Ангилал: мэдээ-мэдээлэл

  • С.Батболд: Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж буй эцгүүдэд хатуу хариуцлага тооцдог болъё

    С.Батболд: Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж буй эцгүүдэд хатуу хариуцлага тооцдог болъё “Ажилдаа урамтай явж, гэртээ баяртай ирэхийг аз жаргал хэмээнэ” гэсэн хэлц үг бий. Энэ бол иргэн бүр ажилтай, орлоготой, хамт олонтой, тав тухтай орон байртай, гэр бүлдээ сэтгэл хангалуун байхыг илэрхийлсэн үг биз ээ. Ийм орчин нөхцөл бүрдүүлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлээд бодитой хэдэн саналыг дэвшүүллээ.

    Хүн амын орлогын албан татварыг ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, гэр бүлийг бэхжүүлэх зорилгоор өөрчлөн шинэчлэхийг Ерөнхий сайд Төрийн ордонд өнөөдөр болсон “Гэр бүлийн чиг хандлага, тулгамдсан асуудал” онол практикийн бага хурлын үеэр дэвшүүллээ.

    Тухайлбал, бага цалинтай хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлэхийн төлөө ажиллана. Энэ бодлогоо би ядуурлыг бууруулахад зохих үр дүнтэй, иргэнд, гэр бүлд хүрсэн өгөөжтэй зүйл гэж харж байгаа гэж тайлбарлалаа. 

    Гэр бүлийг бэхжүүлэхэд эцэг хүний хариуцлагыг дээшлүүлэх шаардлага ч байна. Ялангуяа, хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж буй эцгүүдэд хатуу хариуцлага тооцдог ёс суртахуун, хууль эрх зүйн механизм бий болгох ёстой. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Засгийн газар бүх талаар дэмжинэ гэдгийг ч шуудхан хэллээ.

    Мөн Засгийн газрын тэргүүний хувьд тэрбээр гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх талаар зарим санал, санаачилга гаргаж, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно. Он удаан жил ханилсан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн иргэдийг урамшуулдаг, алдаршуулдаг тогтолцоо бий болгох саналтай байна. Өөрөөр хэлбэл бат тогтвортой, өнөр сайхан гэр бүл нь манай нийгмийн уламжлалт үнэт зүйл хэвээр байх учиртай гэсэн юм.

    Сүүлийн жилүүдэд манай эдийн засаг тогтмол өсч байгаа төдийгүй 2010 он бидний хувьд хямралын дараахь эдийн засгийн сэргэлтийн онцлог жил байлаа. Энэ оны эхний 11 сарын байдлаар өрхийн мөнгөн орлого 465.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 87.8 мянган төгрөгөөр буюу 23.2 хувиар өсчээ. Ажилгүйдлийн түвшин ч мөн 1.9 пунктээр буурсан таатай мэдээг Монгол Улсын Ерөнхий сайд дуулгалаа.

    Цаашид манай эдийн засагт уул уурхай голлох байр суурь эзэлнэ. Засгийн газраас Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглаж эхлэх бодлого хөтөлбөрөө гаргаад ажилдаа орлоо. Орд баялаг ашигласнаас олох ашиг орлогыг авто болон төмөр зам, эрчим хүчний сүлжээг өргөтгөх, орон сууцны хороолол барьж байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтад зарцуулахын зэрэгцээ гэр бүлийн хөгжлийг хангах, өрхийн амьжиргааг дэмжихэд зориулах замаар дундаж орлоготой өрхийн тоог нэмэгдүүлнэ гэж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ дурдлаа. Ингэхдээ улсын төсвийн орлого нэмэгдэж,  зарим боломж бий болж байгаа хэдий ч бүх зүйлийг зөвхөн төсвөөс санхүүжүүлэх боломжгүй.

    Тиймээс Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэн боловсруулж, уг хуулийн хүрээнд үзүүлэх тусламж, үйлчилгээг нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай зорилтот бүлэгт хүргэх замаар өрх бүрийг тогтмол орлоготой, амьжиргааны эх үүсвэртэй болгоно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

    Ядуурал, архидалт, нийгмийн бухимдал, гэр бүлийн хүчирхийлэл нь сэтгэл зовоосон асуудал хэвээрээ байна. Зуд, байгалийн гамшгийн нөлөө, ажлын байрны хомсдолоос үүдэлтэй хот суурин газар руу шилжих хөдөлгөөн саарахгүй байна. Үүний улмаас түүнийг дагасан нийгмийн хүндрэл бэрхшээл  тухайлбал орон гэргүй, орлогогүй өрхийн тоо өсч, наад захын хэрэгцээг хангахгүй орчинд амьдрах гэр бүлийн тоо нэмэгдэх боллоо. Мөн эцэг эхийн үр хүүхэддээ тавих хараа хяналт суларснаас хүүхэд багачууд аливаа гэмт хэрэгт өртөх, гэр орноосоо дайжих явдал ч байсаар байна.

    Ийм хүнд нөхцөлд амьдарч байгаа олон өрхийн орон байрны асуудлыг шийдэх, “Халамжийн орон сууц” хөтөлбөрийг НҮБ, Хабитат зэрэг олон улсын байгууллагын туршлага, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхлэх цаг болсон гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

    Энэхүү онол, практикийн бага хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэж айл өрх, гэр бүлийн талаар үнэтэй санал зөвлөмж гаргана гэдэгт найдаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үгийнхээ төгсгөлд дурдлаа. Монгол Улсын Засгийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, НҮБ-ийн Хүн амын сан хамтран “Гэр бүлийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал” сэдэвт онол практикийн бага хурал Төрийн ордонд болж байна.

    Гэр бүлийн хөгжлийг цогцоор нь авч үзэж, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах үндэсний тогтолцоог боловсронгуй болгох, өрхөд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүүхэд хамгааллын асуудлыг дорвитой шинэчлэхэд төрийн бодлого, зохицуулалтыг илүүтэй хандуулах хэрэгтэй байгааг хуралд оролцогсод хэлж байлаа. Тиймээс  НХХЯ ирэх онд гэр бүл, хүүхэд хамгааллын асуудалд анхаарч ажиллахаар зорилтоо тодорхойлоод байгаа талаар НХХ-ийн сайд Т.Ганди хурлын үеэр мэдэгдлээ

  • “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг нэмлээ

    “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг нэмлээЗасгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам. доллараар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Дүрмийн сангийн Оросын талд ногдох 125 сая ам. долларыг энэ онд багтаан Оросын талаас гаргуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа. Харин дүрмийн санг нэмэгдүүлэхэд шаардлагатай монголын талын 125 сая ам. долларыг 2011 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосон байна. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор дүрмийн санг нь хоёр талын ижил хувийн оролцоотойгоор 250 сая ам. доллараар нэмэгдүүлэхийг хувь нийлүүлэгчид тохиролцжээ.

    Хэдийгээр тээвэрлэсэн ачаа, зорчигчийн хэмжээ нэмэгдсэн ч “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг өөрийн хөрөнгөөр шаардлагатай техникийн шинэчлэлээ хийх боломжгүй байгаа юм. Нийгэмлэг сүүлийн 25 жилд техникийн дорвитой шинэчлэл хийгээгүй. Үүнээс болж хөдлөх бүрэлдэхүүний паркийн 65 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, 25 жилээс дээш ашиглаж байгаагаас гадна 400 км гаруй замд их засвар хийх шаардлагатай байна.

    ТӨМӨР ЗАМЫН ПАРКИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

    БНХАУ-ын Засгийн газрын 300 сая ам. долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдлийг төмөр замын зам барилга, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэхэд ашиглахаар Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.

    “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл”-өөс 24,307,840 ам. доллар үлдсэн байна. Зам барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх гэрээг  БНХАУ-ын Төмөр замын өмнөд корпорацитай шууд байгуулж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад, БНХАУ-ын Эксим банктай 2010 оны 9 дүгээр сард байгуулсан “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцээр байгуулахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгалаа.

    ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ

    “Шинэ зууны боловсрол, Цахим эрүүл мэнд стратеги төсөл” болон “Бага оврын трактор худалдан авах, угсрах үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

    Эдгээр төслийг БНХАУ-ын Засгийн газар хоорондын 300 сая ам. долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтын талаархи Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Мэдээлэл холбооны нэгдсэн сүлжээний шинэчлэл” төслийн оронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

    “Шинэ зууны боловсрол төсөл”-ийн хүрээнд улсын хэмжээнд сургууль бүрт 2 цахим хөдөлгөөнт лаборатори нэвтрүүлж, 60 хүртэл зөөврийн компьютер нийлүүлэн өндөр хурдны интернетээр холбоно. Мөн багш бүрийг зөөврийн компьютертэй болгож сурагч, багш, эцэг эхчүүдэд зориулсан цахим номын сан, бичил цахим эрүүл мэндийн шинжилгээний төв бий байгуулах юм.

    “Бага оврын трактор худалдан авах, угсрах үйлдвэр байгуулах төсөл”-ийн хүрээнд 20-25 морины хүчтэй, хадлангийн зориулалттай бага оврын 1,100 трактор, 30-35 морины хүчтэй, хүнсний ногооны зориулалттай дунд оврын 170 тракторыг иж бүрдлийн хамт худалдан авч, жилд 1000 ширхэг бага оврын тракторыг иж бүрдлийн хамт угсрах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн байна.

  • Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдлээ

    Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдлээ Монгол улсын засгийн газар Монголын мянганы сорилтын сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа Эрүүл мэндийн төслийн дагуу 21 аймгийн эрүүл мэндийн газарт орчин үеийн тоноглол бүхий автомашин, аймаг дүүргийн эмнэлэгүүдэд сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж гардууллаа.

    Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож хэлсэн үгэндээ Засгийн газар Монгол хүнээ эрүүл байлгах асуудалд онцгойлон анхаарах учиртай. Бид эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс 10 гаруй хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Мөн ирэх онд 250 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт суулгаж аймаг орон нутагт томоохон эмнэлгүүдийг барьж байгуулах ажлын эхлэлийг тавиад байна.

    Түүнчлэн цаг агаарын хүндрэлтэй алслагдсан аймаг орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг автомашинаар хангах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэлээ.

    Ёслолын ажиллагааны үеэр 21 аймгийн Эрүүл мэндийн Газар болон дүүргийн эрүүл мэндийн газрын дарга нарт тус бүр 44500 мянган ам. долларын үнэ бүхий “Toyota Landcruiser” автомашын түлхүүр, 9 дүүрэг, 21 аймгийн эмнэлгүүдэд 9,2 сая ам.долларын нийт өртөг бүхий бүрэн тохижуулсан сургалтын өрөөг өгсөн хаяг, дурсгалын пайзын хамт гардуулан өглөө.

    Монголын  мянганы сорилтын сангаас эрүүл мэндийн салбарт нийтдээ 39,1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвөлсөн байна. Энэ хүрээнд нэг болон хоёрдугаар шатлалтын эмнэлгүүдэд даралт ихдэх өвчин, чихрийн шижин, хөхний болон умайн хүзүүний хорт хавдар, амилуулахуйн суурь тусламжийн чиглэлийн эрт илрүүлэлт, эмчилгээний шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм.

    Ийнхүү 285 сая ам,долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын гэрээний заалт, бодит ажлын үр дүн хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарыг дэмжих чиглэлээр амжилттай хэрэгжиж байна. 

  • С.Батболд: Үүрэг даалгавар хэрхэн биелүүлж байгаагаа ард түмэндээ тайлагнах цаг болсон

    С.Батболд: Үүрэг даалгавар хэрхэн биелүүлж байгаагаа ард түмэндээ тайлагнах цаг болсон Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ жил Монгол орныхоо баруун, төв, хангай, говийн бүсийн 18 аймгийн 70 гаруй сумдын нутагт ажилласан. Орон нутагт ажиллах үеэрээ ард иргэд, малчид, хөдөлмөрчдийн санаа бодлыг сонсож хөдөөгийнхний өмнө тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Мөн ард иргэд, аймаг, сумдын удирдлагаас тавьсан санал хүсэлт, тулгамдсан хөрөнгө оруулалтын шинжтэй 98 асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын хоёр удаагийн хуралдаанаар хэлэлцүүлж, хийх ажлын төлөвлөгөө батлан сайд нарт үүрэг чиглэл өгсөн зэрэг хөдөө, орон нутгийн иргэд, малчдын талаар тодорхой бодлого барин ажиллаж байгаагаа  өнөөдөр аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай Төрийн ордонд уулзахдаа хэлж,  ирж буй 2011 онд хэрхэн ажиллах, ямар асуудалд түлхүү анхаарах талаар нь үүрэг даалгавар өглөө.

    Засгийн газрын түвшинд орон нутагт тулгарч буй асуудлуудыг шийдээд байдаг. Гэтэл тэр нь хөдөө орон нутагт эзэндээ хүрэхгүй, хэрэгжилт нь удаан, бас төрийн мэдээлэл үнэн бодитой хүрэхгүй гуйвуулж няцаасан хандлага байгааг Ерөнхий сайд хэллээ. УИХ-аар батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үе шатны төлөвлөгөөг Засгийн газар баталж, хэрэгжүүлэх арга хэмжээг авч байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын төсвөөс 2010 онд 5,3 тэрбум төгрөг зарцууллаа. Мөн Засгийн газраас бүх сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд “Мал эмнэлэг, үржлийн тасаг” байгуулах асуудлыг шийдвэрлэж 329 суманд 658 мэргэжилтэн ажиллуулан тэдгээрийн цалин, үйл ажиллагааны зардлыг хариуцаж байгаа талаар Ерөнхий сайд С.Батболд дурдаад малчдын талаар Засгийн газраас баримтлах бодлого тодорхой байгаа.

    Энэ бодлогыг та бүхэн хэрхэн, яаж орон нутагт хэрэгжүүлж байна вэ? Малчдыг сургах асуудал хэдэн хувьтай байна вэ? Малчдын хүүхдийг дотуур байраар бүрэн хангаж чадаж байна уу? Малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудал ямар шатандаа явж байна вэ? Хичнээн малчин нэрийн данстай болсон? Малчин бүрт эмнэлгийн үйлчилгээг үзүүлж чадаж байна уу? гээд та бүхнээс олон асуултад хариулт авмаар байна. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэх үүргийг Засгийн газраас та бүхэнд өгсөн.

    Хэрэгжилт нь ямар байгааг Засгийн газарт төдийгүй хөдөөгийн малчин иргэдэд тайлагнах цаг нь болсон. Ажлаа хийхгүй байгаа дарга нартай хатуухан хариуцлага тооцно гэдгийг нүүр нүүрээ харан уулзаж байгаа дээрээ хатуу анхааруулъя гэлээ. Мөн отор нүүдлээр яваа малчдаас ихээхэн хэмжээний татвар хураамж авч, дарамт үүсгэдэг хандлага их байгааг аймаг, орон нутгийн удирдлагууд Та бүхэн анхаарах хэрэгтэй гэдгийг санууллаа. Засгийн газраас төсвийн шинэчлэлийн хүрээнд анх удаа орон нутагт  хөрөнгө оруулалтаар аймаг бүрт дунджаар 800.0 сая төгрөг, 5 бүсийн хөгжилд  дэмжлэг болгон дунджаар 24.0 сая төгрөгийг тус тус  2011 оны төсвийн тухай хуульд тусгаж Улсын Их Хурлаар батлуулсан.

    Засгийн газраас бараа ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны төвлөрлийг багасгах зорилго тавьж байгаа. Энэ бодлогынхоо хүрээнд орон нутагт хийгдэх улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх эрхийг хүлээх хариуцлагын хамт орон нутагт нь шилжүүлэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа.

    Энэхүү хуулийн төсөлд тусгаснаар улсын болон бүс нутгийн шинж чанартай худалдан авалтыг Засгийн газрын тусгай агентлаг төвлөрсөн байдлаар зохион байгуулна. Харин аймаг, нийслэлийн хувьд худалдан авах ажиллагааг өөрсдөө бие даан зохион байгуулахаар болж өөрчлөгдөх юм. Энэ талаар Ерөнхий сайд С.Батболд аймаг, нийслэлийн удирдлагуудад хэлэхдээ “Ингэснээр орон нутагт төсвийн эрх мэдэл бодитойгоор шилжиж, төвлөрөл саарч, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт оновчтой болж, ажлын байр нэмэгдэх, амьдарч буй орчноо өөрсдөө сайжруулах санаачлага идэвхитэй өрнөх боломж бүрдэнэ. Энэ бүх шинэ онцлог нь аймаг, нийслэлийн удирдах ажилтан Та бүхнээс үүрэг хариуцлагаа улам илүү ухаарч ажиллах, үйл ажиллагаандаа дорвитой шинэчлэл хийхийг шаардаж байна гэлээ.

    Даяаршиж буй өнөөгийн нийгэмд тулгамдсан олон асуудлыг төрийн байгууллагууд  дангаар шийдвэрлэх боломжгүй болсон талаар Засгийн газрын тэргүүн хэллээ. Тиймээс төрийн болон орон нутгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын оролцох оролцооны ач холбогдол нэмэгдэж байгаа. Иймд нутгийн удирдлагын байгууллагууд аливаа асуудлыг боловсруулах, хэлэлцэх, хэрэгжүүлэх, хяналт тавих  ажилд хувийн хэвшил, иргэд, олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийнхнийг оролцуулах боломжийг илүү бодитой бүрдүүлж ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд анхаарууллаа. Энэ бодлогын хүрээнд орон нутгийн төрийн бус байгууллагуудад тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо. Гэхдээ аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар иргэдийнхээ оролцоогүйгээр асуудлаа шийддэггүй байх зарчим баримтлах ёстой гэлээ.

    Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хугацаанд ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаар Ерөнхий сайд С.Батболд энэ уулзалтын үеэр мөн хөндлөө. Энэ хүрээнд төрөөс үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл, хяналт шалгалтын дарамт, шат дамжлагыг судалж, эрх зүйн орчныг сайжруулах, үйлчилгээг хөнгөвчлөх, төрийн байгууллагын зарим чиг үүргийг  мэргэшсэн  төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын эхлэл бодитоор тавигдав. Энэ талаар төрийн захиргааны төв байгууллагууд төдийгүй мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, төрийн бус байгууллагынхан идэвхтэй  ажиллаж тодорхой саналууд гарч, зарим үр дүнд хүрч  байна.

    Тухайлбал, уг ажлын хүрээнд судалгаа шинжилгээ хийж, бизнес эрхлэгчид мэргэжлийн байгууллагуудын дунд явуулсан өргөн хэлэлцүүлгийн мөрөөр саад чөдөр болж байсан 101 зөвшөөрлийг хүчингүй болгож, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаар эхний ээлжинд 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн холбогдох 21 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.

    Харин аймгийн удирдах ажилтнууд энэхүү нэн хариуцлагатай ажилд  төдийлөн ач холбогдол өгөхгүй, ажиллахгүй байгааг Ерөнхий сайд анхааруулаад ажлын үр дүнг тооцохдоо үүнийг харгалзах болно гэдгийг ч хатуухан хэллээ. Түүнчлэн бизнесийн орчны шинэтгэлийг зөвхөн энэ онд хийгээд зогсохгүй, цаашид үргэлжлүүлэн бодит үр дүнд хүрэх ёстой. Тиймээс ирэх 2011 онд ч гэсэн энэ асуудлын талаар орон нутагтаа тодорхой ажил хийхийг аймаг, нийслэлийн удирдлагуудад дахин үүрэг болголоо.

    Мөн 2011 онд улсын төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ихээхэн ажил хийгдэнэ. Иймд ажлын байр шинээр бий болгох, мэргэшилтэй ажилчид бэлтгэх, мэргэжил олгоход тал талаасаа анхаарч ажиллая. Орон нутагт хэрэгжиж байгаа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, энэ жил улсын төсвөөс  орон нутгийн хөгжил, бие даасан байдлыг хангах зорилгоор аймаг, нийслэлд олгож байгаа хөрөнгө оруулалт, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг  ажлын байр шинээр бий болгоход чиглүүлж ажиллах ёстойг тэрбээр сануулаад улс орон, бус нутагт шинээр бий болж байгаа санхүү, эдийн засгийн таатай нөхцөлийг үр дүнтэй ашиглах ёстой. Үүнд орон нутгийн удирдлагууд Та бүхний мэдээлэл, зөвлөгөө, удирдлагын манлайлал чухал үүрэг гүйцэтгэх учиртай гэдгийг тэмдэглэлээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нэг багийн хамт олондоо хандаж хэлсэн үгийнхээ төгсгөлд “Өвөлжилт, хаваржилтын цаг үеийн амаргүй ажилд байнга анхаарч ажиллах хэрэгтэй. Хүйтний эрч эрс чангарч, зарим аймаг, сумдад өвөлжилтийн байдал хүндэрч сэтгэл түгшээж эхэллээ. Гэхдээ энэ жил өнгөрсөн жилийн сургамжид тулгуурлан орон нутгийн удирдлагууд Та бүхэн ажилдаа хэрхэн хандсаныг, үүрэг даалгаврыг яаж биелүүлснийг илтгэн харуулах нэгэн том шалгуур болно гэж би харж байна” гэсэн юм.

    Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг нар өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах зорилго бүхий семинарт оролцож байгаа юм. Тэд маргааш Монгол Улсын сайд, төсвийн ерөнхийлөнч захирагч нартай байгуулах гэрээнд гарын үсэг зурна

  • Ерөнхий сайд мөнгөн шагналаа нутгийн хөгжил санд хандивлалаа

    Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн нутгийн зөвлөлийнхөн 2010 оны шилдгийн шилдэг хүнээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг тодруулжээ. Тус аймгийн болон Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн удирдлагууд оны шилдгийн шилдэгтээ дурсгал болгон хадгалуулдаг морин хуурын дүрс бүхий “Алтан хуур”-аа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өнөөдөр гардууллаа. Энэхүү шагналыг өргөмжлөл, таван сая төгрөг дагалддаг ажээ.

    Ерөнхий сайд С.Батболд нутгийн удирдлагуудтай уулзах үеээрээ “Ээж минь дуу хуурын өлгий Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул. Би дунд сургуульд орсон цагаасаа зуны амралтаа Дундговьд өнгөрүүлдэг байсан” гэж дурсамж уудлаад “Алтан хуур”-ыг дагалдаж ирсэн мөнгөн шагналыг нутгаа хөгжүүлэх санд хандивлалаа

  • Дэлхийн банктай цаашид ч хамтран ажиллана

    Дэлхийн банктай цаашид ч хамтран ажилланаЕрөнхий сайд С.Батболд манай улсад шинээр томилогдсон Дэлхийн банкны суурин төлөөлөгч, хатагтай Корали Гэвэрсийг 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав. Монгол Улс Дэлхийн банктай тогтоосон уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлнэ. Засгийн газар засаглал, тогтвортой хөгжил, хөгжлөөр дамжуулж хүнээ хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад анхаарч байна.

    Мөн хувийн хэвшилтэй хамтран ажиллаж төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх бодлого баримталж эхнээс нь хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх чиглэлүүдээр Дэлхийн банктай хамтран ажиллахдаа таатай байх болно гэж Ерөнхий сайдын хэлснийг Дэлхийн банкны суурин төлөөлөгч дэмжиж, санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.

    Монгол Улсын Засгийн газар санхүү, эдийн засгийн хямралыг богино хугацаанд даван туулж, тулгамдсан асуудлуудаа оновчтой, зөв бодлогоор шийдэж, эрчимтэй хөгжиж байгааг харахад таатай байна гэж суурин төлөөлөгч Корали Гэвэрс тэмдэглэв. Дэлхийн банк ирэх жил манай улсад уул уурхайн бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад санхүүгийн туслалцаа үзүүлж, “Тогтвортой амьжиргаа” төслөө үргэлжлүүлнэ гэж суурин төлөөлөгч Корали Гэвэрс хэлэв

  • Дипломат корпус, Олон улсын байгууллагын төлөөлөлд баяр хүргэлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар гадаад орнуудаас манай улсад суугаа дипломат корпусын болон олон улсын байгууллагын удирдлагуудыг 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзан удахгүй болох шинэ жилийн баярын мэнд хүргэж ажлын амжилт хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ төр, засгийн тэргүүн нар гадаадын орнуудад айлчилж, өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийг эх орондоо хүлээн авсан нь манай орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байсныг тэмдэглэв.

    Манай улс Европын Холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг үзэглэснээр Монгол Улс, Европын харилцаа шинэ түвшинд гарч, хамтын ажиллагааны хүрээ өргөжин, Европын Холбооны стандарт, хэм хэмжээг Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгааг тэрээр онцлов. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас эрчимтэй цөлжиж байгаа Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гашууны хоолойд Монгол Улсын Засгийн газар энэ оны 8 дугаар сард тусгай хуралдаан хийж, дэлхийн хамтын нийгэмлэгт хандан илгээлт гаргасан нь энэ асуудалд өөрийн орны болон бусдын анхаарлыг чиглүүлэхэд үр дүнгээ өгнө хэмээн итгэж байна гэлээ.

    Дипломат корпусын ахлагч, ХБНГУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пиус Фишер бусдыгаа төлөөлөн хариу талархал илэрхийлж үг хэлэв. 2010 оныг Монгол Улсын Засгийн газраас “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан Ерөнхий сайдын санаачилгыг ялангуяа бизнесийн төлөөлөл сайшаан хүлээн авсныг онцлоод байгаль орчноо хамгаалах, уул уурхайн салбарт хөрөнгө оруулахад тогтвортой, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлсэн эрх зүйн орчин бүрдүүлэх гэсэн хоёр асуудлыг тэнцвэртэйгээр шийдэх Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын хүчин чармайлтад амжилт хүслээ.

    Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ жил 8 хувьд хүрч, Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, ашигт малтмалын олборлолт, хөдөө аж ахуйн салбарт томоохон ахиц дэвшил гарч, өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зорилт улам бүр ойртож байгааг тэрээр хэлэв. Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлал, Монгол Улс, Европын Холбооны хооронд өчигдөр үзэглэсэн Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг нь гадаад бодлогоо идэвхтэй өрнүүлж байгааг харуулсны жишээ. Монгол Улс нь олон улсын нийгэмлэгт өндөр үнэлэгддэг гишүүн орон гэдгийг Пиус Фишер тэмдэглэв. Манай улсад гадаадын дипломат корпусын 19, олон улсын 9 байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын аймаг,нийслэлийн ИТХ-ын дарга, засаг дарга нарын нэгдсэн сургалт, семинарын үеэр хэлсэн үг

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын аймаг,нийслэлийн ИТХ-ын дарга, засаг дарга нарын нэгдсэн сургалт, семинарын үеэр хэлсэн үг2010 оны 12 дугаар сарын 21                  Улаанбаатар хот

    Аймаг,  нийслэлийн удирдлагууд аа ! 
    Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
    Засгийн газар уламжлал ёсоор жил бүр улсын төсөв УИХ-аар батлагдсаны дараахан орон нутгийн удирдлагуудыг урьж, нэгдсэн сургалт, семинар зохион байгуулж, өнгөрч буй оны ажлаа дүгнэн, ирэх оны үүрэг, зорилтоо төлөвлөн ярилцдаг хариуцлагатай цаг мөчид Та бүхэнтэйгээ уулзаж байна. 

    Манай хамтарсан Засгийн газрын гишүүд тус тусын эрхэлсэн салбарын хүрээнд энэ онд орон нутагт хийсэн ажлын үр дүн, 2011 онд хэрэгжүүлэх бодлого, зорилт, үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудлын талаар тодорхой мэдээлэл хийнэ. Тиймээс би нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан Та бүхнээс цаашид анхаарлаа төвлөрүүлж ажиллавал зохих зарим онцлог асуудлын талаар Засгийн газрын байр суурийг илэрхийлж, санал бодлоо хуваалцахыг хүсч байна.

    Миний бие өнгөрсөн жилийн өдийд аймаг, нийслэлийн удирдлагуудтай уулзахдаа хэлж байсныхаа дагуу монгол орныхоо баруун, төв, хангай, говийн бүсийн 18 аймгийн 70 гаруй сумдын нутагт ажиллалаа. Харин Зүүн бүсийн гурван аймагт энэ ондоо багтан ажиллах боломж байсан ч, хорио цээрийн улмаас албан томилолт маань хэрэгжиж чадсангүй. Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагууд малын халдварт өвчний гаралтыг бага дээр нь богино хугацаанд таслан зогсоох, тархалтыг хумих талаар хамтын идэвхи чармайлт, санаачлага, зохион байгуулалт муутай ажилласандаа дүгнэлт хийх хэрэгтэй.

    Орон нутагт ажиллах үеэрээ ард иргэд, малчид, хөдөлмөрчдийн санал бодлыг сонсож, Засгийн газрын бодлого шийдвэрт тусгах, хөдөөгийнхний өмнө тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Мөн ард иргэд, аймаг, сумдын удирдлагаас тавьсан санал хүсэлт, хөрөнгө оруулалтын шинжтэй тулгамдсан 98 асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хэрэг эрхлэх газрын зүгээс Засгийн газрын хуралдаанаар хоёр ч удаа хэлэлцүүлж, тодорхой заалт бүхий тогтоол, төлөвлөгөөг батлан, холбогдох сайд нарт үүрэг чиглэл өгч, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Иймд  2011 онд аймгийн удирдлагуудаас анхаарах зорилтын нэг бол Засгийн газрын дээрх тогтоол, шийдвэрийг аймаг бүр өөрт хамаарах ажлыг бүрэн хэрэгжүүлэхэд оршино. Энэ чиглэлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон нутгийн удирдлагын хэлтэс, аймгуудын Засаг дарга нар бусдаас илүү их чармайлт гаргах шаардлагатай.

    Орон нутагт ажилласан байдлаа дүгнэн үзэхэд ард иргэд маань хамтарсан Засгийн газрын бодлогыг тууштай дэмжихийн зэрэгцээ ихээхэн үр дүн хүлээж байгаа нь анзаарагдлаа. Мөн аймаг бүрт тодорхой бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, хүмүүс эх орныхоо хөгжил дэвшилд гар бие оролцон хөдөлмөрлөх идэвхи, урам зориг дүүрэн байсныг дурдах нь зүйтэй. Гэхдээ аймаг, орон нутагт бүтээн байгуулалтын хэмжээ, далайц, үр өгөөж харилцан адилгүй байна. Энэ нь тухайн аймгийн удирдлагын арга барил, гар сэтгэл нийлсэн хамтач ажиллагаа, санаачлага зүтгэлээс ихээхэн хамааралтай нь харагдаж байлаа.

    Орон нутгийн удирдах албан тушаалтан Та нөхдөд өөр өөрийн аймаг, суманд ажлын байр шинээр бий болгох, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, иргэдээ ядуурлаас гаргах, тэдний санал бодлыг үйл ажиллагаандаа тусгах, төр засгийн бодлого шийдвэрийг хүргэж сурталчлах, боловсон хүчний ам ажил, эрх үүрэг, хариуцлагын нэгдлийг хангах  зэрэг цөөнгүй тулгамдсан асуудлууд шил шилээ даран хүлээгдэж байгааг онцлон хэлэхийг хүсч байна.

    Өнгөрч буй 2010 онд анх удаа өмнийн говьд Засгийн газрын тусгай хуралдаан хийж, дэлхий нийтийн анхаарал татаж байгаа цөлжилттэй холбоотой асуудлыг тусгайлан хэлэлцэж тодорхой шийдвэрүүд гаргалаа. Энэ нь байгаль орчноо хамгаалах, цөлжилтийн эсрэг тэмцэх, бэлчээрийг зүй зохистой ашиглах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах  бодлогын хүрээнд хийгдсэн ажил юм. Аймаг, орон нутгийн удирдлагууд Та бидний өмнө тулгамдсан асуудлын нэг болсон байгаль орчноо хамгаалах, цөлжилтийг бууруулах, элсний нүүдлийг зогсоох, бүх нийтээр мод тарих хөдөлгөөн өрнүүлэх, улмаар мал аж ахуй эрхлэх уламжлалт арга барилдаа шинэчлэл хийх талаар нэгийг бодож, хоёрыг хийх цаг болжээ. Үүнд анхаарч ажиллах нь зүйтэй.

    Бизнесийн хөгжлийг дэмжих таатай орчин бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас  2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд төрөөс үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл, хяналт шалгалтын дарамт, шат дамжлагыг судалж, эрх зүйн орчинг сайжруулах, үйлчилгээг хөнгөвчлөх, байгууллагын зарим чиг үүргийг  мэргэшсэн  төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын эхлэлийг тавилаа. Энэ талаар төрийн захиргааны төв байгууллагууд төдийгүй мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, төрийн бус байгууллагынхан идэвхтэй  ажиллаж, тодорхой саналууд гарч, зарим үр дүнд хүрч  байна.

    Уг ажлын хүрээнд судалгаа шинжилгээ хийж, бизнес эрхлэгчид мэргэжлийн байгууллагуудын дунд өргөн хэлэлцүүлэг явуулсны үр дүнд 101 зөвшөөрлийг хүчингүй болгож, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаар эхний ээлжинд 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв. Энэ мэтээр төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад шилжүүлэх эхлэлийг тавилаа. Мөн энэ чиглэлээр холбогдох 21 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүллээ. Харин аймгийн удирдах ажилтнууд энэхүү хариуцлагатай ажилд  төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаад анхаарах хэрэгтэй. Бизнесийн орчны шинэтгэлийг зөвхөн энэ онд хийгээд зогсохгүй, цаашид үргэлжлүүлэн  бодит үр дүнд хүргэх ёстой. Тиймээс Та бүхэн ирэх 2011 онд ч гэсэн энэ асуудлын талаар орон нутагтаа тодорхой ажил хийх ёстой.

    Улсын Их Хурал Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан. Энэхүү үндсэн чиглэлд  “Хүний хөгжлийг хангах макро эдийн засгийн бодлого”, “Бодит салбарыг хөгжүүлж, хүний амьдрах орчныг  сайжруулах”, “Хүнд ээлтэй байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийг хангах нийгмийн бодлого”, “Иргэнд ойрхон төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэл”, “Гадаад бодлого, батлан хамгаалах” гэсэн 6 бүлэг, 19 зорилтыг тодорхойлж, энэ хүрээнд нийтдээ 665 арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа.

    Засгийн газраас “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулсан нь бидний 2011 оны ажлын шинэ эхлэл болно гэж үзэж байна. Энэ нь төмөр замын сүлжээ, газрын тос боловсруулах үйлдвэр, цахилгаан станц байгуулах, олон улсын болон Европын холбооны стандартын шаардлага хангасан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг эдийн засгийн суурь бүтцийг бэхжүүлэхэд шаардлагатай санхүүгийн хуримтлалыг бүрдүүлэх, төсвийг тогтворжуулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

    Засгийн газраас төсвийн шинэчлэлийн хүрээнд төвлөрлийг сааруулах, төв, орон нутгийн төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт, хяналтын явцад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах, улс орны хөгжлийн бодлого болон төсвийн төлөвлөлтийн уялдаа холбоог дээшлүүлэхэд чухал ач холбогдол үзүүлэх Төсвийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлснийг онцлон тэмдэглэж байна. Энэхүү хууль нь төсвийн хариуцлага сахилгыг сайжруулахад онцгой анхаарч, холбогдох албан тушаалтан болон шийдвэр гаргагч этгээдийн эрх хэмжээ, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгоход чиглэгдсэн. Уг хуулинд улс төрийн намуудын нийгмийн болон төсвийн хариуцлагыг дээшлүүлсэн тусгай заалт орууллаа.

    Мөн Засгийн газраас төсвийн шинэчлэлийн хүрээнд анх удаа орон нутагт  хөрөнгө оруулалтаар аймаг бүрт дунджаар 800.0 сая төгрөг, 5 бүсийн хөгжилд  дэмжлэг болгон дунджаар 24.0 сая төгрөгийг тус тус  2011 оны төсвийн тухай хуульд тусган  Улсын Их Хурлаар батлууллаа. Засгийн газраас бараа ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны төвлөрлийг багасгах зорилт тавьж байгаа. Энэ бодлогынхоо хүрээнд орон нутагт хийгдэх улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх эрхийг, хүлээх хариуцлагын хамт орон нутагт нь шилжүүлэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.

    Энэхүү хуулийн төсөлд тусгаснаар улсын болон бүс нутгийн шинж чанартай худалдан авалтыг Засгийн газрын тусгай агентлаг төвлөрсөн байдлаар зохион байгуулна. Харин аймаг, нийслэлийн хувьд худалдан авах ажиллагааг өөрсдөө бие даан зохион байгуулахаар болж өөрчлөгдөх юм.

    Ингэснээр орон нутагт төсвийн эрх мэдэл бодитойгоор шилжиж, төвлөрөл саарч, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт оновчтой болж, ажлын байр нэмэгдэх, амьдарч буй орчноо өөрсдөө сайжруулах санаачлага идэвхитэй өрнөх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Энэ бүх шинэ онцлогууд нь аймаг, нийслэлийн удирдах ажилтан Та бүхнээс үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа шинэчлэл хийхийг шаардана гэдгийг зориуд онцлон тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан Та бүхэн дараах асуудлуудад анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй.

    Үүнд:

    Нэгдүгээрт: Манай улс зах зээлийн шилжилтийн үеийг дуусгаж их бүтээн байгуулалтын үйлсэд дэвшин орж байгаатай холбогдуулан Та бүхэн бодит шаардлага,  нотолгоонд суурилсан шийдвэр гаргаж, зохион байгуулж буй ажлынхаа арга барилыг олон нийтэд ойлгомжтой, үр дүн нь мэдэгдэхүйц хэмжээнд  шинэчилж өөрчлөх  хэрэгтэй байна.

    2011 онд улсын төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ихээхэн ажил хийгдэнэ. Иймд ажлын байр шинээр бий болгох, мэргэшилтэй ажилчид бэлтгэх, мэргэжил олгох асуудалд тал талаасаа анхаарч ажиллая. Орон нутагт хэрэгжиж байгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, энэ жил улсын төсвөөс  орон нутгийн хөгжил, бие даасан байдлыг хангах зорилгоор аймаг, нийслэлд олгож байгаа хөрөнгө оруулалт, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг  ажлын байр шинээр бий болгоход чиглүүлж ажиллах ёстойг сануулъя.

    Хоёрдугаарт:  Улс орон, бус нутагт шинээр бий болж байгаа санхүү эдийн засгийн таатай нөхцлийг үр дүнтэй ашиглах ёстой. Үүнд орон нутгийн удирдлагууд Та бүхний мэдээлэл, зөвлөгөө, удирдлагын манлайлал чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Иргэд, өрх гэр бүлээрээ, нөхөрлөл, хоршоогоороо, сум, багаараа нэгдэн нийлж ажиллах, өндөр ашиг шимт мал үржүүлэх, үр тариа, ногоо, жимс жимсгэнэ тариалж, борлуулах, мах, сүү, ноос, арьс шир боловсруулах, бэлтгэн нийлүүлэх сүлжээ үүсгэх талаар санаачлага хөдөлгөөн өрнүүлж бодит ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Энэ талаар бид олон жил ярьсан ч бодит үр дүнд хүрсэнгүй. Харин эдийн засгийн талаасаа ирэх жилүүдэд боломж тохионо гэж үзэж байна.

     Гуравдугаарт: Орон нутгийн өмчийн эрхийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй боллоо. Аливаа тендер шалгаруулалт болон аж ахуйн үйл ажиллагаатай холбогдсон багагүй эрхийг аймаг, нийслэлд олгож, эрх мэдлийн хүрээг өргөтгөснийг орон нутгийн хөгжил, нийтийн ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх учиртай. Эрх мэдэл, үүрэг хариуцлагыг дагаж олон нийтийн хяналт, оролцоо  өргөжиж,  шинэ шаардлага  тавигдана гэдгийг  анхааруулъя. Орон нутгийн төсвийн төлөвлөлт, орлого, зарлагын уялдааг сайжруулах хэрэгтэй байна. Үргэлж Засгийн газрын гарыг харж, Сангийн яамны арга эвийг олох гэдгээ зогсоох ёстой.

    Дөрөвдүгээрт: Төр засгийн зүгээс сүүлийн 20 жилд хөдөөгийн малчид руу хандсан доривтой бодлого гараагүйд Засгийн газар дүгнэлт хийж тодорхой арга хэмжээг авч эхэлсэн. Малчдаа орон нутагтаа тав тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, тэднийг ядуурлаас ангид байлгах, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын баталгаа бий болгох эрх зүй, эдийн засаг, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхээр “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг УИХ-аар батлуулсан. Түүнийг 2009-2015 онд хэрэгжүүлэх эхний шатны ажлын төлөвлөгөөг Засгийн газар батлан хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх эхний шатны төлөвлөгөөнд нийт малчдын 70-аас доошгүй хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулахаар заасан.

    2009 оны байдлаар нийт малчдын 4,1 хувь буюу 13,1 мянган малчин нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулсан. Эдгээр байдлыг харгалзан малчдыг нийгмийн даатгалд хамруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгал, төлбөрийн тухай тусгайлсан хуулийн төслийг Засгийн газраас боловсруулаад байна. Мөн Малчин өрхийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар батлуулан, малчин өрхийг орлогын албан татвараас чөлөөлсөн.

    Засгийн газраас цаашид малчдын малынхаа чанарыг сайжруулах, таримал бэлчээр, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутгийн бэлчээрийг ашиглаж худаг, уст цэг гаргах, түүхий эд бүтээгдэхүүнийг орон нутагтаа боловсруулах чиглэлээр нэгдэж хоршоо, бүлэг, нөхөрлөлийн хэлбэрээр ажиллах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр 2011 оны улсын төсөвт 56,0 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг тусгуулаад байна.

    УИХ-аар батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үе шатны төлөвлөгөөг Засгийн газар баталж, хэрэгжүүлэх арга хэмжээг авч байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын төсвөөс 2010 онд 5,3 тэрбум төгрөг зарцууллаа. Мөн Засгийн газраас бүх сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд “Мал эмнэлэг, үржлийн тасаг” байгуулах асуудлыг шийдвэрлэж, нийт 329 суманд 658 мэргэжилтэнг ажиллуулан, тэдгээрийн цалин, үйл ажиллагааны зардлыг хариуцаж байна. Ийнхүү малчдын талаар Засгийн газраас баримтлах бодлого тодорхой байгаа.

    Энэ бодлогыг та бүхэн маань хэрхэн, яаж хэрэгжүүлж байна вэ? Малчдын хүүхдийг дотуур байраар бүрэн хангаж чадаж байна уу? Малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудал ямар шатанд явж байна вэ? Малчин бүрт эмнэлгийн үйлчилгээг үзүүлж чадаж байна уу? Хичнээн малчин нэрийн данстай болсон бэ? гээд та бүхнээсээ асуух олон асуулт надад байна. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэх үүргийг Засгийн газраас та бүхэнд өгсөн. Хэрэгжилт нь ямар байгааг Засгийн газарт төдийгүй хөдөөгийн малчин иргэдэд тайлагнах цаг болсон гэж бодож байна. Мөн отор нүүдлээр яваа малчдаас ихээхэн хэмжээний татвар хураамж нэхэж, дарамт үүсгэдэг хандлага их байгааг аймаг, орон нутгийн удирдлагууд Та бүхэн анхаарах хэрэгтэй.  
     
    Тавдугаарт: Бидний онцгой анхаарах өөр нэг асуудал нь байгалийн баялгийг зохистой ашиглахын зэрэгцээ байгаль орчноо хамгаалах явдал боллоо. Энэ талаар их ярьсан ч үр дүн нь эсрэг байгааг олон нийт, орон нутгийнхан ярьж шүүмжилж байгаа нь зөв юм. Орон нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа компани бүр нутгийн иргэдтэй хамтран ажиллаж үйл ажиллагаа, олборлолт, нөхөн сэргээлтийн талаар зөв мэдээлэл солилцдог тогтсон механизмтай болох шаардлагатай. Мөн Сангийн яам, орон нутгийн удирдлага ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс улс, орон нутгийн төсөвт оруулсан татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг, хандив, тусламжийн тайланг гаргаж нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад мэдээлж, тэдний хяналтыг бий болгох явдал чухал  юм.

    Хөрс, ургамал, ус, бэлчээр, хадлан тариалангаа хамгаалах талаар судалгаа шинжилгээ, үнэлгээг тодорхой давтамжтайгаар тогтмол хийж, түүнд суурилсан төлөвлөгөөг иргэдийн оролцоотойгоор гаргаж, олон нийтийг  хамруулсан ажил зохион байгуулж,  мэдэгдэхүйц үр дүнд хүргэх хэрэгтэй.

    Зургаадугаарт: Даяаршиж буй өнөөгийн  нийгэмд тулгамдсан олон асуудлыг төрийн байгууллагууд  дангаар шийдвэрлэх боломжгүй юм.  Төрийн болон орон нутгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын оролцох оролцооны ач холбогдол нэмэгдсээр байна.  Иймд төр, иргэний итгэлцлийг бэхжүүлэх, гарч буй шийдвэрийн бодит биелэлтийг хангах үүднээс нутгийн удирдлагын байгууллагууд аливаа асуудлыг боловсруулах, хэлэлцэх, хэрэгжүүлэх, хяналт тавих  ажилд хувийн хэвшил, иргэд, олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийнхнийг оролцуулах боломжийг бүрдүүлж ажиллах  хэрэгтэй. Энэ бодлогын хүрээнд орон нутгийн төрийн бус байгууллагуудад тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болгож байна. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар иргэдийнхээ оролцоогүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдгийг зарчим болгон ажиллах хэрэгтэй.

    Долоодугаарт: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн үндэслэлгүй  өсөлтөөс орон нутгийн ард иргэдээ хамгаалах асуудлыг анхаарлынхаа төвд байнга  байлгаж,  зохион байгуулалтыг сайжруулах хэрэгтэй. Засгийн газар “Атрын III аян” тариалангийн  хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, улаан буудай, төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой боллоо. Газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн тоо нэмэгдэж, тэдгээрийн хөдөө аж ахуйн техник хэрэгслийн хангамж нэмэгдсэн нь манай орны тариаланчид бас Та бүхний хичээл зүтгэлийн үр дүн юм. Хүн ардаа хүнс тэжээлтэй, ажилтай, орлоготой болгох нь Засгийн газар, Та бидний хамтын ажиллагааны зорилт, үр дүн байх учиртай.

    Наймдугаарт: Сахилга, зохион байгуулалтын асуудлыг Та бүхэнд байнга сануулж ирсэн. Энэ удаа ч дахин сануулъя. Хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг орон нутагт шуурхай зохион байгуулж, биелүүлдэг хариуцлагыг бүх шатны нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд Та бүхэн хэнтэй ч хуваалцахгүйгээр үүрэх ёстой. Орон нутагт ажиллах явцад хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилт сайнгүй байгаа нь олон удаа ажиглагдсан. Орон нутгийн захиргааны байгууллагууд төрийн мэдээлэл, төрийн үйлчилгээг ард иргэдэд хангалтгүй хүргэдэг гэсэн шүүмжлэл байсаар байна. Иймд манай бүх шатны Засаг дарга нар хуулийн  хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн үүрэгт ажилдаа  анхаарлаа хандуулж ажиллахыг сануулъя.

    Монгол Улсын Засгийн газар үр дүнд суурилсан удирдлага, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх бодлогыг тууштай баримтлах болно. Энэ бодлогын хүрээнд Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний эрх зүйн орчин, тогтолцоог төгөлдөршүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг дээшлүүлэх талаар тодорхой зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Бид хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн бодлого, зорилтынхоо үр дүнг нэг бүрчлэн тооцон үнэлж дүгнэх учиртай. Хийсэн бүтээснээ иргэд, олон нийтэд ил тодоор хэлж, болохгүй бүтэхгүй зүйлээ тухай бүр нь засч залруулахын төлөө тууштай чармайж, тэдний дэмжлэгийг авч ажиллах шаардлагатай байна.

    Эцэст нь тэмдэглэж хэлэхэд  ард түмэн Та бидний үйл ажиллагаанд дүн тавих сонгуулийн бүрэн эрхийн  хугацаа дуусах  ойртож байна. Ард иргэдээ ажилтай, орлоготой болгож, амьдралыг нь сайжруулах үүднээс л бид төсвийн болон бизнесийн  шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа. Эдгээр зорилтыг ажил хэрэг  болгож, ард иргэдийн амьдралд мэдэгдэхүйц үр дүн гаргахын төлөө  Та бүхнээс гаргасан хүчин чармайлт, арга  туршлагыг бүх талаар дэмжин тусалж,  идэвх  санаачлагагүй үйлдэл  бүрт хариуцлага тооцох болно.

    2011 он бол Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны бүтэн жилээр ажиллах сүүлийн жил. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт энэ оны ажлаас бүрэн хамааралтай гэдгийг зориуд цохон тэмдэглэе. Та биднийг хүлээж байгаа өвөлжилт, хаваржилтын цаг үеийн амаргүй ажилд байнга анхаарч ажиллах хэрэгтэй. Хүйтний эрч эрс чангарч, зарим аймаг, сумдад өвөлжилтийн байдал хүндэрч сэтгэл түгшээж эхэллээ. Гэхдээ энэ жил өнгөрсөн жилийн сургамжид тулгуурлан орон нутгийн удирдлагууд Та бүхэн ажилдаа хэрхэн хандсаныг, үүрэг даалгаврыг яаж биелүүлснийг илтгэн харуулах нэгэн шалгуур болно гэж би харж байна.   

    Амжилт ололтын зэрэгцээ дутагдал бэрхшээл ч байсан энэ он бидэнд туршлага, сануулга болон үлдэж байна. Харин угтан ирж буй 2011 ондоо ихийг бүтээж, илүүг хийж, амжилтаа бататгаж, алдаагаа засаж ажиллахыг нэг багийн хамт олон Та бүхнээс хүсье. 

      Анхаарлаа хандуулсанд баярлалаа.

  • “Атрын III аян”-ыг “хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлнэ

    “Атрын III аян”-ыг “хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлнэ“Атрын III аян” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 53.7 хувийг дотоодын ургацаас хангах бүрэн боломж бүрдсэн. Харин дараагийн шатанд хүнсний аюулгүй байдал, чанарт Засгийн газар гол анхаарлаа хандуулж байна. Ингэхдээ  эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх, хүнсний хангамжийн чанар, тоо хэмжээ, аюулгүй байдлыг дээшлүүлэх, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд, “Атрын III аян”  тариалангийн хөгжлийн хөтөлбөрийн үндэсний зөвлөлийн дарга С.Батболд хэлэв.

    Цаашид төр, хувийн хэвшил, иргэд, олон нийтийн оролцоог хангах замаар хүн амыг чанартай, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангаж, эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих нь “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийн зорилго юм.  

    Хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр багагүй ажил хийхээр боллоо. Тухайлбал Увс, Завхан аймагт үр тариа, тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, Ховд, Говь-Алтай аймагт хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг хөгжүүлэн баруун бүс нутгийн хэрэгцээг хангах, төвийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх, зүүн бүс нутагт тодорхой төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн буудай болон буурцагт ургамлын тариалалтыг нэмэгдүүлж, улмаар экспортын чиг баримжаатай болгон хөгжүүлэхийг зорьж байна.

    Энэ талаар 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордонд болсон “Атрын III аян” тариалангийн хөгжлийн хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ. 10 жил уналтад ороод байсан газар тариалангийн салбарыг хөл дээр нь босгохын тулд Ерөнхий сайд асан С.Баяр “Атрын III аян”-ыг санаачлан хэрэгжүүлснээр энэ салбарт эрх зүй, эдийн засаг, техник технологийн шинэчлэл хийгдэж, иргэдээ дотооддоо үйлдвэрлэсэн аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангах бодит боломж бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцоллоо.

    “Атрын III аян”-ы хүрээнд энэ онд 366.3 мянган тонн үр тариа, үүнээс 344.5 мянган тонн буудай, 169 мянган тонн төмс, 90.3 мянган тонн хүнсний ногоо, 5 мянган тонн арвай, 3.1 мянган тонн овъёос, 538 тонн хөх тариа, 12.9 мянган тонн тосны ургамал, 205 тонн гурвалжин будаа, 38.9 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Ингэснээр манай улс жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 53.7 хувийг дотоодын ургацаас хангах бүрэн боломж бүрдсэн юм.

    Ургац хураалтын дүнг анх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2007 онтой харьцуулахад үр тариа 251.7 мянга, төмс 55.4 мянга, хүнсний ногоо 10.9 мянга, малын тэжээлийн ургамал 26.9 мянган тонноор ахиу байна. Аяны хүрээнд 276.2 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэсний 75.8 мянган га нь цомхотгосон технологоор боловсруулсан бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад нийт бэлтгэсэн уринш 7.4 мянган га-гаар, түүнээс дэвшилтэт технологоор бэлтгэсэн уринш 28.5 мянган га-гаар нэмэгджээ.

    “Атрын III аян”-ы хүрээнд 6 мянга гаруй механикжуулагч, ногоочин ажлын байртай болж, техник, технологийн дэвшил, шинэчлэл нэвтэрсэн байна. Ингэснээр нэгжээс хурааж авсан ургацын хэмжээ улсын дунджаар үр тарианд 13.9-16 цн, төмс, хүнсний ногоонд 122.2-138.4 цн-т хүрч томоохон ахиц дэвшил гарлаа

  • С.Батболд: Монгол Улсыг зах зээлийн бус статустай орны жагсаалтаас гаргах галт тэрэг хөдөллөө

    С.Батболд: Монгол Улсыг зах зээлийн бус статустай орны жагсаалтаас гаргах галт тэрэг хөдөллөө Европын стандарт, нормыг Монгол нутагшуулах зорилтыг Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын тэргүүний ажлыг авсан  өдрөөсөө дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд цөөнгүй асуудлууд нааштай шийдэгдэж байна. Хамгийн сүүлийн жишээ бол Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын холбооны хоорондын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа. Тус хэлэлцээрт Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх талаар хамтран ажиллах тухай тусгай бүлэг тусгагджээ.

    Энэхүү хэлэлцээрийг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Европын комиссын гадаад харилцааны Ерөнхий газрын Монгол Улсыг хариуцсан хэлтсийн дарга Франц Жессен нар үзэглэлээ.

    Мөн энэ үеэр Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулах асуудалтай холбогдсон асуултуудыг Европын комиссоос манай талд гарууллаа. Энэ нь Монгол Улсыг зах зээлийн бус статустай орны жагсаалтаас гаргах, хөгжлийн нэг шат ахих галт тэргийг хөдөлгөлөө гэдгийг Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэллээ. 

    Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг үзэглэснээр Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн томоохон зорилтын нэг болох Европын стандарыг Монголд нутагшуулах болон  хоёр талын харилцаа хамтын ажиллагааг шинэ салбаруудад өрнүүлэх эрх зүйн орчин, Монгол Улс, Европын холбооны харилцааг шинэ шатанд гаргах нөхцөл бүрдэж байна гэж Ерөнхий сайд С.Батболд дүгнэлээ.

    Мөн Европын холбоотой байгуулж байгаа Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр бол Монгол Улсыг ардчилсан улсын хувьд ч , зах зээлийн статустай орны хувьд ч хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэдгийг тодорхойллоо. Энэ хүрээнд Европын стандартыг Монголд нутагшуулах, үүнд техникийн туслалцаа үзүүлэх өргөн хүрээтэй асуудлуудыг хөндсөн хэлэлцээрийг үзэглэж байгаа нь улс төр, эдийн засаг, харилцаа хамтын ажиллагаанд туйлын ач холбогдолтой гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлолоо.

    Монгол Улс зах зээлийн бус статустай орны жагсаалтад өнөөг хүртэл байж ирсэн. Зах зээлийн статустай оронд тавигддаг шаардлагуудыг бүрэн дүүрэн хангасан уу гэдэгт тодруулга, яриа хэлэлцээр хийх шаардлага байсан. Өнөөдөр энэ асуудлыг шийдвэрлэх, шийдүүлэхийн тулд тодорхой асуудлаар яриа хэлэлцээр хийх үндэс тавигдаж байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Монгол Улсын Засгийн газар Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад судлан нэвтрүүлэх ажлыг санаачилж, улмаар түүнийг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байгаа. Европын холбооноос энэ ажлыг дэмжиж, 2011-2012 онд 8 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсонд талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

    Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг манай улсад нэвтрүүлж эхэлснээр манай улсын хөгжлийг хурдасгах, үүнд олон зуун жилийн турш Европын улс түмний хуримтуулсан тэргүүний, дэвшилтэд туршлага, арга технологийг ашиглах, улмаар манай ард түмний аж амьдрал, соёлын түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг Засгийн газрын тэргүүн хэлж байлаа. Монгол Улс газар зүйн хувьд Европоос алс хол оршдог ч хөгжлийн гол чиг хандлага, арга зам, загвар, үнэлэмжийн хувьд улам ойртоно гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ.

    Ийнхүү манай улс 27 орон, 500 сая хүн амыг нэгтгэсэн Европын холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан Азийн цөөхөн орны нэг боллоо