Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Монгол Улсын Засгийн газрын хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙГ ХАРААТ БУС ГИШҮҮД ТҮР ТӨЛӨӨЛНӨ

    “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг эзэмшигч иргэдийн Хувь нийлүүлэгчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлд оролцох төлөөллийг тус компанийг олон улсад бүртгэлтэй компани болох хүртэл хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээр хэрэгжүүлэх саналыг Засгийн газрын хуралдаанаас дэмжлээ. Хараат бус гишүүдийн нэрийг дэвшүүлэх, сонгох журмыг боловсруулж, шийдвэрлүүлэхийг Төрийн өмчийн хорооны даргад үүрэг болгов.

    Олон улсад хувьцааны төлөөллийг хараат бус гишүүд болон сангаар дамжуулан хэрэгжүүлдэг байна. Энэ нь сангаар дамжуулж байгаа хувьцаагаа арилжаалах учир хяналт, бүртгэлийн тогтолцоо сайн, сангийн удирдлага нь хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг, хууль бус үйлдэл гарахаас сэргийлж чаддаг давуу талтай байдаг юм байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

    Сүүлийн жилүүдэд манай улсын боловсруулах салбарын үйлдвэрлэл нэлээн өсөлттэй гарч байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан энэ салбарын бүтээгдэхүүний борлуулалт, зах зээлийн асуудалд дэмжлэг үзүүлэх нь үндэсний үйлдвэрлээ дэмжих бодлогын нэг чиглэл гэж Засгийн газар үзэж байна. Тийм ч учраас Засгийн газар 4 дүгээр сарын 6-ны өдрийн хурлаараа “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай хэлэлцээд тогтоол гаргахаар боллоо.

    Уг тогтоолоор төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд нэн тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдээс хангах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг баталлаа. Жагсаалтад багтсан барааг нийлүүлж буй аж ахуйн нэгжүүд давуу эрхээ ашиглан зах зээлийн үнээс хэт өндөр үнээр нийлүүлэх, үгсэн хуйвалдах зэрэг зүй бус үйлдэл гаргасан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн санал болгож байгаа   бараанаас татгалзаж байх болов.  

    Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгч нарт хандаж, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ чанар, стандартын өндөр түвшинд нийлүүлэх, шаардлага хангаагүй тохиолдолд хатуу арга хэмжээ авч байхаар тогтоолд тусгалаа. Монгол Улсын гарал үүсэлтэй бараа нийлүүлэх тендер ирүүлсэн үндэсний үйлдвэрлэгчдэд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу давуу эрх олгох зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Тендерийн хороонд тухайн салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай гэрээтэй ажиллаж буй мэргэжлийн холбоодын төлөөллийг заавал оролцуулж байхыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.

    “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон зарим бараа бүтээгдэхүүний импортыг хязгаарлах асуудлыг судлан холбогдох хууль, олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд нийцүүлэн Засгийн газрын хурлаар энэ оны дөрөвдүгээр сард, УИХ-аар хаврын чуулганы хугацаанд тус тус хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгалаа.

    Эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өөрийн хэрэгцээнд худалдан авч үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг нийт ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд Засгийн газар уриаллаа. Төрийн болон орон нутгийн өмчийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд нэн тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдээс хангах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг нэрлэж байна.

    1. Бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн
    2. Бүх төрлийн савхин хувцас
    3. Бүх төрлийн эсгий
    4. Эсгий, савхин гутал
    5. Цэрэг, цагдаа, гааль, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгалын улсын байцаагч, байгаль хамгаалагчдын хүчний байгууллагын өвөл, зуны дүрэмт хувцас
    6. Өвлийн бүх төрлийн үслэг хувцас
    7. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын дүрэмт хувцас
    8. Хөдөлмөр хамгааллын оёмол хувцас, малгай, бээлий
    9. Оюутан, сурагчдын болон батлан хамгаалах, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа анги, нэгтгэлүүдийн ширээ, сандал
    10. Нэхмэл,оёмол хөнжил
    11. Савхин эдлэл ( бээлий, бүс,тэлээ)
    12. Цүнх
    13. Ширмэл, оёмол гудас
    14. Сүлжмэл хувцас, малгай, ороолт
    15. Байгалийн гаралтай эрдсийн дулаалгын материал
    16. Ноос, ноолууран бүтээгдэхүүн
    17. Бэлэг дурсгалын бүтээгдэхүүн
    18. Сарлагийн хөөвөр, тэмээний ноосон бүтээгдэхүүн
    19. Төмс, хүнсний бүтээгдэхүүн
    20. Гурил, гурилан бүтээгдэхүүн

    ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ТОДОРХОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БОЛЛОО

    Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлж байгаа санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 2011 онд гаргасан Засгийн газрын үнэт цааснаас 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ арга хэмжэний дүнд 12 мянга орчим ажлын байр шинээр бий болж, 500 орчим үйлдвэр шинээр байгуулагдан, гаднаас авдаг зарим бүтээгдэхүүний үнэ буурч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтууд хэрэгжих юм.

    Мөн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулахаар боловсруулсан төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Төсөлд сонгино, байцаа, шар лууван, шар манжин, гурилын гаалийн албан татварыг улирлын ялгаваргүйгээр 15 хувь байхаар тусгасан байна. Энэ нь дотоодын болон өрхийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, бий болсон ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫН ЯВЦЫГ СОНСЛОО

    Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Даланзадгад-Тавантолгой-Сайншанд-Чойбалсангийн чиглэлд төмөр зам барих төслийн явцын талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга танилцууллаа. Дээрх чиглэлд шинээр баригдах төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг Засгийн газрын тогтоолоор “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид олгоод байна.

    Шинэ төмөр замын зурвас газрын байршил, хэмжээг тогтоох, инженер, геологи, геодезийн болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх судалгааны мэргэжлийн баг томилж, төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон гэрээ байгуулах, шинэ төмөр замын суурь бүтэц барих ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг, төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, төмөр замын суурь бүтэц барих гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо бүхий консерциум байгуулах бэлтгэл ажлыг хангах талаар холбогдох арга хэмжээг үе шаттай авч байна.

    АВТО ЗАМЫН САЛБАРТ ХИЙХ АЖЛАА ТОДОТГОЛОО

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд авто замын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэн дэмжлээ. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх авто зам, гүүрийн барилгын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлөх, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа замын барилгын үндэсний компаниудын технологийн машин, механизм, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулан боловсруулах авто замын зураг төслийн болон шууд гэрээгээр гүйцэтгүүлэх авто замын барилгын ажлын жагсаалтыг хавсралтаар баталлаа. Шууд гэрээ байгуулах ажлыг хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж, хэрэгжилтийг хангах, шууд гэрээгээр гүйцэтгэх ажлуудыг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг холбогдох яамдын сайд, агентлаг, нийслэлийн удирдлагад даалгав.

    Авто замын барилгын ажлын технологийн хяналтыг Захиалагчийн хяналтын зардалд багтаан дотоодын зөвлөх компаниар гүйцэтгүүлэн зам, гүүрийн ажлын чанарыг дээшлүүлэх юм байна. 2011 онд шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх 1242,4 км замын ажилд 554,3 тэрбум төгрөг шаардлагатай байна. Замын ажлыг шууд гэрээ байгуулан гүйцэтгэх нь цаг хугацаа хожих, зам, барилгын үндэсний компаниудыг дэмжиж, дотоодын зах зээлээ хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой гэж Засгийн газар үзлээ.

    “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвүүдийг нийслэлтэй болон ойролцоох хилийн боомттой холбосон нийт 5572 км, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 990 км хурдны зам, Улаанбаатар хотод 212 км, 7 цэгт гүүрэн гарц шинээр барьж, 350 км автозамыг шинэчлэх зорилт дэвшүүлсэн юм. Нийслэл хотыг аймгийн төвүүдтэй холбох 3592 км замаас 200 км замын барилгын ажлын хөрөнгийн эх үүсвэр шийдэгдэж, тендер нь зарлагдаад байна гэж Засгийн газрын  Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН САНХҮҮЖИЛТЭД 216.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

    “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд барьж байгуулах орон сууц, дэд бүтэц, зураг төслийн ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга М.Энхболд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Орон сууцны барилга, дэд бүтцийг барьж байгуулах зураг, төсөл хийхэд шаардлагатай нийт 437.8 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны бондын эх үүсвэрээс зарцуулахаар төлөвлөсөн байгаа.  

    Үүнээс орон сууцны барилгын санхүүжилтэд 216.6 тэрбум төгрөгийг урт хугацаатай зээлээр олгож, Орон сууц санхүүжилтийн корпорацид хариуцуулан,  эргэн төлөхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт, дэд бүтэц болон нийгмийн барилга, байгууламжийг барьж байгуулахад зарцуулах 221.2 тэрбум төгрөгийг жил бүрийн улсын төсөвт тусган, эргэн төлөхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгалаа. Орон сууц, инженерийн дэд бүтцийн санхүүжилтэд зориулж гаргах бондыг хөтөлбөрийн ажлын үе шаттай зохицуулан шийдвэрлэж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, мөн Хөгжлийн банкинд даалгав.

    ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨВ

    Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 160 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 140 мянган төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Мөн АИ-92 автобензинд 250 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 230 мянга, дизелийн түлшинд 130 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 210 мянган төгрөг болголоо.

    Энэ үнийг 2011 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд бусад алслагдсан боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр байлгахаар болов. Дараа саруудад газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ огцом өссөн тохиолдолд татварын хувь, хэмжээг бууруулан дотоодын зах зээлд жижиглэн худалдааны үнэ огцом өсөхөөс Засгийн газар сэргийлж татварын зохицуулалт хийж байна. ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ энэ сард А-80 автобензин тонн тутамдаа 56, АИ-92 автобензин 61 ам.доллараар өсч, дизелийн түлш 35 ам.доллараар буурчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 140 МЯНГА 400 ТӨГРӨГ БОЛЛОО

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сарын 140 мянга 400 төгрөгөөр тогтоосон байна. Ингэснээр нэг цагт 642 төгрөг 85 мөнгө буюу сарын 108 мянган төгрөг байсан цалингийн доод хэмжээ 30 хувиар нэмэгдлээ. 2010 оны 10 дугаар сарын 1-нээс төсвийн байгууллагын ажилтны цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувь нэмсэн тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний энэ өөрчлөлт нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, цалинд нөлөө үзүүлэхгүй тухай  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо талууд нийгмийн түншлэлийн асуудалд бодитой хандах, амьжиргааны өртгийн өөрчлөлт, дундаж цалин, хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн өсөлт, хэрэглээний үнийн индекс зэрэг эдийн засгийн гол хүчин зүйлүүдийн нөлөөлөл, судалгаа, хуулийн заалт зэргийг мөрдлөгө болгожээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    АЛСЛАГДСАН НУТГИЙН ОЮУТНУУДАД ЗАМЫН ЗАРДАЛ ОЛГОНО

    Оршин суугаа газраасаа 500 км болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдад замын зардлыг нь олгож байх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.Суралцагчид өвлийн амралтаар орон нутагтаа амрахад нь аймгийн төв хүртэлх тээврийн зардлыг очсон, ирсэн баримтыг нь үндэслэн Сургалтын төрийн сангаар дамжуулан олгоно. 

    Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “500 км-ээс дээш алслагдсан сургуульд суралцаж байгаа оюутны ирэх, буцах замын зардлыг төрөөс жилд нэг удаа хариуцна” гэж тусгасан бөгөөд энэ оны төсөвт 1.1 тэрбум төгрөг батлагдсан байна. Засгийн газрын 2004 оны 21 дүгээр тогтоолоор зөвхөн өвлийн амралтаараа орон нутагтаа очиж амрахаар явсан нэг талынх нь зардлыг олгож байсан бол одоо өвлийн амралтаараа очиж, ирсэн бол зардлыг нь өгөхөөр боллоо.

    Сүүлийн 4 жилийн судалгаанаас үзэхэд жилд дунджаар 11 мянга орчим хүн оршин суугаа газраасаа 500 ба түүнээс дээш км зайд суралцаж байна. Нэг хүн дунджаар 32977 төгрөгийг нэг талын замын зардалдаа авсан бөгөөд давхардсан тоогоор нийт 43681 оюутанд 1.4 тэрбум төгрөг олгожээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.   

    ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛИЙГ БАТЛАВ

    “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих тухай журам”, “Хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулах үйлдвэрлэл, технологийн байршил, үйл ажиллагааны чиглэл”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Үйлдвэрлэл, технологийн парк болон эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон бүтээн байгуулалтад оролцож байгаа хөрөнгө оруулагчдыг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг судлан санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.

    Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчдын нийт хөрөнгийн доод хэмжээг 10 тэрбум төгрөг, тэргүүний техник, технологийн эзлэх хувь, хэмжээ 10-аас доошгүй, үндсэн хөрөнгийн тодорхой хувь нь тухайн нутаг дэвсгэрт байхаар “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журам”-д тусгасан байна. Мөн үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг үндсэн зорилготой нь уялдуулж, импортыг орлох болон экспортын чиглэлээр төрөлжсөн байх, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх үүднээс техник, технологийн түвшний үнэлгээ хийнэ.

    Зөвшөөрөл авч үйлдвэрлэл, технологийн паркад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлт эдлэх эрх нь нээгдэх юм байна. Мөн паркийн үйл ажиллагаанаас гадна паркийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтууд улс, бүс, орон нутгийн бодлоготой уялдан хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих, гэрээг дүгнэх, дэмжлэг үзүүлэх зэрэг заалтыг ч журамд тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ ТОГТООВ

    Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт дэвсгэрт орших, түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүсийг 53782 га газар байхаар тогтоож, хамгаалалтын бүсийн хилийн цэгүүдийн геодезийн солбицлыг Засгийн газрын хуралдаанаас баталлаа. Энэ нь Амарбаясгалант хийдийг байгаль орчинтой нь цогцоор хамгаалах, сэргээн засварлах, Дэлхийн өвд бүртгүүлэх бэлтгэл ажил болох менежментийн төлөвлөгөөг боловсруулах зорилготой юм.

    Хамгаалалтын бүсэд барилга, байгууламж шинээр барих, хохирол учруулах үйл ажиллагаа явуулахыг зогсоож, бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор шон тэмдэг тавин, хашаа барих зэрэг арга хэмжээ авахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад үүрэг болгов. Өнөөдрийн байдлаар нийслэл дэх үл хөдлөх 7 дурсгалаас гадна Хархорум хотын туурь, Аваргын балгас, Өнгөтийн цогцолбор, Уушгийн өврийн буган чулуу, Баруун хүрээний туурь, Хар балгас зэрэг 20 гаруй үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоогоод байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

    Халдварт өвчинтэй тэмцэх, түүнээс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаас баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран баталж, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгав.  

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар жил бүрийн улсын төсөв, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, олон улсын болон хандивлагч байгууллагын төсөл, хөтөлбөрт тусган санхүүжүүлж байх юм.   Хөтөлбөр нь шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчнүүдийг эрт сэрэмжлүүлэх, тандалт, хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэх, халдварт өвчний бүртгэл, мэдээллийг боловсронгуй болгох, оношлогоо эмчилгээ, лабораторийн чадавхийг бэхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоог сайжруулах зорилготой юм.  

    Хөтөлбөрийн хүрээнд 2011-2015 онд 193 үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газар, олон улсын байгууллагаас гаргана.  Хөтөлбөр хэрэгжсэнээр халдварт өвчний тархалтыг хязгаарлан, хүн амын өвчлөл, эндэгдлийг эрс бууруулна гэж үзэж байна.

    ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛЫН ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    Бүгд Найрамдах Сингапур Улс, Австралийн Холбооны Улсад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгалаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнг-ийн урилгаар 2011 оны 2 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Сингапур Улсад албан ёсны айлчлал хийсэн юм.

    Талууд Монгол, Сингапурын хооронд хөрөнгө оруулалт, боловсрол, эрүүл мэндийн салбарт, ялангуяа боловсролын салбарт багш, эрүүл мэндийн салбарт эмч, сувилагч нарыг сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллах бололцоо байгааг онцлон тэмдэглэсэн. Монгол, Сингапурын хооронд эрүүл мэнд, боловсрол болон гаалийн салбарт хамтран ажиллах, Сингапурын Нийтийн орон сууц, хөгжлийн банктай хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулах талаар зарчмын хувьд тохиролцжээ.

    Энэ айлчлал хоёр орны өндөр, дээд хэмжээний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ойрын болон дунд, урт хугацааны зорилт чиглэлүүдийг тодотгоход чухал ач холбогдолтой болов. Харин Австрали Улсад хийсэн айлчлал нь Монгол, Авсралийн хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа Ерөнхий сайдын түвшинд хийсэн албан ёсны айлчлал байлаа. Айлчлалын үеэр Ерөнхий сайд нар ганцаарчлан уулзаж, өргөтгөсөн хэлэлцээ хийн, айлчлалын дүнгээр Хамтарсан мэдэгдэл гаргасан юм.

    Хоёр тал Монгол, Австралийн найрсаг харилцааг улам өргөтгөх, уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын болон бус нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Худалдааны агентлагийн төлөөлөгчийн газраа 2011 онд багтаан Улаанбаатар хотноо албан ёсоор нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Айлчлалын үеэр Авсрали Улс манай улсад 1,5 сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.   

    ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ САНАЛЫГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн гишүүдээс гарсан саналыг тусгаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Монгол Улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан химийн бодисын жагсаалтад орсон химийн бодистой холбоотой үйл ажиллагааг зохицуулах журмыг байгаль орчин, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах, мөн ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах болон ашиглахыг хориглох салбарыг зааж, түүний ашиглалтын тоо хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоож байх тухай заалтыг нэмж оруулахаар болжээ.

    Жагсаалтад хүний эрүүл мэнд, байгаль орчинд онцгой хортой, байгальд удаанаар хадгалагддаг, био хуримтлал үүсгэдэг, хүн амьтны эрхтэн, систем, үр удамд хортой нөлөө үзүүлж, олон төрлийн өвчин үүсгэдэг, үхэлд хүргэх чанар өндөртэй 112 бодисыг оруулсан бөгөөд эдгээрээс 29 бодисын ашиглалтыг хязгаарлаж, үлдсэн 83-г нь хориглохоор тусгасан байна.

    ТОВЧХОН

    • Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, П.Алтангэрэл, Р.Амаржаргал, Д.Одбаяр нар Төрийн албаны, Боловсролын, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсан байна. Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцээд гишүүдээс гарсан саналыг тусган хууль санаачлагчдад уламжлахаар боллоо.  
    • “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль”-д заасны дагуу Гаалийн болон нэмэгдсээн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг шинэчлэн батлан тухай хэлэлцэн дэмжлээ. Энэ дагуу хагас коксын үйлдвэрийн тоног төхөөрөмж, хийн болон шингэн түлшний тоног төхөөрөмж, нар, салхи, газрын гүний дулааны болон эрчим хүчний тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур зэрэг тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болж байна.  
    • Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их сургуулийн Кембрижийн Олон улсын шалгалтын төв хооронд “Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуулах нь зүйтэй гэж үзэв. Гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт олгохоор тогтлоо. Ингэснээр бага, дунд, бүрэн дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг Кембрижийн олон улсын ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөрт суурилан шинэчлэх, сургалтын чанарыг сайжруулах, ерөнхий боловсролын тогтолцоонд Кембрижийн хос хэлний систем нэвтрүүлэх чиглэлээр талуудын хамтран ажиллах ажлын агуулга, хүрээ, хэрэгжүүлэх ажлын ерөнхий зураглал, үе шатыг тодорхойлох юм.  
    • Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, түүнтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөл батлагдсанаар тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалахад тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх хууль эрх зүйн таатай нөхцөл бүрдэнэ. Мөн дээрх газар нутгийн орчны бүсийг хөгжүүлэх, орчны бүсийн үйл ажиллагаанд оролцогч субьектуудын эрх, үүргийг тодотгох, байгаль хамгаалах ажилд нутгийн иргэд, иргэдийн нөхөрлөлийн хамтын оролцоог өргөжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм.   
    • Төмөр замаар ачаа тээвэрлэх тарифын тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж, Оросын талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа.

  • “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажил улсын хэмжээнд жигдэрчээ

    “Хөдөлмөр эрхлэлтийн жил”-ийн ажлын эхний улирлын дүн гарч байгаа бөгөөд одоогоор Завхан, Дундговь аймаг, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам тайлангаа ирүүлсэн байна. Завхан аймаг эхний гурван сард 142 хүнийг ажилд зуучлан оруулснаа хүн нэг бүрээр бүртгэж ирүүлсэн нь шинэлэг зүйл юм. Мөн нийслэл хот, Дорноговь аймаг санаачлагатай ажиллаж байгаа зэргээс үзэхэд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажил улсын хэмжээнд жигдэрч эхэлсэн гэж бүхэлд нь дүгнэж болохоор байна.

    Цаашид аймаг, орон нутаг өөрт одоо байгаа боломж, хэрэгцээ шаардлага, шинээр бий болох боломжоо тодотгож үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдтэй нягт уялдуулахад онцгой анхаарч ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэл, мэргэжлийн холбоодын удирдлагуудад үүрэг болголоо. Ингэхдээ хийсвэр сэтгэлгээгээр  асуудалд хандвал ямар ч үр дүнд хүрэхгүй. Бидэнд урьд өмнө гаргасан мөрөөдлийн хөтөлбөр, жагсаалт хангалттай олон байна.

    Иймээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ ажлыг эдийн засгийн үр өгөөж нь, санхүүжилт нь тодорхой, зах зээл нь шийдэгдсэн тийм хөтөлбөрийн хэмжээнд хийж гүйцэтгэхийг Засгийн газрын тэргүүний хувьд шаардаж, анхаарч ажиллах болно. Энэ ажлыг дан ганц Засгийн газар биш хамтдаа хийж байж үр дүнд хүрнэ гэлээ. Хууль эрх зүйн болон хөрөнгө, санхүүгийн чиглэлээр боломжтой бүх туслалцаа, дэмжлэгийг үзүүлнэ, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, ажлын байр бий болгох аливаа санал, санаачлагыг төр, засаг, яам, агентлаг, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа дэмжих ёстой гэж Ерөнхий сайд хэлэв.

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны гуравдугаар хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Төрийн ордонд болж Боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Гадаад харилцааны яам, Дорнод, Дархан-Уул, Өмнөговь аймаг, Барилгачдын холбоо зэрэг мэргэжлийн холбооны хийж байгаа ажлын тухай мэдээллийг сонссон байна. Ажилгүй иргэд хэд байгаа, энэ онд хэдэн ажлын байр бий болгох, Засгийн газрын зүгээс шийдвэрлэх ямар асуудал байгаа талаар хуралдааны үеэр голлон ярилцлаа.

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчдын эрэлтэд нийцсэн, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан, иргэдэд мэргэжил эзэмших тэгш боломж бүрдүүлсэн, эдийн засгийн өсөлтийг дэмжихүйц мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилт тавьжээ. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлыг зохион байгуулах загвар гаргасан байна.

    Мөн сургалтыг мэргэжил бүрийн өөрийн өртгөөр тооцож санхүүжүүлэх, дотуур байрны багтаамжийг нэмэгдүүлэх, шинээр сургууль барих, өргөтгөх, тоног төхөөрөмжөөр хангах, хөдөлмөрийн эрэлт, ажлын байрны захиалга, сургалт-үйлдвэрлэлийн уялдааг хангах, багш нараа бэлдэж, ур чадварыг нь хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Гадаад харилцааны яам энэ жилийн ажлын хүрээнд 5 мянган ажлын байр шинээр бий болгох боломжтой гэсэн бол Өмнөговь аймаг 360, Дархан-Уул аймаг 2 мянга, Дорнод аймаг 3500 ажлын байр шинээр бий болгох зорилт тавин ажиллаж байна.

    Харин Хөдөлмөрийн биржийн ажил тун хангалтгүй байгаа талаар Үндэсний хуралдааны үеэр нэг бус удаа хөндөгдлөө.

    Аж ахуйн нэгжүүдэд ажлын байр байдаг ч ажиллах хүчнээ хэнд хандаж, хаанаас авах вэ гэдэг нь бүрхэг хэвээр байна. Иргэд ч ажил хийх сонирхолгүй, хөдөлмөрийн гэрээгээ биелүүлдэггүй, 200-400 мянган төгрөгийн  цалин голдог, шаардлага тавихад ажлаа хаяад явчихдаг тухай Хүнсчдийн холбооны төлөөлөл ярилаа. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцан төгсөж байгаа хүмүүсийн ур чадвар муу, ажлын шаардлага хангадаггүй гэж Уул уурхайн ассоциацийн удирдлага хэллээ. Мэргэжилтэй ажилчдад зэрэглэл тогтоож, ур чадварт нь таарсан цалин өгч байх, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг төрөлжүүлэх нь зүйтэй гэж мэргэжлийн холбоод үзэж байна.

    Үндэсний хорооны өнөөдрийн хуралдааныг дүгнэж Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадвартай хүмүүсээ ажилтай болгох нь Засгийн газрын үүрэг. Төр, засаг хууль эрх зүй, хөрөнгө санхүүгийн хувьд боломжийг нь гаргаж өгнө, харин аж ахуйн нэгжүүд энэ боломжийг ашиглаж ажлын байр бий болгох ёстой” гэв. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд төрөлжихийн оронд экскэваторын жолооч, тогооч, үсчин гээд олон мэргэжлээр нэг зэрэг олон хүн сургадаг.

    Үүнээс болж хүч нь тарамдан, сургалтын чанар, сурах орчинд ч муугаар нөлөөлж байгаа нь амьдрал дээр харагдаж байна. Иймээс цаашид төвүүдийг төрөлжүүлэх, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгөхдөө сургалтын чиглэлийг нь нарийвчлан тодорхой зааж өгдөг байх нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байна. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй холбоотой энэ асуудлыг дахиж нэг удаа нухацтай хэлэлцээд эцэслэн шийдэж цэг тавих болно гэдгийг ч Ерөнхий сайд санууллаа.

    Түүнчлэн ажил олгогч болон ажил хайж байгаа иргэдийг хооронд нь хэрхэн холбох вэ гэдэг нь өнөөг хүртэл ойлгомжгүй байгаад гүйцэтгэх засаглалын тэргүүн шүүмжлэлтэй хандлаа. Хөдөлмөрийн биржийн ажил аймаг, нийслэл, сум, дүүрэг гээд бүх шатанд нээлттэй, хүртээмжтэй байж, ажил олгогч, ажил хайж байгаа иргэдийн уулзах цэг байх ёстой гэж тэрээр хэлэв. Шинээр ажлын байр бий болгож, тогтвортой, урт хугацаанд хадгалсан, алслагдсан аймаг, орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүдийг бодитоор, тухайлбал сүүлийн 5 жил төлсөн татварын хэмжээгээр нь урамшуулах боломж байгааг  ч Ерөнхий сайд дуулгалаа.

    Цаашид өрхийн бизнесийг дэмжиж, өрх бүрээс 1-ээс доошгүй, хоёр, гурван хүнийг ч ажилтай болгох, хөдөлмөрийн бүтээмж, үр дүнг нэмэгдүүлэхийн тулд үнэлэмжийг нь дээшлүүлэх механизм бий болгох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс зарим бараа, бүтээгдэхүүнийг заавал дотоодын аж ахуйн нэгжээс авдаг байхыг гүйцэтгэх засаглалын тэргүүн, Үндэсний хорооны дарга С.Батболд үүрэг болголоо. Мөн ажил хайж хөдөө орон нутгаас нийслэлд ирсэн иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлэх, хоршоог хөгжүүлэх, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулан малчдыг дэмжих, сум, суурин газарт ялангуяа  дэд бүтэц, усан хангамж, зам зэрэг зорилтот төсөл хэрэгжүүлэхэд анхаарахыг Үндэсний хорооны гишүүдэд анхаарууллаа.

  • Хонконгийн Хөрөнгийн бирж хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр  Хонконгийн Хөрөнгийн биржийн ТУЗ-ын дарга Роналд Аркулли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засгийн газрын тэргүүн Монголын компаниудын хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд  гаргах, Монгол Улсад хэрэгжих төмөр зам, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн тулд олон улсын хөрөнгийн биржүүдтэй хамтран ажиллах явдал чухал байгааг илэрхийлээд цаашид туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ.

    Ноён Роналд Аркулли хэлэхдээ Хонконгийн Хөрөнгийн биржийн төлөөлөгчид танай улсад найм дахь удаагаа ажлын айлчлал хийж байна. Монгол Улсын эдийн засаг маш хурдацтай хөгжиж байгааг бид харж байна. Танай Засгийн газраас хөгжлийн бодлогын чухал алхмуудыг шийдэмгий хийж байгаад баяр хүргэе гэлээ. Мөн ноён Роналд хөрөнгийн биржийнхээ үйл ажиллагааны талаар танилцуулаад тус биржид бүртгэлтэй Монголын гурван компанийн хувьцаа амжилттай явж байгааг тэмдэглэлээ. Мөн сүүлийн үед Австрали, Өмнөд Африкийн компаниуд Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах сонирхол нэмэгдэж байгаа тухай яриад Монгол Улсын Засгийн газартай уул уурхай, дэд бүтэц санхүүгийн чиглэлийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Хонконгийн хөрөнгийн бирж хамтран ажиллахад бэлэн байна гэлээ.

  • ЗАСГИЙН ГАЗАР 2.7 САЯ ИРГЭНЭЭ ТАВАНТОЛГОЙН ОРДЫН ЭЗЭН ГЭСНИЙГ БАТАЛГААЖУУЛСАН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА

    Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн орд газрын эзэн мөн гэсэн түүхэн шийдвэрийг хамтарсан Засгийн газар 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргалаа. Нарийвчилсан тоогоор өнөөдөр манай улсад 2 сая 796 мянга 341 иргэн байгаа бөгөөд 1,5 тэрбум ширхэг хувьцааг нийт иргэнд хуваахад нэг хүнд 536 ширхэг хувьцаа ногдож байна. “Стратегийн орд газруудаа ээлж дараатай эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн баялгаас олох орлогыг иргэн бүртээ шударга, тэгш, хүртээмжтэй хуваарилах цогц асуудлын нэг болох хувьцааны талаар Засгийн газар ээлжит болон ээлжит бус хуралдаанаар удаа дараа нухацтай хэлэлцэн шийдвэр гаргалаа” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр мэдэгдлээ.

    Нэгж хувьцааны үнийн тухайд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргаж арилжиж эхлэх үед нэгж хувьцааны үнэ хэдэн төгрөг байх нь тодорхой болно. Компанийн ажил, ялангуяа олборлолт, нүүрсний экспорт жигдэрч, зам, төмөр зам, ус, эрчим хүчний хангамжийг шийдэж, угаах-баяжуулах үйлдвэр зэрэг ажил эхэлсний дараа хувьцааны үнэ бодит байдлаар тогтох хүртэл тухайн иргэн хувьцаагаа зарж, борлуулах эрхгүй. Энэ нь иргэдээ эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг” гэлээ. 

    “Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил тунгалаг, ил тод, нээлттэй, ойлгомжтой байх бөгөөд явцыг Засгийн газар сар, улирал бүрээр тогтмол мэдээлнэ. Харин хувьцаа эзэмшигч иргэн өөрөө хариуцлагатай байж, хяналтаа тавин, компанийн ажил ямар шатандаа явж байгааг мэдэж байх ёстой, энэ боломжийг ч иргэн бүртээ хувьцаа эзэмшүүлснээр бүрдүүллээ. Цэнхэр, ягаан тасалбарын ач тусыг иргэд сайн ойлгоогүйгээс үр шимийг нь хүртэж чадаагүй. Энэ алдааг давтахгүйн тулд хөрөнгийн зах зээл гэж юу болох, энэ талаархи иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зэрэгт төр, засаг анхаарна, иргэд  ч өөрсдөө хичээх хэрэгтэй” гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэв.

    Монголын иргэн бүр хувьцааг нь эзэмшиж байгаа Тавантолгой төслийг дэлхийн жишигт хүрсэн, дэд бүтэц зэрэг салбарт ирээдүйд хэрэгжих төслүүдэд үлгэр жишиг болохуйцаар хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд С.Батболд онцолж байна. Хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ч санал нэгтэй байгаагаа хэллээ. Хувьцааг иргэдэд эзэмшүүлэх зохион байгуулалтын ажлыг Төрийн өмчийн хороо, Улсын бүртгэлийн газар, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, хэлтэс хариуцна. Ингэхдээ хувьцаа эзэмшигч гэснийг баталсан тусгай тэмдэглэгээг тухайн иргэний Хүний хөгжил сангийн дэвтэрт баталгаажуулах юм байна.  

    Ийнхүү байгалийн баялгаа ашиглах, түүний дотор уул уурхайн салбарын хөгжлийн орлогоос ард иргэддээ хуваарилах, хишиг, хувь хүртээх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гол цөм асуудал биеллээ олж, иргэн бүртээ хувьцаа эзэмшүүллээ. Цаашид хөрөнгө оруулагчид болон олборлолтын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, гадаад, дотоодын хөрөнгийн биржэд хувьцааг нь арилжаалах бэлтгэлээ хангах зэрэг шат дараатай олон ажил хийгдэнэ гэж Ерөнхий сайд болон Тэргүүн шадар сайд нар хэлэв

  • С.БАТБОЛД: МОНГОЛ ХҮН ЭХ ОРОНДОО АЖИЛТАЙ ХӨДӨЛМӨРТЭЙ, САЙХАН АМЬДРАХ ЦАГ ИРЖ БАЙНА


    Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж эдийн засгийн өсөлтийг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой уялдуулах, аж ахуй бизнес эрхлэх орчныг бүрдүүлж хүн бүрийг, өрхийн 1-ээс доошгүй хүнийг ажилтай болгох замаар жилд 70 мянга гаруй  ажлын байрыг бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал энэ онд улсын төсвийн болон хувийн хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн хүрээнд зам, тээвэр, барилгын салбарт нийтдээ 22944 ажлын байр шинээр нэмэгдэхээс барилгын салбарт 13500 нь хэрэгтэй байгаа юм. Харин Эрдэс баялаг эрчим хүчний салбарын хувьд уул уурхай, газрын тосны салбарын ажлын байрны захиалгаа нийлүүлээд 13000 орчим, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам салбарынхаа хэмжээнд 4700 гаруй ажлын байр гарах судалгаа байна.

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд сум, дүүрэг, баг, хороонд амьдарч байгаа ажилгүй иргэдийг нэг бүрчлэн бүртгэж, хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй ур чадварыг нь мэргэжлийн боловсрол сургалтын болон үйлдвэрлэл дээрх сургалтаар сургаж ажилд зуучлах, хувиараа аж ахуй хөдөлмөр эрхлэхийг дэмжин сургаж жижиг зээл олгох, нийтийг хамарсан ажлаар ажлын түр байр бий болгох зэргээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих идэвхтэй бодлогыг хэрэгжүүлж эхний ээлжинд 22,6 тэрбум төгрөг зарцуулан ажиллахаар төлөвлөн, энэ ажлыг уялдуулах, зохион байгуулах талаар ажлын хэсгүүд хэд хэдэн удаа хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гарсан. Үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүрэг даалгаврыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд С.Батболд үүрэг болгосон.

    Дээрх жилийн ажлын хүрээнд “Хөдөлмөрийн хаврын яармаг” өнөөдөр  зохиогдлоо. Яармагт Зам, тээвэр, барилга, хот байгуулалт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн хөдөлмөрийн газар зэрэг 60 шахам төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж оролцож байна. Засгийн газрын тэргүүн яармагийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг үр дүнтэй болгон хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, шаардлагатай санхүүжилтийн асуудлыг үндсэнд нь шийдвэрлэснээ дуулгаад аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, баг хэсгийн дарга, ахлагч нараас, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэддээ хүрч ажиллах, улмаар өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бизнесийнхэнтэй хамтарч шаардлагатай ажлын байранд өөрийн иргэдийг сургаж бэлтгэн ажиллуулах арга хэмжээ авахыг хүслээ.

    Мөн тэрээр энэ бүхний үр дүнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн уялдаа холбоо шуурхай хангагдаж, олон мянган иргэн ажилтай хөдөлмөртэй болно гэж бодож байна. Тиймээс хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүр энэ жил идэвхтэй, хичээл зүтгэлтэй байхын зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хороотой хамтран ажиллаж амьдрал ахуйгаа дээшлүүлэх өргөн боломж нээгдэж байгааг ашиглахыг хүсээд үүний үр дүнд хичнээн хүн ажилтай болсон тухай тоон статистик чухал. Шинээр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн амьдрал ахуй яаж дээшилсэн гэдэг чанарын үзүүлэлт статистик мэдээнээс илүү чухал байна.

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын үр дүн ард, иргэдэд хэрхэн хүрч байгаад Үйлдвэрчний Эвлэл, иргэний нийгэм хяналт тавьж Засгийн газартай хамтран ажиллах болсонд таатай байна. Энэ нь Засгийн газар бодлого, шийдвэр, үйл ажиллагаандаа иргэд, иргэний нийгмийн төлөөллийг өргөн хүрээнд оролцуулж байгаагийн нэг илрэл, хамтын ажиллагааны  бодит үр дүн юм гэж хэллээ.    

    Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйлчилгээг олон нийт, ажил олгогч, ажил хайгч иргэдэд сурталчлах, иргэдэд мэдээллийг нэг цэгээс хүргэх, хөдөлмөрийн зах зээлийн төрөл бүрийн мэдээлэл, зөвлөгөө, зуучлалын үйлчилгээг олон нийтэд танилцуулах зорилгоор хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж байна. Иргэн та хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бүхий л мэдээллийг www.labornet.mn веб хуудас болон бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороодод байрлуулж байгаа мэдээллийн цахим самбараас авах боломжтой юм байна.

  • “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Хөдөлмөрийн яармаг”-ийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг


    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн яармагт хүрэлцэн ирсэн ард, иргэд ээ,

    Уригдан оролцож байгаа хүндэт зочидоо, Та бүхнийхээ амар мэндийг айлтгая.

    Манай Засгийн газар монгол хүнээ ажилтай, хөдөлмөртэй, мэдлэг боловсролтой сайхан амьдруулахын төлөө бодлого, зорилтоо тодорхойлж байгаа билээ. Тиймээс 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж тодорхой ажлуудыг эхлүүллээ. Энэ оны хүрээнд Засгийн газар хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэн бүртээ хүрч ажиллахын зэрэгцээ өрх бүрээс нэг хүнийг ажил, хөдөлмөртэй болгох зорилт тавиад байна.

    Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд, иргэн бүрт, өрх бүрт хүрч ажиллахад,  төрийн бүх шатны албан хаагчид, түүний дотор сум, баг, хороо хэсгийн дарга нар, хувийн хэвшлийнхэн, ард иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллийн идэвхтэй оролцоо дэмжлэг чухал үүрэгтэй юм. Засгийн газар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг үр дүнтэй болгон хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлаж, шаардлагатай санхүүжилтийг үндсэнд нь шийдвэрлэлээ. Мөн шаардлагатай зарим арга хэмжээг ойрын үед УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр салбар хороодын ажлын хэсгүүд бэлтгэж байна.

    Тиймээс “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг үр дүнтэй болгох, ард иргэдээ ажиллаж, хөдөлмөрлөх боломжоор хангахыг зохион байгуулах л үлдлээ. Бид энэ ажлыг уялдуулах, зохион байгуулах талаар нилээд олон удаа хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгсөн. Харин өнөөдөр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд бий болох ажлын байр, түүнд шаардлагàтай мэргэжилтэй ажилчдын эрэлт, хэрэгцээг ард иргэддээ танилцуулахад чиглэсэн “Хөдөлмөрийн яармаг”-ийн нээлтийг хийж байна.

    Өнөөдрийн үзэсгэлэн, яармаг нь улсын төсвийн болон хувийн хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн хүрээнд 2011 онд шинээр бий болгох 70 гаруй мянган ажлын байр, түүнд шаардлагатай мэргэжлийн ажилчдын талаарх дэлгэрэнгүй  мэдээллийг оролцогчдод өгөх боломж олгож байна. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, баг хэсгийн дарга, ахлагч нараас, ажил, хөдөлмөр эрхлээгүй иргэддээ хүрч ажиллах, улмаар нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бизнесийнхэнтэй хамтарч шаардлагатай ажлын байранд өөрийн иргэдийг сургаж бэлтгэн ажиллуулах арга хэмжээ авахыг Засгийн газар хүсч байна.

    Ажлын байрны бүх мэдээллийг ард иргэдэд шуурхай өгч, ажил, хөдөлмөртэй болсон иргэн бүрээ регистрээр нь бүртгэлжүүлэн мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Хөдөлмөр эрхлэлтийн албадад даалгасан. Харин ажил хайж байгаа иргэдийг бүртгэх, ажилд авсан хүнээ Хөдөлмөрийн албанд мэдээлэх, мэдээллийн системийг энгийн болгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд үүрэг болгосон. Энэ бүхний дүнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн уялдаа холбоо шуурхай хангагдаж, олон мянган иргэн маань ажилтай хөдөлмөртэй болно. Тиймээс хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүр энэ жил идэвхтэй, хичээл зүтгэлтэй байхын зэрэгцээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Үндэсний хороотой хамтран ажиллаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх өргөн боломж нээгдэж байна.

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн үр дүнд хичнээн хүн ажилтай болсон тухай тоон статистик чухал. Шинээр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн амьдрал ахуй яаж дээшилсэн гэдэг чанарын үзүүлэлт статистик мэдээнээс илүү чухал байна. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын үр дүн ард, иргэдэд хэрхэн хүрч байгаад Үйлдвэрчний Эвлэл, иргэний нийгэм хяналт тавьж Засгийн газартай хамтран ажиллах болсонд таатай байна. Энэ нь Засгийн газар бодлого, шийдвэр, үйл ажиллагаандаа иргэд, иргэний нийгмийн төлөөллийг өргөн хүрээнд оролцуулж байгаагийн нэг илрэл, хамтын ажиллагааны  бодит үр дүн юм. 

    “Хөдөлмөрийн яармаг” тоон болон чанарын өндөр үзүүлэлттэй болж өндөрлөхийг хүсье. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийнхүрээнд зохион байгуулагдаж буй “Хөдөлмөрийн яармаг” нээснийг мэдэгдье. Монгол хүн эх орондоо ажилтай хөдөлмөртэй, сайхан амьдрах цаг ирж байна.

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    ДИЗЕЛЬ СТАНЦЫН ТҮЛШНИЙ ЗАРДЛЫГ ОЛГОНО

    Баянхонгор аймгийн Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумын дизель станцуудын түлшний зардалд шаардлагатай 81 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Дээрх сумдын цахилгаан хангамжийг найдвартай болгохын тулд одоо ашиглаж байгаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг гадны хандивлагч байгууллагуудын санхүүжилтээр нэмэгдүүлж өргөтгөхийг Засгийн газрын хуралдаанаас Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад үүрэг болгов.

    2007 оны төсвийн тухай хуулийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст суманд тус бүр 920 сая төгрөгийн төсөвтэй, 150 кВт-ын хүчин чадалтай, нар, салхины хосолсон цахилгаан станц байгуулахаар болж “Баянконстракшн” компанитай гэрээ байгуулжээ. Гүйцэтгэгч компани Баян-Өндөр, Шинэжинст суманд ажлаа хугацаанд нь бүрэн дуусган хүлээлгэн өгсөн боловч гэрээнд заасан туршилтын хугацаанд станцуудын салхин сэнснүүдэд эвдрэл гарч эхэлжээ. “Баянконстракшн” компани гэрээний дагуу тухай бүр нь засч байсан ч эвдрэл гарсаар байна.

    Иймээс гэрээний дагуу төхөөрөмжүүдийг сэргээн засварлаж хэвийн ажилд оруулах, эсвэл салхин сэнснүүдийн оронд нарны станц барьж ашиглалтад оруулах чиглэл өгчээ. “Баянконстракшн” компани Баянцагаан суманд нэмж 30 кВт-ын нарын панель суурилуулах, эвдэрсэн салхин сэнснүүдийн далбааг шинээр захиалан, Дорнод аймгийн Матад, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд байгаа салхин сэнснүүдийг Баян-Өндөр, Шинэжинст суманд шилжүүлэн барихаар ажиллаж байна.

    Мөн Азийн хөгжлийн банк, БНСУ-ын буцалтгүй тусламжаар дээрх сумдад нарны цахилгаан станц байгуулахаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон хандивлагч талууд гэрээ байгуулах гэж байна. Нарны цахилгаан станцууд хэвийн ажиллагаанд орох хүртэл Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумын эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах үүднээс дизель станцын түлшний татаас олгох шаардлагатай болсныг Засгийн газрын хуралдаанаар ийнхүү хэлэлцэн шийдвэрлэлээ.

    ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТТТЭЙ ТАНИЛЦАВ

    Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төслийн санхүүжилтийн тухай “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн саналыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Төрийн өмчийн хороо, Лондонгийн хөрөнгийн бирж хооронд “Стратеги хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, хөрөнгийн зах зээл, Хөрөнгийн биржийг хөгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тохирчээ.

    Гэрээний дагуу Лондонгийн хөрөнгийн биржээс манай Хөрөнгийн биржийг удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж зөвлөгөө өгөх бөгөөд эдгээрийг нарийвчлан тусгасан “Ажлын мастер гэрээ” байгуулах гэж байна. 14,2 сая ам.долларын өртөгтэй төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг эхний ээлжинд арилжааны банкуудаас зээл авч бүрдүүлэн, дараа нь улсын төсвөөс эргүүлэн төлөхөөр урьдчилсан тохиролцоонд хүрчээ.

    Хамтарсан төсөл амжилттай хэрэгжсэнээр үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын цогц шинэ систем нэвтэрч, хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин, дэд бүтэц, технологи, боловсон хүчний чадавхи олон улсын стандартад хүрнэ гэж тооцоолж байна. Манай аж ахуйн нэгж, байгууллагууд дотоодын хөрөнгийн захаар дамжуулан хөрөнгө оруулагчдаас урт хугацааны, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр татах, Улаанбаатар-Лондон-Торонтогийн 24 цагийн арилжааны бүсэд холбогдож, олон улсын зах зээлд гарах боломж нээгдэх юм. 

    Стратегийн ач холбогдолтой томоохон ордуудад түшиглэн байгуулах үндэсний компаниудын хувьцааны хяналтын багцаас дээш хувийг дотоодод арилжсанаар зах зээлд тавих хяналт өндөрсөж, эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа нэмэгдэнэ. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид арилжаанд хямд өртгөөр, урт хугацаанд, үр ашигтай оролцон, хөрөнгийн захаас бодит өгөөж хүртэх, биржээр арилжих бүтээгдэхүүний  нэр төрөл, тоо хэмжээ, чанар сайжирч, түүхий эд, валют болон бусад төрлийн бүтээгдэхүүний арилжаа, тэдгээрийн үүсмэл үнэт цаасны арилжаа бий болох нөхцөл бүрдэнэ гэж “Монголын хөрөнгийн бирж” ХК, Төрийн өмчийн хороо үзэж байна.

    БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЛАА

    Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах эрх, үүрэг бүхий байнгын ажиллагаатай зөвлөлийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгууллаа.

    “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан байна. Зөвлөл нь газар хөдлөлтийн гамшгийн асуудлаарх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангахаас гадна гамшгаас сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд нэгтгэн, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлнэ. Мөн яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллагуудын тайлан, мэдээллийг сонсож, дүгнэлт гарган, үүрэг даалгавар өгч, биелэлтийг нь хангаж байх юм.

    ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт”-тэй танилцаад гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.

                Үндсэн чиглэлд :

    • Макро эдийн засгийн бодлого – 3 зорилт, 49 арга хэмжээ
    • Бодит салбарын хөгжлийн бодлого – 6 зорилт, 102 арга хэмжээ
    • Байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн бодлого – 6 зорилт, 88 арга хэмжээ
    • Ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангах бодлого – 7 зорилт, 93 арга хэмжээ
    • Гадаад бодлого, батлан хамгаалах бодлого – 10 зорилт, 72 арга хэмжээ
    • Засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого – 3 зорилт, 70 арга хэмжээг тус тус  тусгасан юм.

    Үндсэн чиглэлийг 2010 оны байдлаар нэгтгэн дүгнэхэд 80.8 хувийн биелэлттэй гарчээ. Нийт 474 арга хэмжээнээс 171 нь бүрэн биелсэн, 122 нь 90 хувь, 106 нь 70 хувь, 42 нь 50 хувь, 22 нь 30 хувь, 2 нь 10 хувийн биелэлттэй байгаа бөгөөд 9 арга хэмжээ хангалтгүй биелэлттэй байна. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын www.cabinet.gov.mn цахим хуудаснаас авч болно.

    ЗАСГИЙН ГАЗАР ӨНГӨРСӨН САРД 48 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЖЭЭ

    Засгийн газрын 2011 оны 2 дугаар сарын үйл ажиллагааны мэдээллийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Засгийн газар өнгөрсөн сард 4 удаа хуралдан 48 асуудал хэлэлцэж, 21 асуудалтай танилцсан байна. 6 асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, 1 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 2 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэн 4 асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлуулжээ.

    Засгийн газар 2 дугаар сард БНХАУ-ын Засгийн газраас авах зээлийн хөрөнгөөр мах, сүү, гурилын үйлдвэр байгуулах, нийслэлийн автозамын гүүрэн гарц болон огтлолцол зам, цахилгаан хангамжийн их тойруу цагираг сүлжээ байгуулах төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн Хөгжлийн банкны тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж батлуулан, Онцгой албан татварын хувь, хэмжээг өөрчилж, хүүхдийн тусламжид зайлшгүй шаардлагатай эмийн хуваарийг батласан зэрэг томоохон ажил хийжээ.

    • Бүгд Найрамдах Итали Улсын Рот хотноо Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахыг дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. 
    • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2010 оны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлантай танилцлаа. Үнэлгээний явцад илэрсэн зөрчил, дутагдалд дүн шинжилгээ хийж, цаашид худалдан авах ажиллагааны хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой арга хэмжээ авах Засгийн газрын албан даалгаврыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлэхээр тогтлоо.

  • Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар энэ сарын 23-26-нд тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үр дүнгийн талаар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, Гадаад харицааны яамны Азийн газрын захирал Б.Ганболд нар оролцлоо.

    Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20жил, Солонгос дахь Монголын жилийн нээлтийн арга хэмжээтэй  Ерөнхий сайд С.Батболдын айлчлал давхцсан төдийгүй Ерөнхий сайдын өргөн бүрэлдэхүүнтэй очсон энэхүү айлчлалд хоёр тал ихээхэн ач холбогдол өгсөн гэдгийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хэллээ. БНСУ нь манай гадаад худалдааны 4 дэх том түнш бөгөөд оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ гуравт орж байгаагэдгийг ч мөн хуралд оролцсон албаны хүмүүс тэмдэглэж байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Ли Мен Багт бараалхаж, Ерөнхий сайд Ким Хван Шигтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийлээ. Эдгээр уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийнхээ асуудлыг гол сэдэв болгон тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд иргэд харилцан чөлөөтэй зорчих, бараа бүтээгдэхүүн чөлөөтэй урсдаг байх нөхцөлийг бий болгох шаардлага хоёр улсын өмнө зүй ёсоор тавигдаж байна гэдгийг онцлон хэлээд ингэхийн тулд дэс дараатай арга хэмжээ авч иргэдийг ойрын үед визээс чөлөөлөх саналтай байна.

    Гадаад  харилцааны сайд  байхдаа миний бие визний хугацааг 90 хоног болгож сунгах шийдвэр гаргасан нь өнөөдөр үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна. Визний хугацаа хэтэрдэг зөрчил эрс цөөрсөн гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэжээ. Холимог гэр бүлийн гишүүдийн эцэг эх, үр хүүхэд ийм нөхцөл эдэлж чадахгүй байгаа тул нийтлэг  журамд хамруулахыг мөн хүсчээ. Энэ дашрамд дуулгахад 2011 оноос эхлэн Солонгосын монголч эрдэмтдэд манай улсад олон удаагийн визээр зорчих эрхийг Монгол Улсын Засгийн газар олгоод байгаа юм.

    Мөн Солонгост ажиллаж байгаа гэрээт  ажилчдыг мэргэжлийн сургалтад хамруулах, дадлага эзэмшсэн хүмүүст мэргэжлийн үнэмлэх олгох, ажилчдыг мэргэжлийн баримжаа олгох богино хугацааны сургалтад монголчуудыг илүүтэй хамруулах талаар Монгол Улсын Засгийн газрын тэргүүний тавьсан хүсэлтэд БНСУ-ын Ерөнхий сайд хариулт өгөхдөө “Энэ чиглэлээр нааштай шийдвэрүүд гарч өнгөрсөн оны сүүлчээс Солонгост гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй хүмүүст мэргэжлийн үнэмлэх олгож эхэлсэн төдийгүй гэрээгээр ажиллаж байгаа бүх хүнд мэргэжлийн үнэмлэх олгохоор холбогдох албаны хүмүүстээ үүрэг өгөөд байгаа” гэсэн байна.

    Түүнчлэн БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах суралцагчдын тоог нэмэгдүүлэх, эрчим хүч, геологи, боловсруулах үйлдвэрлэл, анагаах ухаан,  инженер, газар тариалан зэрэг нарийн мэргэжлээр түлхүү сургах Монголын Ерөнхий сайдын хүсэлтийг мөн Солонгосын тал нааштай хүлээж авсан нь айлчлалын нэг чухал үр дүн байлаа гэж албаны хүмүүс дүгнэлээ. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосон эхний жилүүдэд жилд 2 сая гаруй ам.доллар байсан хоёр улсын худалдааны эргэлт өдгөө 230 сая ам.долларт хүрч, 85 дахин өссөн байна. Энэ бол хоёр улсын харилцаа шинэ шатанд гарах нөхцөл бүрдсэний жишээ гэдгийг талууд тэмдэглээд шат ахиулах чиглэлээр ажиллахыг хоёр улсын Гадаад харилцааны яамдад үүрэг болгожээ.

    Монгол Улс нь БНСУ-ын Засгийн газрын  буцалтгүй тусламжийг авах тэргүүлэх ач холбогдолтой улс, Зүүн Азийн цаг уурын түншлэлийн хөтөлбөрийн стратегийн гол түнш орон гэж Солонгосын тал үзэж буй бөгөөд 2011-2013 онд олгох буцалтгүй тусламжийнхаа хэмжээг 20,5 сая ам.долларт хүргэсэн байна. Мөн хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын хөгжлийн тодорхой шаардлагатай салбаруудад зориулахаар гэрээ хэлцлүүд хийгдсэн байна. Улаанбаатар хотод Үндэсний оношлогооны төв байгуулахаар шийдвэрлэж, уг төслийг 45,1 сая гаруй ам.долларын хүрээнд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд энэхүү оношлогооны төв нь манай хоёр орны хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн үлгэр жишээ нь байх болно гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн байна. 

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг яаралтай шийдвэрлэх, хотын хорт утааг арилгах, хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд “Эко-Улаанбаатар” гэсэн зорилт төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон.  Утаагүй түлш үйлдвэрлэх, утаагүй түлш үйлдвэрлэх явцад гарах хийг ашиглаж цахилгаан станц байгуулах, цаашид хэрэглээний хий үйлдвэрлэх, хийгээ шингэрүүлж түлш боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар барьж байгуулахаар тохиролцож харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

    Айлчлалыг амжилттай болоход түлхэц өгсөн үйл явдалд мөн Улаанбаатар хотын Яармаг орчмын газар нутагт Цэвэр усны хангамжийн шинэ эх үүсвэрийг бий болгох, Барилга, тээвэр, логистикийн салбарт хамтран ажиллах тухай, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон Анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай, Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай,  Монгол Улсад мэдээлэл, холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай, “Монголын төмөр зам” ТӨХК, БНСУ-ын Төмөр замын консорциум хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг тус тус байгуулж, холбогдох салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохирсон зэрэг орж байна

  • С.БАТБОЛД: ИХ АЧАА ҮҮРЧ ЯВАА МАЛЧИН ТҮМНЭЭ ДЭЭДЭЛНЭ

    Уул уурхайн салбар улс орны хөгжлийг түргэтгэх томоохон боломж хэдий ч хөдөө аж ахуйн салбар, түүний дотор уламжлалт мал аж ахуйг тогтвортой хөгжүүлж, шинэ шатанд гаргах нь уул уурхайгаас дутахааргүй урт хугацааны ач холбогдолтой. Иймээс “Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт улсын зөвлөгөөнийг  Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж байна. Монгол улсынхаа үндэсний соёл, ёс заншил, өв уламжлалын үнэт баялгийг эрхэмлэн шүтэж, их ачааг нуруундаа үүрч яваа малчин түмнээ дээдэлж, ахуй амьдрал, ашиг орлогыг нь тогтвортой нэмэгдүүлэх, мал сүргээ хамгаалах, чанарыг нь сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үндсэн зорилт гэдгийг Ерөнхий сайд С.Батболд малчид, төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгийнхээ эхэнд онцоллоо.

    Өнгөрсөн жил Монгол Улсынхаа зүүн бүсийн 3 аймгаас бусад аймагт ажиллаж орон нутгийн иргэд, малчдын санал санаачилгыг биелүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг саяхан Засгийн газрын хуралдаанаараа авч хэлэлцсэн бөгөөд хийхээр төлөвлөсөн 99 заалт бүхий ажлын 70 нь хэрэгжиж, санхүүжилт нь 2011 оны төсөвт тусгагдан ямар нэгэн байдлаар шийдлээ олсон. 23 заалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд хэрэгжээгүй 6 заалтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, ажил хэрэг болгох нь Засгийн газрын үүрэг гэдгийг ч Ерөнхий сайд хэлэв.     

    Хэдийгээр Засгийн газар шат дамжлагыг багасган, төсөв хэмнэж, орон тоо цөөлөх бодлого баримталж байгаа ч мал аж ахуйн салбараа эрчимжүүлэх, малчдын амьдралыг дээшлүүлэхэд онцгой анхаарч  бүх суманд “Мал эмнэлэг, үржлийн тасаг” байгуулсан. Энэ дагуу улсын хэмжээгээр 658 мэргэжилтний ажлын байр бий болсны зэрэгцээ Засгийн газраас урьд өмнө байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал анх удаа аймаг бүрт дунджаар 800.0 сая, таван бүсийн хөгжилд дэмжлэг болгож 24.0 сая, сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан бий болгоход 24 тэрбум төгрөгийг төсөвт шинээр тусгасан. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2010 онд 5.3 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ онд 51.0 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийх юм.   

    “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын хүрээнд нийт малчдын 70-аас доошгүй хувийг эрүүл мэндийн даатгалд, 50-иас доошгүй хувийг нийгмийн даатгалд хамруулахаар заасны дагуу холбогдох арга хэмжээг авч байна. “Малчин-хоршоолол-үйлдвэрлэл” гэсэн эргэлт бий болгож, малчдын хамтын зохион байгуулалтын хэлбэрүүдийг дэмжиж, үйл ажиллагааны онцлогт нийцсэн үйлдвэрлэл, бизнесийг хөгжүүлэх, амжилттай ажиллаж байгаа загвар хоршоодыг төрөөс дэмжиж урамшуулал олгох, техник, тоног төхөөрөмжөөр хангах цогц бодлого хэрэгжүүлэх юм.    Тариаланчдад урамшуулал олгож байгаатай адил мах, махан бүтээгдэхүүнээ үйлдвэрт нийлүүлсэн малчид, эрүүл чанартай түүхий эд, бүтээгдэхүүнд тодорхой урамшуулал олгодог тогтолцоонд ойрын үед шилжихээр ажиллаж байна гэдгээ Засгийн газрын тэргүүн хэллээ. 

    2009-2010 онд ихэнх нутгийг хамарсан байгалийн гамшиг, зудад 10,3 сая малаа зүй бусаар хорогдуулж томоохон гарз хохирол амссан. Үүнд дүгнэлт хийж өнгөрсөн жил Засгийн газраас тодорхой төлөвлөгөө, зорилт дэвшүүлэн ажиллаж малчид, баг, сум, аймгийн түвшинд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангасан. Ингэснээр өмнөх оны зуднаас дутахааргүй цастай байсан энэ онд аймаг, орон нутаг өөрсдийн нөөц бололцоогоор өвлийг давж чадсан нь хаа хаанаа нөөц бололцоондоо тулгуурлан хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж чадвал үр дүнд хүрдэгийн бодит жишээ болсон гэдгийг  тэмдэглэлээ. 

    Малчдыг хөгжүүлэх, чадавхижуулах, амьдралын түвшинг дээшлүүлэх нь “Монгол мал” хөтөлбөрийн эцсийн зорилго. Хөтөлбөрийн хэрэгжилт эхний жилүүдэд ямар үр дүнд хүрч, малчид, хөдөөгийн ард иргэдийн амьдралд яаж ахиц дэвшил гарсан гэдгээс дараа дараагийн жилүүдэд хийх ажил тодорхой болно. Хэрэгжилт эхнээсээ удаашралтай, ажлын явц, үр дүн хангалтгүй байвал дараагийн зорилтоо  хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл учирна гэдгийг тэрээр зөвлөгөөнд оролцогсдод анхааруулав.

    Мөн “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал үндэсний хөтөлбөр”-ийг малчид, ард иргэдэд ойлгуулан сурталчлах 3 сарын бүтээлч аян өрнүүлэхийг үүрэг болголоо. Энэ дагуу төр, захиргааны бүх шатны байгууллага, удирдах ажилтан, мэргэжилтнүүд төрөөс малчдын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүдийг нарийвчлан судлаж, 160 гаруй мянган малчин өрхөд хүргэх юм.  Дээрх баримт  бичгүүдийн талаар малчид, иргэдийн ойлголт тааруу, зарим нь буруу, зөрүү мэдээлэлтэй байгаа нь Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр анзаарагдсан байна.

    Баримт бичиг, хөтөлбөрүүдийг зөвхөн салбарын яам хэрэгжүүлэх ёстой гэж явцууралгүй бүх яам, агентлаг, байгууллага бодлого, ажлаа уялдуулж ажиллах ёстой. Засгийн газраас эрх ашгаараа нэгдсэн хоршоод, малчдын бүлгүүдтэй ажиллах нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа. Тиймээс ийм  бүтэц бий болгож, салбарынхаа мэргэжлийн холбоодтой хамтран ажиллахыг малчдадаа хандаж хүсэв. 

    Мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, будаа, төмс, хүнсний ногоо зэрэг эх орныхоо хөрсөнд бий болсон экологийн цэвэр, эрүүл хүнсээр иргэдээ хангахын тулд мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэхэд хаа хаанаа идэвх, санаачлагатай байж, хамтран ажиллах нь чухал. Цаашид төрөөс шаардлагатай хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх бөгөөд үр өгөөжийг сайжруулах нь  дунд, доод шатанд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг, хичээл зүтгэлээс шууд хамаарна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд зориуд тэмдэглэлээ.

    Сум, орон нутаг бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутаг, хадлан, тариалан, отрын нутгийг тогтоон, байгалийн үзэсгэлэнт, түүх дурсгалын газрын байршил, хил, хязгаарыг тодорхой болгож, нэрсийн жагсаалтыг нэгтгэн, багийн Нийтийн Хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа баталгаажуулж, сурталчилан ойлгуулах, хамгаалах, дотоод, гадаадын төсөл, хөтөлбөрт хамруулан сайжруулахыг  зөвлөмж болгов.

    Мөн малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөл бий болгоход бүх талын дэмжлэг үзүүлэх, баг, хороо, сум, дүүрэгт мал аж ахуйн түүхий эдийн бүтээгдэхүүнд суурилсан жижиг, дунд болон боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахыг зөвлөгөөнд оролцогсдод анхааруулав. Хариуцлагагүй уул уурхай, байгальтай зүй бусаар харьцах, малын хэт бөөгнөрөл, төвлөрлөөс үүдэн нийт газар нутгийн 70 гаруй хувь нь ямар нэгэн хэмжээгээр цөлжиж, олон арван гол горхи, нуур цөөрөм ширгэсэн нь байгаль орчноо хамгаалах бодлого, чиглэл алдагдсаны баримт, бидэнд өгч байгаа томоохон дохио.

    Иймээс “Монгол мал” хөтөлбөрт  тусгагдсан уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бэлчээрийн мал аж ахуйг зонхилон, эрчимжсэн мал аж ахуйг тодорхой бүс нутагт хязгаарлагдмал хүрээнд эрхлэн, бэлчээрээ зохистой ашиглах, эзэмшүүлэх, сайжруулах, хамгаалах, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх зорилтыг биелүүлэх хүмүүс нь малчид, иргэд, бүх шатны байгууллагын удирдлага, ажилтнууд гэж Ерөнхий сайд хэллээ.

  • “Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт төвийн бүсийн улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Зөвлөгөөнд оролцож байгаа нийт зочид төлөөлөгчид, малчид аа,

    Хахир өвлийн хатуу сорилтыг хичээнгүй хөдөлмөр, зүтгэлээрээ даван туулж, урин хавартай сэтгэл тэнүүн золгосон Та бүгдийнхээ амар мэндийг айлтгаж, сайн сайхны ерөөл дэвшүүлье. Эх оронд минь уул уурхайн стратегийн орд газрыг дагасан их бүтээн байгуулалт өрнөж, үсрэнгүй хөгжил дэвшлийн тухай ярьж буй үед Та бид уулзаж байна. Тиймээс Засгийн газар энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, уул уурхайн салбараас олох орлогыг ард иргэддээ тэгш шударга хүртээх, зөв зарцуулах талаар бодлого боловсруулан хэрэгжүүлж байна.

    Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар улс орны хөгжлийг түргэтгэх томоохон боломжийг бидэнд олголоо. Гэхдээ хөдөө аж ахуйн салбар түүний дотор уламжлалт мал аж ахуйгаа тогтвортой хөгжүүлж шинэ шатанд гаргах нь уул уурхайгаас дутахааргүй урт хугацааны ач холбогдолтой гэж үзэж байна. Ийм учраас “Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт улсын зөвлөгөөнд ач холбогдол өгч Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа билээ. Энэ зөвлөгөөнийг баруун, зүүн, хангайн бүсэд үргэлжлүүлэн зохион байгуулна.  

    “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхэд төв, орон нутгийн төр, захиргааны болон мэргэжлийн байгууллагууд, иргэд, малчдын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагааг нэгтгэж, бүтээлч хөдөлмөр, санаачилга, оновчтой шийдлийг хэлэлцэж, гарах үр дүнг сайжруулах талаар бүсийн зөвлөгөөнүүдээр өргөн хүрээнд санал солилцоно.

    Монгол улсынхаа үндэсний соёл, ёс заншил, өв уламжлалын үнэт баялгийг эрхэмлэн шүтэж, их ачааг нуруундаа үүрч яваа малчин түмнээ дээдэлж, ахуй амьдрал, ашиг орлогыг нь тогтвортой нэмэгдүүлэх, мал сүргээ хамгаалах, чанарыг нь сайжруулах үндсэн зорилт бүхий бодлогыг хэрэгжүүлэх нь манай Засгийн газрын анхаарлын төвд байсаар ирлээ. Тиймээс миний бие өнгөрсөн жил Монгол Улсынхаа зүүн бүсийн 3 аймгаас бусад аймагт ажиллаж орон нутгийн иргэд, малчдын санал санаачилгыг биелүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.

    Төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг саяхан Засгийн газрын хуралдаанаараа авч хэлэлцлээ. Орон нутагт хийхээр заасан 99 заалт бүхий ажлын 70 нь хэрэгжиж байгаа бөгөөд тэдгээрийн санхүүжилт нь 2011 оны төсөвт тусгагдан ямар нэгэн байдлаар шийдлээ олсон. 23 заалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бол 6 заалт нь хэрэгжээгүй гэсэн дүгнэлт гарлаа. Эдгээр заалтыг хэрэгжүүлэх талаар цаашид анхаарч ажиллах, ажил хэрэг болгох нь Засгийн газрын үүрэг гэж бодож байна.  

    Малчдын боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэх, тусгай мэргэжил эзэмшүүлэх, малчдад үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн тусламж, үйлчилгээг сайжруулах замаар амьдралын дадал, заншилд өөрчлөлт оруулах чиглэл баримтлаж байна. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын хүрээнд нийт малчдын 70-аас доошгүй хувийг эрүүл мэндийн даатгалд, 50-иас доошгүй хувийг нийгмийн даатгалд хамруулахаар заасан. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх, малчдыг нийгмийн даатгалд хамруулах эрх зүйн орчинг бүрдүүлэхээр хувиараа хөдөлмөр эрхлэлтийн тэтгэврийн даатгал, төлбөрийн тухай тусгайлсан хуулийн төслийг Засгийн газар боловсруулсан. Үүний зэрэгцээ УИХ малчин өрхийг орлогын албан татвараас чөлөөлсөн зэрэг нь дээрх зорилтыг хэрэгжүүлэх нөхцлийг хангах үндэс боллоо.

    Мал аж ахуйн салбарт “Малчин-хоршоолол-үйлдвэрлэл” гэсэн шинэ эргэлт бий болгож орон нутагт малчдын хамтын зохион байгуулалтын хэлбэрүүдийг дэмжих замаар тэдгээрийн үйл ажиллагааны онцлогт нийцсэн үйлдвэрлэл, бизнесийг хөгжүүлэх, сум бүрт амжилттай ажиллаж байгаа загвар хоршоодыг төрөөс дэмжиж урамшуулал олгох, техник, тоног төхөөрөмжөөр хангах цогц бодлогыг хэрэгжүүлнэ. Тариаланчдын ургуулсан улаан буудайд нь урамшуулал  өгч байгаатай адил үйлдвэрт нийлүүлэх, эрүүл чанартай түүхий эд, бүтээгдэхүүнд тодорхой урамшуулал олгодог тогтолцоонд ойрын үед шилжих болно гэдгээ би мэдэгдсэн. Энэ талаар та бүхнийг ч гэсэн байр сууриа илэрхийлээсэй гэж хүсч байна.

    Дэлхийн болон ихэнх бүс нутагт хүнсний хомсдол нүүрлэх болсон энэ цаг үед монголчууд бид мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, будаа, төмс, хүнсний ногоо зэрэг эх орныхоо хөрсөнд бий болсон экологийн цэвэр, эрүүл хүнсээр гачигдах учиргүйг хаа хаанаа анхаарч ажиллах ёстой. Өвөг дээдсээс үлдээсэн өргөн уудам, үржил шимт газар, арвин баялаг мал сүргээсээ иргэн бүрийнхээ хэрэгцээг бүрэн дүүрэн хангах нөхцөл бололцоо бий. Түүгээр ч барахгүй дэлхийн зарим улс орны хүнсний бүтээгдэхүүний хомсдлыг багасгахад тодорхой хувь нэмэр оруулж экологийн цэвэр, чанартай тодорхой хэмжээний бүтээгдэхүүнийг экспортлох боломж ч бий.

    Иймээс бэлчээрийн мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагааг улам боловсронгуй болгон, нийгмийн болон олон улсын эрэлт хэрэгцээ, чиг хандлагатай уялдуулан мал аж ахуйн салбарынүйл ажиллагааг оновчтой болгон эрчимжүүлэх шаардлага тулгамдаад байна. Энэ зорилгоор “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн эцсийн зорилго нь малчин хүнийг хөгжүүлэх, чадавхижуулах, амьдралын түвшинг нь дээшлүүлэхэд л чиглэгдэх учиртай.

    “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхан шатны нэгжийг бүх суманд байгуулан ажиллуулж эхэлсэн. Хэдийгээр Засгийн газрын түвшинд төр, захиргааны шат дамжлагыг багасгах, төсөв хэмнэх, орон тоог цөөлөх бодлого баримталж байгаа ч мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэх, малчдынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх бодлогын ач холбогдлыг онцгойлон анхаарч бүх сумын Засаг даргын Тамгын газарт гурван хүний орон тоотой  “Мал эмнэлэг, үржлийн тасаг” байгуулсан юм. Улсын хэмжээнд 329 суманд шинээр658 мэргэжилтний ажлын байр бий боллоо. Түүнчлэн мал аж ахуйн салбараа сэргээх, бэхжүүлэх, эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас урьд өмнө  байгаагүй ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна.

    Засгийн газар хөдөө аж ахуйн салбараа дэмжих зорилгоор энэ оны төсөвт шинэчлэлийн олон асуудлыг тусгалаа. Тухайлбал анх удаа аймаг бүрт орон нутгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон дунджаар 800.0 сая, 5 бүсийн хөгжилд дэмжлэг үзүүлэхээр 24.0 сая, сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан бий болгоход 24 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт шинээр суулган өгч байна. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсвөөс 2010 онд 5.3 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ онд 51.0 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгасан. 

    Үүний зэрэгцээ сум орон нутгийн хөгжлийг дэмжих талаар ч Засгийн газар тодорхой арга хэмжээ авч байна. Тухайлбал, улсын тэргүүний загвар сумыг бүс бүрээс шалгаруулж 100.0 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Энэ жил төвийн бүсийн сумдаас Сэлэнгэ аймгийн Мандал сум загвар сумаар шалгарсныг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс Мандал сумынхаа төлөөлөгчдөд баяр хүргэе. Мөн Та бүхнийг төвийн бүсийнхээ загвар сумын үйл ажиллагаа, бүтээлч ажлуудтай танилцаж, туршлага судлахыг хүсч байна. Төрийн зүгээс шаардлагатай хөрөнгө оруулалтын арга хэмжээг энэ мэтчилэн цаашид үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ. Гагцхүү түүний үр өгөөжийг сайжруулах явдал нь дунд болон доод шатанд ажиллаж байгаа Та бүгдийн мэдлэг оюун, хичээл зүтгэлээс шууд хамаарах болно гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.

    Эрхэм төлөөлөгчид өө,

    “Монгол мал” хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааг амьдралд хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулж, улс орны болон аймаг, сумын хөгжилд хувь нэмрээ оруулах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүрэг Та бүхэнд оногдож байна. Энэ үүргийг биелүүлэхэд Та бүгдийн ажил, амьдралын арга, туршлага, эрдэм мэдлэг, тэвчээр хатуужил, сэтгэл зүтгэл, идэвх санаачилга, уян хатан бодлогоос олон зүйл хамаарна.

    Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлого эхний жилүүдэд ямар үр дүнд хүрч, малчид, хөдөөгийн ард иргэдийн амьдралд яаж ахиц дэвшил гарч чадсан бэ гэдгээс дараа дараагийн жилүүдэд хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээ улам тодорхой болно.  Харин хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажил эхний жилүүдэд удаашралтай, ажлын явц, үр дүн хангалтгүй байх аваас дараа дараагийн үе шатны бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд улам их хүндрэл бэрхшээл бий болно. “Зөв эхлэл сайн үр дүнг авчирдаг” гэж манай ард түмэн ярьдаг нь ажлыг эхнээс нь алдаа, мадаггүй хий гэсэн гүн агуулгатай нэг ёсны анхааруулга, сануулга гэдгийг та бүхэн анхаарч ажиллах хэрэгтэй.

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд яам агентлаг, аймаг, орон нутгийн удирдлага ажлын байр бий болгох, ажилгүйдлийг багасгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч эхлүүллээ. Малчид, малчдын бүлэг, хоршоод руу хандсан олон ажлыг  энэ жилийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэг, даалгаврыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгасан. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд зарцуулагдах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг ч энэ чиглэлд зарцуулах тал дээр сонголтоо оновчтой хийж баг, хороо, сум, дүүргийн түвшинд мал аж ахуйн түүхий эдийн бүтээгдэхүүнд суурилсан жижиг, дунд болон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хоршоо, хамтын хөдөлмөрийг түлхүү тавихад анхаарлаа хандуулж ажиллахыг бас анхааруулж хэлье.

    “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” хөтөлбөрийг зөвхөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хийх ажил мэтээр явцуурч болохгүй. Тиймээс төрийн бүх яам, агентлаг, байгууллага эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлого үйл ажиллагаагаа уялдуулж хамтран ажиллахыг үүрэг болгож байна. Яамдын ажлын уялдаа холбоо хангалтгүй байгаагаас эдгээр бодлого, хөтөлбөрийн үр дүн төдийлөн сайн гарахгүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй.   

    Өнөөдөр иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрөөс хариуцлагатай байхыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл төр, засгийн төлөөлөл болсон Та бүгдийг хариуцлагатай байхыг ард түмэн маань хүсч байна. Иймээс ажлын хариуцлагыг нэмэгдүүлж үйл ажиллагааны гүйцэтгэлийн явцад тавих хяналтыг сайжруулан ам ажил, үг үйлдлийн нийлбэрийг хангаж ажиллах учиртай. Мөн малчдын эрх ашгаа хамгаалах иргэний нийгмийн бүтцийг бий болгох, бэхжүүлэх талаар санаачилгатай ажиллах ёстой. Засгийн газрын зүгээс эрх ашгаараа нэгдсэн хоршоод, малчдын бүлгүүдтэй ажиллах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. Энэ бодлогын хүрээнд Ноос ноолуурын холбоо, Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо, Махны холбооны төлөөллийг хүлээн авч уулзан тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхээр Засгийн газар ажиллаж байна. Энэ мэт үр дүнтэй бүтэц бий болгохын зэрэгцээ өөрсдийн салбарын мэргэжлийн холбоодтой хамтран ажиллахыг хүсч байна.

    Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбогдож манай оронд тохиолдох байгаль, цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж ойртож, учрах хор хохирол нь нэмэгдэх хандлагатай болсныг хэн хэнгүй сайн мэдэж байгаа. Тодруулбал 2009-2010 онд ихэнх нутгийг хамарсан байгалийн гамшиг, зудад бид нийт малыхаа 23,4 хувь буюу 10,3 сая малаа зүй бусаар хорогдуулж томоохон гарз хохирол амссан.Үүнд  дүгнэлт хийж өнгөрсөн жил Засгийн газраас тодорхой төлөвлөгөө, зорилт дэвшүүлэн ажилласны үр дүнд малчид, баг, сум, аймгийн түвшинд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангасан. Ингэснээр өмнөх оны зуднаас дутахааргүй цастай байсан энэ онд аймаг, орон нутаг өөрсдийн нөөц бололцоогоор өвлийг давж чадлаа. Та бид хаана хаанаа нөөц бололцоондоо тулгуурлан хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж чадвал үр дүнд хүрдгийн бодит жишээг энэ жил харууллаа.

    Бэлчээрийн доройтол, байгалийн нөөцийн хомсдлын асуудал сүүлийн үед бидний анхаарлын төвд байх боллоо. Хариуцлагагүй уул уурхай, байгальтай зүй бусаар харьцах, малын хэт бөөгнөрөл, төвлөрлөөс улбаалан байгалийн унаган төрх ихээр алдагдаж байна. Эрдэмтдийн судлан тогтоосноор манай улсын нийт газар нутгийн 70 гаруй хувь нь ямар нэгэн хэмжээгээр цөлжиж, олон арван гол горхи, нуур цөөрөм ширгэжээ. Энэ бол байгаль орчныг хамгаалах бодлого, чиглэл алдагдсаны баримт, та бидэнд өгч байгаа томоохон дохио мөн.

    Ийм учраас “Монгол мал” үндэсний хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бэлчээрийн мал аж ахуйг зонхилон, эрчимжсэн мал аж ахуйг тодорхой бүс нутагт хязгаарлагдмал хүрээнд эрхлэн, бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх, сайжруулах, хамгаалах, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээхтэй холбогдсон тодорхой зорилт, үйл ажиллагаа тусгагдсан. Энэ үйл ажиллагааг анхан шатанд хэрэгжүүлэгч гол хүмүүс нь та бүхэн билээ.

    Тиймээс сум, орон нутгийнхаа хэмжээнд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутаг, хадлан, тариалан, отрын бүс нутгийг тогтоохоос гадна, байгалийн үзэсгэлэнт, түүх дурсгалын газрын байршил, хил, хязгаарыг тодорхой болгож, нэрсийн жагсаалтыг нэгтгэн цэгцэлж, багийн Нийтийн Хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг эрх бүхий байгууллагаар баталгаажуулж шат шатандаа сурталчилж ойлгуулах, хамгаалах, дотоод, гадаадын төсөл, хөтөлбөрт хамруулан сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөмж болгож байна.

    Мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж бүтээмжийг нь нэмэгдүүлэхэд илүү анхаарч, хүн, хүч, хөрөнгө, санхүүгийнхээ нөөцийг чиглүүлж, малчдаа дэмжиж, тэднийг ашиг сонирхол, үйл ажиллагааны чиглэлээрээ нэгдэж, хамтын аж ахуйн хэлбэрийг бий болгоход нь бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай. Эцэст нь хэлэхэд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал үндэсний хөтөлбөр”-ийг малчид, ард иргэдэд ойлгуулан сурталчлах ажил онцгой чухал шаардлагатай байна. Эдгээр бодлогын баримт бичгийн агуулга, ач холбогдлын талаар иргэд, малчид дутуу ойлголттой байгааг би орон нутагт ажиллах үеэрээ анзаарсан.

    Түүгээр ч барахгүй бодлого, хөтөлбөрийн талаар буруу, зөрүү мэдээлэлтэй байсныг хэлэхэд илүүдэхгүй байхаа. Иймээс энэ зөвлөгөөнд оролцож буй төр, захиргааны удирдах ажилтан, мэргэжилтэн ажилтан та бүхэн төрөөс малчдын талаар явуулж буй бодлогуудыг нарийвчлан судлаж, алхам тутамдаа сурталчилан ойлгуулж, 160 гаруй мянган малчин өрхөд хүргэх чиглэлээр өнөөдрөөс эхлэн 3 сарын бүтээлч аян зохион байгуулахыг үүрэг болгож байна. Эрдэнэт мал сүргээ эрүүлжүүлэн, үүлдэр, угсааг нь сайжруулж, түүхий эд, ашиг шимийг боловсруулан эх орондоо эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах эрхэм зорилго нь бидний хамтын ажиллагааны үр шим байх болно. 

    Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

    2011.03.28.       Төрийн ордон