Ангилал: мэдээ-мэдээлэл

  • ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

    “Төрийн албаны шинэтгэл, сорилт, боломж” сэдэвт Үндэсний чуулган 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд ажлаа хүлээн авсныхаа дараахан УИХ-ын чуулганд үг хэлэхдээ төрийн албыг шинэчлэн, дунд, доод шатанд байгаа хүнд суртлыг халах ёстой. Төрийн жинхэнэ албанд төр, ард түмэндээ чин шударгаар ажилладаг мэргэшсэн тогтолцооны зарчмыг тууштай хэрэгжүүлэх бодит шаардлага байна гэж мэдэгдсэн юм. Энэ зорилтоо ажил хэрэг болгохын тулд олон улсад хамгийн шилдэг туршлага хэмээн үнэлэгдсэн Канад загвар болох мерит тогтолцоог судлан, эх орондоо нутагшуулах чиглэлээр ажиллаж байна. Улмаар Ерөнхий сайд Канад Улсад айлчлах үеэрээ хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан бөгөөд тус улс бүх талаар дэмжихээ ч илэрхийлсэн юм. Төрийн албаны шинэчлэлийг цаасан дээр лоозон болгон үлдээлгүй, цаг алдалгүй хийх ёстой гэж Засгийн газрын тэргүүн үзэж байна. Тиймээс төрийн  албаны шинэчлэлийг тууштай эхлүүлэхийн тулд үндэсний хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр эхэлсэн чуулганд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, орон нутгийн бүх шатны төрийн байгууллагын албан хаагчдын төлөөлөл, төрийн бус байгууллага, бизнес, иргэд, манай улсад суугаа гадаад орны Элчин сайдууд, НҮБ, олон улсын байгууллагын төлөөлөл, Канад Улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч, хатагтай Мария Баррадос гээд 650 гаруй оролцож байна. Чуулганаар төрийн албаны шинэтгэлийн стратегийг тодорхойлох, төрийн алба, төрийн албан хаагчийн талаар хуульд оруулах өөрчлөлт, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, мэргэжлийн түвшинг улс орны хөгжлийн хурдац, нийгмийн хэрэгцээ, шаардлагад хэрхэн нийцүүлэх талаар хэлэлцэн нэгдсэн ойлголт, шийдэлд хүрэх юм. Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд, Төрийн албаны шинэтгэлийг удирдах хорооны дарга С.Батболд оролцон төрийн албаны шинэтгэлийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр төрийн болон төв, орон нутгийн байгууллагад тогтвортой ажилласан хүнийг албан тушаалд дэвшүүлэн томилдог байхыг хуульчлахын зэрэгцээ төрийн албанд аль намын, аль нутгийн, хэний хүн байх нь гол биш гагцхүү стандарт, шаардлагыг хангасан сайн менежер, зохион байгуулагч, төрд сэтгэлтэй хүн ажилладаг байх ёстойг онцлон тэмдэглэлээ. Намчирхах, нутгархах, бүлгэрхэх, албан тушаал, эрх мэдлийн нэр сүрээр төрийн байгууллагын дотоод ажил, хүний нөөцийн бодлогод ил далд хэлбэрээр нөлөөлдөг зүй бус, зохисгүй оролцоо, хандлагыг таслан зогсоох улс төр, эрх зүйн баталгааг бүрдүүлэх ёстой. Мэргэшсэн, тогтвортой, мерит зарчимд суурилсан төрийн албаны үр өгөөжтэй, иргэддээ үйлчилдэг, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж Ерөнхий сайд үзэж байна. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш бүх аймагт ажиллан иргэдтэйгээ уулзаж жаргал, зовлонг нь сонссон. Хэдийгээр асуудал, бэрхшээл байгаа ч хамгийн гол нь төрийн байгууллагын ажил үйлчилгээ, төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, хариуцсан ажил болон хүнтэй харьцах харьцаанд сэтгэл дундуур байдгаа иргэд хэлж байсан юм.Үүнийг Ерөнхий сайд сануулаад яам, агентлаг, төв, орон нутгийн төр захиргааны байгууллагуудад хэдэн мянган албан хаагч ажиллаж байгаа хэрнээ гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бодит өөрчлөлт гарсан гэж бардам хэлэх үндэслэл бага байна. Иргэдийн амьдралд шууд мэдэгдэхүйц дорвитой өөрчлөлт гарахгүй байна гэж шүүмжлэлтэй хандав. Иймээс засаглалын хэлбэр, маягаа илүү үр өгөөжтэй болгож, төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Засаглалын үр ашигтай механизмыг тогтоох, төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагыг эрс сайжруулах нь эдийн засаг, нийгмийн том зорилтуудыг хэрэгжүүлж,  улс орны болон хүний хөгжлийг хангах гол түлхүүр, үндсэн хөшүүрэг гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна. Энэ нь ч хөгжсөн орнуудын туршлага, тэдний амжилтын нэг нууц. Тиймээс төрийн албаны шинэтгэлийг ярих нь нийгмийн хэрэгцээ шаардлага, өнөө цагийн дуудлага гэж тэрээр онцлов. Шинэтгэлийн гол зорилго нь одоогийн бүтэц, тогтолцоог боловсронгуй болгон тогтвортой байдлыг хангах, улмаар үйл ажиллагаа, соёл, хандлага, төрийн албан хаагчдын бодол сэтгэлгээ, арга барилын шинэтгэлийг эрчимжүүлэхэд оршино гэж Ерөнхий сайд хэллээ. Засаглалын ялгаа байгаа учир улс орнуудын зарим нь хөгжиж, зарим нь хөгжиж чадахгүй байна. Хөгжих үндэс нь сайн засаглалын стандарт. Тиймээс сайн засаглалын стандартыг төв, орон нутаг, нутгийн өөрөө удирдах ёсонд нэн даруй нэвтрүүлэхийг хичээх учиртай. Сайн засаглалын нэг үндсэн шинж бол төрийн алба мэргэшсэн, тогтвортой байж, иргэддээ чанарын үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг гэдгийг  тэрээр сануулав. Төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх нь улс орны тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл. Төрийн албаны тогтвортой байдал гэдэгт бодлогын, хууль тогтоомжийн, байгууллагын бүтэц, тогтолцооны, үйл ажиллагааны чиглэлийн, боловсон хүчний гээд олон зүйл багтана. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд  эдгээрийн алинаар нь ч тогтвортой тууштай байдлыг хадгалж чадаагүйг Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Төрийн жинхэнэ албаны ажилтнуудын ангилал, зэрэглэлийн стандартыг тодорхой болгох ёстой гэж тэрээр үзэж байна. Энэ нь яам, агентлагийн хэлтэс, газрын дарга болон ерөнхий менежерүүдэд тавигдах шаардлагыг бусад улс орны ижил түвшний менежерүүдэд тавигддаг орчин үеийн шаардлагын түвшинд тодорхой стандартчилж өгнө гэсэн үг юм. Ажил албандаа илүү хариуцлагатай, шударгаар ажиллахын тулд бид хэнд ч, юунд ч төлөөс төлөхгүй, зарлага гаргахгүй, харин ч итгэл, хүндэтгэлийг олно. Төрөө гэх ард түмний итгэл сэргэж ирнэ. Үүний тулд тухайн хүний хүсэл зориг хэрэгтэй. Ийм хүсэл, зориг, эрмэлзэл өөрт нь байгаагийн адил төрийн албан хаагчдад бий гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд хэлээд шударга, хариуцлагатай төрийн албаны төлөө хамтран ажиллахыг уриаллаа. Манай улсын төрийн байгууллагад 150 гаруй мянган хүн ажиллаж байна.  Тэдний 113 мянга гаруй нь төрийн үйлчилгээний албан хаагч юм.

  • Ерөнхий сайд С.Батболд Азийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  2011 оны зургадугаар сарын 23-ны өдөр Азийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайд С.Батболдыг  Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний бүгд хуралдаанд оролцох үеэр тус Азийн нийгэмлэгийнхэн уулзалт хийж байсан юм. Энэ удаад тэд манай оронд айлчилж байгаа нь энэ ажээ.

    Уулзалтын эхэнд Ерөнхий сайд  эрхэм зочдыг манай улсад тавтай айлчлахыг уриад, Азийн нийгэмлэг нь Монгол улс АНУ хоёрын хоорондын харилцаанд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэдгийг онцлон тэмдэглэлээ. Монгол улсын өнөөгийн байдал, хөгжлийн бодлогын ирээдүйн зорилтын тухай мэдээллийг Засгийн газрын тэргүүн тэдэнд дуулгахын зэрэгцээ ялангуяа боловсролын системийг чанартай болгоход Засгийн газраас ихээхэн чармайлт тавьж байгааг онцолж байв. Монгол улсыг гадаадад таниулах түүнчлэн хөгжлийн тулгуурын нэг ч гэж хэлж болох уул уурхай,  хөдөө аж ахуй, аялал жуулчлал, өндөр технологийн салбаруудыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа гэдгийг тэмдэглээд, энэ бүх зорилтыг хэрэгжүүлэх үйлсд Азийн нийгэмлэгийнхэн хамтарч ажиллана  гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Харин эрхэм зочдын хувьд эх орондоо урьж, бас хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд, Монгол орны хувьд хөгжлийн асар их ирээдүй байгаа шүү гэдгийг онцолж байлаа. Байгалийн асар их нөөцтэй байгаа нь өөдрөг ирээдүй гэдгийг ч тэмдэглэв. Азийн нийгэмлэгийн төлөөлөгчид  манай улсад айлчлах хугацаандаа Засгийн газрын гишүүд болон иргэний нийгмийн төлөөлөгчидтэй уулзах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд С.Батболдын айлчлал Монгол улс, БНХАУ-тай нэг зиндаанд харьцах суурийг тавилаа

    Ерөнхий сайд С.Батболдын айлчлал Монгол улс, БНХАУ-тай нэг зиндаанд харьцах суурийг тавилаа Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн билээ. Тус айлчлалын үр дүнгээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Хэвлэлийн бага хуралд Сангийн сайд С.Баярцогт, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, ГХЯ-ны стратеги төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Г.Батжаргал нар хүрэлцэн иржээ. Юуны өмнө Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын тус улсад хийсэн айлчлал нь хоёр орны сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд хүргэснээрээ түүхэнд үлдэх, ач холбогдолтой айлчлал боллоо гэж Сангийн сайд С.Баярцогт тодотголоо. Улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хамгийн гол нь худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах,хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол Хятадын стратегийн түншлэлийн гол агуулга ажээ.

    Айлчлалын хугацаанд Ерөнхий сайд С.Батболд  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай хэлэлцээ хийж, хоёр талын 10 баримт бичигт гарын үсэг зурсан нь эдийн засгийн харилцаанд өөрчлөлтийг авчирсан баримтууд боллоо хэмээн Сангийн сайд дурьдаж байна. 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн нөхцөлийг талууд тохирч, ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд Хятадын тал 100 хувь санхүүжүүлэх ажээ. Урьд нь  Хятадын талаас олгож байсан зээлийн нөхцөл хатуу байсан төдийгүй 100 хувь бие дааж санхүүжүүлж байсан түүх үгүй юм. Мөн төслийн гүйцэтгэгчээр урьд өмнөх жишгээр бол Хятадын компаниуд давуу эрхтэй оролцож байсан бол энэ удаад Монгол хятадын оролцоо тэнцвэртай байхаар Ерөнхий сайдын энэ айлчлалаар тохиролцсон нь онцгой ач холбогдолтой яриа хэлэлцээ байлаа гэж Сангийн сайд С.Баярцогт тодотголоо.

    Манай тал 500 сая ам.долларын энэ зээлийг хөдөө аж ахуй, дэд бүтэц, нийгмийн салбарт ашиглах юм байна. Мөн энэ удаагийн айлчлалаар хятадын талаас үзүүлэх буцалтгүй тусламжийн хэмжээ ихэсч, 60 сая юаныг өгөхөөр болсон нь бодлогын хувьд том хэмжээний өөрчлөлтийг авчирлаа хэмээн С.Баярцогт сайд тэмдэглэлээ. Нэг удаагийн тусламжаар 60 сая юаныг хятадын тал манайд өгч байсан түүх бас үгүй юм. 320 сая юаны буцалтгүй тусламжийн үлдэгдэл хэсгийг Оюутны хотхон, Бээжингийн гудамжны тохижилт зэрэгт зарцуулахаар болж байгаа аж.

    Айлчлалын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БХАТИХ-ын байнгын хорооны дарга У Бангуо, БНХАУ-ын дэд дарга Си Жиньпин нартай тус тус уулзаж, хоёр улсын харилцааны болон харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож тодорхой үр дүнд хүрлээ. Хоёр улсын хамтарсан бизнес форум болж, 600-д бизнес эрхлэгчид оролцсоноос гадна Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  Циньхуагийн их сургуульд зочилж, “ Зүүн Хойд азийн эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн асуудал” сэдвээр лекц уншиж, монгол оюутнуудтай уулзалт хийсэн байна.

    Харин БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын хэлснээр хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Таван жилээр хийж буй энэ хамтын ажиллагааны үр дүнд энэ оны хувьд 400 гаруй монгол оюутан бакалавр, магистр, докторын зэргээр тус улсад суралцахаар болжээ. Мөн түүнчлэн айлчлалын хугацаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын “ Яньшань” нефть боловсруулах үйлдвэртэй танилцсан бөгөөд газрын тос олборлох, боловсруулах, нефть бүтээгдэхүүн, шатахуун нийлүүлэх,үйлдвэрлэх асуудалд урт хугацаанд тогтвортой байдлаар хамтран ажиллахаар болсон гэдгийг Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч хэвлэлийн бага хурлын үеэр нэмж тодотголоо.

    Газрын тос боловсруулах үйлдвэр барихад хятадын талаас шаардлагатай санхүүжилт, техникийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн манай саналыг тэд нааштай хүлээн авчээ. Орос хятадын хооронд барих байгалийн хийн хоолой, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг Монголын нутгаар дамжуулах Монгол улсын Ерөнхий сайдын саналыг тэд судалж үзэхээр болсон байна. Улаанбаатар- Бээжингийн чиглэлийн хурдны галт тэрэг явуулах боломжийн талаарх саналыг ч идэвхтэй судалж үзнэ гэдгээ амалжээ. 1949 оноос хойш манай улс төмөр замын шинэ урсгал, хурдны галт тэрэг барих тухай асуудлыг урд хөрштэйгөө ийнхүү ярьж эхэллээ.  Мөн байгаль орчинд ээлтэй, өндөр технологид тулгуурлсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжихээ  ч илэрхийлсэн байна.

    Харин Гонконгд хийсэн айлчлалын хувьд  Монгол улсын Ерөнхий Консулын газрыг тус улсын Засаг захиргааны онцгой бүсд нээж, Улаанбаатар- Гонконгийн хооронд шууд нислэгтэй болсон нь онцлог боллоо гэдгийг хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчид тэмдэглэлээ. Дэлхийн санхүүгийн төв болох Гонконгд Монголын компаниуд арилжаанд оролцож эхлэх боломж бүрдэв. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал манай улсын урд хөрштэйгөө харилцах харилцаанд  ийнхүү түүхэн хуудас нээлээ.

    Индонезийн хувьд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Зүүн азийн хуралдаанд хүндэт зочноор оролцсон аж. Тайланд, Сингапурын ерөнхий сайд нар оролцсон тус хуралдаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд шинэ эрсдэлд Монгол улс ямар хариу өгөх вэ сэдвээр гол илтгэл тавьсан байна. Түүнчлэн тус улсын Ерөнхийлөгчид бараалхаж, санал бодлоо солилцсон байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • С.Батболд: Төрийн алба нээлттэй, шударга, мэргэшсэн, тогтвортой байгаасай

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны шинэтгэлийг удирдах хороо хамтран “Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” сэдэвт үндэсний чуулганыг энэ сарын 23-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Нийслэл, хөдөө орон нутгаас 600 гаруй төлөөлөгч оролцох энэхүү үндэсний чуулганд оролцохоор Канад улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч, хатагтай Мария Баррадос тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ирээд байгаа юм.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эдгээр албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Канадын Парламентийн сонгууль саяхан болж, сонгуулийн үр дүнд одоогийн Ерөнхий сайд Стивен Харперын нам ялалт байгуулж, Ерөнхий сайдаар дахин томилогдсонд нь баяр хүргэж байгааг нь уламжлахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хатагтай М.Барродосоос хүслээ. Мөн өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайдын Канад Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад Улсын Төрийн албаны комисс хооронд байгуулсан “Төрийн албаны өөрчлөлт шинэчлэлтийн туршлага, мэдээлэл харилцан солилцох тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Энэхүү баримт бичгийг ажил хэрэг болгоход техникийн болон санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгаа. Энэ асуудалд тусламж хүссэн Монгол Улсын Засгийн газрын тэргүүний захидлын хариуг ирүүлсэнд талархаж буйгаа мөн илэрхийллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү уулзалтын үеэр үйл ажиллагаа нь нээлттэй, шударга, өрсөлдөх чадвартай, мэргэшсэн тогтвортой төрийн албыг хөгжүүлэхээр зорьж байгаагаа хэллээ. Мөн Монголын Төрийн албаны зөвлөл Канадын төрийн албаны комиссын загвараар хөгжиж, туршлагаас нь суралцах нь шинэчлэлийн том боломж байх болно гэж тэмдэглэлээ.

    Монгол Улсын Засгийн газар Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааг шинэчлэх бодитой ажил эхлүүлэхийн төлөө байгаа. Ийм зорилгоор энэ сарын 23-нд “Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” сэдэвт үндэсний чуулган зохион байгуулагдах гэж байгааг Ерөнхий сайд С.Батболд онцоллоо.  

    Төрийн албаны боловсон хүчнийг чадваржуулах, ур чадвараар нь сонгон шалгаруулах механизмыг төгөлдөршүүлэх, шийдвэр гаргахдаа баримт, тооцоо, судалгаа, бодит чадвар, чадамж дээр үндэслэсэн төрийн албатай болох нь чухал байгааг ч мөн дурдлаа. Ингэхдээ Канадын төрийн албаны шинэчлэлийн /МARIT загвар/ туршлагыг Монголд хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа онцлоод Канадын Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, Олон улсын хөгжлийн агентлаг энэ шинэчлэлийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад талархлаа илэрхийллээ.

    Канад улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч, хатагтай Мария Баррадос Монголын сайхан оронд дахин айлчилж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд эрхзүйн талаар мэргэшсэн чадалтай хуульчид “Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” сэдэвт үндэсний чуулганд оролцохоор ирсэн. Тэдгээр хүмүүс төрийн албыг хөгжүүлэх, шинэчлэх хамгийн шилдэг зөвлөгөө, туршлагаа хэлж өгнө гэдэгт итгэж байгаага тэмдэглэлээ. Мөн тус чуулганыг үргэлжлүүлэн ярилцлага, сургалт эхлүүлэхээр төлөвлөснөө дурдаад Монгол Улсын Төрийн албаны шинэчлэл бусад улсад орнуудынхтай харьцуулахад хурдан хугацаанд хийгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа гэлээ. Үүний учрыг тэрбээр Канадын Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлж ач холбогдол өгч захидал ирүүлсэн нь үүнийг баталж байна. Ерөнхий сайдын гарын үсэг зурсан ийм захидал Канад улсад гарцаагүй биелүүлэх ёстой баримт бичиг байдаг хэмээн тайлбарлалаа.

    Монгол Улсын Төрийн албаны шинэчлэлд Канадын загварыг х нэвтрүүлэхийн төлөө хатагтай Мария Баррадос чин сэтгэл гарган ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд талархлаа илэрхийлээд энэ шинэчлэл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ

  • Ерөнхий сайд Хонконгод хүрэлцэн ирлээ

    Ерөнхий сайд Хонконгод хүрэлцэн ирлээБүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакартад болсон Зүүн Азийн асуудлаарх дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр  хүрэлцэн ирлээ. Ерөнхий сайдыг  2011 оны зургадугаар сарын 13-ны орой БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод хүрэлцэн ирэхэд  БНХАУ-ын албаны хүмүүс болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар нар  угтан авлаа.

  • БНХАУ-ын дэд даргатай уулзлаа

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд зургадугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын дэд дарга Си Жиньпинтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар  БНХАУ-д айлчилж, ноён Си Жиньпинтэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай хийсэн албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, тодорхой үр дүн авчирсан төдийгүй хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргасан ач холбогдолтой уулзалт болсныг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэн хэллээ.

    Түүнчлэн сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд хүргэхээр тохиролцож, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх хамгийн гол нь худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ  түвшинд гаргах, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол Хятадын стратегийн түншлэлийн гол агуулга гэдгийг онцоллоо. Харин ноён Си Жиньпиний хувьд Монгол улсын Ерөнхий сайдын айлчлал амжилттай болж байгаад талархал илэрхийлээд, энэ айлчлал хоёр улсын түүхэнд орох том айлчлал боллоо гэдгийг тэмдэглэн хэлэв.

    Мөн энэ үеэр ноён дэд дарга Си Жиньпин Монгол улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн эрхт байдал, хөгжлийн замыг хүндэтгэж байгаагаа  дахин нотоллоо. Хоёр улсын түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд хүргэхээр тохирсон нь үнэхээр чухал ач холбогдолтой хэрэг боллоо гэдгийг ч тэрбээр онцолсон бөгөөд Монгол бол хүчирхэг ард түмэн. Хөгжлийн асар их боломж байгаа шүү гэдгийг тэмдэглэж байв. Хятад, Монгол хоёр улс нь хөршүүд учраас хамтдаа хөгжиж, дэлхийд үлгэр жишээ болох боломж бийг ч дурьдаад, ард түмний эрх ашгийг  нэгдүгээрт тавин ажиллаж байгаа Монгол улсын Засгийн газрын бодлогыг дэмждэг гэдгээ илэрхийллээ.

    Ноён Си Жиньпин монголд элэгтэй гэдгээ уулзалтын үеэр дахин дахин илэрхийлж байсан бөгөөд уулзалтын товлосон хугацаа нэг цаг гаруй үргэлжиллээ. Мөн өдөр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Цинхуа их сургуульд зочилж, лекц уншлаа.Дараа нь БНХАУ-д суралцаж байгаа монгол оюутнуудтай уулзалт хийв. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал ийнхүү өндөрлөлөө гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Бодит үр дүн авчирсан, томоохон эдийн засаг, зээл, тусламжийн асуудлыг шийдсэн түүхэнайлчлал болов

    Бодит үр дүн авчирсан, томоохон эдийн засаг, зээл, тусламжийн асуудлыг шийдсэн түүхэнайлчлал болов Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

    • Айчлалын эхэнд Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий консулын газрыг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод нээв.
    • Улаанбаатар-Хонконгийн хооронд шууд нислэг нисч эхлэв. “МИАТ” компанийн Төлөөлөгчийн газрыг нээв.
    • Дэлхийн томоохон санхүүгийн төв болох Хонконгод Монголын компаниуд арилжаанд оролцож эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал манай улсын урд хөрштэйгөө харилцах харилцаанд түүхэн хуудас нээлээ.
    • Айлчлалын үеэр Ерөнхий сайд Вэнь Зябаотай хэлэлцээ хийж, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо, БНХАУ-ын Дэд дарга Си Жиньпин нартай тус тус уулзав.
    • Хоёр улсын харилцааны болон харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлаар санал бодлоо нухацтай солилцож, тодорхой үр дүнд хүрэв.
    • Бизнес уулзалт – хоёр талын 600-аад бизнес эрхлэгч оролцов.
    • Циньхуагийн Их сургуульд зочилж “Зүүн Хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн асуудал” сэдвээр лекц уншиж, Монгол оюутнуудтай уулзалт хийв.

     

    Хоёр орны харилцааны түвшинг шинэ өндөр шатанд гаргасан айлчлал:

    Түүхэн замнал-түүхэн айлчлал:

    1960  –  “Найрамдал, харилцан туслалцах гэрээ” Ю.Цэдэнбал-Жоу Эньлай

    1994  – “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ”П.Жасрай-Ли Пэн

    2003  –  Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоосон Хамтарсан мэдэгдэл Н.Багабанди-Ху Жинтао

    2011  –  Монгол Улс, БНХАУ-ын хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан мэдэгдэл. С.Батболд-Вэнь Зябао

    Талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, сонгон авсан хөгжлийн замыг харилцан хүндэтгэхээ нотлов.

    Стратегийн түншлэлийн эдийн засгийн агуулга нь –

    ЗЭЭЛ ТУСЛАМЖ:

    • 320 гаруй сая юанийн буцалтгүй тусламжийг ашиглаагүй байгаа бөгөөд манай талаас уг үлдэгдэл хэсгийг оюутны хотхон, Бээжингийн гудамж байгуулах төслүүдэд ашиглахаар тохирсон. 
    • “Их сургуулийн хотхон байгуулах” төсөлд зарцуулах санал дэвшүүлсэн
    • Гадаад орнуудаас авсан хамгийн том хөнгөлөлттэй зээл – 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг талууд тохирч, Ерөнхий хэлэлцээрт гарыг үсэг зурсан – хөдөө аж ахуй, дэд бүтэц, нийгмийн салбарт ашиглана.
    • 60 сая юань – Нэг удаагийн айлчлалаар БНХАУ-аас хамгийн их буцалтгүй тусламж олголоо.
    • Хятадын талтай тохиролцсон арилжааны зээлийг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр улсын Хөгжлийн банкууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх  нь зүйтэй гэж Талууд тохиров.

    ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧ:

    • Уул уурхай, эрчим хүчнийбаялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх зарчим.
    • Нүүрс, цахилгаан эрчим хүч, түлш шатахууны худалдаа өргөжих хандлагатай байгаа тул зарим тодорхой барааны хувьд нөхцөл, үнэ, тээвэрлэлт, байгаль орчинтой холбогдсон асуудал зэргийг зохицуулсан Ерөнхий хэлэлцээрүүд байгуулахыг санал болгосон.
    • Уул уурхайн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдгээрийг түшиглүүлэн жижиг, дунд үйлдвэр хөгжих нөхцлийг  бүрдүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн.
    • Байгаль орчинд халгүй, өндөр технологид тулгуурласан хөрөнгө оруулалтыг уул уурхай төдийгүй бусад салбарт түлхүү оруулахад ач холбогдол өгөхөө илэрхийлсэн. 
    • Эрчим хүч экспортлох, импортлох Ерөнхий гэрээ байгуулж, гэрээний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд эрчим хүч нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэлтийг дэмжихийг санал болгосон.

    Газрын тос:

    • Газрын тос олборлох, боловсруулах, нефть бүтээгдэхүүн, шатахуун нийлүүлэх, үйлдвэрлэх асуудалд урт хугацаанд тогтвортой байдлаар хамтран ажиллахаар тохиролцов:
    • Газрын тосны бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэх,
    • Газрын тос боловсруулах үйлдвэр барихад Хятадын талаас шаардлагатай санхүүжилт, техникийн дэмжлэг үзүүлэхийг хүссэнд нааштайгаар судалж үзэхээр болсон.  
    • ЯньшанийнГазрын тос боловсруулах үйлдвэртэй танилцсан. 
    • Монгол Улсаас БНХАУ руу экспортолж буй газрын түүхий тосны оронд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны багц бүтээгдэхүүн авч байхсаналыг илэрхийлсэн.
    • Гуравдагч орнуудаас авах түүхий тосыг Хятадын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд боловсруулж, түүнээс гаргасан газрын тосны бүтээгдэхүүний зарим хэсгийг импортоор авч байх санал тавьсан. 

    ХИЙН ХООЛОЙ:

    • Орос, Хятадын хооронд тавих байгалийн хийн хоолой, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг Монголын нутгаар дамжуулах саналыг манай тал хоёр хөрштэйгээ ярьж байгаа билээ.
    • Монгол Улс-БНХАУ-ОХУ-ын 3 талын хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хөгжүүлэх саналыг дэвшүүлэв. Хятадын тал үүнийг идэвхтэй судлахаар болов.

    Таван толгой:

    • Зах зээл, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх ач холбогдолтой гэдэг утгаар нь хөрш орнуудын ашиг сонирхлыг оруулах бодлогыг баримталж байгаа.
    • Ер нь Монголын Оюутолгой, Тавантолгойн зэс, нүүрсний хувьд БНХАУ нь гол зах зээл юм.  Иймд БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн оролцоог бид дэмжинэ.
    • Энэ утгаараа БНХАУ-ын Засгийн газрын дэмжиж буй “Шинхуа” группийг Тавантолгойн төслийг  хэрэгжүүлэх олон улсын консорциумд идэвхитэй оролцуулахаар талаар ярилцав.

    Оюу толгой:

    • Хятадаас эрчим хүч авах асуудлаар “Оюутолгой” компанид туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүссэн.
    • Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, харилцан ашигтай, хамтаар хожих хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж, хамтын хөгжлийг урагшлуулах нь Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны өнө удаан хугацааны хөдөлгөгч хүч байх болно.
    • Харилцан хөрөнгө оруулалтыг дэмжих – Монголын тал ч БНХАУ-д хөрөнгө оруулалт хийх зам нээгдлээ.
    • Оюутолгй төслийг эрчимжүүлэхийн тулд Хятадын талаас эрчим хүч нийлүүлэх асуудлаар холбогдох байгууллагуудын хооронд яриа хэлэлцээг даруй эхлүүлэхээр тохиролцов.
    • Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлэх.

    Дэд бүтцийн салбар:

    • “100’000 орон сууц” төсөлд Хятадын талаас хөрөнгө оруулах саналыг дэвшүүлсэн.
    • Зам сайжруулах – УБ
    • Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлд хурдны зам барих,
    • Түүнчлэн Улаанбаатар–Бээжингийн чиглэлийн хурдны галт тэрэг явуулах боломжийг  талууд хамтран идэвхтэй судлах болов. 
    • Транзит тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг өргөтгөх талаар талууд үргэлжлүүлэн санал солилцох хэрэгтэй байна. 

    ТӨМӨР ЗАМ:

    • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлог”-ыг хэрэгжүүлэх талаар сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтуудыг тайлбарлан ярилцав.
    • Төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй хамтран ажиллах талаар санал солилцов.
    • Холбогдох яам, байгууллагууд шаардлагатай бол өмнө нь байгуулсан баримт бичгүүдийг боловсронгүй болгох, шинэчлэх чиглэлээр эрчимтэй ажиллахаар болов.

    Байгаль орчинд ээлтэй, өндөр технологид тулгуурласан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжихээ илэрхийлсэн.

    • Транзит тээвэр, далайд гарах нэмэлт гарцыг нээх талаар асуудал тавьж, хамтран ажиллахаар болов.
    • Хилийн боомтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нэвтрэх хүчин чадлыг дээшлүүлэхээр тохиров.

    Хүмүүнлэг, иргэд хоорондын найрсаг хандлагыг нэмэгдүүлэх, соёл, боловсрол, эрүүл мэнд нь стратегийн түншлэлийн харилцааны нийгмийн үндэс суурь юм.

    Соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлд Монголын талтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаагаа Хятадын тал илэрхийлсэн. – Хэлэлцээрт зурав.

    Олон улс болон бүс нутгийн асуудлаар

    • Монголын талыг АПЕК-т элсэхийг Хятадын тал дэмжиж буйгаа илэрхийлсэн.
    • Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг НҮБ-ын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо байгуулж байгаад Хятадын тал баяр хүргэсэн. БНХАУ, Япон Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны механизмд Монгол Улс нэгдэж орох сонирхлоо илэрхийлэв.

  • Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт

    Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтЭрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ,Хатагтай, ноёд оо,

    Юуны өмнө энд хуран цугласан Монгол, Хятадын бизнес эрхлэгч Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Мөн БНХАУ-д хийж буй албан ёсны энэхүү айлчлалын хүрээнд та бүгд ажил хэргийн уулзалт ийнхүү зохион байгуулж, намайг урьсанд талархаж буйгаа илэрхийлье. Монгол Улсын Ерөнхий сайдын энэ айлчлалын гол ач холбогдол нь хоёр орны хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлж зарлахад оршиж байна.

    БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вянь Зябаотай гол хэлэлцээгээ үдээс хойш хийхээс өмнө хоёр орны ажил хэрэгч хүмүүс, бизнесийн төлөөлөгчид Та бүхэнтэй уулзаж байгаадаа билэгшээж байна. Учир нь стратегийн түншлэлийн харилцааны хөдөлгөгч гол хүч бол худалдаа, хөрөнгө оруулалт, харилцан ашигтай, хамтаар хожих хамтын ажиллагаа, өөрөөр хэлбэл энд цугласан та бүгдийн хамтын үйл ажиллагаа, түншлэл юм.

    Монгол, Хятадын ард түмэн олон зууны турш худалдаа, арилжаа эрхэлж ирсэн түүхэн уламжлалтай. Энэхүү түүхэн уламжлалт худалдаа, бизнесийн харилцаа нь даяаршилын өнөөгийн нөхцөлд манай хоёр орнуудын хувьд бие биенээ нөхсөн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтдаа хөгжих түүхэн сайхан боломжийг олгож байгаа юм.

    БНХАУ-ын өсөлт дэвшил нь хөгжлийн эдийн засгийн талаарх ойлголт, түүний хүрээг тэлж, хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө ажиглагдаж байгаагүй шинэ шинэ рекорд амжилтаар баяжуулсан. Хятадын ДНБ-ний өсөлтийн хурдац, валютын нөөцийн хуримтлал, нэг жилд ядуурлаас гаргаж буй хүний тоо зэрэг дэлхийг гайхуулсан статистикийн олон шинэ үзүүлэлтүүдийг энэхүү өсөлт нь бий болгосон. БНХАУ-ын эдгээр амжилтуудад монголчууд бид баяр хүргэж, улам дэвжин цэцэглэхийн ерөөлийг өргөн дэвшүүлж байдаг. Дорнын их сэтгэгч Зуанг Зи “амьдрал хязгаартай, харин мэдлэг хязгааргүй” хэмээн хэлсэнчлэн өнөөгийн бидний мэдэхгүй, мэдээгүй байгаа олон сайхан шинэ даваа, шинэ амжилтыг Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил цаашид ч үзүүлнэ гэж би төсөөлдөг.

    Эдгээр амжилт нь зөвхөн БНХАУ-ын амжилт биш бүхий л хүн төрөлхтөнд эерэг нөлөөтэй амжилт гэдэг нь 1997, 2008 оны үндэстэн дамнасан хямралуудыг дэлхийн хамтын нийгэмлэг гэтлэн туулахад Хятадын эдийн засгийн өөдөө цойлох хүч хэрхэн тус нэмэртэйгээр нөлөөлснөөс тод харагддаг. Цаашдын амжилтууд нь мөн л тийм нөлөөтэй байна гэдэгт бид итгэдэг. Энэ утгаараа БНХАУ-ын өсөлт хөгжил нь хаяа дэрлэн оршиж буй монголчууд бидэнд мөн л ашигтай, цаашид эерэг хаялгатай байна гэж бид ойлгодог. Тэртээ түмэн бээрийн цаана байгаа айлд мэдрэгдээд байгаа энэхүү түүхэн боломжийг хажууд нь байгаа бид харин цаг алдалгүй амжилттай ашиглахын тулд санаа нэгтэй, хоёргүй сэтгэлээр ажиллах, бас дахин ажиллах хэрэгтэй байгаа юм. Үүнийг биелүүлэхэд энд хуран цугласан ажил хэргийн хүмүүс та бүгдийн, мөн Монголын улс төрчдийн үүрэг хариуцлага нэн өндөр гэдгийг цохон тэмдэглэж хэлмээр байна.     

    Дэлхийн эдийн засагт тэргүүлэх байр суурь эзлэж байгаа БНХАУ-ын эдийн засгийн хөгжил Монгол Улсад ийнхүү ихээхэн боломж нээж буйн зэрэгцээ Монголын эдийн засаг ч бизнес эрхлэгч та бүхэнд чамгүй бололцоог олгож байгаа. Байгалийн баялаг, түүхий эд, эрчим хүчний эх үүсвэр, бараа үйлчилгээний транзит тээврийг хөгжүүлэх Монголын нөөц бололцоог олон улсын өнөөгийн хөрөнгө оруулагчид зүй ёсоор үнэлж, бас сонирхох болсон байна. Сонирхоод зогсохгүй тал талдаа ашиг тустайгаар ашиглах эхний алхмууд хийгдэж эхлээд байна.

    Ийм ч учраас өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн харилцаа өргөн хүрээтэй, эрчимтэй хөгжиж байна. 2010 оны байдлаар Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын тал орчим хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулалт бүхий 5000 гаруй аж ахуй нэгж эзэлж байна. Үүнд уул уурхай, барилга угсралт, худалдаа, үйлчилгээний салбар голлох үүргийг гүйцэтгэж байна. Урьд нь хөрөнгө оруулалтын тухай ярихад зөвхөн нэг талаас, өөрөөр хэлбэл БНХАУ-аас Монгол улсад хөрөнгө оруулах асуудал яригддаг байсан бол одоо Монголоос Хятад руу хөрөнгө оруулах, Хятадад хамтарсан аж ахуйн нэгж байгуулах эхлэл суурь тавигдаж байна. Энэ үүсгэл санаачилгыг хоёр талын холбогдох байгууллагууд дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна.

    БНХАУ нь Монгол Улсын гадаад худалдааны гол түнш орон юм. 2010 оны худалдааны дүнгээс харахад манай улсын нийт экспортын 80 гаруй хувь, импортын 30 хувь нь тус тус БНХАУ-д ногдож байна. Гэхдээ хоёр талын худалдааны бүтээгдэхүүний ангилал, бүтцийг цаашид анхаарах шаардлагатай байна. Учир нь Монгол Улсаас БНХАУ-д экспортлож байгаа худалдааны дийлэнх хувийг эрдэс баялаг, уул уурхайн түүхий эд эзэлж байна.

    Түүхий эдийг шууд хил дамнуулан худалдаалах нь байгаль орчинд хортой, тээвэрлэлт, ашиглалтын хувьд аль аль талдаа өндөр зардалтай байдаг. Иймд Монголд хагас болон бүтэн боловсруулалт хийж, улмаар БНХАУ болон дэлхийн зах зээлд гаргах арга замыг хайх чиглэлд Монголын төр, засгаас бизнес эрхлэгч Та бүхэнтэй хамтран ажиллахад бүхий л боломжоо ашиглах эрмэлзлэлтэй байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Монголын нүүрс, зэс, төмөр, газрын тос, ураны орд зэрэг уул уурхай, эрчим хүчний төслүүд  болон дэд бүтэц, орон сууцны бүтээн байгуулалтын хамтын ажиллагаанд оролцох бүрэн боломжтой бөгөөд Монголын түншүүд хамтран ажиллахад бэлэн байна.  

    Монгол Улсын Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт худалдаа, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, тэднийг үл ялгаварлах зарчмыг тууштай баримтлан ажиллаж байгаа. 2010 оноос эхлэн Концессын хуулийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хууль нь хөрөнгө оруулагчид Та бүхэнд дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон төслүүдэд хөрөнгөө оруулж, үр ашгийг хүртэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм. Бизнес эрхлэгч нарт учирдаг дэд бүтэц, тээвэрлэлт, логистик, банк санхүү болон төрийн үйлчилгээний салбарын саад бэрхшээлийг арилгах зорилгоор манай Засгийн газар олон томооохон ажлыг төлөвлөж, заримыг нь эхлүүлээд байна.

    Тухайлбал, Монголын дотоодын зам, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд авто зам болон төмөр замын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг батлан үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Түүнчлэн хил, гаалийн үйлчилгээг түргэн шуурхай болгох зорилгоор Гаалийн цахим нэг цонх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын эхлэлийг тавьсан. Төрөөс олгож буй тусгай зөвшөөрлийг цөөлөх, цэгцлэх улмаар үйл ажиллагааг ил тод болгоход анхааран ажиллаж байгаа гээд болон зүйлийг дурдаж болохоор байна.

    Эдгээрээс гадна 2 зүйлийг онцлон дурдах нь зүйтэй болов уу гэж бодож байна.

    Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засгийн хөгжил, дотоодын бүтээн байгуулалтыг дэмжих үүднээс Хөрөнгө оруулалтын банкийг саяхан байгууллаа. Чингэснээр улс орны бүтээн байгуулалтад нэн шаардлагатай томоохон чухал гэсэн төслүүдийг төрийн зүгээс санхүүжүүлэх боломж нээгдэх юм.

    Хоёрдугаарт, Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг төгөлдөршүүлэх бодлогын хүрээнд Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ нь эргээд бизнес эрхлэгч Та бүхэнд хөрөнгө босгох, бизнесээ үр ашигтай өргөжүүлэх ач тустай болно гэж итгэж байна.

    Эцэст нь төр, засгийн зүгээс бизнесийн орчныг сайжруулахын тулд хамгийн чухал нь бизнес эрхлэгчдийн санаа бодол, тэдний ололт амжилт, тулгарч буй бэрхшээлийг сонсох, улмаар тэдгээрийг тусгасан зөв шийдвэр гаргах явдал гэдгийг онцлон тэмдэглэе.

    Энэ утгаараа өнөөдрийн энэ уулзалт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлгойлцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж найдаж байна. Цаашид тогтмол зохион байгуулж байх нь чухал гэж үзэж байна.

    Та бүхний бизнест өндөр амжилт хүсье. Баярлалаа.

  • Ерөнхий сайд С.Батболд Монгол Хятадын бизнесийн чуулга уулзалтад үг хэллээ

    хэлсэн үгБНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд өнөөдөр өглөө Монгол Хятадын бизнесийн чуулга уулзалтад оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ энэхүү айлчлалын гол ач холбогдол нь хоёр хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэл болгон дээшлүүлэхэд оршиж байна гээд үүний гол хөдөлгөгч хүч нь худалдаа, хөрөнгө оруулалт, харилцан ашигтай хамтаар хөгжих харилцаа өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгч та бүгдийн хамтын ажиллагаа, түншлэл юм гэдгийг онцоллоо.

    Урьд нь хөрөнгө оруулалтын тухай ярихад зөвхөн нэг талаас өөрөөр хэлбэл, БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулах асуудал яригддаг байсан бол одоо Монголоос Хятад улс уруу хөрөнгө оруулах, хамтарсан аж ахуйн нэгж байгуулах эхлэл суурь тавигдсаныг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд мөн тэмдэглэлээ. Монгол Хятадын бизнесийн чуулга уулзалт яг одоо үргэлжилж байна. Өнөөдөр 16 цагт хоёр улсын Ерөнхий сайд нар уулзаж хэлэлцээр хийнэ

  • Хонконгод Монгол улсын Ерөнхий консулын газар ажиллаж эхэллээ

    Улаанбаатар, Хонконг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэд хэдэн боломж, нөхцөл байдаг. Нэгдүгээрт тус бүсэд Монгол Улс Консулын газраа нээх, шууд нислэгтэй болох, Хонконгийн Хөрөнгийн биржтэй харилцаагаа өргөжүүлэх  зэрэг чиглэлийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өнгөрсөн 4 дүгээр сард  Хонконгод ажлын айлчлал хийхдээ тус улсын удирдлагуудтай уулзаж ярилцахдаа тохирсон билээ. Тэгвэл жилийн дараа  энэ ажил  биеллээ олов. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод Монгол Улс Ерөнхий консулын газраа нээх ёслолд Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Мөн энэ үеэр МИАТ компани ч төлөөлөгчийн газраа нээв.  Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай 30 орчим мянган иргэн Хонконгийг зорьжээ. Сүүлийн хоёр долоо хоногт шууд нислэгээр зорчих иргэдийн тоо эрс өссөн. Энэ нь иргэд хоорондын харилцаанд тулгуурлан  хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх таатай боломж гэж Хонгонг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрынхан ярьж байлаа. Нээлтийн ёслолын үеэр  Ерөнхий сайд  С.Батболд Хонконгод Ерөнхий консулын газар нээж байгаад Засгийн газар онцгой  ач холбогдол өгч байна  гээд Хонконг нь зүүн Азийн санхүү, эдийн засгийн гол төв юм.  Бид хоёр талын харилцаа хамтын ажиллагааны давуу талаа түшиглэж, мөн эрчимжүүлэх зорилгоор ийнхүү Ерөнхий консулын газраа нээлээ. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал, бизнесийн төлөөлөгчдийн түншлэл чухал гэдгийг тооцож МИАТ компани ч шууд нислэг үйлдэж эхэллээ. Шууд нислэг хийх тухай сүүлийн 10-аад жил ярьсан зүйл одоо бодит ажил болж байна. Монголын компаниуд ч Хонконгийн томоохон компаниудтай хөрөнгийн зах зээлд хамтран хөрөнгө босгож эхэллээ.  Хонконгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах энэ боломж улам өргөжинө гэдэгт итгэж байна гэв. Цаашид аялал жуулчлалын харилцаа өсч, хамтын ажиллагааны сонирхлууд улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд тэмдэглээд Хонконгийн амбан захирагчтай уулзах үеэр эдгээр салбараас гадна боловсролын чиглэлээр хамтран ажиллах боломжийн тухай ч ярилцсан гэдгийг онцоллоо. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дэлхийн нэр хүнд бүхий “Wall street journal”,”Cnbc”,”Dqw jones”,”Washington post”зэрэг хэвлэлд ярилцлага өгөвУлаанбаатар, Хонконг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэд хэдэн боломж, нөхцөл байдаг. Нэгдүгээрт тус бүсэд Монгол Улс Консулын газраа нээх, шууд нислэгтэй болох, Хонконгийн Хөрөнгийн биржтэй харилцаагаа өргөжүүлэх  зэрэг чиглэлийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өнгөрсөн 4 дүгээр сард  Хонконгод ажлын айлчлал хийхдээ тус улсын удирдлагуудтай уулзаж ярилцахдаа тохирсон билээ. Тэгвэл жилийн дараа  энэ ажил  биеллээ олов. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод Монгол Улс Ерөнхий консулын газраа нээх ёслолд Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Мөн энэ үеэр МИАТ компани ч төлөөлөгчийн газраа нээв.

    Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай 30 орчим мянган иргэн Хонконгийг зорьжээ. Сүүлийн хоёр долоо хоногт шууд нислэгээр зорчих иргэдийн тоо эрс өссөн. Энэ нь иргэд хоорондын харилцаанд тулгуурлан  хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх таатай боломж гэж Хонгонг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрынхан ярьж байлаа. Нээлтийн ёслолын үеэр  Ерөнхий сайд  С.Батболд Хонконгод Ерөнхий консулын газар нээж байгаад Засгийн газар онцгой  ач холбогдол өгч байна  гээд Хонконг нь зүүн Азийн санхүү, эдийн засгийн гол төв юм.

    Бид хоёр талын харилцаа хамтын ажиллагааны давуу талаа түшиглэж, мөн эрчимжүүлэх зорилгоор ийнхүү Ерөнхий консулын газраа нээлээ. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал, бизнесийн төлөөлөгчдийн түншлэл чухал гэдгийг тооцож МИАТ компани ч шууд нислэг үйлдэж эхэллээ. Шууд нислэг хийх тухай сүүлийн 10-аад жил ярьсан зүйл одоо бодит ажил болж байна. Монголын компаниуд ч Хонконгийн томоохон компаниудтай хөрөнгийн зах зээлд хамтран хөрөнгө босгож эхэллээ.

    Хонконгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах энэ боломж улам өргөжинө гэдэгт итгэж байна гэв. Цаашид аялал жуулчлалын харилцаа өсч, хамтын ажиллагааны сонирхлууд улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд тэмдэглээд Хонконгийн амбан захирагчтай уулзах үеэр эдгээр салбараас гадна боловсролын чиглэлээр хамтран ажиллах боломжийн тухай ч ярилцсан гэдгийг онцоллоо. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дэлхийн нэр хүнд бүхий “Wall street journal”,”Cnbc”,”Dqw jones”,”Washington post”зэрэг хэвлэлд ярилцлага өгөв