Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Ерөнхий сайд С.Батболд: Галт тэрэг хөдлөж байна. Одоо хурдаа авах ёстой

    Ерөнхий сайд С.Батболд: Галт тэрэг хөдлөж байна. Одоо хурдаа авах ёстой.Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл 2010 оны 11 дүгээр сар 15-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхан “Бизнесний орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд боловсруулсан төсөл хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийг хүлээлгэн өглөө. Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хувийн хэвшлийнхэнтэй хамтран “Экспортыг хөгжүүлэх үндэсний стратеги”, ”Хилийн худалдааг хөнгөвчлөх, хөгжүүлэх тухай”, “Аялал жуулчлалын салбарын хөгжлийн стратеги”,“Төр болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  тухай хуулийн төсөл”, “Эрчим хүчний үр ашгийг 20 хувиар нэмэгдүүлэх, Хүлэмжийн хийн ялгарлыг 20 хувиар бууруулах, Байгальд оруулах хөрөнгө оруулалтыг 20 хувиар нэмэгдүүлэх зэрэг  “Таван 20-ийн зарчим”, “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх тухай” 12  төсөл хөтөлбөр, бодлогын баримт бичиг боловсруулсан байна.

    Ерөнхий сайд С.Батболд эдгээр баримт бичгүүдтэй танилцаад  Ихээхэн ач холбогдолтой энэ төсөл хөтөлбөрийг бодит ажил болгох ёстой.12 дугаар сард Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийн тулд  энэ сард багтаан төслүүдийг нягталж, эцэслэн танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгөөд  Засгийн газар зорилтоосоо ухраагүй, дэвшүүлсэн зорилтынхоо хэрэгжилтийг улам эрчимжүүлэх болно. Галт тэрэг хөдлөж байна. Одоо хурдаа авах ёстой гэж тэрээр хэллээ

  • С.Батболд: Улаан загалмайн нийгэмлэгтэй түншилж, хамтарч ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Цаг үеийн хүндрэл, бэрхшээл тохиолдсон үед нийгмийг хамарсан хүмүүнлэгийн ажлууд зохион байгуулдаг тус нийгэмлэгийнхэнд талархаж байдгаа Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглээд Монголын Улаан загалмайн нийгэмлэг бол манай улс дахь хамгийн ахмад гэж болохоор олон жилийн түүхтэй, үндэсний хэмжээний сүлжээ бүхий анхны байгууллага.

    Тиймээс ч Засгийн газар Улаан загалмайн нийгэмлэгтэй түншилж, хамтарч ажиллах учиртай гэдгийг онцоллоо.Засгийн газар иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудыг дэмжиж, тэдний оролцоог нийгэмд улам нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Чадварлаг, төлөвшсөн ийм байгууллагуудад төрийн зарим ажил үүргийг шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа тэдэнд дуулгаад  хамтран ажиллах гэрээ байгуулах боломжтой байгууллагуудын нэг нь Улаан загалмайн нийгэмлэг мөн гэж Засгийн газрын тэргүүн хэллээ. Мөн тэрбээр 71 жилийн түүхтэй тус нийгэмлэгийг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.

    Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгч Л.Одончимэд энэ уулзалтын үеэр гаднын тусламж, гишүүдийн татвараар манай нийгэмлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гаднын тусламж зогсоход хүрвэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болно. Тиймээс төр улаан загалмайн нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргая. Бидэнд төрийн туслалцаа хэрэгтэй байна. Тиймээс энэ асуудлыг их хурлаараа хөндөх гэж байгаа гэж тайлбарлалаа. 500 гаруй мянган гишүүнтэй Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн 12 дугаар их хурал энэ сарын 21-нд Монголын Хүүхдийн ордонд болох юм байна

  • ОХУ-ын тээврийн сайдыг хүлээн авч уулзав

    ОХУ-ын тээврийн сайдыг хүлээн авч уулзавМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ОХУ-ын Тээврийн сайд Игорь Евгеньевич Левитинийг хүлээн авч уулзав.  
    Уулзалтын үеэр төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар тохиролцсон худалдаа, эдийн засгийн зарим асуудлын биелэлтийн талаар ярилцав

  • Европын стандартыг монголд нутагшуулах ажил бодит болов

    Европын стандартыг монголд нутагшуулах ажил бодит болов Монгол улсын Засгийн газар   Европын холбоотой  ойрын жилүүдэд хамтран ажиллах тухай  санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл  Европын холбооны 2011-2013 оны олон жилийн баримжаалсан хөтөлбөрийг баталгаажууллаа.  Уг арга хэмжээ нь Европын холбооны элчин сайдууд  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзах уулзалтын хүрээнд болсон бөгөөд  Европын холбооны Монголыг хариуцсан төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Михаел Пульш, Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд С.Баярцогт нар гарын үсэг зурлаа. Европын холбоо Монгол улсыг хамтын ажиллагааны чухал түншээ гэж үзэх болсны нотолгоо гэж албаны хүмүүс дүгнэж байв.

    2011-2013 оны олон жилийн баримжаалсан хөтөлбөрийн хүрээнд  хоёр талын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрт зориулж жилд таван сая евро зарцуулахаар төлөвлөсөн ба ингэснээр Монгол улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтын хэмжээ 2007-2011 оны үеийнхээс 40 хувиар нэмэгдэж байгаа юм байна. Арга хэмжээний үеэр Монгол улсын Ерөнхий сайд  С.Батболд хэлсэн үгэндээ “ Монгол улс гуравдагч хөршийн үзэл баримтлалын хүрээнд Европын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн  төлөө эрмэлзэн ажилладаг.

    Монгол улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн өөрчлөлтийг  Европын холбоо болон гишүүн улсууд эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд Монгол улсын  Засгийн газар болон монголын ард түмэн гүн талархаж байдаг.  Европын холбоотой  түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг энэ оны эцсээр байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.  Монгол улс Европын холбоотой бүх талаар хамтран  ажиллах нэг хэсэг ажил нь өнөөдөр гарын үсэг зурсан санамж бичиг байлаа. Ингэснээр Европын норм стандартыг Монголд нутагшуулах ажил бодитоор хийгдэж эхэллээ.   

    Европын холбооноос үзүүлэх техникийн тусламж, мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр биднийг дэмжиж  хамтран ажиллах чиглэл тусгагдаж байгаа нь Монгол улсын Засгийн газрын дэвшүүлж байгаа хүсэл эрмэлзлэлийг дэмжиж байгаагийн нэг том илэрхийлэл юм” хэмээн тэмдэглэн хэллээ.

    Уг хөтөлбөр нь хүний нөөцийн хөгжилд чиглэсэн үндсэн хоёр хөтөлбөрт зарцуулагдах юм.  Засаглал, ардчилал хүний эрх, институцын шинэчлэлд стандарт, хэм хэмжээг сайжруулах чиглэлээр төв болон орон нутгийн төрийн байгууллагуудын чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр 8 сая еврогийн хөтөлбөр хэрэгжих бол, тогтвортой амьжиргааны хөгжил орон нутагт байгаль хамгаалах чиглэлээр мөн техник мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжихэд 7 саяыг зарцуулах ажээ.

    Европын холбооны монголыг хариуцсан төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Михаел Пульш уулзалтын төгсгөлд тэмдэглэн хэлэхдээ Монгол улс бий болж  буй  эдийн засгийн шинэ боломжуудаа  ашиглахад нь  дэмжлэг үзүүлэхийг Европын холбоо чухалчилж байгаа.  Энэ хүрээнд өнөөдөр нэн эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр   боловсон хүчин  бэлтгэхэд зориулж  хөтөлбөрийг  зориулах гэж байгаадаа баяртай байна гэлээ 

  • Ерөнхий сайдынх хүн ам орон сууцны тооллогод хамрагдлаа

    Ерөнхий сайдынх хүн ам орон сууцны тооллогод хамрагдлааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболдынх өнөөдөр зочин олонтой байлаа. Тооллогын улсын комиссын гишүүд, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Тооллогын комиссын тоологч нар, хэвлэл мэдээллийн 40 гаруй төлөөлөгч Их тэнгэр дэх гэрт нь өглөө эрт зочиллоо. Хүн ам орон сууцны тооллого “Хүмүүнд төр эрхэм, Төрд хүмүүн эрдэнэ” гэсэн  уриатайгаар өнөөдөр Монгол орон даяар нэгэн зэрэг эхэлж, ийм олон хүн Ерөнхий сайдындаа зочилсон хэрэг.

    Монгол Улс ХХ зууны туршид хүн амаа 9 удаа тоолжээ. Үүний анхных нь болох 1918 оны тооллогоор 647.5 мянган хүн амтай байсан бол 2000 оны Хүн ам, орон сууцны тооллогоор манай улсын хүн ам 2373.5 мянга болсон байлаа. Хорьдугаар зууны эхэнд 125,2 мянган өрхтэй байсан Монгол Улс 2000 онд 541,1 мянган өрхтэй болж 4,3 дахин өссөн байжээ. Тэгвэл 2010 онд бид хэдүүлээ болсон бэ.

    Түүхийн үнэт лавлагаа болох  хүн ам зүй, эдийн засаг нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан нөхцөлийг судлах, улс орны хөгжлийн бодлогыг боловсруулахад гол эх сурвалж болох энэхүү тооллогод Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэр бүлийн хамт 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө хамрагдлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд, Тооллогын улсын комиссын дарга С.Батболд НҮБ-ын зөвлөмжийн дагуу 10 жилд тутамд нэг удаа явагддаг энэхүү арга хэмжээний цар хүрээг Засгийн газраас цаашид хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн суурь судалгаа болно гэж үнэлж байгаагаа тэмдэглээд улс орны төдийгүй дэлхийн хэмжээний ач холбогдолтой Хүн ам, орон сууцны тооллогод иргэн бүр нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу идэвхтэй оролцохыг уриаллаа.

    Тооллогын үр дүнд улс орны цаашдын хөгжлийн төлөвлөлт, бодлогыг боловсруулахад нэн чухал шаардлагатай мэдээллийн эх сурвалж бүрдэнэ. Тухайлбал, цаашид шинээр барьж байгуулах нийгэм соёлын газрууд, сургууль, эмнэлгийг хаана ямар багтаамжтай, хүчин чадалтайгаар баривал оновчтой болох, хүн ам зүй, нийгмийн мөн шилжилт хөдөлгөөний, эдийн засгийн болон хүн амын орон сууцны нөхцөл, хангамжийн талаарх мэдээллүүдийг цуглуулан бодлого үйл ажиллагаандаа ашиглана гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байлаа.

    Мөн тооллого энэ сарын 11-17-нд, долоохон хоногт улс орон даяар болно. Хүн хүч, зохион байгуулалт, идэвхи зүтгэл шаардсан том ажил. Бүх шатны Засаг дарга нар энэ ажилд онцгой анхаарч, тооллогын комиссоо удирдлагаар хангаж, биечлэн оролцож, зохион байгуулах учиртай гэж үүрэг болголоо.

    Гадаадад олон монголчууд амьдарч байгаа. Улсын маань хэчнээн иргэн гадаад оронд амьдарч, ажиллаж сурч байна вэ гэсэн нарийн судалгаа, тоо баримт өнөөдөр алга. Энэ тооллогоор бодит байдалд ойртсон мэдээлэлтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд энэ үеэр илэрхийллээ. Гадаадад байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хэрэгжүүлэх, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боломж нөхцөлийг нь бүрдүүлэх, эх орондоо эргэж ирэх бодлогыг боловсруулахад энэ тооллого ихээхэн ач холбогдолтой. Тиймээс гадаад улс орон дахь дипломат төлөөлөгчийн газрын удирдлагууд идэвхтэй оролцох учиртайг тэмдэглэлээ 

  • С.Батболд: МАН улс орныхоо ойрын 20 жилийг их бүтээн байгуулалтын үе гэж төсөөлж байна

    -Монголын ууган хэвлэл “Үнэн” сонины 90 жилийн ойн баярын өмнө МАН-ын дарга Тантай ярилцаж байгаадаа таатай байна. Юуны өмнө Танд МАН-ын даргаар сонгогдсонд баяр хүргэе.

    -Баярлалаа. Монгол Улсын хоёр зууны түүхтэй ууган хэвлэл “Үнэн” сонины мянга мянган уншигчид, тус сонинд ажиллаж байсан үе үеийн сэтгүүлчид, уран бүтээлчид, ажилтнууд, идэвхтэн сурвалжлагч та бүхэнд 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. МАН-ыг үүсгэн байгуулагч их жанжин Дамдины Сүхбаатарын санаачлагаар анхны дугаараа зон олондоо хүргэсэн “Үнэн” сонин ардын хувьсгал, ардчилсан өөрчлөлтөд нийгмийн сэтгэл зүйг бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулсан. Энэхүү торгон агшинд 90 жилийн түүхт өдөр МАН-ын төв хэвлэл “Үнэн” сониныхоо хойморт уригдан ярилцлага өгч байгаадаа миний бие ч мөн адил баяртай байна. Би сониныхоо идэвхтэй уншигчдын нэг. Ард иргэдээ соён гэгээрүүлэх үйлсэд уриалан дуудаж, нийгмийн оюун санаа, мэдээллийн эрэлт хэрэгцээг хангахад үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн сонин гэж үнэлж явдаг.

    -Та бидний ярилцлага олон чухал үйл явдал давхацсан үед болж буйгаараа бэлгэшээлтэй юм. Манай сонины 90 жилийн ойн өмнө МАН-ын XXVI их хурал хуралдсан нь нийгмийн анхаарлыг зүй ёсоор татсан. Шинэчлэлийн уур амьсгал тээсэн их хурлаар улс орныхоо 20 жилийн ололтыг дүгнэж, 20 жилийн зорилтоо тодорхойлж, МАН хэмээх уугуул нэрээ сэргээсэн нь улс орны төдийгүй намын амьдралд шинэ хуудас нээсэн үйл явдал боллоо. МАН-ын даргын хувьд XXVI их хурлын үр дүнг хэрхэн үнэлж байгаа вэ?

    -Бидний ажил амьдралыг урагшлуулах ямар шийдлүүдийг гаргах бол гэж ээлжит XXVI хурлын үйл явцыг олон нийт ажиглан харж байсан. МАН-ын XXVI их хурал тавьсан зорилтоо амжилттай биелүүллээ. Юуны өмнө ардчилал, зах зээлд шилжсэн 20 жилийн амьдралаа үнэлж цэгнэн, ирэх 20 жилд юу бүтээж, юуны төлөө эрмэлзэж ажиллахаа тодорхойллоо. МАН нэрээ сэргээж, үзэл баримтлалаа тодотгон баяжуулж, Хичээн эрмэлзэх зүйл буюу мөрийн хөтөлбөр, намын дүрэмдээ тодорхой хэмжээний өөрчлөлт орууллаа. Одоо бидэнд их хурлаас гаргасан түүхэн шийдвэрүүдээ ажил хэрэг болгож, хэдэн өдрийн турш манай намын их хурлын үйл ажиллагааг ажиглаж, үнэлэлт дүгнэлт байсан иргэдийнхээ итгэл, хүлээлтэд бодит хариулт өгөх учиртай. Намын даргын ажлыг зургаан cap гаруйн өмнө XXV их хурлаас байгуулагдсан бага хурлын төлөөлөгчдийн итгэл найдвараас хүлээж авсан. XXVI их хурлын төлөөлөгчдөөс мөн итгэл найдвар тээсэн баталгаа дахин гардлаа. Энэхүү итгэл найдвар, хүсэл сэтгэлийг хичээл зүтгэлээр хариулахын төлөө зүтгэнэ. XXVI их хурлын өмнө нийт намын гишүүдээрээ хэлэлцүүлсэн “Шинэчлэл, манлайлал, хөгжил” тунхагт тусгасан үндсэн санаа зорилго маань одоо ажил хэрэг болох эхлэл тавигдлаа. Их хурлаараа баталсан шинэчлэлийн шийдвэрүүдээ амьдралд хэрэгжүүлэх, үр дүнг нь үзэх түүхэн хариуцлага ирлээ гэж ойлгож хүлээж авч байгаа. Энэ үйл хэргийг манлайлж хэрэгжүүлж ажиллах итгэл сэтгэл, үүрэг хариуцлагыг надад олгосон журмын нөхөддөө талархаж байна.

    -МАН хэмээх уугуул нэрээ сэргээсэн энэ цаг мөчөөс үйл ажиллагаа, арга барилаас эхлээд бүх зүйл шинэчлэгдэх байх аа. Нэр, үзэл баримтлалаас эхэлсэн намын шинэчлэл цаашид яаж түүчээлэх вэ?

    -Намын удирдлага хариуцлагыг өөрөөсөө эхэлж тооцдог байгаасай гэсэн хүсэлт саналыг XXVI их хурлын төлөөлөгчид надад тавьж байсан. Хариуцлагыг өөрөөсөө эхэлж манлайлж чанд мөрдөж ажиллана. Бодож төлөвлөж байгаа ажил их байна. Эхлүүлсэн ч зүйл нэлээдгүй бий, эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажил ч цөөнгүй. Юун түрүүнд намаа жинхэнэ утгаараа ард түмний нам, жирийн гишүүддээ ойрхон байлгаж, эргэх холбоотой болгохын төлөө ажиллана. Намын нийт гишүүддээ нээлттэй, ил тод байна. Боловсон хүчний бодлого, нэр дэвшүүлэлтэд шударга, зөв хандаж, зөвхөн ажил мэргэжилдээ эзэн болж чадна гэсэн шалгуураар нүдийг нь олсон томилгоо хийхийн төлөө ажиллана. Намын шийдвэр гаргагч механизм тодорхой, судалгаа тооцоо, боломжид үндэслэдэг зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно. Намын стандартыг бүх шатанд хэрэгжүүлэхийн төлөө санал санаачлагатай ажиллана гэж бодож байна. Үүний зэрэгцээ намынхаа эгнээг залуусаар өргөжүүлэх, намынхаа нэр хүнд имижийг олон улсын хүрээнд өргөх, гадаад харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө олон зүйлийг хийж төлөвлөж байгаа.

    -Та XXVI их хуралд “Шинэчлэл, манлайлал, хөгжил” улстөрийн илтгэл тавихдаа МАХН шинэчлэгдэж байж улс орон хөгжинө гэж онцолсон. Үүний тулд намын зүгээс ямар шинэчлэлүүд хийгдэх ёстой вэ?

    -Манай намын үе үеийн их хурал Монголын нийгмийн анхаарлын төвд байсаар ирсэн. Учир нь их хурал бүрээс намын амьдралын төдийгүй Монгол Улсын хөгжилд нөлөөлөхүйц жинтэй шийдвэрүүд гардаг. Манай нам улс орныхоо ойрын 20 жилийг их бүтээн байгуулалтын үе гэж төсөөлж байна. Энэ бүтээн байгуулалтын эцсийн зорилго, үр дүн нь монгол хүний хөгжил, сайн сайхны төлөө байх ёстой. МАН бүхий л бодлогоо хүнээс ургуулан гаргаж, шүтэлцүүлж, гол цөмд нь монгол хүнийг тавьж байна. Энэ бол манай намын бодлогын үндэс юм. Намаа цаг үеийн асуудлыг мэдэрч чаддаг, хэрэгжилтийг нь хангаж чаддаг улстөрийн хүчин байлгахын төлөө бид зорьж байгаа. Ийм болохоор намын маань шинэчлэл, өөрчлөлтийн асуудал зөвхөн манай намын гишүүдийн хэрэг төдий биш, нийт монголчуудын ирээдүйтэй холбоотой үйлс юм. Бидний шинэчлэл зөвхөн намынхаа төлөө төдий биш. Намын шинэчлэл нь манай төрийн шинэчлэлийн нэг хэсэг. Төрөө шинэчлэн сайжруулснаар улс орноо, амьдралаа шинэчилж, хөгжил дэвшилд хүрэх учиртай. Бага хурлаас сонгогдон байгуулагдах байнгын хорооны бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталсан нь намын бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлэхэд ач холбогдолтой. Манай нам төрийн бодлогын шинжлэх ухааны үндсийг дээшлүүлэх замаар улс орныхоо хэтийн хөгжлийг бодитойгоор төлөвлөн ажиллаж чадна. МАХН бол бидний амьдралын хамгийн үнэ цэнэтэй эрхэм зүйл болсон тусгаар тогтнол, эрх чөлөө, эв нэгдэл, уламжлалаа баталгаажуулж, түүхэн цаг үеүдэд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийг манлайлж ирсэн улстөрийн хүчин болохын хувьд их хурлуудынхаа шийдвэр бүрт шинэ нөхцөл байдалд тохируулан шинэчлэлийн бодлогоо тодотгон хэрэгжүүлж ирсэн. Намаа шинэчлэх замаар төр, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгаа. Бидний зорьж буй өөрчлөлт шинэчлэлт, бидний хийх их бүтээн байгуулалт, бидний бий болгох шударга ёс, хариуцлагын тогтолцоо, бидний манлайлал, зорилго тэмүүлэл манай улсад хөгжлийг авчирна гэдэгт итгэлтэй байна.

    Н.ХАЖИДСҮРЭН
  • Ерөнхий сайд С.Батболд БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Вежди Гөнүлийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд найрамдах Турк улсын Батлан хамгаалахын сайд Вежди Гөнүл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Батболд уулзалтын эхэнд хэлэхдээ: Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улс төр нийгэм эдийн засгийн салбарт  өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд Батлах хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад ноён Вежди Гөнүлийн айлчлал ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гээд цэргийн сургалт, боловсон хүчин бэлтгэхэд Туркын талаас дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.

    Манай улс Олон улсын энхийг сахуилах үйл ажиллагаанд идэвхитэй ороцож байна. Цаашид хоёр орны энхийг сахиулах хамтын ажиллагааг хөгжүүлхийн чухлыг тэмдэглээд Туркын улсын ерөнхий сайдад халуун дотно мэндчилгээ дамжуулахыг хүслээ. Турк улсын Батлан хамгаалахын сайд Вежди Гөнүл: Цаг гарган хүлээн авч уулзсанд Монгол улсын Ерөнхий сайдад талархал   илэрхийлээд хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа, Батлан хамгаалах салбарын харилцаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэлээ.

    Өнөөдөр Турк улсын Засгийн газрын тэтгэлгээр 60 оюутан тус улсад сурд¬гаас цэргийн салбарт 12 сонсогч сурч байгаа тухай дуулгаад цаашид тэтгэлгээр суралцах сонсогчийн тоог нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. Түүчнлэн ноён Вежди Гөнүл Туркын  хоёр орны цэргүүд Афганистан Улсад мөр зэрэгцэн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаад баяртай байна гэлээ.

    Бүгд найрамдах Турк улсын Батлан хамгаалахын сайд Вежди Гөнүлийн айлчлалын үеэр “Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын цэргийн буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурж манай батлан хамгаалах салбарт нийт 800 гаруй мянган ам.долларын тусламж үзүүлэх болсон байна

  • Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд ард түмэндээ хандаж үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд ард түмэндээ хандаж үг хэллээ Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого эхэлж
    байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий Сайд, 
    Тооллогын улсын комиссын дарга С.Батболд 
    ард түмэндээ хандаж үг хэллээ

    Монголын нийт ард иргэд ээ, 
    Манай оронд ажиллаж, амьдардаг гадаадын харъяат болон харъяалалгүй хүмүүс ээ. Энэ оройны 00 (тэг.тэг) цагт товлож Монгол орон даяар хүн ам, орон сууцны тооллогыг эхлүүлэх гэж байна.

    Улс орнууд хүн амаа 10 жил тутам тоолж байх НҮБ-ын зөвлөмжийн дагуу ээлжит тооллогоо “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” гэсэн уриан дор Монгол Улс явуулахаар бэлтгэлээ базаагаад байна.  Өнөөгийн байдлаар дэлхийн 53 улсын 2,6 тэрбум хүн тоологдоод байна. Манай хөрш ОХУ өнгөрсөн 10 дугаар сарын 14-25-нд, БНХАУ энэ сарын 1-ээс хүн амаа тоолж өнөөдөр дуусаж байна. БНСУ, Аргентина улсад мөн ийм ажил өрнөж байна.  Энэ онд дэлхийн нийт хүн амын 58 хувь тоологдох юм. Манай улс 1918 оноос хойш хүн амаа 10 дахь удаагаа тоолох гэж байна.

    Хүн ам, орон сууцны тооллого нь хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан нөхцөлийг судлах, нийгэм эдийн засгийн олон чухал хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцох, ирээдүйн хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөх, бодлого, хөтөлбөрийг боловсруулах, эрдэм шинжилгээний ажил, судалгаанд шаардлагатай статистикийн тулгуур мэдээлэл бүрдүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой.

    Энэ тооллогын үр дүнд тулгуурлан улс орны нийгэм,  эдийн засгийн цаашдын хөгжлийн төлөвлөлт, хөгжлийн бодлогыг боловсруулахад нэн чухал шаардлагатай мэдээллийн эх сурвалж бүрдэнэ. Тухайлбал, цаашид шинээр барьж байгуулах нийгэм соёлын газрууд, сургууль, эмнэлгийг хаана ямар багтаамжтай, хүчин чадалтайгаар баривал оновчтой болох, хүн ам зүй, нийгмийн мөн шилжилт хөдөлгөөний, эдийн засгийн болон хүн амын орон сууцны нөхцөл, хангамжийн талаарх мэдээллүүдийг цуглуулан авч цаашдын бодлого үйл ажиллагаандаа ашиглах боломж нөхцөл бүрдэнэ. Тооллого бол үнэт лавлагаа болж үлдэнэ. 

    Хүн ам, орон сууцны тооллого явуулах урьдчилсан бүх нөхцөл хангагдсан гэж улсын комисс үзэж байгаа. Энэ удаагийн тооллогын ажилд улсын хэмжээнд 30 гаруй мянган хүн дайчлагдан ажиллаж байгаагийн дотор 17 мянган тоологч, шалгагч нар тооллогын ажлыг гардан гүйцэтгэнэ. Бэлтгэл ажлын хүрээнд эдгээр хүмүүсийн шат шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тооллогын үр дүнг нэгтгэн гаргах, гадаадад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдийг интернэтээр тоолох программ хангамж, асуулга, заавруудыг бэлтгээд байна. Одоо ажил хариуцсан хүн бүр үүрэг, хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, ажилдаа чин сэтгэлээсээ, зүтгэл чармайлт гарган ажиллахаас энэ чухал ажлын эцсийн үр дүн шалтгаалах мөч тулж ирлээ.

    Тооллого энэ сарын 11-17-ны хооронд долоохон хоногт улс орон даяар нэгэн зэрэг явагдах ихээхэн хэмжээний хүн хүч, зохион байгуулалт, идэвхи зүтгэл шаардсан ажил байгаа юм. Бүх шатны Засаг дарга нарт энэ ажилд онцгой анхаарч тооллогын комиссоо удирдлагаар хангаж, биечлэн оролцож зохион байгуулах үүрэг даалгавар өгч байна. Үйлчилгээний газруудын хуваарийг оновчтой зохицуулах, ялангуяа, согтууруулах ундааг хязгаарлах талаар өөр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож байна.

    Зарим аймагт шүлхий өвчин гарсныг Та бүхэн мэднэ. Эдгээр аймгийн удирдлагууд хорио цээрийн дэглэмээ чанд сахиж, тооллогын ажилдаа нэгэн зэрэг анхаарч ажиллах хэрэгтэй. Тооллогын комиссын гишүүдийн олонх нь манай Засгийн газрын гишүүд байгаа. Сайд бүр хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тооллогын ажилд онцгой ач холбогдол өгч оролцохыг мөн анхааруулъя.

    Тооллогын ажлыг амжилттай явуулахад манай нийт иргэдийн оролцоо, эх оронч сэтгэл нэн чухлыг эцэст нь тэмдэглэе. Улс орны төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой 10 жилд ганцхан удаа явагддаг хүн ам, орон сууцны тооллогод иргэн бүр нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу идэвхитэй оролцохыг уриалж байна.

    Сайн үйлс дэлгэрэх болтугай.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргалааОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨВ

    Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа АИ-92 автобензины тонн тутамд 200 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 170 000 төгрөг болгов. Мөн нэг тонн дизелийн түлшинд 135 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 20 000 төгрөг, А-80 автобензинд 210 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 150 000 төгрөг болгов. Бусад алслагдсан боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулах  онцгой албан татварын хэмжээг хэвээр байлгахаар шийдвэрлэлээ. Дээрх үнийг 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс мөрдөнө. 

    Ингэснээр дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнэ харьцангуй тогтвортой байх боломж бүрдэж байна. 2010 оны 11 дүгээр сард АИ-92 автобензины импортын үнэ тонн тутамдаа 41 мянга, дизелийн түлш 184 мянга, А-80 автобензин 81 мянган төгрөгөөр тус тус өссөн учир онцгой албан татварыг бууруулах шаардлагатай болжээ. 

    ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН ЭНЭ САРЫН 15 ГЭХЭД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАНА
     
    Түлш, эрчим хүчний зарим үйлдвэр, компаний өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргалаа. 
    Энэ дагуу : 
    • Үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын хүрээнд хийж байгаа ажлуудыг төлөвлөсөн хугацаанд зохион байгуулж, 2010 оны 11 дүгээр сарын 15-ны дотор бүрэн дуусгах
    • 2010 оны улсын төсөвт Завхан аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дизель станцын алдагдлын санхүүжилтэд олгохоор тусгагдсан хөрөнгөөс хэмнэгдсэн 250 сая төгрөгөөс “Дулаан Шарын гол” ХК-ний 2010 оны 10-12 дугаар сарын үйл ажиллагааны зардалд 188 сая төгрөг, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумын цахилгаан эрчим хүчний хангамжид 2010 оны 5 дугаар сар хүртэл БНХАУ-аас импортолсон цахилгааны үнийн зөрүүд шаардагдах 62 сая төгрөгийг  салбарын сайдын багцад зохицуулалт хийх замаар  
    • Говь-Алтай аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дизель станцын алдагдлын санхүүжилтэд  олгохоор 2010 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгөөс хэмнэгдсэн 318 сая төгрөгөөс аймгийн Эрчим хүчний үйлдвэрт дутагдаж байгаа дизелийн түлш худалдан авах 
    • Нүүрс ачилтыг нэмэгдүүлэн нүүрс тээвэрлэх вагоны хангамжийг сайжруулж, 2010 оны 11 дүгээр сарын 20-ны дотор дулааны цахилгаан станцуудад 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа. 
     
    ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ 61 ХУВЬТАЙ БАЙНА 
     
    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г Засгийн газрын тогтоолоор Макро эдийн засгийн, Бодит салбарын хөгжлийн, Байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн, Ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангах, Гадаад бодлого, батлан хамгаалах, Засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого гэсэн 6 бүлэг, 35 зорилт, 474 арга хэмжээтэйгээр баталсан. 

    Дээрх арга хэмжээний хэрэгжилтийн явц 2010 оны эхний 3 улирлын байдлаар 64.1 хувьтай байгаа тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынwww.cabinet.gov.mn веб сайтаас авч болно.

    ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ ӨМНӨХӨӨС ӨСЧЭЭ

    Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2010 оны 3 дугаар улирлын дүнтэй танилцав. 4047 шийдвэрийн 6207 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажилласнаас 1739 заалт буюу 28 хувь нь биелж, 4361 заалт буюу 70.3 хувь нь хэрэгжих шатанд, биелэлтийг тооцох хугацаа болоогүй 99, тасарсан арга хэмжээ 8 байна. Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт 74.3 хувийн биелэлттэй байгаа нь өмнөх улирлаас 1.7 пунктээр өссөн гэсэн үг юм.  

    Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэрэг 141 шийдвэрийн 229 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авлаа. Эдгээрээс 56 заалт буюу 24.4 хувь нь биелж, 163 заалт буюу 71.1 хувь нь хэрэгжих шатанд, 10 заалтын биелэлтийг тооцох хугацаа болоогүй, 2 арга хэмжээний хэрэгжилт удаашралтай байна.

    ХУУЛЬ БУС НАЙМАА ХИЙСЭН ДИПЛОМАТ АЖИЛТАН АЖИЛГҮЙ БОЛНО

    Гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд улс орон, байгууллага, хамт олныхоо нэр хүндэд харш үйлдэл, эс үйлдэл санаатай гаргаж, хил дамнасан хууль бус худалдаа наймаа хийх, дипломат болон албан паспорт, дипломат дугаартай автомашин, дипломат элчийн зар, шуудан, ачааны хэвлэмэл хуудсыг ашиглан ашиг хонжоо олох зорилгоор бусдад дамжуулах, хууль бусаар ашиглах, хуурамч баримт бичиг үйлдэх зэрэг зөрчил гаргах нь цөөнгүй байна.

    Иймд дипломат ажилтны сахилгыг өндөржүүлэх үүднээс дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд дипломат албанаас шууд халахаар шинэчилсэн “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-д тусгалаа. Дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтан, тэдний гэр бүлийн гишүүд дээрх төрлийн зөрчил гаргавал тэднийг томилсон эрх бүхий албан тушаалтанд сахилгын шийтгэл  ногдуулна.

    Дипломат албанд ажиллагчид нь “гэр бүлийн гишүүд”-ийнхээ гаргасан үйлдэл, эс үйлдэлд Үндсэн хуульд заасны дагуу шууд хариуцлага хүлээхгүйг харгалзан үзсэн байна. Энэ дагуу тэднийг ёс зүйн болон суугаа орны хууль тогтоомж, олон улсын хил гаалийн дүрэм, журам зөрчихгүй, дипломат дархан эрх, ямба, дипломат болон албан паспортыг  хувийн ашиг хонжоо олох зорилгоор ашиглах зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж байх үүрэг хүлээлгэжээ.

    Элчин сайд, Байнгын төлөөлөгч, Ерөнхий консул нь сахилгын дүрэмд заасан зөрчил гаргасан тохиолдолд Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг мэдээллийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шалгаж, зөрчил хүлээлгэх үндэслэлтэй гэж үзвэл саналаа тухайн хүнийг томилсон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, зохицуулж байх боллоо. 

    Сахилгын дүрмийг шинэчлэн баталснаар дипломат албанд албан тушаал эрхлэх шаардлага өндөрсөж, цаашид албаны удирдлага, зохион байгуулалт, дипломат ажилтны ажлын хариуцлага сайжирна гэж Засгийн газар үзлээ. Дипломат ажилтан нь төрийн тусгай албан тушаалд хамаардаг бөгөөд ажлын онцлог, шинж чанараас шалтгаалан Монгол Улсын болон суугаа орны хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцид заасан хэм хэмжээг сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, ёс зүйн өндөр хариуцлага, сахилга бат, дэг журмыг сахих ёстой юм.

    ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ЁС ЗҮЙН ДҮРЭМТЭЙ БОЛОВ

    Төрийн захиргааны алба нь шударга ёс, хууль дээдлэх, тэгш байдал, хариуцлага хүлээх, олон нийтэд үйлчлэх гэсэн үндсэн 5 зарчмыг эрхэмлэн дээдлэнэ. Дээрх зарчмуудын хүрээнд төрийн захиргааны албан хаагчийн үүрэг гүйцэтгэхдээ удирдлага болгох ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс болон дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг дүрмэнд тусгасан байна.

    Тухайлбал: 
    • Төрийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх 
    • Төрийн үйлчилгээ үзүүлэхдээ алагчлалгүй хандаж, үйлчлүүлэгчдийн нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх
    • Хамт ажиллагсад болон бусад төрийн албан хаагчидтай ажил хэрэгч, эвсэг хамтран ажиллах чадвартай байх
    • Төрийн байгууллагын эд хөрөнгөд ариг гамтай хандах
    • Мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэх үүрэг хүлээж байна.  
    Түүнчлэн хөрөнгө орлогоо мэдүүлэх, төр, байгууллагын болон хувийн нууцыг хамгаалах, улс төрийн хувьд төвийг сахих ёстой. 
    Төрийн захиргааны албан хаагчаас ёс зүйн аливаа зөрчил болон зөрчил гарч болзошгүй тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх, мэдээллийн нууц, мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдсэн байх, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэхэд олон нийтийн болон дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, хэм хэмжээг зөрчсөн эсэхийг шалгах, дүгнэлт гаргах зэргийг тусгай журмаар зохицуулах юм.

    ТОВЧХОН

    • Улсын Их Хурлаас татаж авсан 2011 оны төсвийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.  
    • “Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд санал өгөв. Засгийн газраас 5 зүйл бүхий, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амыг аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах бодлогын чиглэл, зарлигийг хэрэгжүүлэх арга зам, хугацаа, энэ асуудлаар нийтэд хандсан уриалга гаргахыг санал болголоо. 
    • Уул уурхайн салбарын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг баталлаа. Жагсаалтад цэвэр зэс, цайр, мөнгө, хар тугалга болон баяжуулсан нүүрс, нүүрснээс гаргаж авсан кокс, хагас кокс зэрэг 17 бүтээгдэхүүнийг хамруулсан байна. Гэхдээ шинээр үйлдвэрлэгдсэн уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнийг жагсаалтад оруулах асуудлыг тухай бүр нь Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлж байхыг холбогдох сайд нарт даалгав. Экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнд НӨАТ-ын /”0”/ хувь хэмжээ хэрэглэх, бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, кодыг Засгийн газар тогтоохоор хуулинд заасан байдаг юм.   
    • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Шадар суурин төлөөлөгчийн газрын урсгал зардлыг улсын төсөвт тусгахаар болов. Тус байгууллагатай явуулах олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг нэмэгдүүлэн, үр дүнд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа. 
    •  “Урьдчилсан цэвэрлэх байгууламж” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын техник, технологийн болон иж бүрэн шинэчлэлийн 1 дүгээр үе шатны ажилд шаардагдах 1 тэрбум 740 сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргад төсвийн зээл хэлбэрээр олгохоор тогтлоо. Арьс ширний урьдчилан цэвэрлэх байгууламж “Харгиа” ХК-ийн барилга, байгууламжийг Нийслэлийн өмчид шилжүүлэн авч, “Урьдчилан цэвэрлэх байгууламж” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байгуулан эхний цэвэрлэгээ, ашиглалтын ажлыг нь эхлүүлээд байгаа юм.

  • “Монголын үнэн” сонины 90 жилийн ойн арга хэмжээнд Ерөнхий сайд оролцлоо

    “Монголын үнэн” сонины 90 жилийн ойн арга хэмжээнд Ерөнхий сайд оролцлоо “Монголын үнэн” сонин өнөөдөр 90 нас хүрлээ. Намаасаа ч , ардын хувьсгалаас  ч ах тус сонины 90 жилийн ойн баярын хурал өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт болж, ёслолын ажиллагаанд  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцсон юм. Мөн хүндэт зочноор УИХ-ын дарга ч уригдсан байлаа. “ Монголын үнэн” сонинд ажиллаж байсан  үе үеийн төлөөллийн сэтгүүлчид, ажилчид мөн уншигчид нь баярын хурлын зочдын эгнээг тэлжээ.

     Монгол улсын Ерөнхий сайд зочдод хандан хэлсэн үгэндээ  “Элдэв хүндрэл бэрхшээлийг нэр төртэйгөөр даван туулж чаддаг, намаасаа хэдэн насаар ах тус сонин монгол түмнийхээ оюуны эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахын төлөө зүтгэж ирлээ. Тус сонины 90 жилийн ой бол чухамдаа монголын тогтмол хэвлэлийн, монголын оюун санааны , монголын ард түмний 90 жилийн түүх юм гэдгийг бид бахархалтайгаар хэлэх учиртай.

    Уугуул нэрээ сэргээн авсан “Монголын үнэн” сонины анхны дугаар өнөөдөр, яг 90 жилийн дараа төрсөн сар, өдөртөө таарч хэвлэгдэв. 1920 оны 11 дүгээр сарын 10-нд хэвлэгдсэн “Монголын үнэн” сонин анхны дугаараа “ Ард олны эрх чөлөө дэлхий дахинаа наран мэт бадраг, Монгол улсын язгуур үндэс эрдэм соёл нь дэлгэрэн мандах болтугай” гэж уриалсан уриаг одоо ч манай  намын төв хэвлэл баримтлах учиртай билээ. Манай сонин нийтлэлийн тэнцвэртэй байдлыг цаашид ч хангах бодлого барих хэрэгтэй.

    “ Хэцүүг ч гэсэн хийж бүтээхээ зорьё”гэсэн уриаг би их хуралдаа дэвшүүлсэн билээ. Монгол хүн бүр эрүүл, соёлтой, чинээлэг амьдралтай, боловсролтой, түвшин суртахуунтай, эх оронч иргэн болж төлөвшихөд “ Монголын үнэн” сонин бүх л боломжоо дайчлах учиртай “ хэмээн хэллээ. Ёслолын ажиллагаанд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл,Өдөр тутмын сонинуудын холбоо, Сонинуудын холбооны төлөөлөгчид хүрэлцэн ирж баяр хүргэсэн бөгөөд тус сонины  ойд зориулсан эссе бичлэгийн уралдаанд түрүүлсэн оюутан сурагчдын шагналыг энэ үеэр гардууллаа