Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр үдээс хойшхи ажлын цагаа ноолуур, ноос, арьс шир боловсруулах салбар болон ой модны үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэгчидтэй уулзахад зарцууллаа. Эдийн засагт үр өгөөж ихтэй, ажлын байрыг илүү олноор нэмэгдүүлэх боломж бүхий хөнгөн үйлдвэр тэр дундаа ноос, ноолуур боловсруулах салбарын үйлдвэрлэгчидтэй Засгийн газрын тэргүүн эхлээд уулзаж салбарын хөгжлийн талаарх тэдний байр суурь, тодорхой саналыг сонслоо.
Засгийн газрын тэргүүн уулзалтын эхэнд өнгөрсөн жил хийж бүтээсэн, суурийг нь тавьсан ажлуудаа үр дүнд хүргэж, ажлын байр хөдөлмөр эрхлэлтийг бодитой нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах зорилгоор Засгийн газраас 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарласан. Магадгүй уул уурхайн салбараас ч урт хугацаанд, илүү үр өгөөжтэй байж чадах хөнгөн үйлдвэр, тэр дотроо ноос ноолуурын салбарынханд зах зээлд өрсөлдөх боломж бололцоо их байна. Харин энэ боломжийг тус салбарынхан бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа талаар дурдаад хөнгөн үйлдвэрийн салбарт Засгийн газар онцгой анхаарч туулай жилийн гараан дээр тэднийг хүлээн авч уулзан санал солилцож байгаагаа хэлсэн юм.
Төр засгийн гол үүрэг бол зах зээлийн боломжийг нь нээж өгөх явдал. Харин тухайн салбарынхан энэхүү боломжийг ашиглах тал дээр идэвх санаачилгатай ажиллахыг уриаллаа. Ингэхдээ нэгдсэн бодлого хөтөлбөр гаргаж өмнөө тулгарч байгаа асуудлаа цогцоор нь шийдэж байж салбар өөрөө хурдацтай урагшилж хөгжинө. Та бүгд татвар тогтоогоод бага хүүтэй зээл өгчихвөл бүх зүйл болчих юм шиг яриад байна. Боловсон хүчин бэлтгэх, ажлын байр бий болгох зэрэг нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой гэлээ.
Зах зээлд боломж бий болгох тал дээр салбарынхан өөрсдөө идэвх санаачилгатай ажиллахыг Засгийн газрын тэргүүн уриаллаа. Тэдний үйлдвэрлэлийн бүтэц зохион байгуулалтын талаар хоршиж хамтарч ажиллах санал гаргаж буйг дэмжээд энэ саналыг ажил хэрэг болгохдоо төр, засаг удирдан чиглүүлэх биш төрийн бус мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгч нар илүү идэвх санаачилгатай ажиллах ёстойг тэмдэглэлээ. Ингэхдээ Засгийн газраас салбарын бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавихдаа мэргэжийн холбоодыг илүү түлхүү оролцуулж байх зорилт тавьж ажиллаж байгаагаа дурдлаа.
Ноолуурын салбар манай улсад ямар ач холбогдолтой талаар ном хаялцахаасаа илүүтэй цаашид ямар ажил хийх гэх мэт санал санаачилгатай ирж, ажил ярьсан уулзалт хийхийг тэдэнд анхаарууллаа. Ингэхдээ Ерөнхий сайд “Нийгэм, улс төр, эдийн засаг, гадаад зах зээл гэхчлэн бүхий л салбарт ноолуурын салбар ямар ач холбогдолтойг бүгд мэднэ. Тиймээс энэ удаагийнх шиг улс төржихөө больё. “Монгол ноолуур” нэгдлийн бүтэц зохион байгуулалт ямар байх юм, үүнд засгийн ямар оролцоо, дэмжлэг шаардлагатай байна гэхчлэн тодорхой санал боловсруулан энэ сарын сүүлээр болох Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон ноолуур, ноос боловсруулах салбарын үйлдвэрлэгчдэд үүрэг болголоо.
Газар тариалангийн салбарт тухайлбал, гурил, будааны импортын татварт НӨАТ тавьж байгаа шиг ноос, ноолуурын салбарт ч импортыг хязгаарлах талаар төрийн бодлого гаргаж болно гэдгийг Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд үйлдвэрлэгчид, холбоод нэгдээд энэ асуудлаар санал боловсруулах, үйлдвэрлэгчид мэргэжлийн холбоондоо ач холбогдол өгч, бодлого боловсруулах чадавхийг нь нэмэгдүүлэх шаардлагатай, эдгээрт төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар асууж сонирхлоо. Энэчлэн бодитой ажил хэрэгч саналуудтай уулзалтад ирж байхыг дахин анхааруулаад уул уурхайн салбарынхан илүү санаачилгатай ажиллаж байгааг жишээ болгож байлаа.
Ерөнхий сайд энэ уулзалтын үеэр ноос, ноолуурын үйлдвэрүүд нэгдээд төр засгийн дэмжлэгтэйгээр хөнгөн үйлдвэрийн мэргэжил сургалт үйлдвэрийн төв байгуулах боломж байгаа талаар лавлаад Мянганы сорилтын сангаас ийм төв байгуулах, мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд ихээхэн хөрөнгө зарцуулж байна. Гэтэл танай холбоо санал өгөөгүй гэдгийг онцлон хэлээд “Аливаад бүтээлч талаас нь хандаач ээ. Бүгд л их гоё яриад байдаг. Бүгд улстөрч баймааргүй байна. Тодорхой ажил, санал л яримаар байна. Ажлын сайн санал өгөөч, энэ өрөөнд улс төрийн мэдэгдлүүд сонсмооргүй байна. Одоо эндээс гараад ярилц, тодорхой саналууд боловсруул. Ингэж чадвал дараа хийх уулзалт техник эдийн засгийн үндэслэл ярьсан ажил хэрэгч уулзалт болно гэлээ. Ингэхдээ тэрбээр “Та бүхнийг дэмжье гэсэндээ ийм хатуу үг хэллээ шүү” гэж байлаа.
Нэг удаагийн шийдлээр бүгдийг төгс төгөлдөр шийдэж чадахгүй, боломж ч байхгүй. Хамтарч ажиллах үйл ажиллагааны эхлэл, үүнийг төрийн бодлоготойгоор урагшлуулах суурь уулзалт боллоо. Энэ салбарын ажлыг бага багаар урагшлуулах боломж, шаардлага байгаа. Болж өгвөл томхон ахиулах боломжийг эрэлхийлж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд уулзалтад ирсэн хүмүүст хандаж хэллээ.
Уулзалтад “Ээрмэл”, “Буян”, “Гоёо”, “Алтай кашмир”, “Сор кашмир”, “Ханбогд кашмир” ХХК болон “Эрдэнэт хивс”, “Монгол нэхмэл” ХК-ийн гүйцэтгэх захирлууд болон ХХААХҮЯ, Сангийн яам, Монгол банкнаас албаны хүмүүс оролцлоо
Эцсийн үр дүн нь тодорхой, иргэдээ ажилтай, орлоготой болгосон төсөл, хөтөлбөрийг Засгийн газар бодлого, хөрөнгө санхүүгээр дэмжихэд бэлэн. Хамгийн гол нь тухайн салбарын мэргэжлийн холбоо бодлогоо боловсруулж, түүнийг нь хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах хэрэгтэй байна. Засгийн газраас үзүүлэх ёстой дэмжлэгийг нь үзүүлнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Тэрээр 2011 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Арьс ширний холбооны удирдлага, гишүүдийг хүлээн авч уулзан энэ салбарт тулгамдаж байгаа бэрхшээл, төр, засгаас өгч болох тусламж, дэмжлэг, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Аливаа бараа бүтээгдэхүүн ченжийн гараар дамждагийг арилгах, эрх зүйн харилцааг бий болгох хэрэгтэй байна. Засгийн газрын зүгээс зах зээлийн боломж нөхцөлийг бүрдүүлэхэд илүү анхаарч ажиллаж байна. Мэргэжлийн холбоод энэ боломжийг ашиглаж, идэвх санаачилгатай ажиллаж чадвал тулгамдсан асуудлаа шийдэх бүрэн боломж байна гэж Ерөнхий сайд С.Батболд Ойчдын нэгдсэн холбоо, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзахдаа хэлээ.
XVII жарны цагаагчин Төмөр туулай жилийн шинийн нэгний билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн 9 хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэний дараа Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн очиж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нартай золгов. Золголтын дараа Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг цэнгүүлэн гэрийн жавар үргээж, төр түвшин, түмэн олон амгалан байхыг бэлгэдэн ерөөл айлдлаа.
УЛААНГОМЫН ДУЛААНЫ СТАНЦЫГ ХЭВИЙН АЖИЛЛУУЛАХЫН ТУЛД 120 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Стев Барнеттар болон ОУВС-ийн монгол дахь суурин төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа. ОУВС-ийн ажлын хэсгийнхэн манай оронд арав гаруй хоног ажилласан бөгөөд энэ ажлынхаа үр дүнг Ерөнхий сайдад танилцуулахаар ийн иржээ.
Өнөөдөр Иргэний нийгмийн өдөр. Энэ өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын 40 гаруй мянган багш нарыг төлөөлж Спортын шинэ ордонд цугласан 5000 орчим багш нарт баярын мэнд хүргэж үг хэлэхдээ, боловсролын шинэчлэлийн гол хөдөлгөгч хүч нь багш нар. Та бүхэн үйл ажиллагаа, арга барилаа цаг үргэлж шинэчлэхгүй бол хэчнээн ярьсан ч шинэчлэл хийгдэхгүй. Энэ шинэчлэлийг хийх багш нарынхаа асуудлыг бид нэн тэргүүнд шийдэх ёстой гэдгийг онцоллоо. Тиймээс ч тэдний хувьд эмзэг сэдэв болоод байгаа орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд дорвитой арга хэмжээ авна гэдгээ Ерөнхий сайд С.Батболд амлалаа.
Эрдэм номын түүчээ болсон Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,