Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Катар улстай эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх боломж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Катар Улсын Санхүү, эдийн засгийн сайд Юсеф Хуссейн Камалыг хүлээн авч уулзав. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хөгжих боломж байгааг Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглээд эдийн засаг, нийгмээ богино хугацаанд хөгжүүлсэн туршлагыг нь сонирхож байгаагаа хэлэв. Катар Улсаас үзүүлсэн 10 сая ам долларын буцалтгүй тусламжаар “Мянганы зам” хөтөлбөрийн хүрээнд хатуу хучилттай зам тавьж байгааг тэрээр дурдаад Катар Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсад айлчлахыг урьсан урилгаа нотоллоо.

    Газрын тосны баялаг нөөцтэй Катарын эдийн засаг тогтмол өсөлттэй байдаг бөгөөд туршлагаасаа хуваалцахад бэлэн. Ялангуяа харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа Санхүү, эдийн засгийн сайд Юсеф Хуссейн Камал илэрхийллээ. Тэрээр Ерөнхий сайд С.Батболдод Ерөнхий сайдынхаа илгээлтийг гардуулав

  • Монгол улс, Орос Холбооны Улсын Засгийн газрын тэргүүн нарын хэлэлцээний дүнгийн тухай хамтарсан албан мэдээ

    Монгол улс, Орос Холбооны Улсын Засгийн газрын тэргүүн нарын хэлэлцээний дүнгийн тухай хамтарсан албан мэдээМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсын Засгийн газрын Дарга В.В.Путины урилгаар 2010 оны 12 дугаар сарын 13-16-нд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын явцад 12 дугаар сарын 14-нд Монгол, Оросын Засгийн газрын тэргүүн нарын хэлэлцээ болов. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Дарга С.М.Миронов, Холбооны Хурлын Төрийн Думын Дарга Б.В.Грызлов, Оросын зарим яам, байгууллагуудын удирдлагатай уулзав.
    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Санкт-Петербург хотод зочлов.

     Засгийн газрын Тэргүүн нар 2009 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.А.Медведев нар гарын үсэг зурсан Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Улаанбаатарын Тунхаглалын зарчим, үзэл санааны дагуу тогтвортой, эрчимтэй хөгжиж  байгаа Монгол-Оросын харилцааны байдал, төлөвийг өндөр үнэлэв. Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд Монгол-Оросын стратегийн түншлэлийг өрнүүлэх нь улс төрийн чухал ач холбогдолтой гэж Талууд үзэж байна.

    Хоёр улсын удирдагчдын тохиролцоог тууштай хэрэгжүүлэх, хоёр болон олон талын хүрээнд харилцан сонирхсон салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхлоо Талууд нотоллоо. Засгийн газрын тэргүүн нар хоёр талын улс төрийн яриа хэлэлцээ, түүний дотор өндөр, дээд түвшинд ч эрчимтэй явагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

    Талууд 2011 онд Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жил, сансрын хамтарсан нислэгийн 30 жилийн ойг хамтран тэмдэглэхээр тохиролцлоо.Монголын тал 2009-2010 оны хатуу өвлийн хохирлыг даван туулахад буцалтгүй тусламж үзүүлсэнд Оросын Холбооны Улсад талархал илэрхийлэв.

    Засгийн газрын тэргүүн нар худалдаа-эдийн засаг, эрчим хүч, хүмүүнлэгийн болон хоёр талын харилцааны бусад салбарт сүүлийн жилүүдэд гарсан ахиц дэвшлийг сэтгэл ханамжтай тэмдэглэн, Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг сайшаан үнэлж, үйл ажиллагааг нь цаашид идэвхжүүлэхээр тохиролцлоо.

    Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтын хүрээнд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав
    • Монгол – Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх Хөтөлбөр
    • Бүс нутаг болон хил орчмын нутгийн хамтын ажиллагааг 2011-2012 онд эрчимжүүлэх нэн тааламжтай эрх зүй, худалдаа-эдийн засгийн болон бусад нөхцлүүдийг бүрдүүлэх арга хэмжээний  төлөвлөгөө
    • Насанд хүрээгүй иргэдийн цэргийн бэлтгэл хангах нэмэлт хөтөлбөр бүхий боловсролын байгууллагад насанд хүрээгүй иргэдийг бэлтгэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр
    • Оросын Холбооны Улсын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр
    • Монгол Улсын ачааг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх тухай Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам,  ОХУ-ын Зам тээврийн яамны хоорондын Санамж бичиг
    • Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яам, ОХУ-ын Эрчим хүчний яам хоорондын Санамж бичиг
    • Газрын хэвлийн геологийн судалгаа болон ашиглалтын тухай Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Оросын Холбооны Улсын Байгалийн баялаг, байгаль орчны яамны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг
    • «Дорнод уран» хязгаарлагдмал хариуцлагатай хамтарсан компани байгуулах зарчмын нөхцлүүдийн тухай Хэлэлцээр
    • Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын Хууль зїйн яамны Улсын бүртгэлийн танхим хоорондын хамтын ажиллагааны Хэлэлцээр
    • Орос Улстай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл (Монгол Улс), Монгол Улстай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл (Оросын Холбооны Улс)хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
    • Монгол Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий газар,  “Ильюшн Финанс Ко” нээлттэй хувьцаат компанийн хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг

    Дэлхий нийтийг хамарсан хямралын үр дагавраас улбаалан олон улсын зах зээл тогтворгүй байгаа хэдий ч Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа хамтын хүчин чармайлтын дүнд нааштай хандлагатай байгааг Талууд тэмдэглэв. Хоёр талын худалдаа сэргэж өсөх шатанд явагдаж, үзүүлэлтүүд нь хямралын өмнөх түвшинд дөхөж ойртов. Оросын Холбооны Улс Дэлхийн худалдааны байгууллагад даруйхан элсэхийг Монгол Улс дэмжиж байна. Хоёр талын худалдааг либералчилж, өргөжүүлэх зорилгоор Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нөхцөл боломжийг судалж үзэхээр Талууд тохиролцов.

    Хоёр улсын нийгэм-эдийн засгийн хөгжил, тэдгээрийн үндэсний эдийн засгийг шинэчлэх зорилгод нийцсэн худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны өндөр эрч хүчийг хангахад чиглэсэн хамтын хүчин чармайлтаа цаашид ч гаргахыг Талууд зорьж байна. Энэ үүднээс Талууд дараахыг тохиролцов:
    -Монгол-оросын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх,
    -Монгол Улс, Оросын Холбооны Улсын хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх үүднээс  нэн тааламжтай эрх зүй, худалдаа-эдийн засгийн болон бусад нөхцөлийг бий болгох 2011-2012 оны арга хэмжээний Хамтарсан төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх,
    -Монгол Улсын эдийн засагт мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэж байгаа Монгол-Оросын хамтарсан үйлдвэрүүд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн үр ашгийг дээшлүүлэх нэмэлт арга хэмжээ боловсруулах,
    -Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон Оросын Холбооны Улсын Тээврийн яамны хооронд Монгол Улсаас Оросын Холбооны Улсын нутгаар дамжуулан ачаа тээвэрлэх тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн үндсэн дээр  Засгийн газар хоорондын хэлэлцээрт ойрын үед гарын үсэг зурах,
    -Монгол-оросын “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг тэнцүү хэмжээгээр 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх асуудлыг зохицуулах. Энэ нь тус газрыг ихээхэн хэмжээгээр шинэчлэх боломж олгож, Монгол Улсын төмөр замын дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ.
    -2011 оны хавар-зуны улиралд үйл ажиллагаа явуулах боломжийг харгалзан Монголын нөөц баялгийг олборлож ашиглах хүрээнд Монгол-Оросын “Дэд бүтцийн хөгжил” ХХК болон түүний түншүүд “УБТЗ”-тай холбогдох шинэ төмөр зам байгуулах ажилд оролцох нөхцөл, мөн Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүнийг Оросын Холбооны Улсын алс дорнодын боомтуудад дамжин тээвэрлэх, түүний дотор төмөр замын урт хугацааны хөнгөлөлттэй тариф тогтоохтой холбогдсон асуудлыг тохиролцох,
    -Тохиролцсон зарчмуудын үндсэн дээр хамтарсан “Дорнод уран” ХХК-ийг үүсгэн байгуулах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурах,
    -Хөдөө аж ахуйн салбар дахь хил орчмын болон бүс нутгийн харилцан ажиллагааны боломж  болон Оросын Холбооны Улсад нийлүүлэх Монголын мах, махан бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор монгол малыг эрүүлжүүлэх хүч чармайлтад онцгой анхаарал хандуулан хоёр улсын харилцааны уламжлалт чиглэлүүдийн нэг болох энэхүү салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх,
    -Монгол Улсын Засгийн газрын “100000 айлын орон сууц” Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Оросын барилгын компаниудыг үргэлжлүүлэн оролцуулах тухай Монголын талын саналыг шуурхай авч үзэх,
    -Монгол Улсын Оросын Холбооны Улс дахь, Оросын Холбооны Улсын Монгол Улс дахь үл хөдлөх хөрөнгийн асуудлууд болон газар ашиглах нөхцлийн талаар харилцан хүлээн авч болохуйц шийдвэрийн хувилбаруудыг олох ажлыг үргэлжлүүлэх; хоёр улсын үндэсний хууль тогтоомжтой нийцүүлэн Улаанбаатар, Дархан хотод байгаа орон сууцны 8 байрыг Оросын талаас Монголд үнэ төлбөргүй шилжүүлэн хүлээж авах баримт бичгүүдийг бэлтгэх;

    Хоёр улсын хооронд цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг Засгийн газрын Тэргүүн нар сэтгэл ханамжтай тэмдэглэв. Монголын тал Оросын Холбооны Улсад Монголын зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, боловсон хүчнийг бэлтгэхэд дэс дараатай тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Хоёр тал Монгол-Оросын  «Дархан»  цэргийн хамтарсан сургуулийн  дүнг өндрөөр үнэлээд ийм төрлийн цэргийн хамтарсан сургууль, тухайлбал Монгол болон Оросын нутаг дэвсгэрт терроризмын эсрэг ажиллагаа явуулах үед хоёр улсын цэргийн анги салбарууд хамтран ажиллах арга замыг боловсруулах сургуулилтыг  тогтмол зохион байгуулах ажлыг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа Талууд илэрхийлэв.

    Хүмүүнлэгийн салбарт, түүний дотор Монголын иргэдийг Оросын их дээд сургуулиудад суралцуулах тоо хэмжээг  нэмэгдүүлэх, Монгол дахь Оросын их дээд сургуулиудын салбаруудад мэргэжилтэн бэлтгэх, давтан бэлтгэх, сургалтын хөтөлбөр солилцох, шинжлэх ухаан, соёл, боловсролын  зүтгэлтнүүдийн хооронд харилцаа холбоог өргөжүүлэх салбарт Монгол Улс, Оросын Холбооны Улс  хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

    Монгол Улс болон Орос Улс  олон улс, бүс нутгийн тулгамдсан асуудлуудаар ойролцоо буюу  ижил байр суурьтай байгааг хоёр улсын Засгийн газрын Тэргүүн нар тэмдэглэлээ. Талууд олон улсын аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, дэлхий нийтэд заналхийлсэн олон улсын терроризмын бүхий л хэлбэр илрэл, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины наймаа, хууль бус зэвсгийн болон хүний худалдаатай тэмцэх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

    Оросын тал Монгол Улсаас олон улсын болон бүс нутгийн талбарт хийж буй ихээхэн  санаачилгатай алхмууд болон олон улсын харилцааны системд гүйцэтгэж байгаа үүрэг, тухайлбал далайд гарцгүй  орнуудын дунд өсч байгаад баяр хүргэв. Ази-Номхон далайн бүс нутгийн интеграцийн үйл явцад Монгол Улс, Оросын Холбооны Улс оролцохын чухлыг Талууд онцлон тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан шинээр гишүүн элсүүлэх хориг цуцлагдсаны дараа “Ази,Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа”-ны чуулга уулзалтад нэгдэж оролцох Монгол Улсын төлөвлөгөөг дэмжинэ гэдгээ Оросын тал дахин илэрхийллээ.

    Засгийн газрын тэргүүн нар Солонгос хоорондын харилцаанд хурцадмал байдал газар авсанд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлэв. Өөр хоорондын бүхий л асуудлыг тус тусын хууль ёсны эрх ашгийг харгалзан яриа хэлэлцээний замаар улс төр-дипломатын аргаар шийдвэрлэхийг БНСУ, БНАСАУ-д уриаллаа. Талууд Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой, Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлаарх зургаан талт хэлэлцээг сэргээх нэн  шаардлагатай байгаад анхаарлаа онцлон хандууллаа. Чингэхдээ БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1718 болон 1874 дугаар тогтоолуудын шаардлагуудыг бүрэн дүүрэн биелүүлэх ёстой гэж Талууд үзэв.

    Талууд бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чухал хүчин зүйл болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ.  Ажиглагч улсын хувьд ШХАБ-д улам бүр жинтэй үүрэг гүйцэтгэхэд чиглэсэн Монгол Улсын  эрмэлзлэлийг Оросын Холбооны Улс сайшаан хүлээж авав.

    Монголын тал олон улсын эрх зүйн зарчим, эвсэлд үл нэгдэх үндсэн дээр, бүс нутгийн улс орнуудын хууль ёсны эрх ашгийг харгалзсан аюулгүй байдал, хамтын ажиллагааны нээлттэй, ил тод, эрх тэгш тогтолцоог Ази, Номхон далайн бүс нутагт бий болгох тухай орос-хятадын санаачлага чухал ач холбогдолтойг Монголын тал тэмдэглэв.

    Оросын тал цөмийн зэвсэгтэй бусад улс орнуудтай хамтран Монголын цөмийн зэвсэггүй статусын баталгаатай холбоотой асуудлаар Монголын талтай яриа хэлэлцээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.Талууд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд ач холбогдол өгч байгаагаа нотоллоо. Тэд уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенци, Киотогийн протоколоор баталсан зарчмууд, тэр дундаа “нийтээр боловч ялгаатай хариуцлага хүлээх” зарчмыг цаашид тууштай мөрдөх болно.

    Талууд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Бага хурлын (Канкун, 2010 оны 12 дугаар сар) үр дүнг харгалзан уг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд халуун дотноор хүлээн авсанд ОХУ-ын Засгийн газрын Дарга В.В.Путинд талархал илэрхийлээд түүнийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. Урилгыг талархан хүлээн авлаа. Айлчлалын хугацааг  дипломат шугамаар товлоно.

    Москва хот   2010 оны 12 дугаар сарын  14-ний өдөр

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улс ба Зүүн Хойд Ази” сэдвээр лекц уншив

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улс ба Зүүн Хойд Ази” сэдвээр лекц уншив Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Москва хотын Олон Улсын харилцааны дээд сургуульд зочилж “Монгол Улс ба Зүүн Хойд Ази” сэдвээр лекц уншив. Энэхүү илтгэлийн орчуулгыг дор сийрүүлэв

    Эрхэм хүндэт Анатолий Васильевич,
    Эрхэм хүндэт эрдэмтэн, багш нар аа,
    Хүндэт МГИМО-чуудаа, хатагтай ноёд оо,
    МГИМО-г төгссөн нийт монгол оюутнууд, түүний дотроос 11 төгсөгч багтсан манай айлчлалын бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа биднийг халуун дотноор хүлээн авч буй Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

    Төрөлх сургуулийнхаа “Хүндэт доктор”-ын зэргийг хүртэнэ гэдэг миний хувьд  нэр төрийн хэрэг юм. “Хүндэт доктор”-ын зэргийг орон орны цуу алдартай улс төрч, нийгэм, шинжлэх ухааны зүтгэлтнүүд хүртэж байсан бөгөөд энэхүү нэр төртэй эгнээнд элсэж буйдаа миний бие мөн баяртай байна. 

    Түүнчлэн, энэ үйл явдал нь дипломат, олон улсын харилцааны мэргэжилтнүүдийг бэлтгэгч, дэлхийд танигдсан эрдмийн их уурхайгаас төрөн гарсан үе үеийн монгол төгсөгчдийн нэр төрийн хэрэг хэмээн  үзэж байна. Үүнтэй холбогдуулан хилийн чанадаас оюутан элсүүлж сургаж эхэлсний 65, тэдний анхны төгсөгчдийн 60 жилийн ой ирэх онд тохиож буй МГИМО-д баяр хүргэе.

    Чухамхүү монгол залуус л анхны гадаад оюутнууд болсон нь бидний энэхүү ойд ач холбогдол үзүүлж буйн утга учир оршиж байгаа юм. Мөн манай Засгийн газрын танхимын 20 хувь, түүнчлэн төр, засгийн өндөр хариуцлагатай албан тушаал, бизнес, нийгмийн амьдралд тэргүүлэх байр суурийг МГИМО төгсөгчид эзэлж буйг Та бүхэнд дуулгахад таатай байна.

    Вернадскийн өргөн чөлөө дэх будаг нь ханхалсан шинэхэн байрны босгыг анд нөхдийн хамт алхан орсноос хойш эдүгээ 30 шахам жил өнгөрчээ. Өнөөдөр төгссөнөөсөө хойш анх удаа өөрийн төрөлх сургуульдаа зочлоход оюутан ахуйн гэгээн дурсамжууд хөврөн орж ирж байна. “Энэ л манай сургууль, энэ л манай тамга, өөрийг бид зуун зуунаар ч хүсэхгүй” хэмээсэн бид бүхний сайн мэдэх нэгэн яруу найрагч-дипломатын хэлсэн үг бий. Би ч мөн адил МГИМО хэмээх ертөнцийн нэгээхэн хэсэг болсноороо бахархаж байна.

    Сургууль маань зааж буй гадаад хэлнийхээ тоогоор “Гиннесийн ном”-нд бүртгэгдсэнийг дуулахад их таатай байсан. Түүнчлэн МГИМО төгсөгчдийн Монголын Холбоо нь ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд доторх хамгийн идэвхитэй нь бөгөөд энэ удаагийн уулзалтад тус байгууллагын тэргүүн, миний нөхөр, нэг сургуулийн анд Зоригт оролцож байгааг Та бүхэнд дуулгая.

    Эрхэм нөхөд өө,
    Ирж буй 2011 он бол манай орны хувьд ихээхэн чухал жил болох юм. Бид 1911 оны Эрх чөлөөний хөдөлгөөний/хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойгоо тус тус тэмдэглэн өнгөрүүлэх юм. Түүнчлэн манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг ирэх онд бид хамтран тэмдэглэнэ.

    Хорьдугаар зууны Монголын түүх Оросын ард түмний гүйцэтгэсэн үүрэг, тусламж дэмжлэгтэй салшгүй холбоотой. Манай хоёр улс 1939 онд Халхын голд хамт тулалдаж, 1945 онд ах дүүгийн барилдлагат үндэстнүүдийг гадны түрэмгийлэгчдээс хамтдаа чөлөөлж байсан билээ. Дэлхийн хамтын нийгэмлэг Аугаа их эх орны дайны ялалтын 65 жилийн түүхт ойг энэ жил тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд манай ард түмэн зөвлөлтийн Улаан арми болон оросын ард түмэнд сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлж Аугаа их ялалтад хувь нэмрээ оруусныг дурсахад таатай байна.

    Хорьдугаар зууны хоёрдугаар хагаст Эрдэнэт, Монросцветмет, Улаанбаатар төмөр зам зэрэг Монголын нийгэм-эдийн засгийн хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлсэн билээ. Зөвлөлтийн, өнөөдрийнхөөр Оросын их, дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн мянга мянган охид, хөвгүүд эдүгээ манай хоёр орны найрамдлын гүүр болж байна.

    Сүүлийн жилүүдэд манай хоёр орны хоёр талын харилцаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэхийг хүсч байна. 1990-ээд оны эхэн үеэс хойш уналтад ороод байсан хоёр талын харилцаа 2000 оноос хойш гайхалтай өргөжин тэлж байна. Бид олон жилийн нөхөрлөл, тууштай хамтын ажиллагааны хүчинд бий болгосон ололт амжилтаа бататгахын зэрэгцээ улам илүү  амжилтад хүрэхийн тулд бүх хүчээ дайчлах ёстой гэж үзэж байна.

    Иймээс ч манай улс ОХУ-тай сайн хөршийн харилцаатай байх нь бидний нэн тэргүүний зорилт юм. 2009 оны 8 дугаар сард гарын үсэг зурсан Стратегийн түншлэлийг хөгжүүлэх “Улаанбаатарын Тунхаглал”-ын утга агуулга, зарчмын дагуу харилцааг өргөжүүлэх нь манай засгийн газрын гадаад бодлогын гол чиглэл байх болно. Монгол улсын Засгийн газрын тэргүүний хувьд ОХУ-д хийж буй энэхүү албан ёсны айлчлал маань хоёр улсын стратегийн түншлэлийг хөгжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн бөгөөд хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан техник,худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.

    Бидний өмнө хэлэлцэж байсан орд газруудыг хамтран ашиглалтанд оруулах асуудлын зэрэгцээ, чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судлах, байгалийн хий,  нефть,  нефтийн бүтээгдэхүүн болон эрчим хүчийг харилцан нийлүүлэх, дамжин өнгөрүүлэх /транзит/ боломж,  нөхцөлийг бүрдүүлэх үүднээс газрын тос, хийн болон эрчим хүчний дэд бүтэц байгуулах, хил залгаа бүс нутгийн хамтын ажиллагааг  өргөжүүлэх, төмөр замаар ачаа тээвэрлэх асуудлаар урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал транзит тээврийн чиглэлээр хамтран ажиллах зэрэгасуудал нь манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхэд чухал хүчин зүйлс юм.

    /Хүндэт нөхөд өө,/
    Өнөөгийн Улаанбаатар умард дорнодыг хослуулан өнгө зүсээ маш хурдтайгаар өөрчилж буй хот юм. Энд орчин үеийн хийц дизайн бүхий өндөр барилгууд, 70, 80-аад оны угсармал орон сууцууд, шинэ барилгууд гэр хороолол, буддын шашны сүм хийд болон дэлхийд зартай тансаг брэндийн дэлгүүрүүдтэй зэрэгцэн оршиж байна. Гудамжинд хүмүүс зөвхөн монгол хэлээр тогтохгүй англи, солонгос, япон, хятад хэлээр, мэдээж орос хэлээр харилцаж буйг сонсож болно.

    Өнөөдөр Улаанбаатар хотоор зорчиж буй 200 гаруй мянган тээврийн хэрэгслэл нь Москвагийн төв тойрогт үүсдгээс дутахааргүй түгжрэл үүсгэх болсон. Өнгөрсөн зууны эхэнд хамгийн буурай хөгжилтэй, түгжигдмэл улсуудын нэгд тооцогдож байсан манай улс өнөөдөр хамгийн залуу, эрч хүчтэй улсын нэг болж байна. Манай нийт хүн амын 70 хувийг 35 хүртэлх насны иргэд эзэлж байна. Хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч байгалийн баялаг, нүүдэлчин аж амьдралаа хадгалж ирсэн Монгол Улс сүүлийн 20 жилийн хугацаанд парламентын засаглалтай ардчилал болон зах зээлийн эдийн засгийн үндэс суурийг бий болгон хөгжүүлж ирсэн.

    Манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн шилжилтийн үе нь харьцангуй тайван болж өнгөрснийг би энд цохон тэмдэглэмээр байна.
    90-ээд оны эхнээс Монгол улс нь эдийн засгийн шинэчлэлийн асуудалдаа тодорхой амжилтууд гаргасан. Харьцангуй богино хугацаанд бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж чадсан. Өдөр ирэх тусам манай эдийн засгийн үзүүлэлт,иргэдийн аж амьдрал дээшилж байна. Манай орны эдийн засгийн өсөлт 2000 оноос эхлэн тогтвортойгоор дунджаар 8-9 хувиар өсөж ирсэн ба 2009 онд дэлхий нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямралаас үүдэн огцом буурсан.

    Харин энэ онд байдал сайжирч, эдийн засгийн өсөлт 7.0 хувьтай байх төсөөлөл байна. Санхүү, эдийн засгийн байдал энэ онд бүрэн тогтворжиж, ирэх онд эрчимтэй хөгжлийн үе шатандаа бид шилжинэ. Монгол улсын талаар миний дүрсэлсэн зураг бол төгс байж чадахгүй. Цаашид ч Улаанбаатар хот эрс тэс уур амьсгалтай  нийслэл гэдэг нэрээ зүүсээр байх болно. Монгол улс одоо ч гэсэн хөгжиж буй орон хэвээр байгаа ба нэг хүнд ногдох ДНБ 3000 ам.доллараас хэтрэхгүй байна.

    Манай улс хүрээлэн буй орчныхоо унаган дүр төрхийг хадгалан үлдээхийн зэрэгцээ дэд бүтэцээ хөгжүүлэх, ажилгүйдлийг багасгах, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Өнөөдөр Монгол улсад дундаж орлоготой орон болох, хурдацтай  хөгжин дэвших бодит боломж бүрдээд  байна. Уг зорилгод хүрэхэд саяхан нээгдсэн байгалийн баялагийн том ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь чухал байна.

    Манай улс хөршүүд болон Энэтхэг, Австрали, Европын Холбоо, Өмнөд Солонгос, Япон, Хойд Амеркийн үндэстэн дамнасан уул уурхайн том том пүүс корпорацуудын анхаарлын төвд орсон. Гэхдээ бид хий хөөрөлд автах биш үндэсний эрх ашиг, бодит байдлыг тунгаан дүгнэсэн бодлого баримтлана. Одоогоор уул уурхайн том төслүүдээ эдийн засгийн эргэлтэнд оруулах, түүнтэй холбогдох санхүү, дэд бүтцийг бий болгох стратеги баримтлан ажиллаж байна.

    Бид цоо шинэ нээлт хийхийг урьтал болгоогүй. Байгалийн баялгийн арвин нөөцтөй ихэнх улс орон  баялгаа үр ашигтай зарцуулсан байхад зарим нэг нь үр дүнгүй дэмий зарцуулсан тухай бусад орны туршлагыг бид судлаж байна. Стратегийн томоохон орд газруудыг ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийг гадаад зах зээлд нийлүүлэх, тээвэрлэх болон олон улсын зах зээлд гаргахын тулд биднээс ихээхэн хүчин чармайлт гаргах шаардага тулгарч байна.

    Гэхдээ энэхүү бодлогын гол нь манай улс зөвхөн түүхий эд нийлүүлэгч орон болох болон аливаа нэг орны эдийн засгаас шууд хамааралтай болох бус, харин эдгээр байдлаас сэргийлэхэд оршиж байгаа болно. Эдийн засгийг хөгжүүлэх олон талт бодлогын хүрээнд экспортын барааны нэр төрлийг олшруулах болон нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих нь чухал юм. Уул уурхайн салбарын хөгжил дээр тулгуурлан Монгол Улс аж үйлдвэр хөгжсөн орон болохын төлөө бид зорьж байна.

    Манай улс хөгжлийн шинэ шатанд гараад байгаа бөгөөд орчин үеийн шинэ аж үйлдвэрийн цогцолборыг Сайншанд хотод барих, ижил төстэй төвүүдийг бусад бүс нутагт байгуулах, дэд бүтцийн салбарыг шинэчлэх, шинээр төмөр зам, автозам барихын зэрэгцээ хамгийн сүүлийн харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна. Эдгээр зорилгоос зарим нь өнөөдөр биеллээ олоод байна.

    Дээрх зорилгын хүрээнд эдийн засаг өндөр хөгжсөн орнуудаас туршлага судлах, өөрийн хөрсөнд нутагшуулах зорилт тавин ажиллаж байна. Жишээ дурдахад, саяхан үүсгэн байгуулагдсан Төрийн банк нь стратегийн обьектууд байгуулах ажлыг санхүүжүүлэхээс гадна хувийн хэвшлийнхэнд зээл олгох болно. Монголын Хөрөнгийн бирж Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар болсон явдал нь бидний зорилгыг стратегийн шинж чанартай болгож байгаа бөгөөд энэ ньМонголын хөрөнгийн биржийг олон улсын санхүүгийн зах зээлд гарган таниулах гол хүчин зүйл байх болно.

    Түүнчлэн олон улсын стандарт, ялангуяа европын стандартыг бүх салбарт нэвтрүүлж, нутагшуулахаар төлөвлөж байна. Эдгээр зорилтыг улс төрийн түвшинд бэхжүүлэх нь чухал бөгөөд ардчилсан парламентын тогтолцоо нь манай улсад бүхий л боломжуудыг олгож байна.

    2008 оны сонгуулиар МАН/МАХН парламентад дийлэнхи олонхийн санал авч дангаар Засгийн газраа бүрдүүлэх эрх олдсон ч улс орны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө шийдвэр гаргаж Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байна. Энэхүү шийдвэр нь манай улсын өмнө тулгамдаад буй стратегийн гол зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах боломж олгож байгаа бөгөөд 2012 он хүртэл эрх барих Хамтарсан Засгийн газар улс орны өмнө тулгараад байгаа  чухал асуудлуудыг шийдвэрлэж ихээхэн амжилтанд хүрнэ гэдэгт бид итгэлтэй байдаг.

    Саяхан болж өнгөрсөн манай намын ээлжит хурлаар бид Монгол Улсад сүүлийн 20 жилд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтэд үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ Монгол Улсын хөгжлийн дараагийн 20 жилийн бодлогыг тодорхойлсон. Манай нам энэ удаагийн ээлжит хуралдаанаар өөрийн нэрээ өөрчилж, Монгол Ардын нам хэмээх анхны нэрээ сэргээн аваад байгааг олон улсын улс төр судалдаг эрхэм нөхөд та бүхэнд мэдээлэхэд таатай байна.

    /Эрхэм хүндэт хамтран зүтгэгчид ээ/,
    Бидний өмнө тавигдсан зорилгуудыг хэрэгжүүлснээр бидэнд бүс нутгийн хэмжээнд хамтран хөгжих боломж бүрдэх юм. Бидний хөгжлийн бодлогын гол хэсэг нь тухайн бүс нутгийн орны ашиг сонирхол болон хэтийн төлвийг харгалзан үзсэн нэгдсэн нэг бодлого байх болно. Монгол Улсын бодлогын тэргүүлэх зорилго нь хөрш орнуудтайгаа хамтран ажиллах явдал юм.

    Зүүн хойд Ази нь улс төр болон эдийн засгийн харилцаагаараа эрчимтэй хөгжиж буй бүс нутагт зүй ёсоор тооцогдож байна. Энэхүү бүс нутаг нь өөрийн эрдэс баялагийн нөөц, эрчим хүчний үүсвэрээс гадна үйдвэрлэлийн бүтэц, ажиллах хүчний нөөц, хөрөнгө, технологи болон зах зээлийн хэмжээгээрээ дэлхий дахины анхаарлыг татаж байна. Эдгээр нь энэхүү бүс нутгийг 21-р зууны дэлхийн эдийн засгийн тэргүүлэх төвүүдийн нэг болгохыг тодотгон харуулж байгаа юм. Сүүлийн 30 жилийн турш Зүүн хойд Азийн  дэлхийн эдийн засагт оруулж буй хувь нэмэр тасралтгүй өссөөр байна.

    2009 оны байдлаар дэлхийн нийт эдийн засгийн экспортын 20 хувь, импортын 16  хувь тус бүс нутагт ногдож байна.
    Зүүн хойд Азийн хувьд эдийн засгийн интеграцийн явц, аюулгүй байдлын хүрээн дэх олон талт хамтын ажиллагаа нь тогтворжсон Европын түвшинд хүрэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. Хүйтэн дайны ул мөрийг даван туулсан бүс нутгийн орнуудад даяаршлын нөлөө болон харилцан хамааралтай байх явдал илүү мэдрэгдэж байна.

    Солонгосын хойгийн байдал, түүхэн маргаантай асуудлууд гэх зэрэг тогтвортой байдлыг алдагдуулсан хүчин зүйлүүд одоо ч дээрх бүс нутагт оршин тогтносоор байна. Эдгээр болон бусад асуудлыг зохицуулан шийдвэрлэхэд цаг хугацаа болон бүх талын хүчин чармайлт ихээхэн шаардлагатай байгаа юм. Манай хоёр их хөрш болох Орос, Хятад хоорондын харилцаа бүс нутгийн төдийгүй дэлхий дахины тогтвортой байдал, хөгжил дэвшлийн чухал хүчин зүйл хэвээр байгаа билээ.

    200 орчим жилийн өмнөхөн Оросын гадаад бодлогын хүрээнийхэн дунд Оросын ашиг сонирхол зөвхөн Балканы хойгоор тогтохгүй Амур мөрөн, Хар Иртышд буй талаар яригддаг байсан. Гадаад, дотоод хүчин зүйлсийн улбаатайгаар 1990-ээд оны сүүлээс ОХУ Азийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх байр суурь баримтлах болсныг нааштай хандлага хэмээн Монгол улс талархан хүлээн авсан.

    Сүүлийн хэдэн жил Москва Алс Дорнодын хөгжилд чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд “2020 он хүртэлх Алс Дорнодын нийгэм эдийн засгийн хөгжлийн стратеги”-ийн талаар Хабаровскийн бага хурал дээр Ерөнхий сайд В.Путины саяхан хэлсэн үгийг ихэд талархан дэмжиж байна. Хөгжлийн хөтөлбөрөө харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа болгон зохион байгуулах бодит боломж байгаа хэмээн үзэж байгаа.

    Тухайлбал, бид хөрш Эрхүү муж улсад Ковыктинскийн байгалын хийн нөөцийг олзворлох ажлын явцыг ажиглаж байгаа бөгөөд энэ бус нутгаас хий дамжуулах хоолойг Монгол Улсаар дамжуулах сонирхолтой байдаг билээ. Энэ нь манай нийслэл хотын эрчим хүчний хамгамжийн асуудал болон экологийн нөхцөл байдлыг сайжруулахаас гадна транзитаар Хятадад хий экспортлох ирээдүйн боломжийг нээнэ хэмээн үзэж байна. Монгол Улс нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон улсын хувьд энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг хил залгаа болон ОХУ-ын орон нутгийн субъектүүдэд нийлүүлэх өргөн боломжтой.

    Бид ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэхийг ямагт дэмжиж ирсэн. Үүнтэй холбогдуулан хоёр талын хэлэлцээний үндсэн дээр 2005 онд холбогдох протоколд гарын үсэг зурсан билээ. ОХУ-тай хийж буй манай худалдаан ихээхэн алдагдалтай хэвээр байна. Манай экспортын гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татвар болон хэд хэдэн татварын бус хоригоос шалтгаалж оросын зах зээлд нэвтрэх боломжоор нэлээд хязгаарлагдмал байна.

    Худалдааг харилцан либералчлах асуудлыг хоёр тал бараг 20 жилийн турш хэлэлцэж байгаа боловч амьдрал дээр бодит ахиц гарахгүй байна. Үүнтэй холбогдуулан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цоо шинэ түвшинд авчрах, магадгүй Гаалийн холбооны түвшинд ч яригдаж болох чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах саналыг бид дэвшүүлж байгаа юм.

    Монгол Улс ураны ихээхэн нөөцтэй бөгөөд атомын эрчим хүчний салбарт ч ОХУ-тай хамтарч ажиллах сонирхолтой байгаа бөгөөд цөмийн эрчим хүчний ашиглалтыг нарийн судлах, энэ салбарт тодорхой төсөл хэрэгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийг хамтарч боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулах санал дэвшүүлж байна.

    Монгол Улс, Оросын Алс Дорнод, Зүүн хойд Хятад, хоёр Солонгос, болон Япон нь эрчим хүч, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй г.м. олон салбарт нягт хамтарч ажиллах өргөн боломжтой худалдаа, эдийн засгийн асар том орон зай билээ. Энэ төрлийн хамтын ажиллагааны урьтал нөхцөл бидэнд байгаа. Тус бүс нутгийг хөгжил цэцэглэлийн хүчирхэг хөдөлгүүр болгох зорилгоор зарим улсын байгалийн нөөц, хүний нөөцийг нөгөө хэсэг улсын өндөр хөгжсөн дэд бүтэц, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн чадавхитай хослуулах боломжтой юм.

    Дээрх нь худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбоо, аялал жуулчлал, болон хүрээлэн буй орчныг хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бүс нутгийн хэмжээний тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох юм. Зүүн хойд Азийн үйлдвэрлэлийн чадавх, шинжлэх ухаан техникийн дэвшил, хөрөнгө санхүүгийн боломжийг оновчтой, зөв тараан байршуулснаар бие биеэ харилцан нөхсөн, тухайн бүс нутгийн хөгжлийг урагшлуулсан, ард олны амьжиргааг дээшлүүлсэн нэгдсэн зорилт биелэлээ олно гэдэгт бүрэн итгэж байна.

    Хүндэд анд нар аа,
    Нийгэм-эдийн засаг, улс төрийн салбар дахь олон талт хамтын ажиллагаа нь хамтын хөгжлийн баталгаа юм. Зүүн хойд Ази нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд бид тус бүс нутгийн улс гүрнүүдтэй хамтран ажиллах явдлыг үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн гол тулгуур хэмээн үздэг. Зүүн хойд Азийн орнууд улс төр, эдийн засгийн салбарт өөр хоорондоо нягт холбоотой байдаг. Эдгээр улсын дэлхийн геополитик болон худалдаанд эзлэх жин өсөн нэмэгдсээр байна. Тиймээс бүх нийтийн сайн сайхан, энх тайвны төлөө тус бүс нутгийн улсуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөөх үйл хэргээ Монгол Улс үргэлжлүүлэх болно.

    Хүндэт Анатолий Васильевич,
    Хүндэт багш, профессорууд аа,
    МГИМО-гийн оюутнууд аа,
    Өөрийн улсын болон ОХУ-тай тогтоосон найрамдалт харилцааны талаар, түүнчлэн Зүүн хойд Ази дахь хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар ийм онцгой хүндтэй хүмүүсийн өмнө санал бодлоо хуваалцах боломж олгосонд дахин талархал илэрхийлж байна. ОХУ-д хэрэгжүүлж буй миний энэ айлчлал манай хоёр улсын харилцааг цаашид өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай сургууль цаашид цэцэглэн хөгжихийг хүсэхийн хамт, багш нартаа улам их бүтээлч амжилт гаргах, Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль төгсөгчдийн ирээдүй үе болох оюутан залуучууддаа эрч зоригтойгоор хүчээ сорьж, шинэ шинэ амжилтад хүрэхийн ерөөл дэвшүүлж байна.

    Анхаарч сонссонд баярлалаа.

  • Эрмитажийн монгол үзмэрүүд Ерөнхий сайдын анхааралд орлоо

    Эрмитажийн монгол үзмэрүүд Ерөнхий сайдын анхааралд орлооМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д энэ сарын 13-16-нд албан ёсны айлчлал хийх үеэрээ Оросын Холбооны Улсын Засгийн газрын Дарга В.В.Путин, тус улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Дарга С.М.Миронов, Холбооны Хурлын Төрийн Думын Дарга Б.В.Грызлов нартай уулзаж өргөтгөсөн хэлэлцээнд хоёр талын ажиллагаатай холбоотой тодорхойгүй байсан олон чухал  асуудлуудад шийдэл өгсөн юм. Мөн Санкт-Петербург хотод зочилсон билээ. Хоёр улсын улс төр, эдийн засаг хамтын ажиллагааны талаар томоохон шийдвэрүүд гарсан эдгээр албан уулзалтын үеэр нийгэм, түүх, соёлын дурсгалт зүйлсийн талаарх яриа ч мөн өрнөж байлаа.

    ОХУ-ын түүх, соёлын өвийн төв хэмээн тодотгодог Санкт-Петербург хотноо айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, түүний гэргий Х.Отгонтуяа нар Эрмитажийн музей үзэж сонирхсон юм. Дэлхийд алдар нь түгсэн, жилийн жилд сая сая жуулчны хөлд дарагддаг Эрмитажийн музейд манай улсын эртний түүх, соёлыг илэрхийлэх үзмэрүүд байдаг.

    Засгийн газрын тэргүүн энэ үеэр Монголын эртний түүхийн үнэт ховор үзмэрүүдийг эх оронд нь авчрах, хуулбарлаж авах тухай хүсэлтээ тавьж, Монголд үзэсгэлэн гаргаж ард иргэддээ үзүүлэх боломжийг эрэлхийлэн албаны хүмүүстэй санал солилцлоо. ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов, Санкт-Петербург хотын Захирагч хатагтай В.И.Матвиенко нартай уулзахдаа энэ талаар ярилцаж, асуудал хөндсөн бөгөөд тэд ч дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ

  • Санкт-Петербург хотод суралцаж буй оюутны тоог нэмнэ

    СанктПетербург хотод суралцаж буй оюутны тоог нэмнэ Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй айлчлал Санкт Петербург хотод очсоноор үргэлжиллээ. Пискаревскийн хүндэтгэлийн цогцолборт хүрэлцэн очиж, эх орон хөшөөнд цэцэг өргөсний дараа Санкт Петербург хотын захирагч хатагтай В.И.Матвиенкотой уулзалт хийсэн юм.

    Хоёр орны хамтын ажиллагаа, түүний дотор Улаанбаатар, Санкт Петербург хотуудын хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар гол яриа өрнөж, тус хотод сурч буй оюутны тоог нэмэх, харилцан үзэсгэлэн гаргах, мэргэжилтэн солилцох, хот төлөвлөлт, урлаг соёлыг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцлоо.

    Санкт Петербург нь холбооны хотын статустай бөгөөд хаант Оросын нийслэл, түүх соёл урлагийн төв гэдгээрээ онцлогтой юм байна. Эрмитаж, Мариинский  гэх мэт музей театраараа дэлхийд  алдартай тус хотод хүн амын бодит орлого  нь  огцом өсч байгаа гэх үзүүлэлт гарчээ. 2010 оны эхний хагас жилд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл нь өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 8.3 , боловсруулах салбар нь 10.1 хувь өссөн бөгөөд агаарын болон төмөр замын тээврийн чухал зангилаа хот болж чаджээ. СанктПетербургаас ОХУ-ын  хоёр дахь Ерөнхийлөгч В.В.Путин төрсөн гэдгээрээ тус хотынхон бахархдаг юм байна. Энэ хотод монголын олон залуус боловсрол эзэмшсэн бөгөөд одоо ч их дээд сургуульд нь манай улсын 200 гаруй оюутан суралцаж  байна.

    ОХУ-д нийтдээ монгол улсын 1500 гаруй оюутан суралцдаг ажээ. Уулзалтын дараа Ерөнхий сайд С.Батболд гэргийн хамт алдарт Эрмитажийн музей үзэж, “Мариинский”-ийн эрдмийн театрт “Хунт нуур “ бүжгийн жүжиг үзлээ. Монгол улсын ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал ийнхүү өндөрлөлөө

  • Ерөнхий сайд С.Батболдын айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргалаа

    В.Путин монголоор “ Тохирлоо” гэж хэлсэн нь дуулгах сонины нэг яах аргагүй мөн биз ээ –

    Ерөнхий сайд С.Батболдын айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргалаа ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын айлчлалыг Монгол Оросын харилцааг шинэ шатанд гаргалаа гэж хоёр тал дүгнэжээ. Ерөнхий сайд С.Батболдын хувьд  Засгийн газрын тэргүүн болсноосоо хойш  хойд хөршдөө хийж байгаа анхны айлчлал  бөгөөд гадаад харилцааг эдийн засагжууллаа гэдэг  дүгнэлтээр айлчлалын ач холбогдлыг цэгнэж байна. Монгол Оросын харилцаанд байсан тодорхойгүй асуудлуудад энэ айлчлал цэг тавьж, цаашид олон зүйл яаж хөгжих нь тодорхой боллоо гэдгийг  хоёр тал онцлон тэмдэглэсэн байна. Тэр ч байтугай  ОХУ-ын Засгийн газрын тэргүүн  В.В.Путин  манай ерөнхий сайд С.Батболдтой  хэлэлцээ хийх үеэрээ   монголоор “ Тохирлоо ” гэдэг үгийг   хэлсэн нь энэ айлчлалын дуулгах сонины нэг яах аргагүй мөн биз ээ.

    Монгол-Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх, Монгол Улсын эдийн засагт мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэж байгаа монгол-оросын хамтарсан үйлдвэрүүд болох “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн үр ашгийг дээшлүүлэх нэмэлт арга хэмжээ боловсруулахаар  талууд тохиролцож чадсан байна. Мөн монгол-оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг тэнцүү хэмжээгээр хуваарилж, эхний ээлжинд ОХУ дүрмийн сандаа 125 сая ам.доллар  оруулах манай саналыг  таатай хүлээн авчээ. Энэ нь тус газрыг ихээхэн хэмжээгээр шинэчлэх боломж олгож, Монгол Улсын төмөр замын дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус дөхөм  болох нь гарцаагүй юм.

    2011 оны хавар зуны улиралд үйл ажиллагаа явуулах боломжийг харгалзан Монголын нөөц баялгийг олборлож ашиглах хүрээнд монгол оросын “Дэд бүтцийн хөгжил” ХХК болон түүний түншүүд “УБТЗ”-тай холбогдох шинэ төмөр зам байгуулах ажилд оролцох нөхцөл, мөн Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүнийг Оросын Холбооны Улсын алс дорнодын боомтуудад дамжин тээвэрлэх, түүний дотор төмөр замын урт хугацааны хөнгөлөлттэй тариф тогтоохтой холбогдсон асуудлуудыг ч  тохиролцож чаджээ. Тохиролцсон зарчмуудын үндсэн дээр хамтарсан “Дорнод уран” ХХК-ыг үүсгэн байгуулах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна.

    Хөдөө аж ахуйн салбар дахь хил орчмын болон бүс нутгийн харилцан ажиллагааны боломж  болон Оросын Холбооны Улсад нийлүүлэх монгол мах, махан бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор монгол малыг эрүүлжүүлэх хүч чармайлтад онцгой анхаарал хандуулан хоёр улсын харилцааны уламжлалт чиглэлүүдийн нэг болох энэхүү салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын “100000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оросын барилгын компаниудыг үргэлжлүүлэн оролцуулах тухай монголын талын саналыг шуурхай авч үзэх, Монгол Улсын Оросын Холбооны Улс дахь, Оросын Холбооны Улсын Монгол Улс дахь үл хөдлөх хөрөнгийн асуудлууд болон газар ашиглах нөхцлийн талаар харилцан хүлээн авч болохуйц шийдвэрийн хувилбаруудыг олох ажлыг үргэлжлүүлэх; хоёр улсын үндэсний хууль тогтоомжтой нийцүүлэн Улаанбаатар, Дархан хотод байгаа орон сууцны найман байрыг Оросоос Монголд үнэ төлбөргүй шилжүүлэн хүлээж авах баримт бичгүүдийг ч энэ хэлэлцээрийн үеэр хөндөж, шийдвэрлэж чадсан байна

  • Хоёр орны Ерөнхий сайд нар айлчлал амжилттай боллоо хэмээн мэдэгдлээ

    Хоёр орны Ерөнхий сайд нар айлчлал амжилттай боллоо хэмээн мэдэгдлээ ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын  Засгийн газрын дарга В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт болон өргөтгөсөн хэлэлцээ хийлээ. Уулзалтаар Монгол, Оросын харилцааны тулгамдсан асуудлууд, хоёр орны хоорондын харилцааг хөгжүүлэх цаашдын төлөвийг хэлэлцэж, бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцлоо.

    Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин нар хоёр орны түүхийн явцад бүрэлдсэн  уламжлалт найрамдалт, сайн хөршийн харилцаанд үнэнч гэдгээ дахин нотолж цаашид бүх талын хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг тууштай хөгжүүлж, хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхээр тохиролцлоо.

    Энэ хүрээнд хоёр орны хоорондын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, худалдааг либеральчлах, балансын алдагдлыг бууруулах, Монголын экспортыг нэмэгдүүлэх, Монголд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

    Тухайлбал, Монгол Улсын байгалийн нөөц баялаг, эрчим хүчийг олборлох ашиглах, ураны орд газруудыг ашиглах зорилгоор “Дорнод уран” хамтарсан үйлдвэр байгуулах, “УБТЗ” ХНН, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийг далайцтай шинэчлэх, ОХУ-д мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Монголын мал сүргийг эрүүлжүүлэх, гоц халдварт өвчнөөс сэргийлэхэд шаардлагатай 370 сая рублийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр тохиролцлоо.

    Мөн Соёл, боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны асуудлуудыг авч хэлэлцэж цаашид улам өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэхээр боллоо. Хоёр улсын ерөнхий сайд нар түүчлэн 2011 онд болох Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг хамтран тэмдэглэхээр тохиролцлоо. Түүнчлэн харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, үүний дунд Ази, түүний дотор Зүүн Ази, Зүүн хойд Ази, Төв Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа, ШХАБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд болсон яриа хэлэлцээний дүнгээр Монгол Улс, ОХУ-ын Хамтарсан мэдэгдлийг байгуулж, гарын үсэг зурав.  Мөн Монгол, Оросын хооронд нийтдээ 10 гаруй гэрээ, хэлэлцээр, санамж бичгүүдэд  гарын үсэг зурлаа

  • Уугуул нэрээ сэргээсэнд нь баяр хүргэлээ

    Уугуул нэрээ сэргээсэнд нь баяр хүргэлээ Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Нэгдсэн Орос намын Дээд Зөвлөлийн дарга, ОХУ-ын Төрийн Думын дарга Б.Н.Грызловтой уулзлаа. Ноён Грызлов Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг ордныхоо гадна хүндэтгэн угтаж ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал нь амжилттай болж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

    Уулзалтын эхэнд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ Монгол Ардын Намын гадаад харилцааны үндсэн тэргүүлэх чиглэлд хөрш орны эрх баригч улс төрийн намуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх эн тэргүүний зорилт байдгийг дурьдав.

    Түүнчлэн хоёр намын хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах болсонд баяртай байгаагаа тэмдэглээд энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр намын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөн агуулгаар баяжиж, шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

    ОХУ-ын Нэгдсэн Орос намын Дээд Зөвлөлийн дарга, ОХУ-ын Төрийн Думын дарга Б.Н.Грызлов МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой санал нэг байгаагаа хэлээд улс орныхоо хөгжлийн бодлого тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж байгаа улс төрийн хүчин уугуул нэрээ сэргээсэнд нь баяр хүргэв. Уулзалтаар Ерөнхий сайд Төрийн Думын дарга нар хоёр улсын улс төр, нийгэм эдийн засгийн асуудлаар харилцан мэдээлэл сонсож, парламентийн гишүүдийг харилцан туршлага судлуулах, мэргэжилтэн солилцох зэрэг асуудлаар тохиролцов.

  • Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзав

    Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзавМөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзав. Ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар өөрсдийн төгссөн сургууль болох Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн тухай, оюутан насныхаа дурсамжаа ярилцаж нөхөрсөг уур амьсгалаар уулзалт яриаг эхлүүллээ.

    Ноён С.В.Лавров эрхэм зочиндоо өөрийн төгссөн Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн “Хүндэт доктор” цол хүртсэнд баяр хүргээд Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү албан ёсны айлчлал Монгол Оросын харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой болно гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

    Талууд хоёр орны харилцааны тулгамдсан асуудлууд, цаашдын  хамтын ажиллагааны төлөвийг хэлэлцэж, бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцов. ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр ойрын үед байгуулах, төмөр замын гэрээг шинэчлэх, хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэхэд хоёр талаасаа идэвх санаачлагатай ажиллах хэрэгтэй байгааг уулзалтын үер Монгол Улсын Ерөнхий сайд хөндлөө. ОХУ-ын Гадаад хэргийн сайд ч Ерөнхий сайдын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. 

    Энэ өдөр мөн Ерөнхий сайд С.Батболд Монгол Оросын бизнес эрхлэгчдийн уулзалтанд оролцож үг хэллээ. Уулзалтын үеэр Монгол Оросын худалдаа, бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурав.

  • Ерөнхий сайд С.Батболд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Хүндэт доктор болов

    Ерөнхий сайд С.Батболд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Хүндэт доктор боловМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Москва хотын Олон Улсын харилцааны дээд сургуульд зочилж эрдэмтэн, багш оюутнуудад “Монгол Улс ба Зүүн Хойд Ази” сэдэвт лекц уншив. Ерөнхий сайд С.Батболд 1986 онд тус сургуулийг төгссөн бөгөөд 24 жилийн дараа дахин сургуульдаа зочлон ирсэндээ сэтгэл их хөдөлж байгаагаа хэлээд сургуулийнхаа хамт олонд ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

    Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улс ба Зүүн Хойд Ази” сэдэвт лекцэндээ өөрийн орны түүх соёл, туулсан замнал өнөөгийн хөгжлийн байдал цаашдын төлөв, олон улсын болоод бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэж буй үүрэг Монгол хүний хөгжил, Монгол төрийн гадаад бодлогын талаар мэдээллээ.

    Ерөнхий сайдын уншсан лекц танхимд цугларсан багш оюутнуудын сонирхлыг ихэд татаж ар араасаа цуварсан олон асуултыг дагуулж байлаа. Энэ өдөр болсон нэгэн онцлох арга хэмжээ бол  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Москвагийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийн ректор А.В.Торкунов “Хүндэт доктор” цол олгох ёслол байв.

    Энэ цолыг олон улсын харилцаа, гадаад бодлогын салбарт амжилт гарган ажиллаж буй гадаадын улс төрч, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, дипломатуудад олгодог бөгөөд Израиль Улсын Ерөнхийлөгч Ш.Перес, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мун, Эквадор Улсын Ерөнхийлөгч Р.Коррей, Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев, Франц Улсын Ерөнхийлөгч асан Ж.Ширак зэрэг  улс төрч хүртсэн юм байна. Монгол Улсаас энэ цолыг 1952 онд тус сургуулийг төгссөн Монгол Улсын ШУ-ны Академич Ш.Бира хүртэж байжээ.