Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Ерөнхий сайд С.Батболд Кувейтийн үндэсний ассамблейн даргатай уулзав

    Ерөнхий сайд С.Батболд Кувейтийн үндэсний ассамблейн даргатай уулзавКувейт Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Үндэсний Ассамблейн дарга Жассем Аль-Харрафи-тай уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын салхийг хагалж хэлсэн үгэндээ Монгол Улсын хөгжлийн гол салбар болох дэд бүтцийн салбарт Кувейт Улс туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэнд талархав.

    Ялангуяа аймгуудыг холбосон хатуу хучилттай зам тавих, жижиг оврын усан цахилгаан станц барих төсөл амжилттай хэрэгжсэн, одоо парламентын шинэ ордон барих төсөл үргэлжлэн хэрэгжиж байгааг Ерөнхий сайд онцлоод цаашид өөр олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн баяжуулах боломж байгааг дурьдав. Хүүхдийн эмнэлэг барих асуудлыг Засгийн газрын тэргүүн дахин хөндөж дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Кувейтийн сан онцгой үүрэг гүйцэтгэж байгааг Ерөнхий сайд үнэлээд Олон улсын парламентын холбооны шугамаар талуудын харилцаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв.

    Кувейтийн Үндэсний ассамблейн дарга хэлсэн үгэндээ Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй Монголын найз нараа эх орондоо, Парламентын ордондоо хүлээж авч байгаадаа баяртай байна гэлээ. Хоёр талын харилцаа түүний дотор өндөр дээд түвшинд тогтсон харилцаа үлгэр жишээ үзүүлэх найрсаг хэмжээнд байна. Харин одоо иргэд хоорондын болон худалдаа бизнесийн салбарынхны холбоог бэхжүүлэх талаар ярилцсан асуудлаа бодит ажил хэрэг болгохын төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэв.

    Тэрээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг тааламжтай үедээ Кувейтэд айлчлахыг уламжилж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ

  • Кувейтийн эрхэм дээд Эмир өөрийгөө монгол хүн гэв

    Кувейтийн эрхэм дээд Эмир өөрийгөө монгол хүн гэвМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль Ахмад Аль Жабер Аль-Сабах-т бараалхсанаар албан ёсны уулзалт эхэллээ. Кувейт Улс ардчилсан, хаант засаглалтай орон бөгөөд тус улсыг Эрхэм дээд Эмир удирддаг. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид  шинээр олон салбарт хамтрах өргөн боломж байгааг дурьдлаа.

    Монголын хүн амын 70-аад хувийг эзэлдэг  залуучууд, хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалахад Засгийн газар онцгойлон анхаарч байгаа бөгөөд энэ салбарт Кувейттэй хамтран ажиллах, тухайлбал 16 хүртэлх насныханд зориулсан хүүхдийн эмнэлгийг Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар барьж байгуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

    Мөн газрын тосны салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, өмнө нь ярьж тохирсоноо бодит ажил хэрэг болгохын чухлыг тэрээр тэмдэглэлээ. Эрхэм дээд Эмир Монгол Улсын Ерөнхий сайдын Кувейт Улсад хийж байгаа анхны айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд, Кувейтчүүд бол Монголчуудын найз, анд нөхөр гэж зөвхөн дээд түвшинд төдийгүй Кувейтийн ард түмэн үздэг гэлээ.

    Эрхэм дээд Эмир хэлэхдээ ‘’Ерөнхий сайд С.Батболдын санал, хүсэлтийг дэмжиж байна. Бид хэд хэдэн чиглэлд төсөл амжилттай хэрэгжүүлсэн, цаашид хамтын ажиллагаагаа шинэ салбаруудад үргэлжлүүлэх саналыг дэмжиж байна. Монгол Улс сайн боловсруулсан төслөө гаргавал бид хүүхдийн эмнэлэг барихад туслахад бэлэн. Уул уурхай, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй болон бусад харилцан сонирхож буй салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсч байна” гэв. Кувейтийн Эмир манай улсад 2 удаа айлчлалаар, 1 удаа амрахаар ирж байсан учир өөрийгөө бараг Монголын иргэн гэж боддогоо хэлж Ерөнхий сайдтай дотнослоо

  • Кувейтчүүд Монголчуудыг дотны анд нөхдөө хэмээн хүндэтгэж байна

    Кувейтчүүд Монголчуудыг дотны анд нөхдөө хэмээн хүндэтгэж байнаМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын тэргүүний хувиар анх удаа Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тус улстай дипломат харилцаа  тогтоосноос хойшхи 35 жилийн хугацаанд өндөр, дээд түвшний харилцан айлчлал цөөнгүй байсан ч Монгол Улсын Засгийн газрын тэргүүн айлчилж байсан түүх үгүй юм.

    Иймээс Ерөнхий сайд С.Батболдын Кувейт Улсад хийж буй албан ёсны  айлчлалд хоёр тал ихээхэн ач холбогдол өгч байна. Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Нассер Мохаммед Аль-Ахмед Аль-Сабах Монгол Улсын Ерөнхий сайдыг албан ёсоор угтах ёслол “Баяан” цогцолборын ‘’Эмирийн асар’’ өргөөнд болов.

    Угтах ёслолд Кувейтийн талаас Засгийн газрын бүх гишүүн нь оролцсон бол манай талаас айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Г.Баярсайхан, Гадаад хэргийн дэд сайд Б.Болор, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Сайраан нарын албан ёсны төлөөлөгчид байлцлаа

  • Сайд нарт анхааруулах арга хэмжээ авлаа

    Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн, мөн 2011 оны эхний хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн сахилга хариуцлагын тухай болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандсан Ерөнхий сайдын албан даалгаврын талаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2011 оны улсын төсөвтэй холбоотой асуудал хэлэлцэхэд 1 цаг 30 минут хоцорсон Сангийн сайд С.Баярцогт, Улсын Их Хурал, Байнгын хороо болон дэд хороонд шаардлагатай судалгаа, мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөөгүй Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаас анхааруулах арга хэмжээ авлаа.  

     Цаашид Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудал хэлэлцэхэд хариуцлагатай оролцож, Улсын Их Хурал, Байнгын хороо болон дэд хороонд шаардлагатай судалгаа, мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд хугацаанд нь гаргаж өгөх, хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэх болон гишүүдийн асуулт, асуулгын хариу хэлэлцэх үед өөрийн биеэр оролцож байхыг Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын гишүүдэд даалгав.

     Мөн Засгийн газрын өнөөдрийн буюу шинэ оны эхний хуралдаанаас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандсан Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа. Албан даалгавраар орон нутагт төрийн хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засаг дарга нар хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд аливаа асуудлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, түүний явц, үр дүнд тавих хяналтаа сайжруулан, хүлээлгэх хариуцлагыг чангатгаж ажиллахыг үүрэг болгов.

    Түүнчлэн худалдан авах ажиллагааны бүх тендерийг 2011 оны 2 дугаар сарын 1-ний дотор улсын хэмжээнд зарлаж, 4 дүгээр сарын 1-ний дотор дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажлаа эхлүүлсэн байхыг Засаг дарга нарт даалгалаа. Төсвийн хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, гэрээнд заасан хүлээх үүрэг, хариуцлагыг маш тодорхой биелүүлэхийг Засаг дарга нарт даалгасан байна.

    Мөн Ерөнхий сайдын албан даалгаварт Аймаг, нийслэлийн Засаг дарга нар эрх шилжсэн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний тайлан, гүйцэтгэлийн тайлан мэдээг холбогдох журам, маягтын дагуу бэлтгэж улирал бүрийн 3-ны дотор төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлэх, албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгов

  • Монгол Улсын Засгийн газрын 2011 оны эхний хуралдаан 01 дүгээр сарын 03-ны өдөр болов

    Хуралдаанаар Монгол Улс, Кувейт Улсын Засгийн газар хоорондын Хөтөлбөр, УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан хуулийн төсөлд өгөх санал, мал тооллогын урьдчилсан дүн зэргийн талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.

    МАНАЙ УЛС 31 САЯ 830 МЯНГАН ТОЛГОЙ МАЛТАЙ

    Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээнээс үзвэл улсын хэмжээнд малын тоо толгой 2009 оныхоос 12 сая 195 мянгаар буюу 27.7 хувиар буурчээ. Урьдчилсан дүнгээр адуу 1860.6 мянга, үхэр 2123.7, тэмээ 265.3, хонь 14050.8, ямаа 13528.5 мянгад хүрсэн бөгөөд 2009 оныхоос адуу 360.7 мянга, үхэр 475.7, тэмээ 11.7, хонь 5224.0, ямаа 6123.0 мянган толгойгоор буурсан байна.

    Малын тоо Сүхбаатар аймагт өмнөх оноос 5 төрөлд өсч харин бусад аймаг, нийслэлд буурсан урьдчилсан дүн гарлаа. Дундговь, Завхан, Өвөрхангай аймагт малын тоо 1.1-1.7 сая толгойгоор буурсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Улсын хэмжээнд малын тоо 2009 оныхоос 35 сум, нийслэлийн 1 дүүрэгт өсч 294 сум, 8 дүүрэгт буурсан бөгөөд нийт мал сүрэгт ямааны эзлэх хувь буурч бусад мал өссөн дүнтэй байна.

    Хөвсгөл аймаг 3072.1 мянга, Төв 2699.4, Архангай 2631.8, Булган 2211.3, Хэнтий 2014.3 мянган толгой буюу хамгийн олон мал тоолуулж эхний 5-д багтжээ. Адууны тоо 2 аймагт өсч, 19 аймаг, Улаанбаатар хотод буурсан бөгөөд Төв /200.1 мянга/, Архангай /190.7 мянга/, Булган /177.1 мянга/, Хөвсгөл /146.3 мянга/, Сүхбаатар /140.9 мянга/ адууныхаа тоогоор айргийн тавд орсон байна.

    Үхрийн тоо 3 аймагт өсч, 18 аймаг, Улаанбаатар хотод буурсан дүнтэй байна. Хөвсгөл /309.2 мянга/, Архангай /293.6 мянга/, Булган /172.8 мянга/, Төв /171.8 мянга/, Хэнтий /156.5 мянга/-н үхэр тоолуулж эхний 5-д багтжээ. Тэмээний тоо 7 аймагт өсч, 14 аймагт буурсан бөгөөд Өмнөговь аймаг хамгийн олон буюу 83.4 мянган тэмээ тоолуулсан байна.

    Хонины тоо 2 аймагт өсч бусдад нь буурсан бөгөөд Хөвсгөл /1348.6 мянга/, Төв /1345.1 мянга/, Архангай /1308.6 мянга/, Булган /1130.5 мянга/, Хэнтий /971.0 мянга/-д хүрсэн нь хамгийн олон гэсэн үг юм. Ямааны тоо 1 аймагт өсч 20 аймаг, Улаанбаатар хотод буурлаа. Хөвсгөл /1265.8 мянга/, Баянхонгор /1185.3 мянга/, Төв /980.1 мянга/, Өвөрхангай /874.7 мянга/, Ховд /845.8 мянга/-н ямаа тоолуулж эхний 5 байрт орсон байна.

    5 ОЮУТНЫГ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛНА

    Соёл, мэдээлэл, боловсрол, шинжлэх ухааны салбарын 2011-2013 оны хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын Хөтөлбөрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Болорт Засгийн газрын хуралдаанаас олгов.

    Мөн Арабын Нэгдсэн Эмират Улстай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Засгийн хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг дэд сайдад олгосон байна. Кувейт Улстай байгуулах Хөтөлбөрийн хүрээнд 2011-2013 онд оюутан сургах боломжийг өргөжүүлэх /5 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах/, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгажээ.

    • УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Ж.Батсуурь, Я.Батсуурь, Н.Ганбямба, Ц.Сэдванчиг нарын боловсруулсан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын боловсруулсан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх боломжтой гэж үзэв.
    • УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Өмгөөлөл, Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжив. Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан хуульч ажлын ур чадвар, мэдлэг, мэргэшлээ тасралтгүй дээшлүүлэх ёстой бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол хуульчийн гэрчилгээг хүчингүй болгох, шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчөөр ажиллах эсэх нь хөндөгдөхөөр хуульд заасан. Гэвч хууль зүйн сургалтад хамрагдаагүй хуульчийн шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчөөр ажиллах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах үндэслэлийг хуульд тусгайлан заагаагүй учир энэ зөрчлийг арилгахаар гишүүн Х.Тэмүүжин хуулийн төсөл боловсруулсан байна.
    • “Яамдын бэлгэдлийн загвар, тодорхойлолт, хэрэглэх журмыг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

  • 2010 оны онцлох хүнээр Ерөнхий сайд С.Батболдыг нэрлэжээ

    2010 оны онцлох хүнээр Ерөнхий сайд С.Батболдыг нэрлэжээ “News” агентлаг, “Ардын эрх” сонин 2010 оны онцлох хүнээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, МАН-ын дарга Сүхбаатарын Батболдыг нэрлэсэн байна. Түүний удирдсан Засгийн газар Монголд уул уурхайн хоёр дахь том төслийг хэрэгжүүлэхээр Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах шийдвэрийг УИХ-аар батлуулсан. Уг ордын нийт нөөцөөс Монгол Улсын бүх иргэдийн нэр дээр хувьцаа болгон эзэмшүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдэд арилжаалах болон олон улсын бирж дээр нээлттэй хувьцаа гаргах замаар хөрөнгө босгох шийдвэрийг батлуулсан. Энэ хэрээрээ ч хамгийн их шүүмжлэл дагуулж, сайн муу  үг дуулж яваа хүн бол Ерөнхий сайд С.Батболд гэж тус сонины тоймч бичжээ.

    Мөн “Монголчууд олон Ерөнхий сайдын нүүр үзсэн ч Засгийн газрыг тэргүүлж асан тэдгээр нөхдийн дотор С.Батболд шиг баялаг бүтээх салбар, бодит секторт ажиллаж байсан нь үгүй. Бүгд улстөрчид байв гэж дүгнээд Монголын 2,7 сая хүний хоолтой хоолгүй, ажилтай ажилгүй явах нь Ерөнхий сайд, түүний тэргүүлсэн Засгийн газраас ихээхэн шалтгаалдаг. Тиймээс ч түүний бизнесийн салбарт олсон амжилт нь улс орны эдийн засгийг сайжруулахад нөлөөгөө үзүүлнэ гэж монголчууд найдаж байна. Цаг хугацаа түүний ард биш, өмнө байна” гэж бичжээ.

    90 жилийн түүхтэй МАХН нэр болоод имижээ энэ л хүний үед сольж,  хувьсгалт үзэл суртлаасаа татгалзан орчин үеийн улс төрийн нам болох зохион байгуулалтад орж эхэллээ гэсэн байна. “News” агентлаг, “Ардын эрх”  сонин хамтран 2004 оноос Оны онцлох хүнийг нэрлэж  иржээ.

  • Найман 1-ээс бүрдсэн билэгт өдөр хөгжлийн зүтгүүрийн дохио цангиналаа

    Найман 1-ээс бүрдсэн билэгт өдөр хөгжлийн зүтгүүрийн дохио цангиналаа2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 11 цаг 11 минутад төмөр замчид Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод өнгөрсөн оныхоо ажлын амжилтыг илтгэж Төмөр замын зүтгүүрийн дохиог цангинууллаа. Засгийн газрын тэргүүн Төмөр замчдын Монгол Улс 2010 онд эдийн засаг нийгмийн зорилтоо ханган биелүүлэхэд оруулсан хувь нэмрийг  өндрөөр үнэлж байгааг дуулгаад Монгол улсын Засгийн газар 2011 онд нийгэм, эдийн засгийг бодитой өсгөх зорилт дэвшүүлэн тавьж, томоохон бүтээн байгуулалтын эхлэл суурийг тавина.

    Энэ бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд төмөр замчдын үүрэг хариуцлага онцгой чухал гэдгийг тэмдэглээд 2011 онд төмөр замын салбарт Төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх түүхэн жил болно. Энэ хүндтэй үүргийг Төмөр замчид манлайлан хэрэгжүүлэх учиртай. Төмөр замын бүтээлч хамт олон та бүхэн 2011 ондоо улс орныхоо хөгжлийн зүтгүүр болж ажиллахыг хүсэн ерөөе гэлээ.

    60 жилийн тэртээ 1951 оны 1-р сарын 1-ний энэ өдөр Монголын төмөр зам байнгын ажиллагаанд орж, анхны галт тэрэг хөдөлж байсан түүхтэй. Билэгт энэ өдрийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хамт олон 2010 онд 16.7 сая тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөгөө 11.5 хувиар давуулан биелүүлсэн амжилттайгаар угтжээ. Төмөр замын түүхэнд анх удаа жилд 12.7 сая тонн ачаа ачсанаас 10-р сард 1.3 сая тонн ачаа ачиж түүхэн амжилт тогтоосон байна. Мөн түүхэндээ анх удаа 6800 тонн жинтэй 320 гол бүхий 80 вагонтой галт тэргээр тээвэрлэлт зохион байгуулсан байна.

  • Монгол түмэн шинэ жил, шинэ сар, шинэ өглөөний нартай золгон мэндчиллээ

    Монгол түмэн шинэ жил, шинэ сар, шинэ өглөөний нартай золгон мэндчиллээШинэ оны анхны Нар их уулсын оройг дамжин Монгол орныг алгуурханаар гийгүүлж, Монгол түмэн шинэ жил, шинэ сар, шинэ өдөртэй золгон мэндчиллээ. Төрийн далбаагаа мандуулан угтсан “Анхны нар харах” ёслолд  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ, Засгийн газрын гишүүд болон гадаад дотоодын 300 гаруй иргэд оролцлоо.

    2011 оны 1-р сарын 1-ний өдрийн алтан нарны цацраг Монгол хүн бүрт ивээлээ өгч, эрч хүч, саруул оюуныг нь тэтгэн гийгүүлж, амжилт бүтээлийг нь бэлэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүсэн ерөөгөөд айлчлан ирж буй энэ онд өмнөх жилүүдэд олсон амжилтаа бататгаж, шинэ ондоо төлөвлөсөн томоохон зорилтуудаа биелүүлэн, улс орноо хөгжил дэвшилд хүргэх их бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

    Монгол хүн бүрийг ажилтай, орлоготой байлгахын төлөө Засгийн газар хичээн ажиллана. Тиймээс 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж бодлого, зорилтоо тодорхойлоод байгаагаа дуулгаж шинэ оны анхны наранд сэтгэлийн өргөл өргөлөө.

    Шинэ оны онхны нарыг харах еслол Нийслэлээс 95км-т орших “Хангай” зөрлөгт 11 дэх жилдээ болж байгаа бөгөөд энэ хугацаанд гадаад, дотоодын  3 мянга гаруй жуулчин оролцож, жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлж байгааг төмөр замчид хэлж байна.

  • Ерөнхий сайд хүүхдүүдийн хамт харшийн наадмыг үзэж сонирхлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд, Шадар сайд М.Энхболд нар Монголын хүүхдийн ордонд болсон Харшийн сүлд модны наадмыг хүүхэд багачуудын хамт үзэж сонирхлоо.  Гүйцэтгэх засаглалын тэргүүн сүлд модны наадамд хүүтэйгээ хамт ирсэн байлаа. Хүүхдийн ордны авъяаслаг багачууд шинэ жилийн баярын концертоо толилуулж өвлийн өвгөн, цасан цагаан охид, бяцхан амьтад сүлд модны наадамд ирсэн хүүхдүүдтэй мэндчиллээ.

    Монгол хүүхдүүд авъяастай гэдгийг тоглолтоороо харуулсан сурагчдад Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийлээд монголынхоо бүх хүүхдэд сурах ёстой зүйлээ сайн сурч, бүтээх ажлынхаа ард гаран зорьсондоо хүрч, эх орондоо хэрэгтэй хүн болохыг Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа хүсэн ерөөв.

    Хүүхдэд эцэг, эхийн хайр халамж байдгийн адил төр засаг ч хүүхдүүддээ анхаарал тавих ёстой. 2011 он хүүхдийн төлөө олон ажил хийсэн жил байх болно гэж тэрээр хэлэв. Харшийн сүлд модны наадмын төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд нар хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ард иргэддээ дэвшүүлсэн шинэ жилийн мэндчилгээ

    Монгол Улсын нийт ард иргэддээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Манай Засгийн газар ард иргэд Та бүхэнтэйгээ хамт амжилт ололт, дурсамж, сургамж дүүрэн нэгэн оноо үдэж, шинэ оноо угтах гэж байна. Шинэ зууны эхний аравныг отголон өндөрлөж буй 2010 он ирээдүйн их хөгжлийн эх суурийг тавьсан олон чухал үйл явдлаар баялаг байлаа.

    Эдийн засагт ахиц гарч дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2010 онд тавьсан зорилтоо хангахаар байна. Хөрөнгө оруулалт нэмэгдэж үйлдвэрлэл үйлчилгээ өргөжлөө. Цаг агаарын таатай биш байдлаас үүдэн мал аж ахуйдаа ихээхэн хохирол амссан ч газар тариалангийн салбарт амжилт ихтэй байлаа.

    Энэ онд хураан авсан буудай, төмсөөр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 53,7 хувийг хангаж чадсан. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг даах, олон улсын стандартад нийцсэн хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь бий болгох эхлэлийг тавив. Шинэ төмөр зам, шинэ аж үйлдвэрийн цогцолборууд, орон сууцны хорооллууд, Тавантолгойн орд газрыг ашиглах зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлэх түүхэн чухал шийдвэрүүдийг гаргав. Энэ төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх Хөгжлийн банк байгуулахаар боллоо.

    Эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ хүний хөгжилд онцгой анхаарсан жил байлаа. Боловсролын салбарт шинэчлэлийг иж бүрнээр эхлүүлж, төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэж, кампус хэлбэрээр хөгжүүлэх эх суурийг тавьсан. Ерөнхий боловсролын сургуулиудад Кембрижийн стандартыг анх удаа нэвтрүүллээ. Хүн амынхаа эрүүл мэндэд анхаарч хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, суурь өөрчлөлтүүдийг хийлээ.

    “Хүний хөгжил сан”-г байгуулж, өвөг дээдсээс өвлүүлсэн байгалийн баялгаас ард иргэддээ анх удаа адил тэгш хэлбэрээр хишиг хувь хүртээж эхэллээ. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 46.800 ажлын байрыг шинээр бий болголоо.

    Засгийн газар иргэд олондоо ойр байж орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх эхлэлийг тавьсан он болов. Би энэ онд Өмнийн шаргал говь, Өргөн Сэлэнгийн хөндий, Алтай, Хангайн ай сав газар гээд Монгол орныхоо 18 аймаг, орон нутагт ажиллаж ард иргэдтэйгээ уулзсан. Асуудал бэрхшээлийг газар дээр нь шийдвэрлэсний зэрэгцээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, олон ажлыг амжуулсан. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдлээ.

    Манай улсын гадаад харилцааны түүх ч хоёр талын ба олон талт харилцааг шинэ шатанд гаргасан айлчлалууд, онцлох үйл явдлаар  баяжигдлаа. Өнгөрсөн 20 жилд Монгол улс ардчилсан орон гэдэг тодотголоороо гадаадад ойлгогддог байлаа. Тэгвэл өнөө жилээс дэлхийн эдийн засаг бизнесийн харааны төвд орж ирлээ. Ийнхүү манай гадаад харилцаа эдийн засагжих замдаа эргэлт буцалтгүй орсон нь энэ жилийн онцлог байлаа. Дэлхийн хөгжилтэй улс орнуудтай хөл нийлүүлэхийн тулд Европын стандарт, Канадын технологийг нутагшуулах ажлыг бодитойгоор эхлүүлэв. Энэ мөчид бидэнтэй хамтран ажилладаг бүх улс орны Засгийн газар, ард иргэдэд шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

    Ирэх 2011 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн тэгш дүүрэн ойнууд давхцан тохионо. Түүхт энэ ойнуудыг монгол хүний омогшил баяр, эх оронч сэтгэлгээ, их түүхийн бахархал болгон тэмдэглэхэд Засгийн газар анхаарч ажиллах болно.

    Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”  болгон зарлаж байна. Шинэ мянганы хоёр дахь аравны анхдугаар ондоо хүн бүр хөдөлмөр эрхлэхийг хичээж, энэ зуунд дуурсагдах их бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Засгийн газар ард иргэддээ уриалж байна.

    Та бүхэн минь шинэ ондоо, шинэ шинэ амжилт ололтоор дүүрэн, аз хиймориор өөдрөг байх болтугай.
    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд
    2010 оны 12 дугаар сар 29