, харийн соёлын түрэлт зэрэг өдрөөс өдөрт ойртон нүүрлэж буй эрсдэл сорилтууд нь үндэсний оршин тогтнол, айл өрхийн аюулгүй байдал, Монгол хүний хөгжилд сөргөөр нөлөөлөхүйц бодит аюул заналыг сануулж байна. Дотоод, гадаад энэ бүх нөхцөл байдал нь биднийг хөгжлийн философио, засаглалын хэв загвар, өгөөж бүтээмжээ дахин шинээр харахыг шаардаж байна.

    Тэгвэл эрсдлийг багасгаж, сорилтыг давж, боломжийг ашиглаж, хөгжлийг түргэсгэх гол хөшүүрэг нь зөв менежмент бүхий сайн засаглал юм. Үүнд эргэлзэх явдалгүй. Энэ бол бидний итгэл үнэмшил байх ёстой. Би Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад нэг жил найман сар болж байна. Энэ хугацаанд бүх аймаг, орон нутагт ажиллаж, ард иргэдтэйгээ уулзаж зовлон жаргалыг нь сонслоо. Тэдэнд асуудал, бэрхшээл байна. Амьдрал өрнөж байгаа газар асуудал байх нь мэдээж. Гэхдээ хүмүүс нэг л зүйлд, тодруулбал, төрийн байгууллагын ажил үйлчилгээ, төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, ажилдаа болоод хүнд хандах хандлагад нь сэтгэл дундуур байгаа нь ажиглагдсан.

    Мөн дээрх хугацаанд боловсролын шинэчлэл, хөрөнгийн зах зээл, санхүү, бизнесийн орчны шинэтгэл, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүч, эрдэс баялаг, дэд бүтэц, мал аж ахуй, газар тариалан гээд үйлдвэрлэлийн бараг бүх салбараар орж, хүн ам нийгмийн эрсдэлт бүлгүүд, хүүхэд залуучууд, гэр бүлийн тулгамдсан асуудлаар үгээ хэлж, үүрэг даалгавар, чиглэл өгч ажиллаж ирлээ. Салбарын яам, агентлаг, төв, орон нутгийн төр захиргааны байгууллагуудад хэдэн мянган албан хаагч ажиллаад байгаа хэрнээ гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бодит өөрчлөлт энэ хугацаанд гарсан гэж бардам хэлэх үндэслэл бага байна. Хүн амын амьдралд шууд мэдэгдэхүйц өөрчлөлт дорвитой гарахгүй байна. Энэ бүхнээс Монголын төрийн албаны ажил хэрэг,  түүний гүйцэтгэлийн үр өгөөж ямар байна вэ? гэдэг нь тодорхой болно.

    Тэгэхлээр бид засаглалын хэлбэр маягаа илүү үр өгөөжтэй болгож, төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Засаглалын үр ашигтай механизмыг тогтоох, төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагыг эрс сайжруулах нь эдийн засаг, нийгмийн том зорилтуудыг хэрэгжүүлж,  улс орны болоод монгол хүний хөгжлийг хангах гол түлхүүр, үндсэн хөшүүрэг гэж би үзэж байна. Хөгжиж ирсэн улс орны туршлага, тэдний амжилтын нэг нууц ч энд байна. Тиймээс төрийн албаны шинэтгэлийг ярих нь нийгмийн хэрэгцээ шаардлага, өнөө цагийн дуудлага юм.

    Энэ дуудлагыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ Засгийн газрын өмнөөс талархал илэрхийлж баяр хүргэе. Асуудлыг олон талаас нь ажил хэрэгчээр, ний нуугүй ярилцахыг та бүхнээс хүсье.

    Эрхэм нөхөд өө,

    Төрийн албаны шинэтгэл нь байнгын тасралтгүй үйл явц юм. Бүр 1980-аад оноос эхлэн дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улс орнуудын өмнө Төрийн захиргааны шинэтгэлийн асуудал тавигдсаар ирсэн байна. Энэ хооронд захиргааны шинэтгэлийн олон үзэл онол, хандлагууд бий болж засаглалын практикт нэвтэрч, эерэг сөрөг үр дагаваруудыг дагуулсаар, туршлага, сургамж хуримтлуулсаар өнөө хүрч иржээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд өөрчлөлт шинэчлэлийн хэд хэдэн үеийг дамжин монгол улсын төрийн албаны тогтолцоо институтын хувьд цоо шинээр бүрэлдэн тогтжээ.

    Өнөөгийн манай төрийн албаны тогтолцоонд ололттой, дэвшилтэй зүйл мэдээж багагүй бий. Гэхдээ дутагдал доголдол нэлээдгүй байгааг амьдрал өөрөө харуулж байна. Ард иргэд шүүмжлэн хэлэлцэж байна. Ерөнхийлөн шүүмжлэх, хавтгайруулан үгүйсгэх биш дутагдал доголдол нь хаанаа, юундаа байна вэ? гэдгийг нарийн оношлон тогтоох нь цаашдын шинэтгэлийн стратеги зорилтыг тодорхойлоход чухал ач тустай. Шинэтгэлийн гол зорилго нь нэгэнтээ хэлбэржин тогтсон институтын тогтолцоог дахин задлан, шинээр эмхлүүлэхийг зорих биш, харин одоогийн бүтэц тогтолцоог боловсронгуй болгон тогтвортой байдлыг хангах, улмаар түүний дотоод үйл ажиллагаа соёл хандлага, төрийн албан хаагчдын бодол сэтгэлгээ, арга барилын шинэтгэлийг эрчимжүүлэхэд оршино гэж үзэж байна.

    УИХ-аас баталсан “Монгол улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний биелэлтийг зохион байгуулах ажил цаг хугацааны хувьд 2010 оноор дуусгавар болсон ч дунд хугацааны стратегийн зорилго, эрхэмлэн дээдлэх зүйлс, монгол төрийн албаны үнэт зүйл хэм хэмжээ болж хараахан бүрэн төлөвшөөгүй. Тиймээс бидний хийхийг хүсч буй шинэтгэлийн стратеги зорилт эндээс урган гарах учиртай.

    Мэргэшсэн, тогтвортой, мерит зарчимд суурилсан төрийн албаны үр өгөөжтэй, иргэддээ үйлчилдэг, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх явдал гэж тодорхойлж болох байна. Ерөнхий сайдын албыг хүлээн аваад УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ “Төрийн жинхэнэ албанд гавьяа зүтгэлийн буюу Меритократ тогтолцооны зарчмыг тууштай хэрэгжүүлэх бодит шаардлага байна” гэж тэмдэглэсэн байр суурь хэвээр байгааг дахин нотлон хэлэхийг хүсч байна.

    Өнөөдөр дэлхийн улс орнуудын хөгжлийн түвшний ялгааны нэг үндэс нь засаглалд байна. “Засаглалын ялгаа” байгаа учраас зарим нь хөгжиж, зарим нь хөгжлийн өндөрлөгт хүрч чадахгүй байна. Хөгжлийн зөв шийдвэр гаргах үндсэн нөхцөл нь сайн засаглалын стандарт юм. Тиймээс бид сайн засаглалын стандартыг төвд ч, орон нутагт ч, нутгийн өөрөө удирдах ёсонд ч нэн даруй нэвтрүүлэхийг хичээх учиртай. 

    Сайн засаглалын нэг үндсэн шинж бол төрийн алба мэргэшсэн, тогтвортой байж, иргэддээ чанарын үйлчилгээ үзүүлэх явдал мөн. Төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх нь улс орны тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл юм. Төрийн албаны тогтвортой байдал гэдэгт бодлогын, хууль тогтоомжийн, байгууллагын бүтэц, тогтолцооны, үйл ажиллагааны чиглэлийн, боловсон хүчний гээд олон зүйлс багтана. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд бид дээрх зүйлийн алинаар нь ч тогтвортой тууштай байдлыг хадгалж чадаагүй явж ирсэн байна. Засгийн газрууд байн байн солигдож байсан нь үүнд нөлөөлсөн нэг хүчин зүйл яах аргагүй мөн. Сүүлийн 15 жилд 9 засгийн газрын нүүрийг үзээд байгаа бөгөөд бүрэн эрхийн хугацаагаараа ажилласан нь нэг л байна.

    Засгийн газрын халагдах солигдох үйл явцыг дагалдаад бүтэц зохион байгуулалтын элдэв өөрчлөлтүүд, боловсон хүчний халаа сэлгээ төв орон нутаггүй хийгдсэн нь төрийн албаны тогтвортой байх зарчмыг алдагдуулаад зогсохгүй, эцсийн дүндээ  иргэдийн амьдралд халгаатай, бүтээн байгуулалтад саадтай байсны горыг  бид өнөөдөр ч даван туулж чадаагүй байна. Эндээс сургамж авах нэгэн зүйл харагдана. Засгийн газрын кабинетийн  бүрэлдэхүүн өөрчлөгдлөө ч засгийн газрын бүтцийн байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагааны чиглэлийн тогтвортой байдлыг хадгалахыг эрмэлзэх нь чухал юм байна. Энэ чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар мэргэшсэн, туршлагатай төрийн албан хаагчид тогтвортой ажиллаж, төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагаа тасалдалгүй хэвийн явагдах нөхцлийг эрх зүйн бүрэн дархлаатай болгох нь чухал байна.

    Төрийн жинхэнэ албаны ажилтнуудын ангилал, зэрэглэлийн стандартыг ч тодорхой болговол зохино. Тухайлбал, яам агентлагийн хэлтэс, газрын дарга нар болон ерөнхий менежерүүдэд тавигдах шаардлагыг бусад улс орны ижил түвшний менежерүүдэд тавигддаг орчин үеийн шаардлагын түвшинд маш тодорхой стандартчилж өгөх ёстой. Төрийн албаны тухай хуулинд тодорхой нэмэлт өөрчлөлтүүдийг оруулъя. Төрийн болоод төв, орон нутгийн байгууллагад тогтвортой ажилласан хүнийг албан тушаалд дэвшүүлэн томилдог болохыг хуулчилъя. Тухайлбал, төрийн яаманд магадгүй 3 аас 5 жил ажилласан туршлагатай, ёс зүйтэй, ур чадвартай болохоо харуулж чадсан хүнийг хэлтэс, газрын дарга болгодог, карьерийн зарчмаар албан тушаалд дэвшүүлдэг байх тодорхой өөрчлөлтүүдийг төрийн албаны тухай хуулинд оруулъя. Энэ талаар та бүхэн зөвлөлдөж ярилцах ёстой. 

    Төрийн албанд аль намын, аль нутгийн, хэний хүн байх нь гол биш гагцхүү стандарт шаардлагыг хангасан сайн менежер, зохион байгуулагч, төрд сэтгэлтэй хүн ажилладаг байх ёстой. Төрийн шийдвэр гаргах тогтолцоог нотолгоо, судалгаа, бодит тооцоонд тулгуурласан зарчимд шилжүүлэх нь бодлогын тогтвортой байдлыг хангах, нэг хүчин зүйл мөн. Төрийн албаны тогтвортой байдал, засаглалын чадавхийг сулруулж, хүний нөөцийн бодлогыг алдагдуулахад хүргэсэн нэг зохисгүй хандлага бол улс төрийн нөлөөлөл гэсэн ерөнхий нэрийн дор халхавчлагдсан зүй бус оролцооны зохисгүй үр дагавар юм.

    Намчирхах, нутгархах, бүлгэрхэх, албан тушаал, эрх мэдлийн нэр сүрээр төрийн байгууллагын дотоод ажил хэрэг, хүний нөөцийн бодлогод ил далд хэлбэрээр нөлөөлдөг энэ зүй бус зохисгүй оролцоо, хандлагыг таслан зогсоох улс төр, эрх зүйн баталгааг бүрдүүлэх ёстой. Энэ талаар та бүхэн салбар хуралдаан дээрээ сайн ярьж, хэрхэх тухайгаа хэлэлцэж тогтоно бизээ. Сайн засаглалын нэг гол шалгуур бол иргэддээ ойр байх, тэдний төлөө чанартай, адил тэгш, алагчлалгүй үйлчилгээ үзүүлдэг байх явдал мөн.

    Төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” хэмээн бид хуульчилсан. Үүнийг хуулийн хуурай заалт, хоосон тунхаг байлгалгүйгээр төрийн албан хаагч бүр үйлдэл, сэтгэл болгон хувиргаж, үйл ажиллагаагаараа нотлон харуулахыг амьдрал та биднээс шаардах боллоо. “Өндөр чанартай үйлчилгээг ард түмэндээ хүргэх” нь дэлхийд жишиг болохуйц стандарт бүхий Канад улсын төрийн албаны хамгийн нэгдүгээр эрхэм зорилго болдог байна.

    Үнэндээ улсынхаа ард иргэдэд чин сэтгэлээсээ үйлчлэх гэсэн үзэл бодол бүх төрийн албан хаагчдын зүрх сэтгэлд шингэсэн байвал зохино. Сэтгэл л байвал таны үйлчилгээ хүнд хүрнэ. Үг яриа, үйлдэл, зан үйл, үйлчилгээ, ажлаас таны сэтгэлийг иргэд мэдэрч, харж, уншиж байгаа. Иргэд та биднээс их юм шаардахгүй. Гагцхүү бодитой, нээлттэй сэтгэл шингэсэн үйлчилгээ, хүн ёсны харилцааг л хүсч байна.

    Төрийн байгууллагын ажил, үйлчилгээний соёлд эргэлт гаргахад хувийн хэвшлийн байгууллага, тэндхийн ажилтнуудаас санаа авах, сурах юм их бий. Хөндий харьцаа, хөшүүн хойрго байдал, хүлээлгэж уях, хариу нэхэх байдлын илрэл нь шуурхай түргэн, шударга тэгш хандаж, угтаж авч тосч үйлчилдэг үйлчилгээний хэм хэмжээг мэдэх болсон манай иргэдийн уур уцаарыг хүргэх нь гарцаагүй. Төрийн нэрээр хувийн ажлаа амжуулж, төрийн алба гэсэн вакум орчинд сууж хүнд суртлын үүр уурхай болсон зарим хандлагыг өөрчлөхийг ард иргэд шаардаж буйг бид анзаарахгүй байж болохгүй.

    Өнөөдөр төрийн нэрийн өмнөөс нийтдээ 150 гаруй мянган албан хаагч ажиллаж байна. Тэдний 113 мянга гаруй нь төрийн үйлчилгээний албан хаагчид бөгөөд тэд өдөр тутам төрийн нийтлэг үйлчилгээг иргэдэд хүргэх үүрэгтэйгээр ажилладаг. Төрийн тусгай, төрийн захиргаа, улс төрийн албан хаагч хэн нь ч байсан өдөр бүр хүнтэй харилцаж  байгаа. Энэ олон хүнийг хүний төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлд нэгтгэн зангидвал “олны хүч оломгүй далай” гэгч болно. 

    Ард түмэндээ үйлчлэх андгай тангараг бүхий төрийн албан хаагч та бүхэн нийтээрээ эрхэмлэн дээдлэх, үнэт зүйл, чин эрмэлзлээ анхны чуулганаараа тунхаглан илэрхийлж, сахин мөрдөх нь зүйтэй. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, түмний төлөө төрийн нэрийн өмнөөс үнэнч шударгаар зүтгэж байгаа хэнийг ч манай ард түмэн мэднэ, хүндэтгэнэ. Төр тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж нэр төрийг нь хамгаалахыг хичээнэ. Ингэж ажиллаж байгаа төрийн албан хаагчиддаа Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж та бүхнээр уламжлан ажлын амжилт, сайн сайхны ерөөл дэвшүүлье.

    Монгол улсын төр, тэр дундаа Засгийн газар бол хамгийн том ажил олгогч, ажил үйлчилгээний хамгийн том захиалагч, хамгийн их хөрөнгө оруулагч мөн. Ажил олгогчоос ажил эрхлэгчид тавих болзол, шаардлага цөм стандартчилагдсан байх учиртай. Энэхүү стандарт нь хэн нэгэн хүнд зориулагдсан биш хийж гүйцэтгэх ажил үйлчилгээний цар хүрээ, чанар, хүртээмж, соёл, хариуцлагын хэмжээгээр тодорхойлогдох ёстой. Дээр нь энэ стандарт бидний жишиг болгохыг зорьж буй улс орны төрийн байгууллагын ижил түвшний албан тушаалд тавигддаг стандартын хэмжээнд буюу түүнд дөхөж очсон байх шаардлагатай болоод байна. Даяаршил, нийгмийн хөгжил, биднийг тосон ирж буй хөгжлийн давалгаа үүнийг шаардаж байна.

    Манай төрийн байгууллагын ажил үйлчилгээ, албан хаагчдын мэдлэг, ур чадвар дэлхийн түвшний төрийн албаны стандартаас л доогуур байх юм бол төрийн алба бол улс орны хөгжлийн хөтөч байна гэдэг үг зүгээр л хоосон зүйл болно. Төрийн захиргааны шинэтгэл, улсын салбарын шинэ удирдлага, сайн засаглал, шинэ хэв маягийн Засгийн газар, төрийн шинэ менежмент, эзэн агентийн харилцаа, ажил үйлчилгээний өртөг зэрэг төрийн захиргааны үзэл онолын мөн чанарыг илэрхийлсэн ойлголтууд нь зөвхөн онолын ном зохиолд хэрэглэгддэг эсвэл зарим хүний цэцэрхсэн хоосон үг болж үлдэнэ. Бид үүнийг хүсээгүй. Үгийг үйл хэрэг, онолыг практик хэрэглээ болгохыг та бүхнээс хүсч байна.

    Төрийн засаглалын өгөөж, үр дүнг дээшлүүлэхэд компанийн засаглалын зарим сайн стандартаас суралцвал зохино. Компанийн ажлын байранд тавигдах шаардлага, удирдлагын менежмент, стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн үнэлгээ, хяналт шинжилгээ, тайлагнал гэж бидний ярьдаг зүйл цөм стандартчилагдсан, тэгэхдээ бүр дэлхийн түвшинд гэж ярих хэмжээнд хүрчээ. Төрийн байгууллагаас шаардаад, бидний хүрэх гээд хүсээд байгаа ажил үйлчилгээ, менежментийн стандарт жишиг бидний дэргэд ойрхон байна. Үүнээс суралцацгаая, тэдэнтэй уралдацгаая гэж уриалмаар байна.

    Төрийн байгууллагын хөгжил, төрийн албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадвар, харилцааны соёл, хүнд хандах сэтгэлээс, төрийн албаны шинэтгэлийн хувь заяа шууд хамаарах нь тодорхой. Тийм л хүнийг олж тодруулах, сонгон шалгаруулах, ажилд томилох, сонгоход Төрийн албаны зөвлөл болон түүнд оролцогч эрх бүхий субьектүүд нэгдмэл бодлого, нэг л шалгуураар ханддаг, шинэ соёлын хэм хэмжээг хэвшүүлэх нь зүйтэй.

    Улс төрийн намууд ч энд тодорхой үүрэг хүлээх ёстой. Тэд төр, иргэнээ хүндэтгэж байгаа л бол төрийн албаны стандарт шаардлагад нийцэх хамгийн сайн боловсон хүчнийг л төрд илгээвэл зохино. Ингэж чадвал ажил хэргийн нэгдмэл эрх ашгийн үүднээс ашиг сонирхлын зөрчил үүсэх ёсгүй. Харин хаана энэ стандарт зөрчигдөж, иргэдийн итгэл хүлээхгүй хүнийг төрийн албанд зүтгүүлнэв, тэнд сонирхлын зөрчил үүсэж, намынхаа ч, төрийн албаны ч нэр хүндийг унагаадаг муу зуршил, дутагдлыг өөрчилье гэж намуудад хандан уриалья. Энд бас л стандарт шаардлага, хуулийн зохицуулалт хэрэгтэй. Холбогдох хууль тогтоомжуудад ийм зохицуулалт хэм хэмжээг суулгаж өгөхөд цаг алдмааргүй байна.

    Мерит зарчимд суурилсан мэргэшсэн, чадварлаг төрийн албаны ажилтан, албан тушаалтанд зайлшгүй байх бас нэг гол шалгуур шинж бол чин шударга, хариуцлагатай байх чанар билээ. Үүнийг ч иргэд хүсэж шаарддаг, бас шүүмжилж баалдаг. Ингэх ч эрхтэй. Тиймээс салбар хуралдааны хэлэлцүүлгийн үеэр төрийн байгууллага, төрийн зарим албан хаагчдын шударга бус, хариуцлагагүй үйлдлийн талаар баримттай, эзэнтэй, тодорхой яригдана гэж бодож байна. Үүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан анхааралдаа авбал зохино. Чухамдаа шударга, зөв шүүмжлэл шинэчлэлийн хөшүүрэг, хөтөч болно гэдэгт би санал нэг байна.

    Шударга хариуцлагатай байх нь ерөөс хүн бүрт байвал зохих эрхэм чанарууд мөн. Гэхдээ төрийн байгууллага болон хувийн хэвшилд ижилхэн эрэмбийн ажил, албан тушаал эрхэлж байгаа 2 хүн байхад иргэд төрийн албан хаагчаас нь дээрх чанарыг илүү нэхэмжилж, хүсэмжилдэг буюу илүү өө сэвийг олж хардаг байна. Энэ бол төрөө хүндэтгэх уламжлалт хандлагын үүднээс бол төрийн албаа цэвэр ариун байлгах, шударга бус хүнийг шургалуулахгүй байх гэсэн бодол эрмэлзлэл, орчин үеийн ойлголтоор бол татвар төлөгчид түүнд хяналтаа тавьж, хариуцлага нэхэж байгаагийн илэрхийлэл юм. Шударга бус, хариуцлагагүй хүнийг хэн ч хаана ч цалинжуулахыг хүсэхгүй нь тодорхой. Төрийн албанд ч энэ зарчмыг хатуу мөрдлөг болгох ёстой. Хариуцлага тооцдог маш тодорхой механизмуудыг Төрийн албаны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжуудад нэмж суулгаж өгье.

    Хаа газрын төрийн алба ёс зүйн асуудалд ихээхэн анхаарал хандуулах болжээ. Төрийн албанд ажилд авах, албан тушаал дэвшүүлэхдээ мэдлэг, мэргэшлийн ур чадвараас гадна тухайн хүний биеэ зөв авч явдаг, эрх мэдлээ урвуулан ашигладаггүй, улс төрийн нөлөөнд автдаггүй, зүй бус авирладаггүй, ноцтой алдаа гаргадаггүй байх зэрэг шинжүүдийг зарим улс орон төрийн албаныхаа үндсэн шалгуур болгодог болжээ. Үүнийг ч манай төрийн алба жишиг болгох хэрэгтэй. Засгийн газар өнгөрсөн оны эцсээр “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний дүрэм”-ийг баталж гаргасан нь энэ чиглэлээр хийсэн нэг ажил юм.

    Энэ дүрмийг мөрдөж хэрэгжүүлэх нь чухал. Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөлүүд төрийн албан хаагчдыг мэргэшүүлж чадваржуулахын зэрэгцээ илүү өндөр ёс зүйтэй болгох, иргэдэд ёс зүйн үлгэрлэл, манлайлал үзүүлдэг болгох талаар, төрийн албаны эрхэмлэл, үнэт зүйлийг нийтэд түгээх талаар сургалт, соён гэгээрүүлэх ажлыг өрнүүлэх шаардлагатай байна. Төрийн алба шударга, хариуцлагатай байх гэдэг нь зөвхөн төрийн албан хаагч нэг бүрийн ёс зүй, хариуцлагаар хязгаарлагдахгүй. Мөн төрийн байгууллагын үйл ажиллагаа, түүний шийдвэр гаргах арга механизм, гүйцэтгэлийн хэмжүүр, шалгуур, үнэлгээ нь нээлттэй, ил тод, шударга байх зарчимаар бас тодорхойлогдоно.

    Шударга бус, хариуцлагагүй байсныхаа төлөөсөнд асар их төлбөр төлж байгаагаа нийгмээрээ ухаарч сэхээрч байна. Тиймээс энэ шаардлагыг иргэд Та бидэнд нэхэл хатуутай тавьж байгаа нь зүй ёсны юм. Иймд та бид хичээх учиртай. Ажил албандаа илүү хариуцлагатай, шударгаар ажиллахын тулд бид хэнд ч, юунд ч төлөөс төлөхгүй, зарлага гаргахгүй, харин ч итгэл, хүндэтгэлийг олно. Төрөө гэх ард түмний итгэл сэргэж ирнэ. Тэгэхээр энд тухайн хүний хүсэл зориг л хэрэгтэй. Та бүхэнд ийм хүсэл зориг, эрмэлзлэл бий гэдэгт итгэж байна. Надад тийм итгэл эрмэлзлэл, хүсэл зориг байна. Шударга, хариуцлагатай төрийн албаны төлөө бид хамтран ажиллацгаая.

    Чуулганы эрхэм төлөөлөгчид өө,

    Нэн түрүүнд ард түмэндээ үйлчлэх эрхэм зорилгоо ухамсарласан, хүний төлөө сэтгэл, хүсэл зоригтой, шударга, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай, мэргэшсэн тогтвортой албан хаагчдаас бүрдсэн, үйл ажиллагаа нь нээлттэй, уян хатан, чадварлаг, иргэддээ ойр, стандартны төрийн албыг хөгжүүлэхийн төлөөх өөрийн байр суурь, үзэл баримтлалаа товч илэрхийллээ. Та бүхэн үүнийг баяжуулан хэлэлцэж, төрийн албаны шинэтгэлийг улам эрчимжүүлэх талаар санал бодлоо шингээсэн зөвлөмж чиглэлийг энэ чуулганаас гаргавал удирдах хорооны төдийгүй төрийн албаны цаашдын ажил хэрэгт ач тустай байх болно.

    Төрийн албаны шинэтгэлд нийгмийн бүх бүлэг, хэсгийн зөв оролцоо, дэмжлэг хэрэгтэй. Төрд иргэний хяналт, хэвлэл мэдээлэлийн байгууллагын үүрэг нэн чухал. Төрийн үйл ажиллагааны төвлөрөлийг бүхий л шатанд багасгаж, ачааллыг нийгэмд жигд хуваарилан эрх үүрэг, оролцоо-хяналтын тэнцвэртэй тогтолцоог бий болгоход анхаарах цаг болсон. Төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийнхний зүгээс үр ашигтай түншлэл, эрүүл шударга өрсөлдөөн нь төрийн албаны шинэтгэлд түлхэц болно. Зөв алхам, нааштай өөрчлөлтийг дэмжих гадаад хамтрагч дэмжигч нар ч байна. Тэдний сайн туршлага ч бидэнд боломж олгож байна.

    Ийнхүү хамтын хүчин чармайлтаар төрийн албаны шинэтгэлийг ашигтай үр өгөөжтэй хэрэгжүүлж чадваас хөгжилтэй улс орон, бүтээгч ард түмэн болох боломж улам ойртоно. Учрах сорилтыг даван туулж, сайн засаглалын стандартыг бий болгосноороо Монголчууд бид эх орон, байгалийн баялагийнхаа эзэн нь байж, иргэний эрх чөлөөгөө бүрэн эдэлж, тав тухтай амьдралын орчин бүрдэж, үндэстнээрээ хөгжих болно. Хөгжил бидэнд ойртон ирж байна.

    Түрхрэн ирэх хөгжлийн шинэ давалгааг төрийн албаны шинэтгэлээр угтан тосч, түрлэг нэмэн, эх орондоо их бүтээн байгуулалтыг өрнүүлцгээе.

    Чуулганы ажиллагаанд амжилт хүсье.

    Төрийн ордон.    2011.06.23

  • Монгол улсын хүний хөгжлийн тав дахь удаагийн илтгэлийг танилцуулав

    Эмзэг байдлаас тогтвортой хөгжилд: байгаль орчин, хүний хөгжил сэдвийн дор байгаль орчны тулгамдсан асуудлууд хүний хөгжилд хэрхэн нөлөөлж буй болон нөлөөлж болохыг бодит тооцоо судалгаанд үндэслэн гаргасан Монгол Улсын Хүний хөгжлийн илтгэлийг танилцуулах арга хэмжээ өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энд хэлсэн үгэндээ Монголын ард түмний ирээдүйн төлөө бид өнөөдрөөс эхлэн юу хийх ёстойг бодит жишээн дээр тулгуурлан харуулснаараа чухал хэрэгцээт судалгааны ажил болсныг онцоллоо. Мөн цаашид анхаарвал зохих бодлогын зөвлөмжүүдийг багтаасан манай улсын хөгжилд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан харж, сануулж анхааруулж байгаа хэрэг юм гээд илтгэлд хот, хөдөөгийн ард түмний эмзэг өртөмхий  байдлыг тодотгож харуулсны зэрэгцээ хүний хөгжлийг хангахын тулд цаашид анхаарвал зохих олон асуудлыг дэвшүүлснийг Засгийн газрын тэргүүн сайшаан хүлээж авах ёстой гэлээ.

    Хүний хөгжлийг бэхжүүлэхийн зэрэгцээ хүрээлэн байгаа орчны эмзэг байдлаас тогтвортой байдал руу шилжихэд тулгарч байгаа сорилтуудыг шийдвэрлэхийн төлөөх хүчин чармайлтад энэхүү илтгэл хувь нэмэр оруулна хэмээн найдаж байгаагаа Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу энэ үеэр илэрхийллээ.

    Хүний хөгжлийн илтгэлийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Шведийн олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон эрдэмтэн судлаачид хамтран гаргасан байна.  Манай улс хүний хөгжлийн илтгэлийг анх 1997, 2001, 2003, 2007 онуудад боловсруулан гаргасан байдаг юм.