Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Дэлхийн банк, Oлон улсын санхүүгийн корпораци боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ

    Дэлхийн банк, Oлон улсын санхүүгийн корпораци боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Дэлхийн банкны Монгол Хятад болон Хойд Солонгос хариуцсан захирал Клаус Роланд болон Олон Улсын санхүүгийн корпорацийн Зүүн Ази болон номхон далайн бүсийн захирал Финклстон  нарыг хүлээн авч уулзаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацитай Монгол Улс олон жилийн турш хамтран ажиллаж, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгч, амжилттай хэрэгжиж байгаад Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлээ.

    Сүүлийн жилүүдэд уул уурхайн асуудал олны анхаарлыг татах болсон. Иргэний нийгэм ч анхаарлаа хандуулж байна. Гэсэн хэдий ч Засгийн газрын баримталж байгаа хөгжлийн тэргүүлэх чиглэл бол уул уурхай бус боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн тогтвортой, урт хугацааны өсөлтийг хангах, ажлын байр олноор бий болох явдал юм. Энэ удаагийн Эдийн засгийн форумын үеэр ч энэ асуудлаар ярилцаж, төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааны талаар нухацтай ярилцаж байгааг Ерөнхий сайд С.Батболд дуулгалаа.

    Түүнчлэн дэд бүтцийн чиглэлээр томоохон бүтээн байгуулалт өрнүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэхэд Монгол Улсын Засгийн газар Олон Улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Засгийн газрын тэргүүн хэллээ. Дэлхийн банк, Олон Улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчид манай улсын ноолуурын салбарыг төр засгаас хэрхэн дэмжиж байгааг уулзалтын үеэр сонирхож байлаа.

    Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ саяхан ноос, ноолуурын салбарынхныг хүлээн авч уулзан тэдний өмнө тулгамдсан асуудлаар санаа бодлоо солилцсон. Засгийн газрын хувьд санхүүгийн талаар хэрхэн дэмжих боломж байгаа талаар байр сууриа тодорхойлсон. УИХ-ын хаврын чуулганаар энэ асуудал хөндөгдөнө гэж найдаж байгаагаа хэллээ. Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн хувьд манай улсын ноолуурын салбарыг дэмжих чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлээ.

  • Дэлхийн залуу удирдагчидтай уулзав

    Дэлхийн залуу удирдагчидтай уулзавMонголын эдийн засгийн чуулганд оролцож байгаа Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн залуу удирдагчдын төлөөллийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Залуу удирдагчид эдийн засгийн тогтвортой хөгжил, хөдөө аж ахуй, түүхий эдийн бирж, байгалийн баялаг, тэр дундаа үндэсний баялгийн менежмент, урт хугацааны хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сан, санхүүжилтдутагдаж байгаа салбарууд дахь асуудлыг шийдэх гарцын талаар өөрсдийн сүлжээгээрээ дамжуулан хамтран ажиллахад бэлэн гэдгээ Ерөнхий сайдад илэрхийллээ.

    Дэлхийн эдийн засгийн форум хөгжиж байгаа улс орнуудад хүрч байгаа тусламж, дэмжлэгийгбодитой, үр дүнтэй байлгахын тулд залуу удирдагчдыг  ажиллуулж эхлэх болсон юм. Манай улсыг эхний ээлжинд сонгож авсны дагуу Монголын эдийн засгийн чуулганд залуу удирдагчид оролцон нөхцөл байдалтай танилцаж байна. Тухайн улс орондоо нэр хүндтэй, нийгэмд байр сууриа эзэлсэн, мэдлэг боловсролтой залуустай уулзаж байгаадаа Ерөнхий сайд баяртай байна гээд залуу хүнээс зоримог, ухаалаг, эрч хүчтэй санаа гардаг учир Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах болно гэв.

    Дэлхийн эдийн засгийн форумаас тодорхой шалгуур үзүүлэлтээр Дэлхийн залуу удирдагчдыг тодруулдаг бөгөөд манай улсаас УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар шалгарсан юм

  • Эрдэс баялгийн салбарыг илүү нээлттэй, ил тод болгох арга зам хайж байна

    Эрдэс баялгийн салбарыг илүү нээлттэй, ил тод болгох арга зам хайж байнаМонгол Улсын Засгийн газар стратегийн болон томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хуримтлал бий болгох, түүнээс иргэн бүрт хишиг хувь хүртээхийн зэрэгцээ эдийн засгаа улам хөгжүүлэх тулгуур салбар болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтын хүрээнд эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг ил тод байлгах нь нэн чухал гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Иргэний танхимд өнөөдөр эхэлсэн “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал” сэдэвт тусгай хуралдааныг нээхдээ хэллээ.

    Тэрбээр энэ салбарын ил тод байдлыг хангах үүднээс төрийн өмчийн оролцоотой болон төрийн өмчит уул уурхайн томоохон компаниуд, тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд хараат бус гишүүдийг томилон ажиллуулах бодлого барьж байгаа. Эдгээр хараат бус гишүүд нь тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангахад чухал хувь нэмэр болно гэж үзэж байгаагаа онцлоод энэчлэн анхаарч ажиллаж байгаа зүйлүүд бий.

    Цаашид улам сайжруулахын төлөө ажиллана. Мөн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар илүүтэй анхаарч ажиллаж байна. Эрдэс баялгийн салбарын талаарх бүхий л мэдээллийг  ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гэхчлэн оролцогч талуудад илүү нээлттэй, ил тод болгох талаар олон сайхан санал, санаачилга энэ хуралдаанаас гарна гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ.

    Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын шаардлагыг хангахад нэгдсэн 33 орон байдаг. Манай улс өнгөрсөн оны аравдугаар сард уг шаардлагыг хангасан дөрөв дэх орон болсон гэсэн мэдээллийг тэрбээр хуралдаанд оролцогчдод өгөөд ил тод байдлыг хэрэгжүүлснээр бид эрдэс баялгийн салбарт, цаашлаад улс орны эдийн засагт гарч болзошгүй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлж, хөрөнгө оруулагчид болон олон улсын санхүүгийн байгууллагуудыг хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд анхаарлыг нь хандуулах боломжтой болно гэж Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ онцлолоо.

    “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал” сэдэвт тусгай хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн эдийн засгийн форумтай хамтран зохион байгуулж байна. Хуралдаанд олборлох үйлдвэрлэлийн салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон дотоодын компани, төрийн бус байгууллага болон хөгжлийн агентлагуудын төлөөлөл оролцож байна. Оролцогчид олборлох үйлдвэрлэлийн салбарын нээлттэй байдал ба засаглалыг бэхжүүлэх талаар хүрсэн амжилтуудад тулгуурлан цаашид улам сайжруулахад туслах арга зам судлан хоёр өдөр хэлэлцэх юм

  • Хөгжлийн төлөө хамтдаа ярилцаж байна

    Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор Монголын эдийн засгийн чуулган өнөөдөр эхэллээ. Монгол улсын хөгжлийн асуудлаар санал бодлоо солилцох тус чуулган эхэлсэнтэй холбогдуулан чуулганыг зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Өөрөөр хэлбэл Эдийн засгийн форумын удирдах зөвлөлийн дарга, Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд зохион байгуулагчдын хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Манай улсад хоёр дахь жилдээ болж байгаа эдийн засгийн форум энэ жил хөгжлийн төлөө хамтдаа уриан дор 4 гол чиглэлээр зохион байгуулагдаж, 15 салбар хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэгүүд өрнөж байна.

    Нийгмийн бүх давхаргыг хамарсан төлөөлөл хамтран ,улс орныхоо ирээдүйн зорилтоо тодорхойлж хөгжлийн асуудалд тодорхой шийдэлд хүрэх уулзалт болж байна гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж байна. Энэ шийдэл нь төр засгийн түвшинд зөвлөмж болох учиртай, бүр цаашлаад улс орны стратегийн зах зээлийн төлөвлөлтийг бий болгох чиг хандлага болно гэдгийг тэрбээр онцоллоо. Өнгөрсөн онд анхны чуулганаараа хөрөнгийн зах зээл, өрсөлдөх чадвар, улсын бүртгэлийн шинэчлэл, төсвийн шинэчлэл,уул уурхай, ногоон эдийн засаг зэрэг улс орны амьдралд чухал нөлөө бүхий асуудлаар төр, хувийн хэвшил, эрдэмтэн, судлаачид, гадаадын хөрөнгө оруулагчид болон хандивлагчид хамтран хэлэлцүүлэг өрнүүлж тодорхой шийдэл, сэжүүр гаргасан нь амжилт байсан.

    Өргөс авсан мэт үр дүн нь хурдан гарахгүй ч амьдралд хэрэгжих эхлэл тавьсан гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглээд, энэ жил энэ хурлыг дахин үргэлжлүүлж тодорхой асуудлаар буюу хөгжлийн асуудлаар чуулна гэдгийг дурьдлаа. Нийгмийн диалог хэмээн тодорхойлсон тус чуулга уулзалтын бас нэг онцлог нь засаглал, төр болон компанийн засаглалын талаар ярилцахад оршиж байна

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС ГАРГАХЫГ ДЭМЖИВ

    2011 оны төсвийн жилд улсын төсвийн алдагдлыг нөхөх, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас гаргаж арилжаалах тухай хэлэлцэн дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. 2011 онд 127 тэрбум 443 сая 400 мянган төгрөгийн үнэт цаас гаргаж арилжаалахаар төлөвлөөд байна.

    Төсөл батлагдсанаар хөрөнгө оруулалт нэмэгдэн, үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаа идэвхжиж эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлнө. Мөн төсвийн зардал, санхүүжилтийг цаг хугацаанд нь саадгүй гүйцэтгэх, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, санхүүгийн зах зээл дэх орон сууцны зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, орон сууцны зээлийн хүүг бууруулах, барилгын салбарт дэмжлэг үзүүлэх, банкны салбарын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.

    НЭГДСЭН ТӨСВИЙН УРЬДЧИЛСАН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ТАНИЛЦАВ

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны урьдчилсан гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн нийт орлогын бүрдүүлэлт 113.9 хувь, нийт зарлага 96.6 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 3.4 тэрбум төгрөгийн ашигтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 481.7 тэрбум төгрөгөөр бага байна.

    Эдийн засгийн гол үзүүлэлт болох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2010 оны урьдчилсан байдлаар оны үнээр 8255.1 тэрбум төгрөгт хүрчээ. Нэгдсэн төсвийн нийт орлого урьдчилсан гүйцэтгэлээр 3.069.9 тэрбум төгрөгт хүрч орлогын төлөвлөгөө 374 тэрбумаар буюу 13.9 хувиар давсан байна. Энэ нь 2009 оны мөн үеийнхээс 54 хувиар буюу 1.076.9 тэрбум төгрөгөөр өссөн тухай Сангийн сайд С.Баярцогт танилцууллаа. Нэгдсэн төсвийн орлого татварын орлогоор 87.1, татварын бус орлогоор 11.5, тусламжийн орлогоор 1.1, хөрөнгийн орлогоор 0.3 хувь бүрджээ.

    Дэлхийн зах зээл дэх зэс, алтны үнэ төлөвлөснөөс харьцангуй өндөр байсан, татвар болон гаалийн байгууллагаас аж ахуйн нэгжүүдийн татварын өр барагдуулах, орлого төвлөрүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулсан, нийт бараа эргэлтийн хэмжээ 2010 онд өмнөх оноос 53.5 хувиар өссөн, санхүү, эдийн засгийн хямралтай байгаа орнуудад үзүүлж байгаа тусламжийн хүрээнд АНУ манай улсад 14.5 тэрбум төгрөгийн мөнгөн тусламжийг нийгмийн халамжийн санхүүжилтэд олгосон зэрэг нь нэгдсэн төсвийн орлого төлөвлөгөөнөөс давж биелэхэд нөлөөлсөн байна.

    ЭНЭ ОНД ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 50 УГАЛЗ АГНУУЛНА

    Гадаадын анчид мөн 120 тэх, 5 халиун буга, 150 цагаан зээр, тус бүр 40 саарал чоно, бор гөрөөс, 20 зэрлэг гахай, ой, хээрийн агнуурын шувуу 400 хүртэл толгойг агнаж болно. Судалгаа, шинжилгээний зориулатаар 2 хүрэн баавгай, 4 хүртэл цоохор ирвэс агнах, сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор 2 толгой хулан адуу барихыг Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө.

    Гадаадын анчдад тусгай төлбөртэйгээр агнуулсан ангийн төлбөр, хураамжийн орлогоос сүүлийн 5 жилд улс, орон нутгийн  төсөвт 7,2 тэрбум төрөг төвлөрсөн байна. 2009, 2010 онд хийсэн судалгаагаар манай улсад 17,9 мянган аргаль, 24,4 мянган янгир, 10 мянга гаруй халиун буга, 12 мянга гаруй хар сүүлт, 5,6 сая цагаан зээр, 1200 орчим ирвэс, 6 мянга орчим идлэг шонхор шувуу байгаа нь тогтоогджээ. Цаашид гадаадын анчдад тусгай төлбөртэйгээр агнуулах ховор амьтны тоог цөөрүүлж, элбэг амьтны тоог нэмэх, төлбөр, хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар төсөвт орох орлогын хэмжээг тогтвортой барих бодлого барьж байна. 

    ТОВЧХОН

    ·  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны 1 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсад ажлын айлчлал хийсэн, мөн сарын 26-30-ны өдрүүдэд Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. 

    ·  “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг гишүүн Д.Арвин, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил, Д.Очирбат, Ж.Сүхбаатар, Д.Хаянхярваа, Ц.Батбаяр нар санаачлан боловсруулсан байна. Төсөл нь агуулга, зорилгын хувьд Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж, УИХ-ын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын  тогтоолтой давхардаж байгаа учир дэмжих боломжгүй гэж үзлээ. Гишүүд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шинэ технологи нэвтрүүлэх замаар гэр, амины орон сууц, нам даралтат уурын зуух ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуд цахилгаан эх үүсвэр, бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаалтын систем нэвтрүүлэх, гэр хорооллын түүхий нүүрс, модны хэрэглээг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттай авч хэрэгжүүлэхээр төсөлдөө тусгасан байжээ.

    ·   “Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    ·   Хөвсгөл, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг баяр наадмаа 2011 оны 7 дугаар сарын 22-23-нд, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Увс аймаг 2011 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд тэмдэглэнэ. Аймаг байгуулагдсаны тэгш ой тохиож байгаа болон бүсийн хурдан морины уралдаан болох учир аймгууд баяр наадмаа дээрх өдрүүдэд зохион байгуулах хүсэлтээ Засгийн газарт ирүүлсэн байна.

    ·   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга М.Ганхүү, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Г.Алтансүх нарт Бригадын генерал, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэнд хошууч генерал цол хүртээлгэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    ·   Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой энэ оны 10 дугаар сарын 27-нд тохиож байгаатай холбогдуулан ойг тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхийн улс орнуудын хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд голлох үүрэгтэй НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр 1961 элссэнээр улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж, олон улсын нэр хүнд, байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулах, тусламж, дэмжлэг авах өргөн боломжтой болсон юм.

    ·   Аж ахуйн нэгж, байгууллагын улсын тоооллогыг 2011 оны 4 дүгээр сард багтаан явуулахаар болж тооллогыг зохион байгуулах комиссыг Сангийн сайд С.Баярцогтоор ахлуулан байгуулав. Нутаг дэвсгэртээ орших аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, байршлын жагсаалт гаргах, тооллогод бүрэн хамруулах, тооллогын Ажлын хэсэг байгуулах зэрэг арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын дарга нарт даалгалаа. Тооллогын дүнг 2011 оны 12 дугаар сард Засгийн газарт танилцуулах юм байна.

    ·   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эзэмшилд байгаа БЗД-ийн 16 дугаар хорооны нутагт орших 190 айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь зохих журмын дагуу хувьчлахыг Төрийн өмчийн хороонд зөвшөөрлөө.

    ·   “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн төслийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган тогтоол гаргахаар боллоо. Хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж хэрэгжүүлэхийг бүх шатны Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон нутгийн салбар зөвлөлийн дарга нарт даалгав. 2009 онд ХЗДХЯ, АНУ-ын Азийн сан хамтран Улаанбаатар хотын эрүү, хэв журмын нөхцөл байдал хүнд, алслагдсан, хүн ам ихтэй СХД, БЗД-ийн 4 хороонд “Цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа” туршилтын төсөл хэрэгжүүлсэн байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тогтмол үйл ажиллагаатай “Иргэний зөвлөл” бий болсон бөгөөд тухайн орон нутагт гэмт хэргийн гаралт 6-28 хувиар буурчээ. Иймээс энэ амжилтыг улсын хэмжээнд баталгаажуулах, хэрэгжүүлэх зорилгоор “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийг боловсруулжээ.

    Шинэ он гарснаас хойш Засгийн газрын хуралдаанаар 95 асуудлыг хэлэлцэн 42 асуудалтай танилцсан байна. Үүнээс 10 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 5 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 1 асуудлыг УИХ-ын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 5 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэжээ. 2011 оны 1,2 дугаар сард Засгийн газрын хуралдаанаас 56 тогтоол, Ерөнхий сайдын 13 захирамж гаргахаар шийдвэрлэснийг зохих журмын дагуу албажуулсан байна.

  • Монголын эдийн засгийн 2 дахь удаагийн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

    Хатагтай, ноёд оо,

    Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, 

    Монголын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор хуран цугларсан Та бүхэнд чин сэтгэлийн мэнд хүргэе. Чуулга уулзалтыг зохион байгуулах ажилд идэвхи зүтгэлтэй оролцож буй бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.

    Та бид жил бүрийн эхний улиралд хөгжлийн бодлогын асуудлаа хэлэлцдэг сайхан уламжлал тогтож эхэллээ. Энэхүү чуулга уулзалт нь эрдэмтэн мэргэд, улс төрчид, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөллийнхөн хамтран нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, улс орны хөгжлийг хурдасгах асуудлаар нийтлэг ойлголцлыг бий болгох нэгэн зорилгод чиглэгддэг. Энэ нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагч нарт төдийгүй иргэдэд өгөөжтэй юм. 

    Эдийн засгийн чуулганыг ийнхүү өргөн хүрээтэй зохион байгуулж байгаа нь манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого боловсруулалт нь нээлттэй, олон нийтийн оролцоо, түншлэлд тулгуурлан явагддаг болж байгаагийн томоохон илрэл юм. Өнгөрсөн жил Монголын эдийн засгийн анхдугаар чуулга уулзалтыг “БИД ХАМТДАА ЧАДНА” уриан дор Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.

    Анхдугаар чуулга уулзалтаар Хөрөнгийн зах зээл, Өрсөлдөх чадвар, Улсын бүртгэлийн шинэчлэл, Төсвийн шинэтгэл, Уул уурхай, Ногоон эдийнзасаг зэрэг улс орны амьдралын нэн чухал асуудлаар олон талын оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой шийдэлд хүрсэн нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал бизнесийн орчныг шинэчлэх жилийн хүрээнд олон ажил хийлээ. Энэ нь хувийн хэвшлийн салбарын боломжуудыг нэмэгдүүлсэн. Олон улсын хөрөнгийн зах зээлд Монголын компаниуд хөл тавьж эхэлсэн нь үүний нэг илрэл юм. Төсвийн шинэчлэлийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ баталлаа. Иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулж, онлайн хэлбэрт шилжүүлж эхлээд байна.

    Тогтвортой, ногоон эдийн засгийн өсөлтийг хангахын тулд говьд Засгийн газрын хуралдаан зохион байгуулж цөлжилтийн эсрэг тусгай хөтөлбөр батлан, “Говийн уриалга” гарган хэрэгжүүлж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс өрсөлдөх чадварын судалгаагаар дэлхийд 117 дугаар байрнаас 99 дүгээр байрт орж урагшиллаа. Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээрээ дэлхийн 169 улс орноос эхний 100-д орж, “Хүний хөгжлийн дунд зэргийн үзүүлэлт”-тэй  улс орнуудын эгнээнд орлоо.

    Бидний туулах зам урт, хүрэх оргил өндөр, хийх ажлын цар их, хүрээ өргөн. Тиймээс хүний хөгжлөөр, өрсөлдөх чадвараар, нэг хүнд ногдох орлогоор богино хугацаанд томоохон ахиц дэвшил гаргахын тулд хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, хамтдаа эрчимтэй урагшлах нь бидний гол зорилго юм. Иймээс энэ жилийн Монголын эдийн засгийн чуулга уулзалтыг “ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, Дэд бүтэц, Засаглал гэсэн тэргүүлэх ач холбогдолтой 4 асуудлын хүрээнд 15 салбар хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Энэхүү хэлэлцүүлэг бидний амьдралд тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.

    Монгол Улсын хөгжлийн бодлогын төвд нь хүн байх учиртай. Эдийн засгийн өсөлт нь эцсийн эцэст монгол хүний хөгжил түүний сайн сайханд зориулагдах учиртай. Монгол хүнийг хөгжүүлэхийн тулд дараах 4 чиглэлээр онцгойлон анхаарал хандуулж ажиллах шаардлагатай.

    Нэгдүгээрт, засаглалыг сайжруулах ёстой.Засаглал зөв бол хөгжил нь зөв байх учиртай. Засаглалын механизм зөв зохион байгуулагдсан оронд нийгмийн хөгжил нь хурдацтай, баялгийн хуваарилалт нь оновчтой, иргэд нь амгалан тайван байдаг. Засаглалын механизмийг зөв төлөвшүүлж сайжруулснаар эрх мэдлийг зөв хуваарилж, улс төрийн намуудын эрх үүргийг тодотгон, ардчилалын сонгодог хэлбэрийг бий болгож, иргэдийн оролцоо, төрийн зохицуулалтыг тэгш хангах нөхцөл бүрдэх юм. 

    Хоёрдугаарт, хөгжлийн стратеги чиглэлийг зөв тодорхойлох нь нэн чухал. Монгол Улсын хөгжлийн стратеги бол өнөөгийн бодит байдалд тулгуурлан ойрын болон урт хугацаанд улс орноо хөгжүүлэх дэс дараатай, алсыг харсан, цогцоор төлөвлөсөн бодлогуудын багц юм. Энэ нь зөвхөн өөдрөг мөрөөдлийн хэлхээс биш бодит тооцоонд эрэмблэгдсэн бодлогын цогц нэгдэл байх учиртай. Улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг нэгдсэн хүрээнд авч үзэн зангидаж, хөгжлийн тэргүүлэх чиглэл рүү чиглүүлдэг механизм хэрэгтэй байна. Ингэснээр төрийн зохицуулалт жинхэнэ утгаар зөв болж, бүх зүйлийг төр дангаараа хариуцах бус, харин төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны оновчтой хэлбэр тогтох боломж бүрдэнэ.

    Гуравдугаарт, хүний хөгжлийг хангахад бүх бодлого чиглэх учиртай. Монгол хүний боловсрол, мэдлэг, ур чадварыг эрс дээшлүүлж байж л бид улс орноо хөгжүүлнэ. Өнөөгийн байдлаар “Хүнээ хөгжүүлэх асуудал” нь манай нийгмийн тулгамдсан томоохон асуудал болоод байна. Хүнд бэлэн юм өгөхөөс илүү баялгийг хэрхэн бүтээх аргыг нь зааж өгөх чухал гэдэг.  Иймээс цэцэрлэгээс эхлээд их, дээд сургууль хүртэл бүх шатанд хөгжлийн өнөөгийн хэрэгцээнд нийцсэн боловсрол, мэдлэг олгож байх шаардлага тулгамдаж байна. Тиймээс бидний өмнө тулгамдаад буй энэ асуудлын гарцын талаар өнөөдөр та бүхэн нээлттэй хэлэлцэж шийдлийг нь зөв тодорхойлно гэдэгт найдаж байна.

    Дөрөвдүгээрт, дэд бүтцийн хөгжилд онцгой анхаарал тавьж байна. Учир нь уул уурхай, аялал, жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл, бүсчилсэн хөгжлийн ирээдүй дэд бүтцээс шууд хамаарна. Иймээс энэ удаагийн хуралдаанаар дэд бүтцийн асуудлыг нэн түрүүнд анхаарч үзэхийг хүсч байна. Манай улсын хөгжлийн энэ тааламжтай цаг, боломжийг бүрэн дүүрэн ашиглах үүднээс Засгийн газар, Улсын Их Хурал бүтээн байгуулалтын дунд хугацааны шинэ хөтөлбөрүүдийг батлан гаргаж, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга замуудыг судлан, Хөгжлийн банк болон санхүүгийн бусад шинэлэг арга, хэрэгслүүдийг бүрдүүлж эхлээд байна.

    Бид урагш ахихын тулд хаана яваагаа зөв тодорхойлох нь чухал байна. Тэгвэл Дэлхийн банкны гишүүн 213 орныг хамруулсан орлогын ангиллаас авч үзвэл (Дэлхийн банкны Атласын аргаар тооцсон) нэг хүнд 1630 ам долларын орлого ногдож байгаа гэсэн үзүүлэлтээр манай улс “Дунд орлоготой орнуудын доод ангилал”-д, хөгжиж буй 56 улс орнуудын хамт багтаж байна. Энэ нь  бага орлоготой улс орнуудаас нэг хүнд ногдох орлогын үзүүлэлтээрээ 1.6 дахин өндөр, харин дунд орлоготой улс орнуудын орлогын түвшнээс 2.4, өндөр хөгжилтэй улс орнуудын орлогын түвшнээс 7.5 дахин бага орлоготой гэсэн үзүүлэлт юм.

    Тиймээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд хугацааны хөгжлийн зорилт бол Дунд орлоготой орнуудын дээд ангилалд багтах (энэ шатны 56 улс орны эгнээнд), улмаар Хүний хөгжлийн өндөр үзүүлэлттэй улс орнуудын эгнээнд  (эхний 85 улс орны эгнээнд) багтан ороход оршино. Үүнийг хэрэгжүүлэх бодлого, зорилт, шаардагдах цаг хугацаа, тодорхой алхамуудыг төр засаг, хувийн хэвшил, манай эрдэмтэн судлаачид, харилцан зөвлөлдөж, тодорхой шинжилгээ судалгааны үндсэн дээр тооцон гаргаж, стратегийн төслийг хамтран хэлэлцэх нь зүйтэй.

    Бид шилжилтийн тухай 20 жил ярилаа. 2000 оноос хүн амын ядуурлыг бууруулах талаар олон хөтөлбөр, бодлого гаргаж хэрэгжүүлсэн. Гэвч шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд манай ядуурлын түвшин мэдэгдэхүйц буураагүй байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 8 жилийн дунджаар 7.0 орчим хувийн эдийн засгийн өсөлттэй байсан боловч ард иргэдийн амьжиргаа, ядууралд дорвитой өөрчлөлт гарсангүй. Ийм учраас Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ээр зарлаж, тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна.

    Чуулганы нийт оролцогчид оо,

    Илүү өндөр бүтээмжтэй, хүнд өгөөжтэй, тогтвортой өсөлтийг хэрхэн хангах вэ” гэсэн бодлого, хөгжлийн шинэ загварын тухай ярих нь энэ удаагийн чуулга уулзалтын гол зорилго билээ. Энэ бол зөвхөн бидний өмнө бус, нийт дэлхийн өмнө тулгамдаж байгаа асуудал юм. Давосын эдийн засгийн форум, Вашингтоны Их 20-ийн уулзалт, Их-20-ийн гишүүн орнуудын Сангийн сайд нарын Парисын уулзалтын сэдвүүдээс үүнийг тодорхой харж болно. 

    Манай хоёр хөрш ч мөн адил ойрын жилүүдийн хөгжлийн зорилт, стратегиа цаг үеийн алхаатай нийцүүлэн шинэчлэн тодотгох чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, хуралдаан зохион байгуулж байна.

    Дэлхийн банк, Олон улсын Валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, НҮБ зэрэг олон улсын байгууллагууд ч дэлхийн хөгжлийн цаашдын бодлого, концепцийн талаар онолын болон практикийн хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулж, ОУВС-аас санаачлан М.Спенсе, Ж.Штиглиц, О.Бланчард, Д.Ромер зэрэг өнөөгийн шилдэг эдийн засагчдийн төлөөллийг оролцуулсан “Хямралын дараах макро болон хөгжлийн бодлогууд” сэдэвт хэлэлцүүлгийг ойрын өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

    Дэлхийн түвшинд хөгжлийн чиг хандлага хааш чиглэж байгаа, ямар эрсдэл тулгарч болох, түүнээс хэрхэн сэргийлэх арга замын талаар олон улсын шилдэг судлаач, эрдэмтэдийн зөвлөмж, хэлэлцүүлгийг бид бүх түвшиндээ байнга, анхааралтай сонсон судалж, үйл ажиллагаандаа үлгэр жишээ болгон тусган хэрэгжүүлж байх шаардлагатай.

    Хөгжлийнхөө гараанд ирээд байгаа Монгол Улс урт хугацааны хөгжлийн стратеги, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэл, өсөлтийн бодлого, загварыг тодорхой болгож, өнөөгийн өөрчлөгдөж буй гадаад, дотоод орчин нөхцөлдөө нийцсэн байдлаар шинэчлэн боловсруулах шаардлага тулгарч байна. 

    Иймд харьцангуй бодит хөрсөнд нийцсэн, амьдрах чадвар бүхий хөгжлийн зохистой загвар, үзэл баримтлалыг тодорхойлохын тулд улс орны эдийн засгийн бүтэц, шинж чанар, бодлогын орчин нөхцөл, гадаад хүчин зүйлсийг зөв тооцон тодорхойлох учиртай.

    Гэхдээ хөгжлийн загвар, бодлогоо ямар байдлаар тодорхойлохоос үл хамааран дунд болон ойрын хугацаанд зайлшгүй хэрэгжүүлбэл зохих бэлтгэл ажлууд бий. Эдгээр нь мэдлэг чадвар бүхий, ёс зүйтэй ажиллах хүчнийг бэлтгэх, дэвшилтэт шинэ технологиос суралцаж нэвтрүүлэх, эдийн засаг, нийгэм, улс төрийн бодлогыг эмх цэгцтэй, тууштай удирдан авч явах чадвар бүхий сайн засаглалыг хөгжүүлэх явдал болно.

    Өнгөрсөн жилүүдэд УИХ, Засгийн газраас баталсан олон хөтөлбөр, төслүүд бидэнд байна. Харин эдгээр олон зорилтыг ямар санхүүгийн эх үүсвэрээр, ямар цаг хугацаанд, хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар цэгцтэй бодож, бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг олон улсын стандарт жишиг, туршлагын дагуу хэрэгжүүлдэг байх цаг нэгэнт иржээ.

    Та бүхнийгээ чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, улс орны хөгжилд хэрэгтэй чухал санал, санаачилгуудыг гаргана гэдэгт итгэж байна.

    Монгол Улсын хөгжлийн зөв зам гарцыг тодорхойлцгооё. Иргэн бүрт хөгжлийн тэгш боломжийг бий болгоцгооё.    

    Анхаарлаа хандуулсанд баярлалаа.

    2011.03.02.     Төрийн ордон

  • Монгол улсынхаа хөгжил дэвшлийн төлөө гэсэн эрхэм зорилгын дор хамтран ажиллахыг уриаллаа

    МОНГОЛ УЛСЫНХАА ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН ЭРХЭМ ЗОРИЛГЫН ДОР ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЛАА Монголын улс төрийн ууган хүчин-Монгол Ардын Нам үүсч байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр МАН-ын удирдлага Монголын улс төрийн намуудын дарга нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд МОНГОЛ УЛСЫНХАА ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН ЭРХЭМ ЗОРИЛГЫН ДОР ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЛАА.

    Тэрээр Монголын улс төрийн хүчнүүд Монгол Улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрх байдлыг улам баталгаажуулах, нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх, хүний хөгжлийг дээшлүүлэх чиглэлээр ухаан санаа, үзэл бодлоо уралдуулж байдаг билээ. Энэ утгаараа бид нэгдмэл нэг зорилготой юм. Харин түүнд хүрэх улс төрийн хүчний үзэл баримтлал, бодлого, байр суурь өөр байдаг нь ардчилалын үнэт зүйл юм. Тэгэхээр бид өнөөдөр энэхүү үнэт зүйлээ хөгжүүлж, хамтран ажиллах хэрэгтэй байна. Тиймээс өнөөдөр бид Монгол улсынхаа хөгжил дэвшлийн төлөө гэсэн энэхүү эрхэм зорилгын дор нэгдэх хэрэгтэй байна гэлээ.

    Мөн Монгол Ардын намын дарга С.Батболд Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөн амь насаа алдсан, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон иргэд, албан хаагчид, цэргийн дарга нар, лам хувраг, намынхаа гишүүдийн ах дүү, төрөл төрөгсөд, үр ач нарт гүн эмгэнэл илэрхийлж, хэлмэгдэлтийг таслан зогсоох, газар авахуулахгүй байх талаар хүчин мөхөсдсөндөө ард түмнээсээ Монгол Ардын Нам уучлал хүссэнээ улс төрийн намын удирдлагуудад дуулгалаа.

    Уулзалтын үеэр улс төрийн намуудын удирдлагуудад МАН-ын ойн хүндэтгэлийн одон гардуулсан юм. ҮШН-ын дарга Ц.Цолмон намуудын дарга  нарыг төлөөлөн хэлсэн үгэндээ МАН-ын удирдлагууд энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа нь улс төрийн намуудын харилцаанд шинэ хуудас нээлээ. 90 жилийн түүхэнд намуудын удирдлагууд суугаад санаа бодлоо солилцож зөвлөлдөж байсан түүх ховор юм. Үүний эхлэлийг тавьж байгаад Монгол Ардын намын дарга С.Батболдод талархал илэрхийлж байна гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд “шилжилтийн үед дуусч эдийн засгийн хөгжлийн үед орж байна” гэснийг яах аргагүй хүлээн зөвшөөрч байна. Мөн “Бид улс төрөө Монгол ухаанаар удирдаж, эдийн засгаа дэлхийн жишэгт хүргэн хөгжүүлэх ёстой” гэсэн Ерөнхий сайд С.Батболдын байр суурийг дэмжиж, өөрөөр хэлбэл Европ стандартыг эдийн засаг нийгмийн амьдралд авч хэрэгжүүлж байгаа Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж байгаагаа улс төрийн хүчнүүд илэрхийллээ.

  • Хүүхдийн эмнэлэг барих талаар Кувейттэй хийсэн яриа хэлэлцээрийг ажил хэрэг болгох үүрэг өглө

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2009 оны 12 дугаар сард эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзахдаа эрүүл мэндийн салбарт цогц шинэчлэл хийх шаардлагатайг онцлон тэмдэглэж, ажил хэрэг болгох үүрэг даалгавар өгч байсан юм. Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газраас тус салбарт хийх цогц шинэчлэлийн төлөвлөгөөг баталж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр нааштай ахиц гарч эхэлжээ.

    Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр буюу 2011 оны хоёрдугаар сарын 25-ны энэ өдөр Эрүүл мэндийн яаманд эхэлсэн “Нийтийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил” сэдэвт эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцож үг хэллээ. Ингэхдээ тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Кувейт улсад айлчлах явцдаа 16 хүртлэх насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх 35 сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийг Монгол Улсад барих талаар Кувейтийн талтай яриа хэлэлцээр хийж нааштай шийдвэрлүүлэхээр болсон гэдгийг онцлон хэллээ. Иймд эрүүл мэндийн салбарын удирдлагуудад уг асуудлыг ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллах үүрэг өглөө.

    Засгийн газрын тэргүүн  монгол хүн эрүүл, боловсролтой, ажилтай, орон сууцтай байх учиртай. Энэ зорилтын төлөө анхаарч ажиллаж байна. Монгол хүн бүр эрүүл байх нь хамгийн чухал. Иймд манай Засгийн газар эрүүл мэндийн салбараа дэмжиж ажиллаж байгаа, цаашид ч дэмжих болно гэдгээ тус салбарын удирдлагуудад илэрхийллээ.

    Өнгөрсөн 2010 онд тус салбарт эрх зүйн шинэчлэлийн эхлэл тавигдаж, мянганы хөгжлийн зорилтын гол үзүүлэлт эхийн болон нэг хүртлэх насны хүүхдийн эндэгдэл буурч, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Олон улсын стандартад нийцсэн оношлогоо, эмчилгээний төвүүдийг байгуулж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хийж эхлээд байгаа гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд томоохон барилга байгууламжуудийг барьж байгуулах шийдвэрүүдийг Засгийн газраас дэмжсэн, тодорхой үр дүнгүүд гарч байгаа талаарх мэдээллийг өглөө. Энэ талаар олон арга хэмжээ авч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч эмчилгээ, оношлогоо хийлгэхээр гадаад орныг зорих иргэдийн тоо буурахгүй байгаад Ерөнхий сайд шүүмжлэлтэй хандаж байлаа.

    Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу 5054 хүний суудалтай спортын ордныг байгуулан ашиглалтад оруулсан. Түүнчлэн Өвөрхангай, Төв, Баян-Өлгий аймгийн 600 суудалтай спорт цогцолборын суурийг тавьж, нийслэлийн зургаан дүүрэг, хэд хэдэн аймагт усан бассейн бүхий спортын ордны зураг төсөл хийх, барьж эхлэх хөрөнгийн эх үүсвэрийг 2011 оны төсөвт тусгасан. Энэ дагуу аймаг, дүүрэг бүрт спорт цогцолбор барьж байгуулах ажлыг цаашид үргэлжлүүлэн хийхийг Ерөнхий сайд С.Батболд орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо.   

    Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хийгдэж амжаагүй, хэрэгжилт удааширсан зорилтыг хурдасгах талдаа чармайлттай ажиллах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний соёл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай. Эрүүл мэндийн даатгалын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага ч байгаа гэдгийг онцлоод эрүүл мэндийн салбарынхныг Засгийн газрын зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийллээ

  • Дэлхийн жишигт нийцсэн боловсрол Монголд нэвтэрч байнаa

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Кембрижийн Их сургуулийн Олон Улсын шалгалтын төвийн мэргэжлийн багийн ахлагч Эндрю Сортвелл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Монгол Улс 1990 оноос ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн цагаас эхлэн хамтран ажиллаж байгаад Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархал илэрхийллээ.

    Монгол Улс гадаад орнуудын амжилтад хүрсэн, үр дүнтэй туршлагыг нэвтрүүлж, нутагшуулахыг зорьж байна. Үүний нэг жишээ болох Кэмбрижийн стандартыг боловсролын салбартаа нэвтрүүлэх эхлэлээ хэдийнэ тавьсан. Цаашид энэ үйл явцыг түргэсгэхийн тулд Засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээг авах болно гэж тэрээр хэлэв. Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их сургуулийн Олон Улсын шалгалтын төв хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар талууд ажлаа эхэлсэн тухай мэргэжлийн багийн ахлагч Эндрю Сортвелл Ерөнхий сайд С.Батболдод танилцууллаа.

    Хоёр талын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу мэргэжлийн багийнхан энэ сард манай улсад ажиллан бага, дунд боловсролын бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх урт болон дунд, богино хугацааны төлөвлөлт, ажлын зураглал, төлөвлөгөөг эцэслэн боловсруулах судалгааг салбарын яам, боловсролын бусад мэргэжлийн байгууллага, эрдэмтэд, судлаачид, багш нарын хамт хэрэгжүүлж дуусчээ. Кэмбрижийн стандартыг монголд нэвтрүүлэх Засгийн газрын зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуульд очин Кэмбрижийн сургалтын хөтөлбөрөөр хос хэлээр хичээллэх төрийн өмчит анхны сургуулийн нээлтэд оролцсон.

    “Шинэ эрин” сургуулийг Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кэмбрижийн ерөнхий боловсролын хөтөлбөр, стандартыг турших туршилт, судалгааны төв, түшиц лабораторитойгоор байгуулж сургалтыг нь эхлүүлсэн юм. Кэмбрижийн Их сургуулийн Олон улсын шалгалтын төвийн мэргэжлийн багийнхан манай улсад байх хугацаандаа энэ сургуультай танилцаж, тус  сургуульд олон улсын стандарт, хөтөлбөрийн дагуу сургалт явуулах эрх олгох үнэлгээний ажлыг хэрэгжүүлсэн байна.   

    2011 оны хичээлийн жилээс аймаг, дүүргийн ерөнхий боловсролын 30 сургуульд туршилтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Сурагчдад бодох, сэтгэх боломж олгож, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь сургалтын онцлогюм. Үүний тулд салбарын яам 26 мянган багшийг давтан сургалтад хамруулж сурах бичгүүдийг ч өөрчлөхөөр ажиллаж байна. Мөн энэ ондоо багтан бага, дунд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ.

    Кэмбрижийн стандартыг нэвтрүүлэх хөтөлбөр нь 20 жилийн хугацаатай, хоёр үе шаттай. Эхнийх нь 6-8 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын стандартыг олон улсын түвшинд хүргэхюм. Хоёр дахь үе буюу найман жилийн дараа хос хэлний сургалт явуулж эхэлнэ.  Үүнийг амжилттай явуулсан тохиолдолд манай хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулийг дотооддоо Кэмбрижийн сургуулийн гэрчилгээтэй төгсөж дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад шууд элсэн орох боломжтой болно

  • Хамтарсан Мэдэгдэл

    Хамтарсан Мэдэгдэл Монгол, Австралийн хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш, Монгол Улс 1990 онд ардчилсан шинэчлэл өөрчлөлт хийснээс хойш Монгол Улсын Засгийн газрын тэргүүний Австралид хийж буй анхны айлчлалаар зочилж буй Ерөнхий сайд С.Батболдыг тус улсын Ерөнхий сайд Жулиа Гиллард халуун дотноор хүлээн авав.

    Монгол, Австралийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа эрдэс баялаг, эрчим хүчний салбарт өргөжин тэлж байгааг хоёр улсын Ерөнхий сайд нар сайшаан талархав. Монголын уул уурхайн гол төслүүд, түүний дотор Оюу толгойн зэс, алтны уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлэх нь Монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахын сацуу Монгол, Австралийн худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоог өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой болохыг хоёр улсын Ерөнхий сайд нар тэмдэглэв.

    Австралийн уул уурхайн салбарынхан мэргэжлийн туршлага мэдлэгээсээ монголын талтай хуваалцах сонирхол өсөн нэмэгдэж байгааг болон Монголын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хөгжилд хувь нэмэр оруулахуйц геологи, өрөмдлөг, уул уурхайн програм хангамж, байгаль орчны менежмент, санхүү, эрх зүй, хүний нөөцийн хөгжлийн салбар дахь Австралийн бизнесийн чадавхийг талархан хүлээн авав.  

    Талууд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг цаашид өсгөн нэмэгдүүлэхэд нээлттэй, ил тод зах зээл, эрх зүйт төр чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ хүрээнд Монголын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг хангах тэргүүн туршлага бүхий эрх зүй, зохицуулалтын тогтолцоог бий болгоход чиглэсэн Австралийн дэмжлэг туслалцааг талархан хүлээн авав.

    Ерөнхий сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон олон чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв. Ерөнхий сайд нарын уулзалтын хүрээнд дараахь дөрвөн баримт бичигт гарын үсэг зурав:

    • Монголын уул уурхайн салбарын ажилчдын чадавхийг нэмэгдүүлэхэд  туслах, мэргэжлийн боловсролын салбарт оюутан, багш нарын солилцоог дэмжих, боловсролын тогтолцооны талаар мэдээлэл солилцох, хоёр орны мэргэжлийн боловсролын болон их дээд сургуулийн хооронд мэргэшил, хүлээн зөвшөөрөх үйл явцыг дэмжихэд чиглэсэн Мэргэжлийн боловсролын салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг.
    • Монголын мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн хөгжил, хөдөө аж ахуйн технологи, мэдээлэл солилцоог дэмжих тухай Харилцан ойлголцлын санамж бичиг.
    • Хоёр улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны тухай мэдээлэл солилцоог өргөжүүлэх, мэдээллийн ил тод байдал, түүнийг нийтэд болгох явдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг.
    • Геологи, усны нөөц, хөдөө аж ахуй зэрэг харилцан сонирхсон шинжлэх ухааны салбаруудын хамтын ажиллагааны боломжийг судалж, санаа бодлоо солилцохыг дэмжих зорилгоор Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Австрали Улсын Шинжлэх Ухааны Академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг.

    Австралийн Ерөнхий сайд Ж.Гиллард Монгол Улстай худалдаа, боловсрол, хөгжлийн салбарт харилцаагаа бэхжүүлэх үүднээс дараахь алхмуудыг авч хэрэгжүүлэхээ мэдэгдэв:

    • Монгол Улсад бизнес эрхлэх сонирхол бүхий Австралийн компанийн тоо өсч байгааг харгалзан Австралийн Худалдааны газар 2011 онд Улаанбаатар хотноо өөрийн төлөөлөгчийн газраа нээнэ.
    • Монгол, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг өргөжүүлж, 2012 оноос эхлэн жил тутам хүлээн авч суралцуулах монгол оюутны тоог 28-аас 38 болгож  нэмэгдүүлнэ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 140 гаруй монгол хүн энэ хөтөлбөрт хамрагдаж, Австралид суралцсан.  
    • Ус, эрүүл ахуй, уул уурхайн зарим ордын үр ашиг, өртөгийн тооцоо, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг төслийг хэрэгжүүлэхэд зориулж Австрали 2010-2011 онд 1.5 сая доллар зарцуулна. Эдгээр төслийг НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шугамаар хэрэгжүүлнэ. Энэ жилийн хувьд 7.4 сая доллар, 1995 оноос хойш нийтдээ 50 гаруй сая долларт хүрээд буй хоёр талын хөгжлийн түншлэл нь өнөөг хүртэл Монголын эдийн засгийн хөгжлийг дэмжих үүднээс төрийн болон хувийн хэвшлийн чадавхийг бэхжүүлэхэд голлон чиглэгдсэн.

    Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Австралийн хооронд иргэд хоорондын хэлхээ холбоо өргөжиж байгааг, түүнд Монгол, Австралийн тэтгэлэгт хөтөлбөр чухал хувь нэмэр оруулж байгааг сайшаав. Тэд хоёр орны хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхэдд Монгол, Австралийн нийгэмлэгийн зүгээс явуулж ирсэн идэвхтэй ажиллагааг тэмдэглэв. Нийт 300 гаруй монгол оюутан Австралид суралцсанаас өнөөгийн Засгийн газрын нэг сайд, Улсын Их Хурлын гурван гишүүн байгааг мөн тэмдэглэв. Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсад Австралийн Хөгжлийн сайн дурын залуу элчин сайд нар үйл ажиллагаа явуулж байгааг талархаж байгаагаа илэрхийлэв. Өнөөг хүртэл 120 гаруй Австрали залуус Монгол орны хөгжилд хувь нэмрээ оруулжээ. Ерөнхий сайд нар хоёр орны парламентын төлөөлөгчдийн харилцан айлчлалын чухлыг онцлов.

    Хоёр орны хувьд байгалийн гамшиг, цаг уурын онцгой үзэгдлүүд ноцтой сорилт болж байна. Саяхан Күинслэнд, Викториа, Баруун Австралид болсон үер, хуй салхи, түймрийн улмаас хүний амь нас үрэгдэж, хохирол учирсантай холбогдуулан Монголын талаас эмгэнэл илэрхийлсэнд Ерөнхий сайд Ж.Гиллард Австралийн ард түмний талархлыг уламжлав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд гамшгийн хохирлыг бууруулахад чиглэсэн Австралийн хүч чармайлтыг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд Ерөнхий сайд Ж.Гиллард  талархав. 2010 оны зудаар Монголд мал ихээр хорогдож, малчдын амьжиргаа эрсдэлд оруулсан гамшгийг даван туулахад Австралийн талаас тусламж үзүүлсэнд Ерөнхий сайд С.Батболд мөн талархал илэрхийлэв.

    Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үндэсний болон олон улсын хүч чармайлт чухал болохыг Ерөнхий сайд нар онцлов. Тэд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын Суурь конвенцийн талуудын 2010 оны Канкуны бага хурлын дүнг сайшаан Канкуны тохиролцоог шургуу хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв.  

    Монгол, Австрали хоёр улс Ази, Номхон далайн бүс нутагт стратегийн нийтлэг ашиг сонирхол, зорилт, түүний дотор тус бүс нутгийн энх тунх хөгжлийг эрхэмлэдгээ илэрхийлэв. АСЕАН-ы Бүсийн чуулга зэрэг бүс нутгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол, Австралийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг Ерөнхий сайд нар тэмдэглэв. Ази, Номхон далайн бүс нутагт оролцоогоо бэхжүүлэхэд чиглэсэн Ерөнхий сайд С.Батболдын хүсэл эрмэлзлэлийг Ерөнхий сайд Ж.Гиллард сайшаав. Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнц, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын дэгийг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэд нотлов. Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс ураны салбараа хөгжүүлэх сонирхолтой байгааг дурдаад ураны нөөцөөр баялаг Монгол, Австрали хоёр улс аюулгүй баталгаа, аюулгүй байдал, экспортын хяналтын чиглэлээрх тэргүүн туршлагыг түгээх талаар ижил  сонирхолтой байгааг илэрхийлэв.

    Афганистан дахь Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний ажиллагаанд үргэлжлүүлэн оролцохын төлөө байгаагаа Ерөнхий сайд нар дахин нотлов. Австралийн удирдлага дор ажиллаж буй Кабулын Артиллерийн сургуульд Афганистаны Үндэсний Армийг сургахад Монгол, Австрали хоёр улс хамтран ажиллаж байгааг тэд сайшаан тэмдэглэв. Бүрэн эрхт, тогтвортой, аюулгүй, терроризмыг үл орогнуулагч Афганистаныг бий болгох нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгааг Ерөнхий сайд нар цохон тэмдэглэв.