Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Хоёр улсын түншлэлийн зэргийг ахиулна

    Хоёр улсын түншлэлийн зэргийг ахиулна Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын гадаад хэргийн сайд, ноён Ян Жечиг хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсад хоёр дахь удаагаа айлчилж байгаа нь энэ юм байна. Одоогоор манай хоёр улс сайн хөршийн, харилцан итгэсэн түншлэлийн харилцаатай бөгөөд эрхэм сайд энэ удаагийн айлчлалаараа Монгол, БНХАУ-ын түншлэлийн зэргийг ахиулах зорилготой ажээ.

    Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд эрхэм сайдыг Монгол улсад тавтай айлчлахыг уриад, Гадаад хэргийн сайд Г.Занданшатартай богино хугацаанд үр дүнтэй уулзалт хийсэн тухай сонссоноо дуулгалаа. “Хоёр улсын харилцаа эрчимжиж байгаа энэ үед сайд та манай улсад ирсэнд тааламжтай байна. 2009 онд Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн  үеэр миний бие Гадаад харилцааны сайд байхдаа БНХАУ-д айлчилж байсан. Өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын төрийн зөвлөлийн  Ерөнхий сайд Вэнь Зябао манай улсад айлчилж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрчимжүүлэх суурь үндсийг тавьсан сайхан айлчлал болсон гэж үздэг. Улс төрийн итгэлцлийг бататгах,  худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын түвшинд гаргах, хүмүүнлэгийн солилцоог хөгжүүлэх замаар харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэн олон талт харилцааг  хөгжүүлэх нь Монгол Хятадын стратегийн түншлэлийн харилцааны гол агуулга юм.

    Монгол улс хоёр том хөрштэйгөө харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг. Үүний нэг адил бусад оронтойгоо ч  харилцан хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэх гуравдах хөршийн бодлого барьж байна. Энэ нь БНХАУ-тай хийж буй худалдаа эдийн засгийн харилцааны хүрээг  бууруулна гэсэн үг биш,харин ч улам баяжуулан өргөжүүлэхэд түлхэц болох учиртай юм. Хоёр улсын хооронд нийгэм, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт харилцаагаа улам хөгжүүлэх шаардлага бий. Зарим үед, тухайлбал дээд түвшинд яригдсан зарим асуудлууд удааширалтай байгаа. Монгол улсын Засгийн газрын хувьд  дээр  эдгээр харилцааг хөгжүүлэхийн тулд урагшаа харж байна. 

    БНХАУ-ыг том зах зээл,  гол түнш орон гэж үздэг.  Энэ агуулгаар хоёр улсын хооронд эдийн засаг, худалдаа гээд бүх салбар   яамдын хэмжээнд ч хамтын ажиллагаа эрчимтэй явагдах ёстой.  Хүмүүнлэгийн  солилцоо, тухайлбал хоёр улсын залуучуудын байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаа ч ирээдүйн төлөө, маргаашийн төлөө байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Эдгээр асуудлуудыг эргэн үзэж, эрчимжүүлэхэд   хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын  уулзалтууд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.

    Монгол улсын ерөнхий сайдын  хувьд энэ онд БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байгаа. Энэхүү айлчлал нь эдийн засаг хамтын ажиллагааны тодорхой бодлогын асуудлаар ахиц гарсан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна. Айлчлалын өмнө холбогдох яамд болон Засгийн газар хоорондын  комиссын  хурал, Засгийн газрын байгууллагуудын  түвшинд айлчлал болно гэж бодож байна. Айлчлалын бэлтгэлийг хангах  ажлын хэсэг  ажиллуулах  саналтай байна” хэмээн ярилаа.  Манай улсад ажлын айлчлал хийж байгаа  эрхэм сайд, ноён Ян Жечи  цаг зав гарган уулзсанд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцааг  хэрхэн идэвхтэй  хөгжүүлэх, дээд хэмжээний уулзалтуудаар тохирсон хэлэлцээрийг үр дүнтэй болгоход Засгийн газрын түвшинд анхаарах болно гээд, хоёр улсын хамтын ажиллагааны түншлэлийн зэргийг ахиулах  зорилтыг дэмжиж буйгаа илэрхийллээ.  

    БНХАУ нь Монгол улсын хамгийн том хөрөнгө оруулагч, түнш гэдгийг  эрхэм зочин дурьдлаа. Түүнчлэн  ирэх 10 жилд Монгол, БНХАУ-ын худалдаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд нөлөө болохуйц хоёр томоохон төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа энэ үеэр ноён элчин сайд Ян Жеки илэрхийллээ. Мөн Ерөнхий сайдын дурьдсанчлан хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх саналыг ч дэмжиж буйгаа хэллээ.  Мөн  БНХАУ-д айлчлахаар төлөвлөж буй  Монгол улсын Ерөнхий сайдын айлчлал  хоёр улсын хооронд улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны салбарт ахиц гарсан, шинэ амжилт авчирсан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна гээд, хоёр талын дээд хэмжээний айлчлалын давтамж ч хадгалагдах ёстойг ч  БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ян Жэчи  дурьдлаа

  • Монгол хэлийг сонирхон суралцагчдын тоо эрс нэмэгджээ

    Монгол хэлийг сонирхон суралцагчдын тоо эрс нэмэгджээ Австралийн Үндэсний их сургуульд сурч байгаа гадаадын оюутнууд монгол хэл судлалыг ихээхэн сонирхон суралцах болсныг тус сургуулийн удирдлага Монгол Улсын Ерөнхий сайдад дуулгалаа. Австрали улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Үндэсний их сургуульд зочилж, тэндхийн багш оюутнууд, эрдэмтэн судлаачидтай уулзаж эх орноо сурталчиллаа. Тус сургуульд сурч байгаа гадаад оюутнууд монгол хэл хэрхэн сурч байгаагаа Монголын төлөөлөгчдөд “шалгуулан”, багагүй авьяас шаардах “Багын зан” дуу дуулж сонирхуулсан нь Засгийн газрын тэргүүний хувьд гэнэтийн бэлэг болов.

    Ногоон тивийн цэнхэр нүдтэй залуус монгол хэлээр ярьж, дуу аялах нь үнэхээр содон харагдаж байлаа. Энд Австралийн 15 оюутан монгол хэл сурч байгаа юм байна. Тэд АНУ-ын Индианагийн их сургуулийн монгол судлалын танхимтай хамтран ажилладаг юм байна. Ерөнхий сайдыг зочлох энэ үеэр хоёр сургуулийн монгол хэлний танхимынхан зайны сургалтаар шууд холбогдож, монгол хэл хэрхэн сурч байгаагаа оюутнууд сонирхууллаа. Монгол хэлийг чамгүй сайн эзэмшиж буй тэдэнд Монгол Улсын Ерөнхий сайд талархал илэрхийлээд, улам сайн сурахыг ерөөв.

    Энэ сургуульд монгол хэл сурах оюутны тоо нэмэгдэж байгаа ажээ. Мөн монгол судлалаар докторын зэрэг хамгаалахаар ажиллаж байгаа хэсэг эрдэмтэд ч Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж, санал бодлоо хуваалцлаа. Дэлхийн улс орнууд бие биенээсээ улам хамааралтай болж даяарчлагдаж байгаа энэ үед гадаадын оюутнууд, тэр дундаа Австралийн иргэд монгол хэлийг сонирхон сурч байгаа нь манай улсын хувьд томоохон сурталчилгаа төдийгүй хоёр улсын харилцаанд эерэг уур амьсгалыг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд Австралийн үндэсний телевизийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Авсрали улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол улсын Ерөнхий сайдыг албан ёсоор угтах ёслол өнөөдөр болно.

  • Дурсгалын мод суулгалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Канберра хотын цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын мод суулгалаа. 250 гектор талбай бүхий энэ талбайд ойн түймэр гарснаас нүцгэн болжээ. Уг талбайг цэцэрлэгт хүрээлэн болгохоор Австралийн Засгийн газраас санаачлан орон болгоны Ерөнхий сайдаар өөрсдийнх нь улсын мод суулгуулдаг уламжлалтай болсон байна. 2009 онд Шинэ Зеландын Ерөнхий сайд мод суулгасан бол, энэ удаа тус улсад анхны айлчлал хийж байгаа Монгол улсын Ерөнхий сайд ийнхүү Монголын гэсэн тодотголтой Сибирийн хайлаас гэх нэртэй модыг Канберра хотод суулгалаа.

  • Австралийн Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

    Австралийн Гадаад хэргийн сайд Монголд айлчилна Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Австралийн Гадаад хэргийн сайд К.Радд бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд халуун дотноор хүлээн авч айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаа Австралийн ард түмэнд талархал илэрхийлээд тус улсын спикертэй уулзах үеэрээ хөндөж байсан хамтын ажиллагааны чухал асуудлуудад тухайлбал, виз олгох журам нөхцөлийг хөнгөвчлөх, Австралийн ЭСЯ-г Улаанбаатарт нээх, харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжих, Австралид суралцагчдын тоог нэмэгдүүлэх, түүний дотор инженер технологийн нарийн мэргэжлээр иргэдээ сургах зэрэг асуудалд Гадаад хэргийн сайдын анхаарлыг хандууллаа.

    Мөн түүнчлэн Монгол Улс нь Ардчиллыг сонгож авсан орон, хөрш зэргэлдээх Киргиз, Казахстан улсад ардчиллыг амжилттай хөгжүүлсэн загвар улс болдог хэмээн Ерөнхий сайд С.Батболд онцлоод, энэ жил манай улс олон улсын тавцанд ардчиллын онолын нийгэмлэгийн салбар хуралдааныг даргалах болсноо ч дуулгасан юм. Ноён сайд К.Радд Монгол Улсын Ерөнхий сайдыг анх удаа тус улсад айлчлан ирсэнд баяр хүргээд, энэ айлчлалын үеэр Австраличууд Монголын тухай мэдлэгээ нэмснийг сонирхуулав.

    Ардчиллыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан төдийгүй баялаг түүхтэй орон бол Монгол юм, бас хоёр орны хооронд төстэй зүйл их байгаа гэдгийг дурдаад, хоёр орны хооронд худалдаа бизнесийн орчинг улам хөгжүүлэхийн ач холбогдлыг дүгнэлээ. Мөн Улаанбаатарт энэ ондоо багтаагаад Австралийн ЭСЯ-г нээх, худалдааны төлөөлөгчийн газар ажлуулах асуудлыг шийдэх болно гэдгээ хэллээ. Мөн түүнчлэн Австралид сургууль төгссөн монгол оюутнууд эх орныхоо хөгжилд их хувь нэмэр оруулж байгаа гэж сонсоод их таатай байна гэдгийг онцлоод, боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх Монголоос суралцагчдын тоог нэмэх тал дээр дэмжинэ гэдгээ амаллаа.


    Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу виз хөнгөвчлөх асуудлыг ч мөн судалж үзэхээ илэрхийлэв. Хоёр талын төдийгүй, олон талт хамтын ажиллагааны түвшинд Монгол Улсыг дэмжих бололцоотойг ч ноён Радд дурдлаа. Тэрээр энэ ондоо багтаад, ирэх есдүгээр сарын үед Монгол Улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөж байгаагаа мөн дуулгав.

  • Визний асуудлыг судалж үзэхээ амлалаа

    Визний асуудлыг судалж үзэхээ амлалаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Австрали улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын эхний өдрөөс олон салбарыг хамарсан хамтын ажиллагааны гүнзгий агуулгатай яриа хэлэлцээрүүд явагдаж байна. Өнөөдөр Ерөнхий сайд С.Батболд Австралийн Төлөөлөгчдийн танхимын дарга Харри Женкинстэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх чиглэлээр хэд хэдэн чухал асуудал яригдсаны доторвизийг хөнгөвчлөх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хөндлөө.

    Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд тус улсад хийж байгаа айлчлал амжилттай болж байгааг тэмдэглээд, Сиднейд болсон Монгол Австралийн бизнес форум ажил хэрэгч уур амьсгалд болсныг, Австралийн хөрөнгө оруулагчид уулзалтад өргөнөөр оролцож, Монгол Улсыг ихээхэн сонирхож байгаа нь харагдлаа гэдгийг дурдаад, энэ нь харилцан сонирхол өндөр байгааг илтгэж буй хэрэг юм гэлээ. Түүнчлэн хоёр орны хоорондох боловсролын салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэлээ.

    Ерөнхий сайд Австралийн үндэсний их сургуулиар зочилж, тэнд монгол хэл сурч байгаа Австрали оюутнуудыг хараад сайхан сэтгэгдэл төрснөө эрхэм спикерт сонирхуулав. Хоёр улсын харилцааг улам идэвхжүүлэхэд бизнесийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй, тиймээс Австралийн томоохон хөрөнгө оруулагчдыг хуулийн хүрээнд дэмжинэ гэдгээ Монгол Улсын Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ. Уулзалтын үер Ерөнхий сайд С.Батболд тус улсад сурч байгаа оюутнуудын тоог нэмэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан зорчих болон бизнес, хөрөнгө оруулалт өргөжиж буй энэ үед виз олгох журмаа хөнгөвчлөхийг санал болгосон юм.

    Өнөөдөр Австрали улсаас монголчуудад олгож байгаа виз нь хүнд нөхцөлийн ангилалд ордог ажээ. Тиймээс визийн энэ ангиллыг өөрчлөх нь Монгол иргэдийн хувьд нэн чухал асуудал гэж Ерөнхий сайд ноён спикерт хандан онцлон хэлж байлаа. Мөн Австрали улсад Монгол Улсын ЭСЯ-ыг нээхийн чухлыг ч тэрбээр мөн онцлоод, тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. Кьюстэн, Виктория мужид байгалийн гамшиг буюу үерээс болж олон хүний амь нас эрсдсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс харамсал илэрхийллээ.

    Харин Австралийн эрхэм спикер Харри Женкинсийн хувьд Ази номхон далайн орнуудын их хурал Улаанбаатар хотноо зохиогдох үед өөрийн орны төлөөлөгчдөө ахалж явснаа сонирхуулаад, тус хурлыг маш сайн зохион байгуулсныг, бас Монголын талаар их сайхан сэтгэгдэл төрснөө тэмдэглэж байсан. Хэцүү цаг үед бие биенээ дэмжиж байгаа нь нийтлэг үнэт зүйлстэй байгааг харуулж байгаа хэрэг хэмээлээ. Монгол Улсаас ч бас суралцах зүйл их байна, тухайлбал улс орны чухал асуудлыг шийдэхэд нөлөөлөх Хамтарсан Засгийн газар байгуулсан туршлагыг бид ч бас судалж байгаа.

    Эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ үндэсний уламжлалт соёл, зан заншил, амьдралын хэв маягаа XXI зуунд ч хадгалж ирсэн нь Монголын ард түмний гайхамшиг хэмээн тодорхойллоо. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын хөндөж тавьсан визний асуудлыг шийдэх боломжтой, анхаарч ажиллах болно гэдгээ амаллаа. Тэрээр Монгол Улсын Засгийн газрын тэргүүний Австралид хийж буй анхны айлчлалд гүнзгий ач холбогдол өгч байгаагаа, энэхүү айлчлал хоёр улсын түншлэлийн харилцааг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    МОНГОЛ ТУУРГАТНЫ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН НААДАМ БОЛНО

    Монгол туургатны хүүхдийн урлагийн III наадмыг 2011 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов. Наадмыг Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар хүүхэд, өсвөр үеийнхэн санал гаргасан байна. Энэ удаагийн наадамд ОХУ-ын Буриад, Тува, Саха, Халимаг, БНХАУ-ын Өвөр Монголын болон Шинжан Уйгарын Өөртөө засах орон, Эрхүү муж, Агийн тойрог зэрэг газар амьдарч байгаа 10-18 насныхан оролцоно. Мөн манай улсын аймаг, нийслэлээс шалгарсан 200 хүүхэд оролцох төлөвтэй байна.

    Наадмын хөтөлбөрт хүүхдийн урлагийн нэгдсэн тоглолт, “Гайхам монгол урлаг”, “Ногоон дэлхийд амьдрах эрх” өдөрлөгүүд, “Монгол түмэн” тойрон бүжгийн баяр зэрэг арга хэмжээ тусгажээ. Монгол туургатны хүүхдийн урлагийн наадмыг 1994, 2006 онд манай улсын Засгийн газрын санаачилгаар зохион байгуулж байсан юм.

    АЙЛЧЛАЛЫН ДҮНГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД ОРУУЛНА

    Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Кувейт, Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн албан ёсны болон ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. Ерөнхий сайд 2011 оны 1 дүгээр сарын 4-6-нд Кувейт Улсад албан ёсны, 8-10-нд АНЭУ-д ажлын айлчлал хийсэн юм.

    Монгол Улсын Ерөнхий сайдын Булангийн орнуудад хийсэн айлчлал нь тус бүс нутгийн орнуудтай дээд, өндөр хэмжээний айлчлалуудын давтамжийг хадгалах, улс төрийн найрсаг харилцааг бататгах, санхүүгийн их чадавхитай Кувейт болон АНЭУ-аас манай улсад олгож байгаа зээл, тусламжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах яриа хэлэлцээг урагшлуулах, тус бүс нутагт улс орноо таниулах, бүс нутгийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж манай тал үзэж байна. 

    Кувейтэд хийсэн айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд тус улсын Эмир, Үе залгамжлах хунтайж нарт бараалхаж, Үндэсний ассамблейн даргатай уулзан Ерөнхий сайдтай нь албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан, Хөрөнгө оруулалтын агентлаг, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн удирдлагуудтай уулзжээ. Айлчлалын үеэр Кувейттэй соёл, , боловсрол, шинжлэх ухаан,мэдээллийн   салбарт 2011-2013 онд хамтран ажиллах хөтөлбөр, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан байна.

    Ерөнхий сайд Монгол-Кувейтийн бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцон үг хэлэн айлчлалын дүнгийн талаар талууд хэвлэлийн хамтарсан мэдэгдэл гаргажээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНЭУ-д айлчлах үеэр тус улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, Дубайн захирагч, Ерөнхий сайдын орлогч бөгөөд Дотоод хэргийн сайд, Абу Дабигийн Хөрөнгө  оруулалтын газрын Удирдах захирал, Эмиратын Цөмийн эрчим хүчний корпорацийн гүйцэтгэх захирал нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, яриа хэлэлцээ хийв.

    Эдгээр айлчлалын үеэр манай улсад хэрэгжүүлэх томоохон төслүүдэд дээрх орнуудаас зээл, тусламж авах, хөрөнгө оруулалт татах талаар тодорхой санал тавьсан байна. Мөн дээд, өндөр хэмжээний уулзалтуудын үеэр бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа танилцуулжээ.

    ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ  ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

    “Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” болон “Эрдэс баялгийн салбарыг 2012 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтцыг үе шаттайгаар судлан, эрдэс баялгийн сан хөмрөгийг баяжуулснаар, хариуцлагатай ил тод уурхайг хөгжүүлж, улмаар нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолборыг үе шаттайгаар байгуулах замаар Монгол Улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, үндэсний язгуур эрх ашгийг хангаж, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын зорилго чиглэж байгаа юм.

    Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч салбар бөгөөд эрхэм зорилтын хүрээнд тус салбарыг бүс нутгийн болон олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай байлгах, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ялангуяа зэс, цайр, хөнгөн цагааны баяжмалыг боловсруулж, цэвэр металл үйлдвэрлэх, алт цэвэршүүлэх, нүүрс, жонш боловсруулах, хар болон өнгөт төмөрлөгийн цогцолборыг үе шаттай хөгжүүлэх татвар, санхүү болон хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх юм.

    ОРОН СУУЦЖУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 343 дугаар тогтоолоор энэхүү зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг дэмжин зохион байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Гэвч “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын харилцаа, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага хоорондын уялдааг шуурхай зохицуулах, зохих хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх шаардлагатай байгаа нь ажлын явцаас ажиглагдаж байна.

    Иймд Ерөнхий сайдаас чиглэл өгсний дагуу улсын хэмжээнд орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын харилцаа, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага хоорондын уялдааг шуурхай зохицуулах, явцыг тухай бүр Засгийн газарт танилцуулж байх үүрэг бүхий Үндэсний хороог Шадар сайдаар ахлуулан байгуулахаар тогтов.         

    ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЖУРМЫГ  БАТЛАНА

    “Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, нөхөн бүрдүүлэлт, хяналтыг зохион байгуулах журам”-ын танилцуулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд хийлээ. Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн асуудлыг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”, Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”, аймаг нийслэлийн хөгжлийн хөтөлбөр, сумдын  хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг бодлогын хэрэгжилтэд чиглүүлэн, 2009-2010 онд ЖДҮ-ийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох явцад бий болсон туршлагад тулгуурлан, зохион байгуулах журмыг Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар батлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

    Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад “Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан” байгуулах, орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр батлагдсан. Иймд “Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан” бий болгож сум, дүүрэгт үйлдвэрлэл хөгжүүлэх төсөл арга хэмжээг сонгон шалгаруулж зээл олгох, сангийн хөрөнгийн зарцуулалт, нөхөн бүрдүүлэлт, хяналтыг зохион байгуулах журмын төслийг боловсруулжээ.

    Сумдын болон сум хоорондын хэрэглэгчийн хэрэгцээ, үйлдвэрлэл явуулах боломж, нөөцийн судалгааг үндэслэн хүн амын тооноос хамааруулан 3000 хүртэл хүн амтай сумдад 50 сая төгрөг хүртэл, 3001-5000-хүн амтай сумдад 60 сая төгрөг хүртэл, 5001-10000 хүн амтай сумдад 75 сая төгрөг хүртэл, 10000 дээш хүн амтай сумдад 200 сая төгрөг хүртэл, нийслэлийн дүүрэг бүрт 200 сая төгрөгийн эх үүсвэрийг тус тус хуваарилаад байна.

    ИРГЭД 17 МЯНГА ГАРУЙ ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ИРҮҮЛЖЭЭ

    2010 онд төрийн захиргааны төв байгууллагуудад иргэдээс 17 814 өргөдөл, гомдол ирүүлсний 97.3 хувийг нь шийдвэрлэсэн байна. Иргэд гэр, орон сууцаар хангах, ажлын байртай болох, газар эзэмших, хөдөлмөр эрхлэх, зээл, мөнгөн тусламж, эмчилгээний зардал хүсч төрийн захиргааны төв байгууллагуудад ханджээ. Тэгвэл нутгийн захиргааны байгууллагууд иргэдээс 765840 өргөдөл, гомдол хүлээж авсан бөгөөд шийдвэрлэлт 98.3 хувьтай байна.

    ТОВЧХОН

    ·   Газрын тосны салбарын үйл ажиллагааны талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан “Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийн баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулж, 1 дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд Д.Зоригтод даалгалаа. 

    ·   “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслүүдийг дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Улс хоорондын шуудангийн илгээмжээр хувь хүний нэр дээр ирсэн, арилжааны шинж чанаргүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй барааг олон улсын нийтлэг жишгийн дагуу гаалийн татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгасан байна.

    ·   Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа

  • Ёслолын буудлагатайгаар хүндэтгэл үзүүллээ

    Ёслолын буудлагатайгаар хүндэтгэл үзүүллээАвстрали улсад айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа өнөөдөр өглөө боллоо. Засгийн газрын  ордны өмнө  усан зам, агаар, хуурай замын төлөөллийн цэргүүд эгнэн жагссан байв. Тэд өндөр намаараа холилдон жагссан нь далайн давалгаан бэлэгдлийг илэрхийлж байгаа хэрэг юм байна. Харин нөгөө талд нь их бууны ангийн тусгай цэргүүд техник хэрэгслийнхээ хамт жагсчээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг талбайд орж ирэхэд  тус улсын Ерөнхий сайд Жулиа Гиллард угтан авч, мэндчиллээ. Үүний дараа их буугаар есөн удаа буудаж, хүндэтгэл үзүүлэв. Манай улс Австрали улстай дипломат харилцаа тогтоосноос хойших 39 жилийн дараа Ерөнхий сайдын айлчлал анх удаа болж байгаа бөгөөд энэ ч утгаараа Монгол Улсын Засгийн газрын тэргүүний айлчлалд тус улс өндөр ач холбогдол өгч байгаа нь алхам бүрт анзаарагдаж байлаа.

  • Ганцаарчилсан уулзалт хийв

    Ганцаарчилсан уулзалт хийв Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Австралийн ерөнхий сайд хатагтай Жулиа Гиллардтай  ганцаарчилсан уулзалт хийлээ.  Уулзалтын эхэнд  халуун дотноор хүлээн авч байгаад Засгийн газрын тэргүүн С.Батболд талархал илэрхийлээд,  энэ айлчлал Монгол Улсын Ерөнхий сайдын Австралийн холбооны улсад хийж байгаа анхны айлчлал болж байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн Ерөнхий сайд С.Батболд “ Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг “ өргөтгөсөн түншлэл”-ийн түвшинд хүргэх хүсэл эрмэлзэлтэй байна “ хэмээн илэрхийлээд, улс төрийн сайн харилцааны хөрс суурин дээр хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал уул уурхай, эрдэс баялаг боловсрол, хөдөө аж ахуй байгаль орчин, аялал жуулчлал зэрэг  салбарт ийм боломж их байгааг онцолсон юм.

    “Монгол Улсын Засгийн газар улс орныхоо эрдсийн нөөц баялаг дээр тулгуурлан үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын далайцыг нэмэгдүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг  илүүтэй хөгжүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд улмаар бүс нутгийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, харилцан хамааралд идэвхтэй, үр ашигтай оролцогч байх сонирхолтой байна” хэмээгээд, дээрх зорилтыг хэрэгжүүлэхдээ Австрали зэрэг бүс нутгийн голлох улс орнуудтай илүү ойр дотно, үр бүтээлтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэллээ. Мөн Ерөнхий сайд энд хэлсэн үгэндээ Австралийн хөгжлийн замналыг жишиг болгож хардаг болохыг онцлоод, энэ агуулгаар Австралид  монгол залуучуудыг олноор сургах, Австралийн хөрөнгө оруулалтыг урамшуулах бодлого баримталж буйгаа  тэмдэглэв.

    “ Монгол Улс Зүүн хойд Ази, Зүүн азийн чиглэлд идэвхтэй гадаад бодлого явуулж  байгаа. АПЕК, Зүүн азийн дээд хэмжээний уулзалт зэрэг бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны үйл  явцад нэгдэх эрмэлзэлтэй байна. Австралийн тал бидний эрмэлзлийг дэмжинэ гэдэгт итгэж байна” гэж эцэст нь тэмдэглэн хэлээд, Ерөнхий сайд Жулиа Гиллардыг тааламжтай цагтаа Монгол улсад айлчлахыг урилаа. Харин хатагтай Жулиа  Гиллардын хувьд    ногоон тивийн  анхны эмэгтэй Ерөнхий сайд гэдгээрээ  түүхэнд бичигддэг аж.

      Тэрбээр  Монгол улсын ерөнхий сайдыг тус улсад анх удаа айлчлан ирж байгаад баяр хүргээд, ярилцах олон асуудал байгааг тэмдэглэн хэлэв.  Ардчилал чөлөөт зах зээл гэх нийтлэг зүйлсийг эрхэмлэдэг, эдийн засгийн хувьд хоёр орон байгалийн баялагтай. Энэ баялаг дээрээ тулгуурлаад аль аль нь эрчимтэй хөгжих хандлагтай байна, бас хоёулаа хөдөө аж ахуйн орон юм. Энэ тал дээр санамж бичиг байгуулах гэж байгаа нь чухал гээд, боловсролын салбар нь харилцааны чухал салбар болон өргөжиж байгааг тэмдэглэлээ.  

    Австрали улс  өөрийн худалдааны  байнгын төлөөлөгчийн газрыг монгол улсад нээхээр болсныг энэ үеэр мэдэгдлээ. Түүнчлэн энхийг сахиулах хүчинд хоёр улс  хамтран оролцож, үйл  ажиллагаа явуулах нь чухал юм. Ер нь хоёр улсын хооронд найрамдалт харилцаа дээр үеэс  байж ирсэн, харин одоо эдийн засгийн харилцаагаа улам хөгжүүлэх нь чухал гэдгийг Австралийн ерөнхий сайд Жулиа Гиллард  онцоллоо. Мөн Монгол улсын ерөнхий сайдын хүсэлт болгон тавьсан виз олгох нөхцлийг эргэн харж судлахаа амаллаа.

     Австрали улс Монгол улсыг ардчилал зах зээлийн замаар явахад анхнаасаа дэмжиж ирсэнд , бас  энэ хугацаанд санхүүгийн болон хөгжлийн тусламж үзүүлж ирсэнд Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийллээ. Ялангуяа  Монгол оронд болсон зудын хүнд үед тусламжийн гараа сунгасныг найз нөхдийн тусламж гэж үздэгээ илэрхийлж, Саяхан  Австралийн  Куинсланд, Виктори зэрэг  мужуудад байгалийн гамшиг болж олон хүний амь эрсдсэнд хохирол учирсанд эмгэнэл илэрхийллээ.

  • Хэлэлцээ хийлээ

    Хэлэлцээ хийлээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Австрали улсын Ерөнхий сайд Жулиа Гиллард нарын  ганцаарчилсан уулзалтын дараа өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.  Энэхүү уулзалтад Австралийн Гадаад хэргийн сайд , хөдөө аж ахуй газар тариалангийн сайд, боловсрол нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, хууль зүй дотоод яамны  сайд , зам тээвэр худалдааны сайд  болон  тус улсын сөрөг хүчний лидер зэрэг бүх л голлох салбарын сайдууд нь оролцож, салбар салбарынхаа  хүрээнд хоёр улсын харилцааг хэрхэн хөгжүүлэх боломжийн талаар санал бодлоо илэрхийллээ.

    Манай талаас Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр болон УИХ-ын гишүүн Д.Ганхуяг,  УИХ-ын гишүүн Су.Батболд , УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле , Гадаад хэргийн дэд сайд С.Болор, ЗТБХБ-ын дэд сайд  Т.Пүрэвдорж  болон албаны бусад хүн байлцлаа. Энэхүү хэлэлцээний үеэр хоёр улсын хооронд худалдаа эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, түүний дотор уул уурхай, хөдөө аж ахуй , боловсролын салбарын харилцааг өргөжүүлэх боломжуудын талаар чухал саналууд хөндөгдлөө.

    Хоёр орны ижил төстэй нөхцөлийг ашиглаад хамтран ажиллах боломж байна гэдгийг хоёр тал тэмдэглэв. Мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох гэж байгаа эрмэлзэллийг үндэслэн Австралид суралцах оюутны хөтөлбөрийн санхүүжилтыг нэмэгдүүлэхээр хэлэлцээний үеэр тохиролцлоо. Мөн австралийн технологи арга барилыг хөдөө аж ахуйн салббарт нэвтрүүлэх, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжтойг ч хоёр тал тэмдэглэлээ. Австралийн зүгээс уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт  үүднээс нарийн мэрэгжлийн хүмүүсийг бэлтгэх зорилго бүхий мэргэжил сургалт үлйдвэрлэлийн төвийг Улаанбаатарт байгуулах, мөн  Австралид  инженерийн чиглэлийн суралцагчдын тоог нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

    Түүнчлэн Монгол улсын ерөнхий сайд ын айлчлалын хүрээнд хөндөн тавьсан визний ангилалын асуудлыг эргэн харж, судлан үзнэ гэдгээ Авсралийн тал мэдэгдлээ. Үүнийгээ ч  Ерөнхий сайд Жулиа Гиллард  хэвлэлийн бага хуралын үеэр дахин нотоллоо. Мөн Монгол улсын засгийн газраас улс орно хөгжүүлэхдээ уул уурхайг түшиглэн мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, цаашлаад түүхий эдээс хамааралгүйгээр бусад олон салбараа бие даан хөгжүүлэх бодлого барьж байгааг Австралийн тал өндөр үнэлж, энэ тал дээр Монгол улстай хамтаран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.  Хоёр цаг гаруй үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд  Монгол Австралийн хамтарсан мэдэгдэл гаргахаар боллоо.

  • Баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

    австрали, айлчлалМонгол Улсын Ерөнхий сайдын Австрали улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хэд хэдэн баримт бичигт гарын  үсэг зурлаа. Боловсрол, хөдөө аж ахуй , шинжлэх ухааны салбар болон харилцан хамтын ажиллагааны баримт бичгүүдийг  холбогдох яамдын сайд нар баталгаажууллаа. Барим бичигт гарын үсэг зурсны дараа хоёр улсын Ерөнхий сайд нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Ерөнхий сайд С.Батболд  хэлэхдээ Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлэх, ялангуяа  мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд Австралийн Засгийн газрын дэмжлэг туслалцаа чухал үүрэг гүйцэтгэснийг  Монголын Засгийн газар өндөр үнэлж, талархаж явдгаа илэрхийллээ.

    Түүнчлэн Монгол Улс Австрали улсыг өөрийн гуравдагч хөршийн нэг гэж үздэг бөгөөд улс төрийн яриа хэлэлцээний өндөр түвшинг хадгалж, хамтын ажиллагааг” өргөтгөсөн түншлэл”-ийн түвшинд хүргэх сонирхолтой байдгаа тус улсын ерөнхий сайд Жулиа Гиллардтай хийсэн уулзалт хэлэлцээний үеэр нотоллоо гэдгээ мэдэгдлээ. 

    Мөн хоёр улс хоёулаа том газар нутагтай, байгалийн баялаг ихтэй ижил төстэй нөхцөл байдлыг ашиглан хамтран ажиллах өргөн боломж байгааг хоёр улсын ерөнхий сайд нар тэмдэглэж байна . Ингэхдээ хоёр орны хоорондын худалдааг нэмэгдүүлэх, мөн уул уурхай хөдөө аж ахуй, дэд бүтэц, соёл, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал, шинжлэх ухаан,технологи зэрэг тодорхой салбаруудад харилцааг өргөжүүлэх боломж бий гэж харж байгаагаа тэд илэрхийллээ.

     Нүүрс алт зэс, уран, төмрийн хүдэр зэрэг эрдэс баялгийн олборлолт, боловсруулалт мөн уул уурхайг дагасан дэд бүтэц, тухайлбал эрчим хүч тэээвэр уурхай дагасан хот сууринг төлөвлөх чиглэлээр Монгол Улс, Австрали улстай хамтран ажиллах, туршлагаас суралцах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд С.Батболд хэлж байлаа. Хатагтай Жулиа Гиллард ч үүнтэй санал нэг байна гэдгээ сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэллээ. Говийн гурван аймгийн дунд мэргэжил үйлдвэрлэлийн төв байгуулах  Монголын талын хүсэлтийг Австралийн тал дэмжсэнээ хатагтай Жулиа Гиллард мэдэгдэв.  Хөдөө аж ахуйн салбар, тухайлбал мах ноосны чиглэлийн хонины загвар ферм байгуулах, гандуу хуурай усалгаагүй нөхцөлд ургадаг улаан  буудай, бэлчээрийн болон тэжээлийн ургамал тариалах, зэрэгт хамтран ажиллах боломжийн тухай  мөн хэлэлцээний үеэр хоёр тал ярилцжээ.  

    Оюутнуудад олгодог визний ангиллын асуудлыг эргэн харж, судлахаар болсон гэдгээ Австралийн Ерөнхий сайд хэллээ. Мөн олон улсын энхийг сахиулах үйлсэд манай хоёр орны цэргийн албан хаагчид мөр зэрэгцэн оролцож байсан бөгөөд энэ чиглэлийн хамтын ажиллагаагаа шинэ хэлбэр болгон өргөжүүлэх, олон улсын тавцанд бие биенээ дэмжих Монгол улсын  АПЕК болон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад нэгдэн орох эрмэлзэл, санаачилгыг дэмжиж байна гэж Австралийн засгийн газрын тэргүүн хэлж байлаа.   

    Мөн өдөр Австралийн Ерөнхий сайд зочноо хүндэтгэн үдийн зоог барихдаа хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын тус улсад хийж байгаа айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших анх удаа болж байгаа түүхэн бөгөөд хэзээч үл мартагдах айлчлал хэмээн тодорхойллоо. Мөн Австралийн ард түмэн монголчуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхдээ сэтгэл өндөр, баяртай байх болно гэлээ. Тус улсын сөрөг хүчний дэд тэргүүн, хатагтай Жүли Бишол  ч  мөн энэ зоогийн үеэр хэлсэн үгэндээ дээрх санааг давтаж, Монгол Австралийн харилцаанд түүхэн шинэ үе ирлээ хэмээн хэлж байлаа